“ГУРВАЛЖИН ДӨРВӨЛЖИН” ХЭРҮҮЛ…

Ерөнхийлөгч сонгох гэж монголчууд гурав хуваагдаад байна. Тал хэсэг нь хоёуланг нь харааж байна. Урьдын олон хуйвалдааныг санаад тэгж байгаа хэрэг л дээ. Үлдсэн нь хоёр тал болоод “байлдаж” байна.
Энэ сонгуулиар нийгэм-эдийн засгийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь хэнд ч тодорхой. Ямар ч тохиолдолд улс төрийн системийн задрал гарцаагүй болно. Энэхүү задралын мөн чанар нь эрх баригчдын зөрчил, харин гадаад илрэл нь ашигт малтмал, хямрал, амлалтын мөнгө, иргэний хөдөлгөөн болон ҮЭ-ийн жинхэнэ болон хуурамч тэмцэл зэрэг байх болно.
Үүнээс үүдэн “юм” энэ сонгуулиар огт дуусахгүй, харин эхэлнэ, иймээс монголчууд бид ядахдаа 3-4 жилийн боломжит хандлагыг ухаарч сэхээрээсэй гэдэг үүднээс энэ өгүүллийг тэрлэв.

Холилдсон бүлгүүдийн дажин
Манайхан МАХН-аас Н. Энхбаяр, АН-аас Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэж бодоод байх шиг. Тийм юм огт байхгүй. Энэ хоёр нам чинь нэгдээд нийлээд холилдоод жигтэйхэн удаж байгаа ш дээ. Үүх түүх ярилгүйгээр энэ холион бантанг шинжлээд үзье. Уг нь бол Таны хамгийн сайн мэдэх асуудал л юмсан.
Одоо АН Ц.Элбэгдорж тэргүүтэй МоАН гэсэн “ардчилсан” бүлэг, “Алтан гадас” хэмээх нам дамжсан бүлгээс үндсэндээ тогтож байгаа. Энд би ойлгомжтой болгох үүднээс Зүүн хойт Ази, МҮДН зэрэг жижиг жижиг фракцуудыг үл тооцов. Ер нь ч тэднийг тооцооноос гаргах цаг болсон гэж бодож байна.
“Алтан гадас” нь “стандарт бус байдал”- ын улмаас МАХН-тай эвлийн Засгийн Газар байгуулаад ажиллаж буй. Өөрөөр хэлбэл АН-ын нэг том бүлэг МАХН-тай “нийлчихээд” байна.
Үүний зэрэгцээгээр “Алтан гадас”-ынхан Ц. Элбэгдоржийн сонгуулийн штабыг голлон удирдаж, санхүү, боловсон хүчний бүх ресурыг захиран зарцуулж байна.
Энэ нөхцөлд Ц.Элбэгдорж яахын аргагүй АН-аас нэр дэвшигч мөн боловч түүнийг “Алтангадас” дэмжиж байвал МАХН-ын зүгээс түүнийг дэмжиж байна, хэрэв дэмжихгүй бол (?) санаатайгаар “хөнөөж” буй хэрэг болно. Мэдээж ил биш л дээ…
Үнэн хэрэг дээрээ МАХН-ын дарга, МАХН-ын сонгуулийн кампанийн дарга, Ерөнхий сайд С.Баярын “цэргүүд” Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяртай өрсөлдүүлэх ажлыг гардан зохион байгуулж байна.
Ингээд Ц.Элбэгдорж нэлээн хүчтэй, гэхдээ давшиж өгдөггүй армийн урд “Ура” хашгиран зогсох болов. Өөрт нь буй хэдэн цэргийн хүч хаанаа ч хүрэхгүй байна. АН хэмээх энэ армийн давших эсэх нь “Алтан гадас”-аас, нарийн яривал С.Баяраас хамаарах нь тодорхой байна…
МАХН бас л Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн олон том бүлэгтэй. Энд мөн л жижиг сажиг бүлгэнцэрүүдийг тооцоонд оруулаагүй. Одоо ч нам мам гэхээ хэдийнээ больж энэний тэрний тал л гэх болсон шүү дээ.
Ямар ч гэсэн нэг талаас Н.Энхбаяр МАХН-даа итгэхгүй болсон, нөгөө талаас МАХН дотор түүнийг зайлуулахыг оролдогч хүчин эрс идэвхижиж, хүчирхэгжиж буй нь нэн тодорхой байна. Бас л инээж байгаад л сүйд хийнэ шүү дээ…
Хүч боломжиндоо итгэсэн Н.Энхбаяр төрийн албыг намаас салгах нэрийн дор үндсэндээ МАХН-ын гишүүдээс бүрдэх төрийн албыг МАХН-аас салгаж, түүндээ дөрөөлөн амжилт олно гэж тооцож байсан юм.
“Ерөнхийлөгчийг хамгаалах Холбоо”-ны дарга, өөрийнхөө зөвлөх асан Д. Зүмбэрэлхам гэгчээрээ энэ бүхнийг хянуулна гэж тооцсон нь алдаа болжээ.
Яагаад гэвэл Монгол Улсын төрийн бүх албан хаагчид Төрийн албаны Зөвлөлд ажилладаггүй, төрийн байгууллагуудад ажилладаг юм л даа. Өөрөөр хэлбэл бодит байдал дээрээ төрийн албаныхан С.Баяр, М.Энхболд нарын “цэргүүд” юм.
Ингээд Н.Энхбаяр бас л нэлээн хүчтэй “МАХН-Төрийн алба” гэсэн аварга том армийн урьд зогсчихоод “Ура“ хашгираад байсан чинь командлал нь С.Баяр, М.Энхболд, мөн У.Хүрэлсүх нарын мэдэлд орчихжээ.
С.Баярыг олон удаа хулхидаж, “цөлж”, М.Энхболдыг Ерөнхий сайд, намын даргын хоёр албан тушаалаас зэрэг хусч, У.Хүрэлсүхийг шоронд хийх гэж зүтгэж байсныг нөгөөдүүл нь мартаагүй л болов уу ?! Одоо тэрээр энэ хэдийгээ муудалцуулж, хооронд нь “байлдуулах” гэж үйлээ үзэж байна.
Хэрэв МАХН, өөрөөр хэлбэл дээрх хүмүүс Н.Энхбаярыгаа “хаяхаар” шийдсэн бол юу болохов ?! Миний дүгнэлтээр бол шинэчлэл эхлэх нь гарцаагүй…
Ингээд л монголоор бол “гурвалжин дөрвөлжин хэрүүл”, яах ч аргагүй “стандарт бус байдал” болчихож байгаа юм.
Ам алдвал барьж болдог…
Одоо бид МАХН, АН болон Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн тал болоод муудалцаад, өмнөөс нь хэрэлдээд давхиад байх шаардлага байхгүй гэж бодож байна.
МАХН, АН, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн улс төрийн ойлголтууд ихэд холилдсон, сүлжилдсэн огт өөр утгыг илэрхийлж байгаа.
Ерөнхийлөгчийн энэ сонгууль ямар ч асуудал шийдэхгүй, хямралаас гаргахгүй, амласан мөнгөө өгөхгүй. Ёстой өгч харагдана ш дээ…
Хоёр нэр дэвшигч “хоосон данстай” төрийн тэргүүн болох гэж байгаагаа мэдэхгүй юм шиг баахан юм амлах. Хэрэв мөнгө байдаг юм бол, олдог юм бол тэр нь С.Баярт л олдоно…
Монголын хуучны зүйр үг одоо үлэмж хоцрогдож, манай улс төрийн холион бантан дунд “Ам алдвал барьж болдог” гэсэн урвуу утгатай болж байгаа юм. Мөнгө нь С.Баярт байдаг, нөгөө хоёр нь “амладаг” болж байна.
С.Баяр “Өвчин туссан хүнээс “Таны спортын амжилт ямар байна вэ?” гэж асууж болдоггүй” гэж ёжлохын хажуугаар “хямралаас шалтгаалаад төлөвлөсөн олон зүйл хэрэгжих бололцоогүй” гэдгийг УИХ –ын индэр дээрээс мэдэгдсээр байна. Энэ нь мөнгө байхгүй, амлалт бол худлаа шүү гэдгийг ил тод сануулж буй хэрэг мөн. Мөн Н.Энхбаярын “хайрт найз” Т.Ганди бас л ингэж хэлж байгаа.
Иймээс Монголчууд бид урьдын зангаараа “Ура” хашгирахаасаа өмнө хэний төлөө гэдгээ нэг сайн бодооч гэж би хэлэх гэсэн юм л даа. “Фронт” гэдэг юм аль хэдийн алга болчихсон шүү дээ…
Хоёр мэт харагдавч холилдчихсон, сонгуулийн дараа нийлчихдэг хүмүүсийн төлөө “ура” хашгирах нь их “зовлонтой” сонголт, “илүү зан” гэдгийг олон хүн зөвшөөрнө байх.
Элбэгдоржийн ганцаардал
Тэр “ваакумд” орчихсон хэдий ч сэтгэл зүйн хувьд Энхбаяраас арай дээр байна. Н.Энхбаярын сул талыг ашиглах олон боломжийг тэр нэг л сайн олж харж чадахгүй байна. Тэр хоёр 1998 оноос эхлээд мөн ч олон удаа хуйвалдсан даа. Харин одоо бол улс төрийн хувьд бол “үхэх сэхэх”-ийн тулалдаанд орж байх шиг.
Пиар баг нь ноцтой зөрчилд орсон учраас сэтгэлгээний илт хомсдолд байна. АН-ыг “сэргээн босгох”, үзэл санааны нэгтгэх туйлын түвэгтэй зорилт түүнд тулгарч байна.
Түүний амжилт “Алтан гадас”-тай учраа ололцохоос шууд хамаарна. Харин “Алтан гадас“ хэний мэдэлд байгаа бил ээ…Н.Энхбаярын хүнд тэнд байж болох авч бүхэлдээ бол С.Баярын “талд” болов уу даа…
Сүүлийн үед Ц.Элбэгдоржийг бараг “ялчихсан” мэт судалгаа гаргаж өгдөг болсон байна. Яг МАХН шиг…
Энхбаярын хардлага
Тэрээр МАХН-даа итгэлгүй төрийн албаа дангаар ашиглах гэсэн чинь сонгууль бол нам гэгч юмгүйгээр огт болдоггүй эд аж. Ингээд “гацаад” эхэлмэгц түүний төрөлхийн хардамтгай зан хөдөлж, бараг өвчний шинжтэй болж байна. Яс хаях, хор найруулах, худал амлах зэрэг түүний бүх аргуудыг сайн мэддэг нөгөө хэд нь “загнуулж загнуулж” гарчихаад л өөрийнхөө юмыг хийж байна.
Ингээд тэр улс төрийн цөөн албан хаагчдыг “Авилгалтай тэмцэх газар”-аар айлган “торгуулийн суман” байгуулж авав. Тэр өрөвдөлтэй хүмүүсийг Та бүхэн телевизээр хангалттай харж байгаа гэж санана.
Тэгсэн хэдий ч түүний төлөө “үхэх” хүн олдохгүй байна. Буу тулгуулаад давшилтад орж буй цэргүүд л ийм байдаг байх.
Саяхан тэр пиар багтаа “муу” дүн тавьж, сонгуулийн кампанийнхаа стратегийг өөрчлөх асуудал ярьсан байна.
Дунд, доод шатандаа мөнгө өгөөд сургачихсан болохоор тэд нар нь ч “хямралын нэмэгдэл” нэхэж байна. Мөнгө өглөө ч гэсэн урьдын адил нэн идэвхитэй байдаг зан нь оргүй алга болж, таньдаг айлдаа цай ууж, баахан “буу халчихаад” тэдэнд хүнд ухуулга хийсэн гэж мэдээлдэг болжээ.
Үй түмэн судалгаа явуулж буй боловч “судлаачид” нь эзнээсээ айгаад худал хэлдэг болж. Мэдээж тэр “сайн судалгаа”-нд огт итгэхгүй байгаа.
Ингээд Н.Энхбаяр болон түүний штабт дүнсгэр, барзгар байдал ноёлох болж, тэр хэрээрээ улам ихийг амлаж, худал ярихаас өөр ямар ч аргагүй болж үлджээ.
Аюултай хандлага
Сүүлийн үед зөвхөн мэргэжлийн хүмүүс анзаарч болох “жижиг сажиг” олон үйл явдал болж байна. Жишээлбэл, иргэний хөдөлгөөнийхэн нэгдэв. Ерөнхийдөө өвдөл цөвдөл гэсэн үг л дээ. ҮЭ идэвхижив. Тэдний төлөөлөгчид “ямар нэг” тэмцэлд бэлэн байгаагаа МҮОНРТ –ээр мэдэгдэх болов. Мөн АСЗХ гэдэг луйварчдын байгууллагын оронд хүчээр бий болгосон “Зүүний хүчний Холбоо” гэгчийг босгож ирэв. Тэд ахиад л гэнэн цайлган залуучуудын “дайрагч отряд” байгуулж, давшилтад эхлэж оруулах гэж байгаа нь нэн тодорхой юм. Тэгээд эцэст нь хэн хохирч, хэн шоронд хатаж, хэн алуулдаг гэдгийг бид мэдэхээрээ нэг болсон бус уу ?!
Энэ бол огт санамсаргүй зүйл биш. Шууд хэлэхэд зогсонги байдалд орсон иргэний хөдөлгөөнүүдийг “амьдруулах” улс төрийн бодит шаардлага үүссэн гэсэн хэрэг.
Миний мэдэж байгаагаар Г.Баасангийн “Ахмадын чөлөөт Холбоо”-оос өөр “амьд” хөдөлгөөн одоо байхгүй. “Миний Монголын газар шороо”-г хоёр хуваачихаад их эгзэгтэй байгаа. Дарга нь ҮЭ –рүү явснаас хойш “Эрс шинэчлэл”-д нэрнээс өөр юм байхгүй болсон. “Эрүүл нийгэм” нам болсон болон удирдагчидгүй болохоор ажиллахаа больсон. Харин “Соёмбо” бол МАХН-аас зориудаар байгуулсан хөдөлгөөн. Сүүлийн үед ҮЭ идэвхижихээр “нэг юм болохоо больдог” зүй тогтолтой болж байх шиг…
Энэ үгэнд олон “эх оронч”, “тэмцэгч” уурлана гэдгийг би сайн мэдэж байна. Уурлаж л байхгүй юу. Гэхдээ би Та нарын яаж “тэмцэж”, яаж “амьдардгийг” хэтэрхий сайн мэдэхээс гадна хэн нь жинхэнэ, хэн нь хулхи гэдгийг “нэг муу” ялгаж салгахтайгаа байгаа гэдгийг битгий мартаж үзээрэй дээ…
Олон нийтэд зориуд сануулж хэлэхэд эрх баригчид олон түмний тэмцлийн эсрэг хэзээ ч шууд тэмцэж байгаагүй. Харин Та бидний тэмцлийг “дэмжиж” байгаад буруу тийш нь залж, бусдын гараар могой бариулдаг юм. 7 дугаар сарын 1-нд яалаа даа…
Иймэрхүү “зомби” босгохоор зэхэж буй хүн нь хамгийн их айж буй тэр хүнээс өөр хэн ч биш.
Харин ард нийтийн жинхэнэ, жам ёсны хөдөлгөөн сэргэх буюу үүсэхэд хүндрэл бэршээл огт гардаггүй юм. Энэ тохиолдолд Та нарын тагнуул, хов хутгагчдад шургах орон зай огт байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ…
Хувилбарууд
Ерөнхийлөгчөө сонгож аваад хямрал, ядуурал, ажилгүйдэл, авилга зэргээсээ нэг мөсөн сална гэж бодох нь дэндүү гэнэн зан юм. Үгүй шүү, хямрал улам хүчтэй үргэлжилнэ. Улс төрийн бүлэглэлүүдийн зөрчилдөөнөөс болж, системийн задрал, өөрчлөлт гарцаагүй болно.
Одоогийн нөхцөлд эрх баригч “анги” бидэнд хоёрхон сонголт үлдээсэн нөхцөлд хэд хэдэн бодит хувилбар үүснэ.
Нэг. Сонгуульд үл оролцох. Дургүй хүрмээр ийм сонгуульд оролцох нь утгагүй мэт. Сонгуулийн ирц хүрэхгүй бол сонгууль ахиж явахаас гадна одоогийн байдал хэвээр үлдэх буюу улам дордоно.
Хоёр. “Сурснаараа” “хуучныгаа” сонгох. Ингэвэл Үндсэн Хуулийн нууцаар бэлтгэсэн хувилбарыг хэрэгжүүлэх бөгөөд шууд дарангуйлал тогтоно. Ийм нөхцөл байдлыг удаан торгоох боломж огт байхгүй.
Гурав. Хоёр муугаас бага муугий нь сонгох. Илүү сайныг сонгох боломжийг эрх баригчдын зөрчил бидэнд үлдээгээгүй. Энэ тийм ч сайн зүйл биш боловч ямар нэг өөрчлөлт эхлүүлж болох юм.
Харин эдгээр сонголтоос хамааран цаашид гарцаагүй өрнөх “Х” хувилбар байгаа бөгөөд үүнийг одоохондоо хэлэх боломжгүй. Энэ нь угтаа бол “дөрөв дэх” хувилбар биш, харин цоо шинэ зам бөлгөө…
Ямар ч гэсэн бид Ерөнхийлөгчөө сонгож аваад хямралаас “өргөс авсан” мэт гарч, амар сайхандаа жаргахгүй. Наад зах нь л “Хоёр Толгой”-оос болж хэрэлдэх гээд бэлтгээд л байна ш дээ.
Иймээс бид өөрсдийнхөө хувь заяа, амьдралын асуудлыг сонгуулиар биш, арай хол алслалтад харж ухаарах аваас Таны сонголт илүү ухаалаг болох болов уу даа. Наад зах нь 3-4 жилийн байдал, хандлагын хувилбарыг харж тооцоолох нь Та бидний амьдрал, хувь заяанд илүү ээлтэй тусна.
Улс төрийн “хоёр толгой” хэрэлдээд ирэхээрээ сонгуулийн маргаашаас л “Арван таван толгойтой, атгаалжин хар МАНГАС” болдог юм л даа. Тэгээд эхлээд МАНГАСАА дарахгүй юу. “Стандарт бус байдлаас стандарт бус аргаар гарна” гэсэн үг байдаг даа…
Олон хүн надаас “дөрөв дэх хувилбар”-ын талаар асууна байх. Энд л бидний хямралаас гарах ирээдүйн гарц буй. Юу ч гэсэн “Сонгуулийн дараа Та нар яахийм ?!” гэж нэр дэвшигчдээсээ асуу л даа. Тэд заяа нь хариулж чадахгүй, тэгээд өөрөө нэг сайн эрэгцүүлээд үз л дээ.
Та бидэнд энэ талаар ярилцах хугацаа хангалттай буй…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 5 дугаар сарын 3.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to “ГУРВАЛЖИН ДӨРВӨЛЖИН” ХЭРҮҮЛ…

  1. Maliish says:

    ugui ee, ene elbegee yaavaa, ihl gantsaardaj yavaa bolovuu? ugui ee yaahav gants negen gazraar orosn boloodl,.. hetsuuch yum daa, medeltei medelguigee medehgui bh??? huleeh gej erni yu yum bol, yugch huleeged bgaagaa medrehgui mederheergui bolchood ban mani chini

  2. zorig says:

    Үнэн худлыг цаг хугацаа харуулдаг нь үнэн юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: