ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой.
Судлаач Ганхуяг
Уг нь миний нэрийг Дашзэвэгийн Ганхуяг гэдэг юм. Монголоор дүүрэн Ган, Энх, Бат гэхчлэн нэртэй хүмүүс байх. Олон жилийн өмнө сонирхоод зөвхөн УБ хотын утасны лавлахаас харсан чинь Ганхуяг нэртэн буюу миний амьдаа нар 1800 гаруй байдаг аж. Зөвхөн утастай нь шүү дээ.
1990 –ээд оны эхэн үеэр нэг их бичих хүсэлтэй, бичлэгийн академик стилд хатуу баригдсан, бусдаас юугаараа ч үл ялгарах жирийн нэг нөхөр байлаа би.
Амихандаа бичээд л байлаа, бичээд л байлаа, тоодог хүн гэж энэ хорвоо дээр бараг алга. Бараг бүгдээрээ Баабарыг уншиж байсан юм чинь. Хааяа ганц нэг юм арай ядан хэвлүүлчихээд, тэрүүхэндээ баярлаад л, тэнэг царайлчихаад “Миний бичсэнийг уншсан уу?” гэж асуудаг ганц асуулттай л байснаа одоо бодоход өрөвдөлтэй ч юм шиг, тэнэг ч юм шиг…
Ингээд Баабартай адил ялгарах хэрэгтэйг нэг муу юм ойлгов оо. Ганаа гэхээр ийм нэртэй айлын авгай дүүрэн байхад чинь…Дашрамд хэлэхэд би Баабарын бичлэгийн стилийг дуурайж, бас цуцалтгүй хөдөлмөрлөж байж “судлаач Ганаа” нэрийг олсон юм. Яагаад хүний сайн юмыг дуурайж болохгүй гэж ?!
Социологич мэргэжлээрээ ялгарах гэсэн чинь нэгдүгээрт гадаад нэр, хоёрдугаарт мэргэжил “өмчилсөн” хэрэгт унах гээд байлаа. Тэгээд аминхандаа үндэсний үзэл гаргаж, бодож бодож “судлаач” нэрийг олсон ухаантай юм.
Одоо би банкны, УИХ-ын, бизнес зэрэг олон Ганхуягаас “судлаач” нэрийг өөрийн “өмч”, одоогийн ярьдгаар бол өөрийн “бренд” болгож чадсан юм. Асуудлын гол нь нэрэндээ ч байгаа юм биш, харин олон жилийн шаргуу хөдөлмөр, эрдэм шинжилгээний хүний хар залуугаасаа сурч, монголын нөхцөлд бараг төгс болтол нь хөгжүүлсэн мэдлэг, мэдээллийн систем гэж л ойлгож байна.
Тасралтгүй бичээд ажиллаад байхаар өөрийн дэмжигчид, дайсан, бас жирийн сонирхогчид гэсэн өөрийн хүрээлэлтэй болдог юм билээ. Одоо миний блогт өдөрт доод тал нь 300, дээд тал нь 1587 хүн орж, сард 12.000 хүн уншиж байгаа нь өөрийгөө магтсан хэрэг огт бус гэдгийг ойлгоно буй за.
Энэ тохиолдолд дайсан гарах нь мэдээжийн хэрэг бөгөөд би л гэхэд номын цагаан солио, шизо, паранойя, галзуу өвчинтэй, одоо нэмээд хямарсан, бухимдсан зэрэг шинэ өвчнүүд нэмэгдсээр л байна. Бүгдээрээ зэрэг тусч байгаа хэрэг шүү дээ. Баабар анх гарч ирж байхдаа надаас бүр долоон дор. Ухаандаа цаадах чинь монголын анхны ДОХ-тон, бас тэмбүүтэй, бас хятадын эрлийз шүү дээ. Энийг би тухайн үед гарч байсан сонин хэвлэлийн бодит баримтаас авч байна. Ямар ч тохиолдолд би Баабараас өвчнөөрөө ч гэсэн дутуу байх заяатай юм шиг байгаа юм. Нэмээд хэдэн “өвчин” олоод өгчихдөг анагаахын мэдлэгтэй хүн байдаг ч болоосой…
За ингээд гол асуудал руугаа оръё. News.mn сайт дээр гарсан өгүүллийн зохиогч нь судлаач Н.Ганхуяг. Харин минийх бол Дашзэвэг буюу Д.
Ер нь монголд хүний овгийг анзаардаг хүн тун цөөхөн учраас энэ өгүүллийг өвчтэйгөөрөө би л бичсэн бол таарч байгаа юм.
Н.Энхбаярыг муулдаг уу ? Муулдаг. Судлаач уу ? Судлаач. Ганхуяг уу ? Ганхуяг. Пиар болон социологийг мэдэх үү ? Мэднэ. Өөр хэн байх ёстой гэж ? Ул мөргүй юм гэж хорвоод байдаггүй гэж ямар ухаантан эхэлж хэлсэн юм бүү мэд. Ингээд ул мөрийг хайхыг оролдъё.
Сэтгэл зүйн дайн
Одоо сонгууль болж, сүүлийн 20 жил хорвоо ертөнцийн хамаг мууг суралцсан хоёр намын эрх баригчид ид шидээ гаргаж байна. Хүнийг цэвэр сэтгэл зүйн мэдээллийн талаас нь авч үзвэл тийм ч ухаантай амьтан биш юм. Хүн болбоос бүх мэдээллийнхээ 70 хувийг нүдээрээ, 20 хувийг чихээрээ, ердөө 10 хувийг толгойгоороо авдгийг шинжлэх ухаан хэдэн зуун жилийн өмнөө нээчихсэн.
Дашрамд хэлэхэд тэр номонд 67,543 хувь нь нүдээрээ гэж байхад чи муу 70 хувь гэлээ гээд битгий солиороод унаарай даа.
Бүх хүмүүн заяатан ийм байгаагаас үүдэн монгол хүн бусдаасаа илүү тэнэг, эсвэл илүү ухаантай гэж нотлох огтын боломжгүй.
“Монголчууд юмыг муугаас нь эхлэж сурдаг” гэдэг нь их л ортой гэдгийг монголын пиарчид нотолж байна.
Одоо хэвлэл мэдээллийн дайн болж байна. Энэ дайны зорилго нь хятадын стратегем хэмээх дайны сургаалийг үндэслэгч Сунзцы болон орчин үеийн сэтгэл зүйн нөлөөллийн зарим ололтод тулгуурлан өрсөлдөгчөө ялах явдал байдаг юм. Энэ талаарх новшийн бөгөөд хорлогчинтой ном зохиол хорвоогоор дүүрэн. Дээр нь монголчуудын цуурхалд үнэмшдэг менталитетыг нэмбэл ёстой дүүрч байгаа нь тэр. Ганц нэг ном уншсан, хүн хорлохоос өөрийг үл мэдэх, үл хийх новшнуудыг эрх баригчид татаад авчихдаг юм.
Одоо манайхан зарим нь Н.Энхбаярыг, зарим нь Ц.Элбэгдоржийг дэмжсэн хоёр тал болон хуваагдаж, хөөрцөглөж байгаа. Чухам ийм сэтгэл зүйн хийрхэл үүсгэх гэж эрх баригчдын пиарчид цалин авч суудаг юм. Хүн хорлохгүй бол тэр мууд хэн цалин өгөх ёстой гэж ?!
Харин пиар-д нэлээд сайн суралцсан, түүний үндэслэлийг олон шинжлэх ухааны солбицол дээр суралцсан, мэдрэмж сайтай цөөн хэдэн хүн байх. Түүний нэг нь Н.Дэмбэрэл юм. Би тэр залууг сайн мэднэ, алдаа оноог нь ч мэдэхийн хамт түүнийг өснө гэдэгт найдаж байдаг. Түүнд би ихэд таатай ханддаг.
Магадгүй одоо тэр МАХН хавьд ажиллаж байж магадгүй боловч өөр фронт дээр байна гэдэг бол дайсан бололц гэсэн үг огт биш. Сая санаа зовоод Дэмбэрэл дүү рүүгээ ярьтал өөдөөс шоолж инээх юм, маанаг чинь. Байдал ийм л байна даа…
Гэтэл судлаач Н.Ганхуяг пиарч Дэмбэрэлийг “хусаад хаятал” санаатай, санаагүй сэтгэгдэл гэхэд л 500 гарч байна. Ингэж л тэд бидний сэтгэл зүйгээр тоглодог юм. Ингэж бид хоёр хуваагддаг юм.
Гэнэн цайлган ард түмэн минь ээ, одоо Энхбаярыг муулсан нь Элбэгээгийн тал, Элбэгдоржийг муулсан нь Энхбаярын тал гэж битгий хүүхэд шиг гэнэн бод л доо. Сайн ханьтай болох гэж мөрөөдөн тааралдсан болгондоо хууртсаар байгаад олон хүүхэд цувуулсан хөөрхий эмэгтэй шиг битгий бай л даа.
Одоо эрх баригчид Та нарт ямар “хүүхэд хийх” гэж байгааг зөвхөн мэргэжлийн хэдхэн хүн мэддэг юм. Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ бөгөөд ийм юм цаашдаа зөндөө гарна. Та нар минь жаахан сонор сэрэмжтэй байж болдоггүй юм уу ?!
Хаанаас гэдэг нь тодорхой…
Одоо энэ өгүүлэл болон түүнийг бичсэн шалтгааныг шинжлээд үзье. “Монголын мэдээллийн товчоо” гэсэн Пиар агентлаг судалгаа хийж Н.Энхбаярын рейтинг өндөр байгаа тухай мэдээллийг хэд хэдэн сонин, сайтад цацаж орхижээ. Н.Энхбаярт ясны өш хонзонтой судлаач Н. Ганхуягийн өвчин нь хөдлөөд тэрхүү судалгаа явуулсан агентлаг, түүнийг удирдаж буй Н.Дэмбэрэлийг бут авч өгч.
Энд нэн тодорхой логик байгаа авч үүнийг зохиосон нөхдүүд л лав 2500 –аад жилийн өмнө зохиосон “Логик” сурах бичгийг нүдээрээ ч хараагүй гэдэгт эргэлзэх зүйл огт алга.
Мэдээж бэлэн эм буюу хор байвал хүн болгон аливаа хүнийг хордуулах буюу эмчлээд байж чадна л байх.
Хамгийн эхлээд өвчтэй хүн, манай тохиолдолд нийгэмд болж буй гол гол үзэгдэл, хандлагыг шүтэн барилдлагад нь авч үзэж чаддаг байх шаардлагатай. Энэ талын мэргэжлийн хүн тун цөөхнөөс шалтгаалан дурын хүн нийгмийн өвчнийг анагаах гэдэг болжээ. Энэ пиарчинд тийм мэдлэг, мэдээлэл, бас туршлага үзээд өгье гэсэн алга байна.
Дараа нь эм буюу хор хийхийн тулд түүнийг бэлтгэдэг олон янзийн жорыг мэдэхээс гадна ерөндөг болон түүнийхээ үйчлэлийг зогсоох буюу түргэсгэх, олон янзийн үр дагаврыг харж чадаж байж л сая нэг муу эмч юмуу хорчин болно байх. Бас дээр нь ёс суртахуун гэж агуу том шалгуур байх. Үүнгүй байж хор бэлтгэнэ гэвэл түүндээ өөрөө л үхчихдэг юм даа. Эм бол хор, хор бол эм гэдэг бус уу ?!
Анатоми, физиологи хоёр үзчихээд л хүн эмчлэнэ гэж дайраад байж болохгүйтэй адилаар хэдхэн пиарын сурах бичиг уншчихаад пиардах юм бол цаад хүнээ алах нь гарцаагүй юм.
Энд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёр л хувилбар байгаа. Өөр ямар ч хувилбар байхгүй…
Элбэгдоржийн хувилбар.
УИХ-д 4 субъект дэвших боломжтой атал хоёрхон хүн дэвшиж, Ардчилсан хүчин гэв гэнэт нэгдэж байгаа нь эргэлзэхгүй байхын аргагүй шалтгаан юм. Тэр тусмаа АН-ын штабыг МАХН-тай Засгийн эрхэнд буй “Алтан гадас”-ынхан голлон удирдаж байгаа нь тээнэгэлзлийг улам хүчтэй болгож байна.
Судлаач Д.Ганхуяг байтугай, монголын ард түмэнд сонголтын хоёрхон боломж үлдээж байгааг санамсаргүй явдал гэж би л лав үзэхгүй…
За, Ц.Элбэгдорж үүнийг хийлээ гэхэд логик нь дараах байдалтай болно. Энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч сонголт байхгүй. Мэдээж тэр хүссэн ч, эс хүссэн ч Ц.Элбэгдоржийн “талд” орно. Тэр заавал дайснаа дарах гэж зүтгэх ёстой. Ингээд Н.Ганхуяг гээд биччихвэл олон хүн үнэмшихээс гадна хариу өгөх боломжгүй. Ямар би Н.Энхбаярын “тал” гэлтэй биш гэж тооцох нь лавтай.
Мөнгөнөөс өөр юм бодохоо байчихсан дүүрчихсэн тэнэг пиарчид хоёр намын штабаар пиг дүүрэн чихээстэй байгаа. Харин үүнийг Ц.Элбэгдорж хийсэн үү, пиарчид нь сайн дураараа хийсэн үү гэдэг нь их сонин. Хэрэв Ц.Элбэгдорж штабаа эмхэлж амжаагүй байгааг харгалзвал энэ хувилбар магадлал муутай. Одоо нэг “пиарчин” өөрийнхөө ухаантайг магтаад жигтэйхэн баяртай сууж байгааг би бараг төсөөлж байна даа.
Дашрамд дурдахад тэр Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй би ганц ч удаа уулзаж үзээгүй, тэр ч бүү хэл “сайн байна уу” гэж гар барьж ч үзээгүй. Гэхдээ би түүнийг жигтэйхэн сайн мэднэ. Лав л миний 10 гаруй жил бичсэн юман дотор түүнийг магтсан ганц ч өгүүлбэр, тэр ч бүү хэл үсэг ч байхгүй юмдаг.
Н.Энхбаярын хувилбар.
Сониноос би саяхан нэг цэцэн үгэрхүү юм (афоризм) бодож олоод аминхандаа их маадгар байгаа. Няцаах хүн байхгүй, олон хүн нээрээ тийм байх шүү гээд байхыг бодоход дажгүй болсон бололтой. Энэ бол:
Олон жил нөхөрлөх, олон жил дайсагнах хоёр бол хүний мөн чанарыг танин мэдэх үр дүнгээрээ адилхан…
Үнэхээр би найз нараасаа илүү Н.Энхбаярыг дэндүү мэднэ. Зурагтаар хармагцаа л “найзынхаа” сэтгэл зүй хэр тавтай болон таагүйг мэдэж, мэдэрч чадна. Энд би олон удаа баримтаар нотлогдсон тохиолдлуудыг дүгнэн хэлж байна.
Бас түүний юу бодож, юу сэтгэж байгааг бараг л уншина даа. Харин тэр бол намайг мэдэхгүй. Яагаад гэвэл тагнуул тавьж байж л мэдэхээс өөр арга түүнд огт байхгүй. Би ч бас түүний тагнуул туршуулыг нь “үнэртээд” л мэднэ. Олон жил тагнуулаад, чагнуулаад, мэдээлэгчдээр дүүрэн нөхцөлд хүн хар аяндаа “тагнуул” шиг болчихдог юм билээ. Энийг би асар олон ном зохиол уншиж, үй түмэн сайт ухаж, өөрийнхөө яс махан дээр мэддэг болсон юм.
Бид хоёрт адилхан амьд явах гэсэн зөн билэг үйлчилдэг гэж би боддог. Түүнд яаж албан тушаалаа хадгалан үлдэж шоронд орчихолгүй амьд явах зөн билэг байхад надад бол энэ төр, нам гэсэн адгийн машинд дайруулчихалгүй өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахав, яаж хойч үедээ сайхан нийгэм үлдээхэв гэсэн зөн билэг үйлчилж байдаг.
Энэ бүхнээс үзээд миний “найз” Н.Энхбаярын штабаас энэ тэнэг юмыг гаргажээ гэсэн дүгнэлт би хийж байна.
Энэ нь стратегийн дараах алдаанаас үүсэлтэй. Н.Энхбаяр мөнгө, эрх мэдэл хоёроор дурын асуудлыг шийдэж болно гэсэн хатуу итгэлтэй учраас аль хоёр жилийн өмнөөс далд пиараа эхэлчихсэн юм. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхныг бараг худалдаад авчихаж.
Хүн нэг бүртэй тулж ажиллаж байгааг нотлоход нэг их түвэгтэй биш л дээ…Тэгсэн чинь “бумерангийн эффект” үүсчихдэг байна ш дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг нь худалдаад авчихсан чинь түүнийг “муулах” хэвлэл гэж тоотой хэдхэн үлдчихэж. Ийм “тэнцвэргүй” байх нь дэндүү аюултай байдаг.
Ингэхлээр цагийг нь олж, доозыг нь тааруулж муулсан “ганц нэг юм” байхгүй бол болохоо байчихаж байгаа юм л даа.
Хэн муулаахав ? Мэдээж судлаач Д.Ганхуяг, “Улс төрийн сонин”, “Өдрийн сонин”, “Ардчилал”, Мөнгөндалай, Мөнхбаясгалан гэхчлэн хэдхэн хүн байх. Бусад нь яаж ч муулсан “шар мэдээ”, “хар пиар” л болно…
Ингээд Н.Ганхуяг гээч нөхөр Н.Энхбаярыг муулаад эхэлж байгаа юм л даа. Ц.Элбэгдоржийн мэдлийн news.mn дээр бол бүр амттай…
Энийг би нэлээд эртнээс мэдэж байсан учраас сүүлийн хоёр жилийн турш өгүүллүүдээ эхлээд зөвхөн өөрийнхөө блогт, дараа нь “Улс төрийн сонин”-д нийтэлж байсан юм. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ, гэж ?!”, үүнийг хэлдэг юм.
Дашрамд хэлэхэд цаашид “миний юм” олон гарах учраас Уншигч Та ganaa.mn блогоос шалгаж байгаарай гэж зөвлөж байна. Яагаад гэвэл миний блог дээр гарсан бол би бичсэн, гараагүй бол “пиарчид” бичсэн нь тэнэг хүнд ч тодорхой шүү дээ…
Та нар үй түмэн хүрээлэн, төв, хэлтэс, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, орон тооны болон орон тооны бус хар мянган “хоолны сав” тэжээчихээд иймхэн юм бодоод олчихож чадахгүй бол оюун ухаан, сэтгэлгээнд чинь “ухна үхжээ” гээд ойлгочихсон нь дээр л дээ…
Эрхэм Н.Энхбаяр гуай ?! Та өөрийнхөө бумерангийг, монголоор бол “өөдөө хаясан чулуугаа” эргүүлж ав даа.
Өрөвдүүлэх тактик нь ийм байхад стратеги нь бүр ч “гоё” өрнөх байлгүй …
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: