МОДЕРНИЗАЦИЙН ОНОЛУУД № 2

Энд бид цар хүрээний хувьд ч, цаг хугацааны хувьд ч бараг 200 шахам жил хөгжиж ирсэн ихээхэн найрсал, зөрчил, маргаантай онолуудыг “бөөндөж” авч үзэх болно. Гэхдээ бүгдээрээ ав адилхан болохоор нь нэг бүлэгт оруулсан хэрэг биш. Уламжлалт нийгмээс капитализмд шилжих, улмаар капитализм төлөвшин хөгжих ихэд зөрчилтэй томоохон үйл явцыг тал талаас нь үзсэн болохоор ингэж байгаа юм.
Гол санаа
Модернизацийн олонхи онол үйлдвэржсэн нийгэм төлөвших үйл явцад ихэд анхаарч аж ахуйн өөрчлөлт, техник зэвсэглэмж, хөдөлмөрийн зохион байгуулалтыг чухалчлан үздэг. Энэ нь сонгодог социологийн үндэс болсон бөгөөд XIX зууны сонгодог төлөөлөгчид болох О.Конт, Г.Спенсер, К.Маркс, М.Вебер, Э.Дюрхейм, Г.Зиммел нарын судалгаанд туссан байдаг. Гэхдээ нийгмийг үйлдвэржихээс өмнөх ба үйлдвэржсэн гэж ангилах Марксын санааг германы социологич Ф.Тённис “Gemeinschaft und Gesellschaft” бүтээлдээ хөгжүүлсэн нь хожим модернизац, монголоор шинэчлэлийн онолын үндэс болжээ.
Шинжлэх ухааны утгаар модернизац нь уламжлалт нийгмүүд нийгэм-эдийн засаг, соёл болон улс төрийн хувьд үйлдвэржсэн нийгэмд шилжих, либерал-ардчилсан институт, эрх зүйт төр, иргэний нийгэм бий болох үйл явц юм.
Модернизацийг нийгмийн хүрээ тус бүрээр нь ялган авч үзэх нь түгээмэл.
Эдийн засгийн модернизаци нь хөдөө аж ахуй эрчимжиж, өргөн хүрээнд үйлдвэржиж, тээвэр, холбоо, харилцааны хэрэгсэл хөгжиж, зах зээлийн эдийн засаг бий болж, хүн ам зүйн шилжилт явагдаж, хотжилт өсөхийг хэлнэ.
Соёлын модернизаци гэдэг нь уламжлалт эрхэмлэлийг бус, харин рационализмыг баримжаалсан өөр хэв маягийн хүн бий болохыг хэлнэ.
Капиталист эдийн засагт цаг хугацаанд арвич хандах болж, зах зээлийн эдийн засагт баримжаалсан шинэ зан үйл төлөвшиж, нийгмийн үйл явц хурдсаж, хувьч чанар, ганцаарчилсан амжилт зэрэг чанарууд төлөвшдөг. Агуу их М.Вебер чармайлт болон хөдөлмөрт дурлах нь шинэ нийгмийн гол эрхэмлэл хэмээн дүгнэсэн байдаг.
Зан үйлийн энэ загвар улс төрийн уламжлалт системийн өөрчлөлтөд хүргэдэг байна. Капиталист ертөнцөд хувь хүн, нийгмийн бүлгүүд засгаас хамаарах явдал суларч, төрийг “нийгмийн дээр байх хүч” биш, харин нийгмийн зохион байгуулалтын үүргийг гүйцэтгэдэг онцгой институт гэж үзэх болдог. Энэ үед төр нь “нийгмийн гэрээ”-ний онол ёсоор татварын ачаар оршин тогтнох болдог.
Мөн хувийн болон ардчилсан эрх чөлөө, сонгох эрх, засаг үе үе солигдохыг баталгаажуулсан өмч, эдийн засгийн санаачлагыг хамгаалсан хуулийн бааз бий болдог. Нийгэм нь хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалыг зааглаж, засгаас үл хамаарах байгууллага, үйлдвэрчний эвлэл мэтийн иргэдийн холбоод, улс төрийн нам, нутгийн удирдлагын байгуулагууд, засаглалын институтэд олон түмний зүгээс нөлөөлөх албан бус механизмууд бий болно. (Lenski 1966; Bell 1973; Rostow 1960; Toffler 1980; Gellner 1988; Парсонс 1998; Lenski 1995; Эйзенштадт 1999; Геллнер 2001).
Модернизацийн онолуудад нийгмийн хөгжлийг хүй нэгдлийн (түүхийн өмнөх), үйлдвэржихийн өмнөх болон үйлдвэржсэний дараах гэж голчлон 3 ангилдаг. Газар тариалангийн эдийн засагт шилжсэн, машинт техник бүтээсэн, шатахууны шинэ төрөл нээсэн, мөн мэдээллийн хувьсгал гэсэн 3 том шилжилтийг чанарын шилжилт гэж үздэг.
ХIX зууны сүүл үеийн онолын сэтгэлгээнд ноёлох байр суурьтай байсан германчууд соёлын хүрээ гэсэн баримтлал гаргаж, соёлыг төвөөс тархааж, соёлын бусад төвүүдэд синтез хийж болох үндэслэл гаргасан нь модернизацийн үйл явцад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Энд европууд соёлтой бусад нь тэдний соёлыг авах ёстой гэсэн агуулга илт ажиглагдана.
Шат болон үе
Модернизацийн хэд хэдэн давалгаа болсон гэж үздэг.
Анхдагч модернизаци нь үндсэндээ Баруун Европын орнуудад XYI-XIX зуунд болсон бөгөөд үүнд одоогийн хөгжингүй орнуудын ихэнхи хамаарна.
Хоёрдагч модернизацийн орнуудад голчлон Дорнод болон Өмнөд Европ, Орос, Япон, Туркийг оруулдаг. Эндээс Монголыг Оростой хамт модернизацийн хоёрдахь давалгаанд оролцсон гэж үзэх нэлээд ноцтой, үгүйсгэхэд түвэгтэй үндэслэл гардаг юм.
Модернизацийн гуравдахь давалгаа нь Ази, Африк, Латин Америкийн орнууд хамрагдсан бөгөөд тэдгээрийн олонхи нь орчин үеийн Ертөнц-системийн “зах хязгаарт” оршин байдаг. Эдгээрээс Энэтхэг, Латин Америкийн зарим улсыг нэлээд амжилт олсон гэж үздэг. Мөн “Азийн барууд” сүүлийн үед ихээхэн амжилт олсныг бүгд мэднэ. Энд Монголын модернизац 1990 оноос эхэлсэн гэх өөр нэг “шинэ” үндэслэл гарч ирдэг.
Улс төрийн модернизацийн механизмууд өөрөө аяндаа хэрэгждэггүй. Учир нь Ертөнц-системийн “цөм” болон “хагас хүрээ”-нд ордог улсууд ямар нэг байдлаар авторитар үйл явцын шатыг дамжиж ирсэн. Жишээ нь: Английн Кромвелийн дэглэм, Францын Бонапартизм, Мэйжийн эриний Япон, Туркийн кемализм, Итали, Германы фашизмыг дурдаж болно. Магадгүй Оросын коммунизмыг энд оруулах зарим үндэслэл буй. Харин либерал нийгэм байгуулахдаа авторитаризмаас зайлсхийж чадсан ганц улс нь АНУ болно.
Модернизацийн онолыг үйлдвэржихээс өмнөх болон европын бус нийгэмд хэрэглэхэд түүний танин мэдэхүйн үнэт зүйлс арга зүйн ихээхэн хязгаарлагдмал байдал үүсгэдэг. Учир нь эдгээр онолуудын олонхи нь капитализмын эдийн засаг, улс төрийн зарчмуудыг туйлын болгож үздэг.
Шинэчлэгдэж буй нийгмийн иргэншлийн болон эртний, уламжлалт онцлогоос шалтгаалан энэ онолын шууд зорилго гажих явдал олонтаа тохиолддог. Түүнчлэн эдгээр онолын XIX зуунд үүссэн үндсэн зарчмын нэг болох эдийн засгийн модернизацийг улс төрийн ардчилал дагалдах ёстой гэх зарчим ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Энд П.Сорокины баримталж байсан болгоомжлолыг хуваалцах нь зүйд нийцнэ. Дашрамд дурдахад П.Сорокины хоёр ч өгүүллийг орчуулсан нь миний блогт байгаа.
Үүнээс гадна модернизацийн онолд арга зүйн өөр нэг том дутагдал бий. Энэ нь эдгээр онолын олонхи нь бүх өөрчлөлтийг шугаман хавтгайд авч үздэг, гэтэл түүхэн олон үйл явц дэвшлийн нарийн түвэгтэй замналаас гадна тодорхой үечилсэн (цикл) сааталд (флуктаци) орох нь цөөнгүй байдаг.
Манайд 1990-ээд оны эхэн дунд үед модернизацийн онол маш их дэлгэрч түүнийгээ “гүйцэж түрүүлэх”, “угтаж тосох” гэж чамин гоё нэрлэж байсан. Энэ үзэгдлийг модернизаци нь формацийн онолтой ойрхон байдаг болон манайхны оросуудаас хуулах инерцээр тайлбарлаж болно байх. Гэхдээ манайх шиг улс бусдыг хөгжлөөрөө гүйцэх зорилтыг цаг ямагт тавих нь зүйн хэрэг. Харин яаж гэдгээ л сайн бодох хэрэгтэй байх.
Жишээ нь Н.С.Розов: түүн олборлох нийгэм, тариалан-гар урлалын технологитой нийгэм, үйлдвэрлэлийн технологитой нийгэм, үйлчилгээний технологитой нийгэм гэсэн эдийн засгийн 5 үе шатыг санал болгосон нь формацийн онолтой маш их дүйдэг юм. Зарим нь “түүхэн үйл явцын формаци” гэж нэрлээд нийгмийн хөгжлийг ангилсан явдал ч бий.
Энд нэг асуудал анхаарал татаж ихээхэн маргаан үүсгэдэг. Энэ бол ЗХУ-ын социализм модернизаци мөн үү гэсэн асуудал болно. Нэг талаас тариачдын хоцрогдмол нийгмийг сансрын болон цөмийн их гүрэн болгосон нь модернизацид яах аргагүй хамаарна. Нөгөө талаас ардчилал, зах зээлийн элементүүд байгаагүй болохоор биш ч юм шиг. Гэхдээ олонхи эрдэмтэн ЗХУ-ыг ямар ч эргэлзээгүй үйлдвэржсэн нийгмийн ангилалд багтаадаг. Энэ нь манайд ч мөн хамаарна. Учир нь дундад зууны түвшинд байсан “феодалын” монгол орныг хэн ч голохооргүй үйлдвэржилтийн түвшинд хүргэснийг модернизацид хамааруулах бүрэн үндэслэлтэй. Монголд 1921-1990 оны хооронд нийгмийн томоохон дэвшил явагдсаныг онол-практикийн хувьд үгүйсгэх ямар ч боломжгүй.
Нөгөө талд нь зөвлөлт байгуулал тун олон шинжээрээ “азийн үйлдвэрлэлийн арга”-тай төстэй байгааг нотолсон баримт олон байдаг. Энэ бол ихээхэн ноцтой бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлавал зохих дүгнэлт юм.
Ямар ч байсан Оросын Зөвлөлт засаг болон түүний нөлөөнд байсан социалист системийг түүхийн ангиллаас хасчихаж болохгүй нь мэдээжийн хэрэг. Манай зарим хүн “буруу” түүх учраас “хасах” гэж зүтгэдэг л юм…
Энэ асуудлаар Оросуудын хийж буй дүгнэлт хэрхэн өөрчлөгдөж ирснийг харахад их сонирхолтой. 1989 он буюу ид өөрчлөн байгуулж, ардчилж буй үед 1917 оноос хойшхи түүхийг “синтезийн сөрөг хэлбэр”, марксизмын нөлөөгөөр нөхцөлдөж “капиталыг үгүйсгэсэн уламжлалт нийгмийн модернизаци” гэхчлэн дүгнэж байжээ.
Тэд аажмаар капитализмын эсрэг нийгэм бий болсон гэж үзээд үүнийгээ “үйлдвэрлэлийн төрийн арга”, “үйлдвэржсэн политаризм”, “кратократия”, “этократия” асар олон янзаар нэрлэсэн боловч нэг мөр шийдвэрлэж чадаагүй. Ийм нийгэм үүсэхэд: 1. Дорно дахины төрийн онцгой үүрэг, 2. Иргэний институтын сул хөгжил, 3. Бүдүүлэг марксизм дэлгэрсэн зэрэг голлох нөлөө үзүүлсэн гэж үздэг байна.
Эдгээр олон тодорхойлолт, дүгнэлт бидэнд их хамаатай бөгөөд энэ чиглэлээр судлавал их сонин дүгнэлтүүд гарах нь эргэлзээгүй. Харамсалтай нь манайхан гүн ухаан, түүх, социологийн суурь дүгнэлт хийлгүйгээр “шинэ онол”-ын эрэлд хатах болсон нь сэтгэлгээний ноцтой алдаа гарахын үндэс мөн. 1990-ээд оны эхээр манай ардчилагчид дэлхий нийтийн жам ёсны хөгжил, гольдрилд орно гэж уриалдаг байсан нь одоо бодоход “шугаман” сэтгэлгээний хоцрогдол байжээ. Даанч дэлхий нийтийн “нэгдмэл” жам ёс гэж байдаггүй.
Хувьсал
Модернизацийн онолыг марксистууд, чөлөөт зах зээлийнхэн, хамаарлын онолынхон гэхчлэн бараг бүгдээрээ түүхэн үйл явцыг хэт хялбаршуулсан гэж хүчтэй шүүмжилдэг юм. Үнэхээр ч бүхнийг капиталист модернизацийн загварт багтаан оруулах хандлага илт байсан юм. Энэ болон өөрийн хувьслаас шалтгаалан модернизацийн онолууд ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ.
Эхэн үедээ барууны том онолчид нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, шинэчлэх үйл явцад саад болж буй уламжлалт эрхэмлэлийг солих, даван туулахыг номлож байсан. Ингээд ХХ зууны эхэн болоход өөрчлөлтийн соёлын болон ментал нөлөөллийг харгалзсан үзэл баримтлал бий болсон байна.
Орчин үеийн модернизацийн онол колонийн систем задарч, олон тооны шинэ улс бий болсон ХХ зууны дунд хэрд төлөвшиж тогтсон юм. Энэ үед илүү хөгжингүй барууны орнуудын модернизацийг жишиг болгон, түүнд хүрэх арга замыг тодорхойлох явдлыг гол болгож байлаа. Энэ нөхцөлд тухайн нийгмийн уламжлалыг шууд үгүйсгэх хандлага бий болдог юм. Модернизаци хийж буй ямар ч улс орон нэг зүгт, нэг чиглэлд, нэг зүй тогтлоор хөгжих ёстой, харин үндэсний онцлог бол хоёрдугаар зэргийн ач холбогдолтой гэх түгээмэл үзэл нэлээд удаан ноёрхож байсан юм.
ХХ зууны 60-70-аад оноос эхлэн европ бус соёл, уламжлалыг үгүйсгэсэн үзэл санаанд шүүмжлэлтэй хандах болж, шинжлэх ухаан-техникийн хувьсгалыг илүүтэй анхаарах болсон бөгөөд уламжлал нь модернизацийг хүчтэй болгож ч болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. (С.Хантингтон, З.Бауман). Нөгөө талаас барууны модернизацийн онол нь коммунист онолын эсрэг гол үндэслэл болж байсан юм. Дашрамд дурдахад С.Хантингтоны ганц нэг өгүүллийг орчуулсан нь миний блогт байгаа.
Бэрхшээл хийгээд хайгуул
1980-аад оны сүүлчээс барууны бус нийгмүүдийн түүхэн уламжлал болон уламжлалт эрхэмлэлийг хүлээн зөвшөөрөх болж, технологи, дэвшилтэт туршлагыг хуримтлуулахдаа үндэсний онцлогтой төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх болжээ. (А.Турен, Ш.Эйзенштад). Энэ шатанд уламжлал болон орчин үеийн тэнцвэрийг алдвал модернизац нь нийгмийн томоохон зөрчилд хүргэж, азгүйтэж болохыг хүлээн зөвшөөрчээ.
Нөгөө талаас модернизац нь уламжлалт институт, амьдралын хэвшлийг эвдэж, улмаар нийгмийн замбараагүйдэл, гаж зан үйл, гэмт хэрэг өсөхөд хүргэж болдог, энэ нь даамжирвал нийгмийн систем ужгирсан хямралд орж, бүх төрлийн хяналт алдагддаг гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө язгуур соёлд тулгуурлан модернизац хийсэн ганц орон нь Япон юм. Бусад тохиолдолд модернизац хийсэн нийгмүүдийн уламжлалт соёл үндсэндээ өөрчлөгдөж байсан. Эдгээрээс лалын орнуудад модернизаци ихээхэн зөрчилтэй явагдаж, эцэстээ байнгын зөрчлийн голомт болсон нь үүнийг тод харуулдаг юм.
Эндээс евроцентрист бус, харин азийн болон бусад модернизацийн өвөрмөц зам байж болох тухай онолын үндэслэл гарах бөгөөд үүнийг гүнзгийрүүлэн судлах нь Та бидний үүрэг юм. Сүүлийн үед Хятадын модернизац онолчдын анхаарлыг ихэд татах болсныг дурдах нь зүйтэй байх.
Модернизацийн үйл явцад үндэсний хүчин зүйл тогтворжуулагч нөлөөтэй байж болох үзэл санаа модернизацийн онолуудыг мухардалд оруулж, халуун маргааны үндэс болдог. Иймээс ч суут Мертон системийг даган дуурайх албагүй бөгөөд дуурайхгүй байх боломжтой гэж дүгнэсэн буй за. Харин манайх бол дуурайх гэдгийн сонгодог жишээ болно. Дуурайхад хүртэл алийг нь дуурайх вэ гэдэг асуудал гардаг, манайх бол бүгдийг нь зэрэг зэрэг дуурайдаг учраас хамгийн “эмзэг модернизаци” гэж үзэж болно.
Болж өгвөл хуулбарлах, дуурайхаас татгалзах нь зүйтэй бөгөөд энэ нь хөгжингүй орнуудын дэвшилтэт туршлагаас татгалзана гэсэн хэрэг огт биш, харин эл асуудалд өөрийн гэсэн үндэсний шүүлтүүрээр хандана гэсэн хэрэг юм.
Сүүлийн үед хувь хүний модернизацийн асуудлыг эрчимтэй судлах болж орчин үеийн хувь хүний аналитик загварыг хүртэл эрдэмтэд гаргажээ. Мөн хоёрт туйлт өрсөлдөөний үед ихэд маргаж байгаад “мартчихсан” конвергенцийн онолыг буцан судлах болсон нь их сонин үзэгдэл юм. Учир нь зах зээлийн эдийн засагтай орнууд төрийн төлөвлөлт, прогнозчлолын аргыг улам их ашиглах болж, социалист баримжаатай орнууд дэлхийн зах зээлд оролцохын тулд зах зээлийн механизм, сувгийг өргөн ашиглах болсон түгээмэл хандлагыг хөндөж байгаагаараа онцлог юм.
Ийм нөхцөлд неомодернизацын онол үүссэн бөгөөд гол агуулга нь ардчилал, зах зээл, боловсрол, ухаалаг засаглал, өөрийн сахилга бат, хөдөлмөрийн ёс зүй зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түлхүү анхаарч, модернизац болон уламжлалыг сөргүүлэн тавихаас татгалзсан болно. Зарим эрдэмтэд модернизац хийхэд ардчилал заавал байх албагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн ч явдал бий.
Сүүлийн үед экологийн модернизацийн онолын асуудлыг бүх нийтээрээ хөндөх болсон нь модернизацийн онолууд дахь маргалддаггүй ганц сэдэв болж байна.
Эдүгээ хөгжилтэй орнууд ч гэсэн хөгжиж, тэдгээрт модернизац болж байгаа бөгөөд үүнийг постмодернизац гэдэг. Хөгжингүй орнуудын модернизац нь даяарчлалаар дамжин бусад улсуудад ихээхэн нөлөөлдөг ч постмодернизацийг манай үзэгдэл мэтээр ойлгодог нь арга зүйн хувьд буруу мэт. Хөгжингүй орнууд нийгмийн хөгжлийн энэ төлөв байдлаа постиндустриал, мэдээллийн, технотрон нийгэм гэж янз бүрээр нэрлэдэг ч энэ түвшинд бид хүрэх хараахан болоогүй юм. Э.Гидденс орчин үеийн бүх нийгмүүдийг постмодернд орох гэж буй хэмээн үзсэн нь бодит байдалтай илүү нийцэх буй за…
Энэ хүрээнд Монголын модернизац 1911, 1921, 1990 оны алинаас эхэлсэн бэ гэдэг онолын биш, практик тулгамдсан асуудлыг “шийдэх” боломжтой. Ухаандаа “Монголын уламжлалт нийгмийн модернизаци 1911 онд эхэлж, 1921 оны “социалист” хэлбэрээр дамжин улмаар 1990 оноос “сонгодог” капиталист хэлбэрт шилжих хувьслын шатуудыг дамжсан бөгөөд түүний хоцрогдлоос нийгмийн дэвшилд хүрэх чиглэмжид онцгой өөрчлөлт гараагүй, хадгалагдан үргэлжилж байна” гэж дүгнэвэл ямар вэ гэсэн саналыг дэвшүүлж байна. Ингэж үзвэл монголын нэн шинэ түүхийн үе шатууд болон түүхт бие хүмүүсийг сөргөлдүүлдэг мулгуу явдлыг зогсоох боломж нээгдэж магадгүй. Энэ дүгнэлтийг асуудал дэвшүүлэх зорилгоор хийж байна.
Манай зарим “модерн” түүхчдийн бичвэрт Монголын түүх Чингисийн үеэс хойш бүхэлдээ “буруу” болж таардаг юм. Тухайлбал, феодалын бутрал “буруу”, манжийн үе “буруу”, 1911 оноос “эргэлзээтэй”, 1921-1990 оны хооронд бүр “аймаар буруу” явсаар байгаад арай гэж 1990 оноос жинхнээсээ “зөв түүх” эхэлсэн гэж “дүгнэдэг”. Ийм хөгийн “түүх” гэж дэлхийн аль ч оронд байдаггүй л юм билээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 6 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to МОДЕРНИЗАЦИЙН ОНОЛУУД № 2

  1. Зочин says:

    Үхэрнүүд уншаасай. Даанч үхэр чихрийн амт мэддэггүй гэж нэг үг бий дээ.

  2. Ганаа says:

    Ямар юмны хүрээлэн ч билээ,тэнд ажилладаг их урт урт гуншинтай эрдэмтэд хариу товчхон юм бичиж гаргахгүй юм бол уу,үнэн сониндоо ч юм уу.Тэдний бичсэн ийм товч бичлэгүүд байдаг бол уу,хаанаас олохгүй байхаа гэж айж байна.Үүнийг уншиж л байгаа,бичлэгээ үргэлжлүүлээд байгаарай,танд амжилт.

  3. shagai says:

    Философи, социологи, эрхзүйн хүрээлэн. Хүрээлэнгийнх нь нэрийг ч мэдэхгүй байж дотор нь байгаа судлаачийг дүгнэж суудаг, юун “зусар” хүн бэ? Дуугүй л уншина биз.

  4. gankhuyag says:

    Тэр хүрээлэнгээс намайг аль хэдийн халчихсан. Энэ нь 7 дахь удаагийнх бөгөөд би Монголын ямар ч байгууллагад ажиллах эрхгүй болсны нотолгоо юм. Хэлмэгдүүлэлт зөвхөн социализмд байдаг биш л дээ. Харин одоо тэр хүрээлэнд ийм өгүүлэл бичих хүн байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Шагай, чи болон танай нөхдүүд намайг “сахих” ажилдаа эргэж орж байгаа юм байна. Гэхдээ Та нар шиг лаларуудыг бүгдийг нь “цалингүй” болгоно гэдгээ амалж байна…

  5. Anonymous says:

    Mash saihan bichjee,bayarlalaa,Tand.

  6. gankhuyag says:

    Баярлалаа. Гэхдээ сайн болоогүй ээ. Яаж ч бодсон энэ олон онолыг 5 хуудсанд “багтаах” нэг бодлын утгагүй ажил гэдгийг би өөрөө мэдрээд байна. Жирийн хүмүүс тойм төдий мэдэхэд хэрэгтэй гэж л бодсон санаатай…

  7. Munkhbat says:

    End setgegdel bichsen ulsuudtai Gankhuyag guian hereldehiig unshih sonirholtoi yum. Ooriig n tagnadag “sahidag“ humuus tiim l olon yum bailgui dee. Ene hun chuham yamar ajil alba hashdag hun yum bol? Medeh hun n bichvel sain bna.

  8. Anonymous says:

    Setgegdel unshih gej l sudlaachiin blogt “zochilj” baigaa bol tanii tsagiin garz biz dee.Sudlaach D.Ganhuyagiig yamar ajil alba hashdagiig uneheer medehiig husej baigaa bol niitleluudiig ni unshihad l hangalttai bolovch
    Munkhbat ni unshaad ch oilgoh chadvar muu bololtoi.Uuchlaarai

  9. Munkhbat says:

    Setgegdel bichij bui humuus ihenh n zulguidaj, doligonoson yum bichij bgaag n l helehiig hussen yum. Minii oilgoh uguid ta sanaa zovood yuhev de. Hariu bicheed hereggui, bi unshihgui.

  10. Anonymous says:

    Sudlaach Tanii niitleluudiig buh nasniihan unshdag buguud unshigchidiin too udruus udurt nemegdseer baigaa gedegt itgeltei baina.Yalanguya zaluuchuud maani Tantai holbogdoj uzel bodloo soliltsoj,zuvluguu avch,hamtran ajillah sonirholtoi baigaa ni sudlaachiin bichsen buhen humuust hurch buin ilrel bizee.Uurchlult,shinechlelt ruu tsutsaltgui hutluj baigaa Tand amjilt husye,Bicheed l baigaarai.Zusardaj baina gene uu,dolignoj baina gene uu yu l gej helvel heleg,ugaasaa “Unen ug helsen hund hun ushuuteu,uher unasan hund nohoi ushuuteu” gedeg biz dee.

  11. amar says:

    Бэрхшээл хийгээд хайгуул гэсэн хэсэг их сонирхолтой юм тэр дундаа “Эдгээрээс лалын орнуудад модернизаци ихээхэн зөрчилтэй явагдаж, эцэстээ байнгын зөрчлийн голомт болсон” гэх энэ хэсэг их анхаарал татлаа.
    Цагаадай “Их засаг” хуулийг бусдаасаа сайн сахидаг гэдэг. Тэр ч мөн дээрх орнуудад Их засаг хуулиас болж зөрчилдөж байсан. Үүнийг би ойлгохдоо уламжлалт зан үйл хийгээд шашинтай нь холбож үздэг юм . Харин модернизацийн үйл явц нь өөрөө онцлогтой явагдсан юм болов уу эсвэл бусад улсуудад хэрхэн явагдаж байсан яг тийм л замаар явагдаж байсан юм болов уу?
    Зөрчил нь надад их сонин байна л даа.

  12. Bodruul says:

    Та нар бод лдоо.Атаархуу шаарнууд чинь чив чимээгүй уншчихаад сэтгэгдлээ илэрхийлэхгүй ихэнх нь явж байгаа штээ.Дараа нь мэддэг дүр эсгээд мань эрээс иш татаж бас бурна лдаа хэхэ
    Шударга ёсыг бий болгох хэрэгтэй гэсэн итгэл байна.Ганааг яагаад хэн ингэж зуугаад байна ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: