САНАМСАРГҮЙ “БАЛЛУУЛСАН” САНАА…

Саяхан “С.Хасчулуу: Судлаач Ганаа хуулбарлагч” гэсэн лаг сүржин гарчигтай шүүмж гарав. Гарчгийг нь би өгсөн юм аа. Зарим нь бүр над руу утастаж “хүүхэдтэй хэрэлдээд” яаханав чи гэж зэмлэлээ шүү дээ. Зарим нь ч яахав, “шизо” нь хөдөлсөн гэсэн оношоо тавьж, зарим нь цаана нь “лаг том улс төр” эхэллээ гэж бодож байгаа бололтой. Би Хасчулуу хэмээх энэ залууг сайн танина. Компюьтер “ухсан” ухаалаг нэгэн байгаа юм. Түүний хийсэн “гэм” юу гээч ?! “Энэ нийтлэл Өнөөдөр сонины сэтгүүлч Мөнхчимэгийн нийтлэлтэй их төстэй юм ?” гэсэн ганцхан өгүүлбэр. Санаатай “хорлох” гэсэн юм энд байхгүй л гэж бодож байна. Үүнийг би тоолгүй хаячихаж болох л байсан. Гэхдээ энэ нь танин мэдэхүйн маш буруу арга барилын эхлэл, бас ноцтой гэмээр үйлдэл болж байгаа юм. Үүнийг л тайлбарлах гэсэн юм…
Том байлдаан хийж байхад…
Ер нь бол мэдээллийг үйлдвэрлэдэг юм. Мэдээллийн үйлдвэрлэлийн түүхий эд нь мэдээж төрөл бүрийн “жижиг” мэдээлэл болно. Эдгээрийн ихэнхи нь “нууц” байдаг. Үүнийг “ил” гаргаж, мэргэжлийн түвшинд логик холбоост оруулж, шүтэн барилдлагыг нь гаргаж чаддаг хүн Монголд цөөхөн. Монголд албан ба албан бус мэдээллийн зангилаа ердөө л 20 орчим байдаг гэж би олон удаа дурдаж байсан.
Одоо улс төрийн тэмцэл ид ширүүн үедээ орж байна. Манай хүмүүст эрэмбэлж, багцалж системчилж, ойлгомжтой болгож боловсруулсан үнэн зөв мэдээлэл маш их хэрэгтэй байна. Би “Алтнаас үнэтэй шороо” өгүүлэлдээ ГХМ-ын дэлхийн зах зээл, түүний хандлага, ГХМ-ын дайны тухай асар олон сурвалжаас авсан. Хасчулуугийнхаар бол “хуулсан”. Гэхдээ аливаа нийтлэлд гол санаа, “улаан шугам” гэж байдаг.
Миний тэр өгүүллийн гол санаа дараах дүгнэлт байсан юм. Одоо ахиад унш л даа…
“Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргав. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай. Ашигт малтмалаа гадаадтай хамтран ашиглаж, олборлож мэдээж болно. Ил тод байвал хамаа алга. Харин газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…”
Энэ чинь их ноцтой дүгнэлт шүү дээ. Гэтэл Хасчулуу хажуугаас орж ирээд энэ ноцтой асуудлыг ердөө л “хуулсан” болгоод “өөрчилчихөж” байна. Энэ тохиолдолд дээрх гол санаа саармагжиж, олон нийтийн анхаарал ихээхэн сарнидаг юм. “Анхаарал сарниулах” иймэрхүү аргыг голдуу эрх баригчид пиартаа түгээмэл хэрэглэдэг юм. Гэтэл пиарчин биш, “сониуч хүүхэд” гараад ирэх нь тэр. Гартаа жинхэнэ “байлдааны гранат” барьчихаж…
“Том байлдаан” хийж байхад ёстой баллалаа гэсэн үг л дээ. Миний уурлаад байгаагийн учир энэ л дээ…
Төсөөлөн бодоход…
Хасчулуу миний “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийг уншжээ. Тэгээд компюьтерийн хүн болохоороо хайлт хийгээд үзэж. Энэ бол их зөв дадал юм шүү. Ямар ч хүн, ялангуяа судлаач хүн мэдээллийг заавал шалгаж, асар олон зүйлийг харьцуулах ёстой байдаг. Тэгсэн чинь “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ц.Мөнхцэцэгийн нэгэн өгүүлэлтэй их төстэй байх нь тэр. Өө, үхсэн хойноо, нэг их судлаач мудлаач гээд онгироод байсан чинь иймхэн “амьтан” байна гэж бодоо байлгүй. Энийгээ л асуусан хэрэг шүү дээ. Төстэй гэдэг нь миний хувьд аль ч утгаараа хуулсан гэж буухаар байсан.
Тэгээд миний “хуулсаныг” харьцуулсан “ажлаа” нааш нь явуулчих л гэлээ. Тэгье гэж байна аа. Тэгээд л би блогтоо тавьчихсан юм. Энэ бол манайд огт байгаагүй тохиолдол л доо. Хүний юм хуулсныг нь илчилсэн “муу муухай” баримт нотолгоог блогтоо шууд тавчихдаг хүн хорвоод цөөхөн л байх…Яагаад ингээд байна гэж бодох ёстой атал манай хүн огт “бодохгүй” шууд л явуулж орхиж байна. Энд Хасаа их аюултай үйлдэл хийж байна. Учир нь тэр миний юу бодож, төлөвлөснийг огт мэдэхгүйгээр үйлдэж байна. Түүний аз болоход би “дайсан” нь биш юм даа…
Нийтлэл юунаас бүтдэг тухай
Ямар ч сэтгүүлч нийтлэлчийн ямар ч бүтээл сэдэв, том жижгээсээ үл хамааран дараах зүйлээс бүрддэг. Нэг. Нийтлэг мэдээлэл, хоёр. статистик баримт, гурав. түүхэн баримт, дөрөв. судалгааны дүн, тав. болж буй үйл явц. Ингээд л боллоо. Эдгээр нь зөрчилтэй, найрсалтай үй түмэн янз байх нь хууль. Мөн нийтлэлч бүрт хүмүүст хүргэх гэсэн гол санаа, “улаан” шугам гэж байх. Тэд үүнийгээ хүмүүст хүргэхийн тулд эдгээр үй түмэн баримтаас өөрийн гэсэн арга барил, мэдээллийн хүрээнд шүтэн барилдуулж нотолгоо, үндэслэлээ гаргадаг. Энэ нь тухайн хүний арга барилаас шууд хамаардаг.
Хийсвэрлэвэл 10 нийтлэлчид яг ижилхэн баримт мэдээлэл өгөөд бичүүлэхэд төстэй болох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ л анализ хийх чадвар, бичлэгийн арга барил, логик сэтгэлгээ, холболт зэрэг асар олон шинжээрээ ялгаатай байдаг. Үүнийг энгийн хүн анзаарахгүй байж болох боловч бичдэг бид хэд бол ялгана шүү.
Гэтэл манай Хасчулуу өөрийн “төстэйн” нотолгоогоор бүх сэтгүүлч нийтлэлчдэд дараах зүйлийг “хориглож” байна. Үүнд:
Нийтлэг баримт ашиглаж болохгүй. Би энд ямар ч хүн ашиглах эрхтэй, нийтэд зориулсан толь, нэвтэрхий толь, лавлах, интернет лавлах зэргийг оруулж байна. Манай тохиолдолд ГХМ гээд хайлт хийхэд түүний ерөнхий шинжийн тухай бэлэн мэдээлэл аль ч хэл дээр олон байдаг. Миний хувьд ГХМ-ын ерөнхий шинж, түүхийг Wikipedia-аас авсан. Эхний бичигч ч гэсэн ямар нэг лавлахаас авсан нь лавтай. Харин Хасаа бол эхний хүн зохиосон, удаах хүн хуулсан гэсэн дүгнэлт хийж байна. Ямар ч нийтлэлч иймэрхүү түгээмэл зүйлийг “нурших” ёстой болдог юм. Энэ нь хүмүүсийн мэдлэг хийгээд тэдний мартамхай зангаас шалтгаалдаг. Ухаандаа манайхны олонхи ГХМ-ыг огт мэдэхгүй, мэддэг цөөхөн нь “мартчихсан” байх нь зүй тогтол учраас эхлээд “мэдээж юмыг” сануулан “ойлгуулдаг” учиртай. Гэтэл нийтлэг лавлах, толиос мэдээлэл авч бичих эрхгүй юм байна.
ГХМ-ын талаар бичиж болохгүй. ГХМ манай нутагт байгаад, түүнийг ашиглах асуудал хөндөгдөж байгаа цагт энэ нь мөнхийн сэдэв юм. Удахгүй хэн нэгэн ГХМ-аар бичих нь гарцаагүй. Түүнийг бичих болтол манайхны ихэнхи “мартчих” нь гарцаагүй. Тэгээд тэр хүн ГХМ-ын талаар сануулан “нуршиж” л таарна. Тэгвэл манай Хасаагийн логикоор бол энэ хүн эсвэл сэтгүүлч Мөнхцэцэгээс хуулсан, эсвэл судлаач Ганхуягаас хуулсан болно. Энэ мэтчилэн манай ямар ч нийтлэлч нүүрс, алт, зэс, уран гэх мэтчилэн ашигт малтмал болон бусад аль ч сэдвээр бичиж болохгүй нь байна. Өмнө нь хэн нэгэн хүн бичсэн л байж таарна, тэгээд бичвэл “хуулсан” ялд унана. Таван Толгойгоор бол ёстой огт бичиж болохгүй шүү…
Алдарт хүмүүсийн үгээс иш татаж болохгүй. Хасаагийн олсон нэг “нотолгоо” нь Дэн Сяо Пиний үг юм. Үүнийг би бичих эрх байхгүй. Яагаад гэвэл өмнө нь сэтгүүлч биччихсэн учраас. Энэ үгийг хэлэх үед нь нэг их олон хүн Дэн сяо Пиний дэргэд байгаагүй л гэж бодох юм. Уг нь бол үүнийг хэн ч дурдах эрхтэй баймаар атал болохгүй юм байна.
Тэгэхлээр манай Хасаагийн нотолгоо-хоригийн дагуу бол Монголд юм бичих эрхтэй хүн ганц ч байхгүй болж таарна.
Иш татах ба эс татах
Хэрэв эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа бол гол гол үндэслэл дээр заавал иш татдаг хуультай. Харин нийтлэл бол богинохон байдаг учраас тэр болгон иш татаад байдаггүй. Ухаандаа статистик тоог “зохиох” хүн бараг үгүй. Харин судлаачид судалгаа хийсний үндсэн дээр “шинэ тоо” гаргадаг юм шүү. Нийтлэлчид статистик тоог иш татах нь олонтаа. Манай ядуурал тэдэн хувь гэхчлэн. Нэг тоо бичээд л “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал. Үндэсний Статистикийн хорооны 2010 оны эмхтгэл. …дэх тал” гэж иш татаад байвал ямар ч утгагүй. Тэндээс авсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг хуулчихлаа гээд орилоод явах хүн огт байдаггүй.
Би ганцхан ГХМ биш, бусад олон ашигт малтмалын талаар бичдэг. Өөр ч олон хүн бичдэг. Ухаандаа Оюу Толгой, Таван Толгойгоор бичсэн, түүний дотроос “хуулсан” хүнийг тоол гэвэл би л лав гаргаж чадахгүй. Үүн шиг утгагүй юм гэж байхгүй.
Жишээлбэл, Баабар түүхэн баримт их ашигладаг. Тэдгээр баримтыг Баабар “зохиогоогүй” нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тэр нэг түүхэн баримт хэлээд л байн байн “Монгол Улсын түүх. 5 дугаар боть, …тал” гэж иш татаад байвал би л хувьдаа Баабарыг солиорчихож гэж бодно. Угаасаа ойлгомжтой юманд иш татах шаардлага хэнд ч байхгүй. Харин тухайн хүний хэлэх нотлох гэсэн санаатай санал нийлэх, эс нийлэх явдал гарах нь мэдээжийн хэрэг. Шүүмжлэх гэсэн хүн л харин өөрөө эдгээрийг няцаах баримт үндэслэлээ гаргаж, “өөр эсрэг” баримт иш татах ёстой. Шинжлэх ухаанд ч, хэвлэл мэдээлэлд ийм л журам байдаг, үүнийг бараг бүгдээрээ мэддэг.
Харин нийтлэл дунд Bloomberg гэхчлэн сурвалжаа нэрлэдэг журамтай. Олон хүн, түүний дотор би дандаа л ингэдэг. Миний хувьд аль болох олон сурвалжаас авахыг хичээдэг. Угаасаа судлаач болоод ч тэр үү, энэ тал дээр би нэг их алдаад байдаггүй. Үүнийг миний аль ч өгүүллээс харж болно байх.
Хөдөлмөр хийгээд түүнийг шүүмжлэхүй
Миний олон өгүүлэл бараг тэр чигээрээ “хуулсан” тохиолдол ч бий. Жишээлбэл, “Үнс үү, алт уу”, “Уранаар хутгасан бантан”, мөн өнөөдөр шүүмжлэлд өртөөд буй “Алтнаас үнэтэй шороо” өгүүллүүд үүний жишээ болно. Тэнд би сурвалжаа байнга дурддаг. Гэхдээ л энэ бол миний бүтээл. Учир нь би энд тэндэхийн асар олон, үй түмэн материал үзэж, харьцуулж, шалгаж, улс улсаар нь ангилах, эрэмбэлэх гэх мэтчилэн нэг өгүүлэлдээ 1-6 сарын хөдөлмөр зарцуулсан юм. Иймэрхүү мэдээлэл олох, боловсруулах асуудалд мэдрэмж, туршлага, системт анализын арга зүй гэж нэг сүрхий юм байдаг. Ухаандаа АНУ-ын Геологийн тагнуулын Газрын мэдээллийг маш их хайвал олох боломжтой. Ер нь олох гэж их л зовно доо. Гэхдээ энийг судлаач хүн л олж чаддаг юм…
Энд тэндгүй талын нэг тарчихсан энэ их мэдээллийг олж Монголтойгоо холбож нэг өгүүлэлд багцлах нь шинэ бүтээлч ажил гэж би ойлгодог.
Би монголчууддаа алт, нүүрс, уран, ГХМ зэрэг ашигт малтмалын дэлхийн баланс, түүний хандлагыг анх удаа гаргаж өгсөн. Би манай муухан шиг эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дутахааргүй ажил хийдэг. Миний өгүүллээс төрийн зарим байгууллага, улс төрчид хүртэл будаа идэх нь олонтаа. Үүнийг би зарлаад явдаггүй. Иймээс эдгээр өгүүллүүдээрээ би бахархдаг.
Гэхдээ миний өгүүллүүд төгс, хэн ч халдашгүй гэж би хэзээ ч хэлж байгаагүй, мөн хэлэхгүй. Намайг хэн ч шүүмжилж болно. Жишээ нь Таны авсан тэр мэдээлэл буруу байна, учир нь тэр улсын тэр сурвалжид огт өөр, ийм байна гэж баримтаар няцааж болно. Мөн үйл явдал байнга өөрчлөгдөж байдаг учраас шинэ, миний анзаараагүй зүйлийг нэмж, хасч болно. Эсвэл ийм ийм баримтат үндэслэлтэй учраас Таны ийм дүгнэлт буруу байна гэж болно байх. Үүнээс өөрөөр шүүмжлэх аргыг би л лав мэдэхгүй, мөн хүлээж авахгүй. Дэлхийн жишиг ч ийм байдаг…
Харин манайд ичих нүүргүй хуулдаг явдал түгээмэл бий шүү. Үүнийг олж, ялгах тухайд би дараа бичнэ. Нет хавьцаагаас л эхэлсэн нь дээр юм уу даа гэж одоохондоо бодож байна.
Миний хувьд хуулсан гэдгийг ёстой хүлээж авахгүй. Учир нь бүр бага ангид байх үеэс л одоо болтол надаас хуулж, будаа идэж байсан болохоос биш, би хүнээс хуулж байсан ганц ч тохиолдол байхгүй. Явсаар байгаад энэ нь миний ёс суртахуун, бахархал, итгэл үнэмшил, амьдралын маань дадал болчихсон юм. Иймээс санамсаргүй “баллуулсан” гол санаагаа дахин давтах нь миний эрх буй за…
“Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргав. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай. Ашигт малтмалаа гадаадтай хамтран ашиглаж, олборлож мэдээж болно. Ил тод байвал хамаа алга. Харин газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…”
За ингээд дуусгая даа. Санамсаргүй байж байгаад гэрээ шатаачихсан хүүхэд олон л байдаг юм. Санамсаргүй явдал учраас энэ удаад “гранатыг” чинь хол хаялаа. Ахиж ингэж тогловол би “гранатыг” чинь өмдөн дотор чинь хийгээд түлхэчихэж чадна шүү. Хасчулуу хийгээд бусад олон залуус үүнийг ойлгоно гэж бодож байна…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 4 дүгээр сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to САНАМСАРГҮЙ “БАЛЛУУЛСАН” САНАА…

  1. зочин says:

    сайхан болжээ.

  2. asdf says:

    Уул нь овоо юм бичдэг юм шиг, гэхдээ онгироо ч юм шиг сонин характертай хүн юм.

  3. Khaschuluu says:

    Би анх тухайн нийтлэлийг олж харж байхдаа үнэхээр хуулчихаж гэж “бодож” байсаныг та гайхалтай үнэн хэллээ. Тэр үед миний гаргасан хамгийн том алдаа бол өнгөц хараад дүгнэсэн байдал. Яг таны болзлыг хүлээн аваад яг тулгаж үзээд, таны билиг танхай судлагааны нийтлэлд бахдан биширч, өөрийн хийсэн том алдаагаа залруулах нэгэнт өнгөрсөн тул өөрийн нэрээр хариуцлагыг үүрэе хэмээн бодож худлаа үнэн тулгасан зүйлээ явуулж орхисон. Мөн тэр үед “том байлдаан” дундуур орсоноо яахин мэдэж, үнэхээр бодлогогүй зүйл хийсэнээ хэрхэн ухаарах билээ.

    Угаас би таны блогийг шимтэн уншиж, бахдан тунгаадаг, олон олон уншигч авхай нарын нэг. Мөн таныг залууст, төр нийгэмд хэрэгтэй ийм нийтлэлүүдийг блог дээрээ нээлттэй тавьдагт чинь бид талархах хэрэгтэй. Дахиж “байлдааны үеэр гар бөмбөг барьж саваагүйтэхгүй” гэдгээ амлая.

    Мөн ийм шудрагаар хандсанд тань таныг хүндлэх хүндлэл улам их төрж байна, баярлалаа. Мөн ухамсар, улгүй үг шийдэлсэндээ маш их харамсаж байна. Мөн уучлал хүсч байна.

    Баярлалаа.

  4. gankhuyag says:

    Зүгээр дээ. Хасчулуу. Ойлгосон л бол болох нь тэр. Гэхдээ энд ч гэсэн залуу хүний “зүрх үхэх” гэж үүнээс долоон дор аюул байдаг юм. Би “том”, чи “жижиг” хүн огт биш. Иймээс чи болон бусад залуус ямар ч асуудлыг улам идэвхитэй судалж, харьцуулж, шүүмжлэлтэй хандаж сурах ёстой. Энэ бол Та нарын үүрэг шүү. Харин энд уншиж, шүүмжлэхдээ баримт нотолгоотой байх тухай л ярьж байна. Цаашид ах нь ч гэсэн залуустайгаа харьцахдаа “урмыг нь хугалахгүй” байхыг анхаарна. Яагаад гэвэл урам зориг, эрч хүчгүй бол залуу нас гэж байсны ч хэрэггүй биз. Одоо Та нарын байлдаанд орох нас чинь, цаг чинь болж байгаа шүү дээ. Ер нь болж л өгвөл байлдаанд ороод л байх хэрэгтэй дээ. Хэд сайн “нармийж” өгөөд л дорхноо сурчихдаг юм. Амжилт…

  5. Shinee says:

    Судалгааны арга зүйн онолыг тэр бүр судлаачид \үнэндээ өөрсдийгөө л тэгж нэрлэх\ уншаагүй гэж би боддог, ялангуяа эх үүсвэр, түүний хэм хэмжээ, хаана шигтгээ байхав гээд наад захыг нь мэддэггүй, энэ мэт нарийн зүйлсийг судалгааны том проф ууд ч алддаг, үнэндээ манайд тархи хуулалт их байгааг В.Ганзориг Plagiarism нийллэлдээ http://vganzorig.blogspot.com/2010/08/plagiarism.html энд их тодорхой бичсэн,

  6. gankhuyag says:

    Би судалгааны арга зүйг сайн мэднэ, мэдрэнэ. Үүнийг онолоос гадна асар олон судалгаа хийж, байнга бичиж, хамгийн гол нь “нармийтлаа” үй түм алдаж байж сурдаг юм. Ийм алдаа, түүний дотор “хуулах”-ын талаар “Залуу судлаачдад өгөх зөвлөмж” цувралдаа бичээд л байгаа юмсан. Тайз үзээгүй байж дуулахыг, дэвжээ үзээгүй байж барилдахыг заана гэж байдаггүй юм. Яг арга зүйн хувьд бол энэ өгүүлэл Хасаагийн “аймаар том”, “хүн жигшмээр” алдааны тухай биш, харин ГХМ-ыг газар нутагтайгаа хамт тасалж зарсан тухай байгаа юм…Иймээс Шинээ минь, залуус минь, хүний бичсэнийг эхлээд ойлгоод сурчих л даа. Дараа нь “зааж” болно биз дээ. Гэхдээ надаас өөр хүнд л “зааж” үзээрэй…

  7. Shinee says:

    Таньд зааж зүрхлэнэ гэж юу байхав,энэ нийтлэлээр юу хэлэх гээд байгааг бичээгүй, мань мэтийн залуу судлаачдын нийтлэг алдааг хэлсэн минь энэ,,,

  8. Anonymous says:

    Ta neg yum anzaarav uu? Tanii oguulluudiin doorh setgegdluud dan hudlaa zulguidsan zavaan nyaluun ugs bolj huvirch bgaag.

  9. Ganaa says:

    Судлаач танд болон Хасаа нарт баярлалаа,яагаад?Өнөө үед чухал зүйлийг саармагжуулах нь хожимоо үр нь хортой байх бол уу.Судлаачид хэрүүл хийх зав ховор л бол уу,Хасаа дутагдлаа ухамсарлан,зөвөөр хүлээн авч, залуу хүмүүс дууриам алхам хийв.Comment бичдэг талбарт сэдэвтэй холбоотой нэмэлт мэдээлэл,хүмүүсийн санаа бодлын өөр сурвалж мэтийг хайн ордог,унших болдог. Хүмүүсээ, энэ вэб-д оюуны,судалгааны зүйл бичдэг гэдгийг ойлгож үзээч,санаанд таарахгүй байж болно ,түүнийгээ өөрийн блог нээгээд үндэслэлтэйгээр тусгай сэдэв болгон,хүнд мэдлэгт нь тус болох бичлэг гаргавал баярлах байна.2,8 мэтийн сэтгэгдэл үдээгчидээ хүн муу зүйлд амархан дасдаг юм шүү.Их хэмжээтэй \ганц хоёр өгүүлбэр биш\,төрөл бүрийн сэдвээр,гайхамшигтай бичлэг хийхийг та нарт хүсэе. Монголын иргэд улам оюунлаг болтугай.

  10. Sugar says:

    Бидний дунд Ганаа ах шиг хүмүүс байгаад бид баярлах ёстой гэж би боддог. Бялдууч үг биш шүү. Үнэндээ энэ насны ихэнх хүмүүс байрны гадаа далуу тоглоод тамхи татаад нус цэрээ хаяал сууж байдаг шүү дээ.

  11. Gankhulug says:

    Сайн байна уу Та? Таны судалгаа, нийтлэл, өгүүллүүдийг байнга уншиж оюунаа сэргээж байдаг юм. Энэ нийтлэлийг уншиж дуусаагүй байхдаа “Монголд албан ба албан бус мэдээллийн зангилаа ердөө л 20 орчим байдаг” өгүүлбэрийг олоод шууд сэтгэгдэл бичиж бичиж байна. Хэрвээ дээрх өгүүлбэрийг дэлгэрүүлэн , яг энэ талаар тусдаа нэг нийтлэл бичихэд ямар нэгэн саадгүй бол бичиж дэлгэрүүлж болох уу гэж л хүсэх гээд байна л даа. Танд баярлалаа.

  12. onom says:

    Ganxuyag axad ix xugjiltei baigaa boltoi. zaza yumiig muu talaas ni xaraad baidgaa bolichix tehuu. zugeer l nargia. xunii amidral olon ungutei. ternii neg. odoo buur aichixsan, zugeer setgegdel uldeesen chin orj ireed balbaad exlex vii geed bas ene xund buruugaar oilgogdvol zugeer l xorxoitoi shudend ni orloo gesen ug. aimaar ii.

  13. удвал says:

    Сайн байна уу? Ганхуяг гуай ?өөрийн чинь бисэн нийтлэлийг байнга уншиж суудаг. өөрт чинь маш их баярлаж баыдаг. хүмүүсийг зөв замруу чиглүүлхэд эдгээр нийтлэлүүд чинь их тус болдог гэж боддог. Гэвч өнөөдөр зарим залуус юм уншина гэдэг ойлголт байхгүй болсон юм шиг байна. Энэ бол 10 жилийн сургалт , гэр ахуйн хүмүүжилтэйн их холбоотой юм шиг санагддаг. 10н жилээс нь эхлээд хууль зүй, түүх , эх орнч үзэлийн талаар сайн зааж сургах юм бол эх орон гэсэн ойлголттой болох байх гэж боддог. таны цаашдынажилд амжилт хүсэе.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: