ЭРТХЭН ШИГ ХЭЛЖ БАЙЯ…

Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай. Эдгээр нь бараг зэрэгцсэн үйл явдлууд бөгөөд азаар манайх нэг хоногийн түрүүнд байдаг юм. Манайхан ямар ой тэмдэглэж чадах биш, баахан найр наадам хийж, их л сайндаа ганц хоёр эрдэм шинжилгээний хурал, үй түмэн шашны ёслол хийнэ биз. Энд гайтай юм гэвэл “түүхийн хэрүүл”, лайтай юм гэвэл “феодалын ёслол” хоёр бөлгөө. “Түүхийн хэрүүл”, “феодалын ёслол” хоёр нийлээд ирэхээрээ зүгээр л “сонгуулийн” улс төр болох бөгөөд энэ л үндэстнээ ёстой хагалан бутаргана даа. Манайд чинь “социалист” байж байгаад гэв гэнэт “капиталист” болчихдог, эсвэл урвуугаар хагарах шахсан “капиталист” байж өөрийгөө “социалист” гэдэг, аль эсвэл хэдхэн жил “либерал”, “консерватив” байж байгаад гэв гэнэт “үндэсний үзэлтэн” болчихдог хүмүүс пиг дүүрэн ш дээ…
800 жилийн ойг дурсах нь…
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэнэ гээд баахан улсад зарлачихсан. Ой тэмдэглэх комиссийн гишүүдийн ихэнхи нь Монголын түүхчид биш, “Нууц Товчоо”-ны сайн дурын “сонирхогчид” цуглачихсан ёстой баллаж хаяж билээ. Ой болохоос өмнө төсөвлөсөн мөнгийг иднэ гэж юу болохыг ёстой нэг үзүүлсэн дээ. Энд “тооцоо”-г нь ярих илүүц биз, тэртээ тэргүй байж л байгаа юм чинь.
Ой хаяанд ирсэн чинь хамаг ажил нь зуун задгай. Тэгээд чаддагаараа бизнес, урлагийнхнаа шахлаа даа. Хаа очиж бизнесийнхэн “муу нэртэй” боловч овоо мөнгө өгсөн юмдаг. Ингээд хэдхэн хоногт “субботникоор” их ойн ажлаа амжуулсан санаатай.
Ер нь бол 800 жилийн ойг манай урлаг соёлынхон маань нь л тэр олон гадаадын амьтан хүний өмнө аварч, бидний нүүрийг тахалж билээ. Би одоо болтол Монгол Улсынхаа нэр хүндийг аварч гарсан тэдэндээ баярлаж явдаг юм. Дараа нь хамаг дарга нар нь ууланд авирч “үлдсэн” мөнгөө үрж билээ. Одоо ийм балай тэнэг юм хэрхэвч гаргаж болгож болохгүй. Гэхдээ л болох гээд байгаа учраас эртхэн хэлж байгаа царай нь энэ.
“Онол-түүх”-ийн маргаан
Аль эрт 1860-аад оноос эхэлсэн капитализмын улс төр, эдийн засаг, цэргийн түрэмгийлэл, социалист үзэл санааны өргөн дэлгэрэлт, том гүрнүүдийн зөрчил зэрэг нь энэ бүхний урьдач нөхцөл болсон юм. 1905 онд Иранаас эхлэн Ази тив, Дорно дахинд ихээхэн зөрчилтэй, нийтлэг, түгээмэл хувьсгалын үргэлжилсэн эрин үе эхэлсэн билээ.
Нэг талаас аль ч хувьсгал хэд хэдэн цуврал хувьсгалаас бүрддэг, нөгөө талаас аль ч улс гүрэн унахад түүнийг “өмөөрсөн” хийгээд “устгах” хэд хэдэн тал дайсагнадаг бөгөөд энэ нь түгээмэл зүй тогтол байдаг. Үүний дээрээс даяар шинжтэй капитализм, социализм, өрнө, дорнууд зөрчилдөөд ирэхээр ёстой холион бантан болох нь мэдээжийн хэрэг юм. Ийм үйл явц ганц Монголд төдийгүй, Евроази болон дэлхий дахинаа болсон юм.
Гэв гэнэт Чин гүрэн унаад л манайх ч гэсэн гэв гэнэт тусгаар тогтночихсон юм огт биш. Нийтдээ 60-70 жил орчим үргэлжилсэн Чин гүрний доройтлын гол тайлал 1911 онд болсон юм. Яагаад Чин гүрэн унасан гэвэл мэдээж дотоодын ужиг ялзрал, хятадын ард түмний тэмцэл, бослого, мөн гадна талаас нь Англи, Франц, Герман, Орос, Япон зэрэг бүх “томчууд” янз бүрээр түрэмгийлсэнд оршино. Түүх хальт ч хараад үзсэн ч гэсэн Чин гүрэн шиг их доромжлуулсан улс байхгүй л болов уу. Хятад гэхэд л дөнгөж саяхан 1949 онд улсаа тунхаглаж байгаа биз дээ.
Манай 1911 оны хувьсгал бол Орос, Хятад, Япон болон бусад том гүрнүүдийн зөрчлийн дунд үүссэн, мөн манай үндэстэнд тохиосон ховорхон боломж байлаа. Гэхдээ хамгийн азтай нь байлаа. Учир нь энэ болон ойролцоо үед Азийн бусад орнуудад гарсан хувьсгалууд бүгдээрээ “томчуудад” дарагдсан бөгөөд одоо газрын зураг үзэхэд л энэ нь ямар ч тэнэг хүнд тодорхой буй за.
Түүхэн үйл явдал ганцхан Монголд болдог гэж хэн ч хэлэхгүй байх. Энд маш олон улсын маш олон зөрчилт, найрсалт үйл явдал болсон бөгөөд тэр хэмжээгээрээ маш олон талтай, туйлын эмзэг асуудал болно. Үүнийг дан ганц түүхээр биш, нийгмийн олон шинжлэх ухааны зааг дээр, үндэсний ухамсрын үндсэн дээр сайтар ярих асуудал юм. Шууд хэлэхэд түүхийн гүн ухаан, синергетикийн асуудал мөн. За даа, энийг ч гадарладаг хүн ч манайд тун цөөхөн дөө. Харин ойн комисст орох сайн дурын “түүхчид” бол “овоолоостой” байгаа.
Харсаар байтал асуудал ийм бөгөөтөл хэд хэдэн сэдвээр байнга хэрүүл хийдэг өвчтэй юм, бид. Иймээс сайн судалж байж л “онолдоорой“ л эртхэн шиг сануулж байна.
Аль нь мундаг вэ ?
Одоо удахгүй 1911, 1921 оны хувьсгалын аль нь мундаг вэ гээд л үзнэ шүү дээ. Энэ нь нэгдэх “том хэрүүл” болно. Дотроо хэрэлддэг бол хамаа алга, харин олон улсын түвшинд хүртэл “хэрэлдэх” гэж зэхээд байгаа учраас л ингэж хэлж байна. Наад зах нь гэхэд л Орос, Хятад, “Баруун”-ы тал болоод түүхээр “байлдана”, тэрийгээ ашигт малтмал, геополитикийн асуудал хүртэл “томруулах” гээд хэл нь загатнаад сууж байгаа хурц хэлбэрийн өвчитүүд олон буй.
Тусгаар тогтнол бол хэдхэн жилийн настай эд биш атал энүүгээр нь далимдуулаад МАХН-ыг ганц сайн “алж хаяхгүй” юу. Мөн 1911 оны хувьсгалын талаар МАХН-ын урьд өмнө хэлсэн ярьсан “муу муухай юм” овоолоостой байгаа.
МАХН-ынхан мөн энэ үед 90 жилийн ойгоо тэмдэглэх 1921 оны Ардын Хувьсгалыг магтан дуулах нь мэдээжийн хэрэг. Ингээд л хэнд ч хэрэггүй хогийн сав шиг болчихсон нам намаараа талцаж аваад хувьсгалуудыг “уралдуулж” өгнө дөө. Энийг би л хувьдаа солиорол гэж нэрлэнэ.
Энэ бол түүхийн асуудал огт биш, өнөөгийн мунхаг улс төрийн “түүхчилсэн халхавч”-аас өөр зүйл огт биш. За тэгээд аль нэг хувьсгал нь “мундаг” болж гэж саная. Тэгээд яахийм ?! Харин эдгээрийн цуварсан, нөхсөн, зөрчилдсөн, будилсан, уламжилсан, шинэчлэгдсэн нийтлэг зүй тогтол, хандлагыг олж ухаарах нь чухал баймаар.
1911 болон 1921 оны хувьсгалууд ихээхэн зөрчлийн дунд залган үргэлжилсэн, шат ахисан, хүйн холбоотой үйл явдлууд гэдэг нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой атал манай “түүхчид” болон “онолчид” үүнийг урвуугаар “нотолж” харин ч нэг чадна байх шүү…
Ер нь хувьсгалууд болон түүхэн үеүд, түүхэн бие хүмүүсийг зөрчилдүүлдэг, эсвэл газар дор ортол муулдаг, эсвэл тэнгэрт гартал магтдаг тэнэг зангаа бүгдээрээ татах нь зүйд нийцнэ байх. Түүхэн том үйл явдал, түүхт бие хүмүүсийг үл зөрчилдүүлдэг хятадын болон дорно дахины гүн ухаан, түүхээс сурах юм мөн ч их бий дээ, уг нь…
Үзэл суртлын нэн тодорхой зорилгын үүднээс “түүхээр тоглодог” болсон хүмүүсийг “түүх”, “онол” зохиох дур хүслээ эртхэн татаж байхыг би зориуд анхааруулж байна. Мэдээж хэн ч, юугаа ч бичиж болох боловч өөрийгөө түүхч гээд бодчихсон баахан “сайн дурынхан”, бас “улс төрийн гавъяатууд” л энд лай болох болов уу. Ямар ч хүнд нийгэм, үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг байдаг юм ш дээ…
Хэн нь мундаг вэ ?
Аливаа хувьсгалыг бүлэг хүмүүс хамтарч удирддаг нь зүй тогтол. Тэгэнгүүт аль нь мундаг вэ гэсэн хоёр дахь “хэрүүл” үүсэх бөгөөд зарим нь YIII Богд, зарим нь Ханддорж чин ван, зарим нь сайн ноён хан Намнансүрэн гээд 100-аад жилийн өмнө байсан эх орончдыг “муудалцуулж” өгнө дөө. Ингэх нь хэнд ямар ашигтайг би л лав мэдэхгүй. Уг нь бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж тусгаар тогтнолоо олсон юмдаг. Гэхдээ “бөөн хэрүүл” болно гэдгийг л мэдэж байна. Мэдэж ядаад байх юм огт байхгүй, одооныхоо аймаг аймгийнхаа хүмүүсийг л хамгийн “мундаг” нь гэж солиорох нь гарцаагүй.
Энэ хувьсгал нэлээд олон удирдагчтай байсан бөгөөд бусад нь тэдний удирдлагын дор эрх чөлөөний төлөө эрслэн боссон юм. Энд нэг зүйлийг огт мартаж болохгүй. Энэ бол Өвөр монголчууд. Бараг тэдний ачаар энэ хувьсгал ялсан гэхэд нэг их хилс дүгнэлт болохгүй. Тэд бөөн бөөнөөрөө наашаа ирж, үндэсний их үйл хэргийн төлөө хүчин зүтгэсэн бөгөөд харин цаг төрийн үймээн, ялангуяа 1915 оны 3 улсын гэрээнээс болоод зарим нь буцан явж, зарим нь үлдэж, зарим нь манайд дайсагнаж, бүр сүүлдээ эх орончид өөр хоорондоо дайтсан эмгэнэлтэй явдал ч бий. Ер нь аливаа хувьсгал нэг шугамаар, нэг чиглэлээр, амар хялбар болдоггүйг дэлхийн болон манай түүхийн олон жишээ нотолдог.
Түүнчлэн хувьсгалчдын дунд зөрчил гарах нь зайлшгүй байдаг. Төргүй 220 жил болчихсон манайх байтугай төрөө сольсон аль ч улсад ийм үзэгдэл болдог жамтай. Орос болон Хятадад болсон иргэний дайн, хэлмэгдүүлэлт үүний тод жишээ болох биз.
Ямар азаар манайд иргэний дайн болоогүй юм, гэхдээ л хар шар феодалуудын дунд эрх мэдлийн төлөө тэмцэл, өрсөлдөөн болж байсан. 1911 оны хувьсгалын удирдагчдын ихэнхи нь нэг их удалгүй амь үрэгдсэн бөгөөд саяхан болтол тэднийг бүгдийг нь хятадууд “алчихсан” гэж харддаг байсан.
Харин сайтар нягтлан үзвээс заримыг нь хятадууд, заримыг нь оросууд, харин хамгийн харамсалтай нь заримыг нь бид нар өөрсдийн өрсөлдөөний улмаас “цааш харуулсан” гэж үзэж бүрнээ болно. Хувьсгалын удирдагчдын үзэл бодол цаг хугацааны явцад өөрчлөгдсөн, төөрөлдсөн, мөн зөрчилтэй байсан нь тодорхой юм. Гэхдээ л бид асар их үнэ цэнээр тусгаар тогтнолд хүрч чадсан. Эндээс хамгийн “мундгийг” нь тодруулах гэвэл өнөөгийн бидний хамгийн том нүгэл болох нь гарцаагүй.
Гадаадыг загнах нь
Дараачийн “том хэрүүл” нь гадаадыг загнах явдал болно. Мэдээж Орос, Хятад, Япон 3 энд хамгийн их хамаатай. Энэ улсуудын бодлого ч гэсэн өөр хоорондын болон дотоодын зөрчилдөөний улмаас чиглэл болон эрчим нь богино хугацаанд эрс өөрчлөгдөж байсан.
1911 оны хувьсгалд Хаант Оросын үзүүлсэн улс төр, цэрэг, дипломатын тусламжийг үгүйсгэвэл ёстой нүгэл болно. Хятадад ч гэсэн Японы болон Английн талыг барьсан бүлэглэлүүд өрсөлдөж, бидний хамгийн сайн “мэддэг” Чен И, Суй шүй жан хоёр гэхэд л тэдний улс төрийн эрх ашгийг илэрхийлж байлаа.
Оросын бодлого ч гэсэн 1905 оны Орос-Японы дайн, Дэлхийн I дайн, Октябрийн хувьсгал, иргэний дайн зэргээс шалтгаалан янз бүрийн байдлаар хувирч байлаа. Япон ч гэсэн хамгийн идэвхитэй оролцогч байсан нь мэдээжийн хэрэг.
Ийм олон ээдрээтэй үйл явцын эргүүлгэд орсон нүүдэлчин монголчуудын толгой эргэх нь гарцаагүй байсан. Сүүлийн үед зарим түүхчид “факт” гэж ярих их дуртай болж. Хэрэв түүхийн “том” хэрчимд болсон олон фактуудыг дан дангаар нь тайлбарлавал түүх биш болдог юм. Тайлбарлах боломжгүй, нийтэд хэлж болохгүй, бас бидний хэзээ ч илрүүлж үл чадах“фактууд” үй олон бий…
Жишээлбэл, харчин гүн Бавуужав байна. Энэ хүн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэсний учир Богд хаанаас гүн цолоор шагнуулж, зүүн өмнөд хязгаарын цэргийн сайд жанжин болтлоо дэвшсэн байдаг. Гэтэл Хиагтыг гэрээний улмаас түүний бүх монголыг нэгтгэх хүсэл нь биелээгүй тул Хятад руу довтолж түйвээж эхэлсэн. Тэрбээр өөрийнхөө морин жолоочид алуулсан гэх ч яриа бий. Хятадын цэрэгт цохиулсан түүний үлдэгдэл цэргүүд бараг өширхсөн байлгүй дээ, Монгол руу орж түйвээж эхэлжээ. Тэднийг Хатанбаатарын цэрэг наанаас нь цохиж даржээ. Энд байлдаанд жанжин Д.Сүхбаатар ч оролцож явсан. Эх орончид ч гэсэн энддэг, төөрөлддөг, дайтдаг гэдгийг эндээс тод харж болно. Одоо түүнийг хятадууд огт үзэхгүй, монголчууд бид бараг бичдэггүй. Би л хувьдаа түүнийг гайхамшигт баатар л гэж хэлнэ. Энэ үйл явдалд Орос, Хятад, Япон улсууд янз бүрийн байдлаар оролцсон байдаг. Бас тэр үед Орос, Хятадаас эхлээд дотроо байлдаагүй улс ерөөс байгаагүй. Энэ факт гэхэд л түүхэн бие хүмүүсийн талаар нэгэн утгат дүгнэлт хийх боломжийг оргүй болгодог юм. Энэ нь ихээхэн эмгэнэлтэй жишээ биш гэж үү ?!
Иймээс түүх бол фактуудын нийлбэр огт биш. Хэрэв шинжлэх ухаанаар оролдоё гэж бодож байвал фактуудаа цаг хугацаа болон ач холбогдлоор нь эрэмбэлдэг юм. Тэгээд тодорхой үзэл баримтлал, арга зүйн дагуу гол үйл явдлаа системт байдалд оруулж, хандлага болон шүтэн барилдлагыг нь олж байгаад тайлбарлал хийж ухаарал авдаг юм. Түүхээс ухаарлаас өөр юу ч нэхэж болдоггүйн учир нь энэ л дээ…
Ямар ч байсан 1911 оны Үндэсний Хувьсгал бол гадаад, дотоод олон хүчин зүйлийн зөрчил, сүлжилдээн, найрсал дунд манай эх орончид болон ард түмний шургуу зүтгэлээр ялсан бөгөөд манай тусгаар тогтнолын эхний хуудас, алдарт түүхч Л.Жамсрангийн дүгнэснээр “монголчуудын сэргэн мандлын эхэн” байлаа. Мөн түүхч Жамсрангийн Урангуагийн дүгнэснээр “дэвшилтэт ардчилсан үзэл санаа” мэдэгдэхүйц өссөн нь нийгмийн сэтгэлгээнд гарсан ахиц дэвшил байлаа.
1921 онд энийг үргэлжлүүлж, нийгмийн хувьсгал хийсэн хийсэн юм ш дээ. Монголчууд бусдаас өмнө Өрнө рүү чиглэсэн нь буруу юм уу ?!
Тусгаар тогтнол бол зүгээр ирдэг зүйл биш, асар олон хүний амь нас, цус хөлс, алдаа оноо, төөрөгдөл, тэмцэл дунд л олддог буй за. Энэ дундаас цорын ганц зөв “түүх”, зөв “хүн” олох гэж давхих нь ердөө л тэнэг хүний ажил болно.
Миний ойлгож байгаагаар 1911, 1921 төдийгүй, сүүлийн 100 гаруй жилийн түүхэн үйл явцыг гадаад болон дотоод орчин, хүрсэн үр дүн, хандлага зэргээр хэмжих системт шинжилгээний шинэлэг арга зүйг бид ашиглах ёстой. Үүнийг л түүхийн гүн ухаан, туурвил гэдэг буй за. Энэ нь хувь хүний түвшин, бүлгийн түвшин, хүчний харьцаа, гадаад нөхцөл, гадаад дотоод нөхцлийн уялдаа, олон улсын хүчний харьцаа зэрэг олон түвшинтэй, заримдаа тайлбарлахын аргагүй олон талтай байдаг ч гэсэн шүтэн барилдлагыг нь олох хамгийн чухал нь байх. Эдгээрийг бүгдийг нь холиод хаячихаар түүх ч биш, улс төр ч биш, ердөө л тэнэглэл болдог юм.
Бяцхан зөвлөгөө
Иймээс эртхэн шиг ахиухан мөнгө гаргаад зөвхөн мэргэжлийн түүхчид болон бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн хэд хэдэн төсөл одооноос эхлэн хэрэгжүүлж байвал бидэнд л хэрэгтэй байх. Эрдэмтэд мэдээж маргана, гэхдээ энэ бол мэргэжлийн мэтгэлцээн болохоос биш, нийтлэлийн түвшний жижиг хэрүүл огт биш.
Эрдэмтэд ч гэсэн бие биедээ “томроод” байлгүй шиг мэргэжлийн мэтгэлцээнээ олон нийтэд цацахдаа ихээхэн хянуур, болгоомжтой хандвал тун зүгээрсэн. Учир нь нийгмийн сэтгэл зүй нэн тогтворгүй байгаа. Иймээс ядахдаа эрдэмтдээсээ бэлэн юмыг нь аваад “илтгэж байхад” амар байхгүй юу даа. Энд нэг их мөнгө орохгүй дээ, чааваас гэж, их л үсрээд хот, дүүргийн түвшний ганц хоёр авилгачийн нэг удаа “хийдэг” л мөнгө болно биз.
Манай улс төрчдийн ой яаж тэмдэглэдгийг ямар мэдэхгүй биш. Эрхэм улс төрчдийг үүнээс л холхон байж үзээрэй гэж зориуд сануулж байна. Яг цаг нь болоод ирмэгц бөөн сайн дурынхан гарч ирээд тийм ч, ийм ч “түүх” бичнэ гэж солиороод, нөгөө хэдэн улс төрчид нь тэднийхээ “онол”-оор нэг их сүрхий “эх оронч”, “тусгаар тогтногч”, “үндэстний үзэлтэн” болох гээд дайраад орчихно, харж л байгаарай.
Үнэн хэрэг дээрээ энэ нь намуудын улс төрийн тэмцлийн “зэвсэг”-ээс өөр зүйл огт биш. Ядаж байхад энэ Ерөнхийлөгч нь лекц мекц унших, “уран гоё” илтгэл айлтгал тавих дуртайг хэлэх үү. Тэрээр “Шударга байцгаая” гэсэн амандаа хүрэх нь өнгөрсөн ч ядахдаа хэрүүл хийлгэхгүй байх нь түүний үүрэг буй за. Надад л лав түүний өмнөөс “үндэсний эв нэгдэл” илэрхийлэх үүрэг огт байхгүй дэг…
За тэгээд хэдийгээр түүхэн үнэн хэдий ч YIII Богд тэргүүтэй олон хутагт, хувилгаад маань хувьсгалыг удирдсан гээд шашны хурал ном болоод явчихна, тэрэн дээр нь баахан шинэ феодалууд давхиж очоод шашин төр нь холилдчихно, мөн хэн дуртай нь баримтат кино, алтан мөнгөн ном хийнэ, суварга болон сэрэг дүр бүтээнэ гэж давхих нь мэдээж ш дээ. Ойгоор далимдуулж мөнгө идэх гэж байгааг нь ямар мэдэхгүй биш. Энэ чинь XXI зуун гэж би мөн ч их хэлж байна даа…
Түүхч Д.Дашбадрах агсны тооцоогоор энэ үед “Түшээт хан аймагт хутаг хувилгаад 21, түүний удаа дараа хувилсан 64, Сайн ноён хан аймагт 20, хувилсан 80, Засагт хан аймагт 6, хувилсан 35, Сэцэн хан аймагт 13, хувилсан 66, Их шавьд тамгатай тамгагүй хутаг хувилгаад 7, хувилсан хутагт 38” байсан юм шүү дээ. Тэгээд энэ олон хувилгаадынхаа ой мой, хойд урд дүрийг тодруулна гэж “дайрах” нь лавтай. Ингэж балайрах юм бол эртхэн шиг Таван Толгойгоо барьцаалж зараад мөнгөө босгож байсан нь илүү дээр байх. Тэр “муу үнсээр” их ойгоо “ганц сайхан” тэмдэглээд зараад хаячихсан ч яадгийм ?!
2011 он чинь сонгуулийн өмнөх жил болохоор “галзуурах” нь мэдээж боловч арай өөр юмаар галзуурвал дээр байх л даа. Бүтэн жилийн өмнө “зөвлөхөөс” өөр би яах билээ. Харин Монголын түүхийг “сонгуулийн” улс төр болгож хувиргах гэсэн тохиолдолд энэхүү арчаагаа алдсан хүн буюу бүлгийн “улс төр”-ийг ердөө л “түүх” болгочихож бас болно ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 03 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ЭРТХЭН ШИГ ХЭЛЖ БАЙЯ…

  1. tseegii says:

    mash ih bayrlalaa. ih yum oilgoj avlaa. amjilt husie.

  2. Asuult says:

    Asuult bna, uhsen maliin segiig yaj arilgaj bna? Tuuhendee yadag baisan yum bol? Shataah baihaa tee, tsas hailj, us ruu orohoos ni umnu.. nyan ene ter… Oyutnuudiig urialj daichlaad ene ajild tusluulj bna uu? mashin tereg heregtei baih daa, bas uursduu uvchin baidag bol avchilgui beelii maasig ene tertei tee.. Esvel aimgiin tuviinhen tusalj baigaan bolov uu? Ene talaar helj ugnu uu.

  3. аз says:

    энэ улс юу болоод байнаа…улс төрийн өнөөгийн байдал, оюу толгойн гэрээ гээд таны судалгаа нотолгоотой нийтлэлийг уншмаар байна.

  4. Demjigch says:

    zuv sanaa devshuuljee, manai undesnii erh chuluunii huvisgaliin 100 jil, hujaa nar manjiin darlaliig halsanii 100 jil davhtsaj baigaatai holbootoigoor hujaa nar myy sanaa sedeh gej baigaa shuu, ene 2 uil yavdal neg zuil meteer yariad ehleh vii dee??????????????????????????

  5. SAIHNAA says:

    tUUHIIG MONGOLD ZOVHON BAABAR ELBEGDORGIIN ZAHIALGAAR BICHDEG BAIHGUI YU,TEGEED L MASH SAIHAN TOVCH OILGOMJTOI,JISHEE N BID EEJ NARIIGAA BIDNIIG TORUULEH GEJ YAJ ZOVDOGIIG MEDEHGUI ONGORDOG SHIG JIREMSEN BAIGAAD L NEG OGLOO HUUHEDTEI BOLCHIHNO TER OVDOJ SHANALAH TUHAI BICHIJ BOLDOGGUI TOVCH BAIVAL ZALUU BIDEND TUUHIIG OILGOH N AMAR YUM SHIG BAIGAA YUM

  6. хатнаа says:

    Thank you

  7. tsogoo says:

    argagui l heljdee ta. ta shinjleh uhaanii analysis gedeg zuil baidag yum gedgiig olon hund 2010.03.23nd bichsen niitleleeree batalsan bndaa. niigmiin shinjleh uhaan gej yu baidag yum be gej yaridag humuus eniig unsh daraa ni odoo bolj baigaa zuiliig har. zarim neg ni Ganaa sudlaachaas ireeduin hani ijil, ajil turluu asuuval bas heleed l ugnushuu (byatshan nargia). sudlaachid ajliin amjilt husie.

  8. Болд says:

    Ах минь энэ мэтийг хэлж дуулгаж байхад бруу ишилсэн сүх шиг солиорсон малнаас дор адгуусийн үгийг салхинд хийсгээд өөрөөрөө үнэнээрээ байгаараа, таныг монгол өвгөдийн сүнс тэтгэж мөнх тэнгэрийн хүч ивээнээ та бол хувь хүн биш түмний заяатай агуу бус аугаа мэдлэг бөлгөө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: