МОНГОЛЫН “НОМТОНГУУД”

Манай монголчуудын оюун санааны амьдрал, сэтгэлгээ нь их өвөрмөц. Нийгмийн оюун санааны амьдралыг шашны ухамсар, гүн ухаан, ёс суртахуун, гоо зүй болон урлаг, үзэл суртал, эрхийн ухамсар, шинжлэх ухаан зэрэг бүрдэл хэсэг тус бүрээр нь нь аваад үзвэл монгол хүний толгойд чухам аль нь илүү байж, тэрбээр алинийх нь дагуу үйлддэгийг ёстой Бурхан л мэдэх байх.

Бүгдээрээ “номтой” монголчууд

Аль ч улсын аль ч хүнд дээр дурдсан бүрдэл хэсгүүд өөр хоорондоо холбогдож, холилдож “оюуны соёл” гэсэн ухагдахууныг бий болгодог. Харин Өрнө, Дорно, эрт эдүгээгийн хамаг юмыг бүгдийг нь хольчихсон нь манайх шиг улс ховор л байх.

“Ном” гэдэг монгол үгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ энэ нь тоймгүй олон утгатай. Бидний уншдаг, цагаан дээр хараар бичсэн зүйлийг мэдээж ном гэнэ. Хэрэв “За дарга аа, бүх юм “номоороо” явж байгаа шүү дээ” гэж далбигнавал тэр нь “технологи” маягтай зүйл болоод явчихна. Бас “Уг номоороо бол… ийм байдгийм” гэж мэдэмхийрвэл энэ нь хууль ч юм уу, дүрэм журам маягийн ухагдахуун болчихно. Эсвэл “Номонд хазгай” гэвэл ямар нэг зүй тогтол хийгээд түүнээс өчүүхэн ч гажих боломжгүйг илэрхийлнэ. Тэр нөхөр “номондоо орсон” гэвэл баахан буруу юм хийж байгаад “хүмүүжсэн” буюу өөрийн гэх “толгойгүй” болсныг заана. Хэн нэгийг “их номтой хүн” гэвэл тэр нь үлэмжийн их мэдлэгтэн болно. Цааш нь Бурхны ном гэвэл энэ нь сургааль, оюун сэтгэлгээний туйл гэсэн асар том агуулгатай болно.

Буддын гүн ухааны үүднээс нэг талаар онохуй болсон мэдрэхүйн эрхтнүүд, нөгөө талаар оногдохуй болсон дүрс, дуу, үнэр, амт тэргүүтэн шинжүүд өөр хоорондоо шүтэн барилдаж, түүнээсээ цааш урган төлжсөөр мэдрэхүйн бүх ертөнц салбарлан гарч ирэхийг ном буюу харма (дхарма) гэнэ. Зарим ангиллаар энэхүү ном буюу дхармыг 75 ангилдаг ба энэ нь цаашаагаа 5 цогц, 12 төрөн түгэхүй, 18 язгуур болж задарна. Тэр Христийн “ном” нь үүнээс ч илүү олон “задардаг” юм байна лээ дэг.

За ингээд цааш яваад байвал ном гэдэг нь бараг л ертөнцийн үнэний туйлд хүрэх бөгөөд манайхан ухамсартай болон ухамсаргүй байдлаар энэхүү хаа хамаагүй олон түвшний бүх ухагдахууныг амьдрал практиктаа нэгэн зэрэг ашигладаг дэлхий дээрх цорын ганц үндэстэн болно.

Одоо мэдээж ном, номтой гэдэг үгийг ихэд өргөн хэрэглэх боловч түүнтэй адил зиндаанд хэрэглэдэг “юм мэдэх, эс мэдэх”, “ухамсартай, ухамсаргүй”, “соёлтой,соёлгүй”, “мэдлэгтэй,мэдлэггүй”, “шизотой, шизогүй”, “паранойтой, паранойгүй” зэрэг олон үгс байх. Үг нь ч одоо яая гэхэв, харин эдгээр “ойлголтууд” аливаа хүний “сайн-мууг” ангилах хэрэглүүр болчихсонд хамаг аюул нь байгаа юм. Энэ муу ёстой “юу ч мэдэхгүй амьтан” нэр зүүчихвэл манайд ёстой нэг баларна шүү дээ.

Ийм болохоор манайхан “ном” буюу “юм” мэддэг болохыг төрөлх зөнгөөрөө хүсдэг юм. Нарийн яривал “ном мэдэх”, “бүх номыг мэдэх” хоёр ихээхэн ялгаатай атал манайхан бол нэг мөсөн “бүх номыг” л мэднэ шүү дээ. Иймээс монголчууд бүгдээрээ “номтой” байдгаас гадна энэ “ном” нь заавал “ертөнцийн төв” байх ёстой.

Иймээс өөрийнх нь “номноос гажиж” ердөө л “цаасан ном” уншиж байгаа цөөн нөхдийг юу боллоо гэж хүндэтгэх ёстой гэж. Жинхэнэ “номыг” нь мэдэхгүй хэвтэж цаасан ном уншаад байхаар гарцаагүй “өвчтэй” болж таарна. Би гэхэд л номын цагаан солио, шизо, параной гэсэн гурван “оноштой” баларч байна даг. Ядахдаа аль нэг нь биш, “номгүй” болохоор бүгдээрээ зэрэг “тусчихдаг” байна ш дээ.

Манайд ихэнхи “номтонгууд” нь эсвэл баян, эсвэл эрх мэдэлтэй болчихсон учраас тэдэнд “онолддог”, “хийх юмаа олж ядсан”,”хоосон номтой” хүмүүсийн хэрэг огт байхгүй юм. Ингээд л төр, нийгмийн хямрал, задрал жинхэнэ “ном ёсоороо” болдог юм даа.

Ертөнцийн төв

Аливаа хүн нийгэмд амьдарч байгаа болохоор түүнд нийгмийн сайн, муугийн тухай төсөөлөл мэдээж байж таарна. Нөгөө талаас ямар ч “муу” хүн өөрийгөө нийгмийн хувьд ач холбогдолтой гэж үздэг. Энэ нь тэр нөхөрт нийгмийн ямар нэг “юмыг” өөрчлөх бодол, хүсэл байгаа гэсэн үг. Үүнийг нь нийгэм буюу олон хүн хүлээж авах эсэх нь огт өөр асуудал юм.

Нөгөө талаар хүний танин мэдэхүй тасралтгүй үйл явц бөгөөд ертөнцийг яг таг танин мэдчихвэл энэ нь цаашаа “хөгжих” ямар ч шаардлага байхгүй юм. Энд л гол зөрчил, зовлон байдаг. Иймээс олон үеийн олон суу билэгтэн үүний учрыг олох гэж эрт дээр үеэс авахуулаад одоо болтол “зовлон”-гоо эдэлж байна. Өөрөөр хэлбэл янз янзаар үзээд л байна гэсэн үг.

Хорвоогийн “ном оройгүй” учраас олон хүний олон “ном” буй. Энэ нь олон хүний олон үзэл бодол байгаагаас болж олон янз байна. Эндээс л мэтгэлцээн үүсдэг бөгөөд аль болох олон талаас нь харвал мөн чанар, зүй тогтлыг танин мэдэхэд үлэмж тустай.

Харин хэн нэг нөхөр өөрийгөө “ертөнцийн төв” гээд бодчихвол бусад нь мэдээж “төв” биш болж таарах бөгөөд энэ тохиолдолд “олон талаас нь харах” ямарваа боломж устана. Иймээс Монголд “ертөнцийн төв”-үүд шиг олон юм байхгүй.

Олон талаас нь харахад бас их учир бий. Монголчууд шиг гадаадаар нэг тарж, суралцаж байгаа үндэстэн ховор л байх. Гадаадад сурсан манай иргэд “номтой” болох нь олонтаа бөгөөд энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ энэхүү “номууд” нь монголын нөхцөлд таарах эсэх нь ахиад л маргаан үүсгэнэ. Ухаандаа АНУ, Герман, Японд сурсан гурван нөхрийн “ном” зөрвөл яахав ? Хэрэв энэ нь Монгол орныг аль “номоор” нь хөгжүүлэх тухай асуудал болон хувирвал тун харамсалтай хэрэг болно. Манайд сүүлийн хэдэн жил яг ингэж хуулбарласаар ирсэн. Ер нь хуулах, чингэхдээ хүчээр хуулах шиг адгийн юм байхгүй. Энэ нь хөгжингүй орнуудаас нийтлэг эрхэмлэл, зарчим, хэм хэмжээ, технологи болон мэдээлэл зэрэг дэвшилтэт зүйлсийг авч болохгүй гэсэн хэрэг огт биш. Гэхдээ Монгол Улс дэлхийн том том улсуудын эрх ашгийн дагуу хуваагдсан бялуу шиг болчихоод байгаа нь гадаад биш, харин дотоод хүчин зүйл буюу бидний “ном” болон “ном ёсны” сэтгэлгээтэй илүүтэй холбогдоно. Үүнийг сайн бодолцвол би ч биш, Та ч биш, харин Монголыг “ертөнцийн төв” болгох бүрэн боломжтой.

Бидний “ном”

Өөрт тохиолдсон хэдэн жишээ авъя. Би “Ядарсан хийгээд даварсан цагдаа” гэсэн өгүүлэл бичсэн юм. Гэтэл нэг нөхөр “Хөөе Ганаа, хэдүүлээ муусайн цагдаатай хамтдаа тэмцэе” гэж утастлаа. “Би чаддагаараа нэг өгүүлэл биччихсэн. Чи бодвол уншаа л биз. Харин Та нар юу хийж байна даа?” гэж би асуулаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр: “Би “Муухай цагдаа” гэсэн шүлэг биччихсэн” гэдэг байна ш дээ. “За тэгвэл шүлгээ бич дээ” гэлээ. Өөр хэлэх үг ч олдсонгүй.

Нэг удаа улс төрийн системийн асуудлаар бид санал солилцож байлаа. Би “Термодинамикийн II хуулиар…” гээд яриан дундаа хэлчихвээ. Орчин үеийн системийн онол, синергетика зэрэг бүх шинэ арга зүй энэ хуульд тулгуурлан хөгжиж байгаа юм л даа. Тэгсэн чинь нэг нөхөр: “Энд улс төрийн системийн асуудал ярьж байхад тэнэг царайлчихаад физикийн хууль яриад байхдаа яадаг юм” гээд шоолж байна аа. Ингээд би яалт ч үгүй “номгүй” болж таарлаа даа.

Бас нэг удаа “шинэ цагийн” түүхч нөхөртэй ярилцваа, хөөрхий. Тэгсэн чинь тэр нөхөр “Манай Чингис хаан л танкыг анх санаачилсан юм” гэж нүдээ анивчих ч үгүй “нотолдог” юм байна. Хорезмыг эзлэх үед цайзын хаалга нураах гэж хэрэглэдэг байсан мөргүүрийг би “номгүй” болохоороо яаж танк гэж мэдэх юм. Ядаж байхад таран, танк хоёр нь их төстэй үг юм байна. Ингээд миний аз дутан “ялагдаж”, бас аз гийж түүнээс арай чүү салж амрав. Ингээд би чинь “үндэсний үзэлгүй”, “түүх”-ээ мэддэггүй адгийн амьтан болчихдог юм байна.

МАХН Социалист Интернационалд элсэн ид мандаж байх үед Бразилийн Сан-Паула хотноо Их хурал нь болж “Тунхаглал” гаргасан юм. Тэгээд би МАХН-ын нэлээд “номтой” том нөхөртэй тааралдаад “Чи Бразилийн Сан-Паула гэж мэдэх үү ?” гээд асуучихлаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр “Аа тийм, эстрадын дууны тэмцээн болдог газар л байна” гэх нь тэр. Ээ Бурхан минь, ийм “номтой” байснаас “тэнэгээрээ” явсан нь мэдээж хамаагүй дээр л дээ.

Этнологийг үндэслэгч Л.Н.Гумилев: “Аливаа угсаатан хүнтэй төстэй 1200-1500 жилийн настай” гэж нотолсон байдаг. Гэтэл манай нэг “номтой нөхөр” нэмж хасч байгаад Гумилев Монголчуудад 500-хан жилийн “нас” үлдсэн гэж байна гээд туучихаж. Манайхан чинь иймэрхүү юмыг шалгана, нягтлана гэж огт байхгүй, зүгээр л пиво ууж сууж байгаад “номоо” гаргачихна шүү дээ. Манайд аливаа “ном” дундад зууных шиг цуурхалаар түгдэг болохоор энэ нь монголоор нэг тарчихваа. Тэгсэн чинь манай нэлээд “номтой” зарим эрдэмтэд Гумилевын энэ аймаар “буруу номыг” илчилсэн эрдэм шинжилгээний хурал хийж, телевизээр хүртэл гарав шүү дээ. Эд чинь диплом мипломтой, хүн амьтанд “ном” заадаг дооктор, порпээсорууд шүү дээ.

Саяхан би Н.К.Рерихийн экспедицийн тухай “Шамбал” гэж нэг өгүүлэл бичсэн юм. Буруу гарчиг өгчихсөн ч байж магадгүй юм. Тэгсэн чинь юу вэ, бараг л гэмт хэрэг хийчихсэн бололтой. “Чам муугаас өмнө Ц.Дамдинсүрэн, Ш.Бира нар энийг чинь судлаад “дуусгачихсан” юм. Рерих судлал аль 30-аад оноос эхлээд их сайхан хөгжиж байсан. Чаддаг юм бол чи тэр Шамбалыгаа намайг харж байхад олоодох” гэх мэтчилэн авч өгвөө, хөөрхий.

Сүүлдээ бүр байчихаад “энэ муу зурган дээрээ хөлөө ачиж суучихаад ямар зэвүүн хог вэ”, ярьж ч чадахгүй гацдаг, ээрдэг гэхчлэн шүүмжлэх болов. Би чинь мисс, дуучин, жүжигчин, телевизийн нэвтрүүлэгч, эсвэл хурдан морь биш, хөгшин судлаач гээд байхад чинь заавал миний “гоо үзэсгэлэн”-г яриад сүйд. Бодвол үүнээс болоод нөгөө “ном” нь сүйдчих гээд байгаа бололтой. Сүүлдээ аргаа бараад “хөөрхөн” болох санаатай хэдэн ямбий зургаа хүртэл солилоо шүү дээ.

Би голдуу өгүүлэл бичдэг. Энэ нь голдуу 3-5 хуудас бичлэг болох. Энд би хорвоо ертөнцийн бүх “номыг” багтааж мэдээж чадахгүй. Тэр “номтой” улсууд нь тарниа” бичиж багтаадаг юм байгаа биз. Би угаасаа иймэрхүү “номтнуудыг” үзэж чаддаггүй учраас шууд л “хөөчихдөг” юм. Гадаадын ямар ч хүн санал нийлэхгүй бол зүгээр л явчихдаг бол манайхан сална гэж ёстой гонжийн жоо. Харин ч судлаач Ганхуяг “номгүй” гэсэн бас нэг “номтой” болж аваад тэрийгээ номлоод давхичихдаг юм.

Сүүлийн үед манай “номтонгууд” эрдмийн зэрэг, цол хамгаалах, юу ч хийгээгүй байж хуулах юмуу орчуулах аргаар цаасан ном “бичих”, энд тэнд “лекц” унших, Ерөнхийлөгчөөс цол, хэргэм авах гэж үхэлдэх зэрэг есөн шидийн арга хэрэглэх болж байна. Энэ нь “номтойгоо харуулах” орчин үежсэн бусармаг арга л юм. Энэ үед тэдний “ном” жинхнээсээ харагдахаас гадна өмнөөс нь ичиж үхчих гээд хэцүү л байдаг юм. Иймэрхүү “номтой” хүмүүс эрх мэдэлд хүрэх шиг адгийн юм энэ ертөнцөд лав байхгүй…

Мэдээж би бүх юмыг муугаар харахыг хүсэхгүй байна. Олон сайхан залуучууд эрдмийн мөр хөөж, нийгмээ олон талаас нь ойлгодог болж байна. Гэхдээ л бусдыг “ном”-той болгохоосоо өмнө өөрөө “номтой” болохыг хичээвэл ямар ч хүнд өлзийтэй дээ.

Монгол хэлэнд мэдлэг, бас түүнийгээ хэрэглэх чадварыг хамтад нь илэрхийлсэн “эрдэм” гэж нэг сайхан үг байх. Залуучууд маань эрдэмд болон эрдмийн мэтгэлцээнд тэд маш хурдан суралцаж байна. Тэд л “ном” нь хэтэрсэн мунхаг харанхуйгаас Монгол Улсаа гаргана гэдэгт би итгэж байна.

Миний хувьд гэвэл цаас шагайдаг л нэгэн бөгөөд “номтой” хүмүүстэй булаалдаад байх юу ч байхгүй. Гагцхүү “номтонгуудын” тэнэг үйл, доромжлолыг үл тэвчигч нэгэн бөлгөө…

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 11 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to МОНГОЛЫН “НОМТОНГУУД”

  1. smsr says:

    yostoi unen ug shijir alt. aldsan tsag hugatsaa hairan ch oroitson ch gesen uuriiguu teleh gej seheereh gej sereh gej hicheej yavahad mini uhaantai, “nom”-toi hunii uramtai ugiig sonsood bayasnam.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: