Л.Н.Гумилев. Есдүгээр хэсэг

За ингээд сүүлчийн бүлэг энэ байна. Цагаан сарын өмнө дуусгах гэж их л ядлаа. Ёоох…
УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТ БА СОЁЛ
ЭНД ЯАГААД ӨӨРИЙГӨӨ ХУУРАХ БОЛОН ДУР ТАТАГДАХАД АВТАН ЖАМ ЁСНЫ ҮХЛЭЭСЭЭ ӨМНӨ АМАРХАН МӨХДГИЙГ ТАЙЛБАРЛАНА

XXXVII. Угсаатны нийлэгжилт дэх сөрөг утга холбогдол
ТАЛСТЖСАН ОРГИЛОХ ШИНЖ
Бид одоо болтол угсаатны түүхийн янз бүрийн баримтуудыг эмпирик байдлаар нэгтгэн дүгнэсний үр дүн болсон оргилох шинж гэсэн ойлголтын тухай ярьсаар байна. Тэгвэл ажиглагчид бид оргилох шинжийг шууд харж болох уу ? Тийм бол ямар хэмжээгээр ?
Танин мэдэхүйд хүрэлцэж байгаа бүхэн ухамсрын тусгалаар (призм) дамжин, илрүүлэх үед хүний гарын бүтээл шингэсэн байдаг юм. Хүний биеийн доторхи байгалийн хэсэг болсон хүмүүсийн мэдрэхүй нь урлагийн бүтээл болон тансаг үг хэллэгт туссан байдаг. Зураг зурах юмуу шүлэг зохиож сурах нь маш хүнд байдаг нь тодорхой. Уран бүтээлийн урлалд зарим нэг чадвар байгаа үед сургаж болох боловч үүнийг хийх хэрэггүй юм, учир нь бүтээлч оргилолтгүйгээр дуурайх буюу хуулбарлахын хил заагийг даван гарах боломжгүй байдаг. Гэхдээ ийм бүтээл цөөхөн, зорилгодоо өөрөөр хэлбэл бүтээлээ дуусгах тууштай тэмүүлэлгүйгээр юуг ч бүтээж болохгүй: уран бүтээлчээс “урлаг золиос шаарддаг”, харин хоосон мөрөөдлийн төлөө өөрийгөө золиослох явдал бол харин оргилох шинжийн илрэл юм. Хэрэв ийм ахул урлаг, гүн ухаан буюу утга зохиолын өвөрмөц, сайхан бүтээл бүр нь урлах ажил, сэтгэлгээ, өөрийнхөө эрчим хүчийг уран бүтээлдээ “юүлдэг” уран бүтээлчийн оргилох шинж гэсэн гурван элементийн хослолуудыг агуулна.
Ингэхлээр хэрэв хамт олны оргилох хүчдэл нь нарийн бөгөөд удаан бэлтгэл шаарддаг түүх буюу археологи зэрэг шинжлэх ухаанд тэмдэглэгддэг бол урлагийн сор бүтээлүүдэд хүн бүр гар урлал болон сэдвийг уламжлалаас ялгаж чаддаг, харин энд үлдэж байгаа зүйл нь уран бүтээлчийн оргилох шинжийн ул мөр болно.
Харамсалтай нь түүхчид хэн үлдээснийг нь мартан ул мөрийг судалж, хөшөө дурсгалыг түүнийг хэн үзэж байгаагийн хажуугаар юуны тулд уран бүтээлч, гүн ухаантнууд эдгээрийг туурвисан гэдгийг биш, харин орчин үеийнхний үйлдлийг харж заншжээ. Ийнхүү К.Ясперсийн “тэнхлэгийн цаг хугацааны” үзэл санаа бий болсон юм. Тэдний шагшин гайхаад байдаг Эллад нь үнэн хэрэг дээрээ тэдний төсөөллөөс хавьгүй хол байдаг билээ.
Түүхийнхээ алдарт үе болох НТӨ Y–YI зуунд гол улсууд нь (дэд угсаатнууд) Спарт, Афин, Фива, Сиракуза, харин хоёрдугаар байранд Коринф, Агригент болон Фессалия зэрэг байсан юм.
“Спартчууд гэртээ догшин бөгөөд ядмаг амьдарч байсан, гэхдээ чөлөөтэй болмогцоо садар самуунд автдаг байсан. Павзаний Византийг захирч байхдаа персийн сатрап хэмээх амбан сайд шиг амьдарч, тэр байтугай зөвхөн амбан захирагч болохын тулд Элладыг Персид захируулахыг хүсдэг байжээ. Лизандрын ахлагчид мөн л ингэж хүсдэг байжээ. Спарт нь яруу найрагчдыг ч, эрдэмтдийг ч тайван байлгадаггүй байлаа.
Фиванчууд тухайн үеийнхний итгэж байснаар оюун санааны хувьд гөлгөр байдалд орсон ховдог, архичид байжээ. Фессалийчууд ч гэсэн оюун ухааны үйл ажиллагааг хардсан архичид, завхайчууд байсан байна. Сиракузчууд болон агригенчууд сибаритуудын адил ямарваа тэсгэл тэвчээр гэдгийг мэддэггүй байж, харин коринфчуудыг эллиний зохиогчид азийнхантай адилтгасан байдаг.
Эллинчуудын олонд тархсан түүхийн цаг дараалсан тодорхойлолт хэнд хэрэглэгдэх вэ? Урлагт дуртай, гоо зүйн торгон мэдрэмжтэй, гайхамшигт тансаг зүйлсийг хүндэтгэдэг, зугаа цэнгэлээс түдгэлздэг, хоол ундаа тааруулдаг хүнд. Грекүүдийн найр нь хөгжилтэй атлаа согтуурах, ховдоглоход дургүй. Марофоны тулалдаанаас Пелопоннессийн дайн эхлэх хооронд амьдарч байсан афинчуудын зөвхөн хоёрхон үе л ийм байсан юм. Энэ хугацаанаас өмнө ч биш, хойно ч биш !” [1] Вебер Г. Очерк научных понятий по некоторым вопросам всеобщей истории // Всеобщая история, 2-е изд.: В 15 т. Т. 9. М., 1896. С. XX.
Хэрэв энэхүү хангалттай бараан дэвсгэр дээр хэдхэн арван авъяаслаг хүмүүс амьдарч, тэдний бүтээл манай үед хүрч, бидний сэтгэлгээний дурыг татаж байвал, үүний хамт Демокрит, Платон, Горгий, Аристотел нарын үзэл баримтлалууд нь тэднийг амьд ахуйд тэдэнтэй ярилцагч цөөн хүний хүртээл байсныг санах хэрэгтэй. Энд л ул мөргүй алга болсон амьдрал, өөрөөр хэлбэл угсаатны нийлэгжилт болон байгалийн материалыг багтаах цээжин баримал, яруу найраг, гүн ухаан зэрэг хатуу хэлбэрт оруулахад оршдог соёлын ялгаа оршдог юм. Соёл нь угсаатны нийлэгжилтийг туулж, түүнийг өөрөөрөө халхалж, сольдгоос угсаатны нийлэгжилтийг нээх явдлыг маш хүнд болгодог.
Немцийн гүн ухаантнууд нарийн, маш няхуур логик байгууламжид гол ач холбогдол өгсөн бөгөөд тухайн үеийнхний олонхи нь тэдгээрийг нь ойлгож чадаагүй билээ. Мэдээж хэрэг Аристотель суут хүн, үүнтэй хэн маргах билээ? Харин НТӨ IY зуунд түүнийг хэн мэдэж байсан юм бэ? Гэгээрсэн Афинд, Эвбее дэх эх оронд нь, Македоны хааны ордонд уу ? Магадгүй түүний бүтээлийг Сиракуз, Тарентед, магадгүй Ольвийд ч уншсан байж болох юм, гэхдээ хэн уншсан байх вэ? Дээдсийг дууриагчид болон үнэнийг эрэгч цөөхөн хүн, магадгүй арван хүн ч юм уу, бараг ганц нэгхэн хүн байсан байх аа даа. Харин хүн амын үндэс болсон хоёр сая эллинчүүд яахав ?! Беотийн тариачид, этолийн дээрэмчид, ионийн ropraimf, спартын дайчид, аркадын малчид уу? Тэдэнд энэ ямар хамаа байх вэ! Харин Элладын эрх чөлөөг тэд л хамгаалан зогссон. Тэд л Персийг эзэлж, диадохуудыг тогтоосон. Бас Пелопоннесийн байгалийг ч бас л тэд гажуудуулсан. Ингэхдээ Аристотелийг огт уншилгүйгээр хийсэн гээд төсөөлөөд үз дээ!
Гэхдээ эзлэгдсэн грекүүд римийн залуу залхуучуудыг сургаж байх үед Аристотелийг тэдэнд зааж байлаа. Болоньед папын ширээний өнгөлзлөг болон хотын коммунуудын дур зоргоос Гогенштауфенуудын эрхийг хамгаалах хуульч-оюутнуудыг бэлтгэж байх үед Аристотелийг судалж байв. Манай үед ч гэсэн гүн ухааны эрдмийн зэрэг горилох шалгалт өгөхийн тулд хэдийгээр гарцаагүй хуучирсан хэдий ч Аристотель бас л хэрэгтэй болдог.
Ингэж хадгалагдаж үлдээгүй зүйлийг гол биш гэж үздэг түүхэн алслалын гажилт (аберраци) үүсдэг юм. Төрсөн бүхэн амьдарч, үхэж байхад харин хийсэн зүйлс бүтээгчдээ болон түүнийг зориулж хийсэн тэр хүмүүсээ үзэн өнгөрөөдөг, учир нь хэлбэрт орсон царцмал бодис бол цаг хугацааны гадна байдаг. Түүнд цаг хугацаа орон зайнаас салсан байдаг юм. [2] Вернадский В. И. Химическое строение Земли и ее окружения. § 135.
Тэр нь бол яван одсон зүйлийн дурсгал, тэр бол өнгөрсөн амьдралын ул мөр юм. Ирээдүйн археологичдод судлуулахын тулд Дэлхий дээр хүмүүс амьдардаггүй биз дээ. Тийм биш гэж үү ?
ДЭС ДАРААТ ШИНЖ
Дэс дараатай байсанд нь К.Ясперст бид тал өгөх ёстой юм. Тэнхлэгийн өмнөх шашныг орлох “гүн ухааны итгэл”-ийг бий болгох гэсэн “тэнхлэгийн хугацааны” ач холбогдлын тухай түүний үндэслэл нь урьдчилан авсан дүгнэлт болохоос биш, ажиглалтын үр дүн биш юм. Тэр өөрөө үүнийгээ ойлгож байсан бөгөөд анхны ажил болох “Ертөнцийг үзэх үзлийн сэтгэл зүй” бүтээлдээ ертөнцийг үзэх үзлийг сэтгэл зүйн янз бүрийн хэв маягуудын илэрхийлэл хэмээн үзэж болно гэж баталсан байдаг. Энэ үед мэдээж хэрэг тэдгээрийг үнэт шинжээр, өөрөөр хэлбэл үнэн магадын хэмжээгээр харьцуулах нь тохиромжгүй юм. Ертөнцийг үзэх үзлийн ялгаа нь шинжлэх ухаан, эдийн засаг, эрх зүй мэтийн зохист шинжийн хүрээг хасвал янз бүрийн угсаатны буюу янз бүрийн соёлтой бүс нутгийн хүмүүсийн харилцан ойлголцох боломжийг үгүй хийдэг. Угсаатны хязгаарлагдмал байдал, миний нэмж байгаагаар холбоот байдлыг даван туулах чадвартай гүн ухааны итгэл үнэмшлийг хатуу баримтлагчийн “экзистенциал харилцаа” энэ л байна. Тийм биш гэж үү ?
Гэхдээ Ясперс үүнээс багагүйгээр соёлын үнэт зүйлс, материаллаг болон оюун санааны зүйлс бүхнийг байгалийн системийн бүхэллэг, өөрөөр хэлбэл угсаатан болон нэгдсэн хүмүүсийн хамт олон бүтээдэг гэдгийг сайтар ойлгож байсан. Хүн ойр дотныхоо хүмүүсийн төлөө өөрийнхөө ландшафтад хүний биш, харин өөрийн өвөг дээдсийн туршлагын суурь дээр ямагт ажиллаж байдаг. Ийм ч учраас хүний бүтээлүүд нь олон янз байдаг ба гэхдээ огтхон ч алаг цоог биш, эмх цэгцгүй байдаггүй. Ийм байхад угсаатны хэв маягийг хашилтнаас гаргаж, “экзистенциал харилцаа” гэж нэрлэж болох уу даа ? Энэ бол амьдралын учир утгыг тайлбарлагч “сүүлчийн” үнэнийг ухамсартайгаар мэдэхгүй байгаа явдал мөн. Ганц энэ л зөвхөн Күнзийн ёс суртахууны сургаалийг уншиж хүмүүжсэн Хятадын гүн ухаантнууд, амьдралыг нөөшлөгч Вишнуг болон Шивуг шүтдэг Энэтхэгийн бандидууд, үхлээр дамжин өөрчлөлт хийдэг Византийн бурхны үгтнүүд болон Баруун Европын байгал судлаачдыг нэгтгэж чадах юм. Позитив системүүд ямагт ялгаатай, харилцан үгүйсгэсэн шинжтэй байдаг. Ерөнхийдөө бол зөвхөн хоосон, өөрөөр хэлбэл ёроолгүй зүйл юм.
Гэхдээ Ясперсийнхаар бол “Хоосон” нь юу ч үгүй гэсэн хэрэг биш, харин домгийн, бурхны буюу шинжлэх ухааны зэрэг дурын боломжит мэдлэгийн гадна байгаа ямар нэг трансцендент санаа юм. Энэ үзлийн үүднээс дурын позитив үнэнийг тойрсон хүмүүсийн дурын нэгдэл нь жинхэнэ биш, тэр ч байтугай явцуу байх ёстой аж. Дурын позитив сэдвийг тойрон маргаан, улмаар зөрчил үүсдэг, харин кантын трансцентент буюу Нагаржунайн (НТ II зуун) “хоосон чанар” нь юуг ч өгүүлэхгүй байна. Ийм учраас мэдлэг байхгүй үед санал зөрөлдөөн үүсэхгүй бөгөөд олон янз байдлыг зарчим болгон үгүй болгодог экзистенциал нэгдэл үүснэ.
(Трансцендент гэдэг нь сэтгэхүйд анхнаасаа байдаг, туршлагаар олддоггүй, гэхдээ туршлагыг нөхцөлдүүлдэг, түүний өмнөтгөл болж байдаг зүйлс юм, тухайлбал цаг хугацаа, орон зай, шалтгаацал, зайлшгүй зэрэг нь түүний хэлбэр болно гэж Кантын гүн ухаан сургадаг – Орч.)
(Экзистенциал гэдэг нь оршихуй гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүнийг зөвхөн оюун санааны эхлэл, төгс байдлаар авч үздэг гүн ухааны томоохон чиглэл болно –Орч)

Мөн чанартаа сэтгэлгээний утгаараа экзистенциализм нь гүн ухааны бурханчлалын гоёмсог хувилбар бөгөөд христианы ёсноос иудаизм руу явах гэсэн оролдлого мөн. [3] Simon G. Die Achse der Weitgeschichle nach Karl Jaspers. Roma, 1965. S. 184.
Ийм учраас үзэл санааны биш юмаа гэхэд түүхийн хувьд Ясперсийн өмнөх хүмүүсийн тоонд Жан Кальвин болон ямар нэг хэмжээгээр Ионн Скот Эригенийг оруулж, харин түүний эсрэг үзэлтнүүдэд Пелагийн сургааль, биднийг хүрээлэн буй ертөнцийг судалдаг байгал судлаачид, түүнчлэн эрудитийн сургуулийн түүхчид, мөн бодит цаг хугацаанд бодитой явагдаж буй үйл явдлуудын харагдах зүй тогтол болон холбоог олж барих гэж тэмүүлсэн О.Тьерри нарыг оруулж болно. Энэ хоёр чиглэлийн гинжин хэлхээ нь эсрэг тэсрэг шинжтэй. Байгаа юмыг судалдаг байгал судлаачид болон теологуудаас ялгаатай нь Ясперс: “түүхэнд орж, түүхэн бүх зүйлийн гадна гарч, бидний сэтгэлгээнд хүртдэггүй бүхнийг хамарсан зүйлд хүрч, гэхдээ бид ямар ч гэсэн түүхийн утга санааг ойлгож чадах тэр зүйлийг хөндөж чадна” гэж Ясперс хүсч байна. [4] Jospen K. Vom Ursprong und Ziel der Geschichle. Zurich, 1949.
Гэхдээ хэрэв экзистенциализм нь дэс дараатай үзэл баримтлал юм бол харин байгал судлаачид бид хуурамч гүн ухаанд бууж өгөхгүй юм. Бид түүхийн утга санааг нээхийг оролдолгүйгээр түүний хөгжлийн дотоод логикоос урган гарсан үзэгдлүүдийг судалж, бидний үзлээр шударга бус үзэл баримтлал бий болсны шалтгааныг заан дурдахыг хүсч байна. Үүнийг хүн бүр өөрийнхөө үзэмжээр сонгон авч болох гүн ухааны үндэслэлүүдийн үндсэн дээр биш, харин дээр дурдсан бүдүүвч болон баримтад тулгуурлан хийнэ. Маргааны гол зүйл нь “тэнхлэгийн цаг хугацаа” –ны асуудал байх болно.
ҮГҮЙ !
Бидний тэмдэглэсэнчлэн К.Ясперс янз бүрийн оргилох түлхэлтийн угсаатны нийлэгжилтийн оргил шатнуудын давхцлыг олж харсан байна. Харин эдгээр нь огтхон ч анхдагч шат биш, харин төгсгөлийн шатууд юм, эдгээр нь өнгөц ажиглахад нүдэнд ямагт тусдаг юм. Эндээс Ясперсийн дүгнэлтүүд нь хэдийгээр логиктой боловч ч төөрөгдөлд хөтөлж байна.
Угсаатны нийлэгжилтийн анхдагч шатууд ямагт туйлын олон янз байдаг бөгөөд өвөрмөц ландшафтын болон цаг уурын нөхцөлд, угсаатны анхдагч хольц болон шинэ угсаатан болон хувиран өөрчлөгддөг янз бүрийн уламжлал оршин буй дахин давтагдашгүй хослолд бүрэлддэг. Харин оргил шатанд хэвшин тогтсон ахуйд сэтгэл дундуур гонсойсон хүмүүсийн хийх үйлдэл нь гарцаагүй ижил шинжтэй байдаг. Иймээс ч Сократ, Заратуштра, Будда (Шагжмуни) болон Күнзийн сургаалиудад төстэй элементүүд байдаг бөгөөд тэд бүгдээрээ амьд, буцалж буй бодит байдлыг цэгцэлж, ямар нэгэн үнэлж дүгнэсэн эхлэл оруулахыг эрмэлзэж байсан юм. Зөвхөн энэ нь л тэднийг ойртуулж байдаг ба учир нь гэвэл тэдний бүгдийнх нь цэгцлэх зарчмууд адил тэнцүү байдаг юм.
Ясперс тэдний аль алийг нь мэдэрч тэдний өөрийнх нь амьдрал болж өгөхгүй байгаагаас бусдын амьдралыг үл мэдэх, түүнд дургүйцэх болгосон, мөн тэднийг их найдлагаар хуурсан амьдралыг хүлээн аваагүй оргил шатны бүх зүтгэлтнүүдийн хувьд нийтлэг байгаа зүйлсийг хашилтнаас нь гаргасан байна. Энэ нь логиктой мэт санагдах авч эдгээр бүх сөрөг гүн ухаанууд нь тэдний амьдралаараа үгүйсгэн буй хөрсөн дээр бий болсон юм. Энэ нь эдгээр гүн ухаан нь түүний уршиг, үнэлэгддэггүй, үхлийн ирмэг дээр буй зүйлс гэсэн хэрэг юм. Ингээд тэдний амжилтын шат буюу хүмүүсийг хүрээлэн буй байгалийг үр шимгүй болгож, тэдний өөрийнх нь зүрх сэтгэлийг ширгээдэг угсаатны нийлэгжилтийн хугарлын шат өнгөрөх тэр үед ухамсаргүйн харанхуй булан тохой бүрээс мөлхөн гарч ирэх дэд оргилуун шинжийн сүүдэр хаанчлах бүрэнхий болдог, энэ үед хуурамч гүн ухааны болор шигтгээнүүд температурын ийм хөрөлтөд ан цав сууж, хэлтэрхийнүүд болон цацагддаг.
Цин ши Хуандийн (НТӨ III зуун) ахмад дайчдын төмөр мэт цэргүүд давших үед күнзийн сургааль ингэж мөхсөн. Бурхан ертөнцийг бүтээсэн, түүнд үхэшгүй сүнс–атман байдаг гэж зоригт ражпутуудад ойлгуулсан брахман Кумариллагийн асаасан түүдэг галд буддист–махаянчууд ингэж шатсан (YII зуун). Галт Яхвад иудейн ариун шүтээнүүд ингэж устгагдсан (НТӨ YII зуун). Эзлэн авсан Балхдаа туранчуудад Заратуштра ингэж хэрчигдэн алагдсан (НТӨ YI зуун хавьд) бөгөөд түүнийг баримтлагчид Александрийн болон түүний гетерууд хэмээх бүлгүүдийн цэргийн эгнээний мөнгөжүүлсэн бамбайны туяанаас айж тархан зугтсан билээ (НТӨ IY зуун). Гэхдээ бүхнээс аймшигтай нь Сократ өөрөөсөө урвагчдад цаазлуулсан явдал болно. “Гүн ухааны итгэл үнэмшил”, нарийн яривал сөрөг үзэл суртал нь хүний биеийг тэмбүүгийн зэвхий нян иддэгийн адилаар дотор нь өөрөө тухалж авсан угсаатнаа идэж, түүнтэйгээ хамт мөхдөг юм. Угсаатны нийлэгжилтийн хувьд “гүн ухааны итгэл үнэмшил” бий болох нь өгсөх шатнаас оргил шатанд шилжиж буй хэрэг: тэр мандах нь хугарлын шатанд шилжиж буй хэрэг, харин алга болох нь хөгшрөлийн шат ирж буй хэрэг юм. Нэгэнт ийм ахул “тэнхлэгийн хугацаа” нь түүхэнд цорын ганц зүйл биш, харин угсаатны нийлэгжилтийн томоохон үйл явц бүрт дахин давтагдаж байдаг “насны өвчин” болно. Хэрэв ингэх юм бол бүх хүн төрөлхтөнд нийтлэг байх түүхийн “утга санааны” тухай ярихгүй байж болно, учир нь трансцендент болон үл мэдэхүй нь оргүйд унана гэсэн хэрэг юм.
Бидний хоёр ч удаа хэрэглэсэн, хар аяндаа ойлгомжтой мэт санагдах “оргүй” гэгч нэр томъёо юу вэ ? Уншигч үүнийг мэдэх албагүй, мэдэж ч чадахгүй байж болно, учир нь энэ нь тун хэцүү зүйл юм.
XYIII зуунд Лавуазье буруу биш боловч бодис хадгалагдах яг нарийн бус хуулийг томъёолсон юм. Битүү саванд бодис шатаахад тэр үеийн химичдэд уг бодис жингээ өөрчлөөгүй мэт санагдаж байсан нь тэдэнд нарийн жин байгаагүйтэй холбоотой юм. Үнэн хэрэг дээрээ эндээс фотон алдагдаж байсан бөгөөд Лавуазье энэ алдагдлыг олж чадахгүй байсан. Өнөөдөр физикчид идэвхитэй термодинамикийн процесст бодис алдагдан, гэрлийн эрчим хүч болон хувирч, энэ нь өөрийн системээс гарч галактик хоорондын оргүйд нисэн оддог гэдгийг мэддэг. Энэ бол үхэл биш аннигиляци бөгөөд үхлээс ч аймшигтай зүйл юм.
(Аннигиляци гэдэг нь гэрлийн эрчим хүч эргэлт буцалтгүйгээр алдагдан, галактик хоорондын ваакумд нисэн оддог дэд атомуудын түвшинд зардал болохыг илтгэдэг орчин үеийн физикийн ойлголт юм –Орч.)
Ийнхүү угсаатны нийлэгжилтийн үйл явц нь эрчим хүчний шинж чанартай бөгөөд энд дээрх зүй тогтол тархсан нь илт байгаа юм. Эртний ухаантнууд үүнийг мэддэг байжээ. Тэр ч бүү хэл тэд үүнийг тэр үед аннигиляцийн зарчмыг авчихсан мэт биежүүлж, түүнийг Люцифер, өөрөөр хэлбэл “гэрлийг тээгч” гэж нэрлэсэн байдаг. (хаашаа ?, оргүй рүү юу ? гэдгийг заагаагүй учраас гэрлийг тээгч гэдгийг оноогүй орчуулга гэхэд болно). Харин оргүйг дүрсэлж чадах бүхнээс хамгийн аймшигтай нь болох тамтай зүйрлэж байжээ. Гэхдээ тэд “оргүйн эзнийг” байгалийн үзэгдлүүдэд илэрдэг газрын энгийн буг чөтгөрүүдтэй хольж байгаагүй юм. Эрт үеэс үүнд зориулан өргөл барьж, тэдэнтэй сайн харьцаа тогтоохыг хичээдэг байсан. Харин оргүйн эзэн бол дайсан байсан бөгөөд тэдэнтэй харилцах нь ертөнцийн сайн сайхан, энх амгаланг хайрлахаас салан одож, үгүйсгэлийн зарчмаас урган гардаг бүрэн ганцаардал гэсэн хэрэг байлаа. Энэ хийсвэрлэлийг орчин үеийн экзистенциал гүн ухааны хэлэнд орчуулахад …”үл мэдэхүйн” зарчим шууд л ойлгогдож, “оргүй” нь ойлгомжтой болно. Надад Ясперсийн үзэл баримтлал таалагддаггүй юм. Би өөрөөр бодохыг хүсч байна ! Гэхдээ “оргүй” хэмээх ойлголт нь эртний хүмүүс болон идеалист гүн ухаантнуудын хий хоосон төсөөлөл (фантази) байж ч болох бус уу ? Ийм тохиолдолд түүнийг тухай ярьж, дээр нь бас угсаатны нийлэгжилтийн тухай зохиол бүтээл хийх ёстой юу ? Ингэх хэрэгтэй юм байна. Орчин үеийн физик эдгээр ойлголтууд дээр ажиллаж, мэдээж хэрэг түүнийг өөрийнхөөрөө ваакум гэж нэрлэдэг байна.
“ОРГҮЙ” (ВАКУУМ)
Оргүй бол ёроолгүй, өөрөөр хэлбэл төгсгөлгүй орон зай, улмаар түүнд эхлэл ч бас байхгүй. Эхлэл болон төгсгөл нь бодисын бүх хэсгүүд, эрчим хүчний бүх лугшилтуудад байдаг. Энэ нь оргүй бол “хоосон” гэсэн хэрэг юм.
Орчин үеийн мэдээллээр бодисын 98 орчим хувь нь одод болон гаригуудад төвлөрч, харин тэдгээрийн хоорондын орон зай нь сансрын тоосоор дүүрэн, эгэл хэсгүүд нэвчиж байдаг ажээ. Гэхдээ тэд бүгдээрээ хоосон–ваакум өөрөө байгаагийн ачаар хоосон дотор хөдөлж байдаг байна. Хэрэв хоосон байгаагүй бол ямар ч хөдөлгөөн байж чадахгүй бөгөөд, учир нь дурын лугшилт эхэлсэн орон зайн тэр цэгтээ замхрах юм. Харин газар сайгүй хөдөлгөөн байгаа нь (хамгийн нягт бодис дотор ч электронууд цөмөө тойрон эргэдэг) матери (бодис болон эрчим хүч) ваакумыг нэвчдэг шиг нуугдмал, бидний бодит ертөнцийн хэсэг болдоггүй, бидэнд ойлгомжгүй биет ертөнц ваакум материйг нэвчиж байдаг гэсэн хэрэг юм.
Вакуум бол түүхгүй ертөнц болно. Орон зайн маш бага эзлэхүүнд “хэсэг–антихэсгийн ”хосууд тасралтгүй төрж байдаг бөгөөд гэхдээ ингэмэгцээ тэд харилцан устгалцаж, аннигиляцжиж, гэрлийн квантыг цацаргасаар өөрийн ээлжинд “хаашаа ч үгүйд арилан оддог” Үүний үр дүнд хэдийгээр агшин бүрт дурын жижиг эзлэхүүнд олон янзийн бичил хэсгүүд болон квантын цацаргалт байдаг боловч юу ч байхгүй юм. Тэр нь байгаа, бас байхгүй. Энэ үзэгдлийг ваакумын тэг хэлбэлзэл гэж нэрлэдэг бөгөөд оршин байдаг, үүнтэйгээ нэгэн зэрэг оршин байдаггүй хэсгүүдийг эргэлдэгч хэсгүүд гэж нэрлэдэг.
Гэхдээ энэ нь эртний хүмүүсийн ойлгосон там биш, гэрлийн хэсгүүдийг мөхөшгүй сүнс гэж үзсэнийх биш байгаа ? Эдгээр хэсгүүд нь эргэлдэгч болмогцоо амьдралыг хүлээн авагч шашны талынхны бодлоор бол зовдог аж. Матери ваакумтай байнгын харилцаанд орж, мөн ваакум хэсгүүд нь цөмөө тойрон эргэж байдаг атомын дотор ч гэсэн байдаг.
Гэтэл хэрэв “хоосныг” хүчтэй цахилгаан талбайгаар үйлчлүүлэх юм бол эргэлдэгч хэсгүүд бодит болон хувирч, өөрөөр хэлбэл тамаас ангижирдаг. Гэхдээ ертөнцийн хоёр талт нэгдлийн үндэс нь чухамхүү “хоосон” болох бөгөөд харин бодис, талбай, цацраг зэрэг нь зөвхөн түүний гадаргууд байх хөнгөхөн эрээлжлэх зүйл юм. Гэхдээ энэхүү “эрээлжлэх” зүйлгүйгээр ваакум өөрийгөө илрүүлж чадахгүй, тэр өөрөө эргэлдэгч болгон хувиргадаг бодис болон гэрлийн бодит хэсгүүдийг хүлээн авч чадахгүй юм. Өөрөөр хэлбэл бодис болон эрчим хүчний ачаар өөрийгөө илрүүлж байдаг ваакум нь оршихуйгаа ч алдах бөгөөд улмаар бодис болон эрчим хүч нь хөдлөх боломжоо алдах юм. Ингэхлээр субстанци болон хоосон гэж хуваах нь ертөнцийн төгсгөл, наад зах нь бидний амьдарч, бас судлан буй ийм ертөнцийн төгсгөл болох юм.
(Субстанци гэдэг нь бүх юмс үзэгдлийн мөн, чанар, анхдагч үндэс гэсэн агуулга бүхий гүн ухааны ойлголт болно – Орч.)
Асуудлыг ингэж тавих нь бүр хоёр мянган жилийн өмнө, магадгүй түүнээс ч өмнө тодорхой байсан нь үнэхээр сонирхолтой юм. Тэр үед зөвхөн физикчгүйгээр болж, түүнийг гүн ухаанаар орлуулж байжээ. Манай эриний эхэн үеийн хамгийн их тархсан гүн ухаанчлал нь ертөнцийн хоёр талтайг баталж, чингэхдээ юуг сайн гэхэв, юуг муу гэхэв гэсэн ганцхан зүйл дээр санал зөрдөг байв. Манай үед ч гэсэн физикт чанарын үнэлгээ оруулж чадаагүй байна. Ингэж жам ёсоор материаллаг субстанцийг сайн зүйл гэж үздэг амьдралыг бататгагч систем, харин “Хоосон”, өөрөөр хэлбэл “Оргүйг” муу зүйл гэж үзэж, матери нь санааг өөрийнхөө гувчуурт авч, түүнийг бүрхэн тамлаж, харин санаа буюу ухамсрын квант нь чөлөөт байдал руу сугаран гарах, өөрөөр хэлбэл бодит хэсгээс эргэлдэгч хэсэг болох гэж тэмүүлдэг гэж таамагладаг систем гэсэн хуваагдал үүссэн юм. Энэ хоёр хандлагын аль аль нь нотолгоогүй болно. Үзэмжээрээ дурынхаа нэгийг сонгож болно. Яг ингэмэгц л хоёр зан үйлийн ноёлох үзэл, мөн хоёр сэтгэл зүйн ялгаа илрэн гардаг бөгөөд бүлийн тогтсон үзэл болон бүлийн сэтгэл зүй нь хоёр туйлтай гэдэг нь ойлгогдоно. Нэг туйлд нь В.К. Арсеньевийн зохиолын дүр Дерсу Узала, нөгөө туйлд нь миний нэрийг нь мэдэхийг хүсэхгүй байгаа ДДТ–г зохион бүтээгч орно. Асуудлын учир нь химийн шинжлэх ухааны амжилтад байгаа биш юм.
(Монголчуудын “дүүст” гэж нэрлэдэг ДДТ хэмээх хортон шавьж устгах химийн шинэ бодисыг ХХ зууны эхээр гарган авч их амжилт олж байсан боловч эцэстээ түүнд үхдэг шавьжгүй болж экологийн их хохирол учирч, сүүлдээ хэрэглэхээ больсон юм –Орч)
Техникээр зэвсэглэсэн оргилуун хүн чулуун зэвсгийн үеийнх байсан шиг үүгээрээ өөрийн хойч үеээ хөнөөж байгаа гэдгээ огт мэдэлгүйгээр эргэн тойрныхоо амьд бүхнийг устгаж чадах юм. Амьтдыг “ашигтай” болон “хортой” гэж хуваадаг байгальд хандах эртний хоёрдмол харьцаа нь онолын хувьд гадуур нь амьтан болон ургамал амьдарч болохгүй биоценозыг зөрчих явдлыг үндэслэж өгдөг. Гэхдээ энэ нь эртний хүмүүст тодорхойгүй байсан, харин өнөөдөр ч гэсэн хэтэрхий олон хүнд тодорхойгүй байгаа юм.
Биоценозын үндсийг мэдэхгүй байсан эртний хүмүүс чухам ингэж үйлдэх ёстой мэт санагддаг. Гэхдээ галзуу мэт сүйтгэх өвчин ховор байсан ба бүх газарт байгаагүй юм. Энэ нь ч жам ёсны зүйл юм: хүн нь хүсэл зориг бүхий, дурын нөхцөл байдалд шийдвэр гаргах эрх бүхий нийгмийн нэгж төдийгүй, харин түүнийг мөхөхөд хүргэдэггүй зөн билгээрээ дамжин био хүрээтэй холбоотой дэлхийн гадаргуугийн салшгүй элемент бөлгөө.
Ухамсрыг тодорхойлогч нийгмийн ахуй нь үнэхээр биологийн Homo sapiens зүйлийн гадна гардаг юм. Энэ нь, зөвхөн энэ нь тухайлсан хүн тус бүрт, нийгмийн бүхэллэг бүрт эсвэл ертөнцийн зовлонгоос, өөрөөр хэлбэл ваакум руу тэмүүлэх, эсвэл биднээс гадна, бидний хажуугаар оршин буй бодит байдал–хайрын объект болсон амьд байгалийг дурын гажилтаас хамгаалах хүсэл хоёрын хооронд сонголт хийх боломж олгодог. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ухамсартай үйл ажиллагаа нь байгаа хоёр талын аль нэг рүү чиглэсэн байж болно, гэхдээ биологийн хөдөлгөлттэй холбоотой үйл ажиллагаа нь сонгох эрхээсээ хагацсан байдаг.
ҮЙЛС БА ҮЗЭГДЭЛ
Антропогенийн ландшафтын түүхийг нарийн аваад үзэхлээр дээр хэлсэнчлэн үйлсийн, өөрөөр хэлбэл хүмүүсийн ухамсартай эрмэлзэлийн үр шимийн зэрэгцээгээр хүний био хүрээтэй холбогдсон жам ёсны үйл явц явагдаж байдаг, харин энэ нь нэгэнт хүний биеийн дотоод (дээд мэдрэлийн үйл ажиллагаа) болон хүмүүсийн эргэн тойрны төлөв байдлыг (газар зүйн орчин) бүрдүүлдэг байгалийн үзэгдэл (феномен) болдог гэсэн санаа гарч ирдэг юм. Эдгээрийн аль аль нь тухайлсан хүмүүс болон хамт олонд, өөрөөр хэлбэл угсаатны зан үйлд нөлөөлж, эс бөгөөс ган буюу үерээс болж байнга мөхөж байдаг аж ахуйгаар дамжин, эс бөгөөс өвчнөөр дамжин, эс бөгөөс заримдаа ионын хүрээг нэвтлэн Дэлхийн гадаргууд хүрдэг туяагаар дамжин нөлөөлдөг байна. Тэдний бүтээлч өгсөлт буюу уналтыг юу бүтээж байгааг хүмүүс голдуу мэддэггүй, гэхдээ шинжлэх ухаан тэдгээрийн шалтгааныг олж чадах юм.
Хүмүүс туйлын эмх замбараагүй биеэ авч явдаг. Бусад дээд амьдтаас ялгаатай нь хүн зөвхөн өөрийнхөө багтдаг ландшафтыг тэтгэдэггүй, заримдаа түүнд нөхөж баршгүй хохирол учруулан, тэдгээрийг хаягдмал, үхсэн газар болгон хувиргадаг. Тэрээр үүнийг удам угсааныхнаа оршихуйн хэрэгслийг үгүй хийж, зүйлийнхээ хувьд өөртөө хор учруулан хийдэг. Тэр үүнийг яах гэж хийдэг вэ ? гэсэн эрс асуултад хариулахад түвэгтэй, яагаад гэвэл эхлээд ийм ухаангүй үйлдэл хэзээ, хаана үйлдэгдсэнийг үзэх хэрэгтэй. Дээр бид угсаатны нийлэгжилт нь байгалийн үйл явц болохоор өөрөө бол био хүрээнд хоргүй юм, харин дараах хоёр нөхцөл хосолсон үед хөнөөлтэй байж чадна:
1. Угсаатан хэсэг хугацаанд өөрт байх уян хатан шинж болон гадаад үйлчлэлийг эсэргүүцэх чадвараа алдаж, өөрөөр хэлбэл угсаатан өвдсөн шат солигдох үед
2. Өөрөө аяндаа няцаагддаг угсаатан хоорондын идэвхитэй харилцааны (их нүүдлийн) үед, учир нь угсаатан дурын шатандаа бараг дийлдэшгүй байдаг. Үүнийг эрүүл угсаатныг устгахад тэдний хөршүүдэд ёс мэт байхгүй байдаг хүчний маш их зардал шаарддаг, харин тэр нь хангалттай байсан ч түүнийг зарцуулах нь буруу гэдэг утгаар ойлгох хэрэгтэй.
Угсаатан нь тухайн геобио хүрээ буюу экосистемийн хэсгийг бүрдүүлж байдаг учраас ялагдсан угсаатантай хамт түүнийг багтаагч ландшафт гажилтад ордог. Ийм гажилтын улс мөрийг ямагт археологууд болон палеографууд зүгээр л илрүүлдэг. [5] См.: напр,: Будыко М. И. О причинах вымирания некоторых животных в конце плейстоцена //Изв. АН СССР. Сер. географическая. 1967, № 2. С. 28-36.
Асуудлыг өөрөөр тавиад үзье. Шинэ, тухайлбал байшин барихын тулд энэ байран дээр буй хуучин байшинг нураах хэрэгтэй нь маргаангүй юм. Энэ бол байгал болон түүхэнд байх ердийн хэлбэр солих явдал юм. Энэ үед сайн зүйлс нь ямагт шилдэг болон өөрчлөгддөггүй, гэхдээ эрин үеийнхээ шаардлагад нийцсэн ямар нэгэн бодит зүйл ямагт байдаг. Энэ нь дурын угсаатны системийн хөгжлийн онцлог бөгөөд уналтын үед ч гэсэн энд соёлыг буюу байгалийн хүрээлэн буй орчны хэрэггүй элементүүдийг зүгээр л дэмждэггүй, өгөршмөл байдалд оруулдаг.
Харин соёлын дурсгалыг (ордон, цэцэрлэг, зураг гэх мэт) буюу байгалийг (ой, нуур, бизоны сүрэг) устгаж, тэдгээрийг юугаар ч солихгүй үед энэ нь аль хэдийнээ хөгжил биш, харин түүний эвдлэл, систем биш, харин анти систем болно. Балгас буюу хүүрүүд хойч үеийнхэндээ хөгжиж ч, хадгалагдаж ч чаддаггүй. Ингэж хөдлөнги байдал нь тогтонги байдалд, амьдрал нь үхэлд, бүтцийн өөрчлөлт нь аннигиляцид хүргэдэг. Зэрлэг явдал нь бас л оргилох шинжийн функци байдаг болохоор байгалийн зүй тогтлын хувилбар байдлаар урьдчилан өгөгдсөн гэж бодож болох юм. Үгүй ээ ! Манай гаригийн байгальд аннигиляцийн үйл явц ажиглагдаагүй байна. Тэнд одоо чулуун нүүрс, нефть, гантиг болон баялаг хөрсний оршдосыг нээсний ачаар байнгын хуримтлал явагдаж байна. Энэ бүхэн нь фотосинтезийн тэрбум тэрбум жилээр хуримтлуулсан био хүрээний бие юм, энэ бол нар болон оддын материалжсан гэрэл юм.
Бас л байгалийн үзэгдэл болсон оргилох түлхэлт нь дасан зохицох өвчнийг төрүүлэгч бүтээлч лугшилтыг бүтээдэг, энэ үед угсаатан ямагт өөрийнхөө дассан ландшафттай холбогдсон байдаг. Гэхдээ хэрэв нийт угсаатан биш ч, угсаатны бүлэг өөрт нь таагүй нөхцөлд орох юм бол эсвэл өөрийнхөө хальсанд (зожиг) битүүрдэг, эсвэл түүнд таагүй хүрээлэн буй орчныг эвддэг. Энд хамгаалалтгүй амьтад, цэцгүүд, сайхан уулс, цэвэр голууд мөхдөг. Гэхдээ ингэж сүйд хийхийг зөвхөн харийн хүмүүс л хийж чаддаг. Өөрийнх нь хүмүүст харамсалтай л юм болдог.
Гэхдээ их нүүдэл нь өөрөө аяндаа антисистем хараахан болдоггүй, мөн дандаа л антисистем үүсэх шалтаг болдоггүй. Угсаатны нүүдэл нь харь оронд сайн дураараа явж байгаа мэт санагддагаараа л хүмүүсийг шохоорхуулдаг жам ёсны үйл явц мөн. Хүмүүсийг Америк руу Кент буюу Мекленбургт хаа нэгтээ даруухан амьдралдаа сэтгэл хангалуун байхад саад бологч тэдний оргилох хүчдэл нь түлхсэн юм. Тэд гэртээ хоол хүнс, орон гэр, эхнэртэй байсан шүү дээ. Миссурийн хөндийд ч гэсэн тэд энэ бүхнийгээ ихээхэн хөдөлмөр, эрсдэлээр олж авахад хүрсэн билээ. Прерийд буюу Канадын ойн амьдрал Европын тосгоны амар жимэр байдлаас хялбар байсан нь юу л бол доо. 6] Энд англичуудын олж авсан испанийн ахмад Себастьян Бискайно-оос найздаа бичиж англичуудыг олж авсан захидлын хэсэг байна. “Сүүлийн хорин жилд (үүнийг XYII зууны эхээр бичжээ-Л.Г) арал дээр (Филиппиний -Л.Г) арван дөрвөн мянган испиничууд ирсэн юм. Одоо тэднээс зөвхөн мянга нь л амьд байна. Бусад нь өвчин зовлон, дайн тулаан болон бус ад шалдтгаанаар үрэгдсэн. (Мохейко И., Седое Л., Тюрин В. С крестом и мушкетом. М., 1966. С. 160).
Америк, Нидерланд болон алжирийн конкисторуудад Газар дундын тэнгист хэчнээн ч испани амь үрэгдэв бол ! Харин конкистадоруудын ихэнхи нь бидний дүсэлсэн шиг тийм төрлийн хүмүүүс байсан бөгөөд учир өөр хүмүүс байсан бол гэртээ сууж, татвараа төлсөн шигээ испанийн засгийн газарт магтуулаад сууж байх байсан билээ.

Энэ нь бид байгалийн шалтгаацсан үзэгдэлтэй тулгарч байгаа бөгөөд энэ үед нь сайхан унаган байгал мөхөж, харийн агуу их соёл мөхөж байсан ч үүний төлөө хүн ёс суртахууны хариуцлага хүлээхгүй юм. Мэдээжийн хэрэг гунигтай явдал, гэхдээ юу хийх билээ дээ ?
Гэхдээ хэрэв энэхүү цагаачлагч хуйхны төлөө шагнал авах гэж индиан хүүхэд алах, хөршийгөө шулмас, муу шидтэн гэж ховлох, ой дахь гайхамшигт модон сүмийг шатаах, эсвэл талд төөрсөн аянчныг аврах зэрэг энэ бүхэн бол харин хүний үйлс бөгөөд үүний төлөө тэр сэтгэл зүрхнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Иймээс үзэгдэл болон үйлсийн ялгаа зарчмын шинжтэй, учир нь үйлсийг хийж ч болно, мөн хийхгүй байж ч болно. Энэ нь эрх чөлөөний зурваст оршдог.
Хүний бүхий л үйлсийг бусад хүмүүсийн амьдралыг золиост оруулах эрхтэй болгодог хувийн ашиг тусынхаа төлөө зүтгэх ухамсар, тооцоо удирддаг мэт санагдаж болох юм. XYIII зууны францын соён гэгээрүүлэгчид ингэж сэтгэж байсан ба өөрсдийнхөө үзэл бодлыг материализм гэж нэрлэжээ. Гэхдээ түүхийн судлал тэдний төөрөлдөж байсныг харуулж байна. Ямар ч ашиг тус, тооцоогоор тайлбарлагдашгүй бусдын төлөө өөрийгөө золиослох, эх орныхоо төлөө эх оронч үзэл гаргах үйлс бас байдаг. Гэтэл мөн урлагийн зүйлс болон байгалийн ландшафтыг учир утгагүй хөнөөх үйлс бас байдаг. Эдгээрийг үйлдэх нь эрчим хүч болох оргилох шинж байгаа үед л боломжтой. Гэхдээ үйл явдал үйлдэгдэж буй чиглэл нь ямар нэг өөр зүйлээр тодорхойлогддог. Готууд Римийг эзлэн аваад дайны татвараар л хязгаарласан, харин вандалууд бас тийм оргилуун байж, готуудтай адил соёлын тийм түвшинтэй, яг адил арианы ёсыг шүтдэг байсан хэрнээ сайхан барилгыг учир утгагүй эвдэлж, гантиг баримлыг нурааж, шигтгэмэлүүдийг устгаж, ханын зургуудыг балласан юм. Чухам энэхүү учир утгагүй байдал нь тэр үеийнхийг гайхашруулж байсан, гэтэл дараагийн зуунуудад энэ нь энд тэндгүй орчин үеийн Америк хүртэл ажиглагдах болсон юм.
Готууд болон вандалуудын хувь заяа ч янз бүр болсон юм. Испани дахь готууд тогтвортой хаант улс байгуулж, нутгийн хүн амтай уусан нэгдэж, нэгдмэл улс төрийн систем байгуулан хожим нь нэг цул угсаатан–испаничууд болсон юм. Харин вандалууд уугуул хүмүүсийн уур хилэнгээс нуугдан байсан тэдний цайзыг Велизаргийн цэргийн жижиг анги устгах хүртэл Африкт галзууран хэрцгийлж байсан юм. Үүний дараагаар вандалууд үгүй болсон билээ. Хөрш хоёр систем огт эсрэг тэсрэг чиглэлээр хөгжсөн бололтой байдаг.
Вандалууд өөрийн үйл ажиллагааны талбайгаа урлагийн дурсгалуудаар хязгаарлаагүй юм. Түүний объект нь хамгаалалтгүй байгал болсон үед тэд бүр ч илүү хөнөөлтэй байжээ. Энд нэн чухал нэр томъёоны тодотгол хийх хэрэгтэй болж байна.
Манай гаригийн гадаргуу дээр хуурай газар нутаг гэж бий, бас “цөл” гэж бий. Эдгээрийн ялгаа нэн чухал мөн чанартай байдаг. Ихэссэн чийглэг хэсэг зуур бүс нутгаа солиход эх газрын зарим бүс нутаг дахь ургамлын цатгамал шинж багасч, гэхдээ циклон өмнөх замдаа эргэн ороход Говь буюу Сахарын фитоценоз сэргэн тогтдог. Үер хотуудыг нөмөрдөг, гэхдээ ус татармагц голын хөндийн амьдрал дахин сэргэдэг. Өөрөөр хэлбэл, галт уулын лав цутгахаас бусад байгалийн бүх үйл явц эргэлт буцалттай байдаг.
Байгалийн нөхцлийн ямар ч өөрлөлтөөр хуучин амьдралд эргүүлэн оруулж болохгүй цөлүүд хэд л бол хэд бий. Заримдаа эдгээр цөлүүд нь жишээлбэл Таримын өмнөд цутгалангийн гольдрилын хөндий шиг хуурай цөл, заримдаа эртний индианчуудын тариан талбай, орхисон хөрсөн дээр зэрлэг ургамал ургасан амазонкийн буюу юкатаны халуун бүсийн ой шиг байдаг. Тэндээс эртний хүмүүсийн амьдарч байсны ул мөр болох сав суулга буюу чулуун зэвсгийн хэлтэрхий олддог. Үнэн хэрэг дээрээ энэ бол цөл ч биш харин бэдленд юм, энд би орос хэлний дүйцэх үг байхгүй учир англи үг хэрэглэж байна. Уулын боловсруулалтын хаягдал, бетонжуулсан талбай, пирамидууд нь мөн л ийм юм.
(Энэхүү bad lands гэдэг нь муухай газар гэсэн утгатай юм –Орч)
Хүн ландшафтыг эргэлт буцалтгүй эвддэг, энэ нь урлагийн дурсгалд харьцахдаа вандализм үйлдэж байгаатай адил бөлгөө. Иймэрхүү төрлийн үйл ажиллагаа нь хүний зүйлд хэвшмэл биш бөгөөд харин хамгийн гүн эртний үеэс угсаатны нийлэгжилтийн үйл явцыг дагалдаж ирсэн мэт байдаг өвөрмөц төрлийн ертөнцийн мэдрэхүй бий болж, алга болж байгаагийн уршиг, дагавар үр дүн юм гэдгийг бид нэгэнт үзсэн.
Ийм маягаар байгал явцуурч, урлагийн сор бүтээлүүдийг устгахыг оршихуйн төлөө хийсэн тэмцлийн үр дүн гэж тооцож болохгүй, харин агтлагдсан гариг дээр амь зогоох хойч үеийнхнийхээ хувьд үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй юм.
Нүүдлээс вандализмыг ялгаж буй баримтууд нь үзэгдэл биш, харин үйлс болох нь маргаангүй, гэхдээ ийм учир утгагүй байдал нь оргилох шинжтэй холбоотой юу ? Мэдээжийн хэрэг ! Гэхдээ энэхүү оргилох шинжийн шинж чанар нь бидний нэгэнт нарийвчлан үзсэнээс ялгаатай юм. Түүний нийлэгжилт нь өөр бөгөөд тэрээр байгалийн биш, харин нөхцөл байдлын шинжтэй байдаг. Тулгарах хүртлээ хоёр угсаатан оргилох шинжийн янз бүрийн түвшин бүхий хэвийн системүүд байдаг. Тэд давхцах үед оргилох шинжийн урсгал нь илүү өндөр түвшний системээс илүү доод түвшний систем рүү чиглэдэг, ийнхүү ерөнхий түвшин нь тэнцэж ирнэ. Энэхүү эрчим хүчний ялгаа нь тэнд үүссэн антисистемийг тэжээгч эрчим хүчний тэрхүү хэлбэрийг олдог, өөрөөр хэлбэл ертөнцийн сөрөг мэдрэмжтэй хүмүүсийн системийн бүхэллэгийг үүсгэдэг.
Ийм тэнцвэрээс хоёр систем хоёулаа нэрвэгддэг. Вандализм нь хөнөөлгөж байгааг ч, хөнөөж байгааг ч адилхан гажуудуулдаг, учир нь хөнөөгчид үгүйрсэн газар болон балгас дээр амьдрах боломжгүй болдог. Антисистем нь амьд биетэд орсон бактер болон шимэгчийн бүл шиг байдаг бөгөөд нянгууд нь хүн буюу амьтны дотоод эрхтэнд тархаж, түүнийг үхэлд хүргээд…хөрсөн бие дотор нь өөрөө ч үхдэг юм. Харин антисистем нь байгалийн зүй тогтолт үзэгдэл мэт санагдаж болно.
Үгүй юм ! Хүн бол нян биш. Үйл ажиллагааны сонголт нь дээр хэлснээр хүн өөрийнхөө үйлдлийн төлөө харицулага хүлээдэг “эрх чөлөөний зурваст” байдаг юм. Цадахын тулд биш хамгаалалтгүй хүмүүсийг доромжлох, амьтдыг хөнөөх, урлагийн бүтээлийг учир утгагүй устгахыг албадсан байгалийн хууль гэж байхгүй. Бие биенээ үгүйсгэгч зан үйлийн энэ хоёр шугамыг бид энгийн яриандаа сайн болон муу гэж нэрлэдэг бөгөөд чингэхдээ нэгийг нь нөгөөтэй нь хэзээ ч хольж будилдаггүй юм. Ийм учраас сайн муу гэдэг нь бие биенийхээ толин тусгал биш, харин огт өөр янз бүрийн жам юм. Энд л ваакум эртний хүмүүсийн нэр томъёогоор “оргүй”–“адгуусны ертөнц” субстанцийг сөрөн зогссоныг хэмждэг тооцооллын систем тохиромжтой юм.
“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЗУРВАС “- Т
Гэхдээ “муу” хүмүүсээс “сайн” хүмүүсийг ялгаж болох уу, үүнийг хэрхэн хийх вэ ? Хэн ч хэзээ ч өөрийнхөө тухайд тэрээр дэлхийн “муу зүйл” үйлчилж байгаа гэж хэлж байгаагүй юм. Тэгвэл нэг байр суурийг нь “муу”, нөгөөг нь “сайн” гэж тооцож болох уу ? Бодит шалгуур буюу өөр үнэлгээ байна уу ? Ингээд мухардал үүсч байна.
Үнээн, хүнжүүлсэн түвшинд ялгах боломжгүй, гэхдээ хүрээлэн буй орчинд өөрөөр хэлбэл энх тайванд харьцах харьцаа гэсэн бүлийн шалгуур бий шүү дээ. Ингэмэгц өөрийнхөө үнэн зөв гэдэгт үнэн голоосоо итгэдэг хоёр чиглэлийн төлөөлөгчид цорын ганц зөв бөгөөд нотолгоо шаардахгүй гэж үздэг тэр зүйлээ л ярьдаг.
Эхний байр суурь нь: материаллаг ертөнц аймшигтай, оршин байх эрх байхгүй, учир нь амьд бүхэн устгал болох үхэлд зориулагдсан байдаг. Хоёр дахь байр суурь нь: ертөнц сайхан, харин амьдралыг байнга дагалдагч үхэл бол голдуу тэвчишгүй нөхцөл байдлын нийлмэл байдлаас зүгээр л гарах явдал юм. Үхэл бол сайн зүйл, учир нь тэрээр үхлээс аймшигтай шударга бус байдал, гомдол, зовлон, ертөнцийн гаднах муу муухайгаас авардаг. Энэ байр суурь хоёулаа дэс дараатай бөгөөд хүссэнээрээ алийг нь ч сонгож болдог.
Манай эриний эхэнд Газрын дундад тэнгисийн сав газарт эллиний, иудейн болон персийн ертөнцийн ойлголт харилцах үед хальс шиг асгарсан урьдач бодлоос хүний сэтгэлгээ чөлөөтэй бөгөөд хатаагдсан байхад хүмүүс өөрийнхөө сэтгэлгээг далд санаагүй илэрхийлдэг байсан юм. Харин III–IY зуунд эдгээр үзэл баримтлалууд нь гностицизм, талмудийн иудаизм, христианы ёс, зороастризм зэрэг хэд хэдэн систем болон талстжсан юм. Энэ бүхнийг тусгайлан судлах ёстой бөгөөд үүнийг бид олон туйлт зарчмыг тайлбарлах гэсэн гол зүйлээсээ хөндийрөхгүйн тулд түр хойшлуулж байна. Энэ зарчим нь бидний үед хүрч ХХ зуун гэхэд амьдрал болон үхлийн хослолыг үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулиар дамжуулан зайлшгүй гэж үндэслэдэг диалектик материализм болон ахуйн зорилгыг эцсийн “Юу ч үгүй” рүү уусах явдал гэж хардаг экзистенциализм гэсэн гүн ухааны хоёр систем болон бүрэлдсэн юм. Энд хамгийн сонирхолтой нь энэхүү маргаант асуудал нь өнгөрсөн үед манай эриний эхлэл хүртэл ажиглагдаж байсан байдаг. Гностикууд, буддист-махаянистууд, манихеичүүд нь К.Ясперсийн онолыг жинхэнэ урьдчилан тунхаглагчид мөн.
Ингээд гностик үзэл баримтлал нь Дэлхий гариг дээрх амьдралыг зайлшгүй хагацах ёстой хүнд зовлон гэж хүлээн зөвшөөрдөг. Амиа хорлох нь гарц биш, яагаад гэвэл эсвэл сүнс, эсвэл бүслүүр, эсвэл гэрлийн хэсгийг матери буюу харанхуй бүслэн авч, зовлонгийн шинэ орчилд оруулдаг. Бие махбодийн холбоог сулруулж буй ертөнцийн дур хүслээс татгалзах, аскезийн замаар аврагдаж болно. Түүнчлэн аскезийг амьдралыг жигшихэд хүргэдэг архидах болон завхайрахтай хавсруулж болно. Хамгийн гол нь материас, өөрөөр хэлбэл био хүрээнээс бүрэн чөлөөлөгдөх нь чухал юм.
Гностикуудын сургаалиар био хүрээ нь хүний дайсан бөгөөд харин дайсныг бол мэдээж хэрэг боломжоороо хайр найргүй устгаж байх хэрэгтэй. Гностикууд био хүрээний мөн л нэг хэсэг болох борчуудын зэвүүцлээс болж өөрийнхөө сургаалийг нийтэд түгээгээгүй нь сайн хэрэг. Тэд зөвхөн өөрийнхөө биед анхаарч, дэс дараалалтайгаар татгалзсаар өөрийгөө биенээсээ чөлөөлөгдөхөд хүрсэн ба III зуунд манихейгаас бусад нь ор мөргүй алга болсон юм. Энэ манихейн тухай жичид нь ярих хэрэгтэй.
Гэсэн хэдий ч гностик үзэл санааны зөгнөн сүржигнэсэн шинжийг эс харгалзвал тэдэнд нэг тулхтай зүйл байсан. Гностикууд хүрээлэн буй харагдах байгалийн эрчим хүчний ертөнцийг нээсэн юм. Тэд яаж байгаад багаж хэрэгсэлгүй, нарийн математикгүйгээр ХХ зууны физикийн нээлтүүдийг урьдчилан мэдэж чадсаныг тайлбарлаж чадахгүй юм. Бидэнд хэтэрхий ухаантай мэт санагдах нэр томъёонуудыг тэд үнэхээр хэрэглэж байсан бөгөөд гэхдээ тэдний сэтгэлгээ хэвээр цутгасан мэт байсан юм.
Хэрэв бид тэдний үзэл санааг орчин үеийн нэр томъёонд оруулж, “бүслүүр” болон “шулам” гэсэн үгүүдийг нь “цацраг эрчим хүчний лугшилт” болон “радио задрал” гэх мэт болговол II–III зууны сониуч ухаантнууд бидний сонирхдог тэр л асуудлаар оролддог байжээ. Харин үүнийг үнэлэх бол өөр асуудал ! Гностикууд тэднийг хүрээлэн буй ертөнцийг үзэн ядаж, сөнөсөн радио задралыг хүндэтгэдэг байв. Ийм учраас бидний үзлийн үүднээс гностик сургаалийг зохиогчдыг хүрээлэн буй орчныг хөнөөгчдийн зэрэгт оруулбал зохих юм.
Гностикуудын байр суурийн мөн чанар нь тасралттай системийг (биоценозыг) хатуу системээр солих явдал бөгөөд энэ нь хөгжлийн логикоор бол амьд бодис царцанги бодист, царцанги бодис нь дулааны урвалаас молекул хүртлээ задарч, молекулууд нь атом, атомуудаас оргүйд алга болдог бодит хэсгийг ялгаруулан, тэр нь эргэлдэгч хэсгүүд болон хувирах ёстой аж. Ийм хөгжлийн хязгаар нь ваакум юм. Харин үүний урвуугаар амьдрал, үхэл хоёр гар гараасаа барилцан байдаг систем нарийсах үед олон янз байдал үүсч, шууд л урлаг, яруу найраг, шинжлэх ухааныг бүтээдэг сэтгэл зүйн хүрээнд дамжин орно. Гэхдээ мэдээж хэрэг ахуйн зовлон жаргалыг зүй тогтолт биет үхлээр төлөх ёстой болдог. Энд логик байхгүй, гэхдээ энэ сэдвийн үнэн зөвийг туршлагаар болон зөн билгийн нэгтгэн дүгнэлтээр хийсэн юм. Ийм л зөрчилдөөн байдаг юм. Харин замын сонголт бол чөлөөтэй.
Угсаатан нь системийнхээ хувьд хүнээс, өөрөөр хэлбэл систем болгон авсан хүнээс хавьгүй агуу их юм. Гэхдээ энд зүй тогтол нь нэг л байдаг. Угсаатан эсвэл зогсонги шат хүртлээ амьдарч, багтаагч ландшафтын дээд мөчир болно, эсвэл өөр угсаатантай тулгарах үедээ химер (огт үл авцалдах хоёроос дээш угсаатан нэг дор амьдрах–Орч) болж, ингэснээрээ “эрх чөлөөний зурваст” ордог. Зөвхөн хоёрдахь хувилбарт л байгал болон соёлыг устгах хэрэгцээ үүсдэг зан үйлийн өвчин бий болдог, учир нь ваакум нь субстанц ертөнцийн толин тусгал биш, антиертөнц биш, харин онцгой чанаруудын ертөнц болой. Ийм учраас материаллаг ертөнц ваакумтай хавсрахад зохицол үүсдэггүй, харин эсрэг тэсрэгийн байнгын тэмцэл явагддаг.
Энэ тэмцэл нь эртний хүмүүсийн “хүч” гэж нэрлэж байсан эрчим хүчний лугшилтын түвшинд явагдана. Эдгээр лугшилтын тоонд оргилох шинж ч ордог. Хэт угсаатны түвшингийн харилцаанд аюултай зөрчилдөөн гарахад энэ нь биегүй эрчим хүч байдлаар золгүйгээр шимэгч (химер) системд орсон хүмүүсийн үйл ажиллагааны чиглэлүүдийг хоёуланг нь адилхан тэтгэдэг.
Ийм хуваагдлын механизм нь маш нарийн байдаг учраас түүний тайлбарлалыг зөвхөн таамаглал байдлаар дэвшүүлж болно. Эрчим хүч хадгалах хуультай зөрчилдөлгүйгээр, идеализмд оролгүйгээр ухамсраас ирж буй лугшилтыг үүнээс өөрөөр тайлбарлаж болно гэж үү ?
В. И. ВЕРНАДСКИЙН СЭХЭЭРЭЛ
Манай агуу их эрдэмтэн геобиохимийн хоёрдугаар зарчим–атомын биогенийн нүүдэл ихсэх, хувьслын чиглэмж болон ноо хүрээ бий болох сургаалийг тунгаах үедээ: “Хүний оюун ухаан эрчим хүчний томъёо биш, харин түүнд хариулагч (онцлов–Л.Г.) мэт үйлдэл хийдэг. Энэ бодит баримтыг тэмдэглэхдээ би шинжлэх ухааны өгөгдөхүүний цаашдын хөгжил нь биднийг эрчим хүч хадгалагдах хуультай…зөрчилдөж буй мэт санагдаж болох энэ байдлаас гарахад хүрнэ” гэсэн санааг хэлсэн байдаг. [7] Вернадский В. И. Химическое строение биосферы Земли и ее окружения. § 200. С. 272. Примечание.
Энэхүү дагавар санаа мэт сэтгэлгээ нь түүнтэй эрс зөрчилдөж буй ноо хүрээний тухай сургаалийг бодоход илүү үнэ цэнэтэй, бөгөөд хэтийн төлөвтэй юм. Шийдлийг аялал ч нээж болох дүрслэл байдлаар хийж үзье.
Охин бөмбөгөө хана руу шидэв, бөмбөг эргэж ойно. Бөмбөгийг ханатүлхээгүй, харин түүнийг буцаасан. Энэ үйл явц нь богинохонхон учраас шалтгаан-үр дагаврын холбоо нь ойлгомжтой юм, гэтэл хэрэв ийм үйл явц мэдээлэл нь хэсэг бусаг, заримдаа булиантай зуун зуунаар дамжин үргэлжилбэл био хүрээний лугшилтын хоорондын холбоо-охины гар болон хананаас бөмбөг ойсон урвуу хөдөлгөөний холбоо нь судлаачийн хувьд амархан алдагдаж болно. Түүнд хана бөмбөгийг шидсэн мэт санагдана, өөрөөр хэлбэл тэр урвуугийн оронд шууд холбоог харна.
Хэрэв гүн ухааны үзэл баримтлал, роман, домог, туульс гэх мэтийг бүтээдэг хүний оюун ухааныг ноо хүрээнд хүрэх зам биш, харин толь нарны гэрлийг буцаан ойлгож цагаан толбо (“туулай”) болгодог лугаа адилаар биохимийн лугшилтыг буцаан хаягч дэлгэц гэж төсөөлөөд үзвэл эрчим хүч хадгалагдах хуультай зөрчилдөх явдал арилж, харин хүний ухамсрын тэмдэглэн авсан биохимийн лугшилтын урвуу зам нь ертөнцийн мэдрэмж гэж нэрлэгдсэн тэр зүйл болно, харин үүнийг ертөнцийг үзэх үзэл–ухамсрын үзэгдэлтэй холих ёсгүй юм.
Хэрэв ийм ахул бид оюуны соёлын механизм, түүний дотор бид ч өөрөө багтаж буй био хүрээтэй хуурамч (оюун ухаанаар хүрэх) гүн ухааны холбогдох механизмыг оллоо гэсэн үг юм.
Дүгнэлт гэнэт гарсан нь үнэн. Ваакум нь амьд бодисын эрчим хүчний лугшилтыг хязгаарлагч байдлаар үйлчилдэг, чухамхүү ваакум л боловсронгуй болоход саад тотгор болдог, гагцхүү тэр л Дэлхийн био хүрээнд гажилт оруулдаг, ваакум Дэлхийгээс өөрөөс нь ирэх лугшилтуудын чиглэлийг хольж хутгаад түүнд эргүүлэн лугшилтын цохилт өгдөг. Адилтгасан жишээгээ үргэлжлүүлэн хэлэхэд хязгаарлагч ваакум хэмээх дэлгэцээс (экран) ойсон байгалийн анхдагч үзэгдлүүд нь хүний чөлөөт хүсэл зоригоор нөхцөлдсөн үйлс болон хувирдаг байна. Энэхүү үйлсийн үр дагаврыг магадлашгүй: эдгээр нь сайн сайхан буюу хор хөнөөлтэй байж болно, тэгэхэд үзэгдлийн үр дүн нь ямагт төвч шинжтэй байдаг: үзэгдлүүд нь тэдгээрийг төрүүлэгч био хүрээний хувьд сайн муу, дэвшил буурал, ашиг хорын хүрээний гадна байдаг. Био хүрээнд оюун ухаанаас ирж байгаагаас бусад дурын үйл явц ялгаагүй юм.
Ингээд бид В.И.Вернадскийн тавьсан асуултын хариуг олж, “Био хүрээн дэх химийн элементүүдийн атомын биогенийн нүүдэл нь ямагт өөрийн дээд илрэл рүү тэмүүлдэг” гэсэн биогеохимийн нэгдүгээр зарчим руу эргэн ирж байна. [8] Там же. С. 283.
Ганцхан энэ л био хүрээний бүх үйл явцыг, түүний дотор материалист монизм, нэгдлийн ямар нэгэн нийлмэл болон олон янз байдал болсон угсаатны нийлэгжилтийг тайлбарлахад зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй болно.
Энд авсан таамаглалын тайлбарлалд ваакумын ролийг харгалзан үзсэн нь зохиогчийн гажиг санал болон үлдэж буй мэт санагдаж болно, гэхдээ ваакумыг өөрийнхөө төгс эрхэмлэл (идеал) гэж үздэг сая сая шүтэн бишрэгчидтэй дэлхийн гүн ухааны системүүд бас л оршин байдаг шүү дээ, тэгэхлээр байгал хамгаалахад эдгээр сэтгэл санаа нь ямар ч ялгаагүй юм.
XXXVIII. Угсаатны хүрээний олон туйлт шинж.
ХУДАЛ БОЛ ЗАРЧИМ БОЛОХ НЬ
Үг олон утгатай. Үгийн утга нь бүхэлдээ хам сэдвээс хамаардаг, энэ нь хэлц үгийн утга санаа дуудлага, тухайн сэдвийг зориулан бичсэн нөхцөл байдал гэх мэтээс, харин сэдвийн утга нь нийгмийн болон байгалийн хүрээллээс хамаардагтай адил юм. Тэр ч байтугай хамгийн энгийн “ширээ” гэсэн үг нь яг өөрөө ач холбогдолгүй, тэрээр “бичгийн ширээ”, “захиалгын ширээ”, “Киевийн алтан ширээ” гэх мэт хослолуудад биежиж чадна. Энэхүү хэл зүйн ялгаанаас энгийн, дурын уншигч юун тухай сэдэв болохыг ойлгодог. Их олон утгатай, гэхдээ утга санаа нь бүдэг ойлголтууд үүнээс хавьгүй хэцүү байдаг. Жишээлбэл, “аллага” гэсэн ойлголт байна. Хэн бүхэнд дээрэмдэх зорилгоор алсан бол гэмт хэрэг, харгислах зорилгоор алсан бол жигшүүрт гэмт хэрэг, харин дуэльд алсан бол хэдийгээр үүнийг шийтгэж болох ч гэмт хэрэг биш, яагаад гэвэл амьд үлдсэн нь алагдсан байх адил эрсдэл хүлээсэн, нэр төрөө хамгаалсан учраас үйлс болно, дайнд дайснаа алах нь гэмт хэрэг биш, харин гавъяа болно, зандалчин гэмт хэрэгтнийг цаазалбал, өөрөөр хэлбэл албал энэ нь үүргээ биелүүлсэн хэрэг болно, харин гэмгүй хүнийг санаатайгаар албал энэ нь гэмт хэргээс ч дор, их нүгэл болно. Үгийн утга санааг хам утгаас нь гадуур тайлбарласан гүн Л.Н.Толстойн гүн ухааны цэцэрхэл бол учир утгагүй хэрэг, харин евангалийн утга холбогдол нь НТӨ I зууны түүхэн нөхцөл байдлын гадна байсан юм. Хараад байхад тэр энэ үедээ үнэн сэтгэлээсээ хандсан, гэхдээ шинжилгээний зарчмын алдаа үлдээснээрээ бүр ч муу юм, тэнэг явдал бол муу сэтгэлийн адил хүмүүсийн зовлонгийн мөн л тийм эх булаг байдаг. Тэр ч байтугай тэнэг явдал нь заримдаа долоон дор байж магадгүй, яагаад гэвэл тэр нь “Би ингэж л бодсон, тэгэхлээр би буруугүй” гэсэн хариуцлагагүй байх эрхийг шаарддаг. Энд л муу санаа өөрт нь зайлшгүй байх сэлүүн зай олж авч байна. Тэнэг зан нь ямагт эрсдлийн хувь байдаг шулуун замаар биш, харин дам байдлаар, юу хийж байгаагаа боддоггүй, харин бусдын заавраар үйлддэг өөрийнхөө үнэн зөвд итгэлтэй байдаг хууртагдсан тэнэгүүдээр дамжин үйлчилдэг. Энэ шалтгаанаар Евангелид “дахин бодогтун” гэж өгүүлсэн байдаг ба энэ нь анхдагч тугаа нэгэнт алдсан “наминчлахтун” гэсэн үгээр орчуулагддаг.
“Худал” гэсэн ойлголтод оръё. Энэ нь амьд байгальд байдаг уу? Тийм бол ямар хэмжээгээр ? Амьтдын янз бүрийн хөдөлгөөн нь махчин буюу олзоо хуурах гэсэн оролдлого болно. Махчин ч тэр, тэдний золиос ч тэр эсвэл өлсгөлөнгөөс, эсвэл идэгдэхээс амьдралаа аврах эрхтэй, иймээс эдгээр хөдөлгөөн нь сайн муугаас гадна оршигч био хүрээний зүй тогтлоор цагаатгагдана.
Хүмүүс дайнд ямагт дайснаа төөрөгдүүлж байдаг. Энэ нь худал уу ? Хэлбэрийн хувьд тийм, гэхдээ дайн бол онцгой тохиолдол учраас дурын мэдээлэлд итгэх ёсгүй юм. Мэдээллийг шалгах хэрэгтэй болдог бөгөөд энд хууран мэхлэлт нь тоглолтын дүрэм болдог. Энд “худал” гэсэн адил нэр бүхий өөр ойлголтыг ярьж байгаа нь илт байна. Хэл зүйн өнгө аясыг үл ойшоох нь уг нэр томъёоны утгыг алдагдуулдаг.
Эртний хүмүүс энэ ойлголтуудыг хольж хутгаж байгаагүй юм. Тэд “андгай” гэсэн ойлголт гарган, өөрөөр хэлбэл ашигтай зүйлээс, заримдаа аврал болсон худал зүйлээс хууль зүйн хувьд хэлбэржсэн татгалзал бий болгосон байна. Хуурах эрх, хоёр санаа гаргах, эргэж буцах зэрэг нь хүнд хадгалагдан үлдсэн, гэхдээ зөвхөн өдөр тутмын амьдралын хүрээнд үлдсэн юм. Андгай нь байгалийн хуулийг мөрдөхөөс, өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах зөн билгээс татгалзсан онцгой, ер бусын үйлдэл болон ялгарсан юм. Ийм учраас гэрч нар, нарийн яривал андгай мөрдөхийг хамгаалагчдыг андгайлсан гэмт хэрэгтнийг шийтгэх ёстой бурхад буюу гамшгийн сүнсүүд дууддаг юм. Үүгээр андгайн хэт бодит ач холбогдол сүүдэртдэг болно.
Төгс боловсрох буюу ариусах замд орсон хүмүүст Евангели тангараглахыг биш, харин ямагт зөвхөн үнэнийг ярихыг зөвлөдөг юм. Гэхдээ христианы бүх орнуудад бусад бүх, энгийн хүмүүс андгайг тангараг гэж нэрлэн хагас хууль зүйн-хагас шашны энэ үйл одоо болтол хадгалагдан, ач холбогдол, утга санаагаа алдаагүй байна. Учир нь хууралт бол зүгээр л таагүй үйлдэл болохоос биш, андгай зөрчсөн явдал биш, өөрөөр хэлбэл итгэсэн хүнийг хуурах нь гэмт хэрэг, жам бус, бурханлаг зүйлийн эсрэг зүйл, энэ бол дэлхийн дэг журмыг доромжилсон урвалт мөн.
Харин тэгтэл газар зүйн номлолд мартагдсан зөгнөлт сургаалийн түүхээр оролдох явдал хэрэгтэй юу ? Тийм ээ, хэрэгтэй юм. Учир нь Дэлхий дээрх амьдралд харьцах асуудлыг хөндөн тавихад энэ бүлгийн эхэнд бидний дэвшүүлсэн бидний өөрсдөө амьдран буй биоценозыг хэн, хэрхэн, яагаад хөнөөдөг вэ гэсэн асуудлыг шийдвэрлэхэд эдгээр нь далд хэлбэрээрээ агуулагдаж байдаг юм.
Үнэн хэрэг дээрээ бид алгебрт байдаг шиг байраа сольж болдог нэмэх болон хасахуудыг олсон юм. Ийм хувьсагчдаас бидний субъектив чанарын үнэлгээ өөрчлөгддөг, гэхдээ бодитой сөргүүлэн тавих явдал нь өөрөө өөрчлөгдөхгүй. Хэрэв бид баталгааны эерэг эхлэлээр био хүрээ, түүний зүй тогтлууд, түүний дотор амьтныг хөнөөх явдлыг авах юм бол түүнийг эсрэг байр суурь нь хэдийгээр тэр нь муу муухайг эсэргүүцэхгүй байх сургаалтай холбоотой ч гэсэн сөрөг зүйл болно. Л.Н. Толстой “Крейцерийн сонат” бүтээлдээ хүний төрөл нь оршихуйгаа үргэлжлүүлэхийн тулд алах явдал зайлшгүй гэдгийг дэс дараатай зааж өгсөн, тэр зогссон бол сайн байхсан. XIII зуунд францын манихейчууд (катар) халуун цуст амьтныг алж болохгүй гэж үзэж байжээ. Ийм учраас альбигойн дайны үеэр католикуудаас катаруудыг ялгахын тулд олзлогдсон хүмүүст тахиа алахыг санал болгож байв. Катарууд татгалзаж …ингээд л түүдэг гал руу явдаг байв.
Хэрэв францчууд тахиа алдаггүй байсан бол тэднийг үржүүлэлгүй, ой руу хөөж, тэднийг үнэг болон шар шувууны идэш болгох байсан биз ээ. Энэ нь тахиануудад бүр ч дор болох нь илт боловч харин амьдралыг дэс дараатай үгүйсгэгч систем үүнийг амьтны бас нэгэн төрөл амьдралын аймгаас ангижирсан амжилт мэт үнэлэх байсан юм.
Харин амьдралыг баталдаг тэр хүмүүс өөрсдийнхөө хүүрэн дээр өөрсдийнхөө үр удмынхнаар мөн л ийм зүйлийг хийлгэхийн тулд, геологийн өнгөрсөн эрин үеүдэд болсон шиг үхэл болон өөрчлөгдсөн амьдралыг дэлхийгээр нэг өргөжүүлэхийн тулд өөрсдөө алагдаж, үхэж үрэгдэж байдаг. Ертөнцийн энэхүү хоёр ойлголт нь дэс дараатай бөгөөд гэхдээ тэдгээрийн оргилох шинжийн нийлэгжилт нь Дэлхийн ландшафтад тэдний байсан зорилго, тэдний ул мөрийн адилаар янз бүр байдаг,
Хувь хүний түвшинд худал нь зан үйлийн таагүй тогтсон үзэл төдийгүй, угсаатны болон ландшафтын хүрээлэн буй орчинд үйлчлэх арга нь юм. Харин бүлийн түвшинд бол энэ нь нийгмийн болон соёлын орчинд нь үйлчилж буй антисистемд бөөгнөрүүлсэн хуурамч мэдээлэл өгөх явдал болно. Харин био хүрээний түвшинд бол хялбарших үйл явц явагдаж, энэ нь дээд амьтад микро организмуудаар солигдох (хүүр ялзрах), амьд бодис царцанги болон хувирах, царцанги бодис нь молекулуудад, молекулууд нь атомуудад, харин атомын доторхи бодит хэсэг нь эргэлдэгч болон задарч, фотонууд нь “Оргүй” –д, өөрөөр хэлбэл ваакумд шилжих явц юм. Яльгүй мэт зүйлээс л эхэлсэн биз дээ.
Гэхдээ үнэн, түүнийг сөрөн зогсогч худал гэж юу вэ ? Уншигчдаа ч, тэгээд бас өөрийгөө залилан цэцэрхэж, ид шид үзүүлэх хэрэггүй юм. Үнэн гэдгийг алдаа нь зүй тогтолт хэмжээнээс даван гардаггүй, ажиглагдсан баримтуудын өгөгдсөн нийлбэрт нийцсэн дүгнэлт гэж ойлгоё. Координатын тэнхлэгт үнэн дүгнэлтийг эерэг тэмдэгтэй тавьж, харин худал дүгнэлтийг сөрөг тэмдэгтэйгээр, чингэхдээ даяар хэмжээнд тавьж болох юм.
Гэхдээ эерэг болон сөрөг утга холбогдлын нийлэгжилт нь янз бүр байна: эерэг нь био хүрээний амьд бодисын эрчим хүчийг төрүүлнэ, харин сөрөг нь ваакум, өөрөөр хэлбэл сэтгэлгээг тусган харуулна.
ГУРАВДАХЬ ХЭМЖҮҮР
Угсаатны нийлэгжилтийн үйл явц дахь ухамсрын хүрээ болон оргилох шинжийн харьцааг судлахдаа бид аттрактив шинж гэсэн ойлголт оруулж, түүнийг ординат тэнхдэг дээр тавьж байснаа санацгаая. Үүгээр бид оргилох түлхэлт буюу удамшил зүйн хазайлтаар эхлэдэг тэдгээр угсаатны нийлэгжилтийг дүрслэхэд зайлшгүй тодорхой байдалд хүрсэн билээ. Тэр үед угсаатны янз бүрийн шинж чанартай систем, тэдгээртэй холбогдсон одоо “соёл” хэмээн нэрлэх болсон “ухамсрын системүүд” бие биентэйгээ давхцаж, гадна талаасаа тэдгээртэй төстэй боловч угсаатнаас зарчмын хувьд ялгаатай шимэгч (химерүүд) үүсэж байсан юм.
Угсаатан болон шимэгчийн хоорондын ялгаа нүдэнд үл харагдана. Хэрэв угсаатан бүх насаа туулж, хэрэв хүч хэрэглүүлэн үхээгүй бол шимэгч нь эсвэл оршин байна, эсвэл задарна. Энэ нь угсаатан болон шимэгчийн харьцаа нь организм болон хорт хавдартай адил гэсэн хэрэг юм. Хорт хавдар нь организмын хязгаарт хүртэл өсч чаддаг, гэхдээ түүнээс илүү гарахгүй, тэрээр зөвхөн багтаагч организмаараа амьдарч чадна. Хорт хавдар адил шимэгч антисистем нь (шимэгчид хоргүй, өөрөөр хэлбэл идэвхигүй ч бас байдаг) угсаатан буюу хэт угсаатнаас дээр дурдсан худлын зарчмыг ашиглаж, оршихуйгаа тэтгэх хэрэгслийг сорон авдаг. Энэ бол аттрактив шинжийн нэг төрөл биш, учир нь тэрээр ямагт чин сэтгэлээсээ байдаг, харин өөр эрэмбийн үзэгдлийг тэмдэглэхийн тулд координатын гуравдахь тэнхлэг аппликатыг татах хэрэгтэй. Түүний эерэг хэсэгт амьдралыг бататгагч лугшилтуудыг, түүний дотор зүйлийн оршихуйг дэмжихийн тулд хувь хүмүүсийн амьдралд золиос хийж, гэхдээ голдуу өөрийгөө золиослодог тэр хүмүүсийг оруулж, сөрөг талд нь худлыг үгүйсгэх, үнэнийг хайрлах, ойрын болон холын хүмүүст санаа тавьдаг, гуниг болон баяр баясгалангаас татгалзаж, ертөнцийн зовлонгоос хүмүүсийг аврагдахад хүргэдэг тийм хүмүүсийг оруулж үзье.
Антисистемийг тодорхойлж буй дээрх жагсаалт огт бүрэн биш нь мэдээж. Үлгэр жишээ антисистем нь буддизм мэт харагдаж болно, гэхдээ энэ нь зөвхөн зарим талаар л үнэн юм. Буддизмын чиглэлүүд олон. Тэнд авралын бодисатва Авалокит, мэргэн ухааны бодисатва Манзшир, ертөнцийг бүтээгч, ертөнцийн ойлголт нь эерэг Ади–Буддагийн сургааль гэж бий. Гэхдээ бясалгал, юу ч үл хийхийн сургуулиудад сөрөг лугшилт давамгайлдаг. Энэ нь эртний христианы гностик урсгал болон ертөнцийг мэдрэх амьдралыг үгүйсгэснээ илт илэрхийлсэн К.Ясперсийн орчин үеийн экзистенциализмтай төстэй, гэхдээ өмнөх нь илт бурхангүй шинжтэй байсан юм. Бидний сонирхлыг энэ татаж байгаа юм биш.
Дурдсан хэмжигдэхүүнүүд нь ач холбогдол, шинж чанараараа янз бүр байдаг. Оргилох түлхэлтийн хүчтэй лугшилт ёс мэт тодорхой хүмүүсийг зан үйлийн өөрийн шугамаа сонгон авах боломжийг үгүй болгодог. Хэрэв хэн нэгэнд ийм хүсэл төрвөл хамт олны ноёлох үзэл тухайн хүнд эргэх боломж өгдөггүй. Мөн ийм зүйл хуримтлагдсан соёлын уламжлал хувь хүнд бүрдсэн инерцийн шатанд болдог. Харин сүүлчийн шатуудад дэд оргилуун хүмүүст дассан ертөнцийн мэдрэмжээ дахин хянах шалтгаан байдаггүй. Ингэж угсаатны нийлэгжилтийн хэвийн урсгалд антисистем үүсч чаддаггүй.
Гэхдээ хоёр хэт угсаатан давхцсан үед, харилцааны бүсэд угсаатны шимэгч үүссэн үед антисистем нь аймшигтай хүчтэйгээр хөгждөг. Ертөнцийг сөрөг байдлаар хүлээн авах нь ахуйн нөхцөл муудах буюу эдийн засгийн хүндрэлийг өдөөдөг гэж хэлж болохгүй юм. Үгүй юм, тэдгээр нь энэ хүртэл байснаасаа их байхгүй, харин энэ удаад бага л болно, учир нь харилцааны бүсэд юмсын (худалдаа), хүмүүсийн (боолын худалдаа), үзэл санааны (итгэл үнэмшлийн худалдаа) солилцоо голчлон идэвхитэй явагддаг. Шалтгаан өөр зүйлд байгаа нь илт байна.
ХӨНӨӨЛТ ХИЙ ҮЗЭГДЭЛ
Асуудлыг: исмаилитийн, карматын, маркионитын павликианы, манихейн, богомилийн ёс, альбигой ёс болон бусад адилтгах системүүд, түүний дотор К.Ясперсийн экзистенциализм зэргийн хооронд нийтлэг зүйл юу байдаг вэ ? гэж тавиад үзье. Сүсэг бишрэлийн хөгжлөөс үзэхэд догматик, эсхатологи (ертөнцийн төгсгөлийн тухай) болон экзегетикээс (библийг тайлбарлагч) өөр юу ч байдаггүй. Гэхдээ эдгээр системийг төрөл болгож буй нэг л шинж байдаг бөгөөд энэ нь үнэн худал хоёрыг сөргүүлэн тавьдаггүй, харин бие биетэй нь тэнцүүлэн үздэгээр илэрдэг амьдралыг үгүйсгэх үзэл юм. Эндээс л хүн аллагын хөтөлбөр үүсдэг, учир нь нэгэнт бодит амьдрал байхгүй, түүнийг эсвэл хоосон зүйл (тантризм), эсвэл толин тусгал дахь зэрэглээ (исмаилизм), эсвэл чөтгөрийн бүтээл (манихей) гэж авч үздэг болохоор хэнийг ч үл өрөвддөг, учир нь өрөвдөх объект байхгүй, юуг ч өрөвдөхгүй болохоор Бурхныг ч хүлээн зөвшөөрдөггүй, энэ нь хэний ч өмнө хариуцахгүй гэсэн хэрэг, өрөвдөх хэрэггүй, яагаад гэвэл энэ нь хуурамч зүйлийг даван туулж буй хэрэг, гэхдээ хоосон зүйл болох амьтны зүдгүүрт зовлонг даван туулж буй хэрэг юм. Хэрэв ийм байх ахул үнэнтэй тэнцэх худлын объект байхгүй үед өөрийнхөө зорилгод аль алинийг нь ашиглаж болно.
Дэс дараатай байсанд нь дундад зууны хүмүүст тал өгөх ёстой юм, яагаад гэвэл тэдний үг маш итгэлтэй сонсогддог байсан. Бодит байдал үнэхээр аймшигтай, хүмүүс дурын хий мөрөөдөлд, ялангуяа ийм логиктой, нарийн чанд, тансаг мөрөөдөлд “үсрэн ороход” бэлэн байсан. Зөгнөл мөрөөдөл болон тарнийн ертөнцөд ормогцоо тэд энэ ертөнцийн эзэн буюу нарийн яривал үүндээ чин сэтгэлээсээ итгэлтэй болсон юм. Эрх чөлөө болон хүрээлэн буй зүйлсээ захирч байгаагаа мэдрэхийн төлөө тэд чингэхдээ сэтгэл нь огт зовоогүй тамплиерүүд шиг загалмай руу нулимах, карматууд шиг Каабын солирыг хагалах хэрэгтэй байсан юм. Үнэндээ энэ зам дээр зогсоод тэд хувийн эрх чөлөөгөө огтхон ч олж аваагүй. Харин ч урвуугаар тэд аль нэг эерэг системд оршин байх нэн хязгаарлагдмал хүрээнд байсан тэр зүйлээ ч алдсан юм. Тэнд хууль ёс, зан заншил нь дааж давшгүй үүрэгтэй нь ижил хэмжээний зарим эрхийг нь баталгаажуулж байсан юм. Харин энд бол тэдэнд ямар ч эрх байсангүй. Чанд сахилга бат нь тэднийг үл харагдах удирдагч, ахлагч, багш нарт захируулж, заримдаа тэр ойр дотнынхондоо дээд зэргийн хохирол учруулах боломжийг тэдэнд заримдаа олгодог байсан юм. Харин энэ бол амьдралаа золиослож болох тийм тааламжтай, тийм баяр баясгалантай зүйл байсан юм.
Неофитүүдийг зөвхөн гуйланчлал болон гомдол хоёр л антисистемд хүргээгүй юм. Хүмүүс голдуу муу амьдарч байсан, гэхдээ энэ нь газар сайгүй, цаг ямагт байсан юм. Шуургат үеүд тайван үеэр солигдсон боловч энгийн тосгоны амьдралын бэртэгчин хөгц үнэр диалектик байдлаар үйлчилж, урьдач нөхцлөөс шал эсрэг үр дагавар бүтээсэн юм. Оргилуун залуу хүүг цадтал нь тэжээж, гэхдээ ямар нэг юм хийх буюу логиктой сэтгэхийг нь хориглох болоход тэр өөрийн нуугдмал хүчээ хэрэглэхийг хайж эхэлдэг. Ингээд тэр өмнө нь тавьсан зорилго–зөгнөлийг үл тоомсорлон үгүйсгэлийн номлолыг олдог байв. Үлгэр болон домог нь өдөр болгон төрдөг. Тэдний эсрэг бодит байдлын практик прогноз дахь шинжлэх ухааны чанд дүгнэлтүүд хүчгүйдэж байлаа. Антисистем бүрдээгүй байсан Орос болон Сибирээс бусад бүх орны хүмүүсийн сонирхлыг тэдгээр нь мянга гаруй жил татаж байлаа.
Сүүлчийн энэ зүйлийг амархан тайлбарлаж болно. Тогтвортой антисистем үүсэхийн тулд уналт, жишээлбэл, орон нутгийн угсаатны нийлэгжилтийн нэг шатнаас нөгөөд шилжих агшин, харийн угсаатан нэвтрэх гэсэн хоёр хэмжигдэхүүн хэрэгтэй байдаг. Экологийн талаасаа ч, соёлын агуулгаараа ч үйл явдал эхлэхийн өмнө хоёр систем хоёулаа эерэг бөгөөд бүтээлч байсан байг. Харин нийлмэгцээ л тэд оролцогчдын хүсэл зоригийн хажуугаар үүсдэг гаж үзэгдэл болох антисистемийг төрүүлдэг юм. Учир нь Сибирь болон эртний Орос нь XIII зуун хүртэл гаднын, хүсмээргүй үйлчлэлээс хаалттай байсан, тэндхийн оршин суугчдын ертөнцийг үзэх үзэлд харш үзэл санаа Евроазийн хойд зүгийн ойд, хэрэв орсон байлаа ч гэсэн тэнд идээшиж чадахгүй байсан юм.
Бид угсаатныг тодорхой давтамж буюу хэмнэл бүхий биофизикийн талбай хэмээн үздэг үзэл баримтлалыг санал болгосон билээ. Одоо энэ нь батлагдаж байна. Хоёр өөр хэмнэл бие биендээ нийлмэгц өвөрмөц төрлийн чихэн чийр үүсгэдэг, хүмүүс үүнийг ямар нэг жам ёсны бус гэж хүлээн авдаг нь ерөнхийдөө зөв юм. Гэхдээ ингэхэд хүмүүс тэднийг багтаагч газар зүйн орчноо хайрлахаа байж, хатуу логикийн тусламжтайгаар гарц хайж, ингэж тохигүй бүтээгдсэн ертөнцийг үзэн ядах явдлаа цагаатгаж эхэлдэг.
Чухам ийм нөхцөл байдал НТӨ II–I зуунд эртний эллиний улсуудад үүссэн юм. Александр Македонскийн аян дайн хүртэл эллинчүүд иудей нарыг мэддэггүй, харин иудей нар нь “яван–ион” нарыг анхаардаггүй байсан.
[9] Тюменев А. Евреи в древности и в Средние века. Пг., 1922. С. 135 и след.
Гэхдээ селевкидийн Сири болон птолемейн Египетэд тэд нар хөрш байсан юм. Иудей нар Платон болон Аристотелийг судалж, эллинчууд Библийг грек орчуулга дээр нь судалдаг байв. Энэ хоёр угсаатан хоёулаа авъяаслаг бөгөөд оргилуун байсан юм, гэхдээ тэдний ертөнцийг мэдрэхүйн харилцаанаас агуу их сонирхолтой антисистем болох гностицизм үүссэн юм. [10] Николаев Ю. В поисках за божеством. Очерки истории гностицизма. СПб., 1913.
Эллиний ёс ираны ёстой мөргөлдсөн III зуунд хүчирхэг антисистем манихейн шашныг үүсгэсэн бөгөөд энэ нь зөвхөн Римд төдийгүй, Византи болон Иран, тэр ч байтугай шашинд тэвчээртэй Хятад [11] См.: Гумилев Л. Н. Древние тюрки. С. 427-428. 432. , нэлээд хожим Францыг шашнаар нь гадуурхан хавчиж байсан юм. [12] Осокин Н. Первая инквизиция и завоевание Лангедока французами. Казань, 1872.
Энэтхэгт кушанууд болон саквууд нэвтрэн ороход НТ II зууны агуу их гүн ухаантан Нагаржунай ертөнцийг үгүйсгэсэн хоосон чанарын (шуньята) сургаалиа бүтээсэн бөгөөд энэ нь сүүлдээ өөрийнхөө оршихуйг хүртэл хоосон зүйл гэж зарлаж, үгүйсгэх хүртлээ явсан юм. [13] Чаттерджи С., Дотта Д. Введение в индийскую философию. М., 1955. С.130-134.
Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь Хятадад, III зуунд тийшээ зуунаар үргэлжилсэн гангаас болж төрөлх талд нутгаасаа шахагдсан хүнчүүд болон сүмбэчүүд шилжин орох үед болсон юм. Тэнд систем болон гүн ухаанчлал үүсээгүй, яагаад гэвэл гурван зууны туршид аймшигтай хядлага болсон билээ. Энэхүү байнгын дайнд 27 угсаатан, түүний дотор эртний хятадын (хань) угсаатан мөхсөн билээ. Зөвхөн оргилох түлхэлт л дундад зууны хятадын угсаатныг (табгач) амьдралд дуудаж, үхэж буй улс орноо аварсан юм.
Үүнтэй адил манай эриний зааг үеийн оргилох түлхэлт гностик хоосон мөрөөдлийг халхалсан христианы ёс гэсэн эерэг системийг төрүүлж, харин YI–YII зууны шинэ түлхэлт нь Иран дахь антисистем зиндикүүдийн оршихуйг зогсоосон ертөнцийн мэдрэмж исламыг бүтээсэн юм.
Гэхдээ халифатын улс маш хурдан шимэгч бүхэллэг болон хувирсан бөгөөд гарем хэмээх эхнэрүүдийн гэрээр дамжин хэрэгжиж байсан экзогами ёс нь араб–мусульманы угсаатан дотор персүүд, грузинууд, армянууд, сирчүүд, грекүүд, туркүүд, берберүүдийг нэвтрүүлжээ. Ингээд IX зуун гэхэд л энэ дэвсгэр дээр исмаилизмийн антисистем үүсч, үүнийг XIII зуунд зөвхөн монголчууд л сүйрүүлж чадсан билээ. Монголчууд нь оргилох шинжийг тээгчид байсан бөгөөд гэхдээ антисистемүүдтэй тулгарах үедээ өөрийнхөө оргилох цэнэгээ алдаж, XIY зуунд унтарсан юм.
Византи дахь антисистем нь IX зуунд Бага Азид “Мусульманы ертөнцийн” хил дээр хөгжсөн юм. Эндээс тэр нь грек боловсролыг хүлээн авсан болгарууд болон славянчууд байсан Балкан руу шилжиж, Болгарын хаант улс гэсэн өөрийн шимэгчийг бүтээсэн юм. Энд антисистемийг богумилийн ёс гэж нэрлэж байсан бөгөөд XIII зууны оргилох түлхэлтийн дараа османуудад шахагдан алга болсон юм.
Гэхдээ Провансын манихейчүүдийн хувь заяа хавьгүй нарийн байлаа. Тэд XIII зуунд мөхсөн боловч ертөнцийн мэдрэхүйгээрээ Баруун Европыг хордуулж, тэнд инквизаци хэмээх нийгмийн жигшүүрт институтыг үүсгэсэн билээ. Энэ тухайд тодорхой өгүүлбэл зохино.
ЭРТНИЙ АЦАН ҮЗЭЛ
Манихейн болон христианы ёс нь Гэрэл болон Харанхуй гэсэн хоёр жам ертөнцөд хослон байдгийг адилхан хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ манихей нь материйг, ялангуяа биеийг “харанхуй” гэж үздэг, харин христианчууд нь материаллаг ертөнцийг Бурхны бүтээл гэж үзэн, цэвэр биеийн жаргал, гэрлэлт, хөгжөөн цэнгээн, эх орноо хайрлахыг таашаан залбирдаг. Энэ хоёр ертөнцийг үзэх үзлийн үл нийцэл нь илт байгаа бөгөөд тэдний тэмцэл одоо болтол дуусаагүй байна.
Баруун манихейн ёс христанчуудтай III зууны эцэс үеэс өрсөлдөж байсан бөгөөд Диоклетаны үед христианчуудын адилаар мөшгөлтөд нэрвэгдсэн юм. Христианы эзэн хаад энэ мөрдлөгийг үргэлжлүүлж байв. Феодосий манихейд хамаарагдсаны төлөө цаазаар авах ял оноож байв. Гонорий манихейг шүтэхийг төрийн гэмт хэрэг гэж үзэж байв. Вандалчуудын хаан Гуннерих Хойд Африк дахь манихейчүүдийг бут ниргэж, Итали руу зугтан гарч чадсан нь л амь аврагдсан юм. YI зуунд манихейн төв нь Равенна болсон бөгөөд учир нь арга буюу Римийн эсрэг тэмцэх болсон Ломбардийн оршин суугч арианчууд тэдэнд тав тух олгожээ. Х зуунд манихейн ёс Лангедокод тархаж, Болгар дахь адилтгах сургаальтай нийлсэн юм. Өмнөд Франц, тэр ч байтугай Итали дахь манихейн номлогчид заримдаа хотын гудамжуудаар сэтгэл нь хөөрсөн олон түмэнд, тэдний дунд байгаа рыцариудын доромжлолд өртөхгүйн тулд пап хүртэл бэхэлсэн цамхагаа орхин гарч зүрхлэхгүй болтол нь олон түмнийг татаж чадсан байлаа, тэр тусмаа суртал нэвтгүүлгэнд нь автсан феодалууд хүртэл тэднийг номхруулахыг хүсэхгүй байсан юм.
XI зууны хоёрдугаар хагаст дээд лам нарынх нь гаж явдал энгийн хүмүүсийн хууль ёсны дургүйцлийг хүргэсэн Ломбарцийг хамрав. 1062 онд санваартан Ариальд Милан хотноо санваартнуудын гэрлэлтийн эсрэг үг хэлж, архиепископ Гвидогийн эсэргүүцэлтэй тулгарч, алагдсан байна.
Тэмцэл үргэлжилж, архиескоп болон түүнийг залгамжлагчдыг нуухыг далд сатанист эзэн хаан IY Генрих дэмжиж, харин шинэчлэгчдийг пап II Александр болон YII Григорий нар дэмжиж байв. Папууд ч, эзэн хаад ч асуудлын мөн чанарыг сонирхоогүй нь илт байна, тэд зүгээр л өөрийн талынхныг хайж байсан юм. Жолоодогчдын өрсөлдөөний төлөө 1075 онд гудамжны тулалдааны үеэр шатсан Миланы оршин суугчид төлөөс төлсөн юм. XII зуунд Италид патаренууд гэж нэр авах болсон манихейчүүд Рим хүртэлх бүх хотоор тархаж, чингэхдээ буруу номонд хамгийн чадварлаг нь тариачид, харин хамгийн идэвхитэй буруу номтнууд нь тайж болон санваартнууд, өөрөөр хэлбэл тухайн үеийн хүн амын хамгийн оргилуун хэсгүүд байлаа.
Германы хааны сүүдэгнэх төдий ивээл дор байсан Лангодокод манихейн төв нь Альби хот болж, үүнээс болж францын манихейчуудыг тэдний “цэвэр” гэсэн утга бүхий катар гэсэн грек нэрнийх нь зэрэгцээгээр альбигойчууд хэмээн нэрлэх болжээ. Тэдний нийтлэгүүд нь “төгс”, “үнэнч” болон энгийн гэж хуваагдана. “Төгсчүүд” нь гэр бүлгүй, мацаг барин амьдарч, “үнэнч” нарыг сурган, үхлийн хэвтэрт орсон хүнийг дагалдан, тэднийг материаллаг ертөнцийн холбооноос нь аврахын тулд “төгс” болгоход зориулан хүлээн авдаг байжээ. Харин катарчуудыг талархадаг энгийнхэн нь Мөнхийн гэрээний номыг баатарлаг үлгэр байдлаар ардын хэлэнд орчуулж, гэхдээ рыцарийн эрхэмлэлийг нь багавтар өөрчилж, ингэснээрээ уншигчдынхаа зан үйлийн тогтсон үзэлд ч нөлөөлж байлаа. Үлдсэнүүд нь францчуудыг харийн, харгис угсаатан мэт үздэг провансальчуудын эгдүүцлийг гүйцээн дуусгасан байна. 1176 он гэхэд Лангедокийн тайж нар болон лам нарын ихэнхи хэсэг нь катарчууд болсон бөгөөд харин цөөнхи хэсэг болон тариачид дуугай байх, эсэргүүцэхгүй байхыг илүүд үзэх болсон юм.
Муу зүйл мөнхийн юм. Энэ бол сүнсээр амилсан, гэхдээ түүнийг өөрөөрөө халхалсан матери юм. Ертөнцийн зовлон бол материйн хүлээсэнд буй тарчлал болно, иймээс материаллаг бүхэн муу муухайн эх булаг юм. Ийм болохоор тэрхүү муу зүйл бол дурын юмс, түүний дотор сүм хийд, икон, загалмай болон хүмүүсийн бие юм. Энэ бүхнийг устгавал зохино.
Манихейчуудын хувьд хамгийн энгийн гарц нь амиа хорлох явдал байх байсан, гэхдээ тэд өөрийнхөө номлолдоо сүнс шилжих тухай сургаалийг оруулсан юм. Энэ нь үхэл нь амиа хорлосон хүнийг эндээс урган гарах бүхий л таагүй зүйл болгоныг дагуулсан шинэ төрөлд нэрвэгдүүлнэ. Иймээс сүнсээ аврахын тулд өөр зүйлийг тухайлбал, биеэ бүхнийг тэвчих явдлаар зовоох, эсвэл догшин зугаа, хамтын завхайрал зэргийг санал болгож, үүний дараа суларсан матери өөрийнхөө хумснаас сүнсийг суллан тавьдаг. Зөвхөн энэ зорилгыг манихейчүүд нэр төртэй гэж үзэн, харин газрын ажил хэргийн хувьд бол мэдээж хэрэг ёс суртахууныг устгадаг юм. Хэрэв бүх матери муу зүйл юм бол түүнийг дурын үнээр зоргоороо сүйтгэх нь сайн зүйл болно, энд аллага, худал, урвалт зэрэг нь ямар ч ач холбогдолггүй юм. Материаллаг ертөнцийн зүйлсэд харьцах талаар бүх зүйлийг хийхийг зөвшөөрнө.
Ийм үзэл баримтлал нь дундад зууны францчуудыг айлгаж, бас уурыг нь хүргэсэн байна. 1022 онд Орлеанд өөрийнх нь сурагчид урвасан арван катарыг шатаажээ, тэдний дунд I Роберт Этьен хааны ламтан схоластик Лизой болон капеллан Гериберт нар байжээ. Хүмүүсийн хувьд бол тэд харамсалтай юм. Тэд шударга, чин үнэнч, сониуч хүмүүс байсан юм. Католицизмын хямралын аймшигтай үед бүдүүлэг дээд лам нар феодалын залхуурал болсон кафедруудыг хүлээн авч, харин хагас бичиг үсэгтэй санваартнууд мөргөл үйлдэгсдэд христианы ёс зүйн энгийн үндсийг ч тайлбарлаж чаддаггүй байв, энэ хүмүүс тэдний өмнө бодит байдал тавьж буй хөндүүр асуудлыг зөрчилгүй бөгөөд логик шийдвэрийг хайж байлаа. Тэдний хийсэн гаргалгаа нь логикийн хувьд өө сэвгүй боловч жам ёсны эсрэг байсан юм. Ийм ч учраас дундад зууны францчуудын эрүүл зөн билэг логикийн эсрэг үймээн гаргасан юм. Систем нь өгсөлтийн шатнаас оргил шатанд шилжих үедээ антисистемтэй тулгарч, ингээд Дэлхий дээр цаазлуулсан хүмүүсийн үнс нурмыг л үлдээсэн билээ.
Манихейн ёсонд ингэж хандах явдал ямагт, газар сайгүй байсан юм. Ийм учраас манихейн нийтлэгүүд I мянган жилд нууц байсан бөгөөд үүний улмаас худал нь тэдний зан үйлийн тогтсон үзэл болсон юм. Итали болон Францад орохдоо манихейн үүрэг гүйцэтгэгч нар өөрийнхөө сургаалийг номлохын тулд хотоос хот руу саадгүй шилжих байх гэж өөрсдийгөө “нэхмэлчид” гэж нэрлэдэг байжээ. Үнэн хэрэг дээрээ тэд масонууд “чулуучид” байсан шиг тийм “нэхмэлчид” байсан билээ.
Үүний хамт өөрсөддөө өгсөн хуурамч нэр нь газар сайгүй ангийн тэмцэл олж харахыг эрмэлздэг, юм мэддэггүй хүмүүсийг төөрөгдөлд оруулж, түүнийгээ үргэлжлүүлсээр байсан юм. Альбигойчуудыг яруу найрагч А.А.Блок “Сарнай ба Загалмай” жүжигтээ яг ингэж ойлгож үзүүлсэн юм. Түүнийг үүнд нь буруутгах хэрэггүй буй за.
Үнэн хэрэг дээрээ альбигойн дайн бол Жакерийнхтай огт төстэй байгаагүй, мөн Тулуз болон Парижийн хоорондын феодалуудын мөргөлдөөнтэй ч, францчуудын провансальчуудтай хийсэн иргэний дайнтай ч адил байгаагүй юм. Учир нь ийм байгаа юм л даа. Сүм хийдийн эсрэг патриархуудын болон плебейн олон хөдөлгөөнөөс ялгаатай нь катарчууд нийгмийн болон угсаатны хүрээгээр шахагдаагүй, сургаалиа амжилттай дэлгэрүүлэхэд тус болж байсан нийгмийн олон янз байдалтай байсан юм.
Тариачдын ангийн тэмцэл болон ноёрхогч феодалуудын эсрэг хотынхны тэмцэл хэзээ ч намжиж байгаагүй. Гэхдээ тэр нь бие биетэйгээ холбоогүй хоёр шугамаар явагддаг байсан. Хамжлагын тариачид баронуудын дур зоргоороо явдалд эгдүүцдэг байсан. Гэхдээ тэдний хөтөлбөр нь “Манай сайн сеньор биднийг шударга бус дайсан, муу санаатнуудаас хамгаална” гэсэн нэн тодорхой томъёологдсон байв. Авцалдаатай, гэхдээ энэ нь муу муухайн илрэл материаллаг бүх зүйлс юм, ийм зүйлсийг устгах ёстой гэдэг сургаальтай нийтлэг зүйл юу ч байхгүй юм. Харин урвуугаар тариачны ангийн тэмцлийн мөн чанар нь эрх чөлөө олж авах, газрын хэсэг эзэмших эрхтэй болох, байшингаа барих, хүүхдээ хүмүүжүүлэх, хөрөнгө хуримтлуулахад түлхэж байснаас биш, харин энэ бүхнээ бүрэн логиктой байлаа ч гэсэн хоосон мөрөөдлийн төлөө орхиход оршиж байгаагүй билээ. Хоёрдахь шугам нь бол хотын нийтлэгүүдийн (коммун) хааны эрх мэдэлтэй холбоо тогтоон герцогууд болон баронуудын эсрэг явуулж буй тэмцэл байв. Гэсэн ч гэсэн шинээр төрж буй хөрөнгөтнүүд баялаг, тансаг байдал, эрх мэдэлд тэмүүлж, харин гуйланчлал болон бүхнээс татгалзах явдал руу тэмүүлээгүй юм. Баруунд хотууд нь нэг бол папыг, нэг бол эзэн хаадыг дэмжиж байсан, Дорно зүгт суннитын халифыг дэмжиж, Византид бол үнэн алдартны тулгуур болж байлаа, учир хотынхны сайн сайхан байдал нь ертөнцөд дэг журам тогтоохоос хамаарч байснаас биш, харийн, ойлгомжгүй, гаднын эрхэмлэлийн төлөө энх тайвныг ниргэхэд байгаагүй юм.
Авралт ядуурлын тухай номлолыг нийгмийн хөтөлбөр гэж үзэж болохгүй байлтай. Ядуурлыг христианы лам нар, мусульманы марабутууд болон суфий нарын лам нар дэмжиж байсан шүү дээ. Епископуудын тансаг байдал, непотизм болон симони зэргийг папын индэр болон Их Чуулганаас хараан зүхэж байлаа, гэхдээ буруу номын сэжиг тааварт тэд өөрсдийгөө оруулдаггүй байсан юм. Энэ удаад бодож олсон ялаар цаазлах буюу булангаас алдаг зүгээр байдаггүй уудлан илчлэгчид хэтэрхий олон байжээ, гэхдээ тэр цөвүүн цагт үүнгүйгээр ч гэсэн цаазын тавцанд тааруулах амархан байсан юм, ялангуяа хүн үзэл санааг сонирхсон үедээ тэрээр титэм зүүгчийн (хааны баяр ёслолын нэр) зам дээр зогсож байгаагаа анзаардаггүй байв. Цаазыг үзэл суртлын зэмлэлгүй гүйцэтгэдэг байв. Үнэхээр бодит байдал дээр ч гэсэн далд ёсны сургааль ангийн тэмцлийг яаж тусгахав дээ ? Үүний тулд тэр нь нийтэд хүртээлтэй хийгдсэн байх ёстой, тэр үед нууц сахил хүртэх болон мухар сохроор ном сонсох зэрэг удирдах зарчим алга болох юм.
(Непотизм гэдэг нь Римийн пап албан тушаал, цол хэргэм, газар зэргийг ойр төрлийхөндөө тараахыг хэлдэг байжээ – Орч)
(Симони гэдэг нь сүм хийдийн албан тушаалыг зарж худалддаг хүмүүсийг хэлдэг бөгөөд дундад зууны үед өргөн тархсан байжээ –Орч)

Гэхдээ буруу номтнуудын өөрсдийнх нь зан үйл ямар байсан бэ ? Тэд энх тайвныг хамгийн бага хүсдэг байсан. Мэдээжийн хэрэг тэд феодалуудыг алж байсан, гэхдээ тэд нар нь тариачид болон хотынхны эд хөрөнгий нь хураан авч, эхнэр, хүүхдүүдийг нь боол болгон худалддаг байсан тийм хайр найргүй хэрцгийлэн дарж байсан юм. Манихейн болон исмаилитийн нийтлэгийн нийгмийн бүрэлдэхүүн алаг цоог байлаа. Тэдний тоонд орхимжгүй лам нар, гуйранчин гар урчууд, баян худалдаачид, эцэст нь тэр үед тэдэнгүйгээр урт хугацааны, амжилттай дайн хийх боломжгүй байсан мэргэжлийн дайчид, өөрөөр хэлбэл феодалууд орж байв. Цэрэгт тэдний байлдааны дэг журмыг тогтоож, цамхаг хамгаалж, бүслэлтийг зохион байгуулж чаддаг хүмүүс байх ёстой байв. Харин X–XIII зуунд үүнийг зөвхөн феодалууд л хийж чаддаг байжээ.
Катаруудыг (альбигойчууд) бодоход католикууд нь шилдэг, сайн, үнэнч, сайн санаатай байсан гэсэн хуурамч сэтгэгдэл төрж болох юм. Энэ бодол урвуу бодлынхоо адил мөн л буруу юм. Хүмүүст угсаатны ямар ч номлолыг сургалаа гэсэн тэд өөрийнхөөрөө үлддэг. Нүглээс ангижрахын тулд түүнийгээ загалмайтны аян дайнд өргөсөн мөнгөөр худалдан авч болно, сургааль яахаараа материаллаг ертөнцтэй тэмцэхийг уриалсан номлолоос дээр байх ёстой гэж ? Хэрэв нэг сургааль нь нөгөөгөөсөө илүү юм бол хэний тулд ийм байдаг вэ? Ийм учраас чанарын үнэлгээний асуулт тавих нь учир утгагүй бөгөөд жишээлбэл хүчил, шүлт хоёрын аль нь илүү вэ? гэсэн асуулт шиг шинжлэх ухааны эсрэг зүйл юм. Хоёулаа л арьс түлдэг шүү дээ !
Ийм ахул үүнтэй нэгэн зэрэг феодал анги болон хамжлагын тариачдын хоорондын зөрчил хурцдаж, өсч буй хаант улсууд газар нутгийн төлөө, худалдааны хотууд зах зээлийн төлөө өрсөлдөөн хөгжиж байхад яагаад чухам энэхүү дайсагналд ийм их анхаарал тавьдаг юм бэ? Бидний тооцооллын анхдагч цэг болгож авсан хагас нууц дайн нь эдгээрээс юугаараа ялгагдах юм бэ ?
Угсаатан–нийгмийн нэг том системийн дотор улс төрийн давамгайллын төлөө тэмцлээс, тэр ч байтугай янз бүрийн соёл системийн бүхэллэгүүдийн хоорондын мөргөлдөөнөөс ялгаатай нь энд эвдлэн хөнөөгч дайн болж байлаа. Францын манихейчууд нэг талбарт амьдрахын тулд францын католикуудтайгаа хэтэрхий төстэй байлаа, учир нь аль аль нь системийг эсрэг чиглэлд хөгжүүлэхийн төлөө үгээ хэлж байв. Тэд мөргөлдмөгцөө Бурхны бүтээл биш, харин ертөнцийн муу ёр гэж үзэж байсан тэрхүү материйгаа аннигиляцид дуудаж байсан билээ. Тэд газар сайгүй: Византи, Иран, Төв Ази болон тэр ч байтугай шашинд тэвчээртэй Хятадад хүртэл ингэж аашилж байсан юм. Ийм учраас тэднийг хавчин гадуурхах явдал газар сайгүй байсан, тэд ч гэсэн нэн идэвхитэй эсэргүүцэл үзүүлдэг байсан нь угсаатан тогтох болон төр улсуудын мөргөлдөөний илт харагдах түүхээр дамжин туяардаг эртний Дундад зууны тэрхүү өнгө аясыг өгсөн юм. Зан үйл болон сэтгэл зүйн хувьд үл авцалдах хоёр бүтэц байсан нь тэр үедээ даяар үзэгдэл байсан юм. Үүнээс л болж тэр эрин үеэс урлагийн дурсгал цөөн үлдсэн байдаг.
XIY зууны Эфэст манихей Дэлхийгээс алга болсон нь гайхмаар зүйл биш юм, учир нь тэд өөрсдөө үүн рүү тэмүүлдэг байсан. Материаллаг ертөнц болон түүний баяр баясгаланг үзэн ядахдаа тэд амьдралыг ч гэсэн үзэн ядах ёстой байв: улмаар үхэл нь зөвхөн төлөв байдал солигдох агшин л учраас тэд үхлийг ч биш, харин анти амьдрал, антисистемийг батлах ёстой байсан. Дэлхийг Дахин Сэргэлтийн эрин үед зориулан цэвэрлээд тэд тийшээгээ л одсон юм. Тэдний азгүйдэл нь дэлхийн бүх хүмүүсийн сайн дурын огтхон ч байгаагүй, тэдний зовлонгоор дамжуулан хөнөөж чадаагүйд оршино. Тэд яаж хичээсэн гэж санана! Тэдний дарамтын өмнө хүний сэтгэхүйн амьдралыг бататгагч эхлэл тэсэн зогсож чадсан нь огтхон ч буруу биш бөгөөд үүний ачаар ард түмнүүдийн түүх урсгалаа зогсоогоогүй юм.
Энэ суурь дэвсгэр дээр буруу номтон катарууд буюу альбигойчуудын эсрэг чиглэсэн испанийн лам Доминикийн үндэслэсэн анхны инквизаци үүссэн юм. Мэдээж хэрэг хэн ч өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр, гэм ялыг зарлалгүйгээр шүүдэг инквизацийн зарчмыг дэмжих буюу тэр тусмаа хамгаалахыг хүсээгүй юм. Нүглээ хүлээхийг тамлалаар албадаж, хов мэдээ нь хуурамч, шүүгчид нь алагчилдаг бөгөөд хяналтгүй байхад ийм шүүх үйл ажилллагаанд оруулах шалтаг ойлгомжтой юм. Инквизаторууд XIII зуунд франц болон италийн нийгмийн бүх давхаргад нэвчсэн катаруудын өш хонзонгоос өөрийнхөө агентуудыг сэргийлж байжээ. Дайн зөвхөн Лангедокт болоогүй юм. Тэр нь бүх орд харш, бүх цехүүд, сүм хийдийн нийтлэгүүд, тэр ч байтугай захууд дээр явагдаж байв. Энэ бол фронтын шугамгүй хайр найргүй яргалал байсан бөгөөд түүний золиос нь гүтгэгдсэн катарууд болон хамгаалалтгүй инквизацийн агентууд, юунд ч буруугүй хүмүүс зэрэг бүх хүн өртсөн юм. Катарууд материтай хийх тэмцэлд урвахыг зааж өгсөн өөрсдийнхөө номлолыг зөвшөөрсний дагуу худал хэлэх эрхийг өргөн ашиглаж байв. “Католицизмын өвөрт шилжин орсон хуучин катарууд Робер Ле Бугр, Вероны Петр болон Райнир Саккони нар XIII зууны хамгийн харгис инквизаторууд болсон юм. Тэдний гарт олон зуун катарууд болон вальденууд”, түүнчлэн гүтгэгдсэн католикууд шатаагдсан билээ. [14] Лозинский С. Роковая книга средневековья //Монахи Я. Шпренгер и Г. Инсгиторис. Молот ведьм /Пер. с лат. П. Цветкова. М., 1932. С. 31.
Миланд хорин жил катар байсан, энэхүү сектийн зан авир, ёс заншлыг сайтар мэддэг Робер Ле Бугрыг пап IX Григорий инквизатораар томилж, үүний дараа тэр өөрийнхөө өргөн мэдлэгийг ёстой л ашигласан юм. Жишээлбэл, 1239 онд Марна дээрх Шалоны ойролцоох Монт–Эмод тэрээр 182 катарыг шатаасан байна. Үүнээс хожим ч ийм зүйл болж, шатаагдсан катарын ач хүү, канцлер Гильом Ногарийн явуулсан үйл явцын дараа 1214 онд Парижид тамплиерийн одонгийн оюун санааны ахлагч (тэр үед гроссмейстер гэдэг байжээ–Орч) Жак Молег бусад олон рыцариудын хамт шатаажээ. Нууц шүүх нь хоёр талдаа иртэй зэвсэг юм.
Мөхөж буй ацан үзэл өөр зүйлд хувилах аргаа олж, энэ удаад монист үзэл баримтлалыг олжээ. Антисистемийн хувьд зарчимдаа үнэнч байх зэрэг жижиг зүйлс гол нь биш, матери болон биеэс ангижрах зорилго л чухал байсан юм. Тэд зэвсэглэлдээ өөрийн замаа манихейн нууц нийгэмлэгийн гишүүнчлэлээр эхэлж, Гиппон хотын (Африк дахь) епископоор амьдралаа дуусгасан, үхснийхээ дараа сүм хийдийн хүлээн зөвшөөрсөн эцэг болсон, Y зууны авъяаслаг сэтгэгч Ариун Августины сургаалийг авсан байна. Тэр схоластикийн гурван чиглэлийн нэгнийх нь зохиогч бөгөөд хүмүүс эсвэл диваажинд очих, эсвэл тамд унах мөнхөд урьдчилан тодорхойлогдсон байдаг тухай сургаалийг үндэслэжээ. Мэдээж хэрэг яриа хэл ам бий боловч мөн чанар нь энд л байдаг юм.
Ариун Августины үндэслэл нь Адам нүгэл үйлдэж, энэ нүглээ бүх хойч үеийнхэндээ “анх төрөхийн нүгэл” байдлаар удамшуулан үлдээсэн. Ийм учраас бүх хүмүүс өөдгүй новшнууд, тэд бүгдээрээ зөвхөн тамд байх ёстой. Гэхдээ Бурхан тэдний заримыг мөнхөд, гарцаагүй аврахыг тогтоож өгсөн, харин бусад нь үхэж л байг. Нүгэлтнүүдийн дурын гавъяа болон баатарлал нь урьдчилан сонгогдсон муу үйлийн адил ач холбогдол байхгүй. Ийм системд чөтгөрийн байр суурь байхгүй, учир нь түүний өмнөөс бүх зүйлийг Бурхан бүтээдэг.
Августины сургаалийг хүлээн аваагүй тэр үеийн теологуудад тал өгөх хэрэгтэй. Августины үзэл баримтлалын талынхныг шүүлтэд оруулж, тэр ч байтугай лам Готшалькыг урьдчилан тодорхойлох үзэл санаа, өөрөөр хэлбэл хүмүүсийн нүглийг Бурханд хариуцуулсан үзэл санаа номлосны учир бүх насаар нь хорьж байв. Гэхдээ Дундад зуун өнгөрч, Шинэчлэлийн эрин үе эхлэхэд Жан Кальвин Августины үзэл санаанд амь оруулсан юм. Түүн дээр хоёр дахь инквизацийн онолыг нэмэн бий болгов. Бурхныг Сатантай эвлэрүүлсэн нь Европын бүх хорон санаатнуудын санаанд нийцсэн юм.
САТАНТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭ
XYI–XYIII зуунд үйлчилж байсан хоёр дахь инквизаци нь эхнийхээсээ долоон дор байсан юм. Инквизаторууд үйлдэж буй гэмт хэргээ цагаатгах, түүнчлэн баталгаажуулахын тулд Ариун Августины үзэл санаанд тулгуурласан онолыг бүтээсэн юм. Энэ онолын ёсоор: “Хэрэв мууг сайн болгон хувиргах ийм хүчирхэг бөгөөд сайн байгаагүйсэн бол Бурхан өөрийнхөө бүтээлүүдэд муу зүйл хийхээргүй өрөвч” аж (Шулмын алх. Хуудас 147). Эндээс “дарангуйлагчдын мөрдлөгөөс зовлонтнуудын тэвчээр бэхжиж, харин шулмасын ид шидээр сүсэгтнүүдийн сүсэг бишрэл боловсронгуй болдог. Ийм учраас Бурханд муу зүйлийг урьдчилан сануулах хэрэг байхгүй” (мөн тэнд) болж таарч байна. Бурхан дарангуйчууд болон ид шидтэнүүдэд шударга бусаар өршөөнгүй хандаж байна гэж татгалзан, сүсэгтнүүд тэднийг зовоон тарчилгаж, ингэснээрээ тэднийг тамын зовлонд унагаж болох байсан, гэхдээ үүнд хариулт бий юм. Нүгэлтэн бол чөтгөрөөс дор, учир нь “Сатан өөрөөр нь нүгэл хийлгэж, хайраараа ивээгээгүй Бурхнаас салсан юм… Сатан уур хилэн дунд байдаг, учир нь Бурхан түүнийг үгүйсгэж, түүнд авралаа хайрлахгүй байгаа” (Мөн тэнд. 159 дэх тал). Түүнээс гадна Бурхан чөтгөрт сайныг хүсдэг, “чөтгөр нь шуламсаар дамжин бүтээгдсэн муу зүйл гэдгээ хараад маш их зовж, сайн зүйл болон шилждэг” (Мөн тэнд. 161 дэх тал). Уг нь бол чөтгөр ерөөсөө буруугүй, учир нь тэрээр “Бурхнаас өөгшүүлэлгүйгээр юу ч хийж чадахгүй”, харин “Бурхан бол мууг хүсч чадахгүй, гэхдээ мууг зөвшөөрч болно” (Мөн тэнд).
Инквизаторуудын санал болгож буй энэ онол нь тэдгээрийн өөрийнх нь төдийгүй, мөн тэдний тэмцсэн болж байгаа чөтгөрүүдийн өмгөөлөл юм. Тэдний бодлоор түүхийн бүхий л муу муухай зүйлд зөвхөн Бурхан буруутай, үүний дээрээс муу үйлд талархах хэрэгтэй, учир нь муу зүйлээс сайн зүйл гардаг гэж үздэг нь үүнээс долоон дор юм. Энэхүү чөтгөрийн диалектик бол мөн чанартаа метафизикийн түвшинд хүртэл мандсан бэртэгчний бялдуучлал мөн. Энэ галзуу солиотой тэнэг үгнээс болж хэчнээн цус урссаныг зөвхөн бодохоос ч аймшигтай !
Өөрөөр байж яагаад чадаагүй юм бэ? Урьдчилан тодорхойлогдсон тухай сургааль нь өөрийнхөө хатуу номлолоос Сайн болон Муугийн хооронд сонголт хийх эрх чөлөө гэсэн зөвхөн ганцхан эрх чөлөөг л авч хаясан, гэхдээ үүнийхээ төлөө өөрийнхөө сэтгэл зүрхний хувьд ч хариуцлагагүй байх эрхийг тэдэнд бэлэглэжээ. Эцсийн төгсгөл нэгэнт тодорхой болохоор толгойд орсноороо үйлдэж болж байсан юм. Ингэж ингэж урвуу холбоо хүчээ авч эхлэв.
Хувь хүн бүрэн хариуцлагагүй байх нь сэтгэл зүрхэнд үндэслэсэн биш, харин удирдагчдын тушаалаар хуулийн хүчийг олдог нийгэмд харш юм. Ийм хуулийг харгалзах нь ашигтай, гэхдээ түүнийг тойрон гарах нь огтхон ч ёс суртахуунгүй зүйл биш юм. Ингэж чаддаг, мөн хожиж байсан юм! Ийм учраас л Хойд Америкийн индианчуудыг хайр найргүй хүйс тэмтэрсэн, боолын худалдаа, Энэтхэгийг дээрэмдсэн, Хятадад хар тамхи худалдсан …зэрэг нь ч хүртэл бүрэн логиктой байсан билээ. Эдгээр үйлдлүүдийг урьдчилан хориглоогүй, ингэж ч чадахгүй байсан, учир нь Бурхан мууг зүйлийг сайн зүйл болгон хувиргаж, харин чөтгөр нь түүний титмийн өмнө үйлчилж байсан юм.
Хэрэв ийм байсан юм бол яагаад чөтгөртэй, тэр тусмаа энэ нь нь бүрэн бодитой сайн сайхны төлөө үйлчлэхэд бэлэн байхад холбоо тогтоож болоогүй юм бэ? Чөтгөр оршин буйд нь бас л итгэх ёстой үхэшгүй сүнсээ худалдах, “хар мөргөлд” оролцох мэтийн тун цөөхөн зүйл шаарддаг байсан. Юуг ч үл хориглох сайн ноёнтон Сатаныг алдаршуулахад оршдог энэ мөргөлийг сүм хийдээс няцсан санваартан хүн заавал хийх ёстой байдаг. (Иван Карамазовын “Бүхнийг зөвшөөрнө” гэсэн сэдэвтэй харьцуул). Ариун үгтнүүд нүцгэн эмэгтэйн гэдсийг гэрэлтүүлж, дараа нь бузарладаг байлаа. Заримдаа энэхүү шашны харгис жүжигт оролцогчдод Сатан өөрөө болчихсон мэт санагдаж, бөгсөө үнсүүлдэг байжээ. Түүнд ээжээс нь хулгайлан авчирсан нялх хүүхдээр өргөл барих явдал ч гардаг байв. Энэ харгис жүжгийг шөнө дунд нууцаар хийдэг байсан ч тэдний тухай маш олон хүн мэддэг байв.
Бүр ч тодорхой жишээ бий. 1089 онд оросын вангийн гүнж Евпраксия Всеволодовна Ариун Римийн эзэнт гүрний герман угсааны эзэн хаан IY Генрихийн эхнэр болжээ. Энэ титэм зүүгч түүнийг “хар ёслолд” татан оролцуулсан байна. Хөөрхий бүсгүй ой нь гутаж, нөхрөөсөө зугтан, түүний дайсан Каносс руу очиж, тэнд түүнийг гүнгийн хатан Матильда хүлээн авчээ. Ингээд 1094 онд хатан хаан сүмийн Их Чуулган дээр нөхрөө илчилсэн үг хэлжээ. Гэтэл пап II Урбан түүнийг “хар ёслолд” оролцсон нүгэлд өөрийн эрхгүй унагаж, цэрэг дагалдуулан эх оронд нь буцаасан бөгөөд тэр бүсгүй 1109 онд хийдэд нас баржээ.
Харин IY Генрих яасан бол? Тэрээр 1105 он хүртэл хаан ширээндээ үлдэж, эрх мэдлээсээ сатанизмынхаа улмаас биш, харин өөрийнхөө албатуудыг тэрслүүгээр алснаас болж хагацсан байна. Гэхдээ тэр үед түүнийг Льеж, Кельн, Бонн хотынхон болон еврейн нийгэмлэгүүд үргэлжлүүлэн дэмжиж байжээ. Сатанизм нь тун цөөн хүнийг зовоож байсан байна.
“Хар ёслол” нь бүр XIX зуунд хүртэл Парижид болдог байжээ. Түүнд сектийн гишүүдээс гадна уригдсан хүмүүсийг оролцохыг зөвшөөрч байсан, гэхдээ энэ урилгыг олоход амархан байжээ. Энэ талаар тодорхой зүйлийг зохиолч Гюисманс харсан садар үйлийнхээ ноцтой байдлыг хүлээн зөвшөөрсөн болон хууртагдсан байх хүсэл хоёрынхоо хооронд эргэлзэн байж бичсэн “Оргүй” гэдэг номоос үзэж болно. Үл итгэгч-позитивистын хувьд дурын зарчмыг хүнжүүлэх нь байж болшгүй зүйл юм, энэ нь зүгээр л түүнийг ойг гутаадаг юм.
Хэрэв XIII гэхэд илүү зүйл болсон хүнжүүлэхээс татгалзах юм бол өөрийнхөө дотор ёс суртахууны хууль болсон Туйлын (Абсолют) хууль үлдэх юм. Ийм хуулинд мөргөх боломжгүй, энэ нь жишээлбэл Бойл–Мариоттын хуулинд мөргөсөнтэй адил юм. Энэ нь XIX зуун гэхэд илт болсон бөгөөд харин үзэл баримтлалыг дэс дараатай хөгжүүлэх үед К.Ясперсийн гүн ухааны шашин–экзистентиализм үүссэн билээ. Энэ үзэл нь ийм системүүд манай эриний өмнө ч үүсч байсан гэдэг ганцхан зүйл дээр зөв байдаг, харин тэдгээр нь гүн ухаанчдад итгэсэн мянга мянган хүмүүсийн амьдралыг авч одон ямагт мөхдөг юм гэдгийг хардаггүй юм.
Эцэст нь хатуу монизмын онолын сүүлчийн чухал үр дагавар бол био хүрээнд бүхэлд нь, түүнчлэн хувь хүн болон тэдний бүтээлд харьцахдаа сөрөг шинжтэй болдогт оршино. Сэтгэл байхгүй хүмүүсээс хамгаалалтгүй байгалийг сэргийлэхийн тулд тэдэнд биоценозийн ашиг тусыг тайлбарлах хэрэгтэй, гэтэл энэ нь хэт хүнд зорилт юм. Бэртэгчин хүний толгойд амьтан болон ургамлын ашигтай болон хортойн тухай сургааль Дэлхий гаригийн амьдралын зохист байдлын тухай ойлголтоос хавьгүй амархан тусдаг. Бэртэгчин бол байгалийн бүрэлдэхүүн хэсэг биш, харин түүний хаан мэт мэдрэхийг илүүд үздэг. Ийм учраас чанд монизм нь дорнын ацан үзэл манихейн ёстой нийлж, гагцхан “Харанхуйн” бодит гамшиг биш, харин тухайн хүнд саад болж буй таагүй бүх юмыг муу зүйл гэж үздэгээрээ ялгаатай байдаг. Энэ нь сайн муу, гэрэл харанхуй, дэвшил буурал зэргийг ялгахад удирдлага болох зарчим нь дурын хэрэг болсон гэсэн явдал юм. Хэдийгээр ялгаа нь мөн чанарын шинжтэй биш ч гэсэн логикийн үүднээс бол монизмд ашиггүй болно.
Тэгвэл яагаад монист болон ацан сургааль нь папууд нь эзэн хаадтай байлдаж, харин схоластууд нь өөр хоорондоо үр ашиггүй маргалдан хүчээ барж байсан ялангуяа Дундад зууны үед христианчуудыг шахан гаргаж чадаагүй юм бэ? Яагаад гэвэл монизм болон манихейн үзлийг ухамсарлаагүй ертөнцийг үзэх үзэл сөрөн зогсож байсан мэт байдаг: үүнийг мөн чанарыг дараах байдлаар томъёолж болно: Бурхан Дэлхийг бүтээсэн, гэхдээ чөтгөр бол энэ ертөнцийн ноён, Дэлхий дээр бол чөтгөр нь Бурхнаас хүчтэй, гэхдээ чухам ийм учраас л сайн санаат рыцарь болон хэсүүлч лам нар дорой бүхнийг хамгаалан босч, хүчтэй дайсантай эцсийн дусал цусаа хүртэл тэмцэх ёстой. Энэ нь Бурхны хүчинд биш, харин үнэнд байдаг, Бурхны бүтээл Дэлхий нь сайхан юм, харин Хар зүйл гаднаас, Тамын хаалганаас ирдэг, хамгийн энгийн, нэр төртэй хүн л түүнийг эргүүлэн хөөх ёстой. Харин Бурхан чөтгөрийг бүтээгээгүй нь нотолгоо байхгүйгээр ч ойлгомжтой, ийм зүйлийг санал болгох нь шүтээнийг доромжилсон хэрэг.
Энэ үзэл баримтлал нь зөрчилгүй, хүлээн авахад энгийн, хэрэв тэр үеийн ёс дэгт нийцээгүй юмаа гэхэд төгс эрхэмлэлд нь таарах юм. Энэхүү төгс эрхэмлэл нь зөн билгээрээ хүлээн авсан алсын таамаглал байсан, гэхдээ л тэр үнэнээ нотолсон. Био хүрээ ч оршихуйгаа үргэлжлүүлсээр байна.
ТӨГСГӨЛГҮЙГЭЭС ГАРАХУЙ
ХХ зууны хүмүүс бид чөтгөр байхгүйг мэднэ. Гэлээ ч гэсэн антисистемийн түүхэнд харц хандуулмагц л дотор муухай оргидог. Жинхэнээсээ чөтгөрийн эрмэлзэлтэй, хувилсан шинжийг эзэмшсэн вампируудийн үзэл баримтлал бий. Хүмүүсийн хүчирхэг оюун санаа ч, төмөр мэт хатуу зориг ч, цэвэр нандин сэтгэл ч энэ хий үзэгдлийг (фантом) сөрөн зогсож чадахгүй юм. Угсаатны шимэгч тогтож, янз бүрийн хэмнэл бүхий угсаатны талбай давхцахад антисистем үүсдэг. Ингээд Дэлхий дээр хүн оршин байх хугацаанд бүх угсаатнууд өөр хоорондоо харилцаанд орсон бол антисистемүүд нь угсаатнуудыг шахан гаргаж, тэднийг өөрөөрөө солин, өөрийнхөө талбайд буй амьд бүхнийг устгаж, өөрийнхөө бодит лугшилтыг эргэлдэгч болгон хувиргаж, үүний төлөө л харилцан аннигиляци хийж чадах ёстой байсан. Гэтэл яагаад ч юм, иймэрхүү зүйл болоогүй юм.
Ингэхлээр ертөнц дээр антисистемийн тархалтыг сөрөн зогсдог, магадгүй Дэлхийн нүүр царайг тэднээс цэвэрлэдэг ямар нэг хүчирхэг лугшилт байж таарах нь ээ. Антисистемүүд нь дахин дахин бий болоод байдгийг бид мэднэ, тэгэхлээр энэхүү лугшилт нь хэрэв байнга биш юмаа гэхэд хангалттай олон удаа үйлчлэх ёстой. Энэ нь хүний ухамсрын хүрээнд байх ёсгүй, учир нь энэ хүрээ бол хуурахад буюу юмыг бүрэн дүүрэн ойлгоход, өөрөөр хэлбэл төөрөлдөхөд нээлттэй юм. Мөн тэр нь бидэнд дээрээс ирдэггүй, учир нь антисистем нь бурхантай (теист) байдаг бол угсаатны соёлын төгс эрхэмлэл нь шашингүй (атеист) байдаг. Мөн тэр нь хувьслын үйл явцад тогтдоггүй, учир нь үржих хэрэгтэй болсон үедээ тэрээр үхэх байсан. Бид ийм шинж чанар бүхий лугшилтыг мэдэх бил үү ? Тийм ээ, мэднэ ! Энэ бол оргилох түлхэлт юм.
Тухайлсан оргилуун хүмүүс, өөрөөрөө золиос хийгч хувь хүмүүсийн баатарлал биш, харин чухамхүү, оргилох шинжийн чанаруудыг төрүүлж байдаг, шинээр үүссэн угсаатанд био талбайн өвөрмөц хэмнэлийг дамжуулдаг түлхэлт, өөрчлөлт л шимэгчдийг хөнөөж, тэдний үүрлэсэн антисистемийг хөнөөдөг байна. Оргилох лугшилт нь шимэгчид “хайлах”-аар тийм өндөр халаалт өгч (зохиогчийн зөгнөлийг уучлаарай), угсаатны геобиоценозын салбар болсон ландшафттайгаа зохицолтой хосолдог болгон хувиргадаг. Ийм өндөр халалтад антисистем оршин байж чадахгүй юм. Гэхдээ үүнээс цаашаагаа нэгэнт дурдсан угсаатны нийлэгжилтийн үйл явц явагдах бөгөөд энэ үед заримдаа бүрэлдсэн нөхцөл байдлын улмаас сөрөг утга холбогдол бүхий лугшилт бий болдог.
Ийнхүү оргилох түлхэлт нь хүн төрөлхтний хувьсал дахь саатал төдий биш, харин түүнгүйгээр ерөөсөө хувьсал үргэлжилж чадахгүй байсан цэвэрлэгч хүч юм байна. Байгалийн энэ хүчээр био хүрээний тэнцвэр, түүний дотор манай гаригийн хувьд хамгийн их үнэт зүйлийг төлөөлж буй тэрхүү хүмүүсийн бие, мөн ямар ч их хүсэл мөрөөдөлтэй байлаа гэсэн тэдний сэтгэлгээний тэнцвэрийг тэтгэн барьж байдаг байна. Одоо л гүн ухааны бүх сургааль болон зөнч мэргэн сургаалиуд нь зөвхөн цэвэрлэгч агуу их ваакумын ямар нэг тал дээр туссан био хүрээний лугшилт л юм байна.
Амьдрал алхам тутам байна. Үүний тулд л Оргүйгээс Энх Тайван хүртэл тус бүрийг нь “хувийн ухамсар” гэж нэрлэсэн хар нүхнүүд татагджээ. Тэдгээрийнхээ дээрээс “нинжин сэтгэл” гэж нэрлэсэн хаалт нэмээд тавьчихвал сайн хэрэг.
Харин угсаатны хүрээний хэлбэлзлийг тайлбарлагч, эмпирик нэгтгэн дүгнэлт байдлаар бидний шинжилсэн оргилох түлхэлт нь өөрөө илтэд дэлхийн биш үүсэлтэй юм. Түлхэлтийн бүсүүдийн тэнхлэг нь гаригийн гадаргуу дээр шугам шиг байрлаж, тэдгээрийн төгсгөлүүд нь гаригийн муруйгаар хязгаарлагдаж, тэдгээрт татсан перпендикуляр нь Дэлхийн төвийг огтлон гарч байгаа энэ бүхэн нь түлхэлтийн тэнхлэг нь гаригийн соронзон талбайгаас хамааралтайг харуулж байна. Дэлхийд ирж буй эрчим хүчний энэ цохилтууд нь Нарнаас биш, харин Галактикийн сарнисан эрчим хүчнээс ирж байна гэсэн таамаглалыг нарийвчлан үзэж байна. Америкийн астроном Жон Эдди Нарны үйл ажиллагаа нь нарны толбоны идэвхийн 11 жилийн орчилд ч ажиглагдахгүйгээр өөрчлөгдөж байна гэдгийг олж тогтоожээ. Энэ дүгнэлтийн үндсэн дээр Жон Эдди Нарны идэвхийн 5 мянган жилийн график гаргасан байна. [15] Эдди Дж. История об исчезнувших солнечных пятнах //Успехи физических наук. 1978. Т. 125. Вып. 2. С. 315-329.
Ингэхэд цаг хугацаа нь тэмдэглэгдсэн бүхий л оргилох түлхэлтүүд нь цаг хугацааны хувьд нарны идэвхийн хамгийн бага үетэй, эсвэл түүний уналтын үетэй давхцаж байсан байна. Энэ бол нэгэнт үзэгдлийг тайлбарлаж болох зүй тогтол юм. Нарны идэвхи багасах үед ион хүрээний хамгаалах чанар буурч, зарим квант буюу цацрагийн багц дэлхийн гадаргууд хүрч чадах юм. Харин хатуу цацралт нь өөрчлөлтийг бий болгодог нь тодорхой юм.
Бид ертөнцөд ганцаараа биш ээ ! Ойрын Сансар байгал хамгаалахад оролцож байна, харин бидний хийх ажил бол түүнийг гэмтээхгүй байх явдал мөн. Энэ бол зөвхөн бидний гэр биш, энэ бол бид өөрөө юм.
Энэхүү сэдвийн төлөө одоо дуусаж буй ном маань бичигдсэн юм. Түүнийг антисистемээс байгал орчныг хамгаалах агуу их үйл хэрэгт зориуллаа.
Төгсгөлийн үг
БҮДҮҮВЧ БАЙГУУЛАХ ТУРШЛАГА
Системийн бүхэллэг болох био хүрээг судлах нь ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Үйл явцыг зөвхөн дүрслэн үзүүлэх төдийгүй, мөн тэдгээрийн нийлэгжилтийг тогтооход хүргэдэг байгал судлалын уламжлалт аргууд нь маш нарийн биш ч гэсэн тэмдэглэсэн цаг хугацаа байхгүйн улмаас бүрэн төгс биш байдаг. Жишээлбэл, аль нэгэн бүс нутагт циклоны зам шилжсэний улмаас зуунаар үргэлжилсэн ган болж, үүнээс болж ургамлын аймаг улмаар амьтны аймгийн шинж чанар өөрчлөгдсөнийг ажиглах амархан байсан, гэхдээ туйлын цаг хугацааны тэмдэглэл байхгүйгээр энэхүү үзэгдлийн эхэлсэн болон дууссан хугацааг тогтоох боломж байхгүй. Ингэж тогтоох нь түүхчдийн асуудал юм, харамсалтай нь түүхчид өөрийнхөө зорилтыг биелүүлэхээс зайлсхийдэг юм.
Энэ нь тохиолдлын зүйл биш. Түүх бол үйл явдал, тэдгээрийн холбоо болон дэс дарааллын тухай шинжлэх ухаан гэдэг утгаараа өөрийнхөө хуримтлуулах үеийг XYIII зууны төгсгөлд дууссан юм, тэр үеэс л түүхэн материализмд тусгалаа олсон түүнийг тайлбарлах хэрэгцээ бий болсон билээ.
Гэхдээ үйлдвэрлэх хүчин болон үйлдвэрлэлийн харилцааны дэвшилтэт хөгжлийн–нийгмийн зүй тогтлыг нээснээр олон талт үзэгдлийн зөвхөн нэг талыг нь харуулж, харин био хүрээтэй хүний харьцах харьцаа диалектик материализмын мэдэлд үлдсэн юм. Түүхийг ингэж хуваахад түүхчид бэлэн бус байсан ба сурвалжуудын мэдээллийн нарийн зүйлсийг тодотгон дамжуулж байсан юм. Энэ үед угсаатны нийлэгжилтийн олон зууны тасралтат үйл явц, түүний эхлэл болон төгсгөл зэрэг угсаатны түүхийн гол объектын зааг хүрээ гарцаагүй алдагдах юм.
Харин одоо зохиогчийн байнга сонсоход хүрдэг “Хэрэв угсаатны нийлэгжилтийн зүй тогтол байгалд байдаг юм бол бид түүнийг өөрчилж чадахгүй, тэгвэл ийм шинжлэх ухаан хэрэгтэй юм уу? Түүнд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарах нь зөв үү ?“ гэсэн асуултад хариулъя. Тийм ээ, үнэхээр угсаатны нийлэгжилтийн үйл явц нь хүний боломжтой, тэр ч байтугай хүчирхэг техникээр зэвсэглэсэн хүний боломжтой харьцуулахад агуу том юм, түүнийг шууд засварлах гэж оролдох нь утгагүй явдал. Гэхдээ энэ нь түүний үзүүлж буй нөлөөг практик ач холбогдолгүй, этнологийг судлах нь хэтийн төлөвгүй ажил гэсэн хэрэг биш. Цаг агаарын буюу атмосферийн физикийн шинжлэх ухаан болох цаг агаар судлалыг циклон, антициклон мэтийн атмосферийн үзэгдэлд хүн шууд үйлчлэх чадваргүй гэсэн үндэслэлээр хэн ч ашиггүй гэж хэлээгүй билээ. Харин урвуугаар энэ шинжлэх ухаануудыг атмосферийн даяар үзэгдлүүдийн хүмүүс болон тэдний үйл ажиллагаанд үзүүлдэг асар их нөлөөллийг судалдаг учраас туйлын ашигтай гэж үздэг юм. Тухайн тохиолдолд цаг агаарын нөлөөлөл бүх хүнд илэрхий байгаа нөхцөлд, түүнийг зөвхөн хөдөө явахаа сонгоход биш, мөн аж ахуйн прогноз хийхэд харгалздаг учраас энэ нь их чухал байдаг.
Цаг агаар судлал болон физикийн тухай дээр хэлсэн бүхэн дээр газар хөдлөлт судлал (сейсмографи), геоморфологи (газрын гадаргуу судлал ) зэрэг Дэлхийн тухай бусад олон шинжлэх ухаануудыг бүрэн үндэстэйгээр нэмэн оруулж болно, тэдгээрийн судлах зүйл нь хүний бус зүйлс байдаг, харин практик ач холбогдлынх нь талаар хэн ч эргэлзэж байгаагүй юм.
Этнологийн ашиг тус, түүний хавсарга ач холбогдол нь тийм ч ил биш байж болно. Ийм учиртай юм. Хэдийгээр угтсааны нийлэгжилт нь мөн л байгалийн статистик үйл явц, түүний үр дагавар нь их шуурга галт уулнаас нурам хаялах зэргээс багагүй цар хэмжээтэй боловч энэ нь маш удаан явагдаж: оргилох түлхэлтийн агшингаас эхлээд түүний инерци бүрэн унтрах хүртэл мянга гаруй жил болдог. Ажил явдалдаа дарагдсан орчин үеийнхэн ойрын гажилтад хууртан (аберраци) , өөрсдийнх нь амьдралын хугацаанд угсаатны системд мөн чанарын зүйл юу ч болоогүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ нь ердөө гай гамшгийн хагас нь юм. Энэ үндсэн дээр эрдэм шинжилгээний ажилтнууд угсаатныг үр дагаврыг нь тооцохгүй хаяж болох нөлөөлөл бүхий ямар нэг тогтмол хэмжигдэхүүн гэж үздэг нь үүнээс долоон дор юм.
Иймэрхүү үзэл бодлын амьдрах чадварыг амархан тайлбарлаж болно: түүхэн шинжлэх ухаанууд нь харамсалтай нь үйл явдлын дэс дарааг тогтоох дээр л зогсчихсон, их л сайндаа тэдгээрийг харьцуулсан цаг хугацааны хүснэгт байгуулахад хүргэдэг хандлага, газар зүйн бүс нутгаар нь ангилсан байгаа.
Энэ нь түүхийн жинхэнэ шинжилгээг түүхэн дэх “броуны хөдөлгөөнийг” түүний бодит хөгжил мэт үздэг олон тооны дүрслэл судалгаагаар солиход хүргэдэг. Гэхдээ үүлнээс дусал ч хүртэл шууд унадаггүй юм шүү дээ. Дурын үргэлжилсэн хөдөлгөөн энгийн биш байдаг. Эдгээр нь харилцан нөхөгдөж байдаг хэд хэдэн жижиг гажилтуудыг өөртөө агуулдаг. Энэ нь 7 дугаар зургаас тодорхой харагдана.
Одоо дэлхийн гадаргуу хүртэл бүх дуслыг биш, харин замын дундах дурын хоёр сантиметр бүрийн явалтыг судлаж байгаа ажиглагчийг төсөөлөөд үзье. Тэр энд Ньютоны хуулиуд хуурамч гэсэн дүгнэлтэд гарцаагүй хүрнэ, учир нь түүний ажиглалтаар дуслууд нь зөвхөн доошоо биш, харин хажуу тийш, голдуу дээшээ хөдөлнө. Энэ дүгнэлт логиктой боловч хуурамч ч юм, энд гарсан алдаа бол асуудлын тавилтад өөрт нь байгаа юм: хүрээлэн буй асуудлуудтай зохицуулалгүйгээр сэдвээ нарийсгах эрхийг судлаачид өгчээ.
Ийм зүйл байдаггүй гэж ярьж л байг ! Санаатайгаар төөрөгдөлд хүргэсэн үүнтэй адил арга зүйд Аку-Аку Тур Хейердал хүртэл харамсаж байсан юм.
Уншигчдын шүүлтэд толилуулан буй энэ ном нь түүхийг байгаа байдлаар нь тайлбарлах зорилго тавьсан гэхээсээ байгал судлалын, тухайлбал био хүрээг судлах асуудлуудыг шийдвэрлэх гарын авлага байдлаар түүхийг ойлгох зорилготой байсан юм.
Угсаатны системийн хөдлөнги шинжийг түүний хэсэг байдлаар шууд судлах явдал нь түүхэн материалуудыг байгалийн шинжлэх ухааны аргуудаар дахин боловсруулсан үед л боломжтой юм. Ямар нэгэн хэт угсаатны түүхийг ийм аргаар судлахад бид үйл явцын явдлыг тодорхойлогч шалтгаан-үр дагаврын холбоог тогтоодог. Хэрэв үүнд дээр удаан хугацааны туршид янз бүрийн хэт угсаатнуудын хоорондын харилцааг нэмэх юм бол бид хэт угсаатны хөгжлийн хөдлөнги байдлыг олж авна. (Зураг 6 – г үз). Ландшафтын өөрчлөлттэй энэхүү хөдлөнги чанарын харилцан хамаарлыг тогтоох нь этнологийн шийдэх зорилт болно. Түүнийг шийдвэрлэх үед хүмүүсийн үйлдэл нь хувь хүний түвшиндөө ч, бүлийн түвшиндөө ч нийгмийн болон угсаатны орчинд огт эсрэг тэсрэг үр дагвартай байдаг нь тодорхой болно. Нийгмийн орчинд хүн чулуун хутга, цахилгаан дэнлүү буюу атомын бөмбөг хийх нь чухал байдаг. Тэрээр голдуу өөрийн бүтээлийн үр дагаврыг урьдчилан харж чаддаггүй, учир нь нийгмийн хүрээний хөгжил нь шалтгаан нь өөр дотроо байдаг аяндаа явагдах шинж чанартай байдаг. Энэхүү өөрийн хөгжлийг социологи судалдаг.
Угсаатны хүрээнд бол хүн буюу систем болох угсаатан нь өөрөө хэсэг нь болсон байгалдаа ямар нэг хортой зүйл хийж чаддаггүй. Ингэхлээр байгалтай харьцахдаа өөрийнхөө үйлдлийн үр дагаврыг урьдчилан харах хэрэгтэй байдаг, учир нь дурын алдаа сүйрлийн байж болдог. Хэдийгээр энэ сэдэв нь этнологийн мэдлийн байх авч байгал хамгаалахад соёл иргэншлийн эсрэг тэмцэх олон тооны шалтгааны тухай ярьж давтмааргүй байна.
Этнологийн практик хэрэглээний хоёр дахь боломж бол хамтын амьдрал (симбиоз) тогтооход зайлшгүй зан үйлийн шугамыг сонгох, угсаатны харилцааг судлах явдал юм. Ард түмнүүдийн хоорондын хамтын амьдралын чухам ийм хэлбэрүүдийн зайлшгүйг нотлох шаардлага байхгүй юм. Өнөөдөр геноцидыг номлохоор зориг шулуудсан хүнийг олох нь юу л бол.
Эцэст нь хэдийгээр угсаатны нийлэгжилтийн урсгал дахь хүний өөрийн мэдрэмж статистик зүй тогтлоор нөхцөлдсөн боловч энэ нь хүний түвшинд хэрэв боломж гарсан тохиолдолд хэд хэдэн шийдлийн хооронд сонголт хийх эрх чөлөө алга болно гэсэн хэрэг биш юм. Харин энэ нь байнга өгөгдөж байдаг ба зөвхөн тохиолдлыг л алдахгүй байх нь чухал юм.
Угсаатны нийлэгжилтийн шатыг буюу угсаатны систем дэх дэд системийн тоог нэг хүн өөрчилж чадахгүй ч гэсэн эрэмблэгдсэн доод түвшин-дэд угсаатны түвшинд болон ялангуяа организмын түвшинд зөвхөн үр дагавар нь гэхэд л ерөнхий статистик зүй тогтлоор тийм ч амархан нөхөгддөггүй үйл явдлыг төрүүлэх чадвартай хувь хүний хүчдэл боломжтой байдаг. Өөр үгээр бол маш их оргилох шинжтэй хүн заримдаа хөгжлийн муруйд тахир мухир бүтээж чаддаг ба үүнийг ч хүртэл түүхэнд тэмдэглэх болдог. Мэдээж бүх гай зовлонг эсвэл Аллахад, эсвэл Лапласын математикийн хуулиудын мөн чанарт, эсвэл Эйнштейний орон зай–цаг хугацааны континуумд тохох нь маш дур татмаар зүйл юм. Гэхдээ хүний хүсэл зоригийн үйлдэл нь мөн л байгалийн үзэгдэл бөгөөд энэ нь хүний физиологи, мэдрэл, гормонийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Хүний хүчдэлийг хүчтэй болгох ч, бас тэг болгох ч чадвартай угсаатны системээсээ гадуур нэг ч хүн амьдарч чадахгүй юм, чухам ийм болохоор угсаатны нийлэгжилтийн механизм хүмүүст практикийн хувьд ямар ч ялгаагүй байж болохгүй юм.
Бас нэг зүйл. Оргилох түлхэлтийн эх булгийн боломжийн тухай ярихдаа бид сансрын цацраг гэсэн зөвхөн нэг л таамаглалыг орхиогүй юм. Ойрын сансрын тухай мэдлэгийн өнөөгийн түвшинд энэ таамаглалыг яг таг батлахгүй байж болно, гэхдээ л энэ нь түүнтэй зөрчилдөгч баримтуудтай учраагүй л байна.
Хэрэв цаашдаа энэ таамаглал түүнтэй зөрчилдөгч баримтуудтай тулгарахгүй бол энэ нь этнолог нь ойрын сансар болон түүний Дэлхийн гадаргуутай харилцсан туйлын цаг тооллоор нарийн тэмдэглэсэн эрин үеүдэд хуваагдсан өгөгдөхүүнүүдийг олох боломж өгөх юм. Нэмэх хасах 50 жилийн алдааны хязгаар бол далд үеийн уртыг тодорхойлоход их биш юм, харин ойрын сансрын 4–5 мянган жилийн эрчим хүчний хувирлын тухай өгөгдөхүүнд практик үнэ цэнэ нь эргэлзээгүй юм.
Газрын үзэгдэлд ойрын сансрын үзүүлэх нөлөөл гайхалтай зүйл биш, харин нийтэд илэрхий зүйл юм. Сар далайн таталт түрэлтийг өдөөдөг, нарны идэвхи халуун бүсийн даралтын дээд хэмжээнд үйлчлэх замаар циклоны зам холилдох шалтгаан болдог, мөн тэрээр нянгийн эвцлийг болон түүнтэй холбоотой тахалд хүргэдэг. Энэ бүхэн нь тарни шид биш, харин газар зүй болно. Манай гаригийн хүрээлэл болон түүний гадаргуу дахь үйлчлэлийг үгүйсгэх ямар шалтгаанууд байгаа юм бэ ?
Гэтэл хэрэв антропо хүрээнд ямар нэг туяа үйлчилдэг гэсэн таамаглал батлагдахгүй бол яах вэ ? Хэрэв биологичид сээр нуруутны төрлийн дээд организмуудын анатомийг биш, зөвхөн физиологийг хувиргадаг өөрчлөлтийн, ялангуяа микро өөрчлөлтийн өөр шалтгаан олбол яах вэ ? Энэ нь сансар угсаатны нийлэгжилтийн шалтгаан биш болно гэсэн үг үү ? Үгүй юм. Учир нь үе тэнгийн угсаатан төрдөг түлхэлтийн зурвасууд нь эмпирик замаар тэмдэглэгдсэн баримт болно.
Хэрэв оргилох шинжийн механизмыг нээж, түүнийг организмын вегетатив мэдрэлийн системтэй холболгүй, харин тэдгээрийг тээгчидтэй нийцэн амьдардаг гормон буюу микроорганизмын нөлөөлөлтэй холбосон авъяаслаг сэтгэл зүйч гараад ирвэл яах вэ ? Эсвэл тэр оргилох шинжийн нэмэгдсэн идэвхийг амьд бодисын илүүдэл био химийн эрчим хүчээ хаях үзэгдэл биш, харин энэ эрчим хүчээ зорилго чиглэлтэйгээр өгөх чадвар гэж үзвэл яах вэ ? Эсвэл генетикч шинж тэмдэг болсон оргилох шинжийг дамжуулах аргыг нээвэл яах вэ? Ингэвэл угсаатны нийлэгжилтийн үзэгдлийн дээрх тайлбарлалд юу нь өөрчлөгдөх вэ ? Юу ч нь өөрчлөгдөхгүй юм ! Яагаад гэвэл угсаатны нийлэгжилт нь молекулын, тэр ч байтугай организмын түвшинд ажиглагдах үзэгдэл биш, харин өөрийн гэсэн шинжүүд бүхий бүлийн түвшинд явагддаг, зөвхөн энэ түвшинд хэвшмэл байдаг үзэгдэл юм. Хүснэгт 5 нь угсаатны нийлэгжилтийн бүхий л үзэл баримтлалыг түүний бүх амин хэсгүүдтэй нь агуулгын хувьд нэгтгэн дүгнэсэн товчлолыг үзүүлж байна.
Хүснэгт 5. Угсаатны нийлэгжилтийн шатууд
Хүснэгт 5

Сансрын буюу гаригийн өөрчлөлт нь угсаатны нийлэгжилтээс хэд хэдэн эрэмбээр дээгүүр байж, зөвхөн амьд организмуудын нийлбэрийг төдийгүй, хөрс, өөрөөр хэлбэл ургамлын хүүр болон агаарын чөлөөт хүчилтөрөгч зэргийг багтаасан бүхий л био хүрээнд нөлөөлдөг. Хэдийгээр угсаатан нь био хүрээний далай дахь дусал төдий боловч тэдгээр нь түүний хазайлтад хариу үйлдэхгүй байж чадахгүй юм.
Товчоор хэлбэл бид гүн ухаанчлалыг агуулаагүй байгалийн зүй тогтлыг авч судалсан билээ. Энэ маань баримтууд дээр тулгуурласан, иймээс зөвхөн шинэ, ямар ч эргэлзээгүй баримтууд л энэ үзэл баримтлалыг ганхуулж чадна.
ШАТЛАЛ
Дээр уншигчиддаа хэрэгтэй байгаа түүхэн бүх материалыг ашиглаж, цар хэмжээний (масштаб) зарчмыг мөрдөхөд хүргэдэг ойртолтын шатлалыг санал болгосон билээ. (хүснэгт 3)
Дэс дараалан ойртох хүснэгтийг ашиглан, зөвхөн био хүрээний зүгээс төдийггүй, мөн нийгмийн өөрийн хөгжлийн зүгээс үйлчлэлд өртөж буй угсаатны нийлэгжилтийн байрыг олж болох юм. Энэ үйлчлэл нь “үйл явдлын логик” гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл дайн, дипломат, дотоод эргэлт, эрх мэдэл булаах гэх мэтийг судлахаас ажлаа эхэлдэг түүхийн тэр бүлгүүдээр дамжин үйлчилдэг юм. Эдгээр материалууд нь дэндүү их, гэхдээ түүнийг хэрэглэхэд бага ач холбогдолтой үйл явдлыг том үйлстэй нэг эгнээнд тавьчихгүйн тулд цар хэмжээг хатуу мөрдөхийг шаарддаг. Ийм учраас тухайлсан хувь хүмүүсийн хувь заяаг нийгмийн системийн хувь заяанаас хоёр эрэмбээр доогуур тавьсан болно (Зураг 8 –ыг үз).
Зураг 8. Нийгмийн болон угсаатны хүрээний харилцан үйлдэл
Зураг 8. Нийгмийн болон угсаатны хүрээний харилцан үйлдэл
ЭНЭ НОМОНД БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙН ТУХАЙ
“Угсаатны нийлэгжилт ба Дэлхийн био хүрээ” ном нь хүн төрөлхтний байгал орчинтой харьцах харилцааны асуудлыг байгал болон соёлын буцалтгүй эвдрэлийн шалтгааныг тайлбарлах оролдого хийх хүртлээ хангалттай бүрэн дүрсэлсэн мэт санагдана. Үнэхээр ч одоо бид биоценозын конверсийн иймэрхүү зөрчил нь зөвхөн хэт угсаатны түвшин дэх угсаатны харилцааны үед л үүсч, тэхдээ тэнд дандаа бий болдоггүйг мэдэж байна. Ийм харилцааны үр дагавар нь шимэгч буюу химер бөгөөд энэ нь угсаатны хүрээн дэх “сул” газар” болно. Энд ямар нэг жам ёсны бус, ямар нэг бодит байдлыг эсрэг зүйл нэвтэрч, гэхдээ шимэгч нь зөвхөн түүний бий болох шалтгаан, тэр өөрөө бол өчүүхэн түлхэлтэд, заримдаа өөрийнхөө хүндээс болж нурдаг зүгээр л тогтворгүй систем, хийц юм.
Зан үйлийн хувьд харь, үл зохицох, авцалдах хоёр хэт угсаатан хослох үед догшин зөрчлийн үе болдог. Зан үйлийн тогтсон үзэл нь халагдахыг туулж (угсаатны нийлэгжилтийн шат) буй улс оронд харь угсаатан төдийгүй, гэнэт бүрэлдсэн антисистемийн нийтлэг орж ирэх үеийн эмгэнэлт нөхцөл байдлыг хэмжихийн аргагүй байдаг. Хэрэв эхний тохиолдолд харилцаанаас угсаатны шинэ бүхэллэг үүсч болдог, гэхдээ л энэ нь мөн л ээлжит зааглалтын улмаас XIX зууны Латин Америкт болдог шиг явдалд хүргэдэг. Энэ үйл явц нь хэчнээн цус урсгасныг бодоход ч аймшигтай ! Симон Боливарын тэмцэл нь сийрэг хүн амтай Америкаас шигүү хүн амтай Европт Напалеон Бонапартийн дайн авч одсонтой тэнцэх 1 сая хүний амь насыг салгасан юм.
Гэсэн хэдий ч гай зовлонд хязгаар байдаггүй юм. Хоёр систем, тэр тусмаа систем нь антисистемтэй хосолсон үед дайн нь бүр ч илүү харгис, цагаатгаж боломгүй болдог юм. Хүний тэчъадлын галзуурал болон бүдүүлэг хүчирхийлэл хэчнээн аймшигтай байсан ч урван тэрслэлтийн худал хуурмаг үүнээс дор юм, яагаад гэвэл эдгээр нь жам ёсны бус болой. Ийнхүү угсаатны нийлэгжилтийн зүй тогтолт шатуудыг туулж яваа угсаатнуудын зэрэгцээгээр шимэгч бүхэллэг үүсч, алга болж байдаг, эдгээр нь хөгжлөөсөө хагацсан, нас байхгүй, оршихуйнхаа богино хугацааг үл харгалзан угсаатны түүхэнд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэдэг, ийм учраас түүнийг судалж шинжлэх ёстой бөгөөд үүнд зоригт баатрууд, шуналт рыцариуд, болон гашишт манарсан алуурчдын тухай өгүүлсэн дараагийн номоо зориулах болно.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to Л.Н.Гумилев. Есдүгээр хэсэг

  1. baska says:

    bayarlalaa ,sar shine dee saihan shineleerei.

  2. Soogii says:

    Sudlaach Tand bayarlalaa,Ta amlasandaa hurch ene aguu hunii 9 bulegt tom buteeliig orchuulsanaa 4 sariin tursh bidend hesegchilen hurgej ugsunuur mongolchuud bid ugsaatniihaa huvid uursdiin garal uusel,tuuhiin tuhai olon zuiliig meden avch,tsaashdiin huvi zayaniihaa talaar ihiig ergetsuulen bodoguulahad mash tom tus hurgej baina.Tand amjilt husye!
    Ta sar shinedee saihan shineleerei.

  3. Уянга says:

    Маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  4. Цэнгүүн says:

    Таны хүч, хөдөлмөрийг биширч байна.. Баярласан, талархасан сэтгэлээ илэрхийж мэхийн ёслоё.. Үнэхээр суут бүтээл юм, нэг уншаад болдог эд биш бололтой..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: