БИ ИЙМ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙСАН, ОДОО ҮЗ Л ДЭЭ…

Сүүлийн үед интернетэд зориудаар суулгасан бууны ноход намайг “чи өмнө нь хэлж байхгүй үхснээ хийж байсийм”, “одоо л нэг сүрхий хүн гараад ирж гэнэ”, “чиний тэмцэж байсан чинь хаана байгаам” гэхчлэн зохион байгуулалттай дайрах болов. Судлаач хүн шинжлэх ухааны дүгнэлт хийж, аюулыг сэрэмжлүүлэхээс өөр яах ёстой юм ! Ингээд бас л “нотолгоо” болгож ихээхэн аюул заналын дор аль 2001 онд бичсэн нэг өгүүллээ дахин нийтэлж байна. Тэр үед ийм “эсэргүү” юм бичих зоригтой хүн ховор л байсан юм даа.

Надаар оролдож Н.Энхбаяртаа тус болох гэж давхиж байгаад ус болчихвол цаадах чинь намайг биш, Та нарыг заазалчихна гэдгийг мэдэж байвал сайнсан. Үүнийг мөн олон хүн амь, амьдралаараа нотлосон доо…

Уншигчид анхааралтай үзвэл шинжлэх ухааны зөв дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна.

ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДҮР ТӨРХ БУЮУ ЖИРИЙН НЭГ ЯВДЛУУД

Сүүлийн арваад жилд Монголын нийгэм дэх сүүдрийн буюу далд харилцааны хүрээ илтэд өргөсөж, манай хүн амын ихэнхи хувийн үйл ажиллагаа, амь зуулгын ердийн хэлбэр болсноор энэхүү луйврын аж төрөх ёс нь нийгмийн ердийн хэм хэмжээ болон хувирч хойч үеийнхнээ ч хүртэл энэ адгийн зүйлд сургаж байна. Өнөөдөр сүүдрийн үзэгдэл, зан үйл зөвхөн эдийн засагт байгаа бус, эдийн засгийн бус олон хүрээг, тухайлбал улс төрийн систем, хууль сахиулах хүрээ, цэрэг цагдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, боловсрол, эрүүлийг хамгаалах, соёл, шинжлэх ухаан зэрэг бүх салбарыг хамарч байна. Энэ нь нийгэм, үндэстэн, төр улсын оршин тогтноход ноцтой аюул учруулах хэмжээнд хүрч нийтийн мөхөл сүйрлийн зам руу хөтөлж байгааг манай хүн болгон их бага хэмжээгээр гадарлаж байгаа. Дор өгүүлэх зүйлс нь шинэ нээлт биш, бидний өдөр тутмын амьдралд тохиолддог, хүн бүрийн мэддэг боловч ил гаргаж хэлдэггүй тэр л зүйлийг системчлэх оролдлого төдий зүйлс юм.

Нийгмийн амьдралыг нөхцөлт байдлаар ил далд гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж болох юм. Ил хэсэг нь төр, хууль, нийгмийн хяналт, ёс суртахуун болон үнэт зүйлсийн хэм хэмжээний дотор явуулж буй аливаа үйл ажиллагааг хэлнэ. Үүний эсрэг үйл ажиллагаа буюу төр, хууль, нийгмийн хяналтаас гадуур гэмт хэргийн болон гэмт үйлдлийн шинжтэй бүхий л үйл ажиллагаа орно. Үүнийг гадаадын зарим хэлнээ “сүүдрийн” гэж нэрлэдэг авч монгол хэлнээ луйврын гэж буулгах нь зүйтэй юм. Ямраар ч нэрлэлээ гэсэн энэхүү луйврын үйл ажиллагаатай дэлхийн соёлт хүн төрөлхтөн тэмцэж, шахан зайлуулж байна.

Нийгмийн харилцааны энэхүү далд, хууль бус хэлбэр нь ил, хууль ёсны хэлбэрээ бүдэгрүүлэн доройтуулж нийгэмд зонхилох болж, нийгмийн бэртэгчин шинж цаашид тэвчихийн аргагүйд хүрсний учир энэ асуудлыг бүх нийтээрээ илэн далангүй шүүн хэлэлцэх цаг болсон. Учир нь энэ асуудлыг бүх нийтээрээ хэлэлцэн шийдвэрлэлгүйгээр бид цаашдын хөгжлийн ямар ч алхам хийх бололцоогүй болчихоод байна. Бидэнд бие биесээ сайхан үгээр хуурах цаг хугацаа, боломж тун бага байна.

Монголын нийгмийн бүх салбар, бараг бүх хүнийг хамарсан луйврын харилцааны ерөнхий бүдүүвчийг авч үзье. Энд үйл ажиллагаа гэдэгт хүний зорилго, чиглэлтэй, ухамсартайгаар явуулж буй нэг буюу хэд хэдэн үйлдлийн нийлбэрийг хэлж байна. Харилцаа гэдэгт нийгмийн субъектууд буюу хувь хүн, бүлэг, институтын зүгээс харилцан холбогдож буй үйл ажиллагааг ойлгож байгаа болно.

1.Шүүх, прокурор. Шүүх, прокурорын системийг барууны маягаар үл хамаарсан, бие даасан шинжтэй болгосон нь манай нөхцөлд гажин буруудаж, одоо энэ систем нь авилгал, хээл хахууль, гэмт хэргийн сүлжээг далдлан хаагч, төр, нийгмийн хяналтаас огт үл хамаарах бие даасан организм болоод байна. Бусад салбарт луйврын харилцаа нэг хоёрхон субъекттэй холбогддог бол энэ системд хэд хэдэн субъектийн дунд ажилладаг. Ерөнхий схем нь хохирогч талын гомдлыг барагдуулахаар авилга авах, хэрэгтэн талын ялыг багасгах талаар авилга авах , тэгээд тэхий дундуурх шийдвэр гаргах зарчимтай байдаг. Өөр нэг хувилбар нь ялтан хүнийг ялгүй болгох, нотлогдох баримтгүй хэмээн хойшлуулах, өөх ч биш, булчирхай ч биш болгож хувиргах явдал бөгөөд энэ үйл явцын дунд холбогдогч талууд хэдэн сар жилээр сунжирсан хэргүүдийн дунд шар махтайгаа хатах явдал болно.

Сэжигтэн төдийгүй, хорих цагдах ямар ч үндэс шаардлагагүй жирийн иргэд, хууль эрхийн мэдлэггүй аймхай хулчгар зарим гэрч, хохирогчийг хүртэл хорино, эрүүгийн хариуцлагад татна, шийтгэнэ, туйлын бүдүүлэг түшмэд зангаар сүрдүүлнэ. Сэжигтэн, хохирогч, гэрчээр хууль ёсны төлөөлөгч гуйлгахын гайхамшгийг үзүүлж гараа хүндрүүлсэн үед л явуулна. Эсвэл тэдний дайны шүүгч, прокуророор битгий хорьж цагдаач гэж гуйлгасан дүр эсгүүлэн брокердуулж байж л сая их харж үзсэн болж явуулна. Баривчилсан, хорьж цагдсан хүнийг даалтад гаргуулах ч үүнтэй агаар нэгэн. Зөвхөн шүүгч прокурор хоёрт л хүнийг өөрсдөө хорих, бусдад зөвшөөрөл өгч хориулах, хорихоос суллуулах дархан эрх эдэлнэ.Тийм эрх өөр хэнд ч байхгүй.

Эрх тушаал, эд хөрөнгөтэй, тэдний найз нөхөд холбогдсон хэргийг эхний удаад ёс төдий ялласан шийтгэсэн нэр хэмээнэ. Чимээгүйхэн байгаад байвал дээд шатны шүүх, прокурорт өргөдөл бичүүлж дахин хянуулах нэрээр бүр суллуулах, цагаатгах шийдвэр гаргуулна. Гомдол гаргаж давж заалдан хэл ам таталбал татаж хянах, сэргээн шалгах, буцаах, дахин эцэслэн шийдвэрлэх нэрээр дээш доош, нааш цааш бөмбөг аятай баахан шидэлцэж, хүнд сурталтнуудаас амьддаа хагацан салах минь гэж үгээ хэлж цөхөртөл нь залхаан цээрлүүлнэ. Ядмаг дорой зарим хүн үнэний цагаан мөр, ял шийтгэлийн гарцаагүй шударгыг үзэх нас гүйцэлгүй замын дунд тэнгэрт халина. Шүүх, прокурорын энэ бүх булхайн дээр хөх тэнгэр л байхаас өөр хэн ч хянаж засуулах эрхгүй.

Эрүүгийн хэргийг хэрэг биш болгох,хэрэгтнийг гэм зэмгүй хэлмэгдэгч болгон хувиргагч ид шидтэй хэрэгтний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгч буюу олзоо хуваагч хөлсний брокер, мөрдөн байцаагч, прокурор,шүүгчийн микро хамтлагууд ч олноороо байдаг.Тэд бие биеэ гуйх маягаар хавсайдаж спиртийг ус болгодгоос ч илүү бэрхийг ч аргалж чадна.Хэргээ шийдүүлэх гэж буй хэрэгтэн, хохирсон эрх ашгаа сэргээлгэх гэж яваа хохирогч хоёр ханш адил болсон.

2. Цагдаа. Хэрэв цагдаа нар үнэнээ хэлдэг бол тэд спиртийг хэн оруулж ирдэг, хэн хуваарилдаг, хэн зардгийг нэгд нэгэнгүй мэддэг юм. Гэтэл тэд энэхүү саалийн үнээнээс ашиг олохын тулд түүнийгээ байлгаж байдаг. Өөрөөр хэлбэл спиртийн наймааг манай цагдаа бүрэн эрхэлж мэдэж, оролцон зохион байгуулж байдаг. Мөн тэд гэмт хэргийн элементүүдтэй нягт холбоотой ажилладаг. Энэ мэтээр олон гэмт хэргийг тэд эрхлэн мэдэж алийг нь даран замхруулах, алийг нь нийтэд мэдэгдэх зэргийг мэдэж байдаг. Тэд олон гэмт хэргийг хэрэг бүрдэлтийн шатанд нь даран замхруулдаг. Цагдаагийн зарим томчууд гэмт хэрэг, бизнесийн бүлгүүдийг далдлагч, эрх ашгийн нь хамгаалагч, тэдний хөлсний ажилтан маягаар ажиллах явдал ч бий. Үүнийгээ тэд бизнесийн үр ашиг бүхий салбар болгож чадсан. Энд жирийн цагдаа согтуу хүний цаг, мөнгө, түрийвч, үнэт зүйлийг авдаг, автын цагдаа захын машин зогсоож татвар авдаг, гэмт хэрэгтэн, байгаль сүйтгэгчдийг хамгаалан хот руу оруулдаг зэргийг жижиг, өдөр тутмын зүйлс гэж тооцон орхиж, системийн шинжтэй баримтыг ярьж байна. Бэлтэйхэн бизнесмэн, хууль бусаар мөнгө угаагчдын ард цагдаагийн эрх дархтангуудаас хэн нэг нь заавал байдаг.Тэдний хууль бус явдал илрэх шинж байдал мэдэгдвэл дотроосоо мэдээлнэ. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт хийхээс өмнө өрсөн дарж гал унтраагчийн үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн хүрээний хэнтэй эрх ашиг зөрчилдвөл хэмх начилдаж, Гүнтийн гэдэгтэй адил буудалцаан ч хийж чадна.

3. Гааль. Үндэсний үйлдвэрлэл сүйрснээс хойш худалдааны эргэлтийг бүхэлд нь хянан зохицуулдаг монополь газар болсон. Энд хээл хахууль, татвар нуун дарагдуулах байнгын сүлжээний төв байдаг. Ерөнхий схем нь оруулж ирсэн барааны бүрдэлтийг янз бүрээр аргалж, ил тод, байнгын шинжтэйгээр хахууль авах арга юм. Тохиолдлын хүн бараа орууллаа гэхэд торгууль тавиад хүлээнэ. Яагаад хүлээж байна гэвэл дээрээс хэн нэг том тушаалтны юм байж магадгүй гэж болгоомжилсон хэрэг юм. Хэрэв хэн нэг том хүн хэл өгөхгүй бол Монгол улсын хуулийг үйлчлүүлж эхэлнэ. Гааль нь манай улс төр, эдийн засгийн томоохон албан тушаалтнуудын луйврын үйл ажиллагааг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр шийдвэрлэх үүрэг хүлээсэн улс. Гааль нэгэнт шударга бишийн туйл, баяжих хөлжих гол газар болсон учраас тэнд ажилд орохын тулд хүн бүр уралдах бөгөөд нийслэл, хойд урьд хил, улирлын чанартай хилийн горим бүрд өөр ханш тогтоосон. хэд хэдэн саяыг хаях жишиг аль хэдийнээ тогтсон. Энд хилийн цэргийн үүрэг маш их. Тэд хил хамгаалагчид биш хил давуулан наймаа хийгчдийн сүлжээнд бүрэн хамрагдсан. Хил дээр ажилладаг гааль, хилийн цэрэг, тагнуул цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудын хууль бусаар хил нэвтрүүлэх заль мэх, үгсэн хуйвалдах аргад мэргэжиж гаршсан бас нэг хамтлаг…

4. Сангийн яам, татварын алба. Сангийн яам бол улсын хөрөнгийг идэн шамшигдуулагч үндсэн газар. Сангийн яамны зааж өгсөн зааврыг үл биелүүлбэл төсөвт мөнгө хөрөнгөө авна гэж санасны гарз. Ерөнхий схем нь албан байгууллагуудад үйлчилгээний захиалга өгөх бөгөөд энд гэмт хэрэг луйврын хамаг гол гогцоо оршдог. Жишээлбэл: аль нэг байгууллага их засвар хийлгэлээ гэхэд уг яамны захиалсан компанитай өндөр үнээр гэрээ хийхгүй бол мөнгөө авч чадахгүй. Засвар хийсэн компани орлогынхоо тодорхой хувийг яамны түшмэдүүдэд өгнө. Эсвэл төрийн байгууллагуудад хэрэгцээтэй бараа, таваарыг зуучилж мөнгө олдог газар. Татварын алба бол олон түмнийг луйвардах сонгодог газар болсон. Тэд аж ахуйн нэгжид очиж баахан татвар бичих бөгөөд хахууль авч баймаажин түүнийгээ багасгана, дарагдуулна, будлиантуулна. Санхүүгийн хяналт, шалгалтын бүх албад мөн адил зарчмаар ажиллаж, хагартлаа баяжина. Иймээс тэдний идсэн уусан илрэх ямар ч нөхцөл манайд байдаггүй.

5. Яам, газрууд. Яам, газрууд нь бүгдээрээ салбар, чиглэлийнхээ төсөл тооцоо, мөнгө хөрөнгө, зөвшөөрлийн болон хоригийн механизмыг ашиглан бизнес хийж, улсыг хөнөөх үйл ажиллагаа явуулдаг үндсэн газрууд. Жишээлбэл, Байгаль орчны яам гэхэд л шонхор гаргах, гадаадын анчдын мөнгийг завших, манай дарга нарыг хориотой ан хийхэд нь туслах үүрэгтэй. Мөн байгаль орчныг хамгаалах хуулиар түрий барин уул, уурхай, ялангуяа алтны уурхайнуудаас хахууль авах үндсэн газар. Бүх яам, газрууд хариуцсан ажлаа хийхдээ ч мөнгө олдог шидтэнгүүд. Ерөнхий схем нь тендер зарлах, гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэх, судалгаа явуулах, гадаадад хүн сургах, сургалт, семинар хийх зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулалт, төслийн мөнгө хөрөнгөний дийлэнхи хувийг хуваан идэх явдал юм. Яамны түшмэдүүдийн эрх мэдэлд хариуцсан салбар, чиглэлдээ луйврын үйл ажиллагаа явуулах өргөн эрх мэдэл байдаг. Гадаад харилцааны яам энд толгойлох үүрэгтэй оролцдог. Энэ яам бол гадаад харилцааны биш, хувийн гадаад худалдаа, бизнесийн яам болон хувирсан бөгөөд манай одоо гадаад худалдааг бүхлээр нь хянахаар зэхэж байгаа.

6. Боловсрол. Боловсролын систем нь хүний оюун санааны хэрэгцээг далимдуулан мөнгө олдог газар. Та бүхэн үр хүүхдээ хэн нэгэнтэй ярилгүй, түүнд мөнгө төлөлгүйгээр дээд сургуульд оруулах гээд оролдоод үз. Ерөнхий схем нь гадаад, дотоодын сургуульд элсүүлэх явуулах, боловсролын төсөл хэрэгжүүлэх, сургууль байгуулах зөвшөөрөл олгох, боловсролын хяналт шалгалт хийх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх чиглэлээр мэргэшсэн газар. Одоо бол манай ямар ч шатны сургуулийн үнэмлэх, дипломыг зүгээр л худалдан авч болох балиар тогтолцооны үүр уурхай. Дунд сургууль, цэцэрлэг, яслийг хүртэл луйврын харилцаанд татан оруулагч. Залуусын нийгэмшил, соёл, хүмүүжлийн асуудлыг энэ яам огтхон ч сонирхдоггүй. Эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийн сургалт явуулдаг их, дээд сургуульд элсэхэд хэдэн зуун мянгаас хэд хэдэн саяын хахуулийн жишиг тогтсон бичигдээгүй хууль хэдийнээс үйлчилж эхэлсэн.

7. Эрүүл мэнд. Хүний өвчин зовлонгоор тоглож мөнгө олох үндсэн үйлдвэрлэл. Ерөнхий схем нь гадаад, дотоодын төсөл, алба амины эмнэлгийн зөвшөөрөл, хяналтын механизмыг ашиглан бизнес явуулдаг тогтолцоо. Малын эмийг хүнд өгөх, өвчтөний ар гэрээс эм зөөлгүүлэн эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс зувчуулах, эмийн бизнес эрхлэх зэрэг үй олон аргатай. Арьс өнгөний өвчтэй залууд “бух” ч хордуулан алчихмаар их тунгаар тариа хийж хүнийг эдгээсэн нэр хэмээх явдал ч энүүхэнд. Монголд ДОХ анх гарахад хамгийн их баярласан хүмүүс. Түүнийхээ ачаар гадаадын хурал, зөвлөгөөн, зээл тусламжийг хамгийн их хүртсэн. Эрхтэн дархтан, аав,ээж, үр хүүхэд, ах дүүс, танил тал биш л бол өвдөж зовж, үхэж үрэгдэж байгаа хүний шаналгаа, амь нас бөөс алахын хэмжээнд ч хүрэхгүй.

7. Шинжлэх ухаан. Монголын хүн амын 60 хувь нь боржигон, 40 хувь нь доктор гэсэн бүдүүн тооцоо байдаг. Энэхүү 40 хувийн эрдмийн зэрэг горилсон бүтээлийг ( уг нь бүтээл биш хуулбар, халтуур) албан ёсны хэлбэрт оруулагч үйлдвэрлэлийн салбар. Шинэ үеийн доктор нэр зүүгчдийн олонхи нь тухайн шинжлэх ухааныхаа талаар суурь мэдлэггүй, хоосон мэдэмхийрэгчид, хуулбарлан хашгирагчид. Тэд зэрэг хамгаалсныхаа дараа эрдмийн зэргийн нэмэгдлээс өөр ямар ч зүйл сонирхохгүй. Ерөнхий схем нь мөнгөөр эрдмийн цол, зэргийн баримт бичгийг худалдагч үндсэн газар.

8. Төрийн бус байгууллагууд. Төрийн бус байгууллагуудын ихэнхи нь бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий схем нь тухайн салбар, чиглэлийн төсөл, хөрөнгө оруулалтад оролцож, мөнгө завших үйл ажиллагаа юм. Жишээлбэл, хүүхдийн байгууллагууд тэнэмэл хүүхдийн нэрээр мөнгө олдог, эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах гэж хашгиран мөнгө олдог гэх мэт. Үнэн хэрэг дээрээ тэд зарлан тунхаглаж байгаа зүйлийнхээ төлөө бараг юу ч хийдэггүй атлаа сүржигнүүр реклам хийхдээ мэргэжсэн. Энэ чадвараараа үлэмж баяжсан явцуу бүлэг байдаг. Татвараас нуух ашиг орлогоо байршуулах, өсгөж үржүүлэх халхавчийн байгууллагууд.

Энд шашин лам нарын луйврын үйл ажиллагааг дурдахгүй өнгөрвөл би ард түмний өмнө нүгэлтэн болно. Энэ нь олон түмний өвчин, зовлон, гачигдал зэргийг далимдуулан мөнгө олох хамгийн ашигтай бизнесийн салбар. Номоо мэддэг лам нь цөөрч, хараалч, мэргэч, түргэч лам нар дийлдэхээ байсан нь хэнд ч нууц биш. Спорт, соёл урлагийнхан мөн адил. Манай бөхчүүд гэхэд л ноолуурын бизнесийг үндсэнд нь хянаж, зохион байгуулдаг.

9. Нийтийн мэдээллийн хэрэгсэл. Бизнесийн болон бизнесийн шинжтэй луйврын үйл ажиллагааг тодорхой бүлгийн захиалгаар олон нийтэд нэвтрүүлж, мөнгө олдог үйлдвэрлэл. Тэд нийгмийн бодит үзэгдэлд дүн шинжилгээ хийж чаддаггүй атлаа өнгөц гял цал зүйлсийг нэвтрүүлэх, дамжуулах талаар мэргэжсэн, улс төрийн бодлогод нөлөөлөгч зэвсэг, бороохой, олон нийтийн санал бодлыг төөрөлдүүлэгч.

Салбаруудын үйл ажиллагааны байдал төрх иймэрхүү. Салбар, чиглэлүүд дан дангаар луйврын харилцаанд оролцож, энэ талдаа монополь байдалтай байдаг авч хамтарсан үйл ажиллагаа явуулах ихээхэн туршлагатай. Одоо эдгээрийн үйл ажиллагааны хавсарсан механизмын онцлогийг дүрслэе.

Спиртийн хэргийн механизм. Энэ нь нэг буюу хэд хэдэн том бизнесмен хил, гааль, шүүх, прокурор, цагдаа, тагнуулын газрын хамтын хүчин чармайлтаар хэрэгждэг. Нэг рецидивистэд бага шиг компанийн тамга, тэмдэг олж өгснөөр энэ хэрэг эхэлдэг. Тэр хил, гааль, тагнуул, цагдаагийнхны тусламжтайгаар спиртийг оруулж ирэх бөгөөд татвараас зайлсхийх, гаалийн баталгаат агуулахаас хулгайлах, ус болгох, зөөх, тээвэрлэх, жижиглэн тараах, найруулах бүхэл бүтэн сүлжээтэй. Ухаандаа 17 чингэлэг спиртийн хэрэг гэхэд л 16,5 чингэлгийг нь аль хэдийнээ борлуулчихсан хойноо үлдсэн 0,5 чингэлгийг телевизээр үзүүлнэ. Дараа нь шүүх, прокурор, цагдаагийн ээлж болно. Нөгөө рецидивист мөрдөнд сайндаа л 45 хоногоос хагас жил сууна. Тэр тэнд тусгай хангамжид байх бөгөөд үүнд нь хуяг, харгалзагчид буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан тус дэмжлэг үзүүлнэ. Шүүх, прокурор, өмгөөлөгчийн гурамсан холбооны ажлын үр дүн гарч эцсийн дүгнэлт нь нийгмийг хохироогоогүй, хувь хүн мөнгөөрөө шатсан тул тэнсэх ял онооно. Гайхмаар нь үнэхээр нийгэм хохироогүй мэт байдаг. Хил, гааль, цагдаа, шүүх, прокурор, өмгөөлөгч болон оролцогч бүх хүмүүс авдаг мөнгөө авсан. Нэхэмжлэгч байхгүй. Тэр байтугай рецидивист хаалт болж шоронд суусныхаа төлөө чамгүй их юм олоод авна.

Төслийн мөнгө идэх механизм. Энэ бол манай луйврын харилцааны сонгодог болон тогтсон хэлбэр юм. Гадаадынхныг онхолдтол нь хуурч эхлээд гадаадын төслийг оруулж ирнэ. Ингэсэн хүн 10 орчим хувийг авна. Нэг мэргэжилтэн ирж жип, англи хэлтэй сайхан хүүхэн, жолооч зэргийг олж авна. Ухаандаа Улаанбаатарын үүдэн дээрээс өдөр болгон хүүхэн авч байснаас сарын хэдхэн зуун доллар төлж кофе, цайгаа чануулсан шиг, тансаглаж суувал тэр хүнд сайхан байх нь мэдээж. Мөнгө идэхийн эхний алхам нь судалгаа хийх явдал. Томоохон судалгаа хийх дадлага туршлагатай болохын тулд дор хаяж арван жилийн уйгагүй хөдөлмөр хэрэгтэй байдгийг би өөрийн болон нөхдийнхөө туршлагаас мэдэх юм. Одоо бол яам, газруудын бүх түшмэл, олонхи төрийн болон төрийн бус байгууллагын диплом өвөртөлсөн нусгайчууд бүгдээрээ судлаачид. Судалгаанд мэргэжлийн хүмүүс биш, тусгайлан сонгож авсан халтуурын баг оролцоно. Мөн амьдрал дээр газар дээр нь танилцах зорилгоор хөдөө гадаа явна. Тэнд бага сага тусламж, ганц нэг компьютер зэрэг зүйлс өгч үүнийгээ телевизээр гаргаж орхино. Сум, багийн засаг дарга нар тэднийг даган хөөрцөглөж, ямаа боож, архидан дайлах цорын ганц мэргэжлээ харуулна. Тэр хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч зэргээ дуудан үүрэг өгч, хураасан барьсан ховор живэр юм, бугын эвэр, чив бас бус зүйлээ барьж орхино. Ингэлээ ч гэсэн бас нэлээд мөнгө үлдэнэ. Үүнийг дуустал идэх гол арга нь семинардах явдал байдаг. Монгол Улс сүүлийн арван жилийн турш өдөр болгон хоёроос арван семинар хийж байгааг хүн бүр мэднэ. Гадаадын хүний ажил гайхамшигтай сайхан бүтнэ. Яагаад гэвэл түүний хэлсэн үг зарлиг. Авчир гэсэн юм болгоныг нь уулгамч юм шиг цуглуулж овоолж өгнө. Энд улсын нууц мууц огтоос хамаа байхгүй. Хуурамч, маниасаа ялгарах юмгүй идэж уух гэсэн гадаадын мэргэжилтнүүд төслийнхөө мөнгөний ихэнхийг өөрөө идэж аваад арилж өгнө. Үнэн сэтгэлээсээ бидэнд туслах гэсэн олон улсын байгууллагын болон гадаадын шударга хүмүүсийг хуурч, залилж ахин наашаагаа ирэлтгүй болтол залхаана.

Төсвийн мөнгө идэх механизм. Төрийн өмчийн хорооны мэдээллээр харьцангуй цөөн байгууллагад хийсэн шалгалтаар 30 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал нэг жилийн дотор илэрсэн баримт байдаг. Энэ бол улсын төсвийн бараг 10 орчим хувь болно. Хэрэв төрийн өмчийн хороо бүгдийг, бас тэгээд арай хатуу шалгасан бол үүнээс хавьгүй илүү тоо гарна. Төрийн албан тушаал бол төсөл, төсвийн мөнгийг идэх өргөн боломж, эрх мэдэл юм. Ард түмний татварын мөнгийг төрийн байгууллагууд, түүний албан тушаалтнууд зүгээр л шууд хулгайлах дэлхийд өөр хаана ч байхгүй олон янзын аргуудыг энд төгс боловруулж чадсан. Энэ хулгайд нэг их олон хүн шаардагдахгүй. Ердөө л дарга, орлогч, ерөнхий нягтлан гурав л байхад хулгайч нарын баг бэлэн болдог. Иймээс бараа шахна гэсэн нэр томъёог мэдэхгүй монгол хүн байхгүй.

Улаанбаатар хот болон түүний дүүргүүд гэхэд л газар, байр зарахаас эхлээд зөвшөөрөл, хориг тавих гээд л бие даасан луйврын бизнесийн үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ гэдгийг хэн хүнгүй гэрчилнэ.

Дээр дурдсан схемүүдээс үзэхэд луйврын харилцаа манай нийгэмд хэр зэрэг газар авч, хэр зэрэг бат бэх болсныг мэдэж, бас мэдэрч болно.

Төрийн зах зээл, түүний механизм. Луйврын харилцааг өдөөгч, өөгшүүлэгч, хаацайлагч, ивээн тэтгэгч үндсэн субъект нь төр, төрийн байгууллага, төрийн албан хаагчид мөн. Тэд өөрсдийн булай үйлдлийг маш нууцаар хийж, луйврын үйл ажиллагааны өөрийн гэсэн брокеруудтай болж далдалдаг ч гэсэн жижиг монгол улсын хувьд үүнийг нуух арга байхгүй юм. Албан тушаал өндөрсөх тутам идэж уух хэмжээ, зохион байгуулалттай шинж нь улам нэмэгддэг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельт нэгэнтээ : “Боловсролгүй хулгайч вагоноос юм хулгайлдаг, боловсролтой хулгайч бүхэл бүтэн төмөр замыг хулгайлдаг” хэмээн хэлсэн нь манайд яг биелж байгаа. Өндөр албан тушаалтан өмч хувьчлал, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хаацайлах зэрэг үйл ажиллагааны өргөн боломжтой. Энд шинэ хуучин Ерөнхий сайдууд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд бүгд хамаарна. Нийгмийн ийм арчаагүй байдлыг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд өөрчлөх санаа байвч түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Учир нь тэдний дийлэнх олонхи эдийн засгийн болон гэмт хэргийн бүлэглэлүүдийн эрх ашгийг илэрхийлэгч болон хувирсан. Бас тэрээр хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газар, хэн нэгэнтэй хамтран өөрөө ийм зүйлтэй шууд буюу шууд бус байдлаар орооцолдсон буюу орооцолдоод байгаа болохоороо үйлс нэгтэндээ илчлэгдэхээс айдаг. Луйврын харилцаа нь хүнийг, ялангуяа албан тушаалтныг хоёрдмол дүр төрхтэй болгож, радио телевиз, олон нийтэд нэг өөр юм ярьж, бодит амьдрал дээр огт өөр үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Иймээс манай төрийн ихэнхи албан тушаалтныг хамелеонууд гэж нэрлэж болно. Тэдний хээл хахууль, өмч хувьчлалын болон бусад луйвар, эрхлэн буй далд бизнес, ашиг орлогоо нуун татвараас зайлсхийх, хориотой барааг хил дамжуулан нэвтрүүлэх, төсөл, төсвийн мөнгө идэх, лизенз, зөвшөөрөл олгох, тендер зарлах болон тийм үйл ажиллагааг хаацайлах, лоббидох, далдуур оролцох зэрэг луйврын үйл ажиллагааны олон хэлбэрүүд нь эрүүгийн элементүүдийн үйл ажиллагаанаас онцын их ялгарахгүй.

Гэвч цаашид ургуулан бодвоос тэднийг ийм байдалд хүргэсэн олон янзийн бодит шалтгаан байдаг мэт. Ямарч л гэсэн тэдний хэн нь ч бүр анхнаасаа санаатайгаар ийм байдалд ороогүй, нийгмийн замбараагүй шилжилт, нийтийг хамарсан ганцаар баяжих утгагүй хөдөлгөөнд автагдсан, өөрөөр хэлбэл нийгмийн орчин нөхцөлдүүлсэн гэж үзэж болох юм. Үлгэрлэвээс бөөн хүн явж байгаад зам дээр байсан алт руу орчихсон. Учраа мэдэлгүй бүгд дайраад бужигначихсан. Нэг сэхээ ороод харсан чинь бүгд хулгай хийчихээд түүнийгээ харилцан ярьж чадахаа байгаад гацаад зогсчихсон хүмүүс гэж хийсвэрлэн цагаатгаж болно. Эрхбиш дээрэмчдийн бүлэг биш, төр, засаг ухаантай юм болохоороо бие биенээсээ болон ард түмнээсээ ичээд энэ тухайгаа ярьж чадахаа байчихсан юм болов уу гэж бүр аргаа баран боддогоо Та бүхнээс нуух юун. Тэгээгүй бол энэ хөгийн байдлыг ямар ч тэнэг хүн анзаарвал анзаарах болсон. Одоо бид энэ арчаагүй байдлаасаа гарахыг оролдох цаг болсон. Миний бодлоор одоо ичээд нуугаад байх хугацаа хангалттай өнгөрсөн.

Луйврын харилцаа нь бүхэлдээ мөнгөөр хэмжигдэх боловч тодорхой тохиолдлуудад заавал мөнгө байх ч албагүй. Луйврын харилцааны төртэй шууд холбогдох мөнгөн бус хэлбэр нь албан тушаалын томилгоо, зохих ёсны үйлчилгээ, зөвшөөрөл, лиценз, хориг юм. Төрийн албан хаагчдын ажлын цагийн дийлэнхи хэсэг нь танил тал, хамаатан садан, найз нөхдийн хүсэлт, гуйлтыг биелүүлэхэд зарцуулагддаг. Бүх салбар, байгууллагын ажилтнууд бид өдөр, шөнөгүй ажиллаж байна гэж олон нийтэд мэдээлэх боловч үүнд нь үнэмших хүн монголоос л лав гарахгүй. Бас бүгдээрээ шахам мөнгөгүй гэдэг нь огт худал. Машин авах, өрөө тасалгаа, албан тавилга авах, гадаадад айлчлах, сургууль курсэд явах, дайллага, цайллага хийхэд мөнгө нь ямагт хүрэлцдэг.

Ийм байдлаар төрийн дээд өндөрлөгүүдээс эхээ авсан луйврын харилцааны битүү систем үүсчихээд байгаа. Энэ нь л биднийг алж байна гэж шууд дүгнэж болно. Учир нь энэхүү луйврын харилцаа гинжин урвал маягаар нийгмийг дээр доргүй бүхэлд нь хүлэн боомилж “чи дарга бол би тэнэг, би дарга бол чи тэнэг” гэсэн утгагүй зарчмыг бий болгодог. Үүний улмаас ард түмэн төр засгаас холдож, тэдний харьцаа хөндийрөн зэнзийрч, төрийн баганыг углуурга, заадсаар нь сулруулан ганхуулж байдаг. Ард түмэн цөхрөн бухимдахаас өөр юу ч хийж чадахаа байснаар барахгүй , юуг ч үл анзаарах гөлгөр хүмүүс болцгоож байна. 1990-ээд оны нийгэм – улс төрийн өндөр идэвхи, ардчилал, шударга ёсонд итгэх итгэл бидний нүдний өмнө бөхөн унтарч байна. Монголын төр ард түмнээс тусгай, хаалттай систем болоод удаж байна.

Дээр дурдсан зүйлс бол хэн нэгнийг хэт хардсан сэтгэлгээний үр дүн биш, нийгмийн бодит үзэгдэл баримт юм. Үүнийг манай иргэн бүр мэдэж гадарладаг болохоор одоохондоо нотлоод байх шаардлага байхгүй юм. Луйврын харилцаа өдөр ирэх тутам газар авч, улам олон хүнийг хамарснаар нийгмийн жирийн нэг үзэгдэл болон хувирч байна. Энэ нь нийгмийн харилцааг гэмт хэргийн үндэстэй болгож, түүнийг улам бүр хатингаршуулан зогсоож, боомилж, хөгжлийн ямар ч хэтийн төлөвгүй болгож байна. Ийм нөхцөл байдалд үндэсний үйлдвэрлэлийг сэргээх лоозон дэвшүүлэх, сайн засаглал тогтоох семинар хийх,, мянганы зам барих шав тавих, нам байгуулах, нийлүүлэх,намын нэр өөрчлөх зэргийг ярих нь ямар нэг шинэчлэл биш, зүгээр л утгагүй зүйл юм. Мөн ийм нөхцөл байдалд төрийн удирдлагын талаар ярих ямар ч боломжгүй. Энд би удирдлага гэдэгт дарга нараа ойлгодог тэнэг ойлголтыг биш, нийгмийн системийн өвөрмөц функцийг ярьдаг шинжлэх ухааны ойлголтыг ярьж байна.

Бид өдрөөс өдөрт бууран доройтож байна. Энэ жил эдийн засаг хасах үзүүлэлттэй гарлаа. 1989 онд Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 87 дугаар байранд байсан бол 1996 онд 102 дугаар байр, 1999 онд 131 дүгээр байр хүртэл ухарлаа. 2000 онд 171 дугаар байр. Ахиад ч ухрах нь ойлгомжтой байгаа. Дэлхийн хүнсний байгууллагын илтгэлд Хойт Солонгостой хамт өлсч буй орны тоонд орлоо. Үүнийг хөгжиж байна, манай олон улсын нэр хүнд өслөө гэж хэн ч зүрхэлж хэлж чадахгүй. Харин манай удирдагчид бол ингэж хэлж чаддаг. Зөв юмандаа ийм тэнэг зориг гаргадаг бол ч улс орон хөгжихсөн.

Дээрх бүхнийг нэгтгэвээс сүүлийн арваад жилд монголын нийгэм систем бүрдүүлэгч бүх хүчин зүйлсээрээ уналтад орсон бөгөөд монголын ардчиллыг бодит ардчилалтай адилтгах зүйл нэг ч үгүй гэдгийг баталгаатай хэлж болно. Хэрэв энэ байдлаараа үргэлжлээд байх аваас их үнээр олж авсан ардчиллын үнэт зүйлс ч устан арилах нь гарцаагүй.

Учир нь гэмт хэрэг, эдийн засаг, улс төрийн бүлгүүдийн хооронд дайны байдал нэгэнт үүсчихээд байна. Өмч хувьчлалаас болоод хүний амь нас үрэгдэж, хоорондоо алалцаад эхэлбэл би өчүүхэн ч гайхахгүй. Ийм нөхцөлд манай нийгэмд баян ядуу, дарга цэргээсээ үл хамааран хэн ч сайн сайхан, амгалан тайван амьдрах аргагүй юм. Би үүнийг монголчууддаа анхааруулж, тэднийг ухааруулахыг хүсч байна.

Энэ бяцхан өгүүлэлд системийн хэмжээний гажгийн тухай бичсэнээс бус хэн нэг хүний нэр, тодорхой үйлдлийн жишээг зориуд дурдаагүй. Хэрэв манай нийгэм, салбар, байгууллагад ийм зүйл огт байхгүй, ганц нэг муу жишээг дэвэргэж, ардчиллын ололт амжилт, байгууллага, салбарын нэр төрийг гутаалаа, нотлох баримт байхгүй гэж эсэргүүцэх мангар зоригтой хүн байвал үүнийгээ ил тодоор илэрхийлээсэй гэж хүсч байна. Ингэсэн цагт тэрхүү хүний үйлдлийг оролцуулсан бүр тодорхой жишээ баримтыг гаргаж нотолж чадна гэдгийгээ амлаж байна.

Мэдээж аль ч салбар, байгууллагад үнэнч шударга хүмүүс байгааг би үгүйсгээгүй байна. Харамсалтай нь тэд луйврын харилцаанд дарагдаад харагдахгүй болчихоод байна. Хэрэв аливаа байгууллагад нэг архичин байвал хүнийг нь архичин гэнэ, нэлээд архичин байвал түүнийг архичны байгууллага гэнэ. Би ийм л зарчмыг баримталсан. Мөн түүнчлэн энэ бүх зүйлийн үүр уурхай болсон эдийн засгийн хүрээг хөндөлгүй орхисон. Орон нутагт үүсэн хөгжиж буй шинэ маягийн феодализмийн талаар яриагүй үлдээсэн. Энд улс төр, бизнес, гэмт хэрэг гурав бүрэн холилдсон, утга учраа алдсан харилцааг зонхилж байгаа. Энэ тухай дараа жичид нь бичих болно.

Луйврын зах зээл дээр төрийн зах зээл, нийгмийн зах зээл, оюун санааны зах зээл гэсэн бие даасан хэлбэрүүд хэдийнээ бий болжээ. Эд бүгд нийлээд ирэхээрээ нийгэм, үндэстнийг сөнөөгч халдварын голомт болж, ардчиллын ололт амжилтад эргэлзээ төрүүлж байгаад бүх нийтийн анхаарлын хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Би төгс, зөрчилгүй, өө сэвгүй нийгмийг мөрөөдөөгүй. Ийм үзэгдэл бусад орнуудад ч байдаг гэдгийг мэдэж байна. Гэхдээ манайх шиг луйврын харилцаа нь нийгмийн үндсэн бөгөөд зонхилох харилцаа болж, төр, засгаасаа эхлээд дийлэнх иргэд нь үүнд татагдан орж, хамаг юмаа зоргонд нь тавиад туучихсан орон байхгүй гэдгийг бас мэдэж байна. Үүнд ардчилал огт буруугүй, ардчиллын нэрээр ардчиллын зарчим, үнэт зүйлсийг гутаагчид буруутай. Зах зээл нэрийн дор луйврын харилцааг өөгшүүлэн дэмжигчид буруутай. Ёс суртахуун, шударга ёсыг умартагчид буруутай. Энэхүү бодит байдлыг мэдсээр байж, түүнийг арилгах, зогсоох оролдлого хийхгүй байгаа тэр хүмүүс буруутай. Эдүгээ манайд “Хэрэв чи ухаантай юм бол мөнгөө харуул” гэсэн үг ихэд дэлгэрч байна. Энэ үгийг зах зээлийн харилцаа нь хэвийн улс оронд хэрэглэдэг. Харин манай нөхцөлд “Хэрэв чи луйварчин бол мөнгөөрөө гайхуул” гэвэл яг таарна. Энэхүү луйврын харилцааг онол, үзэл суртлын хувьд хөгжөөн дэмжигчид хэдийнээ гарч ирсэн бөгөөд тэд “шударга хүмүүсээр манаа мануулж, харуул хийлгэдэг” ( Б.Баабар ), “Манайд мафи байгаа. Иймээс мафиг эх орныхоо сайн сайхны тулд ашиглах хэрэгтэй” ( Ша.Батбаяр ) гэж шууд номлодог. Бидний бодлоор иймэрхүү маркийн хүмүүсийг төрд битгий хэл манаач ч болгож болохгүй.

Хэрэв энэ бүгдэд дүгнэлт хийж, засах, засахыг оролдож үл чадах аваас улс орныг хөгжүүлэх мөгжүүлэх тухай ярьсны ч хэрэг байхгүй. Энэ талаар нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй би ярилцаж үзсэн. Монголчууд бүгдээрээ үүнийг мэддэг, амьдрал дээрээ их, бага хэмжээгээр амссан байдаг юм билээ. Тэдний олонхи үр хүүхдээ бодож, дуугай байна гэдэг юм. Хэрэв бид үр хүүхэд, хойчоо бодож байвал энэ хар үзэгдэлтэй одооноос нийтээрээ тэмцэх ёстой. Учир нь Таныг өөрийг чинь болон танай боловсролтой, мөнгө төгрөгтэй баян хүүхдүүдийг нэг л өдөр хоолойгий нь хэрчиж алах нийгмийн орчин нэгэнт бүрдчихээд байгааг ухаарах цаг болоод байна.

Судлаач Д.Ганхуяг

Энэ өгүүлэл “Өнөөдөр” сонины 2001 оны 2 дугаар сарын 13 – ны дугаарт анх нийтлэгджээ.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to БИ ИЙМ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙСАН, ОДОО ҮЗ Л ДЭЭ…

  1. Anonymous says:

    Би тантай 100% санал нийлж байна. Аргагүй л бодит судалгааны дүнд тулгуурласан байна. Монголд эрдмийн зэрэг хамгаалах тогтолцоо үнэнхүү дампуурсан. Тухайн салбарынхаа талаар суурь мэдлэг бүү хэл зөв найруулгатай ганц өгүүлбэр биччих чадваргүй хүмүүс оюутны дипломын ажлаас ч дор юмыг хавтаслаад танил талынхаа 5-6 хүн цуглуулаад л хамгаалсан болж байна. Ийм хөөрхийсийг хаана ч эрдэмтэн гэж хүлээн зөвшөөрдөггүй нь гачлантай.

  2. Anonymous says:

    Энэ өгүүлэл өнөөдөр улам үнэ цэнэтэй болж байна.

  3. last mogican says:

    zarimdaa tanii niitleliig unshij baigaad unenhuu taashaal avah yum. ene niitleliin huwid gutral tsuhrul l turuj bndaa. yaj ene aihtar tom systemiig tegeed nuraah ve?. AN MAN geed 2 tom namiig chin diileh nam 2012 ond garj irehguin bas oilgomjtoi. tegeheer uursdiinhuu systemiig nuraahgui gesen ug. bi umnu ni S.Bayar Amarjargal, batuul geed zarim uls turchided bas arai itgedeg bailaa. tanii niitleliig unshsaar baigaad. odoo bol itgehee ch baij baih shig bn. tegeed mongoliig mini hen avrah yum be? hen

  4. Aagii11 says:

    тэхх
    хэн хэн бид юум уу? хэхэ

  5. gankhuyag says:

    Бид. Үүнд Та эргэлзэхгүй байж болно.

  6. ??man says:

    Sain bn uu?? tanii niitlegiig unshihad nadad gunig,gutral,bayr,baysgalan mdrgddg shuu….Ta barag mongoliiin number 1 bolj bn daa.Medeej tanii heldeg zov bid mongol ornoo avrah bolno

    Taniar ih baharhdag shuu…

  7. Г.уранцоож says:

    2001 оноос хойш ямар оорчлолт гарсан бол?

    • Ганаа says:

      Яг гаднын юмыг асууж байгаа мэт ингэж асуугсад олон болсон.

  8. bat says:

    90 onoos hoish hugjsuur iim bolson. 2001 ond iim baisan odoo ulam hugjsun nariissan gesen vg haramsaltai ni. uurchluh heregtei, harin yaj.tolgoinoosoo…

  9. Daria says:

    ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ. Шударга бус зүйлийн төлөө дуугардаг, биеэрээ үлгэрлэдэг байх нь хамгийн чухал.

  10. Zochin says:

    Энэ Монгол оронд үүссэн нийгмийн тахал өвчин.Өвчиний явц,өрнөл,өнгөрсөн болон одоогийн үйлдэл хэлхээсийг олон салбараар маш зөв онош тавьжээ.26 жилийн 18 жилийг МАХН,МАН удирдаж алтны дэргэдэх гууль шарлав гэгчээр АН удирдлагын зарим алдааг гүнзгийрүүлэв.Намын хандивыг нэн даруй зогсоож хандивлагчдын хөрөнгөөр төрийн бодлого явуулаж цаг тутам чөдөр тушаа болж хөгжлийг ямагт хойш чангааж ирлээ.Халах цаг болжээ.

  11. Anonymous says:

    100% unen. Manaid zuv yum hiih gesen ni daragdaad, buruu zamaar yavj baigaa ni mandaad, devsheed, bayajaad, odon avaad ( sorry, bugd bish shu) haahalzaad baidag bolson do. Odoo tegeed uurchluh arga zam bn u?! Saya songuuliar 1 doriun shine nam, huchin garah ni geed bayarlaj baital oligtoi yum bolj chadsangui…yah ve, taminee…!!!

  12. Anonymous says:

    Таны нийтлэл одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаагаас харахад монголын нийгэм, улс төрийн амьдрал бүр дордсон уу гэхээс дээрдсэнгүй нь илт байнаа. Бидний өвгөд дээдэс ийм юмны төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй Эх орноо гэж явсан гэж үү! Одоогийн энэ захралд гар бие оролцсон, оролцож яваа мөн оролцохыг хүсч амьдардаг хүмүүст хэлье: Монгол улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмнийхээ чинээлэг тайван эрх чөлөөтэй амьдралыг үгүй хийснийхээ хариуцлагыг хэзээ нэгэн цагт үе удмаараа хүртэх болно шүү. Таны хязгааргүй шунал Монгол улсыг мөнхийн ядуу буурай дорой байлгаж ашиглах хүсэлтэй улс орнуудын бодлогод ашиглагдаж байна. Багабанди, Энхбаяр, Элбэгдоржтан гуай… нар хичнээн баян билээ!!! Гуравхан сая хэрнээ ийм Ядуу амьдарч байгаа ард түмнээ хараад шөнө яаж нойртой хонож чадаж байнаа, гэж Та нараас АСУУМААР байна !!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: