ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ТОГЛОДОГ БОЛЖЭЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД…

Ц.Түмэнгэрэлийг Монголын төр цаазаар аваачив. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэсний учраас тэр. Одоо У.Хүрэлсүх шоронд орох гэж байна. Энэ бол нам, банк, ХЗХ, АСЗХ зэрэг байгууллагуудаар дамжсан улс төрийн зэрлэг өрсөлдөөний бодит үр дүн мөн. Залуучуудаар могой бариулж, туг тахидаг энэ харгис явдлын “хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд” зүв зүгээр сууж байгааг би л лав тэвчиж чадахгүй. Ингээд 2006 оны 6 дугаар сард бичсэн өгүүллээ дахин нийтлэхийн хамт нам, нам дагасан бохир бүлэглэлийг удирддаг луйварчдаас холхон бай, эсвэл тэднийг түлхэн унага гэж Монголын залуучуудад мянга дахин захиж байна. Энэ өгүүллээс Та бүхэн олон зүйлийг ухаарна гэдэгт итгэж байна.

Монгол орон муу муухайгийн есөн шид нь бүрджээ. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, ашигт малтмалын будлиан, луйвар, авилга, эцэст бүр хүний аминд хүрч байна. Өөрийгөө шатааснаас эхлээд хэд хэдэн хүн улс төрийн өрсөлдөөний золиос болон үрэгдэв.

Эдгээрээс хамгийн аймшигтай нь МАХНын залуучууд нэгнийгээ хөнөөсөн явдал болно. Энэ хэрэг төр, засгийн эрх барьсан хэдхэн луйварчин, тодорхой утгаараа алуурчид, тэдний улс төр- эдийн засгийн зэрлэг өрсөлдөөнтэй шууд холбоотой талаар зарим зүйлийг өгүүлье. Үүнийг сонирхсон сэтгүүлчид, судлаачдыг эдгээр нөхдүүд аминд чинь цөвтэй шүү гэж улайм цайм сүрдүүлдэг болж байна. Луйварчид улайм цаймдаа гарч ӨС –ны сурвалжлагч С.Энхтуулаас болж хүн амины хэрэг гарчихсан юм шиг аашилж, түүнийг дарамталж байгаа нь үүний тод жишээ болно.

Талийгаач залуу сургууль төгсөөд Монгол банкинд ажилд орсон байна. Энэ бол Монголын хамгийн том мафийн сүлжээнд хамрагдах болж, супер луйварчин О.Чулуунбатын мэдэлд орлоо гэсэн үг юм. Хэрэв О.Чулуунбатын гараар орвол ямар ч залуу хүн нохойн замаар орлоо л гэсэн хэрэг болно. Энд тэр хэдэн жил ажиллаж ажил хэргийн болон даалгавар гүйцэтгэх сайн чадвараа харуулсан бололтой.

Дараа нь тэр Улаанбаатар банкны захирлаар ажилласан байна. Улаанбаатар банк ч гэж дээ, уг нь Та бидний хөрөнгө юм л даа. Улаанбаатар хотын 360 жилийн ой гэж хот даяараа сугалаа сугалж, хандив өргөж байснаа санаж байгаа хүн олон л байх. Ингээд Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Улаанбаатар сан” байгуулагдсан юм. Мөн “Улаанбаатар даатгал” гэж муу аргаар ихээхэн мөнгө хуримтлуулсан газар байх. Энэ хоёрыг нийлүүлээд дээр нь хэдэн хүн хөрөнгө нэмээд “Улаанбаатар банк” болчихож байгаа нь тэр. Энэ заваан банкийг талийгаач залуугаар удирдуулжээ, луйварчид. Залуу ч мэргэжлийн ур чадвараа гаргаж, менежментийг нь сайн хийж, банкаа хөл дээр нь босгосон юм байх. Талийгаач залуу 17 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкийг 80 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгосон байна. Үүнийг гайхамшигтай менежмент гэхээс өөрөөр нэрлэх аргагүй юм. Энэ баримт уг банкинд талийгаач залуугаас гадна далдын, ихээхэн нөлөөтэй том гарууд нөлөөлж байсны нотолгоо болохгүй гэж үү

Тэр үед хэн нэг нь хэл ам хийсэн бол хэргийн эзнээр талийгаач залуу золиослогдох байсан нь одоо тодорхой байна. Луйварчдын ганц чаддаг юм нь энэ. Залуу хүнийг ашиглах эхний шат амжилттай дуусав.

Улс орны эдийн засгийн байдал муудах тусам луйварчдын шунал гал мэт дүрэлздэг хуультай аж. Өнөөдөр болж буй олон мянган хүний олон зуун тэрбумын хөрөнгийг идчихсэн хадгаламж зээлийн хоршоодын будлиан үүний тод жишээ болно.

Энэ нь 1998 оны “Хоршооны тухай” хуулиас эхтэй. Уг нь энэ хууль анхандаа гэм зэмгүй өөдрөг хууль байсан юм. Хөдөө аж ахуйн нэгдлийг тараагаад хаячихлаа, малчид ганц ганцаараа зах зээлийн нөхцөлд амьдарч хүчрэхээ больж байна, мөн хот суурин газар жижиг наймаа цэцэглэж байна. Ийм хүмүүс нийлээд жам ёсны дагуу хөдөлмөр, мөнгө хөрөнгөө нэгтгэн хоршоо байгуулж хөгжих ёстой гэсэн санаа л даа. Иймээс энэ хуулийн нэлээд заалтыг хүнд суртал багатай, нэлээд задгай тавьж өгснийг би сайн санадаг бөгөөд хожим ийм гай тарина гэж зүүдэлж ч байгаагүй юм. Гэтэл луйварчдын ухаан гэж үнэхээр гаргуун байдаг аж.

2002 онд буюу Н.Энхбаяр үндэсний удирдагч болон мандаж байх тэр үед төрийн мөнгөний бодлого завхарч эхэлмэгц өөрсдийгөө аврахын тулд энэ хуулинд өөрчлөлт оруулж “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа” гэсэн цоо шинэ бүлэг нэмж, хуулийн ихээхэн заалтыг бүдэгрүүлэн завхруулж ард иргэдийнхээ мөнгийг дээрэмдэх, луйвардах үүд хаалгыг УИХ –аар нээлгүүлж чадсан юм.

Өнөөдөр ард олны лай ланчиг болоод байгаа Хадгаламж зээлийн хоршоод борооны дараах мөөг шиг бий болсны учир нь ердөө л энэхүү төрийн бодлого нэртэй дээрмийн үр дүн юм. Энэхүү дээрмээ нуухын тулд уг хуульд 2004 онд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, луйвраа улам баттай болгосон юм. Үүнийг мөнөөх Н.Энхбаярын тоглоомын УИХ баталгаажуулж өгчээ.

Ийнхүү хоёр удаагийн хорлогчинтой засвар хийсний дараа өнөөх Хоршооны тухай хууль маань нэр нь хэвээрээ боловч үнэн хэрэг дээрээ Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон хувирсан юм. Луйварчид дээрмээ далдлахын тулд ажил хэргийг завхруулж, балиартуулахын сонгодог жишээ энэ болж байна.

Тухайн үед УИХ, МАХН, Засгийн Газар гурвыг Н.Энхбаяр толгойлж байсныг сануулах нь зүйд нийцнэ. Тэр үед санаатайгаар үүсгэсэн дээрмийн тогтолцоо бидэнд лай ланчиг болон хувирч байгааг ард түмэн одоо л ойлгож байх шиг.

ХЗХ – ыг хэн байгуулдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Эрх баригч луйварчдын хамаатан садан, эсвэл тэдний санал зөвлөгөөг авч, МАХН – д морь нохой мэт зүтгэсэн хүмүүс байдаг юм. Мөн хүчний байгууллагын зарим томчууд оролцсон тухай мэдээлэл ч байдаг. Ийнхүү монголын төрийн шууд оролцоотойгоор ХЗХ дампуурсан нэрийн дор дээрэм хийх систем бий болсон юм. Энд цөөн тооны сайн, итгэлтэй, зүтгэлтэй ХЗХ буюу хүн байхыг би огтхон ч үгүйсгээгүй.

Энэхүү системийн золиос нь нь өнөөдөр алуурчин гэгдээд буй нөгөө залуу нь билээ. ХЗХ – ын тоо хэмээс хэтэрч улс орны эдийн засгийн байдалд ноцтой хэмжээнд хүрээд байсан ч эрх баригчид дув дуугай байлаа.

Учир нь хуулийн дагуу ХЗХ хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Мөн юу ч мэдэхгүй залуучуудыг дарга болгож, бизнесийн замыг нь зассан дүр эсгэж, түүнийгээ тэнгэр бурхны хишиг мэтээр ойлгуулж, сонгууль монгуулиар хамаг мөнгийг нь хуу хамчихаж болж байхад санаа зовох юм луйварчдад огтхон ч байхгүй билээ.

Эрх баригчдын өрсөлдөөн улам хатуу ширүүн болж, тэр нь хадгаламж зээлийн хоршоодод нөлөөлөв. Бидэнд байгаа мэдээллээр ХЗХ –ны лавтайяа 100 тэрбум төгрөг тэр чигээрээ тэмбэржүржиг болсон байна. Үүний зарим нь мөрийтэй тоглоомд, зарим нь гадаад руу, зарим нь улс төрчдийн гарын мөнгө болон урсдаг, зарим нь үл хөдлөх хөрөнгийн наймаа луйвар болдог, зарим нь луйварчдыг улс төрийн талаар ивээн тэтгэхэд зарцуулагддаг юм даа. ХЗХ – ын цэцэглэлтийн үе болох 2000 -2004 онд АНУ руу Монголоос хамгийн их мөнгө урссан байдаг.

Үйл явц нэгэнт хяналтаас гарч, жолоодлогын боломж шавхагдсан тул Санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллагыг хэзээ хойно буюу саяхан УИХ – ын дэргэд байгуулав. Угаасаа энэ байгууллага юу ч хийх боломжгүй бөгөөд чадваргүй байсан нь одоо тодорхой байна.

Мэргэжлийн луйварчид өөрсдөө болон учир гадарлах хүн энэ байгууллагад заяа нь очихгүй. МАХН –д дарга болох дуртай хүн ёстой арзалзаж байдаг биз дээ. Тэд нүүрлэн буй аюулыг мэдэж байсан учраас юу ч мэдэхгүй залуу хүмүүсийг балиар заваан өрсөлдөөнийхээ золиос болгон хаяжээ гэсэн дүгнэлт хийж болох байна.

Сүүлийн жилүүдэд манайд хяналт шалгалт гэж ёстой лөөлөө болсон юм. Хэрэв аль нэг байгууллагад хяналт шалгалт орлоо гэхэд хууль номын дагуу биш, хэн нэг албан тушаалтны аман заавраар өрсөлдөгч өөр бүлэг буюу хүний хамаг муу муухайг ухна гэсэн үг гэж шууд ойлгох хэрэгтэй. Өрсөлдөгч бүлэглэлийнхээ муу муухайг төрийн шалгалт нэрээр талийгаач залуугаар ухуулсан нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. Луйварчид тушаал заавраа албан ёсоор бичиг цаасаар үйлдэнэ гэж гонжийн жоо. Амаараа л өгнө шүү дээ.. Ямар ч гэсэн талийгаач залуу өрсөлдөгчийнхөө элдэв булхайг ухаж эхэлжээ…Залуу хүн үүнийхээ хэтэрхий аюултайг мэдэж байсан эсэхийг ёстой бурхан л мэдэх байх…

Улс төр –эдийн засгийн луйврын тогтолцоо, түүний механизмыг нөгөөхтэйгээ адил мөн л мэдэхгүй нөгөө залуу нь энэ нөхөр надаар оролдож, миний мууг үзэх гэж байна гэж бодох нь бараг зүйн хэрэг. Мэргэжлийн хэлэнд фрустраци буюу монголоор саатал гэж нэрлэдэг сэтгэл зүйн тун хүнд байдалд тэр залуу орсон нь тодорхой байна. Энэ төлөв байдал нь гаднаас тусламж авахгүй удвал амок буюу улангасал гэж монголоор нэрлэдэг юу ч хийхээс үйл буцах байдалд ордог юм. Зүв зүгээр байж байгаад хүн алдаг хүн гэж хорвоод байдаггүй юм…

Одоо хүн амины хэргээр нэг сайхан залуу цаазаар авах ял сонсож магадгүй. Луйварчид бараг л ингэнэ байх. Саяхан толгой луйварчин Н.Энхбаяр : Албан ажлаа гүйцэтгэж байсан төрийн түшээгийн амь нас зандалчны гарт үрэгдлээ” гэж хэлсэн нь энэхүү операцийн ердөө л эхлэл юм. Зандалчин гэдгийг тэр хаанаас мэдсэн юм бэ ? Өөрийнх нь ажлын үр дүн эхнээсээ гарч буй бус уу ?

Миний баттай итгэж байгаагаар залуучуудын амь насаар өөрсдийн бузар булайг арчиж буй эрх баригч цөөн тооны луйварчид үүнийхээ хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой.

Хоршооны тухай хуулиар хоршооны эдийн засгийн зохистой үзүүлэлт болон эрсдлийн сангийн талаарх дүрэм журмыг Монгол банк тогтооно гэсэн тов тодорхой заалт бий.

Өөрийгөө хамгийн шударга, хамгийн нэр төртэй, мундаг банкир гэж үздэг Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат Монгол Улсын хуулийг уландаа гишгэж өөрт нь хариуцуулсан үүргээ огтхон ч биелүүлээгүйгээр үл барам төрийн мөнгөний бодлогыг санаатайгаар дампууруулж, шунахай эрх ашигтаа захируулах бодлого явуулсны гороор ХЗХ – ны олон мянган гишүүд үгүйрэн хоосорч, эцэстээ хүн амины хэрэгт хүрлээ. Аль олон жилийн өмнө гарсан хуулийн заалтыг тэр биелүүлсэн бол ийм олон хүн хохирох байсан уу ? Мэдээж үгүй. Одоо ХЗХ –г санаатайгаар дампууруулснаас болж хэлмэгдсэн хүмүүс О.Чулуунбатаас болон өөрсдийгөө төр гэж нэрлэсэн луйварчдаас хохирлоо нэхэх нь шударга бөгөөд зүй ёсны хэрэг болно.

УИХ – ын дэргэд Санхүүгийн зохицуулах хороог байгуулж байхдаа ийм аймшигтай амь хайргүй өрсөлдөөн болно гэдгийг ХЗДХЯ – ийг олон жил толгойлж байсан УИХ – ын дарга Ц.Нямдорж мэдээгүй байсан хэрэг үү ? Энэхүү заваан хууль нь эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэж, ХЗХ – д нь гэмт хэрэгжиж, луйврын шинжтэй болж байгааг СЭЗЯ- ыг толгойлж байсан УИХ – ын гишүүн Ч.Улаан хараагүй байсан хэрэг үү ?

Хэрэв мэдээгүй байсан бол ийм харалган тэнэг төрийн түшээдээр ямар үхснээ хийхэв. Хэрэв мэдэж байсан бол дүүрчихсэн луйварчдыг сэнтийдээ залж байдаг төрөөр ямар элэнцгээ хийхэв.

УИХ болон Засгийн газар, яамдууд эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг гарган шалгаж, зохистой шийдвэр гарган байдлыг эрүүлжүүлэх боломж байсан уу ? Мэдээж байсан. Гэвч луйварчид тэгдэггүй юм. Тэд ердөө л хүний гараар могой бариулдаг юм. Үр дүн нь энэ…

Оны эхэнд сэтгүүлч Г.Дашрэнцэн, эдийн засагч Н Дугар нар МАХН- ын дотоод зөрчил, тарьсан гайнаас болж энэ жил нэлээд олон хүний аминд хүрнэ дээ гэж байхад нь би арай ч дээ гэж хэлж байсансан. Одоо бол би тэдний энэ дүгнэлтийг бүрэн дүүрэн зөвшөөрнө. Ахиад ч олон юм болно байх…

Дээрх хоёр залуу хоёулаа Ардчилсан Социалист залуучуудын холбоо, Ардчилсан социалист оюутны холбоонд харъяалагдаж байгааг олон хүн анзаарсан байх. Дарга болох, нэр хүндтэй болох залуучуудын дэврүүн цайлган хүсэл эрмэлзлийг ашиглан тэднийг бузар булайгаа цэвэрлэх алчуур болгодог хамгийн балиар үүр уурхай нь энэ бөлгөө. Энд нүцгэн гараараа хорт могой барих залуучуудыг бэлтгэдэг юм. Энэ байгууллагууд бол ердөө л луйварчдын төлөөх “улаан хамгаалагчдын отряд” л гэсэн үг.

Эцэг эхчүүдэд зориуд анхааруулж хэлэхэд хэрэв танай хүүхэд гэв гэнэт АСЗХ, АСОХ –ны гишүүн болж улс төрөөр өвчлөн, хэн нэг том даргатай бараг найз боллоо гээд давхиад эхэлбэл тэр чинь нохойн замаар орлоо л гэсэн үг, мөн дээрх хоёрын харамсалтай явдлыг удахгүй давтаж дайсагналцах учраас хүүхдүүдээ эдгээрээс холхон байлгасан нь дээр байх. Залуучууд Та нар ч гэсэн гэв гэнэт том дарга болох гэж хөөрч байгаад могой барихгүйн тулд дээрх байгууллагуудын салхин доогуур нь ч битгий гар гэж зөвлөмөөр байна.

Эцэст нь хэлэхэд энэ явдал эхнийх нь ч биш, бас сүүлчийнх нь биш. Яагаад гэвэл луйварчид эрх мэдэлтэйгээ байсаар л байна. Тэдний гэмт хэргийг би болон бидний цөөн нөхөд олон жил олон баримтаар дурдаж, илчилж байсан бөгөөд одоо зуу дахь удаагаа ахиад хэлье.

Голлох луйварчид бол Н.Энхбаяр, Ч. Улаан, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж болон Ардчилсан Нам дахь “Алтан гадас”, Ц.Нямдоржийн толгойлсон Увсын нэртэй нам дамнасан явцуу бүлэглэл болой. Мөн гаалийн Х.Баатарын араас зайлшгүй явах ёстой О. Чулуунбат энэ жагсаалтад гарцаагүй орно…

Эднийг зайлуулаагүй цагт Монгол Улс өөдлөнө гэж гонжийн жоо гэдгийг ард түмэн эрхбиш ойлгох цаг болсон санагдана. Зарим хүн монголоор дүүрэн луйварчид байхад зөвхөн энэ хэдийг нэрлэлээ, дээр нь бас энэ ч байна, тэр ч байна гэх л байх. Тэдний сүлжээг би болон бидний цөөн нөхөд дэндүү сайн мэддэг юм. Олон жил судлаад байхад монголынхоо хэдэн луйварчдыг том жижиг, их бага, нөлөөтэй нөлөөгүй, толгойлогч дагалдагч гэдгийг нь нэг муу юм мэдээд байдаг юмаа. Энэ удаад ( энэ удаад шүү дээ Д.Г.) би толгойлох луйварчдыг л нэрлэж байна.

Луйварчид булхайгаа нуух гэж аргаа барж байна. Бидний хэдэн хүний телевизээр ярих болон интернетээр харьцах боломжийг хаагаад хэдэн сар болж байна. 107 тэрбум төгрөгийн контрабандын мөрөөр баттай орсон сэтгүүлч Г.Дашрэнцэнг луйварчид 3 сая төгрөгөөр торгож шийтгэсэн. Энэ мөнгийг өгөхгүй бол түүнийг 6 сар баривчилна гэнээ. Удахгүй 7 дугаар сарын 3 –нд шударга, цэвэр ариун О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр намайг шүүх хурал болно. Харин луйварчид болон авилгалчид 800 жилийн ойг далимдуулан өөрсөддөө зориулж өршөөлийн зарлиг гаргана.

Луйварчид намайг ч гэсэн чад хийлгэх бодол өвөрлөж явдгийг би сайн мэднэ. Энэ ч техникийн талаасаа тун амархан, гэвч би үхсэн хойноо ч ярьж, бас яллаж чадна гэдгээ тэд нарт мөн ч олон удаа хэлсэн дээ…

Судлаач Д.Ганхуяг

2006 оны 6 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ТОГЛОДОГ БОЛЖЭЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД…

  1. bat says:

    mun zevuunee

  2. Daria says:

    Ганхуяг судлаач болон луйварчдыг ойлгохгүй юм. Яаж нэг тэнгэрийн дор яваад болоод байдаг юм бэ?
    Энийг сонсоод яаж дуугуй байж чаддаг байна аа. Бид нар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: