МОНГОЛД АВИЛГА “ОГТ БАЙХГҮЙ”…

Манайхны авилгын талаарх төсөөлөл тун ядмаг бөгөөд хэт гэнэн. Авилгадагч нь том гэгч дипломат цүнхэнд, эсвэл “лаг том” шуудайд дүүрэн “ногоон” чихэж үүрчихээд авилгачийн гэрт юмуу албан өрөөнд орж ирнэ. Зарим нь бүр заавал баригдах гэж байгаа юм шиг “гэрч” буюу зуучлагчтайгаа орж ирдгийм ш дээ. Тэгээд ширээн доогуур нь түүнийгээ сэмхэн гулгуулна. Авилгач тэрийг нь тосч аваад “түй” гэж байгаад л мөнгөө “нэг нэгээр нь” тоолоод л, сейфэндээ өрж хийгээд л…Ёстой атаархаж үхмээр…”Яааааг”, энэ үед нь л “бариад авах” ёстой байхгүй юу. “Яааая”, энийг л “баримтжуулаад” авсан бол ёстой “янзтай”, даанч манайхан ингэж чадахгүй л дээ гэж олонхи монгол иргэн үнэн сэтгэлээсээ харамсах. “Манайхан” гэдэг нь АТГ юмуу даа, би сайн “ойлгодоггүй” юм.. .
“Гадаад” судалгаа
Манайхан авилгалыг лавтайяа 20 шахам жил судалж байна. Сүүлдээ авилгын судалгаа өөрөө авилга болчихож байгаа юм чинь. Би ч эхлээд гадаад арга зүйгээр судлах “моодонд” орж, тэдний “онол”-д хэт үнэмшиж явсан үе байсаан. Сүүлдээ энэ “хэт стандарт” судалгаанаас залхах болж, өөрийнхөө “монгол арга”-аар судлах нь хавьгүй илүү гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон юм.
Тэгсэн чинь би гэдэг хүн “хоцрогдсон”, судалгааны “шинэ арга зүй мэдэхгүй”, “зөрүүд”, “гаж сэтгэдэг” зэрэг олон хоч зүүчихдэг байна ш дээ. Тэр ч байтугай “гадаадынхныг огт тоодоггүй” гэсэн ялд хүртэл унасан гээд л бодчих.
Манай монгол, миний ард түмний нийгмийн харилцаа, менталитет, сэтгэл зүйг огт ойлгохгүй байгаа хүмүүсийг би яагаад “тоох” ёстой, тэр тусмаа яагаад тэдний үгэнд заавал орох ёстой гэж ?!
Монголд авилгын талаар хэдэн төсөл хэрэгжүүлж, хэдэн компюьтер “шатааж”, хэчнээн валют “идэж”, түүгээр хэдэн хүн “амьдарч” байгааг би нэг муу юм гадарлаад байдаг юм аа.
Байж байгаад л нэг “мундаг” судалгаа хийгээд л, “авилгын индекс” төд өд байна гэж зарлах. Их л сайндаа хамгийн “их авилгатай” нь багш, эмч, цагдаа гээд л тоочино биз. Дараагийн судалгаагаар цагдаа, эмч, багш гээд дараалал нь солигддог ухаантай. Тэрүүгээр чинь ямар үхснээ хийхийм ?!
Тэгээд ч тэр “индекс миндекс” гэдгийг нь мэдэх хүн тун цөөхөн, түүнийг нь анхаараад сүйд болох хүн бараг байхгүй дээ, манайд.
Ухаандаа хувалзыг өсгөх гэж биш, харин устгах гэж л судалдаг гэж би ойлгодог. Аль эсвэл биш юм уу ?! Ингэж “балайртлаа” судалж байх хооронд чинь одоо наад хувалзууд чинь биднийг бараг “идээд” дууслаа л даа…
Ингээд би өөрийнхөө монгол арга зүйг Уншигч Та бүхэнд ойлгуулах гэж үүнийг бичиж байгаа царай нь энэ.
Дасан дассаар…
Эрт урьдын цагт нэг нөхөр том дарга болж гэнэ ээ. Тэгээд нэг их удалгүй эхнэр нь байрныхаа мөнгийг төлөх гэж банкныхаа салбарт очжээ. Тэгсэн чинь хэн нэгэн “сайн санаат хүн” байрных нь мөнгийг тэдний өмнөөс төлчихсөн байх юм гэнэ. Кассны хүн мэдээж “Танайх мөнгөө төлчихөж өө” л гэж таарна. Ихэд гайхсан эхнэр гэртээ ирж нөхөртөө хэлжээ. Их ажилтай байсан нөхөр нь нэг их анзаарсангүй “хачин юм аа” гээд л өнгөрч. Ахиад очтол нөгөө “сайн санаат” бас л өмнөөс нь төлчихсөн байж. Эхлээд эвгүйрхэж байсан эхнэр хэн нэг “найз маань” тус болж байгаа юм байлгүй гээд л өнгөрч. Ийнхүү жил гаруй болоход энэ нь заавал байх “ёстой” юм шиг санагдах болж. Ингээд хэдэн жил болмогц “сайн санаат”-д бүр дасч орхино биз дээ. Нэг удаа “сайн санаат” мөнгөө төлөлгүй “санамсаргүй” хоцроочихож гэнэ. Тэгсэн чинь уур нь хүрдэг болчихож гэнэ ээ, нөгөө эхнэрийн…
Энэ мэтчилэн өөр зөндөө “олон юм” өөрөө “төлөгдөөд” сүүлдээ энэ нь хэвийн үзэгдэл болжээ. Одоо бол өөрөө төлөгдөхгүй юмыг тэд нар гэр бүлээрээ үзэн ядах болтлоо “дасчээ”. Энд ямар ч авилга огт байхгүй л байгаа биз дээ…
Өөрөө өсдөг хөрөнгө
Мань дарга болон түүний эхнэр насан өндөр аав, ээж хоёртой юмсанжээ. Байр майрны мөнгө “өөрөө төлөгдөхөд” дасчихсан байсан үе байх л даа. Нэг удаа рашаан сувиллын хувьчлал болох үеэр насан өндөр аав, ээжийнх нэр дээр “бэв бэлэн”, “ёстой жинхнээсээ” хувьцаа “гэв гэнэт” ороод ирж гэнэ ээ. Хөгшид хөрөнгөтэй болж байхад юу нь болохгүй гэж ?! Ямар мань хоёр авилга авсан биш, хүмүүс зүгээр л хөгшдөд “тусалж” байхад чинь…
Хэрэв эцэг эхээ жинхнээсээ хайрлаж байгаа хүн бол насан өндөр хөгшиддөө нэг сайн байр, жип авч өгөөд, бүр нэмээд жолооч, сувилагч, тогооч нар авч цалинжуулаад “За аав ээж хоёр минь Та хоёрынхоо ачаар бид өдий зэрэгтэй боллоо. Одоо нэг жаргаж үз. Гадаад дотоод дуртай газраа яв, юу хүссэн юмаа үз, хийж бай” гэж хэлж болох л байсан байх…
Харин тэд “дасчихсан” болохоороо огт ингэж бодохоо больчихож гэнэ ээ. Ахиад бүр ч олон хувьчлал болж байгаа, иймээс “зүгээр хувьцаа” заавал “орж ирэх” ёстой гэдэгт үнэмштлээ “дасчихсан” хэрэг л дээ…
Тэр ч бүү хэл хөгшчүүд нь хүртэл яам маам, элдэв хангайн төслийн зөвлөх болж гэнэт л өөрөө албан тушаалд “дэвшээд” байх болжээ. Энд чинь ямар авилга байгаа юм ?! Хөгшин хүн албан тушаалд орж, дэвшиж яагаад болохгүй гэж ?!
Улмаар мань хоёрын ах дүү, амраг садангууд нэг л мэдэхэд энд тэндгүй “өөрөө өсдөг” хөрөнгөтэй болоод ирж гэнэ. Ингэхлээр чинь мань хоёрын “өөрийн” хөрөнгө шууд л геометр прогрессоор өсөх нь мэдээжийн хэрэг. Ямар албан тушаалаа өсгөнө гэсэн “зовлон” байгаа биш.
Сүүлдээ шинэ пүүс компани байгуулагдмагц шууд л “тавин хувийн хувьцаа” өөрөө ороод ирдэг “жам”-тай болсон юм байх. Иймэрхүү байдлаар олон жил яваад ирэхлээр “өөрөө өсдөг хөрөнгө” нь Монгол Улсын ДНБ-ний нэлээд хувийг (?!) эзлэх болтлоо зузаардаг юм шиг байгаа юм. Энийг бодож олох гэж нэг их “онол монол” болоод давхиад байх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л монгол аргаар амархаан бодчихож болдог эд л дээ. Даанч “хувийн өмч тоолсон” хэргээр шоронд орчих гээд л байдаг болохоос биш. Энд ямар ч авилга байхгүй байгаа биз дээ…
Энэ бүхний хариуд нэг их “том юм” огт нэхэхгүй л дээ, тэр “сайн санаат” хүмүүс. Ердөө л нэг муу тендер, гаалиар хэн ч гаргаад өгчих нэг муу “ногоон гэрэл”-ийн гарын үсэг, тогтоол могтоолхон, татварын хөнгөлөлт, өршөөл мэтийн “жижиг сажиг” хууль, бас нэг жижигхэн агентлаг, ганц хоёрын зэрэг лиценз, алга дарам газар, гадаад дотоод томилгоо байхад л болоо. Тэгээд энэ мэтийн хүмүүс нэлээд олон болоод холбогдоод байнгын үйл ажиллагаа явуулаад аятайхан болмогц л “авилгын сүлжээ”, “аалзны тор мор” гээд сүржигнээд байдаг юм, энэ ”муусайн юмнууд”…Энэ одоо юу нь болохгүй байгаам ?! “Хүн хүнээсээ юм гуйж болохгүй” гэж лав л Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй дэг…
Ингээд “Авилгатай Тэмцэх Газар”-аасаа эхлээд гадаадынхтай “яг ижилхэн”, “ёстой ориг”, “сонгодог” авилга хайгаад ёстой “махаа цайтал” ажиллаад байхад чинь. Ийм “гадаад” аргаар судлаад байвал хэдэн сар жилээр ч үргэлжлүүлэн “судалж” болно. Ингэлээ гээд монголоос ганц ширхэг ч “олигтой” авилга олохгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлнэ…
Энэ удаад Уншигчид маань “анхдагч” ойлголттой болсон гэж санаж байна. Уг нь ч цаашаагаа бол үүнийг судлах маш олон “монгол арга” байдгийм л даа. Гэхдээ “хүн үнэмшихгүй” нь даанч нэг сайхан даа…
Нээрээ ч “тэнэг” царайлчихаад, “ядуугаа мэдэхгүй”, “атаархаж үхчих” гээд, “албатай юм” шиг, “хүний муу үзэх” гэж дурлаад, хувийнхаа “өш хонзонг” авах гэж, огт “байхгүй юм”-ыг заавал “байлгах” гээд л “шизо”-той монгол судлаач зүтгээд байхаар ингэх нь ч аргагүй биз…
Монголд авилга огт байхгүй ээ, байхгүй…Харин би “хоцрогдсон” ч гэсэн монгол аргаараа судлаад Энхбаяризмыг “огт өөрөөр” гарцаагүй нотлох л болно доо ?! Энэ нь “шинэ” Ерөнхий сайдад тун ч их хамаарах хэрэг шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 10 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to МОНГОЛД АВИЛГА “ОГТ БАЙХГҮЙ”…

  1. цолмон says:

    Яг л сайхан бичиж дээ. Харамсалтай нь ТӨРИЙН ТҮШЭЭД-АРД ТҮМНИЙ ЭЛЧ тэдний ДУУ ХООЛОЙ байна гэж өвдөг сөхрөн ЗӨӨЛӨН СУДАЛ,ТӨРИЙН ХАМГААЛАЛТанд шургасан ичих булчирхай нь өвчилсөн АМЬТДЫГ буцааж татдаг,мөн тэдний ХАЛДАШГҮЙ ЭРХ гэдэг ард түмнээс ТУСГААРЛАСАН тэнэг зохицуулалтыг устгамаар байна.Үүнийг зөвхөн З.Алтай л санаачилж чадах байх? Та юу гэж бодож байна? Ганхуяг судлаачаа.Хариу өгнө үү.Би ч буруу сэтгэж байж болно шүү дээ?

  2. gankhuyag says:

    Та тун зөв хэлж байна. Тэр чадна.

  3. zorigtsoc says:

    Авлигын эдийн засаг, нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар таамгийн төдий бус үндэслэл, тооцоотой судалгааг олон нийт, бодлого боловсруулагчдад тархаах хэрэгтэй л дээ…
    Авлигын хор хөнөөлийн талаар олон төрлийн судалгаа байдаг боловч тэдгээр нь онолын шинж чанартай, таамаг төдий мэдээллүүд байгаад дүгнэлт хийж бодитой тоо мэдээллээр баталгаажуулсан, үндэслэл, тооцоо судалгаа хийх зайлшгүй шаардлагатай

  4. Zochin says:

    Хэхэхэ. Янзын бичжээ.

  5. zochin says:

    та 2012 оны сонгуулийг хэрхэн харж вна вэ одоо засгийн газар цаашид яаж ажиллах бол

  6. рррррр says:

    аааааааааааааа

  7. tsendee says:

    Авилгын талаар зєвхєн томхон жишээ татаж бичжээ. Бичил /Микро/ тївшинд бол энэ чинь бїр зїгээр л байдаг зїйл гэж ойлгодог хэвшил болчихоод байгаад л хамгийн эмзэглэмээр зїйл байна. Жишээ нь Эхнэр нь тєрєх болоход эмнэлэгт танидаг эмч хайна, замын цагдаа зогсоогоод торгуулахад бас тэрийгээ санагалзана энэ чинь єєрєє монгол онцлог монголчуудын асуудлыг шийдэх арга болчихоод байгаа нь нууц биш зїйл шїї дээ. Цайны газар ажиллуулахад зєвшєєрлєє заавал нэг тєрд данстай байцаагчаас зєвшєєрєл авах болно. Асуудлыг манайхан яаж шийддэг билээ дээ. Дээрээс нь эхэлж цэгцлэх її, бичил тївшинээсээ бїр хїмїїсийн иргэлийн боловсролоосоо ойлголтоосоо эхлэх її гэдэг єєрєє хамгийн тєвєгтэй асуудал болов уу гэж би бодож байна. Нэг их мэддэг хїн шиг хамаагїй юм бичсэн бол уучлаарай.

  8. gankhuyag says:

    Эрхэм Цэндээ. Та саналаа хэлж мэдээж болно ш дээ. Манайд хүн амын тоо цөөнөөс шалтгаалаад макро, микро түвшингүүд холилдчихдог юм. Дээрээсээ эхлээд “зүгээр” болчихвол доогуур нь бас л “зүв зүгээр” болчихдог зүй тогтолтой.

  9. Tsogt says:

    Манай улс Олигархийн засаглалд бүрэн шилжлээ гэвэл та санал нийлэх үү. Шинэ ерөнхий сайд шиг асар их шуналтай хүн ард түмний төлөө юм хийх үү.

  10. Галт says:

    Одоогийн ерөнхийлөгч болоод Монголын төр АТГ-ын дарга САНГАРАГЧАА гэдэг хүнийг зайлуулж үнэн барахгүй юм байхдаа.Энэ хүн авилгчдыг жинхэнэ цээжээрээ хамгаалж байна тэгээд Сум багийн засаг дарга гээд ганц нэгэн жараахай л хөөцөлдөж цагийг өнгөрөөж байх шивдээ.

  11. Su.Batbold says:

    Ganhuyagaa bi ih martamhai hun chi namaig gertee neg uriach tegvel bi 5 orontoi nogoon martaad baidag yumal daa shinkov erunhii said.

  12. Soogii says:

    Avilgaliin zagalamailsan etsgees uudeltei ene suljee uneheer bolovsrongui boljee,gart barigdaj,nudend haragdahgui…Mongol hunii saihan setgeleer uurt ni tus hurgesen hund zaaval talarhalaa ilerhiildeg ni ertnees l baisan,gol ni yamar tus hurgej gedegt l uchir ni baigaa baih
    Enehuu talarhal maani yavsaar baigaad yalt ch ugui avilga bolj huviraad baina.Unuugiin manai, barag l buh yum ni
    “standart bus” bolchihson niigemd uguu avaagyu yum gej ugui boljee.Shine hun mendlehed hurtel ugdug yumiig ni uguhgui l bol huuhed chini yamar ch baidaltai turj bolno,uhehed hurtel ariin haalga abilga hregtei boljee.Tegvel bur deeguur tomchuud,erh medeltenguud,alban tushaaltnuudiin uguu avaa her hemjeenees heterseniig sudlaach maani denduu oilgomjtoigoor talbarlan bichjee.ATG uuniig bayrlaad l tosood avah baital dulii dumbe orgisoor l baigaag yu gej ch oilgoh yumb dee.Tednii hiih yostoi,tatvar tulugch bidnii munguur tsalinjij baigaa ajliig ni hun zugeer l zaagaad ugch baina shuu dee.Ene gazariin shalgaad,notlood,ilruuleed huuliin baiguulagat uguh herguud odoo ajillaj baigaa udirdlaguudiig nasaar ni hoollohod ch hangalttai hurimtlagsaniig sudlaachiin udaa daraagiin.olon jiliin nur ih hudulmuriin ureer butsen niitleluudees ni belhenee haragddag yum.ATG hiih yostoi ajlaa hiine l gej naidya!
    Sudlaach Tand amjilt husye!

  13. цолмон says:

    За даа Сү.Батболд ч Бороог барж идэлцсэн.Одоо бусдад нь хуруугаа дүрэхэд хялбар болж дээ.Үнэхээр энэ 2 намын янхандалтаас салахгүй бол манай ард түмэн хэзээ ч нар өөд харахгүй.

  14. Anonymous says:

    болж байна

  15. by andy says:

    болж байна

  16. demjigch says:

    bo bol “mongol xunii saruul uxaan” enee teree gesen ulgert itgexee bolison, xarin neg udaa “tom shuurtei xun” gej xen negeg zaluu xelsen sanagdana, mongold xun buxen avilgald idegdsen ch uulaasaa aimxai xoron sanaatai ard tumen uchraas xedxen xuniig “ilruuleed xorixiod” l dor doroo aigaad bolix estoi um l daa, uuniig exlex aaviin xuu orchin ueiin “xotgoidiin Chingunjav” xeregtei bn daa

  17. Галт says:

    Монголын төр авилгал хээл хахуульд идэгдээд улам бүр ялзарч байна Төрд үүрэлсэн булхай луйвар гэмт үйлдлийг илчилж улс төр судлаач, сэтгүүлч нийтлэлч нар маань их ч бичих юм даа Төр засаг цочир авч байгаа юм ч алга.Тоохоо ч байж
    300 мянган хүн жагсвал эрх биш цочрох болуу

  18. Davaasuren says:

    Сайн байна уу. Таны бичилтүүдийг байнга уншиж байгаа. та сонингоо гаргаж байгаа юу саяын срнгуулийг ард түмэн гайхаад өнгөрсөн Зоригт үнэхээр тийм өндөр 60,1 хувиар ялна гэж бодоогүй байх үнэхээр луйвар орсон байна л даа. Танд амжилт хүсье.

  19. өнгөрсөн наадмын үеэр хуушуур хийж зарах зөвшөөрөл 200 мянгаар дамлагдаж байлаа. Их нийтлэлч Баавар төрийн зарим ажилчдыг нийгэмийн жоом гэж яасан үнэн хэлээ вэ.Хэлтэс тасгнйн даргаас авхуулаад хяналт тавих хүн мөн ч олон бий дээ.Бүгдээрээ хуйвалддаг юм байлгүй.Авилгатай тэмцэх газар юм хийхгүй нь тодорхой. хуучинсаг егөзөр хүмүүс юу ч хийж чадахгүй ээ.монголд зоригтой өөрчлөлт хэрэгтэй байна.

  20. ц.гэндэнжамц says:

    Авилгатай тэмцэх газар тодорхой хууль зөрччихөөд байхад өмгөөлж хамгаалаад байдаг нь төр засаг, ху намын удирдлагатай шууд холбоотой. Энэ мэтийн юмнаас болж ху намын нэр хүнд ард түмний дунд их унаж байна. Үнэн юм гэж байхгүй болж төр засагт хулгай луйвар хэмээс хэтэрч байна гэдэг нь энэ мэтийн зүйлээр илэрч байгааг С.Батболд, Хүрэлсүх нар мэдэхгүй л байна. Арга ч үгүй юм байхдаа. Өөрсөдөө хамаг муу муухай юманд оролцдог юм чинь. Ямар сайндаа гадаадад очиж мөрийтэй тоглож байхав дээ. Одоо нэг анхаарч өөрөөр сэтгэж бодмоор юм даа.Тэхгүй бол ху нам хол явахгүйнээ_

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: