ПАНМОНГОЛИЗМ

Би панмонголизм гэдгийг угаасаа “ойлгомжтой” бөгөөд Монголын үндэсний үзлийн талаар орос, монголын хувьсгалчдын улс төрийн зөрчилдөөн гэж ойлгож ирсэн. “Пан” нь ч яахав, “нийт”, “бүх” гэсэн грек гаралтай үг. Тэгсэн чинь судлаад байсан чинь энэ нэр томъёог Оросууд анх гаргасан юм байна. Чингэхдээ улс төрчид биш, гүн ухаантнууд, чингэхдээ бүр томоохон сэтгэгчид нь аль дивангалавт гаргасныг хэдхэн жилийн өмнө мэдээд ихэд гайхав. Монголчуудын панмонголизмын үзэл санаа, үйл ажиллагаа их урт удаан үргэлжилсэн, ихээхэн хувирал, зовлон зүдгүүр дамжсан үзэгдэл гэдгийг түүх гадарлах хэнд ч гэсэн тодорхой буй за. Үр дүн нь асар олон хүний амь амьдрал, зовлон зүдгүүр, төөрөгдөл, мөрөөдөл, алдаа оноо, цус хөлсөөр бүтсэн тусгаар тогтносон Монгол Улс.
Ямар ч гэсэн панмонголизмыг түүх, гүн ухаан, нийгмийн ухааны суурь судалгааны нэг гол чиглэл болгон үүндээ тулгуурлан төрийн бодлогод нэн даруй тусгах ёстой гэж би үзэж байна. Харин энэ нь үндэсний хоосон хийрхэл, бусадтай дайсагнах хэрэгсэл болох ёсгүй гэдгийг би онцлон тэмдэглэж байна. Харамсалтай нь манайхны айдас одоо болтол арилаагүй учраас энэ сэдвийг огт хөнддөггүй юм. Бид үндэстэн мөн л юм бол өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байх эрхтэй гэдэгт би бат итгэж байна. Ер нь яахаараа панэллинизм, пангерманизм, панславизм, панисламизм гэж дэлхий даяараа ярьж болдог панмонголизм гэхээр болохоо байчихдаг юм ?!
Түүх бичлэгийн тухай хэдхэн үг…
Ер нь улс орныхоо түүхийг үзэх алслалтыг сонгуулийн 4 жилээр биш, ардчиллын 20 жилээр биш, үндэсний болон ардын хувьсгалын 90 болон 100 жилээр биш, түүнээс хавьгүй урт масштабаар маш олон хувилбараар авч үзэж болно. Манай янз бүрийн төлөвлөгөө, хөтөлбөр, цогц бодлого зэрэг зохиосон зүйлүүд яагаад огт хэрэгждэггүйн гол шалтгаан нь монголын эрх баригчид түүх, нийгэм, үндэстнээ огт мэдэхгүй буюу үл хайхарснаас болдог. Ер нь бол ирээдүйгээ зөв харах цорын ганц үндэслэл нь түүхээс үүдсэн гүн ухааны үзэл, үзэл санаа болно. Дэлхий дахинаараа ингэж л сэтгэж байна ш дээ…
Түүх гэхээр монгол улс мандаж буурсан үйл явдлуудыг тоочих биш, өөрийн ҮНДЭСТНЭЭ гол болгон авч үзээд бусдыг нь орчин гэж үзээд системийн болон синергетикийн дэвшилтэт арга зүйгээр судлахыг хэн боль гээд байгаа юм. Манай түүхийг эхлээд хятадууд, дараа нь оросууд, одоо бол “барууныхан” бичиж байна. Монгол атлаа “гадаад” түүхчид олонхи нь болчихож…
Эдгээрт маш үнэ цэнэтэй судалгаа, гайхамшигт бүтээлүүд үй түм буйг би огт үгүйсгэхгүй. Ер нь бол дэлхий дахины түүхийн тэн хагасаас илүү нь монголын түүх гэхэд нэг их хэтрүүлсэн дүгнэлт огт болохгүй. Гэхдээ л манайд монголоор бичсэн түүх байхаас биш, жинхэнэ монголын нэгтгэсэн түүх байхгүй гэж би баталгаатай хэлнэ. Үндэсний үзэл санаа, үзэл суртал болж чадахгүй бол ямар ч түүх монголын түүх болж чадахгүй.
Учир нь улсын түүх, үндэстний түүх хоёрын ялгаа гэж зарчмын том асуудал байхаас гадна үндэсний гүн ухааны үзэл, үзэл санаа бидэнд байхгүй. Байхгүй ч гэж дээ, уг нь бол олон хүнд (?!) байгаа. Дор хаяхад надад байлаа гэхэд эрх баригчид намайг нийгмээс бараг “хасчихсан” байна шүү дээ…
Бид л өөрсдөө сэтгэхгүй буюу сэтгэхийг хүсэхгүй учраас манай түүхийг дандаа гадаадынхан буюу гадаадын арга зүйгээр хийдэг юм.
Ер нь уламжлалт европ буюу сонгодог түүх бичлэгийн үе аль дивангалавт өнгөрөн одож, түүх нь гүн ухаан, социологи, математик зэрэг байгаль нийгмийн шинжлэх ухаануудтай нэгдэн (интеграци), түүх бичлэгийн орчин үеийн арга зүйн цоо шинэ түвшинд хүрчээ. Байдал ийм бөгөөтөл баларч завхарсан, үлэмж хоцрогдсон арга зүйтэй, гадаадаас хуулах арга барил, сэтгэлгээтэйгээ суусаар байгаа нь даан ч харамсмаар, халагламаар…
Панмонголизмын эхлэл
Оросын гүн ухааны толь бичгүүдэд өгүүлснээр “Панмонголизм” хэмээх нэгэн зөнч шүлгийг Оросын нэрт гүн ухаантан В.С.Соловьев 1894 онд бичиж, энэ нь хожим “Вопросы жизни” сэтгүүлийн 1905 оны № 8-д анх хэвлэгдсэн байна. Энэ шүлэг нь “Антихристийн тухай товч туужийг хавсарган оруулсан дайн, дэвшил, дэлхий дахины түүхийн төгсгөлийн тухай гурван яриа” хэмээх гүн ухааны бүтээлд орсон байдаг аж. Энэхүү урт нэртэй бүтээлийг товчоор “Гурван яриа” хэмээн нэрлэж заншжээ. Миний шүлэг орчуулах гэдэг ч хэтэрхий марзан асуудал боловч танил найрагчид маань энэ зун ёстой зад амарч байгаа бололтой утсаа авдаг “амьтан” ганц ч алга. Ингээд арга буюу өөрөө оролдохоос өөр арга надад байсангүй. Энэхүү алдарт шүлэг нэг иймэрхүү агуулгатай…

Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм !
Үнэхээр чихэнд сонсголонтой байна.
Бурхдын тавилангаар дүүрэн
Буухиа мэдээ шиг сонсогдож байна.

Бузартсан Византид тэр үед
Бурхны алтан ганжир гунджээ
Хан харцгүй хамаг бүхэн
Халамжит Мессээс нүүр буруулжээ.

Алдар нэргүй, харь ард түмэн
Алс Зүүнээс өндийн босчээ.
Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь
Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…

Өнгөрсөн Византийн хувь тавиланг
Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.
Одоо чи Гурав дахь Рим гэж
Оросын худалч нар давтан баталж байна.

Бурхны гэсгээлийн зэвсгийн
Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.
Сэргэн боссон аймгуудын цутгалан
Шинэ цохилтод бэлтгэж байна.

Малайн уснаас Алтай хүртэл
Манлай жанжид Дорнын арлуудаас төрж
Толгой гудайсан Хятадын ханын дэргэд
Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.

Цадаж ханахгүй царцаан сүргийн
Цаадах тоог нь хэлж баршгүй.
Умрыг чиглэсэн аймгуудаас
Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.

Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ
Хоосон алдраа март даа, Орос минь.
Шалчийсан тугны чинь өөдсөөр
Шар хүүхдүүд зугаацан наадна.

Хайрын дуудлагаа мартаж чадах нь
Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.
Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа
Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…
(Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос авав.)
Зөнч шүлэг
Энэ шүлгээр дамжин панмонголизм нэр томъёо анх үүсчээ. Миний уншиж судалсан хэмжээнд францын “Марселез”, оросын “Катюша”, “Ариун дайн” зэрэг дуунууд үндэстнийхээ өөрийн ухамсрыг идэвхижүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байдаг. Харин энэ шүлэг нэг үндэстэнд биш, бүхэл бүтэн Евроазийн түүхэнд зуу гаруй жил асар их нөлөө үзүүлжээ. Гайхалтай байгаа биз !? Энэ шүлгээр зөвхөн нэр томъёо л үүссэн. Гэхдээ үзэл санааны эх нь эртний үед хамаарах нь лавтай. Энэ тухайд жичид нь өгүүлэх боломж гарах буй за…
Ингээд энэ шүлгээс үүссэн нэр томъёо хийгээд үзэл санаа хачин гайхалтай байдлаар дэлхийн том гүрнүүдийн улс төр, үзэл суртлын зэвсэг, үзэл санааны нийцэл хийгээд зөрчилдөөний үндэс болжээ. Ингээд маш товчлон түүний тархалтыг авч үзье.
Орос
Хамжлагийн харилцааг халснаас хойш хаант Орост капитализм нэвтэрч, харьцангуй уламжлалт нийгэм задарч эхлэжээ. Түүхэн ийм үед байдаг л жам ёсоор сэтгэгчид нь үзэл санааны эрэлд хатах болжээ. Ер нь бол Оросын үзэл санаа бол баруун болон дорнын гэх хоёр том чиглэлийн дунд цаг ямагт гуйвж дайвж, зөрчилдөж ирсэн юм. Харин улс төрийн бодлогод бол түүхэнд тодорхой үеүүдэд аль нэг нь давамгайлж иржээ. Энэ нь одоо ч байгаа. Энэхүү үзэл санааны эрэл, маргаан, мөрөөдөл болон түгшүүрт оролцоогүй сэтгэгч Орост тун цөөхөн. Энд В.С. Соловьев, Э.Э. Ухтомский, П.А.Бадмаев, С. Н. Сыромятников, А.В. Амфитеатров, А.С. Суворин, С.Н.Трубецкой нарыг дурдаж болно.
Харин улс төрийн бодлогод II Николай хаан, Сангийн яамны сайд С.Ю.Витте, Дотоод Явдлын яамны сайд В.К.Плеве зэргийн олон хүмүүс ихээхэн нөлөө үзүүлжээ. Зөвлөлт Засгийн үеийнхийг бидний олонхи мэдэх хойно. Гэхдээ Оросын бодлого панмонголизмыг дандаа ч үгүйсгээд байсан юм биш, харин ч ихээхэн том улс төрийн хөшүүрэг болгон ашиглаж байсан.
Буриад
Буриадууд Оросын харъяанд байсан учраас тухайн үедээ хамгийн боловсролтой, хамгийн европжсон манайдаа л багшлахаар хүмүүс байсныг түүх гэрчилдэг. Ямар гэсэн тэдний тэргүүний сэхээтнүүд Оросын дорнын чиглэлд шууд болон шууд бусаар ихээхэн нөлөө үзүүлдэг байсан бөгөөд үүний тод жишээ нь Петр Бадмаев, Агваандоржиев, Элбэгдорж Ринчино, Цэвээн Жамсранов нар болно. Энд ах дүү буриад нараасаа гадна ах дүү халимагуудыг дурдахгүй бол нүгэл болно. Т.Рыскулов үүнийг тод томруун жишээ болно. Буриад, халимаг эх орончдын бүрэн нэрсийг дурдах сайхан цаг ирнэ гэж би бодож байна. Буриаджсан “панмонголизмын” үзэл санаа хоёр янз болсон нь илт ажиглагдана. Нэг нь Хаант Орост түшиглэсэн Их Монгол Улс байгуулах үзэл санаа, нөгөө нь яваандаа бие даасан Монгол Улс байгуулах үзэл санаа болно. Хожим нь Зөвлөлт Засаг, Коминтернд түшиглэх гэх мэтийн олон хувьслыг панмонголизм дамжсан юм.
Япон
Мейжигийн эрин үеэс эрчээ авсан Японд синтоист шашны үзэл сурталд тулгуурлан эхлээд Азид, дараа нь дэлхийг эзэгнэх “орчин үеийн” үзэл санаа ус агаар мэт хэрэгтэй байжээ. Панмонголизм гэдгийг япончууд огт мэддэггүй байснаа В.С.Соловьевын дээр дурдсан “Гурван яриа” болон Оросын сонин хэвлэлээс авч тэр дор нь өөрийн үзэл суртал болгожээ. Ийнхүү арлын “шар чөтгөрүүд” панмонголизмыг ихээхэн дэмжихийн хажуугаар бүр цааш нь хөгжүүлж “Азийг Азийнханд” гэх томоохон үзэл суртлын систем болгожээ. Энэ нь юунд хүргэснийг олон хүн мэдэх хойно. Харин тэдний нөлөөгөөр байгуулсан Дагуурын засгийн газрын асуудлыг манай түүхэнд тун бага дурддаг. Түүний тэргүүн өвөрмонголын Нэйс гэгээн Мэндбаяр болон түүний чин зоригт нөхөд Монголын цогтой эх орончдын тоонд зүй ёсоор орно. Тэдний олонхийн хувь заяа цаг төрийн үймээний улмаас ихээхэн эмгэнэлтэй байсныг биднээс өөр хэн санан дурсах ёстой гэж ?!
Ар Монгол
Дурдан буй үед Монгол Улс дөнгөж үүсч байсан учраас би энэ нэр томъёог хэрэглэж байна. Мэдээж манайхан панмонголизм хэмээх нэр томъёог огт мэдэхгүй байсан нь ойлгомжтой. Харин хөрс суурь нь бэлэн байсныг олон баримтаар нотолж болно. Манж Чин гүрний доройтлыг монголчууд хэтэрхий сайн мэдэж байв. Яагаад гэвэл капиталист том гүрнүүд 1841 оноос эхлэн түрэмгийлэл үйлдэж, газар нутгийг нь булаан, хар тамхины гэгдэх олон удаагийн дайн дэгдээсэн, мөн манжийг эсэргүүцсэн хятадын ард түмний олон удаагийн үймээн, бослогоос шалтгаалан Манж Чин гүрэн нуран унаж байв. Лав л удаа дараагийн дайнуудад цэрэг эрс, агт морь, мал их хэмжээгээр татсан нь Ар Монголын эдийн засагт ихээхэн хүнд туссан олон баримт байдаг. Төрөлхийн дайнч зангаараа монгол цэрэг тэнд ч гэсэн эр зоргийн гайхамшгийг үзүүлсэн баримт олон буй.
Дашрамд дурдахад түүх сонирхогч нэг залуу монголчууд хар тамхины дайнд хэрхэн оролцсон тухай хэдэн сонирхолтой өгүүлэл нетэд бичиж, би түүнд талархал дэвшүүлсэн юм. Ийм залуус улам олон болоосой гэж би байнга залбирч байдаг. Тэгсэн чинь өөрийгөө орчин үеийн гээд бодчихсон, социалист капиталист хоёр түүх нь холилдчихсон нэг нөхөр гарч ирээд Хятадын төлөө үхсэн хүмүүсийг магтаад байхдаа яадаг юм гэж агсагнадаг байна ш дээ. Ер нь ингэхэд аль ч түшмэг улс нэгдмэл улс гүрнээ хамгаалж байлддаг юм байгаа биз дээ. Ухаандаа Оросыг олон удаа цусаараа хамгаалж байсан халимагуудыг хэнд ч муулдаггүй биз дээ. ..
Ингээд бидний харьцангуй сайн мэдэх 1911 он залгана. Манж Чин гүрэн унасан, Оросоос тусламж авчихсан, Богдыгоо залж Монгол Улсаа байгуулсан монголчууд Монгол угсаатнаа нэгтгэж Их Монгол Улсаа байгуулна гэж зүтгэх нь мэдээжийн хэрэг байлаа. Ингээд их Монгол Улс байгуулах үзэл санаа олон түмний мартагдсан далд ухамсрыг сэргээж, энэ хэргийг гүйцэлдүүлэх улс төр, цэрэг дайны бодит үйл ажиллагаанд ханцуй шамлан оров. Баруун Монгол ч яриа юу байхав, тэр чигээрээ л давхиад орчихов.
Энэ нь ёс суртахуун, үзэл санааны аль ч утгаар туйлын зөв, бахархууштай үйлс юм. Үүнийг бүх монголчууд уухайлан дэмжиж бүгдээрээ тал талаасаа чармайн зүтгэсний хүчинд Монгол Улс нийт Монгол үндэстний төв, голомт болсон юм. Одоо ч тэр хэвээрээ байгаа…
Энд панмонголизм нэр томъёо нэн тодорхой үзэл суртал, улс төрийн үйлдэл болон хувирч байгааг бид харж байна.
Өвөр монголчууд
За ёстой нэг цаг нь болжээ гэж тэд ч бодсон, бид ч бодсон. Ах дүү өвөрлөгч нар маань бөөн бөөнөөрөө Монголд ирж шинэ тулгар төрийг байгуулах үйлст амь хайргүй зүтгэв. Бараг халхчууд биднээс ч илүү зүтгэсэн дээ. Олон өвөрлөгч Их Монгол Улс байгуулах үйл хэрэгт үлэмжийн гавъяа байгуулав. Өвөр монголын 49 хошууны 35, Чахар найман хошуу, Хөлөнбуйрын Баргын хошууд шууд л Монгол Улсдаа нэгдэхээр шийджээ. Үүнийг одооны зарим хүн зүгээр л “тоо” мэт ойлгож магадгүй. Гэхдээ олонхи монгол хүн энэ бол агуу түүхт үндэстний тусгаар тогтнолын төлөө урсгасан цус, хөлсний үнэ цэнэ гэдгийг ойлгоно буй за. Энэ бол Их Монгол Улс байгуулах үзэл санаа ямархүү их эрч хүчтэй байсны бат нотолгоо болно. Тэд биднээс юу ч гуйгаагүй эхлээд зөвхөн зэвсэг хүссэн, хожим Монгол Улсдаа нэгдэе, сүүлдээ бол ирье гэсэн зөвшөөрөл хүсч байсан юм шүү дээ. Харин биднээс огт үл хамаарах олон шалтгааны улмаас тэднийгээ мөн ч их гомдоосон доо, бид…
Монголын шударга баатар, харчин гүн Бавуужав, Дэ ван хэмээн алдаршсан Дэмчигдонров нар үндэстний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн цогтой тэмцэгчдийн тод томруун жишээ болно. Магадгүй тэд олон том улсын том бодлогын хооронд алдаж онож, төөрөлдөж байсан л байх. Гэхдээ л үндэстнээ нэгтгэхийн төлөө болохоосоо болохгүйг нь хүртэл тэмцсэн энэ агуу хүмүүсийг монголчуудаас өөр хэн дурсах ёстой гэж ?!
Казакууд
Зарим түүх үл мэдэгчид болон мэдэмхийрэгчид хасгуудыг монголын эрх чөлөөний төлөө тэмцээгүй гэж үзвэл их эндүүрэл болно. Бүр 1911 оны үеэс л хасгийн ноён Сукирбай нарын олон хүн Монгол Улсын төлөө зүтгэж эхэлсэн бахархам түүхтэй. Харин энэ талаарх судалгааны материал туйлын ховор байгаа ч ахиад олон хасаг эх орончид гарна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
II дайны үр дүн
Нэгдмэл Монгол Улс байгуулах эрмэлзлээ дэлхийн II дайн дуустал нийт монголчууд орхиогүй явсан. 1945 оны 8 дугаар сард БНМАУ чөлөөлөх дайнд оролцохын өмнө Х.Чойбалсан Монголын ард түмэнд хандаж радиогоор үг хэлэхдээ: “…Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” гэж хэлж байсан нь үүний нотолгоо болно.
Гэхдээ Орос-Хятадын гэрээнд заасны дагуу БНМАУ 1945 оны 10 дугаар сард тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт явуулав. Хариуд нь Хятадын Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 онд хүлээн зөвшөөрч, улмаар 1949 онд БНХАУ бий болсноор энэ асуудал улс төрийн хувьд эгнэгт шийдвэрлэгдсэн юм.
БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн явдал бол тухайн үеийн нөхцөл байдалд панмонголизмын хүрч болох хамгийн дээд үр дүн байлаа. Үүнийг чамлах буюу хянан засварлах эрх хэнд ч байхгүй. Учир нь дэлхий дээр манайх шиг ингэж хуваагдсан үндэстэн асар олон буй. Ер нь бол Орос, Япон зэрэг улсуудын мэдэлд байсан панмонголизм болон монголын хүчин зүйл Хятадын эсрэг томоохон хөшүүрэг болж байсныг дурдах нь шударга ёсонд нийцнэ. АНУ ч үүнд тун идэвхитэй оролцож байсан. Эдүгээ Хятадын хөгжин дэвжиж байгаа нь эргэх цагийн жам гэж би бодож байна.
Миний бодлоор Хятад шиг 100 гаруй жил дэлхийн бүхий л томчуудад дарлуулж доромжлуулсан ард түмэн байхгүй л болов уу. Гонконг, Макао зэргийг нь булаагаад авчихна. Гадаадын томчууд найм есүүлээ хийлж байгаад нийслэлийг нь эзэлнэ, түрэмгийлнэ. Дотооддоо бол бүр авах юм байхгүй, 23 жижиг улс болоод өөртөө засах эрх нэхнэ, генералууд нь зай завсаргүй байлдана гэх мэт. Японууд түрэмгийлэн орж ирээд “хятад хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэж хаа сайгүй биччихээр ямар ч үндэстэн жигших нь зүйн хэрэг. Мэдээж Хятад панмонголизмыг эсэргүүцэж байсан. Энэ нь хан үндэстний зүгээс зөв үйлдэл байсан. Цаг төр үймэхэд ямар ч үндэстний доторхи бүлгүүд болон хувь хүн төөрч будилах, алдах онох, муудаж сайдах, тэр ч байтугай дайтах явдал аль ч төр, улсад болдог. Манайд ч олон удаа болсон. Гэлээ гэхдээ Хятадууд өнөөдөр Чанкайшигээ огт хараадаггүй, мөн Оросууд цагаантнуудаа бараг бүрэн цагаатгасан. Энийг л үндэсний үзэл гэдэг юм. Аль ч улс үндэстэн ийм эрхтэй, түүний дотор бидэнд ч бас бий…
Харин манайхан бол дурын түүхэн хувь хүмүүсийн “буруу зөв”-ийг тун амархан нотолдог бөгөөд энэ нь сүүлдээ бүр түүхээр хийрхэх өвчин болтлоо хэтэрснийг би онцлон сануулж байна.

Нармай Монгол үзэл
Бидний мэдэх болон мэдэхгүй олон шалтгаан, бас мэдэхийг ч үл хүсэх сэтгэлгээний хоцрогдол, арчаагүйдлээс болж панмонголизм, яг монголоороо бол нармай монголын үзэл санаа туйлын үхээнц байдалд оржээ.
Нармай гэдэг бол хүний хамраас гадна хөвчин их улс буюу нэг угсааны бүх улс нэгдсэн хүчирхэг нэг улсыг хэлдэг юм ш дээ. Одоо бол нэг улс гэдэг нь өнөөгийн Монгол Улс байх нь мэдээжийн хэрэг.
Одоо бүр байчихаад өвөрлөгч нараа хятадууд, буриад, халимагуудаа орос, хасгуудаа “осман” гэж харааж, баруун, зүүн хийгээд аймаг аймгаараа талцаж солиороод байвал Монгол Улс ёстой хөгжиж харагдаач.
Энэ тэнэг зан үйл чинь ердөө л бидний олонхийн адгийн, арчаагүй сэтгэлгээ, үйлдэлд байгаа болохоос биш, гаднын аль нэгэн том гүрэнд байгаа юм огт биш. Наад зах нь тэднийхээ бөхчүүдийг наадамд ирэхэд нь ад үздэг новшийн байдалд бид орж. Онцлон дурдахад сонгуулийн үеэр улс төрчдийн байнга дэврээдэг аймгархах, сумархах муу ёрын зангаа татвал таарна шүү !!!
Жижиг Монгол Улсаа дэлхийн том гүрнүүдтэй тэрсэлдүүлэх гэсэн санаа надад огт байхгүй.
Түүхийн аль ч үед бид хүний тоогоор ямагт цөөн байсан бөгөөд цаашид ч тийм байх биз. Харин энэ нь голлох шалтгаан, хүчин зүйл хэзээ ч болж байгаагүй юм.
Одоо дэлхийн бүх том улсууд өөрийн нөлөөний хүрээ буюу ашиг сонирхлын бүс гэж дэлхийн аль ч газар нутгийг зарлаж байна. Монголчууд бид ингэж болохгүй юу ?!
Би л хувьдаа өөрөө мэдээд Буриад, Тува, Алтайн хязгаар, Халимаг, Сибирийн зарим нутаг, Өвөр монгол, Шинжаан-Уйгар, Манжуурын газар нутгийг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын ашиг сонирхлын бүс нутаг гэж зарлаж байна.
Бид ямар дайн хийх гэж байгаа биш, харин дэлхийн хэмжээнд сэтгэж Монгол Улсаа хөгжүүлэх гарцын тухай ярьж байна.
Одоо ч гэсэн манай дүүрчихсэн эрх баригчид дэлхийн бараг бүх том улстай дэлхийн эрчим хүчний балансыг орвонгоор нь эргүүлчих том том “нууц” гэрээ хэлэлцээр хийгээд давхилдаж байна. Иймээс Монгол Улс, үндэстэн яав ч “жижиг” биш…
Энэ бол онолын асуудал огт биш, ядахдаа Цэвээн Жамсрановын томъёолсон “соёлын панмонголизм” гэсэн ойлголтыг нэг саначихаж болно оо доо…
“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй”, “Монгол үндэсний сэргэн мандалт эхэлж байна” гэдгийг хэрэв заагаад өгчихвөл сургуультай нохой ч хэлж чадна. Харин үндэстний үзэл санааны системийг бол түүхэн гүн ухаан, онолын социологид тулгуурласан системт шинжилгээнээс гадна сэтгэл зүтгэл гэсэн агуу нандин үйлсээр бүтээдэг юм. Манай эрх баригчдын толгойд орсон юм болгоныг төрийн бодлого гэж итгэх ямар ч үндэслэл монголчуудад байхгүй. Учир нь Ногоон хувьсгал, Цагаан хувьсгал, Мянганы зам, Хар Хориныг жишиг хот болгоно, Бүсчилсэн хөгжил, Ногоон хэрэм, Үндэсний хөгжлийн цогц бодлого гэх мэтийн үй олон “төрийн бодлогууд” нь ор мөргүй алга болчихдог учраас ингэж дүгнэж байна ?!
Би олон жилийн судалгааныхаа үндсэн дээр Монголчууд бидний үндэсний үзэл, үндэсний өөрийн ухамсар хэтэрхий арчаагүй, үхээнц байна, иймээс нармай монголын үзэл бол бидний үзэл санааны гол цөм болох ёстой, монголчууд бид дэлхийн хэмжээ, түвшинд сэтгэж, үйлдэх ёстой гэдгийг л гэж хэлж байна. Үүнийг XIX- XX зууны арга хэлбэрээр биш, даяаршиж, мэдээлэлжиж, иргэншиж, соёлжсон орчин үеийн аргаар хийх монгол залуус олон буй гэдэгт огт эргэлзэх зүйл алга…
Үүний цаана онол, судалгааны тун олон асуудал байгаа гэдэгт уншигч Та эргэлзэхгүй байж болно. Мөн ганц өгүүлэлд бүх асуудлыг багтаах боломжгүйг эрхэм уншигчид ойлгоно буй за. Энэ санааг монгол уншигчид дэмжвэл би үргэлжлүүлэн бичнэ, үгүй гэвэл хамаа алга, хойч үеийнхэн үзнэ биз. Би хийх юмгүй уйдахдаа үүнийг биччихсэн юм биш л дээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 8 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

41 Responses to ПАНМОНГОЛИЗМ

  1. Бодогч says:

    Ёстой зөв санаа байна. Үүнийг эхлүүлэхийн тулд түүхээ л залуу хойч үедээ зөв заагаад өгчих юмсан. Гадныхан яагаад зөнч шүлэг бичээд байсан гэвэл тэдний зөнчид пан монголизм бий болох тухай мэдэж байснаас яг хэзээ болохы нь мэдэхгүй байсан юм. Харин одоо ирээдүйг эш үзүүлсэн бошгуудыг нээж тавьсан өнөө үед хэзээ гэдгий нь амархаан мэдэж болж байна. Тэр нь ХХI зуун шүү дээ. Чингис эргэж төрөх биш, нэгдсэн Монгол гүрэн байгуулагдах тухай бололтой. Манай юм сэтгэдэг залуус энэ чиглэлээр ажиллавал мөн ч хол явнаа, учир нь эш үзүүлсэн дээр байгаа шүү дээ, дээр нь тэгээд монгол эрдмээ нэмчихвэл дэлхийн хүн төрөлхтөнд ямар ч галав юүлсэн айлтгүй боллоо л гэсэн үг.

  2. ganzorig says:

    Yostoi goe. Bidend negdmel NEG YZEL heregtei.
    Bi ajil deeree solongos, hujaa nar hoorondoo aimar ataarhuu huluu jiiltsdegiig ni sain meddene. Gadnaa dandaa uursdiiguu hamgaaldag bygd eh ornooroo aimar baharahdag. (hujaa nar harsan yum bolgonoo made in china geed danalzaad baidag yum).
    Mongolchuud bygd esergeerei. Bi odoonoos I AM FROM MONGOLIA geed changa heldeg bolj baigaa

  3. BASKA says:

    saihan niitlel boljee,bi2garaa orgood demjij bna .

  4. temuulel says:

    demjij bna

  5. Цолмон says:

    Маш сайхан санагдлаа.Баяр хүргэе.

  6. ТААГААД тайлбарлах нь Судлаач хүнд огт зохихгүй! says:

    Хүн бүхний мэддэг зүйлийг л бичсэнээс судлаад, мэдээд гаргасан зүйл алга даа!! Бичсэн зүйл нь тоо баримт байхгүй, худал таамаг,ганц нэг илэрхий байдаг нэрийг л дурдаж дээ, тэгээд бас хэн нэгэн хүнд цаагуураа бялдуучлах гэсэн үг санааг оруулсан мэт!!
    Нармай- гэснээс наад үг чинь Хамар гэсэн утгаар л байдаг юж. Харин тийм бүх нийт гэсэн утгаар ордог гэдгийг хэл зүйн үүднээс нь ой тойнд ортол тайлбарлаад өгөөч!! Зүгээр л утгынх нь дагуу ТААГААД тайлбарлах нь Судлаач хүнд огт зохихгүй!
    Судлаагүй, судлаач бус хүнээс илүү гарах юм энд ОГТ бичигдээгүй байна. уучлаарай!!

  7. bold says:

    чухам ямар зорилгоор панмонгол үзлийн тухай одоо бичиж байгаа юм бол доо эндээс лав олж харсангүй, ойлгосонгүй Харин одоогийн нөхцөл байдалд 2 том хөршийн дотоод асуудал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул үүсгэлээ гэх мэт шалтгаанаар бидэнд ашиггүй үйл ажиллагааг нь илүү далайцтай гарч ирэхэд хүргэх ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮМҮҮСИЙГ МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН АСУУДЛУУДЫН ШИЙДЛЭЭС ХӨНДИИРҮҮЛЭХ, хоосон мөрөөдлийг нь өөр нэг хэлбэрт оруулах уршигтай зүйл болно гэж бодож байна бидний одоогийн байдал бол тун хэцүүхэн бүрхэг байгаа Асуудлын учигууд арай гүнд байна шүү дээ түүх чухал гэхдээ өнөө цаг үе ирээдүй түүнээс илүү чухал юм ХҮНДЭТГЭСЭН

  8. “Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун голомт” гэж төрийн дуулалдаа л бид чинь Панмонголизмын үзэл санаагаа нэвт шингээгээд орхисон улс шүү дээ. Үндэсний үзэл, үндэсний түүх байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Харин одоогийн нөхцөлд энэ үзлийг соёлоор түрж хийвэл илүү ахицтай байх. Шинжаан Уйгаруудыг Монголтой холбогдох бүх мэдээллээс нь таслаад байхад л тэнд Жавхлан хүүгийн дуу яаж ийж байгаад хит болчихдог гэж ярилцдаг юм билээ. Энэ жижиг хэрэг биш шүү…

  9. gankhuyag says:

    Их сайхан санаа байна. Харин одоо бол төрийн дууллын үгийг зохиогч нь агуу соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гуай биш, харин Н.Энхбаяр болчихсон ш дээ. Таны хэлсэн агуу хоёр мөрийн дараа 2006 он хүртэл “Дайсны хөлд хэзээ ч орохгүй, Дандаа энхжин үүрд мөнжинө” гэж дуулж байсныг Та болон олон хүн санаж байгаа нь лавтай. Одоо бол байхгүй..

  10. Bat says:

    Ganhuyag guai.Namaig bitgii uimuulegch gej bodooroi. Bi gadaadad surdag jiriin neg oyutan hun. Nutgaasaa hol udaan baihdaa harin iluu nutgiinhaa tuhai medej avdag yum baina. Tanii deerh niitlel minii jinhene “zagatnasan gazar maajih” shig bolsniig nuuh yun. Gol asuudal ni eniig oilgoh potential-gui humuus mongold denduu olon baih yumaa. Bur bolovroltoi, surguulidaa tolgoi tsohidog zaluuchuud hurtel oilgohgui baih ni elbeg yum. Tiimees edend olon dahin helj, tailbarlaj baij ur dund hurne gej bodoj baina. Taniig ene sedveeree urgeljluulen bichvel bi l huvidaa talarhaltaigaar huleen avah bolno. Yum oilgohgui humuusiin eldev ugiig bitgii toogooroi. Mongol undesten mandan badarna gedegt bi itgedeg

  11. gankhuyag says:

    Та тун чухал асуудал хөндлөө. Заавал бүгдээрээ ойлгож байж бүтээдэг ажил гэж хорвоод байхгүй мэт. Онолын хувьд бол тухайн нийгмийн сэхээлэг 10 орчим хувь ойлгоход л хангалтай гэдэг юм билээ. Энэ нь бусдыг нь “хаячихна” гэсэн хэрэг огт биш л дээ. Мэдээж би үргэлжлүүлэн бичнэ. Онцлон хэлэхэд надтай заавал санал нийлэх албатай биш. Харин энийгээ баримт нотолгоотой, логик үндэслэлтэй хэлж байвал бүх хүнд хэрэгтэй гэж бодно. Дөнгөж сая энэ сэдвийг огт хөндөлгүйгээр намайг хувь хүний хувьд “шинжилсэн” нэг “мэргэжилтний” комментыг устгачихаад сууж байна. Энэ сэдвээр хэн ч надтай маргаж, шүүмжилж болох авч намайг хүнийх нь хувьд “шинжлэх” нь хэнд ямар ашигтайг ёстой мэдэх юм алга…

  12. шагай says:

    За эхлээд жаахан хазайчихъяа, ТААГААД тайлбарлах нь Судлаач хүнд огт зохихгүй!-за тэгэхээр энэ зочин “http://toli.query.mn/search?q=%D0%BD%D0%B0%D1%80%D0%BC%D0%B0%D0%B9” энэ линкээр ороод Я.Цэвэл гуайн толь бичгийн электрон хувилбараас “НАРМАЙ УЛС-ХӨВЧИН ИХ УЛС” гээд харчихана байлгүй дээ. Урд,хойд хөршийн дотоод асуудалтай холбоотой бас нэг коммент харагдлаа. Зарим хүмүүс хэн ярихыг анзаараад юу ярихыг нь ойлгохыг оролдохгүй л байнуудаа. Түүх байхгүй бол ирээдүй байхгүй талаар ажилгүй хүмүүс санаашрахдаа дэмий бичээгүй л бол шүү дээ. Тиймээс энэ сэдэв “ЧУХЛААС ЧУХАЛ”, гэхдээ улаан будаг байдгийг мэддэг ч улаан будаг найруулж чадахгүй хүн байшингаа будаж чадахгүй хэвээрээ. Залуучууд бидэнд энэ өнцгөөс бүрэн харахад туслаж чадахүйц онолын суурь судалгаатай судалгаа хэрэгтэй. Тиймээс нийтлэлийг дэмжиж байна.

  13. Bolor says:

    Sexeetnii dund ch gesen alsiig xarsan xolch uxaantai, ex orondoo eeltei bodoltoi xumuus xovor, ter 10 % d xurexgui bn, tegexeer ene olon doctor, magistre, deer n xevleliin gazruud uund bas l xuvi nemree oruulj baij asuudal naashlax um, xamgiin gol n ajil xariucsan xumuus ter ajildaa ene l bair suurinaas uuruur xelbel undesnii baxarxal, alsdaa xuchirxegjixed xamag axan duus nuluuguu ul murgui aldchixaagui baixiin tuld bagaar ch bolson ajil xiix n zuitei bn,

  14. gankhuyag says:

    12-т. Я.Цэвэл гуайн толь 1966 оных. Түүнээс өмнө Шагжийн, бас сүүлд гарсан олон толь байдаг юм ш дээ. Уг нь бол Я.Цэвэл гуайн бичмэл эхэд энэ утга байсныг тэр үеийн МАХН хянаад хасаад хэвлэчихсэн юм аа. Бас 1911-1920-иод оны сүүл хүртэл МАХН болон төрийн баримт бичгүүдэд “нармай монгол” гэсэн нэр томъёог байнга хэрэглэж байсан. Нусгай минь, байн байн орж ирээд үймүүлээд байлгүй бушуухан явж монгол хэл, түүхийнхээ хичээлийг давт…

  15. gankhuyag says:

    Эрхэм Болорт. Таны зөв байх аа. Би ч гэсэн олон хүний хичээл зүтгэлгүйгээр бүтчихнэ гэж бодохгүй байна. Баярлалаа.

  16. hehe says:

    Танд баярлалаа. Панмонголизмийн талаар Оросын соц. сайтуудад нилээн яригддаг… тэнд дандаа буриад, халимаг, тува гэх мэт улсын залуус байдаг юм билээ. Би л хувьдаа дээр уед moenhbayar.blogspot.com-с панмонголизмийн талаар мэдсэн, сонирхолтой нийтлэл ихтэй хундээ. Та “А было ли иго?” гэсэн бичлэг уншсан уу? оросын туухчид одоо л гайгуй ойлгож бичээд байгаа мэт, гэхдээ 6,7 ангийн туухийн бичлэг нь оорчлогдоогуй байна гэнэлээ оороор хэлбэл монголын талаар “муухай” болгож бичсэн хэвээр. Алтан Орд Сарай хотын талаар сонин сонин баримт их байгаа, монголчуудыг зэрлэгууд байгаагуй гэж археологчид нь ярьж эхэлж байна, Баабар гуайн ном орос дээр хэвлэгдлээ гээд ойрд ч туухийнхээ талаар гэрэлтэй мэдээ их сонсож байна. Одоо энэ оросуудад эх хэл дээр нь монголын талаар сайхан орос-монголын туух, монгол судлаачийн нудээр бичвэл ямар байх бол…

  17. Shinebayar says:

    Панмонгол үзлийг газар нутгийн хувьд сөхөхүү, соёл, миграцын асуудлаар хөндөх үү, орос, хятад казак, за бүр цаашилбал афган зэрэг улсууд хэрхэн харах бол,,, гэдэг аюултай, бидэнд ашигтай, аюулгүй хувилбар аль нь вэ?

  18. gankhuyag says:

    Энэ олон будлиантай лиценз чинь газар нутагтай шууд холбогдоно биз дээ аль эсвэл үгүй юм уу ?! Үүнээс болж ямар ноцтой явдлууд болоод байгааг Та бид сайн мэднэ. Соёлын хувьд гэвэл Та наад зах нь Оросын Аист, Хятадын Одон ТВ-г хар л даа. Би л лав тэдэнд атаархдаг. Энэ хэнд ч хэрэггүй үй олон ТВ-ынхээ ядахдаа 3-ыг гадагшаа цацаж болох уу ? Мэдээж болно. Миграцийн хувьд гэвэл Монголоос монголчууд шууд зугтаж байна. Ийм адгийн, хөгийн байдлыг үргэлжлүүлэх боломж нэгэнт шавхагдсан учраас бүгдээс нь эхэлнэ дээ. Би бол үүнийг арчаагүй төр засгаас болсон л гэж хэлнэ. Харин монголчууд бидний хувьд гэвэл сэтгэлгээ, үйлдлээ өөрчлөх цаг болсон…
    Таны 3 мөр асуултад чинь логик болон текстологийн задаргаа хийж үзээд би Таныг үнэхээр муу мэргэжилтэн гэж дүгнэлээ. Миний юу хэлэх гээд байгааг Таныг их сайн ойлгосон гэж найдаж байна…

  19. tsogoo says:

    saihan boljee. bicheed baidaa ah mini. durguitsehgui bol uuriinhuu oroh durtai site ter uguulleg bichsen baisan site aa bidentei share-leech. ene internet chin denduu tom dalai bolohoor haanaas ni olohoo medehgui bn

  20. gankhuyag says:

    Баярлалаа. Би мэргэжлийн хувьд гол гол сайтуудыг байнга гүйлгэж хардаг санаатай. Та бол ямар сайтад тавимаар байна ?

  21. Hvn says:

    ПАНМОНГОЛИЗМ – Сонсоход нэг л эвгүй. Тэрэн дорвол Үндэсний Эх оронч үзэл гэж ярьвал арай зүгээр юм шиг. Пан энэ тэр ороод ирэхээр хэт үндсэрхэг үзэл гэж ойлгогдоод байх юм. Наад үг чинь хоёр хөршийн ашиг сонирхлыг бол шууд хөндөж байгаа хэрэг.

  22. gankhuyag says:

    Хөөе сайн уу ? “Дайсан” минь. Чамайг их “санасан” байна шүү. Одоо шууд яръя. Нэг. Ноднингийнх шиг бүтэн жил зууралдан “байлдах”. Энэ ч ёстой утгагүй юм билээ. Ингэж байх зав цаг чи бид хоёрын аль алинд байхгүй. Хоёр. Эр хүн шиг сайхан ярилцаж, учраа ололцох. Би ингэсэн нь дээр гэж бодож байна. Байдал ямар хүнд байгааг чи сайн мэдэх хойно. За тэгээд өөрөө мэдэж дээ. Чи ч жинхнээсээ лайтай “амьтан” ч гэсэн хэрэв “байлдвал” би гарцаагүй ялна гэдгийг зөвөөр ойлгоорой. Ингээд ярьж байгаарай, “дайсаан”, биш ээ “хүн” ээ. Амжилт.

  23. Hvn says:

    Таньд ч гэсэн амжилт. Та бид 2 эрт орой хэзээ нэгэн цагт уулзах нь тодорхой. Гэхдээ одоо биш.

  24. gankhuyag says:

    Баярлалаа. Яасан эмэгтэй хүн шиг хариулдаг юм бэ ? Тэгвэл чамайг “бэлэн” болтол чинь хүлээнэ ээ. Одоо бид чинь бие биенээ явуулж болно биз дээ.

  25. unshigch says:

    Хоёр талын өвөө нар маань панмонгол хөдөлгөөнд оролцож явсан болохоор үүнийг уншихад таатай байлаа. Ялангуяа “дэлхий дахины түүхийн тэн хагасаас илүү нь монголын түүх гэхэд нэг их хэтрүүлсэн дүгнэлт огт болохгүй”, “түүх нь гүн ухаан, социологи, математик зэрэг байгаль нийгмийн шинжлэх ухаануудтай нэгдэн (интеграци), түүх бичлэгийн орчин үеийн арга зүйн цоо шинэ түвшинд хүрчээ” гэдэгтэй санал нэг байна. Цаашид дэлгэрүүлж бичнэ биз дээ. Таны судалгааны ажилд амжилт хүсэх байна.

  26. хүсэлт says:

    Залуу судлаачдад өгөх зөвлөгөө, Гумилев, Энхбаяр, Улс төр, Нийгэм гэх мэт бичлэгүүдээ ангилалд оруучихвал хүмүүс сонирхсон сэдвээ эргэн ахин дахин уншиж байхад тустай санагдана.

  27. gankhuyag says:

    Блог нээхэд үндсэн бичлэгийн архан талд “шинэ бичлэгүүд” гэсэн бичиг байгаа. Бас түүний яг ард “Select Category” гэсэн цонх байгаа. Уг нь тэнд дарвал ангилал байгаа л юмсан. Харин ангиллаа шинэчилж нарийвчилж болох юм.

  28. Anonymous says:

    Bayarlalaa. Yag l bodoj yavdag zuilsiig maani hundsun baina. Gevch minii enehuu augaa uilsd oruulah huvi nemer u bilee gej bodoj suuna. Utai ch endeh sudalgaanii ajlaa duusgaad eh orniihoo science-d uuriinhuu gar biye l saitar oroltsuulaya gej bodloo. Baigliin huuli davtagdah shinjtei bolohoor magadgui 100 jiliin daraa “Narmai Mongol” uls geed bii bolchihson ch baj magad gej boddog. Ternii tuluu unuudriin tanii bichij hui zuils nemertei gedegt ergelzehgui baina. Ta urgeljluuleed bicheerei ene sedveeree. Bi yer ni sardaa 2,3 udaa end orj irj Tanii shine niitleliig togtmol unshdag. Bayarlalaa. from Toronto

  29. tsogoo says:

    he he ta buruu oilgojee. tanii unshdag site-uudiin hayagiig l taniaas hussen yum. yalanguya ter har tamhinii dainii ueiin mgl tserguudiin tuhai bichsen uguullegtei site-iin neriig. hariu bichsend bayarlalaa

  30. Bayasaa says:

    Ta uneheer heregtei uyed Narmai mongoliin talaar bichjee. Bi bolboos huvid negdsen Mongoliin baih zailshgui zuil gej bodoj yavdag negen bolgoo. Ene tuhai olon humuustei yaritsaj baihad erh medeltei, mongotei humuus bolohoor ongorson balarsan yum hezee ch butehgui hend heregtei yum gedeg bol borog amidraltai seheeten garaltai ulsuud ihed demjin uzel bodloo ilerhiildeg, za busad anh udaa sonsoj baigaa hun shig l gaihaj ul oilgoson nudeer haraad ongorno. Bas negen zuil bolboos internet orchind ovorlogch, buriad zaluuchuudiin heden blogoos oor oligtoi medeelel oldohgui yum. Gadaad baidag bolohoor mongoliinhoo nomiin san oroh bolomjgui ni gaslantai.

  31. хүсэлт says:

    Angilal baidag yum baina. Bayarlalaa.

  32. MOngol says:

    Маш ихээр дэмжиж байна. Хамгийн гол нь энэ чинь хийсвэр ойлголт биш, бодитой зүйл байгаад л байгаа юм. Монголчууд бид л ярихгүй хэлэхгүй, бичихгүй юм бол хэн түүнийг хийх юм бэ? Нар гарнаа. Хэзээд л түүхийн аль нэг нугалаанд Монгол бүдэрдэг боловч сөхрөх унасан нь үгүй. Халхын заяа их гэж ч ярьдаг. Нэг ухаантай хүн энэ талаар маш их зүйл хийдэг ба тэр нар гарах өдрийг бид үхтлээ хүлээх хэрэгтэй, бидний үр хүүхэд хийх ёстой юм. Харин тэр өдрийг хүртэл дэлхийн Монголчууд маань эх хэлээрээ ярьдаг, уншдаг, соёл уламжлалаа хаана хаанаа хадгалаад, сослын харилцаатайгаар хүлээх хэрэгтэй гэж байсан санагдана. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар ОНДООШИЖ болохгүй гэсэн санаа л даа. Хэзээ нэгэн цагт НАР гарч л таараа. Монголын заяа их л дээ. Удмаараа гуйлгачин явсан Гуйлан улсынхан хүртэл хэдэн цаас 100 хүрэхгүй жил хууран хуримтлуулж түүндээ санаад үүрдийн юм шиг санаж Хангүг үзэл газар авч байна гэнэ билээ. БИд харин ч тэднээс хуруу илүү ярих ёстой юм.

  33. bold says:

    saihan boljee neree ne manai vndserheg vzelten vvd geed baidag hudulguun vvd iim chuham yamar vndesnii vzel deer suurildag yum boldoo tanaas asuuj surdag bailgvidee yadaj zubulguu abdag bol sain bainashvv tand amjilt hvsii

  34. dk says:

    Сайхан бичлэг болсон байна. Эрхэм судлаачийн ажилд өндөр амжилт хүсье

  35. Anonymous says:

    Ganaa ahaa mgnd bayr hurgie .Uunii gun utgiig oilgoogui ongoc dugnelt hiigchidee bidnii aldsan haigaad bgaa hogjil ceceglelt sergen mandaliin undes yzguur n undesnii uzel monoosoo mon bid negdmel uedee huchteig haan tuuh maani bidend sanuulan zug chig argadag ym daa

  36. Ayanga says:

    Saihan sedev hundsun bna. Odoo ene tsenher hoshnogotoi, tenger zayatai gej eliirch demiirehee boliod gazar buuj ireeseidee humuus.

  37. Anonymous says:

    medeej bi urgeljluulen bichne gedeg tanii ug namaig mash ih bayarluullaa tand bayarlalaa dashramd durdahad tanii ene niitlel minii yag zagatnasan gazar maajih shig bolloo ene l us agaar shig heregtei bn da hunii gazar tusgaar togtnol eh oron gedeg ug yamar une tsenetei bidnii owog deedes yamar augaa huchirheg daichin bj we gedgiig gun gunzgii uhaaran oilgoj bn hen huchirheg bsan ter ergeed huchirheg boldog gedegt itgedeg ih mongol uls ergen negden niilj uurd mandan badrag from korea

  38. LeRoy says:

    Ж.Цэвээний Соёлын панмонголизмын талаар хаанаас олж унших вэ?

    • Ганаа says:

      Яг бүтэн концепци байхгүй. Хэлсэн бичсэн үгийн дунд бол хэд хэдэн удаа ийм санаа гаргасан байдаг. Яг одоо санахгүй байна. Санахаараа хэлье…

    • LeRoy says:

      За…

  39. Anonymous says:

    Уучлаарай тэхдэ нармай монголчууд гэж ямар үндэстэнг хэлээд байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: