ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү.

Вождизм буюу удирдагчийн эрэлд

Оросын түүхч, улс төрийн хүн судлалын (антропологи) Н.Н.Крадин гэж нэг нөхөр байх. Тэрээр нүүдэлчийн нийгмийн байгууллыг судлаад:  Энэ нүүдэлчид, түүний дотор монголчуудад төр улс гэж байсангүй. Тэд нэг удирдагч олж аваад түүнийгээ дагаж амьдардаг, удирдагч нь нийгмийн баялгийг хуваарилах гол үүрэгтэй гэж дүгнэсэн. Үүнийг тэрбээр вождизм буюу жолоодогчийн ёс гэж нэрлэсэн. Би Н.Н.Крадины санааны агуулгыг товчлон хэлж буйгаа онцолж байна.

Улс төртэй холбоотой хүмүүстэй ярилцаж байхад голдуу хэнийгээ дагадаг юм билээ л гэж санаашрана шүү дээ. Гарцаагүй “ялах” хүнийг хайж байгаа царай нь тэр юм…

Яах, юу хийхээ мэдэхгүй юм бол XXI зуунд хаант засгаа байгуулаад өөрсдөө албат, боол нь болохгүй юу даа…

Одоо сонгууль болж байгаатай холбогдон хоёр том үзэгдэл болж байна. Нэг. Ерөнхийлөгч болох санаархалтай хүмүүс аль хэдийн сонгуулийн ажлаа эхэлж, одоо “тохируулга”, “зөвшилцөл” зэргээ ид хийж байна. Хоёр. Олон нийт “сайн хүн” олох мөнөөх улигт эрэлдээ орж, таамаглаж ядаж байна.

Одоогоос яг 1 жилийн өмнө “Сонгуулийн дараа Та нар яахийм” гэсэн өгүүлэл бичиж, нийтийн самуун болно шүү гэж бүр том үсгээр анхааруулж байсан нь миний блогт одоо ч байж л байгаа.

Өнөөдөр ахиад л “нэг сайн” Ерөнхийлөгч олж сонгох цаг ирлээ дээ… Би огт удирдагчгүй, манлайлагчгүй бай гэж хэлээгүй, харин тэднийгээ хянаж, хулгай луйвар биш, харин төрийг ажиллуулах тухай ярьж байна.

Мэдээж Та бидний зарим нь төрийн тогтолцоог өөрчлөх, зарим нь аль нэг намыг, зарим нь хүнийг “сонгох” тухай ярьж байгаа. Гэхдээ л олонхи хүн “байгаа” хэдийгээ л бодох сэтгэл зүйтэй байдаг юм даа…

Муулж байгаад л…

Хэрэв намаар нь яривал МАХН, АН, ИЗН, НН гэсэн дөрвөн субъект сонгуульд нэр дэвшүүлнэ. Гол өрсөлдөөн МАХН, АН-ын бүлэглэлүүдийн хооронд болно. Одоо ч аль нь МАХН, аль нь АН гэдгийг мэддэг хүн цөөхөн болсон доо.

Хэрэв хүнээр нь яривал “бодоод бодоод” Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Баяр, Ц.Элбэгдорж, Э.Бат- Үүл, С.Оюун, Д.Энхбат нар л харагдаж байгаа биз дээ. Аа тийм, бас ганц нэг “нөөцний” хүн байгаа юм байна…

Төрийг нам, намыг бүлэг, бүлгийг удирдагч орлож, энэ бүхэн холилдоод ирэхлээр бүлэглэлийн өрсөлдөөн рүү орчихдог юм. Энд л гол тоглолт болж байна даа. Ухаандаа Л.Гүндалай нэр усаа өөрөө дэвшүүлээд “солиорчихсон” гэж олон хүн бодоод байх шиг. Тийм биш шүү. Цаана нь ийм маягаар “нэр дэвшиж” үймүүлэх олон хүн бий шүү..

Энд улс төрийн болон сэтгэл зүйн хувьд “хоёр намын” тодорхой бүлгийг шахах, үймүүлэх, сульдаах үйлдэл хийж, мөн олон түмний анхаарлыг өөр зүгт татах гэж илтэд оролдож байна.

Үүнд чинь толгой эргээд байх юм юу ч байхгүй. Ингэж үймүүлж байгаад хэдэн сул өрсөлдөгч гаргаж, хулгайлсан мөнгөөрөө “зодож” байгаад ганцаараа үлдэх адгийн хуучирсан арга л байна даг. Ингээд цаагуураа “зөвшилцөж”, “тохирчихсон” 2-3 хүний нэр дэвших нь гарцаагүй юм.

Ингээд монголчууд бид чинь хэдэн тал болж аваад тэднийгээ муулж муулж, хэрэлдэж хэрэлдэж байгаад л бүр санаатай юм шиг хамгийн том хулгайчаас нь эхлээд сонгочихдог гажигтайг цаадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Бидний гэнэн бооцоо

Одоо ямар үйл явц болж байна вэ ? Нэг. Оюу толгой, Таван Толгойг ашиглах асуудлаар улс төрийн маш зэрлэг өрсөлдөөн болж байна. Хоёр. Эдийн засгийн хямрал болж байна. Гурав. Улс төрийн системийн задрал болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ бүхнийг шийдэх боломж огт байхгүй. Харин бид л энэ сонгуульд хэтэрхий их бооцоо тавьж тавьж байна.

Түүхийн нэг бяцхан жишээ өгүүлье. Римийн эзэнт гүрэн бууран доройтсон үед Гай хэмээх нэгэн цезар (хаан) байсан юм. Түүнийг байнга өмсөж явдаг цэргийн гутлаар нь Калигула гэж хочилдог байсан нь тэр нэрээрээ түүхэнд үлдсэн юм. Тэрээр хий юм хардаг өвчтэй байсан агаад тэр үедээ ухаанд нь орсон хүмүүсийг тамлан хороодог байж. Эцэстээ хүмүүсийн тэвчээр алдагдаж хоёр зоригтон Калигулаг алж орхижээ.

Ард түмэн талбай дээр, цуглаж, римийн сенат хууль ёсны эрхээ авах боломж бий болов. Айж сандран зугтаж явсан Калигулийн өвөө Клавдийг харсан хэдэн цэрэг түүнийг хуарандаа авчиржээ. Ядаж байхад энэхүү Клавдий гэгч нь ухаан муутайн учир төрд ажиллахаас аль эрт хөөгдчихсөн хүн байж.

Римийн сенат ихээхэн зөрчилтэй, арчаагүй байсан учраас “улс төр”-ийн маргаан хэдэн өдөр хийжээ. Олон түмэн ч тараад явчихаж. Гэтэл мөнөөх өвөө Клавдий гэнэт сэтгэж хэрэв намайг цезар болговол цэрэг бүрт 15.000 сестерций (римийн мөнгө) өгье гэж амлажээ. Ингээд ард түмэн, арми, сенат нийлж байгаад Клавдийг хаанаар сонгож л орхисон юм даа.

Ингээд цезар болсон Клавдийн ухаан муу нь улам дэндэж харгислал явуулах болсон учир түүнийг хордуулж байж л зайлуулсан юм. Энэ явдал НТ-ын эхэн үед тохиосон бөгөөд тэр үеэс Римийн хэзээ ч өөдөлшгүй нуралт эхэлсэн юм. Сургамжтай байгаа биз…

Улс төрийн системийн задралыг Ерөнхийлөгчийн сонгуулиар зогсооно гэж итгэх нь хожих ямар ч магадлалгүй сугалаанд бооцоо тавьсантай дүйцэх харалган явдал юм…

Амар сайхандаа жаргах уу…

Манайд чинь сонгууль боллоо л бол цэцэн ч бай, тэнэг ч бай нэг хүн яаж ийгээд сонгож л таарна. Бид саяхан УИХ, Засгийн Газар, нутгийн удирдлагын байгууллагуудтай болсон, одоо Ерөнхийлөгчтэй болоод төр нь “бүрэн” болж байгаа ухаантай юм.

Тэгээд амар сайхандаа жаргах уу ? Үгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа гэж санана.

Нэр дэвшихээр горилогчдын олонхи нь “хоёр толгойгоо” зарчихвал өөрийнхтэйгөө нийлүүлээд “гурван” толгойтой болчих нь гэж мөрөөдөхөөс цаашаа сэтгэн бодох ямар ч чадваргүй байгаа.

Ард түмэн ч гэсэн тэднийг бараг хурдан морь шиг санаж тэр нь өнгөтэй, хүчтэй байна гэхчлэн цуурахаас бас л хэтрэхгүй байна.

Хоёр нам сонгуулийн дараа Үндсэн Хуулийг өөрчлөх нууц ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй мэдээ бий. Ямар ч Үндсэн Хуулийг үл сахидаг хүмүүсийг зайлуулахгүй бол Үндсэн Хуулийг мянга өөрчлөөд яах юм ?!

Би сонгууль битгий явуул гээд байгаа юм огт биш. Сонгуулийн маргаашаас эхлэн гарцаагүй үүсэх зөрчил, задрал, түүний боломжит хувилбаруудыг тооцоод ингэж хэлээд байна л даа.

Наад зах нь л “хоёр толгой”-г зарах асуудлаар сүйдтэй дажин болно. Улмаар сонгуулийн маргаашаас улс төрийн системийн задрал улам хүчтэй үргэлжилнэ. Эндээс л нийтийн самуун дахин үүснэ дээ…

Сонгууль бодсоор байгаад солиотой болчихгүйн тулд алсдаа ядарсан улс үндэстнээ яахав гэдгийг бодож болмоор л юм. Үүнийг бодож сэтгэж яваа улс төрч хуруу дарам цөөн гэдгийг л би сайн мэдэж байна.

Иймээс улс төрийн систем, төрийн байгууллыг өөрчлөх нь манай үндэстний амин чухал зорилт мөн. Ийм өөрчлөлтийг зөвхөн үндэсний үзэл санааны үндсэн дээр шинжлэх ухаанд тулгуурлаж баймаажин хийж болдог юм.

Үндсэн Хуулийг өөрчлөх цаг нь мэдээж болсон, гэхдээ үүнийг нууцаар бэлтгэж байгаа нь яав ч сайны ёр биш…

Уг нь хаад одож, ард түмэн үлддэг жамтай. Харин манайд бол хаадыг үлдээх пиарын томоохон баг ажиллаж, ард түмнээ хөнөөх ажлыг асар их мөнгөөр хийж байна.

Монгол “Калигула” хорин жил “удирдаад” одоо монгол “Клавдий” болох гэж санаархаж байна. Иймээс түүнийг сонгуулиар зайлуулах нь хямрал, сүйрлээс зайлсхийх эхний алхам болно.

Улс үндэстнээ аврах онолын болон практикийн боломжит олон хувилбар байгаа ш дээ. Оюуныхаа сүвийг мөнгөөр таглачихсан хүмүүс үүнийг мэдэх, мэдрэхээ огт больчихдог юм.

Иймээс Та бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс “Сонгуулийн дараа Та нар яахийм ?” гэсэн ганц асуултаа дахин  тавих ёстой болж байна даа.

Тийм сүрхий юм бол хариулах гээд үзэг л дээ…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 2 дугаар сарын 9.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

  1. ligth says:

    sain baina uu. bi tanaas neg zuil asuuh gesen yum. minii medleg baga uchraas olon zuiliig tungaah shaardlaga ih garch baina. mongold ergelddeg niit mungunii hemjee hed yum bol…

  2. БАТ says:

    Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмєнх нарын vеийн хийсэн, хэрэгжvvлсэн 20 тэрбум долларын их єрийг П.Очирбат, Н.Багабанди нар хаах, багасгах гээд бараагvй том асуудлыг Намбарын хvv Энхбаяр хийж, хааж чадсан нь Монголын тvvхэнд алтан vсгээр бичигдэх агуу том гавьяа. Энэ хvний эсрэг элдэв муу зvйл хэлж ярихаа болимоор юм. Энэ Элбэгээг харалдаа шал худлаа энэ тэнд очиж єнхєрсєн, хэлж ярьснаа мартсан алиалагч. Тєрийн тэмцэл, тvмний ядуурал, дэлхийн хямрал дундуур гарч ирсэн Гvvш хааны єрєєсєн дугуй. Чоно борооноор гэдэг шиг. Нэг их СЕО зан гаргаж, маркетингтай ажиллаж гайхшруулах гэсэн хэлбэр гаргасан хvн. Єглєєний цай гэж Хааны зоог юм уу хаашаа юм. Онигоо ярьж инээлгэж байгаад л гаргадаг гэсэн. Ямар ч асуудал шийдсэн юмгvй, улсын хєрєнгєєр тансаглах бас нэг муу арга нь..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: