УЛС ТӨРИЙН БИСЕКСУАЛИЗМ…

Манайхан үй олон “изм”-ийнхээ учрыг олохгүй хэвтэж “баруун зүүн” болж “онолдоод” жигтэйхэн. Дээрээс нь нэмээд “зүүн төв” гэчихээр чинь “зүг чигээ” олдог монгол гэж алга болов. Үүнийг монгол ойлголтоор бол зүүн тийш Хэнтий өнгөрөөд Дорнод руу нэлээн дөхөж явснаа гэнэт буцаж “давхиад” Төв аймаг, Тэрэлж хавьцаа “найрлах” багцаагаар л төсөөлнө байх. Нээрээ Тэрэлжээс “зүүн төвийн тунхаг” гарсан юм байна. “Барууны” виски, “зүүний” цагаан архи хоёроо холиод уучихсан бололтой. Сүүлдээ “Зүг чиг”-ийн хурал хийж, дарга нар нь өөрсдөө “онолын илтгэл” тавьдаг ажилтай болов. Ёстой балайрна гэж үүнийг л хэлдэг байх. Ингээд шоолоод суугаад байлтай нь биш, ядахдаа “баруун зүүн”-ээ ялгаад сурчихаасай гэж бодох юм байна ш дээ. Иймээс “зүг чигийн” талаар ярихаас болохгүй нь. Эрхбиш циркийн сармагчингаас арай “илүү” гэж бодож байгаа царай нь энэ л дээ…
“Зүг чигийн тест”…
Эхлээд МАХН-ын “зүтгэлтэн дарга” Танаас “тест” авна аа ! Тэг тэг, би ч телевизээр дандаа “улс төр” ярьсаар байгаад бүүр “сурчихсан” хүн л дээ…
МАХН-ын байрны өмнө байгаа Ленин “багш” хаашаа “заадаг” вэ ?! Мэдээж урагшаа, Хятад руу. Зөв. Харин Сүх жанжин хаашаа “заадаг” вэ ?! Ядаж байхад хөшөө нь байхгүй ямар “зовлонтой” юм бэ ?! Аа, тийм, Япон, Солонгос гээд “зүүн” тийшээ л байх. Зөв, казиночин гэсэндээ овоо “мэдэж” байна…
Монголд “зүүн гарын улс” гэж байсан, газар зүйн ойлголтоор яалт ч үгүй “баруун” талд байдаг. Үүний учрыг мэдэх үү ?! Мээээдэхгүй…
Хорвоогийн зүг чиг ?! Нар манддаг нь зүүн, жаргадаг нь баруун. Сайн байна ! Чиний өөрийн чинь “зүг чиг” ?! Юу ?! Чиний зүрхтэй тал чинь зүүн, нөгөөх нь баруун тал ! Нээрээ “түг түг” гэж байгаа нь “зүүн” юм байна. Сайн байна, гэхдээ энэ хоёрыгоо битгий хольчихож үзээрэй…
“Холихгүй” ээ. “Хольдог” болохоор чинь сануулж байна ! Яаж “холих” гэж ?! Бүх “изм”-ыг “холиод” байна ! Аа, энэ яахав дээ, “жижиг” юм. Тэгээд “том” нь юу юм ?! Шинэчлэлт өөрчлөлт, бас эноваац…
Дэлхийн бөмбөрцгийг баруун, зүүн хоёр хагаст хуваадаг. Бид аль нь вэ ?! АНУ “баруун”, Орос, Хятад эд нар “зүүн”. Ингэхлээр бид нар бас “зүүн” юм байна. Сайн байна, харин Европ, Япон аль “зүг” вэ ?! Мэээдэхгүй…
МАХН-ын хуучин дарга Н.Энхбаяр аль “зүг” вэ ?! Ардчилсан социалист. Та Н.Энхбаяртай их дотно байсан байх аа ?! Үгүй чиш, би түүнийг чинь ёооостой “танихгүй”, хурал дээр аймаар холоос ганц хоёрхон удаа л “харсан” !!!
Н.Энхбаяр хурал дээрээ юу гэж ярьдаг байсийм ?! “Зүүн төв” гэсэн байх аа, нэг тиймэрхүү л юм ярьдаг байсан, одоо “мартчихаж”. Тэгвэл Сү.Батболд, У.Хүрэлсүх, С.Баяр, М.Энхболд нар аль “зүг” вэ ?! “Зүүн төв”…
Тэгвэл Н.Энхбаяртай адилхан л юм байна ш дээ !!! Ёстой тийм юм байхгүй, тэгвэл “баруун”…Та нар тэгж хэлээгүй шүү дээ ?! Тэгвэл “үндэсний ардчилсан”, дээр нь “зүүн төв”. Тэгээд аль нь юм ?! Мэээдэхгүй…
АН аль “зүг” вэ ?! Энийг ч бол “мэднэ” шүү. “Манай” засгийн газарт байгаа нь “зүүн”, үлдсэн нь “баруун”. Ер нь “Алтангадас” бол бат “манай тал” ш дээ. Тэгвэл АН-ын дарга Н.Алтанхуяг аль “зүг” вэ ?! “3үүн төв” байх аа. Мээээдэхгүй…
“Нийгмийн шинэчлэл” гэж юу вэ ?! Манай намын залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллага. Энэ чинь социал демократ гэсэн үг, мөн либертаризмын томъёолол биш үү ?! Мэээээдэхгүй…
“Нийгмийн ардчилал”, “Ардчилсан социализм” хоёр ялгаатай юу, адилхан уу ?! Наадахыг чинь ёстойгоосоо мэээээдэхгүй…
Чи өөрөө аль “зүг” вэ ?! Дарга нар л хаашаа “заана”, би мэдээж “тийшээ” ш дээ. Тэд чинь хаашаа “заадаг” юм ?! Мэээээдэхгүй…
“Зүүн төв” гэж юу юм бол ?! Манай дарга нар л “мэднэ”. Тэд чинь огт мэдэхгүй байна ! Тэгвэл би ёоооостой мээээээдэхгүй…
Та “тестэд” уналаа, одоо “хичээл” заана даа ! Би “шинэчлэл”, “эноваац” хийгээд ажил ихтэй, амжихгүй. “Тасалбал” чи өөрөө л “төөрнө” ! Намаас сонгож, томилсон юм чинь “төөрөхгүй”. Тэгвэл чи сонгуульд гарцаагүй унана ! Тэгвэл “суухаас” л биш…
“Баруун зүүн”-ий үүсэл
Баруун зүүн хэмээх ойлголт анх Францын Агуу Их Хувьсгалын “Эрх чөлөө, тэгш эрх, ах дүүгийн ёс” (liberté, égalité, fraternité) –ны эрхэмлэлээс анх үүссэн юм.
Францын Их Хувьсгалын үед Үндэсний Их Хурал гэж байсан. Тэнд нам ч гэдэг юм уу, чиглэл ч гэдэг юмуу гурван том бүлэг байжээ. Магадгүй хурлын танхим нь тойрсон гурван хэсэгтэй байснаас ч болсон байж мэднэ. Үндсэн Хуульт хаант засгийн талыг баримталдаг фельянчууд баруун хэсэгт, Бүгд Найрамдах Улсын аядуу талыг баримтлагч жирондистууд төв хэсэгт, эрс өөрчлөлтийн төлөө тэмцдэг якобинчууд зүүн хэсэгт нь суудаг байж.
Ингээд анхнаасаа л оршин буй байдлыг хадгалахыг хүсэгчид (консерваторууд) нь “баруун”, өөрчлөлтийн төлөө тэмцэж байгаа нь (эрс либералууд) “зүүн” гэж нэрлэгдэх болжээ.
Ингээд XIX зууны дунд үе хүртэл улс төрийн болон чөлөөт эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан либералуудыг ямагт “зүүн” гэж үзэж байсан юм. Одоо монголын “либерал”-уудыг “зүүн” байсан гэчихвэл бараг “зодуулна” биз…
Тун удалгүй социалист үзэл санаа бий болсны улмаас “баруун зүүн” нь солигдсон юм. Нийгмийн тэгш байдлыг эрмэлзэгчдийн талынхныг ерөнхийд нь “зүүн“гэдэг болжээ. Энэхүү “зүүнд” социал-демократ, анархист, анарх-синдикатуудыг багтаан үздэг байжээ.
Ингээд ХХ зуун болоход социал-демократуудын хамгийн радикал жигүүрээс коммунист намууд төрөн гарсан бөгөөд тэднийг мөн л “зүүн”, бүр тодруулбал “хэт зүүн” гэх болсон. Харин “уламжлалт зүүн” нь ардчилал, улс төрийн эрх чөлөөг өргөтгөхийн төлөө тэмцэж “үлдсэн”.
Оросын коммунистууд “барууны ардчилал”, капитализмын эсрэг хэрхэн тэмцсэнийг бид бүгдээрээ мэднэ. Улмаар тэд социалист систем болтлоо тэлж хөгжсөн. Энэ нь “барууны мөлжлөгийг” сааруулахад үзэл санаа, практикийн асар их нөлөө үзүүлсэн. Социализм нь нам төрийн хүчтэй албадлагыг эс тооцвол эрүүл мэнд, боловсрол зэрэг социал талаасаа тийм ч муу систем байгаагүй. Би биш, дэлхийн олон эрдэмтэд ингэж дүгнэдэг юм…
Орос дотроо бас л “баруун зүүн” болж хуваагдсан бөгөөд 1920-иод онд Оросын Коммунист (больщевикуудын) намын “зүүн” жигүүр намын дотоод ардчиллын төлөө, “шинэ хөрөнгөтөн буюу “нэп”, нударган баячууд, хүнд сурталтны эсрэг тэмцэж байсан.
МАХН-д ч гэсэн Коминтерний шууд удирдлагаар “баруун зүүн” болж тэмцэлдэв. Хамгийн түрүүнд Ц.Дамбадорж, А.Амар, Ц.Жамсранов, Н.Жадамба нар “баруунтан” болон “панмонголист” болж хэлмэгдэв. Дараа нь “зүүний нугалаа” гарав. П.Гэндэн, Ө.Бадрах, З.Шижээ гээд олон “зүүнтэн” гарсан юмдаг. “Баруун зүүн” болж “тоглодог” тухайг чинь нэрт түүхч Ч.Дашдаваа “Монгол дахь төрийн эргэлт” (2008) нэг сэдэвт бүтээлдээ тодорхой бичсэн байгаа…
Зүүн доторхи “зүүн”
Улс төр судлалд уламжлалт зүүний бодлого гэдэг нь нийгэмд цаг ямагт олонхи болж байдаг эмзэг доод давхрааны амьдралын нөхцлийг сайжруулах, нийгмийн тэгш эрхийг хангах зорилго бүхий улс төрийн үзэл суртал, зорилгыг хэлдэг. “Изм”-ээрээ бол үүнд социализм, социал-демократизм, коммунизм, социал либерализм, анархизм зэрэг ордог.
Сонгодог утгаар бол зүүнийхэн нь үндэс, угсаа, хүйс болон бусад хамаарлаас үл шалтгаалан бүх хүмүүст тэгш нөхцөл тогтоох гэж эрмэлздэг. Манайхан шиг “юм тараах”-аа “зүүн” гэж нэрлэдэг балай утга энд огт байхгүй.

Ингэж байгаад 1956 онд ЗХУКН-ын ХХ их хурал болж, сталинизмыг шүүмжлэн “энх тайвнаар зэрэгцэн орших” болон ”социализм олон янз байдалтай байж болох” зарчмын асуудал дэвшүүлсэн юм. Ингэж баймаажин 1960-аад оны эхэн, дунд үеэс л “барууны” колонийн системийг задалсан юм. Оросууд л Монгол мэтийг колоничилж байсан, харин “баруун”-д бол колони огт байгаагүй юм огт биш л дээ…
Үүнээс болж ахиад л “баруун зүүн” болоод явчихав. Нэг талд нь Н.С.Хрущев даргатай ЗХУКН, нөгөө талд нь Мао даргатай ХКН хоёр “үзэж тарав”. Оросууд “ревизионист” буюу “баруун” болж, Хятадууд “антиревизионист” буюу “зүүн” болж таарлаа.
Ревизионизм нь “дахин засварлах” гэсэн франц үгнээс гаралтай юм. Дээрээс нь “ашиг завшаан хайгч”, “зарчимгүй” гэсэн утгатай францын “оппортунизм” гэсэн үгээр тэд бие биенээ дайрах болов. Эдгээр нэр томъёо монголд л мартагдсан болохоос, шинжлэх ухаанд одоо ч гэсэн идэвхитэй хэрэглэдэг юм.
Одоогийн эдийн засгийн толиудад “оппортунизм бол хууран мэхлэх замаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явдал бөгөөд энэ нь залилах, хулгайлах, луйвардах зэрэг ил хэлбэрээс гадна идэвхитэй болон идэвхигүй маш нарийн далд хэлбэртэй, “улигт хуучин” байдлаар илэрдэг” хэмээн тодорхойлдог юм.
Харин “ревизионизм” гэдгийг германы нэрт социал-демократ Э.Бернштейн анх гаргасан бөгөөд одоо бол тунхагласан зарчим, үзэл баримтлалаа байн байн өөрчлөх, шинэчлэх, засварлах агуулгыг илэрхийлдэг болсон. Жинхнээсээ “зүүн төв”-ийн хүн шүү дээ…
Одоо ч манайд байнга “оппортунизмдах”, “ревизионизмдэх” хоёроос өөр юм огт алга. “Шинэчлэл”-ээ францаар нь хэлээд сурчихвал бас л “шинэ” юм ш дээ…

Үүнээс болж Европ болон Латин америкийн коммунист намууд Орос, Хятад хоёрыг дагалдан хоёр хуваагдав. Ухаандаа Монгол Оросыгоо дагаж, харин манайхаас бүр жижигхэн Энвер Хожагийн Албани Хятадыг дагах жишээний.
Харин 1960-1970-аад онуудад маоизм Барууны (АНУ, баруун Европ) нийгмийн “зүүн” сэхээтнүүдийн дунд ихээхэн нэр хүндтэй болж байсан юм билээ.
Ингээд 1960-аад он гэхэд баруун Европ, АНУ-д “хуучин зүүн”-ийг үгүйсгэсэн “шинэ зүүн” гарч иржээ. Тэд “хэрэглээний нийгмийн” ёс суртахуунгүй байдал, нийтийн соёлын хувь хүнд хөнөөлт шинж, бие хүнийг нэг хэвийн болгож буйн эсрэг “шууд ардчилал”, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, үл аялдах буюу нонконформизмийг сөргүүлэн тавьж тэмцэх болсон юм.
“Хуучин зүүн”-ий нийгмийн бааз нь пролетари, тариачид байсан бол “шинэ зүүн” нь “үйлдвэржсэний дараах нийгэм”-ийн шинэ хэв маягийн хөдөлмөрчдөд тулгуурлах болов. Энд зарчмын ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байгааг бид харж байна.
“Баруун зүүн” гэж хатуу хуваах нь үлэмж хоцрогдож, утгагүй болсон гэдэг хөдөлбөргүй үндэслэл орчин үеийн социологи, политологи, нам судлал, нийгмийн сэтгэл зүйн сурах бичгүүдэд ороод лавтайяа 50 гаруй жил болж байна…
Ухаандаа Израйльд гэхэд л палестинчуудад “буулт” хийдэг хэсгээ “зүүн” гэж нэрлэдэг. Ер нь бол “баруун зүүн” хоёр 200-аад жилийн дотор олон удаа салж, нийлж, өрсөлдөж, дотроо ахин “баруун зүүн” болон хөгжсөөр яваад одоо бол үүний учрыг олдог хүн гэж бараг байхгүй болсон. Байхгүй ч гэж дээ, үзэл санааны хайгуул ид явагдаж байна. Харин яг баруун (АНУ, баруун Европ) болон зүүний постсоциалист орнуудын “зүүн баруун” ихээхэн ялгаатай.
Хөгжлийн явцад “баруун зүүн” нь улс төр-соёлын болон эдийн засгийн гэсэн хоёр том хэсэгт хуваагдах болсон байна. Хялбарчлан өгүүлбэл, улс төрийн хувьд “баруун” нөхөр, эдийн засгийн хувьд “зүүн” байх, эсвэл үүний урвуугаар байх нийгмийн нөхцөл бий болоод бас л хагас зуу гаруй жил болж байна.
Жинхэнэ зүүн төв
Зүүн төв гэсэн ойлголт “барууны” нийгмийг “зүүнжүүлэх”, мөн ардчилсан аргаар хэт дайсагналыг зөөлрүүлэх, аль алинаас нь нэгдмэл үнэт зүйлс гаргах үзэл санаа маягаар 1960-70-аад оны заагаар үүссэн юм билээ. Ингээд 1990-ээд онд социалист систем нурмагц цөөн хэдхэн нам өөрийгөө ингэж нэрлэсэн боловч манайхан шиг дэлхийгээр нэг орилоод явсан нь ганц ч байхгүй. Мөн нэг их “гийгүүлчихсэн” нам огт байхгүй. Зүгээр л улс төрийн “моод” л байхгүй юу даа…
“Зүүн”-ээ баримтална, гэхдээ “хуучин” шигээ “хэт хатуу” биш, ер нь бол төвч, голч байна гэсэн утга юм уу даа. Маш бүдүүн тоймоор дүгнэвэл “баруун” нь “зүүнжиж”, “зүүн” нь “баруунжсан” хачин зөрчилт, бас зохиролт үйл явц болно.
Миний ойлгож байгаагаар жинхэнэ зүүн төв бол Хятад Улс болно. Тэнд зөвхөн социализм л ярина. Гэхдээ “хятадын онцлогтой” гэсэн ганцхан тодотгол нэмнэ. Энэ нь илт үндэсний шинжийг агуулна. Манайхаар бол “үндэсний ардчилсан” болчихож байгаа юм. 1950-1970-аад онд явуулж байсан “хэт зүүн”-ий бодлогыг тэд бараг мартсан. Эдийн засгийн хувьд нээлттэй либерал бодлого явуулж байгаа. Манайхан “хэт нээлттэй”-гээрээ тэднээс хамаагүй “илүү”. Харин улс төрийн хүрээнд бол маш хатуу гараар атгадаг ганц ХКН захирна. Манайхаар бол “Хамтарсан Засгийн Газар” хэмээх ганц намтай адилхан болчихож байгаа юм. Энэ бүгд нийлээд ирэхээрээ ёстой жинхнээсээ “зүүн төв” болно…
Манай “стратегичид” жигтэйхэн таашаахыг бодоход тэд маань “оршин буй бүхэн зохистой” гэсэн Георг Вильгельм Фридрих Гегелийн гүн ухааны үндэслэлийг “харгалзсан” бололтой.
“Баруун зүүн” бол ердөө л “изм-ийн өмнөх тодотгол бөгөөд чингэхдээ олон “изм”-ийн харилцан нөлөөлөл, байрлал (позици) болон тэдгээрийн хоорондын талбай дунд үүсдэг.
Ингэхлээр “баруун зүүн” яривал аль “изм”-ийн гэдгээ заавал тодотгох ёстой. Ухаандаа зүүн капиталист, зүүн лейборист, зүүн радикал, зүүн либерал, зүүн социалист, зүүн төв, зүүн төвчүүдийн, зүүн экстремист гээд үй олон “зүүн” байна. Энд зүүн төв, зүүн төвчүүдийн гэдгийг “эндүүрээгүй” гэдгээ онцлон дурдаж байна.
Одоо “зүг чиг”-ээ эрхбиш багцаалах болсон байлгүй. Ингээд Та нарт энхбаяризмын үлдээсэн системийн задралыг гэтлэн давах арга замаа ил тод хэлэх л үлдэж байна даа…
Чадахгүй бол Та нар “улс төрийн бисексуалист” болох нь гарцаагүй…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to УЛС ТӨРИЙН БИСЕКСУАЛИЗМ…

  1. Цолмон says:

    Мөн сайхан энгийн нийтэд ойлгомжтой байдлаар заасан хичээл байна.Энхбаярыг ТВ -ээр ТӨРӨЛ АРИЛЖСАН шинжтэй ярьж суухыг нь харахаар үнэхээр ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН гэдэг нь харагдах юм.

  2. hatr says:

    Монголд “зүүн гарын улс” гэж байсан, газар зүйн ойлголтоор яалт ч үгүй “баруун” талд байдаг. Үүний учрыг мэдэх үү ?!
    Уншаад үүний учрыг ойлгоогүй л үлдлээ яагаад зүүн гарын улс гэдэг байсан юм бэ?

  3. Пүрэвдагва says:

    Монгол улсын баруун хязгаарт байрлах Зүүн гарын улс нь дотороо 4н овогоос бүрддэг бөгөөд энэ 4 овгийн Цорос хэмээх зүүн гар талд нутагладаг аймаг тус улсыг үндэслэсэн болохоор тэр…Өөрөөр хэлбэл нэрээ өгөхдөө төв халх нүдээр биш Ойрад нүдээр харж өгсөн юм шиг байгаа юм

  4. BASKA says:

    бисексуалист gej hos huisten gesen ug uu?

  5. Anonymous says:

    Ertei ch emtei ch xuritsdag gesen yg

  6. болдоо says:

    Тэд баруун зүүн ээ нэг юм гадарлаж байгаа байх, харин энэ онол гээч нь нэг нөхөрийн бүлэглэл ингэж үздэг нөгөө нэг хүн эсвэл бүлэглэл өөрөөр үздэг гэх мэт холион бантан угаасаа байдаг учраас тийм юм. Хурал даргалагчдын баруун зүүн гараар баримжаалдаг үзэл баримтлал ч дээ Ийм юмыг шинжлэх ухаанууд гэж муйхарлаад байгаа юм аа Тэд уран зохиолын орчуулагч, сэтгүүлч, эдийн засагчид, хуульчид байна ш дээ хаана нь жинхэнэ шинжлэх ухааны төлөөлөгчид байна харахгүй л байна шүү ийм болохоор аргагүй ш дээ хэргийн гол нь нэрэндээ огт биш байх бүүр хэрэггүй ч байж мэдэхээр байна

  7. gankhuyag says:

    Чи битгий “саад” болоод бай. “Онолын хүн” ямар ч нөхцөлд үгээ хэлдэг ёстой. Уулзаж байгаад яръя…

  8. Аз жаргал гэж юу гэ гэдгийг хэрхэн тодорхойлохоос хамааран аз жаргалын түлхүүрийг шашин бүр өөр, өөр өнцгөөс тайлбарлана. Исус, Мухаммед, Будда эсвэл Күнз гэдэг нь улс төрийн бренд бүтээгдэхүүний нэр юм. Аз жаргалд хүрэх өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий мөрийн хөтөлбөрүүдтэй. Баруун, зүүн, төв, дундад үзэл гэх мэт. Туйлын зорилго нь ижил тул монголчууд бүх шашинд хүндэтгэлтэй эрх тэгшээр хандан, өөртэйгөө адилтган төрийн аливаа дарамт шахалт, татвараас сүм хийдүүдийг чөлөөлж байжээ.

    Дэлхийн улс төрийн зах зээл дээр монголчуудын шаргуу зүтгэлээр гаргаж тавьсан улс төрийн цоо шинэ бренд бүтээгдэхүүний нэр бол Далай Хаан Чингис билээ. Энэхүү брендийн бусдаас ялгарах гол онцлог хийгээд давуу талууд нь юу байв?

  9. Anonymous says:

    манайд аль нь ч тэр үзэл онол гэх юм байхгүй бөгөөд үүнээс үүдээд итгэл үнэмшил гэдэг ойлголт байхгүй итшэл үнэмшил байхгүй учир сэтгэл зүрх бас байхгүй.Дүгнэлт-нэгэнт сэтгэл байхгүй юм чинь улс орон ард түмний төлөө бодит ажил хийхгүй.Баталгаа нь Монгол шиг баян хирнээ оюуны хувьд ч материаллаг байдлын хувьд ч ядуу буюу тулгар-ядуу үндэстэн улс орон энэ хорвоод үгүй .Энэ нь үндэстэн мөхөж эхэлж байгаагийн дохио.Эрх баригч намууд нь 4 жилд нэг удаа ард түмнээ түрээслэх болсон нь тэдэнд улс орноо өөд нь татах боломжийг үгүй болгодог.

  10. Anonymous says:

    Үүнээс гарах арга зам нь үндэсний хуьвсгал хийх л асуудал үлдсэн өөр гарц байхгүй

  11. Anonymous says:

    Naad huvishal gedeg ugee bodoj heregleerei dee. Az jargal hugjil devshild hurehed ali negen zamaar yavah n jam bui zaa. Tiim zam n say jivaa bui. Ter say jivaa zamiin alihan talaar n yavahaas izm geech n todroh buyu. Yamarchig atugai hoid zugiin hor mongolchuud mangaduudiin molhi hargis nomoor doloon arvan jil yavaad muhardsan. Odoo jiiben riiben guulinguudiin yavj bui zamiig dagan bederch baigaa bus uu?!
    Yu ch atugai zuugeer bas baruugaar yavah l baih daa. Gagtshuu herhehiig tumen olonii mergen melmii medtugei.

  12. gankhuyag says:

    Одоо үед “зам”-аас “изм” гардаг болсон юм биз дээ. Энэ ч харин дэлхийд анхны “дүгнэлт” байх шүү…

  13. Arslan says:

    Gaihaltai bichjee. Odoo mongol ulsyn turiin bodlogo baruun uzeltei baih uu esvel zuun uzeltei baih uu gedeg bol utgagui bolson.Uchir ni ene 2 nam neg hunjild orood odoo ur sad ni garah gej bna. Odoo mongol turiin har hairzagny bodlogo bol bid yaaj 2 hurshduu uuschihgui, ezlegdchihgui baih ve gedeg l asuudal baih yostoi.Luu Baavgai 2 bol bidnii munhiin hursh bas munhiin daisan baival Mongol uls orshin togtnoj chadna. Ali negiig ni het dagah ni tun ayultai. USA manai 3 dagch hursh gedeg bol Elbegdorj-n l ulger.

  14. Arslan says:

    Unuudriin mongolchuudyn tarhi hoosorch erh barij bui namynh darga nar ch baruun zuunee medhee bolison uyed jiriin irged yaaj oroi heden huuheddee umh mahtai haluun hool uguh, shunuduu hulduud uhchilgui dulaan transhei oloh, dun uvlin huitend dan bureestei gerteigee hulduhguin tuld mashiny elegdesn duguig haanaas 500 (ungursun… uvul iim hanshtai bsan…. Ene jil nemegdej l taarna) tugruguur oloh, chadval nuurs achsan vagony deer yavdal dund ni garch hoinoos guij yavaa huuheddee shidej uguud yavuut dund ni userch buuh, mungu oldohgui bol negent l nuhur zuvshuursun tul hugshin ch hamaagui huur amaa budaad biye uneleheer UB hotel-n urd saadand zogsoh, iim bolomjgui bol ur huuhedteigee niilj bgaad ch hulgai hiih, buur archaagui ni Ulaan chuluut geh met eldev hog-n zeg deer hogon dundaas oromj bosgood hogon dundaas olson yasaaraa shul hiigeed hogoo shataagad ganz shuniig davah ve gedeg ni ulam l olon hund heviin uzegdel bolj bgaa ni unuugiin mongolyn bodit bdal yum. http://www.facebook.com/arslan1959

  15. e says:

    ер нь “зам мөр” гэдгийг “изм” гэвэл яасийн…

  16. мэндээ says:

    Манж хүн хойшоо манай улсруу хараад зогсохоор манай баруун тал зүүн гарт нь зүүн тал баруун гар талд нь байж л дээ.
    тэгээд л ертөнцийн зүгээр биш тэр үед хамгийн хүчтэй тэр цэгээс харагдсан хэлбэр байх.

  17. мэндээ says:

    Арслан ч яалтгүй зүүний хүн болж таарлаа.
    бичсэн сэтгэгдэлээс нь уншихаар тэгж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: