СОНГУУЛИЙН ДАРАА ТА НАР ЯАХИЙМ ?

Би улс төрийн нөхцөл байдлыг шинжилсэн цуврал өгүүлэл бичиж эхлээд байна. Нэлээд асуудлыг тодруулах, үнэлэх шаардлага гараад жаахан удаж байгаадаа хүлцэл өчье. Уг нь би дорх өгүүллийг энэ оны 1 дүгээр сарын 31-нд бичсэн юм. Нэг бичсэн юмаа сайтад дахин дахин тавиад байх нь тийм ч таатай асуудал биш боловч одоогийн нөхцөл байдалд түүнийг сануулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд би хүрлээ. Таныг нэг сайн эрэгцүүлнэ гэдэгт найдаж байна.  Харин шинэ өгүүллүүдээ удахгүй Таны сонорт хүргэнэ гэж аөмлаж байна.

Монголд сонгууль ярихгүй хүн алга болж. Зарим нь бүр амаараа, мөнгөөрөө УИХ-д аль хэдийн гарчихаж. 2004 онд 76, 99, 108 шилдэг улс төрчид шалгаруулж пиардаж байсан луйварчид ахиад л нөгөө муу ёрын ажлаа хийж телевиз, интернетээр улс төрчдийг уралдуулж, алалдуулж эхлэв.

Жижиг тойргийг судлахаа аядаж байсан хуурамч судлаачид аанай л том тойрогт судалгаа хийх арга зүйн шийдэлгүй болохоороо хүн луйвардахаас өөр аргагүй болов.

Улс төрд орох шуналаасаа болж мөнгөө ус шиг савируулж, ер нь хулхидуулж байвал таарах тэнэг хүмүүсийн мөнгийг хэмнэх үүрэг надад байхгүй учраас яалтай ч билээ.

Монголын улс төрийн систем задарч, нийгэм бүхэлдээ хямарсныг хүн болгон надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Энэ тохиолдолд улс орны хөгжлийн чиг хандлага, төрийн байгууламж, боловсон хүчин, нийгэм – эдийн засгийн бодлогыг өөрчлөх талаар ямар ч эрүүл ухаантай хүн, хүчин бодож төлөвлөх баймаар. Бидний хувь заяа онолын асуудал биш. Намайг ийм юм ярихаар битгий онолдоод бай гэнэ. Манайд ийм юмны үнэр ч алга. Ердөө л сонгуульд ялж, төрд орж аваад нэг сайн хулгай хийж авах гэсэн бирдүүд л байна. Төрийн энэ их хавтгай хулгай зэлгийг багасгая гэсэн цөөн ч болов хүмүүсийг үүнийг ухаарах болов уу.

За яахав сонгууль боллоо гэж бодъё.

МАХН. Энэ нам асар их мөнгөтэй. Тэрнийхээ ихэнхийг төсөвт суулгачихсан. Тэр нь бас Арвиных, Лүндээжанцангийн гэх мэтээр бараг хувьчлагдсан хэлбэртэй. Нам дотроо нийгэмчлэл явуулж, намын нэрсийн жагсаалтаар шахаж байгаад шинэ хүмүүс гаргаж ирэх цорын ганц арга нь пропорциональ систем байсан юм. Үүнийг нь хоёр намын луугарууд жадлан эсэргүүцсээр байгаад унагаж орхив.

Одоо МАХН –ын нэрсийн жагсаалтын төлөө олигархуудын тэмцэл, хуйвалдаан болох нь гарцаагүй бөгөөд энэ үйл явц С.Баярын хяналтаас гарч, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, М.Энхболд, Ч.Улаан нарын мэдэлд орох бодит хандлага бий болов. Энэ нь хамаг юм хуучнаараа явахын гарцаагүй цондон мөн. “Засгийн газрын эрлэг” хэмээх монголд байх цорын ганц мэргэжилтэн Н.Энхбаяр энэ бохир ажлыг аанай л хутгаж сууна.

.Баяр тэдний дургүйг их хүргээд байвал зэрэгцүүлж хүний нэр дэвшүүлээд МАХН-аа унагачихаж ч бас болно. Одоо эдэнд МАХН амин чухал хэрэгтэй эд биш.

МАХН-аас сонгуульд хэн нэгэн нэр дэвших болон ялах нь хот, дүүрэг, аймаг, сумын феодалуудын ааш араншин, мөн тэдний дээд бүлгүүдтэй тогтоосон холбооноос хамаарах болоод байна. Энд талбарт ёстой нэг дайн болж байна. Хуучин бол зөвхөн УИХ-ын суудлын төлөө дайтдаг байсан бол одоо орон нутгийн албан тушаалыг хамтад нь тооцон дайтдаг болжээ.

Энэ үзэгдэл нь Монголд хуваарьгүй ноёрхол тогтоосон бюрократ буюу төрийн алба бие даасан анги болон төлөвшсөнийг харуулж байна. МАХН-д даргынхаа эсрэг үйл ажиллагаа улам бүр зохион байгуулалттай болсоор байна.

С.Баярын нэр хүнд хурдан өсөж, олон нийт түүнд ихээхэн найдлага тавьж байгаа нь судалгаагаар харагдаж байна. Харин хачирхалтай нь МАХН –ын болон Засгийн Газрын рейтинг үүнийг дагаж олигтой нэмэгдэхгүй байна. Энэ нь МАХН доторх С.Баярын эсрэг хүчнүүд нэгдэх шалтгаан болж байгаа нь тодорхой байна.

Хаа очиж цаг хугацаанд хавчигдаж төгс хэлбэрт нь оруулж чадаагүй боловч Баярын “Таван төгөлдөржилт”-ийн үзэл санаа шүтэн барилдлага сайтай, алсын хараатай, бодлогын шинжтэй болсон цорын ганц баримт юм. Харамсалтай нь үүнийгээ дэлгэрүүлж, цогц үзэл баримтлал болгох тал дээр тэднийхэн дэндүү үхээнц, арчаагүй ажиллаж байна. Ямар ч сайхан үзэл санаа гаргасан дүүрчихсэн хулгайч нараасаа салах ажлыг зэрэг хийхгүй бол нэг их амжилт олохгүй л болов уу.

АН. МАХН-ын сүүдэрт энэ нам бүдэгхэн харагдаж буй боловч дотоод байдал нь туйлын хүнд байна. “Алтан гадас” гэгч ёрын фракци Н.Энхбаяртай нийлэн МАХН-ыг ёстой нэг сүйдэлж байна. Тэд МАХН-тай тэмцэхээ аль хэдийн больсон бөгөөд харин ч МАХН-тай нийлэн гуравдагч хүчнийг зайлуулах хамгийн адгийн аргуудыг хэрэглэж байна. Хамгийн сүүлд тэд ИЗН-ыг сонгуулийн амьгүй болгов.

МАХН-тай хамгийн ойр ажилладаг Д.Алтанхуягийг Бодлогынхоо зөвлөлийн дарга болгов. Үүнд МАХН баярлаж байна гэж жигтэйхэн. Ингэж “Монголд зөвхөн хоёр нам хэрэгтэй” гэж Н.Энхбаярын нөхдүүдийн олон жилийн турш үглэсэн зорилго биеллээ олж, МАХН, АН хоёрын хуучин концерт эхэлж байна.

ИЗН. Энэ нам С.Оюуны нэрээр олон жил явсан бөгөөд одоо рейтинг нь өсдөг ч үгүй, багасдаг ч үгүй байнга 2,4 – 4 хувьтай болчихсон юм. Саяхан тэдний зарим лидерүүд Засгийн Газарт орсон нь зарим талаар зөв ч байсан байж магадгүй. Гэхдээ ямар ч улс төрч сонгууль дөхөхөөр намаа барааддаг жамтай атал ИЗН-ын лидерүүд Засгаа барааддаг болжээ. Аль алинийг нь хийгээд байж болмоор л юм. Том ч бай, жижиг ч бай аливаа намыг итгэж, найдаж, ажил үйлсэд нь зүтгэдэг өчнөөн олон гишүүн байдаг. Зарим хүний дүгнэж байгаагаар ИЗН-ын лидерүүд нам болон эдгээр олон гишүүдээ хаячихаж.

Харин миний бодлоор ИЗН-ын лидерүүд цаашдын сонголт дээрээ эргэлзэж байгаа болов уу. Ямар МАХН, АН-тай нэгдэнэ гэлтэй биш. Сэтгүүлч Н.Дугарын “Дээдсийн хүрээлэн” сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд энэ нам удаж, эргэлзэж, тээнэгэлзэх тусмаа хамгийн ноцтой бөгөөд том алдаа гаргадаг аж. ИЗН энэ сонгуульд дангаараа орвол ганц хүнийг л УИХ-д оруулж магадгүй гэдгийг би судлаач хүний хувьд баталгаатай хэлж чадна. Арай боломж сайтай байсан ИЗН-ыг оргүй устгах гэсэн АН-ын стратегийн хорлолыг ойлгоогүй зарим хөөрхийлөлтэй нэгэн нь бид УИХ-д суудалтай, Засгийн эрх барилцдаг нам гээд томрохоос өөр чадаж байгаа юм нэг ч алга. Зургаан сар “том” байгаад ч яах юм билээ дээ, хөөрхий гэж. Чамбай, харьцангуй нэр хүнд сайтай энэ нам хэдхэн сарын дараа өнгөрөх нь бололтой. Харамсалтай л юм.

Ногоон Нам. Хөдөлгөөн, нам хоёрын завсрын байдалтай, харьцангуй идэвхи султай байсан Ногоон Нам Иргэний Холбоотой нөхөрлөж, даргаараа “Форумын” гэгдэх Д.Энхбатыг тавьснаар эрчимтэй хөдөлгөөнд оров. Сэхээтний зангаар юмыг няхуур боддог, хүнийг ултай сонсдог, элдэв янзийн савалгаа байхгүй энэ эрийн удирдсан намд ихээхэн ирээдүй бий. “Бүх юмыг цэвэр хийнэ” гэсэн Энхбатын зарчим туйлын зөв боловч манай угаадас шиг улс төрд энэ нь ялагдал хүлээх гол шалтгаан болж магадгүй л юм. Цаадуул чинь тэгж “алах” гээд байна гэж сануулаад байхад хүртэл нэгэнт тохирчихсон юм чинь гайгүй байлгүй дээ гэсээр байгаад хэд хэд алдсан юмдаг. Хүнийг ямар бохироор яв гэлтэй нь биш. Нийгмийн оюунлаг сэхээтнүүд голдуу цугласан энэ намд мэдэмхийрэх, цэцэрхэх, номчирхох, философдох явдал нэн түгээмэл. Энэ нь нөгөө сүрхий үзэл баримтлал гээчийг гаргахад дөхөмтэй боловч дандаа ингээд байвал бодит ажил хохирно гэдгийг ухаарах цаг нь болсон баймаар.

ИХН. Дүлий царцанги нийгмийг цочрооход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Батзанданг би одоо ч гэсэн хүндэтгэж явдаг. Магнай тэр хоёр байгаагүй бол яах ч байсан юм, ёстой бүү мэд.

Хэдэн сарын өмнө иргэний хөдөлгөөнүүд нэгдэх талаар хэд хэдэн уулзалт хийсэн юм. Батзандан нэгдсэн шинэ намын дэд дарга болъё гэж байсан санагдана. Гэтэл тэр гэв гэнэт Иргэний Хөдөлгөөнүүдийн Нам (ИХ) –ыг дангаараа байгуулав. Гэвч тэнд нь Иргэний хөдөлгөөнүүд нэгдсэнгүй. Гэв гэнэт их мөнгөтэй болдог, гэв гэнэт улс төрийн баримжаа нь өөрчлөгддөг зэрэг гэнэтийн юмаар энэ намын амьдрал дүүрэн. Тэдэнд санхүү, нам болон төрийн байгуулалтын талаар өндөр мэргэжлийн хүмүүс тусалж байдаг нь бүр ч их сонирхолтой. Дандаа олон түмний жагсаал, цуглаан зохион байгуулсаар байгаад том, алсын юмыг бага анхаардаг болчихсон юм уу даа.

Нэгдэл ба эвсэл

Яг одоо судалгаагаар МАХН,АН-ын нийлбэр хатуу рейтинг 40 гаруйхан хувь байгаа. Энэ нь улс төрийн гуравдагч, нарийн яривал тэргүүлэх хүчнийг олон түмэн дэмжихэд бэлэн байна гэсэн үг.

Иймээс одоо жижиг намууд нэгдэх, эвсэх талаар ид ярилцаж байна. Зарим нь эвсэл болбол задардаг, энэ шал дэмий гэнэ. Зарим нь нэгдэх хэрэгтэй, гэхдээ манай намыг тойрон хүрээлж нэгд гэнэ. Зарим нь чи намаа татан буулгачихаад над руу хүрээд ир гэнэ. Даргын суудал дээр бол бүр ярилтгүй. Зарим нь удирдах байгууллагаа 50: 50 хувиар бүрдүүлье гэтэл манайх зуун жилийн өмнө байгуулагдсан, бас УИХ- д суудалтай учраас манайх илүү олон төлөөлөлтэй байх ёстой гэнэ. Ихэнхи 1-3 хүнтэй, зарим нь 10 орчим хүнтэй бүлгэм ч хүрэхгүй юмаа нам гэж нэрлээд л томроод байна даа. Нуугаад яахав, манай монголчууд чинь их зовлонтой улс шүү дээ.

Энэ нь ямар нэг баримталсан үзэл санаа байхгүй, түүнийг тойрон нэгдэж чаддаггүй, зохион байгуулалтын энгийн дүрмийг мэддэггүй, дүрмээр тоглож чаддаггүй, бодит боломжоосоо өөрийн үнэлгээ нь олон дахин өндөр болчихсон, бие биенээ ойлгох, хүндэтгэх сэтгэл, дадал байхгүй монгол менталитеттэй холбоотой.

Тэргүүний, дэвшилтэт үзэлтэй, оюунлаг, тулхтай хүчнээ тойрон нэгдэх бодит, жам ёсны үйл явцад ганц нэг хүний хувийн хүсэл, эргэлзээ саад болж чадахгүй нь тодорхой юм.

Суудлаа яаж хуваахав ?

МАХН болон АН-ын том жижиг бүлгүүд, түүнчлэн жижиг намуудын ярьдаг ганц яриа нь энэ. Зарим нь бүр тойргоо дараад хэвтчихсэн байх жишээтэй. Жишээлбэл, Хан –Уулын Загджав бараг өндгөө харамласан тогоруу шиг л байна лээ.

За Та нар суудлаа хуваачихжээ, тэгээд сонгууль боллоо гэж саная. Тэгээд Та нар яах юм ?!

Энэ амархаан. Санаагаа сонгуулийн хөтөлбөртөө оруулаад л гүйцээ гэнэ байх л даа. Та нарын сонгуулийн мөрийн хөтөлбөр ч гэж юу байлаа, түүнийгээ биелүүлдэг ч гэж хаа байлаа.

Суудлаа хуваасан бодлогогүй нөхдүүд төрийг яаж балладгийг бид харахаараа нэг болсон. Ажил төлөвлөж хийхээсээ өмнө суудлаа хуваасны чинь гай одоо гарч байгаа нь тэр. Одоо суудлаа хуваахаасаа өмнө хийх юмаа бодож болохгүй юм уу ?

Цааш нь намууд аль нэг харьцаагаар парламентын суудлыг хуваагаад авчихлаа гэж бодъё.

Нүүрлэн буй системийн хямралд шинжлэх ухааны бодит шинжилгээ хийгээгүй, хямралыг даван туулах гарц болон алхмуудыг томъёолоогүй цагт энэ адгийн нөхцөл байдлыг хэнбугай ч арилгаж чадахгүй.

Нийгмийн захиалга огт өөр болсон үед суудал хуваах хуучин тоглоом чинь дэндүү инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй байна. Хэрэв Та нарт улс орноо бодох сэтгэл зүрх, тархи толгой гэж байдаг бол сонгуулиас цаашихыгаа бодох цаг, нөхцөл нэгэнт бүрдчихээд байна. Наанадаж ард түмнийхээ орлогыг нэмдэггүй юмаа гэхэд ядаж хулгай хийхгүй, цаанадаж улс орныхоо ирээдүйг ядахдаа 3–4 жилийн алслалтаар харж чадахгүй бол улс төр мөр гэж давхиж ямар үхсэнээ хийнэ.

Улиг болсон бодлого

Манайд “Мянганы хөгжлийн зорилт” байна, энэ нь НҮБ-ын баримт бичиг юм. Дээр нь “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн Цогц бодлого”-ыг Ерөнхийлөгч УИХ-аар батлуулах гэж улайран зүтгэж байна. Энэ цогц бодлогыг дагаад 10 гаруй үндэсний хөтөлбөр батлах гэж байна. Үүнийг нь энэ хөгийн УИХ батлавал Монгол Улс ёстой цогцоороо сөнөнө дөө. Мөн Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Y Бага хурлаас баталсан “Ардчилал, сайн засаглал ба иргэний нийгэм” гэсэн “Улаанбаатарын Тунхаглал” байна. Энэ тунхаглалын дагуу Монголд ардчиллыг хөгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр” байна. Бас “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр” байна. Эдгээр нь бүгдээрээ олон улсын байгууллагуудын мөнгийг залгисан олон улсын баримт бичиг болно. Цааш нь салбарын болон чиглэлийн хөтөлбөр, бодлогыг нэмбэл ямар ч хүний толгой үл хүрнэ.

Ийм олон сайхан бодлоготой байхад яагаад хөгждөггүй хаашаа янзын улс байдаг байна аа, бид.

Үүний учир нь монголоо хөгжүүлэх сэтгэл зүрх, оюун ухаан, эрдэм мэдлэггүй атлаа төрөөс зөвхөн хулгай хийх гэсэн улс төрчдийн нийтлэг үзэл, үйлдэлд оршино. Үүнээс болж Монгол Улс сөнөж байна.

Ялзарсан таараар туг хийж, бохир мөнгөө багсайлгаж, чанга, гоё орилж байгаад хуучнаараа давхиад орчихвол энэ сонгууль чинь нийтийн самуун болно шүү.

Хариу өгөх хүнгүйг чинь мэдэж байгаа хэдий ч Сонгуулийн дараа яахийм гэж би Та нараас даапаалан асууж байна. Харин энэ асуултад хариу өгөх улс төрийн шинэ хүчин хамар дор чинь бүрэлдэж байна. Монголд чинь Та нараас аль ч талаараа илүү хүмүүс байдаг юм шүү дээ…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 1 дүгээр сарын 31.


About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: