НАМ НАМАЙГ МЭДЭХ ҮҮ, БИ НАМЫГ МЭДЭХ ҮҮ ?

Нам намайг мэднэ

Социализмын үед ихэнхи хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ бодож үйлддэг байлаа. Нэг үзэл суртал, хэт төвлөрсөн удирдлага, хатуу чанд хяналтын дор байсан саяхны малчин хүмүүс тэгэхээс өөр арга зам байгаагүй байх. МАХН дандаа эвдлэн сүйтгэгч байгаагүй, харин бүтээн байгуулагч нам байсан бөгөөд үүнийг манай орны нийгмийн дэвшлийн түүх гэрчилнэ.

Харин энэ нь хувь хүнийг нийгмийн эрэг шураг болгон хувиргаж, нийгмийн бүх амьдралыг хэт нэг загварт оруулахыг эрмэлзэж байснаараа нийгмийн хөгжилтэй нийцэхээ байж энэ намын хуваарьгүй ноёрхлыг халах ардчилсан хувьсгал болсон гэвэл илүү үнэнд нийцнэ. Намын даалгавраар юуг ч хийж, намын илгээлтээр хаана ч очиж мэднэ. Чи намын даалгавар биелүүлэх ёстой болохоос биш, шүүн хэлэлцэх эрхгүй.

Нэгэнт нам хэмээх нэгэн том “тэнгэрлэг” юм нийгмийн ч, чиний ч амьдралыг мэдэж байгаа болохоор хувь хүнд уг нь нэг их санаа зовоод байх зүйл бараг байхгүй байсан. Бүгд л биллярдын бөмбөлөг шиг адилхан байх ёстой байв шүү дээ.

Нам нь нийгмийг удирдаж байгаа болохоор нийгмийн аль ч салбарын бүх боловсон хүчний хувь заяаг мэдэж шийддэг байлаа. Төр мэдэхгүй, нам л мэднэ. Энэ тохиолдолд аль ч хүн нам намайг мэднэ гэж бодох нь бараг зүйн хэрэг юм. Нам хувь хүнд өөрөөр бодох, үйлдэх боломж олгодоггүй байсанд хамаг гай оршиж байсан юм. Үнэн хэрэг дээрээ шаталсан удирдлагыг атгаж байгаа дарга нарыгаа “нам”, “удирдлага” гэж ойлгож явж ирсэн байдаг юм. Олон арван жил ингээд яваад ирэхлээр монгол хувь хүн ямар нэг идэвхи, оролцоо гаргахыг үл хичээгч, “дээрээс” “нэгэн шугам”, “нэгэн бодлогоор” өгсөн командыг ямар ч хяналтгүй биелүүлэгч, дарга нарыг бишрэн шүтэх голлох менталитеттай болсон ба энэ нь одоо ч үргэлжилсээр байна. Мөн ердийн ухамсрын түвшинд нам төр хоёрыг нэг юм мэт ойлгодог байснаас гадна түүнийгээ тахин шүтэх менталитеттэй байлаа.

Уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Үүнд:

1. Төвлөрсөн, авторитар шинж

2. Нэг шашин буюу нэг үзэл суртал

3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж

4. Төрийн хүчирхийлэл

5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт

6. Хувь хүний идэвхи, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.

Намгүй төр үү, төргүй нам уу ?

Ардчилсан хувьсгал болж МАХН-ын “удирдан чиглүүлэх ролийг” алга болгосноор Монгол Улс олон намт тогтолцоонд шилжив. Тэр үед “нам төвт тогтолцооноос төр төвт тогтолцоонд шилжинэ” гэсэн томъёолол ид моодонд орж байлаа. Тэр үедээ хүн бүхэнд ойлгомжтой мэт байсан энэ томъёолол одоо бол дэндүү гэнэн зүйл байсан аж.

Асуудлын мөн чанар нь МАХН-ын оронд ямар намууд байгуулах вэ гэдэгт байсан юмсанж. Харин энэ тал дээр бидний туршлага бас л “хүүхэд” байсан учраас цоо шинэ улс төрийн хүчнүүдийг зохион байгуулалтын цоо шинэ зарчим дээр байгуулах ёстой байсан атал МАХН-тай адил олон намтай болох огт өөр, бас дээр нь шал буруу зүйл рүү яваад орчихжээ.

Бид чинь ганцхан жилийн дотор 17 нам байгуулж хүртэл үзэв шүү дээ. Энд буруутан байхгүй гэдгийг шууд хэлэх нь зүйтэй бөгөөд энэ нь бас л бидний заавал туулах шившгийн хөндий байсан юм. “Ардчилсан” талын намууд МАХН-ыг шүүмжилж л байвал бах нь ханахдаа өөрсдөө ийм болохоор тэмүүлж байгаагаа ер мэдээгүй юм. МАХН ч гэсэн өөрийгөө өөрчлөхийн тулд ихээхэн зовлонтой учрав. Хэт их өөрчилбөл өөрөө сөнөчих гээд байдаг, эсэргүүцэх гэхээр болж өгдөггүй хачин хөгийн байдалд орсон юм. Эрхбиш нийгмийг олон жил удирдаж ирсэн туршлага, боловсон хүчний болон бусад нөөцийнхөө хүчинд л дуйдуйдан арай гэж шинэ нөхцөлд зохицон ядаж байлаа.

Энэ үед улс орныг бүхэлд нь удирдаж байсан хуучны номеклатур анги, одоогийнхоор бол бюрократ ангийн мэдэлд удирдлагын бүх ресурс аажмаар шилжиж эхэлсэн юм. “Төр төвт тогтолцоо” гэдэг хаана ч байхгүй “шинэ юм” хаанаас гараад ирснийг би л лав мэдэхгүй, бодвол гаднын аливаа юмыг дуурайх өвчтэй мөртлөө дандаа гажуудуулж, завхруулж байдаг бидний хөгийн зантай холбоотой нь гарцаагүй гэж санана.

Олон олон МАХН

Ардчиллын үр дүнд бий болсон бүх намууд МАХН-ыг шүүмжлэхийн хамт бүгдээрээ түүн шиг болохыг хүсч байсан аж. Магадгүй тухайн үедээ үүнийгээ ухамсарлаагүй байсан байх. Бүгд л аль нэг үзэл суртлыг бишрэн шүтэгчид болцгоов. Социализм, либерализм, консерватизм болон үүнийхээ дээр олон “нео”-г нэмбэл бидэнд тунхаглаагүй үзэл суртал гэж дэлхий дээр бараг үлдээгүй байх.

Зохион байгуулалтын хувьд гэхэд л МАХН-ыг дуурайсан Их Хурал –Бүгд хурал- Удирдах зөвлөл гэсэн удирдлагын гурван шатат бүтцийг бүгдээрээ усны дусал шиг авцгаасан юмдаг. Тэгээд анхан шатны байгууллагын босоо удирдлагад захирагдах хатуу бүтцийг бий болгоцгоов. Ингээд Монгол Улсад олон олон МАХН бий болсон. Гагцхүү том жижгээрээ л ялгарч байдаг болов. Иймээс ч манай намуудын дүрэм бүгдээрээ шахам адилхан байдаг юм. Хэлбэрийн хувьд АН арай “ардчилсан” дүрэмтэй мэт харагдах боловч үйл ажиллагааны агуулгын хувьд зарчмын ялгаа бараг байхгүй дээ.

Одоо олон хүн ярьдаг юм. “1990 онд л энэ муу коммунист намыг л Европын орнууд шиг хаагаад хаячихсан бол өнөөдөр бид нар ардчиллыг ёстой жинхнээр нь хөгжүүлчихсэн байхгүй юу” гэж. Энэн шиг худлаа үндэслэл байхгүй. Тэнд коммунист намыг дуурайх биш, оргүй алга болгосон огт өөр үйл явц болсон, нийгэм нь ч үүндээ бэлэн байсан байх. Энэ үгийг хэдэн жилийн өмнө хэлсэн бол би монголын онолч нэртэй хоосон мэдэмхийрэгчдэд ёстой “алуулах” байсан байх. Одоо чинь цаг өөр болж, шинжлэх ухааны дүгнэлтийг эрхбиш хүлээн авдаг болсон гэж найдаж байна.

Нэгэнт зөвхөн тунхаг байдлаар авсан үзэл сурталтай, зохион байгуулалт, удирдлага, арга барил зэрэг бүх шинжээрээ ижил системтэй учраас энэ нам нэртэй юмнууд чинь хуйвалдахаас өөр яахийм. Анхнаасаа ёс зүй, дэг журам, эмх цэгц, хэм хэмжээ гээч юм ор байхгүй учраас нам санаатай юмнууд нь явцуу бүлгүүдэд хуваагдаж, зөвхөн албан тушаалын төлөө алалцахаас өөр яаадгийм. Энэ нь нийгмээ ч, намаа ч хөнөөх гол бөгөөд үндсэн шалтгаан мөн.

Шинэ үү, шинэчлэгдсэн үү ?

“Ардчилсан талын” намууд бид цоо шинэ гэж өөрийгөө дандаа зарлана. МАХН бид шинэчлэгдэж байна гэж байнга зарлана. Бүхэл бүтэн арван найман жил шинэчлэгдлээ. Одоо байж байгаа царайг нь хар л даа. Миний бодлоор Монголд “шинэ” болон “шинэчлэгдсэн” нам огт байхгүй. Бүгдээрээ МАХН-ын жишгээр хийгдсэн учраас тэр л дээ.

Монгол менталитет аливаа юмыг “сайн –муу”, “сайхан- муухай”, “хар –цагаан” гэж хүлээж авдаг учраас улс төрийн хувьд хоёроос дээш тоо мэддэггүй шахам юм.

Би судлаач хүн боловч олон зүйлийн учрыг их хожуу ойлгодог тэнэг хүн л дээ. Бүр 1990 –ээд онд судалгаанд явж байх үеэс л малчин, ажилчин янз бүрийн хүмүүс бие биенээсээ байнга ингэж асуух. “Чи саналаа намын төлөө өгсөн үү ? ардчиллын төлөө өгсөн үү ?” гэж. Олон жил чихнийхээ хажуугаар өнгөрөөж, огт ухаарч байгаагүй энэ үгийн утгыг би саяхан сэтгүүлч найз Г.Дашрэнцэнгийхээ марзан үгнээс ойлгож байгаа юм даа. Ардын ухаанаар бол нам гэдэг нь МАХН, ардчилал гэдэг нь үлдсэн бусад бүх хүчнүүдийг хэлж байсан юмсанж.

Боловсон хүчний бүх салбарын бүх нөөцийг МАХН атгаж байсан нь баримт юм. Улс төрийн бусад хүчинд ийм ресурс байгаагүй нь бас л баримт юм. Жишээлбэл, 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялахад түүнд улс орныг бүхэлд нь удирдах бэлтгэл, туршлага бүхий боловсон хүчний нөөц байгаагүй юм. Тэгээд тэд “айлын гал зууханд орсон сармагчин шиг” аашилж, гадныхныг дуурайхаас өөрийг хийгээгүй нь бас маргаангүй баримт. Энэ нь намуудыг, нэн ялангуяа МАХН-ыг өөрчлөхгүйгээр улс төрийн тогтолцоонд ямар ч шинэчлэлт, өөрчлөлт явагдахгүй гэсэн баттай дүгнэлтэд хүргэж байна.

Хувирал

Энэ хооронд өмч хувьчлал явагдаж, нийгмийн олигархи бүлэглэл бий болов. МАХН олон түмнээсээ байтугай, гишүүдээсээ хөндийрсөн социализмын үеийнхээсээ долоон дор хаалттай систем болон хувирав. Монголын улс төрийн тогтолцоо МАХН төвтэй, бусад намууд нь түүнд хавсран туслах шинж чанартай болж ардчиллын анхдагч зорилтоосоо үлэмж ухрав.

Монголын улс төрийн тогтолцооны энэ гажгийг хэлж бичиж байсан олон хүний нэг болохын хувьд үүнийг би өөр ч олон жишээгээр нотолж чадна. Энэ байдлыг арай эрт ухамсарлаж, нийгмийг өнөөгийнх шиг адгийн хямралд оруулахгүй байх боломж байсан юм. Гэтэл Н.Энхбаяр гэж нэг гай гарч ирээд нөгөө нам, төрийн эмзэг тогтолцоог шууд үнэ хаялцуулан зардаг бараан зах болгон хувиргасан юм. Одоо лайг нь бид үүрч байна. Эдүгээ намыг ойлгох дараах адгийн үнэлэмж бий болжээ.

Нам намайг тэжээнэ: Нам нь улс төр бизнесийн бүлэглэл болсон учраас мөнгөний ихэнх нь намын сүлжээгээр урсдаг болов. Хоёр нам эдийн засгийн гол салбаруудыг хуваан авч, колоничлон атгасан тул “ДОТУУР” намуудаас гадуурх бизнес хийх боломж бараг үгүй. Намаар л дамжиж хоолонд хүрдэг амьдралын үндсэн хэв маяг тогтож байна. Хоолонд хүрээд зогсохгүй намын харьяаллаар дамжуулан нийгмийн баялгаас зувчуулдаг, шамшигдуулдаг, шимэгчлэн сордог болжээ.

Нам намайг хамгаална: Идэж ууснаа шингээхгүй бол идэхийн хэрэг юу билээ. Шударгаар нэгэнт их хэмжээний мөнгө олох боломжгүй тул илүү тэгш эрх эдлэхээс өөр аргагүй болно. Илүү тэгш эрхээрээ илүү жаахан идсэнийг нь иргэний нийгмийнхэн бүртгэж авлига, албан тушаалын хэрэг, төсвийн мөнгийг зувчууллаа, төрийн албыг зарлаа, татвараас бултлаа, хууль зөрчлөө гэмт хэрэгтэн боллоо гээд баалаад байхаар яая гэхэв намаа л бараадаж, намынхаа хормой доогуур шургахаас аргагүй. Эцэст нь нам нэртэй гэмт хэргийн бүлэглэл бидний нүдний өмнө бий болж байна.

Нам миний амьдрал: Намгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй арчаагүй хүмүүс нийгэмд бий болов. Нам дамжихгүйгээр, намд нийлэхгүйгээр, улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүс, намаар далайлгаж, намаар айлгаж хоол олж иддэг хэсэг, намаа зарж, намдаа зарагдаж ашиг олдог бизнесүүд, намаа дэмжин сонгуульд өрсөлдөж, сонгуулийг Соёолонгийн уралдаан шиг үзэж ханамж авдаг, сонгуулиар баримжаалан амьдардаг намын фанатикууд төрөв, ялгарав. Намаас нь салгачихвал сахил санваараа алдсан лам шиг, хөнгөлүүлсэн хурга шиг, эрэг дээр хаягдсан жараахай шиг ангалзах хүн олон болов.

Өнөөдөр бүх намууд МАХН-тай ИЖИЛХЭН болсноор манай нэгэн үеийн түүхийн цикл дуусч байгаа нь хэнд ч тодорхой байна.

Би намыг мэднэ.

Орчин үеийн дийлэнхи намууд сул зохион байгуулалттай, ашиг сонирхлын, мэргэжлийн болон клубын зарчмаар зохион байгуулагддаг аж. Одоо бол нам намайг мэдэх биш, би намыг мэднэ гэх зарчим ноёлох болсон байна. Манайтай адил ард түмнээ нам гэсэн олон фронтод хувааж байнга байлдуулж байдаг балар эртний намын системтэй улс гэж бараг алга болж.

Улс төрийн намуудын үйл ажиллагааг хуулиар их сайн зохицуулж юу хийж болох, юу хийж болохгүйг нь хүртэл маш нарийн зааж өгдөг жишиг тогтжээ.

Бас иргэний нийгмийн төлөөлөл, хяналтыг янз бүрийн хэлбэрээр тогтоож өгдөг болсон байна. Энэ үед л нам гэдэг жинхэнэ утгандаа орж хөгждөг эд ажээ. Бид ХХ зууны намын тухай төсөөллөөсөө ч, үйл ажиллагаанаасаа ч татгалзах цаг нэгэнт ирээд байна.

1990 оноос Монгол улс ардчилал, зах зээлийн замд орлоо гэж хүн бүхэн ярьдаг. Гэтэл яг жинхэнэ утгаараа ардчилсан улс болоод, чөлөөт зах зээлийн эдийн засагт орсон юм огт алга. Ардчилсан улс гэхээр ядаж сонгуулиа ч булхай луйвар, хахуульгүй хийж чадахгүй байна. СЕХ гэж байгуулаад 9 гишүүнийх нь 7-г нь нэг намаас авчраад тавьчих юм. Зах зээлд орсон гэхээр энэ улсын хамгийн ашигтай бизнесийг дарга, сайд нарын компани хийх юм. Насаараа бизнес хийж үзээгүй байж Монголын байгалийн баялгийн ихэнхийг нэр дээрээ болгоод, өөрсдийгөө “үндэсний хөрөнгөтөн” гэж нэрлэчих юм.

Н.Энхбаярын байгуулсан зах зээлийн нам, төрийн онигоонууд одоо бүхэлдээ уйлаан болон хувирч байна. Сэтгүүлч, фельетонч Б.Цэнддоо надад зовлонгоо ярьж байнаа. Уг нь фельетон гэдэг нь болж өнгөрсөн явдлыг хошин аястай болгон шогчилж уран сайхны аргаар бичдэг эд юм байна л даа. Тэгээд тэр чамгүй амжилт олж байтал нь улс төрийн бүх юм өөрөө фельетон болоод ирэхлээр бичих юм ховор болчихоод “хийх ажилгүй хачин их зовж” байгаагаа надад хэлж хэлж билээ. Одоо бол “монголчууд уйлах багадаж, үхэх ихдээд” байна.

Ардчилсан хувьсгалын дараа бүтэн 18 жил өнгөрчихөөд байхад дахиад л эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлээ байгуулахын төлөө тэмцэх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр л байна.

Монголын нийгэмд үзэл бодлын өрсөлдөөн үгүй болж, оюун санааны орон зай хоосорч эзгүйрчээ. Энэ бол гарцаагүй улс төрийн тэргүүлэх хүчний орон зай үгүйлэгдэж байгааг харуулах юм. Гэхдээ шинэ гэгдэх хүчнүүд дотор ч МАХН-ыг дуурайх мөнөөх хуучирсан сэтгэлгээ хэвээрээ байгааг одооноос анхааруулж байна. Би ганцхан МАХН-ыг устгах гээд байгаа юм биш, харин бүх намууд нь ижилхэн хатуу бүтэцтэй, хэдхэн феодалаас хамаат болчихсон, хэт зэрлэг, дээрмийн шинжтэй улс төрийн тогтолцоог зарчмын хувьд, үндсээр нь халан өөрчлөх тухай ярьж байна.

Хуучин намын өгөрч, ялзарсан тогтолцоо чинь Монголыг маань хөнөөж дуусч гэж байгааг эрхбиш ойлгох цаг болсон баймаар. Монголын ардчилал хэмээгч нь социализмаасаа долоон дор болсныг монголын нийгмийг олон үзүүлэлтээр харьцуулсан судалгаа нотолж байна. Гэхдээ намуудын удирдлагад байгаа хэт даврагч, авилгач, гэмт хэрэгтэн, шуналтнууд энэ үйлсийг гүйцэлдүүлнэ гэдэгт даан ч нэг итгэхгүй байна. Иймээс тэднийг нэн даруй, ямар ч өчиггүй улс төрийн тавцангаас зайлуулах нь өнөөгийн улс төрийн бараг цорын ганц зорилт болж байгаа юм. Яагаад гэвэл тэднээс шинэ, нааштай юм гарах хөг нь аль хэдийн өнгөрсөн.

Шинэ зууны улс төрийн соёлын стандартад нийцэх ёс суртахуун, зарчим, бүтэц, зохион байгуулалт, үзэл баримтлалтай, ШИНЭ нам үүсэн байгуулагдах эрэлт хэрэгцээ, хүлээлт Монголын нийгэмд нэгэнт бүрдээд байна. Намыг би, бид мэдэх цаг болжээ. Ийм хүчний үр хөврөл бүрэлдэж эхэлж байна. Энэ хүчин шууд өнөөдөр амжилт олдоггүй юмаа гэхэд тун ойрын үед ялах нь гарцаагүй юм. Энэ бол XIX, XX зууны намуудыг хална гэсэн үг. Энэ бол хүнд хэцүү ч гэсэн монгол үндэстнийг аврах цорын ганц зам болно…

Жич: Энэ өгүүллийн олон санааг сэдсэн Ч.Тамир, Ц.Болд, З.Батболд нартаа талархлаа илэрхийлж байна.

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 4 дүгээр сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: