ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ…

Сүүлийн хэдэн жил эхлээд хэдхэн хүн хувьсгал ярьдаг байсан бол бараг улс төрийн голлох хүчин, улс төрчид, жирийн иргэд ч чөлөөтэй ярьдаг болжээ. Зарим “том” улс төрчид бүр “хувьсгал” хийх ном зохиол хүртэл хэвлэж, сурталчилж байхад Ерөнхийлөгч нь хувьсгалаа бид аль хэдийн “хийчихсэн” ч гэх шиг яриад эхэлж байна. Хэрэв хувьсгал гэдэг үг төрийн томчууд төдийгүй жирийн иргэдийн амнаас гарах болсон ахул Монгол орон яах аргагүй хувьсгалын босгон дээр тулж ирлээ гэсэн хэрэг юм. Харамсалтай нь бидний олонхийн “хувьсгалт” ойлголт марксист-ленинист загвараас огтхон ч гарч чадахгүй байгаад “хамаг зовлон” байгаа юм.
Хувьсгалын онол хийгээд практик
Нэн эртний үеэс “хувьсгал” гардаг байсан нь тодорхой. Нэг жанжин цэргүүдээ, эсвэл тариачин эр “дээрэмчид” цуглуулаад хаанаа алаад өөрөө хаан болоод гэхчлэн үй түмэн жишээг түүхийн ном зохиолоос олж үзэж болно. Энэнд ямар ч “онол” байгаагүй нь мэдээжийн хэрэг. Харин 1640 оны Английн, 1789 оны Францын хувьсгалаас эхлээд “онол монол” нь хэзээ хойно гарсан. “Онол”-оор явдаг хувьсгал гэж байхгүй л байх.
Францынхаас эхлээд европын хувьсгал, дараа нь Оросын Октябрийн хувьсгал, тэр нь дэлгэрээд ХХ зууны эхэн үеийн үндэсний эрх чөлөөний хувьсгалууд, колонийн системийн задралын үеийн хувьсгалууд, эргээд социалист системийг задлах хувьсгал, исламын хувьсгалууд, ахин эргээд “ардчилсны ардчилсан” хувьсгалууд гэхчлэн тоолоод байвал энэ түүх мүүх чинь “туж” л хувьсгал болчихож байгаа юм.
Яг хувьсгал болон түүнийг тайлбарлах “онол” хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Хувьсгал бол яагаад ч юм “өөрөө гарчихдаг” эд шиг байгаа юм. Харин “онол” нь бөөн будлиан. Харин түүнийг тайлбарлах болохоороо бараг бүгдээрээ л үзэн яддаг, эсвэл дэмждэг Маркс, Лениний онолоос нэг их илүү гарч чадаагүй байгаад л хэргийн учир оршино. Харин эрдэмтэд сүүлийн үеийн хувьсгалууд, түүнд нөлөөлж буй янз бүрийн хүчин зүйл, нөхцөл, шалтгааныг судалж, тооцож, үе шатаар нь хуваагаад үзсэн чинь “хувьсгалын дөрөв, тавдугаар үе” болчихсон юм байна. Өөрөөр хэлбэл 1921 болон 1990 оныхоос шал ондоо боллоо гэсэн хэрэг л дээ.
Учир нь гадаад нөхцөл, үзэл суртлын үндэслэл, угсаатны болон шашны язгуур үндэс, элитийн зөрчил, анги холилдсон холбоод үүсэх зэрэг огт өөр хүчин зүйлүүд гараад иржээ.
Манайхны үйл хөдлөл, ойлголтыг харах юм бол лавтайяа нэг юм уу, хоёрдугаар үе дээр нь байх шиг байна. Сүүлийн үеийн хувьсгал болон хувьсгалтай төстэй олон үйл явдлууд нь: нэг, шударга нийгмийн талаарх өрсөлдөгч төсөөлөлд тулгуурлан улс төрийн дэглэмийг өөрчлөх оролдлого, хоёр, хууль ёсны болон хууль ёсны бус байдлаар олон түмнийг дайчлах хэмжээ нэмэгдсэн, гурав, нийтийг хамарсан жагсаал, цуглаан, ажил хаялт болон хүч хэрэглэх зэрэг институтжээгүй үйлдлийг ашиглан өөрчлөлт хийх оролдлого зэрэг нийтлэг шинжтэй нь илт харагдаж байгаа.
“Хувьсгал” хийгээд түүний ангилал
Дээрх нийтлэг шинжийг ашиглан хувьсгалд арай орчин үеийн тодорхойлолт өгч болох юм.
Хувьсгал гэдэг бол олон нийтийг албан болон албан бусаар дайчлан оролцуулах, оршин буй засгийг халах гэсэн институтжээгүй үйлдлийн тусламжтайгаар улс төрийн институтыг өөрчлөн байгуулах болон нийгэм дэх улс төрийн засаглалд шинэ үндэслэл бий болгох явдал болно.
Энэ тодорхойлолт бол цорын ганц “үнэн” огт биш, гэхдээ “пролетарийн хувьсгал”-аас илүү гарч, орчин үеийн туршлагыг ямар нэг хэмжээгээр тусгасан учраас баримжаа авахад хэрэг хэрэг болох нь гарцаагүй юм. Учир нь нэг нь хувьсгал “хийх” гээд, нөгөө нь хувьсгалаас “айгаад” байгаа мөртлөө бүгдээрээ л “адилхан” хувьсгалд бэлтгээд байхаар нь ингэж хэлж байна. Иймээс эхлээд ямар “хувьсгал” хийхээ “ойлгочихсон” нь дээр байх л даа…
Ядахдаа төрийн индэр, намын индэр, олон нийтийн өмнө “үг мүг” хэлж мэдэмхийрэхдээ марксынхыг биш, арай орчин үеийн тодорхойлолт хэрэглэж байвал “том” дарга, “жижиг” тэмцэгч гэлтгүй бүх хүнд л хэрэгтэй ш дээ. Мөн хүчний байгууллагууд “хувьсгалчдыг” гэмт хэрэгтэн гээд “ойлгочихдог” учраас үүнийг бусдаас илүү сайн тогтоож авах ёстой байх…
Мөн бидний нэлэнхүйд нь ярьдаг хувьсгал гэдэг “энэ юм” чинь их олон янз байдаг юм ш дээ…
Ухаандаа улс төр, эдийн засгийн институт, нийгмийн бүтцийг бүхэлд нь өөрчилдөг хувьсгалыг том хувьсгал гэнэ. Францын, Октябрийн гээд бид үүнийг сайн мэднэ. Дашрамд хэлэхэд манайхан чинь дандаа л “гадаад хувьсгал” мэддэг, өөрийнхөө хувьсгал болон өөрийн нийгэм, түүх, сэтгэл зүйгээ огт мэддэггүй юм.
Хэрэв зөвхөн улс төрийн институтыг өөрчилбөл улс төрийн хувьсгал болно. Бие даасан “дунд”, “доод” анги, давхрааны тэмцэлтэй холбоотой бол нийгмийн (социал) хувьсгал болно. Хувьсгалыг зөвхөн “доодос” хийдэг юм биш. Нийгмийн элит хэсэг олон нийтийг дайчлан оролцуулж өргөн хэмжээний өөрчлөлт шинэчлэл хийвэл элитийн буюу дээрээс хийсэн хувьсгал гэж нэрлэдэг. Мөн дээдсийн болон “дундаж” бүлэглэлүүд цэргийн хүчийг ашиглан эрх мэдлийг булаан авахыг төрийн эргэлт гэнэ. Хууль өөрчлөх замаар төрийн байгууламж, түүний мөн чанарыг өөрчилбөл бас л төрийн эргэлт гэсэн ангилалд орох бөгөөд үүнийг манайд 1999 онд Н.Энхбаяр хийсэн юм.
Засгийн эрхийг түр авснаа тогтоож чадаагүй бол бүтээгүй хувьсгал гэх бөгөөд энэ нь цаашдын үйл явцад “бүтсэнээсээ” дутуугүй үүрэг гүйцэтгэдэг. Харин шууд засгийн эрх авахыг зорилго болгоогүй, эсвэл аль нэгэн нутаг дэвсгэр, хүн амын аль нэг хэсгийг хамарсан сөрөг хөдөлгөөнийг хэрэв хүч хэрэглэсэн шинжтэй бол бослого, арай тайван бол эсэргүүцлийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Мөн хотын хувьсгал болон орон нутгийн хувьсгал гэж ялгах ч шаардлага гардаг. Манайд бол хотын хувьсгал л голдуу гардаг.
За товчдоо бол нэг иймэрхүү. Харин үүний цаана хувьсгалт үйл явц, нийгмийн холбоо харилцаа, гадаад орчин, сэтгэл зүйн байдал, үзэл суртал, манлайлал, шийдвэр гаргах, зохион байгуулалт, системийг эвдэх хийгээд тогтворжуулах гээд үй түмэн “юм” байгаа. Энийг шинжилсэн хүн монголд л лав тун цөөхөн…
Мөнхийн дилемм
Аль ч хувьсгал мэдээж зөрчлөөс гарна. Зөрчил аль ч нийгэмд, аль үед байх бөгөөд түүнийг шийдвэрлэж чадахгүй бол хувьсгал гарна. Зөрчлийг К.Маркс “зохиочихсон” гэж хэлэх хүн одоо арай байхгүй биз…
Цэвэр нийгмийн сэтгэл зүйн талаас нь авч үзвэл зорилго болон үйлдэл нь авцалдахаа болихыг зөрчил гэнэ. Энэ нь хувь хүн, бүлэг, улс үндэстний түвшинд нэг адил үйлчлэх түгээмэл үзэгдэл юм.
Ер нь хүн буюу хүний нийгэм мөнхийн хоёр дилеммтэй тулгардаг. Дилемма гэдэг нь аль нэгийг нь заавал сонгох ёстой, гэхдээ харилцан бие биенээ үгүйсгэсэн эрэгцүүлэл буюу оюун дүгнэлт юм. Манай хөзрийн ойлголтоор бол “алцганах” гэдэгтэй яг адилхан.
Нэг дэх нь “хоригдлын“ дилемм болно. Гэмт хэрэг хийсэн хоёр хүн байж. Хэрэг нь нэгэнт нотлогдсон. Хэрэв аль нэг нь хэргээ үл хүлээвэл суллагдаж, нөгөөх нь шоронд орно. Хэрэв тэд хэргээ зэрэг хүлээвэл хоёулаа торгуулаад л өнгөрөх байж. Лабораторийн туршлагаар хүн гээч амьтан хэргээ огт хүлээдэггүй, өөрөө мултарч, нөгөөхөө л хэрэгт хийх гэж зүтгэдэг хачин амьтан юмсанж. Сэтгэл зүйн энэ үзэгдлийг аль 1960 онд туршлагаар баталсан. Энэ дилеммийг хүний үйл ажиллагааны бусад төрлүүд дээр туршиж үгүйсгэх гэсэн бүх туршилт одоо болтол амжилтгүй болжээ. Ухаандаа хөзөр тоглож байгаад булхайцах бол энэ л дилеммд хамаарна. Өөртөө илүү “ашиг” олох, нөгөөхөө “ялах” гэсэн адил агуулгатай учраас тэр.
Хоёр дахь нь “нийтийн бэлчээрийн эмгэнэл” дилемм болно. Мал аж ахуйтай манайд илүү “ойлгомжтой” байх. 100 үнээтэй 100 фермер байжээ. Бэлчээр нь яг 100 үнээнийх. Ингээд амьдраад болоод л байх байсан. Гэтэл нэг нөхөр би 1 үнээ нэмээд нийтийн бэлчээрт оруулчихъя, тэгвэл миний орлого хоёр дахин нэмэгдэнэ гэж сэтгэж. Ингээд 2 дахь үнээгээ нэмчихсэн чинь бусад нь мөн л аль болох олон үнээ оруулах зүтгэдэг амьтан юм байна, энэ хүн гэдэг чинь. Үр дүнд нь бэлчээр ч байхгүй, үнээ ч байхгүй, амьдрал ч байхгүй болдог аж. Бас л хүний үйл ажиллагааны бүх төрөлд байдаг байна. Манайд бол үнээний оронд ашигт малтмал байна. Нэг нь “идчихсэн” чинь бүгдээрээ “иднэ” гэж дайрдаг байна ш дээ. Энэ тохиолдолд үнээ, ашигт малтмал хоёр ямар ч ялгаагүй юм. Үүнийг “тоглоомын онол”-д “тэг үр дүнтэй тоглолт” гэж нэрлэдэг.
Манайд бол 2-хон нөхөр 98 үнээтэй, бусад 98 хүн дундаа 2 үнээтэй байхыг, мөн тэр хоёр нь “мангар том олон үнээ” нэмж авах гэж бэлчээрээ зарж сөнөөж байгааг “монгол төр” гэж нэрлэдэг.
Дашрамд дурдахад энэхүү “хоригдлын” болон “нийтийн бэлчээрийн эмгэнэл” дилемм нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн сэтгэл зүйн нэр томъёо болно.
Энэ хоёрыг нийлүүлбэл бидний өмнө нэг талаас, өөрийнхөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх эрх бүхий хувь хүний сайн сайхан байдал, нөгөө талаас, мөн л ийм эрх бүхий хамтдаа байгаа олон хүний буюу бүлэг, нийгмийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ гэдэг мөнхийн асуудал үүсч байгаа юм. Энэ бол нийгмийн сэтгэл зүйн (social psychology) тайлбарлал гэдгийг онцлон дурдаж байна.
Үүн дээр нийгэм, түүх улс төр, эдийн засгийн тайлбарлалуудыг “нэмээд” бүхэлд нь авч үзэхээр системийн шинжилгээ болдог юм. Харин үүнийг хувьсгалчид болон сөрөг хувьсгалчид бодож сэтгэж, эрэгцүүлж байгаа нь юу л бол…
Одоо ч “нийтийн ашигт малтмалын эмгэнэл” гэсэн бас нэг “монгол” дилемм гаргах гээд байж ядаж байна даа…
Хувьсгалын тохироо
Ерөнхийлөгч нь “ном сонин уншъя аа, ногоон модоо таръя” гэж дуулна. Ерөнхий сайд, Засгийн Газар нь ашигт малтмалын мөнгөөрөө “цалингаа нэмэх” үү, “амлалтаа биелүүлэх” үү гэдгээ огт “мэдэхгүй”. УИХ нь “нууцаар” Үндсэн хууль, илээр сонгуулийн хууль хэлэлцэнэ. МАХН даргаа солино. АН хэрэлдэж, суулт хийнэ. Хөдөлгөөн амлалт нэхнэ. ҮЭ цалин нэхнэ. Хажуугаар нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар “хувьсгалч” болж давхина. Ингээд эвдрэн буй системийн задрал үргэлжилнэ.
Хэдийдээ Та нар сонгуулийн хууль хийж чаддаг болчихсон юм. Үүнийхээ оронд “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаагаар хийлгэвэл хамаагүй дээр. Ямар ч гэсэн тэр эмэгтэй ганцаараа Та нараас хамаагүй илүү хийж чадна, нээрээ шүү…
Зориудаар санаатай “үймүүлж” байгаад эрх мэдэл авах, ашигт малтмалаас “мөнгө идэх”-ээс өөр юм сэтгэхгүй тохиолдолд хувьсгал бол гарцаагүй гарна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлтгэж байгаа чинь эрх баригчид “хувьсгал”-д шууд бэлтгэж байна гэсэн хэрэг. Ингээд “ялзарсан толгой”- ууд “хөл” хайж эхлэх бөгөөд энэ нь нийгмийн доройтол, нийтийн самуунд хүргэх маш өндөр магадлалтай.
Учир нь эрх баригч бүлгүүдэд зорилго байхгүй, үзэл суртал буюу үзэл санаа байхгүй, зохион байгуулалтын ресурс нь шавхагдаж тарамдсан, хүч нь тэнцсэн, ард түмнээ бүү хэл бие биенээ ойлгохоо огт байсан тохиолдлыг хувьсгалын тохироо гэдэг юм. Олон түмний дургүйцэл , жигшлийг яриад ч яахав, тэртэй тэргүй ойлгомжтой юм чинь…
Ийм хүнд нөхцөлд явцуу эрх ашгийн үүднээс санаатай болон санамсаргүй, бодож төлөвлөөгүй үйлдэл хийхээр том хувьсгал, улс төрийн хувьсгал, нийгмийн (социал) хувьсгал, элитийн буюу дээрээс хийсэн хувьсгал, төрийн эргэлт, бүтээгүй хувьсгал, бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн, хотын хувьсгал, орон нутгийн хувьсгал бүгдээрээ холилдчихдог юм. Тэгвэл ч Та нараас “бүтэн үлдэх хүн” байхгүй шүү дээ…
Сагсайсан их мөнгө, легитим шинжээ бүрэн алдсан туйлын эмзэг эрх мэдэл, хуучин арга барилаар үүнийг удирдан зохицуулах огтын боломжгүй. “Хувьсгал” хийх гэж өрсөлдөж байгаад тэрийгээ хяналтаас алдаж, нийтийн самуун болгочихов доо, эрх баригчид аа…
Энэ үед л үндэстнээ аврах бодит шаардлага үүсэх бөгөөд үүнийг зөвхөн системийн шинжилгээний үндсэн дээр сайтар бодож төлөвлөсөн хувьсгалт өөрчлөлт (системийн шинэ төлөв байдал) хийх байж шийдвэрлэх ёстой. Уг нь хор хохирол, гарз багатай шийдвэрлэх маш олон арга, гарц байдаг л юм…
“Ямбий” системийг зөвхөн илүү дээд түвшний сэтгэлгээ, үйлдлээр л өөрчилдөг жамтай бөгөөд үүнийг өнөөгийн эрх баригчид л лав хийж чадахгүй дэг.
Тэдний өрөвдөлтэй “сэтгэлгээг” ямар мэдэхгүй биш. Хөдөлгөөнүүдийг үймүүлнэ, давхацсан, зэрэгцсэн олон “хөдөлгөөн” үүсгэнэ, худалдаж авна, хутган үймүүлнэ, өдөөн хатгана, зөрчилдүүлнэ, ингээд олон түмний анхаарлыг сарниулна, толгойг нь эргүүлнэ, аль ч учраа олохгүй нэлээд “сайн” үймээд бужигнаад ирэхийнх нь үед “хэлэлцээр” хийнэ, “зөвшилцөлд” хүрнэ, ингээд “нууцаар” бэлтгэсэн хувилбараа гаргаж ирээд “хувьсгал” хийчихнэ гэж бодох ч “шүдэнзээр тоглох хүүхэд”-тэй адил даа.
Энийг чинь харин сөрөг хувьсгал гэдэг юм л даа. Энэ “муу ёрын аргыг” чинь илчлэх хангалттай хугацаа надад байгаа. Ганц биш, эрх баригч олон бүлэглэл бүгдээрээ ингэж өрсөлдөж “сэтгэсэн” тохиолдолд бусад хувьсгалын боломж оргүй болж, ердөө л “том хувьсгал” л үлддэг юм ш дээ.
Ингээд л хувьсгал мандтугай болчихож байгаа юм даа…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 4 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ…

  1. tsogoo says:

    tanii bie chin zugeer uu. uvduugui bizdee. herev uvdsun bol hurdan edgeerei. 4. sariin 21.nees hoish niitlel oruulsangui.

  2. gan says:

    Энэ хавьд нэг л нам гүм байгаад байх болж.

  3. Нацаг says:

    Хувьсгал гарах гээд чимээгүй болчихов уу? Эсвэл хувьсгалын эсэргүүнүүд зогсоочихов уу? Таны нийтлэлүүдийг санаж байна шүү.

  4. d says:

    sain uu
    niitlel bichihgui udaj baina,ajil ihtei uur yum hiigeed baidag yum bol uu
    sain buguud aash zan-uzel bodol hiviraagui bol boloo. huleegee l unendee unshih yumaa olj yadaj baina daa,mongoliinhoo tuhai,unenii tuhai…

  5. shagai says:

    byalduuchlahaa boli, oorsdoo bodoj setgen uneniig temterchgee? unen gedeg chini nudee sai neevel ooriin chini derged bgaa haigaad bh shaardlagagui

  6. och says:

    huts huts huts

  7. Ganaa says:

    End asuudal neg l bishee,Blogdoo salhi oruulalgui yaasan olon honoj baigaa yum be?Yaasan isniig medeh hun baina uu?Tamin eeamgiin suuld OROMJUUD gej 3 bichsen hunees uur humuus oligtoi yum ch bicheegui baih yum.Udaan oroogui bolhoor nuuchihee yum boluu gej bodloo,he he

  8. Soogii says:

    Erhem hundet sudlaach Tand bolon tanai ger buld bayariin mend hurgej,ajil amidral tani bayar bayasgalan,gerel gegee,amjilt buteeleeleer duuren baihiin eruul devshuulye!
    Gaihaltai bichleguud tani namraas tsuvrana gej naidya!
    Saihan naadaarai.

  9. nyamdorj says:

    za za ashgui neg chimeegui bolov shiv dee he he he. dahiad nadaar oroldood uzeerei! Huuli zuin saidantsar nyamka.

  10. Batbayar says:

    Ta яагаад нийтлэл ээ оруулахаа боличихвоо.

  11. odnoo says:

    21 onii huwicgaliin talaar delegrengvi bicheed ogooch bas zurag

  12. зочин15 says:

    Та юунда урилаад байнааь эрүүл үү, юун хувьсгал бэ,бидэнд хувьсгал хийх хэрэгтэй юу хөгжил рүү тэмүүлэх хэрэгтэй юу, судлаач хүн та буруу судалгаа хийгээд байнаь залуусаа битгий үрэнд нь ороорой

  13. зочин15 says:

    Yugaa bicheed bnaa sudlaachaa, dejee sudlaad bgaa um bishuu, /ey huvsgald urailaad bnaa, eruul uu, huvsgal bidend yamar ch hereggui, neg negniihee tsusiig ursgal yah um be, bid tiim teneg bj bolohgui shte

  14. Anonymous says:

    dilemma gej yag y boloh talaar medeh gej zunduu haij bsn chin tanii bichsen medeeleliig olj haraad sain gegchiin oilgood avlaa. heregtei medeelel oruulsan tanid bayarlalaa. ajiliin amjilt husye.

  15. Tamir says:

    Ah mini. tanii ene heleed bgaa huvisgal odoo l garch magadgui bolood bna daa. tur ni hyamartsan. ediin zasag ni hyamartsan. ard tumen ni yaduurtsan. inflation ni deed tsegtee hurchihsen geed l yum yum ni l davhtsaad baih shig baina daa.

    • Ганаа says:

      Сингапурт хувьсгал хийхэд амархан байж болох л юм…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: