ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ №1

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ХИЙГЭЭД ХҮМҮҮСТЭЙ АЖИЛЛАХ НЬ
Манай оронд төрөл бүрийн судалгааны ажил их явуулах болов. Үүнтэй холбогдон судалгааны мэдээлэл цуглуулах ажилд мэргэжлийн бус, мэргэжлийн байсан ч дадлага туршлага бага хүмүүс олноороо оролцох болов. Судалгааны чиглэл, сэдэв ямар байхаас үл шалтгаалан практикт судалгааны мэдээлэл цуглуулах нь их хүнд ажил байдаг. Зарим хүмүүс анкет барьж байгаад хүмүүсээр бөглүүлэх шиг амархан юм байхгүй гэж ойлгодог. Гэвч энэ тийм биш юм. Судалгааны ажлын дадлага туршлагыг юугаар ч орлуулж болдоггүй, мөн социологичийн болон дээд боловсролын диплом Танд эхний удаад тус болохгүй.

*
Судалгааны мэдээлэл цуглуулахад гаргасан алдаа нийт судалгааны ажлын үр дүнд их муугаар нөлөөлөх бөгөөд хожим нь үүнийг засах ямар ч боломж байдаггүй.
*
Мэдээжийн хэрэг олон хүн социологийн судалгаа явуулах арга техникийн ном зохиолыг уншсан байж таарна. Гэвч эдгээр бүтээлүүд нь бүгдээрээ тухайн орныхоо ард түмний сэтгэл зүйг тусгасан байдаг. Ер нь судалгааны мэдээлэл цуглуулах ажлын арга зүйн зөвлөмж тун ховор байдаг. Ийм учраас манай оронд судалгаа явуулсан өөрийн болон нөхдийн олон жилийн практикаас хийсэн зарим санамжийг Та бүхэнд толилуулж байна. Судалгааны ажил хийсэн олон жилийн туршлагаас үзэхэд монгол хүн ихээхэн өвөрмөц сэтгэл зүйтэй байдаг. Мөн судалгаа явуулах орчин нөхцөл нэн өвөрмөц байдаг бөгөөд энэ нь хөдөө орон нутагт онцгой тод илэрдэг. Өөрөөр хэлбэл гадаадын онолын олон зүйл амьдралтай таардаггүй тохиолдол байнга шахам гардаг. Дээр дурдсан монгол хүний өвөрмөц сэтгэл зүй, өвөрмөц ахуй, орчин нөхцөл зэргийг үл харгалзваас судалгааны программ, анкет болон бусад хэрэгслүүд хэчнээн сайн байгаад ч чанартай судалгаа болж чадахгүй. Практикт ийм алдаа түгээмэл гардаг юм. Одоо Та судалгааны инструментари гэж нэрлэгдэх анкет, сурвалжлагын болон бусад баримт бичигтэй болж аваад судлагааны мэдээлэл цуглуулахаар явах боллоо. Танд тодорхой түүврийн дагуу судалгаа хийх газар, байгууллага ( аймаг, сум, хороо ) хүний тоо түүнчлэн тэдний нас, хүйс болон бусад олон шинжийг зааж өгсөн байна гэж үзье. Одоо яах вэ ? Оноосон газарт давхиж очоод дээр дурдсан нөхцлүүдийг хэрхэн хангах вэ ? Түүнчлэн хүмүүсээс мэдээллээ хэрхэн авах вэ ?

Таны бэлтгэл.

* Юуны өмнө Та анкетаа цээжээр мэддэг байх ёстой.
* Мөн нөөц анкетууд базааж ав, заавал хэрэг болно.
*
Үзэг, харандаа 10 – 20 орчмыг бэлтгэх. Манай нөхцөлд балын харандаа авч дундуур нь хөрөөдөж үзүүрлээд явах нь амар байдаг.
*
Мөн хүмүүст өгөх тамхи, чихэр мэтийг нэлээд хүрэлцээтэйгээр авч явбал зүгээр. Хүүхдүүдэд нь чихэр өгөөд томчуудыг тамхиар дайлахад байдал их л өөр болохыг Та аяндаа мэдэх болно.
*
Мөн судалгааны тэмдэглэл хөтлөх дэвтэр авч яв. Эндээ болсон, ажигласан зүйлээ тэмдэглэж ав. Хожим их чухал хэрэг болно.
*
Хөдөө явбал дулаан хувцас, ойр зуурын эм тан базааж явахад ер илүүдэхгүй. Энэ нь Танаас гадна очсон айлд өвчтэй хүн байвал хэрэг болно. Хэрэв шүд нь өвдсөн хүнд нэг анальгин өгчихөд л Таны судалгаа амжилттай боллоо гэсэн үг.

Юу мэдэх ёстой вэ.

*
Судалгаа явуулж буй газрын тухай ерөнхий мэдээллийг заавал мэдэж байх Ухаандаа түүх, онцлог, хүн ам зүйн бүтэц, зан заншил, удирдах хүмүүс, тэдгээрийн намтар түүх зэргийг заавал мэдэх шаардлагатай.
*
Үүнийг мэдэхэд удирдах албан тушаалтнууд, нутаг орноо сайн мэддэг хүмүүс Танд тусална. Ялангуяа хөдөөгийн жолооч нар их зүйлийг мэддэг. Аян замд зүгээр явж болохгүй эдгээрийг мэдэж явах нь ашигтай байдаг.
*
Бүх асуудлыг биш судлах гэж буй асуудлаа голлон сонирхох хэрэгтэй нь мэдээж
*
Статистик мэдээ, сонин хэвлэлд гарсан гол чухал өгүүллүүдийг уншсан байх шаардлагатай. Мөн нутгийн хүмүүсийн зан заншил, онцлогийг мэдэж авах нь илүүдэхгүй.
*
Суманд бол Засаг дарга, Тамгын газрын дарга, ажилтнууд, багийн дарга нар, сургуулийн захирал, багш нар, хэсгийн төлөөлөгч, эмч нар зэрэг сэхээтнүүд ихээхэн мэдээлэлтэй байдгийг анхаарч тэдэнтэй хоол идсэн ч ярилцаж байх хэрэгтэй

Түүврийг бүрдүүлэх

* Танд тэдэн хүнээс судалгаа авах гэсэн ерөнхий тоо өгсөн байгаа. Үүний дотор нас, хүйс, боловсрол, орон байр зэрэг нйигэм – хүн а зүйн үзүүлэлтийг тодорхой заасан байх учиртай.
* Ийм зүйл өгөгдөөгүй ч гэсэн Та тухайн газрынхаа нийгэм – хүн ам зүйн бүтцэд тохирсон түүвэрлэлтийг өөрөө хийх ёстой.
* Танд өгсөн түүвэрт тохирох хүмүүс тэр бүр тааралдахгүй.
* Миний болон нөхдийн туршлагаас үзэхэд хамгийн гол үзүүлэлт нь нас, хүйс, боловсрол байдаг.
* Насыг залуу, дунд эргэм, ахмад гэсэн багцаа гурван категорид хувааж хүмүүсээ сонгоход нэг их алдаа гардаггүй.
* Мөн үүний зэрэгцээ респондентуудын тавин хувь нь эрэгтэй, тавин хувь нь эмэгтэй байхуйцаар харьцааг барьж байх нь чухал.
* Хөдөөд бол эрэгтэйчүүдийг судалгаанд арай илүү олон оруулсан ч судалгааны алдаа онц их гардаггүй. Учир нь нөхрийнхөө үгнээс зөрдөг гэргий, залуучууд харьцангуй ховор байдаг.
* Боловсролыг бол бол хувцас, хэл яриа, үйл хөдлөл зэргээр багцаагаар мэдэж болдог.
* Ийм багцаа барьж судалсаар төгсгөл хэсэгт анкетуудаа ахин нягтлаж Танд өгсөн түүврээс гажиж байвал үлдсэн хүмүүсийг сонгон авах хэрэгтэй.
* Жишээ нь: тэдэн эмэгтэй, тэдэн залуу дутуу гэх мэт тоог гаргаж нөхөн судлах нь ашигтай байдаг.
* Судалгааг айл гэрээр, тодорхой газраар ( жишээлбэл зах гэх мэт ) явуулдаг. Эдгээрийн аль алийг хослуулах шаардлага гардаг.

Айл гэрээр судалгаа явуулах

* Энд хотод бол орон сууц, гэр хороолол гэж, хөдөөд бол аймаг, сум, баг гэж ангилан судалж болно. Эдгээр нь тус бүртээ ихээхэн онцлогтой. Ерөнхий зүйл.
* Номын ёсоор бол судлан үзэх газар ( хороо, баг, сум )- ынхаа хүн ам зүйн бүтцийг үзэж, түүвэрлэлтийн алхмыг математикийн хувьд бодож цохон авсан айлуудаар орж судалгаа авах ёстой. Гэвч энэ дүрмийг манайд биелүүлэхэд их түвэгтэй байдаг.
* Өдрийн цагаар айлд хөгшид, хүүхдүүд л байдаг. Мэдээж ихэнхи хүмүүс ажилдаа явсан байгаа.
* Оройн цагаар явахад хаалгаа тайлж өгөхгүй, согтуу хүн, нохой мэтийн саад болох зүйл их гарна.
* Хөдөө бол хэдийд ч айлд судалгаа явуулж болно.
* Хотод бол оройн цагаар буюу хагас бүтэн сайн өдрүүдэд явуулсан нь дээр байдаг.
* Айлд орлоо гэхэд судалгаа авч болохоор хэд хэдэн хүн байдаг. Тэднээс бүгдээс нь судалгаа авч болохгүй. Учир нь өрхийн гишүүдийн үзэл бодол ерөнхийдөө ижил байдаг. Ялангуяа улс төрийн үзэл бодол бараг адил байдаг нь ажиглагддаг
* Иймд нэг айлаас хоёроос илүү хүнээс судалгаа авч болохгүй.
* Айл зочинтой бол түүнээс авч болно.
* Тодорхой зүйлэнд их анхаарсан ( жишээлбэл, даалуу тоглож байгаа хүмүүс ) хүмүүсээс судалгаа авах бараг боломжгүй.
* Харин аж ахуйн үйл хийж ( жишээлбэл, эсгий хийх ) байхад нь тааралдаж, монгол заншлаар тэдэнд тусалж, дараа нь судлагаа авбал сайн байдаг.
* Хотод ч гэсэн жижиг боловч зүйлд туслаж байвал хүмүүс их дуртай байдаг. Жишээлбэл: Хүүхдийн тоо бодож өгөх
* Айл гэрээр судалгаа явуулахад тэндхийн хүмүүсийн сайн мэддэг нэгийн зэрэг хүн дагуулж явах нь зүгээр. Гэхдээ энэ хүн судлан буй асуудалд хамаагүй, хүмүүст нөлөө үзүүлэхээргүй хүн байвал зохино.
* Ямар ч тохиолдолд албан тушаалтныг дагуулж явж болдоггүй. Ингэснээс болж судалгаа худлаа бөглөгдөх тохиолдол элбэг гардаг.
* Ямар ч айлд бусдынхаа санал бодолд нөлөөлдөг гол хүн, мөн бусдад зааж сургах дуртай мэдэмхий хүмүүс ёс мэт байдаг.
* Иймээс тэдгээрийн харилцан нөлөөллийг аль болох багасгахыг судлаач хүн эрмэлзэх ёстой.
* Гол хүнд нь анкет өөрөө бөглөж боломж олгож, эмэгтэй буюу боловсрол багатай хүмүүст нь туслах маягаар дэргэд нь байж судалгаа авах нь зүгээр
* Эсвэл гол хүнтэй сул яриа өрнүүлж түүнд бусдад нөлөөлөх боломжийг багасгаж болно

Айлд ороод яах вэ.

*
Айлд ороод мэнд ус мэдэлцэж, ойр зуурын зүйл ярих хэрэгтэй. Мэнд ус мэдэлцэнэ гэдэг бол хот газрынхан шиг “Сайн байна уу ?” гэхийн нэр биш. Цаг агаар, дэлхий дахин, улс орны байдал, амьдрал ахуй, замд тааралдсан явдал зэргийг асуух ярилцах зэргээр яриа өрнүүлэхийг хэлж байна.
*
Урьдчилсан энэ бэлтгэлийг хангавал Таны судалгаа амжилттай болохын үндэс, эхлэл болно.
*
Мөн ямар зорилгоор хаанаас явж байгаагаа танилцуулах ёстой. Нэр, ус албан тушаалаа хэлж. судалгааныхаа зорилгыг танилцуулах ёстой. Шаардлага гарвал үнэмлэх бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй.
*
Хэт том байгууллага, албан тушаал хэлбэл “айх” сэтгэл зүй ажиглагддаг.
*
Айлд, ялангуяа хөдөөний айлд бүдүүлэг биш боловч илэн далангүй, харьцангуй чөлөөтэй байх ёстой.
*
Элдэв бохир зүйлээс сэжиглэж байгаагаа ямар ч тохиолдолд харуулж болохгүй. Бохир аягаас эхлээд тийм зүйл олон тааралдана.
*
Одоо авч яваа тамхи, чихрээр дайлахаа мартав. Энэ нь сэтгэл зүйн ихээхэн таатай уур амьсгал төрүүлдэг.
*
Судалгаа авах хүмүүсийг харьцангуй хол суулгавал зүгээр байдаг. Будлиу хүмүүст хажууд нь сууж асуултыг уншиж өгөх зэргээр туслах нь зүгээр.
*
Асуултыг ойлгохгүй бол сайтар тайлбарлах хэрэгтэй.
*
Хөдөөгийн нэг айлд дундаж хэмжээний анкетийг 40 орчим минут бөглөдөг. Үүнийг ажлынхаа төлөвлөлтөд харгалзах хэрэгтэй.
*
Жолооч болон хамт яваа хүндээ анкет бөглөхийг замдаа сургаж өгөх нь чухал.
*
Хөдөөгийн жолооч нар маш идэвхитэй сайн судлаач болж чаддаг юм.
*
Очих айлынхаа тухай тэднээр яриулж авах нь ашигтай байдаг. Мөн айлаас гараад хамт яваа хүмүүсийнхээ сэтгэгдлийг сонсож, судалгааны тэмдэглэлдээ бичиж авахад илүүдэхгүй.
*
Хөдөөгийн айлд очиход болон судалгаа бөглүүлэхэд түвэгтэй байдаг бол хотын айлд ороход түвэгтэй, харин судалгаа авахад амархан байдаг. Тэдний боловсрол өндөр учраас тийм байдаг буй за.
*
Судалгаа авч дуусаад ум хумгүй гараад явчихаж болдоггүй. Цааш бага зэрэг чөлөөт сэдвээр ярилцах хэрэгтэй.
*
Айлаас явахдаа боломж байвал зургийг нь авч дараа нь илгээж чадвал их сайн байдаг. Ямар ч гэсэн тэр айлд өндөр сэтгэгдэл үлдээх ёстой.

Бөөнөөр судалгаа авах

*
Судалгааны ийм төрөл онолын ном зохиолд байдаггүй боловч манайд ихээхэн хэрэглэгддэг. Энэ нь манай онцлог юм.
*
Та аймаг, сум, баг, хорооны хурал цуглааныг тааруулж очвол нэн сайн.
*
Мөн байгууллагын удирдах хүмүүсийг судалгаанд оролцох хүмүүсийг цуглуулж өгөхийг хүсэж болно.
*
Ингэсэн тохиолдолд тэдний хүслээр биш, өөрийнхөө түүвэрлэлтийн дагуух хүмүүсийг захиалах хэрэгтэй. Жишээлбэл, эмнэлгээс тэд, сургуулиас тэд, тамгын газраас тэд гэх мэт.
*
Тамгын газрын хүмүүсээс тусгайд нь судалгаа авбал зохистой.
*
Удирдах албан тушаалтнууд голчлон бичиг үсэг сайтай, илүү дутуу юм ярихгүй хүмүүсийг цуглуулахыг хичээдэг.
*
Хүмүүсийг харьцангуй төвийг сахисан газар буюу клуб, номын сан, сургууль зэрэгт цуглуулах нь илүү сайн байдаг.
*
Албан конторт малчид биеэ барьдаг нь ажиглагддаг.
*
Хэрэв сумын төвд судалгаа авлаа гэхэд дан сумын төвийнхнөөс аваад явчихаж болохгүй.
*
Залхуурснаас юмуу мөнгөний гачаалаас болж хөдөөгүүр явах боломж бага байдгаас болж ийм тохиолдол нэлээд гардаг.
*
Гэтэл сумын төвд хөдөөнөөс ирсэн хүмүүс хангалттай их байдаг. Тэд айлд болон Тамгын газрын гадаа голдуу байдаг бөгөөд тэднийг зохион байгуулан цуглуулж болно.
*
Аймгийн төвд бол тээврийн товчоо, холбоо, онгоцны буудал, эмнэлэг, зах зэрэг газар хөдөөний хүмүүс элбэг байдаг. Суманд явах боломж багатай бол судалгааг дээрх газруудаас авсан нь ашигтай

Хотод судалгаа явуулах.

*
Хотын судалгааг гэр орноор болон хүн олонтой газраас авах гэж хоёр хэсэгт хувааж болно.
*
Гэр орноор явуулах судалгаанд хоёр хоёроороо явах нь сайн. – Айлуудын баян, дунд зэрэг, ядууг сөөлжлөн судлах ёстой. Гэрийн хороололд бол байшин, хашаа, машин зэрэг нь хөрөнгө чинээг илтгэх үзүүлэлт болдгийг анхаарвал зохино.
*
Хүн олонтой газар гэдэгт зах, тээврийн буудлууд, үзвэр үйлчилгээний газар, шуудан, үсчин, эмнэлэг гэх мэт олон газрыг дурдаж болно. Энд хүмүүс голчлон дараалал хүлээн зүгээр шахам сууж байдаг учраас судалгаанд оролцохоос нэг их татгалздаггүй.
*
Эдгээрээс алийг нь сонгох нь судлаачийн мэдрэмжийн асуудал байдаг.
*
Аль ч тохиолдолд дээр дурдсан түүвэрлэлтийн харьцааг ямагт харгалзах хэрэгтэй.

Судалгааны олон аргуудыг зэрэг хэрэглэх нь

*
Орчин үеийн нийт судалгааны ердөө л 15 хувийг анкетийн арга эзэлдэг.
*
Манайд бол бараг зуун хувь анкетийн аргыг хэрэглэдэг.
*
Иймээс ажиглалт, бичиг баримт судлах, фокус – групп, контент – анализ, гүнзгийрүүлсэн судалгааны зэрэг бусад аргуудыг хавсран хэрэглэх нь нэн чухал.
*
Хэрэв Танд өгсөн зааварт олон аргаар судалгаа явуулахыг зааж өгөөгүй бол Та түүнийг өөрөө санаачлан нөхөн хийх боломж бий.
*
Юуны өмнө бичиг баримтын шинжилгээг хийх хэрэгтэй. Сум, хороо, аймаг, дүүрэг, албан газруудад Таны судлан буй зүйлтэй холбогдох олон тооны бичиг баримт хөтлөдөг. Үүнийг сайтар ангилж ялгаж үзвэл их зүйл гарна. Энд хэдийгээр их цаг, хөдөлмөр зарцуулах боловч үр дүн сайтай байдаг.
*
Жишээлбэл, аль ч засаг захиргааны нэгжид өрхийн бүртгэлийн дэвтэр байдаг. Мөн бусад олон бүртгэл ( цэргийн, сургуулийн, ажилгүйдлийн зэрэг ) бүртгэлийг харьцуулан үзэж болно.
*
Мөн экспертүүдээс судалгаа авч болно. Экспертүүд гэдэг нь Таны судлан буй юмс, үзэгдлийг сайн мэддэг хүмүүсийг хэлнэ.
*
Ихэнхи хүмүүс албан тушаалтнуудыг эксперт гэж ойлгодог. Энэ нь буруу биш боловч хангалттай биш. Жишээлбэл, Та гэмт хэргийн байдлыг судалж байлаа гэхэд орцны жижүүр, хэсгийн цагдаа нар хамгийн сайн эксперт болно.
*
Хөдөө бол нутаг орныхоо хүн ардын амьдралыг сайн мэдэж дүгнэлт хийж байдаг нөлөө бүхий хүмүүс зөндөө байдаг ба тэднээс судалгаа авах эсэхээс үл хамааран тэдэнтэй уулзаж санал бодлыг нь сонсвол их зүйл мэдэж болно.
*
Хөдөөгийн судалгаанд тийм айлд хоног тааруулбал их хэрэгтэй. Аажуу уужуу чөлөөтэй ярих боломж тэнд л олдоно.
*
Судлан буй юмс үзэгдлийг ажиглах нь нэн чухал байдаг. Жишээлбэл, Та захын байдлыг судаллаа гэхэд нэг өдөр түүгээр явж, худалдагч, худалдан авагч, татварын байцаагч, цагдаа, тэр ч байтугай хулгайч, гэмт хэрэгтнүүдийн харьцааг мэдэж болно. Ер нь л нэг дүр зураг, бүдүүвч Таны толгойд ороод л ирнэ.
*
Фокус – группын аргыг орчин үед их хэрэглэж байна. Энэ нь 8 – 12 хүнийг цуглуулан чөлөөт ярилцлагын хэлбэрээр мэдээлэл олж авах арга юм.
*
Онолын ном зохиолд фокус – группт орж буй хүмүүс бие биеэ танихгүй байх ёстой гэдэг.
*
Гэтэл манайд бараг хүн бүр бие биеэ таньдаг учраас ийм боломж огт байдаггүй. Ингээд л онол практик зөрөөд эхэлдэг.
*
Манайд фокус – группын арга шинээр нэвтэрч байгаа тул хүмүүс одоохондоо идэвхитэй оролцдог. Таны анхаарах зүйл бол асуултыг оновчтой тавьж, асуудлын гүн рүү орохыг эрмэлзэх явдал болно. Манай нөхцөлд чалчаа хүмүүсийг бага яриулж, бүрэг хүмүүсийг их яриулах тактик баримтлах нь үр ашигтай байдаг.
*
Мөн тэмдэглэлийг сайн хөтлөх хэрэгтэй. Гадаадын ном зохиолд судлаач хүн яагаад гэдэг асуултыг байнга тавихыг шаарддаг. Гэтэл энэ дагуу явбал монголчууд нэг их илэн далангүй байж чадахаа байдаг. Миний бодлоор яриаг зөв чиг рүү залж, асуудлыг задалж тавих нь илүү чухал мэт санагддаг Судалгааны үед баримтлах зүйлүүд
*
Эелдэг байх, хүнтэй үл муудалцах. Хэрэв хүн судалгаа өгөх дургүй юмуу судалгааны аль нэг хэсгийг буюу бүхэлд нь шүүмжилбэл Та энэ байдлаас эвтэйхэн гарахыг эрмэлзэх .
*
Хүмүүст тулгалт хийхгүй байх, дургүйцлээ илэрхийлэхгүй байх..
*
Санаатай болон санамсаргүйгээр өөрийн бодол санааг илэрхийлэхгүй байх
*
Том албан тушаалтай буюу их мэддэгээ харуулахгүй байх
*
Бага ярьж, их сонсох. Энэ зарчим цэврээрээ бараг биелдэггүй. Туршлагаас үзэхэд нийт ярианы 30 % – ийг Та, 70 %- ийг нөгөө хүн хийх ёстой.
*
Респондентуудын үзэл бодолд ихээр нөлөөлөх хүмүүсийг ( албан тушаалтнууд ) дагуулж явахгүй байх.
*
Хүний яриаг таслахгүй байхыг эрмэлзэх

10. Судалгааны үед гардаг үндсэн алдаанууд

*
Албан тасалгаанд хийсэн анкет зэрэг нь бодит байдал дээр ажиллахгүй байх тохиолдол элбэг гарна. Үүнээс зайлсхийхийн тулд цөөн хүнээс ( 20 – 30 хүн байхад болно ) туршилтын судалгаа авч үүнийгээ үндэслэн засвар хийх ёстой.
*
Анкетийг дутуу буюу буруу бөглүүлэх. Үүнээс зайлсхийхийн тулд анкет бүрийг шалгаж дутуу буюу буруу бөглөсөн зүйлийг дор нь засуулах явдал болно.
*
Монгол хүн хүснэгтээр өгсөн хариултын боломжийг сонгохдоо алдах нь элбэг байдаг. Иймд тийм хүмүүст туслаж ойлгуулах хэрэгтэй.
*
Танаар тоглоом хийж буюу өөр бусад шалтгаанаар буруу бөглөх. Энэ удалгаа тоглоом шоглоом болгоод байх зүйл биш гэдгийг ойлгуулахад нэг их түвэг орохгүй.
*
Судалгаанд оролцогчдын түүврийг буруу авах. Жишээлбэл, амрыг нь бодож дан сэхээтнүүдээс авбал судалгаа чанаргүй болно.
*
Аль нэг хүнд хувийн үнэлгээ өгөх. Манайхан бие биеэ сайн мэддэг учраас аль нэг хүнийг муулахгүй байх нь чухал.
*
Судалгаа явуулсан анкетийг дугаарлаж, аль газраас ( сум, баг ) ямар хүнээс авснаа тэмдэглэхгүй орхих. Ийм тэмдэглэл хийх нь судалгааны чанарыг сүүлд нь хэмжих бараг цорын ганц үзүүлэлт болдог.

Эцэст нь хэлэх цөөн үг.

Судалгааны ажлыг үнэн сэтгэлээсээ хийх ёстой. Яагаад гэвэл Таны судалгаанд үндэслэн олон шийдвэр гарч, улмаар олон хүний хувь заяа хамаарна. Мөн Та Монголын ард түмэнд гадна дотноос зориулсан олон сая төгрөгийг зарцуулж яваа. Та залуу байхдаа шударга ажиллаж сурахгүй бол нэг л буруу зуршил тогтчихвол хожим засч болдоггүй. Судлаач хүн нийгмийн психологийг онолын хувьд ч, практикийн хувьд ч сайн мэддэг байх ёстой. Олон удаа судалгаанд яваад ирэхлээр өөрийн гэсэн арга барил сууж, айлд ороод л хүнтэй эхний хэдэн үг солингуут л ерөнхий байдлыг мэдэрдэг болчихдог юм. Та аль болох хурдан ийм мэдрэмжтэй болж авах ёстой.Ингэсэн цагт ямар ч ааш ариншинтай, ямар ч насны хүнтэй чөлөөтэй ярилцаж чаддаг болно. Би залуудаа ямар ч хүнтэй ярилцаж чадна гэж боддог байлаа. Гэтэл тийм биш гэдгийг ихэд хожим мэдэж билээ. Хүнтэй ярилцаж сурна гэдэг бол судлан буй асуудлаар тухайн хүний бодол санааг богино хугацаанд мэргэжлийн хувьд мэдэж авна гэсэн үг. Ингээд залуу судлаач дүү нарын аяны дөрөө олзтой байж, эрдмийн шим ундарч явах болтугай.

Судлаач Д. Ганхуяг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ №1

  1. Б.БОЛОРОО says:

    САЙН БАЙНА УУ? ЭРХЭМ СУДЛААЧ ТАНД БАЯРЛАЛАА ГЭДГЭЭ ХЭЛЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ БАЙХ МАШ САЙХАН ЗҮЙЛҮҮДИЙН ТУХАЙ БИЧСЭН БАЙНА.ОДОО ҮЕИЙН БИДЭНД ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛҮҮД БАЙНА

  2. cross says:

    tnk u

  3. bagpaa says:

    wow, судалгаа нүдэнд харагдчихлаа. олон нийтлэлийг тань уншсан. энэ удаад өндөр сэтгэгдэлээ илэрхийлэхгүй байж чадсангүй. хэдэн анкет өвөртлөөд хүн царай алдаж явах ямар байдгийг, хэдэн хүн тойруулж суулгачихаад бөлтөлзүүлээд шалгаах ямар байдгийг та дэндүү сайн мэдэх юм. олон хүнд хэрэг болох байх. баярлалаа

  4. Munguntuul says:

    Bayrlalaa mash ih heregtei medeelel bna,,

  5. Anonymous says:

    маш сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл байна.

  6. monhgerel says:

    баярлалаа ажлын амжилт

  7. 776423 says:

    Маш их баярлалаа Танд

  8. Anonymous says:

    Баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийг хүсье.

  9. Зулцэцэг says:

    Баярлалаа маш хэрэгтэй зөвөлгөө өгч байгаад. Таниас судалгааны ажлын тал джэр зөвөлгөө авч боллх боловуу?

  10. Anonymous says:

    БАЯРЛАЛАА

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: