ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.

МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.

ХЯМРАЛ… АРИУСАЛ…ХАРИЗМ… САЙН ЦАГ.

Барууны нийгэм, түүний соёлын өнөөгийн байгаа төлөв байдал нь тэдний мэдрэхүйн супер системийн эхлэн буй задралын эмгэнэлт үзэгдэл болж байна. Иймээс жилээр, магадгүй хэдэн арван жилд ойрын ирээдүй нь dies irae, dies illa 1 буюу идеационал, эсвэл идеалист үе рүү шилжиж, иймэрхүү үйл явцыг дагалдах бүх үзэгдлийг үүсгэнэ. Ингээд энэхүү үед зонхилох хандлагуудыг хамгийн товчоор авч үзье.

ХЯМРАЛ

1. Мэдрэхүйн үнэт зүйлс улам бүр харьцангуй бөгөөд атомжина. Эдгээр нь ямар нэг ойлгоц, дэмжлэг ололгүйгээр сүүлдээ зузаан тоосонд хучигдана. Yнэн ба худал, шударга ба шударга бус, сайхан ба муухай, эерэг ба сөрөг үнэт зүйлсийн зааг ялгаа нь оюун ухаан, ёс суртахуун, гоо зүй болон социал дур зоригийн хаанчлал иртэл тасралтгүй арилна.

2. Хүнийг өөрийг нь оролцуулаад мэдрэхүйн үнэт зүйлсийн тасралтгүй өсөн нэмэгдэх атомжилт нь хүнийг үнэгүйдүүлж, түүнийг аливаа бурханлиг, ариун нандин, туйлын төгс зүйлээс ангид мэдрэхүйн болон материаллаг зүйл болгоно. Тэдгээр нь нийгэм соёлын муу усны газрын балчигт улам бүр гүн шигдэх бөгөөд тулхтай бус, өсөн нэмэгдэх эвдрэлийн шинжийг олж, асар удалгүй Бурхны хаанчлалын үнэт зүйл гэхээсээ нийгэм соёлын гаж согогийн музейн үзэсгэлэн болно. Мэдрэхүйн ментал ( унаган шинж – Орч. Д.Г. ) шинж нь хүнийг улам бүр тодорхойлж, түүний бүх үнэт зүйлс нь “физик – хими”, “биологи”, рефлексологи”, “эндокринологи”, “биховиорист”, “эдийн засаг”, “психоанализ”, “механик”, “ материалист” шинжтэй болно. Өөрөөр хэлбэл электрон, протоноор тойруулсан атомын ертөнц шиг буюу хүн – роботыг наалданги торондоо базсан аалзны тор шиг ертөнц болно.

3. Бүх үнэт зүйлс атомжиж дуусахад нэр хүнд бүхий “олон нийтийн санал бодол”, “ертөнцийн ухамсар” устана. Тэдгээрийн орыг олон тооны, өөр хоорондоо зөрчилдсөн, зарчимгүй бүлэглэлийн “үзэл бодол”, янз бүрийн дарамтын бүлгүүдийн “дур зоргийн ухамсар” эзэлнэ.

4. Гэрээ, хэлэлцээр нь үүрэг олгосон эрх мэдлийн үлдэгдлээсээ хагацна. Өмнөх зуу зуун жилд барууны хүний босгосон агуу их хэлэлцээрийн нийгэм соёлын байшин нуран унана. Энэ нуралт нь хэлэлцээрийн ардчилал, хэлэлцээрийн капитализмыг хувийн өмч, чөлөөт хүмүүсийн хэлэлцээрийн нийгэмтэй хутгаж орхино.

5. Бүдүүлэг хүч, увайгүй хуурмаг хоёр хүмүүн хоорондын болон бүлэг хоорондын бүхий л харилцааны цорын ганц голлох шинж болно. Хүч нь эрх болно. Yүний дүнд дайн, хувьсгал, самуун дэгдэж, нийгэм нь үймээн самуун, араатны ёсонд автана. Bellum omnium contra omnes 2 зарчим сэргэж, хүн хүнийхээ эсрэг, анги нь ангийнхаа эсрэг, үндэстэн нь үндэстнийхээ эсрэг, итгэл үнэмшил нь итгэл үнэмшлийнхээ эсрэг, арьстан нь арьстныхаа эсрэг босно.

6. Олонхийн эрх чөлөө нь домог болон хувирах бөгөөд гэхдээ ноёрхогч цөөнх нь эрх чөлөөгөө замбараа цадиггүй задгайруулан эдэлнэ. Салшгүй эрх оршин байхаа болино. Эрхийн тунхаглалыг мөн адил цуцлах буюу эрээ цээргүй хүчирхийллийн сайхан хаалт маягаар ашиглаж эхэлнэ.

7. Тамирдсан, хүмүүнлэг бус, дарангуй засгийн газрууд ард түмэнд талхны оронд бөмбөг, эрх чөлөөний оронд үхэл, хуулийн оронд хүчирхийлэл, бүтээн байгуулахын оронд эвдрэл сүйрэл авчирна. Тэд эрх мэдэлдээ тогтох нь ямагт тогтворгүй, цаг зуурын байх бөгөөд тэднийг цаг ямагт түлхэн унагах болно.

8. Нөхөр, эхнэр, төрөл садан, хүүхдийн ариун холбоо болсон гэр бүлийн задрал үргэлжилнэ. Салалтын тооны өсөлт нь явж явж нийгмээс хүлээн зөвшөөрсөн гэр бүл, хууль бус бэлгийн харилцаа хоёрын зааг ялгаа бүрэн устахад хүргэнэ. Хүүхдүүд эцэг эхээсээ улам бүр эрт тусгаарлах болно. Гэр бүл нь эр болон эм хүйстний тохиолдлын хамтын амьдрал, орон гэр нь шөнө “нөхцөөх”, үндсэндээ бэлгийн хавьталт хийх газар болох хүртлээ гэр бүлийн нийгэм соёлын гол үүрэг хорогдоно.

9. Манай соёлын мэдрэхүйн супер систем нь улам бүр “соёлын хямдарсан барааны газар” 3– ыг санагдуулах бөгөөд нэгдэл болон хувь шинжгүй элементүүдийн эмх замбараагүй бөөгнөрлөөр дүүрнэ. Тэр барааны зах болон хувирснаараа тохиолдлын хүчний золиос болж, нэн түрүүнд өөрийгөө удирдах, амьд субъект гэхээсээ илүү “түүхийн объект” болон хувирна.

10. Соёлын бүтээлч чадавхийн хувхайрал үргэлжилнэ. Галилей ба Ньютон, Лейбниц ба Дарвин, Кант ба Гегель, Бах ба Бетховен, Шекспир ба Данте, Рафаэль ба Рембрантын орыг шууд эрэмдэг сэтгэгчид, шинжлэх ухаан, хөгжим, уран зохиолын гар урчууд, шоучид эзлэх бөгөөд тэд өөр хоорондоо бүдүүлгээрээ л ялгагдана. Ёс суртахууны ойлголтуудын амин сүнсийг хувийн ашиг завшаан бүхий ужиг самууны сэтгэлгээ, явцуу үнэмшил, хуурмаг зан, албадлага шахан зайлуулна. Агуу их Христийн ёсны оронд шинжлэх ухааны үртсээр өнгөлсөн дургүй хүрэм худал хуурмаг, далдын хүч, мухар сүсгийн бүдүүлэг холимгоор өтгөрүүлсэн гүн ухааны тасархай орж ирнэ. Нарийн авч үзвэл :

a) Тооны хувьд аварга зүйлс чанарын нандинийг шахан гаргана. “Хамгийн шилдгийн оронд хамгийн том нь ирнэ”. Сонгодгийн оронд бестселлер, дотоод агуулгын оронд гял цал гадаад төрх, агуу их ухаарлын оронд аргачлал, уран бүтээлийн оронд дуураймал, тулхтай үнэлгээний оронд шуугиан тарих амжилт, гэгээрсэн мэдлэгийн оронд “үйлдлийн удирдлага” гарч ирнэ.

b) Сэтгэлгээ нь мэдээллийн хайгуулаар солигдоно. Цэцэн мэргэний оронд гялалцуур алиалагчид, үнэний шалгуурын оронд худал хуурмаг, агуу их манлайлагчдын оронд луйварчид гарна.

c) Тэр бүү хэл өнгөрсөн үеийн соёлын агуу их үнэт зүйлс доромжид өртөнө. Бетховен. Болон Бахчууд чалчаа ярианы чимэг төдий болж, тайвшруулах хэрэгсэл, бохь, самар, пиво болон бусад хавтгайрсан ханамжийг рекламдах болно. Микеланжело, ба Рембрант нар саван, сахлын хутга, угаалгын машин, архины лонх зэргийг л чимэглэнэ. Радиогийн сурвалжлагч, чалчаанууд үе үе Шекспир ба Гётег хүндэтгэх боловч ххосон цаас, яриа хоёртоо л тэдний “ул мөрийг” үлдээнэ.

11. Ёс суртахуун, оюун ухаан, социал замбараагүй байдал өсөн нэмэгдэж буй нөхцөлд мэдрэхүйн ментал шинжийн бүтээлч чадвар гацна. Түүнчлэн материаллаг үнэт зүйлсийн үйлдвэрлэл унаж гундалт болно. Амьдралын материаллаг түвшин буурна.

12. Энэхүү шалтгааны улмаас амьдралын болон эд хөрөнгийн аюулгүй байдал багасна. Энэ нь сэтгэл амар, аз жаргалтай байх нь ховор зүйл болно гэсэн хэрэг. Амиа хорлолт, мэдрэлийн гажиг, гэмт хэрэг өсч эхэлнэ. Уйтгар гуниг улам бүр олон хүнд халдварлана.

13. Хүмүүс улам илтээр хоёр хэв шинжид хуваагдана. Энэ нь “Иднэ, ууна, дурлана, учир нь маргааш үхнэ” гэсэн уриа бүхий мэдрэхүйн гедонистууд ( жаргалтнууд ), нөгөө нь мэдрэхүйн үнэт зүйлсэд хайнга, дайсагнан ханддаг аскетууд болон стойкууд болно. ( Yл хайхрагч, амиа болгогч – Д.Г. )

АРИУСАЛ

Энэ замд дампуурал, мэдрэхүйн соёл болон мэдрэгч хүний өөрийн эвдрэл гарцаагүй болно. Материаллаг тав тух алдагдсан, эрх чөлөө устсан, айдас хүйдэс, аюулгүй байдал нэмэгдэнэ, Эрх чөлөө нь домог болно. Хувь хүний нэр төр, үнэт зүйлсийг хайр найргүй дэвсэж, мэдэхүйн соёлын бүтээлч чадвар суларна, хэзээ нэгэнт бүтээсэн мэдрэхүйн аварга том байшин нуран унана. Хаа сайгүй сүйрэл ноёрхоно. Хотууд болон хаанчлал газрын хөрснөөс арчигдана. Мэдрэхүйн бүх үнэт зүйлс үнс болон хийсч, мэдрэхүйн мөрөөдөл оргүй болно. Энэ нөхцөлд барууны хүмүүс хагацан одож буй мэдрэхүйн соёлын хоосон орон зайг нүдээ нээж харах хүртэл нь юу ч саад болж чадахгүй юм. Тэд энэхүү зэрэглээг бүтээхээ больж, энэхүү соёлоос улам бүр нүүр буруулж, идеационал буюу идеалист үнэт зүйлсэд үнэнч байхаа илэрхийлнэ. Эмгэнэл, гай зовлон, гэсгээлээс ариуссаны дараа хүмүүс ахин оюун ухаан, мөнхийн, тасралтгүй, түгээмэл, төгс нандин үнэт зүйлс рүү хандах болно. Yнэт зүйлс атомжихаа больж үнэт зүйлс түгээмэлжиж, туйлын байдалд орно. Мэдрэхүйн соёл, мэдрэхүйн супер системийн гол урьдач нөхцлийг нэгдмэл буюу идеационал урьдач нөхцөл, супер систем орлоно.

Энэхүү өөрчлөлтийг шинэ гэгээн Павел, ариун Августин, шашны болон ёс суртахууны манлайлагчид болон хувирсан барууны нийгмийн шилдэг ухаантнууд хийнэ. Тэднийг олон түмэн дагана. Ариуслын байдалд (5) хүрмэгц хямрал дуусна.

ХАРИЗМ БА САЙН ЦАГ

Сүйрлийг галд цэвэршсэн барууны нийгэмд шинэ буянтан ( харизм 6) залрах бөгөөд түүнтэй хамт сайн цаг ирж, шинэ бүтээлч хүч ундарна. Барууны ард түмнүүд шинэ бүтээлч үе буюу илүү нэгдсэн супер системд орно. Энэхүү буянт нийгэм нь мэдрэхүйн соёлын хатсан хөрсөн дээр биш, харин нэгдэл нягтралын илүү бат бөх, эрүүл хөрсөн дээр өсөн төлжинө. Ийм маягаар барууны соёлын шинэ эрин үе эхэлнэ.

Хямрал – ариусал – харизм – сайн цаг – энэ бүхэн бол өмнөх агуу их хямралуудын их зонхи нь туулан гарсан арга болно. Эртний Египетэд Эрт, Дунд, Шинэ хаанчлалын төгсгөлд болон саисс – ийн, бас эллиний үед 7 , Вавилонд НТӨ 1200 онуудад хямрал тохиож байсан. Энэтхэгийн соёлын хэд хэдэн аварга хямрал нь эсвэл индуизмын сэргэн мандалт, эсвэл буддизм үүссэнээр дуусч байсан. Хятад дахь НТ – ын YI зууны хямрал нь даосизм, күнзийн сургааль бий болсноор дуусч байсан бөгөөд яг ийм бүдүүвчээр илүү хожмын хэд хэдэн хямралыг давж байсан. НТӨ IX III зуунд иудейн соёл гарсан хямрал нь Илия ба Елисей, Амос, Оси ба Исай, Иезекиил ба Иереми, дараа нь Ездра, түүнийг залгамжлагчдын шашны номлогч сургаал бий болсноор дууссан юм. Эдгээр нь дууссанаар хямралын бүрэн жагсаалт гарахгүй бөгөөд грек – римийн мэдрэхүйн соёлын агуу хямралаар христийн ёс, дундад зууны агуу их христийн соёл төрөн бойжиж, түгэн дэлгэрсэн билээ.

Бидний өмнө dies irae хэмээх бэрх зам байна. Гэхдээ түүний төгсгөлд шинэ идеиационал буюу идеалист соёлын бүдэг бараг сүүмэлзэх оргилууд байна. Эдгээр нь мэдрэхүйн соёл бүтээлч эрчийнхээ ид цэцэглэлтийн үед байсан лугаа тийм аварга агуу зүйл болно. Ийм маягаар барууны нийгэм, түүний соёлын бүтээгч үүрэг үргэлжилнэ, нийгэм соёлын агуу их Нууцлаг ёс шинэ ялалтаар дуусгавар болж байна. Er incarnatus est de Spiritu sancto…et homo factus est …Crucifixus …Et Resurrexit… Amin 8

ЗАМЫН ТӨГСГӨЛ

1937 – 1941 онуудад хэвлэгдэн гарсан дөрвөн ботит энэхүү номын анхны хэвлэлд хийсэн миний дүгнэлт, таамаглалаар бол сүүлийн хэдэн арван жил нь : а) мэдрэхүйн соёл, нийгэм, хүний уналт өссөөр байна, b ) нийгэм соёлын шинэ ( идеационал буюу идеалист ) анхны бүрдлүүд бий болж, байнга өсч байгаа ийм хандлагыг агуулж байна.

Энэхүү хоёрдмол үйл явц шинжлэх ухаанд тусгалаа олж байна. Нэгдүгээрт, мэдрэхүйн хэв шинж бүхий ёс суртахууны хариуцлагагүй шинжлэх ухааны ололт амжилтын сүйтгэгч хүчин нэмэгдэж, хүн болон түүний бүхий л үндсэн үнэт зүйлсийг устгах цөмийн болон бактерологийн зэвсэг, бусад муу ёрын хэрэгслийг бүтээгээд байна. Хоёрдугаарт, шинжлэх ухааны суурь онолууд ёс суртахууны хариуцлагатай ( идеационал буюу идеалист ) чиглэл рүү хувиран өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт нь шинжлэх ухааныг хоёр зуун жилийн өмнө байсныг бодвол маш бага материалист, мэдрэхүйд бага түшсэн шүтэлцээт шинжтэй болгож чаджээ. Орчин үеийн шинжлэх ухааны дагуу одоо бол материйг цацруулах үед материаллаг чанараа алддаг энергийн шилжих хэлбэр төдий зүйл мэт үзэх болж байна. Материаллаг атом нь электрон, антиэлектрон, протон, антипротон, фотон, антифотон, мезон зэрэг гуч гаруй “нууцлаг, задардаг, хүрч болшгүй, гайхамшигт” эгэл хэсгүүд болон хэдийнээ задарсан байна. Эсвэл “бидний сэтгэлгээнд л буух магадлалт долгион, ухамсарт долгион болон хувирдаг долгион төдий зүйл болон хувирчээ… Эдгээр долгионууд нь гэрлийн квант тархахтай адилтгагдаж орон зай – цаг хугацаанд тархахдаа ямар ч биет зүйл шаарддаггүй ажээ. Тэдгээрийн долгион хэлбэрийн хөдөлгөөнд шингэн, хатуу, хийн аль аль нь хэрэггүй аж”. Квантын мехаинкийн салбарт, электроникийн онолын үүднээс бол “материалист, механик шинжлэх шинжлэх ухаан” – ны үндсэн ойлголт болох матери, объектив бодит байдал, цаг хугацаа, орон зай, шалтгаацал зэрэг нь нэгэнт хэрэггүй болж, мэдрэхүйн эртхний баталгаа нь ач холбогдлоо олон талаар алдаж байна. Шүтэлцээт шалтгаацлын тухайд гэвэл энэ нь орчин үеийн шинжлэх ухаанд тохиолдлын холбооноос “квант үсэрдэг” Гейзенбергийн тодорхой бусын зарчимд 9 байраа алджээ. Энэ нь сэтгэл зүйн үзэгдлийн салбарт бол “волюнтаризм”, “захирагдлын сайн дурын хууль”, чөлөөт шалтгаацал, тохиолдлын зарчимд хүргэж байна.

Иймэрхүү өөрчлөлт биологи, сэтгэл зүй, нийгмийн шинжлэх ухааны шинэ тэргүүлэх чиглэлүүдэд гарч байна. Хоцрогдсон боловч өнөө хэр хэрэглэсээр буй механик, материалист болон шүтэлцлийн хатуу загварын оронд дээрх шинжлэх ухаануудын нэн шинэхэн ач холбогдол бүхий онолуудад амьдрал, организм, хувь хүн, оюун ухаан, нийгэм соёлын үйл явцыг цэвэр материалист, механик, мэдрэмжээр хүлээн авах бодит зүйл гэж үзэхээ больж, үүнээс өөрөөр авч үзэх болов. Тухайн онолуудаар эдгээр үзэгдлүүд нь өөрийн эмпирик талуудын зэрэгцээгээр бүр ч илүү чухал оюунлаг – зохист, тэр ч байтугай хэт мэдрэмтгий болон хэт зохист талуудтай байдаг аж.

Сүүлийн үесээс шинжлэх ухаан нь XIX зуунд байсантай харьцуулахад хавьгүй илүү идеационал болон идеалист шинжтэй болж байна. Энэ нь шинжлэх ухааны мөхөж буй элементүүдийн оронд шинэ идеалист буюу идеационал элементүүд ойртон ирж буй хэрэг юм.

Гүн ухааны салбарт бол энэхүү хоёрдмол үйл явц нь механик, материалист, “позитивист” болон бусад мэдрэхүйн гүн ухаан үр ашиггүйдэн уналтад орж, идеационализм буюу идеализмын үндсэн зарчмуудтай авцалдсан экзистенциализм, интуитивизм, неотомизм, интегрализм, неомитизм, неоведантизм 10 зэрэг гүн- ухааны урсгалууд үүсч, хүчтэй болж байгаагаар илэрч байна.

Ийм хоёрдмол үйл явц тансаг урлагийн бүх хүрээнд болж байна.

Шашны салбарт энэ нь дайчин атеизм ( шашингүйн үзэл. Орч. Д.Г.) болон шашны сэргэн мандалт хоёр нэгэн зэрэг өсч буйгаар илэрч байна.

Ёс зүйд бол энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаар бий болсон бүрэн зэрлэгшил, аймшигт ёс суртахуунгүйжилт, цуст хувьсгалууд, гэмт хэргийг дэврээхтэй зэрэгцэн ёс суртахууны баатарлал, тэнгэрлэг хамтач үзэл, дайн, цус урсгах, шударга бус байдлыг зогсоох олон нийтийн хөдөлгөөний өсөлтөөр тодорхойлогдож байна.

Улс төрд болохоор энэ хоёрдмол үйл явц нь зүсэн бүрийн дарангуй дэглэм дэлгэрэх болон ард түмэн, ард түмний хүсэл зориг, ард түмний төлөө эрдэмтэй, шударга, ёс суртахууны хариуцлагатай засгийн газрыг байгуулахын төлөөх ард түмний хөдөлгөөн аажмаар хүчээ авч байгаагаар харагдаж байна.11

Урьд өмнө бүтээлч байсан хэдий ч эдүгээ бараг шавхагдан дуусч буй мэдрэхүйн дэг журам болон дөнгөж шинээр үүсэн төлжиж буй идеационал буюу идеалист дэг журмын тэмцэл нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тасралтгүй явагдаж байна. Энэхүү тэмцлийн эцсийн төгсгөл нь хүн төрөлхтөн дэлхийн шинэ дайныг сэргийлэн зогсоож чадах эсэхээс олон талаар хамаарах болно. Хэрэв мөхөж буй мэдрэхүйн дэг журмын хүчин энэ дайныг өдөөлөө гэхэд тэдэнд үлдээд буй жаахан эрчим хүч нь үүнийг төгсгөл болгох буюу хүн төрөлхтний бүтээлч дэвшлийг хүчтэй сааруулахад дор хаяж зарцуулагдах юм.

Хэрэв ертөнцийн төгсгөлийн энэхүү сүйрлээс зайлсхийж чадах аваас урган төлжиж буй бүтээлч хүч нь хүн төрөлхтнийг түүхийн шинэ, агуу их эрин үе рүү дагуулан орно. Энэ хоёрын аль нь хэрэгжих явдал бидний хүн тус бүрээс хамаарах болно.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.

  1. sain baina uu? bi sayahanaas l tanii blogiig unshij ehelj bnaa, bi taniig meddeggui baisan baina. Bi surch baihdaa Sorokind neg ih ach holbogdol ogch baigaagui. Minii buruu baisan ch baij magad. Altruist uzliig bie daan sudalsan bogood Psychology Sociology hemeeh dandaa heruul uruultai 2 tom salbariig holbohiig oroldson hun l gesen dugnelttei yavj bailaa. Gevch ta ene hunii biteeluudiig heterhii mongoliin odgoogiin asuudaltai holboj tailbarlaad bn uu? zav baival nadad hariu ogooch. Bas neg asuuh zuil baina, odoo baruund tom tom erdemtenguud ni Democracy gedeg bol baij bolshgui utop gej yariad ehelsen. Iimerhii ideology hereglesneer uls toriin legitimacy gaa togtoodog ni oilgomjtoi, zav baival zagnaj baigaad ch gesen hariu ogoorei.

  2. Б.Хүрэлтогоо says:

    Гайхалтай юмаа… Энэ дүгнэлтүүдээс харахад манай өвөг дээдсийн байгалийн зөн, далд ертөнцийн тухай танин мэдхүй,, гэгээрэл,хариуцлага нь материалаг бус соёлян давамгайлал, ертөнцийн мөнхийн уялдаа, холбооний тухай, домог, итгэлцэл нь энэ идеалист үзлийн шугаман дээр зогссон зөв мэдрэмж байсан уу? Үүнтэй холбоотой монгол гүн ухааны гаргалгааг та юу гэж үзэж байна вэ? Таны таамаглал, мэдрэмжээс гаждаг уу? Танд амжилт хүсье. Баярлалаа…

  3. bat says:

    gaihaltai erdemten baijee.gaihaltai niitlel bna, bayarlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: