Самюэл Хантингтон. ИРГЭНШЛИЙН МӨРГӨЛДӨӨН ХИЙГЭЭД ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМД ГАРСАН ХУВИРАЛТ

Эдүгээ дэлхий дахинаа болоод байгаа түгшүүрт олон үйл явдлыг ажиглахад Са́мюэл Фи́ллипс Ха́нтингтоны (1927-2008) иргэншлийн зөрчлийн онол өөрийн эрхгүй санаанд орох. Тэрбээр АНУ-ын Олон улсын харилцааны Төвийн захирал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дэх төлөвлөлтийн хэлтсийн зохицуулагч, Улс төрийн шинжлэх ухааны Америкийн холбооны Ерөнхийлөгч зэрэг стратегийн онолын голлох газруудад ажиллаж байсан дэлхийд алдартай эрхэм байсан билээ. Ном өгүүлэл нь олонтаа гарсан учраас түүнийг мэдэхгүй хүн Монголд цөөхөн буй за. Хантингтоны алдарт “Иргэншлүүдийн мөргөлдөөн” (1993) номын бүлгээс 2008 онд орчуулж блогтоо тавиад 3 жил болж байна. Гэхдээ чамгүй хугацаа өнгөрсөн болохоор хүмүүс хайн олж унших нь багасаад байгаа учир ахин толилуулж байна. Чингэхдээ тухайн үед “соёл иргэншил” гэдэг байсныг эдүгээ нэгэнт тогтсон “иргэншил” гэсэн нэр томъёогоор сольж, ганц нэг зураг нэмсэн өчүүхэн өөрчлөлт хийлээ. Та эндээс онолын сэтгэлгээ, шинжлэх ухааны таамаглал гээч ямар гайхамшиг байдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Та бид ч гэсэн заавал ийм өндөр түвшинд сэтгэж үйлдэх ёстой гэдгийг онцлон дурдаж байна. Манай Монголд ч гэсэн ийм онол байж, байлгаж болно гэдэгт миний хувьд эргэлзэх зүйл огт алга…
“Хүйтэн дайн” дараа бүрдсэн ертөнцөд даяар бодлого нь түүхэнд анх удаагаа олон туйлт шинжтэй болж, үүнийхээ зэрэгцээ олон иргэншлийн харилцамжийг харгалзах болов. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид иргэншлүүдийн хоорондын шүргэлцэл хэрэв байсан бол хааяа тохиолдох шинж чанартай байжээ. Өнөөгийн эрин үеийн эхлэлээс авахуулан ( ойролцоогоор Христын тооллын 1500 жил ) даяар бодлого нь хоёр хэмжигдэхүүнд оршин байжээ. Дөрвөн зуу илүү жилийн турш Англи, Франц, Испани, Австри, Прусс, Герман, Америкийн Нэгдсэн Улс зэрэг барууны үндэстний улсууд бие биентэйгээ харилцаж, нэг нь нөгөөгөө нөхөж, өөр хоорондоо байлдан байж барууны иргэншлийн хүрээнд олон туйлт олон улсын системийг бүрдүүлж иржээ. Yүний хамт барууны үндэстнүүд түрэмгийлэл үйлдэх, колонийн дайн явуулах болон бусад аргуудаар үлдэх бүхий л иргэншилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. “Хүйтэн дайны” явцад даяар бодлогын хоёр туйл бий болж, дэлхий ертөнц гурван хэсэгт хуваагдав. Америкийн Нэгдсэн Улсын тэргүүлсэн хамгийн баян, ардчилсан нийгмийн бүлэг Зөвлөлт Холбоот Улсыг тойрон бүлэглэсэн арай ядуу коммунист дэглэмтэй үзэл суртал, улс төр, заримдаа цэргийн шинжтэй өрсөлдөөнд газар сайгүй оров. Энэхүү зөрчил нь голдуу нэн ядуу, улс төрийн хувьд тогтворгүй, саяхан тусгаар тогтнолоо олж авсан, улс төрийн хувьд үл нэгдэхээ зарласан орнуудаас бүрдсэн “гурав дахь ертөнцийн” орон зайд ихээхэн хөгжиж байв.
1980 – аад оны сүүлчээр коммунист ертөнц нурснаар “хүйтэн дайны” үеийн олон улсын систем түүхийн явдал боллоо. Шинэ ертөнцөд хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа нь үзэл суртлын биш, улс төрийн биш, эдийн засгийн биш, харин соёлын шинж чанартай байх болов. Хүмүүс болон үндэстнүүд хүн төрөлхтний өмнө тавигдаж болох бүх асуултын дотроос хамгийн чухал нь болох бид хэн бэ ? гэдэг асуултад хариулахыг оролдох болов. Гэхдээ тооцооллын цэг нь хүнд хамгийн дөт зүйл байгаа үед үүнд өгөх хариултыг хайх нь тодорхойгүй, уламжлалт замаар л явдаг аж. Хүмүүс өөрсдийнхөө өвөг дээдэс, шашин, хэл, үнэт зүйлс, ёс заншил, институтынхээ түүхээс улам бүр хөндийрөн өөрийгөө тодорхойлсоор байна. Тэд өөрсдийгөө овог аймаг, угсаатны бүлэг, шашны нийтлэг, үндэстэн зэрэг соёлын нийтлэгүүд буюу хамгийн өргөн утгаар иргэншилтэй адилтгахыг эрмэлзэж байна. Хүмүүс улс төрийн хэрэгслийг зөвхөн ашиг сонирхлоо хамгаалахад төдийгүй, өөрийнхөө “БИ- г тодорхойлоход ашигладаг байна. Бид ер нь хэн бэ ? гэсэн энэхүү асуултад бид хэн биш вэ гэдгийгээ бид сайтар мэдэж байгаа тохиолдолд, заримдаа бид хэний эсрэг явж байгаагаа тодорхой мэдсэн тохиолдолд л хариулж болдог байна.
Дэлхийн бодлогод үндсэн гол тоглогч нь урдын адил үндэстэн улсууд байна. Тэдний үйлдэл хуучны нэгэн адилаар эрх мэдэл, эд баялаг хөөцөлдөхийн сацуугаар тэднийг ойртуулах буюу эсрэгээр нь задрааж байдаг соёлын давуу байдлаар тодорхойлогдож байна. Улсуудын үндсэн бүлэглэл ахиад “ хүйтэн дайны” эрин үеийнх шиг гурван бүлэгт багтахаа байж, одоо бол дэлхийн долоо – найман үндсэн иргэншлийн тухай ярих болж байна.

Хантингтоны концепцийн дагуу хийсэн иргэншлүүдийн угсаатан-соёлын хуваагдлын зураг. Энд гүн хөх нь барууны соёл, ягаан нь латин америкийн соёл, тод улаан нь японы соёл, улаан хүрэн нь хятадын соёл, ягаан нь энэтхэгийн соёл, ногоон нь исламын соёл, цайвар цэнхэр нь үнэн алдартны соёл, хүрэн нь африкийн соёл болно. Харин манайхыг шараар тэмдэглэсэн боловч сурвалжид үүнийг тайлбарлаагүй байгааг анзааран судлах ёстой байх…
Баруунаас чанадад, ялангуяа Зүүн Азийн улс орнууд эд баялгаа арвитгаснаар цэргийн хүч чадал, улс төрийн нөлөөгөө ихэсгэх үндсийг тавьж байна. Хүчин чадал, өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэнээр тэд баруунаас “тулган хүлээлгэсэн” зүйлсийг үгүйсгэж, өөрийнхөө соёлын үнэт зүйлсийг улам их баталгаажуулж байна. Генри Кессенжер: “XXI зуунд олон улсын систем нь наад зах нь Америкийн Нэгдсэн Улс, Европ, Хятад, Япон, Орос, болон бас Энэтхэг ч орж болох зургаан үндсэн гүрэн, түүнчлэн жижиг, дунд хэмжээний олон улсыг багтаах болно” гэж хэлсэн байдаг. Киссенжерийн ярьсан зургаан үндсэн гүрэн нь бие биеэсээ эрс ялгаатай таван иргэншилд хамаарагддаг ба тэдгээртэй зэрэгцэн стратегийн байрлал, олон хүн ам, мөн нефтийн нөөц зэргээрээ дэлхийн бодлогод жинтэй үгээ хэлэх боломжтой нөлөө бүхий исламын улсууд оршдог. Энэхүү шинэ ертөнцөд бүс нутгийн бодлого нь угсаатны харилцааны түвшинд, даяар бодлого нь иргэншлүүдийн хоорондын харилцааны түвшинд хэрэгжиж байна. Хэт их гүрнүүдийн сөргөлдөөн нь иргэншлийн сөргөлдөөнд байраа тавьж өгч байна.
Энэхүү шинэ ертөнцөд хамгийн өргөн, ноцтой, аюултай зөрчил нь социал ангиудын хооронд биш, баян ядуугийн хооронд биш, өөр ямар нэг эдийн засгийн тодорхой бүлгийн хооронд биш, харин янз бүрийн соёлд хамаарагдах ард түмнүүдийн хооронд дүрэлзэх болно. Овог хоорондын дайн, угсаатны мөргөлдөөн нь иргэншлийн хүрээнээс халин гарах бөгөөд гэхдээ янз бүрийн иргэншилд хамаарах улсууд болон бүлгүүдийн өөр хоорондоо үйлдэх хүчирхийлэл нь эдгээр улсууд болон бүлгүүд “ах дүү орнуудаасаа” дэмжлэг авахын хэрээр асар их шатлан өргөжнө. Сомали дахь янз бүрийн кланы цуст мөргөлдөөн нь илүү өргөн зөрчил болон өсөх аюул байхгүй юм. Руанди дахь овог хоорондын алалцаан нь сайндаа л Уганда, Заир, Бурундид л нөлөөлнө. Харин Босни, Кавказ, Төв ази, юмуу Кашимир дахь харгис мөргөлдөөн нь илүү томоохон дайн болон өргөжиж болно. Югослав дахь зөрчлийн явцад Оросууд сербүүддээ дипломат дэмжлэг үзүүлж байхад Саудын Араб, Турк, Иран, Ливи зэрэг улсууд Босничуудад мөнгө, зэр зэвсгээр тусалдаг бөгөөд иймэрхүү үйлдлийн үндэс нь үзэл суртал ч биш, хүчний улс төрч биш, эдийн засгийн ашиг сонирхол ч биш, харин соёлын хамааслын хүчин зүйлс болж байна. Вацлав Гавел: “Соёлын зөрчил нь үржсээр одоо түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн аюултай болоод байна” гэж тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн Жак Делор:“Ирээдүйн зөрчил нь эдийн засаг, үзэл суртлын биш, харин соёлын хүчин зүйлсээс үүднэ” гэж хэлжээ. Соёлын шинж чанар бүхий аюултай зөрчлүүд нь иргэншлүүдийг ялгаж буй зааглах шугамын ( демаркаци хэмээхийг ийн орчуулав. Энэ нь шинжлэх ухаанд Хантингтоны оруулж ирсэн шинэ нэр томъёо болно. Д.Г. ) дагууд өрнөх болно.
“Хүйтэн дайн” дууссаны дараах ертөнцөд соёл нь нэгэн зэрэг задлагч болон нэгтгэгч хүчний үүргийг гүйцэтгэж байна. Янз бүрийн үзэл сурталтай боловч нэг соёлтой хүмүүс нэгдэж байна. Ийм үйл явц хоёр Германд болсон шиг хоёр Солонгос, хэд хэдэн Хятадад эхэлж байна. Yзэл суртал буюу түүхэн нөхцөлт байдлаар нэгдсэн боловч иргэншлээрээ зааглагдсан нийгмүүд эсвэл Зөвлөлт Холбоот Улс, Югослав, Босни шиг задарч, эсвэл Украйн, Нигери, Судан, Энэтхэг, Шри – Ланка зэрэг бусад олон улс шиг улам нэмэгдэх их хүчдэлийн нөхцөлд амьдарч байна. Соёлын нийтлэг үндэстэй улс орнууд эдийн засаг, улс төрийн салбарт өөр хоорондоо хамтран ажиллаж байна. Европын холбоо зэрэг соёлын хүрээнд нийтлэг зүйл олонтой улс орнуудаас бүрдсэн олон улсын байгууллагууд соёлын хүчин зүйлсийг үгүйсгэхийг оролдсон улсуудаас хавьгүй илүү амжилттай хөгжиж байна. 45 жилийн турш Европ дахь гол зааглах шугам нь төмөр хөшиг болж байсан юм. Одоо энэ шугам нь зүүн зүгт хэдэн мянган километр ахиад байна. Одоо гол хил баруун христианы ард түмнийг мусульман болон үнэн алдартны ард түмнээс зааглаж буй шугамаар огтлон гарч байна.
Янз бүрийн иргэншлүүд нь анхнаасаа гүн ухааны итгэл үнэмшил, суурь үнэт зүйлс, социал холбоо, ёс заншил, ер нь бол ертөнцийг үзэх үзлээрээ янз бүр байдаг юм. Соёлын энэхүү ялгаа нь дэлхийн олонхи бүс нутагт шашнууд сэргэн мандсаны үр дүнд гүнзгийрсээр байна. Соёлууд нь өөрчлөгддөг, янз бүрийн цаг хугацаанд тэдний улс төр, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинж чанар нь өөр өөр байдаг хэдий боловч улс төр, эдийн засгийн хөгжлийн хүрээн дэх иргэншлүүдийн суурь ялгаа байгаа нь маргаангүй, үүний уг үндэс нь бие биенээсээ эрс ялгаатай чухамхүү энэ давхраанд хамаарна.
Зүүн Азийн орнуудын эдийн засгийн амжилт нь энэхүү бүс нутгийн соёлтой холбоотой бөгөөд чухамхүү энэ соёлоор орон нутгийн нийгмүүд тогтвортой ардчилсан улс төрийн систем бий болгох гэж оролдохдоо тулгарсан бэрхшээлийг тайлбарлаж болно. Мусульманы ертөнцийн олонх оронд ардчилал яагаад ч бэхжиж чаддаггүйг мусульманы соёл олон талаар тайлбарлаж чадна. Дорнот Европын посткоммунист нийгмүүд, хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүгд найрамдах улсуудын хөгжил нь тэдний иргэншилд хэвшмэл буй өөрийн гэсэн ахуйгаар тайлбарлагдана. Баруун–христианы өв уламжлал бүхий улс орнууд эдийн засгийн дэвшил, улс төрийн ардчиллын замаар замнаж байна, үнэн алдарт улсуудын эдийн засаг, улс төрийн хөгжлийн хэтийн төлөв нь тодорхойгүй үлдэж, энэ салбар дахь мусульманы улсуудын хэтийн төлөв нэн өрөвдөлтэй болж байна.
Баруун нь хуучныхаа адил ойрын ирээдүйд хамгийн хүчирхэг иргэншил хэвээрээ үлдэнэ. Гэхдээ түүний хүчин чадал бусад иргэншлүүдтэй харьцуулахад багасч байна. Барууныхан өөрийн үнэт зүйлсийг бататгах, өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын хэрээр барууны биш нийгмүүд сонголтын өмнө тулгарсаар байна. Зарим нь барууны замаар замнах, тэдэнтэй нэгдэх буюу ядаж “наалдах”–ыг оролдож байна. Күнз болон ислам дэлгэрсэн бусад орнууд өөрийнхөө эдийн засаг, цэргийн хүчин чадлыг өргөтгөхийг эрмэлзэж, ингэснээрээ барууныг сөрөн “тэнцвэржихийг” хичээж байна. Иймээс “хүйтэн дайны” дараах үеийн улс төрийн бодлогын гол тэнхлэг нь Барууны хүчин чадал болон соёл Барууны биш хүчин чадал, соёлтой шүргэлцэж буй тэр газруудаар дайрч байна <… >.

Барууны түгээмэл шинж
Өнөөдөр төлөвшин буй ертөнцөд янз бүрийн иргэншлийг төлөөлсөн улсууд болон тэдгээрийн бүлгүүдийн хоорондын харилцаа нь дотно байж чадахгүй бөгөөд харин ч эсрэгээр голдуу антогонист шинж чанартай байдаг. Гэхдээ ийм үед тодорхой иргэншлийн хоорондын харилцаа нь зөрчилд арай бага хэмжээгээр өртдөг. Микро түвшинд бол хамгийн халуун цэгүүд нь ислам болон түүний хөршүүдийг үнэн алдарт, индуист, африкийн болон баруун–христианы уламжлал ялгаж буй зааглах шугамын дагууд оршдог. Макро түвшинд бол үндсэн хагарал нь Баруун болон “үлдэх бүх улсуудын” хооронд болох ба чингэхдээ хамгийн хурц зөрчил нь нэг талаас, мусульман болон азийн нийгмүүд, нөгөө талаас, Барууны хооронд гардаг. Аюул бүхий мөргөлдөөн барууны ихэрхэг зан, исламын тэвчээргүй зан, хятадын шургуу зан огтлолцсон үед үүсч болох юм.
Баруун нь иргэншлүүдийн дунд онцгой байр суурь эзэлж, тэдгээрт ноцтой бөгөөд үе үе эвдэн сүйтгэгч нөлөө үзүүлдэг. Барууны хүчин чадал, соёл болон бусад иргэншлийн хүчин чадал, соёлын хоорондын харилцан холбоо нь өнөөгийн ертөнцийн хамгийн гайхамшигтай шинж болж байна. Бусад иргэншлийн хүчин чадал харьцангуй хүчирхэгжихийн хэрээр барууны үнэт зүйлсийн анхаарал татах шинж багасч, барууны биш ард түмнүүд өөрийн язгуур соёлд улам бүр итгэж, татагдаж байна. Иймээс Баруун болон үлдэх ертөнцийн хоорондын харилцааны гол асуудал нь барууны түгээмэл соёлыг ахиулах гэсэн чармайлт (ялангуяа АНУ–ын) энэ салбарт бодитойгоор багасч буй боломжийн суурь дээр хийгдэж байгаад оршиж байна.
Барууны эрмэлзэл, түүний боломж хоёрын үл зохицлыг коммунизмын сүйрэл улам гүнзгийрүүлсэн бөгөөд энэ нь ардчилсан либерал үзэл суртал газар сайгүй ялж, улмаар түгээмэл үнэт зүйл боллоо гэсэн үзлийг бэхжүүлсэн юм. Өөртөө цаг ямагт миссионерийн үүрэг ногдуулдаг Баруун, ялангуяа Америкийн Нэгдсэн улс барууны биш ард түмнүүд ардчиллын үнэт зүйлсэд өөрсдөө ирж нийлэх ёстой, чөлөөт зах зээл, засгийн газрын хязгаарлагдмал эрх мэдэл, хүний эрх, бодьгалч үзэл буюу индивидуализм, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсийг өөрийнхөө институтуудэд хэрэгжүүлэх ёстой гэж итгэж байна. Yнэхээр ч бусад иргэншлийн тодорхой төлөөлөгчид (цөөнхийг бүрдүүлэгч) эдгээр үнэт зүйлсийг хүлээн авч, дэвшүүлж байгаа хэдий ч барууны биш соёлуудад эдгээрт хандах харилцаа нь өргөн хэмжээний үл итгэх үзлээс авахуулаад хүчтэйгээр дургүйцэх хүртэлх хоёр заагийн хаа нэгтэй байгаа юм. Баруунд түгээмэл зүйл гэж санагдах тэр зүйлийг бусад нь империализм гэж хүлээн авах бөлгөө. Баруун өөрийнхөө тэргүүлэх байр суурийг хадгалах, өөрийн гэсэн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийгээ “дэлхийн хамтын нийгэмлэгийн” ашиг сонирхол мэтээр тодорхойлохыг оролдож байна, цаашид ч оролдох болно. “Дэлхийн хамтын нийгэмлэг” гэсэн энэ үг нь нэгэн төрлийн хамтын амны уншлаг болж хувирсан бөгөөд (“чөлөөт ертөнц” гэсэн илэрхийллийн оронд) түүний зорилго нь Америкийн Нэгдсэн Улс болон барууны бусад гүрнүүдийн ашиг сонирхлыг хамгаалах тэрхүү үйл ажиллагааны даяар хууль ёсны шинжийг хангахад оршино. Жишээлбэл Баруун өөрөө тэргүүлэх байр суурь эзэлж буй даяар эдийн засгийн системд барууны биш нийгмүүдийн эдийн засгийг нийцүүлэхийг оролдож байна. Олон Улсын Валютын сан болон олон улсын эдийн засгийн бусад институтын тусламжтайгаар Баруун өөрийн аж ахуйн ашиг сонирхлоо дэвшүүлж, бусад үндэстэнд өөрийнхөө хэрэгтэй гэж үзсэн эдийн засгийн бодлогыг тулган хүлээлгэж байна. Гэхдээ харин барууны биш орнуудад олон нийтийн санал бодлын асуулга явуулах ахул Олон Улсын Валютын Сан сангийн яамдын сайд нар болон өөр цөөн хэдэн хүний дэмжлэг авах бөгөөд хүн амын дийлэнхи олонхийн нүдэн дээр тэдний рейтинг хамгийн доогуур байх нь ямар ч эргэлзээгүй юм. Ийнхүү эдгээр олонхи нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчдийг тодорхойлж Георгий Арбатовын хэлсэн: “тэд бол бусдын мөнгийг шулан мөлжих дуртай, аж ахуй, улс төрийн үйл ажиллагааны ардчилсан бус, харь дүрэм журмыг тулган хүлээлгэдэг, ингэснээрээ эдийн засгийн эрх чөлөөг боомилдог хүмүүс юм” гэсэн үгэнд нийцэх юм.
Барууны чанадад амьдардаг хүмүүст Барууны тунхаглаж буй зарчим, түүний үйлдэл хоёрын хооронд алд дэлэм зөрөө байдаг нь тодорхой юм. Ихэрхэг зан, хоёрдмол ёс суртахуун, “тийм – үгүй” гэж тоглох энэ бүхэн нь түгээмэл шинжид тэмүүлсэн санаархлын үнэ цэнэ болно. Ардчиллыг хөгжүүлэх ёстой юу, ёстой, гэхдээ засгийн эрхэнд исламын тулгуур үзэлтнүүд гарч ирвэл болохгүй ; цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх уу, дэлгэрүүлэхгүй, гэхдээ Иран, Ирак хоёрын хувьд бол маш зөв зүйл, харин Израилийн хувьд болохгүй; чөлөөт худалдаа эдийн засгийг тэтгэгч мөн үү, мөн, гэхдээ хөдөө аж ахуйг ярьж байгаа бол биш; хүний эрхийн асуудал Хятадыг хөндөж болно, харин Саудын Арабыг бол болохгүй, нефтээр баян Кувейтчүүдийн эсрэг түрэмгийлэл үйлдвэл бүх нийтээрээ няцаалт өгч болно, үзээд өгье ч гэсэн нефть байхгүй Босничуудын эсрэг түрэмгийлэл үйлдвэл асуудал огт өөр болно. Ийм хоёрдмол ёс суртахуун практик дээр бол түгээмэл хэм хэмжээ, зарчмуудын зайлшгүй үнэ цэнэ юм.
Барууны биш нийгмүүд тусгаар тогтнол олмогцоо барууны эдийн засаг, цэргийн болон соёлын ноёрхлоос чөлөөлөгдөхийг эрмэлздэг. Зүүн Ази эдийн засгийн хүрээнд барууныг итгэл төгс гүйцэж байна. Азийн болон исламын орнууд цэргийн хүрээнд тэнцвэрийг хангах богино зам хайж байна. Барууны иргэншлийн түгээмэл эрмэлзэл, түүний хүчин чадлын харьцангуй бууралт, бусад иргэншлийн улам бүр ихэсч буй соёлын тусгаар тогтнол нь Баруун болон бусад ертөнцийн харилцааг байнга, зайлшгүй түвэгтэй болгож буй хүчин зүйл болж байна. Гэхдээ эдгээр харилцааны мөн чанар, түүний шинж чанарын антогонист чанарын хэмжээ нь огтхон ч нэг утгатай биш юм. Тэдгээрийг гурван категорид хувааж болно. Барууныг өдөж буй иргэншлүүд буюу исламын орнууд болон Хятадын хувьд гэвэл харилцаа нь байнгын түгшүүртэй, голдуу дээд зэргийн антогонист шинжтэй байх бололтой. Илүү сул бөгөөд баруунаас тодорхой хэмжээгээр хамаарч буй иргэншлүүд буюу Латин Америк, Африктай харилцах харилцаанд зөрчил нь хавьгүй мохоо байх болно. (энэ нь юуны өмнө Латин Америкт хамаарна). Орос, Япон, Энэтхэгтэй харилцах харилцаа нь дээрх хоёр категорийн завсрын байртай байх бөгөөд хамтын ажиллагаа, зөрчлийн элементүүдийг нэгэн зэрэг агуулж, эдгээр улсууд Барууны талд уу, барууныг өдөж буй улсуудын талд уу гэдгээс хамаарах болно. <…>
Исламын улсууд болон Хятад нь барууныхаас үндсээрээ ялгаатай агуу их соёлын уламжлалын биелэл бөгөөд тэдний өөрсдийн нүдээр бол баруунаас хавьгүй давуу болно. Эдгээр орнуудын хүчин чадал, шургуу зан нь Баруунтай харьцуулахад өсч байгаа бөгөөд ашиг сонирхол, үнэт зүйлсийн зөрчил нь үржиж, улам бүр хурцадсаар байна. Исламын ертөнцөд манлайлагч болж чадахуйц улс байхгүй юм, иймээс мусульманы янз бүрийн орнууд Баруунд нэн олон янзаар ханддаг. Гэхдээ 1970 – аад оноос эхлэн исламын ертөнцөд тулгуур үзлийн цэцэглэлт, барууныг дагасан засгаас барууны эсрэг засгийн газарт шилжих, исламын хэд хэдэн орнууд болон Барууны хооронд зарлаагүй дайн явуулах, “хүйтэн дайны” үеэс мусульманы хэд хэдэн улсууд болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд тогтож ирсэн аюулгүй байдлын дэглэм сулрах зэргээр тодорхойлогдох нэн тууштай хандлага бий болж байна. Хэд хэдэн тодорхой асуудлаар ажиглагдаж буй ялгааны үндэс суурь нь алсдаа эдгээр иргэншлүүд Баруунтай харьцуулахад ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ ? гэдэг чухал асуултад оршиж байна. XXI зуунд даяар институтууд, эрх мэдлийн хуваарилалт, улс төр, үндэстний эдийн засаг зэрэг нь юуны өмнө барууны үнэт зүйлс, ашиг сонирхлыг тусгах уу, аль эсвэл тэдгээр нь голдуу исламын орнууд болон Хятадын ашиг сонирхол, үнэт зүйлсийн нөлөөний дор голлон бүрдэх болов уу ?
Олон улсын харилцааны хөгжилд бодитой хандах аваас барууны биш иргэншлийн хүрээнд тэргүүлэх улсууд нь Барууны ноёрхлыг сөрөн зогсохын тулд нэгдэн нягтрах болно гэж хэлж болохоор байна. Хэд хэдэн салбарт энэ зүйл нэгэнт болжээ. Гэхдээ ойрын ирээдүйд барууны эсрэг өргөн холбоо бий болох нь бага магадлалтай юм. Исламын болон Хятадын иргэншлүүд нь шашин, соёл, социал бүтэц, уламжлал, улс төрийн бодлого, аж төрөх ёсны үндэст буй суурь урьдач нөхцөл зэргээрээ өөр хоорондоо эрс ялгаатай болно. Энэ хоёр хоёулаа анхнаасаа барууны иргэншлийг бодоход өөр хоорондоо нийтлэг зүйлээр хомс юм. Гэсэн хэдий боловч улс төрд нийтлэг дайсан нь нийтлэг ашиг сонирхлыг бий болгодог билээ. Иймээс Барууныг өөрийнхөө эвлэршгүй дайсан гэж үздэг исламын болон хятадын иргэншил нь түүний эсрэг чиглэсэн хамтын ажиллагаанд Холбоотнууд болон Сталин нар Гитлерийн эсрэг эвсэл болсон шиг орох бүх үндэс бий. Энэ хамтын ажиллагаа нь хэд хэдэн чухал асуудлыг хөндөх бөгөөд түүний дотор хүний эрх, эдийн засаг, юуны өмнө цэргийн чадавхиа хөгжүүлэх, ердийн зэвсэглэлийн төрлүүдээр Барууны давуу байдлыг сөрөн зогсохын тулд нийтээр хөнөөх зэвсэг, түүнийг хүргэх зэрэг хоёр иргэншлийн хүч тавих асуудлууд багтаж байна. 1990–ээд оны эхээр барууны эсрэг “Күнз–исламын холбоо” Хятад болон Хойт Солонгост нэг талаас ажиглагдсан, мөн нөгөө талаас Пакистан, Иран, Ирак, Сири, Ливи, Алжир зэрэгт янз бүрийн хэмжээгээр байсан.
Баруун болон бусад нийгмүүдийн эрс ялгааг тодорхойлогч асуудлууд нь олон улсын бодлогод улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Ийм гурван асуудал бол цөмийн, биологийн болон химийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгслийг үл дэлгэрүүлэх бодлогын үндсэн дээр цэргийнхээ давуу талыг хадгалах; барууны улс төрийн үнэт зүйлс, институтыг тогтоох, хүний эрхийг хүндэтгэх явдлыг тэдгээрийг баруунд ойлгодог шигээр бусад улсуудад тулгах, барууны хэв маягт нийцсэн ардчиллын замаар замнуулах; барууны нийгмийн соёл, социал болон угсаатны бүхэллэг шинжийг хамгаалах, чингэхдээ барууны биш дүрвэгсэд, цагаачдыг хүлээн авах явдлыг хязгаарлах гэсэн Барууны хүч чармайлттай холбоотой юм. Баруун өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахдаа энэхүү гурван асуудал тус бүрт бэрхшээлтэй учрах ба цаашдаа ч ийм байх нь тодорхой байна.

Иргэншлийн даяар бодлого
Иргэншил гэдэг нь өөрийнхөө дээд хэлбэрт буй хүний төрөл бөгөөд харин иргэншлийн мөргөлдөөн нь даяар хэмжээний төрөл хоорондын зөрчил болно. Өнөөдөр дэлхий дахинаа төлөвшсөн хоёр өөр иргэншилд хамаарах улсууд болон бүлэглэл нь гуравдахь иргэншлийг төлөөлсөн бүлгийн ашиг сонирхлын эсрэг ашиг сонирхлоо хамгаалах буюу нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд хязгаарлагдмал, түр зуурын тактикийн нэгдэл, холбоог байгуулж болно. Гэсэн хэдий боловч янз бүрийн иргэншилд хамаарах бүлгүүдийн хоорондын харилцаа нь хэзээ ч ойр дотно байж чаддаггүй, харин ч ёс мэт хүйтэн, заримдаа дайсагнасан хэвээр үлддэг. Өнгөрснөөс өв болгон авсан янз бүрийн иргэншилд хамаарах улс хоорондын харилцаа, жишээлбэл, “хүйтэн дайны” үеийн цэргийн холбоо голдуу эсвэл ач холбогдлоо алддаг, эсвэл зүгээр л алга болдог. Янз бүрийн иргэншлийн хүрээнд нягт “хамтран ажиллах” гэсэн найдвар Орос болон Америкийн манлайлагчдын хэзээ нэгэн цагт хэлж байсан шиг бүтэх хувьгүй юм. Өнөөдөр үүсч буй харилцаанууд нь ёс мэт бие даасан мөртлөө хүчилсэн шинж чанартай байдаг бөгөөд ихэнхи нь энэ хоёр ойлголтын дундуур хавьцаа оршдог. Олонхи тохиолдолд тэдгээр нь Борис Ельцины урьдчилан хэлсэн шиг “хүйтэн энх тайвны” төлөв байдалд дөхөж очих бөгөөд Орос болон Барууны ирээдүйн харилцааны хэм хэмжээ болж болох юм. Иргэншил хоорондын бусад харилцаа “хүйтэн дайны” түвшинд хүрч болно. La guerra fria хэмээх нэр томъёо нь XIII зууны үед үүссэн бөгөөд Газар дундын тэнгисийн бүс нутагт мусульманчуудтай “хэцүүгээр зэрэгцэн оршиж” байснаа испаничууд ингэж нэрийдсэн байдаг. Харин 1990-ээд онд олон хүн иргэншлүүдийн хооронд “хүйтэн дайн” шинээр өрнөснийг ислам, баруун хоёр гэж харах болжээ. Иргэншлүүдийн ертөнцийн харилцаа нь зөвхөн энэ нэр томъёогоор хязгаарлагдахгүй. “Хүйтэн энх тайван”, “хүйтэн дайн”, худалдааны дайн, зарлаагүй дайн, түвэгтэй энх тайван, хүнд харилцаа, хурц өрсөлдөөн, өрсөлдөөний нөхцөлд хамтран орших, зэвсэглэлээр хөөцөлдөх–эдгээр бүхнийг янз бүрийн иргэншлийг төлөөлсөн бүлгүүдийн хоорондын харилцааг тодорхойлоход ашиглаж болно.
Иргэншил хоорондын зөрчил нь хоёр хэлбэртэй байж болно. Захын буюу микро түвшинд зааглах шугамын дагуух зөрчил нь янз бүрийн иргэншлийг төлөөлсөн улсуудын хооронд, нэг улсын доторх янз бүрийн иргэншлийг төлөөлсөн бүлгүүдийн хооронд, түүнчлэн хуучны Зөвлөлт Холбоот улс болон Югославт өмнөх төрийн бүрдлийн нуранги дээр шинэ улс байгуулах гэсэн эрмэлзлэлээс үүдэн дүрэлцэж болно. Зааглах шугамын дагуух зөрчил нь их төлөв мусульман болон мусульманы биш ертөнцийн хооронд гардаг. Харин даяар буюу макро түвшинд зөрчил нь янз бүрийн иргэншилд хамаарах тэргүүлэх улсуудын хооронд гардаг. Ийм зөрчлийн суурь үндсэнд олон улсын бодлогын сонгодог асуудлууд байх бөгөөд эдгээрт дараах зүйлс орно.
1. Даяар бодлогын төлөвшил болон НYБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлөх асуудал
2. Зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих, түүнчлэн зэвсэглэлээр хөөцөлдөх зэрэг асуудлуудад зөрчилтэй хандах явдлаар илэрдэг цэргийн хүчин чадлын асуудал
3. Худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаарх маргаанаар илэрдэг эдийн засгийн хүчин чадал, баялгийн асуудал
4. Хүмүүсийн асуудал. Энд нэг иргэншлийг төлөөлсөн улс нөгөө иргэншлийн хүрээнд буй нэг төрөл хүн амаа хамгаалахыг оролдох, өөр иргэншлийг төлөөлсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, ийм хүмүүсийг газар нутгаасаа хөөн гаргахыг оролдох зэргийг оруулан ярьж байна.
5. Yнэт зүйлс, соёлын асуудал. Энд аль нэг улс өөр иргэншилд хамаарах ард түмэнд өөрийнхөө үнэт зүйлсийг тулган хүлээлгэх, оруулахыг оролдох үед үүсдэг зрчил орно.
6. Тэргүүлэх улс зааглах шугамын дагууд гарсан зөрчилд голлон оролцогч болсон үед үе үе үүсдэг газар нутгийн асуудал .
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид эдгээр асуудлууд нь зөрчлийн эх булаг байсан гэдгийг зөвшөөрөхгүй байж болохгүй юм. Гэхдээ ийм зөрчилд бүхэл бүтэн улсууд татагдан орсон үед соёлын ялгаа нь тэдгээрийг дэвэргэх чадвартай болно. Өөр хоорондоо өрсөлдөж буй улс бүр иргэншлийнхээ бүх төлөөлөгчдийг өөртөө татан нягтруулах, гуравдагч иргэншилд хамаарах улсуудаас дэмждэг авах, дайсныхаа хүрээнд хагарал, будлиан тарихыг оролдож зорилгодоо хүрэхийн тулд хорлон сүйтгэх, суртал нэвтрүүлгийн үйл ажиллагаатай зэрэгцүүлэн дипломат, улс төр, эдийн засгийн аливаа хэрэгслийн бүхий л боломжийг ашигладаг. Гэхдээ тэргүүлэх гүрнүүд бие биенийхээ эсрэг цэргийн хүч шууд ашиглахыг түвддэггүй бөгөөд ийм нөхцөл байдал Ойрхи Дорнод болон нийтлэг хил бүхий дэд тивүүдэд бий болдог. Yүнээс өөр тохиолдолд зэвсэгт зөрчил нь ёс мэт дараах хоёр тохиолдолд үүсдэг.
Нэгдүгээрт, Зааглах шугамын дагуух орон нутгийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийг “ах дүү” гүрнүүд улайн цайм дэмжсэн үед тэр нь дайн болж болно. Гэхдээ ийм боломж нь сөрөн тэмцэлдэж буй иргэншилд хамаарах тэргүүлэх улсуудыг зааглах шугамын дагууд үүссэн зөрчлийг хязгаарт нь байлгах буюу энх тайвнаар шийдвэрлэхэд хүчтэй түлхэж өгдөг.
Хоёрдугаарт, иргэншлүүдийн хүчний тэнцвэрт өөрчлөлт гарсны улмаас дайн дэгдэж болно. Грекийн иргэншлийн хүрээнд Афины хүчин чадал эрс нэмэгдсэнээс болж Пелопоннессийн дайн болсныг Фукидид баталсан байдаг. Ийм маягаар барууны иргэншлийн түүх нь бэхжиж буй болон суларч буй улсууд хоорондын “ноёрхох дайны” түүх болно. Янз бүрийн иргэншлийг төлөөлсөн бэхжиж буй болон суларч буй улс хооронд буй иймэрхүү хүчин зүйл дайн болон хувирах тэрхүү хэмжээ зэрэг нь шинэ гүрэн үүсэхэд дасан зохицдог тухайн иргэншил дэх улс орнууд тэнцвэрийг барих уу, хүчтэний талд орох уу гэсэн байр суурь барихаас зарим талаар хамаарна. Хэрэв Хятад хүчирхэгжих аваас азийн улс орнууд энэ иргэншилд хэвшмэл байдаг хүчтэй гүрэнд наалдах замыг сонгож, харин өөр иргэншлийг төлөөлсөн АНУ, Энэтхэг, Орос зэрэг улсууд хүчийг тэнцвэржүүлэх замыг сонгож болох юм. Барууны түүх Их Британи, Америкийн Нэгдсэн Улс хоёрын хооронд ноёрхлын төлөө болсон дайныг мэдэхгүй юм. “Pax Britannica”-аас “ Pax Americana”–д энх тайвнаар шилжсэнийг энэхүү хоёр нийгэм соёлын хувьд нягт нэг төрөл байснаар олон талаар тайлбарлаж болно. Иймэрхүү төрлийн холбоо байхгүй байгаа нь Баруун, Хятад хоёрын хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаа үед зэвсэгт мөргөлдөөнийг бараг гарцаагүй болгож байгаа юм. Өнөөдөр исламын идэвхи нь зааглах шугамын дагууд болж буй харьцангуй хязгаарлагдмал олон дайны эх булаг болж байна. Харин Хятад хүчирхэгжихийн хувьд гэвэл тэр нь янз бүрийн иргэншилд хамаарах тэргүүлэх гүрнүүдийн хоорондын томоохон дайны боломжит эх булаг болж байна.
Барууны зарим төлөөлөгчид, тухайлбал, АНУ – ын Ерөнхийлөгч Клинтон: Бидэнд исламтай асуудал байхгүй, харин хүчирхийлэлд тэмүүлдэг исламын хэт даврагчидтай бол асуудал байгаа гэж баталдаг. Гэвч арван дөрвөн зууны түүх үүний эсрэг зүйлийг сануулсаар байгаа. Ислам болон христиан, мөн Баруун болон Дорнодын харилцаа ямагт ихээхэн түвэг бэрхшээлтэй байсан юм. ХХ зуунд болсон либерал ардчилал, марксизм–ленинизм хоёрын зөрчил нь ислам, христиан хоёрын байнгын антогонист харилцаатай харьцуулахад түр зуурын, жам ёсыг сөрсөн түүхэн үзэгдлээс хэтрэхгүй юм. Тэд үе үе энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан, гэхдээ зөвхөн харгис хэрцгийнхээ хэмжээгээр л бие биенээсээ ялгагдах дайн болон өргөждөг хурц өрсөлдөөнд орох нь илүү түгээмэл байлаа. Зуу зуун жилийн турш аль алиных нь шашин цэцэглэлтээс уналтад орж, дараа нь түүнийгээ даван туулж, дараа нь ахиад л өөдлөн дээшилдэг байсан.
Долоогоос наймдугаар зууны дунд үе хүртэл үргэлжилсэн араб–исламын анхдагч түрэмгийлэл Хойт Африк, Иберийн хагас арал, Ойрхи Дорнод, Перс, Энэтхэгийн хойт хэсэгт мусульманы ёс бэхжихэд хүргэсэн юм. Ингээд ислам, христиан хоёрыг заагласан шугам ойролцоогоор хоёр зуун жил тогтворжсон юм. Дараа нь XI зууны төгсгөлөөр христианууд Газар дундын тэнгисийн дорнод хэсэг дэх хяналтаа сэргээж, Сицилийг эзлэн Толедо–г булаан авав. 1095 онд загалмайтны аян дайн эхэлсэн бөгөөд христианчууд 1291 онд энэ бүс нутаг дахь сүүлчийн тулгуураа алдах хүртлээ 150 жилийн турш амжилт нь багассаар байсан ч Ариун Газар болон түүнд нийлэх Ойрхи дорнодын бүс нутгуудад бэхжих гэсэн оролдлогыг хийсээр байв. Тэр үед тавцан дээр оттоманы туркууд гарч иржээ. Тэд эхлээд Византийн хүчин чадлыг сулруулж, дараа нь Балкан болон хойт Африкийн ихээхэн хэсгийг буулгаж, 1453 онд Константинополийг эзэлж, 1529 онд Венийг бүслэн хааж байсан билээ. Бернард Льюисийн хэлснээр: “Маврууд Испанид анх бууснаас авахуулаад туркууд Венийг хоёрдахь удаагаа бүсэлж дуустал Европ мянга гаруй жилийн турш исламын зүгээс үзүүлэх байнгын аюул заналын нөхцөлд амьдарч ирсэн юм”. Ислам бол Барууны хувь заяаг дэнсэлгэсэн, тэхдээ бүр хоёр ч удаа чингэсэн цорын ганц иргэншил болно.
Гэхдээ арван тавдугаар зуун жилд түүхэн үйл явц өөр зүг эргэх болов. Христианууд 1492 онд Гранадад төгс ялалт байгуулж, Иберийн хагас арлыг аажмаар эргүүлж авав. Энэ үед европчуудын далай гатлах ололт амжилт нь эхлээд португалчууд, дараа нь бусад нь мусульманчууд нутагласан газар нутгийг хумьж аваад Энэтхэгийн далай, дараа нь улам улам цааш ахихад хүргэв. Yүнтэй нэгэн зэрэг Оросууд татаарын хоёр зуун жилийн талхигдлыг авч хаяв. Дараа нь Оттоманы эзэнт гүрэн 1683 онд Венийг дахин бүсэлж, сүүлчийнхээ оролдлогыг хийлээ. Туркуудын азгүйдэл нь тэднийг удаан хугацаагаар ухрахын эхлэл болсон бөгөөд энэ нь оттоманы эрхшээлээс чөлөөлөгдөх Балкан дахь үнэн алдарт ард түмнүүдийн тэмцэл, Гассбургийн эзэнт гүрэн өргөжсөн, Оросууд Хар далай, Кавказ руу түүхэн түрэлт хийсэн зэргээрээ алдаршсан юм. Нэг зуун жилийн дотор “христианы ертөнцийн ташуур” нь “Европын өвчтэй хүн” болон хувирсан билээ. Дэлхийн нэгдүгээр дайн дуусахад Британи, Франц, Итали гурав исламд сүүлчийн цохилт өгч Туркийн бүгд найрамдах улсаас бусад Оттоманы эзэнт гүрний үлдэх бүх нутгийг шууд буюу дам хяналтдаа авлаа. 1920 он гэхэд Турк, Саудын араб, Иран, Афганистан гэсэн мусульманы дөрөвхөн улс мусульман биш засаглалын аль нэг хэлбэрээр тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн юм.
Гэтэл ээлж болж 20–30–аад оноос барууны колоничлол хумигдаж, дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ тэмцэл эрс хүчтэй болсон юм. Зөвлөлт Холбоот Улс задарснаар мусульманы маш олон нийгэм тусгаар тогтнолоо олсон билээ. Нэгэн тооцооноос үзвэл 1757–оос 1919 оны хооронд мусульманы газар нутгийг мусульман биш засгийн газраас 92 удаа булаан эзэлжээ. 1995 он гэхэд тэдний 69 нь мусульманы эзэмшилд ахин орсон бөгөөд 45 тусгаар улсад мусульман хүн ам дийлэнхи олонхи болж байна. 1820–оос 1929 оны хооронд янз бүрийн шашинтай улсуудын дунд болсон дайнууд нь мусульман, христиан хоёрын дайн байсан гэсэн баримтаас эдгээр бүх өөрчлөлтийн хүч хэрэглэсэн шинжийг харж болно.
Зөрчлийн ийм бүтэц хадгалагдах шалтгаан нь XII зууны христианы давшилт, ХХ зууны исламын тулгуур үзэл мэтийн түр зуурын шинж чанартай үзэгдэлд байгаа юм биш. Дээрх хоёр нь уг иргэншлийг үндэслэж өгч байгаа энэхүү хоёр шашны өөрийнх нь мөн чанараас урган гарч байгаа болно. Эдгээрийн хоорондын зөрчил нь нэг талаас, ялгаанаас тухайлбал, шашин, улс төрийн заагаас даван гарч исламыг аж төрөх ёс гэж үзэхийн зэрэгцээгээр мөн тэдгээрийг нэгтгэж байдаг мусульманы концепци, Бурхан бурхнаараа, хаан нь хаанаараа гэж тунхаглах баруун христианы концепцээс гарсан бүтээгдэхүүн юм. Гэхдээ зөрчил адил шинжүүдээсээ болж гардаг. Аль ч тохиолдолд гэсэн ертөнцийг “бид–тэд” гэсэн өнцгөөр хардаг, өөр бурхныг зовлонгүйгээр нийлүүлэн авах чадваргүй, холимог эшт биш, ганц эшт шашны тухай энд ярьж байна. Хоёулаа Дэлхий дээрх амьдрагч бүх хүн дагавал зохих цорын ганц үнэн итгэлийн рольд тэмүүлдэг түгээмэл шинж чанар бүхий шашнууд юм. Мөн хоёулаа өөрийн шүтлэгтнүүдэд прозелитизм буюу үг дуугүй захирагдах үүрэг хүлээлгэж, үзэл санаагаараа миссионер шинж чанартай байдаг. Ислам нь оршин тогтносон анхны жилүүдээсээ л булаан эзлэх замаар түрэмгийллээ хэрэгжүүлсэн бөгөөд христийн шашин ч мөн ийм боломжийг алдаагүй юм. “Жихад” болон “загалмайтны аян дайн” гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо адил төдийгүй, энэ хоёр шашныг дэлхийд тэргүүлэх бусад шашнуудаас ялгаж өгдөг юм. Ислам, христ, мөн иудаизм гурав бусад соёл иргэншилд хүлээн зөвшөөрсөн үечилсэн буюу тогтонги хандлагаас ялгаатай бөгөөд түүхийг үзэх телеологийн зарчмыг баримталдаг. (энэхүү телеологи гэдэг нь байгаль дахь юм бүхэн зүй зохистой бүтсэн бөгөөд аливаа хөгжил нь урьдаас нэн тодорхой зорилгыг хэрэгжүүлэх ёстой гэж үздэг сургааль болно–Д.Г.).
Зуу зуун жилийн турш ислам, христиан хоёрын зөрчлийн харгислалын хэмжээ нь хүн амын өсөлт бууралт, эдийн засгийн хөгжил, технологийн өөрчлөлт, шашны түрэлтийн үл эвлэрэх шинж зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөллийг туулсан болно. YII зуунд ислам тархсан нь арабын ард түмнүүдийн өргөн нүүдлийг (цар хэмжээ, эрмэлзлээрээ хосгүй юм ) дагалдуулж, тэд Византийн газар нутаг, Сассанидуудын эзэнт улсад нэвтрэн орсон болно. Хэдэн зууны дараа загалмайтны аян дайнууд эхэлсэн бөгөөд тэдгээр нь зарим талаараа эдийн засгийн өсөлт, хүн амын үржил, XI зууны Европод “рыцарийн үзэл санааг сэргээн мандуулсны” үр дүн болж, Ариун газар нутагт хийх аян дайнд рыцариуд болон тариачдыг олон тоогоор дайчлахад хүргэсэн юм. Загалмайтны анхны аян дайны давалгаа Константинополийн хананд тулж ирсэн үед Византийн нэг түүхч: “Адриатикийн тэнгисээс Геркулесийн багана хүртэл амьдарч байсан бүдүүлэг аймгуудыг оролцуулсан Баруун байсан газраасаа нэгэн зэрэг босч, эд хогшлоо хаман замд гарч, өөрийнхөө асар том бүхий л биеэр Ази руу нэвтрэн орлоо” гэж бичсэн байдаг. XIX зуунд хүн ам асар их өссөн нь түүхэн дэх хамгийн том их нүүдлийн шалтгаан болсон Европын ээлжит түрэмгийллийг дагалдуулсан билээ. Yүний давалгаанд мусульман төдийгүй, дэлхийн бусад газрууд ч өртсөн юм.
Харьцуулж болох иж бүрдэл хүчин зүйлүүд ХХ зууны төгсгөлд ислам болон Барууны хоорондын зөрчлийг хурцатгахад хүргэж байна. Нэгдүгээрт, мусульманы хүн амын өсөлт нь ажилгүйдлийг гааруулж, хөрш нийгмүүд болон Баруунд дүрвэгсдэд нөлөөлж байдаг исламын хөдөлгөөнд нэгдсэн залуучуудын дургүйцлийг төрүүлж байна. Хоёрдугаарт, ислам дахин сэргэсэн нь өөрийн соёл иргэншил, өөрийн үнэт зүйлсийн онцгой түүхэн үүрэг, онцгой чанарыг дахин шалгах боломжийг мусульманчуудад олгож байна. Гуравдугаарт, өөрийнхөө үнэт зүйлс, институтуудын түгээмэл шинжийг хангах, мусульманы ертөнцөд болж буй зөрчилд хөндлөнгөөс оролцох оролдлого хийхийн хамт цэргийн болон эдийн засгийнхаа давуу талыг хангах гэсэн Барууны хүчин чармайлт мусульманчуудын дунд үнэнхүү дургүйцэл төрүүлж байна. Дөрөвдүгээрт, коммунизм нуран унаснаар Баруун, ислам хоёр аль алинд нь байсан нийтлэг дайсан алга болж, үүний дүнд өөртөө тохиолдох гол аюул занал бол нөгөөгөө гэж үзэх болов. Тавдугаарт, Мусульман болон Барууны төлөөлөгчдийн улам бүр ойр болж буй харилцаа, хольцолдооноос аль аль нь өөрийн унаган ахуй, нөгөөгөөсөө ялгагдах шинж чанаруудыг эрэгцүүлэхэд хүргэж, өөр иргэншилд хамаарах оршин суугчдын олонхи нь тэдгээр орнуудад цөөнхийн төлөөлөгч болж, хэр зэрэг хязгаарлагдмал эрхтэй байгаа асуудал улам хурцдах болов. 80–90–ээд онуудад мусульманы ч, христианы ч иргэншлийн хүрээнд харилцан тэвчих гээч зүйл бараг алга болов.
Ийнхүү ислам болон Барууны хоорондын зөрчил ээлжит удаагаа хурцдаж буйн шалтгаан нь соёл, эрх мэдлийн суурь асуудлуудад угширч байна. Хэн нь хэнийгээ вэ ? (Зохиогч энэ үгийг оросоор бичжээ. Д.Г.). Лениний томъёолсон улс төрийн үндсэн энэ асуулт ислам болон Барууны өрсөлдөөний үндэс болж байна. Энэ зөрчилд Ленин байсан бол утгагүй гэж үзэх байсан өөр нэг тал үнэхээр бий. Тэр нь юу хэмээвээс хоёр өөр үзэл бодлын зөрчилдөөн аль нь үнэн, аль нь худал, улмаар аль нь зөв, аль нь буруу вэ гэдэгт оршино. Ислам исламаараа байгаа (тэр ийм л чигээрээ үлдэнэ), Баруун баруунаараа байгаа (энэ нь нэлээд эргэлзээтэй) үед агуу их хоёр иргэншлийн анхдагч зөрчил, аж төрөх ёсны ялгаа нь сүүлийн арван дөрвөн зуун жил тэдний харилцааг тодорхойлж ирснийхээ адилаар цаашдаа ч тодорхойлсоор л байх болно.
Эдгээр харилцаа нь олон тооны ноцтой асуудлуудаар санал зөрөлдөх буюу тэр ч бүү хэл сөргөлдсөний үр дүнд улам бүр түвэгтэй болсоор байна. Түүхэн ёсоор бол энэхүү үндсэн асуудлуудын нэг нь газар нутгийн хяналт байдаг боловч тэр нь өнөөдөр олон талаар ач холбогдлоо алджээ. 90–ээд оны дундуур зааглах шугамын дагууд мусульман болон мусульман бусчуудын хооронд дүрэлзсэн хорин найман зөрчлөөс арван ес нь мусульман, христиан нарын дунд болжээ. Тэдгээрийн арван нэг нь үнэн алдарт христианууд, долоо нь Африк болон Зүүн Өмнөд ази дахь баруун христианы талынхантай болж, энэ бүх зөрчлийн зөвхөн ганцхан нь хүч хэрэглэх буюу хэрэглэх боломжоор тодорхойлогдож, чингэхдээ Баруун болон исламыг ялгасан шууд зааглах шугам дээр хорват, босничуудын хооронд болжээ. Барууны газар нутгийн империализмын бодит баримт байхгүй байгаа, өнөөдөр мусульманы газар нутгийн түрэмгийлэл зогссон зэрэг нь газар зүйн тодорхой ялгаралд хүргэснээр барууны болон мусульманы нийгэмлэгүүд Балкан дахь хэдхэн цэгээр шууд хиллэх болов. Ийнхүү Баруун болон исламын хоорондын зөрчил нь уг үндсээрээ газар нутгийн гэхээсээ зэвсэглэл дэлгэрүүлэх, хүний эрх, ардчилал, нефть олборлолтод хяналт тавих, их нүүдэл, исламын терроризм, барууны хөндлөнгийн оролцоо зэрэг илүү өргөн асуудлуудыг хамрах болжээ.
“Хүйтэн дайны” дараа энэхүү түүхэн антогонизм хурцдаж, үүнийг хоёр иргэншлийн төлөөлөгчид өргөнөөр хүлээн зөвшөөрөх болов. Жишээлбэл, 1991 онд Барри Бьюзен Европ нь Баруун болон исламын хооронд өрнөсөн нийгэмжсэн хүйтэн дайны фронтын шугаман дээр байх маш олон шалтгаантай гэж бичиж байна. Тэр “үйл явдлын ийм өрнөл нь зарим талаар энгийн болон шашны үнэт зүйлс зөрчилдсөнтэй, зарим талаар исламын болон христианы ертөнцийн түүхэн өрсөлдөөнтэй, зарим талаар барууны гүрнүүдийн хардлагатай, зарим талаар Ойрхи Дорнод дахь колонизмын дараах улс төрийн бүтцийг баруун ноёрхох болсонд дургүйцсэнтэй, зарим талаар сүүлийн хоёр зуун жилд олсон исламын болон барууны иргэншлийн амжилтыг хорлогчинтой, доромж байдлаар жишдэгтэй холбоотой” гэж бичсэн байдаг. Yүний зэрэгцээгээр тэрээр бий болсон нөхцөл байдал нь Европын холбоо төлөвшиж буй ийм чухал үед европын өөрийн ахуйг бүх талаар бэхжүүлэхэд тусална гэж тэмдэглэсэн байдаг. Иймээс “Баруун дахь нөлөө бүхий хүрээнийхэн исламтай хийх нийгэмжсэн “хүйтэн дайныг” дэмжих төдийгүй, түүнийг ахиулж өгөх бодлого барих замаар явах ёстой” гэж үзсэн байна. Исламын салбар дахь барууны тэргүүлэх мэргэжилтний нэг Бернард Льюис “мусульманы тэвчээргүй занг ”шинжлээд дараах дүгнэлтийг хийсэн байна. “Одоо үед бид засгийн газраас хянадаг бодлого, асуудлуудын түвшингөөс хамаагүй халин гарсан тийм хөдөлгөөн, тийм сэтгэл санааны гэрч болж байгаа нь нэн тодорхой байна. Энд илүү ч үгүй, дутуу ч үгүй иргэншлийн мөргөлдөөний тухай ярьж байна. Энэ нь магадгүй зохистой биш байж болох авч манай иудей–христианы өв уламжлал, манай өнөөгийн шашны бус ахуй, энэ өв, энэ ахуй руу дэлхий нийтээр түрэмгийлэх гэсэн манай мөнхийн өрсөлдөгчийн түүхэн хариу үйлдэл болох нь ямар ч эргэлзээгүй юм. Бид өөрийн зүгээс энэхүү өрсөлдөгчид хандахдаа ийм их түүхэн, ийм их иррациональ хариу үйлдэлд автахгүй байх нь нэн чухал” гэсэн байна.
Мөн ийм дүгнэлтэд исламын иргэншлийн төлөөлөгчид ч бас хүрч байна. 1994 онд Египетийн тэргүүлэх сэтгүүлчдийн Мохамед Сид – Ахмед:“ Барууны иудей–христианы ёс зүй, исламын сэргэн мандлын хөдөлгөөн хоёрын мөргөлдөөн хүчтэй болж, Өрнө зүг Атлантын далайн эргээс Дорно зүг Хятад хүртэл өргөжиж байгаа маргаангүй шинж тэмдгүүд байна” гэж бичиж байна. 1992 онд Энэтхэгийн нэрт зүтгэлтэн, исламыг номлогч нэгэн хүн “ Дараагийн мөргөлдөөнийг исламын ертөнц давж туулах ёстой болно, энэ нь ямар ч гарцаагүй юм. Дэлхийн шинэ дэг журмын төлөө тэмцэл Магрибаас Пакистан хүртэл таран байгаа чухамхүү ислам үндэстнүүдээс эхэлнэ” гэж таамаглажээ. Тунисын тэргүүлэх нэгэн хуульчийн хувьд энэ тэмцэл хэдийн эхэлжээ. Тэр“Колоничлол нь исламын соёлын бүхий л уламжлалыг гажуудуулахыг оролдож байна. Би исламистын тоонд орохгүй, мөн шашин хоорондын мөргөлдөөн болж байна гэж бодохгүй байна. Би иргэншлийн мөргөлдөөний тухай ярьж байна” гэсэн байна.
80–90–ээд онуудад ислам нь барууны эсрэг хандлагаар бүхэлдээ тодорхойлогдох болов. Зарим талаар энэ нь исламын сэргэн мандлын жам ёсны үр дагавар бөгөөд “харбзадеги” гэдгийн хариу үйлдэл болно. Энэ нь Баруун мусульманы нийгмүүдийг хордуулсны “хорыг арилгах” гэсэн утга болдог. “Исламын сэргэн мандал, батжил нь ямар ч сектийн хэлбэртэй боллоо гэсэн орон нутгийн нийгэм, улс төр, ёс суртахуунд үзүүлэх европын болон америкийн нөлөөллийг үгүйсгэнэ гэсэн хэрэг юм” гэж зарим эрдэмтэд бичиж байна. Аль нэгэн тохиолдолд мусульманы манлайлагчид ард түмэндээ “Бид барууны замаар замнах ёстой” гэж хэлдэг цаг байсаан. Хэрэв ХХ зууны сүүлчээр мусульманы аль нэгэн манлайлагч иймэрхүү зүйл хэлэх юм бол өөрийнхөө талынхныг бүрэн алдаж таарна. Улс төрч, албаны хүмүүс, эрдэмтэн, бизнесмен, сэтгүүлч хэн ч бай мусульман хүнээс барууны үнэт зүйлс, институтын талаар сайн зүйл сонсох нь юу л бол. Yүний оронд тэд өөрийн болон барууны иргэншлийн ялгаа, өөрийнхөө соёлын давуу тал, Баруунаас үзүүлэх дарамтын нөхцөлд түүнийг бүтнээр нь хадгалахын чухлыг байнга цохон ярьдаг юм. Мусульманчууд Барууны хүчин чадал, түүнээс өөрийнх нь нийгэм, итгэл үнэмшилд нүүрлээд буй аюул заналаас айж, үзэн ядаж байна. Тэд барууны соёлыг материалист, холбиромтгой, сөнөж буй, ёс суртахуунгүй гэж үздэг. Тэд үүнийхээ зэрэгцээ хүсэл эрмэлзэл дүүрэн байгаадаа итгэлтэй байгаа бөгөөд иймээс өөрсдийнх нь аж төрөх ёсонд үзүүлэх барууны нөлөөг сөрөн зогсох нь зайлшгүйг улам бүр цохон тэмдэглэх болж байна. Мусульманчууд Барууныг “Номын шашин” байж яагаад ч чадахгүй буруу, алдаатай шашныг баримталж байгаад нь биш, харин ерөөсөө ямар ч шашныг баримтлахгүй байгаад улам ч их дургүйцэж байна. Мусульман хүн барууны антиклерикализм буюу шашныг үл ойшоох үзэл, шашинлаг бус шинж, улмаар ёс суртахуунгүй байдлыг эдгээрийг бий болгосон баруун христианаас бүр ч илүү хортой зүйл гэж үздэг. “Хүйтэн дайны” явцад Баруун “бурхангүй коммунист” гэсэн хаяг наадаг байсан бол “хүйтэн дайныг” удаалан гарч ирсэн иргэншлийн зөрчилдөөнд мусульманчууд “бурхангүй Баруун” гэсэн хаяг наах болов.
Зөвхөн тулгуур үзэлт имамуудын нүдэнд төдийгүй өөрийнх нь жам ёсны холбоотон, нэг тал гэж тооцмоор тэр хүмүүсийн хувьд ч Баруун нь дүүрсэн худалч, материалист, дарлан зовоогч, араатны болон сөнөж буй зүйлсийн эхлэл болж харагдаж байна. 90–ээд онд Баруунд хэвлэгдсэн мусульман зохиогчтой цөөхөн номын нэг, Фатима Мернисийн “Ислам ба ардчилал” хэмээх ном асар их магтаал хүртсэн бөгөөд орчин үеийн, либерал сэтгэлтэй мусульман хүний зоригтой алхам болсон юм. Ийм номонд хүртэл Баруун нь тун тааруухан дүрслэгдсэн байна. Баруун нь “милитарист”, “империалист” бөгөөд “колонийн террорын” замаар бусад үндэстнийг “шархлуулж” байдаг. Барууны хүчин чадал айдас төрүүлж байна. Барууны соёлын ялгагдах шинж болсон бодгаль чанар буюу индивидиулизм нь “аливаа зовлонгийн эх булаг” болдог. Баруун “сансрын хиймэл дагуулаа арабуудын боловсролыг дээшлүүлэхэд үйлчлэхэд, эсвэл тэдний толгой дээр бөмбөг хаяхад ашиглах уу гэдэг шийдвэрийг ганцаараа гаргаж байна… Тэд манай боломжийг хаан боогдуулж, тэд импортын бүтээгдэхүүн, эфирийг дүүргэсэн телевизийн кинонуудаа ашиглан манай амьдралд эрчимтэй түрэн орж байна. Энэ бол биднийг нугалж, манай зах зээлийг бүсэлж, тэртэй тэргүй ядмаг нөөцийг маань хянаж, манай идэвхи санаачлагыг боогдуулж, биднийг сүүлчийн боломжоос салгаж буй тэр хүч мөн. Бүрэлдсэн нөхцөл байдлыг бид чухам ингэж ойлгож байгаа бөгөөд Персийн булангийн дайн нь биднийг үүнд бүрэн төгс итгүүлэв”. Баруун “цэргийн салбар дахь судалгааны тусламжтайгаар хүчин чадлаа хангаж байгаа” бөгөөд дараа нь эдгээр судалгааныхаа үр дүнг “идэвхигүй хэрэглэгч” болсон бага хөгжилтэй орнуудад зардаг юм. Энэ хамаарлаас гарахын тулд исламын иргэншил өөрийн гэсэн инженер, эрдэмтдийг бэлтгэх, өөрийн гэсэн зэвсэг (цөмийн үү, ердийнх үү гэдгийг тэр зохиолч энд тодруулаагүй ) бүтээж “Баруунаас цэргийн талаар хамаарах явдлаа таягдан хаях хэрэгтэй”. Эдгээр үгсийг чалма малгай өмссөн хэн нэгэн буурал сахалт аятолла хэлээгүй гэдгийг дахин сануулъя.
Мусульманчууд улс төр, шашны итгэл үнэмшлээсээ үл хамааран тэдний болон Барууны соёлын хооронд язгуурын үлэмж ялгаа байгаа гэдэгтэй санал нийлдэг. Шейх Гхануши:“Манай нийгэм барууныг бодвол огт өөр үнэт зүйлс дээр суурилдагт гол учир нь байгаа юм” гэж мэдэгдэж байна. Египетийн засгийн газрын нэг төлөөлөгчийн илэрхийлснээр “америкчууд нааш ирэхдээ биднийг өөртэйгөө адилхан болгохыг хүсдэг. Тэд манай үнэт зүйлс, манай соёлын талаар юу ч ойлгодоггүй” байна. Египетийн нэг сэтгүүлч “Бид огт өөр хүмүүс. Бид өөр үндэстэй, өөр түүхтэй, иймээс бид өөр ирээдүйд тэмүүлэх эрхтэй” гэдгийг зөвшөөрч байна. Мусульманы хэвлэлүүд дэх өргөн олонд зориулсан, оюун санааны нухацтай дүгнэлт хийхийг эрмэлзсэн нийтлэлүүдэд исламын институт, исламын соёлыг хорлох, захирах, доромжлоход чиглэсэн барууны хуйвалдаан, хорт санааг харуулсан зүйлс байнга байдаг юм.
Барууны эсрэг үйлдэл нь исламын сэргэн мандалтын үндсэн хандлага төдийгүй, мусульман орнуудын засгийн газрын зүгээс Баруунд харьцах харилцааны өөрчлөлтөөр харагдаж байна. Колоничлолын дараах эрин үеийн эхний жилүүдэд эдгээр орнууд дотоод улс төр, эдийн засгийн номлолдоо барууны чиглэлийг баримталж, гадаад бодлогын практиктаа ч гэсэн барууны чиг баримжааг ёс мэт баримталдаг (үндэсний хувьсгалаар тусгаар тогтнолоо олж авсан Алжир, Индонез хоёр үүнээс өөр юм) байлаа. Гэхдээ Барууныг баримталсан засгийн газрууд түүнээс улам бүр зэнзийрсэн буюу илт барууны эсрэг санаатай засгийг газруудад байр сууриа тавьж өгөх болов. Энд Ирак, Ливи, Йемен, Сири, Иран, Судан, Ливан, Афганистаныг дурдаж болно. Тунис, Индонези, Малайз зэргийг оролцуулсан бусад улсуудад ч арай сул боловч мөн ийм хандлага, улс төрийн идэвхи гарсаар байна. “Хүйтэн дайны” үеэс авахуулан Америкийн Нэгдсэн улсын цэргийн хамгийн тууштай мусульман холбоотон Турк, Пакистан хоёр исламистуудын зүгээс үзүүлэх улс төрийн хүчтэй дарамтын дор байгаа бөгөөд Баруунтай тогтоосон тэдний холбооны хувь заяа улам бүр эргэлзээтэй болсоор байна.
Арван жилийн дараа 1995 он гэхэд ил тодоор барууны байр суурь барьсан мусульманы цорын ганц улс байгаа нь Кувейт юм. Өнөөдөр мусульманы ертөнцөд Барууны ойрын нөхөд гэвэл эсвэл цэргийн талаар түүнээс хамаарсан Кувейт, Саудын араб мэтийн Персийн булангийн эмиратууд, эсвэл эдийн засгийн талаар хамаарсан Египет, Алжир зэрэг орнууд болно. 80–аад оны сүүлээр Зөвлөлт Холбоот Улс Дорнот Европын орнуудыг эдийн засаг, цэргийн талаарх дэмжлэгээр цаашид хангаж чадахгүй болох нь тодорхой болж, коммунист дэглэмүүд нуран унасан билээ. Баруун ч гэсэн мусульманы ертөнц дэх дагуулуудаа цаашид дэмжиж чадахгүй нь тодорхой болох аваас тэдний засгийн газруудад ийм л хувь заяа ногдох болно.
Исламын ертөнцөд барууны эсрэг сэтгэл санаа өссөн нь Барууныг “исламын аюул”, юуны өмнө мусульманы хэт даврагчдын зүгээс гарах аюулаас улам бүр болгоомжлоход хүргэж байна. Тэд исламыг цөмийн зэвсэг, тероризмыг дэлгэрүүлэх , Европод бол хүсээгүй дүрвэгсдийн эх булаг хэмээн харж байна. Энэхүү зовнилыг өргөн олон нийт ч, улс төрийн зүтгэлтнүүд ч хуваалцаж байна. 1994 онд гадаад бодлого сонирхдог хэмээн өөрийгөө үздэг 35 мянган америкчуудын дунд асуулга явуулж, “исламын сэргэн мандалт” Ойрхи Дорнод дахь АНУ–ын ашиг сонирхолд аюул учруулах уу гэсэн асуултад 61 хувь нь тийм, ердөө 28 хувь үгүй гэж хариулжээ. Yүнээс жилийн өмнө олон нийтийн санал бодлыг судалж үзэхэд Америкийн Нэгдсэн улсад хамгийн их аюул занал учруулах гурван орныг нэрлэнэ үү гэсэн асуултад тэдний олонхи нь Иран, Хятад, Ирак гурвыг дурджээ. Ийм маягаар 1994 онд Америкийн Нэгдсэн улсад учрах “гол аюул занал”–ыг нэрлэнэ үү гэсэн асуултад иргэдийн 72 хувь, гадаад бодлогын салбарт ажиллаж буй төрийн зүтгэлтнүүдийн 61 хувь нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг, иргэдийн 69, төрийн зүтгэлтнүүдийн 33 хувь нь олон улсын терроризмыг нэрлэсэн ба энэ хоёр асуудал нь исламтай нягт холбоотой юм. Yүний хамт иргэдийн 33, нэрт зүтгэлтнүүдийн 39 хувь нь исламын тулгуур үзлийн түрэмгийллийг боломжит аюул гэж үзсэн байна. Иймэрхүү харьцаа европчуудад ч байдаг. Жишээлбэл, 1991 оны намар франчуудын 51 нь хувь нь францад учрах аюул Өмнөөс ирнэ гэсэн байхад дөнгөж 8 хувь нь Дорноос ирнэ гэж үзсэн байна. Францчуудын нэн тэргүүнд болгоомжилдог дөрвөн орон мусульманы ертөнцөд хамаардаг бөгөөд тэдний 52 хувь нь Ирак, 35 хувь нь Иран, 26 хувь нь Ливи, 22 хувь нь Алжирийг тус тус нэрлэсэн байна. Иймэрхүү зовнилыг барууны улс төрийн зүтгэлтнүүд, түүний дотор Германы канцлер, Францын Ерөнхий сайд нар ч илэрхийлж байна. 1995 онд НАТО–ын Ерөнхий нарийн бичгийн дарга исламын тулгуур үзэл бол “баруунд коммунизмын учруулж байсан аюултай дор хаяж дүйх аюултай” хэмээн мэдэгджээ. <…>
Дорноос үзүүлэх цэргийн аюул занал бараг үгүй болсны дараа НАТО–ын үйл ажиллагаа Өмнөдөөс ирэх боломжит аюулыг няцаахад улам бүр чиглэгдэх болов. 1992 онд америкийн цэргийн онолчдын нэг ”Өмнөд бүслүүр” бол Төв фронтын халааг авч буй бөгөөд ийшээ “НАТО–ын фронтын шугам түргэн шилжиж байна” гэж тэмдэглэжээ. Энэхүү аюулыг сөрөн зогсохын тулд НАТО–ын өмнөд гишүүд болох Итали, Франц, Испани, Португали дөрөв хамтын цэргийн ажиллагаа, төлөвлөлтөд орсныхоо хажуугаар исламын хэт даврагчидтай тэмцэх боломжит арга замын талаар Магрибын засгийн газруудтай зөвлөлдөх ажиллагааг эхлэв. Онолын хувьд ийм аюул занал байгааг Европ дахь АНУ–ын цэргийн цаашдын илт оролцоог зөвтгөхөд мөн ашиглаж байна. Америкийн төрийн тэргүүлэх зүтгэлтэн асан нэгэн бээр:“Европ дахь америкийн хүч исламын тулгуур үзэлтнүүдийн бий болгосон асуудлыг шийдвэрлэх түлхүүр болж чадахгүй хэдий ч энэ бүх нутаг дахь цэргийн төлөвлөлтөд гайхамшигтай нөлөө үзүүлэх болно. 1990–1991 онуудад америк, франц, британийн зэвсэгт хүчин Персийн буланд амжилттай дайтсаныг санаж байна уу ? Энэ бүсийн хүн ард наад зах нь энэ тухай санаж байгаа”. Тэд санах санахдаа айдас, дургүйцэл, үзэн ядалтаар санаж байгаа гэдгийг бид өөрийн зүгээс би нэмж хэлэх ёстой. Мусульманчууд болон барууны оршин суугчид бие биеээ хардсаар байгаад дасчихсан, мөн исламын хэт даврах үзлийн цэцэглэлт зэргийг харгалзах аваас исламын болон барууны иргэншил хоёрын зарлаагүй дайн 1979 оны Ираны хувьсгалын дараагаар гэнэт болсон гэж үзэх нь юу л бол. Энэ дайн нь гурван шалтгааны улмаас зарлагдаагүй юм. Нэгдүгээрт, бүх ислам бүх баруунтай дайтаагүй. Тулгуур үзэлтнүүд эрх барьж буй хоёр улс (Иран, Судан ), тулгуур үзэлтэй биш засгийн газрууд эрх барьж буй гурван улс (Ирак, Ливи, Сири), түүнчлэн Саудын Араб мэтийн мусульманы орнуудаас санхүүгийн дэмжлэг авч буй исламын янз бүрийн олон тооны байгууллагууд Америкийн Нэгдсэн Улстай, үе үе Их Британи, Франц, мөн Израиль болон нийт еврей зэрэг улсуудын бүлэглэлүүдтэй дайтаж байгаа. Хоёрдугаарт, 1990–1991 оны Персийн булангийн үйл явдлыг эс тооцвол энэ дайн нэг талаас терроризм, нөгөө талаас агаарын цохилт, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг хязгаарлагдмал хэрэгслээр явагдаж байгаа болохоор дайн гэж зарлаагүй. Гуравдугаарт, хүч үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа боловч эдгээр нь тасралтгүй шинж чанар үгүй учраас энэ дайныг зарлаагүй болно. Энэ нь нэг талын авсан арга хэмжээг нөгөө нь өдөөн хатгасан үе үе гарах шинж чанартай юм. Гэхдээ зарлаагүй дайн бол ямар ч гэсэн дайн юм. 1991 оны нэг, хоёрдугаар сард барууны бөмбөгөнд нас барсан иракийн мянга мянган цэрэг, энгийн хүмүүсийг тооцохгүй байсан ч 1979 оноос эхлэн хохирол олон мянгаар хэмжигдэж, жилээс жилд өссөөр байна. Персийн булан дахь “жинхэнэ” дайнаас хавьгүй олон барууны хүмүүс чухам энэхүү зарлаагүй дайнд үрэгдсэн юм.
Энэхүү зөрчлийг хоёр талын аль аль нь дайн гэж нэрлэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тухайн цагтаа Хомейни “Иран хэрэг дээрээ Америктай дайтаж байна” гэж бүрэн үндэстэйгээр мэдэгдсэн юм. Бас Каддафи Баруунтай хийх ариун дайн хийхийг тунхаглаж байв. Мусульманы хэт даврагч бусад бүлэг, улсын манлайлагчид ийм л нэр томъёог ашиглаж байна. Барууны хувьд гэвэл Америкийн Нэгдсэн улсын ангиллаар долоон орон “террорист улс” болж таарч байна. Куба, Хойт Солонгосыг хасах юм бол эдгээр нь бүгдээрээ мусульманы улсууд (Иран, Ирак, Сири, Ливи, Судан) байна. Энэ нь мөн чанартаа эдгээр улс Америкийн Нэгдсэн улс, түүний нөхдүүдийг өөртөө байгаа бүхий л хамгийн үр нөлөөтэй зэвсгийг ашиглан дайрч байгаа болохоор дайсны тоонд орсон гэсэн хэрэг юм. Энэ нь эцсийн дүндээ эдгээр улсуудтай дайны байдалд байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тэдний талаар америкийн албаны хүмүүс “хуулийн гадна оршдог”, “ёс суртахуунгүй”, “гэмт хэрэгтэн” мэт нэр томъёог ашигладаг бөгөөд ингэснээрээ тэднийг олон улсын иргэнжсэн дэг журмын гадна үлдээж, тэднийг олон талын болон нэг талын сөрөг арга хэмжээ авч болох хууль ёсны бай мэт үзэж байна. Дэлхийн худалдааны төв дэх дэлбэрэлтийг зохион байгуулагчдыг Америкийн Нэгдсэн Улсын засгийн газар “Америкийн Нэгдсэн Улсын эсрэг хотын терроризм өдөөсөн” гэж буруутгасан. Манхеттен дэх удаах дэлбэрэлтийг төлөвлөж буруудсан хуйвалдагчдыг Америкийн Нэгдсэн улсын эсрэг “дайнд оролцсон”, тэмцэл хийж буй “цэргүүд” гэж баталсан. Хэрэв мусульманчууд Баруун исламчуудтай дайтаж байна гэж баталдаг бол Барууны төлөөлөгчид исламын бүлгүүд Баруунтай байлдаж байна гэж нотолдог. Өөрөөр хэлбэл хэрэг дээрээ дайнтай маш төстэй ямар нэг зүйл болж байна гэж хэлэх бүрэн үндэс бий. Энэхүү зарлаагүй дайнд тал болгон өөрийн хүч, дайсны сул талд тулгуурлаж байна. Цэргийн хувьд гэвэл энэ нь үндсэндээ агаараас цохилт өгөх байдлаар хийх терроризмын эсрэг арга хэмжээ болно. Исламын фанатикууд болохоор барууны нийгмийн нээлттэй шинжийг ашиглан автомашинд тавьсан бөмбөгний тусламжтайгаар сонгон авсан бай руугаа дайрдаг. Барууны цэргийн мэргэжилтнүүд ч исламын агаарын орон зайн нээлттэй байдлыг ашиглан “ухаантай” бөмбөг хэрэглэж сонгосон бай руугаа дайрдаг. Исламистууд барууны нэрт зүтгэлтнүүдийн амь насанд халддаг. Америкийн Нэгдсэн улс исламын хэт даврагч дэглэмүүдийг нураах ажлыг зохион байгуулдаг. Пентагоны мэдээллээр бол 1980–аас 1995 он хүртэлх арван таван жилд Америкийн Нэгдсэн Улс Ойрхи Дорнодод арван долоон цэргийн ажиллагаанд оролцсон, энэ нь бүгдээрээ мусульманы эсрэг байжээ. Өөр иргэншлийн ямар ч төлөөлөгчид америкийн цэргийн ийм цар хэмжээтэй үйлдлийн объект болж байгаагүй юм.
Персийн булан дахь дайныг эс тооцох юм бол аль ч тал нь одоохондоо зөрчлийг тултал нь хурцатгахгүй байгаа бөгөөд бүрэн хэмжээний хариу цохилт шаардсан цэргийн үйл ажиллагаа гэж үзэхээр хүчирхийллээс татгалзаж байна. “Хэрэв Ливи улс шумбадаг завьнуудынхаа нэгэнд америкийн хөлөг онгоцыг живүүлэх тушаал өгсөн бол Америкийн Нэгдсэн улс энэ арга хэмжээг засгийн газрын зүгээс хийсэн цэргийн үйлдэл гэж үзэн шумбадаг завины ахмадыг барьж өгөх шаардлагаар хязгаарлахгүй байсан бизээ. Ливийн нууц албадын зохион байгуулж хийсэн нисэх онгоц дэлбэлсэн үйлдэл нь үүнээс зарчмын хувьд юугаараа ч ялгарахгүй юм” гэж “Экономист” сэтгүүл тэмдэглэж байна. Ийм үед байлдагч талууд бие биенийхээ хувьд “хүйтэн дайны” үед Америкийн Нэгдсэн Улс, Зөвлөлт Холбоот Улс хоёр сөрөн зогсож байсан үеийнхээс хавьгүй илүү хүч хэрэглэсэн үйлдэлд хүрч байна. Цөөн тохиолдлыг эс тооцвол дээрх хоёр их гүрний алин нь ч эсрэг талынхаа энгийн иргэд, тэр ч байтугай цэргийн албан хаагчдыг ингэж зорилго чиглэлтэйгээр хөнөөж зүрхлээгүй юм. Өнөөдрийн зарлаагүй дайны хувьд гэвэл ийм зүйл газар сайгүй, бөөн бөөнөөрөө болж байна.
Америкийн төрийн зүтгэлтнүүд энэхүү зарлаагүй дайнд оролцож буй мусульманчууд тийм ч олон биш, цөөнхи болж байгаа, энэхүү цөөнхийн хийж буй хүчирхийллийг ухаалаг мусульманчуудын үндсэн олонхи дургүйцэн буруушааж байгаа хэмээн баталж байна. Хэрэг явдал үнэхээр ийм байгааг үгүйсгэж болохгүй юм, гэхдээ үүнийг батлах нотолгоо байхгүй юм. Барууны эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн шинж бүхий арга хэмжээнүүд нь мусульманы орнуудад өчүүхэн төдий ч эсэргүүцэл төрүүлдэггүй юм. Мусульманы засгийн газрууд, тэр ч байтугай Баруунаас хамаардаг, түүнд нөхөрсөг ханддаг дарангуйлагч дэглэмүүд хүртэл барууны эсрэг террорист ажиллагааг буруушаагаад ирэхлээр жигтэйхэн гайхмаар даруухан болчихдог юм. Европын засгийн газрууд болон олон нийт болохоор мусульманы ертөнц дэх дайснуудынхаа эсрэг Америкийн Нэгдсэн Улсын авч буй арга хэмжээг бүхэлдээ дэмжиж, тун цөөн шүүмжилдэг. Энэ нь Зөвлөлт Холбоот Улс болон коммунизмын эсрэг чиглэсэн Америкийн үйлдлийг европчууд олон удаа шийдвэртэйгээр буруушааж байсан “хүйтэн дайны” үетэй харьцуулахад эрс өөр болсон хэрэг юм. Yзэл суртлын дажнаас ялгаатай нь иргэншил хоорондын сөргөлдөөнд нэг цусны хүмүүс улам бүр нягтарсаар байна.

Орчуулсан: Судлаач Д. Ганхуяг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to Самюэл Хантингтон. ИРГЭНШЛИЙН МӨРГӨЛДӨӨН ХИЙГЭЭД ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМД ГАРСАН ХУВИРАЛТ

  1. nomin says:

    Ийм их хөдөлмөр гаргаж орчуулж тавьсанд нь их баярлалаа. Буруу зөрүү байгаа бол ялгаж салгаад өөрөө л ойлгож байвал болоо ш дээ.

  2. nom says:

    Soyol irgenshil gej uy baidgiig 3-P ANGID YZDEG UM.MONGOL DEER MEDEXGYI XVN ENGLISH DEER YG OILGOOCH

  3. Nasanjargal says:

    sain bna yy tanii orchyylga hicheeld mini ih tys bolloo gehdee joohon engiin vgeer ilvv oilgomjtoi bsan bol ilvv oilgoh bsan bhaa. ih zowj bj oilgoloo he he. yamar ch bsan ih tys bolloo bayarlala. amjilt hvsii

  4. gankhuyag says:

    Насаа ах нь чамайг ойлгож байна аа. Гэхдээ нэг юм тайлбарлахгүй бол болохгүй юм шиг ээ. Ухаандаа хүн болгоны бичлэгийн арга барил гэж байдаг. Зарим хүнийх урт хавсарсан нийлмэл өгүүлбэр ихтэй байхад зарим хүнийх их энгийн байх жишээний. Миний хувьд гэвэл тухайн хүний бичлэгийн арга барил ямар байна, түүнийг л дагаж орчуулдаг. Урт бол урт, богино бол богино тэр чигээр нь гэх үү дээ. Ер нь бол онолын шинжтэй өгүүллүүд голдуу их хүнд байдаг. Бодвол их нарийн нэр томъёонууддаа байдаг ч байж магадгүй. Гэхдээ хүнд байлаа гээд халширч огт болохгүйг ойлгоно байх гэж найдаж байна.

  5. Ganaa says:

    Tand ih bayrlalaa,tanii ouynlag ajild tani deediin amjilt husey.

  6. Otgonbayar says:

    Sain bna u.Tanii uridchilan sanuulj baisnaar tuuhiin baildaan ehelchihsen bololtoi.TV-eer garaad bna le.

  7. Anonymous says:

    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/2/2f/Clash_of_Civilizations_map.png ene deer adil yum shig murtluu arai uur map bna. mongol tuvd myanmar laos cambodi thailandiig buddhist soyol gedegt oruuljee.

  8. gankhuyag says:

    Баярлалаа Танд. Их төстэй зураг байна. Би яг л Хантингтоноос авсан юмсан. Барууны зарим ангилалд ингэж үздэг болоод лавтайяа 100 гаруй жил болж байгаа. Гэхдээ манай Монгол иргэншлийн аль ч ангиллаар “гадна” нь үлдээд байдаг юм. Энэ талаар миний блогт байгаа С.Желязняковын хоёр өгүүллийг уншвал би ихэд баярлана. Сүүлийн үед Монголыг бие даасан иргэншил гэж үзэх нь давамгай болж байгаа…

    • Bolor Erdene says:

      Юуны өмнө ийм хэрэгтэй номноос орчуулж хүргэсэн их хөдөлмөрт тань талархаж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө оюутан байхад анх энэ бүтээлийг бие даалтын хүрээнд унших хэрэгтэй болоход хаа хамаагүй дэвэн дэлхийн юм надад ямар хамаа байна гэж гэнэн тэнэг ухаанаар бодож байж билээ. Яг уншаад ирсэн чинь их сонирхолтой байсан. Гадаадад ирээд л олон үндэстний хүмүүстэй харьцаад тухайн орны соёл боловсролтой “хутгалдаад” ирэхээр хүн өөрийн эрхгүй энэ талаар илүү анхаарч сонирхдог юм байна. Энэ номыг уншсан минь болж дээ гэж боддог. Ямар ч байсан дахиад нэг уншъя гэж бодож байлаа. Ашгүй эндээс олж авлаа. Хэдийгээр Хандингтоны номноос өөр энэ талаар уншиж мэдэж гавьсан юмгүй ч гэлээ өөрийнхөө бодлыг хуваалцахад үнэхээр Монголчуудыг өөр тусдаа бие даасан иргэншил гэж авч үзэх нь зөв юм шиг санагддаг. Гадаадад амьдарч байхад Монголчууд бид их л өөр соёл иргэншил, зан чанартай гэдэг нь үргэлж мэдрэгддэг. Азийн орнууд хоорондоо, европын орнуудын иргэншил ерөнхийдөө их төстэй байхад манайх алинд нь ч хамаарахгүй байгаа нь хамгийн наад захын жишээ олон улсын оюутнууд дунд байхад л эрс мэдэгддэг. Монголчууд яалт ч үгүй биеэ даасан иргэншил. (минийй бодлоор шүү)

  9. mgmg says:

    орчуулгаас гадна судалгаагаа сайн хийгээрэй. ялангуяа тэр монгол гэсэн нэг том үзэгдэл дэлхий дээр хэрхэн өрнөж байсан, өрнөж байгаа талаар илүү ихийг судлах нь будаа агшааж идэхээс чухал байх. Монголынхоо улс төрийн түүхэн бодлогыг барууныхтай харьцуулсан сайхан бүтээл хийгээрэй. Бусад орныхон таны бүтээлийг орчуулаасай.

  10. bbold says:

    The Trap: What happened to Our Dream Of Freedom by BBC /2008/ 3 ангит баримтат кино гарсан олж үзээрэй. ЭСВЭЛ МОНГОЛ ХЭЛЭНД ОРЧУУЛСАН НОМ ХУДАЛДААНД ГАРАХ ГЭЖ БАЙГАА.Тэнд Фридрих фон Хаиекаас авахуулаад Хантингтоныг хүртэл ер нь Барууны улстөрийн гал тогоонд чухам болж байдгийг илчилсэн байгаа. Харамсалтай нь бидний олонхийн уншиж судлаж итгэж найдаж явсан ихэнхи зүйл МОЛИГО байсанг батлаж энэ нөхдүүдийг камерийн өмнө суулгаж байгаад “гардсан” байгаа. Одоогийн Хойд Африкт өрнөж байгаа үйл явдлуудыг барууны том блогуудад арай өөр өнцгөөр тайлбарлаж ОДООГИЙН ДАЛД ӨРНӨЖ БАЙГАА ХЯМРАЛТАЙ /хаана хэний гэдэг нь ойлгомжтой шүү дээ/логик холбоог нь тодорхой гаргасан байна лээ. /би үхэхээр чи эхлээд үх гэдэг логик/ Энэ нийтлэл бас сонин байлаа. 😉 Энэ номоо өгмөөр байна Амжилт хүсье http://www.ubman.mn-р ороорой емайл бий

  11. bbold says:

    линкийг засна уу

  12. Hvn says:

    Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан… Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг… Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!… Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ… Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм … Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !… Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм… Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай ! Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !… Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
    Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!… Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!… Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай! Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

  13. С.Бат-Эрдэнэ says:

    Жирийн иргэн бидэнд нэг их юм хэрэггүй
    Маргааш амьд байх, Бидний хүүхдүүд хөгжих
    ирээдүтэй,Ёс суртахуунгүй юм хийсэн хүн
    тохирсон шийтгэл хүртэнэ, Тархи угаалтыг
    тайлбарласан хүнтэй энэ амьдралдаа учирсан байх Тийм үү? Үгүй юу Та л мэднэ

  14. khunshagai says:

    Huntington bol pseudo-racist, tiimees iim onoliig baruunii ter tusmaa US noyrholiig zowtgoh ulmaar ireeduid beldej bui bakterlogin genocide uildliig odoon hatgasan baina. Government, people gedeg hoyor shal uur oilgolt yum, unendee ter amerkiin ard tumnii opinion poll-oor bol ted islamiin esreg bish! uuniig tarhi ugaah hesegchilsen hudlaa sociologiin sudalgaa hiij haruulj baidag. Marxistuud urgelj consciousness yridag ni bas l uchirtai. humusiig toriin hyanalttai medeellin apparatus- aar setgen bodohuid ni nuluulj baidag gedeg ni oilgomjtoi.(Noam Chomsky) Dugnelt yu we geheer; ene bol uls turiiin bodlogo baij boloh bolowch, ergeed or undesgui yum, if we take into account the silent majority, i.e., the people who are not fully conscious of cultural differences unless it is propagated by state-controlled media such as BBC, CNN etc. Rousseau said ” Man before the social Fall was a compound of harmless self-love and sentimental sympathy” uuniig bi huwidaa unen gej uzdeg ba baruuniihan urgelj l self-love, selfishness gedegiig dowiilgoj surtalchilj baisan ba baruund ch mon uuniig buruu, hun gedeg bas sypathy gedeg yum baidag gej oilgodog yum. rousseau “Men don’t naturally fight among themselves but only over property” gej bas helsen baih ba herew bid political economy sudlah yum bol motivation urgelj profit baisaniig olj harah bolno. By the way let me remind you of the fact that the collapse of Soviet Union was not due to the cultural differences, but due to the economic reasons. (not to forget the CIA agent Gorbachev role also)

  15. khunshagai says:

    nemeed helhed “critical reading” gedeg zuil baih heregtei met. Ene met daind turhirsan humuusiig bas shuumjleh shaardlagatai ba Hun turluhtun uursdiin ireeduin amidralaa “Songoh” free humuus uchraas yagaad iim durak onoloor identity conscious boloh gej? herewee uzel surtal dagahdaa tulwal ene ni Hitler-iin Aryan Race uzelees ymar ylgaatai iin? adilhan l identity propaganda bgaa bizdee? Identity difference-iig surtalchilah l yum bol humuus itgehed belen baigaa, tuunees naash ugui ym. TABULA RASA

  16. gankhuyag says:

    Энэ онолыг шүүмжилж няцааж бололгүй яахав. Гэхдээ ганцхан комментоор “бут авчихаж” арай л болохгүй байх. Хажуугаар нь Таны “critical reading” хэтрээд орчуулсан намайг хүртэл шоронд хийчих шахаж байна. Псевдо расист, бактерологийн геноцид, дурак, арий онол сурталчилсан ялтай болж ч байх шиг. Гэхдээ хэн ч Таныг “онолын шүүгч”-ээр “томилоогүй”. Миний “Залуугийн өвчнүүд” өгүүллийг унш…

  17. puuje says:

    энэ номыг хаанаас олж унших вэ ?

  18. gankhuyag says:

    Сайн мэдэхгүй байна аа. Номын дэлгүүрт л лав дууссан байх…

  19. энэ номыг олон хүн уншаасай. Хүн бүрийн бодол санаа давхардана гэж юу яахав өөрийн өнцгөөс харсан сэтгэгдэлээ л үлдээвэл ер нь яадийн болдоо энэ хүмүүс заавал нэг нэгнээсээ илүү гарах гэж үзэхийн,,,

  20. Бадма says:

    Онолын тайлбар өгөөжтэй болжээ. Баярлалаа.
    Нүүдэлч иргэншил, тэр дундаа Алтай язгуурын “Морьтоны иргэншил” нь бие даасан суурь Иргэншилийн түүхтэйг Өрнийн онол судлалд бага мэддэг. Гэхдээ түүх онолд Евроазийн Морьтонуудын талаар өөр хандлага ХХI зууны эхээр бий болж байна гэж дүгнэх болжээ. Энэ нь прадигм үүсгэх боломжийг агуулж байх мэт. Нүүдэлчдийн соёл түүхийн шинж чанар, нөлөөлөлийг судлах явдал нь тэдний сүүлчийн Эзэнт гүрэн буюу Монголчуудыг таних явдалтай холбоотойгоос гадна нүүдэлчдийг “варвар” ангилалд бүхэлд нь тооцоход төвөгтэй болж буйг судлаачид тэмдэглэж байгаа юм байна. Энэ үйл явц эхлэлдээ байгаа гэж үзэхээр санагдана. Өнөөгийн нөхцөлд Монгол ба Япон, Жүүдийн нөхцөл байдал нь ганцаардмал, өнчирч сондгойрсон Иргэншилийн хэв маягтай үлдсэн ба эндээс бидний дахин төрөх ба Иргэншилээ солих эсэх түүхэн асуудал тулгарч байна…. гэх мэт…
    Ер нь бол мөчөөрхөн маргахаас илүүгээр мэдээлэл солилцох нь чухал байнаа, бидэнд…. Баярлалаа

  21. хүндэтгэсэн Н.Мөнхзул says:

    Сайн байна уу?Би Архитектурын магистрантын оюутан.Судалгааны маань сэдэв /Гэр суурьшилд амьдарч буй иргэдийн гадаад болон дотоод орчин/.Тэгээд бодоод байхлаар философи нийгэмтэй холбоотой гэж санагдаад болдоггүй ээ.Жишээ нь гадаад улсуудын болон монголчуудын иргэншилтэй холбож үзмээр байгаа юмаа.Та зөвөлгөө өгөөч!

  22. Ганаа says:

    Хамгийн их холбоотой. Ялангуяа архитектуртай. Энэ талаар миний мэдэж байгаагаар хамгийн сайн судалсан нь Петирим Сорокин (америкийн орос). Түүний “Нийгэм-соёлын динамик” гэсэн гайхамшигт бүтээл байдаг. Сонгодог эд л дээ. Түүний хоёр бүлгээс орчуулсан нь миний блогт одоо ч байгаа. Монголд анхны энэ орчуулгыг маань манайхан мэдэмхийрээд загнаад байхаар нь би больчихсон ш дээ…Тэрийг л олж унш…

  23. ulzii says:

    sain bnu nadd nom n heregt bnaa nomo tvr herglvlh hvn bnu cewerhen hergled ogi ene orchulga towch tanilculga yumu eswel bvren ehere yum bolwu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: