ОРДЕНГООС ОДОН ХҮРТЭЛ…

Манайхан шиг шагналд дуртай үндэстэн гэж ховор байх. Хүн бүр л одон авах гэж дайрдаг өвчтэй болжээ. Энэ талаар олон сэтгүүлч, судлаачид залхтал бичсэн боловч тоох янз огт алга. Нийгмийн шилжилт явагдаж бараг бүх зүйл сайн, муу тийш өөрчлөгдсөнөөс хуучин хэвээрээ байгаа ганц зүйл нь төрийн болон бусад шагналын систем юм. Энэ тухай өгүүлсү.

Орденгоос одон болсон “түүх”

Одон медаль хэмээх үгүүд бүрэн монголжжээ. Медаль гэдэг нь металл буюу төмөр гэсэн латин үг гаралтай үг юм байна. Францчууд шагнадаг ийм тэмдэг анх болгосон аж. Харин орден гэж дундад зууны европын лам нар, хуягт баатруудын (рыцарь) бүлэг, бүлгэмийг нэрлэдэг байсан аж. Европын орденгууд голдуу 4 зэрэг дэвтэй, мөн янз бүрийн таних тэмдгээрээ ялгардаг байжээ. Орденг хүнд өгдөггүй, харин хүн түүнд элсдэг байжээ. Өөрөөр хэлбэл байгууллага байж. Орденгийн орчин үежсэн хэлбэр нь одоогийн европын хаалттай клубууд аж. Зарим орден 10-20 хүнтэй байхад зарим нь хэдэн арван мянган хүнтэй байдаг ч байжээ. Тухайлсан орденд хамаарах болон доторх зэрэг дэвийн ялгааг илэрхийлсэн хувцас, бэлэгдэл, таних тэмдгүүд нь хожим бидний одон хэмээн нэрлэх болсон орденгийн үүсэл болжээ. Нэгэнт байгууллага доторхи зэрэг дэвээс үүсэлтэй тул нэг хүн одонг хоёр дахиж авдаггүй зарчим европт тогтсон юм байна. Хаант засаг, төр улс бэхжихийн хэрээр орденгуудыг хаад ноёд ашиглах болж эхлээд дайчин офицерүүдийг, хожим нь язгууртнуудын шагнадаг төрийн шагнал болж, улмаар түгээмэл зүйл болон хувирчээ. Дөнгөж л XIX зууны үеэс эхлэн жирийн хүмүүсийг орденгоор шагнах болжээ. 1911 онд шинэ тутам тусгаар тогтносон Монгол Улс “Эрдэний Очир” зэрэг одонгийн системийг европ загвараар хийж эхэлсэн. Яаж байгаад орден нь одон болчихсоныг тодруулж чадсангүй. Бодоод байхад манайхан ихээхэн ухаалаг орчуулсан юм шиг.

Шагнал болон шийтгэл

Хүн мөн чанараараа сүрэг, овог аймаг, нийтлэг, нийгмийн амьтан учраас шагнал болон шийтгэл хүний нийгэмтэй хамт үүссэн байна. Ямар ч нийгэмд сайн үйл хийвэл шагнадаг, муу үйл хийвэл шийтгэдэг нь жам. Өөрөөр хэлбэл хүн шагнал, шийтгэлийн дунд явах хувь заяатай. Одоо ч гэсэн энэ нь энгийн амьдрал дээр маш олон зүйл дээр ажиглагдана. Ухаандаа ан авлахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн дээжийг нь эхэлж хүртэх нь “шагнал”, алдаж “хариуцлага” алдсан бол багыг авах нь “шийтгэл” болно. Эсвэл гэр орныхоо ажлыг сайн хийсэн хүүхэд ээжээсээ чихрээр мялаалгуулах нь шагнал, буруу хэрэг хийж зодуулбал нь мэдээж шийтгэл. Энэ бол ахуйн жишээ. Харин төр засаг байгуулагдмагц удирдагч, хаан, төрийн өмнө хүлээх шагнал болон шийтгэл нь хуульжсан, ёсжсон, институтжсэн шинжтэй болон салбарлан хөгжжээ. Одон бол энэ төрөлд хамаарах бөгөөд энэ нь хувь хүнийг бүлгийн төлөө зүтгүүлэх, идэвхи гаргуулах хөшүүрэг болж өгнө. Янз бүрийн нийгмийн байгуулалд хэлбэр, механизм нь янз бүр байсан боловч энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй юм.

Монгол шагнал

Дорно дахинд, тухайлбал монголд шагнал шийтгэлийн систем байсан нь мэдээж. Ухаандаа “Нууц Товчоо”-нд нэлээд олон өгүүлэгддэг “Есөн удаагийн алдаанаас хэлтрүүлэх” бол мэдээж шагнал. Үүнийг талын язгууртны ёс суртахууны өндөр итгэлцэл, хүн төрийн харилцааны тун ухаалаг механизм гэж би ойлгодог юм. Агуулга нь 9 удаа алдаа гаргаарай гэж байгаа хэрэг огт биш, харин хаан төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй гэсэн нэр хүнд, итгэлцэл, идэвхийн илэрхийлэл юм. Учир нь ес байтугай, нэг алдаа гаргасан хүн бараг байдаггүй. Харин шийтгэл бол хангалттай их байсан. Энэ талаар жишээ өгүүлэх нь илүүц зүйл болно. Харин шагналыг голдуу язгууртан, цэргийн эрхтнүүдэд олгодог байсан байх. Шагналын хэлбэр нь тухайн хүний албат иргэдийн тоо, мал хөрөнгийн хэмжээ, зэрэг зиндаа байсан нь ойлгомжтой. Монголчууд бид шагнал, шийтгэлийн тун нарийн систем, механизмтай байсан гэсэн дүгнэлт хийж болох бөгөөд үүнийг лавшруулан судалвал уг нь зүгээрсэн. Хожим шагнал, шийтгэлийн манжийн систем нэвтэрсэн нь мэдээж. Энэ нь цол хэргэм, эрх ямба, цалин пүнлүү зэргээр голчлон тодорхойлогдож байсан. 1911 онд тусгаар тогтноод монголчууд өөрийн гэсэн шагналын систем бий болгохыг оролдож, зарим талаар ахиц гаргасан нь тодорхой бөгөөд гэхдээ энэ нь манжийн үеийнхээс нэг их хол тасраад явчихсан гэсэн хэрэг биш болов уу.

Олноо өргөгдсөний тэргүүн оны арван нэгэн сарын шинийн есөн. Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн хүмүүсийг Богдын зарлигаар:

• Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз

• Хүрээний да лам Цэрэнчимэдэд чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг ширээ, улбар шар жолоо ногоон тэрэг, чин вангийн пүнлүү үүрд хөрөнгөнөөс албан гаргуулах үгүй...гэх зэргээр шагнасан байна.

Энд шагнал, цол хэргэм, эрх ямба зэргийн ялгаа тод харагдахаас гадна улс төр, эдийн засаг, ёс суртахууны бараг бүх талыг зэрэг хамруулж чадсан нь илт ажиглагдаж байна. Энд би зориудаар лам, хар хоёр хүнийг сонгож жишээ болгосон бөгөөд энд илт дорно дахины ёс үйлчилж байгаа нь арга ч үгүй биз…

Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он. Цагаан сарын арван найманд мөн Богд хааны зарлигаар:

• Орос жанжин Барон дор үе улиран хан, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, улсыг мандуулагч их баатар жанжин цолоор шагнажээ.

Энд гадаад, дотоод хүний шагналын ялгаа бараг алга байна. Гэхдээ Бароныг монгол хүн мэтээр үзэж шагнаж байсан байж магадгүй юм. Монголчууд асар удалгүй Европын орденг нэвтрүүлсэн ба анх удаа цээжин дээрээ зүүдэг одонтой болсон аж. 1913 онд “Эрдэний Очир” одонг бий болгосон ба энэ нь гурван зэрэгтэй. Тэргүүн зэргийн цул шижир алтаар цутган хийсэн “Чингис”-ийн одонгоор гадаадын хүмүүсийг, дэд “Автай сайн хааны одон”, гутгаар зэргийн “Өндөр гэгээний одон”-гоор монгол ноёд, түшмэдийг шагнаж байсныг түүхч Ж.Урангуа бичихдээ эдгээрийг Европ, ялангуяа Хаант Оросын одонгоос санаа авч хийснийг дурдсан байдаг. Гэхдээ цээжин дээр зүүдэг одонг эхэн үедээ манайхан нэг их тоож байгаагүй болов уу.

Социализмын үеийн шагнал

Ардын засаг ялснаар эхлэн ЗХУ-ын одон медалийн системийг авч хэрэглэх болжээ. Энд би одонгийн түүх бичих гээгүй учраас шагнал шийтгэлийн системийг л хөндөх болно. Эхэн үедээ одон гэж бараг байсангүй. Хэн нэг нь одонгоор шагнуулбал тэр дороо л “одон ТЭР” гэдэг алдартай болдгоос үзэхэд тэр нь их нэр хүндтэй, ховор байсан зүйл бололтой.

Харин социализмын үеийнх шиг шагналын системийг гайхамшигтай ашигласан явдал манай түүхэнд ахиж гарахгүй л болов уу даа. Учир нь социализмын үед эдийн засгийн урамшууллын механизм гэж огт алга байлаа. Ингэхлээр мэдээж улс төр, үзэл суртал, нэр хүндийн шагналын систем үлдэж таарна. Энэ нь одон медаль болон бусад шагналын систем байсан юм. Муугаар хэлбэл хэдэн “төмрөөр” шагнаад ажиллуулаад байсан хэрэг шүү дээ. Сайнаар хэлэхэд материаллаг асуудлыг үл анхаарч байсан нь эх оронч үзлийн тод илэрхийлэл мөн.

Харин одон бол бодит хөдөлмөрийн үр дүн, түүнийг алдаршуулах хэлбэр болж байсан. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг худлаа шагнадаг явдал бараг байхгүй гэсэн үг. Шагналын салбарласан систем маш сайн хөгжсөн байлаа. Ухаандаа улаан хавтастай “Баярын бичиг”, “Хүндэт үнэмлэх” авахын тулд наад зах нь “Таван жилийн гавшгайч” болтлоо ажиллана шүү дээ.

Одон медаль, цол авах хүнийг нам төрийн шугамаар олон удаа хатуу чанд шалгаж, тодорхой болзол хангасан тохиолдолд л шагнадаг байсныг олон хүн мэднэ дээ. Энэ нь тухайн үедээ цэвэр нэр төр, алдар гавъяаны хэрэг байсан. Шууд хэлэхэд шагналын системд эхнэрээсээ салах, архи дарс уух, элдэв цуу ярих зэрэг хувийн атлаа тухайн үеийн үзэл суртлын хүчин зүйл нөлөөлдөг байсан боловч шагналын систем бүхэлдээ бараг төгс, шударга шинжтэй байсныг тэмдэглэх нь зүйд нийцнэ.

Ардчиллын үеийн шагнал

Ардчилалд ормогц шагналын систем үнэхээр замбараагаа алдав. Социализмын үед “дарагдаж” явсан хүмүүс “шударгаар” шагнахыг шаардах болов. Энэ бол манжийн үеэс гаралтай, социализмын үед хэтэртлээ хөгжсөн шагналын системийн гажуудсан хэтрүүлэг байлаа. Асар удалгүй энэ нь барьцах, атаархах, худалдаа арилжааны хэрэгсэл болон хувирсан юм. Хуучин олон шугамаар шалгадаг байсныг халж, шагналыг нэг хүнээс хамаарах болгосон нь хамаг бантанг хутгажээ. Ерөнхийлөгч П.Очирбат “дарагдаж” байсан хүмүүсийг, Н.Багабанди “эхийг нь эцээхгүй”-гээр шагнаж байсан бол Н.Энхбаярын үед шагнал худалдаа наймааны хэрэгсэл, улс төрийн хөшүүрэг болон хувирчээ. Одоо бараг сар болгон ямар нэг ойтой бөгөөд энэ үеэр наад зах нь 200-300 орчим хүнийг төрийн шагналаар шагнаж байна. Энэ нь жилд 20.000 гаруй хүнийг төрөөс шагнаж, дээр нь салбарын тоолж баршгүй олон шагналыг нэмбэл наад зах нь 200.000 мянган гаруй хүн шагнуулж байгаа хэрэг болно.

Нөгөө талд нь шийтгэлийг аваад үзье. Цагдаагийн албан ёсны мэдээллээр жилд 50.000 орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ нь бодит байдлаасаа даруй 8 дахин бага тоо юм. Нийтдээ жилд 400.000 орчим хүн шийтгүүлж байна. Аль ч нийгэмд буй хүмүүсийг шагналтай, шийтгэлтэй, мөн “гавъяа ч байгуулаагүй, гай ч тариагүй” гэж гурав хуваан үзэж болно. Манайх шиг хөл толгойгоо олохоо байсан нийгэмд гавъяатай хүн тун цөөн, “дундаж” хүн олон, шийтгэлтэй хүн бүр ч олон байгаа нь тодорхой. Гэтэл шийтгэлтэй болон гавъяатай хүмүүсийн тоо хэтэрхий олдож, бас ойртож байгаа нь манай төр хүнээ ажиллуулах ямар ч арга хэрэгсэлгүй болсны тод нотолгоо болно. Насанд хүрсэн хүнийнхээ гуравны нэгийг шагнаж, мөн гуравны нэг орчмыг шийтгэдэг төр бол ямар ч утгаараа төр биш юм. Одоо манайд ажилласан жилээрээ шагнуулах сэтгэл зүй нэгэнт бий болжээ. Шагналтай холбоотой олон хөгийн явдал гарах. УИХ-ын гишүүн нөхөр нэг багш хүүхнийг шагнуулах гэж ихэд идэвхийлэн гүйж байсныг би тод санаж байна. Хожим дуулахнаа тэр хүүхэн нь нөгөө нөхрийн нууц амраг нь юмсанжээ. Одоо бүр санаа амарч, нууц амрагаа хүртэл төрөөс шагнуулдаг моод дэлгэрч байна. За тэгээд ах дүү, нутаг ус, салбар гээд л бие биенээ шагнаад байна даа. Бие биенээ шагнаад улс орон хөгждөг байсан бол манайх дэлхийд аль хэдийн дээгүүрт орох байсан. Харамсалтай нь дэлхийн 200 гаруй улсаас сүүлийн 170-180 байраасаа улам ухраад байх юм. Ингэх тусам шагнал нэмэгдээд байдаг нь дэндүү инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй. Сүүлдээ бүр байчихаад улайм цайм хулгайч, худалч нарыг шагнадаг болж. Зарим нь бүр одонтойгоо шоронд ордог болж байна.

Шагнал, шийтгэл хоёр нь холилдоод ирэхлээр улс орон сөнөдөг юм л даа. Манайхан шагналын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа сураг дуулдсан. Хэдэн одон, медалтай болох, түүнийхээ зэрэг зиндааг яаж цэгцлэх, хэн өгөх зэргээ л ярина биз. Та нарыг ямар мэдэхгүй биш. Нийгэм дэх хувь хүмүүсийн идэвхи, оролцоо туйлын олон янз байх. Нийгмийг хөгжүүлэхэд бусдаас илүү идэвхийлэн оролцсон хүмүүсийн идэвхийн зэргийг хэмжих шинжлэх ухааны арга зүй аль дивангалавт тогтсон. Бас шийтгэлийг ч ингэж болох. Хүний үйл ажиллагааны салшгүй хоёр тал учраас шагнал яривал шийтгэлийг ч бас ярих ёстой. Дандаа гавъяа байгуулдаг буюу дандаа гэмт үйлдэл хийдэг хүн гэж бараг үгүй. Иймээс зарчмын дараах асуудлыг шийдвэрлэх ёстой.

• Шагнал шийтгэлийн харьцааг тогтоох

• Жилд шагнах хүмүүсийн тоонд хязгаар (лимит) тогтоох

• Шагнах шалгуур, үзүүлэлтийг нарийвчлан тогтоож, үүнийг албан тушаалтны үзэмж, дур зоргоос үл хамааралтай болгох

• Шийтгэл эдэлсэн үед шагналыг хураах, шийтгэлээ цагаатгасан үед шагналыг буцаан олгох

• Сонгуулийн өмнө болон үеэр шагнахыг зогсоох

• Шагнах хүмүүсийн хувийн амьдралаас бусад бизнес, улс төрийн үйл ажиллагааг нарийн шалгах

• Одон медалийн бусармаг, үлэмж хоцрогдсон тогтолцоог эгнэгт халах зэрэг болно.

Энийг ч мэдээж манай төр шиг юм ойрын жилүүдэд заяа нь хийж чадахгүй. Одоо ч Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн тул шагналыг бөөндөж таарах учраас Н.Энхбаяраас шагнал авах гээд оочерлоод байж дээ. Гэхдээ орден нь ордер (хуучнаар бол баривчлах бичиг) болчихгүй бол шүү дээ. Мөн ч олон “одонтнуудыг” шоронд явуулна даа, цаадах чинь…

Судлаач Д.Ганхуяг.

2009 оны 1 дүгээр сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: