ОЛОН ШУГАМТ ОНОЛУУД № 5.

Түүхэн үйл явцын шугаман тайлбар болон түүхийн иргэншлийн (тасралтат) тайлбарлал хоёрын завсарт байх бүлэг онолуудыг энд авч үзнэ. Яг нарийндаа бол хэд хэдэн хавтгайд, хэд хэдэн чиглэлд болж буй дэлхийн түүхийн янз бүрийн хэмжигдэхүүнт үйл явцыг тайлбарлах оролдлого болно.
Шинэ хандлага
Олон шугамт онолууд нь орчин үеийн системийн хандлагыг ашиглах болсноороо ихээхэн давуу талтай болсон юм. Нийгмийн систем тус бүрийн “амьдралын” үзүүлэлтүүдийг гаргаж, координатын сүлжээнд оруулж, харьцуулан хэмжихэд тохируулан авч үздэг. Гэхдээ дэлхийн түүхэн үйл явцын хүрээн дэх тухайлсан тодорхой үзэгдлийн тухай төсөөллийг “нэмэгдэх шинж”-ийн зарчимд нийцүүлэн нийтэд нь төсөөлж хардаг.
Олон шугамт онол нь шинэ мэт боловч язгуур үндэслэл нь мөнөөх л Марксаас үүдэн гардаг. Марксын азийн үйлдвэрлэлийн аргын талаар томъёолсон бүтээлүүдэд олон шугамт уламжлал хөгжиж ирсэн. Хэрэв бүр урагш явъя гэвэл энэ нь санаа Ш.Монтескъё-оос гарсан байдаг.
Эхний санаа нь Марксын “1857-1861 оны эдийн засгийн гар бичмэлүүд”-д томъёолсон Gemeinwesen-ын азийн, эртний, германы гэсэн 3 хэлбэр бөгөөд эдгээрийг төрт ёсонд шилжих шилжилтийн бие даасан загвар болно гэж үзсэн. Хоёр дахь санааг Энгельс “Антидюринг”-дээ дорнын болон эртний гэсэн төр бүрэлдэх хоёр зам байж болох тухай өгүүлсэн байдаг. Хожим нь үүнийг Г.В.Плеханов дэмжсэн бөгөөд тэрээр тухайн үйлдвэрлэлийн аргуудыг “зэрэгцэн орших хоёр хэв маяг” хэмээн авч үзэж байсан.
Эндээс ерөнхийдөө Европын болон Азийн нийгэм, төрүүд суурь ялгаатай гэж үзэх онолын үндэслэл гардаг юм. Азийн нийгмүүд ч гэсэн дотроо зарчмын ихээхэн ялгаатай байдгийн гол нотолгоо нь Монгол иргэншил болно. Олон шугамт онолынхон Азиас Хятад, Энэтхэг зэрэг “том” нийгмийг голчлон судлаж, манай мэтийг “жижиг” гэж үзээд онцгой анхаардаггүйг онцлон сануулж байна.
Дорнын деспотизмын тухай хамгийн нэр гарсан олон шугамт онолыг К.Виттфогель томъёолсон болно. Хөгжлийн барууны зам нь хувийн өмч бүхий нийгэм төлөвших, эрх зүйт төрийн хуулиар хязгаарлагдсан иргэдийн улс төрийн тэгш эрх бий болох нийтлэг шинжтэй. Хувьслын энэ загвар нь эртний хот улс-полисууд дээр тод илэрдэг. Зарим судлаачид ийм шинжийг уулынхны зарим нийгэмд ажигласан байдаг.
Харин Дорнын нийгмүүдэд бол хувийн өмч захирагдмал шинжтэй, хүний нийгэмд эзлэх байр суурийг түүний эрх мэдэл, удирдлагын шатлалд буй байр суурь тодорхойлдог. Дорнын нийгэмд иргэн гэж байхгүй, харин зөвхөн албатууд байдаг. (Wittfogel 1957).
1950-1980 онуудад олон шугамт онол буюу азийн үйлдвэрлэлийн аргыг дэмжигчдийг “азийнхан” гэж нэрлэх болсон. Жишээ нь: Э. Вельскопф, Ф. Тёкеи, М. Годелье, Л. А. Седов, М. А. Чешков нар.
Сүүлийн 20-иод жил энэхүү санааг хөгжүүлж, харгалзах засвар хийсэн юм. Жишээ нь Л.С.Васильев социал хувьсал нь бие даасан нийтлэгээс жолоодогчийн ёсонд, түүнээс цааш эртний улс, улмаар хөгжингүй төр улсад шилжих (трансформац) гол шугамын дагуу явагддаг бөгөөд энэ үйл явц нь үйлдвэрлэл, дахин хуваарилалтыг удирдах, хяналт тавихыг дангаар ноёрхох үндсэн дээр явагдана гэж үзсэн. “Азийн” энэ нийгмийн шатлал дахь эрх мэдэл, байр суурь нь хувь хүний зиндааг тодорхойлно, хувийн өмч захирагдмал шинжтэй, мөн зөвхөн албатууд байдаг учраас түүнийг “үйлдвэрлэлийн төрийн арга” гэж гэж нэрлэсэн. Энэ нь “азийн үйлдвэрлэлийн арга”-ыг бодвол илүү оносон нэр томъёо болно.
Харин үйлдвэрлэлийн хувийн өмчит арга буюу европын нийгмийн бүтэц нь асар эртний финикийн загвараас үүсч гарсан “эрлийз” хэлбэр болно. Үйлдвэрлэлийн энэ арга нь эртний Грек, Римд хамгийн тууштай хэрэгжсэн. Энэ загварын нийгмүүдэд таваарын харилцаа, хувийн өмч, хот-улсын (полис) иргэдийн улс төрийн тэгш эрх хэвшмэл байсан. Эдгээрт эрх нь хууль ёсыг мөрдөх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байсан. Энэ бүхэн нь эцсийн дүндээ Баруун Европын хөгжлийн эрчмийг нөхцөлдүүлж, Шинэ Үед эрх зүйт төр, иргэний нийгэм бүрдэхэд хүргэсэн.
Зарим судлаачид илүү нарийн загваруудыг гаргасан байдаг. Тэд азийн, эртний болон германы нийтлэгийг Gemeinwesen-ын дэс дараалсан илүү хөгжингүй хэлбэр бөгөөд түүхэн хөгжлийн бие даасан шугам гэж үздэг. Жишээ нь: Ф. Тёкеи (Tökei), Ю. В. Павленко нар.
Зарим нь марксын Gemeinwesen нь хамтын эхлэлээс хүний субъектив чанар дэс дараалан чөлөөлөгдөх үе шатууд гэж тооцдог. Дэлхий дахины түүхэн үйл явц хоёр хавтгайд явагдана. Нэгдэх хавтгай нь системээс хувь хүнийг ноёрхож байдаг азийн мухардмал, хоёр дахь хавтгай нь нийгмийн илүү өндөр хэлбэр тус бүр нь субъектыг хамааралт байдлаас дэс дараалан чөлөөлж байдаг барууны дэвшилтэт зам болно. Хамааралт байдлаас чөлөөлөх гэдгийг эмансипаци гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг.
Зарим нь азийн болон эртний хэлбэрүүд нь зөвхөн азийн буюу боолын үйлдвэрлэлийн аргад хүргэдэг учраас мухардмал, харин зөвхөн германы Gemeinwesen нь феодализмд, улмаар капиталист нийгэмд хүргэдэг. Япон капитализмыг Баруунаас импортлож авсан гэж үздэг. (Godelier 1969)
Хувилбарын эрэлд
Италийн судлаач К.Д.Мелотти хувьслын хувилбаруудын тоог 5 болгож нэмсэн. Тэрбээр Gemeinwesen дээр хүнд сурталт социализмд хүргэдэг “орос”-ын замын славяны нийтлэг, түүнчлэн эртний японы Gemeinwesenыг нэмж оруулсан юм. (Melotti 1977).
Зарим нь Дорно, Өрнийн ялгаанд гол асуудал байхгүй гэж үзэх нь ч бий. “Монтескъе-ын хууль”-ийн үүднээс нийгмийн хэмжээ нь улс төрийн дэглэмийн хэв маягтайгаа хамааралтай байдаг. Жижигхэн нийгэм бол бүгд найрамдах улс, дунд зэргийн нийгэмд хаант ёс, том нийгэмд деспот дэглэм байх нь олонтаа. Үнэхээр ч ихээхэн том газар нутаг захиргааны ихээхэн нөөц боломж шаарддаг. Харин АНУ-д орон нутаг нь эртнээс харьцангуй бие даасан шинжтэй байсан. Харин жижиг газар нутагт бол хүн ам “дээдэс”-тээ үр ашигтай хяналт тавьж, тодорхой хүмүүс улс төрийн эрх мэдлийг монопольчлох явдалд саад хийж, шууд ардчилал тогтоох боломжтой. Энд грекийн хот улс-полисууд төр байсан уу, мөн иймэрхүү полис маягийн зохион байгуулалт бусад нийгэмд байсан эсэх тухай ихээхэн сонирхолтой чиглэлийг бий болгосон юм.
Ю. Е. Березкин Өмнөд Ази, Туркменд хийсэн малтлагын дүнд үндэслэн түүхийн өмнөх нийгмийн жолоодогчийн ёсыг харьцуулж үзжээ. Энэ нь манай Монголтой их ойрхон газар учраас жишээ болгон авч байна. Эдгээр соёлуудад чифдомын археологийн шалгуурууд илэрсэнгүй, харин суурьшлын шаталсан системийн оронд нийтлэгийн тасралтат (дискрет) суурьшил, элит болон энгийн хүмүүсийн оронд өмч хөрөнгийн болон нийгмийн тэгш бус байдал, том том барилга байгуулалтын оронд ёслол үйлдэх жижгэвтэр олон тооны газруудыг олсон байна.
А. В. Коротаев уулын нийгмүүдийг “грекийн гайхамшиг”-тай холбон үзжээ. Тэрээр уулын нийгмүүдийн төвлөрөл байхгүй улс төрийн систем грекийн полисуудтай зарчмын хувьд төстэй гэж үзжээ. Мөн ийм байдал Европ, Ази, Африкийн олон нийгэмд байдгийг угсаатны зүйн материалууд дээр тогтоожээ.
Нийгэм жижиг байх нь нийгмийн бүх гишүүдийг улс төрийн амьдралд оролцох явдлыг нөхцөлдүүлдэг. Гэхдээ уулсын сархиаг бүхий газар нутаг уулынхны нийтлэг илүү том жолоодогчийн ёс мэт шаталсан бүтцийг бий болгоогүй, мөн тэгш тал газрын хөршүүдийн захиргаанд ороход саад болж байсан аж.
Зөвхөн уулс ч биш, мөн намаг, далай тэнгис, цөл, амьдралгүй газар нутгууд буюу тэдгээрийн аль нэгэн хослол нь хөршүүдээсээ хамгаалах байгалийн саад болдог байна. Гэхдээ өөр олон хүчин зүйл байдаг аж. Эртний грекийн полисын ардчилсан байдаг онцлог нь дээр дурдсан зүй тогтолд захирагдсанд байдаг.
Нэг. Байгалийн саадаар хамгаалагдсан жижиг нийгмүүд засаглалын шаталсан бус хэлбэрийг бий болгодог. Энэ нь жолоодогчийн ёс, төр зэрэг шаталсан нийгэмтэй зэрэгцсэн нийгмийн хөгжлийн өөр шугам байгааг харуулна. Энэ байдлыг шинжлэх ухаанд шатлал-шаталсан бус (иерархи-гетерархи), сүлжээ-хамтарсан стратеги гэх мэт ухагдахуунаар тайлбарладаг. (Crumley 1995, Blanton 1996, Haas 2001, Trigger 2003).
Энэ бүхэн нь нийгмийн хувьсал олон шугамтай гэж үзэхэд хүргэдэг. Энэхүү үзэгдлийн мөн чанар нь “тариалангийн эрин үед дэх улс төрийн нэгжүүд нь хэмжээ болон хэв маягаараа ихээхэн ялгаатай байдаг. Гэхдээ тэдгээрийг: “зах хязгаарын өөрийгөө удирдах хамтын нийгэм болон том эзэнт гүрэн гэсэн хоёр төрөл буюу хоёр туйлд хуваан үзэж болно. Нэг талд нь өөрийнхөө ажлыг амжуулж байдаг, улс төрийн оролцооны маш өндөр коэффициенттэй (энэхүү нэр томъёог С.Андрески гаргасан), тэгш бус байдал нэлээд сул илрэх овгийн байгууллын үлдэгдэл болсон хот-улс, тариачны нийтлэг гэх мэт хэлбэр оршин байдаг. Нөгөө талд нь нэг газарт төвлөрсөн хүчээр хянаж байдаг асар том газар нутаг оршино” гэж дүгнэсэн. (Геллнер 1991).
Хоёр. Жижиг нийгмүүд, түүний дотор уулынхны хувьд улс төрийн өндөр идэвхи буюу эсэргүүцэх шинж (Ш.Айзенштадын гаргасан нэр томъёо) хэвшмэл байдаг бол тэгш газрын тариалангийн нийгмийн албатуудад улс төрийн идэвхигүй зан үйл ноёрхдог байна. Ийм байдлыг тариачны нийгмийг судалсан Э. Вольф, Ж. Скотт, Э. Хобсбаум, Т. Шанин нар бас ажигласан байдаг.
Төр мөн үү, биш үү
Соёлуудыг сөөлжүүлэн үзэх аргаар (кросскультур) авч үзэх юм бол нэг талаас, “гэр бүлийн хэмжээ”, “овгийн зохион байгуулалт” зэрэг үзүүлэлтүүд, нөгөө талаас, “улс төрийн зохион байгуулалтын ардчилсан шинжийн хэмжээ” зэргийн хооронд тогтвортой хамаарал байгааг илрүүлсэн байдаг.
Тухайлбал, шаталсан нийгмүүдэд нийтлэгийн дээрх хатуу бүтцүүд, гэр бүлийн том нийтлэг зэрэг түгээмэл байхад шаталсан бүтэцгүй нийгэмд газар нутгийн байгууллага, газар нутгийн нийтлэг, гэр бүлийн жижиг хэлбэрүүд зонхилдог байна.
Иймэрхүү маягийн олон шугамт байдлаас ямар нэг илүү суурь үндэслэл гаргаж болох ба учир нь ийм шинж зөвхөн хөгжингүй иргэншилд төдийгүй, хүн төрөлхтний түүхийн хамгийн эртний үе шатууд хийгээд тэр ч байтугай бүдүүлэг хүмүүст хүртэл байдаг аж.
Израилын антропологич М.Берэнт сонгодог полисыг төр гэж үздэггүй. (Berent 1998, 2000). Энд төр гэдэгт заавал шүүх, цэрэг, цагдаа, прокурор зэрэг албадлагын аппарат байх ёстой гэсэн евроцентрист үзэл баримталж байна. Яг ийм үндэслэлээр Монголын нийгмийг төргүй байсан гэж тун олон хүн үздэг. Миний бодлоор нүүдлийн нийгэмд европынх шиг нүсэр том төрийн аппарат байх ямар ч шаардлага байгаагүй. Төрийн аппаратгүй байсан нь Монголын нийгэм төргүй байсныг нотлох гол шинж болж чадахгүй юм.
Эртний грекийн полист төрийн бэлэн аппарат байгаагүй, харин нийгмийн удирдлагыг бүх иргэд хэрэгжүүлж байсан гэдэг санааг Е.М.Штаерман дэмждэг. Тэрээр римийн сонгодог полисын бүгд найрамдах улсын үеийг төр хэмээн үзэж болохгүй. Учир нь тэнд гүйцэтгэх засаглалын аппарат маш цөөн, прокурор, цагдаа байгаагүй. Татвар байгаагүй, мөн татвар цуглуулах аппарат байгаагүй. Нийтийн газраас авах алба, рентийг түрээслэгчид авдаг байсан. Нэхэмжлэгч шүүхэд хариуцагчаа дагуулж ирэх ба мөн шийтгэлийн биелэлтийг өөрөө хариуцдаг байсан. Энэ бүхэн нь: “Тэр үеийн Римд мөн чанартаа хуулийн биелэлтийг албадан хийх байгууллага байгаагүй, мөн хууль нь ч гэсэн санкц биш байсан”-ыг харуулж байна. (Штаерман 1989)
Харьцангуй хожим үүссэн Суллын диктатур, Помпейн засаглал, анхны триумвират, Цезарийн триумпыг төр улс үүсэх чанарын шатууд гэж үзэж болно. Гэхдээ зөвхөн Августын үед захиргааны аппарат, преторуудын отряд, манааны когорт, мэргэжлийн арми бий болсноор төр үүсэх үйл явц дууссан байна. Грек, Римийн нийгмийг төрт биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь бусад олон асуудлыг огт өөрөөр авч үзэхэд хүргэсэн болно.
Төрийн “гаднах” нүүдэлчид
Олон шугамт онолд нүүдэлч-малчдын сэдэв ихээхэн маргаан үүсгэдэг. Төр улсын альтернатив бол Евроазийн нүүдэлчин-номадуудын “нүүдлийн эзэнт гүрэн” гэсэн нарийн нийлмэл нийгмийн хувьсал болно. Европ ухагдахуунаар гаднаасаа бол эдгээр эзэнт гүрнүүд тал нутгийн гаднаас нэмүү бүтээгдэхүүнийг булаан авахад зориулагдсан деспот булаан эзлэгч улс мэт харагдана. Гэхдээ нүүдэлчдийн дотоодод бол татвар авахгүй, малчдыг мөлжихгүйгээр овгийн холбоонд үндэслэсэн нийгэм байдаг.
Талын нийгмийг удирдагчийн эрх мэдлийн хүч нь аян дайн зохион байгуулах, худалдаа, өргөл барьцын орлогыг дахин хуваарилах чадварт үндэслэсэн байдаг. Малчин-нүүдэлчид тухайн энэ тохиолдолд анги-угсаатан хийгээд өвөрмөц ксенотеократ буюу экзополитар улс төрийн систем байдаг. Энд ксено нь грекийн гаднаас, кратос нь эрх мэдэл гэсэн утга, харин экзо нь гадуур, полити нь нийгэм, төр гэсэн утгатай болох ба европт тогтсон нэр томъёо болно.
Нүүдлийн нийгэм нь суурин-газар тариалангийн “дээр” тогтох өвөрмөц “давхарга” мэт төсөөлөгдөнө. Энэхүү улс төрийн системийг төр гэж үзэж болохгүй нь ямар ч эргэлзээгүй юм. Гэхдээ энэ нь удирдлагын ийм бүтэц бүдүүлэг гэдгийн нотолгоо биш юм. Тэрхүү нийгмийн төрийн бус шинж чанар, хөгжингүй шатлалын бүтэц зэргийн харгалзаад “хэт нийлмэл удирдагчийн ёс”, “нүүдлийн эзэнт гүрэн” (импери) гэж нэрлэж болно. (Крадин 1992, 2000, 2002 ).
Энэ дүгнэлтэд манай олон хүн “уурлах” нь гарцаагүй. Гэхдээ нэгэнт гарсан онолын дүгнэлтийг “уурлаж” биш, харин бодит судалгаа, хөдөлшгүй баримтаар л няцааж болно. Орос, Хятад болон Евроазийн төр, төрт ёс үүсэхэд Монголын нөлөө байгаагүй гэж хэн ч нотолж чадахгүй л байх…
Нийгмүүд заавал нэг шугамаар биш, өөр өөр олон шугамаар хөгжиж болдог нь хамгийн чухал гаргалгаа юм. Нийгмүүд хөгжсөөр байгаад Монголын нүүдэлчид гэсэн маш тогтвортой, түүхэн хэв маяг үүссэн нь няцаашгүй баримт юм. Үүнийг судлахад заавал европын онол, бүдүүвчээр хэмжиж, түүнийг загвар болгох албагүй. Ийм “харьцуулалт” зөвхөн онигоонд л хүргэдэг юм.
Ухаандаа Хурилтайг “парламент”, 9 өрлөгийг “удирдах зөвлөл”, Шихихутагийг “Ерөнхий сайд”, “Хууль зүй, дотоод хэргийн сайд”, “Дээд шүүхийн дарга”, тэр ч бүү хэл Чингис хаанаа бараг “Ерөнхийлөгч” гэх мэтээр дүйцүүлэн ярьдаг нь сэтгэлгээний балайрлаас өөр юм огт биш…
Дорно Дахины нүүдэлчдийн төр дэлхий дахинаа “шинэ төрүүд” үүсэхэд шууд түлхэц болсон нь ямар ч эргэлзээгүй. Нарийн яривал Евроазийн “болохгүй” төрүүдийг нурааж өгчихөөд “шинэ төр” үүсэх голлох нөхцлийг бид бүрдүүлж байсан. Яг нэг төвөөс буюу Монгол нутгаас Хүн, Сүмбэ, Жужан, Түрэг, Уйгар, Монгол гэхчлэн томоохон эзэнт гүрнүүд дэс дараалан гарч байсан түүхэн тохиолдол өөр хаа ч байхгүй. Мөн эдгээрээс бусад төр улсууд нь бүгдээрээ арчаагаа алдсан жижиг “улсанцарууд” байгаагүй.
Эндээс түүхийн хөгжлийн Монголоос эхтэй ямар нэг зүй тогтол байгаа гэж үзэх томоохон үндэслэл гардаг юм. Ухаандаа индианчууд Монголоос гаралтай олон баримтыг няцаах хүн гарахгүй л болов уу. Харин ингээд ямар “ашиг” байгаам гэх хүмүүс л гарч магадгүй. Ашиг бол дан ганц эдийн засагт биш, оюун сэтгэлгээ, үзэл санаанд ч гэсэн байдаг юм…
Олон шугамт онолын хүрээнд хэвшиж тогтсон олон ойлголтыг цоо шинээр авч үзэх боломжтой. Жишээ нь: “манж-хятадын дарлал” гэсэн манайд ихэд хэвшиж тогтсон “социализмын үеийн” ойлголт байна. Одоо зарим баримт аваад үзье. Нэг. 1919 оныг эс тооцвол хятад манайхыг эзэлж байгаагүй, Хоёр. Монголчууд манжийн дараах эрх мэдэлтэй үндэстэн байсан, Гурав. Хятадаас хөөгдсөн тохиолдолд манжууд Монголыг хоргодох газар, монголчуудыг гол холбоотон гэж үзэж байсан. Дөрөв. Монгол шашин болон өөрийн ахуйн хувьд харьцангуй бие даасан байдалтай байсан. Тав. Чин гүрэн монголын төр байгаагүй, гэхдээ хятадын төр бүр ч байгаагүй. Учир нь хятадууд манжийн дарлалд 260 гаруй жил байсан гэж өөрсдөө үздэг. Зургаа, Чин гүрний эхэн үед монгол хэл болон бичгийг төрийн албан ёсны хэл болгож, монгол төрийн зохион байгуулалтын олон хэлбэрийг авч хэрэглэж байсныг монголын төрт ёсны уламжлал биш гэж хэн ч хэлэхгүй. Энэ мэтчилэн олон баримтаас манж-хятадын “хамтарсан дарлал” байгаагүй, харин “манж-монголын өвөрмөц холбоо” (А.С.Желязняков. 1992, 2009) байсан гэж үзэх онол-практикийн ихээхэн том бөгөөд ноцтой үндэслэл гарч ирнэ. Гэхдээ энэ үед монголын төр гэж байгаагүй, “дан ганц” манжийн дарлал байсан учраас бие даах, тусгаар тогтнох асуудал ямагт нээлттэй байсан.
Монголын түүхийн талаарх хэвшиж тогтсон маш олон ойлголтыг орвонгоор нь өөрчилж болох энэ томоохон дүгнэлтийг аль 1992 оноос хойш олон хүн хийж, олон улсын эрдэмтдийн анхааралд нэгэнт орсон боловч манай талаас судалгаа илт дутаж байгааг дурдах нь зүйтэй байх. Цөөн эрдэмтдийн хүрээнд үүнийг мэддэг боловч олон нийт нэг л сайн “ойлгож” өгдөггүй юм…
Сүүлийн үед олон зууны туршид цаг ямагт салангид явж ирсэн байгалийн болон нийгмийн олон шинжлэх ухаан “нэгдэн нийлж” хамтран ажиллах болсноор илүү чухал, сонирхолтой дүгнэлт хийж, бүтээмж болон үр дүн эрс дээшлэх бодит хандлага бий болов.
Энэ чиглэлд зоримог алхам хийгээч гэж би залуучууддаа уриалж байна. Одоо математик, физик, хими, генетик, биологи зэргийг түүх, социологи, эрх зүй, сэтгэл зүй зэрэгтэй бүгдийг нь “нийлүүлэх” зайлшгүй шаардлага бий болсон. Ялангуяа информатикийг энд оруулчихвал ёстой янзтай ирээдүй нээгдэнэ.
Нийлүүлэх ч юу байхав, хамтарч ажиллаад олон шугамт онолын хүрээнд системийн ерөнхий онол, синергетик, хаосын удирдлага гэхчлэн орчин үеийн нэгдмэл шинэ арга зүй дээр ажиллаж болмоор л санагддаг юм. Үүнээс өөр аргаар шинжлэх ухааны бараагүй хол явчихсан хөгжлийг гүйцэх боломж байхгүй л дээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 6 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to ОЛОН ШУГАМТ ОНОЛУУД № 5.

  1. Соёмбо says:

    Танд их баярлалаа. Төрөлх хэл дээрээ онолын үндэс уншаад сайхан байлаа. Дээр нь бас оновчтой судлууштай дүгнэлтүүд. Олон хүнд онолын зарим мэдээлэлүүд тойм үлгэр домгийн хэлбэр маягтай манан будан шиг байдаг. Таны бичлэгүүд МАСС-г арай дөмөг сэтгэдэг болгоход их хувь нэмэр болох нь дамжиггүй. Маш олон төрөл бүрийн арга хэрэглэх замаар бид оюун сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгцээ байна. Таны бичлэгүүд байндаа маш сайн онож байгаа гэж би боддог. Танд амжилт бас эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: