ЕРТӨНЦ-СИСТЕМИЙН ОНОЛУУД № 6

Энэ бол “Нийгэм-түүхийн онолууд” цуврал өгүүллийн сүүлчийнх болно. Ингээд Та бид нийгмийн “бүх онолыг” үзэж судлаад “дуусгачихаж” байгаа нь энэ. Энэ нь нэг талаас нэрд гарсан том онолуудыг ингэж хэт хялбарчлах нь олон талаар тун бүдүүлэг, марзан хэрэг болсон нь эргэлзээгүй. Нөгөө талаас иймэрхүү товч тойм манай хүмүүсийн, ялангуяа залуусын цааш цаашаагаа үргэлжлүүлэн судлахад ямар нэг сэдэл, бас хөтөч болно гэж найдсан хэрэг юм. Дундуур нь боломжийн хэрээр монголтойгоо холбоотой зарим дүгнэлт хийснийг илүүтэй анхаараасай гэж хүсч байна. Оносон эсэхээ өөрөө ч мэдэхгүй байна, гэвч Та бүхэн тунгаана буй за…
Баруунд түүхийг үзэх үе шатны онолууд хийгээд түүхийг янз бүрийн хязгаар дахь томоохон системийн нийлбэр гэж үзэх хандлагуудыг нэгтгэх гэсэн онолын хүчирхэг чиглэл үүсээд хэдэн арван жил болжээ. Энэхүү “ертөнц-системийн” онол нь өмнөх онолуудаас ялгаатай нь нийгмийн системүүдийн социал хувьсал хэмээн бүхэлд нь авч үздэг. Энэ талаараа иргэншлийн онолуудтай төстэй мэт боловч аль нэг иргэншлийг биш, харин нэгээс илүү, тэр ч байтугай дэлхийн иргэншил маягаар үзэж ихээхэн ахиц гаргасан юм.
Шинэ эрлийн шинэ томчууд
Францын түүхч Ф.Бродель Ертөнц-системийн онолын эхлэлийг тавьсан болно. Түүний капиталист иргэншлийн хувьслыг судалсан 3 ботит том бүтээлд бүх нийгмүүдийг харилцан холбоо бүхий “ертөнц-эдийн засаг” хэмээн үзсэн санаа буй. Тэдгээрт өөрийн төв хийгээд хоёрдугаар зэргийн боловч хөгжингүй нийгэм, зах хязгаарын хүрээ гэж байдаг. Жишээлбэл, XIY зууны Венец “хэт хотын” систем байсан, хожим нь энэ төв Фландри болон Англид шилжсэн, тэндээсээ ХХ зууны эхээр далайн чанад Нью-Йоркод шилжсэн гэх мэт. Янз бүрийн бүс нутаг, соёлыг худалдааны харьцаа холбон өгч нэгдмэл макро эдийн засгийн орон зайд нэгтгэж өгдөг. (Бродель 1986–1992). Гэхдээ энэ онол хандлагыг 1970-аад оны үед А.Г.Франк, И.Валлерстайн, С.Амин, Ж. Тдус Сантус нарыг нэлээд цэгцтэй боловсруулсан гэж үздэг.
Иммануил Валлерстайн орчин үеийн “ертөнц-систем”-ийг 1450-1650-иад оны үед үүссэн бөгөөд энэ нь аажмаар бүх дэлхийг хамрах болсон гэж үздэг. Харин үүнээс өмнө бол олон ертөнц-систем нэгэн зэрэг зэрэгцэн оршиж байжээ. Эдгээр ертөнц-системүүдийг Валлерстайн давжаа систем, ертөнц-эдийн засаг, ертөнц-эзэнт гүрэн гэсэн гурван том хэв шинжид хуваан авч үзсэн байдаг. Давжаа систем нь хүй нэгдлийн байгуулалд түгээмэл. Харин нарийн нийлмэл тариалангийн нийгмүүдэд ертөнц-эдийн засаг, ертөнц-эзэнт гүрэн голдуу төлөвшдөг. Ертөнц-эдийн засаг нь тодорхой хувьсагч байдлаар үйлчилдэг боловч улс төрийн хувьд нэгдмэл бүрдэл болоогүй, харин эдийн засгийн нягт холбоо харилцаагаараа нэгдсэн нийгмүүдийн систем болно. Ингээд капитализмаас өмнөх бүхий л ертөнц-системүүд эрт орой алин боловч тэдгээрийг нэг улсын эрх мэдлийн дор нэгтгэсэн ертөнц-эзэнт гүрэн болж хувирдаг. Энэхүү “дүрмээс” гажсан ганц тохиолдол нь дундад зууны европын ертөнц-систем бөгөөд учир нь энэ систем ертөнц-эзэнт гүрэн рүү биш, харин орчин үеийн капиталист ертөнц-систем болон хувирч чадсан байна.
И.Валлерстайн энэхүү онолоо үндэслэхдээ “үндэсний төр”-ийг биш, харин “нийгмийн систем”-ийг нэгж болгон үзсэн байна. Эдгээр систем нь хөгжин, орших тодорхой логиктой, тэр нь “үйлдвэрлэлийн арга”-д үндэслэгддэг. И.Валлерстайн “үйлдвэрлэлийн арга” гэдгийг хөдөлмөрийн үйл явцын зохион байгуулалтын онцгой хэлбэр хэмээн ойлгож, түүний хүрээнд ямар нэг хөдөлмөрийн хуваарийн тусламжтайгаар системийн нийт нөхөн үйлдвэрлэл хэрэгжинэ гэж үзсэн.
И.Валлерстайн үйлдвэрлэлийн аргад хийх ангилал болон үечлэлийн шалгуур болгож хуваарилалтын аргыг авч үзсэн юм. Энэ нь К.Поланьи-ийн санааг үргэлжлүүлсэн хэрэг юм. Ингээд үйлдвэрлэлийн гурван арга, нийгмийн системийн гурван хэв маягийг ялган үзэх болжээ. Энэ нь: 1. солилцооны харилцаанд үндэслэсэн реципрокт-линижийн жижиг систем (бэлэг-солилцооны), 2. редистрибутив ертөнц-эзэнт гүрний (импери) систем бөгөөд энэ нь уг чанартаа А.Тойнбийн “иргэншил”-тэй дүйдэг, 3. таваар-мөнгөний харилцаанд үндэслэсэн капиталист ертөнц-систем (ертөнц-эдийн засаг) болно. Энэ нь ертөнц-системийн онолын гол санаа юм.
“Ертөнц-эзэнт гүрэн” нь хязгаар нутгууд болон булаан эзэлсэн колониудаас авах өргөл барьц, татвар авч, өөрөөр хэлбэл бюрократ засгийн дахин хуваарилж буй нөөцийн ачаар оршин тогтдог байна. Ертөнц-эзэнт гүрний онцлог шинж нь захиргааны төвлөрөл, эдийн засгийг улс төр давамгайлах явдал болно. Ертөнц-эзэнт гүрэн нь “ертөнц-эдийн засаг”-т шилжин өөрчлөгдөж болдог. Ертөнц-эдийн засгийн олонхи нь хэврэг, мөхөж сөнөдөг. Амьдарч үлдсэн цорын ганц ертөнц-эдийн засаг нь капитализм болно. Энэ нь XYI-XYII зууны Европт төлөвшиж, улмаар бусад бүх социал системийг захирч, дэлхийн хөгжилд дангаар ноёрхогч (гегемон) капиталист ертөнц-систем болон хувирсан. Энэхүү капиталист ертөнц-систем нь Барууны хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас бүрдэх “цөм”, ХХ зууны социалист орнуудаас бүрдэх “хагас зах хязгаар” (перифери) болон Гуравдагч ертөнцийн орнуудаас бүрдэх “зах хязгаар”–аас тогтоно. Энэ систем нь цөм болон зах хязгаарын хоорондын тэнцүү биш хөдөлмөрийн хуваарь, мөлжлөг дээр тогтдог. Хагас зах хязгаарууд нь хөдөлгөөнтэй бөгөөд зөөлөвчийн үүрэг гүйцэтгэх ба янз бүрийн инноваци өөрчлөлтийн эх сурвалж болох нь цөөнгүй тохиолдоно.
Орчин үеийн ертөнц-системийн эдийн засгийн үйл явцын эрчимд геополитикийн үйл явц, эдийн засгийн тренд, мөн янз бүрийн хугацаагаар үйлчлэх мөчлөгүүд ихээхэн нөлөөлдөг. (Wallerstein, 1974 1989).
Ертөнц-системийн онолын зангилаа асуудлын нэг нь хүн төрөлхтний түүхэнд хэчнээн ертөнц-систем оршин байсан бэ гэдэг асуудал байдаг. И.Валлерстайн жинхэнэ ертөнц систем бол сүүлийн хэдхэн зуун жилд бүрэлдэж тогтсон капиталист ертөнц-систем гэж үздэг боловч энэ санааг нь олон хүн үгүйсгэдэг.
Ж.Абу-Луход 1989 онд “Европын ноёрхлоос өмнө” бүтээлдээ анхдагч ертөнц-систем бүр XIII зуунд (?!) үүссэн гэх таамаглалыг анх томъёолсон. Энэ систем нь: 1.Баруун Европ, 2. Арабын ертөнц, 3. Энэтхэгийн далайн бүс, 4. Монголчуудын нэгдмэл макро улс төрийн орон зай болгон нэгтгэсэн Хятад болон Их Тал гэсэн бие даасан “цөм”-үүдээс бүрдэнэ гэж үзсэн.
“Монголчууд олон улсын худалдааг хуурай болон усан замаар нэгдмэл цогцолбор болгон хааж, анх удаагаа Европ, исламын ертөнц, Энэтхэг, Хятад, Алтан Орд зэрэг бүс нутгийн бүхий л төвүүдийг нэгтгэж анхны ертөнц-системийг бүтээсэн юм. Тал нутагт Хар Хорин, Сарай-Бат, Сарай-Бэрх зэрэг улс төрийн засаглал, дамжин өнгөрөх худалдаа, олон үндэстний соёл, үзэл суртлын асар том хот-төвүүд бий болсон. Энэ үеэс эхлэн ойкумены хүрээ хязгаар ихээхэн тэлж, ертөнцийн нэг хэсэгт болсон улс төр, эдийн засгийн өөрчлөлт дэлхийн бусад бүс нутгуудад ихээхэн үүрэгтэй болсон.” (Abu-Lughod 1989).
Энэ нь капиталист ертөнц-системээс ялгаа бүхий түүнээс өмнөх ертөнц-систем байсныг ялган үзэх үнэхээрийн сонирхолтой чиглэл мөн. Хожим энэ чиглэлийг А. Г. Франк, К. Чейз-Данн, Т. Холл нар хөгжүүлсэн болно.
Энэхүү анхны ертөнц-систем XY зууны эхэн үед задарсан, үүний шалтгааныг гадаад дотоод олон хүчин зүйлтэй холбон тайлбарладаг боловч миний ойлгосноор тахал гарсан нь гол шалтгаан юм шиг. Франк, Гиллс, Крадин нарын олон хүн энэ шалтгааныг заавал дурддаг болохоор ингэж үзэж байна. Гэвч үүнийг сайтар тодруулах ёстой байх…
Энэ хэсэгт жишээ болгож нэлээд бодитой, батлагдах өндөр магадлалтай, бас нэлээд зоримог нэг таамаглал (гипотез) дэвшүүлээд үзье. Заримдаа фантази буюу мөрөөдөл шинжлэх ухааны гипотез-таамаглал болж, улмаар батлагдах явдал нэг их ховор тохиолдол биш. Абу-Луход-ын энэхүү тун сонирхолтой дүгнэлтийг урагшлуулан “Анхны ертөнц-системийг нийтийн тооллын эхэн үед Монголын Хүн гүрэн бүтээсэн” гэвэл гаж, хүний ухаанд багтамгүй, хэт даварсан хэрэг болохгүй л байх. Учир нь түүний ертөнц-системийн шалгуур үзүүлэлтүүд бараг ингэж таараад байдаг юм. Ямар ч шинжлэх ухаан таамаглалыг шалгаж, эсвэл үгүйсгэж байж хөгждөг жамтайгаас хойш үүнийг хэн ч гэсэн шалгаад үзэж болох шүү дээ…
Шинэ ангилал
Харин Андре Гундер Франк дэлхий дээр хэдэн арав, зуун “ертөнц-систем” нэгэн зэрэг зэрэгцэн оршихыг батлах оролдлого нь “ертөнц-систем” гэсэн ойлголтыг олон талаар утгагүй болгож байна гэж үзжээ. Ингээд Франк 5000 орчим жилийн өмнө үүссэн ганцхан “Ертөнц-систем” байгаа бөгөөд дараа нь нэгдэл задралын олон удаагийн циклийг дамжин бүх дэлхийг хамарсан гэж дүгнэв. Эхлээд энэ төв олон зууны туршид Хятадад байсан бөгөөд XIX зууны үед Европт, дараа нь Хойт Америкт шилжжээ. Сүүлийн үед Хятад хүчирхэгжиж буй явдал нь ертөнц-системийн төв европ-хойт америкийн “олон улсын хүн”-ээс өөрийнхөө “жам ёсны” байранд буцан ирж буй явдал аж.
А.Г.Франк болон түүний талынхан “ганц” ертөнц-системийн насыг капитализмын 500 жилээр биш, харин 5000 жил хэмээн авч үзэхдээ тооцооллын эхний цэгээр анхдагч иргэншлүүд үүссэнээр баримжаалсан юм. Франк дэлхийн системийн өсөлт уналт хийгээд Кондратьевын эдийн засгийн орчил (цикл) хоорондын холбоог олоход голлон анхаарсан.
Эрдэмтэд олон жилийн өмнөөс түүхийн үечлэл хийгээд орчлыг тооцох гэж маш олон янзаар оролдож, олон тооны загвар бүтээсэн байдаг. Эдгээрийн дотроос Контратьевын үечлэл хамгийн их нэрд гарсан бөгөөд энд тэрхүү үечлэлийг хөндөж байна.
Үйлдвэржихээс өмнөх эрин үед эдгээр орчлууд нь харьцангуй урт 200-500 жил байдаг. Ингээд Франк, Гиллс нар: НТӨ 1700-НТӨ 100/50 жилийг ангиас өмнөх, НТӨ 100/50-НТ 200-500 жилийг сонгодог, 200-500-аас 1450/1500 жилийг дундад зууны, харин XYI зуунаас хойшхи үеийг орчин үеийн гэсэн 4 том орчилд хуваан үзэх ангиллыг санал болгосон.
Эдгээр орчил тус бүрийн дотоодод кондратьевын өсөлтийн (A) болон уналтын (B) үеүдийг (фазууд) ялган гаргасан. Жишээлбэл, дундад зууны орчлын хүрээнд бие даасан хоёр дэд орчил байдаг. А фаз нь 500-750/800 онуудыг хамрах бөгөөд үүнд Визант, Арабын ертөнц, Хятад (Сүн, Тан улсууд), Түрэгийн эзэнт гүрэн цэцэглэсэн үе хамаарна. Харин В фаз нь 750/800 оноос 1000/1050 оныг хамрах бөгөөд үүнд Каролинг, Аббасид, Тан, Уйгарын хаант улсууд мөхсөн үе орно.
Түүнчлэн 1000/1050 оноос 1250/1300 оныг хамарсан А фазад Монголчуудын байлдан дагуулал ба орчин үеийн өмнөх ертөнц-систем бүтээсэн зэргийг оруулдаг ба энэ нь Абу Луходын системтэй тохирно. Харин 1250/1300 оноос 1450/1500 оныг хамарсан В фазад өвчин тахалтай (пандем) холбогдсон Афро-Евразийн уналтыг оруулж үздэг. (Gills, Frank 1992; Frank, Gills 1994).
Ахиад л Маркс…
Ингээд К. Чейз-Данн, Т. Холл нар түүхэн хөгжлийн “ертөнц-систем” онолын хамгийн үндэслэл бүхий үзэл баримтлалыг томъёолсон болно. Тэд Марксын “үйлдвэрлэлийн арга” ойлголтыг илүү нарийн “хуримтлалын арга” нэр томъёогоор сольж хэрэглэсэн. Энэхүү хуримтлалын аргуудаа: 1. Ураг төрлийн харилцаанд үндэслэсэн, 2. Өргөл барьцын, 3. Зах зээлийн гэж гурав хуваан үзсэн. Энэ бүхнийг үндэслэн ертөнц-системийн дэд хувилбарууд бүхий 3 том хэв маягийг ялган үзсэн байдаг. Үүнд:
1. Ураг төрөл үндэслэсэн хэв маягт анчид, цуглуулагчид, загасчдын ангигүй болон төргүй систем, мөн ангитай боловч төргүй, гэхдээ жолоодогчийн ёстой системүүд орно.
2. Өргөл барьцын хэмээх удаах хэв маягт анхдагч төрүүд, анхдагч эзэнт гүрнүүд болон Месопотами, Мезоамерик зэрэг олон төвтэй ертөнц-систем, түүнчлэн дундад зууны Афро-Евроази мэтийн худалдаа-өргөл барьцын ертөнц-системүүд орно.
3. Капиталист гэх сүүлчийн хэв маягт XYII зуунаас эхлэн Европ төвтэй болсон хийгээд одоогийн даяар ертөнц-системийг оруулан үздэг. (Chase-Dunn 1988, Chase-Dunn, Hall 1998, Hall 2001).
Ертөнц-системийн харилцаа холбоо нь 4 том сүлжээнээс тогтоно. Энэ нь: хүнд оворын таваарын сүлжээ (BNG), нэр хүндтэй таваарын сүлжээ (PGN), улс төр, цэргийн сүлжээ (PMN), эцэст нь мэдээллийн сүлжээнүүд (IN) болно. Эдгээрээс мэдээллийн болон нэр хүндтэй таваарын сүлжээнүүд нь хамгийн их дэлгэрсэн гэж тэд үзжээ. Гэхдээ зарим хүн эдгээрийг хэтрүүлсэн гэж үздэг ч маргаан нь сүлжээг үгүйсгэхэд биш, харин аль сүлжээ нь илүү чухал вэ гэдэгт төвлөрдөг байна.
Эндээс нэн эртний үеэс янз бүрийн иргэншил, тивүүдийн хооронд өргөн харилцаа холбоо байсан бөгөөд үүний ачаар газар тариалан, металлург, дугуй, зэвсэглэл зэрэг технологийн шинэчлэл явагдаж байжээ. Эндээс нэгдмэл ертөнц-систем нь үйлдвэрлэлийн эрин үед биш, түүнээс хэдэн мянган жилийн өмнө бий болсон байна гэсэн дүгнэлт гардаг юм.
Эдүгээ ертөнц-системийн онолуудыг томоохон хэмжээний түүхэн үйл явцыг үнэлж дүгнэх хамгийн ирээдүйтэй арга зүй гэж үзэж байна. Гэхдээ одоохондоо гэдгийг онцлон дурдаж байна. Энэхүү парадигм хамгийн өчүүхэн системээс авахуулаад даяар Ертөнц-систем хүртэлх бүхий л түвшинд нарийн шинжлэх ухааны ойлголтын аппарат, математик загварчлал ашиглах өргөн боломжтой байдаг.
Саяхныг болтол нийгмийн системийг загварчлах ажил сайн дурынхны хэрэг байсан бөгөөд нарийн шинжлэх ухааны төлөөлөгчид ийм загварыг бие даан хийж байв. Дашрамд дурдахад Оросын академич С.Капица-ийн алдарт математик загварын тухай нэгэн өгүүллийг би нэлээд эрт орчуулсан боловч манайхны олонхи иймэрхүү онол монол, тоо моонд дургүй учраас “хэвтэж” л байна. Хэрэв уншигчид хүсэх аваас хэвлэж болох юм.
Саяхан хүн төрөлхтний түүхэн дэх биологи, экологиос математик загвар гарган авах томоохон төслийг маш амжилттай хэрэгжүүлжээ. (Турчин 2007). Сүүлийн үед нийгмийн ухааныхан математикчидтай хамтран Ертөнц-системийн хувьслын суурь загварыг бүтээх ажлыг барьж авах болов.
Төр хэрхэн үүсдэг вэ ?
Одоо энэ асуултад хариулах гэж үйлээ үзэцгээж байна. Жишээ нь Классен “Эртний улсууд” хэмээх алдарт бүтээлдээ: эртний улсууд бий болж, хөгжихтэй нягт холбоотой 6 хүчин зүйл ялгасан нь их сонирхолтой. Энэ нь: 1. хүн амын өсөлт, 2. дайн, 3. булаан эзлэлт, 4. үзэл суртал, 5. илүүдэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, 6. оршин буй улсуудын нөлөөлөл зэрэг болно. (Claessen and Skalnik). Эндээс үзэл суртал, илүүдэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төр улс үүсэх гол нөхцөл гэж тэд үздэг.
Ингээд янз бүрийн загвар хийж байгаад бодолт хийгээд үзсэн чинь дээр дурдсан олонхи хүчин зүйлээс хамааралт шинж (корреляци) бараг гарсангүй. Ингээд “ажиллахгүй” байгаа үзүүлэлтээ цөөлж, үзэл суртал, эдийн засаг, социал формат гэсэн 3 үзүүлэлт дээр тооцож үзжээ. Энэхүү social format гэдэг нь хүн амын тоо, хүн амын газар нутаг орон зайд хуваарилагдсан байдлыг нэгтгэсэн үзүүлэлт болно. (Claessen). Ингээд ч төр үүссэн тодорхой зүй тогтол олж чадаагүй байна. Тэгэхлээр нь “өөрийн лугшилт бүхий нийгэм-улс төрийн бүтэц” гэсэн үзүүлэлтийг тооцоололдоо нэмж оруулжээ. (Claessen, Van de Velde and Smith 1985). Харин энэ 4 дэх үзүүлэлт нэлээд бодитой болсон гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Ингээд үзүүлэлт тус бүрийг “монголоор” товч тайлбарлах гээд үзье.
Нэг. Хүн амын өсөлт бол манай хувьд нэг их гол үзүүлэлт байгаагүй. Үүнийг Монгол нутагт бүхий л түүхийн туршид асар олон хүн амтай улс гүрэн байгаагүйгээр шууд нотолж болно. Хүн амын тоо манай хувьд шийдвэрлэх хүчин зүйл хэзээ ч болж байгаагүй. Харин “хүний чанар” гэсэн шинэ үзүүлэлт гаргавал монгол хүн стандарт болж болох юм шүү. Хүн ам олон болж өсөөд, хот бий болоод, тэгээд улс үүсдэг бүдүүвч манайд үл тохирно.
Хоёр. Эдийн засаг бол манайд онцгой байсан. Эдийн засгийг эртний утгаар нь авч үзвэл мал аж ахуй бол газар тариаланг бодвол хүний амьдралыг иж бүрэн хангадаг “өөрийн хангалтат систем” болно. Энэ нь синергетикийн ойлголт юм. Хэрэв газар тариалан зөвхөн хүнс тэжээлийг хангадаг бол мал аж ахуй хүнс тэжээлээс гадна орон сууц (гэр), хувцас хунар зэрэг хүний суурь хэрэгцээг бүрэн хангадаг.
Монголд мал аж ахуйн зэрэгцээ тухайн цаг үедээ хөгжингүй үйлдвэрлэл, тэргүүний технологи байсан нь дэндүү ойлгомжтой байдаг. Учир нь байлдааны зэвсгийн үйлдвэрлэл түүхийн ямар ч үед үйлдвэрлэл, технологийн дээд түвшин, тухайн улсын хүчин чадлыг илэрхийлдэг цорын ганц үзүүлэлт бөгөөд одоо ч хэвээрээ байгаа. Ганц нэг зэвсэг бол гар урлал болно, харин монгол мэтийн томоохон армийн зэвсэглэлд үйлдвэрлэлийн нарийн зохион байгуулалт зайлшгүй шаардана. Монголчууд бусад улсаар зэр зэвсгээ хийлгүүлж байсан түүхэн баримт байхгүй, мөн цаашид ч олдохгүй. Учир нь энэ бол монгол төрийн онцгой нууц байсан байх. Одоогийнхоор бол “цэрэг-аж үйлдвэрийн комплекс”-ийг бид бүтээж чадсан. Эндээс монголд “машингүй аж үйлдвэр” байсан гэсэн логик дүгнэлт түвэггүй хийж болно. Үүнийг зөвхөн хүчирхэг төр улс баймаажин хийж чадах нь ямар ч эргэлзээгүй. Энэ гол үзүүлэлтийг “мартчихаад” манайхыг төргүй гэж үзэх нь утгагүй…
Гурав. Үзэл суртал бол тэнгэр шүтлэг байсан байх. Гэхдээ олон шашин зэрэгцэн оршиж болдог байсан. Чингэхдээ монголчууд өөрсдийгөө цаг ямагт “төв” гэж үзэж байсан нь тодорхой байгаа. Тэнгэрээс гаралтай хүмүүст өөр юу хэрэгтэй билээ…
Харин дайн, байлдан дагуулалт бол манайхыг буруутгадаг гол үндэслэл байдаг. Дайн бол аль ч нийгмийн ердийн үзэгдэл байсан. Харин “манай” дайн болохоор дээрэм тонуул болдог, гадныхны дайн бол “соёлжуулах” болдог юм гэж огт байхгүй. Харин нийгмээрээ арми болж чаддаг ард түмэн эрт үед байхгүй байсан. Энэ бол манай онцлог…
Энэ мэтчилэн дүгнэлт таамаглал дээр бид ч гэсэн загвар гаргаад тооцоолол хийх бүрэн боломж бий. Ингээд үзвэл ертөнц-системийн монгол загвар гараад ирэхийг хэн байг гэх билээ. Ер нь бүх онол заавал гадаадаас гарах ёстой гэж хэн ч нотлоогүй…
Одоогийн ертөнц-систем задрах, онол нь мухардалд орох хандлага бодитой болжээ. Энэ нөхцөлд хөгжлийн алтернатив хувилбарыг онол, үзэл санааны хувьд хайх эрэл хайгуул эхлээд олон жил болж байна. Энэ хайгуулын явцад арга буюу төр улсын үүсэл гарлаас эхлэн нухацтай судлах шаардлага үүсдэг юм. Ингээд урагшаа яваад төр улсын үүсэл мүүсэл гэхээр эртний нийгэм рүү, улмаар Монгол руу хар аяндаа яваад орчихдог юм. Гэтэл тэр нь ямар ч “ангилалд” одоо болтол үл багтах агуу иргэншил билээ…
Бид одоогийн байдлаар 750.000-780.000 жилийн өмнөхийг баттай ярьж чадна. (Д.Цэвээндорж болон бусад). Хэрэв ахиад хэдхэн малтлага хийхэд 1 сая жил гэсэн тоонд өлхөн хүрэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд ухаант хүн Баруун Африкт үүссэн гэх “онол” няцаагдана. Манай өвөг дээдэс хадны сүг зургаараа найр наадам, дуу бүжиг, хувцас моод, тоглоом наадам, ан гөрөө, тэрэг дугуй, зэр зэвсэг, аж ахуй, тэр ч бүү хэл секс хүртэл нийгмийнхээ амьдралын бүх түүхийг туурвиж, иргэншлийнхээ хил хязгаарыг мөнхөд тэмдэглэчихсэн юм. Үүнийг бол иргэншил соёлын эх хэмээн нэрлэж бүрнээ болно. Эндээс монгол нутаг хамгийн эртний хүний эх голомт байсныг нотлох цаг тун ч удахгүй гэж баталгаатай хэлж болно. Энэ голомтоос төр улсын анхны үр хөврөл үүссэн ч байж магадгүй. Харин тэр үед сармагчингууд хаана байсныг би хэрхэн мэдэх билээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 6 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to ЕРТӨНЦ-СИСТЕМИЙН ОНОЛУУД № 6

  1. Demjigch says:

    Sudlaach Tand mash ih bayarlalaa.Uneheer gaihaltai! Niitleliig tani unshaad Mongolooroo baharhah setgel uuriin erhgui turluu.Hediigeer bolj butehgui zuil hichneen ih baigaa ch! Mongol gedeg ner delhiin deevert bichigdeh tsag udahgui irne gej naidya.Ta enh tunh,erch hucheer orgilon baij buteelee tuurvij myanga myangan hunii oyuniig undaalah buyant uilstee amjilt gargahiih husye!

  2. Х. Ганхүү says:

    За таны нийтлэлийг сайтар ухаж ойлгож чадсангүйээ учир нь надад байх шиг байнаа. Энэ талаар судалж мэргэшдэг нөхдөд хэрэг тустай зүйл болсон байх. Миний бодлоор яг одоо манай оронд болж буй бүх хүрээний үйл явдалууд эдгээр онолын нэгээхэнтэй ч дүйхгүй заримдаг юм шиг. БИд яг аль онол үзлээр яваад байгаам бол доо. жаахан хазайхад бидний үед ирсэн энэ нутаг газар алт нүүрсийг зөвхөн бид эзэмших эдлэх ёстой юм уу. Жаахан алсыг хараад явбал хүн амьдарч байсан он цагийг саяас илүү болгож чадах байх шүү. улаан нүдэлж ухаж төнхөсөөр байтал тэр гэж хэлж таахын аргагүй түүхийн дурсгал сүйдэж байна шүү.

  3. gankhuyag says:

    Та ч мэдэхгүй мэдэхгүй гэж байгаад тун айхтар хүн юм. “Манайд болж буй үйл явдлууд эдгээр онолын алинтай нь дүйхгүй заримдаг” гэсэн Таны санаа чинь тэр чигээрээ “онолын” дүгнэлт байна. Та их сайн ойлгож…

  4. Anonymous says:

    Системийн онолыг хүний эд эрхтэн системийн онолд тулгуурлан сонирхож судалж үзэхийг би хүснэм. Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Хүн өөрөө анхдагч гэж үздэг. Хүний системүүд хоорондоо маш нягт хамааралтай. Тухайлбал амьсгалын систем үүний бүтэц нь хамар, мөгөөрсөн хоолой тэгээд уушиг, уушганд орсон агаарыг зүрх судасны систем судас цусаараа дамжуулан хэрэгцээт газар нь хүргэж өгдөг гэх мэт. Та үүнийг хамтатган тайлбарлаж судалсан байх учраас дараагийн нийтлэлээ үүнтэй хавсруулж болох уу.

    • Ганаа says:

      Ингэж үзсэн оролдлого танин мэдэхүйн түүхэнд их эртнээс байсан ба түүнийг организмын болон органицизмын үзэл гэдэг. Одоо шинжлэх ухаанд орхигдсон. Гэхдээ системийн онол, зарчмыг тайлбарлах, ойлгуулах үүднээс зарим үед хэрэглэдэг юм. Үүнийг хэт их хэтрүүлж, хэрэглэж болдоггүй юм…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: