ТЭТГЭВРИЙН ӨВГӨН ХИЙГЭЭД МОНГОЛЫН УЛС ТӨР

7 дугаар сарын 1-ний үйл явдлын дараа ТЕГ эдийн засагч Н.Дугарыг баривчлав. Сонин хэвлэл энэ хүнээс болж Монголын төр сүйрч байгаа мэтээр өгүүлж байна. Гэтэл нөгөө Н.Дугар нь жар шүргэсэн, 1990 оноос хойш ажилгүй яваа нөхөр билээ.

Хэрэв ажилгүй өвгөнөөс болж монголын төр сүйрчих гээд байвал үүнийг монгол хэлээр хохь чинь гэдэг юм.

Би судлаач хүний хувьд болж өнгөрсөн үйл явдлын олонхийг биечлэн мэддэг, мөн олонхийг нь янз бүрийн сувгаар мэдэж дүгнэж байдаг, түүнчлэн Н.Дугартай сайн ч, муу ч нэлээд хэдэн жил үерхэж, түүний зан чанарын давуу болон дутагдалтай талыг сайн мэддэг цөөн хүний нэг учраас энэ өгүүллийг бичих нь зүйтэй гэж үзлээ. Энэ өгүүллээс Монголын далд улс төрийн дампуурал, улс төрчдийн арчаагүй байдал илт харагдана гэдэгт итгэж байна. Харин энэ өгүүлэл бол нэг хүнийг үнэлэх гэсэн хэрэг огтхон ч биш гэдгийг анхааруулж байна.

Дугарын чадвар

Түүнтэй 2004 оны сонгуулийн өмнө танилцсан юмсан. Монголын улс төр, улс төрчдийг онолын хувьд ч, практикийн хувьд ч хэнээс дутуугүй мэднэ гэсэн далд бодол маань тэр үеэс сарнин алга болж билээ. Миний мэддэгээс хавьгүй илүү балиар заваан зүйлээр монголын улс төр пиг дүүрэн гэдгийг би тэгэхэд ойлгож авсан юмдаг.

Тэр хэдийгээр шинжлэх ухааны хүн биш боловч монголын улс төрчдийг гарын арван хуруу шигээ мэддэг, тэдэнд нөлөөлөх сэтгэл зүйн болон мэдээллийн маш өндөр чадвартайг мэдээд би ихэд гайхаж билээ.
Түүн шиг сайн ой тогтоомжтой хүнийг би өдий наслахдаа тун цөөн үзсэн. Би ганцаараа тэгж дүгнээд байгаа юм биш, тухайн үед ойр ажиллаж байсан А.Баатархуяг, Г.Уянга, Г.Дашрэнцэн нар ч тэгж дүгнэдэг байлаа.

Ухаандаа Дугар тэдэн оны тэдэн сарын тэдэнд, тэдэн цагийн үед (энэ бол үнэн шүү !), тийм газар тэр тэр нар уулзаад, ингэж тэгж яриад, тохироод гэх мэтээр шууд л ярих. Аль дивангалавын 1990 –ээд оноос одоог хүртэл ярина шүү дээ. Эхлээд би түүнийг худлаа яриад байна гэж боддог байсан юм.

Тун цөөн хүн анализ хийж чаддаг, харин хуруу дарам цөөн хүн дедукци хийж чаддаг юм. Дугар бол дедукци хийх ховор авъяастай. Иймээс тэр өөрөө оролцоогүй үйл явдлыг ч хүртэл нөхөн сэргээж чаддаг. Ямар сайндаа бид түүнийг “толгой компьютер” гэж хочлож байхав дээ. Мэдээж надад болон манай нөхдүүдэд чамгүй мэдээлэл байгаа хэдий ч түүнийгээ компьютерт хийж, нэлээд хайж байж олно шүү дээ. Нэг удаа жинхэнэ цөлх монгол ухаантай сэтгүүлч Г.Дашрэнцэн “Манай “толгой компьютер” заримдаа өөрөө асчихаад ажиллаад байх юм” гэж түүнийг явуулж байж билээ. Энэ үгийн утгыг би хэзээ хойно ухаарсан бөгөөд чухам энд л хамаг аюул байлаа.

Арчаагаа алдсан улс төрчид

Дугар улс төртэй холбоотой бараг бүх хүнийг танина. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, нам, төрийн дунд, дээд түвшнийхэнтэй нягт холбоотой. Хаана ноцтой үйл явдал болно, тэр ямагт тэнд л байж байна. Хамтын хурал цугларалтад нэг их удирдаад, нөлөөлөөд, зохион байгуулаад байхгүй. Хааяа нэг санал хэлнэ.

Харин ганцаарчлан уулзаж санал бодлоо солилцоно. Улс төртэй холбоотой л бол хүнийг том, жижиг гэж голохгүй, шөнө оройг ялгалгүй давхиад л очно. Хүний үгийг тун анхааралтай сонсоно, гэхдээ аманд нь орчих гээд байхгүй. Тэр үедээ ч гэсэн чи тэг ингэ гэхгүй. Хэн түүний тушаалыг дагах билээ.

Их сайхан ярина, логиктой, рационал буюу бодитой яриа. Мэдээж огт худлаа ярихгүй, бас хов хутгахгүй. Монголд хов хутгавал сар ч болохгүй баригдана гэдгийг тэр сайн мэднэ. Тэр сэтгэл зүйн далд нөлөөллийн гайхам авъяастай. Тухайн хүнд тодорхой дүгнэлт өөрөө хийх хүртэлх хэмжээний мэдээлэл өгнө. Ухаандаа Дугар биш, тухайн хүн өөрөө дүгнэж байна гэсэн хэрэг юм. Иймээс олонхи хүн Дугарын үгэнд ховсдуулж байна гэдгээ мэддэггүй юм.

Хүний өөрөө хийсэн дүгнэлт голдуу итгэл үнэмшил болдог бөгөөд улмаар тодорхой үйлдэлд хүргэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Ямар сайндаа би хүртэл Дугарыг уулзая гэхэд нь “Чамд ховсдуулахаа ч болих уу даа” гэж байхав дээ.

Тэр ихээхэн мэдээлэлтэй. Түүний мэдээлэл авах арга их амархан юм шиг мөртлөө ихээхэн мэдрэмж, туршлага шаардана. Жишээ авъя. МАХН-ын Удирдах Зөвлөл ч юм уу, АН –ын зөвлөл хуралдлаа. Мэдээж энэ талаарх мэдээллийг цацаад явах хүн тун цөөхөн. Харин Дугар бол эхлээд А-тай утсаар багцаалбал ингэж ярина.

Танайхан өнөөдөр юу хэлэлцэв ?

Нэг их сүрхий юм биш ээ…

Мөн сүрхий юм нуув аа. Ийм юм л ярьсан гэхчинэ билээ…Бас танай В ингээд, хариуд нь Г уурласан гэх чинь бил ээ…(Энийг бол таагаад л хэлчихнэ. Хэрэв их мэдээлэлтэй бол таагаад ч байх шаардлага байхгүй –Д.Г.)

Хэн тэгж байна ?

Танай Б чинь л тэгж байна лээ.

Балиар новш вэ ? Г л өөрөө эхлээд, дараа нь В уурласан байхгүй юу… Б ч гэсэн өөрөө зүгээр байгаагүй, Г-ийн талд ороод л солиороод байсан…

Одоо тэр энэ хурлаар юу хэлэлцсэн, хэн хэн гол үүрэг гүйцэтгэсэн, ямар шийдвэр гарсныг мэдэж авлаа. Дараа нь нөхцөл байдлаас болж Б, В, Г-ийн аль нэгтэй ярина. Ийнхүү хэдхэн утасдсаны дараа нам, төрийн нууц мууц гээч юм ор мөргүй болно. Энд хууль хуудас зөрчсөн юм огт байхгүй. Яагаад сониуч хүн танилаасаа юм асууж лавлаж болохгүй гэж ?!

Эндээс манай улс төрчид үнэхээр арчаагаа алдаж, бүлэглэлийн зөрчилдөө идэгдэж, яахаа мэдэхээ байчихсан маанаг новшнууд гэсэн цорын ганц л дүгнэлт гарна.

Монголын улстөрчид, түүний дотор өндөр дээд албан тушаалтнуудад ч ийм мэдээлэл байхгүй. Одоо энэ мэдээллийг аль намын хэнд, ямар хэмжээгээр өгөх л үлдэнэ.

Энэ мэтчилэн олон жилийн турш яваад ирэхлээр, бас энэ их мэдээллээ мартдаггүй болохоор монголын улс төрийн мэдээллийн нэлээд том зангилаа нь Дугар болж таарна.

Манайд хар мянган телевиз, радио, сонин, интернетүүд байвч мэдээлэлгүй бол юусан билээ. Мэдээллийг системтэйгээр тараадаг, цуглуулдаг албан ба албан бус субъект Монголд 20 орчим л байдаг гэж би олон удаа хэлж байсансан. Зарим хүн ойлгоогүй, бас ойшоогоогүй байх л даа.

Монголын олон улс төрч, намын дарга нар, тэр ч байтугай Ерөнхийлөгч хүртэл түүнээс мэдээлэл авдаг юм. Тэр ч байтугай Дугарын хэлж өгсөн санааг тоть шиг давтдаг толгойгүй новшнууд олон байх. Хэрэв үүнийг худлаа гэх тэнэг зоригтой хүн байх ахул нэр усаа ил тод хэлээрэй гэж хүсэх байна. Харин тэрийг чинь би хэлээд өгч чадна шүү. Яагаад гэвэл чухам энд л манай улс төрчдийн хууль зөрчсөн, хамгийн адгийн бохир заваан юм байдаг болохоор би ингэж байгаа юм.

Энд Дугарыг биш, харин төр засгийн эрх барина гэж улс төрд гарч ирчихээд тэтгэврийн өвгөнөөс мэдээлэл авч үлгэн салган цаг нөхцөөж байгаа арчаагүй төр, нам, улс төрчдийг л хараах ёстой.

Мэдээлэл бол бодит хүч

Өөрөө мэдээлэл байхгүй, байсан ч түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй болчихсон манай ихэнхи улс төрчид сүүлдээ Дугараас зөвлөгөө авдаг болсон нь нууц биш юм. Энэ жишээ манай төр төрлөг шинж чанараа бүрэн алдаж, төрийн түшээд нь мал шиг болсныг харуулахгүй гэж үү ?!

Энэ нь Дугарын гайхам чадвараас болсон уу гэвэл би огт тийм биш гэж хариулна. Яагаад гэвэл тэр нийгэмд системийн шинжилгээ хийж чадахгүй, улс төрийн хандлагын дүгнэлт гаргаж чаддаггүй, улс төрийн том баримт бичиг дээр ажилладаггүй юм. Харин өрсөлдөгч бүлэглэлүүдийн алийг нь дэмжих, алийг нь унагах ажил дээр хачин сайн гүйлгээ ухаантай.

Ийм байдал олон жилийн турш бие биенээ хулхидсаар байгаад итгэхээ байчихсан улс төрчид түүнийг ашиглах гэж оролддогоос үүсдэг.

Ухаандаа төрийн өндөр дээд албан тушаалтан А босс Дугарыг өрсөлдөгч Б рүү явуулж түүний юу хийж буй, юу хийх гэж байгааг мэдэх захиалга өгнө. Б нь А-гаа тагнахын тулд бас л Дугарын явуулна.

Уг нь нүүр нүүрээ харж байгаад хэрэлдэж, ойлголцож, маргалдаж, зөвшилцөж байж албан ёсны улс төрийн шийдвэр гаргах ёстой хүмүүс маань хууль ёсны эрх мэдлээ хаа хамаагүй хүнд сайн дураараа шилжүүлж байгаа нь хэнд ч тодорхой байна.

Ийнхүү монголын улс төрч А, Б хоёр Дугарын хэлж өгсөн мэдээллээр нам, төрийнхөө ажлыг хийнэ гэсэн үг л дээ. Үүнийг улс төрийн зүтгэлтнүүд нь энэхүү тэнэг үйлдлээрээ төрийн ажлыг гудамжинд гаргаж байна гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй юм. Телевиз радиогоор “бүлт бүлт” үсэрч, хөдөлгөөнийхнийг гудамжныхан гэж хочилдог манай улс төрчид ингээд л өөрсдөө гудамжинд гардаг юм даа.

Энэ тохиолдолд улс төрийн шийдвэрт нэн хүчтэй нөлөөлөх, зарим тохиолдолд шийдвэр гаргах өргөн боломж Дугарт олдож байгаа юм. Ийм боломжийг алдах хүн гэж байх уу даа.

Тухайлбал, 2004 онд манай томчууд бүгдээрээ шахам Дугараас зэрэг зэрэг “зөвлөгөө” авснаас болоод монгол төрийн эрх мэдэл Дугарын мэдэлд хэд хоног байсан нь бодит баримт юм… Олон хүн намайг худал ярьж байна гэж хэлэх байх, гэхдээ миний худлаа ярьдаггүй зан, баримталдаг зарчмыг харгалзаад нэг сайн эрэгцүүлээд үзээрэй л дээ.

Хэрэв Дугар Ерөнхийлөгч Н.Энхбаяртай болон улс төр-бизнесийн зарим бүлэглэлүүдтэй нийлсэн тохиолдолд юу болохыг уншигчид төсөөлж байгаа байх. Энд ч гэсэн Дугар бас л хууль зөрчөөгүй.

Харин сүүлийн хоёр жил Дугар Н.Энхбаяртай нийлж ихээхэн идэвхитэй үйл ажиллагаа явуулсныг би баталж чадна.

Атомын бөмбөг үү, цахилгаан станц уу ?

Энд хууль зүйн биш, ёс суртахууны асуудал гарч ирнэ. Мэдлэг мэдээллийг сайн, эсвэл муу зүйлд ашиглах нь цэвэр ёс суртахууны сонголтын асуудал юм.

Иргэний хөдөлгөөний тэмцлийн болон саяын сонгуулиар Дугарын гүйцэтгэсэн үүргийн талаар “Улс төрийн сонин”-д А.Баатархуяг нэн тодорхой өгүүлсэн болохоор надад нэмж хэлэх зүйл алга. Ямар ч гэсэн Дугар энэ үеэр М.Энхболдтой ихээхэн дотно холбоотой байсан.

Би хэсэг бусаг мэдээллээр дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ энэ нь тэр үеийн үйл явдлыг би болон миний нөхөд мэдэхгүй гэсэн хэрэг огт биш бөгөөд лав л нэр бүхий олон улс төрчид энэ заваан юманд хутгалдсан нь баримт юм.

Энэ удаад УИХ-ын сонгуулийн талаар товч өгүүлье.

Н.Энхбаяр энэ сонгуульд аль ч намыг ялуулахгүйг аль эртнээс оролдсон юм. Энэ нь түүний далд зөвлөх Дугар дээр дурдсан аргаар бие даагчдын ихээхэн том бүлгийг бүрдүүлсэн болон бусад олон үйлдлээр нотлогдоно.

“Иргэний Эвсэл” улс төрийн тэргүүлэх шинэ хүчнийг нэгтгэх гэж ихээхэн чармайлт гаргасан боловч энэ оролдлогууд бүтэлгүйдсэн билээ. “Иргэний Эвсэл”-ийг зарим талаар дэмжихийн хамт Ерөнхийлөгчийн шууд мэдэлд буй АН-аас илүү гаргахгүй гэсэн давхар тоглолт явагдаж байсан нь тодорхой байсан юм. Ингээд Дугарт ховсдуулсан амбици ихтэй улс төрч болох хэнээтнүүд “бие даах” нь дээр гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Тэдний олонхи нь энэ шийдвэрээ өөрөө гаргасан гэж бодож байж магадгүй боловч огт тийм биш гэж мөрийцсөн ч болох байна.

С.Баярын эсрэг чиглэсэн Н.Энхбаярын үйл ажиллагаа МАХН-ынхаа эсрэг төдийгүй, улс төрийн самуун, төрийн байгууламжийн задрал, нийгмийн хямралд хүргэх бодит аюул бий болгосон юм. Энэ нөхцөлд надад “Иргэний Эвсэл”-ийг хоёр намаас ижил зайд байлгахын хамт тодорхой хэмжээгээр Баярыг дэмжих шаардлага арга буюу үүссэн юм. Үүнээс болоод намайг С.Баярын талын хүн гэж олон хүн, түүний дотор Дугар дүгнэж байгааг би сайн мэдэж байна. Дүгнэж л байг. Зодолдлоо зодолдоо гэхэд муухай ч гэсэн төрөө нураачихаж болохгүй биз дээ.

Нэг нь цахилгаан станц барих гээд байхад нөгөө нь атомын бөмбөг хийж байна гэсэн үг л дээ.

Дугар бид хоёр хийгээд улс төрийн гаргалгаа

Би Дугартай гэмгүй сайхан харилцаж мэдээлэл солилцдог байлаа. Эрхбиш судлаач тулдаа намайг тагнах гэх нь хаашаа юм, цаг ямагт хянах, шалгах гэсэн зангаас нь болж түүнээс зам салсан юм.

“Би чамаар байнга тагнуулж чадахгүй ээ. Би чамгүй, чи надгүй амьдраад болоод л байсан биз дээ. Хоёр хөгшин хүн муудалцаад яахав дээ” гэж би түүнд шууд л хэлсэн. Амьдрал дээр эр хүний зам салах явдал бишгүй л байдаг. Энэ тохиолдолд нөгөө хүнээ муулаад, дайсагнаад явах ямар ч шаардлага байхгүй бөгөөд энэ ч гэсэн өөрөө ёс суртахууны асуудал юм. Дугар ч гэсэн ингэсэнд нь би баярлаж явдаг юм.

Ингэлээ гээд бид мэндтэй устай, хааяа нэг уулздаг байснаа нуух хэрэг юун. Гэхдээ л харьцаа нэг зэнзийрээд ирэхээрээ урьдынх шигээ биш, ёстой нэг тагнуулын яриа хийгээд л өнгөрдөг байлаа.

7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын байрны гадаа байсан хүмүүсийг алсаас удирдаж оролцсон нууц ноёнтнуудад ахиад битгий тэнэгтэж үзээрэй гэдгийг зориуд сануулж байна. Монгол жижигхэн, нууц гэж юм бараг байхгүйгээс гадна мөнгө, эрх мэдлээс хавьгүй илүү хүчтэй мэдлэг, мэдээлэл гэж нэг айхтар юм байдаг юм л даа

Энэ үеэр манай Дугар өөрийнхөө чадварт хэт эрдэж, нууц ноёдынхоо дэмжлэг, хамгаалалтад дэндүү их найдсанаар хэмжээгээ арай хэтрүүлчихсэн юм болов уу даа гэж би дүгнэж сууна…

Сүүлийн үед манай улс төрчид залуучуудыг золиосонд гаргадаг муу ёрын зуршилтай болчихоод байгаа. Энэ удаад тэднээс болж Ж.Батзандан, О. Магнай нар шийтгүүлэхийг би л лав тэвчиж чадахгүй…

Ямар ч гэсэн МАХН-ын байр руу дайрах ажиллагааг хэн нэгэн том хүн зохион байгуулж, нөлөөлсөн нь тодорхой бөгөөд энэ хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэгт би хатуу итгэлтэй байна. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй” гэдэг дээ. Ингэж дүгнэх ноцтой үндэслэл, баримт надад бий…

Албан ёсны арваад зөвлөхтэй, бүхэл бүтэн аппараттай байж төрийнхөө жолоог алдчихсан Н.Энхбаяр Дугарыг нэг мөсөн албан ёсны зөвлөхөө болгочихвол хавьгүй дээр л дээ… Ядахдаа аппаратынхаа хоолны савнуудыг цомтгоод төсвийн мөнгөө хэмнэхгүй юу ?! Манай далд улс төр ийм хөгийн, улс төрчид гэж нэг иймэрхүү л арчаагүй амьтад байдгийм даа, чааваас гэж…

Ингээд би улс төрийн дараах дүгнэлтийг хийж байна.

  • · Манай улс төрийн систем хямралаас задралд шилжлээ.
  • · Улс төр, нийгмийн замбараагүй байдалд нэг хүний үүрэг ихээхэн нөлөөтэй байна.
  • · Улс төрчид албан ёсны бүтцээ ашиглалгүй далд, бохир улс төр хийх болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
  • · Н.Энхбаяр болон бусад бүлэглэлүүд бохир үйлдлээ гарцаагүй үргэлжлүүлнэ.
  • · Бид Н.Энхбаярын байгуулсан авилгал, арилжааны төрийг халан солих ёстой.
  • · Үүнийг МАХН –ын дотроос л эхлэх боломжтой. Ингэж чадахгүй бол МАХН устана.
  • · Ямар ч тохиолдолд хямралаас гарах, үндэстнээ аврах шинэ үзэл санаа, үйлдэл хийх цаг болж байна.

Үүний тулд ил тод, албан ёсны улс төрийг бий болгох, төрийн хутгууруудыг эгнэгт зайлуулах гэсэн хоёрхон ажлыг эхлээд хийх ёстой…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 8 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ТЭТГЭВРИЙН ӨВГӨН ХИЙГЭЭД МОНГОЛЫН УЛС ТӨР

  1. mogican says:

    sonin gargalgaa bnshuu. tanii barag buh niitleliig unshij uzlee. uneheer analyse hiih taldaa ta bol mundag yum bnaa. yagaad ch yum tanii 2008 onii 7. 8 r sard bichsen niitlel deer hen ch setgegdel bicheegui baih yum.

  2. bi says:

    saiham\n bichjee 7sariin 1nii uchir iim bdag baijee tsagdaagiin darga nar tushaal ogson alban tushaaltnuudaa nerlechihmeer um neere

  3. Түвшин says:

    Их чухал гаргалгаатай мундаг нийтлэл боловч хүмүүс яагаад ч юм уншаагүй өнгөрчихсөн бололтой. Энэ холбоосыг хүмүүс одоо л харж байх шиг байна.

  4. Anonymous says:

    Айхтар өвгөн байна лээ.Гэхдээ миний бодлоор бол өвгөн бүгдийг сайн мэддэг болоод тооцоотой хөдөлж байгаа хэрэг.Та харин залуу хүний хувьд мөн судлаач мэргэжлийн хүний хувьд өвгөнөөс давж гарах хэрэгтэй.Өвгөн бол яг үнэнийг хэлсэн гэж бодож байна.Үнэхээр энэ улс орны их хөрөнгө Од Оджаргал гэх хүмүүсийн мэдэлд орж, түүнийг тойрсон нөхдүүд идэж ууж хоорондоо ичих нүүргүй нууц наймаа хийж байна.Үүнээс болж Монголын иргэд хохирч байна.Энэ улс төрчид бохир тоглолто зогсоохгүй бол африкийн орон болоход бэлэн болсон.

    • Anonymous says:

      Дүгнэлт бодит байдалд дөхсөн, зарим талаар батлагдсан байдаг. /МАХН задарсан, АН-ын фракцийн тэмцэл ахисан түвшинд хүрсэн г.м/

  5. Anonymous says:

    masktai hun uneheer mongoliin turd bugshsan buzar bulaig delgej bn le od odjargal 2 mongoliin shudnii uvchin bolood bn eniig buur yozooroor ni mult tatah heregtei 2 shunaliin tulam bolson shaaruud hamag gai tuutgeriin uud haalga bolj bn,uhaa hudagiig ted naraas avah heregtei tur l ym bol,ymaa medeed tegehgui bol buun mungunii bartsaand tavaad alga bolno,tegeed zogsohgui tom TT avah geed zutgeed bn,eniig boliulah heregtei hushignii ardah uls turiig meddeg humuusiin huvid ta buhen odoo l bugdiin il gargaj ard tumend hen ni hen be? gedegiig meduuleh yostoi 2 hugshin hun geed neg negiigee baalahiin orond uneheer hushignii ardah buhar uls turiig il bolgoj turd shigdesen buusuudiig shuurdej gargah tsag ni boljee!!!!

  6. mgg says:

    masktai hunees bolj nileen chuhal chuhal niitleluudiig hojim ch gelee olj unshij bn shu. Thanks mask.

  7. http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=203&t=190480 материалыг санаандгүй үзэж байгаа таны энэ өгүүллэгийг дахин уншлаа. Санал нэг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: