НЕОЭВОЛЮЦИОНИЗМ № 3

Одоо нийгмийн (социал) хувьслын шинэ онолуудыг товч тоймыг үзнэ. Энэ онолын үндсийг Ч. Дарвины хувьслын ерөнхий онолоос бүр өмнө агуу социологич Н.Спенсер тавьсан юм. Энд нийгмийн хувьслын тухайлсан тохиолдол нь “нийгмийн хөгжил” гэсэн ойлголт байдгийг онцлон дурдаж байна. Манай нийгэмд болж буй асар олон үзэгдлийг тайлбарлахад энэ онолын нэлээд олон үндэслэл тохирдог юм.
“Мөнхийн” хувьслыг үнэлэхүй
Неоэволюционизм нь ХХ зууны 50-иад оны үед америкийн этнологич Лесли Уайт, антропологич Жулиан Стюардын бүтээлүүдийн ачаар бий болсон юм. Тэд “хуучин” хувьслын онолын гол үндэслэлийг хадгалахын хамт ерөнхий болон тусгай хувьсал, соёлын ноёрхогч шинж (доминант) зэрэг хэд хэдэн үзэл баримтлалыг санал болгосон байдаг. Тэд анх удаагаа гүн ухаан, түүхийн бүтээлүүд биш, харин нийгмийн өөрчлөлттэй холбоо бүхий палентеологи, археологи, этнологи, түүх судлал зэрэг тодорхой шинжлэх ухааны ололтыг ашигласан нь амжилт олох нөхцлийг бүрдүүлсэн байна.
Неоэволюционистууд нийгмийн түүхийг янз бүрийн чиглэлээр хөгжиж буй хаалттай системүүдийн нийлбэр гэж үздэг. Энэ тохиолдолд хөгжил нь экологийн янз бүрийн орчинд хүний дасан зохицсоны үр дүн болдог байна. Монголчууд яагаад олон мянган жил газар тариалан эрхэлж сураагүй юм бол гэсэн суурь асуултад манайхан “тэнэг, залхуу” болохоороо гэж хариулахад бэлэн байдаг. Олон мянган жил дандаа “тэнэг” байдаг үндэстэн уг нь байхгүй л дээ. Энэ мэт олон асуудлын учгийг тайлахад социал хувьслын онолууд өргөн талбар нээж өгдөг юм.
Ер нь бол хувьслын нэг шугамт, түгээмэл (универсал), олон шугамт гэсэн 3 үзэл буй. Нийгэм-соёлын хөгжлийг “зэрлэг-бүдүүлэг-иргэншил” гэх буюу бидний мэдэх 5 шатыг заавал дамжина гэж үзвэл дэс дараалсан хөгжлийн түгээмэл үе шат байхыг заавал шаардана. Эдүгээ энэхүү нэг шугамт үзлийг хэрэглэхээ больсон. Гэвч манайд ямар нэг хэлбэрээр байсаар байгаа. Жишээлбэл, монгол хөгжсөөр яваад яг АНУ, Япон шиг болно гэх мэт. Гэвч энэ нь боломжгүй. Энэ нь монгол хөгжихгүй гэсэн үг биш, харин хувьслын үр дүнд аль ч нийгэмтэй яг адил болохгүйг хэлж байна.
Харин “шинэ” түгээмэл үзэл баримтлал нь хөгжлийн хэлбэрүүдэд буй даяар өөрчлөлтийг олж илрүүлэхийг зорилго болгодог. Харин олон шугамт онол нь нийгэм-соёлын хөгжлийн ойролцоогоор адилавтар замын олонлиг байхын зөвшөөрөх боловч хувьслын түгээмэл хуулиудыг олохыг зорилго болгодоггүй.
Нийгмийн хувьсал гэдэг бол харьцангуй тодорхойгүй, харилцан холбоогүй нэг төрлийн байдлаас дэс дараалсан интеграци (нэгдэл), дифференциацийн (ялгарал) тусламжтайгаар харьцангуй тодорхой, харилцан холбоотой олон төрөл байдалд хүрэх шилжилт болно. (Саrneiro 1973)
Төлөөлөгчид
Эхэн үеийн неоэволюционист тайлбарлал гадаад орчноос сорон авч буй (абсорби) эрчим хүчний тоо хэмжээгээр нь нийгмүүдийг ялгах үзэлд тулгуурладаг.
Л.Уайт (White 1949) соёлын хувьслыг тариалангийн, түлшний болон халуун цөмийн “эрчим хүчний хувьсгал” хэмээн ялган үзэж байжээ. Тэрбээр хүн төрөлхтний соёлын хөгжлийг “бүдүүлэг” болон “иргэншил” гэсэн хоёр үе шаттай хэмээн үзэж байсан.
Лесли Уайт “Соёлын хувьсал” хэмээх бүтээлдээ: ”Хүй нэгдлийн хүн бүр, анги бүр байгалийн нөөц, үйлдвэрлэлийн хэрэгсэлд хүрэх чөлөөт боломжтой байсан. Байгалийг мөлжин ашиглах чухамхүү энэ эрх чөлөө нь ураг төрөлд үндэслэсэн хүй нэгдэлд хүн хүнээ мөлжих явдлыг боломжгүй болгож байсан” гэж дүгнэсэн. Ингээд тэр соёлын системийн бүх хэсгүүд өөр хоорондоо нягт уялдаатай гэж үзээд үүний хамгийн гол зүйл нь технологийн систем гэж үзсэн. Соёл, технологийн хөгжил нь эрчим хүчний шинэ эх үүсвэрээс шалтгаална. Энэ нь хүний өөрийн биеийн хүчнээс эхлээд цахилгаан, цөмийн эрчим хүч хүртэл хувьслын замаар үүснэ. Соёлын систем хүний амьдралд дээд зэргээр тохирсон, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Мөн аль ч соёлд бэлэгдэл гол үүрэг гүйцэтгэх бөгөөд бэлэгдэл нь хүний үндсэн чадварын нэг юм. Үүнийг заримдаа бэлэгдлийн онол ч гэж нэрлэдэг.
Жулиан Стюард аливаа нийгэм-соёлын системийг экологийн тодорхой нөхцөлд дасан зохицож, хувьсан өөрчлөгддөг хэмээн үздэг. Хэрэв хоёр буюу түүнээс дээш нийгэм байгалийн адил нөхцөлд, технологийн нэг түвшинд байх аваас адилхан хөгждөг бөгөөд үүнийг “зэрэгцээ хөгжил” гэдэг. Харин цаг агаарын янз бүрийн нөхцөлд байвал түүнд дасан зохицох мөн л янз бүрийн арга бий болно. Ингээд газар зүйн хувьд алслагдмал соёлууд хувьслыг дамжин өөр өөр болдог. Энэ үндэслэлүүд “ойлгомжтой” мэт санагдаж магадгүй ч Жулиан Стюард “соёлын эколог” гэсэн шинэ ойлголт гаргаж ирсэн юм. Соёл нь байгалийн нөхцөлд дасан зохицож, түүнтэй харилцан үйлчлэлд орохдоо хүний болон социал хувьслын ойлголтоос ялгагддаг. Өмнөх үзлүүд байгальтай соёлын систем биш, хүн харилцдаг байсан гэж үзэж байсан.
Энд онолын их том ялгаа гарч байгаа юм. Хүн байгальтай хэзээ ч ганцаараа харьцдаггүй, харин овог, бүлэг, анги гэхчлэн нийгэм-соёлын нийтлэгүүдээр дамжин харьцдаг нь тодорхой юм. Манайд “хүнийг хөгжүүлнэ” гэхчлэн онол практикийн олон үндэслэл гаргадаг ч хэрэв социал системгүйгээр дан ганц хүнийг авч үзвэл асар олон “Робинзон Крузо” хүмүүжүүлэх гэсэн утгагүй ажил болж дампуурах нь гарцаагүй.
Стюард нийгмийн соёлын хөгжлийг “гурвалжингаар” харуулсан, үүнд гурвалжны суурь нь хүрээлэн буй орчин, түүний дээр гурвалжингийн ихэнхи хэсгийг эзэлсэн техно эдийн засаг, түүний дээд талд нийгэм-улс төрийн байгууллагууд, хамгийн орой дахь тун бага хэсэгт үзэл суртлыг байрлуулсан байдаг.
Энэ бүдүүвчийг Энтони Смит: нийгмийн орших орчноос хавьгүй олон соёл байгаа, энэ нь хөгжил дэх соёлын дотоод аргуудаас хамаарна, технологи болон эдийн засгийн хөгжлийн түвшин хувьслын фазаас хамаарна, харин үзэл суртал, шашин зэрэг нь янз бүрийн үе шатанд эерэг, сөрөг янз бүрээр нөлөөлнө гэсэн үндэслэл гаргаж шүүмжилсэн. Энэ нь Стюардын дээр дурдсан “гурвалжин” бүдүүвчид цаг хугацааны үзүүлэлт нэмж оруулахад хүргэсэн.
Марвин Харрис неоэволюционизм дахь соёлын материализмын үзэл баримтлалыг хөгжүүлсэн болно. Тэр нь соёлын ялгаа нь хүний материаллаг хэрэгцээнээс хамаарна гэж үзсэн. Энэ хэрэгцээг хангахын тулд нийгэмд технологи хэрэгтэй, гэхдээ энэ технологи нь тухайн үеийн тухайн орчны байгалийн нөхцөлд тохирсон байдаг. Технологи тухайн нутагт буй нөөцийг зохистой зарцуулах, хөдөлмөр болон эрчим хүчний зардлыг хэмнэхэд чиглэдэг. Энд тэр “тэнцвэрт систем” гэсэн ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд энэ нь аль нэг үзүүлэлтийг нь өөрчлөхөд амархан эвдэрдэг байна. Жишээ нь хүн амын тоо цаг ямагт тэнцвэр алдагдуулагч хүч болж энэ нь шинэ технологи хайх, нийгэм хөгжихөд хүргэдэг.
Янз бүрийн соёлд өнгөц харахад утгагүй мэт (барууныханд-Д.Г.) байдаг ч аливаа соёлын ямар ч ёс заншилд тодорхой материаллаг үндэслэл нуугдмал байдаг хэмээн үзсэн.
Жерард Ленски технологийн хөгжлийн гол хандлага нь мэдээллийн тоо хэмжээ өсөх явдал гэж үзсэн. Энэ нь түүхийн үйл явц санамсаргүй тохиолдол биш, харин зүй тогтолт цуврал гэсэн хэрэг бөгөөд энэхүү зүй тогтлын үндсэн дээр нийгмийн түүхийг ангилж болно. Соёл, урлагийн түүхийг ч гэсэн тодорхой зүй тогтолд оруулж болно. Жишээ нь: хадны сүг зургаас эхлээд орчин үеийн зураг, компюьтер зураг гэх мэт нь дараалсан хөгжил үүний жишээ болно.
Америкийн антропологич Э.Сервис, М.Салинз хоёр нийгмийн хувьслын хамгийн алдартай бүдүүвчийг 1960 онд томъёолжээ. Тэдний үзлээр хүмүүсийн нэгдлийн анхдагч хэлбэр нь “локал буюу захын бүлэг” (bands) бөгөөд тэдгээр нь эгалитар (egalite буюу эрх тэгш) нийгмийн бүтэцтэй, хамгийн нэр хүнд бүхий хүмүүсийн хэлбэржээгүй удирдлагатай байсан аж. Дараа нь газар тариалан, мал аж ахуй зэрэг үйлдвэрлэгч аж ахуйд шилжсэнээр нийтлэг болон овгууд үүсч, нийтлэг хоорондын манлайллын институт, магадгүй хүүхэд, өсвөр, идэр нас, эр хүн, өвгөд гэх мэт насны ангийн системийн эртний хэлбэр үүссэн. Энд “насны анги” гэсэн их чухал нэр томъёо гарч байна. Дараагийн шат нь жолоодогчийн ёс буюу chiefdom болно. Энэ үзэл баримтлалыг Earle 1987, 1991; Крадин 1995 нар нэлээд хөгжүүлсэн болно.
Жолоодогчийн ёсонд нийгмийн давхраажил үүсч, олон түмэн шийдвэр гаргах үйл явцаас тусгаарлагдагдаг. Жолоодогчдын байр суурь нь нөөцийг хянах, нэмүү бүтээгдэхүүнийг дахин хуваарилахад тулгуурладаг. Төр боловсорч эхэлмэгц төвийн засаглал хуульчилсан хүч хэрэглэх онцгой (монополь) эрхтэй болно. Энэ үе шатанд бичиг үсэг, иргэншил, хотууд үүснэ. (Service 1962/1971, 1963, 1975; Sahlins 1968, 1999).
Хожим нь энэ бүдүүвчийг Johnson, Earle нар нэг бус удаа нарийвчилж, нэмэлт хийсэн болно. Тухайлбал, хэд хэдэн удаагийн мэтгэлцээний дараа уг бүдүүвчээс овгийг хувьслын зайлшгүй дамжих шат хэмээн үзэхээ больсон. Зарим судлаачид нэгэнт төлөвшсөн “үйлдвэржсэн” буюу үндэстэн-төр хийгээд үйлдвэржихээс өмнөх төр гэсэн ангилалд илүү таатай ханддаг. Гэхдээ үйлдвэржихээс өмнөх төрийг “архаист”, “эртний” гэхчлэн нэрлэх нь буй. Эртний төрийн онолыг голландын улс төрийн антропологич Х.Й.М.Классены удирдлагаар эдүгээ хийж, олон улсын томоохон баг ажилласан. (Claessen, Skalnik 1978, 1991; Claessen, van de Velde 1987; 1991; Claessen, Oosten 1996).
Америкийн нэрт судлаач М.Фрид эгалитар, цэгцлэгдсэн, давхраажсан болон төр гэсэн 4 шатат үзэл баримтлал гаргаад байна. Эгалитар буюу тэгш эрхт нийгэмд реципрокаци (тэгш харилцах) болон нас, хүйсний ялгаат харилцаа байдаг. Цэгцлэгдсэн нийгэмд редистрибуци болон нэр хүндэд тулгуурласан ялгарал бий болдог. Давхраажсан нийгэмд зиндааны ялгаа нь эдийн засгийн үндсэн нөөцөд хүрэх тэгш бус байдлаар тодорхойлогдоно. Харин төрийн үе шатад анги, хувийн өмч, мөлжлөг бий болно. (Fried 1967).
Энд буй “редистрибуци” нэр томъёог анх гаргасан Поланьи аливаа эдийн засгийг зах зээлийн болон редиструбуци гэсэн хоёр том хэв шинжид хуваасан байдаг. Энэ нь “дахин хуваарилах” гэсэн утгатай бөгөөд онолын агуулгаараа өмч байх нь заавал зах зээл байхыг шаарддаггүй гэсэн “хачин” дүгнэлт хийсэн юм. Гэтэл бид өмч үүссэн л бол зах зээл заавал байх ёстой мэт ойлгодог нь эргэлзээтэй болж таарч байна.
Ухаандаа Хятадад зах зээл байсан, Монголд байгаагүй түүхэн баримтыг бусад онолын хүрээнд тайлбарлах боломжгүй. Энэхүү зах зээлийн биш, редистрибуци эдийн засгаасаа уламжлаад түүхийн урт удаан хугацаанд Монголын нийгэм, соёл, төр нь бусдаас өөр мөн чанартай болдог ч байж магадгүй. Одоо ч гэсэн манай эдийн засаг “зах зээлийн бус”, төр нь “ардчилсан бус” байдгийн учрыг энэхүү редистрибуци эдийн засгийн хэв маягаас улируулан судалбал их ирээдүйтэй гэж санана.
Л.Уайтын шавь Р.Адамс засаглалын хэлбэрийн хувьслыг эрчим хүчид тавих хяналт дэс дараалан ихсэх үйл явц гэж үзсэн. Тэрбээр Э.Сервис, М.Саллинз нарын ангилалд тулгуурлан нийгмийн нэгдлийн 6 түвшин бүхий даяар бүдүүвч гаргасан. Энэ нь: 1. захын бүлэг, 2. жолоодогчийн ёс/хязгаар муж, 3. штат/ханлиг, 4. үндэсний түвшин, 5. интернационал түвшин, 6. дэлхийн түвшин зэрэг болно.
Энэхүү 6 түвшин бүр нь төвлөрсөн болон зохицуулсан нэгж гэх зэрэгцээ хоёр урсгалд хуваагддаг. Төвлөрсөн нэгжүүд нь Сервис-Салинзын хийсэн нэгдлийн (интеграци) түвшинтэй давхцах ба харин зохицуулсан нэгжийн хүрээнд Адамс харьцангуй сул нэгдэлтэй салангид бүл, овгуудаас эхлээд НҮБ, олон улсын шүүхийг хүртэл оруулсан байдаг. Түвшингүүд нь бие биендээ таардаг. Жишээлбэл 3 дахь түвшинд төвлөрсөн нэгжийн зэрэглэлд хот-улсууд, ханлигууд орох ба харин зохицуулсан нэгжийн бүлэгт холбоо, алъянс, шашны нэгдэл, загалмайтны бүлэглэлүүдийг багтаан үздэг. (Adams 1975).
Нийгмийн хувьслын орчин үеийн төсөөллийг Х.Классен неоэволюционизмын тухай гайхамшигт тоймдоо илүү их уян хатан байдлаар үзүүлж чадсан юм. Нийгмийн хувьсал нь өгөгдсөн чиглэл байдаггүй бололтой юм. Хувьслын шугамуудын олонхи нь өсөлтийн хүндрэлд хүргэдэггүй, нарийн нийлмэл рүү өсөх зам нь саад асар ихтэй, эцэс сүүлд нь зогсолт, уналт, тэр байтугай мөхөлд хүрдэг бөгөөд энэ нь нарийн нийлмэлийн давших өсөлт болон фукциональ дифференциал хөгжлийн хувьд практикийн ердийн нэг л үзэгдэл байдаг аж.
Классен “социал хувьсал бол нийгмийн бүтцийн нэг төлөв байдлаас нөгөөд шилжих чанарын дахин өөрчлөлт болно”, “Орчин үеийн неоэволюционизмд нийгэм-соёлын хувьслын олон шугамт шинжийн үзэл санаа харш биш” гэж үзсэн. (Claessen 2002)
Онолын синтез
Сүүлийн үед неоэволюционизмын үзэл санаа археологи, угсаатны зүй, антрополог, түүх зэрэг шинжлэх ухаануудад ихээхэн дэлгэрч байна.
Гэтэл манайд хаа хамаагүй Дарвины онолоос авахуулаад нийгмийн хувьслын үзэл санааг огт үл тоодог нь үнэхээрийн хоцрогдлын шинж мөн. Наад зах нь гэхэд л 1911, 1921, 1990 оны хувьсгалууд бие биенээсээ цаг хугацаа, учир шалтгааны хувьд урган гарсан, цувирч болсон зөрчил хийгээд найралт үзэгдлийн олонлиг атал бүгдийг нь зөрчилдүүлж, албаар “онолын хэрүүл” өдөж, түүх болон түүхт хүмүүсийн сайн мууг нь эцэст нь тултал олох гэж тэмцэлдэх нь үнэхээрийн утгагүй ажил мөн. Муу жишээ үүгээр дуусахгүй, ухаандаа Хувилай хийгээд Аригбөх, Занабазар хийгээд Галдан, Сүхбаатар хийгээд Бодоо, Данзан нарын зөв бурууг эцэслэн тунгаах гэж сайн дураараа “түүхийн шүүгч” хийдэг хүмүүс тун олон болсон нь дэндүү харамсалтай хэрэг юм.
Неоэволюционизм сүүлийн арваад жилийн дотор ихээхэн нэр гарсан хэдий ч формацийн буюу үе шатны онолын хүрээнд багтдаг юм. Дүгнэж хэлэхэд марксистууд болон Баруунд уламжлал ёсоор тэднийг шүүмжлэгчдийн хоорондын ялгаа олон талаар зохиомол гэдгийг онцлон дурдаж байна.
Учир нь сүүлийн үед капитализмаас өмнөх нийгмийг судалдаг марксист түүхчид неоэволюционизмын нэр томъёо, ололтыг идэвхитэй ашиглах болж байна. Нөгөө талд нь барууны улс төрийн антропологи (ийм шинэ шинжлэх ухаан харьцангуй саяхан үүссэн бөгөөд энэ талаар жичид нь өгүүлэх болно-Д.Г.) төр ёсны өөрчлөлт хувьслыг судлахдаа мөлжлөг, удирдагч болон үйлдвэрлэгч ангиуд болон хуваагдсан нийгмийн давхраажлын үүслийг улам бүр шамдан судлах болж байна.
Энд бидний аль хэдийн “хаячихсан”, бас “мартчихсан” марксизмын үндсэн категориудыг орчин үеийн аль ч онолд ямар нэг байдлаар хэрэглэсээр байгааг Та бид бэлхнээ харж байна.
Эдгээр онолын үндсэн дээр Монгол иргэншлийн үүслийг 3000-5000 орчим жил болгож “урагшлуулан” тоолох бүрэн боломж бий. Ухаандаа Хүн гүрний үүслийг Модун эцэг Түмэнгээ алсан (НТӨ 209 он) домгоор биш, нүүдлийн сонгодог мал ахуй төлөвшин хөгжиж, Цагаан хэрэм барих “шийдвэр” гаргаснаас нэлээн өмнөх үеэс эхлэн тоолоход логик зөрчил гарахгүй юм билээ. Лав л Хүн гүрэн 24 том аймгийн холбооноос бүрдэж байсан бөгөөд тэдгээрээс хуянь, лань, сюйбу зэрэг голлох эрхэм аймгууд болно. Мөн одоогоор 10 шахам аймгийн нэр тодорхой байгаа. Сүүлийн үед Дунху нарыг “монгол” гэж үзэх нь давамгай болсон. Эдгээрийг өвөрмөц маягаар төлөвшсөн нүүдлийн төр улс байсан гэж үзэх олон үндэслэл гарах боломжтойг түүхийн болон археологийн сүүлийн үеийн судалгаанууд “бараг” нотолдог юм. П.Дэлгэржаргал, Д.Цэвээндорж, Д.Баяр, Я.Цэрэндагва, Ц.Очирхуяг, Г.Сүхбаатар, Л.Билэгт, З.Батсайхан, Ц.Төрбат нарын эрдэмтдийн олон сайхан бүтээлүүдээс шүүн үзэхэд надад л лав ингэж бодогдоод байдаг юм. Домог ёсоор Модун эцгээ алмагц л хүчирхэг Хүн гүрэн шууд тэр жилдээ үүсчихнэ гэж лав байхгүй. Иймээс нүүдэлчдийн төрийн анхдагч бүрдэл, үр хөврөл үүнээс ихээхэн эрт үүссэн байж таарна гэсэн шинжлэх ухааны таамаглал (гипотез) дэвшүүлж, түүнийгээ батлах гэж зориглож яагаад болохгүй гэж…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 6 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to НЕОЭВОЛЮЦИОНИЗМ № 3

  1. БатЭрдэнэ says:

    Чаддаг хүн мэддэггүй гэдэг, мэддэггүй хүн чаддаг гэдэг. Гэхдээ мэдлэг гэдэг үгний утга одоо ч бүрэн тодорхойгүй юм шиг. Мэдлэг, чадвар хосолсон хүн төрөх болоогүй юм байх даа. Төрүүлэх технологи байдаг юм болов уу.

  2. Anonymous says:

    ЭЛБЭГДОРЖИЙГ ЦАГААН ОРДОНД ДУУДЖЭЭ урьд ємнє бээжин москвад дуудаж аваачаад vvрэг єгдєг байсан ОДОО МОНГОЛЫН ДАЛД ЭЗЭД НЬ БООЛОО ДУУДЖЭЭ. ЭНЭ АРДЧИЛАЛ ЦААСАН МАЛГАЙ ЄМССЄН ХYYХЭЛДЭЙНYYДЭЭР МОНГОЛЫГ ХЯТАД ОРОСЫН ЄМНЄЄС ТУРХИРЧ МЄХЄЄНЄ АРДЧИЛАЛЫН YЛГЭРТ 20 ЖИЛ ИТГЭЖ ЯВАА ГЭНЭН ДУЛМААНУУД АА улс орон минь мєхєх аюулд ороод байна. Та нар дахиад мянган сонгууль хий юу ч єєрчлєгдєхгvй, энэ МАНАН урвагчдыг зайлуулж хvчтэй хараат бус Ерєнхийлєгчийн засаглал тогтооё МАНАН нэг эзний 2 зарц ш дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: