САЙН “ИЗМ”-ДЭЭД БАЙ…

Сүүлийн үед манайхны “измддэг өвчин” гаарав. МАХН л нэр ус, үзэл баримтлалаа солино молино гээд бүгдийнх нь хууч өвчнийг хөдөлгөж орхилоо. Хамгийн түрүүнд АН “юмаа” булаалгачихсан бололтой, “изм”-ээ хамгаалаад жигтэйхэн. Одоо ч аль нэг “изм”, “баруун зүүн” ярихгүй бол бараг л улс төрч болон сэтгүүлчдийн тооноос гарчих гээд байгаа бололтой. Бүгдээрээ “измдээд” ирэхээр Монголд яав ч сайн юм болдоггүй жамтай. Хараад байхад “измдээд” байгаа нөхдүүдийн хэн ч ганц бүтэн “изм” уншаагүй, огт мэдэхгүй гэж би баталгаатай хэлнэ. Нэг хэсэг баахан шоолов, одоо бүр арга барагдаад ядахдаа “баруун зүүн”, “хойш урагш”,“дээш доошоогоо” ялгачихдаг болоосой гэж л үүнийг бичиж байна даа…
Хорвоо бүгдээрээ “изм”…
Эртний грекээс гаралтай, латин хэлний isma хэмээх дагавар нь ямар ч зүйлийн мөн чанарыг ерөнхийлөн нэрлэх утгатай байдаг аж. Энэ нь дэлхийн бүх хэлнээ тархаж хамгийн түгээмэл зүйл болжээ. Энийг ч манайхан “хэтэрхий сайн” мэднэ дээ. Ер нь бол юунд л бол юунд “изм” нэмчихэд болно гэсэн хэрэг. Нэрэн дээрээ “изм” нэмэхчихэд үгүй ядахдаа “чамин” ш дээ…
Ингэхлээр хорвоо ертөнц бараг бүгдээрээ “изм” болчихож байгаа юм. Иймээс байгалийн болон техникийн шинжлэх ухааны бүх “изм”-үүдийг “хасчихъя”. Ингээд нийгэм л үлдэж байгаа юм. Энд ч гэсэн үй түмэн “изм” буй. Бурханы ном – Буддизм, Тэнгэр шүтлэг – Тэнгэризм, Бөө мөргөл-Шаманизм, Сталин –Сталинизм, Энхбаяр-Энхбаяризм гэхчлэн…
Энэ үй олон юмнаас тодорхойлолт өгч байгаад хасаад үзье. Бараг л хувь хүн биш, тэр чигээрээ “измийн цуглуулга” болчихсон нөхдүүд олон байгаа болохоор л ингэж байна.
Нийгмээ өөрчлөх гэсэн цогц шинжтэй, суртал номлол маягтай, хүмүүсийн итгэл үнэмшил, үйлдлийн сэдэл болохуйц үзэл санааны урсгал, сэтгэлгээний чиглэл, үйлдлийн арга барил, шинж чанарыг “изм” гэж тогтоё.
Энэ нь дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутны түвшний асуудал боловч надад ингэхээс өөр алга. Ингэхлээр хар мянган “изм” арай багцлагдаж, эрэмбэтэй болж байгаа гэдэгт найдаж байна. Өөрөөр хэлбэл шашны, түүхийн, гүн ухааны, сэтгэл зүйн болон социал бүх “изм”-ыг “хаслаа” шүү. Одоо улс төрийн “изм” үлдэж байна. Одоо манай “измчүүд” хамгийн “сайн мэдэх юм” гараад ирлээ гэж бодож байгаа нь лавтай. Битгий горьд…
Нийгмийн эсэргүүцэл
Орчин үеийн социологи, политологид “social protest” гэж нэг ойлголт байх. Харин хуучны социологид бол байхгүй шүү. Энийг нийгмийн эсэргүүцэл гэж орчуулахаас өөр арга алга. Яасан сайн юм, нэг янзтай сайхан “эсэргүүцчихье” гэж бодож болохгүй шүү.
Энэ нь дараах агуулгатай. Төрт нийгэм үүссэн цагаас эхлэн угаасаа “болдоггүй”, цаг ямагт төгс бус байдаг. Үүнийг засч сайжруулах гэж төр улс үүссэн цагаас л сэтгэгчид бодож эрэгцүүлж эхэлжээ. Энэхүү засч сайжруулах гэсэн сэтгэлгээ, үзэл санааны системийг л нийгмийн эсэргүүцэл гэж хэлээд байгаа юм. Нэг ёсны мөрөөдөл юм даа….
Эдгээрийг Платонизм, Аристотелизм гэхчлэн хүнээр нь, эсвэл мөрөөдлийн агуулгаар нь эрт дээр үеэс нэрлэж иржээ, магадгүй тэднээс ч урьд үүссэн байж болох. Ингээд л нийгмийн эсэргүүцлийн хэлбэрүүдийг “изм” гэж нэрлэдэг болж. Энэний тоог мэдэх хүн энэ ертөнцөд байхгүй байх. Харин манай Монголд л жигтэйхэн сайн “мэдээд” байх шиг…
Хүн төрөлтхний бүхий л түүхийн туршид гарсан нийгмийн эсэргүүцлийн үзэл санааг ангилаад, багцлаад, багыг нь томд нь” багтаагаад” үзэхэд ердөө л дөрөвхөн ширхэг байдаг юм. За, одоо нөхдүүд минь, энэ дөрвөн юмнаас хальж “хадуурч” огт болохгүй шүү дээ. Эрхбиш дөрөвхөн юм чинь “цээжилчихнэ” гэдэгт найдаж байна…
Нийгмийн эсэргүүцлийн үзэл санааны голлох чиглэлүүд нь анархизм, консерватизм, либерализм, социализм дөрөв бөгөөд бусад нь тэдгээрт “багтаж”, тэдгээрийг “дагалдах” болон “үүсмэл” шинжтэй, мөн тэдний янз бүрийн хослол, тодотгол байдаг.
Энд үсгийн дэс дарааллаар бичлээ. Нэг “онолч” нь гарч ирээд “манай изм”-ыг хамгийн сүүлд нь оруулчихаж гээд “загнаад унана” гэж болгоомжилсон юм. Үнэнээ хэлэхэд Та нараас чинь “айх” юм байна ш дээ…
Энд “үндэсний ардчилсан” буюу национализм “байхгүй”. МАХН лав “боож үхнэ”. Бас хамгийн орчин үеийн либертаризм “байхгүй”. АН “сүйд” болно. Ингээд “изм”-ээ надаас “нэхээд” унав даа. Энэ дөрвийнхөө урд нь үндэсний энэ тэрийгээ “нэмээд” үз л дээ. Найм болж болж байгаа биз, харин наймаас илүүдэх юм уу, дутаад байвал сэлгэмэл хийдэг юм ш дээ. Сэлгэмэл хийхдээ 8 дугаар ангийн тооны ном ашиглахаа мартав аа. Сайн “бодож” чадвал лав л зуу шахам “изм бүтээх арга” зааж өглөө шүү. Харин национализм, социализм хоёрыг “нэмж” балрав даа…
Изм хаанаас гардаг вэ ?
Саяхны нэг марзан жишээ авъя. Хуучин эмч, дараа нь ёс зүйн “онолч”, одоо МАХН-ын нэгэн “онолч” болоод байгаа хатагтай Н.Удвал саяхан “Ардчилсан социализмын “автор” нь Энхбаяр дарга” гэсэн ярилцлага өгсөн гэнэ. Түүний бодлоор “изм”-ийг монголд “зохиодог” бололтой юм. Тэрэнд чинь танай Н.Энхбаяр дарга ганц ч цэг тавиагүй гэдгийг би хэний ч өмнө баталж чадна. Энэ нь анхны тохиолдол учраас “удвализм” гэсэн ч болно байх…
Бусад нь ч нэг их ялгаагүй дээ, “изм”-ээ номноос гаргачихдаг юм. Гэхдээ уншсан номноосоо биш, “дуулсан” номноосоо гаргадаг нь “цэвэр” монгол үзэгдэл байх. Уг нь бол “изм” нийгмээс, нийгмийг өөрчлөх, засаж сайжруулах гэсэн мөнхийн хүслээс гардаг, хувьсал өөрчлөлтийн зуун зууны түүхтэй.
Манай “аваргууд” социализмаа урагш нь “хөөвөл” их л сайндаа Сталинизм-Ленинизм-Марксизм “хүргэнэ”. Ингээд социализмыг К.Маркс “зохиосон” хүртэл яваад л “цэнэг” нь дуусна. Ингээд бас “зүгээр” байж чадахгүй ээ. Марксыг “хараана” гэж жигтэйхэн. Сэтгэдэг ямар ч хүн, дайснууд нь хүртэл одоо болтол түүнийг харааж зүрхлэдэггүй юм ш дээ…
Марксаас бүр өмнө утопи (үл гүйцэлдэх) социализм гэх түүхийн томоохон зурвас үеийг хамарсан үзэл санааны том урсгал байсан ш дээ. Ингээд урагшаа яваад байвал нөгөө античный буюу эртний гүн ухаан руу орчихдог юм. Энийг бол ч Б.Даш-Ёндон багшаас өөр мэдэх хүн л лав байхгүй…
Бусад “изм”-үүд ч ялгаагүй. “Чөлөөт” гэсэн үгнээс гаралтай либерализм гэхэд л европ дахь феодализмыг эсэргүүцсэн үзэл санаанаас үүссэн. “Хадгалах хамгаалах” гэсэн утгаас үүссэн консерватизм нь хэт либералчлахын эсрэг уламжлалаа хадгалан хөгжих агуулгатай болсон. “Засаггүй” гэсэн үгнээс гаралтай анархизм нь аливаа төрийг эсэргүүцэх агуулга бүхий цогц сургааль болно.
Дашрамд хэлэхэд би багадаа ангийнхаа ширээг эвдчихсэн юм. Тэгсэн чинь пеонерийн удирдагч маань “муу анархист” гэж олны өмнө загнаж байж билээ. Ингэхлээр манайдаа л их эртний “эд” шүү дээ…
Тэгэхлээр “изм” ярихын тулд тэрнийгээ хаанаас гарч, ямар ямар хувьсал дамжсаныг мэдэх ёстой. Наад зах нь гүн ухаан, улс төрийн сэтгэлгээний түүх заавал мэдэх шаардлагатай. Энийг мэдэх нь байтугай шагайж харсан ганц ч хүн манай “измчдийн” дунд байхгүй.
Бүх “изм”-үүд янз бүрийн цаг хугацаанд ямагт зэрэгцэн оршиж, зөрчилдөж, тэмцэлдэж, дайсагнаж, дийлж дийлэгдэж байсан. Энэ нь бие биетэйгээ байнгын харилцан нөлөөлөлд байсан гэсэн хэрэг. Үүнээсээ шалтгаалж нео, пост, неогийн нео гэх өөрийн хувьслаас гадна өөр хоорондоо нөлөөлөн өөрчлөгдөж хар мянган хувилбарууд үүссэн боловч уг үндэс нь дээр дурдсан дөрвийн хүрээнээс хальж гардаггүй юм.
Аль нь “мундаг” вэ ?
Одоо ч бараг “барьж иднэ” биз. Нийгэм гэж нэг юм байдаг. Тэр нь бүтэцтэй байдаг. Тэр нь давхраажил гэж нэг юмтай байдаг бөгөөд энэ нь байнга хөдөлж байдаг. Ухаандаа хамгийн доод хэсэгт нь гуйлга гуйдаг, хог ухдаг, гутал тосолдог, арай дээшээ ачаа зөөгч, үйлчлэгч, ганзгын наймаачин, худалдагч, эмч, багш гэхчлэн явсаар байгаад оройд нь УИХ-ын гишүүд-бизнесүүд байдаг. Энэ нь пирамид хэлбэртэй байдаг бөгөөд нийгмийн энэхүү шаталсан бүтцийг нийгмийн давхраажил гэдэг юм. Гурван янз байдаг юм, энийг ярихаар “хоосон онол” болдог, ярихгүй болохоор өөрснөө “мэдчихдэг” юм чинь “үлдээе” дээ…
Хэрэв хэдхэн хүн нийгмийн баялгийг дагнан эзэмшээд олонхио хэт шулан мөлжөөд байвал социализм нь “мундаг” болно. Харин нийгмийн баялгийг тэгшитгэн тараагаад хувь хүний идэвхи, ялангуяа өмчийг үл ойшоовол либерализм нь “мундаг” болно. Эсвэл нийгмийн өөрчлөлтийг хэт хурдан хийгээд “эвдчих” гээд байвал консерватизм “мундаг”, хэрэв төр нь хэт дарангуйлаад “зовоогоод” байвал анархизм “мундаг” болон гарч ирнэ.
Иймээс аль “мундгийг” нь номноос биш, нийгмийн бүтэц, давхраажлын суурь судалгаанд үндэслэн гаргаж ирдэг. Түүнчлэн нийгмийн харилцаа, менталитет, соёл, эрхэмлэлийн гэх мэтийн бусад олон суурь судалгаа байх ёстой. Ийм судалгаа хийх, Монголын нийгмийг шинжлэн судлах арга зүй, бодит судалгааны материал манай “измчдэд” огт байхгүй…
“Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага” хэмээх хамгийн сүүлчийн суурь бүтээлийг миний найз, төрөлхийн гоц авъяаст жинхэнэ доктор, талийгаач Х.Гүндсамбуу 2002 онд хийсэн. Түүнээс хойш “монгол судалгаа” огт хийгээгүй. Ийм судалгаа байхгүй тохиолдолд ямар ч “изм” Та нарт тус болохгүй.
Миний хувьд найзынхаа судалгааны гол чиг баримжааг арай чүү алдчихалгүй явж байгаадаа л баярлаж байна. Уг нь цалинг нь авсан бол жинхэнэ судалгаа хийхсэн гэж хааяа боддог юм шүү…
Ямар ч судалгаа байхгүй, малынхаа тоог мэдэхгүй, хүнийхээ тоог мэдэхгүй, тэр ч бүү хэл албан хаагчдынхаа тоог мэдэхгүй “тооллого” хийж Гиннессийн номонд орж байж “изм”-ээр цэцэрхэх чинь ёстой утгагүй “ажил”…
Хорвоогийн бүх “изм”-ыг авна, тэгээд албатай юм шиг заавал шороотой хутгаж хаяна, адаг сүүлд нь “изм”-ээ буруутгана. Миний ойлгож байгаагаар ямар ч “изм” буруугүй нь мэдээж.
“Изм”-тэй юм шиг…
Бусад улсууд энэ олон “изм”-ийг яаж ашигладаг вэ ? Мэдээж бүх “изм”-үүдэд тогтсон эрхэмлэл, зарчим, хэм хэмжээ, ёс суртахууны журам гээд тун олон юм байдаг. Тэрийгээ л дагана ш дээ. Ингээд л гүйцээ…
“Муу нэртэйгээр” нь Хятадаар жишээ авъя. Тэнд ганц социализм л ярьдаг. Түүнийг үндэслэгч К.Марксыг “мартана” гэж огт байхгүй. Харин ганцхан зүйл нэмнэ. Энэ нь “хятадын онцлогтой” гэсэн үг. Энэ үгэнд л хамаг учир байгаа юм. Энд социализмыг шууд “хуулахгүй” нутагшуулж байна гэдгээ илт нотолж байна. Хятадыг “дунд зэргийн хөгжилтэй орон болгоно” гэхчлэн зорилго нь тун даруухан, гэхдээ л юу болж байгаа нь дэндүү ойлгомжтой. Нэг гоё “изм” бодоод олчихож чадахгүй хятадууд ёстой “тэнэг” ш дээ…
Олон том улсын удирдагчид бүгдээрээ л намтай, тэр нь “изм”-тэй л байдаг байлгүй. Тэд энд тэнд янз бүрийн л үг хэлэх юм. Тэр “муусайнуудын” дэргэд манай шадар сайд Н.Алтанхуяг бол шууд л “Монгол Улс яг үсрэх гэж байгаа араатан шиг…” гэж дүгнэж байгаа юм чинь. Бас л намайг худлаа гүтгэж байна гэх байлгүй дээ…“Үсрэх гэж байгаа араатнаас” чинь хэн ч “айна” биз дээ ?! Ганц ч “изм” мэдэхгүй сайд нь ийм “аймаар” байхад “измтэй” сайд бол ёстой “аймшиг” болно биз…
АНУ болон бусад олонхи улс төрдөө ардчилал буюу демократизмаа голлоно, эдийн засагтаа бол либерализмаа л ярьдаг юм шиг. Гэхдээ л эрдэмтэд нь тэрнийгээ байнга судалж, зөрчлийг нь илрүүлж, жин бангий нь сайтар тааруулж байнга хөгжүүлдэг юм билээ. Харин манайд бол зөвхөн улс төрчид нь “судалдаг” болсон ба “изм” мэдэхгүй хүн байхгүй нь даан ч нэг сайхан даа…
Ямар ч “изм” нэг талаас үзэл номлол, нөгөө талаас практик үйл ажиллагаанаас бүрдэг. Манайд үзэл онолыг нь бол бүгдээрээ “гайхамшигтай” ярьж байна. Харин практик нь бол шууд л эсрэгээр нь “тууна” шүү дээ. Ингээд салгаад хаячихаар чинь “изм” огт байхгүй л гэсэн хэрэг болно.
Ахиад хэлье. Анархизм, консерватизм, либерализм, социализм гэж дөрөвхөн юм байдаг. Тодорхой нийгмийн практикт хоёр нь голлож, үлдсэнүүд нь дагалдах шинжтэй байх нь их түгээмэл. Харин хөгжлийн явцад хэт тэмцэлдэж, өрсөлдөх нь багасч, харин нийтлэг, нийлмэл эрхэмлэл үүсгэх хандлага бодитой бий болсон. Жишээ нь либертаризм.
Гэхдээ дөрвүүлэнг нь “нийлүүлчихээд” хөгжүүлж байгаа манайх шиг улс энэ дэлхийд л лав байхгүй. Бэлэн мөнгө цацаж “халамжилж” байгааг нь бодохоор социализмаас хамаагүй даваад гарчихаж. Арваадхан хүн нийгмийн баялгийн 98 хувийг “идэж” байгааг нь бодохоор либерализмаас холоо өнгөрөөд явчихаж. Феодализмаа сэргээж байгааг нь бодохоор консерватизм бол “юу ч биш” болж таарч байна. Хөл толгойгоо олохоо больж, “төргүй”, бие даасан олон “шинэ” нийтлэгт хуваагдаж байгааг нь бодохоор анархизм илт цэцэглэж байна. Чухам энд л монголын нийгмийн онцлог байдаг юм л даа.
Ямар ч “изм”-ийг тухайн нийгэмтэйгээ холбох, тохируулах ёстой. Иймээс “изм мизм”, “баруун зүүн” ярихаасаа өмнө координатын цэгийг олох ёстой, өөрөөр хэлбэл ямар нийгэмд, чухам хаана байгаагаа мэдэж аваад дараа нь зүг чигээ ярьдаг. Монголын онолын социологийг бүрэн устгасан манай улс төрчид одоо өөрсдөө “онолч” болчихоод жигтэйхэн.
МАХН-ын “онол-практикийн” хурал дээр сайд Ё.Отгонбаяр “Нийгмийн хүрээний суурь асуудлууд”, сайд Ч. Хүрэлбаатар “Эдийн засгийн салбарын асуудлууд”, Ц.Мөнх-Оргил “Улс төрийн орчны асуудлууд”, мөн аварга Б.Бат-Эрдэнэ “Нийгмийн сөрөг үзэгдлийг гэтлэн давах асуудлууд” сэдвээр “онолын илтгэл” тавихаар чинь ямар ч “изм”-ийг “сөнөөгөөд” хаяна биз дээ. Илтгэлийн нэр нь хүртэл “хүрээ”, “салбар”, “орчин” гээд гурав салаад явчихаж. Ийм арчаагүй байж “изм” гаргах гээд “үзчих” улсууд юм аа. Энэ дөрвөөс өөр хүнд “харуулчихмаар” олигтой “эрдэмтэн” байхгүй л болж дээ, зайлуул…
Манай “аваргууд” баахан “орчин үеийн изм” хальт хульт “сонсдог” шиг байгаам. XXI зуунд модоор унадаг дугуй хийчихээд “шинэ изм” гэж чалчаад явахаар болчихдог эд биш л дээ…
Миний ойлгож байгаагаар манайд авилгализм, амлаизм, идээизм, измизм, луйваризм, онолизм, оромдоизм, тендеризм, төсөлизм, хамтрааизм, худализм, хуйвалдаанизм, хулгайизм, хулхидизм, шунализм зэрэг үй олон “изм” бие даасан “шинжлэх ухаан” болтлоо хөгжжээ. Энэ олон балай юмнуудыг бүгдийг нь нийлүүлэхээр “энхбаяризм” л болдог юм ш дээ…
Ингээд сайн “измдээд” бай…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to САЙН “ИЗМ”-ДЭЭД БАЙ…

  1. номч says:

    Төрийг бизнесээс хэрхэн тусгаарлах талаар Егор Гайдарын бичсэн “Государство и эволюция. Как отделить собственность от власти и повысить благосостояние россиян.” гэдэг номыг хүмүүс нэг уншаад үзэхэд илүүдэхгүй бизээ.

    Энд нэг хаяг байна: wsyachina.narod.ru/economics/state_1.html

  2. номч says:

    Түүхий эдэд суурилсан (тэртусмаа төрийн оролцоотой) нийгмийн хөгжил хэрхэн мухардалд ордог талаар Егор Гайдарын нотлон бичсэн “Гибель империи. Уроки для современной России” ном эгээ л монголчуудад тусгайлан зориулагдсан мэт.

    Уг номын хаяг нь http://www.litru.ru/br/?b=9333&p=1

  3. Coolman says:

    М.Энхсайхан: Манай нийгмийн өвчин Дементиа гээд нэг хэлж ярилцлага өгсөн байсан санаа нь ерөнхийдөө төстэй юм.

  4. bayar says:

    tani niitleliig unshad ih bayrlalaa manai elituud sotsiologchid ingej niigmiin anliz hiij zudalj bas niitlel bichih hergtei shuu raimond aron mundag onolch bas niitlelch baisan shuu dee mergejlin sotsiologchdiin ug mngolchuudad ih hergtei bn namuud ch gesen sotsiologchdiig ih sonsoj bodlogoo gargadag bolmoor yum sotsiologiin sudalgaani ur dungeer l niigem chin tsaash yavdag yum bgaa biz dee

  5. болд says:

    юуных нь намын үзэл баримтлал байх вэ дээ… тэд таны хэлж бодож байгаа шиг нийгмээ зөв замаар авч явах тухай согтуудаа ч боддоггүй ш дээ. ХАРИН ОДОО НАМЫН ЭРГЭЛТ, ТӨРИЙН ЭРГЭЛТ ДАРАА НЬ НИЙГМИЙН МӨНХИЙН ДАРАНГУЙЛАЛ хийх гэж бэлтгэлээ суурь үзэл баримтлалаа маш болгоомжтой зөвхөн нэр хаягийг нь харуулах төдий дасгаж байна. Агуулга нь өөрөө их өөр болсон доо. Манайхны нэг онцлог байх, яг хэлж байгаагаар нь ө/х нэр хаягаар нь юмыг төсөөлж хүлээж авах. Ардчилсан гэвэл яг жинхэнэ ардчилалын тухай, либерали гэвэл яг эрх чөлөөний үзэл санааг хэлж байна гэх мэт хаяг шошгоор нь хүлээн авцгааж байдаг..харин агуулга, дараа нь өрнөх үйл явц заавал тийм байх яг албагүй ээ…дотроо гайхацгаагаад ам нь ангайгаад үлддэг, үлдэх ч болно, харин тэд дахин хуурсандаа нуг нуг хөхрөнө дөө…Тэд Таны бичснийг уншдаг бас жаахан өөр юм уншсан бодож эргэцүүлсэн байсан бол……..

  6. болд says:

    Эхлээд үзэл баримтлал дараа нь нам байх ёстой гэж бодох юм. Харин өмнө нь ч байсан, одоогийн энэ үйл явдал бол намын толгой дахь бүлэглэлийн хийж байгаа НАМЫН ЭРГЭЛТ гэж үзэж байна. Тарж байгаад шинэ үзэл баримтлалаараа дахин нам байгуулах ёстой бус уу. Эс тэгвэл намын гишүүд дэмжигчдээ НАМЫН ЭРГЭЛТИЙН ҮЗЭЛ САНААНДАА хүчээр тархийг нь угааж тохируулах л үлдлээ гэсэн үг биш үү, энэ талаар Таны бодол

  7. мэдлэгт дусал says:

    Орчин үеийн эдийн засгийг их энгийн хялбар маягаар тайлбарлахаар хэрдээ хичээж байна. Та нарын мэддэг төсөөлөл дээр чинь суурилахыг чармайв. Үг хэлээд ойлгохгүй бололтой.

  8. gankhuyag says:

    Энд би эдийн засаг огт яриагүй, улс төр ярьсан. Чи наад эдийн засгаа “дарга нартаа” л тайлбарла. Тэд чинь чамайг огт тоохгүй. Учир нь хулгай дээрэм хийхэд чиний “эдийн засгийн онол” ямар ч хэрэггүй. Өөрөө сайт нээгээд нэр усаа ил хэлдэг болчихоод тэрэн дээрээ наад новшийн “онол”-оо бичихгүй юу. Миний блогт ийм орон зай байхгүй. Иймээс чиний эдийн засгийн 4 “лекц”-ийг арилгалаа.

  9. chuka says:

    manaid bol ehleed onoloo darga nar ni gargachaad terendee tohirson niigmiin buttetsee bui bolgodog yum bn doo he he. Tanii yrisan ene olon ism uud chini niigmiin davhraajil boltoloo behejsen baihoo

  10. Ах сайхан хэлсэн байна. Бурхангүй газарын бумба галзуурдгийн лугаа адил. Одоо бүх хүн социологи, онол ярьж балайрдаг болсон байна. Хэсэг залуу судлаачид болон та мэтийн кадрууд нийлээд социологийн шинжлэх ухаааныг анкетийн шинжлэх ухаанаас аврах хэрэгтэй байна даа.

    Аавын минь тухай өгүүлсэнд маш их баярлалаа.

  11. Уншигч says:

    Таны олж харсан тэр пирамидыг аль дээр үед өвөг дээдэс маань хараад “сүмбэр уул” хэмээн нэрлэсэн юм шиг. Пирамид нь хөрөнгө , эрх мэдлээр байгуулагдаж байгаа бол “сүмбэр уул”-ыг ухаанаар нь, эцэг , хүүгээр нь байгуулсан байдаг шиг. Би онолы нь мэдэхгүй болохоор тантай жич уулзаж, ярилцвал ямар вэ?

  12. tsogoo says:

    sedvees hazaisand uuchlaarai. ta tavantolgoin bolon umnugovid shineer neegdej baigaa orduud tednii tuluwlultiin talaar talaar neg yum bicheech. yer ni umnugovi ter chigtee mongol ulsiin uul uurhain tuw boloh ni todorhoi bolloo. getel uildvert ashiglah usnii asuudal, zam hariltsaa, hunii nuuts geed buh yum tuuhii baih yum. yadaj tuul tereljiin bused shatalsan us huraaguur, Orhon gold bas neg us huraah dalan barichihval ter usnii asuudal ni shiidegdeh yumshig. ug ni gazar doorhi gunii us bol dahin nuhugduhduu mash udaan, gadargiin usnaasaa iluu unetei nuuts bayalag. hunii nuutsiin huwid ter olon uildvert ajillah enginer-uud ni belen bish bn. getel gadaadad enginer-iin chigleleer bish haa baisan uls tur sudlal, huulich geed chigleleer hun yavuulaad biadag. ug ni zasgiin gazraas mungu gargaad beldeed, todorhoi hugatsaand butsaaj tuluhuur baival olon zaluus enginer bolnodoo. bas tegeed ter uurhai, uildvert ni dan erchuud ajillah yum bol umnugovi ter chigtee gooni erchuudiin aimag bolno bizdee. kkk tegeheer bas emegteichuudiin ajliin bairnii asuudal geed.

  13. onom says:

    Gankhuyagguia ix sain yum bichchee. yer ni dajgui mundag taldaa yum shig. jooxon augaa ixiin uvchhin tussaniig es tootsvol. xariltsaanii setgelzuin sudal geed neg comment xelchixvuu dee. xunii asuultad ingej xariuldag, tegeed xariltsaanii setgelzui unshixiig busdad zuvlud suj bgaag l oilgoxgui bna. ism ene teriig yaxavdee, mergejliin xun bna arai uchir nachirtai yarix ni medeej, gexdee philosophi yarival bas ix sonin sh dee, baigal shinjeejid iluu philospidono shuu dee. tiimees bichsen zuiliig chine unelj bgaach neg nulimchixii. iim yum bichdeg yaridag xeden xun baidag l yum shig bna, gexdee amidral urgeljildegeeree urgeljleed uur shig taniig zamiin toosondoo dardagaaraa daraad tsaash yavna za.

  14. gankhuyag says:

    Эхлээд “замаа” ол. Ухаандаа “зүүн төв” рүү “давхиад” бай гэхэд л чамаас “тоос” байтугай “шүлс” ч гарахгүй….

  15. unshigch says:

    нийгмийн бүтэц, давхраажлын суурь судалгаа, нийгмийн харилцаа, менталитет, соёл, эрхэмлэлийн гэх мэтийн бусад олон суурь судалгаагаа хий дээ. Нийгэм урагшлахад изм-дэдэг хүмүүс цөөрөхөд нэмэр болж юү магад.

  16. Жонон says:

    Их Монгол улсын амар амгалангийн эрин үед төрийн хүний нөөцийн бодлого нь хамгийн шилдэгийг гаргаж ирэхийн төлөө, чөлөөт өрсөлдөөнийг нийт Монгол иргэдийн дунд нэвтрүүлэн, хөгжүүлж, Наадам нэрээр уламжлал болгон дараагийн үедээ уламжлан үлдээхэд чиглэгдсэн байлаа. Тухайн үеийн дэлхийн төр улсуудын өрсөлдөх чадвар нь тунгалаг чадвартай зохион байгуулалт дээр суурилсан, хүчтэй баг бүрдүүлсэнээр хэмжигдэж байжээ. ——– Харин өнөөдөр Монгол улсын өмнө тулгарч буй СОРИЛТыг давж гарахын тулд дэлхийн хэмжээний мэдлэгийг эзэмжсэн бие хүмүүсийн өрсөлдөх нөхцөлийг нь хангаж өгч, түүний үр дүнд Монгол улсын эдийн засгийн хөгжлийг бий болгохын төлөө, байгалийн баялаг дээр суурьсан, хамгийн оновчтой иргэн-фирм-төрийн хэлхээг бүрдүүлж чадах, хийморилог /charismatic/ удирдагчийг төрүүлэх хэрэгтэй байна. Үүнээс өөрөөр бусдын хөгжлийн гэнэн замыг судалсан, жулдрай нөхдүүдийг бөөцийлөн, дэмжих нь нүдээ боогоод, нүх тойрохтой АГААР НЭГ ЮМ.

  17. hmmm says:

    taalagdaj bnoo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: