ИРГЭНШЛИЙН ОНОЛУУД № 4

Энэ нь манайхны хамгийн сайн “мэддэг” боловч бас л мэддэггүй асар өргөн цар хүрээтэй бүлэг онолууд болно. Манайд 1990-ээд оноос моод болж, “хуучин” формацийн онолыг хаяж, “цоо шинэ” иргэншлийн онолыг бараг л “шидэт судар” мэт хүлээн авах болсон юм. Өөр “ном” мэдэхгүй юм чинь аргагүй байсан биз. Ингээд яагаад ч юм иргэншлийн онолыг “ардчиллын онолын” тулгуур гэж үзэх болсон нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй. Энэ хугацаанд манайхан бараг бүгдээрээ “иргэншлийн онолч” болон хувирсан ч сэтгэлгээ нь хэвээрээ байгаа нэг том “зовлон” бий. Харамсалтай нь энэ бүлэг онолд шийдлийн “бэлэн” хувилбар байхгүйгээс гадна баруундаа хямралд ороод даруй хагас зуун илүү жил болж байгааг монгол “онолчдод” сануулах нь миний үүрэг болой. Гэхдээ үүнийг битгий л марксизм шиг “нулимаад хаячихаж” үзээрэй дээ, учир нь энд хүн төрөлхтний сэтгэлгээний сор шим байсаар л байгаа…
Үүсэл хөгжил
Түүх болон нийгмийн цикл хөгжлийн үзэл санааг Ж.Вико-г гаргасан гэж үздэг. Гэхдээ яг онол болгож хөгжүүлсэн “акул”-ын тоонд оросын Н.И.Данилевский, германы О.Шпенглер, английн А.Тойнби, орос-америкийн П.Сорокин, оросын Л.Н.Гумилев нарыг оруулдаг. Эдний дундаас Л.Н.Гумилевыг баруунд ч, орост ч “дутуу” үнэлдэг нь мэдэгдээд байдаг юм. Энэ нь түүний “хэт монголыг барьсан” онолтой холбоотой байх…
Бүтээлээр нь яривал Н.И.Данилевскийн (1822-1885) “Орос хийгээд Европ”, О.Шпенглерийн (1880-1936) “Европын мөхөл”, А.Тойнбийн (1889-1975) “Түүхэн судлал”, П.Сорокины (1889-1968) “Нийгэм-соёлын динамик”, Л.Н. Гумилевын (1912-1992) “Угсаатны нийлэгжилт ба дэлхийн био хүрээ” бүтээлүүд иргэншлийн онолын сод туурвилууд болно. Монголчууд бидний олонхи А.Тойнбийн ганцхан номноос “тухайг” нь ярьж “онолддог”. Уг нь түүний иргэншлийн түүхийн онол 12 боть агуу бүтээл байдаг бөгөөд үүнийг уг онолын оргил хэмээн үздэг. Ер нь бид “тухайгаас” нь онолддог гаж үйлдлээ татах цаг болсон л баймаар.
А.Тойнби давтагдашгүй шинжээрээ ялгагдах 30 орчим иргэншлийг дүрсэлсэн. Иргэншил үүсэх шалтгаан нь гадаад орчны “дуудлага” байдаг. Иргэншил үүнд “хариу” өгөх явцдаа өсөлт, хугарал, задралын шатыг дамжина. Иргэншлийн дотоод бүтэц нь “бүтээлч цөөнхи”, олон түмэн буюу масс, “пролетариат” гэсэн функционал хуваагдалд тулгуурлана.
ЗХУ-д иргэншлийн хандлагын цорын ганц төлөөлөгч нь Л.Н.Гумилев байсан бөгөөд тэрээр иргэншлийн түүхийг “хэт угсаатны” системийн харилцан үйлдэл гэж үзэж байв. Тэрбээр цаг үеэ дагаж Тойнбийг арга буюу шүүмжилж байсан боловч бүдүүвч нь олон талаар төстэй. Гэхдээ угсаатны “нас” ойролцоогоор 1200-1500 жил байдаг гэж үзсэн. Угсаатны үйл явцын динамик нь хүн амын хамгийн идэвхитэй хэсгийн “оргилох эрчим”-ээр нөхцөлддөг хэмээн тэр үзэж байсан. Гэхдээ угсаатны “насанд” нөлөөлөх маш олон хүчин зүйл байдгийг Гумилев удаа дараа дурдаж байсан. Энэ агуулгыг ойлголгүйгээр монгол болон бусад аль ч угсаатны “насыг” дөрвөн аргын тоогоор олох боломжгүй.
Формацийн онол “ерөнхий ба тусгайн” диалектикийн хүрээнд дэлхий дахины хөгжлийн нэгдмэл шинжид илүүтэй анхаарч байсан авч түүхийн өөр хувилбар байж болохыг үгүйсгэж байгаагүй юм.
Жишээ нь “дорнын феодализм”, “капиталист бус хөгжлийн зам“ мэт өвөрмөц онцлог байж болно гэж үзэж байсан. Онцлон дурдахад “капиталист бус хөгжлийн зам”-ыг Ленин “зохиож”, Монголын хувьсгалчид “хуулчихсан” юм биш, харин Марксын онолд угаасаа байдаг юм.
Формацийн онолын хүрээнд иргэншлийн онолыг дараах байдлаар тайлбарлаж байсан.
1. Иргэншил бол аль нэгэн формацийн хөгжлийн зах хязгаар, бүс нутгийн хувилбар, жишээ нь “хятадын феодализм”, “нүүдлийн феодализм” гэх мэт.
2. Иргэншил бол түүхэн хөгжлийн хүй нэгдлийн дараах үе буюу шат. Ийм тайлбарлал нь мөн чанартаа түүхийг үе шатчилах гэсэн хэрэг юм.
3. Иргэншил бол “нийгэм-эдийн засгийн харилцаа, ангийн бүтэц гэх мэт “суурь”-ийн судалгааг ментал шинж, үзэл суртал, шашин зэрэг “давхарга” руу шилжүүлсэн явдал.
4. Иргэншлийн түүх бол зах хязгаарын том хэмжээний түүхэн паттерн-уудын түүх юм. Энэхүү pattern нь жишээ, загвар, зарчим гэсэн утгатай бөгөөд харьцангуй бие даасан нийгмийг хэлж байна. Дурдсан тайлбарлалуудаас иргэншлийн сонгодог онолтой хамгийн сүүлчийнх нь (4 дэх) таардаг.
Иргэншлийн онолд түүхэн үйл явцыг ямар нэг “босоо” хавтгайд биш, харин “хэвтээ” хэмжээст орон зайд авч үздэг онцлогтой. Энэ нь үе шатны онолуудаас ялгагдах боломж өгдөг.
Дутагдал хийгээд хямрал
Онцлон дурдахад нийгэм-түүхийн онолуудын дийлэнхи нь евроцентрист байдаг. Энэ нь европын шинжлэх ухаан илүү хөгжилтэй байсан хийгээд европ “үзэл санаа”-ны ноёрхох эрмэлзлээс шалтгаалсан байх. Ингээд дараах шалтгааны улмаас иргэншлийн онол хямралд орсон юм.
Нэг. Иргэншлүүдийг ялгах бодит шалгууруудыг олж чадаагүй. Үүний улмаас иргэншлийн тоо ихээхэн зөрөөтэй болсон. Сүүлдээ дурын ард түмнийг иргэншил гэх болтлоо савалсан.
Хоёр. Иргэншлийг амьд организмтай адилтгах оролдлого ихээр гарах болсон. Иргэншлийн оршин байх цаг хугацаа янз бүр, уналт босолт хэдэн ч удаа тохиолдож болдог.
Гурав. Иргэншлийн үүсэл, хөгжил, уналтын шалтгаанууд янз бүр байдаг.
Дөрөв. Иргэншлийн өвөрмөц байдал нь тэдгээрт түүхийн даяар зүй тогтлуудыг хэрэглэхтэй зөрчилдөхгүй. Жишээ нь “тэнхлэгийн хугацаа” (Ясперс), “даяарчлал” зэрэг ойлголтуудыг дурдаж болно.
Энэ болон бусад олон шалтгааны улмаас иргэншлийн онолуудыг хүмүүнлэгийн шинжлэх ухааныг тэргүүлнэ гэж үзэж байсан саяхны дүгнэлтээс ямар нэг хэмжээгээр няцах ёстой болсон юм. Орчин үед эрдэмтэд локал (зах хязгаар) нийгэм, түүхэн антропологи болон “зүгээр” л түүхийг судлахад илүүтэй анхаарах болжээ.
Хамгийн гол нь иргэншилд дурын угсаатны бүлгийг оруулах болсноор иргэншлийн онолууд мухардалд оржээ. Бүгдээрээ шахам иргэншил болж холион бантан болжээ. Энд “томчууд” иргэншил, “жижигчүүд” иргэншил биш гэсэн евроцентрист үзэлтэй том орны том онолчид ихээхэн дургүй байдаг юм.
Тухайлбал, И.Валлерстайн иргэншлийн хандлага бол “сул доройчуудын үзэл суртал” бөгөөд орчин үеийн ертөнц-системийн “цөм” болсон хөгжингүй орнуудын эсрэг “угсаатны үндэсний үзлийн хэлбэр болно” гэж дүгнэсэн байдаг. (Wallerstein 1984).
Иргэншлийн онолын орчин үеийн төлөөлөгчид иргэншлүүдийн харьцуулсан судалгаанд ихээхэн анхаарал тавьж байна. Жишээлбэл, Ж.Хорд иргэншлийн үүсэл гарлын мод зохиож, түүндээ түүхэн хөгжлийн дэс дараалсан цувааг гаргах оролдлого хийсэн. (2001)
Шунтаро Ито 23 үндсэн иргэншлүүдийн амьдралын орон зай-цаг хугацааны онцлогийг харгалзаж, тэдгээрийн харилцан нөлөөлөл, түүхийн даяар өөрчлөлтийг “хотын”, “тэнхлэгийн”, “шинжлэх ухааны хувьсгал” зэргээр нь нарийвчлан судалсан.
Сүүлдээ хэрдээ иргэншлийн мөн чанарын асуудал ихээхэн маргаантай болсон. Тухайлбал, иргэншлийг “хүний өөрийн зохистой хяналт өсөх процесс” (Н.Элиас), “харилцааны сүлжээ” (Б.С.Ерасов), “хэлбэржсэн мэдлэгийн систем” (Ж.Хорд), “экзистенциал үндсүүд” (Ш.Эйзенштад), “хотын нийгэм” (Д.Уилкинсон), “соёлын өв” (Э.Калло), “оюун санааны эрчим хүч хийгээд дэг журмын бүтэц” (В.Каволис), “арга барил ба дээд үнэт зүйлс” (А.Кребер), “угсаатны суурь үндэс” (А.Швейгер) гэхчлэн хэт олон янзаар үзэх болсон нь уг онол мухардалд орж, шинэ эрэл хайгуул эхлэх болсныг харуулдаг.
Энэ онолынхон бүгдээрээ иргэншлийн өгсөж уруудах, мандах доройтох цикл хөгжлийг хүлээн зөвшөөрдөг нь ихэд анхаарвал зохих асуудал мөн. Энэхүү циклыг О.Шпенглер хавар, зун, намар, өвөл гэж жилийн улирлаар, А.Тойнби өсөлт, хугарал, задрал гэж, харин Л.Н.Гумилев угсаатны оргилох шинжийн эрчмээр нь ангилсан байдаг.
Энэ чиглэлээр нарийн судалбал монгол иргэншлийн систем ямар байдалтай ямар түүх дамжин ирсэн хийгээд одоо ямар байдал руу орох ёстойг харуулсан онолын үндэслэл гарч ирэх юм. Тэр ч байтугай хөгжлийн янз бүрийн математик загварууд гаргах боломжтой.
Харамсалтай нь энэ талаар лавшруулан судалсан хүн манайд бараг байхгүй. Харин Оросын эрдэмтэн А.С.Желязняков “Дэлхийн улс төрийн байгууламж дахь Монгол туйл (полюс)” гэсэн нэг сэдэвт бүтээл 2009 онд туурвисан нь энэ чиглэлээр миний мэдэж буй хамгийн шинэ томоохон ажил болно. Тэрбээр онол-түүхийн асар өргөн мэдээлэлд тулгуурлан Л.Н.Гумилевын бүдүүвчийг үргэлжлүүлэн монгол иргэншлийн том үечлэлийг шинээр гаргасан юм. Дашрамд дурдахад манайхан онол ярихдаа “хийсвэр гадаад” байдлаар биш, харин Монголыг бодитойгоор судалсан бүтээлүүдийг түлхүү үзэх нь зүйд нийцнэ.
Монгол иргэншлийн асуудал
Иргэншлийн онолуудад монголыг хэрхэн үздэгийг манайхан бараг сонирхдоггүй юм. Хэрэв сонирхоод үзвэл монгол хүн нэг их “баярлаад” байхаар эд уг нь биш л дээ. Жишээ авъя. Н.Я.Данилевский дэлхийн ард түмнүүдийг “түүхийг эерэгээр бүтээгч” болон “түүхийг сөргөөр бүтээгч” гэж хоёр хувааж “өөрөө иргэншил бүтээдэггүй атлаа сульдсан иргэншлүүдийн мөхөлд “бурхны ташуур” мэт үйлчилж, тэдний үлдэгдлийг цэвэрлэн анхдагч өчүүхэн байдалдаа эргэн орж, түүхийн тавцангаас устан арилдаг хүннү, монгол, түрэг мэт”-ийг “түүхийг сөргөөр бүтээгч” ангилалд оруулж үздэг.
П.Сорокин: “бүтээлч оюун санаа нь эртний үедээ ямар нэг шалтгаанаар саатсан, ард түмэн, овог аймгууд байдаг ба тэд өөрийнхөө иргэншлийг баяжуулах гэсэн бүтээлч ард түмний ашигладаг этнографийн материалын байдалтайгаа үлддэг” гэсэн нь буй. Гэхдээ тэр нигүүлсэнгүй хандаж “муухай” иргэншлийг шууд нэрлээгүй. Хэрэв нэрлэсэн бол монгол “гараад ирэх” нь түүний бүдүүвчээс ойлгомжтой байдаг.
А.Тойнби Дуудлага-Хариу гэсэн харилцамжийн үндсэн дээр иргэншлийг 3 бүлэг болгосон. Эхний бүлэгт одоо байгаа болон өмнө нь “хөгжиж байсан” болон “хөгжиж дууссан” иргэншлүүдийг багтаадаг. Хоёр дахь “сөрөг” бүлэгт “төрөөгүй”, “үр хөврөлийнхөө” шатанд буй иргэншлүүдийг оруулсан. Гурав дахь “идэвхигүй” ангилалд “саатсан”, “хатсан” иргэншлүүдийг оруулсан. Энэхүү гурав дахь бүлэгтээ бий болсныхоо дараа хөгжил нь саатсан полинез, эскимос, нүүдэлчид (энэ нь монголчууд байх нь мэдээж хэрэг-Д.Г.), үнэн алдарт-христианы ертөнц дэх османы өвөрмөц бүлгүүд, эллиний үеийн спартчууд зэргийг оруулсан байдаг.
О.Шпенглер ч иргэншил болон соёлыг эсрэгцүүлэн авч үзсэн боловч иргэншлийг бас л бүтээгч, эерэг, сөрөг гэж 3 ангилсан байдаг.
Ингээд бидний монголчууд онолын түвшинд ч гэсэн “түүхийг сөргөөр бүтээгч”, “үр ашиггүй”, “бүдүүлэг”, “хөгжөөгүй”, “саатсан”, “хөрш иргэншлийг баяжуулагч”, “дээд соёлыг тэжээгч”, “хатсан”, “зогссон”, “үр хөврөлийн” гэхчлэн хорвоогийн хамгийн муу муухай ангилалд ордог юм.
Иймээс энэ онолд монгол хүн шимтэж, “онолдож” сүйд болоод байх онцын шаардлагагүй л болов уу. Гэхдээ түүний олон чухал үндэслэл гаргалгааг “засварлах”, “үргэлжлүүлэх” маш их боломжтой. Үүний тулд “нулимах” биш, харин сайн л судлах ёстой. Учир нь эдгээр нэр томъёо монголын нийгэмд ямар нэг модернизаци явагдаагүй байсан XIX-ХХ зуунд үүссэн боловч одоо болтол хадгалагдсаар байгаа юм.
Харин Оросын Л.Н.Гумилев ганцаараа энэ бүхнийг эсэргүүцсэн цорын ганц “манай талын” хүн болно. Ийм болохоор нь би түүнийг бишрэн хүндэтгэж аль болохоор орчуулахыг хичээдэг юм. Ер нь Гумилев болон Оросын евроазийн чиглэлийн манайд нааштай ханддаг онолчдыг баримталбал их ирээдүйтэй гэж бодож байна.
Ингээд иргэншлийн олонхи онолын ёсоор Монголыг хятадын буюу күнзийн иргэншилд голдуу багтаадаг. Харин С.Хантингтон “Иргэншлийн мөргөлдөөн” алдарт номондоо Монголыг хятадын боломжит эзэмшлийн объект мэтээр бичсэн атлаа уг номонд оруулсан “Иргэншлүүдийн ертөнц: 1990 оноос хойш” хэмээх газрын зурагтаа буддын иргэншлийн умард салаа буюу түвдэд хамааруулсан байдаг. Дашрамд дурдахад С.Хантингтоны энэ номын нэг бүлгийн орчуулга миний блогт буй. Хэрэв манайхыг буддын иргэншлийн хойт салаа гэвэл өвөр монгол, буриад, халимаг энэ тэр гээд олон л үндэстэн нэмэгдэж таарна…
Энэ мэтчилэн энэ онолын төлөөлөгчид ихэнхи тохиолдолд монголыг аль иргэншилд хамааруулахаа “мэддэггүй” юм. Өнөө үед ч гэсэн биднийг “дээрэмчин”, “рэкетчин”-гээр нь дууддаг нь хэвээрээ байгаа. Манайд үүнийг нь уухайлан дэмждэг “онолч”, “түүхчид” тун олон бий…
Гэхдээ анхаарвал зохих олон баримт дэлхийгээр нэг бий. Орос, Хятад, Дундад Ази болон Европын бараг бүх түүхэнд Монголын нэр заавал гардаг. Тэдний түүх бичлэг биднийг цаг ямагт “өөрийн биш”, “гадны”, “харийн”, “зэрлэг”, “бүдүүлэгчүүд” гэж үздэг. Тэд нэгэнт биднийг ингэж үзэж байвал бид тэдэнтэй “нэг төрөл биш”, “нэг соёлтой биш”, “нэг иргэншилтэй биш” гэдгийг тэдгээр улсуудын түүх өөрөө нотолж байгаа юм. Сайн л биз…
Энэхүү “ангилалгүй” байгаа нь хүртэл бие даасан МОНГОЛ ИРГЭНШИЛ байдаг гэдгийг хангалттай нотолдог. Ямар ч монгол хүн өөрийгөө хятад, түвдтэй адилтган үздэггүй нь үүний нотолгоо болно. Гэхдээ сүүлийн үед Монголчуудыг япон, солонгостой “ах дүү болгох” онол практикийн оролдлогууд гарах болсон нь түүх шинжлэх ухааны гэхээсээ улс төрийн бодлоготой илүү холбоотой байх…
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хүн, Түрэг, Монгол гэсэн агуу эзэнт гүрнүүд тогтож, эсвэл том гүрнүүдтэй эн зэрэгцэх улс гүрнүүд олноороо үүсч байсан. Гадаадынхан “томчууд”-ыг нь илүү анхаараад “дунд болон жижиг” нь ямар байсныг нэг их анзаардаггүй. Дашрамд эртний Түрэгийг одоогийн огт өөр угсаатан Турктэй эндүүрч болохгүй. Манайхан эндүүрэхээр үл барам “Танайхан манайхыг “ёстой сайхан” эзэлж байсан, энэ гоё гоё хөшөө чулуунуудыг нь харахгүй юу” гэж мөнгө гуйж балайрдаг болохоор нь ингэж байна…
Бие даасан Монгол иргэншил гэж байсан ба цаашид ч байх болно гэдэгт би хатуу итгэдэг. Гэхдээ бид л өөрсдөө эвдээд хаячихгүй бол шүү дээ. Хэдий ийм боловч гаднынхны дийлэнхи олонхи Монгол иргэншил гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүйг харгалзаж, үүнийг нь эхлээд онолын хувьд, улмаар практикийн хувьд няцаах ёстой болно. Үүнийг залуу Монгол судлаачид хийх эрхтэй бөгөөд үүрэгтэй. Энэ нь Монгол Улсыг хөгжүүлэх онол-үзэл санааны эх үндэс болох нь ямар ч эргэлзээгүй. Бид бие даасан МОНГОЛ ИРГЭНШЛИЙН тухай ярих эрхтэй цорын ганц ард түмэн гэж бодож байна.
Гэхдээ Монгол иргэншлийг “байсан” гэж өнгөрсөн цаг дээр яривал ийм судалгаанаас ямар ч ахиц гарахгүй. Харин олон мянганыг дамжин ирсэн, эдүгээ ихээхэн модернизацид орсон системээ бие даасан иргэншил байдлаар үзэж судлах, мөн энэхүү Монгол иргэншлийг ямар замаар хөгжүүлэх ёстойг зөвхөн бид, ялангуяа залуус маань шийднэ гэдэгт би огт эргэлздэггүй.
Үүний тулд эхлээд Монгол Улсаа хаа “байрлаж” байгааг тогтоох нь их чухал. Энэ нь Танд их амархан, бас инээдтэй санагдаж магадгүй авч газар зүйн байрлал иргэншлийн хамааралд ихээхэн ач холбогдолтой “тун хүнд асуудал” байдаг. Социализмын үед Монголыг Төв Азид “байдаг” гэж бидэнд зааж байв. Ардчилал эхэлснээс хойш Зүүн-Өмнөд болон Зүүн Хойт Азид “байдаг” гэж заах болсон. Зарим нь бүр Ази-Номхон далайн бүс мүс гэхчлэн хөөрцөглөх. Тэр далай малай маньд ямар хамаа байна. Сүүлийн үед Дотоод Ази хэмээн зарим нь ярих болов. Ингээд Монгол Улсыг зүв зүгээр байхад нь байн байн “нүүлгээд” байгаа болохоор газар зүй ярих зайлшгүй шаардлага үүсдэг юм.
Ямар ч гэсэн Зүүн-Өмнөд Ази бол хэт улс төржсөн нэр томъёо юм. Миний л хувьд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Сингапур, Мъяма, Тайланд, Вьетнам энэ тэртэй “нэг иргэншил” болж, “интеграцид” орох ямар ч хүсэл алга. Тэд нар Монголд ёстой “патлий байхгүй”. Манай улс хаана оршдог вэ гэж гаднынхнаас асууж, тэрийг нь сурталчлах шиг ичгүүр байхгүй мэт санагдавч “ах дүү” хайгаад давхичихдаг хүмүүс тун олон болж. Гэтэл хажууханд маань буриад, халимаг, тува, өвөр монгол гэхчлэн жинхэнэ ах дүү нар хорвоогоор дүүрэн байгаа. Харин үүнийг хэн ч няцааж чадахгүй л юмдаг…
Ямар ч байсан Монгол бол Евроазийн ч, Азийн ч яг “зулай” дээр оршиж, энэхүү эх газрын салхи, ус, уулсын хагалбар төв хэсэгт оршдог нь ямар ч эргэлзээгүй. Үүнийг “дэлхийн иргэншлийн голомт” гэж үзэх байгалийн болон онол-түүхийн маргашгүй олон үндэслэл бий. Төв болон Дотоод Азид болсон түүхэн олон үзэгдлээс улбаалан монгол нутгийг баруунд “Үндэстнүүдийн эх өлгий” гэж одоо болтол нэрлэх явдал буй. Тэгвэл монголын нийгмийг “Эх иргэншил”, монгол үндэстнийг “Эх Үндэстэн” гэдэг талаас нь судлаад үзэж болно оо доо…
Ийм болохоор л Ч.Эрдэнээ гуай “Супер нэгдлийн онол”-доо монгол төвт үзэл буюу монгол центризмын тухай ихээхэн үндэслэлтэй нотолгоо гаргасан буй за…
Жич: Л.Н.Гумилевын “Угсаатны нийлэгжилт ба дэлхийн био хүрээ” суурь бүтээл, хэд хэдэн өгүүлэл, П.Сорокины “Нийгэм-соёлын динамик” алдарт номын хоёр бүлэг, С.Хантингтоны номын бүлэг, Оросын эрдэмтэн, монгол судлаач А.С.Желязняковын хоёр өгүүлэл, бас хэд хэдэн эрдэмтдээс чадан ядан орчуулсан нь миний блогт байгааг сануулж байна. Одоо А.С.Желязняковын “Дэлхийн улс төрийн байгууламж дахь Монгол туйл (полюс)” номыг орчуулах санаа байна. Зузаанаас гадна “их нарийн” бүтээл байна лээ. Шууд хэлэхэд өөрсдөө юу ч хийхгүй, хийх ч чадваргүй хэнээтнүүд ажил хийсэн хүн рүү дайрч загнадаг адгийн зангаа татахгүй бол би ямар доромжлуулж байж ажил хийх албатай биш, больж л орхино…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 6 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ИРГЭНШЛИЙН ОНОЛУУД № 4

  1. E. says:

    Ганхуяг Танд их баярлалаа. Цуврал материал бичиж хүн ардаа гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулж буйд. Маш их мэдээлэл цуглуулж, системчилж,дүгнэлт хийж буй нөр их хөдөлмөрийг Тань үнэнхүү үнэлж байна.Энэ бол дуртай хүн нь хийгээд байдаг ажил ер биш. Үүнийг энэ чиглэлээр жаахан ч болов ажиллаж үзсэн хүн л мэднэ,мэдрэнэ. Агуулгын холбогдолтой нарийн ширийн зүйлийг дараа ярьж зөвлөлдөх боломж олдох биз гэж найднам.
    Харамсалтай нь,Та надтай уулзаж ярихаас яагаад ч юм зайлсхийгээд байдгийг би сайн ойлгодоггүй юм.Таамаг бол бий.Уул нь хамтраад хийж болох юм маш их байгаа билээ. Э.

  2. Zochin says:

    Mongol irgenshil gedeg snaag demjij bna. Yoronhiidoo nuudliin irgenshil l dee. Harin 40, 50 myangat barigdsanaar l mongol irgenshsen gj yridag hiigeed zarimdaa hodoonoos orj irsen ulsuudiid irgensheegui gj yridag darga nar bhiig zondoo harlaa. Ene bol mgld yamarch irgenshil bgagui gj helj buitai agaar neg yum. Hantingtonii esreg onoliin mundag gargalgaad Britanii hun sudlaachid gargaj ireed bgaag helchihey bayarlalaa

  3. Tamir says:

    Sain uu Ganaa ahaa,

    Bi California ih surguuli, Berkeleyd sudalgaa hiij bn, udahgui mongold ochnoo, daraa jil hicheel zaahdaa ene tuvralaas ouytnuuddaa unshuulnaa, ingej huraanguilaad dugnechihsan material bdaggui yum,

    Martsanaas bi ongorson hoyordahad Smelsertei uulzsan, tetgevertee garsan tsal buural ovoo bn lee, tegeed 30 minut uulzah zavshaan garsan shuu,

    Best, Tamir

  4. Anonymous says:

    hyataduud mongoliig 蒙古 gesniig bid buduuleg huuchin gej orchuulaad uursiiguu doosh chiheed baidag. gecvh 蒙 ulamjlah 古 ert deer gesen utgatai. tehleer ert deer ueiin soyoliig ulamjilagch gesen utgatai bolno. bid ertnii yamar negen aguu soyoliig ulamjilj irsen ard tumen baih magadlal tun undur gej boddog. yamar negen undur soyoltoi baij l tom guren baiguulhaas bish heden deeremchin niileed delhiig ezlen gedeg yuul boldoo.

    Bid urd ue-ee buduuleg zerleg hargis baisan gej oilgood baihaar odoogiin bid uursduu tiim boloh geed zutgeed baigaa yum shig sangadah yum. Ug n jinhene tuuhee sudalj bidnii uvug etseg yamar humuus baisan gedgee medej avah unuugiin bidend mash chuhal gej bodoj bna. ene delhiin tuuhend baisan hamgiin taivan deerees ny hugjil avchirsan pax mongolica gej mongolchuud l bii bolgoson shuu dee.

    Sudlaach ahiin ajild amjilt husye.

  5. Aagii says:

    Сүүлийн хэдэн багц онолуудын нийтлэлүүдийг уншлаа. Их талархаж байна: Та РАЦИОНАЛЬЧЛАЛЫН онолуудыг энэ мэт шигээ багцалж бичиж өгж чадахсан бол уу?
    Макс Вебер үндэслэж цаашаагаа Хайбэрмас энэ тэр гээл. Их сонирхолтой онол санагддаг.

  6. Anonymous says:

    tand mash ih bayrlalaa. Edgeer tsuvral materialiig sain oilgohgyi baigaach bi chadan yadan unshij bna. Tand amjilt husiy.

  7. Bat says:

    Sain baina uu? Tanii gargasan sanaag ih ul undestei sanaa gej bodoj baina. Gehdee bidend baruun bolon oros hyatadiin sudlaachdiig nyatsaahad, tednii irgenshliin tuhai todorhoilolt bidend iheehen saad bolno gej boddog. Jishee ni, ergenshil gedeg ni mash olon huniig hamarsan baih yostoi gedeg asuudal. Bas hel soyoliin neg eh survaljtai baih yostoi geh met nuhtsuluud tavigdah bolno. Deer ni tanii deer eshilsen buteegch baih yostoi gedeg zuil baina. Terend yaj hariulbal zugeer ve, esvel bid shineer irgenshil gedeg oilgoltiig todorhoiloh yumuu? Minii bodloor yah argagui tuv aziin undurlug bol olon uls undestnuudiin eh ulgii bolson gazar. Yagaad ch heden “deeremchin hulgaichiin” orognodog gazar baisan baij taarahgui gej boddog.

  8. amar says:

    Монголын тухай бодол нь ихэнхдээ дамжсан эх сурвалжуудаас мэдээлэл авдагтай холбоотой байх аа.

  9. Bodruul says:

    Манай Ганаа мундаг шүү Тэр дайраад байгаа хүмсүүд болиорой зүгээр ! Ул үндэстэй шүүмж байвал юу юм гэхээс утгагүй дайраад байвал бас онцгүй шүү гэж хэлмэээр санагдлаа.Ингээд Ганаадаа энэ сайхан эрдмийн бүтээл,мань мэтийнхээ оюуныг гийгүүлж байдагт их гялайж явдагаа хэлий

  10. hehe says:

    Ganaa ahiig dairahaas iluu hundeldeg ni olon bh. Tiim bolohoor ted nart neg ih reacts uguud bh shaardlaggui, jingiin tsuvaa yavj l bdag zamiin gants 2 um unshaagui nohod hutsjil bdag um. Ene soyoljson niigemd hun neg l amidarna, gehdee zaaval hoich uedee um uldeeh yostoi gej boddog, Ganaa ahiin huvid ene uurgee mash sain bieluulj yavaa bie hun gej uneldeg – hervee huvi hun yu ch uldeelgui(ur huuhed bish, ter hunii buteel, sanaa, zorig) chad hiisen bol ter huniig ene horvood baiguitei adiltgaj bolno. Site-aa neg sain shinchleed, zar surtalchilgaa eneter bairluulval bid nar chine uuhain tas daraal bna shu yahav ene domainiihaa mungiig ch gesen olj bwal ashtai yu. Tand talarxay!

  11. Зочин says:

    Танд талархаж байна. Ёстой л энэ харанхуй нийгэмд хүжийн гал болж байна даа. Энэ хүжийн галын гэрлийг мэдрээд уншаад цаашид гэрэл болгоосой гэж яасан их хүснэ вэ? Та энэ нийтлэлүүдээ өдөр тутмын болоод шинжлэх ухааны арай өргөн хүрээнд тардаг хэвлэлүүдэд гаргаж болохгүй юу? Манайхан ШУ-наас үхтлээ айдгийг мэднэ л дээ, гэхдээ ганц ч болов тийм газар баймаар л юм. Мунхагаа мэдэхээрээ гэгээрэхийн оронд гэгээрлийг хаах гэдэг залхууралд манайхан автаж дээ. Таны гэгээрүүлэх үйлсэд амжилт хүсье.

  12. Anonymous says:

    zagtansan gazar maajih gedeg shig estoi dogi bichjee.olon jil iim yum unshih gej hailaa.

  13. Баатарзориг says:

    Хар мунхаг хүмүүсийн нүдийг нээж өгч байгаад тань таньд баярлаж байна.

  14. Myagmarjav says:

    Танд баярлалаа. Таны ажил үйдст амжилт хүсье.

  15. Sarangerel says:

    Sain bnuu. Ta enehuu niitleliig hiihde ymar2 nom eh surwalj ashiglasan be. Nom zuigee oruulj boloh uu. Bi hed heden soyl sudlaliin nomnoos irgenshliin tuhai unshsan gehdee tiim ch delgerengui medeelel awj chadaagui. Harin ene niitlelig unshaad ih sn oilgoj heregtei medeellee awlaa tanid bayrlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: