ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ ҮЕИЙН ХЯМРАЛ

ХХ зууны социологичдын дундаас ховорхон заяах “сонгодог” хэмээх алдрыг хүртэн О.Конт, К. Маркс, М. Вебер нартай нэг зиндаанд хүрсэн хүн бол Орос угсаат америкийн эрдэмтэн Питирим Сорокин юм. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх том систем, урлаг, үнэн, гоо зүй, эрх, социал харилцаа зэргийг судлан үзээд социал онолын олон бүтээл туурвисны томоохон нь “Социал болон соёлын динамик” юм. Эдүгээ Баруунд ид шүтэгдэх болсон энэ суут бүтээлийн нэгээхэн хэсгээс уншигчдад толилуулж байна. Энэ нь бид оршин амьдарч буй цаг үе, мөрөөдөн дуурайхыг оролдож буй нийгмийнхээ талаар эрэгцүүлэхэд бага ч гэсэн тус болох болов уу.

Барууны нийгэм, соёлын организм бүхий л түүхэндээ үзээгүй хамгийн хүчтэй бөгөөд гүнзгий хямралыг амсаж байгаа нь илт байна. Энэ нь ердийн хямралаас илүү ноцтой, түүний гүнийг хэмжиж болохгүй, төгсгөл нь харагдахгүй байгаа бөгөөд барууны нийгэм түүнд бүхлээрээ живчихжээ. Барууны ертөнцөд сүүлийн таван зуун жил ноёрхож ирсэн энэхүү мэдрэхүйн соёлын хямрал нь эдүгээ хэт боловсролтын төлөв байдалд оржээ. Түүний хамт энэхүү хямрал нь өөртэйгөө нягт холбоо бүхий хэлэлцээрийн ( капиталист ) нийгмийг хөндөж байна. Энэ утгаар бид түүхэн замналын хамгийн эрс эргэлтийн нэгэнд тулаад байгаа бөгөөд түүний цар хүрээг грек – римийн болон барууны соёл идеационал үеэс мэдрэхүйн үе, мэдрэхүйн үеэс идеационал үед шилжихдээ амссан тэр зүйлтэй л харьцуулж болох юм.

Энэ бүлэгт дүрсэлсэн манай үеийн хямралын оношыг 1934 онд анх тавьсан юм. Хожим нь болсон аварга аварга сүйрлийг энд тооцоогүй байсан авч эдгээр нь энэхүү оношыг гайхалтайгаар баталж, бас тодруулсан юм.

Бид өөрийн судалгаандаа ийм эргэлтийн тодорхой шинж тэмдгүүдийг бүрэн тэмдэглэж байсан билээ. Тавьсан онош маань манай соёл, орчин үеийн хүний сэтгэлгээний аль ч бүрэлдэхүүн хэсгийг баталсан юм. Түүнээс гадна энэ шинж тэмдгүүд, энэхүү “биенд шивсэн бичээс” нь XIX зуун дуусч, бид ХХ зуунд ороход нэн тодорхой болсон юм. Уран зураг, уран баримал, хөгжим, утга зохиолын хөгжлийн муруй, шинжлэх ухааны нээлт, бүтээлийн өсөлт, шинжлэх ухаан, гүн ухаан, шашин, ёс зүй, эрхийн “анхдагч” зарчмууд, тэр ч байтугай дайн болон хувьсгал зэрэг нь биднийг манай үед ормогц эрс эргэлттэй болжээ. Хэрэв юу гээч болж буйг олон хүн хангалттай ойлгоогүй байгаад, гэсэн хэдий ч тэд энэ бол “цэцэглэл”, “ардчилал”, капитализм” зэргийн жирийн нэг гудайлт биш, орчин үеийн ( мэдрэхүйн ) бүхий л соёл, нийгэм, хүний гудайлт гэж бүдэг бадаг төсөөлж байвал үүнд гайхах хэрэг байна уу ? Оюун ухаанаараа ойлгохгүй байсан ч гэсэн хүмүүс үйл явдлын хатуу саврыг хаан байна уу, гэрийн эзэгтэй байна уу гэдгээсээ үл хамааран эмзэглэн мэдэрч байна. Сүүлийн хэдэн арван жилийн турш биднийг далайн түрлэг мэт нөмөрсөн, үл намдах том, жижиг хямралын олон янз байдлыг гайхах хэрэг байна уу ? Өнөөдөр нэг хэлбэрээр, маргааш өөр нэг хэлбэрээр, одоо энд, маргааш тэнд. Улс төр, хөдөө аж ахуй, санхүү, аж үйлдвэрийн хямралууд. Үйлдвэрлэл болон хуваарилалтын хямралууд. Ёс суртахуун болон шашны, мөн шинжлэх ухаан болон урлагийн хямралууд. Өмч, төр, гэр бүл, аж ахуй, бүгд найрамдах улс, хаант засаг, ганцаар захирах болон ардчилал, дарайгуйлал болон өөрийн удирдлага, капитализм ба социализм, фашизм ба коммунизм, үндэсний үзэл болон интернационализм, пацифизм болон милитаризм, консерватизм болон радикализм зэргийн хямрал. Манай соёлын үнэт зүйлсийн бүхий л системийн хямрал. Хямрал бүр нэн олон янзийн хэлбэртэй, идэвхжлийн түвшин янз бүр боловч эцэс төгсгөлгүй үргэлжилж, түүний архиралт сонинуудын мэдээнд өдөр тутам гарсаар байна. Хямрал бүр нь бидний мэдрэл, сэтгэлийг идэж, манай соёл, нийгмийн уг үндсийг доргиож, өөрийнхөө дараа эвдрэл, хохирлын цувааг үлдээж байна. Харамсалтай нь энэ бүхний төгсгөл хараахан харагдахгүй байна. Эдгээр хямрал тус бүрийг аймшгийн томоохон симфонийн хэсэг гэж хэлж болох бөгөөд тус бүр нь өөрийн хүч, идэвхжлээр онцгой бөлгөө. Энэхүү симфонийн хэсэг тус бүрийг сүүлийн гучин жилийн турш сая сая дуучин, найруулагч, жүжигчдээс бүрдсэн хүн төрөлхтний аварга том найрал дуу түрж байна. 1911 онд 400 сая хүнтэй Хятадын оркестр анхны фестивалуудын нэгийг нээсэн билээ. ( Энд Бүгд найрамдах улс тогтоосон Синьхуайн хувьсгалыг хэлж байна –Д.Г.). Энэ нь золиос болон оролцогчдын хүүрийн овоолгыг жилээс жилд өсгөсөөр одоо болтол үргэлжилж байна.

1914 онд олон сая хөгжимчин – үндэстнүүдээс бүрдсэн үлээвэр хөгжмийн шинэ оркестр “ Marche Militaire. 1914 – 1918 он” сүлд дууллыг нижигнүүлж эхэлсэн. ( Энд Ф. Шубертын зохиосон “Дайны марш” – аар Дэлхийн I дайныг дүрсэлж байна – Д.Г.)

Энэхүү тоглолтын үр дүн аймшигтай болсон юм. Үүний тайз болсон манай гариг цусаар дүүрч, бидний үнэт зүйлсийн ихэнхи хэсэг нь хорт хийгээр хордож, үлдсэн хэсэг нь их бууны сумны хэлтэрхий болон цацарсан юм. Манай нийгэм болон соёлын уг суурь ганхав…

Энэ фестиваль хараахан дуусч амжаагүй байхад бараг 160 сая тоглогчийн бүрэлдэхүүнтэй Оросын найрал хөгжим “коммунист хувьсгал” гэдэг өөрийнхөө тоглолтыг эхлэв. Түүний цохилуур хөгжмийн эхний цохилт нь хуучин Оросын социал болон соёлын системийг ниргэв. Дараах хэсэг нь бүх дэлхийг донсолголоо. Энэ тоглолт нэн гайхамшигтай байсан болохоор сая сая ажиглагчид капиталист системийн хоцрогдсон хөгжмөөс асар их жигшиж, коммунист шинэчлэлд шилжив. Орост бол сая сая сонсогч, оролцогчид дуулах явцдаа үрэгдэв. Үлдсэн сая сая хүмүүс нь хүний цөхрөлийн хамгийн ёроолд хаягдаж, зовсон, хагас үхсэн тэр хүмүүс оршихуйн найдваргүй, гунигт төсгөлөө л залбирах болов. Нийгмийн хаягдал болсон өөр сая сая хүмүүс зөвхөн тусламж гуйж л үлдсэн бөгөөд тэд өрөвдөл, дэмжлэг олоогүй юм. Энэ фестиваль өнөө хэр үргэлжилж буй бөгөөд улам бүр шинэ илбэ, гэнэтийн явдлаар нэмэгдэж байна. Оросын бүхий л нутгийг дүүргэсэн улаан цус хил давж энэхүү “гайхамшигт туршилтыг” ажиглагчдын нутаг руу урсссан юм.

Өөр олон арван оролцогчид – Турк, Унгар, Австри, Герман, Болгар, Румын, Испани, Португали, Абиссини, Манж – Го, Төв болон Өмнөд Америкийн орнууд, Япон, Араб, Палестин, Египет, Сири, Афганистан зэрэг улсууд өөр өөрийн хямралын фестивалиа хийсэн юм. Зарим нь жишээлбэл, төв болон өмнөд америкийн оркеструуд орой болгон тоглолт хийж байхад зарим нь, жишээлбэл, Абиссини, Манж – Го хоёр өөрийнхөө оршуулган дээр тоглолт хийв. Энэ хооронд аварга том Энэтхэг гало – концертын тайзан дээр гарах өөрийн тодорхой алхмыг бас хийсэн юм. Хэдэн жилийн турш тоолж барамгүй Энэтхэгийн оркестр бэлтгэлээ хийсэн юм. Эхний бэлтгэл дээр симфони нь pianissimo тоглов. (Маш аяар гэсэн хөгжмийн итали хэллэг- Д.Г) Дараа нь үүний оронд хүч хэрэглэлгүй эсэргүүцэх гэсэн moderato орж ирэв. (Тайван алгуур гэсэн хөгжмийн хэллэг – Д.Г.) Үүнийг пулемёт, бөмбөр, бөмбөг, цагдаагийн бороохой гэсэн эрс staccato улам бүр таслах болов. (Тасралтгүй гэсэн хөгжмийн хэллэг –Д.Г.) Асар удалгүй бид энэхүү нүргээнт фестивалийн fortissimo – г сонсоно гэдэг эргэлзэх хэрэггүй. (Маш чанга гэсэн хөгжмийн хэллэг – Д.Г.)

Хэрэв Европ тийш чих тавих аваас богино долгионы ямар ч радио хүлээн авагчгүйгээр хямралын концертыг хүссэн тоогоороо сонсож болно. Нэг өдөр тайзан дээр фашистууд, маргааш нь коммунистууд, дараа нь гитлерчүүд, удаалаад Ардын фронт : улаан цамцтан, хар цамцтан, хүрэн цамцтан, мөнгөн болон хөх, ногоон цамцтангууд гарч ирж байна. Эхний хагасын аль нэгэн үед испанийн хямрал, дараа нь франц болон автрийн хямрал залгав. Энэ бүхэн нь английн фунт, америкийн доллар, францын франк, немцийн маркын донсолгооны мэдээтэй хамт хоршил үүсгэнэ. Дараа нь Хятад, Япон хоёрын “чин зүрхний хамтын ажиллагаа”, Аббисини өөрөө өөрөөсөө хагацсан, зөвлөлтийн “энх тайвны бодлогын” тухай, эсвэл бүхий л гэрээ хэлэлцээг зөрчсөн засгийн газруудын зүгээс “хэлэлцээг үл зөрчих” тухай мэдэгдэл, ийм маягийн “олон улсын эв нэгдэл”, “сайн санааны” тухай мэдээлэл цуварна. Зарим үед тэд нар өөр үедсэн бол аль хэдийн мартчих байсан энэхүү гэрийн эмч – гомеопат Лиги Нацийг гайхалтай рекламдана. Мөн “ард түмнийг гийгүүлэгчдийг” “зохицуулалтгүй юмыг зохицуулах” олон улсын эцэс төгсгөлгүй бас нэг хуралд цуглуулна. Үүний дараа ёс мэт нэг л “зохицуулаагүй” зүйл бүхэл бүтэн бүлэг зохицуулаагүй зүйлийг үүсгэнэ.

1929 он хүртэл Пилигриммын орон (АНУ- ыг хэлж байна –Д.Г.) хямралын моодыг үзээгүй байлаа. Бид бусад орны хямралын оркестрыг сонсохыг илүүд үзэж, харин гэртээ болохоор голдуу “таатай цэцэглэлтийн” andante cantabile – д сэтгэл ханадаг байлаа. (Удаан уянгатай гэсэн үг – Д.Г.) 1929 оны сүүлчээс бидний таашаал өөрчлөгдөв. Хямралын хөгжим бидний сэтгэлгээг эзэмдэв. Одоо бол бид дурын радиогоор аж үйлдвэр, хөдөө аж ахуй, ажил олголт, ажилгүйдэл, боловсрол болон ёс суртахуун, биржийн сүйрэл, банкны дампуурал зэрэг хямралын эсвэл “сонгодог”, эсвэл “эстрадын” аялгууг бараг дагнан сонсож байна. Бид шавхагдсан баялгийн adagio lamentoso (удаан уйтгар гунигтай), унтарсан найдварын marche funebre (оршуулгын марш) , in memoriam (гашуудлын үг) , алга болсон найдварын requiem (гашуудал тайлах дуу), сэтгэл дундуурын allegro non stoppo (зогсолтгүй), байгаа дэг журмыг эсэргүүцэгчдийн crescendo (аажим хүчтэй) зэргээс гадна үе үе “өлсгөлөн марш”, “суугаа ажил хаялт”, цагдаа болон эрс үзэлтнүүдийн мөргөлдөөний тухай scherzo (цогтой эрчимтэй) сонсож байна. Бид хэдэн жил хоцорсон ч гэсэн шинэ хөгжмийн амтыг авч чадлаа. Энэ бол өнөөгийн түүхэн симфонийн үндсэн сэдвийн зөвхөн хэдхэн нь юм. Тэдний бүх нийлбэрийг тоолоод барахгүй. Эдийн засаг, улс төрийн систем төдийгүй , барууны нийгмийн амьдрал, аж төрөх ёс, соёлын бүх гол талууд хямрал автаад байна. Түүний бүхий л бие, сэтгэл нь өвчтэй болсон ба түүний бие дээр мэдрэлийн судал нь хэвийн ажиллаж байгаа ганц ч болов газар олдохгүй л болов уу.

Бидний агуу их өчигдрийг төлөөлсөн үхэж буй мэдрэхүйн соёл, маргааш бүтээгдэх агуу их идеационал буюу идеалист соёлын завсарт байгаа мэт болчихлоо. Бид зургаан зуун жил үргэлжлээд бөхөж буй мэдрэхүйн соёлд амьдарч, сэтгэж, үйлдэж байна. Гэхдээ гэгээ удаан унтарч, нөмөрч буй түнэр харанхуйд ялгаж харах маань улам бүр түвэгтэй болж, хуурамч бүрэнхийд баримжаажаалах найдвараа алдаж байна. Бид болон бидний хойч үе сүүдэр дагуулсан аймшиг, сэтгэл хэрдхийм айдас бүхий энэхүү шилжилтийн үеийн шөнө рүү орж явна. Үүний цаана ирээдүйн хүмүүс үзэж магадгүй шинэ агуу их идеацонал буюу идеалист соёлын үүр гийх гэж байгаа.

Ийнхүү түүх нь одоо болтол “Динамик” – ийн найруулгаар хөгжиж иржээ. Түүнд мэдрэхүйн соёлын агуу их хямрал, өөрийнхөө хатуу ширүүн бодит байдалтайгаа харагдаж байна. Шууд бидний нүдэн дээр энэ соёл өөрийнхөө амийг хорлож байна. Хэрэв энэ нь бидний амьдрах үед үхэхгүй ч гэсэн бүтээлч хүчээ барсан, өөрийгөө эвдэлсэн шархнаасаа эдгэрэх нь юу л бол. Хагас амьд, хагас үхсэн тэрбээр өөрийнхөө гажгийг хэдэн арван жил сунгаж болох хэдий ч түүний хавар, зун хоёр нь нэгэнт өнгөрчихжээ.

Ийм нөхцөлд манай болон хожмын үеийнхний агуу их зорилт бол нэгэнт байгүй юмыг хүлээж залбирах биш, харин өөр асуудлыг шийдвэрлэхэд оршино. Нэгдүгээрт, энэхүү шилжилтийн dies irae, dies illa (гунигт эрин), үеийг аль болох зовлон багатай болгох, хоёрдугаарт, ирээдүйн нийгэм, ирээдүйн соёлд зориулсан дорвитой төлөвлөгөө зохиох явдал болно. Ирээдүйн нийгэм соёлын дэг журмын алсыг харсан ямар ч төлөвлөгөө нь “мэдрэхүйн соёлын хуучин дэглэмээс” хол гэгч нь байж, идеационал буюу идеалист соёлын шинэ дэглэмийг угтан зорьсон байх ёстой. Ийм эрс өөрчлөлтгүйгээр жинхэнэ дорвитой, бүтээлч ямар ч нийгмийг ирээдүйд байгуулах боломжгүй юм.

Миний бодлоор бол түүхийн зам дээр бидний байгаа газар энэ л байна. Өмнөх бүлгүүдийн бүхий л гэрч баримтууд чухам энэ зүгт л зааж байна. Манай гаргалгаа одоо оршин буй бусад оношуудтай эвлэршгүй зөрчилд байгаа гэж бид үзэж байна.

Энэ маань юуны өмнө “аажим”, “ухаалаг”, “ дэг журамтай” дэвшлийн онолуудтай эрс зөрчилдөж байгаа. Дэвшлийг шүтэх үзэл нь хоцрогдсон гэдгийг тэд ойлголгүйгээр бүхэл бүтэн үеийн интеллектуал, нийгмийн ухааныхан, пацифист болон өөдрөг сэтгэлгээтэй үзүүлэнгийн социалистууд, либерал сайдууд, профессорууд, улс төрчид, боловсролтой сая сая ивээн тэтгэгчид, янз бүрийн клубуудын мэдэмхийрэгчид зэрэг бүгдээрээ энэхүү итгэл үнэмшлээ номлосоор л байна. Тэд түүхийн үйл явцыг нэг ангиас нөгөө ангид итгэлтэйгээр дэвшдэг, энэ хэрээрээ улам бүр ухаалаг болдог энхрий хөөрхөн хүү мэт үздэг юм. Тэд “дараагийн үе шатыг” диваажин мэт дүрсэлж, энд нь хутга тавихгүй мах идэж, хундаг тавихгүй архи уудаг , бүх зэр зэвсэг гольфын цохиур, радио хүлээн авагч, цахилгаан асаагуур болдгийн дээр эрх мэдэл “олон улсын хамтын ажиллагаа”, “харилцан ойлголцол”, “сайн санаанд” хамаарах болно гэж номлодог. Дайн, гэмт хэрэг, сэтгэлийн хямрал, цус урсгалт, тэнэглэл, догдлолын аль аль нь байхгүй, тэнд бүх юманд сэтгэл хангалуун, гүнзгий дэвшилттэй леди, жентльменүүд ( аль аль нь төрөлтөд ухаалаг хяналт тавина ) аз жаргалтай амьдарна. Бүх ажлыг механик хэрэгслүүд хийнэ. Бүх хүн спарж, шарсан дэгдээхэй, мөхөөлдөс, коктельтэй la mode боов идэж, дараа нь ликер уух болно. Хүн бүр асар их чөлөө цагтай болж , гольф, бирж тоглож, машинаар зугаацаж, загасанд явж, хамгийн гол нь секс, Нэгдсэн үндэстнүүд болон бусад сэдвээр болох хуралд оролцох болно. Хүн болгон боловсролоо дээшлүүлэх бүрэн боломжтой болж, шинэ бестселлер, Сарын шилдэг номын клубын эмхгэлээс уншиж, шинээр “нэрд гарсан” хүмүүсийн яриаг радиогоор сонсож, “ Literary”, “ Readers”, “ Scienties сэтгүүлийн цомгийг харж, кино, бүжгийн талбай, телевизийн ачаар жаргах болно.

Хөөрхий зайлуул. Миний онол энэхүү диваажингийн оронд сайхан хүмүүнлэг мөрөөдөл нь салхинд оргүй туугдсан, хамгийн гол нь мөнхийн үнэт зүйлс нь хийсчихсэн, энэрэнгүй ёс нь уг үндсээрээ мултарчихсан цус, харгислал, зовлон гунигийн нэн бараан үеийг дүрсэлж байгаа. Тэр ч байтугай миний харж байгаагаар маргаашийн соёл хоолны дараах сэтгэгдлээрээ зурсан Туче – Кукуевсктэй Аристофаны “Шувууд” жүжигт гардаг бүх юм нь элбэг дэлбэг, ямар ч зөрчилгүй мөрөөдлийн хот яагаад ч төстэй байхгүй юм. ХХ зууны хоёрдугаар хагаст одоо байгаа шигээ бүтээгдсэн энэхүү үл гүйцэлдэх зүйл нь тарган цатгалан Европчууд өөрийгөө тайвшруулдаг гайхамшигт савангийн хөөсний нэг л юм. Европ үүнд л тэмүүлсэн бөгөөд одоо энэ хөөс нь хагарчээ. Энэхүү үл гүйцэлдэх үзлийг таашаадаг бүх хүн сэтгэл зүрхээрээ баясал авдаг байж болох юм. Харин би бол түүхийн симфони оркестр түүний дурсгалд зориулан requiem (гашуудал тайлах дуу) тоглож байгааг би сайн сонсож байна.

Гэсэн хэдий боловч миний онол бүхий л төрлийн үзэл суртлын хүчирхийлэл, хувьсгалт дэвшлийг сөрөн зогсож байгаа бөгөөд санкюлотууд, Маркс, Ленин, Сталин буюу анархистуудын арга барилтай дүйцэхгүй юм. Эцсийн эцэст аажим болон хүч хэрэглэсэн дэвшлийн онолуудын хооронд ялгаа бараг байхгүй юм. Тэдгээр нь дэмжигчдийн зан ааш, дэвшилд хүрэх аргуудынхаа ялгаагаар л өөр байдаг. Энэ хоёр онол нь хоёулаа хэт мэдрэмжийн шинжтэй бөгөөд хоёулаа мэдрэхүйн дэвшилд итгэдэг. Арай хянуур нь түүний хэрэгжилтийг хурдасгахыг үл хүсдэг. Тэд цус урсгахыг үл хүснэ, хадгаламжаа алдахыг үл хүснэ, зочдынхоо өрөөнд хайр найргүй, галзуурсан хүмүүс дүүрэхийг үл хүснэ. Харин хэт үзэлтнүүд нь үүний эсрэгээр дэвшлийг бүхий л хүчээрээ, ямар ч үнээр хамаагүй хурдасгахыг хүсч, өөрсдийнх нь диваажинд очих хүсэл бусдад байгаа эсэхийг үл харгалзана. Тэдэнд алдах зүйл огтоос байдаггүй. Иймээс тэд цус урсгах буюу үхэхээс үл айна, хувьсгалт дэвшлийг дагалдах өөр ямар ч аймшигт үйл явдлаас үл халирна.

Хувьсгалт төлөвлөгөөнүүд бол ёс суртахуунаа алдсан хүний хэсэг бусаг ухамсарт үүссэн утопи төдий зүйл бөгөөд шилжилтийн үеийн задарч буй соёлын дагавар бүтээгдэхүүн юм. Нийгмийн донсолгооны талаарх өмнөх бүлгүүдэд бидний үзсэнчлэн социал – соёлын систем задрах үеүдэд ийм төлөвлөгөөнүүд гэнэт үүсэх явдал ямагт байдаг. Түүнчлэн задарсан ( дезинтегрированный ) менталитеттай сэхээтнүүдийн удирдсан нийцээгүй (неинтегрированный) ухамсартай бөөн түмний бослогыг дагалдуулдаг. Ийм задарсан, нийцээгүй оюун ухаан бий болж, түүний нөлөө өсөх нь өдөр хоногоо хүлээн унтарч буй эрин үеийн онцлох шинж болно. Энэ бөөн түмэн ч тэр, тэдгээрийн удирдагчид ч тэр социал – соёлын ялзарч эхэлж буй бие дээр бужигнах өт хорхойнууд юм. Тэдний түүхийн гарцаагүй үүрэг нь энэ биеийг хэсэг хэсгээр тасчин салгах, ингэснээрээ өөрийн хүсэл зоригийн эсрэгээр шинэ амьдралын хөрсийг бэлтгэж өгөх явдал болно. Тэдний “суут төлөвлөгөөнүүд” ч тэр, тэд өөрөө ч гэсэн задарч буй мэдрэхүйн соёлын сүүлчийн үеийн мах цусны тасархай бөгөөд энэхүү үеийн дургүй хүрэм бүх шинжүүдээрээ цэцэглэлтийн үе шатны нэг ч давуу тал байхгүй байдаг.

Эдгээр төлөвлөгөөнүүдэд сайндаа л гэхэд нүүрлэн ирж буй нийцсэн соёл, нийгмийн тун цөөхөн шинж бүхий, цуурайг санагдуулам гажсан тийм зүйл тааралдаж болох юм. Үүнээс бусдаар тэдний дүрсэлж буй утопи соёл болон нийгэм нь овог төрлийн нийгэм нь албадлагын хамтын нийгэмлэгээс, идиационал соёл задарч буй мэдрэхүйн соёлоос ялгаатайн адил нүүрлэн ирж буй соёл болон нийгмээс ялгаатай юм.

Эцэст нь миний үзэл баримтлал бол соёл болон нийгэм нь хүүхэд, идэр, хөгшин, доройтол зэрэг үе шатыг дамждаг гэж үздэг хэдийн мартагдсан амьдралын үе шатны онолтой нийцэх юмаар тун хомс болно.

Энэхүү дүгнэлтийн хэсэг маань бидний онол бол дээр дурдсан аажим шугаман, хувьсгалт дэвшлийн, мандах, буурах үе шатны онолуудын аль алинтай нь ч нэг төрөл биш болно. Энд бүтээсэн онол бол өнөөгийн нийгмийн философийн нэр гарсан ямарч онолтой хаа хамаагүй зүйл болно. Онолын маань хөл нь бат бэх, суурь үндэс сайтай учраас сайшаал магтаал ч, дэмжлэг туслалцаа ч хэрэггүй юм.

Утопи хоолондоо цатгалдсан хүмүүст энэ онол хэт гутранги мэт санагдаж болно. Тодорхой утгаар бол тийм юм. Гэхдээ илүү гүнзгий үзэх юм бол нэн өөдрөг онол болно, учир нь энэ онол эдгээр утопистуудын чулуужсан идеалаас өөрийн бүтээн байгуулах чадвараар хавьгүй илүү социал – соёлын хүчийг заан өгч байгаа болно. Тэр нь зөвхөн мэдрэхүй, зөвхөн идеационал, зөвхөн холимог хэлбэрийн соёлд тулгуурласан аль ч онолоос баялаг бөгөөд учир нь тэр бүхнийг хамарч чадаад өөрийн юмыг бүтээж чадсан. Энэ маань барууны соёл, нийгмийн гарцаагүй үхлийг ч, уналтыг ч егөөдөөгүй учраас бүр ч өөдрөг онол болно. Өнөөгийн мэдрэхүйн үе шатны төгсгөл, шилжилтийн зовлонг хүлээн зөвшөөрснөөрөө манай онол шинэ агуу их идеационал буюу идеалист соёл, шинэ нийгэм, шинэ хүн төрөх боломжийг харуулж байна. Ийм үзэл бодол нь жам ёсны мөхлөөс айх, түүнд харамсах гунигийг төрүүлэхгүй. Өөрийнхөө мөхлийн үед буй аливаа үнэт зүйлс хүндэтгэл, харуусал төрүүлдэг, гэхдээ шагшин бишрэхүйг төрүүлдэггүй. Түүнийг халааг авахаар ирж буй шинэ үнэт зүйлс нь нэн сайхан, агуу их байж магадгүй болохоор түүний амьдралыг уртасгах оролдлогыг улам бага болгож байна.

Хүн төрөлхтөн гайхамшигт ололт амжилтынх нь төлөө мэдрэхүйн соёл тал өгөх ёстой. Гэхдээ одоо тэр нь мөхөлдөө ороод ирэхлээр түүний бүтээгдэхүүн нь цэвэр агаар биш хортой хий болж, тэрээр өөрийнхөө ололт амжилтаар хүн гээчид байгал, нийгэм, соёлыг захирах аймшигт эрх мэдлийг гардуулах болж, чингэхдээ түүнд өөрийгөө хянах хэрэгсэл, өөрийнхөө эрмэлзэл, мэдрэхүй, зөн билгийг захирах зүйлээр хангасангүй. Одоо энэ нь шинжлэх ухаан, техникийн бүхий л ололтыг эзэмшсэн хүний гарт орсноороо хүнд ч тэр, түүний бүх үнэт зүйлсэд ч тэр онцгой аюултай болж байна.

Манай үеийн хамгийн тулгамдсан хэрэгцээ бол өөрийгөө болон өөрийнхөө хүслийг хянах чадвартай, ойр дотныхондоо хүлцэнгүй ханддаг, соёл, нийгмийн мөнхийн үнэт зүйлсийг ойлгож, хайдаг, ертөнц дэх хувийн хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан хүн болно. Хэрэв байгалийн гамшгийг захирах нь мэдрэхүйн соёлын гол үүрэг байсан ахул хүнийг хазаарлах, түүнийг “энэрэнгүйжүүлэх”, засах залруулах замаар Бурханлаг Туйлын Эрхэмлэлд оруулах нь идеационал буюу идеалист соёлын чухал үүрэг ямагт байсан юм. Мэдрэхүйн соёл нь хүнийг жирийн хариу үйлдлийн механизм, сексээс шалтгаацсан бүдүүлэг амьтан, хагас механик – хагас физиологийн организм, мөн ямар ч туйлын, бүхнээс дээгүүр, бүхнээс ариун үнэт зүйлс байлаа ч гэсэн Бурханлагийн бараа ч байхгүй болтол нь дорд оруулсныхаа ачаар өөрийнхөө өндөрлөгт хүрсэн юм. Одоо бол ийм доройтол нь мэдрэгч хүнд өөрт нь улам бүр аюултай болсоор байна. Эндээс мэдрэхүйгээс идеационал буюу идеализмд шилжих, хүн байгалийг захирах явдлаас түүнийг хянахад, хүн өөрөө өөрийгөө хянадаг болоход шилжих гарцаагүй шаардлага бий болж байна.

Энэхүү хяналт нь туйлын, түгээмэл, гарцаагүй үнэт зүйлсийн системгүйгээр боломжгүй бөгөөд ийм үнэт зүйлс нь мөн чанараараа харьцангуй, утилитар, гедонист, ердөө л зорилгод нийцсэн байх мэдрэхүйн ментал шинж, соёлтой үл нийцнэ. Эндээс шинэ идеационал буюу идеалист соёлд шилжих логик болон практикийн гарцаагүй шаардлага урган гарч байна. Шинэ хүнд мэдрэхүйн соёлоор бүтээсэн тэр зүйлсийг итгэн өгч болно. Техникийн хөгжлийн өнөөгийн түвшинд тэрбээр манай мэдрэхүйн нийгмийн өнөөгийн үе шатыг бодвол ядуурал, аз жаргалгүй явдал арай бага, хувийн ч, язгуур давхрааны ч үзэн ядалтыг үл мэдэх, арай илүү шударга, хүнлэг, арай илүү сайн сайхан нийгмийг байгуулж бүрнээ чадах юм.

Орчуулсан : судлаач Д. Ганхуяг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ ҮЕИЙН ХЯМРАЛ

  1. enkhbat says:

    Хүн төрөлхтөн гайхамшигт ололт амжилтынх нь төлөө мэдрэхүйн соёл тал өгөх ёстой. Гэхдээ одоо тэр нь мөхөлдөө ороод ирэхлээр түүний бүтээгдэхүүн нь цэвэр агаар биш хортой хий болж, тэрээр өөрийнхөө ололт амжилтаар хүн гээчид байгал, нийгэм, соёлыг захирах аймшигт эрх мэдлийг гардуулах болж, чингэхдээ түүнд өөрийгөө хянах хэрэгсэл, өөрийнхөө эрмэлзэл, мэдрэхүй, зөн билгийг захирах зүйлээр хангасангүй. Одоо энэ нь шинжлэх ухаан, техникийн бүхий л ололтыг эзэмшсэн хүний гарт орсноороо хүнд ч тэр, түүний бүх үнэт зүйлсэд ч тэр онцгой аюултай болж байна.

    Манай үеийн хамгийн тулгамдсан хэрэгцээ бол өөрийгөө болон өөрийнхөө хүслийг хянах чадвартай, ойр дотныхондоо хүлцэнгүй ханддаг, соёл, нийгмийн мөнхийн үнэт зүйлсийг ойлгож, хайдаг, ертөнц дэх хувийн хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан хүн болно.

  2. Б.Хүрэлтогоо says:

    Онол гаргалгаагаа илэрхийлэх тэр хэл нь ямар гайхалтай, уран юм бэ! Хэлийг тэгж эзэмшинэ гэдэг танин мэдсэн мэдлэгээ яаж илэрхийлэх арга нь болж байгаагаараа үнэхээр л хосгүй юмаа… Тийм хүн, ийм онолын суурь гаргалгааг хийлгүй яах вэ? Сайхан байна…Танд баярлалаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: