ЦАГААН ХЭРЭЭ

Сонгууль ойртсон биш, телевиз үзэх, радио сонсох, сонин хэвлэл унших огтын боломжгүй болов. Монголоор дүүрэн цагаан хэрээнүүд гараад иржээ. Эрдэм мэдлэгтэй, ард түмнээ яс махнаасаа хайрладаг, бүр төрөхөөсөө эхлээд л ард түмнийхээ төлөө үхэн хатан зүтгэж ирсэн, хувийн ямар ч сонирхол байхгүй, төгс төгөлдөр хөгжсөн ямар ч олон эх оронч хөвгүүд, охидтой болчихсон юм, Миний Монгол…

Хүн болгон шахам “пиарчин” гэх шинэ мэргэжилтэй болж, би дэлхийд хамгийн мундаг нь гэж тунхаглах болов. Ингээд хулгайлсан мөнгөө савируулж ядан байгаа, УИХ – д орж улам их идэх гэсэн цорын ганц хүсэлтэй хэрээнүүдийг нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж, ард түмний тархийг өдөр шөнөгүй угааж, энэ бол “жинхэнээсээ цагаан тагтаа” гэж нотлох болов.

Пиар гэгчийн тухайд

Англиараа бол “Public Relations” гэсэн утгатай, монголоор бол зүгээр л “олон нийттэй харилцах” гэсэн агуулга бүхий товчлолоос үүссэн “пиар” гэж энэ үг монгол үгсийн санд хорлогчингийн туйл чингэсэн муу ёрын үг болон хувирч оржээ.

Английн Сэм Блэк гэж нэг том эрдэмтэн байх. Түүнийг пиарын пионер гэж дуудах. Түүний бичсэн “Пиарын өмнөтгөл” хэмээх жижиг номыг “пиарын библи” гэж нэрлэх.

Сэм Блэк “ Пиарын салбар дахь үйл ажиллагаа гэдэг бол баталгаатай, бүрэн мэдээлэлд тулгуурласны үндсэн дээр гадаад хүрээлэлтэй зохицолд хүрэх урлаг болон шинжлэх ухаан юм” гэж пиарыг тодорхойлсон байдаг.
Ганц эрдэмтнийг иш татаад байх даа яадаг юм гэж манайхан загнадаг болохоор үндэсний болон бүс нутгийн пиарын 30 гаруй холбоодын төлөөлөгчид цугларч хийсэн тодорхойлолтын нэмье гэж санаж байна. Энд:

“Пиарын практик бол байгууллагын ч, нийгмийн ч ашиг сонирхолд үйлчлэх үйлдлийн төлөвлөгөөт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын удирдагчдад зөвлөгөө өгөх, тэдгээрийн үр дагаврыг урьдчилан хэлэх, хандлагад шинжилгээ хийдэг бүтээлч, нийгэмч бөгөөд шинжлэх ухаанч хандлага юм” гэж тодорхойлсон байна.

Олон улсын ПИАР-ын Холбоо байгуулах санаачлага аль дивангалавт 1949 онд гарч, 1955 онд IPRA (Олон Улсын Пиарын Холбоо)-г байгуулж, Дүрэм, Ёс зүйн журмаа гаргасан бөгөөд түүнийгээ олон удаа ёс зүйн эрхэмлэлийн дагуу боловсронгуй болгожээ. Энд “хүнийг хорлоод бай”, “хулгайчийг бурхан, бурхныг чөтгөр болгоод бай” гэсэн утга нэгээхэн бээр ч үгүй, харин ч ёс суртахуун, ёс зүйг дээд зэргээр сахих, мэргэжлийн нэр хүндийг нандигнах зэрэг юуг хийх, юуг эс хийх зэргийг маш нарийн зааж өгсөн байдаг.

Жишээлбэл, IPRA-гийн Афины Дүрэмд дараах зүйлсийг тас хорьсон байх жишээтэй. Үүнд: “Үнэнийг бусад шаардлагад захируулах”, “Баталгаатай, тодорхой баримтад үндэслээгүй мэдээлэл тараах”, “Ёс зүйгүй, шударга бус буюу хүний нэр төр, халдашгүй байдалд хохирол учруулах аливаа үйлдэлд оролцох” гээд цаашаагаа хөвөрч гарна даа. Мэдээж юу хийхийг нь заасан олон дүрэм журам бий. Хэдэн жилийн өмнө IPRA –гийн одоо мөрдөж буй дүрэм, ёс зүйн журмууд зэрэг лав л 4 -5 зүйлийг орчуулан “пиарчин” болох гэж байгаа хэдэн хүнд өгсөн чинь бодвол хоолтойгоо холиод идчихсэн бололтой.

“Нээлттэй” төр, “эелдэг” түшээд

Манайд төрийн алба хашина гэдэг бол байгалийн болон нийгмийн баялгаас идэж уух, хулгайлах, дээрэмдэх замаар ганцаараа баяжих халдашгүй боломж гэсэн утгатай тул түүн рүү орох гэж үхэлдэн зүтгэх сэтгэл зүй, үйлдэл нэгэнт тогтжээ.

Улс төрийн систем дампууралд орж, нийгмийг удирдах чадвараа бүрэн алдсан нөхцөлд л ийм байдаг бөлгөө. Төрд орох боломж тэр бүр олдоод байдаггүй, дөрвөн жилд нэг л удаа олддог болохоор галзуутай, хүмүүн бусын тэмцэл хийх шаардлагатай болдгийг монголчууд бүгдээрээ мэдэж, мэдэрч байгаа.

Ганцаараа биш, бүлэглэн хулгай хийвэл олох ашиг нь их байх зүй тогтол ганцхан гэмт хэргийн бүлэглэлд л байдаг юм биш. Улс төрд ч гэсэн нам хэмээх бүлэглэл байгуулж байгалийн болон нийгмийн баялгаас бүлэглэн хулгайлбал илүү ашигтай байх нь монголын нөхцөлд нэгэнт нотлогдсон зүйл. Ер нь хаана ч гэсэн иймэрхүү хандлага байдаг, гэхдээ тэр нь арай соёлжсон, ёс зүйн хэм хэмжээтэй, булхайцахын аргагүй хатуу дүрэмтэй, түүнийг зөрчвөл хатуу шийтгүүлдэг ёстой юм билээ. Харин манайд бол ийм юм ёстой лөөлөө л байна…

Энд толгойлогч нь бүлгийнхээ гишүүдийг байнга хардах, цээрлүүлэх, бүлгийн гишүүн нь толгойлогчоо зайлуулахыг цаг ямагт хүсэх өөр нэг зүй тогтол бас л үйлчилдэг. Одоо маш олон дээрмийн бүлэглэл гарч ирсэн учраас голлох бүлэглэлүүд хүчээ хуваарилан “жирийн ардын” дүрд хувилан энд тэндгүй тэнүүчилж явна. Ингэж байж л гол цөмөө авч үлдэнэ шүү дээ.

Өнөөдөр энэ адгийн зүй тогтол үйлчилж, төр нь хулгай хийх боломжийг бүрдүүлэгч, хаацайлагч, нам нь төрд ажиллах хулгайч нарыг бэлтгэх мэргэжлийн дамжаа болон хувираад байна.

Одоо Та нар хар даа. Хаа сайгүй ард түмэндээ үнэн голоосоо хайртай, гаргуун эрдэм номтой, диваажинг ч бүтээх чадвартай, толгой нь “цоорсон”, “бүхнийг мэддэг” хүмүүс ганцхан Монголд л байх болов. Тэд ард түмнээ өрөвдсөн хайраа багтааж ядан эмнэлэг, сургууль барьж, гадаадын биш, төсвийн биш, зөвхөн өөрийнхөө “зовж байж” олсон мөнгөнөөсөө тарааж, ард түмэндээ харамгүй өглөг буян үйлдэж байна. Яасан сайхан сэтгэлтэй, ямар хүнлэг энэрэнгүй хүмүүс байдаг юм ?!

Бүхэл бүтэн дөрвөн жил хаалттай байсан төрийн байгууллагуудын хаалга сүүлийн хэдэн сар цэлийтэл нээгдэж, “нээлттэй хаалганы өдөр” ядаргаа болтол зохиох болов. Манай төр “Хүүе Та нар хурдан ирээд тулгамдсан асуудлаа бушуухан шийдүүлээд өгөөч” гэж иргэдийг өөрөө дууддаг, гуйдаг болов. Дөнгөж саяхан иргэний хөдөлгөөнүүд өргөх бичгээ өгөх гэж цагдаатай байлдаж, бараг дайн болох шахдаг байв шүү дээ. Одоо бол тийм юм ор байхгүй, төр нь иргэдээ дуудаад сүйд майд. Харин иргэд нь очиж өгөхгүй төрөө зовоох шинжтэй.

Бас төрийн түшээд суудлаасаа ховхорч, байн байн ард түмний дунд орж, асуудлыг газар дээр нь шууд шийддэг туйлын “эелдэг” практик бий болж байна.

Өөрсдийнхөө цалгар назгай, ажиллах чадваргүйгээсээ болж уул овоо шиг хуримтлуулсан “хур хогоо” сонгууль дөхөхөөр “цэвэрлэсэн” дүр үзүүлж “улс төрийн суботник” хийж байгаа царай нь тэр гэдгийг бид эрхбиш ойлгохтойгоо болсон гэж санана.

Энэ “бурхад” хэдхэн сарын дараа “жинхэнэ чөтгөр”- ийн дүрдээ орно гэдгийг бид мэддэг болсон нь сайн хэрэг.

Хэрээ цагаан болохын учир

Хэрээ гэснээс Энэтхэгт цагаан хэрээ байдаг юм билээ. Энэ тухай ардын яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг хүртэл байдаг юм. Хамгийн түрүүнд авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр “цагаан хэрээ” болов.

Үүнийг нотлохын тулд тэр хэдхэн жилийн өмнө МАХН-ын дарга, Ерөнхий сайд байх даа юу хэлж байсныг нь бүгдээрээ санаад үзье.

  • Бидний туулж өнгөрүүлсэн социализмын үед нэг лидерийн дарангуйлал байсан. Харин өнөөгийн монголд хүчтэй удирдагч бус, хувь хүний аашаас үл хамаардаг хүчтэй төрийн институци төлөвшвөл зөв гэж боддог. Гадаадын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага. ЗМ. 2001.06. 25. № 148, 149
  • Хямралт байдал бий болгохгүй байхад Засгийн газар мэдээж гол үүрэгтэй. Давосын уулзалтад оролцоод хэлсэн үг. ӨН.2003.01.31. № 25.
  • Идэвхжлийн үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал баталгаатай болж, бид бусдад харуулах, хэлэх зүйлтэй боллоо. Засгийн газрын 1000 дахь хоногт хэлсэн үг. ӨН. 2003.05.13.
  • Манай улсад шилжилтийн хугацаа дуусч өсөлт, хөгжлийн үе эхлээд байна. Иргэдтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үг. Yнэн. 2004.03. 27. № 64.
  • Засгийн газраас явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүнд монгол оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаа улам боловсронгуй болж, бодитой ололт амжилтанд хүрч, Монгол орны эдийн засаг, нийгэм хямралаас гарч, сэргэлтийн замдаа орсон бөгөөд цаашид тогтвортой хөгжих, улмаар ядуурлыг эрс бууруулж, ард түмний аж байдлыг тууштай сайжруулах үндэс суурь тавигдлаа. УИХ – ын 2004 оны хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үг. Yнэн. 2004.04.06. № 69.
  • Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал нэгэнт бий болжээ. Токиогийн хандивлагчдын зөвлөлгөөнд оролцож ирээд хэлсэн үг. ӨН. 2004.11. 28. № 278.

Энэ үгс яахын аргагүй Н.Энхбаярын амнаас унасан билээ. Гэхдээ манай Ерөнхийлөгч “Бодит баримт, судалгаа шинжилгээний байгууллагуудын үнэлгээ дүгнэлт, олон нийтийн санал бодолд тулгуурлаад” үзсэн чинь монголын маань хамаг юм нь болохоо байчихсныг өнөөдөр гэв гэнэт олж харжээ.

Ингээд тэр УИХ-ын 2008 оны хаврын чуулганы нээлт дээр дараах суут үгсийг одоо л хэлж байна.

  • Бодлогын тодорхойгүй байдал…бусад салбаруудад ч байгааг нотлох жишээ олон бий.
  • Нийгэмд хариуцлагагүй байдал дэвэрч, ажил хэргийг унагаж, хөгжил дэвшилд саад болж, авлига, хээл хахууль, аливаа шударга бус зүйл…олшрон үржих хөрс суурь бүрдээд байна.
  • Төр, бизнесийн ажил үйлчилгээ бүх шатанд тал тохой татах явдал, авлига, хээл хахуулиар хөдөлдөг, улс төр, бизнесийн бүлэглэлийн дохио зангаагаар явдаг… шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилд автах, албан тушаалаа урвуулан ашиглах явдал юм…
  • Өнөөгийн манай эмгэнэл бол найзаа, намаа, хувиа урьтал болгон асуудалд ханддаг явдал хавтгайрч, гэм биш зан болж хувирсанд оршино.
  • (Миний боловсруулсан- Д.Г) Үндэсний хөгжлийн Цогц бодлого бол… хулгана жилийн нэг сайн үйл болсон.
  • “Гурван 15” буюу нэг хүнд 15.000 $-ын ДНБ ногддог улс орон болъё…гэж би Ерөнхийлөгчийн хувьд яарч байна.
  • Одоо (миний –Д.Г) энэ бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чадвартай, тулхтай, хариуцлагатай УИХ-ыг сонгож байгуулах…цаг болж байна.
  • Монголын нийгмийн сэтгэлгээний ухаарлын нэг шинэ үе эхэлж байна.

Тэр биднийг чухам юу руу түлхээд байгааг монголчууд олж харсан гэж найдъя.

Ингээд монголчууд бид Н.Энхбаярын “ухаарлын шинэ үе”-ийг дагаж, түүний хулгана жилийн “сайн үйл” болсон “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 15.000 $-той болтлоо “яаран” хэрэгжүүлэх ёстой болж байна даа.

Цагаан будагнаас өөр хийх ажилгүй болсон хэрээ Монголд болж буй хурал зөвлөгөөн болгоныг “ивээлдээ авах” шинэ өвчтэй болов. Миний “ивээл дор“ болсон хурлаас үзэхэд гээд л гуаглана шүү дээ. Түүний “ивээл”-ийг монголчууд амсахаараа нэг болсон юмсан.

Өөрөө түймэр тавьчихаад “Одоо бүгдээрээ гал унтраая” гээд орилоод байгаа нөхрийг зарим хүн гал сөнөөгч гэж үзэж магадгүй боловч олонхи хүн түүнийг ердөө л хорлон сүйтгэгч гэж үзэх нь лавтай.

Энэ нь дээр дурдсанаас тэс ондоо, тархи угаах “монгол пиар”-ын ердийн нэг заль мэх юм. Нэгэнт хамгийн том хэрээ нь цав цагаан болсон учраас бусад жижиг хэрээнүүд нь цагаан болох нь зүйн хэрэг. Энэ нь жинхэнэ пиарыг хүн танихын аргагүй болтол сэглэн зэмдэглэж, харыг цагаан болгох гэдэг жинхэнэ “монгол пиар”-ын арчаагүй, бүдүүлэг арга мөн.

Бид эхлээд Н.Энхбаяр болон МАХН, АН-ын мутантуудаас “Төрөө хямралаас гаргасан уу, Түмнээ ядуурлаас аварсан уу ?”, “Эвтэй байна уу, хүчтэй байна уу?”, гэж асуух нь зөв байх. Яагаад гэвэл хэрээ цагаан болсон ч сэг зэм идэх, нүд ухах мөн чанар хэвээрээ л байгаа. Цагаан өнгө нь хуурчихвал “махчин тагтаа” болох гээд гүйлдэж байгааг жичид нь бичих болно.

Цаана чинь, МАХН, АН-ын болон бусад бүх хэрээний сүрэг цагаан болоод байна шүү, Таминь ээ ?!

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 4 дүгээр сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: