АЛЬ МАХН НЬ ВЭ…

Орон нутгийн сонгууль гэж нэг хөгийн юм болж, УИХ –ынхаас долоон дор дайн хийж байна. Хэдийгээр ийм өвчин байдгийг би сайн мэдэхгүй боловч монголчууд бид сонгуулийн донтой болж байгаа мэт санагдана…Ингээд оношлохыг оролдъё…

Төвийн хийгээд орон нутгийн засаглал

Засаглалыг төвийн хийгээд орон нутгийн гэж ангилдаг. Бидний сайн муу хэлж, харааж өрөөж, шүтэж, бас тэмцэж байдаг монголчуудын төр гэж нэрлэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг мэдэхгүй хэн байхав…Эднээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байдаг төрийн олон байгууллагууд энэхүү төвийн засаглалд орно.

Дараа нь нутгийн өөрөө удирдах ёс гэж бидний нэрлэдэг одоо сонгож байгуулах гээд байгаа бүх байгууллагуудыг орон нутгийн засаглал гэж нэрлэнэ. Энийг ч бас бүгдээрээ мэднэ дээ.

Энэхүү төвийн болон орон нутгийн засаглал хоёр зохицон ажиллаж баймаажин л төр гээчийн гаргасан шийдвэр сая нэг амьдралд хэрэгждэг юм. Одоо болтол төр гэдэг юм нь шийдвэр гаргадаг, тэр шийдвэр нь салбарласан, шаталсан, мэргэшсэн, олон түвшний олон байгууллагын гар нийлсэн ажиллагаанаас хамаардаг юм. Үүнийг улс төр судлалд артикуляци гэж нэрлэдэг. Яг энэ асуудал дээр манайхан бүтэц л яриад байхаас биш, функци гэсэн хамгийн гол юмыг нь ярьдаг ч үгүй, мэддэг ч үгүй. Энэ үгийг хааяа үйл ажиллагаа гэж орчуулдаг боловч утга нь монгол хэлэнд буудаггүй юм. Одоохондоо зориулалт, үүрэг, зорилт гэсэн гурван ухагдахууны нийлбэр гэж л бүдүүн тоймоор хэлэхээс биш дээ.

Анатоми яривал заавал физиологийг ярьдагтай адил эд л дээ. Төвийн засаглалын шийдвэр заавал орон нутгийн засаглалаар дамжин амьдралд хэрэгждэг бөгөөд одоо хэрэгждэг хууль, биелдэг шийдвэр гэж ор мөргүй алга болсон нь энэхүү функци байхгүйтэй (функционал хамаарал ч гэдэг –Д.Г.) шууд холбоотой юм.

Төр хаана дуусч, нийгэм хаана эхэлдэг вэ гэсэн бараг гүн ухааны асуулт энд үүсдэг юм л даа. Өөрөөр хэлбэл орон нутгийн засаглал бол шууд утгаараа төр биш гэсэн утга энд бий. Манайд бол сум, багийн засаг дарга нар байтугай хорооны нийгмийн ажилтан нь БИ ТӨР гэж солиорох хэмжээнд хүртлээ асуудал гажжээ.

Энэ гаж нөхцөлд орон нутгийн сонгууль олигтой болно гэж л лав байхгүй. Ардчилсан Намыг бол одоо ярилт байхгүй. Сонгууль болгоноор сайн дураараа очиж МАХН-ын өвөрт унтчихаад намайг хүчиндээд байна гэж орилдог хүүхэн бол янхнаас долоон дор л гэж би хэлэх байна.

Иймээс МАХН-ыг л ярих хэрэгтэй болно доо. Хэдийгээр үлэмж эргэлзээтэй боловч Монголын нийгэмд шинэчлэл гээч зүйл болдог л юм бол МАХН дотроос л гарна. Энд МАХН-ыг магтсан гэж намайг зэмлэхгүй байх найдна. Үнэн нь тийм юм чинь…

Удирдахад амархан байдгийм…

1992 оны 8 дугаар сард УИХ “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг гаргасан юм. Эндээс л эхлээд хамаг юм бантан болсон доо.

Жишээ авъя. Энэ хуулинд: “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж анх заасан. Энэ бол социализмын юм болгоныг үзэн ядаж нурааж байсан үе байсныг онцлон дурдаж байна. Хуучны БНМАУ засаг захиргааны хувьд 18 аймаг, 3 хот, орон нутгийн 17 хоттой жирийн нэг улс байлаа. Энэ хуулиар бүх хотуудыг аймаг болгов. Орон нутгийн хотуудыг бүгдийг нь устгав. Говьсүмбэр гэсэн ганцхан сууринд аймаг болох хувь заяа ногдсон юм. Энэ ч гэсэн завхрал байсан.

Одоо ч гэсэн Дархан хот, Эрдэнэт хот, Зүүнхараа хот гэхэд юу нь болохгүй байна. Аль ч улсад хэмжээндээ тохирсон хотууд байх бөгөөд эдгээрийг улсын хэмжээний болон орон нутгийн хот гэж хуваадаг юм.

Цомхон нутаг дэвсгэрт төвлөрсөн, мал аж ахуйгаас өөр олон юм хийдэг, нийгмийн зохион байгуулалтын уламжлалт хэлбэрээс хавьгүй илүү дэвшилттэй нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийг л би хот гэж ойлгоод гээд байгаа юм л даа. Мэдээж шинжлэх ухааны өөр олон тодорхойлолт байгаа ч гэсэн манай нөхцөлд энэ нь илүү ойлгомжтой гэж санана.

Энэ хуулийг тэр үед хариуцаж байсан, саяхан гэрээсээ 76 мөнгөн аягаа алдсан Ж.Бямбадоржоос би тухайн үед: “Чи чинь Дархан, Эрдэнэт хотгүй Монгол Улсыг төсөөлөөд үз дээ” гэж асууж байсан минь тэмдэглэгдэн үлджээ. Тэр нөхөр хариуд нь: “Бүгдийг нь адилхан аймаг болгочихвол удирдахад амархан байдгийм” гэж хариулж билээ. Одоо бүгдийг нь дайны байдалд оруулчихаад ёстой амархан удирдаж харагдаач…

Аа бас тэр үед Зөвлөлтийн гэсэн юм болгоныг устгаж, төрт ёсны уламжлалаа сэргээнэ гэж бөөн юм болж байсан юм байна. Баахан түүхчид, хажуугаар нь баахан мэдэмхий юмнууд гарч ирээд ёстой нэг солиорч өгсөн дөө. “Та нар төрт ёсны уламжлал гэдэгтээ Хүннү, Чингис, Богд хааны үеийн алийг нь яриад байна” гэж асуухад л “уламжлалаа мэдэхгүй муу хоцрогдсон амьтан” гэсэн хоч шууд л зүүчихдэг байна ш дээ. Уг нь уламжлал гэдэг бол хамгийн тодорхойгүй ойлголтын нэг байдаг юм л даа.

Ингэж байгаад толгойдоо орсон “уламжлал”-ынхаа дагуу орон нутгийн засаг захиргааг байгуулсан санаатай. Чингэхдээ нөгөө муу нэртэй социализмын үед Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Зүүнхараа, Налайх, Багануур, Чойр зэрэг манайдаа л тов гэсэн хотууд байгуулсан гэдгээ марчихсан байгаа юм даа…

Юун сүртэй юм, хотыг аймаг гэж нэрлээ л биз гэж зарим нөхөр одоо хэлж болох юм. Сөнөөсөн л юм даа, гэхдээ энэ бол жичдээ ярих сэдэв юм аа.

Цорын ганц хот

Энэ бол мэдээж Улаанбаатар. Цэвэр социологийн утгаараа Улаанбаатар хот маань 1960 –аад оноос л сая нэг орчин үеийн хотын дүртэй болсон юм. Хотыг хүний тоо ч биш, газар нутаг ч биш, бүтээн байгуулалт л тодорхойлдог юм.

Мэдээж Оросыг дуурайж нийслэл, дүүргийн зохион байгуулалтад орсон. Москвагийн нэг дүүрэг дунджаар 2 сая хүнтэйг жишээд үзэхэд манай дүүрэг ч чааваас л байна.

Тухайн үед МАХН төвлөрүүлэн удирдаж байсан болохоор хот, дүүргийн ажилд шууд л оролцдог байсан. Энэ хэт их оролцоог багасгаж, тодорхой эрх мэдлийг нийслэл дүүрэгт нь олгох нь мэдээж хэрэг зөв байсан. Гэхдээ энэ нь тэднийг бүр мөсөн хараа хяналтаасаа гаргана гэсэн үг огтхон ч биш байлаа. Гэхдээ л алдаж орхисон юм даа. Яагаад ?

МАХН нийслэл, дүүрэгт хуваагдаж, түүгээрээ дамжуулан удирддаг байлаа.

Энд МАХН-ын боловсон хүчний системийн давуу болон дутагдалтай тал оршино. Давуу тал нь хамгийн чадалтай нь яам, газруудад, түүнээс арай доогуур нь нийслэлд, бүр муу нь дүүрэгт ажилладаг зарчимтай байсан. Ер нь боловсон хүчнийг анхан шатнаас нь эхлүүлэн шат дараалан дэвшүүлэх зарчим бол манай нөхцөлд хамгийн тохирсон хэлбэр байсан нь одоо ч илт харагддаг.

Ардчилал ялснаас хойш төвийн засаглалын төлөө улс төрийн дайн үргэлжлэх болж иргэдийн ч, төрийн ч хамаг анхаарал түүнд чиглэх болов. Их Хурал, Засгийн Газар унах гэж байхад юун аймаг, нийслэлтэй мантай. Манай онцлогийг огтхон ч үл мэдэх барууныхны дэмжлэгээр нэг хэсэг “Төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр” гээд сүйд майд болж байсныг олон хүн санаж байгаа байх. Харамсалтай нь одоо энэ хөтөлбөрөө ХЗДХЯ нь ч олохоо байчихсан нь бас баримт юм. Чаддаг юм бол гаргаад ирээрэй л дээ. Ингээд манайд төвлөрлийг сааруулсан уу гэдэг асуулт ихээхэн эргэлзээтэй болж байгаа юм.

Эхлээд нийслэл өмч хувьчлал, дараа нь газрын наймаагаар ихээхэн хүч чадлыг олов. Дээр дурдсан төвлөрлийг сааруулах, орон нутгийг бэхжүүлэх уриан дор дүүргүүд ч ихээхэн эрх мэдэл олсон нь ийм байдалд хүргэсэн юм. Гэхдээ газар нутгаасаа шууд зарчихдаг нутгийн удирдлагын байгууллага энэ дэлхийн хаана ч байхгүй байх…

Өнөөдөр л гэхэд дархан цаазтай Богд хан ууланд газрыг зөвшөөрөлгүй 300 гаруй аж ахуйн нэгж ажиллаж, улсын хэмжээнд 5000 гаруй хайгуулын, 1000 гаруй ашиглалтын лицензыг гадаадынхан ашиглаж байгаагаа нэг их төрийн нууц мууц гээд байвал нэр нэрээр нь гаргаж болох л юм…Энэ нь манайд нутгийн удирдах ёс бүрэн дампуурсныг тод харуулдаг.

Нийслэл, дүүргээ ахиад ярихад тэдний орлого нь өмч хувьчлал, газрын наймаа, зам гэхчлэн нийслэлийн элдэв тендер, бас бараг ёс заншил болтлоо хөгжсөн авилгын сүлжээ байдаг юм. Мэдээж энэ нь ихээхэн далд сүлжээнд байдаг гэж дарга нар боддог боловч Монголд ямар нууц юм гэж байх биш дээ…

Орон нутгийн байгууллагуудыг эхлээд төвийн засаглалын зүгээс эвдрэлд оруулсан юм. Миний тэрийг ч энийг ч ажилд аваач гэсээр байтал нутгийн удирдлагын байгууллагууд томчуудын амраг садан, үр хүүхдээр дүүрэн болчихсонд хамаг лай ланчиг оршдог юм.

Яваандаа төвийн засаглалын эсрэг орон нутгийн, ялангуяа нийслэлийн засаглал бүрдэж эхлэв. Үндсэн Хуулийн дагуу Монгол Улс унитар буюу төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс байтал хэрэг дээрээ аймгуудын буюу дүүргүүдийн холбоо гэсэн хачин гаж хувиралд орсон юм.

Ямар ч хяналтгүй учраас нийслэл, дүүрэгт байх нь эдийн засгийн үр ашгийн хувьд бараг УИХ-ын гишүүнээс илүү болсон учраас л үхэн хатан дайтаж байгаа нь энэ юм.

Нийслэл дүүргийн төрийн захиргааны алба нь боловсрол, соёл, туршлага, мэдлэг гээч юм огт хэрэг байхгүй цорын ганц бохир газар болно. Энд байгаа ганцхан шалгуур нь аль нэг хүчтэй даргыг дагаж далдганах явдал л болно.

Тэгээд хийх юм нь олдохгүй болохоороо “Баянгол дүүргийн дуу”, “Чингэлтэй дүүргийн цагдаагийн дуу” гэх мэтчилэн хэнд ч хэрэггүй новшийн юм зохиохдоо сайныг нь яана.

Жишээлбэл Баянголчууд бол утаа, хогон дундаасаа:

“Эрин зууны аялгуунд түрлэг өргөн нэмсэн

Айзам яруу дуутай

Ирээдүйн гэгээн бүхний түүхийн хүрдийг эргүүлэх

Ашдын сайн мөртэй

Бид Баянголчууд аа”

гээд дуулаад байх л үлдэж байгаа юм.

Харин Хан –Уулынхан бол ширгэж байгаа Туул, шингэрч байгаа Хан-Уулаа харж байгаад:

Хүүхэд төрж, ирээдүйд дөтөлсөн

Хэтийн заяатай Хан-Уул дүүрэг (ээ)

Хан –Уул (аа) манай дүүрэг

Хаа холоос санах нутаг (аа)

гэж дуулна шүү дээ.

Дүүргийн дуулал гэж нэрлэдэг энэ юмыг нь би тэдний вэб сайтаас авсан юм шүү. Энд хоёрхон жишээ байгаа ч цаадуул чинь бүгдээрээ дуутай. Энэ тэнэглэлийг дуурайгаад хөдөө сумдад есөн хөлт цагаан туг хийж дөвчигнөх бол энүүхэнд болсон.

Улсынх нь Ерөнхийлөгч 10 уул тахиж болоод байхад нийслэл, дүүргийнхэн яаж дутахав. Ингээд л уул овоо тахина, бурхан, суваргууд хаа сайгүй босгоно. Энэ чинь XXI зуун гэж хэлээд байхад лам хар нь мэдэгдэхгүй маанаг юмнууд орон нутгаар пиг дүүрэхээр ажил нь уналгүй яадаг юм…

Ингээд л цорын ганц нийслэл маань бие даасан дүүргүүдийн (аймгуудын) нийлбэр болчихож байгаа юм даа. Энийг феодалууд уламжлалаа сэргээж байна гэж нэрлэх байх. Харин би бол XXI зууны шинэ феодализмын бутрал л гэж нэрлэнэ.

Аль МАХН нь вэ ?

Одоо болох сонгуульд МАХН ялах нь тодорхой. Нэр нь МАХН болохоос биш, нидэр дээрээ АН-тай холилдсон олон бүлэглэлүүдээс бүрдэж байгааг хүн болгон мэднэ. Тэгэхлээр МАХН-ын бүлэглэлүүдийг сонирхсон нь дээр байх.

МАХН хуучнаар бол номенклатур, одоогоор бол бюрократ ангид тулгуурлаж байдаг юм. Эерэг болон сөрөг аль ч утгаараа МАХН –д хамгийн хүчтэй бүлэглэл бол мэдээж хэрэг Улаанбаатар.

Энд удаагийн сонгуулиар УИХ-ын сонгуулиар үлдсэн өвдөл цөвдөлүүд, Бюрократ ангийнхаа эрх мэдлийг хадгалан үлдэх гэсэн хууччуул, Шинээр тэнд орох гэсэн баячууд гэсэн 3 үндсэн бүлэглэл цусгүй тулалдаан хийж байна. Дүүрэг нь нийслэлээ, нийслэл нь МАХН-аа “идэх” шинэ тулалдаан эхэлж байна.

Төвийн засаглалыг МАХН –ын дарга С.Баяр атгаж чадсан бол орон нутгийн засаглалыг тэндхийн феодалууд одоохондоо барьж байна. 1996 онд төвийн засаглалыг “Ардчилсан Холбоо” эвсэл авсан боловч орон нутгийн засаглалыг МАХН авснаар төвийн засаглалын ямар ч шийдвэр хэрэгжих бололцоогүй болсноор Ардчилсан хүчин сэхэшгүй ялагдал хүлээж билээ.

Тэхээр төвийн болон орон нутгийн засаглал салах нь хандлагын хувьд нэг их хүсээд байхаар зүйл огт биш.

МАХН –д Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нарын бүлэглэл л голлох үүрэгтэй. Бусад нь яах вэ тэдний дунд давхиж яваа салмарсан дарцагнууд.

Эдний аль нь ч яллаа гэсэн МАХН-ын нэртэй орон нутгийн засаглалынхаа зүгээс эсэргүүцэлтэй тулгарвал үхлээ л гэсэн үг болно. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхэлсэн бөгөөд улс төрийн том тоглолт чухам үүнийг л тойрон явагдаж байна даа…

АН-ын гарцаагүй ялагдал нь Ц.Элбэгдорж дахин босч ирэх сүүлчийн боломж болох юм. Тэр МАХН –ын эсрэг сөрөг хүчин зохион байгуулах оролдлого гарцаагүй хийнэ. Нарийн яривал Алтангадасын эсрэг намаа босгохыг бодно. Ингэж байж л тэр ирэх жилийн сонгуульд үзнэ шүү дээ.

Н.Энхбаяр МАХН-ын эсрэг бүхий л хүчээрээ тэмцэж байгаа боловч нэгэнт гишгэх тулгуургүй болчихоод байна. Түүний мэдэлд байсан Авилгалтай тэмцэх газар зэрэг хууль, хүчний байгууллага түүнээс нүүр буруулж байгаа баттай мэдээ байна. Дарга нь байсан хүн МАХН-ынхаа эсрэг тэмцэнэ гэж олон хүний толгойд орохгүй боловч хэрэг дээрээ Н.Энхбаяр МАХН-тай бараг хоёр жил тэмцэж байгаа нь баримт юм шүү…

М.Энхболдыг Улаанбаатарыг атгадаг гэж бодвол том эндүүрэл болно. Энэ бүлэглэл сэтгүүлч А.Баатархуягийн онож хэлснээр дээд эрэмбийн улс төрд шалихгүй. М.Энхболд эрх мэдлээ хадгалан үлдэх гэсэн хотынхны хаа сайгүй тарчихсан мөнгөн усны дуслуудыг нэгтгэж амжих нь юу л бол…Мөнгөн усанд хордож залхаад хорьчихоод байхад чинь цуглуулах гэдэг бол их л аюултай даа…

Одоо хүн болгон С. Баярын дарангуйллын тухай ярьж байна. Гэхдээ юм үнэнээрээ сайхан байдаг. Хөл толгой, эх захаа олохоо байчихсан манай аноми (гаж) нийгэмд эмх цэгц, дэг журам тогтоох гэж тэр чармайж байна. Энийг би л лав буруу гэж хэлэхгүй. Энэ бол дарангуйлал биш. Өөрөөр хэлбэл одоохондоо С.Баярын дарангуйлал эхлээгүй байна. Жинхэнэ дарангуйлал чинь Н.Энхбаярын үед байсан юм. Гэхдээ эмх цэгц тогтоох ажил нь хэмжээнээсээ өчүүхэн төдий л гажвал мэдээж дарангуйлал болох нь гарцаагүй юм. Энэ хоёрын торгон заагийг олох ч их зовлонтой доо.

”Үндэсний хөгжлийн Цогц Бодлого”-ыг дагавал С.Баяр  өөрийнхөө “Таван төгөлдөршил”-ийг  орхихоос өөр аргагүй болох бөгөөд энэ тохиолдолд тэр шууд л хоёрдугаар Н.Энхбаяр болох нь гарцаагүй юм. Энэ ч С.Баярын хувьд тийм ч таатай зүйл биш байх шүү…

За ингээд энэ сонгуулийн ирц бараг хүрэхгүй ч гэсэн аль нэг МАХН-ыгаа сонгоод байж дээ…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 10 дугаар сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: