МЕТАФОР БУЮУ ХУВИРАЛ

Орон нутгийн сонгууль гэж нэг новшийн юм нь болдгоороо болж, заваардгаараа заваарч байна. Эндээс би ч, бас Та ч гэсэн нэг их гойд юм хүлээгээгүй гэж санана. Энэ бол Монгол төрийн системийн задралын нэг л жишээ. Цаашдаа ч хачин хачин юм олон болно доо…
Системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй гэж би мянган удаа хэлсэн санагдана. Харин энэ удаад улс төрд ч, Та бидний хэн хэнийх нь үзэл, үйлдэлд гарсан зарим хувирлын тухай мэдээлэл зүйн үүднээс ярих гэсэн юм.

Мэдээллийн сүлжээ
Монголд олон хүн улс төрийг мэддэг гэж боддог, тэр хэмжээгээрээ бараг хүн толгойтой бүхэн түүнийг тайлбарладаг юм. Ардчилал эхэлсэн эхний үед олон ургалч үзэл гараад хар мянган сонин, сэтгүүл, телевиз гарав. Энэ нь ч сайн хэрэг байлаа. Манайд цоо шинэ зүйл гарч ирж байгаа нь энэ. Үүнийхээ үр шимийг ч бид чамгүй хүртсэн, нэг их муу хэлэх юм биш. Гэхдээ л энэ бол тооны өөрчлөлт байлаа.
Мэдээлэл гэдэг нь зүгээр л бэлэн юмнаас шүүрээд, сонгоод авах ч юм уу, аль эсвэл юу дуртайгаа донгосоод байх гэсэн хэрэг огт биш билээ.
Сүүлийн жилүүдэд нийтийн мэдээллийн олон хэрэгсэл үүсч, бас устав. Энэ нь цаашдаа үргэлжилнэ байх, гэхдээ чанарын хувьд.
Энэ хугацаанд мэдээллийн салбарт дараах том өөрчлөлтүүд гарчээ.
• Нийтийн мэдээллийн хэрэгсэл бие даасан бизнесийн салбар болон хувирав.
• Нийтийн мэдээллийн хэрэгсэл ерөнхийдөө сүлжээний байдалд оржээ.
• Мэдээллийн сүлжээ улс төрийн том бүлэглэлүүдийн мэдэл, хяналтаас шууд хамаарах хатуу монополь байдалд оржээ.
• Нийгмийн томоохон ач холбогдолтой, хандлагын шинж чанартай гол том мэдээллийг 20 гаруйхан хүн буюу бүлэг мэдэлдээ авчээ.
• Интернет гарснаар шүүмжлэлт болон сөрөг хандлагатай мэдээллийн олон голомт үүссэн боловч энэ нь хэт таруу, сарнисан шинжтэй байна.
• Интернетийг ч хүртэл монопольчлох, хянах хандлага бий болов.
• Монголд мэдээллийн терроризм бодитой бий болов.
Хүн болгон яриад байх, ээлжилж ярих, хэн хэн, юу юуг ярих гэдэг нь ихээхэн учиртай зүйл боловч энэ дээрх хандлагуудаас болоод бүгдээрээ эх захаа бүрэн алджээ.
Мэдээллийн хаос
Онолын сурах бичгүүдэд аливаа нийгмийн (хүмүүсийн) анхаарлын төвд 5 – 8 асуудалд байдаг гэж үздэг. Миний туршлагаас үзэхэд монголын нийгмийн анхаарлын төвд 2 – 3 асуудал л орж чаддаг ба яаж ч хичээсэн үүнээс илүү гардаггүй юм. Ухаандаа бид Хонгорын асуудлыг хоолтойгоо холиод идчихсэн. Олимпийн аваргуудынхаа алдар сууг бараг мартаж эхэлж байна.
Одоо юу байна гэхээр орон нутгийн сонгуулийн будлиан, дахин сонгуулийн асуудал; С.Баярын үйлдэл, түүний томилгоо; үнийн өсөлт, 1,5 саяын асуудал л байна. Ердөө л гуравхан багц асуудал.
Тэгээд л бид чинь энэ гурвыгаа л тойруулаад яриад байна даа. Түрүүчээс нь мартаад л дараачаас нь яриад байна гэсэн хэрэг л дээ.
Улс төрийг хөл бөмбөгтэй зүйрлэвэл хөл бөмбөг нь зодоон болж, багууд нь холилдож, өөрийнхөө хаалганд хүртэл бөмбөг оруулж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хөл бөмбөг биш болсон. Улс төр нь улс төр биш болсон.
Энэ тохиолдолд аль нэг хөл бөмбөгчнийг юм уу, түүний багийн үйлдлийг тайлбарлах боломж бараг үгүй юм.
Хэвлэл мэдээллийнхнээс Та нар зодоон тайлбарлаж байгаа юм уу, хөл бөмбөг тайлбарлаж байгаа юм уу гэж асуувал шууд хариулах хүн олдохгүй л байх. Ард түмнээс ингэж асуувал бүр ч долоон дор юм болно. Мэдээж би МАХН, эсвэл АН –ын хөгжөөн дэмжигч байна гэж хариулах л байх. Зарим нь аль алинд нь дургүй гэж хариулна.
Үндсэн хоёр баг (нам) нь холилдчихсон болохоор олон түмэн хий дэмий л гоол гоол гээд бархираад, үзээд л, сонгоод л байна даа. Тэр гоол нь цэвэр эсэх, тоглолт дүрмийн дагуу болж байгаа эсэх нь одоо бараг хамаагүй болж байна.
Сүүлийн үед С.Баяр гэсэн МАХН багийн ахлагч гарч ирэв. Тэрээр АН-ын багийн Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг хүнийг аваад багтаа оруулчихав. Үлдсэн хэсэг нь эмх замбараагүй тоглолт хийхчээ болж байна. Энэ багийг Н.Энхбаяр шууд дасгалжуулж байна. Хуучин МАХН багийн ахлагч байсан тэрбээр хуучин хэдэн хүнээ далдуур дасгалжуулж МАХН-аа сүйтгэж байна.
Улс төрийн системийн задралын энэхүү бодит байдал нь мэдээллийн салбарыг, улмаар нийгмийг хаост оруулдаг юм.
Шинжлэх ухаан хийгээд сэтгүүл зүй
Бид сурсан зангаараа улс төрийн хөл бөмбөгийн зодооныг тайлбарлахыг оролдох нь угаасаа утга учиргүй хэрэг болж хувирчээ.
Олон хүнд хараалгуулна гэдгээ мэдэж байгаа хэдий ч манай хэвлэл мэдээллийн анализ дүгнэлт бол ердөө л хараал магтаал хоёрын холимог бөгөөд материаллаг шуналын боловсронгуй хэлбэр мөн. Ний нуугүй хэлэхэд манайд 20 гаруйхан сайн сэтгүүлч байдаг ба одоо тэдний ч гэсэн нөөц боломж шавхагдах талдаа байгааг би сайн мэдэж байна.
Цагдаа ярихаар генерал, хурандаа нар нь уурладаг шиг сэтгүүл зүй ярихаар сэтгүүлчид маань уурлахгүй гэж найдаж байна.
Хэдэн жилийн өмнө амар байж. Нэг үйл явдал болмогц л сурвалжлагч оператор хоёр давхиж очоод л гүйцээ. Сонинд бол бүр амархан, ганц сурвалжлагч хүүхэн байхад л хангалттай. Дандаа ярилцлага хийнэ шүү дээ.
Дээр дурдсан хувирлын үр дүнд одоо энэ аргын боломж шавхагдаж байна. Учир нь цаад улс төрчид нь зурагдсан пянз шиг юмнууд болчихсон, хэзээ худлаа хэлж, хэзээ үнэн ярьж байгаагаа өөрөө ч мэдэхээ байчихсан юм чинь арга байж уу…
Гадаадынхны жишгээс харахад телевизийн нэг нэвтрүүлэг, сонины нэг сурвалжлагчийн цаана эрдэм шинжилгээ, мэдээллийн анализын маш олон хүнтэй баг ажилладаг юм байна лээ.
Сэтгүүл зүйн хамгийн сайн нөхөр нь шинжлэх ухаан байдаг ба энэ хоёр бие биенээ орлодоггүй, харин цаг ямагт хамтран ажиллаж ирсэн юм. Харин бид салгаж орхижээ.
Ингэснээр шинжлэх ухааныг улс төрч, сэтгүүлч хоёр орлож, энэ нь мэдээлэл зүйн арчаагүй байдалд орох нэг гол хүчин зүйл болсон байх…
Мэдээллийн зууны эрин үед мэдээллийг багаараа задлан шинжилж, гол гогцоо асуудлыг барин авч, олон түмний анхаарлыг түүн рүүгээ татаж, тэр ч байтугай нийгмийн ухамсар, хөгжлийн хандлагыг тодорхойлж, бас залан чиглүүлж болдог. Энийг чинь л дөрөв дэх засаглал гээд байгаа ухаантай юм л даа. Улс төртэй огт холбоогүй ч олон нийтэд түгээж буй нийгэм, зугаа цэнгэлийн нэвтрүүлэг хүртэл бүх юм шинжлэх ухаанжиж байна, цаана чинь.
Болж байгаа адгийн үйл явдлаа дагаад л тайлбарлаад байвал бид хамтдаа доошоо яваад л байх нь гарцаагүй юм. Ухаандаа УИХ-ын болон саяын орон нутгийн сонгуулийг тайлбарлаад, дээр нь хоорондоо талцаад хэрэлдээд байх нь одоо бол ямар ч ашиггүй юм. Гэхдээ энэ нь зүгээр орхичихно гэсэн үг огт биш л дээ. Энэ сонгуулиуд хамгийн адгийн заваан зүйл болсон гэдгийг сэтгүүлч, судлаач төдийгүй, дурын хүн мэдэж л байгаа шүү дээ. Нэгэнт хүн болгон мэдэж байгаа юмыг бичиж юугаа хийнэ.
Тэгэхлээр бид болж буй үйл явдалд арай илүү дээд эрэмбийн шинжилгээ заавал хийж сурах ёстой. Одоо чухам энэ л дутагдаад байна даа.
Өөр дээрээ жишээ авахад би цаг ямагт сэтгүүлчдийн сайн нөхөр байж ирсэн. Гэхдээ л “Улс төрийн сонин”-оос бусад нь надтай тогтмол хамтарч ажиллахыг хэзээ ч бодож байгаагүй.
“Ганаа ахаа, Танаас ярилцлага авах гэсэн юм”, “Та энэ явдлыг юу гэж дүгнэж байна” гэсэн нэг удаагийн үйлдэл л голдуу хийнэ дээ. НМХ-ийнхэн цаг зав муутай, ганц олигтой дугаар, сенсацитай нэвтрүүлэг, галзуу сурвалжлага хийх гэж үйлээ үзэж явдгийг би сайн мэднэ.
Ганцаараа ажиллах бидний сурчихсан энэ арга үнэхээрийн явцгүй болсныг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой байх. Тэхээр шинжлэх ухаан, сэтгүүл зүй хоёрыг “гэрлүүлье” л дээ.
Чухамхүү үүнийг л хийж чадсан тун цөөхөн НМХ тэсэж үлдэнэ гэж би баталгаатай хэлж чадна.
Нийгмийн нөхцөл байдлыг шинжлэн өнөөгийн хөсрий, новшийн байдлыг өөрчлөх тухай ярих цаг чухам одоо л болж байна.
Энэ тухай би залхтлаа ярьсан бөгөөд цаашдаа ч ярих л болно. Энэ бол зодоон болон хувирсан хөл бөмбөгийг биш, харин улс төрийн дүрмийг өөрчлөх, дүрмийн дагуу тоглодог болгох, эцсийн дүндээ улс төрийг аятайхан болгох асуудал байх болно. Уг нь би нэг их онол монол яриад байдаггүй хүн ч гэсэн яг энийг ярихаар л онолддог, номын цагаан солиотой, хувийн өш хонзонтой, шизотой нэр зүүчихдэг юм.
Би олон сэтгүүлч, нийтлэлчидтэй олон жил хамтран ажиллаж байгаа хэдий ч тэдний мэргэжлийн нарийн ширийн зүйлийг одоо болтол ойлгодоггүй юм. Үүн лугаа нэгэн адил тэд нар ч гэсэн шинжлэх ухааны нарийн задлан шинжилгээ, системийн дүгнэлт бараг л хийж чадахгүй дээ.
Ингэхлээр ганц л арга үлдэж байгаа бөгөөд энэ нь сэтгүүл зүй, шинжлэх ухаан хоёр байнга, тогтмол, удаан хугацаанд хамтран ажиллах явдал болно. Энд би асуудлыг хялбаршуулах үүднээс өөрийгөө шинжлэх ухаан, сэтгүүлчийг сэтгүүл зүй гэж нэрлэчихээд маанагтаж суугааг няхуур уншигчид анзаарч л байгаа байх. Шинжлэх ухаан, сэтгүүл зүйн олон олон төлөөлөгчид багаараа ажиллаад сурчихвал мэдээллийн шинэ зуунд юунд ч үл дийлэгдэх хүч болох нь гарцаагүй юм.
Дээд эрэмбийн мэдээлэл
Аливаа юмыг холоос, ойроос, мөн олон талаас нь харж болно. Энэ болгонд нэгтгэн дүгнэх арга нь бас л хязгааргүй олон янз байна. Микроскоп барьчихаад од дурандах, телескоп барьчихаад микроб дурандах огт боломжгүй. Бид яг л ийм зүйл хийгээд байгаа юм.
Мэдээллийн эрэмбийг бүдүүн тоймоор боловч төсөөлөхийн тулд шинжлэх ухаанд дэс дараалан ойртох (холдох) гэж нэрлэдэг нэг л аргаар жишээ авъя.
Нэгдэх ойртолт. Социалист систем задарч Монгол Улс тэдний нэгэн адил улс төр, нийгмийн өөрчлөлт хийж шилжилтийн үеийг дамжжээ
Хоёр дахь ойртолт. Монголд улс төрийн системийн өөрчлөлт болж, МАХН, АН ээлжлэн засгийн эрхийг тасралтгүй барьж иржээ.
Гурав дахь ойртолт. МАХН болон АН-ууд бүлэглэлүүдэд хуваагдаж тэмцэлдэхийн хамт эрх ашгаараа нэгдмэл олигархи анги болон бүрэлджээ.
Дөрөв дэх ойртолт. Хоёр нэртэй нэг нам, улмаар төрд хэдхэн гол хүмүүс шийдвэрлэх нөлөөтэй болж, тэдний бохир үйлдэл улс төрийн системийн хямрал, задралд хүргэжээ. Энэ нь 7 дугаар сарын 1-ний үйл явдал, сонгууль, амьжиргааны түвшин, гэмт хэрэг зэрэг олон шинж тэмдгээр илэрч байна.
Тав дахь ойртолт. Г.Загджав, бас нөгөө тэр тэр сонгуулийг ингэж тэгэж будлиулжээ. Ж.Бямбадорж 76 мөнгөн аягаа алджээ. Цагдаа нарыг шийтгэлээ. Залуучуудыг шийтгэв. Н.Энхбаяр ахин Ерөнхийлөгч болох гэж намуудыг хутган үймүүлж байна.
Энэхүү түвшин бүрийг олж харах, нэгтгэн дүгнэх, шинжлэх аргууд тус тусдаа маш олон янз байх бөгөөд алийг ашиглах нь түвшин болон нэгтгэн дүгнэх зорилтоос шалтгаална. Мөн түвшин тус бүрд болон тэдгээрийн хооронд бараг хязгааргүй олон үйл явц болж байдгийг энд ярих нь илүүц биз.
Манайхан дөрөв буюу тав дахь түвшинг шимтэн сонирхдог бөгөөд үүнээс цааш бараг үл сонирхоно. Бас дээр нь түвшин бүрийг нь ёстой нэг шавар зуурч байгаа юм шиг хутгана даа. Ингээд ирэхлээр эхлээд улс төрчид, дараа нь НМХ нь бараг бүгдээрээ шахам толгой нь эргэчихсэн мангуунууд болж, улмаар олон түмэн ч гэсэн сэтгэлгээний доройтолд ордог юм.
Ингэхэд бид чинь нийгмийн өмнө биш юмаа гэхэд хойч үеийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн юм байгаа биз дээ.
Энд л бидний тархины тураал, үйлдлийн мунхаглал байдаг. Хэрэв эхний хэдэн түвшинд ярих буюу тэдгээрийг зааглах гэж оролдвол “амьдралаас хол”, “орчин үеийг мэддэггүй”, “номын цагаан солиотой” болж таарна даа. Худал хэлж хулгай хийхийгээ “амьдралд ойрхон”, “орчин үе” гэж нэрлэдэг болсон юм биз дээ.
Судлаач Д.Ганхуягийн “номын цагаан солиог” дуудаад дуудаад хэнд нэмэртэй, хэнд ашигтайг ёстой бүү мэд. Энэнээс болоод надад л лав хохирч холцорсон юм байхгүйдэг. Харин хуруу дарам цөөн системийн аналитикуудынхаа дүгнэлтийг аваагүйгээрээ манай нийгэм л илүү хохирсон байх.
Оюун сэтгэлгээний доройтлын туйл болсон “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” –оо магнайдаа нааж байгаад арчаагүй новшийн төр засгаа задралаас аварч харагдаач…

Судлаач Д.Ганхуяг
2008 оны 10 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: