УРАНААР ХУТГАСАН БАНТАН

Бид нүүрс гэж давхисаар байгаад бараг бүгдээрээ “хав хар” мангуу болчихож. Өмнө нь зэс гэж давхиад зэс болтлоо “улайссанаа” нэгэнт мартчихаж. Харин нэг л асуудлыг бараг ярихгүй байгаа нь уран бөлгөө. Зүй нь энэ талаар цалин авч байгаа албан тушаалтнууд мэдээлэх ёстой. Тэд юу ч хийхгүй байгаа учраас үйлээ үзэж олон сар нухсан дэлхийн ураны тухай тоймыг хүргэж байна. Энд тэндээс авсан олон улсын тоо баримтууд ихээхэн зөрдгийг би анзаарсан. Гэхдээ надад энэ бүхнийг нягтлан шалгах зав зай, боломж байгаагүйг ойлгоно гэж найдаж байна. Монголчууд бид уран, зэс, төмөр, нүүрс, жонш зэрэг асар их ашигт малтмалаа цогцоор нь, шүтэн барилдуулж хамтад нь ашиглах асуудлыг ярих цаг аль хэдийн болсон. Үүнийг дан дангаар нь яривал тэнэглэл болдог, энэ нь даамжраад сүйрэл болдог гэдгийг ойлговол сайн л байна. Харин ийм шийдэл нь системийн онолын асуудал бөгөөд зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг юм. Ухаандаа нүүрс ярихаар уранаа мартчихдаг, уран ярихаар нүүрсээ мартчихдаг, эсвэл ашигт малтмал гэнгүүт эдийн засгийн бусад салбараа хаячихдаг, эсвэл нийгэм, оюун санааны бусад асуудлаа орхичихдог тэнэг зангаа татахад энэ өгүүлэл бидэнд чамгүй тус болно гэдэгт найдана…
Атомын сэргэн мандалт
Дэлхийн Цөмийн Холбоо буюу WNA 2009 онд 2030 он хүртэлх ураны прогноз хийжээ. Ойрын 20 жилд дэлхийн атомын реактор одоо байгаа 436-аас 823 болж 2 дахин нэмэгдэх бөгөөд нийлбэр хүчин чадал нь хоёр хувь гаран өснө гэж үзэж тэд байна. Одоо дэлхий дээр 50 реактор барьж байгаа бөгөөд хүчин чадал нь 2,5 дахин өснө. Ингээд 2030 он гэхэд ураны хэрэгцээ одооны 69 мянган тн-оос 109 мянган тн болох аж.
Энэ их эрчмийг Атомын сэргэн мандалт гэж нэрлэдэг болжээ. Ер нь бол АЦС зардлаа ердөө л 20 жилд нөхдөг жишигтэй, ихээхэн ирээдүйтэй аж. Эдүгээ томоохон улсууд цөмийн ямар ч төсөлдөө гадаадынхныг оруулах болсон нь зарчмын ихээхэн өөрчлөлт юм байна.
Ухаандаа Оросууд ураны ордоо японы Mitsui болон Хятад, Энэтхэгтэй хамтран ашиглах асуудлыг судалж байна. Мөн тэд италийн Enel, германы Siemens концернтэй идэвхитэй гэрээ хэлэлцээ хийж байна.
Эдүгээ АЦС-ын гол захиалагч нь Хятад, Энэтхэг хоёр болж байна. Энэтхэг гэхэд л 16 энергоблок бүхий 3 АЦС бариулах санал энэ онд өгчээ.
Америк-японы Westinghouse-Toshiba консерциум, францын Areva хамгийн том үйлдвэрлэгч юм байна. Одоо Areva Хятад, Финлянд, Франц, Энэтхэгт АЦС барьж байна. Харин Westinghouse нь тус бүр нь 1ГВт хүчин чадалтай 4 энергоблок Хятадад барьж эхлэснээс гадна хятадын атомын реакторын төсөл хэрэгжүүлэхэд оролцож байна. Сүүлийн үед барууны технологид тулгуурласан солонгосын KEPCO тодрон гарч Арабын Нэгдсэн Эмират, Туркэд АЦС барьж байна.
Энэ бүхэн нь ураны олборлолт, нийлүүлэлтийг тогтвортой хангах шаардлагыг бий болгожээ. 2009 оны байдлаар дэлхийн ураны үйлдвэрлэлтэд Их Британийн “Rio Tinto” 17 хувь, Канадын “Cameco” 16 хувь, Казакстаны “Казатомпорм” 16 хувь, Францын “Arevo” 15 хувь, Оросын “АРМЗ” 10 хувь, Австрали-Их Британийн “BHP Billiton” 6 хувь, бусад улсууд нийлээд 20 хувийг эзэлж байжээ. Энэ харьцаа ганцхан жилд ихээхэн өөрчлөгджээ.
Эдүгээ дэлхий дахинаа Rio Tinto, BHP Billiton зэрэг уул уурхайн төрөлжсөн компани, эсвэл “Казатомпром”, Areva, Cameco, АРМЗ томчууд голлож байна.
«Ux Consulting»-ын үнэлгээгээр 2011 онд ураны үнэ 30 хувь өсөх бөгөөд энэ нь Хятад дахь ураны эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Үүнийг Pengana Capital Ltd.» мөн баталж байна.
WNA 2020 он гэхэд хятадын ураны эрэлт жилийн 20 мянга тн-д хүрэх бөгөөд энэ нь 50.752 мянган тн болж буй 2010 оны хэрэглээний гуравны нэгээс илүү гарна гэж дүгнэж байна.
Хятадын ураны эрэлт нэмэгдсэн, Франц цөмийн бодлогоо шинэчилсэн, Малайз, Вьетнам анхны АЦС барих гэж буй үед ураны үнэ эрс өснө гэж «BGC Partners»-ын аналитик Жеми Коутс мэдэгдэв.
1990 оноос өмнө ураныг цэргийн стратегийн хөтөлбөрт зориулан их хэмжээгээр хадгалдаг байсан нь агуулахын ихээхэн нөөцийг бий болгосон байна. Пуужин болон атомын шумбадаг завь зэрэг цэргийн байгууламжид ихээхэн хэрэглэдэг байсан ураныг энхийн зориулалтаар ашиглаж болдог юм байна. “Росатом”-ын тэргүүн С.Кириенко оросын ураны бэлэн нөөц 50 жил хүрэлцээтэй гэсэн нь цөмийн зэвсэг хорогдуулснаас гарсан бэлэн нөөцийг оруулаад хэлж буй бололтой. Цөмийн зэвсэгтэй АНУ болон бусад улсуудад ч энэ хамаарна гэж бодож байна…
Ер нь бол ураны хайгуул хийж үйлдвэрлэх хүртэл компаниуд амар их эрсдэл хүлээдэг бөгөөд 100 талбайгаас 5-6-г л ашигладаг байна.
Орос
Сүүлийн хэдэн жил их даруухан байсан Оросууд гэв гэнэт ураны салбарт жинхэнэ орос далайцаар хэт зоримог алхмууд хийлээ. Хоёр жилийн өмнө байгуулсан “Росатом” холдинг, түүний гадаад худалдааны охин компани АРМЗ (атом-ховор металл-алт гэсэн үгийн товчлол) дэлхийд томоохонд орох канадын Uranium One-ийн хяналтын багцыг эзэмшигч болов. Ингээд “Росатом” Казакстан, Австрал, АНУ улсуудад олборлолт явуулах болов. Саяхан тэд австралийн Mantra Resources-ийг авснаар Танзанид хүртэл уран олборлох аварга хэмжээнд хүрч байна. Тэнд ураны хамгийн их нөөц байдаг байна.
2009 онд АРМЗ 4,6 мянга тн уран олборлож, дэлхийн олборлолтын 10-хан хувийг үйлдвэрлэж 5 дугаар байранд байсан бол 2015 он гэхэд дэлхийн ураны 18 хувийг буюу 12,5 мянга тн үйлдвэрлэнэ гэж амлаж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө АРМЗ-ын ерөнхий захирал Вадим Живов: “Манай стратегийн зорилт “Росатом” болон Засгийн Газрын шийдвэрээр хэрэгждэг бөгөөд АРМЗ 2015 он гэхэд үйлдвэрлэлийн хэмжээгээ жилд 15,1 мянган тн хүргэж дэлхийд нэгдүгээрт орох явдал болно. Энэ түвшинд нийлүүлэх, нэгтгэх замаар богино хугацаанд хүрч болно” гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдэв. Ойролцоо хугацааны хоёр мэдээлэлд хүртэл тоо ихээхэн зөрж байгааг тооны алдаа биш, асар хурдан амжилт олсных гэж үзэж болно байх…
Оросуудын өөр нэг гол чиглэл нь АЦС болон турбинаас эхлээд реакторын үй олон тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэр барих, экспертиз хийх явдал болно. “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко 2010 оны төгсгөлд 23-25 энергоблок буюу АЦС барих захиалга авна гэж мэдэгджээ.
Одоо оросууд Куданкулам, Словакийн Моховце, Болгарын Белене, Ираны Бушерт АЦС барьж буй бөгөөд Украин, Белорусс, Турк, Хятад, Армени, Вьетнам, Энэтхэгт тоног төхөөрөмж нийлүүлж байна. Улмаар Чех, Иордан болон бусад орнуудын тендерт оролцож эхэллээ. АРМЗ 2009 онд германы Nukem Technologies бүрэн худалдан авч, украйны “Атомстройэкспорт”-ын хяналтын багцыг олж авчээ. Түүнээс гадна түүхэндээ анх удаа цөмийн түлшний үйлдвэрлэлийн зарим хэсгийг хилийн чанадад гаргах шийдвэр гаргасан байна.
Энэ нь одоогоор Орост буй нийтдээ 24,2 ГВт хүчин чадалтай 10 АТЦ-ын хүчин чадлаас олон дахин даван гарах болов. Хоёрхон жилийн дотор ийм амжилт олжээ.
Энэ амжилтын үндэс нь төрийн зүгээс хүчтэй дэмжлэг үзүүлж, баталгаа гаргаж буй явдал болно. Ухаандаа Mantra Resources-ийг 100 хувь худалдан авахад 1,2 миллиард $, харин Uranium One-ийн казастанд буй ордын хувийг авахад 610 сая $-ыг төлсний ихэнхийг улсын төсвөөс гаргажээ.
Энд хоёр зүй тогтол ажиглагдаж байна. Нэгдэх нь ураны активыг олж авахад төрөөс шууд тусалж байна. Хоёр дах нь гадаадад АЦС барихад төр болон улсын банкнууд тусалж байна. Манайхан Оросуудтай гэрээ хийхдээ тэдэн хувийг манайх авна гэхийнхээ оронд нэг АЦС бариад өгөөч гэсэн бол амархан бүтчих эд шиг санагдсан шүү…
Нөгөө талаар Оросууд дэлхийд томоохонд орох 319 сая тн нөөцтэй Эльконы орд газарт олборлолт эхлүүлэв. Дашрамд дурдахад энэ орд нь Якутад байдаг бөгөөд нүүрсний Элгэний ордтой ойролцоо оршдог бололтой.
Оросууд амжилтаа улам бататгаж 2009 онд НАК “Казатомпром”-тай стратегийн хамтрагч болж чаджээ. Дараа нь канадын Uranium One (U1)-ын активыг авснаар уран олборлолтыг 2009 онд 25 хувь (4624 тн), 2010 онд 12 хувь (5174 тн) болгон өсгөж чаджээ. Тэд энэхүү Uranium One нь ураны даяар өсөлтийн тулгуур болно гэж үзэж байна.
Хятад
2010 оны байдлаар Хятадад 11 цөмийн реактор, мөн Дэ Бей, Циньшан, Тяньвань болон Лин Ао гэсэн 4 том АЦС ажиллаж байна. Одоо хятадад 25 АЦС ид барьж байгаа ба цааш нь 54-ийг нэмж барина гэж төлөвлөөд байна. Гэхдээ хятадын АЦС-ын ихэнхи нь далайн эрэг дагасан байрлалтай бөгөөд далайн усыг шууд хөргөлтөлтөө ашигладаг онцлогтой.
Хятад эрчим хүчний балансад одоо 2 хувь эзэлж буй цөмийн эрчим хүчээ 2020 он гэхэд 5 хувьд хүргэхээр чармайж байна. Хятадын Гаалийн албаны мэдээлэл болон “Wall Street Journal”-ын дүгнэлтээр Хятад 2010 онд байгалийн ураны импортоо 2009 оныхоос бараг 3 дахин нэмэгдүүлж 17,136 тн болгожээ. Өнгөрсөн онд мэргэжилтнүүд хятадын ураны импортыг 11.000 тн болно гэж ихээхэн доогуур үнэлж байжээ.
Хятад уранаа одоохондоо (одоохондоо шүү дээ !!!) Казахстан, Узбекистан, Намиби, Орос, Австралиас авдаг байна. Өнгөрсөн жил хоёр шинэ реактор ашиглалтад оруулснаар АЦС-ын нийт хүчин чадал 10,8 ГВт болжээ.
Хятадад Цөмийн эрчим хүчний «China National Nuclear Corp» (CNNC) болон «China Guangdong Nuclear Power Holdings Corp» (CGNPC) гэдэг хоёр том аварга байдаг. Хятадын үндэсний цөмийн корпорац-CNNC нь Төрийн Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан улсын хамгийн том байгууллага юм. CNNC нь 100 гаруй компани, институтыг нэгтгэдэг бөгөөд түүнд Хятадын ШУА, Техникийн шинжлэх ухааны Академийн харгалзах салбарууд харъяалагдахаас гадна цөмийн академич 20 гаруй ажилладаг байна.
Нөгөө нэг аварга CGNPC гэхэд л Узбекийн Новайн металлургийн комбинатын ураныг авах, канадын «Cameco Corp.»-тай 2025 он хүртэл 29 сая фунт уран авах гэрээ хийжээ. Харин CNNC нь мөнхүү «Cameco Corp.»-тай 2020 он хүртэл 23 сая фунт ураны баяжмал авах гэрээ хийсэн байна. Хятадын цөмийн эрчим хүчийг нутгийн зүүн хойт хэсэгт ажилладаг CNNC, зүүн өмнө хэсэгт ажилладаг CGNPC хоёр л мэдэж захирдаг байна.
Хятад мэргэжилтнүүд 2020 онд ураны хэрэглээний түвшин 20-25 мянган тн болно гэж үзэж байна. Ураныг ингэж ихээр авч байгаа нь БНХАУ ураны өөрийн гэсэн нөөц бүрдүүлж байгааг харуулж байна.
Хятад 1970 онд анхны АЦС-аа барьсан бөгөөд тэр үед гэхэд л 728 институт ажиллуулж байжээ. Эдүгээ тэдгээрийг Шанхайн цөмийн судалгааны инженер-зохион бүтээх институт нэгтгэн удирдаж байна. Хятад халуун цөмийн ректор хийх төсөлд идэвхитэй оролцож буй.
Тэд саяхнаас CPR-1000 загварын реактор хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь Areva-ийн оюуны өмч аж. Харин сүүлийн үед Westinghouse 2020 он хүртэл орчин үеийн AP 1000 реактор 100-г өгөхөөр болсон байна. Барууныхан орчин үеийн технологитой реакторуудаа Хятадад нийлүүлдэггүй бодлого барьдаг аж…
2010 онд хятадууд нэгэнт ашигласан цөмийн түлшнээс уран, плутон гаргаснаа зарлаж дэлхийг алмайруулав. Энэхүү нээлтийн ачаар цөмийн түлшний үр ашиг 60 дахин нэмэгдэж хятадын төдийгүй дэлхийн АЦС-уудыг ихээхэн үр ашигтай, хүртээмжтэй, аюулгүй болгох хэтийн төлөв нээж байна. Гэтэл ердийн технологиор бол ашигласан цөмийн түлшний ердөө л 3-4 хувийг дахин боловсруулж амждаг байна. Хятадууд энэ технологийг 24 жилийн цуцалтгүй оролдлогын үр дүнд олсон байна. Ингээд хятадууд цөмийн асар их нэмэгдэл нөөцтэй болж байна.
Цөмийн түлшийг дахин сэргээх (регенераци) төслийн ерөнхий инженер Ван Цян: ”Энэ төхөөрөмжийг бид бие даан зураг төслийг нь зохиож, өөрсдөө тоноглолоо хийсэн. Энэ бол ер бусын бөгөөд ийм зүйл дэлхийд өөр байхгүй” гэж мэдэгдэв.
Энэ нээлт гартал цөмийн түлшийг өндөр үр ашигтайгаар дахин сэргээхийг Франц, Орос, Их Британи, Япон, Энэтхэг улсууд л мэддэг байсан ба бүгдээрээ үүнийг төрийн нууц гэж үзэж байжээ. Цөмийн түлшний хаягдлыг голдуу газар буюу далай зэрэг том усан сангийн ёроолд хаях аргаар зайлуулдаг байлаа. Энэ үлэмж аюултай гэдгийг олон хүн мэднэ буй за.
Казакстан
Сүүлийн хэдхэн жилд Казакстан ураны ертөнцийн Саудын Араб болсон нь тодорхой байна. 2020 он гэхэд уран олборлолтын 70 орчим хувийг Казакстан болон Африкийн орнуудад ногдоно гэж мэргэжилтэнүүд тооцож байна.
2008 онд Казакстан дэлхийн ураны олборлолтын 20 хувийг хангаж, дэлхийд хоёрт орох болжээ. Дараах 2009 он гэхэд казакууд уран олборлолтоор олон жил тэргүүлж ирсэн Канад, Австралийг орхиж дэлхийд эхний байрыг эзлэх болов. Манайх ч гэсэн баруун талдаа хайвал уран байгаа л байх…
МАГАТЭ-ийн ивээл дор цөмийн түлшний олон улсын банкыг өөрийн нутаг дээр байгуулах Казакстаны 2009 онд гаргасан санаачлагыг АНУ ихэд дэмжиж байгаагаа энэ оны 1 дүгээр сард мэдээлэв. Энэхүү банк гэдэг нь цөмийн хэрэглэсэн хаягдал түлш хадгалах зориулалтай аж. АНУ БН-350 цөмийн реакторын ашигласан цөмийн түлшийг тээвэрлэх, удаан хугацаагаар хадгалах томоохон төсөл саяхан дууссаныг талууд сэтгэл ханамжтай тэмдэглэжээ.
Яагаад Казакстан ийм аюултай төсөл хэрэгжүүлэв гэвэл хуучин ЗХУ-ын үеийн цөмийн туршилт хийж байсан Семипалатинскийн полигон болон Дорнод Казакстаны мужийн төв Усть-Каменогорск дахь Ульбиний металлургийн завод байгаатай холбоотой. Тэнд 1949-1989 онуудад ЗХУ нийтдээ 500 удаа цөмийн туршилт хийж хорддогоо хордоод гүйцчихсэн газрууд юм. 18500 км квадрат талбай эзэлж дээд зэргээр хордсон газар энэ дэлхийд өөр байхгүй. Тэгэхдээ манай яг баруун талд шүү дээ. 1992 оноос Казакстан энд Үндэсний цөмийн Төв нээн ажилллуулж байна. Энэхүү Ульбиний металлургийн завод нь атомын цахилгаан станцын түлшний үрэл үйлдвэрлэдэг байна. Энэ нь монгол дарга нарын ярьдаг “шар нунтаг” огт биш бөгөөд бидэнд ийм түвшинд хүрэх өргөн боломж байгаад би огт эргэлзэхгүй байна. Дашрамд дурдахад Хятад цөмийн туршилтаа манай яг баруун урд талд Лоб нуурын полигонд хийдгийг санах нь илүүдэхгүй л байх…
Манайх бол “шар нунтаг”…
Монгол Улс ураны нөөцийнхөө бодит хэмжээг мэдэхээ больсон, эсвэл ард түмнээсээ нууж байгаа нь илт байна. Ингээд манай “цөмийнхний” ярьснаас цөөн жишээ татъя.
Уранаа олборлоод, шар нунтагийг нь гадагшаа зарахад багагүй мөнгө босох байх. 1000 мгВ-ын хүчин чадалтай атомын цахилгаан станц барихад гурван триллион ам.доллар шаардлагатай. Энэ нөхөр манай эрчим хүчний багтаамжийн талаар ямар ч төсөөлөл алга. Бас дөрвөн аргын тоо ч мэдэхгүй байна.
• Францын “Арева“ Монголд орж ирээд арваад жил болж байна. Тэд Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт хайгуул хийдэг. Захирал Анна Лувeржан ирж манайхтай хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Хэр зэрэг уран олсон талаараа манайд албан ёсоор мэдээлээгүй. Eр нь бол уран гайгүй олдож байгаа юм шиг ярьж байна лээ…Ёстой мал гэж үүнийг л хэлдэг байх…
• 2009 оны 7 дугаар сарын 16-нд Цөмийн энeргийн тухай хуулийг УИХ баталсан. Бид өмнө нь Ашигт малтмалын газраас олгосон тусгай зөвшөөрлийг хянаж, шинэчлэн бүртгэж эздэд нь эхнээс нь хүлээлгэн өгч байгаа. Нийтдээ 29 аж ахуйн нэгжийн 166 тусгай зөвшөөрлийг бүртгэж дууссан. Өнөөдрийн байдлаар Францын “Арeва”-ийн охин компани -“Кожeговь”-ийн 36, “Камeко Монгол” компанийн 10, “Эс Ар Эм” компанийн нэг зөвшөөрлийг шинэчлэн бүртгээд хүлээлгэн өгсөн…
• Ураны тусгай зөвшөөрлийн бүртгэлээс 600 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоогийн байдлаар Монголын ураны салбарт гадаадын 20 гаруй компани (?!) үйл ажиллагаагаа явуулж байгаа…
Манай Цөмийн эрчим хүчний агентлаг бүгдээрээ цөмийн хордлогод орчихсон бололтой ”шар нунтаг” гаргана гэж орилохоос өөр юу ч мэддэггүй гэдгийг Та ойлгосон байх.
Харин ОУАЭА (МАГАТЕ)-ын 2007 оны нэгтгэсэн дүнгээр Монголын ураны нөөцийг 62 мянган тонн гэжээ. Манай ураны боломжит нөөцийг 80 мянган тонн, үүнээс 59 мянган тонн нь үйлдвэрлэлийн зэргээр бэлтгэгдсэн гэж өөр нэг мэдээнд дурджээ.
“Aker Solutions” компанийн тооцоолсноор Дорнод болон Гурванбулагийн ураны ордууд 2012 оноос ашиглалтад орсноор Дорнодын ордоос жилд дунджаар 1.5 мянган тонн, Гурванбулагаас 0.76 мянган тонн уран тус тус олборлож Узбекстанд дөхөж очих гэнэ. Дээрх тооцоогоор Дорнодын ордыг 15, Гурванбулагийг есөн жил ашиглах аж. Энэхүү “Aker Solutions” нь 2008 оны 4 дүгээр сар хүртэл “Aker Kvaerner” нэртэй байжээ. Гэхдээ ураны биш, нефть химийн хайгуулын инженеринг компани бөгөөд Ослод төвтэй аж. Мөн цөмийн хаягдал булах ажил хийдэг байна. Их л сонин юм билээ…
Өөр нэг “албан ёсны тоо”-нд: Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулгийн ордод- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн юм. Энэ тоо манай нутгийн зөвхөн зүүн талын тун өчүүхэн хэсэгт хамаарна гэж би үзэж байна.
“Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин Японтой гэрээ хийж 60 сая ам.доллар “босгожээ”. Японд амласан л байж таарна. Асар удалгүй Канадтай гэрээ байгуулсан баримт нэг их хуучраагүй байгаа. Гэтэл нөгөө талд хятадын CNNC канадын “Хан ресурс”-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл тархсан нь үнэний ортой. Мөн хятадын CNNC төрийн өмчит компани манай Дорнотын Гурван булаг дахь ураны ордын лиценз эзэмшиж байсан канадын Western Prospector-ыг худалдан авсныг олон улсын мэдээлэл гэрчилж байна.
Дэлхийн ураны олборлолтын 83 хувийг гүйцэтгэдэг найман компанийн тав нь манайд үйл ажиллагаа явуулж байна. Манайхан энэ томчуудаас гадна дэвэн дэлхийн асар олон компанид ураны лиценз өгсөн байна.
ОУАЭА-ийн шинжээчид манайд гурван жил дараалан ирж ураны илэрцтэй танилцжээ. 1994 онд МУ-ОХУ-АНУ-ын хамтарсан “Гурвансайхан” ХХК Дорноговьд Хараат, Дундговьд Гурвансайхан, Чойр, Өндөршил, Өлзийтийн хотгоруудад эрэл хайгуул хийжээ. Ингээд 1996 онд Дундговийн Хайрханы ордыг илрүүлжээ. Тоо баримт алга…
Дорнодын орд дээр Монгол-ОХУ-АНУ-ын хамтарсан “Төв Ази” ХХК хэсэг ажиллаад гараад явчихсан байна. Энэ хайгуулын тоо баримт бас л алга. Харин 1997 онд Францын “Кожема”, Монголын “Говьгео” хамтран 2002 онд Зүүнбаянгийн хажууханд Дулаан-Уулд эрдэсжилт олж үйлдвэрлэлд бэлтгэж байна. Хожим “Кожеговь” компани болон хувирчээ. Энэ нь мөнөөх францын Areva мөн болохыг үйлээ үзэж байж мэдэв. Бодвол би урд нь сонирхдоггүй байсан, бас мэргэжлийн бус байсантай холбоотой байж болох юм.
2003 оноос манайд Канадын “Western Prospector group”, “Khan Resources Inc”, “Cameco Copr”, “Solomon Resources Limited”, “Mega Uranium”, “East Asia Minerals Copr” зэрэг арваад компани хөрөнгө оруулалт хийж байжээ. Эд бүгдээрээ хайгуул хийсэн нь мэдээжийн хэрэг.
Эндээс манайхан уранаа олон улсуудад зэрэг зэрэг амлаж хамаг бантан хутгажээ гэсэн гарцаагүй дүгнэлт гарна. Энэ нь одоо гай болж байна…
Канадын Khan Resources оросын АРМЗ холдингоос 300 сая канад доллар нэхжээ. Манай саяхны мэдээнд 80 сая гэсэн. Манайхан Дорнодод хайгуул, олборлолт хийж байсан Khan Resources-ын лицензийг хүчингүй болгосны буруутан нь АРМЗ гэж тэд үзсэн байна. Оросын хууль зүйн яам энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Khan Resources-ын захирал Грант Эдди “өөр арга олно” гэж хариу мэдэгджээ. Энэ нь нутаг дээрээ байгаа оросын Uranium One-ийн өмчийг барьцаалж магадгүй юм байна.
Олон хүн Оростой хамтарсан үйлдвэр барихаар тохирсон гэж ойлгож байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө АРМЗ-ын ерөнхий захирал Вадим Живов: “Одоо монголын тал хамтарсан үйлдвэр ажиллах талбайг зааж өгөх ёстой. Монголд ирээдүй бүхий ихээхэн олон талбай байгаа. Хэрэв нэгэнт боловсруулж байсан талбайг (?!) монголчууд санал болговол тэд одоогийн болон өмнөх өмчлөгчидтэй зохих ёсны гэрээ хийх ёстой. Бид цэвэр, үүрэг байхгүй, хугацаагүй лиценз авна гэж найдаж байгаа. Хэрэв монголын талын санал бидний санаанд нийцэхгүй бол Хамтарсан үйлдвэрийн ажил эхлэхгүйд хүрнэ” гэж мэдэгдэв. Энд ураны лицензийг өөр улсуудад зарчихсан хийгээд уран олборлож байсныг хэлж байгаа нь илт байна.
“Монгол ирээдүй бүхий ихээхэн олон талбай”-гаа хэнд өгөхөө мэдэхээ больсон учраас Монголын төр засгаас өгч буй мэдээллүүд ихэд хуучирсан, бодит байдалтай нийцэхгүй, мөн бодлого үйлдэл нь монгол үндэстэнд үлэмж аюултай түвшинд хүрсэн гэж би судлаачийн хувьд үзэж байна…
Дүгнэлт:
• Монголын ураны асар их нөөцтэй, энэ нь нутгийн бүх хэсэгт асар их хэмжээтэй буй. Үүнийг би таамгаар хэлээгүй
• Монголын төр энэхүү нөөцөө бүрэн мэддэггүй, хайгуулын ажлын тайлангаа авч чаддаггүй, авсан ч түүнийг ашиглан шийдвэр гаргаж чадахгүй болтлоо дампуурсан
• Дэлхийн олон улсуудад бараг бүгдэд нь зэрэг зэрэг амлаж, дунд нь яаж ч чадахаа больсон бөгөөд олон улсын ноцтой будлиан хутгаж байгаа
• Удахгүй ураны асуудал нүүрснээс илүү хурцаар тавигдах үед шийдлийн ямар ч хувилбар байхгүй
• Ураны асуудлыг санаатайгаар орхигдуулах буюу нууцалж байгаа нь гэмт үйлдэл, гэхдээ уран зэрэг ашигт малтмалын талаарх мэдээллийг нуух боломж огт байхгүй
• Эдүгээ ашигт алтмал хайж, олборлож байгаа бараг бүх газруудад Монгол Улсын засаг захиргааны нэгжүүд бүрэн устаж байна.
• Ашигт малтмалын олон төрлийг цогцоор нь, шүтэн барилдлагатай ашиглаж удирдаж чадахгүй байгаа нь нам төрийн олон жил угширсан хөнөөлт үйлдэлтэй шууд холбоотой
Монголд “баялгийн хараал” болоогүй, харин хэдхэн эрх баригч болон эрх барьж байсан арчаагүй хүмүүсийн хэтийдсэн шунал, хэрүүл тэмцлээс үүдсэн хараал манай үндэстнийг хөнөөж байна
Үүнээс цааш бол улс төрийн асуудал бөгөөд зохистой шийдэл гаргах онолын болон практик хувилбар, боломжууд байгаа нь ямар ч эргэлзээгүй…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 3 дугаар сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to УРАНААР ХУТГАСАН БАНТАН

  1. tsogoo says:

    yamar ch baisan uranii haiguuliin tailang nuutsiin zeregleltei geed uzuuldeggui yum. tegeheer Uranii nuutsiin bagtsaa toog zuwhun ashigt maltmaliin hereg erhleh gazriin tomchuud l medeh baihdaa. Uranii huvid dangaaraa baidaggui ihevchlen holimogoor gazriin hovor element bolon busad ashigt maltmaltai hamt baidag ontslogtoi. tiim ch bolohoor gazriin hovor element bolon har tugalgiin zarin orduudiig davhar urantai gej uzej bolno. jishee ni dornodiin gurbanbulag, bayanuul sumand uil ajilgaa yavuulj baigaa shin shin geed china-giin company gehed urantai murtluu tailangaasaa uranaa hasaj erdes bayalgiin zuwluld orson baih jisheetei. ene company odoo china-giin turiin umchit company-d huwitsaagaa ugsun gej duuldsan. shin shin-ig sonirhvol http://www.sonin.mn deer niitlelch Otgonjargaliin niiteld nileen delgerengui bichsen baigaa. atomiin tsahilgaan stants barih asuudaliig ug ni manai erdemted sudlaad dund ovriin atomiin tsahilgaan stants barih ni zuitei geed tailan tootsoogoo hiigeed ugchisun baigaa. yer ni ene salbart manaih bolovson huchin hediinee beldchihsen baigaashte. Tsumiin physik-eer ajildag olon mgl erdemted dubna bas olon ulsiin tsumiin agentlagt bn. sudlaachiig delgeruuleed sudlahiig husie.

  2. цолмон says:

    Сайн байна уу? улстөр судлаач Ганхуягаа. Энэ цагаа олж төрийн ЭРХ БАРИГЧДЫГ сэрээхийг оролдсон дүгнэлт-өгүүллэг байна гэж бодож байна.Даан ч Монгол улсад ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО огт үгүй болсноор, зөвхөн төрд гарсан ХЭДЭН АМЬТАН л баяждаг гаж байдал ноёрхож байна.Ард түмэн маань үүнийг зөвхөн ЗӨВ – УХААНТАЙ СОНГУУЛИАР л өөрчилж чадах байх в Тийм үү? Танд амжилт эрүүл энхийг хүсье

  3. 2b4 says:

    амар сууна уу та нэг асуулт байх юм ЕР НЬ МОНГОЛ МААНЬ ЯАХ ГЭЖ ГАЗРЫН БАЯЛАГАА ГАДАГШИ НЬ ЗАРЖ БАЙЖ ХӨГЖИХ ЁСТОЙ ЮМ БЭ доолуураар зарав тэгээд цаашаа доолуур яаж хөгжил болох вэ монголд төгрөг гүйлгээнд байгаа бус уу ХӨГЖИЛ ГЭЖ ТА ЮУГ ОЙЛГОДОГ ВЭ

  4. bataa says:

    sonirholtoi blaa. uranii asuudliig sanaataigaar orhigduulj (ul haihrah) bgaa ni ymar uchirtai yum bol? minii bodloor tor zasag ashigt maltmaliinhaa buh salbart huchee tegsh huviarlan ajillaj chadahgui bgaa bololtoi. ugaasaa uul uurhain hogjliin onoodriin tuvshind manai toriin togtoltsoonii ajliin chadavhi dutah bolno. argagui ee het ih ajillah yum bol sul doroi toriin togtoltsoo ulaisan gatsah bolno. (minii l bodol…)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: