КОНЦЕССЫН ТӨЛӨӨ ЮУ ЭСИЙГ ХИЙХ БИЛЭЭ…

Энэ бол Оросын алдарт “Арван хоёр сандал” романы гол баатар Остап Бендер хуурамчаар гэрлэхийнхээ өмнөхөн хэлдэг үг. Ямар гэрлэлт болдгийг уншсан, киног нь үзсэн хүмүүс сайн мэднэ дээ. Монголд бол концессыг бид “Өглөө” киногоороо сайн мэднэ. Уг кинонд гарах гадаад бизнесмен концесс гэдгийг тайлбарлаж “Танай Монгол нэг алхвал улаан Орос, ахиад нэг алхвал хөгшин Европ, ахиад нэг том алхвал Та бидний нүдний ялгаа ярилна” гэж манай Д.Сүхбаатар жанжныг ятгах бөгөөд тэрбээр мэдээж “Биднийг худалдан авах гэж байгаа юм” гэдгийг гэргий Янжмаадаа хэлснээр монголын концессын асуудал дуусгавар болно. Харин энэ киноны үйл явдлаас бараг 90 жилийн дараа манай яруу алдарт УИХ “Концессийн тухай хууль”-ийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлаж, улмаар баруун солгойгүй концессийн гэрээ байгуулж эхлэв. Үүнийг мэдэж анхаарч байгаа хүн тун цөөхөн болов уу даа. Гарцаагүй “мэдвэл” зохих хэдэн сэхээтнээс асуугаад үзтэл бараг бүгдээрээ: Аа тийм, нэг тийм хууль гарсан бил үү хэмээн гэчихээд нөгөө “амны уншлага” нүүрсээ л ярих. Сэхээтэн нь ийм байхад энгийн иргэд мэдэх нь юу л бол ?! Эдүгээ ид яриад амлаад байгаа бүтээн байгуулалтууд голчлон концессийн гэрээгээр хэрэгжих нь тодорхой атал үүнийг бараг хэн ч анзаарахгүй байгаа нь манайхны хэнэггүй занг тод илтгэнэ. Ингээд концессын тухай ихэд хялбарчлан өгүүлье.
Концесс оо гэж…
Энэ талаар баахан лавлах ухаад үзсэн чинь агуулга нь төрөөс тодорхой нөхцлөөр татвар болон төрийн бусад орлого авах эрхээ түр шилжүүлэх буюу төрөөс түрээслэхийг хэлдэг юм байна. Үүх түүх яривал НТӨ YI зууны Эртний Иран, НТӨ IY зууны Эртний Грек, Эртний Ром хүртэл талийгаад явдаг айхтар эд байна. Харин дундад зууны үед концесс нь капиталын анхдагч хуримтлалын гол сурвалж болж байсан аж. Түрээсийн систем нь концессын анхдагч бүдүүлэг хэлбэр болж байжээ.
Концес гэдэг нь зөвшөөрөх, буулт хийх гэсэн латины concossio үгнээс гаралтай юм байна. Харин одоо бол концесс гэдэг нь төрийн өмч буюу төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүдийг үр ашигтай удирдахын тулд харилцан ашигтай нөхцлөөр хувийн өмчийг үүнд татан оруулахыг хэлдэг бөгөөд энэ нь төр-хувийн өмчийн хамтран ажиллах хэлбэр аж.
Өөрөөр хэлбэл төр өөрөө хийж хүчрэхгүй ажлаа голдуу гадаадын, хааяа дотоодын хувийн компанид шилжүүлж, тэр нараар ажлаа хийлгүүлнэ гэж ойлгож болох юм. Монголоор бол “түрээсээр өгч буй боловсронгуй хэлбэр” гээд ойлгочихвол нэг их алдахгүй л байх…
Өгч буй нь төр байх нь мэдээж хэрэг бөгөөд түүнийг концендент гэдэг байна. Авч буй нь бас л мэдээжийн хэрэг гадаад дотоодын хувийн компаниуд байх бөгөөд тэдгээрийг концессионер гэж нэрлэдэг аж. Юуг өгдөг гэхээр төрийн мэдэлд буй байгалийн баялаг, дэд бүтцийн объектууд, тоног төхөөрөмжийг ашиглах онцгой эрхийг өгдөг байна. Юуг авдаг гэхээр нэг удаагийн буюу тогтмол төлбөр авдаг байна.
Төлбөрөө нэг удаа бөөнөөр нь авбал “паушал” гэх бөгөөд энэ нь “нэгмөсөн” гэсэн утгатай герман үг юм байна. Тогтмол авбал бидний муухан гадарлах роялти гэдэг нь болдог байна. Манайхан бол шууд л “паауу-шаалдана” гэдэг нь тодорхой. Тэгж “ороояаалдаж” удаан хугацааны “юм хийнэ” гэж л лав байхгүйдэг…
Концессын гэрээг нийтийн өмч, түүний дотор төсвийн хэрэгслийг ашиглан байгуулж болдог аж. Хэрэв концендент буюу төрд нийтийн өмчийн нөөц байхгүй бол концессионер буюу хамтрагчдаа өөр төрлийн бизнес эрхлэх онцгой буюу монополь эрх олгож болдог байна. Энэ ч их ноцтой асуудал шүү…
Дэлхийн эдийн засагт концессын үүрэг ихэд өсч буй аж. Хэрэв ХХ зууны туршид концессыг ашигт малтмал ашиглахад голчлон хэрэглэж байсан бол 1990-ээд оноос төрийн өмчийн бусад олон тооны объектуудад хэрэглэдэг болсон байна.
Одоо үед бол концессын гэрээний объект нь юуны өмнө хувьчилж болохгүй нисэх буудал, төмөр зам, орон сууцны хорооллууд, дэд бүтцийн бусад байгууламж, түүнчлэн нийтийн тээврийн систем, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд байдаг байна. Ер нь төрийн мэдэлд буй юуг л бол юуг концээсолж болдог аж. Хэрэв ямар нэг хязгаарлалт хяналт байхгүй бол манай аваргууд бүгдийг нь концээслохоосоо сийхгүй гэдгийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй биз…
Бүх ажил концесс
Манай хуульд “концессын зүйл” гэсэн нэг лут ойлголт байна. Бусад улсад ч байдаг биз. Улсын хэмжээнд бол Засгийн Газар, орон нутагт бол Засаг дарга жагсаалтыг нь гаргана. Энэ жагсаалтад орсон л бол “концессын зүйл” гээч нь болох бөгөөд энэ нь бодит байдлаараа нисэх буудал, төмөр зам, барилга орон сууцнаас эхлээд орон нутгийн уурхай, жижиг байшин, хэрэв хүсвэл жорлонг хүртэл оруулж болох юм байна. Юуг л бол юуг концээсолж болно гэж гэж дээр хэлсэн маань ийм учиртай…
Оросууд саяхан “Концессын гэрээний тухай хууль“ гаргасан бөгөөд уг хуулиараа концессын ганцхан BOT (Build-Operate-Transfer) буюу “барих-ашиглах-шилжүүлэх” хэлбэрийг л зөвшөөрөөд бусдыг нь зөвшөөрөөгүй байна. Бодвол их учиртай болоод л ингэсэн байх. Харин манай хуулиар бол “барих-ашиглах-шилжүүлэх”, “барих-шилжүүлэх”, “барих-өмчлөх-ашиглах”, “барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх”, “барих-түрээслэх-шилжүүлэх”, “зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах”, “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн концессын орчин үеийн бүх хэлбэрүүдийг зэрэг зэрэг ашиглах бүх боломж нээлттэй аж. Оросууд болгоомжлоод концээсолж чадахгүй байхад манайхан бол айна гэж даанч нэг байхгүй нь эндээс тод харагдана…
Оросод Эдийн Засгийн Шинэ бодлого буюу НЭП хэрэгжиж байх үед Ленин “багш” 1921 оны 4 дүгээр сард “Концессын болон капитализмын хөгжлийн тухай” хэмээх үгэндээ: “Капиталистуудыг урих нь аюултай бус уу, энэ нь капитализмыг хөгжүүлнэ гэсэн хэрэг бус уу ? Тийм ээ, энэ бол капитализмыг хөгжүүлнэ гэсэн хэрэг, гэхдээ энэ нь аюулгүй, учир нь засгийн эрх мэдэл ажилчин, тариачны мэдэлд үлдэж байгаа юм. Харин помещик, капиталистуудын өмчийг дахин сэргээхгүй. Концесс бол нэгэн төрлийн түрээсийн гэрээ мөн. Капиталистууд гэрээгээр, тодорхой хугацаанд төрийн өмчийн хэсгийг түрээслэгч болно, гэхдээ өмчлөгч болохгүй. Өмч нь төрд үлдэнэ” гэсэн нь одоо ч гэсэн зарчмын ач холбогдолтой юм.
Яагаад гэвэл хэрэв төрийн эрх мэдлийг хөрөнгөтнүүд атгаж байгаад хөрөнгөтнүүддээ концээсолбол яах вэ гэдэг асуултыг ахин нээлтэй болгож байгаараа ач холбогдолтой юм. Хуучнаар бол “ажилчин, тариачид”, одоогийнхоор бол иргэдэд засгийн эрх мэдэл огт байхгүй тохиолдолд хэт их концээслох нь үлэмж аюултай гэж би үзэж байна.
Хуучин тендер гэж нүдний булай болж байсан бол одоо концессын гэрээгээр л ажлаа хийнэ шүү дээ. Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хэрэгжүүлэх юм байна. Чингэхдээ ТӨХ яамдуудаас санал авч, Сангийн яам, ҮХШХ-той зөвлөлдөж, улмаар Засгийн газарт танилцуулж байж концээслох аж.
Төр-хувийн хэвшлийн түншлэл, орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ гэж орилоод байсны учрыг одоо ойлгож байгаа байх гэж найдана. Бүр том концессуудыг бол ганцхан Засгийн Газар л мэднэ.
Гялс манас концээслохуй
Манайхныг хүнд сурталтай, ажил удаан хийдэг гэхчлэн муулдаг л юм. Гэхдээ шинэ монгол хөрөнгөтөн ашиг унахуйц боломж гарлаа л бол энэ дэлхий дээр хэн ч гүйцэхээргүй хурдан шуурхай ажилдаг гэдгийг амархан баталж болно.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 121 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулжээ. Энэ нь юу юу хэмээвээс манай бүтээн байгуулалт бүгдээрээ багтсан мундаг эд аж. Тухайлбал: 100000 айлын орон сууцны 46 төсөл, Мянганы зам, ашигт малтмал тээвэрлэх авто замын 47 төсөл, Таван Толгой-Чойбалсан болон Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын 2 төсөл, аж үйлдвэрийн парк барих төсөл, Улаанбаатарын дулааны 5 дахь эх үүсвэр, цахилгаан станц барих 16 төсөл, боловсролын 3, эрүүл мэндийн 3, байгаль орчны 1, мэдээлэл, харилцаа холбооны 2 төсөл байгаа аж.
Улаанбаатар хот бүр ч илүү концээслох бөгөөд тэдний мэдэлд 44 төсөл байгаа аж. Зарим нь аль хэдийн хэрэгжиж байна. Тухайлбал: Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүрээс Яармагийн товчоо хүртэлх 18 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км, Ар зайсан-Их Монгол Улсын гудамжны 3,8 км, Шаргаморьт-Гүнтийн даваа хүртэлх 5 км зам, СХД, Багануур дүүрэгт барих Нийслэлийн ахмадын сувилал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, хүүхдийн цэцэрлэг зэрэг төслүүдийг концээслоход бэлэн болжээ. Улмаар автобусны зарим эцсийн буудлыг шинэчлэх, цэвэрлэх байгууламж, нүхэн гарц барих зэрэг ажлыг мөн л концээслох юм байна. Мөд зураг төслийг хүртэл бас л концээслох аж. Эрүүл мэндийн оношлогооны төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн зураг төсөл боловсруулах концессын ажил байна.
Мөнгө нь хаанаас гарах вэ
Дээр дурдсан төслүүдийг “Шинэ бүтээн байгуулалт” гэж нэрлэж байгаа бөгөөд үүнд шаардагдах мөнгийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан олгоно. Энэ нь 800 тэрбум төгрөг болж байгаа. Дээр нь мэдээж банк, санхүү, хөрөнгө оруулалтын мөнгө нэмэгдэж таарна.
Харин Улаанбаатарын мөнгийг Хятадын Хөгжлийн банк хариуцна. Энэ нь 500 сая ам.доллар болно. Дурдсан төслүүдийн 60 хувьд нь улсын төсвөөс баталгаа гаргаж өгөх аж.

Олон улсын практикт концессын гэрээ хийхдээ нээлттэй сонгон шалгаруулалт, өрсөлдөөнт хэлцэл, шууд гэрээ гэсэн 3 арга хэрэглэдэг байна. Манай хуулиар нээлттэй сонгон шалгаруулалт (нэг ба хоёр үе шаттай) болон шууд гэрээ байгуулах аргыг зөвшөөрчээ. Тендер зарлаж хэрүүл, хэл ам хийж байхын оронд шууд гэрээ хийвэл амархан л даа. Могойн гол болон Шивээ-Овоогийн цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламжийн 3 төслийг шууд гэрээгээр хийжээ. Харин үлдэх 118 төслийг уралдаант шалгаруулалтын арга буюу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэх юм байна.
Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Э.Бат-Үүл, С.Бямбацогт, Ж.Батсуурь, Р.Буд, Я.Батсуурь, Б.Чойжилсүрэн нар санаачилж 2010 оны 1 дүгээр сарын 5-нд өргөн барьж, мөн сарын 28-нд баталсан нь манай нөхцөлд маш их хурд болно. Энэ нөхдүүд гавъяа байгуулсан уу, гай тарьсан уу гэдэг нь удахгүй харагдах учраас нэрсийг нь дурдаж байгаа юм. Аягүй бол банкны угсраа дээрмүүд, хадгаламж зээлийн хоршоодын хэрэг шиг “төрийн нууц” болон хувирч магадгүй л юм…
Тэлэлт хийгээд хөгжил
Концессгүй бол бүтээн байгуулалт явахгүй нь ойлгомжтой. Шууд хэлэхэд бидэнд ярихаас өөрөөр хийж, бүтээж чаддаг ажил тийм ч олон биш. Сүүлийн 20 жилийн турш улсын хэмжээний ганц ч том үйлдвэр бариагүй нь үүний нотолгоо болно биз.
Концессын зүйлийн жагсаалтаас харахад миний ойлгож байгаагаар манайхны хийж чадах юм гэвэл орон сууцны зарим нэг барилга, авто замын богиновтор хэсэг, төмөр замын далангийн шороо овоолох ажил л байна. Мянга гаруй километр урт төмөр замын шороон даланг ч гэсэн манайхан бүгдийг нь овоолчихож хүчрэхгүй л байх. Аа, бас автобусны буудлаа эрхбиш тохижуулж чадах байлгүй дээ.
Манай бүтээн байгуулалт бол ашигт малтмалаас олох ирээдүйн орлогод суурилж байна. Шууд хэлбэл ашигт малтмалаа барьцаалан бүтээн байгуулалт амлаж байна. Энэ бол хүч хөдөлмөр хамгийн бага шаардах ажил мөн. Эдийн засгийн асар их тэлэлт өөрөө явагдаж байгаа ч энэ бол хөгжил биш юм.
Хэрэв дээр дурдсан 121 концессын төслүүд өөр хоорондоо уялдаж, шүтэн барилдаж нийгэм-эдийн засгийн зорилтот хөтөлбөр болсон бол хамаа алга. Энэ 121-ийг манай томчууд өөрөө концээслох гэж байгаад “зөвшилцөж тохирсон тоо” гэж би хардаж сууна.
Тийм ийм юм барина, байгуулна гэж ярих амархан. Ямар ч бүтээн байгуулалтыг эхлээд технологи, эрдэм шинжилгээ болон зураг төслийн томоохон институтууд хийж гүйцэтгэдэг. Манайд ийм ганц ч институт байхгүй. Байсан цөөнийг нь социализмынх гээд устгачихсан юм. Ингэхлээр зураг төслөөс эхлээд барих, ашиглахыг хүртэлх бүх шатанд концээслоно гэсэн хэрэг болно.
Концесс нь хүн айгаад зугтаад баймаар зүйл огт биш гэдгийг би онцлон дурдаж байна. Дэлхийн олон орон үүнийг үр ашигтай хэрэглэсэн жишээ олон байдаг. Харин манайхан ямар ч зөв юмыг заавал буруу болгодог ид шидтэй гэдгийг хүн бүр мэднэ дээ. Ингээд баруун солгойгүй, бүгдийг нь концээсолж байгаад юу ч үгүй хоцрох өндөр магадлалтай. Учир нь концессын гэрээ дуусахад “концесс” гэсэн хоосон байшин, хонхорхой нүхтэй үлдвэл ямар олиг байхав…
Энгийнээр тайлбарлая. Хэрэв Та хашаандаа юмуу зусландаа зоорь ухаж байгаад гэв гэнэт нүүрс олж гэж саная. Энэ ч бүтэшгүй мөрөөдөл биш байх шүү. Та нэгэнт ганцаараа ухаж хүчрэхгүй тул чаддаг хүмүүсээс сонгоно. Энэ нь тендер болно. Тэднээс хэн нэгийг нь сонгож аваад гэрээ байгуулбал концесс буюу концессын гэрээ болно. Энэ газар Таных учраас тэр нөхдүүд Таны нэрийн өмнөөс ажил хийж, нүүрс олборлож зарснаас ногдох хувийг авна. Та ч гэсэн зүгээр сууж байгаад бага ч гэсэн мөнгө олно. Энэ ч Монгол хүнд ихээхэн таалагдах хувилбар нь ямар ч эргэлзээгүй.
Тэгээд жаахан байзнаж байгаад нүүрс нь нэлээн багасаад ирэхийн үед тэр нөхдүүд Танд нүүрсийг хүрзээр биш, бага оврын трактороор ухахыг, шуудайгаар биш, тусгай гоё хайрцганд хийж зарах аргыг зааж өгөөд хашааныхаа хаалган дээр дэлхийн алдарт брендийн нүүрс гэсэн бичиг наахыг зөвшөөрч болох юм. Одоо бол Та Тэдний нэрийн өмнөөс Тэдэнд мөнгө төлж ажиллах бөгөөд үүнийг нь франчайзинг гэдэг. Үүнийг зарим нь концесстой адилхан ойлголт гэдэг юм билээ. Яахав “пад пад” трактортой, нүүрс ухах мэргэжилтэй, аз таарвал бага зэрэг мөнгөтэй үлдэх юм даа. Хэрэв нүүрс нь дуусвал ийм болсны хэрэг ч нэг их гарахгүй л болов уу даа…
Манайхан тендер гэж хаана ч өргөн ашигладаг эдийн засгийн чухал арга хэрэгслийг хүн харахын аргагүй булай болгосон. Одоо монгол хүнд тендер гэвэл хамгийн түрүүнд хулгай, луйвраас өөр юм түүний санаанд огт орохгүйдэг.
Одоо концесс дээрээ явж байна, үүнийг ч гэсэн хог шороо, тэр ч бүү хэл аюул занал болгох маш өндөр магадлалтай учраас үүнийг бичиж байгаа юм. Тэгээд удалгүй франчайзинг руу орох нь ямар ч эргэлзээгүй. Ядаж байж гадаад үгэнд дуртайг нь яана…
Манай анхны концессын гэрээг саяхан 2011 оны 5 сарын 13-нд байгуулав. Могойн голын дулааны станц барих концессын энэ гэрээг ТӨХ Хятадын хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа Майнинг групп”-тэй хийжээ. Энэ станцыг 2 жил барина, 20 жил ашиглана, ингээд 22 жилийн дараа манайд үнэ төлбөргүй хүлээлгэж өгнө. Энэ ажилд уг компани 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ, аливаа эрсдлийг дангаараа хүлээнэ. Манай төсвөөс 1 цент ч гарахгүй, харин ч Завхан, Говь-Алтай аймагт дизель түлшинд жил бүр өгдөг татаасын 13 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, 300 орчим ажлын байр нэмэгдэнэ гэнээ. Манай төр засаг компанитай биш, бараг буяны байгууллагатай гэрээ хийчихсэн мэт ярьж, бичиж байна.
Ингээд зүв зүгээр байж байхад бөөн бэлэн мөнгө өөрөө унаад ирэхээр чинь ер нь байгаа бүх юмаа концээслоод хаясан ч яадгийм ?! тээ ?! Манайхан үнэхээр зүгээр авахын дон шүгэлчихэж гэж би хааяа боддог юм…
Ноднинхон 2010 оны 6 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Могойн голын станцын шав тавиад сүйд болж байсан чинь одоо Завханы Тэлмэн суманд барихаар болчихож. Төр нь дампуурахаар УИХ-ын гишүүд нь хүртэл “буруу газар” шав тавьдаг гажигтай болжээ. Энэ станцын ТЭЗҮ Хөвсгөл аймгийн Засаг даргын хийсэн ажлын тайланд нэгэнт орчихсон байгаа нь онигоо биш гэж үү. Энэ бол манай төрийн “ажил” гэнэт өөрчлөгддөг, бодлого гээч юм огт байдаггүйн нэг л “бяцхан” жишээ юм.
Арай гэж нэг юм хийх гэхээр шүүмжлээд гэж олон хүн намайг зэмлэнэ гэдгийг мэдэж л байна. Бүтээн байгуулахад дургүйцээд байгаа юм огт алга. Харин бүтээн байгуулах нэрийн дор хэдхэн хүний хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх, үндэсний эрх ашгийг умартах, улс төрийн хүчний байдлаас шалтгаалан бүтээн байгуулах стратегаа байн байн өөрчлөх нь ухаангүй, мунхаг үйлдэл гэж хэлэх байна. Нөгөө талаас хойч үедээ юу ч үлдээлгүй “бүтээн байгуулах” буюу бүгдийг нь концээслох эрх бидэнд байхгүй гэж бодож байна. Зөв юмыг ч буруу хийвэл буруу болдог нь жам шүү дээ.
Манай монголчууд миний сануулгыг үл тоомсорлодог хэдий ч гэсэн концессуудыг сайтар ажиглаж, сонор соргог хянаж байхыг урьдын адил сэрэмжлүүлж байна.
Манайд эдүгээ концессын аргаар эдийн засгийн тэлэлт хийж байна, харин тэлэлтийг хөгжил болгох нь эх оронч оюун сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны ажил юм. Энэ л дутаад байна даа.
Концессын төлөө юу эсийг хийх билээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to КОНЦЕССЫН ТӨЛӨӨ ЮУ ЭСИЙГ ХИЙХ БИЛЭЭ…

  1. Цолмон says:

    Сайн байна уу? Ганхуяг аа. Маш сайхан нйтлэл байна.Даан ч манай НӨХДҮҮДЭД ус ч хийсэн алт ч хийсэн СЭГСЭРДЭГ ТОЛГОЙ заяасан юм даа

  2. eniig ta neg uzeech dee

  3. ERDENECHIMEG says:

    sain bna uu? bi yag ene sedveer nevtruuleg hiih snaatai bgaa yum. tanaas survaljlaga avya gevel yaj holboo barih ve?

  4. slim says:

    Ta Facebooktei link hiij like hiideg bolgovol bur olon hund hurne

  5. tsogt says:

    Ганаа судлаач маань маш чухал сэдвийг хөндөж бичсэн байна.байгалийн баялгаас орж ирэх мөнгийг том том бүтээн байгуулалтын төслүүд рүү оруулж хэдхэн хүн асар их мөнгөөр гараа угаах арга нь концесс болж байна.мэдээж будилуулах,рекламдах зорилгоор жагсаалтыг хэргээр урт болгож, хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа. гол төслүүдээ эхэлж хэрэгжүүлж, мөнгөө салгаад яг жинхэнэ хэрэгтэй төслүүд нь хэрэгжилгүй үлдэх нь зайлшгүй.концессын жагсаалт удалгүй бүр урт болох байх. “эргэн төлөгдөх нөхцөл” гэж гоё аргыг тендерчид бодож олж амтшаад одоо концессыг хэрэглэх гэж байна.концессын нэг аюул нь жишээ нь 1 км дэд бүтцийг өндөр үнээр барьсан болгож улсад шахаж болно. уул уурхайн хувийн компаниуд хил хүртэл зам бариад баялгаа зөөж дуусмагц сарампай болсон замаа улсад барьсан үнээрээ шахчихна. тэр зам нь хэнд ч хэрэггүй.хятадын нэр бүхий банкууд ордоос гарах бүтээгдэхүүнийг барьцаалж бүтээн байгуулалтад зориулж зээл өгч болохыг илэрхийлж байгаа гэсэн.зээлийн гэрээндээ гүйцэтгэгч байгууллага нь хятад компани байна гээд 1 заалт оруулахад л өөр улсын бүтээн байгуулалт болчихно. “Эдийн засгийн асар их тэлэлт өөрөө явагдаж байгаа ч энэ бол хөгжил биш юм” гэсэн судлаачийн дүгнэлт нь үнэхээр зөв гэж бодож байна. ер нь тэгээд хөлд орж байж гадныхны заавраар гүйх гээд байгаа нь сүйрэл л авч ирнэ дээ. томчууд ч яахав дэлхийн хэмжээний баячууд болоод явчихна үлдсэн 3 сая нь л хэцүү байнаа.

  6. найдан says:

    Уншууртай, хүнд нэгийг бодогдуулах сайхан нийтлэл бичдэг Танд талархаж байдаг.Та сүүлийн үеийн нийгэм, улс төр, намуудын талаарх олон нийтийн санаа бодлыг судалсан “Сант Марал” төвийн энэ 4 сарын судалгаанд өгч буй үнэлэлт дүгнэлт, байр сууриа хуваалцаач.

  7. Soogii says:

    Saihan bichsen baina,Tand bayarlalaa.

  8. onochnom says:

    unshuurtai.

  9. Нэргүй says:

    2 жилийн өмнө байна уу даа. Манай албаны хэсэг хүмүүс Польш улсад айлчлахад Сэймийн гишүүд нь “концесс” гэдэг юмыг л битгий авч үзээрэй, бидэнд маш их балаг тарьж байнаа гэж сайн санааны үүднээс хичээнгүйлэн сануулсан гэнэлээ. Концессийн гэрээ бүтэлгүйтвэл эрсдэлийг нь төр даадаг хэцүү зүйл шүүдээ. Сонгуулийн хууль гэх мэт чухал батлагдахгүй 3 жид болдог мөртлөө энэ мэт хууль яаж ийгээд сэмээрхэн батлагдсан байдаг нь сонин шүү.

  10. иргэн says:

    манай бүх хуулиудыг барууны “зөвлөхүүд” хийж өгдөг. ингээд дор хаяхад 20 мангуу 1 тэрбумаа янзлах гээд завгүй тул бушуухан кнопоо дарахад л гүйцээ, одоо энэ хуулинд мөргөж АМЬ ЗУУГААРАЙ 😦 тэд сонгуулийн хууль хийж байна. хүмүүс хараад сууж бна Үлгэрлэвэл тонгоргоо билүүдэж байхад хонь бүлтэгнэн хэвтэж бна. хувьсгал хэрэгтэй!!!!

  11. onochnom says:

    xooye naana chine koncess ni xun zugtaamaar zuil bish gej zoxiogch uuruu ontsolson bna shuu. xuuli ni buruu daa bish, buruu bolgoj zavxruulj bgaad l bna. tiimees ogt xuuligui baiya gedeg sanaa bol neg l yavxgui bna. koncess-iin xuuli xeregtei. odoo xyanaltaa sain tavi. irgenii niigem bolon irged.

  12. gankhuyag says:

    Та хэдийгээр “оночномч” ч гэсэн миний хэлснийг огт ойлгосонгүй. Тэгэхлээр Таны “тайлбар” буруу байна. Ер нь бол мэдэхгүй юмаа “тайлбарлах” утгагүй байдаг юм…

  13. N.Batbayar says:

    Сайн байнуу? Монгол улсад концессын тухай ерөнхий төсөөлөл өгсөн сайхан нийтлэл байна. Би СЭЗДС-д MBA – р Судалгааны ажил концесс-р бичих бодолтой байгаан? Таниас зөвөлгөө авбал болох боловуу?

  14. Anonymous says:

    тулгамдаад буй сэдвээр маш зөв ухаалаг санаа, ухаарал, ойлголт өгсөнд баярлалаа. судалгааны шинжилгээний ажилд чинь амжилт хүсье

  15. заяа says:

    чухал сэдэв хөндөж чухал санаа, оноо, ойлголт өгсөнд баярлалаа. таны судалгааны ажилд амжилт хүсье.

  16. Гайхсан хүн says:

    концесс тендер 2 тэгүүл юугаараа ялгаатай болж нэг зүйлийн 2 нэршлээр тайлбарлаад багахан л бичиг баримтын бүрдлээс өөр ялгаагүй байгаан бишүү үгүй юу
    хэлээд өгөөч

  17. say says:

    Их ойлгомжтой сайхан бичсэн байна. Таалагдлаа

  18. Anonymous says:

    Сайн байна уу? Ойлгомжтой тодорхой сайхан нийтлэл байна.

  19. дэлгэр says:

    Концессийн санхүүжилтийг яаж босгодог юм бол

  20. монгол хүү says:

    ганхуяг ахыг танина үгийг нь зөндөө сонсож явсан хүн өөрт байгаа мэдсэн сурсан олсоноо хүнд харамгүй өгдөгийг залуусаа энэ хүнээр жишээлж, төлөөлүүлж ойлгож яваарай сэхээтэнүүдээ яг л ийм байгаарай

  21. Dashbat says:

    Нисэх буудал нь БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ хэлбэрт тохирч байна. Япончуудад концессоор нисэх буудлаа 30 жил эзэмшүүлэх талаар яригдаж байна. Та энэ тал дээр юуг анхаараасай гэж зөвлөх вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: