ҮЕ ХИЙГЭЭД ЗАЛГАМЖЛАЛ

Эхлээд сонсоход хүн болгонд ойлгомжтой мэт ойлголт үнэн хэрэг дээрээ хамгийн ойлгомжгүй, ээдрээтэй зүйл болон хувирах явдал цаг ямагт тохиолдог. Чухам энд л ердийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг хоёрын зөрүү гарч ирдэг юм.

Сонгууль ойртсонтой холбогдуулан эрх мэдэлд хүрэх гэсэн ганцхан зорилгоор Та бидний “сайн” мэддэг атлаа үнэн хэрэг дээрээ “мэддэггүй” ойлголтууд дээр энэ улс төрчид, пиарчид тоглож байдаг юм. Зарим нь энэ хачин юмаа бараг бүхэл бүтэн “үзэл суртал”, “зарчим”, “сургааль” болтол нь хөгжүүлчихсөн байх нь энүүхэнд. Ингээд бие биенээ, эцсийн дүндээ үндэстнээ доройтуулах гол шалтгааны үрийг тавьдаг юм.

Та бидний ердийн ухамсар, сэтгэл зүй дээр тоглох гэсэн луйврыг бага ч гэсэн илчлэх үүднээс цуврал өгүүлэл бичих санаатай.

Ердийн болон шинжлэх ухааны ойлголт

Мэдээж ямар ч хүн, тэр ч байтугай хамгийн адгийн хүн өөрийгөө нийгмийн ач холбогдолтой гэж боддог, мөн ямар ч хүнд нийгмийн тухай үзэл төсөөлөл байдаг. Ийм байхаас ч өөр арга байхгүй. Гэхдээ энэ нь хүн болгоны толгойд байгаа зүйлийг нийгэм болон үндэстэн дагаж явах албатай гэсэн хэрэг огт биш.

Шинжлэх ухаанд нэг мөр болоогүй боловч ерөнхийдөө нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ойлголт, төсөөлөл олон байдаг. Болж өгвөл хамгийн энгийн, хялбар энэ түвшинд ойлгоод сурчихвал уг нь бидэнд л сайнсан.

Энийг би ганцаараа мэдээд байгаа юм биш, зарим хагас дутуу ойлгоод хадуураад явчихдаг, зарим нь мэдсэн ч хэлэхгүй, зарим нь бүр урвуугаар ашиглаад байгаад л хамаг гай оршдог юм аа.

За “үе”, үе тэнгийнхэн” гэсэн хүн бүхний сайн мэдэх ойлголт байна. Энэ нь угаасаа улс төрийн ач холбогдол багатай боловч манайд бол жинхэнэ улс төрийн ойлголт болон хөгжжээ.

Үе гэсэн энэ ойлголтыг шинжлэх ухаанд наад зах нь 3 утгаар ойлгодог.

  1. Биологийн залгамжлал. Энэ агуулгад өвөө, эцэг, хүү, ач гэх мэтчилэн хүний удмаа залгамжлах дэс дараалал ордог.
  2. Нэг цаг хугацаанд амьдарч буй хүмүүс. Хүмүүс нийгмийн том үйл явдлаар баримжаалан түүнээс өмнө, хойно болон тэрхүү үйл явдлын дунд байгаа хүмүүсийн олонлогийг хэлдэг. Жишээлбэл, “хувьсгалын”, ”атрын”, “ардчиллын” үеийнхэн гэх мэт. Энд яг таг насны бүлэг тодорхойгүй.
  3. Амьдралын хэмнэлийн идэвхитэй болон идэвхигүй үе. Жишээлбэл хүүхэд, залуу, ид, ахмад гэх мэт. Бас өөрөөр залуу, дунд эргэм, хөгшин гэх мэтээр насны багцаагаар ангилах ч явдал бий. Хүний нас уртасч байгаатай холбоотойгоор энэ нь бас нарийн зааг ялгаа гаргаж чадахгүй.

Ингээд дээрх гурван ойлголтын нэгдэхээс бусдынх нь насны нарийн зааг ялгааг шинжлэх ухаан гаргаж чадаагүй, чадах ч үгүй биз.

Яагаад “үе” гэдэг ойлголтыг ингэж анхаараад байна гэхээр түүнийг улс төрд шууд оруулаад ирэхлээр төрөө, УИХ-аа “залуужуулна”, “туршлагатай”, “туршлагагүй”, “орчин үеийн”, “боловсролтой”, “хуучинсаг” гэх мэтийн өөр тодотгол, ойлголтуудтай холилдоод ёстой нэг холион бантан болгодог юм.

Одоо “хуучин” улс төрчдийг зайлуулах, “төрөө залуужуулах”, эсвэл үүний урвуугаар “хашир”, төр барьсан “туршлагатай” хүмүүсээ сонгох асуудлаар ид маргаж байна. Саяхан нэг нөхөр “Парламентад 55-аас дээш настанг сонгоё” гэсэн санал гаргасан санагдана. Зарим бүр ч илүү шинжлэх ухаанжиж “генераци” гэх мэтийн гоё гоё нэр томъёо яриад явна. “Залуужуулах” гэсэн санаагаа шинжлэх ухааны хэлбэрт оруулж байгаа царай нь тэр.

Хэн ч мэдэхгүй “шинэ” нэр томъёо яриад явахлаар болчихдог юм гэж бодож байгаа нь илэрхий.

Юу яриад байгаагаа мэдэхгүй байж мэдэмхийрэх нь манайхны бараг төрөлх гэмээр зан юм. Шинжлэх ухаанд ийм олон ойлголт байдаг, чи юуг нь ингэж хэлээд байгаа юм гэхээр өөдөөс баахан “онол ном” ярьж дүвчигнөнө. Энд “онол” яриад байх ямар ч шаардлага байхгүй, зүгээр л ойлголтоо тодруулах жирийн л нэг оролдлого хийх гэж байна.

Ямар ч “номонд” ийм юм байдаггүй юмаа гэхээр “уур” нь хүрэхээс гадна цаашаагаа эргэмэгцээ “номын цагаан солиотой” гээд зарлаад давхичихна. За энэ ч яахав.

Үе залгамжлал

Хүн гэдэг нийгмийн амьтан өсөж үрждэг жамтай. Чингэхдээ нийгмийн орчинд хүмүүждэг. Иймээс ч “Хүний хүмүүжил түүний төрөхөөс зуун жилийн өмнө эхэлдэг” гэсэн английн цэцэн үг. “Хүүхдийг гэр бүл нь биш, бүхэл бүтэн тосгон хүмүүжүүлдэг” гэсэн африкийн мэргэн үг ихээхэн гүнзгий утга учиртай. Одоо “үе” гэсэн ойлголт уламжлал, шинэчлэл гэсэн бидний бас л “мэдэхгүй” ярьдаг ойлголттой холбогдож эхэлж байна.

Яагаад гэвэл хүний нийгэмших, боловсрох, хүмүүжих, иргэнших, соёлжих зэрэг олон үзэгдэл, үйл явдлууд зөвхөн нийгмийн залгамжлалаар л бий болдог. Энд дурдсан бас л хүн бүхний сайн “мэдэх” ойлголтуудын нийлэмж болон ялгааг Боловсролын сайд Н.Болормаа бүр “тас” мэдэхгүй, яаманд нь “мэддэг” хүн өдрийн од шиг. Зүгээр л яриад байна, гэхдээ бүр “гоё”-оор л яриад байна. Өөр чаддаг юм юу ч үгүй.

Ерөнхийдөө үе залгамжлах гэдэг бол “ахмад” үе нь “залуу” үедээ өөрийн мэдлэг, туршлагыг дамжуулан үлдээх үйл явц гэж маш бүдүүн тоймоор ойлгож болно. Ямар ч нийгэм ийм л замаар хөгждөг.

Одоо манайд ид ярьж байгаа “парламентаа залуужуулах уу, хөгшрүүлэх үү” гэсэн угаасаа “тэнэг” асуудлыг хөндөе.

Манайд залуу нь ахмадаа зайлуулах, ахмад нь залуугаа адлах улс төрийн “тэмцэл” хийдэг өвчтэй болов. 1990 –ээд оны ардчилсан хувьсгалчид, түүнд идэвхийлэн оролцогчид цаг хугацааны эрхээр арга буюу “ахмад” болчихжээ. Одоо тэд эргээд залуучуудаа “төр барьсан туршлагагүй” гэж цоллож байна. Ингээд төрдөө үлдэх гэж үхэн хатан зүтгэж байна. Хэдхэн жилийн өмнө ёстой жинхнээс нь “залуужуулна” гээд орилж байсан улсууд чинь одоо өөрөө нас нь яваад ирэхлээрээ “хөгшрүүлнэ” гэж орилдог болжээ. Юм гэж хачин байх юм.

Харин залуучууд нь эдний “үе дууссан”, “юу ч хийж чадахаа байсан” учраас одоо л бид нар “гарч ирэх” ёстой гэж үзэж байна. Нусаа ч арчиж чадахгүй хөгийн залуучууд улс төр мөр гээд жигтэйхэн. Хуучин хэдийгээ зайлуулж аваад бушуухан хулгай хийх гэж тэсч ядаж байгаа нь илт. Ахмадынхаа “хулгай” хийдэг туршлагыг “уламжилж” авах, шинжлэх ухаанд бол сөрөг эргэх холбоо гэдэг юм үүсчихээд байгаа нь энэ. Ингээд л улс төрийн “дайн” болно доо.

Хамгийн найдвартай, жирийн гарц

Нийгэм гээч юм нь ахмад, дунд, залуу гэсэн гурван үеэс тогтдог нь мөнхийн бөгөөд байнгын асуудал байдаг. Энд ахмад, дунд, залуу үеийн биологийн насыг хөндөх ямар ч боломжгүй нь хэнд ч тодорхой. Залуу мөртлөө хөгширчихсөн хөгийн нөхдүүд байх. Хөгшин мөртлөө залуучуусаа адалдаг новшийн амьтад ч бас байна. Монголоор дүүрэн шүү дээ.

Манай нийгэмд энэхүү үе залгамжлалын харьцаа, түүнийг ойлгох сэтгэлгээний гажилт үүсч, бүр өвчин болтлоо хөгжжээ.

Харин бусад нийгэмд бол энэ нь нэн тодорхой ойлголт байдаг ба үүнийгээ ахмад нь ч, залуу нь ч ойлгодог. Дорнын болон Өрнийн нийгмүүд энэ нь ихээхэн ялгаатай. Үүгээр тухайн нийгмийн системийн соёлыг харж болно. Үүнтэй холбоотойгоор “нийгмийн ой санамж” гэсэн бас нэг хэцүү ойлголт гарч ирдэг юм. Энэ “нийгмийн ой санамж” бол манайд ор тас байхгүй.

Ингээд манай хөгшин залуугийн тэмцэл нь шинэ ба хуучны тэмцэл гэсэн тэнхлэгт яваад орчихдог юм.

Дан залуу, эсвэл дандаа хөгшин нь нийгмийг удирдаад байна, эсвэл залуу нь ямагт “шинэ”, хөгшин нь дандаа “хуучин” байдаг гэж хэн ч нотлоогүй. Харин манайхан болохоор жигтэйхэн сайн “нотолж” чаддаг юм.

Тэгээд яадаг гэж үү ?

Хийсвэрлээд үзье. Бид арван хүнтэй төр байгуулжээ гэж. Үүний 2 нь ахмад, 3 нь дунд эргэм, 5 нь залуу байж болно биз дээ.

Өөр нэг жишээ авъя. Нэг байгууллагын даргаар ахмад хүн тавьжээ. Орлогчоор нь залуу хүн тавиад “Чи наад даргаасаа сайн суралц. Хэдэн жилийн дараа чамайг энэ тушаалд бэлтгэж байна” гэж хэлж болно биз дээ. Эсвэл даргаар нь залуу хүн тавиад, орлогчоор нь ахмад хүн томилж. Тэгээд ахмадад нь “Наад залуудаа сайн хэлж, зөвлөж байгаарай”, залууд нь “Нэрэн дээрээ чи дарга, нидэр дээр нь орлогч чинь дарга”, “Ажлаа зоригтой хий, гэхдээ орлогчтойгоо сайн зөвлөж байгаарай” гэж хэлж болохгүй гэж үү.

Гурав дахь энгийн жишээ нь нас нас холилдсон ажлын гар нийлсэн баг бүрдүүлэх явдал юм.

Асуудалд ингэж хандах нь нийгмийн “ой санамж” болон “үе залгамжлал”-д онцгой таатай, алсын ирээдүйтэй үр дүн гаргадаг юм.

Үүнийг “ахмад дунд залуу үеийн зохист харьцаа”, “үе үеийн зохист төлөөлөл”, “ухаалаг залгамжлал” гэх мэтчилэн олон янзаар нэрлэж болох боловч агуулга нь нийгмээ, үндэстнээ хөгжүүлэх явдал л байдаг бөлгөө.

Нийгмийн шилжилттэй холбогдоод энэхүү залгамжлалын асуудалд ихээхэн гажиг, гажилт гарсан. Энийг давах нь бидний нэг гол зорилт юм.

Эдийн засаг, улс төр, өөр ямар ч салбар ярилаа гэсэн энэ нь байнгын чиглэл, бодлого, үйлдэл байх ёстой. Чухам ийм юмыг л “тэргүүлэх чиглэл” гэдэг юм л даа.

Н.Энхбаярын магтаад байгаа 138 “алсын хараа” бүхий “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” дотор ч, Монгол Улсын төрийн бодлого нэртэй “хур хог” дотор энэ талаар ганц ч үг үсэг байхгүй.

Яагаад гэвэл улс төрчид нь бүгдээрээ “эрдэмтэн” болчихоод солиороод байхаар төр нь бодлогогүй болчихож байгаа нь тэр. Тэр их “төрийн бодлого” гэж донгодоод байгаа хүмүүсээс “төрийн бодлого” гэж юу бэ ? гэж нэг асуугаад үзээрэй л дээ.

УИХ-д хоёр ч удаа сонгогдсон, МАХН-ын томоохон зүтгэлтэн танилтайгаа тааралдаад би “Та нар бодлогоо алдчихаад байна ш дээ. Энийгээ л сайн бодооч дээ” гээд хэлээд туучихлаа. Тэгсэн чинь тэр нөхөр “ Чи л өөрөө Ардчилсан Социализмын онол гаргаж ирээд бид тэрийг чинь дагаж явсаар байтал ийм болчихлоо” гэдэг байна ш дээ, лалар чинь…

Би дандаа ингэж байгаад л “хэрэгт” орчихдог тавилантай амьтан байгаа юм. Саяын хэлдэг бол онигоо биш шүү. Бас энэ нөхөр Социнтерны сүүлчийн тунхаг гаргасан Бразилийн Сан – Пауло хотыг “эстрадын дууны тэмцээн” зохиодог газар гэдэг нөхрөөс өөр хүн боловч таарсан таар шуудай байгаа биз.

Эд нарын эрдэмтэн болж, төрийн бодлого тодорхойлно гэж ёстой яамай л байна…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 5 дугаар сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ҮЕ ХИЙГЭЭД ЗАЛГАМЖЛАЛ

  1. Anonymous says:

    Mash sonirholtoi. Haramsaltai ni ihed hojuu unshlaa. Uuchlaarai.

  2. Б.Хүрэлтогоо says:

    Сайхан сайхан. сайхан юм.

  3. Энхтөр says:

    Тиймээ. Ойлгомжтой бичжээ. Залуус бид өөрсдөө ахмад үе болно гэдгээ одооноос тархины мухартаа сэрүүлэг тавиад эхлэх хэрэгтэйг сануулсан байна. Ядаж бүгд нийгэмдээ нөлөөлж боломжоо ашиглаж чадахгүйгээс хувь хувьдаа хэрэгжүүлээд явбал яваандаа том үр дүнд хүрэх нь дээ. Харин ахмадууд маань үлгэр жишээ болж байгаагаа мэдрээд 70-80 хүртлээ амьдралын идэвхтэй бидэндээ өвлүүлэх зүйлсээ дэс дараатай өвлүүлж байгаасай. Зарим нь ч 50 хүрээд л өөрсдийгөө хөгшинд тооцоод “Гавъяаныхаа амралтанд” гардаг болчихож.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: