АЛУУРЧИД ХАА САЙГҮЙ БИЙ…

Манайхан Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг төрөлх хэлээрээ үзээд удаагүй байна. Гэхдээ яриад үзэхэд “яа яа, аймаар алуурчин” гэхээс цааш мэдэх хүн цөөхөн л байна лээ дээ. Одоогийн байдлаар энэ ном дэлхийн 30 хэлнээ орчуулагдаж сая гаруй хувь хэвлэгдээд байгаа гэнэ. Саяхан ОХУ-ын “Чөлөөт хэвлэл” (Свободная пресса) сайтынхан Вашингтонтой холбогдож Жон Перкинстэй нэгэн сонирхолтой ярилцлага хийжээ. Тэгээд орчуулав. Манайхан ч яахав, бараг бүгдээрээ шахам НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “өлхөн хийчих” лут улсууд гэдгийг би сайн мэднэ. Гэлээ гэхдээ энэ ярилцлагыг биш, намайг дүгнээд, шүүмжлээд солиороод байх хэрэггүй л дээ. Тийм ахул тэр “мэргэн цэцэн” улсууд нь цаашдаа өөрсдөө хийхийм байгаа биз. “Бэлэн хоол зүгээр идчихэж” чадахгүй бол суръя, мэдье гэсэн залууст саад болохгүй байж болмоор л санагдана. Ер нь бол хараалгуулан хараалгуулан байж “оюуны талх” зүгээр тараах үүрэг би хүлээгээгүй л дээ…
Одоо тэгээд орчин үед юу болох бол ? Ойрхи Дорнод, Хойт Африкт арабын хувьсгалын долгион эхлээд жил болж байна. Үүний найруулгыг (сценари) АНУ-д бичсэн гэж хэлж болох уу ? Эсвэл урсгалаараа үүссэн эсэргүүцлийг дараа нь гаднаас дэмжсэн юм болов уу ? Хэрэв ийм бол хэн гар дүрсэн байж таарах вэ ?
“Арабын хаврын” үйл явдлын хувьд гэвэл тэдгээрийг миний бичсэн бүдүүвчийн дагуу төлөвлөж, хэрэгжүүлсэн гэж би бодохгүй байна. “Арабын хавар” бол бусад орнуудад болж буй олон нийтийн эсэргүүцлийн адилаар огт өөр зүйл харуулж байна гэж бодож байна. Юуны өмнө даян дэлхийн хүмүүс сэрж, хуучин систем цаашид ажиллахгүй байна гэдгийг ухамсарлаж эхэлж байна. Энэ бол эдийн засгийн пирамидын оройд буй 1 хувь үлдсэн 99 хувиа өөрсдийн ашиг сонирхлын төлөө удаан хугацаанд ашиглаж ирсэн систем юм.
Тэгвэл энэ үйл явдал үнэхээр урсгал шинжтэй, гаднаас хэн нэгэн найруулаагүй гэсэн хэрэг үү ?
Тийм, гэхийн зэрэгцээ би мөн л хардаж байна. Надад шууд нотолгоо байхгүй, учир нь би эдийн засгийн алуурчид болон өөр төрлийн агентууд эдгээр эсэргүүцлийн бүлгүүдэд үргэлжлэн нэвтэрч Каддафи буюу Мубаракынх шиг засгийн газруудыг том корпорациудад илүү найртай ханддаг, корпоратократуудад дуулгавартай байдаг хүмүүсээр солихыг хүсдэг иймэрхүү үйл ажиллагаанд хамаагүй болсон. Гэхдээ үүний зэрэгцээ бүхнийг эсрэгээр нь хийхийг оролдогч, тэр нь юугаар дуусахыг хэлэх боломжгүй маш ноцтой исламын хөдөлгөөн байна ш дээ.
Яагаад АНУ болон Барууны бүх ертөнц эхлээд Ливи, одоо болохоор Сири дэх хүний эрхийн зөрчлийн тухай ийм шургуу яриад, Бахрейн, Йеменд яг адил ийм юм болж байхад дуугай байгаад байгаа юм бол ?
Энэ бол их зан, бас их зангаас ч долоон дор явдал. Бидэнд тохирохгүй удирдагчдыг зайлуулах, тэдгээр улс орнуудад хяналт тавихыг хүсэх үедээ л бид хүний эрхийн зөрчлийн тухай ярьж эхэлдэг. Харин удирдагчид нь бидэнд таалагддаг Бахрейн мэтийн орнууд дахь хүний эрхийн зөрчлийг харах үедээ бид түүнийг үгүйсгэдэг. Бид өөрийнхөө гэрт ч яг ингэж үгүйсгэдэг нь мэдээжийн хэрэг. Өнөөдөр АНУ-д өөрт нь хүний эрхийн олон зөрчил бий, жишээ нь Викиликст нууц мэдээлэл дамжуулсан цэрэг Бредли Мэнинг ял тулгалгүй шоронд удаан хугацаагаар хорьсон. Бид “хүний эрхийн зөрчил” гэсэн нэр томъёог улс төрийн байр сууринаас ашигтай үед л ашигладаг.
Ливид болсон үйл явдал хийгээд Муаммар Каддафыг алсныг Та ялгаж үзэх үү ?
АНУ Каддафын эсрэг ийм ноцтой арга хэмжээ авахад долларыг орлох шинэ валют бүтээх гэсэн Каддафын өөрийнх нь шийдэмгий зан гол шалтаг болсон гэж бодож байна. Тэрээр алтан динар бүтээх тухай ярьж эхэлсэн ба түүнд алтны ихээхэн хувь бүхий маш хүчирхэг төв банк байсан юм. Тэгээд тэр африкийн болон латин америкийн орнуудыг нефтээ долларын оронд алтан динараар зарж, авч байхыг ятгаж эхэлсэн, энэ нь долларыг өөрийг нь, улмаар манай орны эдийн засаг тогтож байдаг АНУ-ын Холбооны Нөөцийн систем, банкны бүх системийг сүйтгэх байв.
Ираны дэглэм үүнтэй төстэй замаар явж байна. Ливид болсон шиг олон зүйл одоо Ираны эргэн тойронд болж, энэ нь цөмийн зэвсэг, нефть гэхээсээ эдийн засгийн систем, доллартай хавьгүй илүү хэмжээгээр холбоотой гэж бодож байна.
Та даян дэлхийн хүмүүс сэрж, хуучин систем цаашид ажиллахгүй байна гэдгийг ухамсарлаж эхэлж байна гэлээ. Та чухам юуг ингэж хэлээд байна ?
“Уолл-Стритыг эзэл”, Европ дахь эсэргүүцэл, “арабын хавар”, танай Орост болж буй үйл явдлууд ч гэсэн даяар сэрэх үйл явцын хэсгүүд гэж бодож байна. Өнөөгийн системд ноцтой асуудал байгаа гэдгийг хүмүүс ойлгож эхэллээ, энд би Орос, АНУ, Хятад буюу Ойрхи Дорнодын аль ч бай улс орны тэргүүнүүд өөрийнхөө иргэдэд зүтгэхгүй байгааг хэлж байна. Тэдний үйл ажиллагаа дэлхийн томоохон корпорациудыг толгойлдог корпоратократ (corporatocracy) явцуу бүлгийн ашиг сонирхолд захирагдаад удаж байна. Санхүүгийн асар их боломж эзэмшсэн тэд дэлхийн засгийн газруудын ихэнхийг хянаж байна. Түүнчлэн тэд Хэвлэл мэдээллийн үндсэн хэрэгслүүдийн хянаж, зүгээр л эзэмшиж байна. Тэд дээд зэргийн ашиг олох гэсэн ганцхан зорилготой. Бидний ертөнцийг биднээс хулгайлчихсан, одоо бид түүнийг эргүүлэн олж авах, манай эдийн засаг, манай улс төрийг эргүүлэн авах ёстой. Эсэргүүцлийн хөдөлгөөн бол энэ үйл явцын нэг хэсэг юм.
Улс орнуудын эрх мэдэл төрөөс корпорациудад шилжсэн зааг үеийг Та нэрлэж чадах болов уу ?
Энэ бол удаан үйл явц л даа. Хэрэв Та нар тодорхой тоо мэдмээр байвал энэ нь АНУ-д Рональд Рейганыг Ерөнхийлөгчөөр сонгосон, Их Британид Маргарет Тэтчерийг Ерөнхий сайдаар сонгосон үе болно. Харин Орост бол энэ нь Горбачев засгийн эрхэнд гарснаар болсон гэж бодож байна. Хамгийн идэвхитэй үе нь 80-аад он болох ба энэ үед АНУ мэтийн засгийн газар корпорациудад улам улам их эрх мэдэл өгч, тэднийг хяналтдаа байлган барьж байсан үйл ажиллагааг нь хуульчлан зохицуулах хэмжээг үргэлж бууруулж ирсэн юм. Энэ бол зорилго чиглэлтэй бодлого байлаа. Үүний үр дүнд корпорациуд янз бүрийн улс төрчдийн сонгуулийн программыг санхүүжүүлэх, тодорхойлох, тэдэнд нөхцлөө тулган хүлээлгэх улам их боломж бий болсон. 80-аад оныг л би онцлон үзэх байна, харин бэлтгэл үйл явц нь үүнээс хамаагүй өмнө их удаан үргэлжилсэн нь мэдээж хэрэг.
Орос дахь олон нийтийн эсэргүүцлийн талаар Та юу бодож байна вэ ?
Юуны өмнө би Орост хэзээ ч ажилаж байгаагүй гэдгээ хэлэх ёстой, иймээс танай оронд болж буй үйл явдлын мөн чанарын тухайд зөвхөн таамаглаж л болох байна. Гэхдээ дэлхийн бусад орнуудад болж байгаатай адилхан л гэж санаж байна. Удирдагчид нь удаан хугацаагаар ард түмнээ хуурч ирсэн, харин явцуу бүлгүүд нь улам баяжиж, үлдсэн хүмүүс болон байгалийн баялгаа шулан мөлжиж ирсэн гэдгийг оросууд харж эхэлсэн нь магадтай.
Өнөөдөр Орост болж буй үйл явцыг хоёр янзаар хэлэлцэж байна. Нэг нь Таны сая хэлсэн. Нөгөөх нь бол эсэргүүцлийн сэтгэхүйг гаднаас, юуны өмнө АНУ-аас Оросыг сулруулах гэж хийж байгаа гээд байна л даа…
Энэ хоёр дахь санаа чинь бас л байж болох зүйл гэж үзэж байна. Засгийн Газар нь хуурчихлаа гэж хүмүүс шийдэх болгонд “эдийн засгийн алуурчин” мэтийн АНУ-ын агентуудыг тэдэн рүү нэвтрүүлэхийг оролддог мэтээр эсэргүүцэж эхэлдэг, ийм явдал одоо ч болж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ л би Орост болж буй үйл явдлууд дэлхий дахинаа болж буй үйл явдлын нэг хэсэг л гэж бодож байна.
Энэ ер нь яаж дуусах болоо ? Хэрэв корпоратократ үнэхээр ийм аймаар эрх мэдэлтэй юм бол тэрийгээ сайн дураараа өгөхгүй биз дээ.
Тийм ээ, тэд хариу балбаж байгааг бид харж байна. Та нар АНУ-д цагдаа нар “Уолл-Стритыг эзэл” хөдөлгөөнийг хэрхэн тарааж байгааг харсан л байлгүй. Эсэргүүцэл газар сайгүй байна, гэхдээ корпоратократийг бүрдүүлж буй хүмүүс биднийг үгүйсгэж чадалгүй, харин ч хариу балбаж байгаа бол тэд биднээс айж байна гэсэн хэрэг гэдгийг бид бас ойлгож байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож буй хүмүүс үүнийг тэднийг сонсож байгаа, тэднээс айж байгаа гэсэн маш их найдвар төрүүлж буй дохио тэмдэг гэж хүлээн авбал зохино гэж бодож байна. XIII зуунд Англид үүссэн иймэрхүү нөхцөл байдал хүмүүсийг босгож, Жон хааныг Эрх Чөлөөний Агуу Их Хартид гарын үсэг зурахад албадсан юм. Миний бодлоор эрх чөлөөний шинэ харти-даяар харти гаргах цаг болсон гэж бодож байна. Мөн чанартаа бол корпорациуд бол өөрсдийгөө баяжуулахын тулд биш, харин нийгмийн тусын тулд, цөөн, хэт баян явцуу бүлэг хүмүүсийн биш, харин эгэл жирийн хүмүүс, тэдний ашиг сонирхлын төлөө зүтгэх ёстой.
Манай Орост системийн хямралыг зөвхөн дайнаар дамжин даван туулж ирсэн гэж үзэх явдал байдаг. Тухайлбал, Их хямралаас зөвхөн дэлхийн хоёрдугаар дайнаар дамжин гарч чадсан гэдэг. Өнөөдөр бид гурав дахь руу нь яваад байна гэсэн болгоомжлол байдаг. Та үүнийг зөвшөөрөх үү ?
Ийм биш гэж маш их найдаж байна, учир нь дэлхийн дайн бол том корпорациудаас бусад бүх хүний хувьд үгүйрүүлэн сүйтгэгч дайн болох ба өнгөрсөн бүх дайнуудаар том корпорациуд хамгийн их мөнгө хийсэн байдаг. Энэ бол үнэхээрийн бодит аюул, Иран, АНУ-ын хоорондын хүчдэлийн хэмжээнээс би жинхнээсээ айж байна, учир нь энэ нь маш ноцтой дайнд хүргэж болно. Дашрамд дурдахад АНУ-д Орос хийгээд Путин энэ дайныг хүсч байгаа гэсэн цуурхал ихэд түгээд байна. Учир нь дайн нефтийн үнийг суга өсгөх юм. Та бид үүнээс яаж ийгээд зайлсхийж чадна гэдэгт найдаж байна.
Яагаад бүрэлдэн тогтсон энэ системийг сөрөн зогсох ийм хэцүү байдаг юм бэ ? Яагаад дээд албан тушаал эзэлсэн албаны хүмүүс энэ бодлогоо зүгээр л орвонгоор нь өөрчилж чаддаггүй юм бэ ?
Яагаад гэвэл бидний Гурав дахь ертөнцийн орнуудад хэрэглэж байсан тэрхүү аргуудыг АНУ-ын өөрийнх нь дотор тодорхой хүмүүсийн хувьд ч хэрэглэж болно. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн эмзэг байдалд байдалд байгааг бид сайн мэддэг. Манай өнөө үед ерөнхийлөгчийг сумаар алах ямар ч шаардлага байхгүй. Билл Клинтоны “аллагыг” бэлгийн будлиан өдөөж үйлдсэн. Дөнгөж саяхан Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Доминик Стросс Канныг гэм буруу нь нотлогдоогүй байхад мөн л энэ аргаар яаж устгасныг бид харсан. Обама ч гэсэн өөрийг нь бэлгийн хувьд үнэнч биш, мансууруулах бодис хэрэглэдэг, өөр юу ч байдгийм жирийн цуурхлаар унагаж болохыг мэдэж байгаа. Өнөөгийн манай удирдагчид маш эмзэг, иймээс цөөвөр чононуудад хуучны адил сум буюу бөмбөг ашиглах шаардлага огт байхгүй.
Ноён Перкинс, сүүлчийн асуулт: Өнөөгийн санхүүгийн хямрал, саяхны дайнууд, тухайлбал Ливийн дайнаас болоод Орос дахь олон эксперт хэрэв өдийд ЗХУ байсан бол ийм юм хэзээ ч гарахгүй байсан гэж ярих боллоо. Энэ тухай Та юу гэж бодож байна ?
Хэрэв ЗХУ задраагүй байсан бол юу болох байсныг мэдэх боломжгүй нь мэдээж, гэхдээ ЗХУ байхгүй болсноор дэлхийд зөвхөн АНУ гэсэн ганц хэт их гүрэн үлдсэн гэдгийг бид баттай мэднэ. Үүнээс өмнө бол АНУ, ЗХУ хоёр бие биенээ үнэхээр ноцтой тэнцвэржүүлж байсан, гэхдээ ЗХУ задарч энэ тэнцвэр алдагдсан. Харин үүний дараа АНУ цорын ганц хэт их гүрэн болсон, ингээд тэд хэт их гүрнээс корпоратократ болон хувирсан. Одоо энэ нь бүх дэлхийн шинж болоод байна. Ингээд ЗХУ-ын задрал дэлхийн бүхий л даяар бодлогын тэнцвэрийг орвонгоор нь өөрчилсөн дөө.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to АЛУУРЧИД ХАА САЙГҮЙ БИЙ…

  1. dk says:

    Сайхан орчуулга байна, Танд баярлалаа, Таны ажилд өндөр амжилт хүсье.

    Эл ярилцлагыг уншаад сэхээрч ухаардаг нь олон байгаасай,

  2. huchee says:

    баярлалаа амжилт хүсье

  3. Anonymous says:

    Yag ene uil yavc manaid mash tod ilerch ba. Manaih uunii hamgiin tod jishee boljee.

  4. @lex says:

    Баярлалаа танд. та бидэнд маш их тусалж байгаа шүү

  5. delgermaa says:

    ene aluurchin hyatad arabin ertonc omnod amerikiin ertonciig er durdaagui baih um za ter ch yahav manai Elbegee bol aluurchiin gar hol

  6. temi says:

    Tanid mash ih bayarlalaa! Niitlelee urgeljluuleed bgaarai!

  7. AmonRa says:

    энэ сэдэвтэй хамааралтай багшийнхаа “Мөнгө хийцгээе” гэж киног монгол хэлнээ хөрвүүлэн орчуулсан байгаа. уул нь аль 2009 онд орчуулчихсан байсан, харин яаж олон нийтэд хуваалцан танилцуулахаа мэдэхгүй байсан. тм телевизээр цацагдсан, удахгүй чанартай бичлэг youtube-д тавигдана. бэлэн болохоор нь линкийг танд явуулъя.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: