МОНГОЛЧУУД ТА НАР ЮУ ЮМ ?!

Түүх бол социологи, гүн ухаан, угсаатны зүй, газар зүй зэрэг нийгмийн олон шинжлэх ухаантай заавал хавсарч, мэргэжлийн хүмүүс багаараа судалдаг зүйл. Тэгээд ч үндэсний үзэл санааны тулгуур багана болдог. Сүүлийн үед манайхан “Нууц Товчоо”-г цээжилж, мэддэг хэлээрээ хэдэн ном уншингуутаа шууд л “түүхч” болчихдог болж. Биднийг түүхээ “мэднэ” гэж солиорч, чингэхдээ ганцхан Чингис, төрт ёс, уламжлал, дэлхийн талыг эзлэхдээ тэгж ингэж байлдаж, алж талж байсан гэж балайрч, гадаадын түүхээс хуулж байх хооронд чинь монголын түүх харсаар байтал устаж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье.

Украйн Чингис

Хэдэн жилийн өмнө Украйны Харьков хотын зохиолч–түүхч Александр Зинухов гэгч нэг нөхөр “Чингис хаан бол Киевийн Исаакын хүү мөн” гэсэн ном бичжээ. Тэрээр XII-XIII зууны Монголын эзэн хаадыг 12 үеэр нь судалсаар байгаад дараах дүгнэлтэд хүрчээ.

Тэмүүжин Монголд биш, харин одоогийн Украйны нутаг Крым, Азов хавьд төрсөн. Есүхэй гэдэг нь Исакай гэсэн үг. Энэхүү Исакай гэдэг нь Библи судрын Исаак гэсэн язгуур дээр түрэгийн “ей” гэсэн дагавар нэмчихсэн үг аж. Ингэхлээр Есүхэй яах ч аргагүй еврей болж таарч байгаа юм. Харин Өүлэн гэдэг бол украйн хүүхнүүдийн Олэна гэдэг түгээмэл нэр юм байна. Энэхүү Олэна-г Днепр орчимд нүүдэллэж явахад нь мөнөөх еврей Исакай булаагаад авчихаж. Ингэхлээр Чингис бол еврей-украйны эрлийз болох нь гарцаагүй юм. Энэ үйл явдал одоогийн Киев хотын орчим болсон учраас монголчууд овгоо “хиян” (киев) гэж авах нь мэдээж хэрэг. Украйнчуудыг одоо ч гэсэн “хохол” гэдэг нь монгол хэлэнд “хөхөл” болоод хувирчихсан нь үүний нэмэлт нотолгоо болно. Украйн, Монгол хоёрын улс төр, сонгууль монгуулийг хараад байхад энэ нь нээрэнгээсээ үнэн байж ч болох л юм…

За ингээд монголчууд “навсайчихаад” хаан ч байхгүй, төр улс ч байхгүй, ер нь юу ч байхгүй болж байна даа…

Манайхан “Нууц Товчоо” гэсэн хятадаас орчуулсан ганцхан түүхтэй, тэрийгээ цээжилж онгирохоос өөр юм мэдэхгүй чинь арга байж уу ? Судалгаатай түүхч оргүй шахам, бас түүхийн философи хэмээх нэгтгэн дүгнэх арга зүйг огт үл сонирхоно, түүхийг бусад шинжлэх ухаантай холбох оролдлого бүрмөсөн зогссон нь төрийн арчаагүйдэлтэй шууд холбоотой.

Энэ Дэлхийн хаана ч гэсэн дээрх хохол шиг “түүхчид” олон байдаг. Бурхны авралаар тэд ганцаараа “судалгаа”-гаа хийдэг, бас аз болоход шинжлэх ухааны хүрээнд ийм түүхчдийг үл тоохоос гадна албан ёсны гэж одоохондоо үзээгүй байгаа. Энэ хүнийг үзэн ядаж, монголоо “өмөөрөх” санаа надад огт төрөхгүй байна. Яагаад гэвэл манайхны олонхи “түүхчид” энэ нөхрөөс дээрдээд байх юм юу үгүй учраас тэр л дээ…

Гарал үүслээ мэдэж авцгаа…

Ганц нэг сайн дурын нөхөр “түүх” бичих ч яамай л байна. Харин албан ёсны үзэл суртлын түвшинд энэ асуудлыг Казакстан, Киркиз, Туркмен, Узбек, Тажик зэрэг улсуудад сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй дэвшүүлж байна. Ер нь бол Монголчууд Эзэнт гүрэн, угсаа гарвалаа аль хэдийн тэдэнд “алдчихжээ”.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг монголчууд ганцаараа тэмдэглэсэн гэж манайхан их эндүү бодоод байх шиг. Манай Ерөнхийлөгчийг ууланд авирч байх хооронд дээр дурдсан бараг бүх улс үүнийг ямар нэг байдлаар тэмдэглэж, Чингис бол “манай хаан” гэдгийг нотолчихсон байна. Одоо ч гэсэн үүнийгээ интернетээр дэлхий даяар цацаж байна. Чингисийг “алдах” нь угсаа гарал, нүүдлийн соёл, төр улс, үндэстнээ оргүй алдаж байна гэсэн хэрэг л дээ. Эндээ л онгироод солиороод байхаас манай “түүхчид” ямар шинэ судалгаа хийж, ямар илүү нотолгоо гаргасан юм ?

Жишээлбэл, казакуудын үндэслэл дараах байдалтай. Найман, хэрээд, жалайр, хонхэрээд зэрэг “монгол” мэт харагдах аймгууд бүгдээрээ казак угсаатай. Чингисийн Сүвээдэй, Зэв хоёроос бусад жанжид бүгд казак. Ухаандаа Мухалай гэхэд л жалайр, Ирак, Сирийг эзэлсэн Хэтбух найман угсааны цэвэр казакууд. Бат хааны багш Бэхбух бас л найман. Чингисийн удмынхны багш, түшмэдүүд нь бүгдээрээ уйгар-түрэг хүмүүс. Бичиг үсэг нь нь ч гэсэн найманд зүтгэж байсан уйгар гаралтай Тата-Тунга-аас авсан. Марко Поло Хубилай хаантай уулзахдаа халх-монгол хэлээр биш, харин “татаар” буюу түрэг хэлээр ярьж байсан.

За нэг иймэрхүү үзэл санаан дээр “Чингис хаан болон казакын төр ёс” гэсэн олон улсын хурал болсон бөгөөд Монголоос хүртэл “эрдэмтэд” оролцсон байна. Ямар элэнцгээ хийгээд тэнд нь “дарвайчихаад” оччихсон юм, бүү мэд.

Энэ хурлыг зохион байгуулагчдын нэг Кайрат Закирьяновын үгээс шууд орчуулбал: Чингис хаан бол яалт ч үгүй казак бөгөөд харин энэ түүхэн “баримтыг” бүр Догшин Иваны үеэс эхлээд гуйвуулчихсан, одоо л засч байна. 1206 оны Их Хурилтайд хияд, мэргэд, жалайр зэрэг казак аймгууд оролцсон нь үүнийг нотолж байна. Харин монголчууд бол Чингис хаанд ямар ч хамаагүй. “Казак” Чингисийн удмынхан ХХ зуун хүртэл Казах улсыг авч явсан. Иймээс казакын язгууртнууд бол “цагаан ястан” мөнөөс мөн гэж нотолсон байна даа.

Казакстаны Ерөнхий сайд байсан Имангали Тасмагамбетов Монголоос Культегины хөшөөний хуулбарыг авч, тэрийгээ нийслэл Астана-гийн Үндэсний Их Сургуулийнхаа өмнө сүндэрлүүлжээ. Яагаад гэвэл энэ хөшөөн дээрх бичээс нь уйгар бичиг үсгээр казак хэл дээр бичсэн учраас тэр. Казакууд энэхүү Үндэсний Их Сургуулиа Лев Гумилевын нэрэмжит болгож байхад монголчууд түүний “алдаа”-г няцаасан эрдэм шинжилгээний хурал хийж байна, газар тэнгэр шиг ялгаа байгаа биз ! Казакын төрт ёс өмнө бичдэг байсан шиг XYI зууны дунд үед биш, харин XIII зуунд Чингис хааны үзэл санаагаар бүрэлдсэн аж.

Өөр нэг жишээ. Эртний түрэг угсаатан, одоогийн Турк улсын үндсэн хүн ам газар зүйн хувьд ч, нүүдэл суудлын утгаар ч, цаг хугацааны дарааллаар ч, угсаатны гарлын шинжээрээ ч шал өөр үндэстэн атал манайхан тэднийг урьж авчирчихаад “Танайхан манайхыг ёстой сайхан эзэлж байсан, тэр гоё хөшөөнүүдийг нь харахгүй юу” гээд хөөрцөглөөд давхичихдаг үндэстэн, төр гэж Дэлхийд байхгүй гэж би баттай хэлнэ. Аминдаа хэдэн “ногоон” салгачих санаатай угсаа гарал, үүх түүх бүх юмаа худалдаж байгаа новшийн царай нь энэ. Ингэхэд бид чинь бас Туркээс ч гарсан байж магадгүй…

Ингээд монголоор пиг дүүрэн байгаа “үндэсний үзэлтнүүд”, “түүхчид”, “онолчид”, “судлаачид”, “гүн ухаантнууд” өөрийнхөө гарал үүслийг мэдэж авсан гэж найдаж байна.

Энд би ганц Казакаар жишээ авч байна, цаашаагаа Киркиз, Туркмен, Узбек, Тажикууд бүгдээрээ Чингисийнх болчихож…

Энийг чинь л төрийн бодлого, үзэл суртал гэдэг юм. Манай “сайн дурын түүхчид”, “үндэсний үзэлтнүүд” уурлаад үхчих шахна гэдгийг би сайн мэдэж байна. Тэгээд уурлаж л байхгүй юу. Та нарт ямар “Нууц Товчоо”, Баабарын “түүх” хоёроос өөр юм байх биш. Одоо энэ хоёрыгоо урдаа барьчихаад тэдэнтэй “байлдаад” үз л дээ. “Нармийж” л таарна даа. Ингээд бүх дэлхийн байгалийн болон нийгмийн өч төчнөөн шинжлэх ухааныг бүгдийг нь зэрэг “өмөөрч” чаддаг ноён Баабар хамгийн сайн “мэддэг” түүхээ яаж “өмөөрөх”-ийг нь харах л үлдэж байна даа. Уг нь ч ганц “муу” түүх ч юухан байхав дээ, тэрэнд…

Боломж гарвал Орос, Хятад болон “Барууны” түүхчдийн доромж “онол”-ын зарим үндэслэлийн талаар жич бичих санаатай юмсан. Гэхдээ загнаад бичүүлэхгүй биз дээ. Яагаад гэвэл түүхийн “нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтэрсэн” хэрэгт л лав унана. Дараа нь орчуулга хийхэд хүртэл “зодчих” гээд байдаг энэ хар мянган “түүхчид” нь намайг “үхэр монгол” гээд “тасдаад хаяна” биз…

Түүх бичлэгийн тухайд

Шулуухан хэлэхэд евроцентрист түүх бичлэг аль XYIII зуун гэхэд бүх сурвалжуудаа үндсэнд нь цуглуулаад дуусчихсан юм. Одоогийн олон ном зохиолын ихэнхи нь тэрийгээ л тал талаас нь мэрж амьдардаг хагас уран зохиолын шинжтэй болчихсон юм. Ер нь бол ихэнхи нь “хөөс” байдаг.

Арга зүйн хувьд илт мухардалд орсон энэхүү евроцентрист түүх бичлэгийн тод жишээ нь Баабарын “түүх” юм. Хэрэв манай “түүх” гадаадынханд жигтэйхэн “таалагдаад” эхэлбэл түүнийг монголын түүх биш гэж гэж шууд утгаар нь ойлгож болно. Хэрэв энэ “түүх”-ийг монголчууд ганцхан уншаад “мэддэг” болчихвол тэр нь мэдээж уран зохиол болно…

Тэгэхлээр түүхийг бусад шинжлэх ухаантай хослуулж, түүхэн гүн ухааны өөрийн гэсэн арга зүй гаргаж, түүхээ өөрсдөө бичвэл зүгээр л юмсан.

Үүнийг сайн дурынхан хийдэггүй юм. Манай нийгмийн ухааныхан их өрөвдөлтэй, түүний дотроос мэргэжлийн түүхчид бүр ч “ядарсан амьтад”. Бүх монголчууд “түүх”-ээ аль хэдийн судалж дуусчихаад, мэдлэг нь “багтаж ядаж” байхад чинь тэднээр ямар үхснээ хийдэг юм ?

Ингээд тэд арга буюу гадаадын төсөл бараадна. Эдгээр төслийн олонхи нь цаад агуулгаараа дээр дурдсан зүйлсийг нотлох хатуу хөтөлбөр, таамаглалтай (гипотез) байдаг. Гадаадын төслийг ямар ч тохиолдолд, хэзээ ч хавьтуулж болдоггүй цорын ганц салбар нь түүх юм. Бүдүүн тоймоор зүйрлэвэл Та өөрийнхөө гурван үеийн намтрыг (хэд ч байж болно л доо- Д.Г) гадаад хүнээс мөнгө авч байгаад түүний хэлсний дагуу бичих гээд нэг үз л дээ…

Чухам ийм учраас л аливаа төр түүхээ судлахад гар огт татдаггүй, хөрөнгө мөнгийг нь өөрөө гаргадаг. Боловсон хүчнээ яс өөрөө бэлтгэдэг, тэднийгээ хүндэтгэдэг. Тэгээд түүхээ өөрийнхөө мөнгөөр сурталчилж, залуусаа сургадаг. Манайд бол түүхч хүн “айлын шоовдор хүүхэд” л гэсэн үг. Үнэнийг шууд хэлэхэд манай мэргэжлийн түүхчид маш бага, тэгээд тун чанаргүй бүтээл хийж байгаа. Төсөл, төсөв, мөнгө өгөхгүй юм чинь тэд юу хийх ёстой гэж ?!

Саявтар Нурсултан Назарбаев “Евроазийн зүрхэнд дээр” гэсэн ном бичиж гаргасан юм. Мэдээж тэр ухаалаг, зальжин улс төрч учраас дээр дурдсан “казак” Чингисийн тухай яриагүй. Гэхдээ л орчин үеийн шинжлэх ухааны ололт, түүхэн баримтуудыг өөрийн ард түмний ирээдүйн төлөө ашиглахаас татгалзаагүй.

Одоо ноён Н.Назарбаевын энэхүү номноос иш татъя. “Их Талын түүхийн янз бүрийн үеүдэд бүх түрэг овгуудын орд-нийслэл болсон хотууд чухамхүү орчин үеийн Казакстаны нутаг дээр байсан байна…Түрэгийн хаант улс Их Талын хамгийн том төр улсын нэгдэл байсан бөгөөд энэ хаант улсын нөлөөлөл нь Дунайгаас эхлээд Солонгос хүртэл, Говийн уудмаас эхлээд Байгал далай хүртэлх Евроазийн уудам нутгаар тархаж байлаа…” Энд илт худал юм байхгүй, гагцхүү аль дивангалавт дэлхийгээр нэг тараад алга болчихсон бүх түрэгүүдийн төв нь казак болчихсонд л гол “учир” нь байгаа юм. Ерөнхийлөгч хүн гэдэг чинь ингэж алсыг хардаг юм. Ямар ч гэсэн Н.Назарбаев эрдэмтдийнхээ оюуны хүч чадлыг дээд зэргээр ашиглаж чадаж байна.

Би хольцоогүй “цэвэр монгол улс” хайгаад байгаа юм биш, харин аль ч төр, төрийн тэргүүн үндэстнийхээ ирээдүйн төлөө түүхийг ингэж ашигладаг гэдгийг л жишээ болгож байна.

Казакууд “хийх юм нь олдохгүй” болохоороо Алма-Атаг орхиж Астанаг нийслэлээ болгосон гэж бодож байна уу ? Ямар ч гэсэн манай Ц.Элбэгдорж шиг нэг сайхан нартай өдөр “Хархориныг жишиг хот болгоно” гээд давхичихаагүй юм. Тэд түүх, шинжлэх ухааны хувьд олон жил бэлтгэж байж дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бол ирээдүйн том гүрэн болох төрийн үзэл суртал, алсыг харсан бодит бодлого юм. Энийг бол харин “Цогц Бодлого” гэж нэрлэж бүрнээ болно.

Яг одоо ашигт малтмалаа “идээд” жигтэйхэн “гоё” болгох гэж байхад “өнгөрсөн баларсан” түүх ярилаа гэж зарим хүн зэмлэж магадгүй. Үгүй шүү ?! Чухам энд чинь л тусгаар тогтнол, эх орон, улс үндэсний ирээдүй, Та бидний хувь заяа байдаг юм.

Харин манай Ерөнхийлөгч 8 боть номоо “шахаад шахаад” өөртөө л хэдэн төгрөг унагаж байна. Тэр “хогийг” нь уншсан хүнийг би л лав олж хараагүй дэг. Н.Энхбаярын толгойд “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй”-ээс цааш “маань” огт орохгүй юм байна. Эв бол эхлээд оюун санааны нэгдлээс үүснэ. Оюун санааны нэгдэл нь үндэстний өөрийн ухамсраас үлэмж шалтгаална. Үүнийг үндэсний үзэл санаанд суурилсан түүхийн гүн ухаан (түүх биш шүү-Д.Г.) болон бусад олон шинжлэх ухаан хавсарч баймаажин бий болгодог юм. Энэ нь манайд огт байхгүй. Учир нь үүнийг манай төр шиг юм нь огт анхаардаггүй юм.

Ийм арчаагүй болохоор чинь “Монголчууд та нар юу юм ?” гэж тал талаас том жижиггүй боорлодог юм. Чаддаг юм бол өөдөөс нь монголын түүхийн шинэ судалгаа, шинэ ололт, шинэ нээлтийг орчин үетэйгээ холбож төрийн түвшинд үндэсний нэгдмэл үзэл санаа болгоод гаргаад үзүүлчих л дээ…

Үүнийг л хийж чадахгүй бол тэр “Цогц Бодлого”-оор чинь ямар үхснээ хийх юм. Иймээс Н.Энхбаяр Украйн, Казакстан, Израйльд очиж “өөрийнхөө” үндэсний эв нэгдлийг нь илэрхийлсэн нь илүү дээр л дээ…

Судлаач Д.Ганхуяг

2006 оны 11 дүгээр сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to МОНГОЛЧУУД ТА НАР ЮУ ЮМ ?!

  1. Tsendee says:

    Tanii ene mongoliin tuuhiin talaar bichseniig yagaad ch um unshaagyi unguruulsen bn. Tuuh gedeg ongorsond u bolj ongoruulseniig, odoo u bolj bgaag, Ireeduid u boloh ve gedgiig harah hamgiin tom Toli gedegtei bi uneheer sanaa niilj bn.
    Manaihand Tuuh sudlal bitgii hel 1 odriin omno hen u helj u hiij bgaag ergeed sanah oi sanamj ene tord ch toriin bodlogtonuudad ch uneheer dutagdaj bn daa.
    Esregeeree mongoliin, minii ovog deedesiin amiara tolson gazra nutgiig l zarj chadaj bh shiv dee

  2. Anonymous says:

    ene bichlegiin shuumj end garsan bn http://www.monkey.mn/news/378/read

  3. gankhuyag says:

    Энэ бичлэгийг ийм тэнэг аргаар шүүмжлэх огт боломжгүй…

  4. Áîäîã÷ says:

    Би Бэсүд овогтны шүүмжийг уншлаа.Хүн гүрнийг казак үндэстэн мэтээр бичсэн нь ташаа. Казак үндэстэн монголын тасархай гэдэг нь ч үнэн шүү. МЭӨ 4000 оноос ч өмнө салсан шүү. Энэ тухай Жангарт бий шүү. Харин Хүн гүрний үед монголын харъяанд байж байсан түрэг угсааны Түмень хаан 550 онд монголын харъяанаас гарч тусгаар улс болсон боловч монголыг эзэлж чадаагүйн нотолгоо нь одоо болтол бид төрөлх нутагтаа амьдарч байгаа нь юм. Бидний зорилго бол цус нэгтнүүдээ цааш нь түлхэх биш, холбоотон болгох л чухал. Гэхдээ 13-р зууны үед амьдарч байсан түрэг угсааны Найман аймаг монголд ууссан. Одоогийн Түрэг, Казакууд байсан газраа л амьдарч л байгаа. Энэ нь юунаас мэдэгддэг вэ гэвээс сүүлд 40 түмэн монгол, 4 түмэн ойрад хэмээн түүхийн ном болгон дээр л байдаг зүйлээс . Учир нь ойрадууд байлдалгүй шууд дагаар орсон учир хөндөөгүй хэвээр орхисон хэрэг. Найман, Хэрэйд, Мэргид, Татар, Түмэд зэрэг нь бүгд дайтсан учир хуваагаад уусгачихсан тухай МНТ-ноос мэдэж болдог шүү дээ. Харин одоогийн арабуудыг Хүлүгэ хаан, түрэг угсааныхныг Цагадай захирч байсан тул хасагууд Чингисийг өөрсдийнхөө хаан хэмээн үзэх нь зөв л дөө. Тэд Цагадайн харъяаны албатууд бол уугуул монголчууд бол цэвэр Чингис хаан өөрөө гарч ирсэн тэр л үндэстэн. Үүнтэй ямар ч улс маргадаггүй биз ээ.

  5. Aagii11 says:

    Яагаад тэнэг гэж вэ?

  6. bobi says:

    alii shuu chag

  7. od says:

    Энд элдэв онол дурдалгүйгээр хар ухаанаар нэг үг хэлчихдэл л голоор туучих болов уу. Өнөөгийн улсууд хөгжилийн ялгаатай байгаа ч чанарын хувьд нэг их зөрүүгүй болцгоосон айна. нэг үгээр хэлэхэд ижил хурдыг авч. Тэгэхээр бүгд ижил болсон болохоор хэн нэгнээсээ илүү гарах зүйлийг хайдаг нь амьд ертөнцийн хууль. Энэ л хуулиар би чамаас тэр нэгэн цагт түүгээрээ илүү байсан…….. мөн үү. Гэвч өөрт нь илүү байсан зүйл тун ховор . Тэгэхээр одоо яах вэ. Хажууд байгаа арай ядмаг мэт санагдсаныхаа өнгөрснөөс сайхныг нь булааж болно биз. Өнөө хал цэрэг шинэ цэргээ диграамддаг шиг. Би ингэж бодно. Тэгээд л өнөөдөр Чингис арай л Австриалийн Аборген болоогүй бусадыг бараг болчихоод байгаа юм биш үү. Магадгүй маргааш Аборген болчихсоон зогсож байвал би л лав гайхахгүй дэг. Бид энэ мэтээр аашлаад байгаа өнөөгийн дэлхийг яах вэ. Өөрөөр хэлбэл цаг үеийн энэ шуурганаас түүхээ яаж аврах вэ. Үүнд л хариу өгөх нь тань мэтийн хүний хийх ажил даа. Юу хэлэх гэсэн юм бэ гэвэл төрлөхийн авьяастай хүнүүд л түүхийг …..ганцхан түүхийг ч биш аль ч зүйлийг аюулаас аварч чадна. Та мэргэжил гэж их ярих юм. Сурцыг дээдэлдэг бололтой. Гэвч сурц нь төрлөх авьяасыг гэрлийн хурдыг аваад ч гүйцэдгүй юм. Хэрвээ гүйцдэг байсан бол бид өнөөдөр 7 тэрбумуулаа Да винчи болчихсон 7 тэрбуман Жоканда зурчихсаан зогсож байх байлаа. Эсвэл бид бүгд Нацагдорж болчихсон 2,7 сая Миний нутаг найраглал бичигдчихсэн зогсож байх байлаа. Нэг л чиг шугман дээрх жишээ энэ. Тэгэхээр хувиаргүй үлдээд аргагүй эрхэнд түүхийн ангид орсон тэрхүү авьяасны хэлтэрхийчгүй нөхөр түүхчидэд ингэтлээ найдахын хэрэг юун. Хар толгойгоороо л зүтгэчих. Үр дүнгийн та энэ насандаа амсахгүй байж магадгүй. Харин ирээдүй нэгэн цагт үр хүүхэд тань амсах болно. Эх орон таныг ухаарах болно. Та одоо би өөрөө амсахгүй тэрхүү үйлийн төлөө зүтгээд яахав хэмээн бодож байж болох. Гэвч хожим хойно үнэн үнэнрээрээ орноо гэдгийг Бруно лугаа төсөөлөх чадвартай гэдэгт тань би ихэд итгэж байна.

    • Sedevogii says:

      МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД.МӨН ТӨРИЙН ДАЛБААНД ЗАЛАРЧ БУЙ ЗАГАС( үнэндээ хятадийн ИН-ЯН гээч билэгдэл юм)бас ЛАНЗ ЕВЭН ХЭЭНҮҮД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ НЬ УРМИЙГ МИНЬ ИХ ХУГаЛААД БНА,ТҮҮХИЙН ЯВЦАД МАНАЙ СОЁЛ ХУВИССАН БАЙЖ БОЛОХ Ч АНХДАГЧ ХЭЛБЭРЭЭ ТАНИХАА БАЙТЛАА ХЯТАД,МАНЖИЙН СОЁЛИЙГ ЯЛГАХ ТЭНХЭЭГҮЙ БОЛТЛОО ӨӨРИЙМШҮҮЛСЭН НЬ ,БИДНИЙГ ХЯТАД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ ГЭСН ГУНИГТАЙ ДҮГНЭЛТЭНД ХҮРЭЭД БНА,,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: