“НИЙГЭМ- ТҮҮХИЙН ОНОЛУУД” ЦУВРАЛ № 1. ФОРМАЦИЙН ОНОЛ

Сүүлийн үед манайхны онол, түүхээр байлдах өвчин гаарч байна. Энэ нь нэг их муу хэрэг биш боловч манайханд хэл амаа ололцох гээч зүйл оргүй алга болсон нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Ямар ч утгагүй хоосон хэрүүл түгээмэл болж. Энэ нь ярьж маргаж буй сэдэвтэйгээ холбогдох онол-арга зүйн бүтээлүүдийг мэдэхгүй, мэдсэн ч бусадтай нь харьцуулж үздэггүй “буруу” сэтгэлгээ, арга барилтай холбоотой. Иймээс нийгэм-түүхийн гол гол онолуудын зах зухаас товч тойм болгон цувралаар нийтлэхээр шийдэв.
Энэ нь Таны улс төр, нийгмийн үйл явцыг үнэлж дүгнэх хийгээд сэтгэлгээний түвшин, эрэл хайгуулд тун их хэрэгтэй гэж бодож байна. Энэ цуврал нь нийгмийн “дундаж түвшинд” тохируулан ихэд хялбарчилсан учраас алдаа мадаг чамгүй гарсан нь мэдээж хэрэг. Гэхдээ алд дэлмээр зөрүүлээгүй байх гэж найдна. Эхлээд Та бидний “сайн мэдэх” хийгээд бас огт мэдэхгүй формацын онол. Энэ онолыг К.Маркс зохиосон, одоо сөнөсөн гэж бодож байвал ихээхэн эндүүрэл болно. Цаашаа онолын бусад хандлагын талаар цувруулан өгүүлэх учраас хүлээцтэй хандаасай гэж хүсч байна. Хэрэв “онол монол”-ын тойм хэрэггүй гэх аваас шууд хэлээрэй, ямар албатай биш би бичихээ больж л орхино…
Зовлон туулсан онол
Марксын онол шиг зовлон туулсан үзэл одоо ч байхгүй юм. Марксизм хэмээн ерөнхийд нь нэрлэдэг энэ гайхамшигт туурвил нь нэмүү өртгийн онол, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн онол, суурь болон давхаргын онол, ангийн тэмцлийн онол гэхчлэн нийгмийн амьдралын бүх талыг хамардаг боловч гол цөм нь нийгэм-эдийн засгийн формацийн онол болно. Учир нь капиталист формац социализмаар солигдоно гэсэн гол үзэл байдагт оршино. Бид нар л хожим ийм олон “онол” болгон хуваасан болохоос биш, Маркс, Энгельс нар өөрөө зарлаад давхиад байсан юм огт байхгүй.
Формаци хэмээх нэр томъёог Маркс геологийн шинжлэх ухаанаас авсан бөгөөд энэ нь цаг хугацааны явцад дээр дээрээсээ давхарлаж тогтсон газрын үеийг хэлдэг байж. Үүнийг л нийгмийн хөгжлийн сургаальдаа ашигласан хэрэг. Манайд саяхан болтол нийгмийн таван шатат Марксын онол дангаар ноёлж, онол-түүхийн бүх ном зохиолд тусч байсныг олон хүн мэднэ. Нарийн яривал энэ ангиллыг Маркс ч биш, Ф.Энгельс “Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл” зохиолдоо хамгийн дэлгэрэнгүй томъёолсон юм. Энэ нь бидний сайн мэдэх хүй нэгдэл, боол эзэмшил, феодал, капиталист, коммунист формаци буюу үйлдвэрлэлийн арга болно. Энэ тавыг л цааш цаашаагаа хуулаад догм болгосон хэрэг л дээ.
Маркс, Энгельсээс бүр өмнө Шинэ Үеийн Европын шинжлэх ухаанд түүхийг эртний (античный)-дундад зууны-орчин үеийн (модерн) гэж 3 хуваан үздэг байсан ба энэ нь нэлээд түгээмэл үзэл болсон байжээ. Түүхийг ингэж үечлэх санааны үр хөврөл Сен-Симон, Г.Гегель нарын бүтээлд байдаг.
Харин Марксын хувьд гэвэл анхдагч (хүй нэгдэл) болон хоёрдогч (ангит-антогонист) гэсэн хоёр шатат ангиллыг баримталж, эдгээрийг гуравдагч буюу коммунист формацаар солино гэж үзэж байсан юм. Чингээд энэхүү хоёр дахь формациа “хувь хүнээс” хамааралт гэсэн нэг том хэсэг болгож түүн дотроо азийн, эртний, феодалын үйлдвэрлэлийн арга гэж ялган үзсэн. Харин капитализмыг “эд юмс”-аас хамаарах хэмээн нэрлэж нөгөө нэг том хэсэгт хамааруулж байв.
Азийн үйлдвэрлэлийн арга
Энд германаар Asiatische Produktionsweise буюу азийн үйлдвэрлэлийн арга гэх формац хамгийн их анхаарал татдаг. Үүнийг Маркс тухайн үедээ зөвхөн Энэтхэг, Хятад хоёртой холбон бичсэн байдаг. Хожмын эрдэмтэд янз бүрийн тивийн олон нийгэм энэ формациар дамжсаныг олж тогтоогоод түүнийгээ политар нийгэм, төр-нийтлэгийн байгуулал, үйлдвэрлэлийн төрийн арга гэхчлэн янз бүрээр нэрлэсэн авч аль ч томъёоллыг нь нийтээр хүлээн зөвшөөрөөгүй юм.
Марксын “1857-1859 оны эдийн засгийн гар бичмэлүүд” бүтээлийн “Капиталист үйлдвэрлэлийн өмнөх хэлбэрүүд”, “Энэтхэг дэх Британийн эзэмшил”, “Капитал”, “Антидюринг” зохиолуудад энэ тухай ямар нэг байдлаар дурдсан байдаг. Ялангуяа “Улс төр эдийн засгийн ухааны шүүмжлэлд” зохиолын өмнөх үгэндээ Маркс: “…азийн, эртний, феодалын, орчин үеийн, хөрөнгөтний үйлдвэрлэлийн аргуудыг эдийн засаг, нийгмийн формацийн дэвшилтэт эрин үе хэмээн тэмдэглэж болно” гэж шууд заасан юм.
Энэ талаар дэлхий дахинаа болон Орост олон удаагийн онолын маргаан дэгдэж байсан ба энэ нь бараг өөрөө түүх болно. Энэ тухай цухас өгүүлье.
Эхний маргаан 1925-1931 онуудад болсон бөгөөд цаг хугацааны хувьд пролетарийн хувьсгалыг дорно дахинд түгээх ЗХУ-ын эрмэлзэл, Ази, Африкийн орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгалууд гарсантай шууд холбоотой юм.
Энэ маргаанд азийн үйлдвэрлэлийн аргынхан ялагдаж Энгельс болон Сталины 5 шатат формацийн бүдүүвчийн ялалтаар дууссан юм. Энэ бүдүүвчээр дорно дахины бүх нийгмийг боол эзэмшлийн, дундад зууны бүх нийгмийг феодализмд хамааруулах болжээ. Энэ бүдүүвчээр одоо болтол яваад байсан хэрэг л дээ.
Манайд Сталины энэ бүдүүвч огт тохирохгүй байтал “хүчээр тааруулах” гэж мөн ч их оролдсон доо. Ухаандаа яаж ч судлаад монголоос “боолын нийгэм” олж чадаагүй ч монголын бүх түүхийг феодализм болгож таарсан. Дараа нь “капиталист бус хөгжлийн зам”-аар яваад шууд “социализм”-д орчихож байгаа юм. Дүгнээд үзэхэд манайх боол, капитализм хоёрыг алгасаж хөгжсөн сонин дүр төрх буудаг юм. Дээр нь “социализм”-аас “капитализм” руу “буцаад” орчихсныг хэн ч одоохондоо тайлбарлаагүй байгаа.
Энэ нь марксизмыг хараах хангалттай үндэслэл болдог хэдий ч түүний эх бүтээлд үүнээс огт өөр дүгнэлтүүд хийсэн байдаг. Маркс дорно дахинд элгэмсүү хандаж, азийн үйлдвэрлэлийн арга гэж ялган хэлээд байхад “адгийн муухай формацийн онол” зохиож бид нарыг балласан гэх шүүмжлэл, хараал ямар ч утгагүй юм.
Ингэж явж явж байгаад 1957-1971 онуудад азийн үйлдвэрлэлийн аргын маргаан дахин дэгджээ. Энд бас л улс төр, геополитикийн асуудлууд их нөлөөлсөн байна. Учир нь дэлхийн II дайны дараа колонийн системийн эсрэг дэлхий дахины хөдөлгөөн өрнөсөн, Марксын өмнө нь мэдэгдээгүй байсан зарим бүтээл олдсон, Зүүн Европын орнуудад социализм байгуулах шаардлага гарсан, ЗХУКН-ын ХХ их хурлын дараа нийгэм-соёлын амьдрал идэвхижсэн зэргийг дурдаж болно. Дашрамд дурдахад ЗХУ л манайхыг колоничилж байсан, баруунд колони огт байгаагүй мэт ойлгох нь дэндүү өрөвдөлтэй. Колонийн систем 1960-аад онд ЗХУ-ын хүчин чармайлтаар арай гэж эвдэрсэн юм.
Энэ маргааны явцад азийн үйлдвэрлэлийн аргын тухай маш сонирхолтой олон үзэл гарсныг одоо судалбал тун чухал гэдгийг онцлон дурдаж байна. Тухайлбал, барууны Wittfogel, Garaudy нарын зарим онолч азийн үйлдвэрлэлийн арга, социализм хоёр төстэй болох тухай, капитализмаас өмнөх нийгмүүд “хувь хүний” шинж чанартай байсан (А.Я.Гуревич) зэрэг тун сонин дүгнэлтүүд хийсэн байдаг.
Гэвч Хрущевыг унасны дараагаас энэ маргааныг таслан зогсоожээ. Гэхдээ хагас нууц байдлаар үргэлжилсээр байсан бөгөөд өөрчлөн байгуулалтын 1987-1991 онуудад бүр моод болжээ. Энэ үеэр дорно дахины нийгмүүдийн хувьслын онцлогийн тухай олон сонирхолтой санаа гарсан байдаг. ЗХУ задармагц энэ маргаан бас л зогсжээ. Ийм маргаан ганц Орост болсонгүй Хятадад нэлээн идэвхитэй өрнөж ирснээ 1990-ээд оюутны үймээний дараа аяндаа зогссон байна.
Үргэлжлүүлэн хөгжүүлэх оролдлогууд
Шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлтнүүд маргаан дэлгэрч, уг онолыг цааш хөгжүүлэх, эрэл хайгуул хийхэд ихээхэн нэмэр болжээ. Тухайлбал, эрх мэдлийн нарийн шаталсан бүтэц хувийн өмч бий болохоос бүр өмнө үүссэн, улмаар дэлхийн аль ч тивийн эртний улсуудад хувийн өмч байгаагүй, үйлдвэржихээс өмнөх нийгмийн хөгжингүй хэлбэр төлөвшиж ирмэгц хувийн өмчийн институт бий болдог гэдгийг баталсан байна. (Неусыхин 1968; Гуревич 1970, 1972, Service 1975; Claessen, Skalnik 1978; Хазанов 1979; Васильев 1982, 1983; Илюшечкин 1986, 1990 нар)
Энд эдгээр эртний нийгмийн хөгжлийн түвшинг хэрхэн үнэлэх вэ гэсэн онолын маш чухал асуудал үүсч байна. Баруунд улс бий болохоос өмнөх нийгмийг “жолоодогчийн ёс”, харин төр улсыг нь “архаист” буюу “эртний” улс гэж нэрлэж заншжээ. Харин Оросууд “феодалын өмнөх үе” гэж нэрлэж ирсэн юм.
Сүүлийн үеийн маргаанаас гарсан олон санаа болон асар олон нэр томъёог нэгтгэвэл формацийн онол дараах 3 шаттай байж болох юм. Үүнд:
1. Төрөөс өмнөх нийгэм. Энд хүн амын олонхи нийгмийн удирдлагад үл хамаарах явдал гол шалгуур болно. Энэ бүлэгт “феодалын өмнөх нийгэм”, “ангийн өмнөх нийгэм”, “цэргийн шаталсан бүтэц”, прото төр-чифдом”, “жолоодогчийн ёс” зэрэг олон эрдэмтдийн олон нэр томъёог оруулан үзэж болно.
2. Эртний төр. Энд мөлжлөг байх боловч хувийн өмч байгаагүй нь гол шалгуур болно. Энэ бүлэгт “эртний ангит нийгэм”, “эртний феодалын”, “бүдүүлэг төр” буюу “язгууртны төр” гэсэн нэр томъёо хамаарна.
3. Уламжлалт төр. Энд хувийн өмч бий болсон нь гол шалгуур болно. Энэ бүлэгт “хөгжингүй төр”, “язгууртан-ангийн нийгэм” орно.
Энд бидний мэдэх формацийн 5 шатат онол шинжлэх ухааны нээлтээр баяжин тэс өөр болон хөгжиж байгаа бид харж байна. Одоо ч гэсэн формацийн онол ихээхэн эрчтэй хөгжиж байна. Харин Монголд “устгачихсан” нь гайхалтай.
Зарим үзэл баримтлалд азийн үйлдвэрлэлийн аргыг хүй нэгдэл-боол эзэмшлийн дунд оруулдаг бөгөөд ингэвэл 6 формаци болно. Зарим нь боол эзэмшил хийгээд феодализмыг нэгтгэн “феодалын том формаци” гэж үзэх нь ч бий.
Ерөнхий хандлагыг ажиглавал формацийн нэг шугамт бүдүүвчээс татгалзан олон шугамт бүдүүвч гарган үүгээрээ барууны болон барууны бус нийгмүүдийн хөгжлийн ялгааг харуулах гэсэн оролдлого ихээхэн ирээдүйтэй. Марксын түүхэн үйл явцын концепцид тулгуурлан хөрөнгөтний өмнөх үе шатнаас хоёрдагч мегаформац хөгжих хэд хэдэн загвар хүртэл гаргасан.
Энд түүхийн үе шатат болон олон шугамт хөгжлийг онолын хувьд нэгтгэх гэсэн нөр их хайгуул хөдөлмөр хийж байгаа нь тодорхой байна.
1990-ээд оноос эхлэн формацийн 5 шатат онолыг хамгийн түрүүнд Орос болон Монголд “оршуулсан” нь тодорхой юм. Энэ нь Марксыг “бут авсан” хэрэг биш, өөрсдийнхөө зохиож олсон сталинч догмаа “устгасан” хэрэг мөн.
Ер нь бол формацийн онолыг засварлах гэж хар мянган юм бодож олж. Ухаандаа зарим нь Дорно дахины хөгжлийн өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь ч гэсэн сэтгэлгээний том ахиц мөн. Оросын И.Я.Дьяконов гэдэг нөхөр хүй нэгдлийн, хүй нэгдэл-нийтлэгийн, эрт баларын, эртний эзэнт гүрний, дундад зууны, абсолютист дундад зууны өмнөх, капитализм, посткапитализм гэж бүр 8 хуваах жишээний.
Энэ мэтийн эрэл хайгуул нь формацийн онолыг шууд нулимаад хаячихаж болохгүйг илт харуулж байна. ЗХУ-ын социализм задарснаар нийгэм-түүхийн 5 шатат ангилал төдийгүй, онолын энэ парадигмын гол цөм болсон “нийгэм-эдийн засгийн формаци” гэсэн ойлголтыг шинээр авч үзэхэд хүргэсэн юм.
Энэ хүрээнд формаци нь нийгэм буюу түүхэн тодорхой эрин үеийн хэв маяг-үе шат болж чадах эсэх, формацийн мөн чанар нь эдийн засгийн харилцаа юу, аль эсвэл нийт нийгмийн харилцаа юу, формаци нь бодит байдал уу, эсвэл зөвхөн онолын хийсвэрлэл үү, формаци нь олон хэвшилт байх уу, аль эсвэл үйлдвэрлэлийн ганцхан аргаас бүтэх үү гэхчлэн үй олон асуултыг бий болгож байгаа юм.
Хэдийгээр одоо формацийн онолыг баримтлагч гэж ил зарлах хүн бараг байхгүй боловч тун олон хүн энэ онолын гол үзэл, ойлголтын категориудыг баримталсаар байгаа нь бас л баримт юм. Одоо Маркс, Ленинээс шууд иш татахаасаа ичдэг болсон нь догматик үзэл, үйлдлээсээ салчихсан гэсэн хэрэг огт биш гэж бодож байна.
Зарим хүн формацийн болон иргэншлийн онолыг нэгтгэхийг санал болгож байхад зарим нь “хоцрогдсон” формацийн онолыг “орчин үеийн” иргэншлийн онолоор солих тухай номлох болов. Гэхдээ энэ бол мартагдсан шинэ юм гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно.
Ухаандаа одоогийн археологид өргөн хэрэглэж буй “зэрлэг үе-бүдүүлэг үе- иргэншил” гэсэн томъёолол нь аль дивангалавын А. Фергюссон, Л. Морган, Ф. Энгельс нарынх гэдгийг олон хүн анзаардаггүй. Зарим нь бүр цааш ахиж 5 шатат формациа “иргэншил” гэх болсон нь мөн чанарын ямар ч ялгаагүй юм. Манайд гаднаа “Иргэншлийн түүх” нэртэй дотроо формацийн онолоо тэр чигээр нь хуулсан ном, сурах бичиг цөөнгүй бий. Ийм маягаар марксизмыг “бут авсан” онигоо манайд одоо ч үргэлжилж байна.
Уг нь “буруу” онолыг нэгмөсөн хаячихаж болмоор мэт. Гэтэл өнөөгийн нийгмийн тун олон үйл явц формацийн онолд ямар нэг хэмжээгээр таараад байдаг юм л даа. Баян ядуу анги байна уу ? байна; үйлдвэрлэлийн хэрэгслийг цөөн хүн эзэмшиж байгаа юу ? эзэмшиж байна; хүмүүсийг шулан мөлжиж байгаа юу ? мөлжиж байгаа; капиталист формац цикл хямралд ордог уу ? ордог; нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус уу ? шударга бус; ангийн тэмцэл байгаа юу, байгаа; хувьсгал гардаг уу, гардаг гэхчлэн үй олон жишээ дурдаж болно.
Яагаад хаяж болдоггүй юм гэхээр энэ нь дараа дараагийн онолууд үүсэн гарах суурь дэвсгэр болдогт байгаа гэж санана.
Орчин үеийн марксизм
“Орчин үеийн” олон хүн намайг элэрсэн баларсан, “хоцрогдсон” марксизмаа “санагалзсан” гэж загнах нь тодорхой учраас орчин үеийн барууны марксизмын тухай цөөн зүйл өгүүлье.
Барууны марксизм нь нэг талаас Лениний болон ЗХУ-ын социализмыг шүүмжлэх, нөгөө талаас Маркс, Энгельсийн өв уламжлалыг орчин үеийн нөхцөлд засварлан хөгжүүлэх зорилгоор аль эрт үүссэн юм. Ерөнхийдөө диалектик-хүмүүнлэгийн болон сциентист гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгжиж иржээ. Энэхүү сциентизм гэдэг нь нийгмийн соёл, оюун санааны амьдралд шинжлэх ухааныг туйлчлах үзэл болно.
Диалектик-хүмүүнлэгийн чиглэлд нь фрейдизм, экзистенциализм, неогегелизм мэт том онолууд багтдаг. Мөн энэ чиглэлд: франкфуртын сургууль, фрейд-марксизм (В.Райх, Г.Маркузе, Э.Фромм), экзистенциалист марксизм (Ж.П.Сартр, К.Касториадус, К.Лефор), феноменологист марксизм (Энцо Пачи, П.Пиконе), марксист историзм (Н. Баладони, Л. Группи, Э. Серени), будапештын сургууль (А.Хелер, М.Вайда, Д.Маркуш, Ф.Фехер), “Праксис” сургууль (Югослав), Эрнст Блох (итгэл найдварын гүн ухаан) зэрэг урсгалууд ордог.
Нөгөө сциентист чиглэл нь марксизмыг хийсвэр гүн ухаанчлалаас нь цэвэрлэж, шинжлэх ухааны шинэ түвшинд хүргэх зорилготой тавьдаг. Энд: Луй Альтюссерын “бүтцийн марксистууд” болон түүний шавь нар, Гальвано делла Вольпе болон түүний шавь нар, “аналитик марксистууд” (Эрик Олин Райт, Ж. Коэн, Ж. Элстер, Ж. Ремер нар), ертөнц-системийн анализ (И.Валлерстайн, Андре Гундер Франк, Самир Амин), хамааралт хөгжлийн онол (А.Г.Франк, Теотониу душ Сантуш, Руй Мауро Марини, Родольфо Ставенхаген, Рауль Пребиш) нарын урсгал сургуулиуд ордог.
Манай хувьд гэвэл Марксын формацийн онол, нэн ялангуяа азийн үйлдвэрлэлийн аргыг монгол иргэншилтэй холбож гүнзгийрүүлэн судалбал онол-практикийн ололтын томоохон талбар нээгдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байж болно. Таныг “монгол иргэншил” гэсэн нэр томъёог анзаарсан гэж найдаж байна.
Булгийнхаа эхийг булингартуулчихаад усыг нь харааж болдоггүй юм. Хэрэв Марксыг таягдан хаясан гэх хүмүүс эхлээд “ардчилсан социализм”, “нийгмийн ардчилал” хаанаас үүссэн гэдгээ тайлбарлах л ёстой болно доо.
Аливаа үзэл онолыг эсвэл догм болгодог, эсвэл хараан зүхдэг тэнэг зан манайд л байдаг мэт. Шашнаас эхлээд үзэл санааны холбоотой бүх юмыг ингэж завааруулдаг нь бараг жам ёс болсон бөгөөд үүнийг хэн ч орчин үеийн дэвшилтэт үзэл, үйлдэл гэж үзэхгүй л байх…
Манайхан Марксыг “хог дээр” гаргаж хаячихаад өөр “онол” олж амжаагүй тэнэгтэж суух хооронд хувьсгал гарчихвал би л лав гайхахгүй дэг…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to “НИЙГЭМ- ТҮҮХИЙН ОНОЛУУД” ЦУВРАЛ № 1. ФОРМАЦИЙН ОНОЛ

  1. ganzorig says:

    Bayarlalaa.

  2. chinee says:

    үргэлжилэлийг нь тэсэн ядан хүлээнэ шүү. манай нийгэм капиталист болон феодалийн нийгмийг хольцон юм шиг санагддаг шд формацийн онолоор… антогонизмийн үзэгдлийн талаар та сайн тайлбарлаж өгөөч. энэ их сонин үзэгдэл шиг надад санагддаг юм. формацийн онол энэ үзэгдлийг анх илэрүүлсэн үү?

  3. onochnom says:

    za odoo bugdeeree l shuud bayarlaad exledegee ayadaad jooxon bodoldoo. ene niitleld bol shine yum yu baisaniig oilgosongui. nuutsgui xelexed ene chigleliin xun bish bolxoor nadad tegej xaragdaj baij magadgui. yer ni bol ene chigleldee mongoliin topblog bol mun.

  4. gankhuyag says:

    Ийм төрлийн зузаан зузаан номнууд олон бий. Тэрийг олон нийт бараг уншдаггүй. Харин 5-хан хуудас өгүүлэлд ингэж хялбаршуулж системчлэн бичсэн тохиолдол монголд үүнээс өөр байхгүй. Тэгээд л “шинэ” болж байгаа юм. Би мэргэжлийн хүмүүст зориулж бичээгүй. Оночном оо, хэрэв “нийгмийн дундаж”-д тохируулж бичсэнийг “ойлгохгүй” бол өөрийнхөө мэдлэгийн түвшинд гомдсон чинь дээр….

  5. найдан says:

    heruulch ch yum shig…

  6. dk says:

    Баярлалаа, Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье _ хүн болгон блог хөтлөн өгүүлэл бичиж, бүр зарим нь санасан бодсоноо ямарч засваргүй шууд илэрхийлж байгаа нь тухайн хүний хувийн асуудал боловч аливаа асуудалд шинжлэх ухаан-онолын үүднээс хандахад Ганхуяаг судлаачийн нийтлэлүүд тус болох болно гэдэгт итгэж байна. ямарваа асуудалд эргэлзэж “яагаад?” гэсэн асуултанд тань судлаачийн нийтлэлүүд хариу өгөх болно.

  7. gankhuyag says:

    Танд баярлалаа. Харин залуус Та нар л энэ бүх онолуудыг үргэлжлүүлж, судлаж,харьцуулж, шүүмжилж, нэмж, няцааж, баяжуулж байх ёстой мэт. Гэхдээ ямар ч онол уншиж ч барахааргүй асар их мэдээлэлтэй байдаг учраас арга зүйгээ зөв олохгүй бол хадуураад алга болдог гэмтэйг анхаарах ёстой байх. Харин “яагаад” гэсэн асуулт хэзээ ч дуусдаггүй…

  8. gankhuu says:

    сайн байна уу Мань мэт шиг хүмүүс энэ онол мэтийг ойлгохгүй юм байнааа. Харин та Монголын төр баригчид Дорнод Халх голын сав газар, нутаг усаа худалдсан тухай мэдээллийн талаар судалж ямар үр дүнд хүрэх талаар дүгнэж өгөөч. Яагаад заавал Солонгосчууд гэж…… Үнэндээ манид ногоо тарих ганц га газар олдохгүй л байна шүү дээ

  9. gankhuyag says:

    Ганц Солонгос биш ээ, Энэтхэгээс хүртэл манай газрыг түрээсээр аваач гэж “уриад” л байгаа ш дээ, цаад новшнууд чинь. Г.Бадамжунай албан ёсоор ингэж гуйсан нь гадаад сайтуудад байна лээ. Би энэ талаар судалж байгаа…Харин онолын хувьд гэвэл бүх хүн заавал онол мэдэх албагүй ч энэ мэт хялбаршуулсан тоймоос зах зухаас нь ч болтугай мэддэг болбол сайнсан гэж үүнийг бичсэн юм аа…

  10. Соёмбо says:

    Баабарын ярьдаг зарим зүйлд итгэдэггүй. Социализмаар замнахаар улс орон сүйрч балардаг, хувь хүн нь чадвар чансаагүй болдог гэдэг шүү тэр хүн. Гэтэл социализмаар замнаж байгаа Хятад улс АНУ дараа эдийн засгаараа дэлхийд 2-рт явж байна. Хагас нь социалист байсан Германи улс Грек улсад 110 тэрбум евро зээллээ. Социалист Орос анх удаа сансарт хүн нисгэж цөмийн зэвсэг бүтээв. Социалист тогтолцоогоор 50 жил замнасан Польш, Унгар, Чех, Словак, Румень, Болгар европын холбоонд элсээд амжилттай хөгжиж байна. Хэзээ ч социалист байж үзээгүй Баабарын хэлсэнчлэн хүн төрөлхтөний зүй ёсны жам ёсоор хөгжиж байсан одоо цахиур хагалж байх ёстой нөгөө Грек, Испани, Португаль, Ирланд улс нь болохоор эдийн засаг нь дампуурч Европын холбоог хөлдөө чирч байна шүү дээ. Монголчуудаа сэрцгээ Баабартан мэтийн хөлсний өчүүхэн бичээч нарын ухуулга сурталчилгааны үнэн дүр төрхийг хуулж хаях цаг болсон. Ганаа ахаа таньд амжилт хүсье.

  11. maliish says:

    http://moto.mn/forum/92-tuning-xiix-tuxai/7156-tatvaraar-mashinaa-tonoglox-ni.html#7440

    Бидний залуус өөрсдийн форумаар иймэрхүү зүйлүүд маш их яригдаж байгаа. Та нэг зав байвал шагайгаач.

  12. Соёмбо says:

    Социализмаар замнасан орон болгон өөр өөрийн онцлог ялгарах шинжтэй байсан хавтгайруулж хялбаршуулж ойлгож болохгүй. Тухайлбал : Бүх социалист улсууд хойд Солонгос шиг өвөө – аав – хүү 3 улсыг удирдаж байгаа. Ю.Цэдэнбал Х.Чойбалсаны хүүхэд байгаагүй. Ард Монгол шиг бүх улс 100 хувь өмчөө нийгэмчилж хувийн өмчийг устгаагүй. Польш социалист байхдаа газар тариалан болон мал аж ахуйн салбараа хувийн өмч хэлбэрээр байлгасан. Ард Монгол шиг туйлшраагүй юм.

  13. Anonymous says:

    Bayarlalaa,Tand amjilt husye

  14. Unshigch says:

    Bayarlalaa,Tand amjilt husye

  15. Ганаа says:

    Хүмүүсийн оюун санааны хоолыг ингэж сайхан бэлэн болгож бэлдэх гэж их хөдөлмөр,цаг заваа харамгүй зарцуулж байдагт тань танд баярлаж явдаг,хэдийгээр судалгааны ажил нь таны үндсэн ажил хэдий ч энэ нөр их хөдөлмөр гаргаж бэлдсэн хоол тань миний хувьд амт,хачир нь сайхан таарсан байдаг болхоор таны дараачын шинэ хоолыг тэсэн ядан хүлээдэг шүү,хэ хэ

  16. Дерфү says:

    Онолын мэдлэг муутай над мэтэд үнэхээр хэрэгтэй нийтлэл байна. Их баярлалаа.
    Cүүлийн үед cоциологийн талаар cонирхлын түвшинд унших бодолтой байгаа.
    Дараачийн цувралыг хүлээж байна.

  17. gankhuyag says:

    Залуустаа Э.Гидденсийн “Социологи” номыг уншихыг зөвлөж байна. Лав л 20 шахам удаа хэвлэгдэж, дэлхийн олон оронд орчуулсан энэ номыг “гайхамшиг” гэж нэрлэдэг. Дашрамд дурдахад энэ ном эхнээс нь дуустал уншдаг ном биш, харин сонирхсон сэдвээрээ холбогдох бүлгүүдийг уншихад зориулсан учраас хялбар, их хөнгөн хэллэгтэй, мөн бүх сэдвийг хамарсан байдаг. Харин манайхан “зузаанаас” нь “айгаад” бараг авдаггүй юм. Одоо ч номын дэлгүүрүүдэд байгаа.

  18. hehe says:

    Прошу вас посмотреть ролик на юутубе “Кем был Иосиф Виссарионович Сталин на самом деле?”
    (1-6)

  19. gankhuyag says:

    Баярлалаа, Эрхэм ээ. Хэрэв би түүхэн бие хүний тухай мэдмээр бол “юутубе”-ээс биш, эрдэм шинжилгээний нэрд гарсан бүтээлүүдээс уншиж, харьцуулж байж дүгнэлт хийдэг юм аа. Дашрамд сануулахад монгол блогт монголоор бичвэл уншигчид баярлах л байх.

  20. hehe says:

    Mathiin bagsh maani Marxism-n talaar yarihdaa bi ene onold durtai gehdee praktik deer bielelee olooguim gesen. Existentialism ba mongol irgenshil, nuudelchin humuusiin zan baidal yugaaraa yalgarah ve?(individ baih, erh chuluut,irrational geed tustei zuil ih) existentialism-g yagaad marxismtai neg umshig esvel zasvarlan hugjuulelt met avch uzeh yostoi gej?zarim philosophychdiin uzej baigaagaar ene 2 ni neg chigt parallelaar yavj bgaa gej uzdeg(barag existentialist uzel sanaa zuvhun hunii ajillagaa(rabota) bur mussun zogsson tsagt ehelne gej(in Das Kapital III) uuruur helbel jinhene erh chuluu tiim bolhoor l Sartre guai capitalism-n crisis deer shuumjlen marxism-g demjdeg bsan bh).

  21. gankhuyag says:

    Ингэж маргахыг сайн хэрэг гэж бодож байна. Гэхдээ бүх цувралыг дуустал жаахан хүлээж болно биз дээ. Шууд л эхнээс нь “философдоод” явчихаар чинь жинхнээсээ “хэ хэ” болоод байх шиг санагдана…

  22. Таньд үнэхээр их баярлалаа. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийг харахахад дандаа сургууль төгссөн хүмүүс бололтой. Харин би 11р ангид суралцдаг над шиг ЭЕШ өгөх гээд сандарч яваа хүнд номноос олохооргүй үнэтэй мэдээллүүдийг авлаа . Хэрвээ та цаашид шинэ дугаарууд гаргавал их шимтэн унших болноо тэсэн ядан хүлээж байна. Нээрээ би бас Налайх хотод төрсөн шдээ

  23. ochir says:

    Чингис хааны байлдан дагуулал нь Улс орноо өргөтгөх зорилготой байсан юм уу эсвэл хүн төрөлхтөнийг боолоос чөлөөлөх явдал байсан юм уу.

  24. sarnai says:

    sain baina uu. bi urd niigmiin chigleleer sutdag yum l da. Карл Маркс-in talaar mongol ulsiin oilgolt sedveer esse bichih gesen material olddagui.ta nadad ene talaar todorhoi medeelel ugch tus bolooch.tanii ajil amidrald amjilt hisii

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: