ӨӨДРӨГ ҮЗЭЛ…

Энэ зун хуурай дүү бүсгүй маань манай зусланд ирж удтал ярилцав. Их л олон сэдвээр “буу халсан” юмдаг. Гэтэл “Ганаа ахаа, Гумилевыг уншсан хүмүүс их гутранги болчих юм аа” гэсэн эрдэмт дүүгийн дүгнэлт тархи уу зураад л явчихлаа. Өндөр боловсролтой, соёлтой хүн болохоороо “ихээхэн зөөлрүүлж” хэлэх шиг болов. Ингээд тэр дүү хүүхнээ ганцааранг нь “загнах” гэж нэлээд бэлтгэж байсан юм. Гэтэл аль ч мэргэжлийн, шинжлэх ухааны болон сонирхогч олон хүмүүст хамаарах энэ “зэмлэл сануулга” манай нийт залууст илүү тустай гэж гэнэт бодов. Манай залуу үеийнхэн сэтгэлгээний догматизм болон ментал шинжтэй гажгаас үтэр түргэн ангижрах ёстой гэсэн гүн итгэл, бас цаг үеийн байдал ингэхэд хүргэсэн буй за…
Аль ч “ном”-ыг хөгжүүлэх ёстой
Энэ зарчмыг маш олон хүн мэддэг боловч яг бодит байдал дээр мартдаг буюу үгүйсгэдэг. Ялангуяа “ном” гэдгийг туйлын дээд, төгс зүйл гэж ойлгодог монголчууд энэ тал дээр үнэхээр гарамгай. Энэ нь бараг бидний менталитет болж. Энэ бол сэтгэлгээний үлэмжийн гажиг, хоцрогдол. Иймээс аль ч “номыг” хөгжүүлэх ёстой гэдгийг давтан хэлье.
Л.Н.Гумилевын бий болгосон этнологи бол ямар нэг “изм” биш л дээ. Би Л.Н.Гумилевыг бишрэн шүтдэг, хүндэтгэдэг. Гэхдээ түүний “оргилох түлхэлтийн” онолыг хаашаа ч хөдөлшгүй бурхны сургааль гэж огт боддоггүй. Бурхны сургааль ч гэсэн эсвэл өөрчлөгдөж хувьсдаг, эсвэл “буруу”, “зөв” тайлбарласан олон салбарт хуваагддаг биз дээ…
Нээрээ бодоод байхад анх уншихад Л.Н.Гумилевын “Угсаатны нийлэгжилт ба Дэлхийн био хүрээ” ном гутранги мэт санагдана. Надад ч анх тэгж санагдсан юм байна.
Иймээс олон сэтгэгчдийн “ном сургаалийг” судлахдаа наад зах нь нэг, түүний арга зүй, хоёр зохиол туурвисан түүхэн нөхцөл, гурав, шүүмжлэгсэд болон дагалдагчид, дөрөв, өнөө үетэй нийцэх, эс нийцэх (бүгдээрээ заавал нийцэх албатай биш учраас) зэргийг үзэж судлах ёстой. Аль ч мэргэжлийн ямар ч “ном сургаалийг” ингэж судладаг нийтлэг зарчимтай.
Ингэвэл Танд маш олон зүйл ойлгомжтой болно. Ингэж байж л бид ямар ч онол сургаалийг цааш хөгжүүлэхэд бэлэн болно. Өөрөөр хэлбэл Та өөрөө сэтгэж, өөрөө хөдөлмөрлөх ёстой. Ямар ч сэтгэгч миний номыг уншиж цээжлээд тоть шиг давтаад байгаарай гэж хэлдэггүйн учир энд оршино. Уншсан номоо эргүүлээд яриад байдаг хүмүүсийг би шууд л “магнитофон” л гэж ойлгодог, шоолдог. Ийм хүн манайд хэт олон, зарим нь бүр “ламптай магнитофон” л гэсэн үг. Тэднийг ялгахад их амархан, “улайсаад” л “эргэлдээд” байдаг, бас ганцхан “дуутай”…
Хэрэв ийм байх ахул сэтгэдэг боддог хүн гэж байсны хэрэг огт байхгүй. Сүүлдээ бүр маш олон “жижиг магнитофон” бий болж “даргын үг” гэсэн ганцхан “дуутай” болж байна. Манай нийгмийн адгийн орчин Таныг ийм байхыг тулган шаарддаг. Энийг л сэтгэлгээ, үйлдлийн хувьд давж байж Та өөрөө өөрийгөө олно…
Гутралын шалтгаан
Л.Н.Гумилев дэлхийд түгээмэл үндэстэн гэдэг ойлголтын оронд угсаатан гэсэн ойлголт гаргаж ирсэн. Энэхүү угсаатан нь хүнтэй адил нэлээд олон үе шатыг дамжин, эцэст нь мөхнө гэсэн. Чингэхдээ 1200-1500 жилийн настай гэсэн. Тэгсэн чинь манай зарим хүн 1206 он ч юм уу, аль нэг оноос нь тоолоод “хэзээ үхэхээ” бодоод “гутраад” байсан юмсанж. Энэнд би залуусаа огт буруутгах гээгүй. Тэднийг буруутгах ч ямар ч үндэслэл надад байхгүй.
Харин манай цол хэргэм, гуншингаас өөр юмгүй адгийн “эрдэмтэд” Л.Н.Гумилевын “бурууг” нотолсон “эрдэм шинжилгээний” хурал хийж, телевизээр хүртэл гарч байсныг л би жигшиж байна. Нийгмийн сэтгэлгээний хог хаягдал болсон, бөөлжис хутгамаар адгийн амьтад энд тэнд “багшилсан” болж манай залуу үеийг хордуулж байгаа нь тодорхой. Харин үүнтэй бол би тэмцэнэ, чингэхдээ заавал ялж л байж сална. Энд үгэнд уур нь хүрсэн “амьтан” байвал нөгөө нэг их гайхуулах дуртай цол хэргэмээ дуудаж байгаад ил гараад ирээрэй л дээ…
Үзэл бодлоороо миний “талд” ч байсан, “эсрэг” ч байсан манай залуу үеийнхэн чөлөөтэй сэтгэдэг болох ёстой. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн Таны үзэл бодол СИСТЕМТЭЙ, хамгийн гол нь ӨӨДРӨГ баймаажин сая Таны ИТГЭЛ ҮНЭМШИЛ болно гэж бодож байна. Дөрвөн жил болоод л үзэл бодлоо солиод байх юм бол ер нь юу гэгч болохов ?!
Хэдийгээр дээрх санааг Л.Н.Гумилев хэлсэн нь үнэн боловч тэрбээр аль ч угсаатны насыг хэзээ ч тоолж байгаагүй. Ухаандаа аль нэг ном сургаальд хүнийг дунджаар 70 насладаг гээд биччихсэн байна гэж бодъё. Бодит байдал дээр хүн 1 ч насалж болно, 40-50-ч насалж болно, аль эсвэл бүр 100 гартал ч насалж болно. Мэдээж хүн бүр үхлээс айдаг боловч үүнээс болж тэгтлээ их айгаад л “үхэх нас”-аа тоолоод арчаагаа алддаг хүн гэж хорвоод үгүй байх. Хэрэв Л.Н.Гумилевыг анхааралтай уншвал энэ нь хар аяндаа ойлгомжтой.
Л.Н. Гумилевын судалгаа XY-XYI зуун “хүрдэг”. Үүнээс хойш үеийг хэрэв “онцгой” биш бол тэр судалж байгаагүй. Тэгээд тэрнээс хойшхи түүх яахав ?! Учир нь социал өөрчлөлтүүд хэт хурдасч, шинээр гарсан олон хүчин зүйлийг тооцоход бэрхшээл гарсан байх. Түүнээс гадна Гумилев угсаатан солигдоно гэдэг бол хүн үхэж байгаа хэрэг биш гэдгийг удаа дараа нэн тодорхой хэлсэн. Энд ахиад л гутранги үзэл үүснэ.
Ээ, ашгүй би “үхэхгүй” нь, ердөө л монгол угсаатан л “сөнөх” юм байна ш дээ. Нэгэнт би “үхэхгүй” учраас “мөхөж” байгаа угсаатнаас юу л байна, бүгдийг нь хуу хамъя !!!
Энд сэтгэлгээ, үйлдлийн хачин хорлогчинтой байдал руу орж байна. Одоо олонхи нь зөвхөн энийг л бодож байгаа нь илт. Энэ нь монголчууд угаасаа “муугийнх” биш, харин төр засгаас шууд шалтгаалан ийм арчаагүй байгаа гэдэг нь хэтэрхий ойлгомжтой.
Үүнийг Л.Н.Гумилев антисистем гэж тун ч оновчтой нэрлэсэн. Өөр ч олон янзаар нэрлэсэн байдгийг сайтар уншвал Та хялбархаан олоод харчихна. Энэхүү антисистем нь миний ойлгож байгаагаар яг л манай одоогийн улс төрчдийн зан авир, үйлдлийг хэлсэн.
Гумилевыг өмөөрөх нь
Л.Н.Гумилев зохиол бүтээлээ амар тайван нөхцөлд бичиж байгаагүй юм. Нэрт яруу найрагч эцэг Н.С.Гумилев, агуу найрагч ээж Анна Ахматоваг нь хэлмэгдүүлчихсэн, тэдний ганц хүү болох өөрийг нь олон удаа баривчилж, 14 жил шоронд суулгачихсан, байнгын хяналт дунд байхад тэр хүн яаж бүх санаагаа бичих юм ?!
1974 онд геологийн чиглэлээр диссертаци хамгаалах гэхэд нь эрдмийн зөвлөл “Энэ бол докторынхоос дээгүүр ажил байна, иймээс докторын ажил биш…” гэсэн хачин тэнэг дүгнэлт гаргаж хамгаалуулаагүй юм. Энэ бол бидний өнөөдөр хөндөн ярьж буй “Угсаатны нийлэгжилт ба Дэлхийн био хүрээ” зохиол болно. Учир нь энэ бүтээл угсаатны судлал, түүх, газар зүй, археологи, сэтгэл зүйн шинжлэх ухаануудыг холбосон үзэл санааны гайхамшигт систем болж чадсан учраас ганц газар зүйн хүрээнээс хэт дээгүүр байсан нь үнэн юм. Ингээд энэ бүтээл 15 жилийн дараа 1989 онд арай чүү хэвлэгдэн гарсан юм.
Энэ бүтээлийг олон жил судлахад маш олон, хэт хатуу цензураар дамжина гэдгийг зохиогч өөрөө сайн мэдэж үзэл сурталд нийцүүлж зассан нь бараг бүлэг болгоноос нь мэдрэгддэг юм. Наад зах нь формацийн онолыг хэт “магтаж”, өөрийнхөө үзэл бодолтой “нийцүүлэх” гэж ихэд “хичээсэн” байдаг. Мөн “хөрөнгөтний” онолч А.Тойнби нарыг илт “хатуу” шүүмжилсэн, тухайн үеийн өөрийнх нь дарга ЗХУ-ын Угсаатан судлалын хүрээлэнгийн захирал, академич Бромлейн “онолтой” нийцүүлэх гэж ихэд зовсон нь илт мэдрэгддэг.
Ийм их зовлон туулсан бүтээлийг би л лав мэдэхгүй. Аргагүй суут хүн тулдаа л энэ бүх бэрхшээлийг даван гарч, гол үзэл санаагаа хойч үеийнхэнд хүргэж чадсан гэж би түүнд бишрэн мөргөдөг. Иймээс түүнийг шүүмжлэх зориг зүрх л надад лав байхгүй. Надад байгаа цорын ганц эрх бол түүнтэй “ярилцах”, түүний хэлээгүй санааг “ойлгож тайлах” явдал л болно. Гэнэн, туршлагагүйгээсээ болж гутранги дүгнэлт хийдэг зарим залуустаа зориуд сануулж хэлэхэд Гумилевыг сайтар үзвэл зөвхөн өөдрөг үзэл л гардаг юм ш дээ…

Гумилевыг Монголтой холбох нь
Эхлээд бодоход энэн шиг амархан юм байхгүй мэт. Гэхдээ би л хувьдаа хорь шахам жил дагнан судлаад учрыг нь сайн олж чадаагүй байна. Гэхдээ бас ч хоосон биш ээ…
Эхлээд түүний энэ бүтээлээс формацийг онолтой “хүчээр” холбосон хэсгийг арилгах ёстой. Чингэхдээ формацийн онолыг нь ор тас “аваад хаячихаж” болохгүй. Учир нь түүнийг ч бас бүрэн үгүйсгээгүй байгаа. Энд асар их ажил гарч байна.
Дараа нь түүний хэлснийг монгол үндэстний нэн шинэ түүхтэй холбох ёстой. Гумилевын ихэнхи зохиол монгол угсаатныг манжид эзлэгдсэн хүргээд цаашаагаа байдаггүй. Энэ “цаашааг” бид тайлж олох ёстой. Энд Гумилев өөрөө биш, орчин үеийн онолын бусад зохиол бүтээлүүд ихээхэн хэрэг болно. Дэлхий даяараа ийм ажил хийж байхад хамгийн түрүүнд монголчууд энэ рүү орох нь зүйтэй. Яагаад гэвэл тэд толгойтой бол бид ч гэсэн толгойтой…Энд ахиад л ихээхэн ажил ургаж байна.
Монголын үндэсний үзэл санааны эхлэл чухамхүү Гумилевын сургаальд байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Иймээс л би түүнийг орчуулсан юм. Үүний дээрээс орчин үеийн бусад олон “онол номууд” хийгээд төрөл бүрийн мэргэжил мэдээж их чухал…
Энд би ганц Гумилевын онолыг яриад байгаа юм огт биш, харин өөр аль ч мэргэжилд хамаарах ямар ч үзэл санаа, “онол ном” байсан түүнийг цээжлэх, тунхаглах биш, түүнийгээ монголынхоо нөхцөлд идээшүүлэхийн хамтад монголоо хөгжүүлэх үзэл санааны тулгуур болгож ШҮТЭН БАРИЛДУУЛАХ үндэсний нэгдмэл арга зүй зайлшгүй хэрэгтэй гэдгийг хялбарчлан хөндөж байгаа юм.
Бодвол янз бүрийн шинжлэх ухаанд бүрт өөр өөрийн гэсэн онол сургааль олон л байдаг байлгүй. Гэхдээ аль ч нийгэм бол олон шинжлэх ухаан тоорт шиг хувааж авч судалчихаад буцаагаад нийлүүлчихдэг эд огт биш нь ойлгомжтой. Энд нийт шинжлэх ухааныг нэгтгэсэн арга зүй хэрэгтэй нь тодорхой байгаа бөгөөд чухам үүнийг л би шүтэн барилдуулах үндэсний арга зүй гэж нэрлээд байна. Энэ чиг хандлага синергетикийн арга зүй болж хөгжөөд миний л мэдэхээр лав 50 гаруй жил болж байна…
Эсвэл шүүмжлээд байдаг, эсвэл гутраад байдаг сэтгэлгээгээ өөрчлөх цаг нэгэнт болсон ба үүнийг манай залуучууд хийх ёстой. Би ч гэсэн заримдаа гутардаг юм. Цалингий нь аваад, төслийг нь хэрэгжүүлээд том том ярьж солиороод байгаа хүмүүс нь хийхгүй байхад би өмнөөс нь юу билээ гэж ?!
Гэхдээ би монгол үндэстний өөдрөн дэвжих үе эхэлж байгааг мэдэж, мэдэрч байна. Яагаад, юунаас, ямар үндэслэлээр гэдгийг би одоохондоо хэлэхгүй. Уншигч Та ямар ч мэргэжилтэй байж болно, гэхдээ Л.Н.Гумилевыг дангаар нь биш, монгол үндэстний өнөөгийн түүхтэй холбоод сайн унш, сэтгэ, цаашаагаа системийн шинжилгээ, синергетикийн арга зүйг судалж нэгэн багц үзэл болгох гээд оролдоод үзээч гэж зөвлөж байна.
Монгол “прагматизм”
Монголд шинжлэх ухаан огт хэрэггүй болж гэнэ. Саяхан “балар эртний” хэдэн нөхөртэй уулзсан чинь “улс төр”, “сонгууль” яриад сүйд. Би ч монголын үндэсний үзэл санаагаа л ярилаа даа. Гэтэл өнөөх хэд чинь “хүн прагматик байх ёстой” гэж сургаж байна. Тэдний “ойлголт”-оор прагматик гэдэг нь хулгай дээрэм мөнгө хоёр л аж, харин үзэл санаа гэвэл “хоосон онол” бололтой юм. Би хэдийгээр “онол”-ын хүн боловч хэзээ ч “онол” номлож байгаагүй, харин арга зүйн хувьд шийдлийн хувилбаруудыг л хэлж байсан.
Прагматизмын онолч Ч.Пирс прагматизмыг “үйлдэлд саад болж буй эргэлзээг даван туулах”, У.Жеймс “зорилгодоо хүрэх зайлшгүй хэрэгслийг сонгох”, Ж.Дьюи “тулгамдсан нөхцөл байдлыг” шийдэх гэж тус тус прагматизмыг тодорхойлсон. Одоо манай “прагматик” эрхмүүдэд дээрх нөхцлүүдийг хангах боломж онолын хувьд ч, практикийн хувьд ч ор байхгүй. Бүх юм “онол”, үзэл санаагаар явдаг гэж би огт үздэггүй, зүгээр л монголын бүдүүлэг прагматикуудын үе дууссан гэдгийг л хэлж байна.
Хавьтсан болгонтойгоо унтахыг ямар нэг утгаар “прагматик” гэж нэрлэж болох авч ер нь бол янханчлал гэдэг. Жирийн янхан гэр орноо тэжээх, аль эсвэл “сайн сайхан” амьдрахын тулд биеэ үнэлдэг байхад манай улс төрийн янхнууд гэрээсээ “хулгай” хийгээд биеэ үнэлээд байгааг оноож өгөх нэр томъёо одоогоор шинжлэх ухаанд даанч алга. Чингэхдээ гол “томчуудынх” нь тоо ердөө л арав гаруйхныг яана…
Энийг нь шүүмжлэх гэхээр Н.Энхбаяр гэсэн “хадны мангаа”-аар айлгадаг “шинэ” аргатай болж. Нөгөөдөх нь бүр “тэмцэнэ мэмцэнэ” гээд сүйд. Ёстой яршиг л байна !!! Та нарт ямар ялгаа байгаам ?!
“Уламжлалт” хэрүүл аль хэдийнээ дэгджээ. Тун ч удахгүй манай прагматикууд “ухаанаа самууртал”, “гэрээ нуртал” зодолдоно. Эрх баригч хэдхэн хүн бүр санаатайгаар, эртнээс бэлтгэсэн томоохон пиар төлөвлөгөөний дагуу ингэж үйлдэнэ. Бусад бүлгэнцэрүүд мэдэх юм огт байхгүй атлаа зүгээр л “байлдахын дон” тусна. Нийгэм, ард түмнээ зориудаар бусниулах энэ адгийн зүйлээ тэд “стратеги” гэж нэрлэнэ. Гэхдээ үйл явцын дунд 3-5 “сөрөг стратеги” гарах буюу “гаргана”. Энэ олон “стратеги” холилдоод ирэхээр олон түмний сэтгэл зүй холион бантан болох бөгөөд эцэст нь сонголтын хоёрхон боломж үлдэх буюу “үлдээнэ”. Гэвч огт өөр “Х” хувилбар байж болно шүү дээ…
Тэдний “бүх стратегуудыг” илчлэх, нураах прагматик сонголт хийх хүч, боломж надад хангалттай буй. Тэр үед “хоосон онол” гэж юу байдгийг эрхбиш ойлгох байлгүй…
Сүүлийн үед манай луйварчид овоо “онол” үзэл санаа ярьдаг санаатай болж. Энэ нь “тас харанхуй” хүмүүсийн хувьд ихээхэн “дэвшил” боловч тэдний “үзэл санаа” хийнэ гэдэг ч ёстой дэмий л байна. Одоо тэдний толгойд “ашигт малтмал хулгайлахаас” өөр “үзэл санаа” огт байхгүй гэдгийг бол харин баталгаатай хэлж чадна. Энэ нь “ашигт малтмал”-аа ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг болино гэсэн хэрэг биш шүү дээ…
Манай эрх баригчдын “үзэл санаа”-ны өөрчлөлтийн “галзуутай” динамик надад нам намаараа, хүн хүнээрээ бэлэн байж л байна. Намайг “нэг муу гуйлгачин” гэж хочилдог лаг баян нөхдүүд өөрсдөө “үзэл санааны гуйлгачин” болчихно гэж хэн санах билээ. Хэрэв 20 жил “дуулсан” ганц дууныхаа дараачийн бадгийг санахгүй бол “тайзнаас буудаг” биз дээ…
Энэ тохиолдолд Монголчууд улам өөдрөг үзэлтэй байх ёстой, яагаад гэвэл “цаанаасаа” ийм жамтай юм…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 09 сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to ӨӨДРӨГ ҮЗЭЛ…

  1. tsogoo says:

    ta bol sain analyse hiideg hun. gehdee ene ni tugs gesen ug bish. zarimdaa ta uuriiguu het hamgaalah yum. yagaad taniig hun shuumjilj bolohgui gej. taniig ug ni baabar shig nepko geed company baiguulaad hun ardiin tolgoini ergeeg gargaad yavj baij chadah mundag seheeten gej boddog yum. getel ta ene jijighen ganaa.mn dee nuugdchhaad garch irehgui yum.

  2. tsogoo says:

    baabar.mn d handah handalt unshih unshigch olon tanii ganaa.mn bol nad shig heden tanii fan l bn. ta odoo nomoo hevluuleh, busdad uuriinhuu uzel bodliig oilguulah arai tsar hureetei ajil hiih tsag chin bolson yum bishuu. bi bol mgl-d 2 tom analatic baidag gej boddog. neg ni ta nuguu ni baabar. baabar guai bol sain analatic gehdee AN geheer muu yumiig bichij chadahgui dandaa uuhund orooj bichdeg. ta bol arai uur buren erh chuluutui bichdeg. getel tanii bichseniig heden hun unshij bnaa. muu duugee zagnaval zagnaa yamar ch baisan tanid uuriinhuu bodliig hurgelee.

  3. gankhuyag says:

    Нэг. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахгүй бол өөр юуг хамгаалах гэж ? Хоёр, Намайг хэн ч шүүмжилж болно. Үүний тулд миний хийсэн систем болон баримтыг “эвдэх”, “няцаах” эсрэг баримт, нотолгоо гаргах ёстой. Шууд хэлэхэд ингэх магадлал маш бага. Нэгэнт шүүмжээр няцаагаагүй тохиолдолд “төгс” гэсэн үг. Ингээд “өвчний онош” тавьж “эмч” болох ганцхан арга үлддэг юм. Энийг хэн ч “шүүмж” гэдэггүй. Гурав, Олон жилийн турш долоо хоног бүр 1-2 өгүүлэл бичихийг “нуугдаж” байна гэж ямар ч хүн ойлгохгүй. Дөрөв. Миний блог жижиг биш, монголын хамгийн олон уншигчтай, мөн тусгай “стратеги”-тай…Тав. Мөнгө төгрөг, компани менежмент гэвэл би “тас харанхуй” гэдгээ хүлээн зөвшөөрнө. Зургаа. Би Баабараас хамаагүй илүү “хөөрхөн”, “гоолиг”, “туранхай”, бас “өндөр”. Тэр “муу” Баабар нүүрэндээ 10 үрчлээтэй, тэхэд би 9-хөнтэй. Энийгээ мэдэхгүй байж “шал завхайг” нь яана…Гоё байна уу ?! Ийм “харьцуулалт” ерөөс илүүц гэж санана. Та надад үүнийг сайн санаж бичсэнийг би ойлгож байна. Хэт ширүүн хариулсандаа Танаас уучлал хүсч байна. Гэхдээ л Та энд бичсэн сэдвийг огт хөндсөнгүй дээ. Харамсалтай л байна…

  4. Нэг найз маань жигтэйхэн хөмсөг зангидсан амьтан орж ирсэн ээ “Анд минь, надад нэг том асуудал байна аа. Энд нэг хүн юм ярихаар энэ нь ч зөв юм шиг санагдаа л, тэнд нэг хүн юм ярихаар тэр нь ч зөв юм шиг санагдаа л. Ном уншсан ч ялгаагүй, үргэлжид авталтын байдалтай. Бие биенийгээ няцаасан хоёр ном уншихад аль сүүлд уншсаных нь талд үлдэх жишээтэй. Энэ одоо мини тэнэгтэй холбоотой юу төлөвшилтэй холбоотой юу. Миний бодлоор би огт төлөвшөөгүй байна, тиймүү?” гэж ирээд л их няхуур ярьж билээ. Тэр санагдав.
    Аливаа номыг хөгжүүлэх ёстой гэдэг нээрээ чухал үг байна шүү…

  5. Hvn says:

    “Энд нийт шинжлэх ухааныг нэгтгэсэн арга зүй хэрэгтэй нь тодорхой байгаа бөгөөд чухам үүнийг л би шүтэн барилдуулах үндэсний арга зүй гэж нэрлээд байна”… Үүнийг огт ойлгосонгүй. “Уншсан номоо эргүүлээд яриад байдаг хүмүүсийг би шууд л “магнитофон” л …” – энэ чинь Монгол хүний зан чанар юм шиг байгаа юм. Менталитет гэдэг бил үү? Чухам яагаад гэдгийг бас л судлууштай. Ер нь хүн өөрийн гэсэн толгойтой байх ёстой. “Энийг нь шүүмжлэх гэхээр Н.Энхбаяр гэсэн “хадны мангаа”-аар айлгадаг “шинэ” аргатай болж. Нөгөөдөх нь бүр “тэмцэнэ мэмцэнэ” гээд сүйд. Ёстой яршиг л байна !!!” -Үүний тухайд бол үнэн шүү. Энхбаяр гэдэг хадны мангаатай болчихсон ш дээ. Нөгөөдөх нь ч бас зүгээр байхгүй ээ. Би нэг жишээ хэлье үү гэж бодлоо. Одоо үед чинь таалагдаагүй хүнийхээ дээрээс уулан дээрээс том чулуу өнхрүүлдэг болсон ш дээ. Уг нь шууд дээрээс тушаал зааварчилгаа энэ тэр өгч нөгөө хүнээ шалгуулдаг, дарамтлуулдаг байсан юм. Тэгтэл өөрчлөгдөөд. Юм гэдэг арай л хөгжиж байна шүү. Хамгийн гол нь нөгөө хүнээ найдвартай олж дарж алах ёстой. Эцсийн дүн нь бараг адилхан. Олон хүний амьдрал. Нэгэнт том чулуу өнхрүүлж байгаа учраас замд нь олон хүн дарагдах нь тодорхой. Хамгийн энгийн жишээ нь Төрийн албан хаагчдыг цөөрүүлнэ энэ тэр гээд яриад байгаа биз? Хэн ярьж байгааг нь эргээд нэг харчихаарай. Засгийн Газар ааг зааг хийгээд байгаа биз? Эсрэг тэсрэг 2 хүчний тэмцэл. Уг нь Төрийн алба хэт данхайсан нь үнэн. Гэхдээ ямар нэг зүйл болбол тэр нь хэн нэгний хувийн гэж хэлж болохоор далд ашиг сонирхлын дагуу болж байнаа гэж ойлгоход ер нь буруудахгүй шүү. Бас дургүй хүргэсэн хүнийхээ хамаатан садан луу дайралт хийдэг тухай сонсож байсан. ХЛТА-ийн Батболд энэ тэр бас бус хүмүүс энэ тухай ярьж байхыг нь сонсоод хэтэрхий хар гэж бодож байлаа. Гэтэл энэ үнэний ортой л юм байна. Ер нь улстөр гэдэг хэтэрхий бохир заваан зүйл шүү дээ. Яагаад гэвэл уулын орой дээр бохир заваан улсууд байгаа учраас.

  6. Hvn says:

    Бас хэдэн зүйл хэлье үү гэж бодлоо. Хэрэв би андуураагүй бол таны тэр хуурай дүү гэдэг чинь Уянга байхаа. Магадгүй би андуурсан байж болох. Амлалт нэхэх ард түмний холбоо ч гэхшиг. Биднийг дэмжээд өгөөч энэ тэр гэж өчнөөн ярилцлага өгч байсан даа. Энгийн нэг иргэн би дэмжих үү, яахав гэж олон удаа бодож үзсээн. Тэгээд ер нь хэрэггүй юм байна гэж үзсэн. Амлалт нэхэх ард түмний холбооныхон эхэндээ маш эрчтэй явсан. Гэхдээ тэд алдаануудыг ар араас нь гаргасан. Болох явдлыг урьдчилан харж чадаагүй. Өөртөө ашигтайгаар эргүүлж болох моментуудыг алдаж, муйхарлан зүтгэсэн. Тэдний алдааг хэл гэвэл би ингэж хэлнэ. Гэхдээ тэдний явдал надад хамаагүй л дээ. Ер нь Даяар Монгол зэрэг хөдөлгөөнүүдийг дэмжээд өгвөл ер нь яадаг бол? Даяар Монгол зэрэг хөдөлгөөнүүдийг цөөнгүй хүн муулдаг. Хас тэмдэгтэй ямар Гитлер биш дээ, өөр юу юу ч гэлээ. Гэхдээ нэг зүйл санаанаас гардаггүй юм. Муулаад байгаа улсууд гэртээ Богд уул шатахыг тв-ээр үзээд сууж байхад тэд ус зөөж байлаа. Энэ мэт жишээ зөндөө. Олон юм бичмээр байвч үүгээр төгсгөе. Блог дотор урт сэтгэгдэл бичээд дэмий биз.

  7. gankhuyag says:

    Нэг. Чи зөв ярьж байна. ХЛТА-ын Батболдтой би энэ талаар олон удаа ярилцаж байсан. Дургүй хүнтэйгээ яаж харьцдаг механизмыг би муугүй мэднэ. Хоёр. Би хуурай дүү, шавь нар олонтой. Энэ өгүүлэлд Г.Уянга биш, эдийн засагч өөр нэг дүүгээ ярьсан юм аа. Гурав. “Даяар Монгол”-ын хувьд сайн мэдэхгүй байна.

  8. hERERA says:

    Номыг хөгжүүлэх ёстой гэдгийг их олон хүнд хүргэх хэрэгтэй санагдана. Учир нь би Баабарын нүүдэл суудалыг (Баабарыг муулаагүй болно) л уншсан нэгэн залуутай түүхийн талаар маргаж таарсан юм л даа. Хийх ажилгүй хүн түүхээр маргана гэж… тэгээд үр дүнд нь би зогсоц хийж тэрээр өөрийнхөөрөө мэтгэсээр үлдсэн юм.

    Санаа нь Боловсролыг олон “мундаг” ном уншсанаараа хэмждэг байсан нийгэмийн ягшмал ойлголтоос бид салахын тулд э/з-ийн хөгжлөөс гадна бид ухамсрын шинэчлэл хийх хэрэгтэй мэт, эс бөгөөс олсон э/з-ийн амжилтыг үрэн таран хийсэн хэмээрээ л өтөлөх биз.

  9. gankhuyag says:

    Анхааруулга. Миний блогт бичсэн зарим сэтгэгдэл “гарахгүй” байх тохиолдол гарна шүү. Үүнийг намайг “хаагаад” байна гэж битгий бодоорой. Энэ нь тухайн компюьтер вирус болон спамтай тохиолдолд автоматаар хаагддагтай холбоотой. Би уншигчдын бичсэн сэтгэгдэлд ямар ч саад, хязгаарлалт тавьдаггүй. Мэдээж намайг илт доромжилсон зүйлсийг би дараа нь арилгадаг.

  10. Билэгчулуун says:

    Л.Н.Гумилёв бол агуу эрдэмтэн шүү дээ. Түүний бичсэн зохиолууд үнэхээр хүнд юм бодуулдаг. Уншаад суухад өөрийн эрхгүй дотор нь ороод л явчихдаг агуу зохиолууд шүү дээ.

  11. gankhuyag says:

    Өө, тийм үү ?! “Өөрийн эрхгүй дотор нь ороод явчих”-аар Танд юу бодогдож байна даа ?

  12. turuu says:

    Хүн шиг сэтгэж, бодож, мэдэрч амъдраа л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр сонссон мэдсэн зүйл дээрээ сайн анализ хийж байж л өөрийн болгох нь байна даа. Талархалаа Ганболд судлаачид! Нэгэн хүмүүн ингэж хэлж билээ: Их сургууль гэж хичээл ном зааж өгөх гэж байгаа юм бишээ, харин эрдэмийг яаж сурч мэдэхийг л заадаг юм гэж. Монголын залуус улам оюунлаг, ухаантай болох болтугай!

  13. turuu says:

    өмнөх бичлэг дээр Ганхуяг судлаачид гэж залруулна уу, буруу бичсэндээ хүлчил өчье

  14. turuu says:

    бага байхдаа нээрээ аав маань Гумилёвийн (нэрийг нь сайн санадаггүй ээ, цагаан хавцастай л ном байсан юмдаг “… байлдан дагуулагчидын түүх” гэж) номыг уншаарай гээд өгч билээ. Уншихдаа баримт газар усны нэрийг сайн мэдэж аваарай, созиализмийн үед бичигдсэн болохоор үзэл санааны хувьд одоогийнхоос өөр гэж билээ.

  15. nast says:

    Ganaa ahaa sain uu, Undesnii sergen mandal irj baigaa ni buh salbaraas haragdaj baina gej bodoh yum, jishee ni urlag, sportiin salbart olon zaluuchuud hediine garch huleen zuvshuurudgduj baina, uuniig ta haraad baina uu, esvel uneheer Gumileviin onoloor tim bolood baina uu, minii bodloor uudrug uzeltei baihuits ene ahitsuud Mongoliin ediin zasag tomrood baigaagiin ilrel yum shig…

  16. gankhuyag says:

    Уг нь бид чинь гайхамшигтай үндэстэн. Ганц урлаг, спорт ч биш, бараг бүх салбарт ийм амжилт монголчууд өлхөөн гаргадаг. Үүнийг би ихэд бахархан байнга судалж байдаг. Аль нэг том орны хүмүүсийг манай ийм “хөгийн нөхцөлд” бэлтгэсэн бол тэд дэлхийд амжилт үзүүлэх нь юу л бол. Бидний зохион байгуулалт муугаас асар олон ийм авъяастан цаана нь хоцорч байгаа багцаа тооцоо надад бий. Энийг бодохоор ёстой гол харламаар байдаг юм. Иймээс системийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Нөгөө талд нь фаз солигдоход угсаатны систем их эмзэг байдаг. Энэ нь мэдээж Гумилевтай холбогдохын зэрэгцээ бидэнд их хамаатай тун чухал асуудал. Одоохондоо үүнээс илүүг хэлэх боломж алга байна…

  17. tsog says:

    Сайн байна уу Та
    Гумилевтай нэг зүйл дээр огт санал нийлдэггүй.”Хүннү”-д Монгол Хятадаас гаралтай нэг угсаатан гэсэн байдаг

  18. gankhuyag says:

    Та Гумилевыг огт уншаагүй сураг, таамгаар дүгнэж байна. Энэ тохиолдолд санал нийлэх нийлэхгүй асуудал огт байхгүй. Орчин үеийн залуу хүн ингэж сэтгэж болохгүйг сануулж энэ өгүүллийг бичсэн санаатай юмсан. Танд авъяаслаг залуу түүхч П:Дэлгэржаргалын “Монголчуудын угсаа гарвал” (2005) номыг уншихыг зөвлөж байна.

  19. dk says:

    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсэхийн ялдамд Монгол үндэстний өөдрөн дэвжих үе эхэлж байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Бидний монголчууд өөрсдийн өнгөрсөн түүх, алдагдсан он цагууд болон өнөөдрийн амьдарч буй 21-р зуун, энэ бүхнийг харьцуулан харахад яалт ч үгүй дэвшил харагдах болно. мэдээж хамгийн гол нь “тархины дэвшил” + “сэтгэлгээний шинэ эрэлхийлэл” /тодотгол: дурдагдан буй ‘дэвшил’-д ямар нэгэн эдийн засгийн хөшүүрэг яригдаагүйг анхаарна уу/

  20. gankhuyag says:

    Эрхэм dk. Баярлалаа. Чи тун гярхай харж. Үүнийг зориуд үлдээсэн юм. Тэгээд ч нэг өгүүлэлд багтахгүй байна. Дэс дараа гэдгийг өөрөө сайн мэднэ гэдэгт итгэж байна…

  21. gankhuu says:

    Амар мэнд үү. Таны орчуулсан нэр дурдагдан буй эрдэмтний зохиолыг уншаад л байна. Миний сэтгэж бодож, хэлж үйлдэж байгаа шигээр бол Монгол үндэстэний сүүл ирчихсэн юм шиг бодогдсон. Гэхдээ хүүхдүүдээ зовниж байгаа шигээр хандвал өөдлөх байхаа. Монгол миний өөдрөг үзэл үр үндсийнхээ сайн сайхны төлөө нэг тийм аминч үзэл мөн үү.

  22. gankhuyag says:

    Би Л.Н.Гумилевыг 10 гаруй жил судалж, орчуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн юм аа.

  23. Bataa says:

    Нийгмийн сэтгэлгээний хог хаягдал болсон, бөөлжис хутгамаар адгийн амьтад энд тэнд “багшилсан” болж манай залуу үеийг хордуулж байгаа нь тодорхой—-Busad humuus tanai uur uzel bodoltoi baij bolohgui gej uu. Terniih ni tuluu busdiig ingej doromjloh erh tand baihgui. Er ni bol “There is no right and wrong answer.”

  24. gankhuyag says:

    “Монгол”-оо. Чи байн байн нэрээ солиод яах гэж маяглаад байгаа юм ? Нэг. Хэрэв чи манай дээд боловсролын системийг бага ч гэсэн гадарладаг бол үүнээс илүү тодорхой юм байхгүй. Хоёр. Би өөрийгөө биш, Гумилевыг ярьсан. Гурав. Гумилевтай ч бас санал бүрэн нийлэх албагүй байх. Гэхдээ үүнийг нотлоход маш их эрдэм ухаан орно. Дөрөв. Харин үндэстнийхээ “мөхөх”-ийг залууст “тоолон” номлож болохгүй. Энэ тохиолдолд би тэднийг доромжлох “бүрэн эрхтэй”. Тав. Өөр үзэл бодол байж мэдээж болно. Тэгээд чаддаг юм бол “өөр” үзэл бодлоо хэлээч дээ. Гэхдээ чамд ямар ч “үзэл бодол” байхгүй. Эцэст нь “Батаа” болж хувилсан “Монгол” эсер чи тун аюултай тоглоомоор тоглож байна. “Систем”-ийг чинь эвдлэхэд хамгийн түрүүнд чи “хоолгүй” болно. Иймээс зайлж үз. Чамайг тун сайн ойлгосон гэж бодож байна.

  25. Bataa, Not Mongol says:

    Bataa ni bna oo, gexdee Mongol bish shuu.Bi taniig zugeer l echnee hundelj yavdag hun. Minii huvid bi tanii bolood Baabar, Tsenddoo, Jargalsaikhan, Boldsaihan emch bas Sainbayar geed zaluugiin bichsen zuiliig unshih durtai hun.Taniig buhimduulsan bol SORRY.Gexdee dahiad uuriig chini hurgej magadgui neg zuil helii. 1-t comment uldeesen huntei sanal neg bolov. ganaa.mn gedeg Huyag Duulgaa tailj hayad niigmiin amidrald iluu idevhtei oroltsvol tani shig shudarga, uuriin zarchimtai huniig olon hun demjih baih.

  26. gankhuyag says:

    Тэгээд “Монгол” Та хоёр дундаа нэг компьютертэй, тэрэн дээрээ “ээлжилж” бичдэг болж байна уу ?! Ийм “марзан” юманд хэн ч итгэхгүй. Тэгээд ч ийм “ядуу эсер” гэж Монголд огт байхгүй. Нийгмийн амьдралаас хамгийн том бөгөөд маш чухал нөлөөтэй нь оюун санааны хүрээ. Эндээ би хэнээс ч дутахгүй “идэвхитэй” ажилладаг. Энэ чинь “нийгмийн амьдрал” биш болж байна уу ? Надад ямар ч “даргад” байхгүй үнэн зөв, бодит судалгаа, мэдээлэл ямагт байдаг болохоор би хэзээ, хаана, юу хийхээ сайн мэддэг юм.

  27. Yadargaatai yum aa! says:

    Odoo chini neg IP hayagaas uchnuun hun ajildag bolson ue. Bi office-iin ajiltan. Gexdee manai ajil deer tanii uzen yadaad baigaa Mongol baidag bol sonirholtoi l yum. Bi ch gesen haij olmoor sanagdav. Nemj helehed Ta minii huvid neg kinonii baatartai adilhan ch yum shig. “Tugs oyun uhaan” geed kino uzsen uu? Gol baatar boloh erdemten ni uuriiguu tagnuuliin ajiltan gej bodood terendee utgeed soliorood yavaad baidag daa. Harin ta odoo Uuriig tani hundleed bichsen zuiliig chini unshaad setgegdelee uldeesen humuusees “Eser” haidag ajiltai bolj. Sanamj: bi odoo NET-d suuj baina. Tand helehgui bol bas IP ene teree solichihson bna geed hardaad baij magadgui.

  28. gankhuyag says:

    Чи гэхэд л сүүлийн хэдхэн хоногт миний блог руу 20-иод удаа орж ирлээ. Танай оффис үнэхээр “эсерүүд” ажиллаж баймаар “завтай”, “жаргалтай” газар юм. Бүтэн сайн өдрийг ч ялгалгүй намайг хувь хүнийх нь хувьд “шинжлээд” байхаар “ядралгүй” яадгийм !!! Урд нь “эмч” хийдэг байсан бол одоо “үзсэн” киногоороо “онош” тавьдаг болж байвал үнэхээр их “ядарч” дээ. Албатай юм шиг блог сахиж суучихаад “ядраад” байвал хохь чинь гэдэг юм…

  29. Орон гаран хүн says:

    … эхнээс нь уншиж байтал соммэнт руу гальт гальтрав, тийм хийх ажилгүй оффисын сандал бөглөсөн “аймхай Түгжил нарыг” гусаад гусаад өгөөрэй…

    Хэний захиалга вэ.. далчаануудаа….

  30. Bataa, Not Mongol says:

    Za tanii blog ruu suuliin 7-honog 4 orson yum bna. Odoo bolii doo, tanii heldeg unen, albatai yum shig orchihood, bi olon yum yarisan bna. Minii bichsen setgegdeluudiig ustgachihaarai.

  31. onom says:

    Ganaa ax IP gedeg yumaar ni xuuj uzdeg neg yum sursan yum shig bgaa yum, medeej xun zaaj uguulduu, uuruu bol olood surchixaj chadaxgui gedgiig ni bi bas medne. technik, technologi taldaa A-gui negen, yariltsaj bgaagui ch zunduu l taaraldaj baisan, soliorood yvj l baidgiin gesenshu l yum sanaand orj irdegiin. gexdee bichsen yumiig ni unshixaar unexeer xoosongui ee, bi yamar bichsen yumiig ni tegej nariin zadlaad, shinujilj chadax bish. za ter yaxav, za bi tegeed xaanaxiin xen bolox talaar xelj ugvul bayarlana shuu. xexe…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: