ЭВИЙГ ЭВДЭХ “АРГА”

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” тэмдэглэх тухай зарлиг гаргаж, бүрээ бөмбөр нижигнүүлж эхлэв. Сүүлийн жилүүдэд манай дарга нар түүхээр тоглодог өвчтэй болчихжээ. Юу нь буруу байгаа юм гэж олон хүн хэлнэ байх. Мэдээж би үүнийг дэмжиж байна. Гэхдээ хаширчихсан болохоор үнэхээр болгоомжилж байна. Саяхны “түүхэн” үйл явдлуудыг эргэн дурсвал Та ч гэсэн надтай адил бодолтой болж магадгүй гэж үүнийг тэрлэв.

XXI зууны Занабазар

2005 онд Өндөр гэгээн Занабазарын сүүдэр тохиосны 370 жилийн ой болов. Уг нь Д.Лүндээжанцан л “уншлагатай”-гаараа гол рольд тоглох гэж гүйж байсан юм. Тэгтэл хэрэг бишдэв. Дөнгөж 6 дугаар сарын 24 –нд Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр улсын эзэн болсноо харуулах ийм сайхан боломжийг ашиглахгүй байна гэж номонд хазгай билээ. Угаасаа ч тэр сонгуульд “ялна” гэдгээ эртнээс мэдэж байсан юм. Ингээд Төв халхын “төв” Архангай аймгаас угсаатай хүний хувьд хоёрдугаар Өндөр гэгээн болж уг наадмын ёслолыг бараа сүртэй тэмдэглэхээр шийджээ. Энэ нь ямар юм болсныг олон хүн мэдэх учраас нэмж яриад яахав. Ерөнхий сайд байхдаа “Хоёрдугаар Чингис” болж байсан хүн Ерөнхийлөгч болонгуутаа “Хоёрдугаар Занабазар” болчихдог юм байна. Одоо бодвол IX Богд болох юм байлгүй. Ер нь энэ нөхөрт хэдэн дүр хэрэгтэй юм ?!

XXI зууны Галдан бошигт

Төв халхынхан ингэж “урвагч”-ийнхаа ойг тэмдэглээд ирэхээр “эх оронч” ойрдууд яаж зүгээр суухав. Гэтэл гай болж ямар ч ой мой ор тас байдаггүй. Ямар ч аргаар хамаагүй нэг ой, чингэхдээ тэгш ой заавал бий болго гэсэн хатуу үүрэг өгч хэдэн хурган дарга нараа алангаа алдав. Гэтэл нэг “ухаантай” түүхч гараад иржээ. Тэр нь Чамдмань уулын аймаг байгуулагдсаныг Увс аймгийн ой болгон “хувиргах” санал. Учир нь 1925 оны засаг захиргааны хуваариар ийм аймаг байгуулагдсан бөгөөд хожим Увс, Ховд гэж хоёр салсан юм. Увс болон манай бусад олон аймаг 1931 онд байгуулагдсан. Энэ тухай бүх лавлах, сурах бичиг, ном зохиолд бий. Ингээд 2005 онд 74 жилийнхээ ойг тэмдэглэх ёстой Увс аймаг гэв гэнэт нас ахиж 80 жилийнхээ “агуу их” ойг тэмдэглэх “түүхэн” шийдвэр гаргажээ. Энэхүү билэг дэмбэрэлт их ойг мэдээж Баруун монголоос гаралтай хоёрдугаар Галдан бошигт удирдан явуулах ёстой. Тэр нь нөгөө хууль засдаг Ц.Нямдоржоос өөр хэн байх билээ. Энэ чинь XXI зуун гэж би мөн ч олон хэлсэн дээ…

Монголыг тэд л хуваадаг

Ингэж 2005 онд Монгол Улс төв халхын болон ойрдын гэсэн тусгай хоёр том наадам хийсэн юм. Тагнуул магнуул харилцан явуулж хэдэн морь уралдах, хэдэн бөх барилдах, хэр олон хүн цуглах, хэдий хэр мөнгөөр найрлах, тэдэндээ ямар бай шагнал өгөх тухай “маш нууц” мэдээлэл авсны үндсэн дээр “бусдаас дор орохгүй” монгол ёс заншлын дагуу “социалист уралдаан” явуулсан нь дэндүү өрөвдөлтэй бөгөөд жигшилтэй.

Н.Энхбаяр чинь “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж Ерөнхийлөгч болсон шиг санагдах юм. Гэтэл будаг нь ханхалсан шинэ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар Монголын эвийг эвдэх ажлыг өөрийн гараар эхлүүлэв. Хэдхэн жилийн дараа Занабазар нь Галдангаа бараг “алахаа” шахсаныг бид сайн мэднэ.

Уг нь бол Монгол Улс хоёрхон үндэстэнтэй. Муу нэртэй социализмын үед чинь цэрэг цуух, сургууль соёл, гадаад дотоод гээд бүх монголчуудыг хольж, нэгдмэл үндэстнийг сэргээж, олон зууны сэтгэл зүйн болгоомжлолыг зогсоосон үлэмжийн их гавъяа бүтээсэн юм. Харин манай эрх баригчид өөрсдийн мунхаг харанхуй үйлдлээрээ эх орон, ард түмнээ ингэж талцуулдаг юм. Эдийн засгийн хувьд хувааж идэх нь багадаад байгаа бололтой. Би л лав үүнийг үндэстнээ дайсагнуулах илт зорилго агуулсан хамгийн адгийн гэмт хэрэг гэж үзнэ. Ухаандаа би халх хүн, ганц эгч маань Москвад сурч байхдаа нэг баяд залуутай суучихдаг юм байна. Тэд маань олон жил сайхан амьдарсан даа. Одоо би адгийн тэнэгүүдээс болж дүү нартайгаа “халх”, “ойрд” гэж талцах ёстой болж байнаа даа. Над шиг хүн монголд хэтэрхий олон. Сайн тогтоож ав, малнуудаа, Бид МОНГОЛ гэсэн нэг ҮНДЭСТЭН…

“Том” наадам

2006 он болов. Урд жил нь ерөнхийлөгчийн сонгууль, халх, ойрдын наадам хийсээр байгаад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх ёстойгоо хоолтойгоо холиод идчихсэнээ сая л санав. Ажил гэж зуун задгай. Муугаа мэдэхгүй дэлхийгээр нэг зарлачихсан байдаг. Хажуугаас нь иргэний хөдөлгөөнүүд үймүүлээд, хавиргаас нь МАХН-д жигүүр мигүүр ургаад үйл тамаа эдэллээ.

Олон жил ярьж сүржигнэсэн ой нь болоход бэлтгэл ажил, мөнгө хоёроор паг суучихав. Хоёр жил дараалан сонгууль хийгээд байдгийгаа бүгдийг нь гүвчихсэн улсад ямар элэнцэг нь мөнгө байхав.

Харин ард түмэн, пүүс компаниуд жинхэнэ эх оронч гэдгээ харуулсан юм. Үнэнийг хэлэхэд 800 жилийн ойг манай соёл урлагийнхан л үүрч, бидний нүүрийг тахалсан юм. Арчаагаа алдсан улс төрчдийн өмнөөс авъяас билэг, сэтгэл зүтгэлээрээ улс орныхоо нэр хүндийг аварч гарсан соёл урлагийнхандаа би гүн хүндэтгэл илэрхийлж байна. Мөн мөнгө хөрөнгөөрөө сэтгэл харамгүй тусалсан пүүс компани, иргэддээ талархаж байна. Ер нь тэдэнд баярлалаа гэж хэлсэн хүн цөөхөн л болов уу. Ард түмэн гэдэг чинь ийм л байдаг юм.

Ингэж олон жил сүржигнэсэн их ой зүгээр л “том” наадам болсон түүхтэй. Энэ ойн хамгийн “том” үйл явдал нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр М.Энхсайханыг дагуулан ууланд авирсан явдал юм. Хожим нь сүйрэх үйлтэй нисдэг тэрэгнүүд нисэлдэж, энэ “түүхэн” үйл явдлыг кино хальснаа буулгаж, “үй түмэн” бизнес, дарга нар далбигнан дагаж 800 жилээсээ ч дутахааргүй их зардал гаргасан даа. “Ясчин” хочит лам Г.Пүрэвбат хүртэл ууланд авирав шүү дээ.

Ингээд л гүйцээ. Ердөө л ууланд авирах явдал болон хувирсан Их ойг одоо санаж байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу…

Түүхээр “байлдах нь”

Ардчилал эхэлснээс хойш түүхийн цагаан бил үү, хар ч бил үү толбыг арилгах бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн юм. Социализмыг нураахын тулд үзэл суртлын, ялангуяа түүхийн үндэслэл ус агаар мэт хэрэгтэй болсон юм. Энэ нь чиглэмжийн хувьд зөв байсан ч аливаа юм хэмжээнээсээ хэтрэхээр завхрал болдог гэдгийг бид яруу тод нотолсон. Нэг мэдсэн чинь манай улс төрчид бараг бүгдээрээ “түүхчид” болов.

Ардчилсан талынхан МАХН-ыг муучлахын тулд 1921 оныг түүхийн хувьд үзэн ядаж, 1911 оныг эхнэрээсээ илүү хайрлах болов. Үүний гол төлөөлөгч нь Баабар болно. МАХН 1921 оноо цээжээрээ хамгаалж, 1911 оныг “дорд үзэх” нь мэдээжийн хэрэг. Эрхбиш хүрээлэн мүрээлэнтэй юм чинь янз бүрийн үндэслэл гаргаж чадаад байв. Ингээд монголын түүх улс төрийн өрсөлдөөний зэвсэг болж хувирсан юм. Монголчууд бүгдээрээ шахам улс төрчид учраас энэ дагуудаа бас л бүгдээрээ шахам түүхч болсны учир цаад учир шалтгаан нь ийм.

Н.Энхбаярын зарлигийг манай улс төрийн арчаагүй “түүхэн” сэтгэлгээний үүднээс харвал тэрбээр МАХН-даа үнэхээр шахагдаж, орох газаргүй болжээ гэсэн дүгнэлт хийж болно.

“Байлдааныг” сэргээх нь

2007 он гарав. Бурхны авралаар энэ жил ой байсангүй. Ямар Октябрийн баярыг тэмдэглэлтэй нь биш. Тэгээд ч сонгууль монгууль гээд юун баяр наадамтай мантай. 2008 оныг бол бүр ярилтгүй. Ингээд улс төрчдийн “түүхийн” байлдаан зогсож арай гэж яс амарч байтал энэ мундаг “ухаалаг”, жинхэнэ “үндэсний” шинжтэй зарлиг гараад ирэх нь энэ. Би л лав үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэж л ойлгож байна.

Дандаа ой далимдуулж төрийг самарч байдаг болохоор нь тэгж байна л даа. Монголын Засгийн Газар унах босох болон улс төрийн ноцтой том үйл явдлууд дандаа наадам, баяр ёслол, үгүй ядахдаа тавдахийн орой юм уу, хагас сайнд болдог зүй тогтолтойг хүн бүр мэдэх байлгүй. Ер нь хуулиндаа ингээд заагаад өгчихсөн ч яадгийм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг төрийн дээд удирдлагад 20 жил болж байхдаа огт санаагүй байж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “гэнэт” санаж байгаа бол дэндүү оройтсон хэрэг…

Ядахдаа Ардын хувьсгалын болон МАХН-ын 80 жилийн ойгоор Ерөнхий сайд, МАХН-ын дарга байхдаа хэлсэн үгээ эргээд нэг харчихаж болдоггүй юм уу. Хэрэв санахгүй байгаа бол би хэлээд өгч болно шүү…

Манай Төрийн тэргүүн байж байгаад л нэг шинэ “онол” гаргадаг өвчтэй болжээ. Н.Энхбаяр “Номт төр”-ийн “онолоо” дэвшүүлээд хэдхэн сар, харин “Хариуцлага”-ын тухай “онол”-оо гаргаад хэдхэн хонож байна ш дээ. Энэ олон “онол”-уудаа нөгөө мундаг “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого”-доо багтаачих ухаан байсангүй юу, ингэхлээр ”Цогц бодлого”-д чинь ямар ч “онол” алга болж таарч байна даа, чааваас гэж…

Монголын түүх улс төрчдийн заваан тоглоомын золиос биш шүү гэдгийг би зориуд сануулж байна. Одоо ч түүхийн “байлдаан” эхэлчихлээ л дээ…

Чи юу хийсийм гэж үү ?!

Олон хүн ингэж асууна. Баабар шиг ном бичиж чадахгүй хэвтэж, хоосон шүүмжлээд л гэх гэж байгаа биз. Энэ удаа би өөрийнхөө тухай цухас дурдах шаардлага гарч байх шиг. Би дээд сургууль төгсөөд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн, хожмын Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилд орж тэнд арав гаруй жил ажиллаж, монголын бахархал болсон агуу түүхчидтэй хамт ажиллаж, тэдний ачаар хүн болсон юм. Эхлээд “чихдүүлж” байж, дараа нь амтанд нь орон орсоор түүхэн сурвалжуудыг архиваас жинхэнэ эхээр нь уншиж түүхэн судалгааны арга зүйг судалсан. Ийм боломж түүхч хүнд ч тэр болгон олдоод байдаггүй юм.

Яг түүхийг биш, түүхийн гүн ухааны системт шинжилгээ хийх хүсэл олон жил өвөртлөн явж билээ. Ингээд 2001 онд яг энэ сэдвээр “Нийгмийн дэвшлийн замаар” гэсэн өгүүлэл бичсэн юм. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг чинь нэгтгээд дүгнээд, цаашид мэтгэлзэх, маргах асуудлуудыг багцалчихсан гэсэн хэрэг. Түүнийг маань гадаадын эрдэмтэд уншиж, монголч эрдэмтдийн их хурал дээр л иш татдаг юм. Монголд уншсан хүн тун цөөхөн. МУИС дээр гадаадын эрдэмтэн намайг сураглаж ирэхэд нь Ганхуяг гэдэг түүхч манайд байхгүй гээд явуулчихсан инээдэмтэй тохиолдол ч бий. Хэрэв уншигчид хүсэх аваас би түүнийг дахин хэвлэхэд бэлэн байна.

Тусгаар тогтнол шиг үнэтэй юм энэ хорвоод үгүй учраас 1911 оны Үндэсний эрх чөлөөний ойд дургүйцэх ямар ч шалтгаан надад байхгүй. Харин ойгоор далимдуулж ууланд авирах мэтийн тэнэг ажил хийх, шашны элдэв зан үйл хийж солиорох, ганц өөрийгөө рекламдах явдал болгон хувиргах вий гэхээс би үнэхээр болгоомжилж байна.

Сүүлийн жилүүдэд “ясчин” хочит лам Г.Пүрэвбат гэж төр, шашны хутгуур мөн ч их даварч байна даа. Оросын Ерөнхийлөгч В.В.Путины өөдөөс цац гэж өгсөн элсийг нөгөө Н.Энхбаяр нь цацсан л дуулдсан…Чаддаг юм бол элсээ цацаж байгаад үнэн алдарт Оросуудаас буриадыгаа булаагаад авчих л даа.

Миний ойлгож байгаагаар аливаа зурсан, хийсэн, бүтээсэн бурхнаа сүм хийддээ залбал болоо юм биш үү. Г.Пүрэвбат ламтан бүтээсэн бурхнуудаа Монголын төрөөр менежмент хийлгэж, рекламдаад бүр сурчихаж. Энэ чинь бизнес бөгөөд сэтгэл зүйн талаас нь “нэр алдрын  солиорол” гэдэг юм. Монгол төрийн ордон Түвдийн Ботала биш шүү дээ. Манайхан аливаа ойг ингэж балайруулдаг юм. Ер нь бол ой тэмдэглэх ганцхан аргаар улс орноо хөгжүүлнэ гэж хаашаа харсан юм байдаг юм.

Н.Энхбаярын зарлиг 1911 ба 1921 оны хувьсгалууд, мөн феодализм, социализм, капитализм гурвын аль нь “мундаг” вэ гэсэн маргаан болон хувирч, ард түмнээ дахин талцуулах үр дүнд хүргэх нь гарцаагүй. Харж л байгаарай. “Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги” гэсэн ардын маань мэргэн үг байдаг юм ш дээ…

Хэрэв төр засаг болон түүний тэргүүн нь оюун сэтгэлгээний хувьд ганц муу судлаачаас даруй 8 жилээр хоцорч байгаа бол улс төрөөс зайлах гэсэн ганцхан зам буй…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 1 дүгаар сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: