УЛС ТӨРИЙН “ВЕКТОР”-ЫН ӨӨРЧЛӨЛТ…

Би гээч хүн Налайх хотод төрж өссөн, 1954 оны нөхөр л дөө. Манай хоёр хөрш болон бусад гүрнүүд манайд хэрхэн нөлөөлснийг өөрийнхөө амьдрал дээр жишээ болгон яривал нийт монголчуудад, ялангуяа залуучуудад зүгээр мэт. Энийгээ өгүүлсү…
Дорно зүгээс нар мандлаа…
Би бусдын л адил энэ нийгмийн бүтээгдэхүүн мөнөөсөө мөн. Учир нь ясли, цэцэрлэгээс авахуулаад явах ёстой бүх “шат дамжлагаар” нь явсан болоод л ингэж байна. Мэдээж хүн бүрийн ой санамж янз бүр байх боловч бүр цэцэрлэгт байхад “Дорно зүгээс нар мандлаа” дууг бидний “пацаан”-уудад зааж байсан нь санаанд тод үлджээ. Одоо ч гэсэн эхний бадгийг нь мэднэ гээч…
Ингээд арай жаахан “ухаан” ормогц Налайхын шилний үйлдвэр, УБ-Налайхын засмал замыг хятадууд барьж байсныг тод санаж байна. Тэр үед чинь Орос-Монгол-Хятад гурав “ах дүү” нар байлаа ш дээ. Одоо энэ төмөр замын дуу хүртэл: “Москва- Бээжин хоёртой Монголын нийслэлийг холбоод…” гэж эхэлдэг байсан юм.
Налайхад шилний үйлдвэр барьж байгаа Хятадууд газар гэрт амьдарна. Ээж маань энэ хятадууд чинь “царцаа түүж иддэг юм байна” гэж ихэд сэжиглэнгүй аавд хэлж байсан нь одоо ч чихэнд байна.
Аавтайгаа хамт Туул гол дээрээ очно оо, одоогийнх шиг ямар горхи шиг юм байсан биш. Уурхайд зориулсан “бэхэлгээ”-ний модыг Туулын маань голоор салаар урсгаж авчирдаг байсныг бодоход мөн ч их устай байсан байгаа биз. Нэг удаа салан дээр зогсож үзсэнээ бүүр түүрхэн санаад байдаг юм.
Тэнд загас барьж байгаа хятад, оросууд дүүрэн. Учир нь Оросууд ч бас Налайхын “Капитал” хэмээн нэрлэх орчин үеийн нүүрсний уурхай барьж, ажиллуулж байсан юм.
Энэ найрамдлын үр дүнд Налайхын шилний үйлдвэр гэхэд л ойр зуурын шилэн аяганаас эхлээд “архины шил” гэж бидний нэрлэдэг лонхоо үйлдвэрлээд болоод л байсан юм. Улаанбаатар –Налайхын засмал манай хамгийн чанартай зам байсан юм. Олон жил болоод одоо ч аргагүй муудаж байна даа…
Орос болон хятад ах нар ганц нэг загас өгөхөд жигтэйхэн баярлана. Бас аавтайгаа хамт хятад гуанзанд их орно оо. Одоогийнхоор бол комикс юм уу даа, хар цагаан зурагтай, үлгэр домог өгүүлсэн хятад жижиг номны олон цуврал байх. Хуучин монгол бичиг дээр. Түүнийг нь ээжээрээ уншуулж байгаад цээжилчихнэ ээ. Ёстой навсайтал үздэгсэн. Бас хятад кино их гардаг байж билээ. Ийм юм хүүхдийн санаанаас хэрхэн гарах бил ээ…
Алтан Москва
Эгч маань Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургуульд сурахаар төдий үед л явсан юм. Эгчийгээ их санана аа. Ээж маань нэг удаа ”Эгч чинь энэ радиогоор Москвагаас ярина байх шүү” гэж хэлж билээ. За ингээд би гэдэг амьтан Москвагийн радиогоос чихээ салгахаа байв. Эхлээд эгчийнхээ “ярих”-ийг сонсох гэж, дараа нь сонин хачин юмны учрыг олох гэж. Москвагийн радио намайг хүмүүжүүлсэн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Эгч маань сурагчийн үүрдэг цүнх, “школьная” хэмээх офицерынх шиг малгай, сурагч формын хувцас оросоос авчирч өгнө. Ихэнхи хүүхэд даавуун цүнхтэй байсан тэр үед би хамгийн “ганган” нь болж таарна биз дээ. Ингээд л би болон миний үе тэнгийнхний “орос хүмүүжил” эхэлсэн юм.
Би муу пацаан гэхэд л Налайхын жижиг номын сангийн бараг бүх номыг уншаад дуусгачихаж билээ. Иймээс Оросын болон дэлхийн утга зохиол манайг хүн болгосон гэж би хэний ч өмнө хэлнэ. Миний үеийнхэн бүгд л ингэх байх.
Дайсагнал
Ингээд ёстой амар сайхан байж байтал Орос, Хятад хоёр муудалцаад хэрэг бишдээд явчихав. Энэ нь улс төрийн том асуудал мөн боловч улс төр хувь хүнд, тэр ч байтугай хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг л би энд ярих гээд байна.
Налайхын урд Оросууд локацийн станц байгуулаад авав. Асар удалгүй цэргийн нисэх буудал байгуулж, дүүрэн орос цэргийн анги бий болов. Хятадууд ч яахын аргагүй дайсан боллоо доо. Гэхдээ оросын тийрэлтэт онгоцнууд хамгаалж байгаа юм чинь айх юм даанч нэг байхгүй байсан байх.
Нэг сайхан юм нь орос дэлгүүр л байлаа даа. Манай Налайх чинь бензин мензин, бараа таваараар ёстой бялхдаг байлаа ш дээ. Би л лав социализмын үед өлсөж үхэх шахам ядарч байсан гэж яагаад ч хэлж чадахгүй. Харин ядуу хүмүүс бол байсаан.
Сургуулийн хүүхдүүдэд нэг их үзэл суртал муртал яриад байгаагүй санагдана. Гэхдээ л мөнөөх Москвагийн болон Монголын радио, томчуудын ярих хэлэх чинь хүүхдүүдэд жигтэйхэн нөлөөлдөг юм бил ээ.
Аав маань их сониуч хүн байсан юм. Хааяа хүлээн авагчаараа монгол хэл дээрх хятад нэвтрүүлгийг сонсоно. Хятадууд ч яаж зүгээр суухав, манийгаа ч ёстой нэг харааж өгдөг байж билээ.
Манай гудамжинд “Төмөр хужаагийнх” гэж нэг айл байх. Хужаа ч юу байхав, их сайхан зантай өвөрлөгч байсан юм. Ингээд найзуудтайгаа нийлж аваад тэдний хэдэн тахиагий нь чавхаар ёстой “хядаад” өглөө дөө. Хятадуудтай “байлдаж” байгаа царай нь тэр. Үүнээс болж огт гар хүрдэггүй ээж маань хонгийг минь хорстол хэд сайн авч өгч билээ. Шувуун хөлтэй хятад эхнэрүүдийг чулуудахаас эхлээд “улс төрийн” тэмцлийн хэлбэр дуусахгүй ш дээ. Энийг одоо ч гэсэн томчууд бид их анхаарах ёстой байх…
Одоо тэрхүү “улс төрийн тэмцэл” хийж байсан миний нөхдүүд тавь гарчихаж. Хааяа уулзахаараа бид чинь ямар үхснээ хийж тийм тэнэг юм хийдэг байна аа гэж гайхаж, инээлддэг юм.
Оппортунизмын эсрэг
Дээд сургуульд оров оо. Тэнд чинь ШУКО буюу шинжлэх ухааны коммунизмын онолыг заавал заана. Тэр ч байтугай “Маоизм бол оппортунизм, шовинизм мөн” гэсэн тусгай курс орно шүү дээ. Нэгэнт дүн тавьж байгаа болохоор хятадын оппортунизмтай “тэмцээд” онц гарч байлаа хө…
Одоо бодоод байхад Орос нь илүү хүчирхэг, Хятад нь арай ядруу байсийм болов уу даа. Энд байсан хятадууд урагшаагаа даалимба, ёотонгоос эхлээд л өргөн хэрэгцээний бараг бүх барааг илгээмжээр явуулаад байсныг бодоход тэнд тийм ч сайхан биш л байсан болов уу. Энэ үеийн талаар нэг хятад профессор “Их хэцүү үе байсан” гэж хэлж байсан юмдаг.
Харин манай талаар бол тэр үеийн хятадад “Улаанбаатар их жижигхэн, цэвэрхэн, цэмцгэр хот, хүмүүс нь тайван амгалан, ёстой сайхан газар” гэсэн явган яриа ихэд дэлгэрч байсныг тэрбээр өгүүлж билээ. Одоо манай Улаанбаатарыг ингэж сайхан ярих хүн энэ дэлхийд нэг их олон биш л болов уу.
Ингээд 1990 оноос “нөхөр” болон “дайсан” маань орвонгоороо солигдов. Ингээд Хятад, АНУ болон бүх дэлхийтэй “найзалсан” 20 жилийн түүх эхлэх бөгөөд үүнийг бараг хүн бүр мэдэх хойно…
Манай юм гэж бараг байхгүй…
Өмнө бичсэнээсээ иш татъя.
БНХАУ Улаанбаатар-Налайхын засмал зам, шил, шүдэнз, спирт бал бурмын зэрэг үйлдвэрүүд, 50 болон 120 мянгатын орон сууцны цогцолбор, Энхтайвны гүүр, Улсын Их дэлгүүр зэргийг өөрсдийн ажилчдын хүчээр барьж бэлэн болгон хүлээлгэн өгч байв. ЗХУ бүр ч өгөөмөр тусламж үзүүлэв. ЗХУ 1921-1970 онд эдийн засгийн том ач холбогдол бүхий 450 томоохон объект /жижгийг нь тоолох боломж байхгүй/ барьсны тал хувийг нь 1960-70 онуудад барьж, тусалж, бэлэглэсэн байдаг.
За энийг бас яахав гэхэд социалист орнуудаас авсан юмаа дурсах нь шударга хэрэг болно.
БНАГУ (Герман) Улаанбаатарын мах комбинат, хивсний үйлдвэр, Болгар Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Дорнодын мах комбинат, геологийн судалгаа шинжилгээ, Румын улсын циркийн барилга, мебель, мод картоны үйлдвэр, Чехословак гутлын үйлдвэрээс эхлээд арьс ширний чиглэлийн олон үйлдвэр, Унгар биокомбинат гээд л цаашаа хөвөрч өгнө дөө.
Эдгээр социалист орнуудад сургасан хүний тоо бол замаа алдана. Манайх шиг ингэж “үнэ төлбөргүй” асар олноороо гадаадад сурч байсан улс дэлхийд цөөхөн л байх. Стипенди авна, дотуур байранд нь сууна, “бэлэн” мэргэжил эзэмшинэ. Хамгийн гол нь европын орнуудын соёл, хэл, шинжлэх ухаанд сурцгаасныг би л лав бага буюу муу гэж хэлэхгүй дэг. Дундаж монгол би л гэхэд Болгарын нийгмийн ухаан, нийгмийн процессын удирдлагын академийн аспирантурт сурч, хоолыг нь хэдэн жил “зүгээр” л идсэн дэг.
Өнөөдөр Улаанбаатар болон Монголын аль ч газраар явахад бидний өөрсдөө барьсан юм гэж бараг байдаггүй юм. Одоо ч байдал нэг их өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Хоёр хөрш, дараа социалист орнууд, одоо бол бүр дэвэн дэлхийгээс “гуйдаг” болж болж “өргөжиж” л байх шиг байна.
Ардчилал “байгуулах” гэж байна гэж Баруунаас авсан мөнгө болон тусламжийг бас л бараг тоолох боломжгүй. Аваад л байдаг, гуйгаад л байдаг…
Энийг миний хувьд нэг их сайн зүйл гэж огт боддоггүй. “Юм гуйх, зүгээр авах өвчин” гэж би огт дуулаагүй. Гэхдээ энэ бол зөвхөн манайханд л байдаг юм шиг ээ.
Нэг бодлын зүв зүгээр сууж байгаад бусдаар юм хийлгэдэг жигтэйхэн азтай ч хүмүүс шиг, нэг бодлын зүгээр авсаар байгаад адгийн муу зан сурчихсан ч юм шиг. Сүүлдээ бүр байчихаад ИХ НАЙМ-аас доошоо улсыг бол ер тоохгүй шинжтэй. Чингэхдээ дунд нь “бантан” хутгана. “Томроно” гэж үүнийг л хэлдэг байх. Гэхдээ энэ бол томоохон тэнэглэл бөгөөд үүнийгээ горыг бид амсах гэж байна. Харин энэ бол жич яриа болно…
Шинжлэх ухааны ном зохиолд бол үүнийг паразит үндэстэн гэдэг нэрлэдэг юм бил ээ. Зүгээр суугаад байхаар зөвхөн хийсвэр, хуулбар сэтгэлгээнээс өөр юм огт хөгждөггүй юм байна. Иргэн бүр нь улс төр, нийгмийн “гайхам мэдлэг”-тэй манайх шиг лут үндэстэн гэж бараг байхгүй байх.
Сая болсон ардчиллын 20 жилийн ойгоор үзэх юм бол аль эртнээс маш удаан нууц тэмцэл хийж явсаар 1990 онд жинхэнэ “ухамсар”-аараа хувьсгал хийсэн хүмүүс хэчнээн ч олон болчихсон юм, ёстой бүү мэд. Надад л лав ийм мундаг “ухамсар” байгаагүй дэг.
Миний найз, талийгаач доктор Х.Гүндсамбуу: ”1990 онд монголд зөвхөн ардчилсан хувьсгал тохиогоогүй, бас үймсэн олны (дарвисан –Д.Г.) болон номенклатурын хувьсгал зэрэгцэж гурамсан, гурвалсан хувьсгал болсон юм” гэж дүгнэсэнд л би үнэмшдэг юм.
Энд би “түүх” болон “дурдатгал” огт ярих гээгүй юм. Хүн хүний амьдралд болсон иймэрхүү олон үйл явдлыг цаг хугацааны дараалал болон тодорхой арга зүйд оруулаад системчлээд судлаад ирэхээр нөгөөх “шинжлэх ухаан мухаан” руу нь жаахан дөхөж магадгүй гэж үзээд л бичиж буй хэрэг.
Үүнийг улс төрийн “векторын өөрчлөлт” гэж нэрлэдэг бөгөөд энэ үйл явдлуудыг өөрийн түүх, үндэстнийхээ өөрийн ухамсар дээр тулгуурлаж эрэгцүүлэн бодоод зохистой шийдвэр гаргахыг төрийн бодлого гэж ойлгодог юм ш дээ, би л хувьдаа.
Би Монголчуудын амин зорилт нь үндэстний хувьд оршин амьдрах явдал гэж хоёр дахь удаагаа хэлж байна. Ер нь ингэхэд хэдэн жил хэд дахин хэлүүлж байж ойлгох ёстой юм бол ?!
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 12 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to УЛС ТӨРИЙН “ВЕКТОР”-ЫН ӨӨРЧЛӨЛТ…

  1. Алтан-Эрдэнэ says:

    Эрхэм судлаач таньд бичих зүйл олдохгүй болч дээ.Шар дээлт нь арилаад өгчихсөн, таньд нэг зүйл сануулахад томууны тархалт зогссоныг хэлэх нь илүүз биз… Хэрхэн яаж тооцоо бодохыг чинь хүлээж байя.Хүний мууг үзэх гэсэн биш, ТОМ дуугардаг шигээ байж чадах үгү иг чин харах гэсэн юм.Баяртай

  2. Perfect says:

    Ingej bichvel zaluuchuudad iluu hurne gedeg unen shuu. Bayarlalaa.

  3. gankhuyag says:

    Эхний хүн “албаар” өвөрлөгч буюу хятад болох гэж алингаа алджээ. Үүнийг би огт “тоохгүй”. Харин удаах хүнд шинжлэх ухааныг үүнээс илүү “хялбарчлах” боломж илтэд багасаж байна даа л гэмээр байна. Иймээс бүгдээрээ сэтгэлгээний арай илүү түвшинд гарвал яасийм ?!

  4. anjigai says:

    Мэдлэг нэмэгдэв. САйн бичсэн бичлэгийг шажигнатал унших ч бас жаргал шүү дээ.

  5. Erdenebat says:

    Sain baina uu? Bagshaa tanaar hicheel zaalgaj baisnaa baharhdag shuu. Tanii bichleguudiig bugdiig ni unshlaa mash zob gej boddog shuu.

  6. аяа says:

    юм үнэнээрээ байх сайхаан..

  7. Simona says:

    Ehnii hun ta tomuunii tarhalt zogsson geed bichheer zogsdog um gej anduuraagui biz dee?

  8. Цолмон says:

    Би ч гэсэн Ганхуяг судлаачийн үеийн хүн байна.Амьдрал-түүх яг ийм л байсан шүү дээ.Харин үүнийг үзээд ирсэн хүн болгон дараахь үедээ ингэж сэтгэл харамгүй хүргэж чадахгүй байна. Иймд аманд “орсон шар тосыг хэлээрээ бүү түлх” гэдэг шиг аятайхан уншаад, өөрийн болгож авч сурцгаая.

  9. Цолмон says:

    Ганхуяг судлаач аа. 2010 онд Та болон гэр бүл тань аз хийморьтой байхыг хүсэн ерөөж байна . Та бүгдийг хүндэтгэсэн Цолмон.

  10. Цолмон says:

    Ганхуяг судлаач аа. 2010 онд Та болон Гэр бүл тань аз хийморьтой байхыг ерөөж байна. Хүндэтгэсэн Цолмон

  11. ganzorig says:

    Sain baina uu? Bi neg hyniig dursah gesiim Gyndsambuu bagshiig bie basrsaniig unshlaa haramsaltai baina aa. Taliigaach manaid 20 tsagiin Sotsiologiin hicheel zaasan yum. Ih taiwan uujuu bairiin hyn baij bilee. Ih sonin sonirholtoi zyul ih yarij ugsunduu! Busad bagsh naraas ih uur, legts ni dandaa namuuhan murtuluu yrgelj yojilj baidag yaria ni ih urgun hyreeg hamardag baisniig odoo l oilgoj baina.
    UM MANI BADMI HUM.

  12. Bolor says:

    neeree l gadnaas um guixdaa xurtel uxaantai baimaar um, sayxan, xuuxdiin udriin xooliig gadaadiinxnaar daalgax bolson gej unshaad ichij uxex shaxav, ter 76 teneg nuguu terbum aaraa xuuduudee tejeexed yanaa, ene zeel tuslamjiin guix uvchiniig odoo tas zogsoox cag bolson shuu, odoo xund ugch surmaar bn

  13. d says:

    yestoi goyo boljee.
    1. huvisgaliig zorigtnuud hiij ur dung n adag shaarnuud hurtdeg gedeg biluu. medeej zorigtnuud bolohgui baigaa niigmiig oorchiloyo l gej amia taviad temtsdeg. 11 bolon 21 oniig sanaya. ted hyatadaas tusgaar baiya l gesen gedeg. harin ur dung n aluurchid hurtee bizdee, nugoo zorigtnuudaa araas n buudaj alaad, suuldee 32, 37, 39, 45 onuudad neg negnee, bur ard tumnee hyadaj suidelsen. 90 ond zorig, batuul zereg ner bolchihson tsoohon zorigtnuud zugeerl tertee tergui nuran unaj baisan delhiin sots systemiin hayalgad ooroo barag unaad ugson mgl dahi systemee suron bosson. yamar ch baisan toimtoi “uhamsar” baigaagui gej oorsnoo yaridag shuu dee. harin odoo 20 jiliin oigoor yestoi novshnuud l ih duugarch baih yum, neg negendee gyalgar tumur zuugeed l baih yum.
    2. neeree, barag irgen bur n uls tur yarisan, niigmiin asuudliig shuuj dugnesen, zaasan, het medsen tiim uls oron mongoloos oor delhiid baihgui shuu.

  14. bathuu says:

    sain bain uu erhem sudlaach tand ih bayarlaj yavdag shuu bi mongolin niigem uls turiin chigleler yamar hunuusiin buteelig unshih heregteig medmeer bn bas aldart baabarig ta yu gej uneldeg ve yalanguya uls turiin anliziin tuhid tulhtai seheeten munuu uls turuus gadna tyuh antropologi soyoliin chigleler bichsen uguulel niitled n olon aldaa buruu zuil haragddag harin uls turiin onolin medleg yamar hun be ene talaar tani bodlig sonsmoor baina unendee tuunii libelizmin medleg gaigui bolovuu gejboddogbas avirmed doktor tuuniig oyuntolgoid hudaldagdsan gej yaridag her unen zuil ve erhem sudlach tand az jargal erdem sudlalin amjilt husen yuruuy

  15. anjigai says:

    Ганзориг оо аавын минь тухай сайхан дурсамж үлдээсэнд гялайлаа. Хүү нь

  16. sonirhogch says:

    uls turiin vector odoo dahiad neg uurchilugduhgui bol ene hestuu ued ? bid hed orshin togtnoh hundhen asuudal bolj baina shuu. ter tomchuud durguin hurheeree bid hediig archihaa medeh bailgui dee. medeej ongots mongots tankaar dairah bish manai heden archaagui ulsturchidiin tolgoig erguuleed orhihod nuguu tur gedeg yum ny baihgui bolno doo.

  17. enkhee says:

    yag l iim baisan daa.

  18. Munkhbat says:

    Manai Nalaihyn hun baijee. Taatai l sanagdaj bn.

  19. bolroo says:

    hi tanii bichsn umiig chn unshsaan tgd bi 10 dugaar angi ma niigem dr tur gdg sedweer iltgel tawih gsiin tgd taniiar zaalgah gl ta tuslj chadhuu ta utsaaa uguuch…………naidlaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: