С.БАЯРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

Улс төрийн системийн хямрал, сонгуулийн будлиан, 7 дугаар сарын 1-ний болон түүний дараах үйл явдалд монголын улс төрийн аль ч хүчин үнэлэлт дүгнэлт өгөөгүй байсан юм. Харин С.Баяр улс төрийн диагностика, прогностика хоёрыг хослуулахыг оролдсон үнэлэлт дүгнэлт анх удаа өгөв. Энэ талаар саналаа өгүүлсү.

Долдугаар сарын 1-ний үйл явдал манай улс төрийн системийн задралын оргил цэг болж, хямралыг задралд оруулав. Өөрөөр хэлбэл Монголын нийгэм стандарт бус байдалд аль хэдийнээ орчихоод байна.

Монголын нийгэм аноми буюу гаж байдалд орж, манай улс төрийн систем нийгмийн аль ч үйл явцыг удирдаж, түүнд нөлөөлж чадахаа байсны бодит үр дүн гарч байна. Энэ нь УИХ-ын сонгуулиар буюу 7 дугаар сарын нэгэнд гэнэт гараад ирсэн юм биш, олон жил хуримтлагдсан системийн гажгийн бодит үр дүн мөн. Цөөн жишээ авъя.

  • 1989 онд социалист БНМАУ дэлхийд нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улсаас 72 дугаар байранд байсан бол одоо 170 – 180 дугаар байранд орж байна. Энийг чинь ямар ч хүн социализмаасаа долоо дордсон гэнэ биз дээ.
  • Эхлээд Монгол Улс малаа тоолж чадахаа байсан юм. Энэ ч яахав дүүрч. Асар удалгүй хүнээ тоолж чадахаа байв. Хэдэн иргэнтэй, хэд нь гадаадад байгаа, хэд нь ядуу байгаа, хэн хэнд нь тэтгэвэр тэтгэмж өгөхөв гэдгийг мэдэхгүйгээр төрийн бодлого, нийгмийн хамгаалал, халамж ярих нь угаасаа утгагүй явдал болно. С.Баярын “Таван төгөлдөршил”-ийн нэг нь хүнээ тоолох асуудал байсан юм. Олон хүн үүнийг ойлгосонгүй, мөн олон хүн түүнийг дарахын тулд амин чухал энэ ажлыг сурсан зангаараа нураав. Сонгуулийн будлиан ч үүнтэй шууд холбоотой юм.
  • Ноднин Гиннесийн номд ормоор нэгэн онигоотой үйл явдал болж Монгол Улс төрийн албан хаагчдын тооллого явуулав. Уг нь цөөн хүн амтай, ажилд авсан, халсан тушаал, цалингийн цэс байхад л хэдэн авилгач түшмэдийнхээ тоог олчихно гэж ямар ч хүн бодно. Гэтэл тийм биш юм аа, манай тэнэгүүд чинь тоолж байна гээч. Хэдэн түшмэдээ иргэний болон ажлын газрын үнэмлэхийг нь бариулж байгаад ширээ ширээнд нь суулгаж байгаад тоолсон гэж Та нэг бодоод үз дээ…

Хэдэн түшмэдтэйгээ мэдэхээ байчихаад мал шиг тоолж байгаа нам, төр улс орныг яаж удирдах юм ?! Дордоно дордоно гэхэд үүнээс дор байж боломгүй. Өөр тоймгүй олон жишээ мэдээж байгаа боловч нам, төрийн хямрал, дампуурлын цар хэмжээг дээрх гурван жишээнээс бэлхнээ харж болно.

С.Баярын нэр томъёо

С.Баярын илтгэлээс үзэхэд тэр үнэнд гүйцэгдсэн нь илт байна. Саяхан болтол тэр монголын улс төрийн систем хямралд орсныг эрс үгүйсгэж байсан юм. Зорилго тодорхойлох нь битгий хэл, асуудлыг үнэн зөвөөр дэвшүүлэн тавих боломж, бололцоо энэ болтол түүнд олдоогүй байсан байх…

Ингээд Б.Баярын илтгэл дэх өвөрмөц сонин хэллэг, нэр томъёонуудыг аваад үзье.

· Түүхэн боломжийг ашиглаж чадахгүй байсны гол шалтгаан нь…улс төрийн маргаан, зөрчил, сөргөлдөөн улсын маань хөгжлийг чөдөрлөсөөр ирсэнд оршиж байна.

· Давын өмнө Монголын нийгэм өнөөдөр хариуцлагын тогтолцоог үгүйлж байна.

· Монголын нийгмийн улс төр “Инээдмийн ТҮЦ”-ийн гол сэдэв зүй ёсоор болсоор байгаад эцэстээ эмгэнэл болон нийгмийг цочроов.

· Бид улс төрийн ээдрээгээ шийдэхгүй түүхэн боломжоо алдах аваас…хоцрогдол ухралт болно.

· Ажилгүйдэл, ялангуяа нийслэл хотод гүн хямралын үеийнхээс дор хэмжээнд байна.

Дээрх дүгнэлтүүдийг эсэргүүцэх хүн бараг байхгүй хэмээн би санана. Харин хамгийн сонирхолтой нь ийм цогц дүгнэлт МАХН-ын индэр дээрээс хэзээ ч гарч байгаагүйд оршино. С.Баяр “улс төрийн ээдрээ”, “түүхэн боломж” мэтийн шинжлэх ухааны бус нэр томъёо хэрэглэсэн хэдий ч монгол орны улс төрийн систем гүн гүнзгий хямралд орсныг хүлээн зөвшөөрөв.

Дөрөв дэх хувьсгал

С.Баярын илтгэлийн дөрөв дүгээр бүлэг “Хийх ёстой түүхэн сонголтын тухай” гэсэн гарчигтай. Өнгөц үзвэл энэ нь жирийн нэг л үг шиг санагдана. Харин дотор нь бол хувьсгалтай дүйхүйц ихээхэн ноцтой олон санааг тэр өгүүлсэн байна.

Илтгэлд өгүүлснээр бидний монголчуудад сүүлийн 100 жилд дөрөв дэх түүхэн сонголт тохиож байна. 1911, 1921, 1990 онуудыг тэр дурджээ. Харин одоо бол шинэ сонголт хүлээж байгааг тэр шулуухан хэлжээ. Энэ бол хурдан ч бай, удаан бай хувьсгал хийнэ гэсэн хэрэг юм…

Бараг түүний зөв. Гэхдээ түүний улс төрийн бодит гаргалгаа нь дутуу, үйлдэл нь одоохондоо тодорхойгүй байгаа учраас бараг гээд байгаа юм. Ингээд тэр “дөрөв дэх түүхэн сонголт”-ын талаар юу гэж өгүүлснийг авч үзье.

· Өнөөдөр бид бас нэгэн ийм сонголтын өмнө ирээд байна.

· (Бид) салаа замын уулзварт ирээд байна.

· Монгол Улсын төр засаг, улс төрийн намууд хөгжлийн талаарх бодлогоо шинэчлэн тодорхойлж…үр өгөөжээ өгөхүйц тогтолцоог бүрдүүлэх

· Монгол төрийн “хар хайрцагны” бодлогоо бид хамтаараа дахин нэг сайн дэнслэх… шаардлага тулгарч байна.

· Монгол орон ухрах, урагшлахын торгон зааг дээр ирээд байна.

· Төрийн машин нэг бол мөнхийн гацаатай байдаг, нэг ажиллавал хяналтгүй дураараа эргэдэг эрүүл бус ийм байдал нүүрлэсний гайгаар бид асар их боломжийг алдлаа.

· Улс төр гацаанаас гарч, Монголын төр хөл толгойгоо олох…

· Төр засаг үймж байх хооронд…

· Монгол төрийн ажлыг өөд нь татахгүй бол бид хол явахгүй нь ээ.

· Түүхийн шийдвэрлэх шинж чанартай цаг мөчид дахин тулж ирээд…

· Энэ санаа бол Монгол орны түүхэн онцгой нөхцлөөс урган гарсан…

Хэрэв дээрх дүгнэлтийн дагуу улс төрийн бүх үйл ажиллагаа явагдвал Монголд улс төрийн “зөөлөн” хувьсгал гарцаагүй хийгдэх болно.

Ямар ч гэсэн улс орны нөхцөл байдалд улс төрийн зөв үнэлэлт дүгнэлт өгсөнд нь түүнд баяр хүргэх хэрэгтэй. Энэ ч гэсэн улс төрийн арчаагүй орчинд ихээхэн зоримог үйлдэл гэдгийг би сайн мэднэ.

Гэхдээ харьцангуй зөв үнэлэлт дүгнэлт бол бүх юм сайн болчихлоо гэсэн хэрэг биш нь хэнд ч ойлгомжтой.

ДУТУУ Л БАЙНА ДАА…

С.Баярын илтгэл улс төрийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх гэсэн анхны оролдлого мөнөөс мөн боловч системийн шинжилгээний орчин үеийн аргуудыг бүрэн ашиглаагүйг дурдах нь зүйтэй. МАХН-д шинжлэх ухаан гээч юм оргүй болчихсны гор нь гарч байгаа нь энэ.

Даргынхаа таван төгөлдөршлийг (инноваци) арван хоёр болгодог хүмүүс цааш нь хэд ч болгохыг хэн мэдлээ. Манайхан сайн юмыг ингэж байгаад сөнөөдгийг би ямар мэдэхгүй биш. Миний мэдэж байгаагаар МАХН-д инновацийн талаар онолын мэдлэгтэй хүн бараг байхгүй.

Ямар ч гэсэн МАХН-ын 12 төгөлдөршилттэй сонгуулийн хөтөлбөр хуучинсаг сэтгэлгээний дээд илрэл болсон юм. Түүнийг нь “бутартал” шүүмжлэх гэж байснаа Н.Энхбаярын хорлогчинтой үйлдлээс болоод орхичихсон юмсан.

Мэдээж илтгэлийг хийхэд Б.Даш-Ёндон, Г.Чулуунбаатар, С.Одхүү нарын тэргүүлэх эрдэмтэд оролцсон боловч гол ажлыг нь С.Баяр өөрөө хийсэн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Улс төрийн бодит нөхцөл байдлын улмаас зарим дүгнэлтийг хэлээгүй, бүдэгрүүлсэн, зөөллөсөн тал илт ажиглагдаж байна. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад ингэдэг явдал байдаг. Цаана нь хэлээгүй олон санаа байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Ийм арчаагүй байдлаар цаашид яваад байх боломж шавхагдсан гэсэн С.Баярын санааг би үнэхээр дэмжиж байна. Н.Энхбаярын “Үндэсний хөгжлийн Цогц бодлого” гэсэн хог новшны оронд ТӨГӨЛДӨРШИЛТ-өө хийсэн нь манай үндэстэнд илүү дээр гэдэгт ямар ч эргэлзээ алга. Тэгээд тэрийгээ гүйцэд хэлэхгүй дүлэгнээд байгааг би улс төрийн бүлэглэлүүдийн зөрчилтэй холбон үзэж байна.

С.Баярын улс төрийн зорилгын гол санаа зөв боловч дутуу л байна гэсэн дүгнэлтийг би хийж байна. Мэхээ дутуу хийсэн бөх шиг болчихгүй бол ч…

Улс төрийн задрал

Илтгэл ч яахав тавиад л өнгөрнө. Харин түүнийгээ хэрэгжүүлэх л хамгийн хэцүү дээ. Учир нь С.Баяр гоё илтгэл тавьснаар олигархи бүлэглэлүүд тарчихаагүй, тэдний зөрчил арилчихаагүй байгаа. Иргэний жинхэнэ болон хуурамч хөдөлгөөнүүдийн эсэргүүцэл бодитой байгаа.

Харин ч орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ нь улам гаарч галзуурлын байдалд орох нь дамжиггүй юм. Дээр нь эдийн засгийн бэрхшээлүүд нэмэгдээд ирэхлээр ёстой нэг хөгийн юм болно доо…

Мэдээж улс төрийн энэ дампуурлыг С.Баяр бий болгоогүй боловч эзэд нь хэвээрээ байж л байгаа. Байхаар барахгүй УИХ, гол намууд, нэн ялангуяа МАХН дотор хамгийн их байгаа…

Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгууль дуустал, өөрөө хэлбэл Н.Энхбаярыг зайлуулаагүй цагт С.Баяр төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэг юу л бол ?!

УИХ, Засгийн газраа байгуулаад авчихвал хамаг юм болоод явчих мэт санаж байвал их эндүүрэл болно. Нэгэнт нүүрлэсэн хямралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй…

Монголын нийгэм –улс төрийн систем миний нэрлэж буйгаар стандарт бус байдал, С.Баярынхаар “онцгой нөхцөл” –д орчихсон байна. Стандарт бус байдлаас зөвхөн стандарт бус аргаар л гарч болдог юм…

Энэхүү стандарт бус арга гэгчид 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үнэлэлт, хамтарсан засгийн газрын зэрэг олон асуудал орно гэж бодож байна.

Олон хүний анхаарал хамтарсан Засгийн Газрын асуудлыг надаас буруу юу, зөв үү гэж асууна байх. Хуулиар бол буруу, “онцгой нөхцөл байдлын” үүднээс бол зөв. Үнэнээ хэлэхэд би нэмэх, хасахыг нь дэнсэлж байгаа боловч одоохондоо баттай дүгнэлтэд хүрээгүй байна. Бодвол энд эдийн засгийн шуурхай арга хэмжээ, сонгуулийн амлалтын биелэлт, хамгийн гол нь орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн мэдээж нэн таагүй үйл явдлууд нөлөөлөх нь гарцаагүй юм.

Хамгийн гол нь улс төрийн хандлагын дүгнэлт хийж, зорилгыг ямар нэг хэмжээгээр тодорхойлсонд асуудлын гол оршино. Одоо түүнийгээ хийх л үлдэж байгаа бөгөөд энэ нь С.Баярын зориг эрмэлзлээс шалтгаална. Гэхдээ түүнд саад болох хүн, бүлгүүд бэлэн байгаа бөгөөд Та нар ч гэсэн тэднийг сайн мэднэ дээ…

Шинэ байшин барихаасаа өмнө нурч байгаа байшиндаа даруулчихалгүй шиг байвал зүгээрсэн. Хамгийн хэцүү юм энэ л байдаг бөлгөө…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 9 дүгээр сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to С.БАЯРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

  1. Daria says:

    Сайн байна уу

    Таны нийтлэлийг эхнээс нь уншиж байгаа.
    Энэ нийтлэлээс тодруулах зүйл байна.

    С.Баяр нийгмийг өөрчлөх зөв бодлого явуулж байсан уу?
    Мөн түүнтэй холбоотой Г.Уянгын тавьсан хэрэг хаашаа эргэх бол?

    Хүндэтгэсэн

    Дариа

    • Ганаа says:

      1. С.Баяр 2007 оны 12-р сард Ерөнхий сайд болсон учраас 2007 оныг “ажил хийсэнд” тооцохгүй. 2008 онд сонгуулийн ажилд орсон нь мэдээжийн хэрэг…Ингээд 7-р сарын 1 болгосны дараа 2008 оны 9-р сард Эвслийн Засгийн Газраа бүрдүүлсэн. Ингээд ердөө 1 жил ажиллаад 2009 оны 10-р сард Сү.Батболдод намын дарга бөгөөд Засгаа шилжүүлсэн. Ингэхлээр С.Баярт “тавтай тухтай” ажиллах боломж байгаагүй гэж бүрэн итгэлтэй хэлж болно. 2. Г.Уянгын хөндөж тавьсан асуудал ноён С.Баярын ааш араншингаас хамаарна…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: