АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм.

Чацга харвах үеэр…
Дэлхийн эдийн засгийн хямрал, монголын улс төрийн задрал хоёр давцаж байгаа нь сохор хүнд ч илт атал манайхан ядуурлаа бууруулчихаж байгаа нь амь тэмцсэний тодорхой илрэл юм. Хэний амь тэмцлээ гэж ?!
Энд ард түмний ядуурлаас гадна баячуудын ядуурал болж байгаа нь илт байна. Тэд мөнгөө чацга харваж байгаа юм шиг алдаж байна…
Аливаа хөрөнгөтнийг компрадор, нувориш, үндэсний гэж хуваадаг. Компрадор гэдэг нь гадаадын ашиг сонирхлыг үндэстний ашиг сонирхолд хохиролтойгоор илэрхийлдэг хүмүүсийг хэлнэ. Нувориш гэдэг нь хөрөнгө хүн хоёр нь зохицлоо алдчихсан юу хийхээ мэдэхгүй маанаг юмнуудыг хэлдэг. Уг нь бол шинэ баян гэсэн франц үг юм билээ л дээ. За, үндэсний хөрөнгөтөн нь ойлгомжтой нэр томъёо…
Компрадор, нувориш хоёр нь манайд дийлэнхи болохыг нотлоход ямар ч судалгаа мудалгаа шаардлагагүй байх. Нэр нэрээр нь гаргачихсан ч болох юм чинь…
Энд монголын нэг онцлог буй. Энэ бол монголын бараг бүх бизнесүүд улс төрч, эсвэл бүх улс төрчид бизнесүүд байдаг юм.
Үйлдвэрлэн бүтээх чадвар огт байхгүй, удирдлага гэх мэтийн амин чухал шинжлэх ухаануудыг зүгээр л диплом гэж ойлгодог, ихэвчлэн хулгай дээрмээр баяжсан, шинэчлэл, инноваци гэгчийг огт үл мэдэх, банк дээрэмддэг, санхүүгийн пирамид босгож ард түмнээ дээрэмддэг, мөнгөө гудсан дороо хадгалдаг шахам манай хөрөнгөтөн-улс төрчид хямрал болмогц чацга алдаж эхлэх нь тэр…
Асар их мөнгөөрөө чацга харвасан хүний гол харлаж, ёстой “уйлах багадаж, үхэх ихдэх” нь ойлгомжтой юм. Бизнес, эдийн засгийг бараг мөрийтэй тоглоом мэтээр ойлгож ирсэн хүмүүс чинь “шархаа нөхөх” гэж улайрдаг юм байна. Хаанаас шархаа нөхөх гэж ?
Ард түмнээ дээрэмдэх тэдний ганц сайн мэдэх нэг арга буй. Гэхдээ ард түмэнд нэмж дээрэмдүүлэх юм юу ч үлдээгүй учраас одоо энэ нь огт үйлчлэхгүй…
Миний хувьд чацга харваад хувхай царайлчихсан хөрөнгөтөн-улс төрчдийг “хохь чинь” гэх ёс суртахууны эрхтэй хэдий ч сайтар эрэгцүүлэн бодвоос ингэж тавлаж бас ч болохгүй юм шиг.
Яагаад гэвэл тэдний хөрөнгө сайн ч бай, муу ч бай монголын нийгмийн баялагт хамаардагт оршино.
Дараа нь байгалийн баялгаа зарж идэх ганцхан хувилбарыг эрх баригчид харж байна, үүний төлөө ёстой алалцаж байна. Мэдээж энэ хувилбар боломжтой бөгөөд зайлшгүй хэдий ч ийм арчаагүй, харалган хүмүүст итгэх нь тэнэг хэрэг төдийгүй үндэстний оршихуйд аюул учруулсан хэрэг болно. Өөр олон гарц байж л байгаа ш дээ…
Задрал болох үеэр…
Хямралын улмаас манай улс төрийн арчаагүй системийн задрал улам хүчтэй болж байна. Угаасаа задарч байсан юм чинь. Үүнийг манайхан тун олон жил ойлгоогүй буюу ойлгохыг хүсээгүй юм.
Миний хувьд аль 1998 оноос “Наад улс төрийн систем чинь хямралд орлоо шүү” гэж монголд анх удаа хэлсэн маань цагаан дээр хараар үлдсэн л байгаа. Ганц би ч биш, олон хүн урт удаан хугацаанд олон талаас нь үглэхээрээ нэг болсондог.
Зах зээлийн нийгэм гэж байдгаас биш, зах зээлийн төр гэж байдаггүй юмаа гэж сануулсаар атал АВИЛГЫН СҮЛЖЭЭТ төр байгуулаад авдаг юм байна.
Тэр нь ганц дарангуйлагчтай нөхцөлд хэсэг зуур ажиллаж байгаад одоо задрал руугаа шилжиж байна. Энэхүү задрал ч гэсэн нэлээн эрт 2004 оноос эхэлсэн юм.
Одоо Монгол Улсын төрийн байгууламж нийгмээ удирдах, жолоодох чадвараа бүрэн алдаад байна. Эрхбиш сонгууль луйвардаж “албан ёсны төр”-тэй болсон тулдаа удирдлага мэт харагдах тэнэг тэнэг шийдвэр гаргаж аргацааж байна. Энэ ч бас удаан тогтох огтын боломжгүй юм.
МАХН-ын олон удирдагчид манай нам сонгуульд огт луйвардаагүй, “шинжлэх ухааны үндэстэй удирдаж” байж ялсан хэмээн мэдэгдэж буй. Мөн тэд МАХН сонгууль луйвардсан ямар ч баримт, нотолгоо байхгүй гэж олон удаа хэлсэн.
Хэрэв энэ тухай хөдөлбөргүй, няцаашгүй бодит баримтууд гарч ирвэл яах вэ гэж би Та нараас даапаалан асууж байна ?!
Энэ адгийн авилгын сүлжээт төрийг өөрчилж л байвал дээрээс нь эхэлнэ үү, доороос нь эхэлнэ үү, МАХН-аас уу, АН-аас уу, эсвэл өөр шинэ хүчнээс үү гэдэг нь хамаа алга гэж бодоод овоо л тэслээ. Одоо ч гэсэн дээрх нөхцөл нэг их өөрчлөгдөөгүй нь судалгаагаар харагдаж байна…
Яаж ч бодсон “стандарт бус байдал”-д эцэс төгсгөлгүй суугаад байж болмооргүй санагдана. Дашрамд дурдахад энэ нэр томъёог би анх гаргасан ухаантай юм. Үүнийг худлаа гэх хүн гарахгүй л болов уу ?!
Одоо л нэг сайн Ерөнхийлөгч сонгоод авчихвал улс төрийн хямрал задралыг зогсоочих мэт санаж байвал тун их эндүүрэл шүү гэдгийг би монголчууддаа сануулж байна. Яагаад гэвэл задралын үйл явц Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэхгүй харин ч эхэлнэ. Хэзээ дуусах вэ гэвэл нийгэм, төрийн систем шинэ төлөв байдалд орсон цагт л дуусна.
Энэ талаарх үзэл баримтлал, үзэл санаа ТАНАЙ ТӨРД байна уу ? Энэ төр нэгэнт ард түмний эсрэг шинж чанартай болж, тэднээс огт үл хамаат, үндэсний дайсны шинжийг нэгэнт олсон учраас би ТАНАЙ гэдэг үгийг би анх удаа хэрэглэж байна. Яаж ч бодсон Та бидний төр огт биш юмдаг…
Судалгаагаар хямрал эрчимтэй нэмэгдэж үлэмж түгшүүртэй хэмжээ буюу 85 хувьд нэгэнт хүрчихээд байна. Ядуурлыг бараг бүх монголчууд яс махаараа амсаж байхад цаасан дээр “ядуурал бууруулдаг” төр, түүний СТГ-аар ямар үхснээ хийхийм…
Сүүлдээ бүр байчихаад “Хямрал гээд дандаа бодоод байхаар хямарчихдаг юм” гэж ярих эрдэмтний дипломтой чалчаанууд, ойворгон улс төрчид олноороо гарч ирэх болов. Тэгээд хямарч байгаа юмыг хямраагүй гээд суугаад байх ёстой юм уу ?! Ингээд тархи толгой нь хүртэл огт ажиллахаа болихыг л задрал гэдэг юм…
Тэвчээр алдрах үеэр…
7 дугаар сарын 1-ний үймээн самууныг төрийн зарим эрх баригчид зориудаар зохион байгуулсан гэдгийг би эртнээс олон удаа хэлж байсан. Ямар ч хүн анзаармаар энэ дүгнэлтүүдийг одоо болтол худлаа гэх хүн гараагүй л байна. Нэмээд нотолсон ч болно ш дээ…
7 дугаар сарын 1-ний үйл явдалд одоо болтол улс төрийн ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс үзэхэд төр өөрөө үүнд оролцсон нь илт байгаа. Ингэхэд монголчуудын ойлголтоор төр гэдэг чинь тэргүүнээсээ эхэлдэг биз дээ…
МАХН сонгууль луйвардсанаас үүдсэн олон түмний дургүйцэл, эсэргүүцлийг олонхи улс төрийн хүчин болон хүмүүс ашиглах гэж оролдсон нь энэ үйл явдлын мөн чанарыг бүдэгрүүлж, холион бантан болгосон юм. АН ч гэсэн ялгаагүй сонгуулийн мэргэжсэн луйварчид гэдгийг би бас онцлон тэмдэглэж байна.
Хэдий ийм боловч үүний учир шалтгаан, далд эзэн, зохион байгуулагчдыг хайх, хөдөлбөргүй баримтуудыг олох хангалттай хугацаа надад байсан…
7 дугаар сарын 1-нд эрүүлээр сэтгэж, огтын зөрчилгүй үг хэлж, үйлдсэн улс төрийн ямар ч хүчин, улс төрч байхгүй. Энэ нь олон хүн бие биенээ буруутгах, хэрэлдэх үндэслэл болдог хэдий ч системийн түвшинд авч үзвэл учрыг нь олж болдоггүй юм гэж огт байхгүй.
ХЗХ гэсэн дээрэм хийлээ, хүн аллаа, олон хүн шоронд хийлээ. 7 дугаар сарын 1-нд эрх баригчид эртнээс бэлтгэж зохион байгуулсны улмаас албан мэдээгээр 5 иргэнээ буудаж аллаа. Хэрэв бодит тоог ард түмэн мэдчихвэл юу гээч аймшиг болохыг би төсөөлөх учраас хэлээ хазаж байхаас. Шулуухан хэлэхэд би Та нараас биш, ард түмнийхээ уур хилэнгээс айж байгаа хэрэг шүү дээ…
Олон иргэнээ шоронд хийв. Олон түмэн (масса) дарвисан түмэн (толпа) болох үйл явц нь ард түмний тэвчээр алдагдаж буйн илт шинж болно. Эрх баригчид ард түмнээ айлгах аргаар удаан торгооно гэж бодож байвал дэндүү их эндүүрэл л дээ.
Иргэний хөдөлгөөний болон улс төрийн зарим хүчний төлөөлөгчдийг энэ явдлаар далимдуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болгов.
Ф.Э.Держинский: “Шоронд ороогүй, цөллөг үзээгүй хүнийг ямар хувьсгалч гэхэв” гэж айхтар онож хэлсэн байдаг. Эрх баригчид мөн ч олон хувьсгалчдыг өөрсдийнхөө гараар бэлтгэж байна даа…
Хувь хүний, бүлгийн болон ард түмний Тэвчээрийн босго гэсэн нийгмийн сэтгэл зүйн нэг айхтар ухагдахуун байх. Энэ босгыг давах тун дөхөж байгаа шүү…
Үүнээс цааш бичихээс би үнэндээ айж болгоомжилж байна…
Луйварт бэлтгэх үеэр…
Энэ сонгуульд луйвар хийх бэлтгэл ажлыг аль олон жилийн өмнөөс эхэлсэн юм. Энэ нь нам төр хоёрыг салгасан үр дүнгээр төгсөж байна. Одоо “намаас огт хамаагүй” төрийн албыг сонгуулийн луйварт ашиглахад нэгэнт бэлэн болжээ. Сонгуулийн луйврын жинхэнэ мэргэжилтнүүд бол төрийн албан хаагчид юм.
Төрийн албаны Зөвлөлийг цагдаагийн мөрдөн байцаагчийн гарт атгуулсан нь үүний тод нотолгоо болно.
Олон түмэн л мэдээгүй болохоос биш, нам төр хоёрыг салгамагцаа “найдвартай” хүмүүсээр төрөө бэхжүүлэх гэж баахан халаа сэлгээ хийсэн юм байна. Нэгэнт дампуурчихсан учраас муу юмаа ч хүртэл хийж чадахаа байж баахан дайсагнал нэмж бий болгожээ.
СЕХ, бүх орон нутаг, бүх төрийн алба, бүх бүртгэл мэдээлэл тэдний гарт байна, ингэхлээр луйвраа дураараа хийх боломж урьдын адил байгаа гэсэн үг л дээ. Шууд хэлэхэд тэд үүнд бэлтгэж байгаа мэдээлэл байгаа. Гэхдээ нөхцөл байдал байдал огт өөрөөр эргэж байна…
Одоо энэ өгүүллийн гарчгуудыг эргээд нэг санацгаая.
Чацга харвах үеэр, Задрал болох үеэр, Тэвчээр алдрах үеэр, Луйварт бэлтгэх үеэр…гээд л маш олон аймшигтай үзэгдэл давхцаж байгаа биз.
Энэ нь манай нийгмийг дараах байдалтай болгож байна. Үүнд:
• Төр засагт ард түмний дийлэнхи итгэлээ алдсан буюу үзэн ядаж байгаа
• Давхар хямрал нүүрлэж, нөхцөл байдал нэн эгзэгтэй болсон
• Шийдвэр гаргах, удирдах, нөлөөлөх бүх төрлийн боломж алдагдсан
• Нийгэм бүхэлдээ хаосын байдалд орсон
• Сэтгэл зүйн тэвчээрийн босго давах дөхсөн
• Нийгэм бүхэлдээ шинэчлэлийг хүсэх болсон зэрэг болно.
Энэ хүнд нөхцөлд сурсан зангаараа сонгуулийн луйвраа хийж байгаад эхлээд гар хөл болгон ашигласан төрийн албан хаагчдаа зольж, дараа нь өөрсдийгөө арчуулж, улмаар Монгол Улсаа хөнөөчихөв дөө гэдгийг сануулан хэлэх нь судлаач миний иргэний үүрэг болой.
Эрх баригчид хүнийг ашиглаж ашиглачихаад дараа нь золиослохдоо гарамгай гэдгийг олон хүн үхлээрээ, олон хүн шорон гяндангаар, асар олон хүн өнчрөл зовлонгоороо хангалттай нотолсон гэж санаж байна.
Миний сануулгыг ямар авах биш. Гэхдээ улс төрийн хямралаас задралын эхлэл рүү бид орж байна гэдгийг би цөхрөхгүй дахин дахин хэлмээр байна. Энэнээс цааш юм байхгүй гэж арай бодоод байгаа юм биш биз дээ. Байхаар барах уу, үүнийг үндэстний сүйрэл гэж нэрлэдэг юм…
Энэ удаагийн бидний зорилго бол зүгээр л Ерөнхийлөгч сонгох явдал огт биш, харин авилгалын сүлжээт төрийг ард түмэнд аль болох хор хохирол багатайгаар халан солих үйлсийг эхлүүлэх явдал болно.
Авилгалтай тэмцэнэ, авилгын сүлжээт төрийг халж солино гэдэг нь ихээхэн өөр ойлголт гэдгийг дашрамд дурдаж байна.
Одоогийн хуулиар том, жижиг авилга авсан, өгсөн, зуучилсан бүх хүнийг шийтгэнэ гэвэл наад зах нь 120-150 мянган хүний багтаамжтай шорон барих ёстой болно. Энэ нь огт боломжгүй гэдэг нь ямар ч хүнд ойлгомжтой гэж бодож байна.
ААЛЗНЫ ТОР мэт манай төр, нийгмийг боомилсон маш том сүлжээ байдаг бөгөөд энэ адгийн сүлжээний амин зангилааг таслах нь төр болон үндэстнийг аврах цорын ганц зам, арга болно. Гэхдээ энэ бол зөвхөн ЭХЛЭЛ юм гэсэн дээр хийсэн дүгнэлтийг бүгдээрээ ухаарбал сайнсан.
Аалзны торыг ААЛЗ л нэхдэг биз дээ…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 4 дүгээр сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

  1. Ганхуяг бууны нохой-д says:

    Муу бууны нохой. Ганхуягаа хэрээ мэдэж, бяраа таниж хуцаарай. Энд тэндээс худал үнэн үг амаа ангайлган байж сонсоод түүнийгээ давсалж амтлаад тавьчихдаг, дээр нь хэсэг бузар улс төрчид энэ занг нь ашигтайгаар эргүүлж хөөргөж турхирч суудаг гэдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Хүн хэцүү тарчиг амьдралтай байж болно тэглээ гээд ингэж талх олж идэх арга бол арчаагүй арга ядсан хүний хийх амь тариа. Хэзээд үнэн ялдаг. Чамтай чамгүй түүх илчлээд гаргаад ирдэг юм. Худлаа үнэн юм бичээд байснаас болоод юм уу хүүхэд шуухад өвчин ороогоод байх боллоо гэж явсан гэсэн одоо больмоор юм.

  2. gankhuyag says:

    4 дүгээр сарын 5-нд бичсэн өгүүллийн төлөө 9 дүгээр сарын дундуур гэв гэнэт уурладаг чинь л дэндүү шог байна даа.
    Та энд дурдсан баримтуудаас ядахдаа нэгийг нь ч гэсэн худал гээд нотолчих л доо. Би мэдээллээ улс төрчдөөс огт авдаггүй, мөн тэднээс “юм асууж” амьдардаг тэнэг амьтан биш. Би өөрийнхөө толгойгоор нэг их муугүй л амьдардаг юм ш дээ. Чамаас болж больдог, болдог юм гэж хорвоод байдаггүй юм аа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: