Сергей Волков. СС-ИЙНХЭН ШАМБАЛЫН ЭРЭЛД

Оросын Сергей Волков гэдэг нэг нөхөр “Шамбал”-ын сэдвээр хар мянган зүйл бичих. Ер нь бол “өвчилчихсөн” шиг байгаа юм. Зарим нь нэлээд сонирхолтой, заримыг нь ч ёстой мэдэхгүй юм. Мэдэхгүй ч гэж дээ, бичсэн бүхнийг нь шалгаад нягтлаад явах зав зай байхгүй юм чинь. Нэгэнт бүгдийг нь шалгаж чадахгүй болохоор “мэдэхгүй” л гэсэн хэрэг болно байх. Миний хувьд гэвэл үүнийг зав чөлөөгөөрөө л сонирхдог бөгөөд сонин хачин юмтай ч их тааралдах, ухаан санаанд үл багтах ч юм зөндөө л байдаг юм билээ. Танд ч гэсэн өөрөө шалгаад батлах юм уу, үгүйсгэх боломж олгох гэж орчуулснаа толилуулж байна.
Фашист Германчууд хасыг бэлэгдлээ болгож, тэдний удирдагчид Дорнын агуу их далдын хүчинд итгэдэг байсан нь тодорхой юм. Үүний дотроос хамгийн их цуурхал, дуулиан дэгдээсэн нь рейхсфюрер Гиммлерийн шууд дэмжлэгтэйгээр германы Аненэрбе институт 1939 онд Түвд рүү илгээсэн нэгэн нууцлаг экспедици болно. Эдгээрийн дотроос нацистууд Дэлхийн дээвэр дээрх агуу их хүч чадлын төв Шамбалд хүрч, түүний учир битүүлэг хүчтэй холбоо тогтоож, үүнийхээ ачаар манай гариг дээр арий үндэстний ноёрхлыг тогтооно гэж тооцсон гэх домог яриа хамгийн их тархсан юм.
Гурав дахь Рейхийн төрийн түвшинд Шамбалыг хайж байсан эсэх нь үнэн хэрэг дээрээ нээлттэй юм. Экспедицийн үеэр немцүүдийн авсан кино, Түвд дэх немцийн экспедицийн удирдагч Э.Шефферийн “Цагаан алчуурын баяр: Түвдээр дамжин Бурхны ариун хот Лхас хүрсэн судалгааны экспедици” (1950) номонд Шамбалыг хайсан тухай нэг ч үг байхгүй. 1939 оны немцийн экспедицийн тухай архивын хэвлэгдсэн материалуудад шинжлэх ухааны иж бүрэн зорилт, үүний дотроос хамгийн гол зорилго нь ноёлох болон боолчуудын арьсны онол, өнө эртний ноёлох үндэстэн-германы арийчуудын удмыг хайх явдал байсныг дурддаг. Далдын хүчит Шамбалыг хайсан, түүнтэй холбоо тогтоох зэргийг экспедицийн албан ёсны зорилго болгосон талаар архивын баримтуудад огт байхгүй. Гэхдээ экспедици гарахын өмнө СС-ийн удирдагч Гиммлер маш нууц зөвлөгөөн хийж түвдийн экспедицэд амаар нэмэлт үүрэг өгсөн байдаг. Энэ талаар тодорхойгүй ишлэлүүд их бий. Энэ зөвлөгөөн дээр юу ярьсныг мэдэх гэсэн түүхчдийн оролдлого талаар болсон юм. Гиммлерийн шууд тушаалаар энэхүү зөвлөгөөний протоколыг хөтлөөгүй байдаг.
Зураг № 1. Түвд дэх немцийн экспедицийн удирдагч, СС-ын оберштурман Эрнст Шеффер Гималайн ууланд

ХХ зуун 30-аад онд Түвдэд хүрэх туйлын хүнд, Европт энэ талаар мэдээлэл бараг байхгүй байлаа. Түвд нь тэднийх хувьд алс холын, оньсого мэт нууцлагдмал орон байсан юм. 1938 оноос эхлэн III Рейхийн бүх малтлагыг Аненэрбе институтын хяналт дор явуулдаг болсон юм. Аненэрбе-гийн эрдэмтэд германы иргэншил египетийнхээс илүү өнө эртний гэдгийг нотлохыг оролдож байсан юм. Харин Түвд бол эртний германчууд-арийчуудын ул мөрийг хадгалан үлдэж болох газар мэт төсөөлөгдөж байв. СС-ийн рейхсфюрер Гиммлер германчууд бусад үндэстнээс давуу болох тухай арьсны онолын шинжлэх ухааны үндэслэл гаргаж авахыг хүсч байв. Ингээд германчууд Түвдэд ноёлох арий арьстны биологийн ул мөр хайхаар тооцжээ.
1939 онд германууд Түвдээс Шамбалыг хайсан байх боломжтой тухай дайны дараахнаас сэтгүүлчид дуугарч эхэлсэн юм. Гэхдээ энд архивын ямар баримт дээр үндэслэн нацистууд Түвдээс Шамбалыг хайсан гэдэг нотолгоог гаргасан бэ гэдэг асуулт гарч байгаа юм.
Энэ талаар анх удаа францын сэтгүүлч Луи Повель, Жак Бержье хоёр “Ид шидтэний өглөө” гэдэг номондоо анх бичсэн юм. Гэхдээ энэ номны гаргалгаанууд нь тэр бүр үнэмшилтэй бус байдаг хэдий ч эндээс иш татах нь түгээмэл. Луи Повель, Жак Бержье хоёр: “Ид шидийн хүчтэй, агуу гайхамшигт боломжтой ноёлох арьстны үзэл санаа нацистуудын хувьд нэн сонирхолтой байсан юм. Нацист хөдөлгөөн санхүүгийн ихээхэн боломжтой болмогцоо ар араасаа цуварсан экспедицийг бүр 1943 он хүртэл Түвд рүү явуулах болов. Одоогоор 1931-1932, 1934-1936, 1939 оны экспедицүүд мэдэгдэж байгаа юм” гэж бичжээ.
Берлиний төлөө тулалдааны сүүлчийн өдрүүдэд немц цэргийн хувцастай ази царайтай мянга орчим хүний хүүр олоод ихэд гайхсан гэдэг. Гитлерийн орд өргөөний гадаад, дотоод хамгаалалтыг СС-ын хамгийн шилмэл ангиуд хамгаалж байсан гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй юм. III Рейхийн оньсого мэт нууц, хамгийн хорлогчинтой энэ байгууллагад энэхүү ази царайтай хүмүүс хаанаасаа гараад ирдэг байна ?
Оросын тусгай албаны илтгэлүүдэд: “Тэд эцсээ хүртэл тулалдаж, шархадсан хүмүүсээ буудан алж, ганц ч олзлогдоогүй, бүгд үхсэн” гэж дурдсан байдаг нь хачирхалтай. Оросууд эхэндээ тэдгээр хүмүүсийг германы талд орсон халимагууд байна гэж үзэж байжээ. Тэгээд заналт урвагчдыг ул мөргүй алга болгосон бололтой. Хожим нь тэднийг түвд үү, халимаг уу гэдэг асуудлаар олон жил ихээхэн маргаан болжээ.
Харин саявтар энэ асуудлыг сайтар судалсан Оросын түүхийн ухааны доктор, профессор С.Лузянин энэ маргааныг эцэслэн шийдвэрлэж: “Иргэний дайны дараагаар халимагуудын хэсэг нь хил давж, Европт үнэхээр суурьшсан юм. Дэлхийн II дайны эхээр дорнод нутаг дээр Розенбергийн яамны мэдэлд халимагийн корпусыг байгуулсан. 1945 онд энэ корпусыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Хорватын нутагт шилжүүлсэн бөгөөд тулалдааны явцад корпусын ихэнхи хэсэг устгагдаж, үлдсэнийг нь зөвлөлтийн армийн нэгтгэлүүд олзолж авсан болно. Энэ нь Берлинд байсан ази царайтай хүмүүсийн хүүрүүд халимагууд байж чадахгүй гэсэн хэрэг юм” гэж бичжээ.
Францын сэтгүүлчид нацистуудын Түвдэд илгээсэн олон тооны экспедицийн тухай дурдсан боловч тэдний зөвхөн ганцыг нь Аненэрбе институт 1939 онд илгээсэн юм. 1931-1932, 1934-1936 оны экспедицүүд бол үнэн хэрэг дээрээ америкийнх байсан бөгөөд тэдгээрт германы биологич Э.Шеффер оролцож байсан байна. Тэрбээр америкийн экспецид амьтан судлал, ургамал судлалын судалгаа явуулж оролцжээ. Түүний судалгааны үр дүн гайхамшигтай байсан бөгөөд Э.Шеффер түвдийн цэнхэр хонийг нээж, түвдийн баавгайн зөвхөн ганцхан төрөл байдаг гэдгийг нотолж, хулсны баавгай-пандаг харж дүрсэлсэн анхны европ хүн болох бөгөөд европын ургамал судлаачдад мэдэгдээгүй байсан олон тооны үлдэц ургамлыг нээжээ. Түвдэд явсан хоёр удаагийн экспедицээс авчирсан материал дээрээ тулгуурлан диссертаци хамгаалсан байна. Түүний шинжлэх ухааны гавъяа, Түвд дэх америкийн экспедицид оролцож байсан туршлагыг нь харгалзан 1939 онд Түвдэд илгээх цэвэр германы экспедицийн удирдагчаар томилжээ. Энэ нь германуудын дэлхийн дээвэр рүү явуулсан цорын ганц экспедици байжээ. Энэ нь францын сэтгүүлчдийн үндэслэлүүд бүгдээрээ үнэн бишийг нотолж байгаа юм.
Анернэрбе-ийн түүхийг судлагч канадын түүхч Михаэл Катер энэхүү институтын сонирхлыг татсан 20 орны жагсаалт гаргасан байдаг. Аненэрбе эдгээр орнуудад бүгдэд нь экспедици явуулах гэж зэхэж байсан ба тэдгээрээс 1935-1936 онд Г.Вирта-гийн экспедиц Скандинавт, Ф.Альтхейм, Э.Траутман нарын экспедицид Ойрхи Дорнодод, Э.Шефферийн экспедиц Түвдэд очиж чадсан бөгөөд бусдыг нь дайн эхэлсэн болохоор явуулж чадаагүй юм. Э.Шеффер 1940 онд Түвд рүү хоёр дахь экспедицидээ гарахаар төлөвлөж байсан боловч амжаагүй.
Түвд дэх 1939 оны германы анхын экспедицийг германы аж үйлдвэрийнхэн ивээн тэтгэсэн бөгөөд түүний төсөлд Э.Шеффер 112 мянган рейхмарк цуглуулж чадсан байна. Энд биологи, антропологи, газар зүй, геологи, угсаатан судал, геофизикч нараас гадна тухайн үедээ хамгийн шилдэг зөөврийн камераар зэвсэглэсэн кино операторууд оролцсон байна. Энэхүү экспедицийг дуулиан тарьсан, арийчуудын давуу талыг бүх дэлхийд гайхуулж чадна гэж үзэж байжээ.
Э.Шефферийн экспедици англичуудын хаалтыг даван гарч, хаалтай нутгуудад нэвтрэн, Түвдийн нийслэл Лхаст хүрч чадсан байна. Аненэрбэ институтын нууц судлалаар тухайлан мэргэжсэн германы судлаач Ганс-Ультрих фон Кранц Шефферийн экспедици Канченжанга уулын хормойд тодорхой бус зорилгоор долоо хоносон бөгөөд Лхас руу орохынхоо өмнө автомат дамжуулагч зоох гэж уулын орой руу авиралт хийсэн гэжээ.
Энэ фактыг нотлох өөр сурвалж олдоогүй бөгөөд иймээс одоо болтол германууд Шамбалын орныг хайж байсан эсэх нь тодорхойгүй юм. Германчуудыг албан ёсоор Лхаст урьсан Түвдийн нэгэн томоохон хутагт германы экспедицийг баяртайгаар угтаж авчээ. Үүнээс өмнө Лхаст европчууд хэдхэн удаа л нэвтэрч чадсан байдаг. Экспедици Түвдэд хоёр сар гаруй байсан бөгөөд тэд Түвдийн ариун газар Ярлинг хүртэл очжээ. Яг Лхас хотод экспедици 40 хоног байсан. Тэнд байхдаа Шеффер мөнөөх хутагттай байнга уулзаж, тэд нөхөрсөг харьцаа тогтоосон байна. Түвдийн дээд лам нартай хийсэн албан ёсны уулзалт дээр “хоёр орны цэцэглэлтийн тусын тулд Өрнийн болон Дорнын хасуудыг уулзуулах” лоозон хүртэл дэвшүүлж байжээ.
Германуудын кино зурганд Лхас, Ярлингийн барилга байгууламж гарахаас гадна олон тооны шашны ёс заншил, цам, сүнс дуудах зан үйлийг тусгасан байдаг. Германууд буддизмаас гадна бумбын шашныг ч бас сонирхож байжээ. Түүнчлэн энэ кино зургуудад түвдүүдийн толгойд хэмжилт хийж буй хэсгүүд бий.
Экспедицийн гишүүн доктор Бруно Бегер гипсэн баг хийж, “Дотоод Азийн язгууртнуудын дундаас норд хольцны үлдэгдэл судлах” зорилгоор нутгийн хүмүүсийн гавлын ясанд антропологийн хэмжилт хийсэн байна. Доктор Бегер нийтдээ 300 гаруй түвд хүний бие болон гавлын ясанд хэмжилт хийжээ.
Антропологич Бруно Бегерийн судалгааны программыг “Түвдэд оршин суурьшигчдын дундаас норд шинж тэмдгийн үлдэгдлийг илрүүлэхийн тулд норд угсаатны үлдэгдлийг судлах, цэвэр, холимог, цэвэр бус арьстныг ялган тодорхойлох, түүнчлэн хүний сэтгэл зүй, физиологид үзүүлэх цаг агаарын нөлөөллийг судлах” гэж тодорхойлсон байна.
Германууд ноёрхогч арий арьстан доод арьстантай эвцэлдсэний үр дүн бөгөөд гэхдээ түүний амьд үлдсэн төлөөлөгчдийг (эртний германчууд) Түвдийн нууцлаг мэргэн ухаантнуудын дундаас илрэнэ гэдэгт итгэлтэй байсан юм. Ингээд арийчуудтай адил шинжийг нь тодорхойлохын тулд түвд хүмүүсийн нүүрний гипсэн цуглуулга хийсэн байна. Энэхүү судалгааны үр дүнд Бегер: “түвдүүд бол монгол болон европ арьстны дунд завсрын байрлал эзлэх бөгөөд язгууртны төлөөлөгчдийн дунд илт илэрдэг европ элементтэй байна” гэсэн гэсэн дүгнэлт хийжээ.
Шефферийн судалгааны программ ерөнхий биологийнх байсан. Тэрбээр Түвд дэх өмнөх америкийн экспедицийн үеэр эхэлсэн үлдэц амьтан, шавьж, ургамлыг хайж, судлах ажлаа үргэлжлүүлсэн. 1939 оны энэ экспедицийн ажлыг гялалзсан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрнст Шефферийг СС-ийн “Хохимой толгой” хэмээх элит хэсгийн тэмдгээр шагнаж, СС-ийн бэлэгдлээр чимсэн сэлэм гардуулж шагнажээ.
1943 онд түүнийг Төв Азийн судалгааны Эзэнт гүрний институтын удирдагчаар томилсон байна. 1944 онд Германд “Найрамдалт хийгээд нууцлаг Түвд” гэсэн уриан дор суртал нэвтрүүлгийн кампани эхэлжээ.
Шведийн аялагч Свен Гедин дурдатгалдаа рейхфюрер Гиммлертэй уулзаж байсан, тэр үеэр СС-ийн залуу офицер Эрнст Шефферийн Түвдийн экспедицийн тухай цухас өгүүлсэн тухай нотолсон байдаг. Гиммлер экспедицийг өөрөө ивээдэг хийгээд СС-ийн рейхсфюрер Гималайн хойт хэсгийн цас мөсний гэгддэг орныг маш их сонирхдог байсан тухай энэ дурдатгалд өгүүлдэг. Асар удалгүй энэ экспедицийн асуудлыг нууцалсан бөгөөд хожим нь Рейхийн нийслэл дэх Ассошэйтед Прессийн товчооны ажилтан, Берлиний хэрэг явдлыг сайтар мэддэг байсан Луис Лочнер “Рейхсфюрер өөрийн биеэр тушаал өгөх хүртэл Түвд дэх энэ экспедицийн талаар мэдээлэхгүй байхыг шаардсан. Түвдийн экспедицийн үндсэн зорилго улс төрийн шинж чанартай, шинжлэх ухааны асуудлыг шийдвэрлэх явдалтай нийцэх юмаар бага учир энэ талаар нийтэд мэдээлэх ёсгүй” гэх урьдчилсан сануулга германы сонины редакторуудын дунд тархсан байлаа гэж бичсэн юм.
Берлин нурсны дараа Аненэрбе институтын материалууд зөвлөлтийнхний гарт орсон бөгөөд уг институтын судалгааны нууц материалыг 25 вагоноор ЗХУ-д авчирчээ. Энэхүү архивын хувь заяа, түүний агуулга одоо болтол тодорхойгүй. Архивын жинхэнэ баримт бичиг байхгүй тохиолдолд дайны дараа Түвд дэх германы экспедицийн үр дүн, түүний дотор нацистууд Шамбалтай холбоотой байсан талаар тоймгүй олон цуу яриа гарах болов. Аненэрбе-гийн архивыг ил болгохгүйгээр сэтгүүлч, судлаачдын энэхүү “дуулиан”-ыг батлах буюу үгүйсгэх боломжгүй юм.
Э.Шефферийн дурдатгалд Шамбалын тухай нэг ч үг байхгүй гэдэг цорын ганц зүйл тодорхой байгаа юм. Шамбалыг хайх ямар ч зорилт байгаагүй, түүний үндсэн зорилго нь Лхаст очих, Түвдийн хутагттай улс төрийн гэрээ хийх явдал хийх явдал болж таарч байх шиг. Герман, Англи, Их Британийн засгийн газрууд III Рейхийн архивыг 2044 онд ил болгох амлалт өгсөн. Харин хамгийн гол архив байгаа Орос ямар ч амлалт өгөхгүй байгаа.
Дээр дурдсан францын сэтгүүлч Луи Повель, Жак Бержье хоёрын бодлоор Түвд дэх германы экспедицийн нэг зорилго нь далд хүчний санг олох, эртний хүчирхэгжлийн төв болсон Шамбалыг хайх явдал байсан хэмээн бичсэн боловч тэд сурвалжаа заагаагүй. Тэдэнд итгэхгүй байж болох ч германчууд чухамхүү арий арьстан Шамбалтай гэрээ хийж, энэ гаригийн эзэн болно гэдэгтээ бат итгэдэг байсан нь харин баримт юм.
Гитлер Дорно Дахинд Аймшгийн хаан буюу Ертөнцийг эрхшээгч Дээд Хүч ноёрхдог орон байдаг, энэхүү Дээд Хүч нь хараа, дуу хоолойгоороо өөрт нь туслана гэдэгт итгэдэг байсан. Иймээс тэр: ”Дээд хүчтэй холбоо тогтоосноор дэлхий дээрх мянга мянган жилийн амьдралыг өөрчилж, хүн төрөлхтний зорилгогүй тавиланг утга учиртай болгоно” гэж ярьдаг байжээ.
Карл Хаусхофер: «Аймшгийн хаантай холбоо тогтоож дэлхийн амьдралыг хувирган өөрчилж болно” гэж бичиж байв. Гитлер ч гэсэн ертөнц, хүн төрөлхтний хувь заяаг удирддаг, хүн төрөлтнийг “цаг хугацааны эргэлт”-эд бэлтгэдэг хүчирхийлэл, хүч чадлын хот Шамбалд итгэж, асар олон хүний амиар тахил өргөснөөр Шамбалтай гэрээ хийж ертөнцийг эрхшээж болно гэж үзэж байв.
Зураг 2. Карл Хаусхофер, Рудольф Гесс хоёр

Мөнөөх францын сэтгүүлчдийн бичсэн “Гитлер ямар Бурхныг шүтдэг байсан бэ” өгүүлэлд тайлбар болгож, Л.Н. Гумилев: “Фашистын үзэл сурталчид өнө эртний үед Дорно Дахинд ертөнц болон хүмүүсийг удирдаж байдаг хүч чадал хийгээд хүчирхийллийн төв –Шамбал гэгч орон байдаг гэж үзэж байв. Ард түмнүүдийг удирдагч маги нар хүнээр тахил өргөж Шамбалтай ид шидийн холбоо тогтоож болох мэтээр төсөөлж байв. Нацизмын удирдагчдын бодлоор олон хүнээр тахил өргөх нь харанхуйн хүч болох “агуу чадлыг” амгалан байдлаас нь гаргаж, тэднийг тахил өргөгчдөд тусална гэж итгэж байжээ. Ийм л учраас нацистын удирдагчид гүн гүнзгий ид шидийн утга санаа харсан мэт 6 сая еврей, 750 мянган цыганыг хороожээ. Тэд өөрийн муу ёрын үйлийг “хар хүчин”-д итгэх итгэлээр үндэслэж байв. Гэхдээ тэдний тулгуур болгосон домог нь ХХ зууны европын бэртэгчний гүн гүнзгий үл хайхралын үр шим, үр дагавар байсан юм” гэж дүгнэжээ.
Хамгийн сонирхол татах нэг баримт бол “Гессийн тэмдэглэл” болно. Рудольф Гесс бол Нууц кабинетын гишүүн, нацист нам дахь Гитлерийн орлогч, Гитлерийн ойрын хүрээний итгэгдсэн хүн, алдарт “Туле” нийгэмлэгийн гишүүн. Энэхүү дурдатгалдаа тэрбээр: “Германы Дорно зүгт хийсэн аян дайн нь мөн чанартаа Шамбал гэж нэрлэгдэх дэлхий дээр байдаг Сансрын харилцааны Төвийн зөвшөөрлөөр хийгдсэн юм. Махатма нар Оросын нутгийг булаан эзэлсэн пролетарийн муу муухайн уг үндсийг бут цохихыг Гитлерт хэлж өгсөн төдийгүй, рейхийн жанжин штабт мэргэжилтнүүдээ илгээсэн юм. Шамбалын дайчид (түвдүүд) фюрерийн хувийн хамгаалалт төдийгүй, стратегийн төлөвлөлтийн төвд хүртэл ажиллаж байлаа. Чухам тэд л довтлох өдөр, тэр ч байтугай цагийг хүртэл хэлж өгсөн. Гитлер хагас галзуу, хагас суутан байсанд хамаг лай ланчиг оршиж байлаа. Ингээд галзуу нь дийлж, дайсны орон зайд байгаа оршин буй бүх юмыг уг үндсээр нь устгах тушаал өгсөн юм. Энэ нь түүнд хандах махатма нарын харьцааг бүрэн өөрчилсөн юм. Шамбалын элч нар Гитлерийн дэргэд түүний сүүлчийн мөч хүртэл байж, хожим нь оросуудад хядуулах хүртлээ үлдсэн хэдий ч Шамбалын эрчим хүчний дэмжлэг оргүй алга болсон. Бүүр эрт 1942 оны дунд гэхэд бид бүрэн ялагдах тавилантайгаа золгосон байлаа” гэсэн байдаг.
“Түвд дэх СС-ийн мөрөөр” номын зохиогч Михаил Демиденко германы экспедици Гитлерийг дэлхийд ноёрхохын төлөө тэмцэлд ялуулахын тулд Дээд Нууц Хүчтэй холбох гэж Лхас дахь нууц тарнийн төвийг Берлинтэй шууд радио холбоогоор холбосон тухай зарим баримтуудыг дурдсан байдаг. Барууны судлаач Брондер Лхас дахь лам нарын нууц тарнийн бүлэгтэй Гитлерийн тогтоосон холбоо “аймшигтай их чөтгөрийн хүчтэй байсан” гэж бөгөөд Эрнст Шеффер Гитлерт зөвхөн хувийнхаа сейфенд байлгаж байдаг тийм чухал баримт бичгүүд олж авчирсан гэж үздэг юм. Бас тэрбээр тухайн үед германд мэдэхгүй байсан 108 боть “Ганжуурыг” авчирсан байдаг.
Түвдийн хутагтаас Гитлерт илгээсэн захидал маш сонирхолтой юм. Түүнийг сийрүүлбэл: “Германы захирагч, гүн хүндэтгэлт, эрхэм хаан Гитлер Танаа. Та эрүүл энх байж, энх амгалан, сайн сайхан байх болтугай. Та эдүгээ арьс угсаандаа тулгуурласан өргөн дэлгэр улс байгуулахаар чармайж байгаа. Ийм учраас одоо энд ирээд буй германы экспедицийн удирдагч ноён Шеффер Түвдөөр явах замд ямар ч бэрхшээлтэй тулгараагүй (…..) Наран гэрэлт хаан Гитлер Та цаашид найрамдах гэсэн бидний итгэлийг хүлээн авна уу. Гал туулай жилийн тэргүүн сарын 18. (1939 он болно).
Түвд дэх нацистуудын экспедицийг английн профессор А.Берзин “Шамбалын тухай алдаатай домгууд” гэсэн өгүүлэлдээ: “Германы цорын ганц институт Аненэрбе-ийн албан ёсоор зөвшөөрсөн Э.Шефферийн түвдийн экспедици (1938-1939) хэдийгээр оккультын санаа байсан ч гэсэн огт өөр зорилготой байсан. Түүний гол зориулалт нь түвдүүдийн гавлыг судалж, тэднийг арийчуудын үүсэл гарлын сурвалж, арий болон япон арьстны дундах шилжилтийн арьстан болж чадах уу гэдгийг тодорхойлох явдал байлаа. Экспедицийн үеэр антрополог Бруно Бегер олон түвд хүний гавлын ясыг хэмжиж үзээд түвдүүд бол арий болон монголчуудын дундах завсрын үндэстэн бөгөөд герман-японы холбооны хэсэг болж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тайлбарлажээ.
Оюун санааны Туле нийгэмлэгийн үзэл санааны зоригжуулагч болсон германы эрдэмтэн Эскард болон Карл Хаусхофер нар гурав буюу дөрвөн мянганы өмнө, өөрөөр хэлбэл НТӨ III мянганд Говь нутагт өндөр хөгжилтэй иргэншил оршин байсныг гэрчилсэн эртний домгийг үндэс болгодог байв. Сүйрэл болсны улмаас Говь нь цөл болж, амьд үлдэгсдийн зарим нь Европын умарт хэсэг, зарим нь Кавказ руу дүрвэжээ. Туле бүлгийн итгэлтнүүд Говийн иргэншлээс үлдсэн чухамхүү тэр хүмүүс л хүн төрөлхтний үндсэн арьстан, арийчуудын угсаа гарвал эх гэдэгт итгэлтэй байдаг. Францын нийтлэгч Л.Повель, Ж.Бержье нар “Шидтэнүүдийн өглөө” номондоо: “Туле-гийн тухай домог бол герман арьстан лугаа адил өнө эртнийх юм. Энэ домогт Туйлын Умартын хаа нэгтээ устсан арлын тухай өгүүлдэг. Тулег Атлантидын нэгэн адил устсан иргэншлийн далдын хүчит төв гэж үздэг” гэж тэмдэглэжээ.
Зураг № 3. Фашистын “Туле” нийгэмлэгийн эмблем

Оросын хамгийн нэр хүндтэй атлантологийн нэг Н.Ф.Жиров: “Туле арлыг тойрсон таамаглал цөөнгүй. Түүнийг грекийн аялагч Массиль-ийн (одоо Марсель) Пифее НТӨ IY зуунд нээж, цухас өгүүлсэн юм. Туле нь Британиас хойш далайн зургаан өдөр (1200 км), Мөсөн далайгаас нэг өдрийн (200 км) зайд оршдог. Гэхдээ Пифейн бүх аяллын талаар ч тэр, Туле арлын тухайд ч тэр Страбон, Плацидус, Плини зэрэг хожмын зохиогчдын бүдэг бараг мэдээллийг л бид мэддэг. Туле-н оршин буй газрын асуудлыг одоо болтол шийдвэрлэсэн гэж үздэггүй. Пифий Туле-д зун хоёроос гурван цаг үргэлжилдэг гэж хэлсэн. Тийм бол энэ арал хойт өргөргийн 61-630-т байх ёстой. Бидний бодлоор бол Фарерын өндөрлөгийн хаа нэгтэй Туле арал оршин байгаад хожим нь далайд живсэн байх” гэж үздэг.
Эккард болон түүний нөхдүүд Туле-н тухай бүх нууц, бүх мэдлэг усанд ор мөргүй алга болоогүй гэдэгт итгэдэг. Зөвхөн гэгээрсэн хүмүүс л нэвтэрч чадах хүч чадлын санг хүмүүс болон “түүгээр байгсдын” хооронд зуучилж байдаг онцгой юм эзэмдэж байдаг. Тэндээс германыг дэлхийд ноёрхуулахын тулд, германуудаас хүний эрлийзжсэн шинэ үүлдэр- ирээдүйн хэт шинэ хүнийг гаргаж болно. Цаг нь болоход германаас легионууд хөдөлж, дэлхийн оюун санааны замд саад болсон бүхнийг үгүй хийнэ. Тэднийг Хүч чадлын сангаас тэтгэдэг, Агуу Их Эртнийхний зоригжуулсан нугаршгүй удирдагчид хөтлөн дагуулна. Эккард, Розенберг нарын арийн номлол сургадаг домог ийм байсан бөгөөд ид шидийн социализмын эдгээр номлогчид Гитлерийн далд сэтгэлийг тэтгэж байлаа. Энэ үзэл санаа нь дэлхийд ноёрхох, хэт хүний тухай болон дэлхийн янз бүрийн орнуудад арийн соёлын үлдэгдлийг хайх экспедици илгээх, түүний дотор арий арьстны эхлэл гэж үзэж байсан Түвд рүү илгээх германы үзэлтэй нийцэж байгаа юм.
Энэ сэдвээр зохиолч Л.Юзефович нэн сонирхолтой жишээ иш татаж: “Тэр жил Рихард Вагнерийн бүх насаа өнгөрөөсөн баварын Байрет хотод тэр үед бараг хэн ч мэддэггүй байсан Адольф Гитлер “Туле нийгэмлэг”-ийн гишүүдтэй анх уулзжээ” гэжээ. Туле нь эртний германы гэж тооцогдож байсан арьстны болон мөрөөдлийн оккультизмын зарчим дээр германы рейхийг сэргээн босгох зорилго бүхий нууц ордены үр хөврөл байсан юм. Энэ нийгэмлэгийг үндэслэгчдийн нэг нь профессор Карл Хаусхофер байсан бөгөөд арав гаруй жилийн дараа тэр Германы Академийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Төв Азиар аялагч, угсаатан судлаач, хэл судлаач, алдарт швед Свен Гединтэй нөхөрлөдөг байсан байна. Магадгүй газар дорх нууц орон Агарын тухай түвдийн домгийг сонссон байх.
Агарын орон бол өнөөгийн Говийн байгаа газарт хэзээ нэгэн цагт амьдарч байсан ард түмний нэн эртний эзотерик соёлыг агуулагч, хүчирхэг ид шидтэний орон юм. Дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийн цаг уурыг өөрчилсөн геологийн ямар нэг сүйрлийн дараа тэд газрын гадаргаас явж, Гималайн уулсын дор орших нууцлаг агуйнуудад шилжин суурьшсан бөгөөд тэндээсээ өөрсдөө дэлхий дээрээс сонгон авсан ард түмнийг удирдагчдаар дамжуулан дэлхийн түүхийн бүхий л үйл явцыг хянан зохицуулж байдаг байна. Теософийг үндэслэгч Блаватская бүхнийг чадагч гималайн мэргэд-махатма нарын тухай бичиж байсан өөр нэг хувилбар ч бий бөгөөд Хаусхофер энэ домогт үнэнээсээ итгэсэн нь юу л бол. Гэхдээ Блаватская ойролцоогоор гурваас дөрвөн мянган жилийн өмнө цэцэглэж байсан арийчуудын агуу их говийн иргэншлийн тухай өөрийн онолоо баталдаг юм. Энэ газар цөл болон хувирсны дараа арийчуудын зарим нь Энэтхэг, зарим нь Европын хойт хэсэг рүү шилжин суурьшсан байна. Түвдэд арийн соёлын үлдэгдэл үлдсэн гэж үзэж байсан учраас Гитлерийн үед зорилго нь бүрэн тодорхойгүй эрдэм шинжилгээний экспедицийг тийш нь илгээж байжээ. Домогт Туле, өөрөөр хэлбэл Монгол болон Түвдийг оролцуулсан Төв Ази нь нацистуудын домог зүйд бүх эхлэлийн эхлэл, германчуудын өнө эртний эх орон гэж орсон байдаг. Энэ нутагт дэлхийн далд шидэт зүрх байдаг гэж үздэг. Түүнийг эзэмшигч эцсийн дүндээ бүх гаригийг эрхшээдэг байна.
Гуравдугаар рейхийн хамгийн том үзэл сурталчдын нэг Карл Хаусхофер хэвлэлд мэдэгдэж байгаагаар 1903, 1905-1908 онуудад Түвдээр явж байжээ. Ингээд 1923 онд Карл Хаусхофер түвдийн үзэл санааны нөлөөнд байх “Туле нийгэмлэг” гэсэн эзотерик бүлгэмийг үндэслэсэн байна. Туле нийгэмлэгийн бэлэгдэл буруу эргэсэн хас болно. Гитлер, Гиммлер, Геринг, Розенберг нар энэ бүлгийн гишүүн байсан нь нотлогдсон баримт юм. Зарим зохиолчид нацистууд болон Шамбалын хооронд холбоо тогтоосон гэж үзэх нь буй.
Туле нийгэмлэгийн гүн ухааны үндэслэлийг буддизмаас ч, теософоос ч авсан байдаг. Ингэж нийлүүлсний үр дүнд буддистуудын ариун газар гэж үздэг Шамбал нь танигдашгүй болтлоо хувирч Шамбалыг хар хүчний холбоо мэт ойлгох болсон байна. Нацистуудын төсөөллөөр Шамбал нь “Айдсын хаан” захирч байдаг хүчирхийлэл, хар хүчний голомт болох бөгөөд тэдэнтэй холбоо тогтоовол бүх дэлхийг эзэмдэж болох аж. Харин буддизмын үзлээр бол ийм төсөөлөл утга учиргүй, өөрөөр хэлбэл буддизмын зорилго нь сайн үйл буян болох бөгөөд буддизм өөрийн мөн чанараар хүч хэрэглэсэн үйлдлийг буруушаадаг. Хэдий ийм боловч ирээдүйд чухамхүү Шамбалын дайчид л гарч ирэн, газар дэлхий дээрх муу хүчний эсрэг сүүлчийн тулалдаанд ялан дийлэхэд туслах болно гэж өгүүлсэн байдаг. Шамбалыг хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авдаг гэсэн Гарже Кхамутрул Тулку-ийн тодорхойлолтыг сануулах нь зүйд нийцнэ.
Тэрбээр “шамбалын хувьд гэвэл түүний гадаад төрх кармагаас хамааран өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, нэг л голыг бурхад жимс гэж харж байхад, хүмүүс ус, бирд идээ бээр, цус, зарим амьтад амьдрах орчин гэж үздэг” гэжээ. Иймээс нацизмын үзэл сурталчид Шамбалын тухай домгийг өөртөө тохируулан тайлбарласан байх.
Буддын номлол ёсоор ертөнц дээр хүчний хоёр эх булаг байдаг гэсэн баталгаа бий болсон юм.
“Баруун гарын эх булаг” нь газар дорхи ариун дагшинаас, бясалгалын тулгуураас, бэлэгдлийн хот Агараас гарна. Энэ бол бясалгалаас гарсан хүчний эх булаг юм.
Харин “Зүүн гарын эх булаг” нь материаллаг хүчин чадлын төвлөрөл юм. Тэр нь дэлхий дээр байрлах хотоос урсан гарна. Шамбал гэж нэрлэгдэх хүчирхийллийн энэ хотыг “Айдсын хаан” захирна. Түүнтэй холбоо тогтоосон хүн ертөнцийг эзэгнэх болно.
Туле нийгэмлэгийнхэн энэ домогт итгэдэг байсан юм. Хаусхоферын номлолд “эх үндэстээ эргэн очих” гэсэн томъёолол нь бүхий л Дорнод Европ, Туркестан, Памир, Говь, Түвдийг эзэлнэ гэсэн хэрэг юм. Энэ домогтой Хаусхофер 1905 оны үед танилцсан гэж үздэг.
Рене Генон “Ертөнцийг эзэгнэгч” зохиолдоо: ”Говьд болсон сүйрлийн дараа өндөр иргэншлийн багш нар, дээд мэдлэгийг эзэмшигч, гадаад оюун ухааны төвүүд Гималайн дорхи агуйнуудын системд шилжин суурьшсан. Эдгээр агуйнуудын зүрхэн дунд тэд баруун болон зүүн гарын хоёр “зам” болон салсан. “Эхний зам” нь Агарыг (Сайн үйлийн нууц газар) өөрийн төв болгосон бөгөөд бясалгалаар дамждаг, дэлхийн амьдралд оролцдоггүй. “Хоёрдахь зам” нь хүчирхэг чадлын төв Шамбалыг үндэслэсэн бөгөөд тэднээс байгалийн үзэгдэл, хүмүүсийн амьдралыг удирдаж, хүн төрөлхтнийг “цаг хугацааны тэнхлэг”-т орохыг хурдасгадаг. Ард түмнүүдийн удирдагч-шидтэнүүд тангараг өргөж, өргөл барьж Шамбалтай гэрээ хийж болдог.
Р.Генноны “Ертөнцийн Хаан” номын орос орчуулгад иймэрхүү текст байхгүй, дээр дурдсан зүйлээс огт өөр агуулга Говь дахь сүйрэл, Шамбалын шидэт- удирдагчидтай холбоо тогтоох боломжийн талаар дараах зүйлсийг өгүүлсэн байдаг “Бүхий л уламжлалт гэрчлэгчид нэн тодорхой дараах дүгнэлтэд хүрдэг: Бусад бүх Ариун Газруудыг сөрөн байдаг жинхэнэ “Ариун Газар” гэж байдаг бөгөөд энэ нь үлдэх бусад газруудаа захирч оюун санааны төв болдог. Манай дэлхийн циклийн одоогийн үе, өөрөөр хэлбэл Кали-Юга-д гэгээрээгүй хүмүүсийн харцнаас манаач нар хамгаалж байдаг, чингэхдээ гадаад ертөнцтэй зарим нэг холбоотой газар байдаг бөгөөд үнэн хэрэг дээрээ түүн рүү тодорхой чадварыг эзэмшээгүй хүмүүс харж, хүрч чаддаггүй юм”.
Л. Повель, Бержье нарын сэтгүүлчдийн нотолж байгаагаар фашистын рейх сэтгэл зүйн нууц үзэгдлийг судлахад америкчууд атомын бөмбөг бэлтгэснээр илүү хөрөнгө хүч зарцуулжээ. Германд хүн төрөлхтнийг удирдаж байдаг хэт хүмүүс, далдын хүчний тухай сургааль дэлгэрсэн байв. Фашизмын үзэл сурталчид болон Гитлер энэ үзэл санаанд гүн гүнзгий итгэж байсан бөгөөд эрх мэдэлд хүрмэгцээ энэ үзэл санааг төрийн түвшинд судлахыг хөхиүлэн дэмжиж байв. Германд байсан өөр нэг үзэл санаа бол дэлхийн хүйс, “хэт хүний” номлол “Вель” буюу “Мөнхийн мөс”-ний онол юм. Энэ нь хөндөн буй сэдэвт онцын их хамаагүй боловч арийчууд хойт зүг цас мөсний орноос гэж үздэг юм.
1935 онд “Германы түүх, өвөг дээдсийн өвийг судлах германы нийгэмлэг” байгуулагдсан бөгөөд энэ нь хожим нууцлаг алдарт Аненэрбэ институт болсон юм. Энэ нийгэмлэгийг Генрих Гиммлер, Герман Вирт нар үндэслэсэн байна. 1942 онд Гиммлерийн тушаалаар “Аненэрбе” нийгэмлэгийг СС-ийн ивээл дорх рейхсфюрерийн хувийн штабын мэдэлд оруулсан байна. Аненэрбе-гийн мэдэлд нацистуудын арьсны онолыг үндэслэх, байгалийг эрхшээх эртний оккультын мэдлэгийг судлах зорилго бүхий нийт 50 гаруй институт хамаарагдаж байжээ. Аненербе-ийн анхны удирдагчаар хэд хэдэн суурь эзотерик бүтээлийн зохиогч, голланд гаралтай, профессор Герман Вирт томилогдсон байна. Харин “Өвөг дээдсийн өв” нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр СС-ийн рейхсфюрер Генрих Гиммлер томилогдсон бөгөөд тэрбээр: “ Өөрийн өнгөрсөн үе, өвөг дээдсийнсээ агуу ихийг санаж байгаа үндэстэн аз жаргалтай амьдардаг” гэж номлодог байсан юм. “Аненэрбе” институтын байгуулсан хүрээлэнгүүд: астрономи, биологи, ботаник, геологи болон минералоги, түүхийн өмнөх үеийн германы урлаг, ургамлын генетик гээд маш өргөн хүрээнд судалгаа хийж байжээ. Түүнчлэн энэтхэг-герман болон финийн соёлын холбооны геральдик болон овгийн бэлэгдэл (рунология) энэтхэг-германы хөгжим, агуй болон карстер, ардын анагаах ухаан оккультын шинжлэх ухааныг судалдаг тусгай хүрээлэнгүүд ажиллаж байсан.
1938 – 1943 онуудад Аненэрбе институт Болгар, Австри, Польш, грекийн Олимп, Словак, Серб, Украин зэрэг орнуудад археологийн малтлаг хийж байсан. 1936-1943 онуудад “Өвөг дээдсийн өв” нийгэмлэг “Герман” хэмээх сэтгүүл, СС “Нордланд” болон “Алх” сэтгүүл хэвлэн гаргаж байжээ. Дайны жилүүдэд “Аненэрбе” институт хоригдлуудыг хөлдөөх, тэдэн дээр байлдааны хордуулах болон хорт бодис турших, цус тогтоох болон ариутгах хэрэгсэл хайж олох туршлага хийх, “Страссбург дэх эзэнт гүрний их сургуульд эрдэм шинжилгээний зорилгоор еврей-большевик комиссаруудын гавлыг ясны цуглуулга хийх” зэрэг гэмт хэргийн туршилт хийж байсан юм.
Яг ийм оролдлогуудыг Оросууд хийж байсан бөгөөд эдгээрийн тоонд 1921-1922 онд В.А. Хомутниковын удирдсан анхны нууц элч, хоёр дахь удаагаа С.С.Борисов нар болно. 1925 онд А.В. Барченкогийн Шамбалыг хайх Түвдийн экспедици зэргийг дурдаж болно. Эдгээр экспедицийн үндсэн зорилго нь Түвдийн оюун санааны удирдагч Далай ламтай уулзах, английн түрэмгийллийг зогсоох, энэ бүс нутагт Оросын нөлөөг бэхжүүлэх зорилготой байсан. Оросын эхний хоёр экспедицийн Шамбалтай холбоо тогтоох зорилтын тухай ямар ч баримт бичиг байхгүй, тэднийг Шамбалыг хайсан гэх нь нэг их үндэслэлгүй. Харин А.В.Барченко-гийн удирдлагаар 1925 онд Түвд орохоор зэхэж байсан гурав дахь экспедици Шамбалтай шууд холбоотой юм. Сүүлийн жилүүдэд өмнөх иргэшлүүдийн алдагдсан мэдлэгийг хайхад амьдралаа зориулсан оросын эрдэмтэн А.В.Барченко-гийн (1881-1938) үйл ажиллагааны тухай материалуудын зарим нэг нь ил болж байна. Тэрбээр Петербургийн “Нэгдмэл Хөдөлмөрийн Ах Дүүс” хэмээх дугуйланг үндэслэгч бөгөөд маш өргөн хүрээнд ажилладаг эрдэмтэн байжээ. Түүний бүтээлүүд зарим талаар нэрд гарсан учир Санкт-Петербург дэх Тархи, сэтгэл зүйн үйл ажиллагааг судлах Институтэд ажиллахыг санал болгосон байна. Тэр 1921–1923 онуудад эртний гиперборейн ул мөр хайхын тулд Колийн хагас аралд экспедици зохион байгуулжээ. Ингээд 1924 онд тэр Москва дахь Тархи, хүний сэтгэл зүй судлах ОГПУ-ын нейроэнергетикийн нууц лабораторийн удирдагч болсон байна.
ХХ зууны эхээр Хойт Туйлын хязгаарт балар эртний цагт өндөр хөгжилтэй иргэншил оршин байсан онол их нэр гарсан байлаа. А.В.Барченко биднээс өмнөх, биднээс илүү иргэншсэн хүмүүсийн мэдлэг хадгалагдан үлдсэн газар хаа нэгтээ байгаа гэдэгт итгэж байжээ. Түүний бодлоор тийм газруудын нэг нь Түвд байжээ. Афганистан, Түвдийн нууц нийгэмлэгүүдэд түүхийн өмнөх соёлын мэдлэг хадгалагдан үлдэх боломжийн тухай илтгэлийг тэрбээр ОГПУ-ын Тэргүүлэгчдэд хийсэн бөгөөд түүнийг нь Оросын дээд удирдагчид ихэд сонирхож байсан байна. Тухайлбал Гадаад Хэргийн Ардын Комиссар Г.В.Чичерин БХК(б)Н-ын Төв Хорооны Улс төрийн Товчоонд бичсэн захидалдаа А.Барченко-гийн Лхас руу хийх экспедици зохион байгуулах гэсэн үндэслэлийг тайлбарлахдаа: “Барченко гэгч энэ хүн түүхийн өмнөх соёлын үлдэгдлийг эрэн хайх асуудлыг арван есөн жил судалж ирсэн болно. Түүний онол нь хүн төрөлхтөн түүхийн өмнөх үед бидний эдүгээ амьдарч буй үеийн шинжлэх ухааны ололт амжилтаас хол даван гарсан ер бусын өндөр соёлыг хөгжүүлж байсан гэдэгт оршино. Цаашилбал тэрээр Лхас, Афганистанд оршин буй нууц ахан дүүс зэрэг дундад азийн оюун ухааны төвүүдэд түүхийн өмнөх эдгээр баялаг соёлыг шинжлэх ухааны хувьд танин мэдэж болох үлдэгдэл хадгалагдан үлдсэн гэж үзэж байна. Барченко энэ онолоо нөхөр Бокияд танилцуулсан бөгөөд нөхөр Бокия үүнийг ер бусын ихээр сонирхож, түүхийн өмнөх соёлын үлдэгдлийг эрж хайхын тулд өөрийн тусгай хэлтсийн аппаратыг ашигдахаар шийдсэн” гэжээ.
Хөрөнгө мөнгө дутагдсанаас болж энэ экспедици явж чадаагүй юм. Харин 1929–1930 онуудад Барченко Алтайд экспедици зохион байгуулж амжсан байна. Энэ экспедицийн талаар ямар ч материал хадгалагдаж үлдээгүй. Эцэст 1937 онд А. Барченко баривчлагдаж, 1938 онд буудагджээ. А.Барченкогийг хэргийн бүх материалыг нууцалсан бөгөөд хожим нь архивуудын дунд алга болжээ. Харин Барченког байцаасан нэгэн бичлэг үлдсэн бөгөөд тэрбээр байцаагдах үедээ: “Би өөрийн далдад итгэсэн үйл ажиллагаагаараа нийгмийн асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь орчин үеийн бидний нийгмээс нийгэм, материал- техникийн хавьгүй илүү түвшинд оршин байсан тэрхүү нийгмийн туршлага, мэдлэгийн үлдэгдэл хадгалагдан үлдсэн газар нь нууцлаг Дорно Дахины голомт, Шамбал-Агарын оронд байгаа гэж үзэж байсан юм. Ийм байгаа учраас л Шамбалд хүрэх замыг олж, түүнтэй холбоо тогтоох хэрэгтэй байсан” гэж өгүүлсэн байдаг.
Барченко Түвдэд хэзээ очиж байгаагүй атлаа хэрхэн ийм өндөр гайхам итгэл үнэмшилтэй болдог байна ? Ямар нэг нууцлаг юм байж таарна.
Орчуулагчийн тайлбар: А.Барченко лав л монголын чиглэлийг ихэд сонирхдог байсан, манайд ирсэн ч байж магадгүй… Мөн тэрбээр бидний “сайн мэдэх” Я.Блюмкинтэй дотно харилцаатай байсан бөгөөд энэхүү Я.Блюмкин Н.К.Рерихийн экспедицэд “лам” байдлаар оролцож, мөн тэндээс үхлийн хоёр ч удаагийн аюулаас ганцаараа амьд үлдсэн бөгөөд Монголд нэлээд олон удаа ирж байсан баримт байдаг. Ер нь их сонин л доо…
Үнэн сүсэгт буддистуудын хувьд бол гималайн мэргэдийн хэлсэн: “ Шамбалын цэвэр газар, мэдлэгийн хүрээг хайх нь амьд яваа ямар ч хүний кармад таатайгаар нөлөөлдөг бөгөөд ухамсартайгаар байнга Шамбалын өндөрлөг өөд тэмүүлэх нь хүний энэ насны амьдралд биелэнэ. Шамбалын сургааль, мэдлэгийн өчүүхэн төдий хэсэг ч гэсэн өөрөө буянт үйл агаад энэ газар дээр, энэ амьдралд хүний амьдралыг үндсээр нь өөрчилж чадахуйц тийм ариун, тийм өндөр дээд сургааль болно” гэж үздэг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

27 Responses to Сергей Волков. СС-ИЙНХЭН ШАМБАЛЫН ЭРЭЛД

  1. tsogt says:

    тэгэхээр агуу ялалт байгуулсан Сталинд шамбал тусласан юм болов уу? манай говьд ч юм юм байнаа. бодвол цаг нь ирсэн болохоор үүц нь задарч байгаа юм болов уу.

  2. gankhuyag says:

    Хэрэв энэ бүгдийг үнэн гэж үзэх ахул Сталинд ч гэсэн монгол лам, бөө хангалттай олон байсан байх л даа…Гэхдээ би зөвхөн орчуулснаа л сонирхуулж байна…

    • Хэрэв та нууцад нэвтэрхийг хvсвэл
      Хаанаас ирсэн тэндээсээ эхлэн судал
      Танд амжилт хvсье.
      Сонирхолтой байлаа.

  3. Aviraa says:

    Агарын орон гэдэг одоогийн Дорноговьд байрлах Хамрын хийд эсвэл Өмнөговьд байрлах Дэмчигийн хийд байж болох магадлал бий болов уу. Шамбал-Агар 2 нэг ойлголт ч юм шиг

  4. Гуравдугаар Рейхийн учир битүүлэг шүтлэгийн тухай The Occult History of the Third Reich гэж маш сонирхолтой баримтат кино бий. Сонирхсон хүмүүс байвал youtube дээр ороод үзэж болно. Ид шидийн хойноос хөөцөлдсөн оросуудын тухай бас нэг сонирхолтой баримтат кино бий.

    Энэ бүх адал явдлын эцэст орчин үеийн neuroscience, хиймэл оюун ухаан үүссэн байдаг. Сонирхолтой л түүх. Шинжлэх ухааны аливаа нээлт, ололтууд нь анхандаа үлгэрийн гэмээр адал явдлаар дамждаг бичигдээгүй хуультай юмуу даа. Хүн гэж үнэхээр адтай сониуч амьтан шүү.

  5. gankhuyag says:

    Шамбалын орны тухайд бол манайхан бараг бүгдээрээ дор хаяж л дуулсан байдаг. Харин түүнээс ихээхэн ялгаатай Агарын орны хувьд тун цөөн хүн мэддэг байсан юм бил ээ….

  6. tsogoo says:

    Shambaliin talaar tsuvral nom bichsen Muldashew geed oros nuhur mgl-d irj sudalgaa hiisen geed baisan. ter talaar medeelel bn uu tanid

  7. Erdenebat says:

    Hi uneheer sonirholtoi bailaa. Bayarllaa!

  8. Ганбат says:

    Түвдүүд биш Халимагын СС-үүд эсвэл холбоотондоо тусалсан Японууд байх, Халимагын СС-ын талаар баримтат кино байдаг шт, тэр нууц Түвдээс хэдэн мянган Түвдыг яаж гаргах вэ дээ. Таны бичсэн бүгдийг уншдаг шүү.

  9. MOngol says:

    Эрнэст Мурдашев гэж Орос эр байх. Тэр хүн “Хүн бичнээс үүсээгүй” гэсэн 5 цуврал ном бичсэн бөгөөд маш сонирхолтой санагдсан. Мань эр өөрөө дэлхийд танигдсан нүдний эмч хүн гэж ойлгосон. Энэ талаар танд ойрын үед уншсан, судалсан зүйл байна уу? Одоо энэ манай Итгэлт хамба байна. Нуль оньсого, одоогийн физикийн хуулиудыг бүгдийг нь үгүйсгэчихлээ шд 😛

  10. Төвд says:

    Баабар mn сайтад Баатархуягийн Чандманийн тухай цуврал үүнтэй холбоотой байх. Бас түүний улстөрийн сэтгүүлдээ бичиж байсан шамбалын тухай цувралууд байдаг. Энд дурдсан олон зүйл тэнд байналээ. Магадгүй Ганхуяг судлаач өгсөн байх. Тэр өгүүлийг та блогтоо тавьж болох уу?

  11. hmmm says:

    sonirholtoi zuiliig orchuulsan bna bayarlalaa

  12. gankhuyag says:

    Шамбалын болон Агарын орнууд,мөн Чандмань эрдэнийн асуудлууд шууд холбоотойг Мулдашев хүлээн зөвшөөрдөг. Тэр хэдэн жилийн өмнө манай Ховд аймагт ирсэн. Сэтгэл нь их хангалуун байсан байх…А.Баатархуяг бид хоёр мэдээлэл солилцдог, гэхдээ би дагнан өгөөд тэр хуулаад байсан юм огт байхгүй. Энэ бол тун эмзэг, их нандин асуудал, худал ярьж огт болдоггүй юм…

  13. Бодруул says:

    Нэг нууц материал хадгалдаг гэнэ Тэрийгээ нэг задлахийн бишүү дээ аайн?
    Олон нийтэд хэлнэ байгаа

  14. unu says:

    ed nar chini ter uyd bas Mongold irj Chimid bagshiig heregt unagadag biz dee?kk

  15. Unshigch says:

    А.Барченко, Я.Блюмкинтэй 2-той чинь Монголын тагнуулч Хаянхярваа холбоотой байсан гэсэн мэдээлэл байдаг юм байна лээ шд. http://gia.gov.mn/?dazo=video&categoryid=3&videoid=13 энэ хаягаар орж Хаянхярваа гэж хэн байсан талаар үзээрэй…

  16. gankhuyag says:

    Би мэднэ ээ…

  17. Ертөнцийн төгсгөл ирж, амьд амьтан мөхөлд хүрэхэд, бид тэр Аз жаргалын орон буюу ШАМБАЛ-руу нүүх юм. Очир хөлгөний дээд ёс Дуйнхорын ёсыг бүтээж энэхүү Шамбалд хүрдэг гэдэг.
    Америкт 2011 онд Kalachakra initiation болно.

    Түвдэд үндэсний хэлнийн оронд хятад хэл үзэх болгож байгаад ихэд гайхаж хачирхаж байна. Энэ шашин соёлд их зүйл агуулагдаж байгааг устгах юмуу хөдөлгөх, өөрчлөх их муу ёр.

    Би Германы нэгэн зузаан номын орчуулгыг хянасан юм. Бонноос нэг монгол залуу сайн орчуулж өгөөч гэсэн л дээ. Ерөнхийд нь хэлэхэд германы кураторых нь энэ талаарх ойлголт нилээд зөв байсаныг тэмдэглэж хэлмээр байна.

  18. gankhuyag says:

    Эрхэм Язгуурыг баригч аа. Би Танд ихэд талархаж байна. Гэхдээ ямар ч боловсролтой байсан хүн барагтай л бол “германы нэг зузаан ном” гэж хэзээ ч ярьдаггүй…

  19. “Dschingis Khan und seine Erben”

  20. Гэхдээ Германаас хайх хэрэг байна уу?

  21. gankhuyag says:

    Огт байхгүй гэж бодож байна.

  22. zochin says:

    sonirholtoi bailaa, gehdee ene buh sonin haichin zuilsed yaj handahaa odoo boltol oilgodoggui, deed oyun uhaan, shambal, boo geed l, materiallag amidralaas tatgalzah heregtei yum boluu, ene buh zuiliig huleen avch itgelee geheer odoogiin bidnii amidraliin olon chuhal gej uzej sudalj bgaa zuils utgagui boldog, ene talaar sudalj sonirhdog humuus ymar handlagatai baidag, orchin ueiin amidraldaa yaj tusgaj avdagiig sonirhoj bna,

  23. anxaa says:

    Muldashev sain nudnii mes zasalch baih n margaangui l baih, gehde mergejildee sain hun buhen, dr. phd. tsoltoi hun buhen uhaantai gej shuten dagah ch osoltoi shuu, bugd l adil hun, unshsan hiisen oor bolohoos. Tuunii Helen P.Blavatskay.giin “The Secret Doctrine” hemeeh zohiold nevt orson n ajiglagdaj zarim talaar nomiig n unshihad hurtel tovogtei sanagdaj baisan. Mon ish tataj yarij, gaihuulag humuus n uchir dutagdaltai. Tuunii hiisen “suut” buteel boloh Alloplant ch gsn shinjleh uhaand huleen zovshoorogdoj, ololt oloogui, mon ooroo bodoj tuuniigee shuud yamar neg baidlaar bodon ali neg baidlaar batalj, eh survaljaa ch barag sanahgui baidag n hachirhaltai. Telepath-iin argaar nadad hen negen n info ugsun baih, barag l zuud zeregleend min hen negen helsen baih gehchilen baingiin trance baidald baigaa har tamhichinii ug met sonsogddog n bas zarimda hogjiltei. Ene met US, USSR conspiracy theories odoo hurtel tasrahgui urgeljilseer baigaa baidal ugaasaa hezee ch arilahgui biz. Tanaas bas iimerhuu esoteric talaar asuuj sonirhoh zuils baigaa sudlaachaa, herhen yaj holbogdoj boloh ve?

  24. чикаго says:

    оросын шинжлэх ухааныг доош нь хийж байшаа юм биш шүү.
    Гэхдээ иймэрхүү эзотэрик тал дээр оросууд арай дэндүү. Бараг өвчтэй юм шиг. Тийм болохоор элдэв оросуудын бичсэн юм нэг их үнэмшилтэй, сонин байдаггүй ээ.
    Казахууд чингис хааны тухай бичиж байгаа юм шиг баталгаа, нотолгоогүй сонирхогчийн түвшний л юм байдаг

  25. Shambala says:

    Үнэн худлааг мэдэхийн тулд гадагшаа бус дотогшоо их аялах хэрэгтэй байхаа. Тэр үед нарийн давтамж бүхий мэдрэмжээр юуг хүлээн авч болох боловч харин ухаарч ойлгох, тайлах асуудал бол өөр өөр буй заа. Миний хамгийн дуртай сэдэв. Зөвхөн орос герман ч биш дэлхи й даяараа л энэ орныг хайсаар ирсэн биш гэж үү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: