УДИРДДАГ ЮМЫГ ТӨР ГЭДЭГ…

Төрийн удирдлага гэсэн нэг том шинжлэх ухаан байх. Манай том жижиг бараг бүх дарга удирдлагын магистр, доктор гэж намтар дээрээ бичихээс өөрөөр үүнийг огт үл гадарлах. Эндээс л төр нь төр биш болчихдог юм. Энэ тухай өгүүлсү.

Далайтай юм шиг…

Засгийн Газрын 2008 -2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталж байв. Манай УИХ-ын гишүүд гэж телевизийн дуран харахаараа нээх их мэргэн цэцэн болцгоож, ард түмнийхээ төлөө “юм” хийцгээе гэж орилдог юм. Тэгээд байж байсан чинь Л.Гүндалай гишүүн гэв гэнэт монголын дунд сургуулиудад усан бассейн барьж, хүүхдүүдээ усанд сэлдэг болгож, эрүүл чийрэг болгоно гэсэн санал гаргадаг юм байна. Жигтэйхэн соёлтой, боловсон, дэвшилттэй санал байгаа биз дээ. Багадаа Хөвсгөлд, дараа нь Германд усанд сэлж байсан хүн чинь арга байж уу. Тэгээд нөгөө хэд нь яадгийм бол гэж хараад байсан чинь тэрийг нь шууд л баталчихдаг байна ш дээ. Ингээд УИХ-ын 35 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 1.2.10-т “Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усан сэлэлтийн төрлийг оруулна” гэж албан ёсоор оруулав.

Манай УИХ-ын гишүүдийн ухаанд ухна орчихжээ. Хэрэв би эндүүрээгүй бол Монгол говь талын орон. Монголчууд 4000 гаруй жил усанд хавьталгүй явснаа энэ төрийн үед бүгдээрээ усанд сэлж сурах юм гэнэ. Манай аймгуудад усан бассейн байгуулбал тэр нь шууд л бие угаах газар болж хувирах нь ойлгомжтой бөгөөд энэ бол бүх төрлийн өвчин тараах бэлэн үүр уурхай болно гэдгийг захын дураак мэддэг баймаар. Монголын хоцрогдолтой холбоотой онцлог гэж юм байдгийм ш дээ. Ингээд төр нь санаатайгаар монголын хүүхдүүдэд өвчин тараах төлөвлөгөө баталж байгаа юм даа. Ухаандаа Өмнөговийн аль нэг сумын сургуулийн хүүхдүүд худагт орохгүй бол өөр хаана усанд сэлж сурах ёстой гэж. Аль эсвэл аймаг руугаа очиж бие угаах газартаа сэлэх ёстой болж байна уу ?!

Ундны усаа яая гэж байж ийм шийдвэр гаргах ахул манай УИХ-ын гишүүд баг, хорооны засаг дарга ч хийж чадахгүй улс юм байна. Би төр засагт дээрээсээ идэж ууж дуусаад үнэхээр мөнгө хүрэхгүй гэж бодож байсан чинь эндүүрэл байж. Байх байхдаа асар их мөнгө байж л байгаа биз дээ. Тэгж их мөнгө нь багтаж ядаад байгаа юм бол хэдэн сайхан халуун ус барьчихвал ард түмэнд арай л илүү хэрэгтэй юмсан.

Манай төрийн бодлого, алсын хараа, “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” энэ тэр гээд гайхуулаад байдаг юм нь үнэн хэрэг дээрээ иймэрхүү онигооны цуглуулга байдаг юм. Энд би ганц л жишээ авч байна. Ер нь манай төрийн шийдвэр хүн авахын тамтаггүй гэдгийг мөн ч олон хүн залхтал хэлж байна даа. Монголчууд бидний “махаа зулгааж” олж өгсөн татварын мөнгөөр УИХ-ын гишүүд ингэж далайтай юм шиг тоглодог юм даа…

Бодсон юмыг бодлого гэдэг

Бид УИХ-ыг бодлого боловсруулдаг гэж ойлгодог. Нэг хүн “тэнэгтэж” болно, иймээс Та нар 76-уулаа хэлэлцээд шийдээрэй гэж УИХ-ыг байгуулсан гэж би ойлгодог. Тэгсэн чинь бүгдээрээ тэнэгтдэг байна ш дээ. Уг нь бол ийм парламентыг тараадаг ёстой бөгөөд жамтай.

Төрийн шийдвэр гэдэг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний толгойд орсон дурын санал, мөрөөдлийг хэлдэггүй юм. Аль ч төр шийдвэрээ боломжийнхоо хэрээр алс хэтийг харж, шинжлэх ухааныг ашиглаж, маш нарийн тооцоо судалгаа, мэдээлэлд тулгуурлаж гаргадаг. Үүнийг л төрийн удирдлага гэх. Манайд энэ бол ёстой лөөлөө л байна.

Гайхуулах ганц юм нь “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” ухаантай. Хэрэв ийм “том” бодлогыг алгасаад усан бассейн мэтийн санал гэв гэнэт орж ирэх боломжтой байгаа бол “Цогц Бодлого” гэж рекламдахаа болиод, ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэдгээ эртхэн хэлчихсэн нь дээр л дээ. Манай төрд огт байхгүй юм нь удирдлагын ухаан бөлгөө. Заавал байх ёстой юм нь байхгүй болохоор энэ төр огт ажиллах боломжгүй бөгөөд чадваргүй.

Наад зах нь төрийн улс төрийн болон захиргааны ямар ч албан хаагч асар олон тулгамдсан асуудлыг ач холбогдол, цар хэмжээ, эрсдлийнх нь хэмжээгээр эрэмбэлж чаддаг байх ёстой. Дараа нь төрийн албанаас гаргаж буй удирдлагын шийдвэр нь төлөвлөлт, зохион байгуулалт, сэдэлжүүлэлт, хяналт гэсэн удирдлагын үндсэн функцийг хангасан байх ёстой. Ингэж байж төрийн удирдлагатай жаахан дөхөж очно.

Айлын мунгинуу авгай ч амархаан шийдчих юмыг л төрийн бодлого модлого гээд солиорсоор байгаад огт шийдэж чаддаггүй өвчтэй болжээ, энэ төр шиг юм нь. Бодсон юмыг л бодлого гэдэг юм даа, эрхэм гишүүд ээ. Харамсалтай нь Та нарт бодлого байтугай, толгой ч алга даа…

“Төвийг сахисан” төрийн алба

Манайхан төрийн албыг улс төржөөд байхаар нь намаас нь салгачихлаа гэж бодоод баярлаад байх шиг. Сүүлийн жилүүдэд төрийн алба МАХН-ын гол электорат нь болсон бөгөөд улс төрийн худалдаа арилжааны хэрэгсэл болон аль хэдийнээ хувирсан билээ. 2005 онд байна уу даа, Д.Зүмбэрэллхам гэгч мөрдөн байцаагч нөхөр “Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо” гээчийг байгуулж манаргаж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгснийхээ хүчинд удалгүй Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх болсон юм. Саяхан ноён Д.Зүмбэрэллхам Төрийн албаны Зөвлөлийн дарга болжээ.

Намаа сонгох уу, төрөө сонгох уу гэсэн хэцүү ч юмуу, амархан ч юм уу сонголт хийх болоход монголчууд төрдөө “хайртай” болохоороо 90 хувь нь төрдөө ажиллая гэж гэсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн албыг намаас салгаад Д.Зүмбэрэллхамын цэрэг болгочихож байгаа хэрэг л дээ.

Ямар тохиолдолд намтай харьцахыг нь хуульчилж өгөөгүй болохоор С.Баяр болон МАХН-ын дарга нартай уулзсан хүн болгоныг улс төр хийсэн гээд яллаад байх боломж нээгдэж байгаа юм. Хэрэв МАХН-тайгаа “сайн” байвал төрийн албаа “нууцаар” намдаа ажиллуулаад байх маш том боломж бас бий. Ийм өргөн боломжтой, хоёр үзүүртэй энэ заль мэх бол нөгөө л “төрийн бодлого” шүү дээ.

Манай төрийн албаныхан намын гишүүнчлэлгүй боллоо гээд улс төр хийхгүй байна гэж ёстой гонжийн жоо. Ямар ч дүрэм журам, зохицуулалт байхгүй болохоор харин ч “улс төрийн нууц казино” болно доо. Харж л байгаарай. Жишээлбэл, хамгийн эхэнд намын харъяалалгүй болсон Гадаад хэргийн яам улс төртэй, тэр ч байтугай хар тамхи болон контрабандын хэрэгтэй яаж холбогдож байна, “намгүй” цагдаа яаж далд улс төр, бохир бизнес эрхэлж байна, мөн Батлан хамгаалах яамны томилгоо зэрэг яаж болдгийг бид бэлхнээ мэднэ дээ.

Одоо “Төрийн алба” нэртэй улс төрийн шинэ намаа яаж байгуулахыг харах л үлдэж байна даа… Энэ Н.Энхбаярын хийсэн юм болгон нь яахаараа дандаа ийм хорлогчинтой байдгийм гэж би заримдаа гайхдаг юм.

Энд ч, тэнд ч ийм байдаг гэж гадаадаас жишээ авах дуртай манай дарга нар таг дуугай байгааг гярхай уншигчид анзаарсан л байх. Дэлхийн ихэнхи оронд төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байх чөлөөтэй байдаг. Харин хэдийд, хаана, яаж улс төрийнхөө ажилд оролцох ёстой, ёсгүйг нь хуулиар хатуу заагаад өгчихсөн байдаг юм. Дашрамд хэлэхэд олонхи оронд төрийн алба гэдэггүй иргэний алба гэж нэрлэдэг нь маш оносон агуулга юм.

Манай төрийн алба гэж бие биенээ ээлжилж гуйж, хахуульдаж байгаад бүрдүүлчихсэн бараг овгийн байгуулал шиг юм байдаг бөгөөд тэнд төрийн ажил хийх нь битгий хэл, бараг бичиг үсэгтэй хүн цөөхөн болчихсон юм ш дээ, чааваас. Хэдхэн жилийн өмнө төрийн албаны шалгалтын тестийг гудамжинд зарж байгаад баригдаж л байсандаг.

Одоо төр, нам хоёр салаад их гоё болно гэж бодох нь ихээхэн том эндүүрэл бөгөөд “намгүй” төрийн алба намтай яаж холбогддогийг Та бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр харах болно. Угаасаа алба амиа ялгадаггүй хүмүүс чинь нам, төрөө хэдхэн сарын дотор ялгаж зааглаад сурчихна гэдэгт итгэх нь ёстой зангууны үлгэр болно.

Ингэхлээр нөгөө төрийн алба, төрийн удирдлага гэж юм нь оргүй болчихдог юм л даа. Уг нь нийгмийг удирддаг юмыг төр гэдэг бөгөөд ингэж чадахгүй бол халж өөрчилдөг учир жанцантай…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 1 дүгээр сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to УДИРДДАГ ЮМЫГ ТӨР ГЭДЭГ…

  1. eegii says:

    бичлэгийн хувьд нэлээд тааруухан болжээ.Онолын асуудлыг хөндөхөөс илүүтэй улс төрийн хүрээний хов, живээс хэтрээгүй нэлээд хуучинсаг үзэлтэй л хүн гэж бодлоо.Төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлгүй болгосон нь зөв гэдгийг одоо ч зах зухаас нь харж байгаа байх.Яваандаа улам ч сайжирна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: