ҮНС ҮҮ, АЛТ УУ…

Ноднин бараг өдийд “Баярлах уу, уйлах уу” өгүүллийг бичиж билээ. Энэ маань нэг талаас бодож эрэгцүүлэх гэсэн, нөгөө талаас дарга нартаа мэдэмхийрэх, далбигнах гэсэн олон хүнд тус болсон гэж санана. Манай хэдэн дарга нар глобал буюу даяар мэдээллийг хаах гэж үйлээ үзэж байгаа бөгөөд энэ нь ёстой хүүхдийн мөрөөдөл гэдгийг би батлан хэлж чадах байна.
Монголд Таван Толгойг ашиглахгүй, төмөр зам барихгүй гэж тэс хөндлөн зүтгээд байгаа хүн нэг ч байхгүй гэж бодож байна. Гэхдээ монголын “улс төрийн нүүрсчид” налайхын нүүрсчид болон хаа сайгүй буй нинжа нараас нэг их ялгарахгүй болсонд хамаг учир байгаа юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд дэлхийн нүүрсний зах зээл, түүний хөгжлийн хандлагын тухай хамгийн товч тоймыг уншигчиддаа хүргэж байна. Энэ нь ерөнхийгөөс тодорхойд шилжих танин мэдэхүйн энгийн арга юм. Энд би “гэгээн төр”-өөс чинь огт өөр мэдээлэл өгөх бөгөөд ажилгүй, намгүй, төргүй, шийдвэр гаргадаггүй, бизнес эрхэлдэггүй би бээр заавал бичих үүрэг хэний ч өмнө хүлээгээгүй. Намайг шүүмжлэх, буруушаах, хараах хүмүүс үүнийг харгалзана гэдэгт найдаж байна. Би ямар нүүрс зарах гэж байгаа биш, иймээс намайг хараагаад Монгол үндэстэнд хожил гарах нь юу л бол…
Хаа сайгүй нүүрс бий ч…
Газар болон түүхий эдийн шинжлэх ухаануудын Нэгдсэн газрын (BGR) мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхийн нүүрсний нөөц 2009 онд 730 миллиард тонн болж байна. Ер нь бол хаана л бол хаана нүүрс байдаг авч гачлантай нь үйлдвэрлэл, нөөц, хэрэглээ, хэрэгцээний хуваарилалт нь ихээхэн жигд бус аж. Дээрх газрын 2030 он хүртэлх прогнозоос үзвэл дэлхийн хэмжээнд чухамхүү чулуун нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний төрлүүд илүү их ач холбогдолтой илт хандлага байгаа.
Сүүлийн 40 жилд болсон, тухайлбал, 1970-аад оны нефтийн хямрал, 1980-аад оны АНУ-ын эдийн засгийн уналт, 1990-ээд оны азийн хямрал, мөн 2001 оны эхэн үеийн “доткомын хөөс” зэрэг эдийн засгийн хямралт циклүүд нь дэлхийн эрчим хүчний хэрэглээ эрс өсөхөд харьцангуй сул нөлөөлсөн. Дэлхийн эрчим хүчний агентлаг IEA-ийн үнэлгээгээр хямралын улмаас 2009 онд нүүрсний үйлдвэрлэл 4% орчим унасан нь үүнийг нотолж байна. Иймээс ч дэлхийн чулуун нүүрсний үйлдвэрлэл жил тутам 2,5 хувь өсч байгаа нь дэлхийн эрчим хүчний хэрэглээнд ихээхэн нөлөө үзүүлж байна.
Хямралын улмаас 2010 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2006-2007 оны түвшинд хүртэл буурах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байсан боловч хүн амын тооны өсөлт, эдийн засгийн өсөлт болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний нягт хамаарал, түүнчлэн юуны өмнө азийн хөгжиж буй орнуудын ихээхэн хойшлуулсан эрэлт зэргийн улмаас цахилгаан эрчим хүчний өсөлтийн хандлага өөрчлөгдөөгүй хэвээрээ байна.
Нүүрсний олборлолтын хувьд гэвэл түүний өсөлтийн хурдац сүүлийн 10 жилийн туршид Хятадад хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон ба тэд өнгөрсөн жил 2,7 миллиард тонн олборлосон нь дэлхийн чулуун нүүрс олборлолтын бараг тэн хагастай тэнцэж байна. Харин Хойт Америк (АНУ болон Канад) дэлхийн чулуун нүүрс олборлолтын гуравны хоёрыг бүрдүүлж байна.
Австрали, Өмнөд Африк, Колумби, Венесуэл зэрэг чулуун нүүрс экспортлогч голлох орнууд нийлээд жилдээ ердөө л 700 сая тонн нүүрс үйлдвэрлэж байна. АНУ болон Хятадын нийлбэр нөөц ойролцоогоор 400 миллиард тонн болох бөгөөд энэ нь дэлхийн чулуун нүүрсний нөөцийн 57 хувь болох юм.
Хамтын нөхөрлөлийн орнууд, Энэтхэг зэрэг бусад бүс нутгууд маш хүчирхэг нөөцийн баазтай, тус бүрдээ 0,5 миллиард хүрэх харьцангуй өндөр үйлдвэрлэлтэй. Австралийн чулуун нүүрсний нөөц үйлдвэрлэлийн өнөөгийн түвшингөөр бол дараагийн 120 жилд хүрэлцээтэй. Европ чулуун нүүрсний нэлээд нөөцтэй боловч ашиглалтын болон экологийн нөхцөл нь ихээхэн хүндэрчээ.
Аль нь илүү вэ…
Бид эрчим хүчний олон эх үүсвэр ярьдаг боловч гол нь нефть, хий, нүүрс гурав л аж. Дэлхийн чулуун нүүрсний нөөцийг нефть, байгалийн хийн нөөцтэй харьцуулахад сайн гэж үнэлдэг юм байна.
Дэлхийн чулуун нүүрс олборлодог Топ 10 компани 1,6 миллиард тонн буюу дэлхийн нийт олборлолтын 30 орчим хувийг хангадаг. Эдгээр нь салбарынхаа манлай компаниуд бөгөөд дэлхийгээр даяар идэвхээ өргөжүүлж байна.
Энэтхэгийн төрийн компани Соаl India чулуун нүүрсэнд түшиглэн эх орныхоо эрчим хүчний секторын өргөтгөх улс төрийн эрмэлзлийнхээ дагуу нүүрсний олборлолтоо 25 хувь өсгөж чадав. 2005 онд 324 сая тн байсан бол 2008 онд 403 сая тн болгожээ.
Чулуун нүүрс үйлдвэрлэгч экспортын чиг баримжаатай “BHP Billiton” болон “Хstгаta” зэрэг том компаниуд олборлолтынхоо хэмжээг мөн л их хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Хөрөнгө оруулалт, түүний дотор компанийн хөрөнгө хангамжийн нам түвшингийн улмаас нүүрсний үйлдвэрлэлийг өргөтгөх явдал харьцангуй зогсонги байдалд байснаа одооноос хөдөлгөөнд орж эхэлж байна. Олон улсын нефть, хийн компаниуд бараг л долоо хоног бүр нөөцийн асуудал хүндэрсэн, шинэ орд газруудыг хайх, ашиглах явдал илүү хүнд болсны улмаас үнэ өсөхөд нөлөөлж байна гэхчлэн итгэл унтраасан мэдээлэл цацаж байдаг. Тэд нефтийн зууны төгсгөлийг хаацайлах, ядахдаа нөөц дуусах хугацааг уртасгах гэж чармайж байна.
Харин чулуун нүүрсний хувьд гэвэл хөрөнгө оруулалтын дутагдалтай байдал, нийлүүлэлтийн гинжний эмзэг газрууд байгаа боловч ирээдүй нь хавьгүй илүү дээр байна. Иймээс чулуун нүүрсний үйлдвэрлэлийн шинэ хүчин чадал, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт улам ихэсч байна. Энэ нь зайлшгүй хийх хөрөнгө оруулалтын хэмжээг маш их болгож байгаа бөгөөд зарим уурхайн хувьд хэд хэдэн миллиард еврод хүрэх боломжтой юм.
Жишээлбэл, хятадын 2006-2007 онд ашиглалтад оруулсан Huainan кампанийн GuQiao уурхай гэхэд л үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал нь 10 сая тн болно.
Нүүрсний зах зээл
Чулуун нүүрсний дэлхийн худалдаа 2008 онд ойролцоогоор 930 сая тн байгаа бөгөөд үүний 840 сая тн-ыг далайгаар дамжих худалдаагаар, 90 сая тн-ыг дотоодын зах зээлд борлуулжээ.
Австрали, Индонези хоёр номхон далайн бүс нутагт чулуун нүүрсний хамгийн том экспортлогчид бөгөөд тэд өнгөрсөн жилүүдэд экспортын, голдуу тээвэрлэх, ачиж буулгах хүчин чадлаа ихээхэн өргөтгөжээ. Чулуун нүүрсний далайн худалдааны 60 хувь нь энэ хоёр улсад ногдож байна.
Тусгаар улсуудын холбоо, үнэн хэрэг дээрээ Орос чулуун нүүрсээ голдуу төмөр замаар тээвэрлэдэг. АНУ, Канад хоёр “Swing-Supplier” буюу нөхөн сэргээх нийлүүлэгч гэсэн ангилалд ордог бөгөөд зах зээлийн тухайн үеийн байдал, долларын ханшны өөрчлөлт, түүнчлэн үнийн өөрчлөлт зэргээс хамааран нүүрсээ олон улсын зах зээлд гаргах буюу авдаг байна.
Нөгөө талд нь эрэлтийн гол төвлөрлийг Европ, Япон, Солонгос бүрдүүлэх бөгөөд тус бүрдээ 200 орчим сая тн нүүрс импортолж авдаг байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй өөрийн нүүрсний дээр Энэтхэг, Хятад хоёр олон улсын зах зээл дээрээс ихээхэн хэмжээний нүүрс худалдан авч байна.
Чулуун нүүрсний дэлхийн худалдааны дөрөвний гурав нь эрчим хүчний нүүрс, дөрөвний нэг нь коксждог нүүрс байдаг аж.
Атлантын далай юу, Номхон далай юу…
Нүүрсний зах зээлийг атлантын болон номхон далайн гэж хоёр том хуваадаг аж. Номхон далайн зах зээлийн хэмжээ 400 сая тн болох бөгөөд атлантын далайн зах зээлээс бараг хоёр дахин их, түүнээс гадна илүү хурдан өсөлттэй бөгөөд энэ нь жилд 4 орчим хувь байдаг. Ийм учраас чулуун нүүрс экпортлогчдын ихэнхи нь чухамхүү номхон далайн бүс нутаг дахь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баримжаалж байна.
Атлантын болон номхон далайн зах зээл хоорондоо бараг холбоогүй, солилцоо нь дэлхийн нүүрсний нийт худалдааны 6-7 хувь болдог.
Тухайлбал, Колумби, Өмнөд Африк хоёроос эрчим хүчний болон тоосон хэлбэрт (PCI) гэж нэрлэгддэг нүүрсийг азийн бүс нутагт экспортлодог бөгөөд энэ нь бүс нутгийн нийт нүүрсний худалдааны бараг 30 хувь болно. Индонези, Автрали хоёр эрчим хүчний болон тоосон хэлбэрт нүүрсийг Европт нийлүүлдэг.
Чулуун нүүрсний дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн прогнозоор хоёр зах зээлийн худалдааны хэмжээ 2015 он гэхэд атлантын бүс нутаг 30 сая тн хүртэл, номхон далайн бүс нутаг 100 сая тн хүртэл өсөх бөгөөд чингэхдээ жигд бус өндөр өсөлт номхон далайн зах зээлд гарах аж.
Коксждог нүүрс, зүгээр нүүрс…
Кокс бол бараг тэр чигээрээ дэлхийн гангийн үйлдвэрлэлтэй холбоотой байдаг байна. Учир нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн ойролцоогоор 70 хувь нь домен болон хүчилтөрөгч-хувиргагч технологоор буюу коксыг ашиглан хийдэг байна.
Ази, түүний дотор хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нь энэ зах зээлийн хандлагыг бүхэлд нь шууд тодорхойлж байна. Энэхүү өсөлтийн анхдагч оргил цэг нь 2007 онд болжээ. Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008-2009 онд гангийн үйлдвэрлэл ойролцоогоор 10 хувь хүртэл эрс багассан юм. Ингээд үйлдвэрлэл ахин тогтворжиж ахин 2005-2006 оны түвшинд хүрчээ. Үүнээс болж коксны эрэлт хэсэг зуур багасч, эдүгээ дахин эрчимтэй өсч байна.
Коксждог нүүрсний зах зээл 2008 оны дунд үед богино хугацааны хомсдолд орсноо 2009 он гэхэд нийлүүлэлтийн илүүдэл хүртлээ савалсан юм. Эдүгээ коксждог нүүрсний худалдааны хэмжээ харьцангуй өндөр хэмжээ буюу 207 сая тн болжээ. 2008 онд коксны дэлхийн худалдаа ойролцоогоор 28 сая тн байсан. Экспортлогч үндсэн орнууд гэвэл Хойт Америк (АНУ, Канад) болон Австрали болно.
Энэхүү зах зээлийн хэрэгцээг нүүрс олборлогч хэдхэн компани хангадаг. Хойт Америкийн үйлдвэрлэгч «Тек Коминко», “Elk Valley”, «Альфа Ресурсес» болон «Уолтер Энерджи» компаниуд коксждог нүүрсний тусгайлсан нийлүүлэгчдийн тоонд ордог бөгөөд эдгээр компаниуд зах зээлийн 20 орчим хувийг эзэлдэг. Харин “BHP Billiton”, “Xstrata”, “Рio Tinto” компаниуд нийт зах зээлийн бараг 50 хувийг эзэлдэг бөгөөд тэд нүүрсээ голчлон автралийн Квисленд мужаас олборлодог.
2009 оны хавар “Альфа Ресурсес” болон “Foundation Соаl” компаниуд нэгдсэнээр тэд хойт америкийн чулуун нүүрсний зах зээл дээр “Peabody” болон “Арч Коул”-ын дараа гуравдугаар байрт орох болов. Санхүүгийн хямралын нөхцөлд компаниудыг нэгтгэснээр санхүүгийн зах зээлийн байдлыг тогтворжуулж чадсан юм.
Санхүүгийн хямралын улмаас “BHP Billiton”, “Rio Tinto” хоёрыг нийлүүлж зах зээлийн нягтралыг ихээхэн нэмэгдүүлэх гэсэн өөр нэг хувилбар хэрэгжиж чадаагүй ч нээлттэй хэвээр байгаа.
Гэхдээ саяхны санхүүгийн хямралаас бүрэн гарсан, хямрал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас өр зээл үүсэх, түүнийгээ дарах, хамгийн гол нь хямд нүүрс хайж олоход голлон анхаарч байна. Энэ нь манай Монголд хамгийн их хамаатай юм.
Үнэ, зардал, хөрөнгө оруулалт..
Нүүрсний үнэ, ачилтын тариф нь цикл байлаар өөрчлөгддөг байна. Гэхдээ дэлхийн нүүрсний үнэ 2003 он хүртэл нэлээд урт хугацаанд харьцангуй нам, эрчим хүчний нүүрс 40 орчим, коксждог нүүрс 80 орчим ам.долларын нэлээд өргөн хэлбэлзэлтэй байжээ. Харин 2004 оноос эхлэн чулуун нүүрсний үнэ эрс өссөн бөгөөд энэ нь дараах нөхцлүүдээс шалтгаалжээ:
• долларын ханш унасан
• үйлдвэрлэл өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас экпортод баримжаалсан үйлдвэрүүдийн нийлүүлэлт хангалтгүй байсан.
• номхон далайн бүс нутагт нийлүүлэлт жигд бус өссөн;
• дэлхийн конъюнктур өссөн.
Нүүрсний үнэ 2008 оны зун хамгийн дээд цэгтээ хүрч, эрчим хүчний нүүрс 150 гаруй, кокс 200 гаруй долларт хүрч үнийн рекорд тогтоожээ.
Гэтэл 2008 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн нүүрсний үнэ эрс унав. Гэхдээ ёроолдоо хүрээд 2009 оны зунаас эхлэн дахин өсч эхлэв. 2010 оны эхнээс коксждог нүүрсний үнэ 25 орчим хувь өсөөд байгаа бөгөөд экспертүүдийн үнэлгээгээр ахиад 10-15 хувь өсөх аж.
2010 оны 3 дугаар сарын байдлаар кокс дэлхийн зах зээл дээр 180-220 ам.доллар болж өсчээ. Гэхдээ энэ нь hard coking coal хэмээх Австралийн хатуу нүүрсний EOB нөхцлөөр тооцсон үнэ юм. Зарим эксперт энэ оны сүүлийн хагаст тонн кокс 300 доллар хүрнэ гэж дүгнэсэн тохиолдол ч байна.
Сүүлийн таван жилийн үнийн динамикад хийсэн шинжилгээнээс үзэхэд нүүрсний үнэ өмнөхөөсөө хоёр дахин өндөр шинэ түвшинд хүрчээ. Бусад эрчим хүч агуулагч (нефть, хий) зэргийн үнэтэй харгалзах юм бол одоохондоо маш хямд нүүрсний үнэ ирээдүйд улам их өсөх магадлалтай.
Фрахтын зардал (ачиж буулгах, тээвэрлэх зэрэг) үндсэндээ зарж буй нүүрсний эрэлтийн өсөлт, шатахууны үнийн динамиктай нийцсэн үнэтэй адилхан хуулиар өөрчлөгддөг. Түүнчлэн их даацын, өөрөөр хэлбэл, голдуу Capesizer ангиллын усан онгоц (120-иос 130 мянган тн) хэрэглэхэд фрахтын зардал таатай динамик үүсгэдэг байна. Усан болон хуурай замын тээврийн зардлыг харьцуулж үзээсэй гэсэндээ далайн тээврийг хөндөж байна.
Ордын чанар, боловсруулалтын болон үйлдвэрлэлийн хүчин чадал үүсгэх систем, ашиглаж буй уулын тоног төхөөрөмж, мөн түүнчлэн уурхайн үйлдвэрлэлийн ажилчдын байдал зэрэг хүчин зүйлсийн онцлогоос хамааран дэлхийн хэмжээнд нүүрс олборлох үйлдвэрлэлийн зардал ихээхэн ялгаатай байдаг аж.
Ухаандаа АНУ нүүрсний нөөц асар их боловч эдийн засаг, улс төрийн олон шалтгааны улмаас олборлолтыг ихээхэн хязгаарладаг байна. Ер нь бол ямар ч улс орон нүүрс олсон бол шууд л “идээд” эхэлдэггүй “жооролдог” жамтай юм байна.
Газрын цулд хурсан нүүрсний шороон дээд хэсгийг нь зайлуулан онгойлгож, нүүрсээ авсны дараа үлдсэн хонхорт хөрсөө анхдагч байдалд оруулан тэгшилдэг боловсруулалтын “Mountaintop-Removal” аргыг ил олборлолтод хамгийн түгээмэл нь хэрэглэдэг байна. Харин боловсруулалтын камерт-баганын арга хэрэглэх нь нэлээд багасаж байгаа аж. Гэхдээ аль аль нь экологийн хувьд ихээхэн эргэлзээтэй аж.
Олборлох үйлдвэрүүдийг техникийн хувьд шинэчлэн тоноглох, хөрөнгө оруулалт хийх нь 2008 оны сүүлчээр үлэмж саарч байгаад 2009 оноос ахин эрчимжиж байгаа илт хандлага байна.
Импортлогч Европ…
Европын чулуун нүүрсний олборлолт Польш, Герман, Их Британи, Чех, Испани зэрэг таван улсад голчлон төвлөрдөг. Эдгээрээс гадна Болгар, Румын хоёр бага хэмжээний чулуун нүүрс олборлодог. Европын Холбооны 27 орны чулуун нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ эдүгээ 150 сая тн болох бөгөөд энэ нь нүүрсний хэрэгцээнийхээ (350 сая тн) ердөө л 40 хувийг хангадаг.
Иймээс Европ бүхэлдээ импортоос хамаарах ёстой болж байна. Дэлхийн зах дээр хомсдол өсөх хандлагыг харгалзвал дунд болон удаан хугацаанд чулуун нүүрсний импортын найдвартай байдлыг хангах, худалдан авах асуудал нэн хурцаар тавигдаж байна. 2020 онд Европын Холбооны орнуудын чулуун нүүрсний импортын прогнозоос үзэхэд гадаад зах зээлийг боломжит хэмжээгээр төвлөрүүлэх, нийлүүлэлтийг ялгавартай хийх шаардлагатай байгаа аж.
Эрчим хүчний нүүрсний хувьд гэвэл Европт чулуун нүүрс нийлүүлдэг үндсэн олборлогч бүс нутгууд гэвэл ӨАБНУ, Өмнөд Америк (Колумби, Венесуэл), Тусгаар улсуудын холбоо (Орос) зэрэг болно.
Европын захиалагчдад коксыг хамгийн найдвартай экспортлогч нь юуны өмнө Австрали бөгөөд өмнөх туршлагаас харвал зах зээлийн хомсдол, тэр ч байтугай цаг агаараас болж нүүрсний үйлдвэрлэлд тасалдал гарсан тохиолдолд ч тэд нийлүүлэлтийг хангалттай бөгөөд тогтвортой хийж иржээ.
Харин Өмнөд Африкийн Ричардз Бей боомтын терминалын экспортын хүчин чадлыг ихээхэн өргөтгөсөн боловч дэд бүтэцтэй холбоотой үүсч, нүүрсний компаниудиа бүтцийн хувьд өөрчлөх ажил үргэлжилж байна.
Азийн эрчим…
Индонези номхон далайн бүс нутагтаа эрчим хүчний нүүрсний тэргүүлэх экспортлогч бөгөөд 150 сая гаруй тн нүүрсийг Япон, Тайван, Өмнөд Солонгос, Энэтхэг, Гонконг, Таиланд, Малайзид гаргаж, түүнчлэн улам их нүүрсийг Хятадад экспортлож байна. Тэдгээр улсуудад ердөө л 4-8 том компани байдаг аж.
Тэдний Европын Холбооны 27 оронд нийлүүлж буй экспорт 25 орчим сая тн болж байна. Энэ нь асар хол зайд тээвэрлэж ашиг олж буй хэрэг юм. Инденезийн нүүрсний дотоод хэрэглээ одоо 50 орчим сая тн байгаа бөгөөд энэ нь асар хурдан өсч, 2020 оноос цааш нүүрсээр эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангах (100 сая тн) төлөвтэй. Өөрийн хэрэглээний өсөлт нь экспортдоо квот хийхэд хүргэж байна.
Эдийн засгийн хямрал бараг нөлөөлөөгүй Вьетнам ч гэсэн эрчим хүчний системдээ чулуун нүүрс ашиглахыг илүүд үзэх болов. Иймээс ч нүүрсээ төрийн “Vinacomin” компани дотоод зах зээлдээ идэвхитэй хэрэглэж байна. Гэхдээ экспортын квот 50 хувь байгаа бөгөөд ирээдүйд улам багасах хандлагатай байна. Хуаннинь муж дахь “Хойт Вьетнам” чулуун нүүрсний төв зэргийг түргэвчлэн ашиглахаар чармайж байна.
“Нүүж буй” Орос…
Орос орон нүүрсээр асар баялаг, гэхдээ тоо хэмжээг нь бүрэн зарладаггүй бололтой юм. 2009 онд Орос 300,2 сая тн нүүрс олборлосон. Барууны экспертүүд Оросууд дотоод эрчим хүчний системээ яваандаа нүүрсээр орлуулахаар төлөвлөж, үүнээс чөлөөлөгдсөн нефть, байгалийн хийгээ голдуу Европ, Хятадад экпортлохоор зэхэж байна гэж дүгнэж байна. Харин Оросууд нүүрс экспортлох хэмжээгээ нэг их өсгөхгүй гэж мэдэгдэж байна.
Одоогийн байдлаар Оросын ажиллаж буй үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн нөөц 19 миллиард тн, түүний дотор 4 миллиард тн кокс байгаа. Харин байгалийн нөөцийг нь тоолж баршгүйг дээр дурдсан. Жишээлэхэд Орост Печорский, Кузнецкий, Челябинский, Эрхүүгийн, Канско-Ачинский, Тунгусский, Ленский, Минусинскийн хэмээх дэлхийд томд орох нүүрсний бассейнууд бий. Ухаандаа 7,5 миллиард тн нөөцтэй Саяны уулсын бэлээс Байгаль нуур хүртэл сунасан Эрхүүгийн бассейн гэхэд л Оросын хувьд нэг их томдоо орохгүй. Эдүгээ Орост 96 гүний уурхай, 148 ил уурхай олборлож, 48 баяжуулах фабрик ажиллаж байна. Энд бас л зөвхөн томчуудыг нь дурдаж байна.
Оросын коксны 17 хувийг гаргадаг “Распадская” уурхайд болсон ослын улмаас коксны тасалдал гарч, одоохондоо АНУ-аас түр хугацаанд нүүрс авч байна. Гэхдээ тэдэнд айх юм огт байхгүй. Учир нь тэд 1,3 миллиард ам.доллар зарцуулж Якутад байдаг Эльгиний (бодвол Элгэн гэсэн монгол үг биз-Д.Г.) орд газраа энэ оны сүүлээр ашиглалтад оруулах гэж байна. Энэ орд газрыг Баруунд саяхан болтол нэг их мэддэггүй байсан юм. Нүүрс, коксны Эльгиний ордын балансын нөөц 2,1 сая тн гэж Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин саяхан мэдэгдэв. Өөр нэг мэдээгээр энэ ордны дээд зэрэглэлийн коксждог нүүрсний балансын нөөц 2 миллиард тн гэж мэдээлж буй. Энэ нь асар том бассейны өөр нэг хэсэг Улак Эльганыг оруулаад хэлж буй бололтой. Гэхдээ эндхийн олборлолтыг 2013 он гэхэд 9 сая тн болгоно гэж өмнө мэдээлж байснаас харахад энэ бассейн хэт аварга болох нь тодорхой байна.
Якут дахь энэхүү Эльгины ордтой эндүүрэм адил нэртэй Элегестийн (монголоор Элст л байлгүй-Д.Г.) аварга том орд Тувад байгаа бөгөөд энд тус бүр нь жилд 4 сая тн коксждог нүүрс олборлох 3 уурхай, 2 баяжуулах фабрик барихаар төлөвлөж байна. Эндээс жилд 12,5 сая тн нүүрс гаргахаар төлөвлөж, 2016 он гэхэд нийтдээ 2,9 миллиард долларын хөрөнгө оруулалт хийх аж. Тувад төмөр зам байхгүйгээс гол хүндрэл учирч байгаа бөгөөд гэхдээ Япон мэтийн сонирхож буй талуудтай хамтарвал үүнийг амархан шийдвэрлэх нь мэдээж хэрэг.
Оросууд хямралын үед ч гэсэн жилдээ 7,6 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гурван том баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж чадсан байна.
Ер нь бол ОХУ ойрын жилүүдэд Сибирьт 14 уурхай, 5 ил уурхай, 15 баяжуулах фабрик барихаар төлөвлөж байна.
Энэ оны 3 дугаар сард ОХУ-ын Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Юрий Липатов “Дэлхий зах зээл дээр оросын нүүрсний өрсөлдөх давуу талыг хөгжүүлэх нөхцөлүүд” сэдвээр өргөтгөсөн хуралдаан хийж олон том асуудал шийдвэрлэжээ. Тэд үр ашиг муутай 203 уурхайгаа хааж, “Мечел”, “Белон” мэтийн том компаниуддаа шинэ зээл олох, облигаци байрлуулах төрийн баталгаа гаргаж өгчээ.
Европын хэсэг дэх Донецкийн бассейны ашиг муутай уурхайнуудыг хааснаар Оросын нүүрсний олборлолт улам бүр Азийн бүс нутаг руугаа шилжиж байна гэж дүгнэж болно. Гэхдээ саяхан Донбассын коксны олборлолтоо сэргээн нэмэгдүүлж амжсан байна.
Оросууд Мурманск, Усть-Луга, Дорнод (Восточный), Ванино зэрэг усан боомтуудынхаа нүүрсний терминалын хүчин чадлыг асар их нэмэгдүүлж байна.
Хятадын амжилт хийгээд зовлон…
Хятадын нүүрсний үйлдвэрлэл удаан хугацаанд жил тутам 5-8 хувь өссөн. Энэ нь 2005 оноос авахуулан Хятадыг олон улсын зах зээлд нүүрсний цэвэр экспортлогч хийгээд нийлүүлэгчийн түвшинд хүргэсэн тийм их эрчим байлаа.
Гэхдээ Хятадын ДНБ-ий тэн хагасыг бүтээдэг зүүн болон зүүн өмнөд нутагт нүүрсний нөөцийн ердөө л 17 хувь байдаг. Иймээс Хятад нүүрснийхээ бараг гуравны хоёрыг төмөр замаар дунджаар 550 км зайд тээвэрлэдэг нь тэдэнд ихээхэн бэрхшээл учруулдаг байна. Ийм учраас “Shenhua Energy” мэт олборлогч том компаниуд дэд бүтэцдээ илүү анхаарч, үүний зэрэгцээ олборлох хүчин чадлыг хэт өргөжүүлэхээс болгоомжилж байна.
2009 оноос Хятад дотоодын үйлдвэрлэлээс гадна асар их нүүрс импортлох болсноор хамгийн том цэвэр импортлогч улс болж чадсан юм. Санхүүгийн хямралын нөхцөлд конъюнктур тогтворжуулах болон сөрөг арга хэмжээнд зарцуулах Хятадын урамшууллын хөтөлбөр ойролцоогоор 1.000 миллиард ам.доллар гэсэн аварга хэмжээнд хүрсэн байна…
“Shanghai Securities”-ийн мэдээлж байгаагаар 2015 он гэхэд Хятад тус бүр нь жилдээ 10-40 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний 20 том үйлдвэр байгуулах аж. Яг үйлдвэр ч биш юмаа, үйлдвэрлэлийн аварга том цогцолбор юм. Ингээд жилд 50 сая тн-оос илүү хүчин чадалтай том үйлдвэрүүд нийт олборлолтын 65 хувийг хийх юм байна. Түүнээс гадна жилд 10 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайнуудыг ойрын 5 жилд барихаар төлөвлөж байна. Иймэрхүү уурхайнуудад жилдээ 250 сая тн нүүрс олборлодог байна.
Үүний зэрэгцээ Хятадууд ойрын таван жилд 7000 хүртэлх жижиг уурхайг хаахаар төлөвлөжээ. Ингээд жижиг үйлдвэрлэгчид 4000 орчим л үлдэх аж. Энэ нь бодвол орон нутгийн уурхайнууд байх. Жижиг уурхайнуудыг хаах нь улс төрийн тодорхой зорилготой гэж барууныхан үзэж байгаа.
Барууны хэвлэлд тоочдог хятадын жижиг уурхайн тоо ихээхэн хэлбэлзэлтэй байдаг юм байна лээ.
Рейтерийн мэдээгээр жилд 100 сая тн-оос илүү хүчин чадалтай 6-8-хан төрийн өмчит компани Хятадын нүүрсний үйлдвэрлэлийг “хянах” юм байна.
2015 он гэхэд Хятадын эрчим хүчний хэрэглээ нүүрсэнд шилжүүлснээр жилд 4,2 миллиард тн болох тооцоо буй. Харин яг нүүрсний хэрэгцээ нь 2,67 миллиард тн хүрэх аж.
2009 он л гэхэд Хятад Улс геологи хайгуулын ажилдаа 27,7 миллиард юань (?!) зарцуулжээ. Ингээд Хятадууд өөрийн нутаг дээрээ ашигт малтмалын 621 шинэ орд нээсний 159 нь томоохонд орох аж. Ганцхан жилд шүү дээ…Тэд наад зах нь 5 миллиард тн төмрийн хүдэр, 20 сая тн зэс олж…
Харин бидэнд хамгийн их хамаатай нь тэд ганцхан жилийн дотор 150 миллиард тн (!!!) нүүрс олжээ. Санаанд багтамгүй энэ их нүүрсний нөөцийн ихэнхи нь манайтай хил залгаа Шинжаан-Уйгар, Өвөр Монгол, Шаньси мужуудад байгаа аж…
Хятадын Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр 2010 оны эхний хоёр сард 470 сая тн олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30,5 хувиар илүү байна. National Development and Reform Commission (NDRC)-ын мэдээлж байгаагаар 2010 оны эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 3,7 дахин өсч 29.185 сая тн болсон байхад экспорт 32,7 хувиар буурч 3.438 сая тн болжээ.
Ийм маягаар тэдний нетто-импорт 25,747 сая тн болов. Гэхдээ улирлын шинжтэйгээр 3-5 дугаар саруудад нүүрсний импортын эрэлт багасч, бас дотоод зах зээл дээр нь нүүрсний үнэ хямдрах төлөвтэй учраас нүүрсний импортын хэрэгцээ багасч болох юм.
Индонези, Автрали хоёр Хятадын нүүрсний үндсэн нийлүүлэгчид болох ба 2010 оны эхний хоёр сарын байдлаар тэд хятадын нийт нийлүүлэлтийн 71 хувийг хангаж байна. Чингэхдээ Индонезийн нийлүүлэлт 7,1 дахин өсч 12,5 сая тн, Австралийн нийлүүлэлт 4,7 дахин өсч 8,3 сая тн болжээ. Хятадын гаалийн статистикийн мэдээгээр нийлүүлэлтээрээ 4 дүгээрт ордог Орос энэ оны эхний хоёр сард 1,63 сая тн нүүрс Хятадад нийлүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,7 дахин өссөн байна. Энэ онд Хятад 3,15 миллиард тн нүүрс олборлож, цэвэр импорт нь 100 сая тн давна гэж National Energy Board таамаглаж байна. China Coal Transportation and Marketing Association-ын прогнозоор 2020 он гэхэд Хятад нүүрс импортлогч орон хэвээрээ үлдэх аж. Shanxi Coking Coal Group-ын мэдээлж байгаагаар энэ оны эхэнд нүүрсний үнэ өсч байгаад дараа нь өндөр түвшиндээ тогтворжих аж. Энэ нь жилийн сүүлийн хагаст шинэ хүчин чадал ашиглалтанд оруулахтай холбоотой юм байна.
Shanxi Coking Coal Group-ын үнэлгээгээр энэ 2010 онд хятадын нүүрсний үйлдвэрлэл 3,3 миллиард тн (10 хувийн өсөлт) болох ба харин импорт нь өмнөх жилийнхээсээ буурах аж. Энэ үнэлгээгээр 2010 онд импорт 80 сая тн, харин экспорт нь 30 сая тн-ын хэмжээндээ үлдэх аж. Sinomet International Corporation-ын прогнозоор 2010 онд коксждог нүүрсний импорт буурч, харин үнэ нь өндөр түвшинд байх юм байна.
Металлургийн нүүрсний хоёрдогч том экспортлогч Teck Resources Ltd–ын үнэлгээгээр энэ жил Хятадын металлургийн нүүрсний импорт 30 сая тн хүрч 2009 оны түвшиндөө байх аж. Учир нь нүүрсний хамгийн том экспортлогч BHP Billiton Ltd болон Японы JFE Holdings Inc хоёр үнээ 55 хувиар нэмэх талаар тохиролцож үйлдвэрлэлээ нэмэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай болсон тул энэ жил нүүрсний далайн тээвэрт их хүндрэлтэй учирч байгаа юм байна. Энэхүү өсөлт нь дэлхийн эдийн засаг сэргэж, Хятадын худалдан авалт нь эрэлтээ дэмжиж байгаатай холбоотой.
Засгийн газар өнгөрсөн онд аюултай жижиг уурхайнуудыг олноор нь хаасны дараа Хятадын коксждог нүүрсний импорт 5 дахин өсчээ. Ингэлээ ч гэсэн өндөр чанарын коксждог нүүрсний дотоодын нийлүүлэлт металлургийн компаниудын өсөн нэмэгдэж буй эрэлтийг бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй байна.
2009 онд Хятад 34,4 сая тн коксждог нүүрс импортолж авсан байна. Энэ үзүүлэлт 2008 онд 6,85 сая тн байжээ.
Дашрамд дурдахад олон улсын олон байгууллагуудын тоо баримтууд нэлээд зөрөөтэй байдгийг байнга санаж, сайтар нягталж байгууштай юм билээ.
2010 оны эхний хоёр сарын байдлаар Хятадын коксждог нүүрсний импорт 2009 оны мөн үеийнхээс 4,9 дахин өсч 7,5 сая тн болжээ. Энэ төрлийн нүүрсийг Хятадад голлон нийлүүлэгчид нь Австрали, Монгол хоёр болж байгаа бөгөөд 2010 оны эхний хоёр сарын байдлаар тэд Хятадын нийт импортын 75,7 хувийг хангажээ. Үүний 17,9 хувийг Монгол эзэлж байна…Энэ тоог хятадууд огт нуугаагүй, харин манай “монгол тоонд” нүүрс кокс хоёр нь холилдчихсон байгааг дөрвөн аргын тоо мэдэх хэн ч гэсэн бодоод олчихож чадах буй за…
Дээр тэмдэглэсэнчлэн 2010 оны эхний хоёр сарын байдлаар Хятадаас гаргах нүүрсний экспорт 32,7 хувиар багасч 3,44 сая тн болсон. Чингэхдээ дэлхийн зах зээлд нийлүүлж буй эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт 38,5 хувь болтлоо ихээхэн буурч 2,78 сая тн болсон хэдий ч коксждог нүүрсний экспорт 2,5 дахин өсч 169 сая тн болжээ. Чингэхдээ Хятадаас нийлүүлэх нүүрс (кокс ? ) Солонгост 16,7 хувь, Японд 33,4 хувь, Тайваньд 50,9 хувиар тус тус буурсан байна. Үүний эсрэгээр Туркэд нийлүүлэх нүүрсний хэмжээ 2,9 дахин ихэсч 87,5 мянган тн болсон ба үүний 80 мянган тн нь коксждог нүүрс байна.
Хятадын аварга нөөц нүүрснийхээ хэрэгцээг бүрэн хангаж чадах уу гэсэн ихээхэн том хийгээд зарчмын асуулт үүсч байна.
Барууны олонхи экспертүүдийн үзэж байгаагаар олон улсын, нэн ялангуяа номхон далайн зах зээл дээр эрэлтийг өсөн нэмэгдэж буй экспорттой тэнцвэржүүлэхгүй бол нүүрсний хомсдол үүснэ гэж үзэж байна. Харин Хятадын хувьд гэвэл дунд хугацааны хэтийн төлөвд нүүрсний эрэлтээ зөвхөн дотоод олборлолтоор хангах боломж муутай гэж тэд дүгнэж байна.
Нүүрсний олон улсын эрэлтийг өсөн нэмэгдэж буй экспорттой тэнцвэржүүлнэ гэдгийг энгийн хэлэнд хөрвүүлбэл нүүрсний экспортын шинэ эх үүсвэр олно гэсэн хэрэг юм. Тэр нь мэдээж нүүрс, кокс хоёроо үл ялгах Монгол…
Миний ойлгож байгаагаар Монголын говь нутаг өнө эртний үед битүү ойтой байгаад нэлэнхүйдээ нүүрсжсэн байх. Хятадууд урд талаас нь, Оросууд хойд болон баруун талаас нь олж илрүүлээд байгаа нүүрсний аварга их нөөц зөвхөн Орос-Монгол-Хятадын хилээр таслагдаж, ганц Таван Толгойгоор дуусахгүй нь хэнд ч тодорхой байна…
Эндээс Монголын нүүрс албан ёсоор мэдээлж байгаагаас учир замбараагүй их гэдэг цорын ганц дүгнэлт гарч байна даа…
Харин Монголчууд нүүрсээ алт болгох уу, үнс болгох уу гэдэг нь дан ганц эдийн засгийн асуудал огт бишээс гадна хэдхэн шуналтны мэдлийн юм ерөөсөө биш…
Төр засгийн эрх барьж байсан болон эдүгээ барьж буй нэлээд олон “улс төрийн нинжа” нар “гудамжны судлаачаар” заалгана гэж хаашаа харсан юм байдгийм ?! гэж вискиний ард бурж суудгийг би дэндүү сайн мэднэ. Хэрэв мэдэхгүй бол заах л болно, харин мэдсээр байгаад новширвол зайлуулж л таарна…Энэ мэтийн новшийн үгээ сонгуулиас өмнө эр хүн шиг ил тод хэлчих зоригтой аавын хүү Та нарын дундаас гарахыг чинь харъя л даа…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 8 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ҮНС ҮҮ, АЛТ УУ…

  1. Ganbaatar says:

    Engiin, oilgomjtoi, gol ni zahialgaar bus setgeleesee bichsen iim l medeelel olon tumend hurch baih boltugai. Bayarlalaa.

  2. Soogii says:

    Sain baina uu,erhem sudlaach? Namraas Tanii gaihaltai niitleluud tsuvrana gej bodoj baisiinmaa,unen baij.Tand bayarlalaa.Oron zai,tag hugatsaanii tani gaihaltai medremj hemjeegeer baga met haragdavch, aguulgaaraa asar “tom” enehuu niitleliig bichihed hurgesen bolov uu.Delhiin nuursnii balance-g toimlon gargana gedeg hen hunii shuurch avaad hiichih ch ajil baish baihaa.Ene ih medeeleliig tsugluulj, bagtsalj erembleed unshigchdad hurgehed nur ih hudulmur orjee.Tur zasag,deer suuj bui erh medeltenguud maani olj unshaasai,negiig bodoosoi.China bol huursiig zugeer l” idej ” baidag yum baina.Ene turliin mash haynd “hool” mongold baigaag ted ner ali ert manai “enger sultai” uls turchiduus olood avsan uchraas sudlaach maani ene udaa hengergee mash changaar deldej baih shigee.deeduul maani sonsono gej naidya! Haramsailtai ni 76-n gurav durvuhunuus busad ni iim yuman deer chih ni taglarchihdag huuchtaig sanuulahad iluudehgui bolov uu.Mongol uls,mongol undestnii maani huvi zaya 2 tolgoi bolon gazriin hursun dor “untaj” bui asar ih bayalagaas hamaarah bolood baigaag sudlaach maanisanuulj baina,Gantshan tur zasag ch bish hun buriin huchin charmailt hergeti baihaa.
    Sudlaach Tand amjilt husye!

  3. цолмон says:

    Маш сайхан бичжээ.Даанч манай ТӨРИЙН ТҮШЭЭ гэж өөрсдийгөө /төрийн гурван өндөрлөг ч гэх шиг хэрэв 3 лаа адил өндөрлөг юм бол хэн нь захирах юм бэ дээ? бүү мэд/ тахин шүтдэг АМЬТАД дотор нь харанхуйлаад,уншиж чадахгүй л болов уу.Тэд юу нь болохгүй байгааг МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ зөвхөн МЭДЭН БУДИЛЖ байгаа байх.УИХ д суух гэж бараг л авгайгаа ЛОМБАРДАХ шахдаг шүү дээ.

  4. aagii says:

    сайн, маш үнэн бичсэн байна яаж энэ Монгол улсыг авч үлдэх бэ ? энэ хэдхэн хүмүүсийн гараар ороод дууслаа ш дээ
    ” ямр нэгэн өвчин даамжирхаарай ямар ч эм, эмчилгээгүй болдогтой адил энэ хүмүүсийн шунал, уйлааралт, хэзээ ч эргэж буцах боломжгүй болдог” байх аа
    ямар нэгэн зүйлд амжилт гаргах нь тэр зүйлийнхээ төлөө солиоордог гэдэг гэтэж байж л амжилтанд хүрдэг
    энэ төрийн тэргүүнд байгаа хүмүүсийг үдэсээр нь өрчилөхөөс нааш ямар ч тохиолдолд манай улс хэзээ ч урагшаа алхахгүй болов уу… !!!!!!

  5. Заяа says:

    Маш их цаг зарцуулж, уул суурьтай хөдөлмөрлөж бичсэн судлаачийн ажил байна. Баярлалаа.

  6. Ganaa says:

    Unen bodit medeelel niigemd hurgeh gej nur ih hudulmurludug tand bayrlasnaa ilerhiiley.Tand amjilt huseye.

  7. Anonymous says:

    zondoo ih um oilgoj awlaa tand amjilt huse

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: