ДӨРВӨӨН НАМЫН ДУНДААС ХӨ…

Нэг мэдсэн чинь Монгол Улс эрх баригч “дөрвөн” намтай болж орхидог юм байна. Нэг талд нь жинхнээсээ засгийн эрх барьдаг МАН, Алтангадас хоёр байна. Нөгөө талд нь “сөрөг хүчин” МАХН, АН хоёр байна. Ингээд 2012 оны сонгууль угтсан стратегийн том тулалдаан өрнөл үедээ оров. Энэ тухай тухай цухас өгүүлсү…
“Шуурхай” шинэчлэл
Олон хүн МАХН-ын шинэчлэл Тэрэлжээс эхэлсэн гэж боддог. Нарийн яривал Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд дарга болгон “шинэчлэл” хийдэг моодтой. Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгээд “шинэчилж” амжаагүй юм. Харин Сү. Батболд намын дарга болсны дараа энэ оны 4 сарын 9-нд би ийм прогноз хийж байсан…
Одоо МАХН-ын шинэ дарга Сү.Батболд шууд хэлэхгүй ч гэсэн бас л “нийгмийн захиалгаар” намаа “шинэчилнэ” гэнэ, тэрийг нь дагаад “далдаганах юмнууд” МАХН-д мөн ч олон бий дээ…
Энэ бүхнийг “шинэчлэл”-ээс 5 сарын өмнө “МАХН-ын дуусдаггүй шинэчлэлүүд” өгүүлэлд дурдсан учраас одоохондоо нэмэх зүйл алга. МАХН-ын “шинэчлэл” нь: нэг, намын шинэ дарга шинэчлэл хийдэг адгийн “зуршил”, хоёр, “хуучнаасаа салж” цоо шинээр бие даах гэсэн оролдлого, гурав, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн зэрлэг, хайр найргүй болж дампуурсан зэргээс хамааралтай.
Ингээд биднийг энэ зунжингаа наадамдаж байх үед буюу 2010 оны 8 дугаар сарын 21-нд МАХН-ын удирдлагууд Тэрэлжид цуглаж ”Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” тунхаг гаргав. Халуун зунаар ийм балай юм уншиж суудаг монгол л гэж огт байхгүй. Ингээд 9 сарын 1 болж хүүхэд шуухдаа сургуульд соёлд нь оруулчихаад нэг хартал МАХН “шинэчлэгдэх” болчихсон байх аж. Ингээд “улс төржих” гэтэл намрын хурим, найр эхэлж таарав. Таарав ч гэж дээ, албаар тааруулж байгаа юм чинь.
9 сарын 16-нд “алдар цуут” МАСЗХ-ны Хурал болж нэрээ Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо болгон өөрчилсөн юм. Залуучууд дээрээ эхлэн “туршиж” байгаа нь тэр. Эмэгтэйчүүд ч бас адилхан. Хэд хэдэн “эрдэм шинжилгээний” хурал хийв. Асар богино хугацаанд цэргийн зохион байгуулалтаар ажиллаж, МАХН-ын Их хурлыг товлон зарлаж хуралдуулав. Үүний эсрэг иргэн Н.Энхбаяр “тэмцэж” эхлэв.
Монголчуудын толгой эргэсэн дээрээ улам эргэв. МАХН-аа дэмжих гэтэл тэрийг нь хоёр хуваачихав. АН-аа дэмжих гэтэл тэрийг нь хэдэн хэсэг хэрчив. Хамтарсан Засгийн Газрыг унагая гэхээр “хоёр” намаа сүйдэлчих гээд байдаг. Унагахгүй гэхээр эрх баригч “хоёр” нь илт дээрэм хийгээд байдаг.
Одоо жирийн иргэн байтугай УИХ-ын ихэнхи гишүүн ер нь юу гэгч болоод байгааг мэдэж ухаарахгүй давхиж явна. Цаашаа бол бүр ч ухаарахгүй нь лавтай.
Прогноз
Манайхан улс төрийн прогнозыг бараг л мэрэг төлөг, сэтгэлгээний фантаз гэж үздэг юм. Би лам, бөө, үзмэрч биш. Гэхдээ шинжлэх ухааны анализ гэж нэг юм байх, мөн тодорхой арга зүй, мэдээллийн цогц систем баймаажин үүнийг хийх. “Тэрэлжийн тунхаг” “жүжгийн” эхний үзэгдэл эхэлмэгц 9 дүгээр сарын 30-нд би дүгнэлтээ хийсэн…
Алив намын нэрийг солих нь манай нөхцөлд туйлын хүнд, бараг боломжгүй байдаг. Учир нь заавал эсэргүүцэл гарч “буурин дээрээ үлдэх” хүмүүс гарцаагүй гардаг жамтай. Хоёр, тэр ч бүү хэл гурав болж задрах аюул ямагт байдаг. Тэгээд ийм ноцтой “аюул”-ыг МАХН-ын удирдлага огт “мэдээгүй” хэрэг үү ? Сонгууль дөхөж, ашигт малтмалын асар их баялаг “хуваах” эрх мэдлийн төлөө улс төрийн тэмцэл хамгийн хурц үедээ орж байхад нам, нийгмээ заавал ингэж “үймүүлэх” шаардлага байсан уу ? Би бол огт үгүй гэж дүгнэж байна… Н.Энхбаярыг “албаар” тэмцэгч болгочихвол олон нийтэд сонголтын хувилбар “үлдэхгүй” гэдгийг тун нарийн тооцоолж…
Энэ дүгнэлт “Монгол аксиом хийгээд том стратеги” өгүүлэлд буй. Харин энэ улс төрийн “шинэчлэл” жүжиг” бол бидний үндэстний болон хойч үеийн амьдрал, хувь заяатай холбоотой учраас улс төрийн анализ, прогноз заавал хийдэг жамтай. Яагаад хийдэг гэхээр улс төрийн үйл явцын өрнөлийг залах, хүмүүст ухаалаг, зөв сонголт хийхэд нь туслах зорилготой…
Үр дүн -“хэрүүл”
МАХН ардчилсан социалист байсан, одоо МАН нийгмийн ардчилал, энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй улам л утгагүй болсон. МАХН зүүн төв байсан, одоо МАН зүүн төв. МАХН үндэсний ардчилсан үзэлтэй байсан одоо МАН үндэсний ардчилсан. МАХН Социнтерний гишүүн байсан, одоо МАН хуралд нь оролцоод ирсэн. Үүнийг МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл гэж тайлбарлав.
Ийм утгагүй “шинэчлэл” хийснээрээ МАН улс төрийн “бисексуалист” болов. Ийм өгүүллийг хэдхэн хоногийн өмнө бичсэн юмсан. Энэ нь улс төрийн хэд хэдэн зальт аргаас тогтож байгаа юм. Түүх, үзэл санаа, зохион байгуулалт болон олон улсын түвшинд сайн сайхан хийгээд муу муухайгаа МАХН, МАН-ны хооронд шилжүүлэх аргаар маневрлах өргөн боломжтой болж байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Дондог “Улсын дээд шүүхэд МАН болсноо бүртгүүлсэн. Ганц Х үсэг л өөрчлөгдсөн. Бусад нь хэвээрээ” гэж мэдэгдэв.
Энэнээс илүү “ойлгомжтой” дүгнэнэ гэж л лав байхгүй. Бөөн хэрүүл л тарилаа даг. Гэхдээ л “хийгээд байгаа” болохоор цаана нь “том тооцоо” байх нь мэдээж хэрэг…
Жижгүүдийн зовлон -“бинго”
Олон нийт 4 намын хэрүүл дунд орж байна. Олон нийт ч юу байхав, маниасаа бараг ялгарахгүй нөхдүүд төр засагт зөндөө олон байгаа. Ийм мангуунуудад “аль нь ялахыг харах” ганцхан арга байдаг юм. Үүнийг “мэдэж” болохгүй нь даанч нэг гачлантай. Ингээд “зовж үхэх” дөхөөд ирэхээрээ “бингодож” өгнө дөө. Жишээлбэл:
Сү.Батболд гол гол бизнес бүлгийг “атгачихаж”. Цаанаас нь С.Баяр “аймаар нөлөөлж байна”. М.Энхболдын хотын бүлэглэлийг “хэн ч дийлэхгүй”. У.Хүрэлсүх бүх залуучуудаа аваад дайрвал “алаад хаяна”. Н.Энхбаярынх “аймаар босч байна” ш дээ гэхчлэн. АН-ын дотор бол Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Л.Гантөмөр, З.Энхболд гэхчлэн “бинго” бол тасрахгүй. “ГЭНЭЛЭЭ” гэж байгаад л “авч өгнө” шүү дээ…
Энэ “амин чухал” асуултдаа хариулт олох гэж дээд эрэмбийн улс төрчдийг “тандана”. Голлох бүх улстөрчдөд “морь нохой мэт зүтгэнэ” гэж “тангараглана”. Ямар үзээгүй юм биш, ялбал гүйгээд л ирнэ, ялагдвал хаяад л явна. Ёстой “амархан” ш дээ. Энэ нь голлох улс төрчдөд “том” дэмжлэгтэйгээ “нотлох” сайхан боломж олгох боловч ялагдвал “армигүй жанжин” болж хаягдах ноцтой аюул буй. Н.Энхбаярыг харахгүй юу…
“Мод хөрөөдөхөд үртэс гардаг” зүй тогтлоор дээр дурдсаныг мэдээгүй, мэддэггүй, нам, фракцынхаа “төлөө” энд тэндгүй давхидаг “торгуулийн салаа” гэж байна. Тэд нар л телевиз, сонин хэвлэл энэ тэрээр гарна шүү дээ. Эд бол ядахдаа эрсдэл хийж, бооцоогоо тавьчихсан “арай зоригтой”. Гэхдээ шатвал “хиншүү хярвас” л үлддэг юм.
Уг нь бол энэ ажлыг мэргэжлийн аналитикууд, судалгааны байгууллагууд хийдэг юм. Манайхан бол энд тэндэхийн бар, ресторан, зочид буудал, амралтын газруудаар давхиад л “судалгаагаа” хийчихдэг юм. Ингээд бүгдээрээ бие биенээ “тагнуул” гэдгийг мэддэг учраас яаж ч чаддаггүй бөгөөд хийж чаддаг ажил нь цуурхал тараах, хов хөөцөлдөх, хутган үймүүлэх явдал бөлгөө. Үүний дээрээс Нийтийн Мэдээллийн Хэрэгслүүд нэмэгдээд ирэхээр ёстой дүүрч байгаа нь тэр. Сануулж хэлэхэд бингогоор ч амжилт олох нь юу л бол…
Томчуудын зовлон -“ялах арга”
Худал хэлээд, хулхидаад, ярьдаг юм нь “дуусчихсан” болохоор үүн шиг “зовлонтой” юм байхгүй. Нөгөө талаас нам доторхи болон гаднах өрсөлдөөн гэж нэг лай байна.
Томчууд ч гэсэн бүлэглэлд хуваагддаг, гэхдээ бие биенээ хордуулсаар байгаад одоо “хордож үхдэг” улс төрч гэж байхгүй шахам. “Монгол дүрмээр” бол зүгээр ялагдана гэж гонжгор нь, ядахдаа хорлож байгаад “үхдэг” хатуу “зарчимтай”…
Эрхбиш мөнгөтэй болохоороо энд тэнд нэвтрүүлэгт орно, ярина, “тоо бодно”, “юм бичнэ”. Гэхдээ хүмүүсийг хөлсөөр ажиллуулна. Энэ нь ч нэг их бүтэлтэй юм болохгүй…
Учир нь монголын нийгмийн талаарх суурь судалгаа хэнд нь ч байхгүй. Тэнэг амьтан л манай яамдын статистик зэрэгт үнэмшдэг байх. Ямар сайндаа л бэлэн мөнгө тараах хамгийн хорлогчинтой хувилбарыг сонгож байхав.
Гэхдээ энэ бүх үйл явцыг мэдэж, залж байдаг дээд эрэмбийн томчууд гэж буй. Эдэнд ч гэсэн ихээхэн “зовлон” тулгардаг ба үүний үндсэн шалтгаан нь “бингочдын” дороос өгч буй мэдээлэл, судалгаа болно. Нэгэнт мэдээлэл “буруу” тохиолдолд буруу шийдвэр гарах нь зүйн хэрэг. Энд ч гэсэн суурь судалгаанд үндэслэсэн системийн анализ хэрэгтэй байдаг, харин үүнийг мэддэг хүн томчуудын дунд тоотой цөөхөн…
Хоёр хоёрын хоёр
МАН-ын удирдлагууд 2012-2013 оны сонгуульд гарцаагүй ялахад чиглэсэн 3-аас цааш жилийн алслалттай том стратеги эхлүүлээд байна. Энэ стратегийн дагуу АН “шинэчлэгдэх” оролдого хийв. Үүнийг нь эрх баригч “Хамтарсан Засгийн Газар нам” таслан зогсоов…
Ингээд дээр дурдсан 4 намтай болчихож байгаа юм. Бусад “жижиг” намуудыг одоогоор тооцоогүй байна. Уг нь энд “их олон юм” болж магадгүй л байх…
Өрсөлдөөн хэт ширүүсч байна. Иймээс Засгийн Газар унах нь унана. Яг унах ч биш юм аа. “Сална” гэх үү дээ. Хурдан бол хавар, удаан бол намар л хүргэнэ байх. Харин АН хаяад явах уу, МАХН хөөгөөд явуулах уу гэдгийг одоогоор мэдэх боломжгүй. Одоо яаж эвтэйхэн “салах”-аа бодож байгаа нь эргэлзээгүй. Энэ ч их аюултай л даа…

Бид л “мартчихсан” байгаа болохоос биш, энэ Засгийн Газар хууль бус юм. Байгуулсан цорын ганц шалтгаан нь “онцгой нөхцөл”, “стандарт бус байдал”. Одоо үүнийгээ арилгаж чадсан уу гэвэл би бол үгүй л гэнэ. Харин “засаг” бол маш олон гэрээ хэлэлцээр хийсэн гэж байгаа. Үүнийг “ажил хийж” л байвал хууль огт хамаагүй гэж “орчуулж” бүрэн болно.
Яагаад МАХН “шинэчлэгдсэн” байхад АН “болдоггүй” юм гэж үү ?! Учир нь хоёр, гурван том газраас ингээд “хөнжилдөө” байж бай гэж команд өгсөн юм. Хүчний хуваарилалт аль тал руугаа хэлбийхийг нь харж байгаа юм.
Монгол үржүүлэх хүрдээр “хоёр хоёрын хоёр” байдаг юм. 2012 он гэхэд, эсвэл нэлээд наана “хоёрхон” нам үлдэх нигууртай. Яагаад гэвэл орох байшин нь хоёрхон юм…
Энэ болтол хэчнээн олон хор найруулж, хэдэн хүн шоронд хатааж, хэдэн хүн золиослох гэж байгаа бол ?! Шалтаг бол тун олон: 7 сарын 1, Д.Энхбат-Л.Санжаасүрэн-Ц.Хурцын “хэргүүд”, банкны дээрэм, авилга, газрын наймаа, лиценз, Оюу Толгой, Таван Толгойн гэрээ гээд л юу эс мундахав…
Энэ тохиолдолд хатуу ширүүн өрсөлдөөн гарцаагүй үүсч, хаос хяналтаас гарах ноцтой аюул буй. Ингээд Монголчууд ардын дуугаа үндэслэн “Дөрвөөн намын дундаас хөө, Хорны өтгөн урсана аа хөө” гэж дуулаад байж дээ. Уг нь өөр олон арга байгаа л юмсан…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 12 дугаар сарын 9.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ДӨРВӨӨН НАМЫН ДУНДААС ХӨ…

  1. ajiglagch says:

    tegeed hen ni davj unadag yum bol doo huurxii.

  2. Доогии says:

    Хорыг хороор, хорлогчийг хорлогчоор

  3. С.Бат-Эрдэнэ says:

    Сахалтай хүүхдүүд тоглон наадаж байна даа хөө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: