ХҮРЭН ХААЛГАТАЙ ДЭЛГҮҮР НЬ ХӨ…

Одоо чинь олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байхад “хэрүүл” бичихгүй ээ. Харин эмэгтэйчүүддээ зориулж дэлгүүрийн тухай бичье гэж бодлоо. “Хүрэн хаалгатай дэлгүүр” гэж ардын сайхан дуу ч байдаг. Бэлэг ч болог, санамж ч болог. Та бүхэндээ сайн сайхан, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе.
“Анзаардаггүй” хувьсгал
Орчин үеийн хүн төрөлхтний техник, технологийн эцсийн үр шим нь хүний хэрэглээ болдог. Энэ нь галзуу хурдтай хөгжсөөр бид бараг “диваажинд” амьдарч байна. Хүнийг таргалуулж, турааж, эд эрхтэнг солих ч энүүхэнд. Одоо бүр хувилаад эхлэж байхад чинь… Ухаандаа худалдаа, үйлчилгээний салбар гэхэд л манай ДНБ-ий 47,8 хувийг бүрдүүлж, манай эдийн засгийн локомотив болчихоод, цаашдаа ч ач холбогдол нь улам өсөх илт хандлага байна. Бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж байгаа худалдаа, үйлчилгээний нийгмийн нөлөөллийг бүх талаас нь ярих бодит шаардлага үүсээд байна. Энэ нь хүүхнүүдэд ихээхэн хамаатай юм л даа…
Худалдаа, үйлчилгээний салбарт хувьсгал гарчээ. Муухай ааштай, юм чулууддаг худалдагчтай социализмын үеийн дэлгүүр, дугаарлах гэдгийг бид огт тас маржтээ.
Монгол орон “юу ч үйлдвэрлэдэггүй” орон учраас түүний эдийн засаг ердөө л худалдаа, үйлчилгээн дээр тогтож байна. Манай худалдаа, үйлчилгээний систем нь: 1. Орчин үеийн “супер”, “гипер”, “мега” дэлгүүр, үйлчилгээний сүлжээ, 2. Аварга болон төрөлжсөн захууд, 3. “8 нэрийн барааны дэлгүүр”-ээс эхлэн гар дээрээс наймаа эрхлэгч дунд болон жижиг сүлжээнээс тогтож байгаа юм. Эдний ачаар “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай” овоолоостой байх болов. Энэ систем хэдхэн жилийн дотор бий болж түүний галзуутай хурдан хөгжлийг гүйцэж, пянг бид даахгүй болж байна. Үүнийг монголчууд бид огт анзаарахгүй байгаа нь гайхалтай.
Ер нь бол дэлхий дахинаа худалдаа, үйлчилгээ нь бараг урлагийн нэг төрөл, чөлөөт цагаа өнгөрөөх газар, материаллаг мөрөөдлийн диваажин, үзээд ханашгүй музей, соёл-олон нийтийн газар, “мөнгөө барах” тоглоомын газар болж. Бараа үйлчилгээг өрх гэр, хүн бүрт хүргэж, хувцсыг нь өмсүүлж, хоолыг халбагадаж өгөхөөс авахуулаад хүний юу хүссэн бүхнийг гүйцэтгэх “шидтэн” болжээ. Энэ бол нийгмийн цоо шинэ үзэгдэл, тасралтгүй хувьсгал мөнөөс мөн бөгөөд энэ нь аль ч нийгэмд маш хүчтэй нөлөө үзүүлж улам бүр тодорхойлох шинжийг олж байгаа учраас өнөөгийн нийгмийг “хэрэглээний”, “үйлчилгээний”, “сүлжээний” гэхчлэн тодорхойлох болов.
Цахим карт, төлбөр тооцооны хялбаршуулсан систем, зээлээр авах, бараан код, интернет худалдаа гээд мянга түмэн арга технологи нэвтэрч байна. Саявтар “хар зураастай” кодны оронд радио давтамжтай код гараад иржээ. Нэг төрлийн бараа байлаа ч гэсэн дахин давтагдахгүй кодтой болох учраас хулгай хийх боломж бараг байхгүй болох юм байна. Гэхдээ л манай “ сайн эрчүүд” ямар нэг шинэ “арга” олж амжина биз. Нөгөө талд нь Танд буюу танай гэрт байгаа ямар ч барааг “хянах” өргөн боломж бий болов. Асар удахгүй хаа нэгтээ миний тамхи дууслаа гэхэд л “миний дэлгүүр”- ээс давхиж ирээд л бэлэн тамхи өгөх нь байна. Энэ нь их аятайхан хэрэг боловч бүхий л хэрэглээ чинь төдийгүй Та өөрөө “хяналт”-д орчихож байна.
Хуучин бол бүх дэлгүүр, үйлчилгээ 18-19 цагт бүгд хаалгаа “тас” барьдаг байсан бол одоо бүгдээрээ шахам 24 цагийн дэглэмтэй. Худалдаа үйлчилгээний олон төрлүүд хавсран нэгэн нэгдэх үйл явц болж байна. Энд дэлгүүрийн болон киноны мөрөөдлийг нийлүүлсэн “цоо шинэ юм” бий болж байна.
Үүний үр дүнд гэр бүл, түүний дотор хүүхдүүд улам бүр дэлгүүр, үйлчилгээнд татагдах болов. Уг нь бол худалдаа наймаа бол олон мянган жилийн турш хүмүүсийн сэтгэл зүй, үйлдлийн маш нарийн харилцааны үндэс болж ирсэн юм. Ухаандаа “үнэ хаялцах” бол энэ харилцааны гол шинж байсан. Гэтэл энэ нь оргүй алга болов. Шууд утгаараа нэг тал буюу үйлчилгээний тал эелдэг, соёл, иж бүрэн харилцсаныхаа төлөө үнээ хүмүүст шууд тулгах болсныг бид огт анзаардаггүй юм.
Орчин үеийн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхох шинэ “соёл” бий болж байна. Юун тэр дүрслэх урлагийн болон бусад музей, концер, жүжигтэй харьцуулах мантай, хамаагүй “илүү” бодит юмс бэв бэлэн байж байхад. Үүнээс болж юм худалдаж авахгүй ч гэсэн англиар бол window shopping, монголоор бол “дэлгүүр хэсэх” гэж хүний үйл ажиллагаа, цагаа өнгөрөөх нэг сайхан төрөл бий болов. Үүнийг зарим эрдэмтэд “дэлгүүрийн соёл” гэж нөхцөлт байдлаар нэрлэх болов. Ухаандаа музей үзэж, ном уншихад Та юу ч олж авч чадахгүй, харин дэлгүүрээс бол дурын юмыг олж болно.
Электрон болон цахилгаан бараа, компюьтер зэргийн өөрчлөлтийг гүйцэх хүн бараг алга. Ухаандаа гар утасныхаа бүх функцийг бүрэн мэддэг хүн тун цөөхөн, харин шинэ гар утас авах хүн бол хорвоогоор дүүрэн.
Манайд гар утас дөнгөж гараад байсан үед ээж маань”: “Манай орцны гадаа нэг “галзуу” бололтой залуу байна. Харахад хувцас хунар нь гайгүй л юм. Тэгсэн чинь гараа чихэн дээрээ тавьчихаад л ганцаараа яриад байх юм. Өрөвдөлтэй ч юм аа даа…” гэж байсан юмдаг. Тэр нь бараг анхны шахам гар утас барьсан “лаг баян” залуу байж л дээ. Гэтэл хэдхэн жилийн дотор бараг бүх эмээ, өвөө нар, мөн хүүхдүүд гар утастай даналзаж явна. Харин бид энэ асар том өөрчлөлтийг огт анзаарахгүй, “ердийн” мэт үздэг болчихож.
Хүмүүс маш хурдан өөрчлөгдөж байна. Худалдан авагчид бид нэг талаас тасралтгүй өсөх хэрэглээнийхээ субъект болжээ. Нөгөө талаас сайтар бэлтгэсэн, ухаалаг тавьсан занганд орж байна. Энэ занга нь шууд тулгахын оронд бүр илүү залилах чадвартай техник, технологийн мэдэлд оров. Энэ технологи нь бидний өдөр тутмын амьдралдаа арвилан хэмнэх гэх атлаа гэнэтийн худалдаа хийдэг эрмэлзэл дээр тоглож байдаг аж.
Худалдагчдын гол ажил нь бидний “тоо бодох” чадварыг багасгах, хангагдаагүй хэрэгцээгээ тэтгэх мөрөөдөл, төсөөлөл зэргийг өдөөх урамшуулах явдал болно. Өөрөөр хэлбэл бидний худалдан авах хүслийг гозгонуулах явдал болно.
Бяцхан судалгаа
Сэтгэл зүйн судалгаанаас үзэхэд ямар ч хүн бараа, бүтээгдэхүүн авах шийдвэрийн 60-70 хувийг шууд дэлгүүр дотор гаргадаг байна. Өөрөөр хэлбэл худалдан авалт нь улам бүр гэнэтийн шинжтэй болсоор байдаг аж.
Мөн судалгаагаар дэлгүүрүүдийн лангуу биднийг хөтөлж явахаар бодож хийсэн байдаг байна. Хүн нэг лангууны хажуугаар зүгээр л явахдаа 60 орчим секунд хардаг байна.
Мөн хүн ямар нэг юм авах шийдвэрээ ердөө л 6 секундэд гаргадаг байна. Энэ хугацаанд 10-20 төрлийн ижил бүтээгдэхүүнээс сонголт хийх нь байна. Хүүхнүүд Та нарыг бүү мэд, лав л манай эхнэр, охид “шийдвэр”-ээ ганцхан секундэд л гаргадгийг би ч нэг муу “ судалсан” юм аа. Одоогийн дэлгүүр бидний сэтгэл хөдлөл, мөрөөдөл, хүсэл зэргийг өдөөх “үүрэг” хүлээдэг байна.
Дэлгүүрийн өөртөө үйлчлэх хэлбэр нь хүнд бараа бүтээгдэхүүнийг нэг хэсэгтээ бараг л авчихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Баруунд “шопинг” гэдэг шинэ өвчин үүсээд удаж байна. Энэ өвчнөөр дунд болон дээд давхаргын нэлээд хангалуун эмэгтэйчүүд хамгийн их өвддөг байна. Энийг эмчлүүлдэг юм гэсэн. Харин манайд бол дэлгүүр хэсэх нь ёстой кайф болдгийг би мэднэ. Баян ядуу нь ямар хамаа байна, кайф авахад…Баян нь худалдаж аваад хэдхэн хоноод мартаж орхидог бол, ядуу нь ядахдаа нэг барьж үзэж болдог юм байгаа биз дээ…
Дэлгүүр бол хүн ороод дураараа явдаг эд биш, харин далд ухамсарт нөлөөлж биднийг “дагуулж явдаг” зохион байгуулалттай эд байна. Ухаандаа ганц талх авах гэж ороод дундуур нь явж явж баахан юм үүрчихсэн гарах үйлдэлд хүргэдэг ид шидтэй аж.
Бренд гэж нэг мундаг юм байдаг бөгөөд энд ТВ, радио, болон судалгааны болон бусад олон байгууллагууд оролддог байна. Бид гэртээ байхдаа ч юу авах, юуг үл авах зэрэг мэдээллийн байнгын бөмбөгдөлтөнд байдаг. Ердөө л дэлгүүр биднийг удирдаж, бас сургаж байдаг байна.
Үнэ бол мэдээж гол нь. Хямдарсан барааны үнийг бусад нь шингээчихдэг учраас нэг хямд, нэг “ердийн” бараа авахад л дүндээ дүн болдог зохион байгуулалттай байдаг юм байна.
Бидний хэрэглээний өртгөө байя гэхэд биет утгатай зүйлсийг биш, зарим бэлэг тэмдгийн өртгийг худалдаж авдаг. Одоо 30-40 жил ажилладаг хөргөгч, насаараа өмсдөг пальто, дээл огт хэрэггүй болжээ. Энэхүү бэлэг тэмдгийн хэрэгцээ бодит утгаараа огт хязгааргүй юм. Зүгээр л удирдаад, урамшуулаад, хөгжүүлээд, сургаад байхад л тэр дорхноо бий болдог байна. Үүний үр дүнд хэрэглээний уралдаан үүсдэг байна. Хэрэглээний уралдааны үндсэн сэдэл нь хангагдаагүй хүслээ байнга хангах бидний байнгын хүсэл болно. Үүний тулд мөнгө олох хэрэгтэй болох ба эсвэл ажиллах, эсвэл гэмт үйлдэл хийхээс өөр аргагүй болдог.
Гэртээ хийсэн судалгаа
Хуучин үед манай ванны өрөөнд оо, сойз, саван, саван, шампунь зэрэг хэдхэн юм өрөөстэй байдаг байлаа. Сая “судлаад” үзсэн чинь юу вэ, ванн, жорлон морлон чинь бүгдээрээ “химийн лаборатори” болчихож. “Буруу” шампунаар нь үсээ угаачихвал бараг хоцрогдсон моцрогдсоноо дуудуулах шинжтэй. Ерөнхийдөө бол би андуураад “үнэтэй юм”-ыг нь хэрэглэчихдэг юм шиг байгаа юм…
Тэгээд гал зуух руугаа орж “судаллаа”. Манайх гал зуух чинь дүүрэн комбайн. Шүүс шахдаг, төмс шардаг, ногоо зүсдэг (хэд хэдэн янз байдаг хог байна тэр чинь) гэхчлэн. Хөргөгчөө үзлээ. Мэдэх юм мах, хиам хоёр л байна. Аа бас жигтэйхэн сайхан хэрчсэн гурил байна. Гэрийн маань эмэгтэйчүүд ийм мундаг болж дээ, гэж бодсон чинь охины “санаачлага”-аар авдаг болсон дэлгүүрийн хэрчсэн бэлэн гурил юм байна. Тэрийг идээд бараг 10-аад жил болж байгаагаа мэдээгүй л байгаа юм даа. Баахан жимс байх юм. Би Болгарт байгаад жимснээс “гарчихсан” нөхөр л дөө. Надад бол сүү байхад болно. Бусдыг нь нь “судлах” гэсэн чинь миний ухаан хүрэхгүй учраас зогсохоос өөр арга байсангүй.
Энэ ардчилал чинь гэр бүлд хүртэл нэвтрээд намайг ёстой “зовоож” байна аа. Нэг юм авна гэнэ, мэдээж “олонхийн” саналаар шийдвэрлэх учраас “цөөнхи” болсон би гараа мянга өргөөд ч нэмэр байхгүй болж. Нэг удаа асуулаа. Миний “үүрэг” юу юм гэж ? Шууд хэлж байна аа. Та бол мөнгө олох л үүрэгтэй. Хувь заяатайгаа эвлэрэхгүй гээд ч хаачих юм бил ээ…Ухаандаа хэдхэн жилийн өмнө “хавтгай телевизоргүй” айл байгаад яахийм л гэнэ. Энэ “дөрвөлжин” телевизор чинь яачихсан юм гэтэл “буруутаад явчихдаг” байна ш дээ. Тэрийг нь чардайж байгаад авлаа. Тэгсэн одоо 3D телевизор авахгүй бол “айл биш” болно гэнэ ээ. Ингээд гэртээ хийсэн судалгаагаа дуусгах ёстой болоод байна. Цааш нь “судалбал” гэрээсээ “хөөгдөнө” гэдгээ ах нь нэг муу мэдэхтэйгээ л дээ…
Миний буруу
Би угаасаа дэлгүүр хоршоогоор явах тун дургүй. Намайг “юманд” явуулнаа, гэргий. Дурын худалдагч намайг хараад “шал мангар” гэдгийг шууд л мэдчихдэг юм. “Нүдээрээ олзолчихдог” юм шиг байгаа юм. Уг нь хувцас хунар гайгүй л гэж аминдаа боддог юм ш дээ. За тэгээд тэрийг нь аваад ирэхээр ахиад л “мангар”-аа дуудуулна. Учир нь 2-3 дахин өндөр үнээр авчихсан юм чинь арга байж уу. Ингээд ах чинь баяр маярын өмнө “ачаа зөөгч” –ийн үүрэг л гүйцэтгэнэ шүү дээ. Яаж ч “дэвших” гэж оролдоод бүтэхгүй эд гэдгийг сайн ойлгосон л доо. Энэ бол мэдээж миний буруу л даа…
Манайх “хөгшин” айл. Залуу нь ямар байдаг юм бол гээд “судалсан” чинь ав адилхан. Жишээ нь миний хуурай дүү сэтгүүлч Г.Уянга утасдаж байна. “Ганаа ах аа, дүү нь талх барьдаг ёстой гоё комбайн авлаа.. Одоо дүү нь гэрээ, аав ээжийгээ, бас танайхыг талхаар огт тасалдуулахгүй” гэж “баталж” байна. Үнэхээр ч хэд хоног гоё талх идлээ. Уянгийн биш, комбайны талх ш дээ… Сар хэртэй овоо “тасалдалгүй” явж байгаад талх нь цөөрөөд л байх юм. Сүүлдээ ор тас байхгүй болов. Одоо бодвол талхны комбайн нь гэрийнх нь хаа нэгтэй байгаа л гэж найдахаас. Одоо Уянгийг шоолохоор өөдөөс инээхээс өөр юм хэлж чаддаггүй л юм даа. Бодвол комбайн нь нэлээд үнэтэй эд нь мэдээж. Ийм л байгаа юм даа, орчин үеийн хэрэглээний систем. Мэдээж олон жишээ байгаа ч надад уурлахгүй дотно хүмүүсээрээ жишээ авч байгааг болгооно буй за…
Азаар сайн хань, хүүхдүүдийнхээ ачаар олон жилийн хүнд ачааг давсандаа л ах нь баярлаж байдаг даа. Ер нь бол надтай муу хүүхнүүд хэзээ ч тааралдаж байгаагүй юм. Тэгэхлээр л бүх хүүхнүүдийг хайрламаар байдаг юм аа. Сайхан баярлаарай, хүүхнүүд ээ, харин “хүрэн хаалгатай дэлгүүр”-ээр орохдоо ухаалаг л байж үзээрэй дээ. Учир нь тэр дуунд:
“Хүзүүн дундаараа дуниаруулаад байдаг
Хүүдэгнүүр зангаа татвал баржээ, хө…
“Дал мөрөн дундуураа дуниаруулаад байдаг
Давилуун зангаа татвал баржээ, хө хө”
гэсэн тун ч их бодмоор шадууд байдаг юм л даа…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 3 дугаар сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to ХҮРЭН ХААЛГАТАЙ ДЭЛГҮҮР НЬ ХӨ…

  1. amar says:

    he he he E.Fromm sanaand orchikhloo bna.

  2. tsolmon says:

    Mash saihan surgamjtai & ineedtei bichjee.Oroi ehner ajlaasaa ireheer ni unshuulna.Manai hyn eeljiin ajiltai .

  3. gankhuyag says:

    Эрих Фромм энд ямар ч хамаагүй. Та түүнийг огт мэдэхгүй хүн байна. Иймээс тэр суут хүн Таны санаанд орох ямар ч үндэслэл байхгүй. Та нар ядахдаа баярын үеэр хүн шиг байж чадахгүй байна уу ? Юу ч гэсэн Танай гэр бүлийн эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе. Харин…

  4. anand says:

    Исто сайхан бичиж.За, би тэр шопинг өвчинг чинь нэг хэсэг тусаад авсан.Хяналт бол нэг хэсэгтээ алдагдана ш дээ.Байгаа мөнгийг дуусгаж байж санаа амрана. Дараа нь авсан юмаа нэг хэсэгтээ л хэрэглэнэ.Тэгээд хаяна.Монголдоо байсан бол хүнд хэрэгтэй гээд бодохоор гол харлана.Тэгээд яахав хадгалж хадгалж хаяхаас өөр арга байхгүй.Харин одоо дэлгүүр барагтай бол хэсэхээ больсон.Хэрэгтэй гэсэн юмаа эхлээд хайна.Гачин гоё юм таарсан авахгүй гүрийнэ.Тэгж байтал тэр аймаар хүсээд байсан юм нь үнэн хэрэгтээ тийм ч хэрэгтэй биш болж санагдана.Иймэрхүү л… Эргээд харахад үнэхээр хэрэггүй зүйлд зарсан мөнгөө хадгалсан бол тэрнийгээ эргэлдүүлэх бизнесстэй байгаад өсгөсөн бол саятан болчихсон байхгүй юу…золиг гэж.
    Уянгаа дүүгээ ойлгож байнаа. Миний оёдлын машин авдаг түүхтэй их адилхан байна наадах чинь. Гэхдээ ээмэгтэй хүний жаргал гэж юу вэ? Нөхрийнхээ цалинг бүхлээр нь аваад дэлгүүр хэсэх шүү дээ.Ганхуяг минь… хэхэ…

  5. gankhuyag says:

    Нээрээ тийм байх шүү. Хэ хэ.

  6. baska says:

    энд бол японд хүүхнүүдийн ихэнх ни bred ийн өвчтэй тийм цүнхгүй эмэгтэй бол эмэгтэй биш ,та гоё өгүүллэг бичжээ баярлалаа

  7. Э.Болор says:

    Харин тийм ээ. Манай эхнэр гэхэд л хэрэглээгээ эрэмблэ гэж миний хэлдэг үгийг сайхан хэлдэг болсон. харин яг дагах дээрээ бага зэрэг хазайлттай хэрэглээд байгаа юм. гэхдээ л урьдахаа бодвол шал өөр болсон шүү. хэрэглэхгүй авсан зүйлийг нь хөл, гарт нь байн байн өртүүлээд байх их зүгээр. за даа, би ч гэсэн барилгын материалын дэлгүүрт орвол ч зүлгүүр хүртэл авах гээд байдаг юм билээ. тэгэхээр хэцүү л эд юм даа энэ хүрэн хаалгатай дэлгүүр гэгч. баярын мэнд хүргэе, эхнээр, хүүхнүүд ээ

  8. Anonymous says:

    хөөрхөн бичжээ, Танд болон танай гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай 2010-03-08

  9. gankhuyag says:

    Манай гэргий ч гэсэн өөдөөс “хэрэглээгээ эрэмбэл” гээд байгаа. Энэ нь архи пивоны хавьцаа юм болов уу даа. Ингээд ах нь ч бас сайн “ойлгохгүй” больчихоод байгаа юм аа…

  10. reader says:

    xexe goyo surgamjtai bichsen bna shd… neeree bi bas achaa zuugchuus uur uuregtei oroltsoj chaddagui yum bnashd bodood bsan chini… manai avgai harin harin yostoi … xexe… mongoliinhoo buhii l emegteichuuded bayariin mend hurgye ee…

  11. anand says:

    Хэрэглээгээ эрэмблэх гэдэг чинь “гоё”санаа байна шүү.Харин манай монголчууд чинь аймаар өндөр хэрэглээтэй юм биш үү.Сая явж ирсэнээс хойш тэгж бодогдоод байгаа. Тэр авгай хүүхнүүдийн эдэлж хэрэглэж байгаа нь аймаар болсон байна лээ.Намайг явахаас өмнө нэг найз маань сануулсан. Олигтой гувцастай очихгүй бол ажил чинь бүтэхгүй гэж.Гувцас, ажил 2ын хоорондын харилцан шүтэлцэл өндөр болсон бололтой. Энийг нэг талаас ажил нь амжилттай хүний гадаад байдлыг гувц нь илэрхийлдэг хэмжээний баян тарган байна гэдэг өөрөө сонин асуудал шүү.хаха.
    Бас гэх орон.Хөдөлмөр хөнгөвчлөхийн хувьд жишээ нь гал зуухны комбайнууд байна. Манай хүү хоолны чиглэлээр сурдаг юм. Жинхэнэ тогооч хүний дайсан бол янз бүрийн гал зуухны машинууд гэсэн. Бүх зүйлийг гараар хийвэл хамгийн амттай болдог гэнээ. Үүнийг Уянгаад дамжуулаарай. Өөр ямар нэг комбайн авахаас нь өмнө.хэхэ.
    Арих пиавны хэрэглээ ч өндөртөө л орно доо. Ганаа минь.Үүнийг олж харж сануулж байгаа авгайн бэлгийн нүд гайхалтай. Эхнэртээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргээрэй хө.
    Гэхдээ жаахан халчихаад буу халах ч сайхан шүү. Мэдэхгүй,мэдэхгүй энэ олон хэрэглээ бөгдөөрөө л “гоё”.Эрэмблэнэ гэхээр хайран санагдаад байна. Тэрний оронд аль ч хэрэглээгээ боломжийн хангадаг санхүүгийн эрх чөлөөнд хүрчихвэл…гэтэл хараад байхад хүний шуналд хязгаар байхгүй юм шиг.Нэг мэдсэн чинь лааг том авилгачин болчихсон явжээвэл…хэхэ.

  12. burged says:

    za yostoi nudiig ni olood helchihej.bi gej hun gantsaaraa delguur heseheer yostoi balarna daa.harin ehnertee barigdaad yabahaaraa harin ch neg hamgaalaltand orson yum shig l dagaad l hesej ogno.ih yadardag yum.gehdee shono ih saihan noir hurne…kkk ehneree dagaad yabahaaraa don don gej bgaad heregtei hereggui neg yum yaj iij bgaad l abchihsan l bdag yum.daraa ni grash habiar haragdaj l bdagiin…delguuree gej!

  13. eegii says:

    Saihan bichjee.,Amjilt husie

  14. Ажин says:

    Үнэн л юм бичиж байна. нэг пальто, хоёр гуталтай насаараа л шахам тэгэж явсан аав ээж нар маань өнөөгийн биднээс ихийг л хийж бүтээж чадсан гэж би боддог. өнөөдөр гурван ээлжийн гадуур хувцас, дөрвөн янзын өвлийн гуталтай, өдөр бүр л сольж өмссөн ч сард бараг давтагдхааргүй хувцастай яваа хүүхнүүд хэр ихийг амжуулж, гийгүүлж байгаа бол доо. ялангуяа төрийн байгууллагынханыг хараад байхад мэдлэг чадвар, ёс зүйгээрээ айхтаргүй л санагддаг шүү. Мэдээж бүгд биш л дээ. ихэнх нь л ийм байгаа юм.

  15. Сугар says:

    Энэ их хэрэглээ чинь байгалын нөөцийг шавхах, өндөр хөгжилтэй орон ядуу оронруу дайн хийх, соёлыг устгах, ертөнцийн нэг хэсэг иргэдийг ядуу байлгадаг үндсэн нөхцөл шүү дээ. Маш зөв сэдэв хөндлөө

  16. jomboonoo says:

    he he estoi ineed hurchlee bi yadag geech delguurt orood away gesnee bugdiig ni gartaa awch sagsandaa hiinee tegeed ywj bgaad neeree heregtei biluu gej bodoj hassaar neg yum delguurees araihiin gardag daa

  17. gankhuyag says:

    Эмэгтэй болгон Тань шиг байгаасай. Тэгвэл ч эхлээд гэр орон чинь, улмаар улс орон хөгжинө ш дээ.

  18. Aagii11 says:

    Bi puuz aah durtai. Tegeed puuznii delguur orj harah durtai

  19. Anonymous says:

    Goe bichih yumaa.

  20. Anonymous says:

    pis tus gej ineeseer bgad duusgalaa tand uneheer awyas bn shuu

  21. Энгийн ойлгомжтой мөртлөө олныг бодохоор бичжээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: