YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

Энэхүү системийн шинжилгээг би 2004 онд анх удаа, дараа нь 2010 онд нийтэлсэн юм. Тухайн үед судлаач Ганаа “онол монолоо” л бичиж байгаа биз гээд “тоогоогүй” юм. Одоо анхны хувилбараас үг, үсэг ч өөрчлөлгүй дахиад нийтэлж байна. Найман жил “юм ойлгоход” хангалттай хугацаа гэж бодож байна. Нөгөө талаас бол системийн шинжилгээний дүгнэлт нэг их өөрчлөгддөггүй юм. Хэрэв манай монголчууд үүнийг “тоох” юм бол би “гарцыг” хэлж өгөхөд бэлэн байна. Энэ гарцыг лав л МАН, АН хоёр баталгаатай мэдэхгүй. Тэд “асуухгүй” байвал би “сайн дураараа” хэлж өгөх албагүй. Үгүй гэвэл хамаа алга, би 4 дэх удаагаа хэлэхгүй. Энхбаярын зохиосон энэ машин одоо “эзнээ” идэж байна, дараа нь мөн ч олон хүн “иднэ” дээ. Миний хувьд бол “төр нурахад түмэн хүн үхдэг” гээд л хараад л суугаад байна даа, учир нь шинжлэх ухааны системт шинжилгээ, дүгнэлт аваагүй юм чинь, би яахийм…

Аливаа төр, засгийн үүрэг бол тухайн орны нийгмийн баялаг, бүх төрлийн нөөцийг хамгийн оновчтой хуваарилах замаар нийгмийн сайн сайханд хүргэх бодит алхам хийхэд оршино. Монголын төр, засаг энэ үүргээ биелүүлэх нь бүү хэл, өөрөө ч төрлөг шинжээ бүрэн алдаад байна.
Монгол төрийн ажил холион бантан болсон нь мэргэжилтнүүдэд төдийгүй, нийт иргэдэд тодорхой болжээ. Ийм арчаагүй байдлаар 2012 оны сонгуульд орж, хэн ч тэвчимгүй төрийн байгууламжаа хэвээр хадгалж, эрх мэдэлдээ үлдэх гэсэн явиургүй оролдлогыг улс төр-бизнесийн өрсөлдөгч бүлэглэлүүд хийж байна. Одоо ийм боломж огт байхгүй.
Эрх баригчдын зэрлэг өрсөлдөөн, ямарваа эрүүл ухааны хэм хэмжээнээс гажсан удаа дараагийн үйлдлүүд нь тэвчээрийн боломжит дээд хязгаартаа тулж ирсэн нийгмийн сэтгэл зүй, үйлдлийг огтхон ч хяналтгүй болгож байна. Энэ нь нийгмийн тэсрэлтийн аюулыг бодитойгоор бий болгож байна.
Сүүлийн хорин жил хуримтлагдсаар одоо задралд хүрээд буй улс төр–нийгмийн хачин замбараагүй нөхцөл байдал нь Монголын төрийн байгууламжийг үлэмж дорой болгожээ. Олон жилийн турш аливаа юмыг танай манай, хар, цагаан, үнэн худал гэх үзэл, үйлдлээс уламжлан Монголын төр хэлбэрийн хувьд л төр мэт харагдаж байгаагаас бус, тодорхой ажил хийх, шийдвэр гаргах, үр дүнд хүрэх ямар ч чадваргүй болоод байна.
Монгол орны ирээдүй, хувь заяа бол намууд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хуваасан дөрвөн жилийн хэрчим огт биш.
Эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан тэмцэл нь Монгол Улсын албан ёсны төрийн институтууд болон үндсэн хоёр нам, тэдгээрийн бүлэглэлийн бодит улс төрийн бодлогын хооронд асар их зөрүү гаргаж, Yндсэн Хуулийн суурь үндсийг эрх зүй, үзэл баримтлалын бүхий л хүрээгээр нь ганхуулж байна.
Монгол орноо өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явц ихээхэн зөрчилтэй явагдаж, амжилтаасаа хавьгүй давсан системийн гажуудлыг бий болгожээ.
Өнгөц харахад эдүгээ Монгол Улсад ардчилсан Yндсэн Хуулиас эхлээд ардчилсан сонгуулийн систем бүхий нийтийн эрх байна. Манайд чөлөөт худалдаа, үнэ бүрдэлт, зах зээлийн харилцаа, либералжсан гадаад худалдаа, чөлөөт валютын систем байна. Чөлөөт худалдаа эрхлэгчид, хувийн өмчтөнүүд хөгжиж, олон тооны бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ бий болж, хувийн банк, пүүс кампаниуд, даатгалын болон хөрөнгийн бирж хөдөлмөрийн товчоод ажиллаж байна. Гэхдээ эдгээрийг ардчилал, зах зээлийн эдийн засаг биш гэдгийг нотлоход тийм ч хэцүү бус.
Мөн үг хэлэх эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо зэрэг ардчиллын бусад олон зүйлсийг нэмэн дурдаж болно. Эдгээр нь бас л хэлбэрийн төдий зүйлс бөгөөд үүний цаана нийгэм болон хувь хүнийг боомилогч нийтийн гамшиг бий болоод ихээхэн удаж байна.
Дээр дурдсан бүхэн нь дийлэнхи тохиолдолд ардчилал хөгжсөн болон хөгжүүлж буй орнуудынхаас тэс өөр мөн чанар, аргаар явагдаж, ихээхэн сөрөг үр дагавар төрүүлж байна. Монгол улс системийн хямралаас задралд шилжиж, феодалын маягийн тогтолцоотой болоод байна. Иргэний нийгэм хэмээх зүйл оргүй болжээ.
Энд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг зэрэг хүн бүхний мэдэх асуудлаас гадна ерөөс нийгмийн үнэлэмж, эрхэмлэл, ёс суртахуун, нийгэмшил, хүмүүжил, харилцамжийн асуудлыг бүхэлд нь хөндөх шаардлага тулгарч байна.
Бидний хөгжингүй орнуудын жишгээр байгуулсан төрийн байгууламж хэлбэрийн хувьд л ардчилсан мэт харагдаж байгаа боловч ямар ч утгаар ардчилсан төр биш юм. Учир нь эдүгээ манай төрийг хүн төрөлхтний мэддэг ямар ч төртэй дүйцүүлэн үзэх боломжгүй байгаа нь үүнийг нотолж байна.
Төр болон төрийн байгууллагууд нь шийдвэрээ ард түмнээсээ далдуур гаргадаг, тэднийгээ үл тоомсорлодог, төрийн албан хаагчид нь нийтээрээ шахам авилгалд идэгдсэн байвал нийгэм болон үндэстнээ доройтуулах нь гарцаагүй юм. Энэ бүхэн нь төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсан, боловсон хүчний бодлого замбараагүйдсэн, төрийн удирдлагын арга барил бүдүүлэгжсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны асар олон алдаатай холбоотой.
Ардчилал, ардчиллын бодлого нь эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөл, тэр ч байтугай ноёрхлын хэрэгсэл болсоор удаж байна. Энэ бүлэглэлүүдийн амьдрах арга нь төрийн бүхий л төрлийн нөөц бололцоог (ресурс) зөвхөн хувьдаа буюу бүлэгтээ ашиглах хязгааргүй шунал болж байна.
Улс төрийн бүлэглэлүүдийн арчаагүй харалган шинж, улс төрийн тогтвортой нэгдэл үүсгэх чадваргүйгээс үүдэн нам–улс төрийн холбоодод дулдуйдсан эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүд дэндүү дураараа дургиж байна.
Манай төр эдийн засгийн сонирхлын шууд объект болж, төр болон төрийн албан тушаал нь бизнесийн шууд хэрэгсэл болон хувирчээ.
Улс төрийн зөрчил нь жүжигчлэл, улс төрийн нөхцөл байдлын хурцдал нь тоглолтын шинж чанартай болж байна. Монголын төр зарим хүмүүст улс төрийн байр сууриа авран хамгаалах, зарим хүмүүст өөртөө ашигтай шийдвэр гаргах хэрэгсэл төдий зүйл юм. Энэ нь эрх мэдлийн төлөө улангасал бий болгож байна. Эдгээр нь улс төрийн нам гэгчээр халхлагдаж, намууд далд эдийн засаг, бохир улс төрийг тэтгэх шимтэй хөрс болж байна.
Улс төрийн намын бүтэц, нийгмийн хяналтаас гадуур далд, нууц шийдвэр гаргах гаж зуршил нь улс төрийн нөлөөллийн нэн явцуу бүлгүүдийг төрүүлэх гол шалтгаан болж байна. Yүний тодорхой жишээ нь Yндсэн Хууль болон бусад тулгуур хуулийг алхам тутам, үйлдэл бүртээ алгасах, зөрчих, үл тоомсорлох аргаар нэн явцуу хүрээнд хууль бус шийдвэрүүд гаргаж буй явдал болно. Төрийн удирдлага, түүний системийн гажгууд зэрэг олон жил хуримтлагдсан, тулгамдсан суурь асуудлуудыг монголын төр оргүй мартаж, огт шийдвэрлэлгүй удсанаас төр нь нийгмээ удирдаж чадахаа больж байна.
Ийм нөхцөлд явцуу бүлгийн хүрээнд шийдвэр гаргах нь нь дэндүү аюултай хэрэг юм. Байнгын тасралтгүй хуйвалдаан Монгол төрийг шууд тамирдуулан доройтуулж байна.
Төвд төдийгүй орон нутагт феодалжсан, бүдүүлэгжсэн засаглал ихэд хүчирхэгжиж, энэ хэрээрээ үндэсний эрх ашгийн эсрэг хүчин болов. Удаа дараагийн сонгууль шууд луйвар болон хувирч, нийтийн самуун болтлоо өргөжиж байгаа нь ард түмний дургүйцэл, эгдүүцлийг жам ёсоор төрүүлж байна.
Манай улс төр болон улс төрчид хууль ёсыг үл тоомсорлохоос хэдийнээ хэтрээд одоо бүр ёс суртахуун, үйлдэл, хариуцлагаа умартаж, улс төрийн хүрээ зааг гээч юм огт байхгүй зэрлэг дүрмээр тоглох болжээ. Тэд ард түмнийг шууд хууран мэхлэгч, шулан мөлжигч бие даасан страт (анги) болон хувирсан байна.
Манайд улс төрийн намуудын бүрэн дампуурал болоод удаж байна. Намууд зөвхөн толгой баячуудаас бүрдсэн, тэдний явцуу хүрээнд гаргасан шийдвэрээр хөдөлдөг хувийн компани төдий зүйл болтлоо гажжээ.
Манай намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил, парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг нягтлан үзвээс тэдгээрийг ардчилсан орны ардчилсан нам гэж нэрлэх ямар ч үндэслэл байхгүй юм. Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болж, иргэдийн саналын мэргэжлийн луйварчид болсон байна.
Иргэд маань хоёр том намыг хоёулаа адилхан луйварчин, дээрэмчдээс бүрддэг гэдгийг мэддэг болж. Тэд гарах гарцаа мэдэхгүй хэдий ч хилэгнэж байна. Монгол Улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болоод удаж байна. Монголд одоо ганц (МАХН) нам, түүний аясаар хөдөлдөг, өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэсэн наманцаруудын тогтолцоо л байна.
Түүгээр ч үл барам улс төрийн намуудын зааг ялгаа алга болж, дээд, дунд түвшиндээ уусан нэгджээ. Гэхдээ олон түмэнд урьдын адил хоёр нам өрсөлдөж байгаа мэт ойлгуулахыг хичээж байна.
Ингэснээр манай оронд сөрөг хүчний институт гээч зүйл оргүй устжээ.
Учир нь намуудад нарийн тодорхойлсон стратегийн баримжаа алдагдаж, улс төрийн үйлдлийнхээ үндэслэлийг үл тоомсорлох, үл хариуцах хандлага газар авч, түр зуурын зорилгыг баримжаалсан бохир улс төр ноёрхох болов. Yүнээс улбаалан эрх мэдэл болон хувийн өмч хоёр нэгдэн нягтрах ганц л үзэгдэл үлдэв.
Сүүлийн үед төрийн бүхий л үүргүүдийг (функци) хувьчлах гэсэн шууд эрмэлзэл бий болж байна.

Эрх мэдэл авна гэдэг нь тооцоо бодох, хувийн талаар баяжих, хийсэн гэмээсээ зугтах, байр суурь буюу статус–кво–гоо хадгалах хэрэгсэл болон хувираад байна. Монгол Улс нэгдмэл улс биш Монголын аймгуудын холбоо маягийн зарчмаар ажиллах болж Yндсэн Хуулийн зарчмууд үлэмж гажуудаж байна.
Yүнээс үүдэн манай төр эхлээд хүч чадалгүй, чадвар муутай төр байснаа эдүгээ төр нэртэй эрх баригч бүлгүүдийн зэрлэг өрсөлдөөний талбар, бие биенээ дийлэхээ байсан, хүч нь тэнцсэн, хэт явцуу бүлгүүдийн улс төрийн казино болон хувирч байна. Монголын төр улам жижгэрч, тэмцэлдэж, бутрал, задралын байдалд нэгэнт оров.
Энэхүү төр хэмээгч нь маргиналь бүлэг, төрийн албан хаагч, сэхээтэн, тэтгэврийнхэн, хөдөөгийнхөн зэрэг нийгмийн олон том бүлгийн доройтлыг зогсоох ямар ч чадваргүй байна.
Хэрэв монголын нийгэм, үндэстэн нийгэм–эдийн засгийн дорвитой өөрчлөлт хийе гэвэл юуны өмнө төрийн энэхүү бохир байгууламжийг өөрчлөх зайлшгүй бөгөөд бодит шаардлагатай тулгараад байна.
Манай нийгэм ядарч байна. Олон түмний идэвхи, оролцоо эрс буурлаа. Оюун санааны мухардал, цөхрөлд олон нийт нэгэнт оржээ. Хүмүүс ердөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гэж тэмүүлэх боллоо. Тэд төрдөө итгэхээ аль хэдийнээ больж, сэтгэл зүйн гүнзгий хямралд байна. Монгол хүн хаашаа харж, хэнд хандаж “Төрийн сүлд өршөө” гэж залбирахаа мэдэхээ больж.
Бид бие даасан тусгаар улс, бүрэн эрхт үндэстэн байя гэвэл дээр дурдсан системийн гажуудлыг засах ёстой. Ийм цаг нэгэнт болчихоод, нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Одоо аядуу болон төвч байх боломж шавхагдаж байна.
Иймийн тулд Монголын төрийн байгууламжийг сууриар нь өөрчлөх цаг нь болсон гэж би үзэж байна. Монголчууд бид (энд би төр гэсэн үгийг огт хэрэглээгүй ?!) нэн түрүүнд юу хийх ёстой вэ ?
1.Yндэсний хөгжлийн үзэл. Монгол Улс ямар чиг баримжаагаар хөгжих нь огт тодорхойгүй учраас эрх мэдэл авахын тулд юу дуртайгаа амладаг, авсан хойноо үндэсний ач холбогдолтой шийдвэрийг дур зоргоороо гаргадаг практиктай болоод тун удаж байна.
Манай улс төрчид газар хувьчлалыг 2 хоногт, мянганы замыг 5 хоногт, бүсчилсэн хөгжлийн асуудлыг 4 хоногт, сүүлдээ “эх орны хишиг”-ийг 2 хоногт шийддэг дээд зэргийн мулгуунууд болон хувираад байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон намуудын түвшинд оюуны сэхээтнээ шахан зайлуулсны гор нь одоо гарч байна. Монголын төр шинжлэх ухааны үгийг сонсохоо огт байсан. Улс орноо хэрхэн, яаж хөгжүүлэх чиг баримжаагүй байж түүнийг хөгжүүлэх тухай ярих нь хоосон ам л болно.
2. Улс төрийн нам. Манайд улс төрийн намыг иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх гэж чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж одоо болтол үзсээр байна. Сүүлийн үед аль ч парламент, аль ч засгийн газар намуудаас бүрддэг, иймээс төрийг бүрдүүлж буй намууд нь өөрөө ардчилсан байх ёстой гэсэн зарчим бий болоод тун удаж байна.
Намуудын үйл ажиллагаа, ялангуяа сонгуулийн үеийн хөрөнгө санхүү, зохион байгуулалт зэргийг төр, иргэний нийгмийн зүгээс хянахгүй юм бол улс төр нь тоглоом болдог аж. Манай бүх намууд шинэ хөрөнгөтний гэсэн ангилалд орох боловч чухам ямар бодлого баримталж байгаа нь огт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ард түмний төлөө ажиллах намгүй болоод байна.
Улс төрийн намуудаа шинэчлэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж болохооргүй тийм заагт тулж ирлээ.
Шууд хэлэхэд МАХН 2000 оноос хойш хэт хуучинсаг, дарангуйллын систем болон хувирснаараа Монгол орны хөгжилд үлэмж хортой нөлөө үзүүлж байна. МАХН шийдвэр гаргадаг цөөн тооны удирдагчид, тэдний төлөө саналаа өгч, дарга нараасаа албан тушаал болон бас бус зүйл горьддог, айдаг фанатик хүмүүсээс зонхилон бүрдэх болжээ.
АН ч гэсэн бие биенээ дэгээдэн унагах донтой бөгөөд мэргэшсэн жижиг бүлгүүдэд хуваагдаж, улс төрийн баримжаа, утга учраа бүрэн алджээ. Энэ хоёрын завсарт нэн тодорхой бүлэг улс төрийн тоглолт хийж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зуршилтай болж байна. Түүгээр ч үл барам АН–ын нэн тодорхой бүлэг, хэсгүүд МАХН–тай олон жилийн турш нэг нам мэт хамтран ажилласаар ирсэн бөгөөд одоо ч нягт хамтран ажиллаж байна.
Хэдхэн жилийн өмнө МАХН болон АН хоёр зарчмын ялгаагүй гэж дүгнэж болж байсан бол одоо намаа ч үл тоосон бүлэглэлүүдийн өрсөлдөөн гаарч байна. Эдгээр бүлгүүд зөвхөн намын нэрийг л зүүж байна. Энэ нөхцөлд МАХН болон АН-ын шинэчлэгдэх боломж бараг бүрэн дууссаныг цохон тэмдэглэж байна.
3. Сонгууль. Сонгуулийн систем гэдэг бол санал авах тоолох, суудал хуваарилах системээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг бид ухаарах ёстой. Сонгууль болон түүнтэй холбоотой хуулиуд өнөөгийн шаардлагаас үлэмж хоцрогдсон. Санаатайгаар ингэж байгаа нь нэн тодорхой юм.
СЕХ, ХЭYК, АТГ зэрэг байгууллагуудад огт ажиллахгүй байна. Энэ бол онол, систем яриад байх асуудал огт биш, ард түмний хувь заяа, тэдний Yндсэн Хуульд заасан эрх, эрх чөлөөтэй холбоо бүхий амин чухал асуудал мөн.
Сонгуулийн үй түмэн булхай хийдэг түгээмэл практикийг хаах талаар бид тууштай тэмцэх ёстой. Эс чингэх аваас бид ямар ч сайхан сонгууль явуулаад огт нэмэргүй юм. Ардчиллын амин сүнс болсон хүний сонгох, сонгогдох эрхийг алхам тутамдаа зөрчиж байж ардчиллын тухай ярих ч боломж байхгүй юм.
4.Авилгалтай тэмцэх. Авилгал манай нийгмийн ердийн үзэгдэл болон хувираад байна. Энэ талаар бид олон жилийн турш ярихаас өөрийг хийсэнгүй. Авилгал болон далд эдийн засаг ДНБ–ий 60–70 хувьд хүрч байна. Манай төрийн албан хаагчдын дийлэнхи нь шууд авилгалчид, албан тушаалын гэмт хэргийн сүлжээний гишүүд болон хувираад байна. Энэ нь бохир улс төр дэлгэрэх шимтэй хөрс болж байна. Олон түмний дунд ярьдгаар “идэж уух“ гэж, өөрөөр хэлбэл авилгал авах гэж улс төрд орох нь нийгмийн түгээмэл хэм хэмжээ, ёс заншил болжээ. Авилгатай тэмцэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж чадахгүй бөгөөд энэ бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн.
Авилгатай тэмцэнэ гэдэг бол авилгачдыг төрөөс зайлуулна гэсэн хэрэг юм. Чингэхдээ гол гол томчуудаас эхлэх нь зүйн хэрэг.
5.Төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, арга барилыг өөрчлөх. Онолын хувьд ч, практикийн хувьд ч төр нь иргэддээ 800 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ нь хэвлийд буй хүүхдийг эмч хяналтад авахаас эхлээд тодорхой хүн нас эцэслэхэд газар, тэтгэмж олгох хүртэлх хүний амьдралын бүхий л үеийг хамардаг. Манай төр болон төрийн байгууллагууд эсвэл ийм үйлчилгээ үзүүлэхгүй, эсвэл авилгал авч, эсвэл ихээхэн хүнд суртал чирэгдэл болж байж үзүүлдэг жирийн явдал болжээ. Энэ байдал нь төрд итгэх олон түмний итгэлийг үлэмж алдруулж байна. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамж гээч зүйлийг монголын төр ор тас мартсан. Ингэснээрээ манай төр ард түмний эсрэг хүч, үндэсний дайснууд болон хувирч байна.
Хуулиа өөрөө эхлэн зөрчдөг албан хаагчидтай байхад төрийн ажил олигтой байх ямар ч учиргүй. Түүнчлэн манай бүх шатны төрийн байгууллагын ажлын арга барил үлэмж хоцрогдоод байна. Иргэддээ хүнд суртал гаргах, хөшүүн хойрго хандах, авилга авах, чирэгдүүлэх, дураараа аашлах зэрэг есөн шидийн арчаагүй арга барил манайд ноёрхож байна. Энэхүү арга барил нь феодалын болон социализмын үеийнхээс ч долоон дор байна. Иймээс төрийн удирдлага, санхүүжилт болон ажлын арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар багц арга хэмжээ авах ёстой.
6. Иргэний нийгмийг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх. Бид Yндсэн Хуулиндаа заасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм цогцлуулах үүргээ умартсан гэхэд хилсдэхгүй. Иргэний нийгмийг дээрээс заавар тушаалаар байгуулж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ манай орны түүхэн онцлог болон менталитетын голлох шинжийг харгалзан Монголын төр иргэний нийгмийг шууд байгуулах зорилт тавьдаггүй юмаа гэхэд түүнийг хөгжүүлэх, дэмжих, дөхөм үзүүлэх, тэтгэх талаар байнгын цогц арга хэмжээ авах ёстой. Гэхдээ эрх баригчидтай байнга, далдуур хуйвалдаж, иргэдийн нэрийг барьж бизнес хийгээд сурчихсан иргэний нийгмийн хуурамч байгууллагуудыг татан буулгаж, тэдгээрийн олон нүүрт, улиг болсон зүтгэлтнүүдийг зайлуулах ёстой.
7. Нийгмийн хамгааллын бодлого. Баян ядуугийн ялгарал ихсэж, олонхи нь мал шиг, цөөнх нь хэт тансаг амьдарч байна. Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга биш байна. Ядуу болон эмзэг бүлэгт хаягласан мөнгө, хөрөнгийг баячууд замаас нь шууд хулгайлж байна. Нийгмийн баялгаас төр болон төрийн албан тушаалтнууд хулгай хийхийг шууд таслан зогсоох нь манай үндэстний амин зорилт мөн.
Манай төр бүх төрлийн нийгмийн баялаг, гадаадын зээл тусламжаар арилжаа хийдэг бизнесийн байгууллага мөн. Чухам ийм болохоор нь төрд ажиллах гэж үхэн хатан зүтгэдэг болой.
Монголоос дүрвэсэн их нүүдэл (миграци) болж байна. Гадаадад гарч ажиллах нь монголчуудын амь зогоох нэгэн гол арга болж байна. Ийм маягаар удаан явбал Монголд монгол хүн үлдэхгүй байх. Энэ нь монголын төр задралд орсныг харуулах тод үзүүлэлт мөн. Иймээс бид нийгмийн баялгийг шударгаар хуваарилж, нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.
Нийгмийн хамгаалал гэдэг бол баялгийг иргэн бүхэнд хувь тэнцүүлэн тараахаас тэс өөр зүйл юм. Энэ бол аль ч нийгэмд байдаг хөгжлийн шаардлага мөн. Аливаа ажил үйлсэд эхлээд сэтгэл, хүсэл зориг хэрэгтэй байдаг. Одоо ийм хүн, нам, хүчин алга болоод удаж байна. Монголын олон нийт үүнийг хангалттай ухамсарлаж, ойлгосон нь бүх төрлийн судалгаагаар харагдаж байна.
Дурдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэе гэвэл Үндсэн Хуулийн болон төрийн байгууламжийн өөрчлөлтийг гарцаагүй хийнэ гэсэн хэрэг болно. Үүнийг эвтэйхэн хийчих өргөн боломж байгаа.
х х х

Монголд гэнэн ардчиллын үе дуусч, бодит ардчиллын цоо шинэ үе эхэлж байна.
Эх орон, үндэстнийхээ төлөө бодит ажил хийдэг төр бидэнд хэрэгтэй байна. Асар удахгүй энэ төр засгийн харалган үйлдлийн улмаас улс төр, эдийн засгийн задрал замбараагүйдлийн шатандаа орж, монголчуудын амьдрал үлэмж хүндрэх нь дэндүү ойлгомжтой байгаа. Бидэнд үүнээс илүү доош уруудах эрх байхгүй.
Шинэ ухаарлаар тэтгэсэн шинэ зорилтыг хэрэгжүүлэх арга зам зөндөө буй. Энэ бол нүүрлэн ирсэн бодит байдал, жам ёсны хандлага юм.
Албан тушаалын тулалдаан, хэнээрхэл, баяжиж хөлжих дон, шунал, хуйвалдан бүлгэрхэх зуршил, дадал зэргээсээ шалтгаалан манай дээдсийн оюуны сүв, билгийн мэлмий бараг хаагдаж байгаа хэдий ч гарц байгаа гэдгийг сануулж байна.
Нийгмийн системийнхээ янз бүрийн бүрдэл, хэсгүүд, тэдгээрийн шатлалуудын шүтэн барилдлагааг хангаж, тогтворжуулах, үндэстнээ хөгжүүлэх үр дүнтэй хувилбаруудыг би гарц хэмээн нэрлэж байна.
Хэрэв эрх баригчид гарц хайх, сэтгэн бодож, үйлдэх хэрэггүй гэж үзэх ахул ард түмнээ арчаагүй мухардлын золиос болгохгүйн төлөө бодит алхам, тодорхой үйлдэл хийх нь Та бидний эрх бөгөөд үүрэг болно.
Энэ бол цоо шинэ дүгнэлт биш, шинэ санаа бол огт биш, мөн энд санаанаасаа зохиосон зүйл ганц ч байхгүй. Энэ бол монголын ард түмний түгээмэл ярьдаг сэдэв болон манай олон ухаантан, сэтгэгчдийн бодол санааг нэгтгэн тусгасан, шинжлэх ухааны системт судалгаа шинжилгээний дүгнэлт болно.
Өргөн олон Монголчууддаа толилуулж буй энэхүү дүгнэлтийг хотол олноороо шүүн хэлэлцэж, бодол үйлдэлдээ тусгана гэдэгт найдахын хамтад боломжит бүхий л хэлбэрээр түгээхийг хичээнгүйлэн хүсч байна.
Судлаач Д. Ганхуяг.
2010 оны 1 дүгээр сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

44 Responses to YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

  1. bi says:

    tanii ouyn uhaanii chadvart bishrev amjilt huse mongolchuud mini yana da

  2. grandeura says:

    Америкт XIX зууны сүүл үед л ийм дүр зурагтай байсан, гэхдээ одоо цагтай харьцуулахад тэс өөр ертөнц ч гэсэн улс төрийн хувьд одоогийн Монголын төртэй маш ижил төстэй харагддаг. Хүмүүний хөгжлөөс хэдий 100 гаруй жилээр алдарч яваа ч гэсэн XXI зуунд тэр үеийнхээс илүү боломж байгааг бид мэднэ, одоо л ухамсарлаж хөдлөхгүй юм бол хожим “уух устайгаа” байх эсэх нь эргэлзээтэй байна шүү Монголчуудаа.

  3. mootsoo says:

    Дөрвөн жилийн “алсын хараатай” улс төрчид, нам эвслээр л дүүрчихээд байна даа…

  4. gankhuyag says:

    Яг цагаа тулбал 4 жил “хардаг” амьтан манайд байхгүээй, Мооцоо минь. Сонгуульд ялах хүртэл жил гаруй “харна”, дараа нь “иднэ ууна”, “байлдана”, “урсана”. Ахиад л сонгуульд жил гаран бэлтгэнэ. Ингэхлээр сонгуулиас өмнө нэг жил жаахан гаруй л “хардаг” юм шиг байгаам. Сайндаа ч “харахгүй”, ялах гэж “хардаг” юм. Энийг ярихаар намайг “номын цагаан солиотой”, өөрийгөө “прагматик” гэдэг юм. Гэхдээ “идэж уух” бол “прагматик ажил” мөн нь мөн шүү. Би 4 жил “хардаг” хүн олчихвол “төртэй болох нь” гээд баярлах л юм байна…

  5. Guranz says:

    Хөл нь гозолзоод машинруу мах шиг чихүүлдиймдаа. Дараа нь олон хүний хөл ингэж гозолзох биз.

  6. ensa says:

    таныг хүндэтгэж явдаг. энд бичсэн чинь арай багадаад байна. шинэ дэглэмийн талаар бичиж болох уу?

  7. ensa says:

    Ганаа ахаа: хэдий тэнэг ч гэсэн ард түмэндээ итгэж найдах цаг болоогүй юу гэж бодогдоод байх юм?

  8. gankhuyag says:

    Би хэллээ гэж бодъё. Тэгвэл ард түмэн биш, хамгийн түрүүнд хоёр нам хулгайлаад сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулчихдаг юм. Тэгээд ард түмэн “ура” гээд сонгочихдог юм. Ингээд ахиад хулхидуулдаг юм. Үр дүн нь би хийсэн хөдөлмөр ч байхгүй, ард түмэнд ч тусласан юм байхгүй үлддэг юм. Ийм явдал нэг биш удаа болсон. Одоо Та ойлгосон байх…

  9. Baadai says:

    Za da Tanii helsen yarisan zuiltei sanal neg bna.Yawj,yawj irgenii daun boloh we de l gej aih yum da.MANAN odoo sehehgui bolloo.Ug ni MAHN namiin BODLOGO ni heregtei l yum.BURHAN URSHUU.

  10. gankhuyag says:

    Дайн бол бэлэн болсон. Би айлгаж байгаа юм биш. Эрхбиш нэг хэлтэй, нэг гаралтай, нэг соёлтой үндэстэн тулдаа л тэсч байна. Энэ олигархууд юу ч хийхээс үл буцах болтлоо улайрч, улангассан байна. Гэхдээ л энэ төр нурж байна, гарцаагүй нурна. Харин хор хохирол нь л хэцүү байх. Тэгээд л би гарцын тухай дахин дахин яриад байна л даа. Улайрсан улсууд тоохгүй биз дээ…

  11. delgermaa says:

    ganaa ahaa, ene mashind chini gaitaigaasaa iluu gaigui humuus ni hamaagui iluu chiregdeed herchuulne shuu dee, yandaa toroo nurahig haraad suuh uu???? ta, bi. naiz nohod, ur huuhed maani ondor uneer tolno shuu dee

  12. gankhuyag says:

    Энэ машин олон хүн “иднэ”, тэгээд нурна, нурахдаа ч бас маш олон хүн “дарж ална”. Олон жилийн өмнө би нэг хятад профессороос “Танай хамгийн адгийн хараал юу байдаг вэ ?” гэж асуусан юм. Гэтэл нөгөөх чинь “Төр нурах үед амьдар” гэдэг юм байна. Би эхлээд ойлгосонгүй. Сүүлд нь бодоод байсан чинь төр нурахад нээрээ хамаг юм орвонгоороо эргэж, ард түмэн л үйлээ үздэг биз дээ. Санаанаас ердөө гардаггүй юм. Хамгийн гол нь ард түмэн, Та бид, найз, үр хүүхэд хохирно. Ингээд л би гарц яриад байна л даа…

  13. ORSOO says:

    Ah min ta bicheed bai, bitgii sandar, provoke bolgond reakts bitgii uzuul, neg odor taniig Mongolchuud oilgoh tsag irne, tantai bi sanal dandaa niildeggui, gevch tanii bichsen zuils ihenh ni ok. Ta bas heterhii Chinagiin esreg sanagddag yum. China-g heterhii anhaarliin tuvd oruulj haraaj zuheed bid butehguiee. China chin oorsdoo daramtand baigaa uls shuu dee. 17 torliin unet metaliin exportiig bagasgalaa geed Bruxellesiin shuuhed Japan, USA, EU nar nodnin ogson. Ug ni ecologi goo bodood l baigaam bn lee. Bi tantai ene zun ochood uulzmaar bn, ta zuvshuurvol. Hundetgesen ORSOO

  14. Гүнээ says:

    Ганаа ахаа, Таныг бид маш сайн ойлгож байна. Тэнэгүүдийн дунд ухаантай байх шиг дорожлол, ганцаардал, зовлон, галзуурал байдаггүй юм аа. Таны чигчий хурууны хумсны толионд хүрэхгүй ч гэсэн олон сайхан залуучууд Таны адилаар сэтгэж бодож, зүрх сэтгэл нь өвдөж байна. Энэ чин эхлэл шүү дээ. Гэхдээ ойлгож дуусахад нь бүх зүйл бидний эсрэг болчихсон байх болно. Бид хүлээснээс гарч ч чадахгүйд аюул оршиж байна. Цаг хугацаа бидний эсрэг яваад байгаа. Алдагдсан боломжийн үнэ цэнэ нь бидэнд төсөөлөхөөс ч аймшигтай нөхцөл байдал руу түлхэж байна. Аймшигтай төлбөр, золиостой явагдаж байна. Таны 8-д асуултад хариулсаныг ойлгож байна. Хуулж хулгайлаад санал аваад ХАМГИЙН ГОЛ НЬ хэрэгжүүлж байвал хамгийн түрүүнд Та маш ихээр баярлана, заа яахав дээ, монголчуудын төлөө шүү дээ гээд Та тэд нараар бахархана. ТА үүнийг ойлгох чадалтай, сэтгэлтэй хүн. Хуулна, хулгайлна, хамгийн гол нь хуулчихаад ардуудын саналыг аваад, хуулж, хулгайлсан зүйлсийнхээ эсрэг бүгдийг хийж байна. Бүр системтэйгээр. Нэг ёсондоо гэмт хэрэг хийх замаа, Таны Монгол Улсаа гэх төлөвлөгөө, концепци-д заасан бүхний эсрэг л хийгээд байхад Монгол Улсаа тэр чигт нь унагааж байна. Ингэж болохгүй гэж хэлсний чин эсрэг яваад байна. Би ч сүүлдээ энэ бол системтэйгээр, бодлогоор гадны нөлөөний монгол хүмүүс ажиллаад байна даа гэж бодох болсон. Өрөм дотроосоо өтсөн. Өтнүүдийг нь хил давуулж хайгаад огт хэрэггүй бидний дотор байна. Энэ 2 нам хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Хариуцлагатай мэдэгдэж байна гэж ТВ-ээр гарах, сониноор мэдэгдэл гаргахад нь бөөлжис цутгана. ЭД ХЭЗЭЭ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГААГҮЙ ЮМ ЧИН МЭДЭГДЭЛ НЬ ЯАЖ ХАРИУЦЛАГАТАЙ байх юм бэ. Нохой шээх газрын хооронд л худлаа ярина, чухал царайлна. Энэ 2 нам энэ сүйрэл рүү хамтран оруулсан. Энэ хоёр намыг хуулиар хориглож, тарааж, эд хөрөнгийг нь хураан, шоронд явуулах хүнэнцэрүүдийг явуулж цэвэрлэгээ хийх ёстой.Энэ нутагт төрж өссөөд, энэ ард түмний хүчинд боловсрол олж, өлсөж зовоогүй хүмүүс шүү дээ, арай ч дээ гэж харамсах нь багадаад байх боллоо. Манлай ван юуны төлөө тамлуулж, шоронд Эр хүн шиг босоогоороо үхсэн юм бэ.Миний хоёр өвөө яах гэж нэг нь 5 жил, нөгөө нь 10 гаруй жил байлдаж явсан юм бол.. Юуны төлөө вэ. Монголчуудын тусгаар тогтнолын төлөө олон зуун жилийн турш амиа алдсан үй түмэн олон эрэгтэй эмэгтэй хүний сүнснүүд биднийг хараад галзуурахад багадаж байгаа. Аливаа улсад хүнд бэрх нөхцөл учрахад дотор нь байгаа сэхээтэн, эх орончид асуудлыг шийдвэрлэж улс орны аминд ордог доо. хамгийн гол нь бид нэг нэгийгээ олж нэгдэх л ёстой. Яаралтай. Хэрэв монголчуудын заяа нь хаячихаагүй бол…..

  15. Гүнээ says:

    БЕЗДЕЙСТВИЯ – ЭТО ХУЖЕ ПРЕСТУПЛЕНИЯ гэсэн үг байдаг даа. Ганаа ах л онож сайн орчуулах байх. Миний хувьд 4 үгэнд ядахдаа 5-6 үгэнд багтааж чадахгүй юм байна. Зүгээр хараад л гасалж гангинаад суугаад байгаагаараа бид өт, хүнэнцэрээс төдийлөн ялгагдахгүй байна Гэмт хэргийг хамтран хийлцэж байна. Хүн хэлээд сануулаад байхад гэр орондоо бүгчихээд “ёстой муухай юм аа, шудрага бус юм аа..” гээд толгойгоо сэгсрээд хэдий болтол суугаад байх вэ. Нэгдэцгээе залуусаа. Цаг нь олон жилийн өмнө ирчихсэн..

  16. Purevee says:

    Zaluus olon unshij bga n saishaalt. Gehde zuger oorsdoo unshad ongoroh bus oorin buh torlin heregsel derh contact listend bs ene met olon yariag damjulj bgasai gj bi husdeg. Ard tumen unende orsdin amidralas ilu harj, bodoj, setgej tund anharal andulah zavgui bga bolohor … suuldee tv uzeh yumgui bolj. ard tumeni anharalig buhi l torlin show ru andulah bolj, barag buh tv oroi bolgon duuni temtsen hine. tor zasag, horo horin n hurtel utga avtsalda muut arga hemjeeg asar iher zohioj, ard tumeng toorogdulj bn. …

  17. Purevee says:

    Ta nadad neg zuild hariulad ogoch. Songuli bolohor songoh hun olddoggui, songolid oroltsohgui bh n buur ch buruu, tegeher yaval ene gatsag arilgah ve. Tanig mon songulid oroltsoh geher oruldaggui l bh da.

  18. mgl2012 says:

    mongolchuud bid bugd l ene niigem bolj buteheeese butehguine ih baigaag medej bgaa avilgal heel hahuuli,alban tushaaliin tolooh temcel geed durdaad baival baragdahgui ih zuil bii gevch bid ene niigmiig herhen oorchloh argaa olj chadahgui arga ch yuu baihav deer bgaa nohduud bidniigee bazaad haashinch hodlogohgui jagsaad cuglaad irheer toriin cagdaagaar bambai hiigeed oorsdiino esreg bosson olon huniig ted nuhchin darj zarim negiine ooriin tald mongo togrog alban tushaal amlaad urvuulaad avchihna ne meteer odii hursen.Busarmag yvdlaar duuren hun olon bgaa bolovch bas mongol nutag eh orniihoo toloo ur huuhed hoich uyiinhee toloo temceh hun burch olon bii bgaa gedgiig bi bas ta nohodch medej bgaa medregddech bgaa baih eniig 7sariin1 yvdal belhnee haruulsan gej bi boddog bulhiatai songuuli bolson gej olon aaviin huu orolcson uur buhimdlaa gargasan,ashig honjoo harsan hulgai hiih gesen nohod ch bas baisan.Gevch ene bolson yvdal 2namiin zovshilcol hamtarsan zasagiin gazriin dund hohirch uldsen neleed heden zaluusiin emgeneltei yvdlaar duussan.Bidend odoo neg negniihee toloo ecsee hurtel temcej tuushtai udirdaad yvah zorigtoi,omogtoi,uhaantai aaviin huuhduud heregtei baina neg bish bur neleed hed.Dagvadorj avarga sumod yaponchuudtai yaaj barilddag bilee teren shig.Mongolchuud bidnii ehnii alham songuulid ard tumen 100% orolcoh gehdee heniigch songohgui baih.Ingesneeree bid 1.oorsdiin sanaa bodloo tedend ilerhiilj heniignch songoh durgui,sonirholgui baigaagaa ilerhiilen oilguulah bolno.2.ard tumen iim sanal ogch sanaa bodloo ilerhiilhed ted ymar alham hiihiig harah uunii daraa bid daraachiin alhamaa todorhoiloh yum. Ene bol huvi zovhon minii bodol zov buruug ta buhen shuun tungaana bizdee!

  19. delgermaa says:

    Ochuuhen sub’ektin huv’d tor nurahig mah ar’s bie setgel zurheeree neg udaa hamt nuran unaj (*tor nuraj baigaag ch medreh uhaan, am’dralin turshlaga baisangui dee, deerees ni heleed ogchih hun ch baisangui mon onoodor shig nadad AIDAS bas baigaagui um ), ih une ceneer bosoj irsenee dee, harin dahin …yunaas bi AIGAAD bna uu???? dahin buruu duremeer yavahguin tuld yah eostoi????nen teriig hiij chadah, hen ter hariuclagiig uurj chadah uu ???HEND itgeh uu???Ochuuhen sub’ekt minii HARIUCLAGA yund baina??

  20. ммүлб says:

    Зүйрлэж хэлбэл, сүүдэр туссан газрыг ухаад ухаад нэмэргүй ээ, тэнд юу ч байхгүй!!! Бас ухаж зогсоо хүн дээр тэр сүүдэр нь тусчихаад байгаа юм :-), харин энэ сүүдрийг тусгаад байгаа модыг өөрийг нь хөрөөдөөд унагачихвал ч…. :-( Таны санаа бодол, зовнисон сэтгэлийг ойлгож хүндэтгэж байна. Гэхдээ аналитик чинь арай биш байнаа, иймээс гарцын тухай ямар байх нь бараг л… Аргагүй ээ шал өөр боловсрол, мэдлэгүүд + жинхэнэ шинжлэх ухааныг шаарддаг эд юм. Монголчууд бид өөрсдийгөө их дөвийлгөх юм, энэхэн жалган дотроо их сүр үзүүлэх юм, хүн мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байна гэдэг л аюул юм даа. Энэ бол зүгээр л ил ярьж байгаа бодол юм шүү.

  21. gankhuyag says:

    Новш минь, эхлээд чиний нэрсийг дурдая. Чамайг: bbold, ubman, Gan, ga, ubmanadmin, josh, jagaa, antigmo, Эрдэнэбаатар, Тив Тэнгэр гэдэг. Чи хэдэн “хүн” болох ёстой юм ?!
    Чамд мэддэг, чаддаг юм юу ч байхгүй. Чи хэзээ ч ил ярьж байгаагүй, учир нь чамд ярих юм байхгүй. Дандаа ингэж хулгайч царайлж нуугдаж новшрохоо больж үз. Интернет бузарласан чам шиг новшнуудыг сонгуулиас өмнө “цэвэрлэнэ”. Харж л байгаарай…

  22. Соёмбо says:

    Н.Энхбаярыг баривчилсан нь нийгмийн аюулт өвчин авлигатай хийх том зөв тэмцлийн эхлэл үү, эсвэл сонгуулийн өмнөх арчаагүй үзүүлбэр үү, олигархиудын дотоод тэмцэл зөрчил үү, бүр муугаар бол, сөрөг хүчнээ дарж буй эрх баригчдын тоглолт уу гэдгийг цаг хугацаа удахгуй харуулах биз. Гэхдээ эдгээр таамгуудын хамгийн муу нь л болов уу даа итгэл алдарч байна

  23. Ganzorig says:

    neg yum baina aa. setgyylch Tseren blog deer ingej bichsen baina.

    P.S: Өнөөдөр буюу 2012.04.14-нд болсон хэвлэлийн хурал дээр нөгөө Н.Удвал дарга “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэлээ. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх. Телевиз багадаад сүүлийн үед зоригтой, аргатай ажилллаж байгаа МАХН-ыгаа, цаашилбал бүхэл улс орныг яаж ч баллахааас буцахгүй шинж бүрэн бүрдсэн хатагтай байна.
    ( http://ajiglagch.wordpress.com/ )

  24. gankhuyag says:

    Системийн задрал болж байхад хэн нэгний “зөв бурууг” ярих боломжгүй. Энэ төрийг Энхбаяр л өөрөө “зохиосон” ш дээ. Би 1998 оноос эхлэн наад төр чинь болохгүй ээ гэж онолын хувьд ч, практикийн хувьд ч хар мянга хэлсэн. Нотолгоо нь хар дээр цагаанаар байгаа. Хариуд нь энэ төр “онол монол” ямар ч хэрэггүй гэсэн. Бас намайг 7 удаа ажлаас халж, намаас хөөж, шүүхээр шийтгэсэн. Тэгээд төр нь өөрөө нурж л байна. Одоо би гарц байна гэж хэлж байна. Би чинь онол судалгааны хүн чинь тэрийгээ л ярьж бичнэ ш дээ. Ямар нам байгуулалтай биш…

  25. Соёмбо says:

    Н.Энхбаярыг баривчилсан нь нийгмийн аюулт өвчин авлигатай хийх том зөв тэмцлийн эхлэл үү, эсвэл сонгуулийн өмнөх арчаагүй үзүүлбэр үү, олигархиудын дотоод тэмцэл зөрчил үү, бүр муугаар бол, сөрөг хүчнээ дарж буй эрх баригчдын тоглолт уу гэдгийг цаг хугацаа удахгуй харуулах биз. Гэхдээ эдгээр таамгуудын хамгийн муу нь л болов уу даа. Итгэл алдарч байна

  26. gankhuyag says:

    Чи ч асуугаад салахгүй шинжтэй. 1. Энэ төр авилгатай тэмцэж чадахгүй, ёстой горьдолтгүй. 2. Сонгуулийн өмнө олигархууд бие биенээ улс төрийн хувьд хөнөөж байна. 3. Энэ нь олигархуудын зөрчил мөн, энэ зөрчил төрийг устгадаг, 4. Энд сөрөг хүчний ойлголт байхгүй. Энхбаяр бол эрх мэдлээ түр алдсан олигархийн төлөөлөгч. Тэр “яллаа” гэхэд олигархи л болно.
    Цаашаа бол олигархийн байлдаан гарцаагүй үргэлжилнэ. Тэгээд төр нурна. Энд чи бид хохирно. Тэгээд би ГАРЦ яриад байна. Та нар Энхбаяр болон энэ адгийн “төрийн” явцуу хүрээнд сэтгэхээ боль л доо. Энэ чинь нэг их “тайлбарлаад” байх сайхан эд биш. Харин яаж хохирол багатай гарахаа бодож болно ш дээ. Ухаандаа чи осол аваарыг тайлбарлах гээд байна, би осол аваар дахин гаргахгүй байх арга хэмжээ, төлөвлөгөө ярьж байна. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй биз дээ, мангар л биш бол…

  27. Anonymous says:

    1. Энэ төр авилгатай тэмцэж чадахгүй, ёстой горьдолтгүй. 2. Сонгуулийн өмнө олигархууд бие биенээ улс төрийн хувьд хөнөөж байна. 3. Энэ нь олигархуудын зөрчил мөн, энэ зөрчил төрийг устгадаг, 4. Энд сөрөг хүчний ойлголт байхгүй. Энхбаяр бол эрх мэдлээ түр алдсан олигархийн төлөөлөгч. Тэр “яллаа” гэхэд олигархи л болно.
    Цаашаа бол олигархийн байлдаан гарцаагүй үргэлжилнэ. Тэгээд төр нурна…Аймшигтай мөртлөө туйлын зөв дүгнэлт.Таньтай санал нэг байна.
    Ганхуяг судлаач аа. Энэ дүгнэлтийг чинь бүх сайтад тарааж болох уу?

  28. gankhuyag says:

    Болно. Харин “бүтнээрээ” бол зүгээр биш үү ?!

  29. Anonymous says:

    Баярлалаа.Ганаа.

  30. Tulga says:

    Энэ бугласан идээ бээр томорсоор, хагарах нь нэгэнт тодорхой. Харин тэр нь хурдан хагарч, цэвэршээсэй гэж хүсч байна. Монголоо гэсэн ийм олон хүмүүс байгаа болохоор Монголын минь заяа түших биз ээ.

  31. Гүнээ says:

    Сайн байна уу Ганаа ах аа. Таны блог-ийг уншиж байгаа залуучууд, Таны http://gankhuyag.wordpress.com/ блог-ийг чин сайтуудын сэтгэгдэл дээр, зөвхөн хаягийг нь тавьж болох уу. Зөвшөөрөл хүсч байна. Учир нь маш олон залуучууд Таны блогийг мэдэхгүй л яваа шүү дээ. Би гэхэд өнгөрсөн жилээс олж уншиж байх жишээтэй. Оюуны өмч учраас зөвшөөрөл хүсч байна. Харин доторх нийтлэлүүдийг нь залуус өөрсдөө Таны блог руу ороод уншиж танилцана биз.

  32. Anonymous says:

    Сайн байна уу. Юу ч хийж чадахгүй гасалж гангинахаас цаашгүйчүүдийн нэг би байна. Уг нь муу амьдарахаар сайн үх гэдэг дээ. Сайн цаг ирэхийг хүлээгээд л байх юм. Бас сайн цагийг эхлүүлэх тэмцлийг хүлээгээд л байна. Хүлээсээр л

  33. gankhuyag says:

    Зөвшөөрч байна аа, залуус аа. Намайг хэн ч шүүмжилж болно. Гэхдээ баримт нотолгоотой, бас судалгаатай л байх ёстой. Намайг бүгдээрээ дага гэж би хэзээ ч хэлэхгүй…Сайн цаг ухаарсан үед ирдэг юм. Монголчууд хэзээ ч гасалж гангинаж байгаагүй…

  34. tsogoo says:

    Өмнө нь олон удаа бичиж байсан зүйлээ базсан байна. Гэхдээ эндээс системийн хямрал гэхүү эсвэл хаос-д орсон монгол орон гэвэл тохиромжтой юу, энэ байдлаас гарах гарц нь юу юум бэ.1. Иргэний нийгэм 2. Монголыг онцлогтой социолизм (Швед маягийн зүүний баримтлалтай). энэ 2-ийн аль нь дээр вэ. Нэг танил маань либератари үзэл л монголыг аврана гэж байж билээ. Тэгээд ч онол үзэл баримтлалгүй нийгэм ч, улс ч хөгжиж дэвшинэ гэж байхгүй. Тэгвэл тэр суурь нь чухам яаг ямар үзэл баримтлал болох вэ. 2-дугаарт та IVH-аас Chalko-д худалдсан орд газрын асуудлаар жинтэйхэн шүүмж бичвэл сайн байна, эрсдэл багатай гарах гарц юу байж болох вэ.

  35. gankhuyag says:

    Цогоо, чамайг дэндүү “ухаантайг” би сайн мэднэ. Чи бүх асуултын хариуг надаас нэхэж байна. Ер нь ингэхэд төр засгаас нэхэх юмаа надаас нэхэх утгагүй. Би зүгээр л судлаач, харин Та нар гарцаа надаас асуух чинь утгагүй. Та нар намайг “мөлжиж” болсон байх…Одоо хангалттай биз дээ…

  36. gankhuyag says:

    Монголын шинжлэх ухааныг Чадраа, Бира эд нараар төсөөлөх утгагүй ш дээ…

  37. tsogoo says:

    Эрхэм судлаачаа би академиас гарсан. Одоо хувийн компанид л ажилж байна. Таниас дэндүү их юм хүсдэг бол уучлаарай. Танийг дэндүү их үнэлдэг болохоор Судлаач Ганхуяг л нэг зөв юм хэлнэдээ бичнэдээ гэсэн итгэл байдаг хэрэг. Үнэндээ миний таних олон хүн монголыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр бүгд 100 санал нийлээд яаж өөрчлөх бэ гэхээр л гарах гарцгүй болчихдог юм. Танийг ч энэ удаа чухам тэр гарах гарц хонгилын үзүүрийн гэрлийг мунхаг бидэнд замчлах болов уу гэж найдаж байлаа

  38. gankhuyag says:

    Цогоо би чамайг хүндэтгэдэг. Чи бол жинхэнэ социологич. Тэгээд тэрийгээ харуулаач. Энэ бол новшийн улс төр биш л дээ…Энд чинь жаахан л “зориг” хэрэгтэй л дээ…

  39. төр маань замбараатай зохион байгуулалт, мөнгөн өгөөшийг үгүй гэж хэлэх чадвар, алсын хараатай байхаар шинэчлэгдэхгүй бол хэдхэн хүний тоглоом болсоор дууслаа шүү

  40. Odloi says:

    Өнөөгийн хүн төрлөхтний ухамсар одоо байгаагаасаа хэд дахин дээшилж байж энэ шилмэл нийгэмд (Ардчилал) хүмүүн заяатан таарч тохирох мэт санагдах боллоо. Бид өөрсдийгөө өнөөдөр хамгийн ухамсар төгс амьтад болцгоосон гэж ойцгоож байгаа маань алдаа гаргах эх үүсвэр болдог мэт. Ямартай ч ухамсарыг үүнээс илүү дээшлүүлээгүй цагт шунал тачаал, атгаг санаа, хар хор, атаа жөтөө, үзэн ядалт энэ бүгд арилахгүй бизээ. Өнөөгийн бидний ухамсар Ардчилалыг дээрх бүгдэд ашиглаж болохуйц хэмжээнд л байна. Ийм байхад “Ардчилал бол засаг барих хамгийн муу арга” хэмээсэн үгний алдар нэр үнэ цэнэ урьдын адил өндөрт үүссэн хэвээрээ байна гэдгийг бид бүхэн алхам тутамдаа батлан харуулхаас өөр яах вэ. Ардчилал бол “үнэнхүү төгс нийгэм мөн” гэж хэлэгдтэл дахиад 100 жилийг бүү, арай наана жилийг туулаасай л гэж залбирч байя

  41. Anonymous says:

    и бодохдоо, С.Батболдыг бороогийн алтыг буцааж булаасай гэж боддог
    Би бодохдоо, У.Хүрэлсүхийг боловсролтой болоосой гэж боддог
    Би бодохдоо, Д.Дэмбэрэлийг тэтгэвэртээ гараасай гэж боддог
    Би бодохдоо, Ц.Нямдоржийг байртай болоосой гэж боддог
    Би бодохдоо, С.Баярыг архинаас гараасай гэж боддог
    … Би бодохдоо, Н.Багабандийг болор цомд түрүүлээсэй гэж боддог
    Би бодохдоо, Т.Бадамжунайг тариачин болоосо…й гэж боддог
    Би бодохдоо, Г.Занданшатарыг лас вегаст очоосой гэж боддог
    Би бодохдоо, Ж.Энхбаярыг цэрэгт яваасай гэж боддог
    Би бодохдоо, Ц.Дашдоржийг уушгины эмнэлэг байгуулаасай гэж боддог
    Би бодохдоо, Д.Хаянхярвааг хонгорт амьдраасай гэж боддог
    Би бодохдоо, МАН Хөгжлийн хөтөлбөрөөрөө Монгол улсыг сүйрүүлнэ гэж боддог

  42. Buya says:

    Гарц хэд ч байж болох ч олон шийдэл санааг нэгтгэж, боловсруулж зүглүүлж чиглүүлээд явах сайн удирдагч гарч ирэхгүй бол бүгд амаараа ярисан, хий бухимдаж харсаар байгаад энэ арай гэж цогцлуулсан улсаа хөлд нь сөхрүүлэх байх.

    Миний бодлоор энэ сонгуулын санал хураах хуудасанд (цахим санал хураалт бол сонголтонд)
    нэр дэвшигчидийн нэрсээс гадна Дээрхээс аль ч биш гэсэн СОНГОЛТ оруулах хэрэгтэй юм шиг.
    Бидэнд нэр дэвшигчийг сонгохгүй байх эрхийг Нээлттэй үлдээх хэрэгтэй!

  43. Болд says:

    Таны бичсэнтэй санал нэгдээд зогсохгүй маш олон хүн үүнийг ухамсарлаж байгаа гэж найднам. Зүгээр гарц хайн хохирол багатайгаар задралыг туулахыг эрмэлзэх төдийгүй боломж бүхнээрээ мэдээллийг сэрэмжлүүлэн түгээгээсэй дээ. Басхүү уншигч нар санал бодлоо мэтгэлцэж мэдэмхийрэх гэж бус хэрээрээ нэмэрлэх үүднээс гарцын талаар бодлоо хаана бичвэл болох бол? Таны хэлдэгээр нөхдүүдэд алдаагаа хаацайлах, нуух боломж олгохгүйн тулд бэлэн хоол өгч сонгуулийнх нь пи ар хийлгэхгүйн тулд таг байсан нь дээр ч огт дуугүй баймааргүй мэт? Эхний ээлжинд таныг ойлгож дэмжигчидийн онлайн клуб нэгдэл үүсгэх гэхчлэн зохион байгуулалтанд оръё гэтэл дахин таныг хэлмэгдүүлэх шалтаг зөвийг эрхэмлэгчдийг зогсоох сэжүүр болчих вий гэж болгоомж төрөх юм.

  44. Ганхуяг says:

    Монголд гэнэн ардчиллын үе дуусч, бодит ардчиллын цоо шинэ үе эхэлж байна.
    Эх орон, үндэстнийхээ төлөө бодит ажил хийдэг төр бидэнд хэрэгтэй байна. Асар удахгүй энэ төр засгийн харалган үйлдлийн улмаас улс төр, эдийн засгийн задрал замбараагүйдлийн шатандаа орж, монголчуудын амьдрал үлэмж хүндрэх нь дэндүү ойлгомжтой байгаа. Бидэнд үүнээс илүү доош уруудах эрх байхгүй.

    Энэ үнэхээр үнэн таныг дэмжиж байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: