Г.В. ПЛЕХАНОВ: ТҮҮХЭНД БИЕ ХҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ АСУУДАЛД

Одоо нөхдүүдээ жаахан ном уншина аа. Гэхдээ сургаар биш эх зохиол уншиж судлах хэрэгтэй гэж бодно. Яваандаа хүн төрөлхтний сэтгэлгээг бүтэн шатаар ахиулж, нийгэм-түүхийн үйл явцад эргэлт гаргаж, асар их нөлөө үзүүлсэн суут хүмүүсийн агуу их бүтээл, мөн агуу гайхамшигт баримт бичгүүдээс цуврал болгон хүргэх санаатай байна. Харин загнавал больж л орхино гэдгээ эртхэн шиг хэлчихье. Эхний удаад суут Г.В. Плехановын суут нэгэн бүтээлийг толилуулж байна. 1898 онд онд анх гарснаасаа хойш нийгмийн сэтгэлгээний томоохон оргилийн нэг болсон энэ бүтээлийг 1985 онд Б.Даш-Ёндон багш гайхамшигтай сайхан орчуулсныг тэр чигээр нь хүргэж байна. Өнөөдөр түүхэн дэх бие хүний үүрэг, харизм, удирдлагын онолын асуудал ярихад капиталист, социалист ялгаагүй бүгдээрээ үүнийг эх болгон ярьдаг юм. Энэ асуудлаар энэ бүтээлийг давах “юм” хийсэн аавын хүү одоохондоо байхгүй л дээ. Манай түүх-нийгмийн болон эдүгээ болж буй олон үйл явдлыг тайлбарлахад ихээхэн нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Талийгаач Каблиц далаад оны хоёрдугаар хагаст “Ухаан мэдрэхүй хоёр бол дэвшлийн хүчин зүйл мөн”1 гэдэг өгүүлэл бичиж, Спенсераас иш татаж, хүн төрөлхтний дэвшин дээшлэх хөдөлгөөнд мэдрэхүй гол үүрэг гүйцэтгэнэ, харин ухаан бол хоёрдугаар зэргийн, тэхдээ бүүр эрх мэдэлгүй үүрэг гүйцэтгэнэ гэж батлахыг оролдсон юм. Нэгэн “эрхэмсэг социологич”2 Каблицийг эсэргүүцэж, оюун ухааныг “гутаасан” энэ онолыг гайхан тохуурхаж байгаагаа илэрхийлжээ. Ухааныг хамгаалснаараа “эрхэмсэг социологич” зөв л дөө. Тэгэхдээ тэрээр Каблицийн дэвшүүлсэн асуудлын мөн чанарыг хөндөхгүйгээр уг асуудлыг ингэж тавих нь огт бололцоогүй бөгөөд болохооргүй юм гэдгийг батлан хэлсэн бол бүүр ч зөв болох байсан билээ. Чухамдаа бол “хүчин зүйлийн” онол гэгч өөрөө үндэсгүй зүйлээ, учир нь энэ онол нийгмийн амьдралын янз бүрийн талуудаас дур зоргоороо сугалан авч, түүнээ эрхэмлэн дээдэлж, нийгмийн хүнийг дэвшлийн замаар янз янзын талаас нь янз янзын амжилттайгаар хөтөлдөг онцгой маягийн хүч болгон хувиргачихдаг юм. Гэхдээ энэ онол нийгмийн хүний үйл ажиллагааны аль нэгэн талыг бус, харин хувийн ухамсрын янз бүрийн салбаруудыг социологийн эрхэм дээд шүтээн болгон хувиргасан Каблицийн үзэл шиг хэлбэрийнхээ хувьд бол бүүр ч үндэсгүй. Энэ бол үнэндээ хийсвэрлэлийн дээд туйл мөн; үүнээс цаашилж болохгүй, яагаад гэвэл цаашаа явахад утга учиргүй зүйл л гарч ирэх юм. “Эрхэмсэг социологич” маань чухам үүнд л Каблиц болон түүний уншигчдын анхаарлыг хандуулах хэрэгтэй байлаа. Түүхэнд ноёрхогч “хүчин зүйлийг” олох гэсэн Каблицийн эрмэлзлэл түүнийг хийсвэрлэлийн ямаршуу шугуй руу аваад орчихсныг олж харж чадсан бол “эрхэмсэг социологич” маань хүчин зүйлийн онолыг өөрийг нь шүүмжлэхэд ч ямар нэг юм хийж чадах байсан бизээ. Энэ нь тэр үедээ бидэнд тун ч хэрэгтэй зүйл болох байлаа. Гэвч түүнд тийм авъяас байсангүй. Тэрээр өөрөө мөн л уг онолыг баримталжээ. Тэрээр бүх “хүчин зүйл” адилхан чухал гэж үзэж эклектизмд унаж байснаараа л Каблицаас ялгагдаж байлаа. Түүний оюун ухааны эклектик шинж чанар диалектик материализм руу хийсэн дайралтанд нь хожим хурц тод илэрсэн юм. Диалектик материализм бол бусад бүх хүчин зүйлийг эдийн засгийн “хүчин зүйлд” захируулж, түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийг оргүй үгүйсгэдэг сургаал юм гэж тэрээр үзэж байв. Гэтэл диалектик материализм бол “хүчин зүйлийн” онолд харш юм; түүнийг квиетизм3 гэгчийг цагаатгадаг гэж хэлбэл логик сэтгэлгээнд огт явъяасгүйгээ харуулсан хэрэг болно гэдэг ухаан “эрхэмсэг социологчийн” санаанд ч орсонгүй. “Эрхэмсэг социологичийн” энэ эндүүрэлд өвөрмөц сонин зүйл огт байхгүй бөгөөд олон олон хүн ийм маягаар эндүүрч байлаа, эндүүрч байна, цаашдаа ч удаанаар эндүүрэх болно гэдгийг хэлэх хэрэгтэй…
Байгаль нийгмийг үзэх диалектик үзэл материалистуудад бүрэлдээгүй байсан бүүр тэр үед тэднийг «квиетизмд» талтай гэж зэмэлцгээж байлаа. “Нэг их эрт урд цагаас” эхлэхгүйгээр, английн нэрт эрдэмтэн Престлей, Прайс хоёрын дунд гарсан маргааныг санацгаая л даа. Дашрамд, Престлейгийн сургаалыг aвч үзэхдээ, Прайс материализм бол эрх чөлөөний тухай ойлголттой нийцэшгүй бөгөөд бие хүний аливаа caйн дурын үйлдлийг үгүйсгэдэг гэж мэтгэжээ. Престлей үүнд хариулахдаа амьдралын туршлаганд тулгуурлажээ. “Би өөрийнхөө тухай яриагүй байна. Намайг ч гэсэн бүх амьтны дотроос хамгийн хөдөлгөөнгүй, үхмэл нь юм гэж хэлж болмооргүй биз дээ (am not the most torpid and lifeles) гэхдээ, хамгийн чухал зорилгыг мөрдөхөд их хүч чармайлт, их идэвхи, сэтгэлгээний их эрчим хүч шаардагдах ёстой гэдгийг зайлшгүйн тухай cургаалийг баримтлагчдаас өөр хэн нэгэн хүн хэлж чадсан гэж уу? гэдгийг танаас асууя” гэж тэрээр бичжээ.
Престлей энд тэр үедээ chrisian necessarians4* гэж нэрлэгддэг байсан шашны ардчилсан бүлэглэлийг хэлжээ. Энэ бүлэгт Престлей өөрөө багтан ордог байсан бөгөөд харин тэр нь мань хүний хэлээд байгаа шиг тийм их нөлөөтэй байсан эсэх нь бүү мэд л дээ. Гэвч энэ чухал биш. Харин дур зоргыг тайлбарладаг материалист үзэл практик дээр илэрч буй хамгийн эрчимтэй үйл ажиллагаатай маш сайхан тохирч байгаа нь ямар ч эргэлзээгүй юм. Лансон “хүний дур зоргод дээд зэргийн шаардлага тавьсан бүхий л сургаалууд чухамдаа дур зорго хүч чадалгүй гэж баталж байлаа; тийм сургааль эрх чөлөөг үгүйсгэж, ертөнцийг фатализмд захируулдаг юм»** гэж хэлжээ. Дур зоргын эрх чөлөө гэгчийг аливаа байдлаар үгүйсгэх нь фатализмд хүргэж буй хэрэг гэж Лансон боддог нь буруу; гэхдээ тэрээр түүхийн тун сонин баримтыг олж ажиглажээ. Үүнд: чухамдаа бол фатализм практикийн эрчимтэй үйл ажиллагаанд тэр болгон саад болдоггүй төдийгүй, харин ч тодорхой үеийн хувьд тийм үйл ажиллагааны сэтгэл зүйн гарцаагүй үндэс болж байсан аж. Эрчим чадлынхаа хувьд ХYІІ зууны Англид байсан бусад бүх намаас хамаагүй давуутай Пуритан5 болон богино хугацааны дотор Энэтхэгээс Испани хүртэлх асар их хэмжээний газрыг захиргаандаа авч чадсан Магометийг залгамжлагчдыг үүний баталгаа болгон дурдаж болно. Тухайн хэлхээ үйл явдал дайрч өнгөрөх нь гарцаагүй, энэ хэлхээнд туслах буюу түүнийг эсэргүүцэх сэтгэл зүйн алив боломж бидэнд алга гэдэгт итгэхээс өөр аргагүй гэж бодож буй хүмүүс их алдаж байна***.
* Христ-нецеосарианчууд. Материализм шашны үзэлтэй ингэж хосолсон байхыг үзвэл ХYІІІ зууны францчууд тун их гайхах бизээ. Харин Англид бол энэ нь хэнд ч хачин санагдахгүй. Престлей өөрөө их сүсэгтэй хүн байсан юм. Яая гэхэв, усыг нь уувал ёсыг дагадаг хойно.
** Түүний «Францын утга зохиолын түүх» номын орос орчуулгыг үз. 1 ботъ, 511-дэх тал.
*** Кальвины сургаалаар бол Хүний бүх зан авирыг бурхан урьдаас тогтоодог гэнэ. “Бурхнаас өөртөө болон нэг хүнд зориулж мөнхлөн тогтоосон тодорхой зүйлийг бид урьдаас тогтоосон зүйл гэж нэрлэж байгаа юм” хэмээн Кальвин бичжээ. (Сургаал. ІІІ дэвтэр, 5-р бүлэг). Энэ сургаалын ёсоор бол бурхан шударга бусаар дарлагдаж буй ард түмнийг чөлөөлүүлэхээр шавь нараасаа сонгон авдаг гэнэ. Жишээ нь, израилын ард түмнийг чөлөөлөгч Моисей ийм хүн байв. Кромвель ч гэсэн өөрийгөө бурхны ийм зэвсэг гэж үзэж байсан билээ. Тэрээр өөрийнхөө үйл ажиллагааг бурхны хүсэл зоригийн биелэл гэж ямагт үнэн голоосоо боддог байв. Энэ үйл ажиллагаа нь аль хэдийнээс зайлшгүй болж тогтсон байдаг гэнэ. Энэ бодол нь түүний олон удаагийн ялалтанд саад болоогүйгээр барахгүй, харин түүний эрмэлзэлд эргэлтгүй хүч чадлыг нь нэмдэг байлаа.

Миний хувийн үйл ажиллагаа зайлшгүй үйл явдлын гинжлэлийн гарцаагүй нэгэн гогцоо нь болж чадаж байна уу, үгүй юу гэдгээс энд бүх юм хамаарна. Хэрэв, болж чадаж байнаа гэвэл би аль болохоор бага гуйваж, аль болохоор шийдэмгий үйлдэнэ, Гайхаад байхаар юм энд ер алга. Үүнд, тухайн бие хүн өөрийнхөө үйл ажиллагааг зайлшгүй үйл явдлын гинжлэл дэх зайлшгүй нэгэн гогцоо үзнэ гэдэг нь дур зоргын эрх чөлөө алга байна гэдгийг би үйл ажиллагаа өрнүүлэхгүй байж огт чадахгүй гэж ойлгоно гэсэн үг, байхгүй байгаа дур зоргын энэ эрх чөлөө нь үүнээс өөрөөр ажиллах бололцоо надад байхгүй гэсэн хэлбэрээр түүний ухамсарт тусдаг гэсэн үг. Энэ бол Лютерийн “Би үүнээс өөрөөр ЯАХ ч арга алга” (Hier stehe ich, ich kann nicht anders) гэсэн алдарт үгээр илэрч, хүмүүсийг хамгийн гайхамшигтай гавьяа байгуулахад хүргэж, хүмүүсээс зогсоож боломгүй эрчим хүчийг шавхан гаргадаг чухам тэр сэтгэл зүйн ухамсар мөн. Энэ санаа сэтгэл Гамлетад байсангүй, тиймээс ч тэрээр гомдон гонгинохоос цааш гарсангүй. Ийм ч учраас Гамлет эрх чөлөө бол ухаанд шилжин суусан зайлшгүй л юм гэсэн утгатай философитой хэзээ эвлэрэхгүй байх байсан бизээ. “Хүн нь ямар бол философи нь тийм байдаг” гэж Фихте зөв зүйтэй хэлжээ.
II
Штаммлерийн энэ санааг манай зарим хүмүүс баруун европын нийгэм-улс төрийн нэгэн урсгалд шинж төгс байгаа үл шийдвэрлэгдэх зөрчил гэж үнэн голоосоо бодон хүлээж авчээ. Сарны хиртэлтийн тухай түүний жишээг бид энд ярьж байна л даа. Энэ бол нээрэн ч хэт утгагүй жишээ юм. Сарны хиртэлтэнд гарцаагүй хэрэгтэй хослон нэгдсэн нөхцлүүдийн тоонд хүний үйл ажиллагаа яагаад ч орохгүй бөгөөд орж ч болохгүй, ийм учраас сарны хиртэлтэнд нөлөөлөх гэ¬сэн үйл ажил зөвхөн галзуурсан айлаас л гарах байх.
Гэхдээ хэрэв хүний үйл ажиллагаа дээр дурдсан нөхцлүүдийн тоонд ордог юмаа гээд бодвол сарны хиртэлтийг үзэх гэж тун их хүссэн хүмүүсээс ч гэсэн нэг нь ч сарны хиртэлтийн ажилд оролцохгүй бөгөөд тэхдээ уг хиртэлт тэдний нөлөөгүйгээр өрнөж чадах юм гэдэгт бат итгэсэн байна бизээ. Энэ утгаар бол тэдний “квиетизм” нь илүүц, өөрөөр хэлбэл, ашиггүй үйл ажиллагаанаас татгалзсан л хэрэг байх бөгөөд жинхэнэ квиетизмтэй огт адилгүй байх билээ. Сарны хиртэлтийн тухай уг жишээг бидний авч үзэж буй энэ санаагаар ямар нэг утгатай болгохын тулд энэ жишээг өөрчлөх хэрэгтэй байлаа. Сар бол ухамсартай, огторгуйд эзлэх орон зайнхаа ачаар сарыг хиртээдэг түүний байрлал нь саранд өөрт нь өөрийнх нь дур зоргын ааш авирын үр дүн мэт санагдаж, саранд өөрт нь асар их цэнгэл өгөөд зогсдоггүй, түүний ёс суртахууны тайван байдалд асар их хэрэгтэй байдаг учраас сар өөрөө энэ байрлалыг эзлэхийг хэзээ ямагт чармайн эрмэлзэж байдаг юм гэж төсөөлөн болох хэрэг¬тэй байлаа.* Энэ бүгдийг төсөөлөн бодсоныхоо дараа, гэтэл үнэндээ бол огторгуйн орон зай дахь түүний хөдөлгөөнийг түүний дур зорго, түүний “чин эрмэлзлэл” тодорхойлдог бус, харин түүний хөдөлгөөн нь түүний дур зорго, “чин эрмэлзлэлийг” тодорхойлдог юм байна гэдгийг сар маань нээн олж мэдвэл юу болох бол гэсэн асуудлыг өөртөө тавих хэрэгтэй байлаа. Штаммлерийнхээр бол ийм нээлт нэн даруй хөдлөх чадваргүй болгоно, иймд түүнийг ямар нэг логик зөрчлийн аргаар гай зовлонгоос нь ангижруулах хэрэгтэй гэнэ. Гэтэл энэ санаа юунд ч үндэслэж чадаагүй байна. Энэ нээлт нь сарны санаа сэтгэлийг доройтуулж, ёс суртахууны уналтанд оруулан, түүний “чин эрмэлзлэлийг” механик бодит байдалтай нь зөрчилд оруулах хэлбэр талын нэгэн үндэс болж болох юм л даа. Гэхдээ сарны ер нь бүхий л “сэтгэцийн төлөв байдал” эцсийн эцэст түүний хөдөлгөөнөөр нөхцөлддөг гэж бид үзэж байгаа болохоор түүний оюун санааны эвдрэлийн шалтгааныг хөдөлгөөнөөс нь эрж хайх хэрэгтэй болно бизээ.
* “соронзонгийн зүү соронзон орны бага мэдрэгдэх үйлчилгээг хайхрахгүйгээр, ямар нэгэн шалтгаанаас хамаарахгүйгээр өөрийнхөө дур зоргоор байна гэж бодон баруун зүг эргэснээр ханадаг гэсэнтэй адил юм” (Лейбниц-Теодиция, Лозанна, 1760, 598 дахь тал)
Анхааралтайхан ажиглаад үзвэл сар апогей-д6 байрлаж байхдаа дур зорго минь эрх чөлөөгүй байна гэж гомдон гасалж, перигей-д байрлаж байхдаа ёс суртахууны хөхүүн байдал, жаргал цэнгэлийн шинэ уг сурвалжийг түүнээсээ авдаг байж болох юм. Энэ явдал урвуугаараа ч байж болно. Үүнд, перигей-д бус, харин апогей-д байхдаа тэрээр эрх чөлөөг зайлшгүйтэй эвлэрүүлэх хэрэгслэлийг олдог байж болох юм. Гэхдээ ер нь ямар ч байлаа гэсэн тийм эвлэрэл бүрэн бололцоотой, зайлшгүйн тухай ухамсар практикийн хамгийн эрчимтэй үйл ажиллагаатай сайхан зохицон таардаг гэдэгт ч эргэлзээ огт алга. Яалаа ч гэсэн эдүгээ хүртэлх түүхэнд ийм л байлаа. Дур зоргын эрх чөлөөг үгүйсгэж байсан хүмүүс дур зоргын хүчээрээ үеийнхнээсээ ямагт давуу байсан бөгөөд тэдэнд дээд хэмжээний шаардлага тавьдаг байлаа. Тийм жишээ олон буй. Нийтэд ч их хэмжээгээр илэрхий. Штаммлер шиг тэдний тухай мартана гэдэг бол түүхэн бодит байдлыг яг байгаагаар нь үзэхийг зориуд хүсэхгүй байна гэсэн үг. Иймэрхүү хүсэхгүй байх явдал, жишээ нь, манай субьективистууд7, германы зарим нэг бэртэгчингүүдэд их байгаа юм. Гэвч Белинский: бэртэгчингүүд болон субъективистүүд бол хүн биш, харин ерийн л хий үзэгдэл юм гэж хэлэх бизээ.
Өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйн аль ч үйл ажиллагаагаа зайлшгүйд толгой дараалан баригдсан байдаг гэж санадаг хүнийг лавшруулан аваад үзье. Энэ утгаар бол хүн өөрийгөө Магoметийн нэг адилаар бурхны элч, Наполеоны нэг адилаар юугаар ч эргэшгүй хувь заяагаар тодрогч, эсхүл ХІХ зууны нийгмийн зарим нэг зүтгэлтэн шиг түүхийн хөдөлгөөний юугаар ч няцаашгүй хүчний илэрхийлэл гэх мэтээр үзээд өөрийнхөө зам дээр Гамлет болон янз бүрийн мужийн бяцхан Гамлетуудын8* бий болгосон бүхий л саад бэрхшээлүүдийг цаасан байшингийн адилаар эвдлэн хэмхэлж, дур зоргын бараг л урсгал хүчийг илрүүлэн гаргадаг юм.
* “Иймэрхүү хүмүүсийн мэдрэхүй хир хүчтэй байдгийг тодорхой харуулсан бас нэг жишээ авъя. Гүнж Феррарская Ренэ (ХҮІІ Людовикийн охин) өөрийнхөө багш Кальвинд бичсэн захиандаа: “Давид бурхны дайснуудыг яснаасаа үзэн яддаг байсан гэж та надад бичсэнийг би мартаагүй бөгөөд өөрөө ч гэсэн би үүнээс өөрөөр байж хэзээ ч чадахгүй; учир нь миний хаан эцэг, хатан эх, талийгаач эр нөхөр (Feu mоnsіеur mоn mагі) болон үр хүүхдийг минь бурхан эс таалан голбол би тэднийгээ үхтлээ үзэн ядах бөгөөд тэд тамд унаасай гэж хүснэ” гэсэн байдаг. Иймэрхүү мэдрэмжтэй хүмүүс ямар аймаар их эрчим хүч гаргах чадалтай байдаг бол, энэ хүмүүс дур зоргын эр чөлөөг үгүйсгэж байна шүү дээ.
Гэхдээ бид энэ тохиолдлыг одоодоо өөр талаас нь авч үзэх гэж байна. Юу гэвэл би дур зоргоо эрх чөлөөгүй байна гэж ухамсарлахдаа түүнийгээ дараах байдлаар төсөөлдөг. Үүнд, би энэ үйлдэж байгаагаасаа өөрөөр үйлдэх объектив, субъектив бололцоо огт байхгүй, миний тухайн үйл ажиллагаа бололцоотой бусад бүхий л үйл ажиллагаанаас минь надад илүү хүсүүштэй байгаа үед би зайлшгүйг эрх чөлөөтэй адилтган ухаардаг, тийм үедээ би эрх чөлөө, зайлшгүйн энэ адилтгалыг эвдэж чадахгүй гэсэн тэр л утгаар эрх чөлөөгүй байдаг; тэднийг бие биед нь сөргүүлэн тавьж би чадахгүй; зайлшгүйд шахагджээ гэж өөрийнхөө тухайд бодохгүй. Энэ утгаар эрх чөлөө алга байна гэдэг бол эрх чөлөө бүрэн дүүрэн илэрч байна гэсэн хэрэг.
Эрх чөлөө гэдэг бол ямагт ямар нэг юмнаас чөлөөтэй байхыг хэлнэ, хэлхээ холбооны эсрэг тал нь гэж эрх чөлөөг сэтгэхгүй бол тэрээр утгагүй болно гэж 3иммель хэлжээ. Энэ ч тийм шүү. Гэхдээ энэхүү хамгийн ерийн жижиг үнэнд тулгуурлаж философи сэтгэлгээний хийсэн аугаа их нээлтүүдийн нэг болж байгаа: эрх чөлөө бол ухамсарлагдсан зайлшгүй мөн гэдэг үндэслэлийг няцааж болохгүй. Зөвхөн гадаад шахалтаас чөлөөтэй байхыг хэлж байгаагаараа Зиммелийн тодорхойлолт хэтэрхий явцуу байна. Эрх чөлөөг зайлшгүйтэй адилтгаснаар зөвхөн инээд л хүргэх тийм шахалтын тухай энд хэлсэн аж. Үүнд: хэрэв та нусны алчуур хармаанаас тань авах гэсэн хулгайчид саад учруулбал, тэрээр таны эсэргүүцлийг ямар нэгэн байдлаар даван туулаагуй цагт уг алчуурыг авах эрх чөлөөгүй байна гэнэ. Гэтэл эрх чөлөөний тухай энэхүү хамгийн ерийн, өнгөц ойлголтоос гадна бас зүйрлэшгүй гүнзгий ойлголт байдаг юм. Философи сэтгэлгээний авъяас чадваргүй хүмүүс энэ ойлголтын тухай огт мэддэггүй бөгөөд харин тийм сэтгэлгээний авъяастай хүний хувьд гэвэл тэд субъект объектын хооронд дуалистуүдын боддог шиг тийм ан цав байдаггүй юм гэдгийг ойлгон, дуализмаас салж ангижирч чадсан үедээ л энэ ойлголтонд хүрдэг.
Субъектив үзэлтнүүд утопи эрмэлзлэлээ манай капиталист бодит байдалд сөргүүлэн тавиад түүнээсээ цаашаа гарч чадахгүй байна. Субъектив үзэлтнүүд дуализмд унажээ. Капиталист бодит байдлын талаарх оросын “шавь нар”9 гэгчдийн эрмэлзлэл нь субъектив үзэлтнүүдийнхээс шал өөр байгаа юм. Хэдий тийм авч “шавь нар” эрмэлзлэлээ бодит байдалтай холбох гүүрийг олж авч чаджээ. “Шавь нар” монизмд хүртэл дээшилжээ. Тэдний бодлоор бол, капитализм хөгжлийнхөө явцаар өөрийгөө үгүйсгэхэд хүрэх бөгөөд үүгээр оросын болон мөн оросын төдийгүй бусад “шавь нарын” эрмэлзлэл хэрэгжих ёстой ажээ. Энэ бол түүхийн зайлшгүй юм. “Шавь” маань энэ зайлшгүйд үйлчлэх нэг зэвсэг мөн бөгөөд нийгмийн байр суурийнхаа хувьд ч гэсэн, энэ байр суурийн дагууд буй болсон ухаан санаа, ёс суртахууныхаа шинж чанарын хувьд ч гэсэн тэрээр түүнд гарцаагүй үйлчлэхээс өөр аргагүй болдог. Энэ бол мөн л зайлшгүйгийн нэг тал юм, Тэгээд ч нийгмийн байдал нь түүнд ямар нэг өөр бус, чухам л ийм шинж төрх олгож байгаа учраас тэрээр зайлшгүйд үйлчлэх багаж зэвсэг болоод зогсохгүй, түүнд гарцаагүй л үйлчлэхээс өөр аргагүй болоод зогсохгүй, ингэж үйлчлэхийг туйлын их хүсэх бөгөөд ингэж хүсэхээс ч өөр аргагүй болно, Энэ бол эрх чөлөөний нэг тал, тэгэхдээ зайлшгүйгээс ургаж гарсан эрх чөлөөний нэг тал юм, өөрөөр хэлбэл, энэ бол зайлшгүйтэй адилсаж байгаа эрх чөлөө, эрх чөлөөнд хувирсан зайлшгүй мөн.* Тийм эрх чөлөө бол мөн л зарим нэг шахалтаас чөлөөтэй байх явдал мөн; тэрээр мөн зарим хэлхээ холбоонд харшилж байдаг; гүн гүнзгий утгатай тодорхойлолт бол өнгөц тодорхойлолтыг няцаадаггүй, харин түүнийг нөхөн, түүнийг өөртөө агуулж байдаг юм. Гэхдээ энэ утгаар бол чухам ямар шахалт, ямар хэлхээ холбооны тухай ярьж болох вэ?
* «Зайлшгүй бол алга болсноороо эрх чөлөө болдог бус, харин дотоод адилтгалын утгаар эрх чөлөө болдог юм» (Гегель, Наука логики, Нюренберг. 1816, ІІ дэвтэр, 281 дэх тал)
Энэ ч тодорхой, юу гэвэл дуализмаас салж чадаагүй байгаа хүмүүсийн эрчим хүчийг саатуулж байдаг ёс суртахууны шахалтын тухай; эрмэлзлэлийг бодит байдлаас салгаж орхисон ан цав дээгүүр гүүр тавиад гарчихаж чаддаггүй хүмүүсийг шаналгаж буй хэлхээ холбооны тухай энд ярьж байна. Бие хүн энэ эрх чөлөөг философи сэтгэлгэлгээнийхээ эрхэлхэг чармайлтаар олж аваагүй байгаа цагт тэрээр өөртөө бүрэн харъяалагдаж чаддаггүй бөгөөд гадаад зайлшгүйн шахалтаас болж ёс суртахууны хувьд шаналан зовж байдаг. Тэхдээ энэ бие хүн гутамшигтай бөгөөд ичгүүртэй энэхүү шахалтын талхиас өөрийгөө дөнгөж мултлангуут, эдүгээ хүртэл түүнд үл баригдсан шинэ, бүрэн дүүрэн амьдралаар дахин төрж, түүний чөлөөт үйл ажиллагаа нь зайлшгүйгийн ухамсартай, эрх чөлөөтэй илэрхийлэл болдог юм.*
* Өвгөн Гегель өөр нэг газар хэлэхдээ: «эрх чөлөө бол өөрөө өөрийгөө бататгахаас өөр зүйл бишээ» гэжээ. (Зох., ХІІ. бать, 98 дахь тал.)
Тэр үед бие хүн нийгмийн аyгaa их хүч болж, түүнд юу ч саад хийж чадахгүй. 3алхай хуурамч тэнэг явдлыг, Залхаан цээрлүүлдэг тэнгэр бурхан ч түүнд саад хийж чадахгүй болно.
III
Дахин дурдая. Тухайн үзэгдэл гарцаагүй зайлшгүй юм гэдгийг ухамсарлаж, түүнийг ойлгон, өөрийгөө энэ үзэгдлийг төрүүлж буй нэг хүчин гэж үзэж буй хүний эрчим хүч ихээхэн нэмэгддэг. Тийм хүн үзэгдлийн зайлшгүйг ухаарсан атлаа үйл ажиллагаагаа хамхивал, арифметик муу мэддэгээ л харуулах болно. Юу гэвэл, аливаа нөхцлүүдийн нийлбэр S бүрэлдэхэд А үзэгдэл зайлшгүй өрнөх ёстой ёстой гэж үзье. Тэгээд энэ нийлбэрийн нэг хэсэг нь бэлэн байна, харин нөгөө хэсэг нь өгөгдсөн Т хугацааны үед буй болно гэж та надад баталжээ гэж бодъё. Би танд үнэмшээд ер нь А үзэгдлийг ихээхэн хүсэж буй хүн учраас «Юун сайн юм бэ?» гэж дуу алдчихаад, таны хэлсэн үйл явдал өрнөх баярт өдрийг хүлээж унтаж орхилоо гэе. Одоо юу болох вэ ? Харъя л даа. А үзэгдэл өрнөхөд гарцаагүй хэрэгтэй S нөхцлийн дотор тэрчлэн миний үйл ажиллагааг ч а гэж тэмдэглэн оруулсан байлаа. Би унтаж орхисон учраас, Т агшин ирэх үед тухайн үзэгдэл өрнөхөд хэрэгтэй байсан нөхцлүүдийн нийлбэр S бус, харин S-a болж хэрэг явдлын төлөв байдлыг өөрчлөхөд хүрнэ. Гэтэл мөн л над шиг унтахад бэлэн байсан өөр хэн нэгэн хүн миний номой байдалд ихээхэн дүргүйцэж, миний байрыг эзэлж болох юм. Тэр үед а хүч в хүчээр солигдож, тэгээд а нь в-тэй тэнцүү (а = в) гэвэл; А үээгдлийн өрнөлтөнд нөлөөлөх ёстой нөхцлүүдийн нийлбэр S-тэй тэнцүү болж, А үзэгдэл маань яалаа ч Т хугацаандаа өрнөж чадна.
Гэтэл миний хүчийг тэгтэй тэнцүү гэж үзэхгүй бол, би шаламгай бөгөөд авьяаслаг ажилтан байсан бол, намайг хэн ч орлож чадаагүй бол бүрэн нийлбэр бүхий S бий болж чадахгүй, тэгээд ч А үзэгдэл бидний санаснаас оройтож өрнөнө, эсхүл бидний бодож байсан бүрэн хэлбэрээрээ өрнөж чадахгүй, эсхүл бүүр өрнөхгүй ч байж болох юм. Би үүнийг ухаарахгүйгээр намайг хариуцлага алдсаны дараагаар ч гэсэн S бол S маягаар хэвээрээ бүрэлдэж чадна гэж бодож байгаа бол чухамхүү тооцоолж чаддаггүйгээ л тов тод харуулж байна гэсэн үг. Ер нь энд: би л ганцаараа тооцоо алдсан байна гэж үү. S нийлбэр Т агшинд даруй буй болно гэж Та надад хэлэхдээ тантай уулзалдсаныхаа дараа би унтаж орхих байсан гэдгийг Та урьдаас харж чадсангүй; та намайг хэзээ ямагт хариуцлагатай байна гэж итгэж байжээ; та найдвар муутай хүчийг найдвар ихтэй хүч гэж боджээ. Ингэхлээр, Та мөн л муу тооцоолсон байна. Гэвч та ямар ч алдаа гаргаагүй, бүхнийг тооцоолсон гэж бодъё л доо. Тэгвэл таны тооцоо дараах байдалтай болно. Үүнд: Т агшинд S нийлбэр буй болно гэж та хэлж байдаг. Энэ нийлбэр дотор чинь миний хариуцлагагүй явдал эсрэг хэмжигдэхүүн болж орно; өөрсдийн нь хүсэл эрмэлзэл бол объектив зайлшгүйгийн субъектив илрэл юм гэдэгт итгэсэн хүчирхэг хүмүүст нөлөөлдөг тэр хөхүүн үйлдэл энд эерэг хэмжигдэхүүн болж ордог юм. Тийм тохиолдолд S нийлбэр нээрэнхээр тогтоосон хугацаанд бүрэлдэж, А үзэгдэл ч өрнөдөг байна. Энэ ч ойлгомжтой мэт байгаа биз. Тэгвэл А үзэгдэл зайлшгүйн тухай санаа яагаад намайг бачимдуулав? Хариуцлагагүй байна гэж намайг энэ санаа шүүн шийтгэдгийн учир юу билээ? Энэ тухай бодохдоо би яахлаараа арифметикийн хамгийн ерийн дүрмийг мартдаг билээ? Яагаад гэвэл, би хариуцлагагүй байдалд нэлээн дадаж хүмүүжсэн бөгөөд тантай ярьсан миний яриа бол эрмэлзлэлд хувь нэмэр оруулах дусал төдий л зүйл байсан юм. Чухамхүү энэ утгаар миний үлбэгэр, хариуцлагагүй ёс суртахууныг илрүүлэх шалтаг болж буй утгаар энд зайлшгүйн тухай ухамсар хэрэглэгдэв. Энэ үлбэгэр байдлын шалтгааныг олж гаргах ямар ч бололцоо байхгүй, яагаад гэвэл шалтгаан нь түүнд бус, харин миний хүмүүжлийн нөхцөлд л байгаа юм. Ингэхлээр,…ингэхлээр байнаа, арифметик бол ноён философчид ялангуяа ноён философичид дүрмийг нь мартаж болшгүй онцгой хүндтэй бөгөөд ашигтай шинжлэх ухаан юм.
Харин тухайн үзэгдэл зайлшгүйн тухай ухамсар түүний өрнөлтийг хайхрахгүйгээр түүний өрнөлтөнд сөрөг үйлчилгээ хийдэг хүчирхэг хүнд яаж нөлөөлдөг вэ ? Энд хэрэг явдал бага зэрэг өөр байна. Уг хүний эсэргүүцэн сөрөх хүчийг тэрээр сааруулж болох юм. Гэхдээ тухайн үзэгдлийг эсэргүүцэгчид хэдүйд уг үзэгдлийн зайлшгүйд үнэмших вэ? гэвэл, энэ үзэгдэлд нааштайгаар нөлөөлж байгаа нөхцөл байдал улам олон, улам хүчтэй болсон үед л биелэнэ. Ийм үзэгдэл зайлшгүй өрнөнө гэдгийг түүнийг эсэргүүцэгчид ухамсарлаж, тэр хүмүүсийн эрчим хүч буурч унах нь уг үзэгдэлд сайнаар нөлөөлдөг хүчнүүдийн илрэл л болж байгаа юм. Ийм илрэл аанай л эдгээр аятай нөхцлийн тоонд орно.
Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид бүгдээрээ нэгэн зэрэг эрчмээ бууруулдаггүй. Түүний зайлшгүйг ухаарсан зарим нэгний эрчим нэмэгдэж, галзууран тэчьядсан эрчим хүчинд хувирдаг. Ийм маягийн эрчим хүчний сургамж болох цөөн бус жишээ ер нь, ялангуяа оросын түүхэнд цөөнгүй бий. Бидний гарыг харалгүйгээр уншигчид энэ тухай санаж чадна буй заа.
Гэтэл энд, эрх чөлөө ба зайлшгүйн тухай бидний үзлийг зөвшөөрдөггүй атлаа хүчирхэг эрмэлзлэл ихтэй хумүүсийг “хэтрүүлэн” үнэлж байна гэж биднийг буруушаадаг, тэгээд бас бие хүн бол нийгмийн аугаа их хүч болж чадна гэсэн санааг бидний сэтгүүл дээрээс их л сэтгэл хангалуун хүлээн авдаг ноён Кареев бидний яриаг таслана Тэгээд эрхэмсэг профессор маань: “Би ямагт ингэж хэлдэг байсан юм” гэж дуу алдана. Тэр ч үнэн байж. Г. Кареев болон бусад субъективистууд бие хүн түүхэнд үлэмж их үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Тэгээд ч нийтийн тусын тулд буянтай ажилд оролцохыг эрмэлзэж, улмаар хувийн санаачилгын учир холбогдлыг өндөр үнэлэх дуртай тэргүүний залуучууд тэднийг ихээхэн дэмжиж байсан үе ч байлаа. Гэхдээ цаад чанартаа бол субъективистууд түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуудлыг хэзээ ч шийдэж чадаагүй төдийгүй, зөвөөр тавьж ч чадаагүй юм. Тэд “шүүмжлэлтэйгээр сэтгэж буй бие хүний” ажиллагааг нийгэм-түүхийн хуулийн нөлөөнд сөргүүлэн тавьж, ингэснээрээ хүчин зүйлийн онолын шинэ төрөл гэмээр юмыг буй болгов. Үүнд: Шүүмжлэлтэйгээр сэтгэж буй бие хүн бол дурдсан хөдөлгөөний нэг хүчин зүйл бөгөөд харин тус хөдөлгөөний өөрийнх нь хуулиуд өөр бусад хүчин зүйлүүд болдог гэнэ. Ингээд үнэхээр авцалдаагүй юм гарч ирдэг, юу гэвэл, зүтгэлтэн “бие хүний” анхаарал өдөр тутмын практик зүйлд төвлөрч байгаа үед, тэд философийн асуудлаар оролдох завгүй байдаг гэнэ.
Гэтэл үнэндээ наяад оны үед хөдөлгөөн намдсанаас хойш философи сэтгэлгээнд аяндаа цаг гарч ирсэн бөгөөд субъективистуудын сургаал бүх оёдлоороо ханзарч, Акакии Акакиевичийн цуутай шинелийн адилаар бүүр урагдаж унасан юм. Ямар ч чармайлт юунд ч хүргэсэнгүй, сэтгэгчид субъективизмыг илэрхий алдаатай сургаал гэж ухааран түүнийг цувралдан орхиж эхэлжээ. Гэхдээ энэ үйл явдлын нөгөө тал нь түүнийг эсэргүүцэгчдийг сөрөг хэтрүүлэлд хүргэв. Хэрэв зарим нэг субъективист түүхэнд “бие хүн” аль болох өргөн үүрэг гүйцэтгэдэг гэж батлахыг эрмэлзэхдээ хүн төрөлхтний түүхийн хөдөлгөөн зүй тогтолт үйл явц юм гэдгийг зөвшөөрөхгүйд хүрдэг бол тэдний эсрэг талын зарим нэг субъективист энэ хөдөлгөөний зүй тогтол бүхий шинж чанарыг аль болохоор тодруулахыг эрмэлзэхдээ түүхийг хүмүүс бүтээдэг, иймээс бие хүний үйл ажиллагаа түүнд учир холбогдол үзүүлэхээс өөр аргагүй гэдгийг мартахад хүрсэн байна. Тэд бие хүн бол quantite nеg-lіgеаblе* юм гэж боджээ. Онолын ийм хэтрүүлэл бол илүү гөжүүн субъективистүүдийн хүрч очсон зүйлтэй адил байж боломгүй эдээ. Антитезид зориулж тезийг мөхөөнө гэдэг нь тезийн төлөө яваад антитезийг мартахтай адил үндэсгүй зүйл. Эдэнд байгаа үнэний хувийг синтезид нэгтгэж чадсан зөвхөн тэр цагт зөв үзэл олдож болох юм.**
* Анхаарал татахааргүй зүйл юм
** Ноён Кареев ийм синтезэндээ биднээс түрүүлж хүрчээ. Гэвч тэрээр харамсалтай нь хүн бол ухаан санаа, бие бялдраас тогтдог гэдгээс цааш гарч чадсангүй.

IY
Энэ зорилтыг бид нэлээд эртнээс сонирхож ирсэн бөгөөд энэ талаар юм бичихийг нэлээд эртнээс бодсон билээ. Гэвч бид зарим талаар болгоомжилж уншигчид маань уг асуудлыг нэгэнт өөрөө шийдчихсэн, тэгээд бид хожимдсон санал дэншүүлчих бий дээ гэж бодсон юм. Харин одоо бол бид огт болгоомжлохгүй байна. Энэ болгоомжлолоос биднийг германы түүхчид ангижруулав. Бид үүнийг бүүр нухацтай ярьж байгаа юм шүү. Юу гэвэл сүүлийн жилүүдэд германы түүхчдийн дунд түүхэн дэх их хүмүүсийн талаар яггүй дайчин маргаан боллоо. Нэг хэсэг нь тийм хүмүүсийн улс төрийн үйл ажиллагааг түүхийн хөгжлийн гол, бараг л гав ганцхан хүч юм гэж үзсэн бөгөөд нөгөө хэсэг нь нь ийм үзэл өрөөсгөл байна, түүхийн ухаан бол их хүмүүсийн үйл ажиллагаа, улс төрийн түүх төдийгүй, ер нь түүхийн амьдралын бүхий л цогцолборыг авч үзэх учиртай гэж байна. Энэ хоёрдахь үзлийн нэг төлөөлөгч нь Карл Лампрехт бөгөөд түүний «Германы ард түмний түүх» гэдэг номыг ноён П.Николаев орос хэлнээ орчуулсан билээ. Эсрэг талынхан нь түүнийг “хамтач үзэл”, материализм гаргалаа гэж буруушаан, маргааны төгсгөлийн дүгнэлтэнд Лампрехт өөрөө хэлсэнчлэн түүнийг hоrrіbilе dictu!* «социал-демократ атеистуудтай нэг байранд тавьсан байна. Харин бид түүний үзэлтэй танилцсан чинь, хөөрхий эрдэмтэнд тулгаж буй зэмлэл ямар ч үндэсгүй байлаа. Түүний хамт одоогийн германы түүхчид түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуудлыг шийдэх чадваргүй болох нь харагдлаа. Иймээс бид, оросын зарим нэг уншигчдын хувьд гэсэн уг асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд онол практикийн хувьд бүрнээ сонирхолтой байна, түүний тухайд одоо ч зарим нэг зүйлийг хэлж болно гэж үзлээ.
* Хэлэхэд ч аймаар!
Тэдний хувийн үйл ажиллагаа гадаад орчинтойгоо ямар харилцаатай байдаг тухай дахь төрийн гарамгай хүмүүсийн үзэл, бодлын (еіnе artige Sаmmlung) бүхэл бүтэн цуглуулгыг Лампрехт хийжээ; тэгэхдээ тэрээр маргаандаа Бисмаркийн зарим нэг үг, санааг л иш татаад зогссон байна. 1869 оны 4-р сарын 16-нд хойт германы Рейхстагт төмөр канцлерийн хэлсэн: “Ноёдоо, бид өнгөрсөн түүхийг үгүйсгэж ч, ирээдүйг бүтээж ч чадахгүй ээ. Цагаа түрүүлүүлж түлхчихээд цагийн урсгалыг хурдатгачихлаа гэсэн төөрөгдөлд та нар бүү ороосой билээ. Тулгуурлаж байсан үйл явдалдаа миний өөрийн үзүүлсэн нөлөөг ямагт хэтрүүлэн үнэлцгээж байна, гэвч түүхийг бүтээгээтэх гэж хэн ч надаас шаардахгүй шүү дээ. Энэ бол миний хувьд бололцоогүй, тэр ч байтугай та нартай нийлээд ч бололцоогүй, бид бүгдээрээ нэгдэх юм бол бүхэл бүтэн ертөнцөд эсэргүүцэл үзүүлж болно л доо. Тэглээ ч бид түүхийг бүтээж чадахгүй, өөрөө бүтээгдэхийг нь л бид түүнээс хүлээх ёстой. Үрний дор гэрэл тавьснаараа бид түүний боловсролтыг хурдасгаж чадахгүй, харин бид түүнийг боловсорч гүйцээгүй байхад нь сугалан авбал, түүний өсөлтөнд нь саад болж, муутгаж орхино» гэсэн үгийг нь тэрээр иш татсан байна. Лампрехт тэрчлэн Жоли-ийн мэдүүлгэнд үндэслэж франк-пруссын дайны үед Бисмаркийн нэг бус удаа хэлсэн санааг иш татжээ. Тэр нь ерөнхий утгаараа аанай л «түүхийн их үйл явдлуудыг бид бүтээж чадахгүй, харин юмсын зүй ёсны явцтай зохицож, өөрийгөө нэгэнт бүрдэж бий болсон зүйлээр хангах ёстой» гэсэн санаа юм. Үүнийг тун гүн, бүрэн дүүрэн үнэн юм гэж Лампрехт боджээ. Түүний бодлоор бол орчин үеийн түүхч хүн үйл явдлын гүн рүү харж чадан, цагийн хэт богино хугацаагаар шинжилгээгээ хязгаарлахгүй бол үүнээс өөрөөр бодож болохгүй гэнэ. Бисмарк Германыг натураль аж ахуй руу эргүүлэн оруулж чадах байсан уу? Хүчирхэгжлийнхээ дээд цэг дээр байсан үедээ ч гэсэн тэрээ үүнийг хийж чадахгүй билээ.
Түүхийн ерөнхий нөхцөл бол хамгийн чадалтай бие хүнээс ч хүчтэй. Их хүний амьдарч буй эрин үеийн ерөнхий шинж чанар бол тэр хүний хувьд “эмпири ёсоор өгөдсөн зайлшгүй мөн”.
Өөрийнхөө үзлийг универсаль гэж нэрлэсэн Лампрехт ингэж бодож байна. Түүний «универсаль» үзлийн сул талыг олж харахад төвөггүй. Дээр дурдсан Бисмаркийн санаа бол психологийн баримт мөнийхөө хувьд сонирхолтой юм. Германы канцлер агсаны үйл ажиллагааг тоохгүй байж болох авч түүнийг юу ч биш, Бисмарк “квиетизмд” идэгдсэн хүн гэж хэлж болохгүй. Бисмаркийн тухайд Лассаль “харгислалын элч бол хоосон чалчигч биш, гэвч дэвшилд тийм элч олонтой байх болтугай” гэж хэлсэн билээ. Заримдаа үнэхээр төмөр шиг хатуу эрчим зориг гаргаж байсан энэ хүн өөрийгөө түүхийн хөгжлийн ерийн ээвсэг гэж бодон юмсын зүй ёсны явцын өмнө ямар ч хүчгүй гэж үзжээ; энэ бол үзэгдлийг зайлшгүйн утгаар үзээд түүний хамт маш идэвхтэй эүтгэлтэн байж болно гэдгийг л дахин харуулж байна. Бисмаркийн санаа зөвхөн энэ хувьд л сонирхолтой байгаа юм; түүнээс биш уг санааг түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуултанд өгсөн хариу гэж үзэж болохгүй. Бисмаркийн бодлоор бол үйл явдал өөрөө аяндаа өрнөдөг, түүгээр бэлтгэгдэж буй болсон тэр зүйлээр л бид өөрсдийгөө хангах ёстой гэнэ. Гэтэл “хангах” ажиллагаа бүхэн мөн л түүхийн үйл явдал шүү дээ, юу гэвэл, тиймэрхүү үйл явдал өөрөө аяндаа өрнөж байгаа үйл явдлаас ямар ялгаатай вэ ? Чухамдаа бол түүхийн үйл явдал нэг бүр нь өмнөх хөгжлөөр боловсорсон үрээр хэн нэгнийг “хангах явдал”, ирээдүйн үр шимийг бэлтгэж байгаа үйл явдлын гинжлэлийн нэг гогцоо мөн юм. “Хангах ажиллагааг” юмсын зүй ёсны явцад сөргүүлэн тавьж болох уу даа! Харваас түүхэнд зүтгэж буй бие хүн болон бүлэг бие хүн бүхнийг чадагчид хэзээ ч байгаагүй, байж ч болохгүй хэмээн хэлэх гэж Бисмарк боджээ. Үүнд харин ямар ч эргэлзээ алгаа.
Гэхдээ тэдний бүхнээс хүчирхэг бус ч гэсэн хүч чадал юунаас хамаарч, ямар нөхцөл байдалд тэрээр нэмэгдэж, ямар нөхцөл байдалд буурдаг вэ гэдгийг бид мэдмээр байна. Энэ асуултанд Бисмарк ч, түүний үгийг иш татаж түүхийг үзэх “универсаль” үзлийг хамгаалагч эрдэмтэн ч, аль аль нь хариулж чадаагүй.
Лампрехт бас зарим нэг нэлээд ухаалаг ишлэлүүдийг хэлсэн л дээ.* Жишээ нь, тэрээр Францын орчин үеийн түүхийн ухааны нэг томоохон төлөөлөгч болсон Моно-гийн дараах үгийг иш татаж байна. Үүнд: “Түүхчид хүн төрөлхтний хөгжлийн үнэхээр сонирхолтой зайлшгүй хэсэг, – хууль гэж үзэн нарийвчлан шинжилбэл зохих тэр хэсгийг тогтоож буй эдийн засгийн нөхцөл ба нийгмийн байгууламжуудын удаан бөгөөд нүсэр их хөдөлгөөнийг дүрслэн гаргахын оронд хүний үйл ажиллагааны гялалзсан, цууд гарсан, түр зуурын илэрлүүдэд, их үйл явдал хийгээд их хүмүүс дээр гол анхаарлаа төвлөрүүлж сүрхий заншжээ. Үнэндээ бол чухал үйл явдлууд болон бие хүн маань дурдсан хөгжлийн янз бүрийн агшны бэлэг тэмдэг болж буй утгаараа л чухал юм, түүхийн гэж нэрлэгдэж буй ихэнх үйл явдлууд бол, тэнгисийн мандал дээр үүсээд, хурц гэрэл гарган түр зуур цацраад, улмаар элсэрхэг эргийг мөргөн, юу ч үлдээлгүйгээр эргэн буцдаг давалгаа нь таталт, түрэлтийн гүн гүнзгий агаад байнгын хөдөлгөөнд хамаардгийн адилаар, одоогийн түүхэнд хамаардаг юм” гэжээ. Моно-гийн эдгээр үг нэг бүрийг батлан зөвшөөрөхөд бэлэн байгаагаа Лампрехт зарлажээ. Германы эрдэмтэн францынхтай, францынх германыхтай санал нийлээд байхыг нэг их боддоггүй нь илэрхий шүү дээ. Тэгээд ч Бельгийн түүхч Пирэнн «Revue hіstоrіquе»**-дээ Моно-гийн түүхийн үзэл Лампрехтийн үзэлтэй тохирч байгааг сэтгэл хангалуунаар тэмдэглэсэн байна. «Энэ зөвшөөрөлцөө тун гайхамшигтай зүйл ээ. Ирээдүйд түүхийн тухай шинэ үзэл гарч ирнэ гэдгийг тэрээр баталж байна» гэж Пирэнн бичжээ.
* Бид Лампрехтийн түүх-философийн бусад өгүүллииг хамахгүй. “Исход на научно-исторических битв” “Будущее”.1897. N 44 гэдэг өгүүллийг нь авч үзэж байгаа юм. “Историческое обозрение”
** Түүхэн тойм

Y
Пирэнний энэ найдлагыг бид хүлээж авахгүй байна. Ирээдүйд Моно болон ялангуяа Лампрехтийнх шиг тийм тодорхой бус, баримжаагүй үзэл гарахгүй түүхийн шинжлэх ухааны чухал зорилт бол нийгмийн байгууллага ба эдийн засгийн нөхцлийг судлах ёстой гэж үзэж буй чиглэлийг хүлээж авахгүй байж болохгүй нь мэдээж хэрэг. Ийм хандлагыг бүрэн бэхжүүлсэн үед л энэ шинжлэх ухаан урагшаагаа хол явж чадна. Гэхдээ, нэгдүгээрт, энэ чиглэл бол шинэ юм гэж үзсэнээрээ Пирэнн алдаа гаргаж байна. Тэрээр түүхийн ухаанд бүүр ХІХ зууны хориод оны үед үүссэн билээ, Гизо, Минье, Огюстен Тьерри, улмаар Токвилль агаад бусад хүмүүс энэ чиглэлийн гарамгай бөгөөд тууштай төлөөлөгчид байсан юм, Харин Моно, Лампрехт нарын үзэл бол хуучин атлаа маш гайхамшигтай торгон эхийн сул дорой хуулбар л юм. Хоёрдугаарт, Гизо, Минье болон францын бусад түүхчдийн үзэл тухайн үедээ хичнээн гүн гүнзгий байлаа ч гэсэн олон зүйлийг тодруулж чадаагүй юм. Түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуултанд тэд оновчтой хийгээд бүрэн дүүрэн хариу өгч чадаагүй. Хэрэв түүхийн ухааны төлөөлөгчид судалгааныхаа зүйлийг өрөөсгөлөөр үздэгээ больвол энэ ухаан уг асуудлыг шийдэж чадна. Энэ асуултыг ч гэсэн сайнаар шийдэх урсгал ирээдүйд ноёрхох болно.
Гизо, Минье болон энэ чиглэлийн бусад түүхчдийн үзэл бол арван наймдугаар зууны түүхийн үзлийн хариу мөн бөгөөд уг үзлийн антитез нь юм. Арваннаймдугаар зуунд түүхийн философи эрхэлж байсан хүмүүс бүх зүйлийг бие хүний ухамсартай үйл ажиллагаа болгон үзэж байлаа. Тэгэхдээ ерөнхий байдлаас ялгарсан онцгой зүйл ч тэр үед байсан л даа. Жишээ нь, Вино, Монтескье, Гердер нарын философи-түүхийн үзэл тун өргөн байсан юм. Гэвч онцгой зүйлийн тухайд бид яриагүй байна. Арваннаймдугаар зууны сэтгэгчдийн асар олонхи нь түүхийг яг л бидний дээр хэлсэн шигээр үзэж байлаа. Энэ хувьд жишээ нь эдүгээ Маблигийн түүхийн зохиолуудыг үзэхэд тун сонирхолтой юм. Маблигийнхаар бол Минос критуудын нийгэм-улс төрийн амьдрал, зан суртахууныг бүхэлд нь бий болгосон бөгөөд Ликург Спартад мөн л ингэж үйлчилсэн гэнэ. Спартчууд материаллаг баялгийг “жигшин үздэг” байв, харин энэ бол «нутгийнхаа зүрхэнд нь хүртэл явж очоод баялагт шохоорхох шохоорхлын үр хөврөлийг тэнд нь дарж устгасан” Ликургийн ач байлаа. Хожим спартчууд мэргэн Ликургийн заасан замнаас гажсан бөгөөд энэ хэрэгт “шинэ цаг үе, шинэ нөхцөл байдал, шинэ дүрэм горим, шинэ бодлогыг шаарддаг” гэж тэднийг ятгаж үймүүлсэн Лизандр буруутай юм. Иймэрхүү үзлийн үүднээс бичсэн судалгаа шинжлэх ухаантай ер хавирахгүй бөгөөд зөвхөн ёс суртахууны “сургамж” гаргах гэсэн номлол шиг л бичигджээ. Тийм үзлийн эсрэг сэргэн мандалтын үеийн францын түүхчид босож тэмцсэн юм. ХYІІІ зууны сүүлээр болсон нүргээнт үйл явдлуудын дараагаар түүх бол харанхуй бүдүүлэг боловч дуулгавар сайтай олон түмэнд ямар нэг мэдрэмж, ойлголтыг хүслийнхээ дагууд итгүүлэн үнэмшүүлж чаддаг ямар нэг гарамгай, буянтай, гэгээрсэн бие хүний үйл хэрэг юм гэж бодох ямар ч аргагүй болжээ. Тэрчлэн түүхийн иймэрхүү философи хөрөнгөтний онолчдын ямаан омгийг бадраажээ. Хөрөнгөтний эмгэнэлт явдлууд үүсэхэд ХYІІІ зууны үед илрэн гарсан мэдрэмж энд нөлөөлсөн байна. Дашрамд хэлэхэд, Тьерри түүхийн хуучин үзэлтэй тэмцэхдээ хуучны гоо зүйн эсрэг Бомарше болон бусад хүмүүсийн дэвшүүлж байсан тэр л шалтгуудыг хэрэглэжээ.10 Түүхийн үйл явдлын явц хүмүүсийн дан ганц ухамсартай үйл ажиллагаагаар тодорхойлогддоггүй юм гэдгийг саяхан Францад болж өнгөрсөн хөдөлгөөн харууллаа; эдгээр үйл явдал бол байгалийн урсгал хүчний адил сохроор, гэхдээ гарцаагүй тодорхой хуулийн дагууд үйлчилж байгаа ямар нэгэн далд зайлшгүйгийн нөлөөгөөр өрнөж байна гэсэн санааг ганц энэ үйл явдал л төрүүлэх учиртай байв. Бидний мэдэхээр л бол одоо хүртэл хэн ч хараахан зааж хэлж чадаагүй тэр баримт-түүх бол хууль ёсны үйл явц мөн гэсэн шинэ үзлийг сэргэн мандалтын үеийн францын философичид францын хувьсгалын талаар бичсэн зохиолууддаа тууштай хэрэглэж байсан баримт онц чухал юм. Дашрамд, Минье, Тьер нарын зохиол ч тийм байлаа.11 Шатобриан түүхийн шинэ урсгалыг фаталист гэж нэрлэсэн юм. Тэрээр судлаачдын өмнө тулгарч буй зорилтыг тодорхойлж бичихдээ: “Энэ систем бол түүхч хүн хамгийн зэрлэг харгислалын тухай уур хилэнгүйгээр хүүрнэн, хамгийн эрхэм дээд сайн үйлтний тухай хайрлан магтахгүй ярьж, аливаа үзэгдлийг чухамхүү тийм байдлаар гарцаагүй өрнөхөд хүргэж байгаа няцаагдашгүй хуулийн зөвхөн илрэлийг л хүйтэн харцаар нийгмийн амьдралаас олж үзэхийг шаардаж байна»* гэжээ. Энэ буруу л даа. Шинэ урсгал бол түүхчээс хүйтэн харц шаардаагүй юм ! Тьерри улс төрийн хүсэл эрмэлзэл бол судлаачийн оюун ухааныг чиглүүлж, үнэнийг нээн гаргах хүчирхэг хэрэгслэл болж болох юм гэж шууд хэлсэн байна. Гизо, Тьер эсхүл Минье нар хөрөнгөтнөөс хар, шар язгууртантай хийсэн тэмцлийг ч, үүсэн төрж буй пролетари нарын шаардлагыг дарах гэсэн эрмэлзлэлийг ч халуунаар дэмжсэн гэдгийг тэдний түүхийн зохиолуудтай бага боловч танилцахад л олж үзэх болно. Харин дараах зүйл маргаангүй. Үүнд: Түүхийн шинэ урсгал ХІХ зууны хориод оны үед, өөрөөр хэлбэл, язгууртнууд хөрөнгөтөнд нэгэнт ялагдсан атлаа хуучин эрх ямбаныхаа аль нэгийг боловч сэргээх гэж оролдож агсан үед үүсчээ, ялалтандаа бахархсан хөрөнгөтөн ангийн ухамсар шинэ урсгалын түүхчдийн бүхий л санаа бодолд нөлөөлж байлаа. Хөрөнгөтнүүд рыцарийн нарийн мэдрэмжийн хувьд ямагт гавьдаггүй байсан учраас ялагдагсадтай тун хатуу харгис харьцах явдал тэдний эрдэмтэн төлөөлөгчдийн үзэлд заримдаа цухалздаг байв. Гизо маргаж бичсэн нэгэн Товхимолдоо “Lе plus fort absorbe le plus fаіЫе, et cela est de droit» (Хүчтэй хүчгүйгээ залгидаг, энэ бол шудрага хэрэг) гэж хэлсэн байдаг. Тэрээр ажилчин ангид ч үүнээс багагүй харгисаар хандсан юм. Тухайн үедээ дөлгөөхөн хайхрамжгүй байдлын хэлбэртэй байсан энэ зарчим Шатабрианыг төөрөгдөлд оруулжээ. Түүнээс гадна, түүхийн хдөлгөөний хууль ёсны нөхцөлдлийг яаж ойлгох учиртай вэ гэдэг тэр үед бүрэн тодорхой байсангүй. Эцэст нь хэлэхэд “шинэ сургаал бол хууль ёсны нөхцөлдлийн тухай үзлийг хатуу баримтлахыг эрмэлзэхдээ түүхийн гарамгай бие хүнийг бага анзаарсан учраас фаталист мэт санагдаж болохоор байлаа.** Арваннаймдугаар зууны үеийн түүхийн үзэл санаагаар хүмүүжсэн улс үүнтэй эвлэрэхэд хэцүү байв. Шинэ түүхчдийг бүх талаас нь олноороо шүүмжилж, үүнээс болж бидний хэлсэнч¬лэн, өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй маргаан дэгдсэн юм.
* Шатабрионы зохиолын бүрэн түүвэр Париж. 1860, ҮІІ боть, 58 дахь тал.
* Миньегийн «Францын хувьсгалыг түүх» номын ІІІ хэвлэлд зориулсан өгүүлэлдээ Сент-Бев бие хүнийг үзэх энэ түүхчийн үзлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: “Ард түмний өргөн агаад гүнзгий хөдөлгөөнийг тайлбарлан бичихдээ тэрээр бослогын үе дэх хамгийн ариун хүмүүс, хамгийн гарамгай суут хүмүүсийн хүч чадалгүй, өчүүхэн талыг нь ажиглаж, бие хүнийг өрөвдөн харамсаж, түүнийг дангаар нь авахдаа зөвхөн сул ядуу байдлаас өөр юуг ч олж хараагүй бөгөөд ард түмэнтэй нэгдэн нийлэхээс гадна тэрээр бодит үйл ажиллагаа өрнүүлэх чадвартай гэдгийг зөвшөөрсөнгүй» гэжээ.

Тьерийн «Францын хувьсгалын түүхийн» тав, зургадугаар боть хэвлэгдсэнтэй холбогдуулан Сент-Бев 1826 оны нэгдүгээр сард «Globe» сэтгүүлд бичихдээ: “Үйл явдалд шинэ хандлага олгохдоо өөрөө 6ас хэмжигдэшгүйгээр хувирдаг шинэ гэнэтийн хөдөлгөөн ихтэй хүчийг хүн дур зоргынхоо гэнэтийн шийдвэрийн дагууд ямар ч үед уг үйл явдлын хөдөлгөөнд оруулж болох юм» гэсэн байна.
Хүний дур зоргын «гэнэтийн шийдвэр» аливаа шалтгаангүй байдаг мэтээр Сент-Бев санасан гэж бодох хэрэггүй шүү. Тэгвэл сүрхий гэнэн хэрэг болно. Тэрээр нийгмийн амьдралд ямар нэг хэмжээний чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүний оюуны болон ёс суртахууны шинж чанар-түүний авьяас, мэдлэг, шийдэмгий ба шийдэмгий бус чанар, зориг зүрх, аймхай хулчгар зан г.м – энэ бүхэн үйл явдлын явц, төгсгөлд заавал мэдэгдэхүйцээр нөлөөлөх ёстой бөгөөд эдгээр шинж чанарыг ард түмний хөгжлийн зөвхөн ерөнхий хуулиар тайлбарлаад зогсох аргагүй, юу гэвэл эдгээр шинж чанар бол хувийн амьдралын санамсаргүй талууд гэж нэрлэж боломоор зүйлүүдийн нөлөөнөөс ихээхэн хамаарч бүрэлддэг гэж л хэлж байгаа юм. Мэдээжийн мэт санагдаж буй энэ санааг тайлбарлахаар хэдэн жишээ авъя.
Австрийн эзэмшлийг булаацалдсан дайнд12 францын цэрэг хэд хэдэн удаа гялалзсан ялалт хийсэн бөгөөд Франц улс Австриас одоогийн Бельгид багтаж буй нэлээд их нутгийг авчихаж болох л байв. Гэтэл XV Людовик үүнийг шаардсангүй, яагаад гэвэл түүний хэлснээр бол, тэрээр худалдаачин шиг байлдаагүй, харин хаан шиг байлджээ. Тэгээд ч Аахеэд болсон найрамдал францчуудад юу ч өгсөнгүй,13 гэтэл XV Людовик өөр зан ааштай хүн байсан бол, эсхүл түүний оронд өөр нэг хаан байсан бол Францын нутаг дэвсгэр нэмэгдэж, улмаар түүний цаашдын эдийн засаг, улс төрийн хөгжлийн явц ямар нэг байдлаар өөрчлөг¬дөж болох байсан билээ.
Долоон жилийн дайнд 14 Францын холбоотон нь Австри байлаа. Энэ холбоо хатагтай Помпадурын хүчтэй нөлөөгөөр бий болжээ. Бардам зантай Мария-Терезия түүнийг нэгэн захиандаа миний хамаатан буюу миний хүндэт найз (bien bonne amie) гэж нэрлэсэнд тэрээр тун их уярсан гэнэ. Ингээд үзэхэд, хэрэв XV Людовик нэлээд хатуу буюу эсхүл шадар хүмүүсийнхээ нөлөөнд бага ордог байсан бол хатагтай Помпадур үйл явдлын явцад тийм нөлөө үзүүлж чадахгүй байсан бөгөөд тухайн үйл явц өөр талаараа эргэх байсан бизээ.
Цаашилъя. Долоон жилийн дайнд Франц амжилт муутай оролцов.15 Түүний генералууд хэд хэдэн удаа ичгүүртэйгээр цохигдсон. Ер нь тэд их хачин ааш гаргацгаажээ. Ришель дээрэм хийж, Субиз, Брольи хоёр бие биендээ саад болж байв. Тухайлбал, Филленгуазены ойролцоо Брольи дайсныг атаклаж байхад, Субиз их бууны дуу сонссон атлаа туслалцаа үзүүлэхээр очсонгүй, уг нь очих л ёстой шүү дээ. Тийнхүү Брольи ухрахаас өөр аргагүй болжээ.* Үнэхээрийн авьяас чадваргүй Субизийг аанай л хатагтай Помпадур өмгөөлөлдөө авч байжээ. Тийнхүү хэрэв XV Людовик тачаал шуналаа захирдаг байсан бол, түүний шадар хүүхэн улс төрийн бодлогод оролцоогүйсэн бол хэрэг явдал Францад тийм муугаар өрнөхгүй ч байж болох билээ.
* Субиз бус, харин Брольи буруутай, яагаад гэвэл тэрээр ялалтын алдрыг хүнтэй хуваахыг хүсэлгуй цаадахыгаа хүлээгээгуй юм гэж зарим хүн хэлдэг. Бидэнд энэ ямар ч хамаагүй, энэ бол хэрэг явдлыг өөрчилж огт чадахгүй.
Франц улс европын эх газар дээр байлдах ер нь хэрэггүй байсан юм, харин бүх хүчээ тэнгис дээр төвлөрүүлж Английн халдлагаас колонио хамгаалах ёстой байв гэж Францын түүхэнд хэлцгээдэг. Гэвч Франц улс өөрөөр дайтсан ч гэсэн энд “эрхэм хүндэт найз” Мария-Терезияд долигонох гэсэн хатагтай Помпадур дахиад л буруутан болж таарна. Долоон жилийн дайны уршгаар Франц улс шилдэг колониудаа алдсан бөгөөд энэ нь түүний эдийн засгийн харилцааны хөгжилд сүрхий нөлөө үзүүлсэн юм. Энд эмэгтэй хүний нэрэлхүү зан эдийн засгийн хөгжлийн нөлөө бүхий “хүчин зүйл” болж харагдаж байна.
Өөр жишээ хэрэгтэй юу дээ. Илүү гайхалтай ч байж болох бас нэг жишээ авъя. Долоон жилийн дайы үед Австрийн цэргүүд Силезид оросуудтай нийлээд 1761 оны нэгдүгээр сард Штригуа-ийн ойролцоо Фридрихийг бүсэлжээ Фридрихийн байдал ноцтой хүндрэв, гэтэл холбоотнууд довтлохоо удаашруулснаар барахгүй генерал Бутурлин дайсныхаа хажууд 20 өдөр суучихаад, тэндээ австрийн генерал Лаудоныг дэмжихэд зориулж хүчнийхээ зөвхөн хагасыг нь орхиод өөрөө Селезээс бүүр явчихжээ. Лаудоны цэрэг Фридрихэд ойрхон байсан Швейдницийг авсан боловч, энэ нь ач холбогдлоор бага амжилт байлаа. Гэтэл Бутурлин арай илүү шийдэмгий байсан бол юу болох вэ? Лагертаа бэхэлгээ хийхээс нь өмнө холбоотнууд Фридрихийг дайрсан бол яах вэ? Тэд түүнийг бутцохиж, Фридрих ялагчдынхаа бүхий л шаардлаганд захирагдахаас өөр аргагүй болчихож мэдэх л байлаа, Энэ үйл явдал нь өөр нэг шинэ санамсаргүй тохиолдолд буюу эзэн хаан Елизавет нас барж, Фридрихэд ашигтайгаар нөхцөл байдлыг эрс өөрчлөхөөс хэдхэн сарын өмнө болжээ.16 Бутурлин арай илүү шийдэмгий байсан бол, эсхүл түүний оронд Суворов шиг хүн байсан бол юу болох байсан бэ?
Сент-Бев «фаталист» түүхчдийн үзлийг задлан судлахдаа бас л анхаарвал зохих өөр нэг санаа хэлсэн байдаг. Дээр бидний иш татсан Минье-ийн “Францын хувьсгалын түүхийн” тухай өгүүлэлдээ Сент-Бев францын хувьсгалын явц, төгсгөл нь түүнийг төрүүлсэн ерөнхий шалтгаан төдийгүй, түүгээр төрж гарсан хүсэл эрмэлзлэлээр, тэрчлэн нийгмийн үзэгдэл гэгчийн тоонд огт орохгүй ч байж мэдэх бөгөөд судлаачийн анхааралд өртөгдөхгүй өнгөрдөг олон тооны жижиг үзэгдлээр ч бас нөхцөлдөж байв гэдгийг нотолжээ “Эдгээр (ерөнхий) шалтгаан, (түүгээр төрж гарсан) эдгээр хүсэл эрмэлзэл үйлчилж байсан тэр үед байгалийн физикийн болон физиологийн хүчнүүд мөн л зүгээр байсангуй. Юу гэвэл, чулуу хүндийн хүчтэй хэвээрээ байж, цусны эргэлт үргэлжилсээр байв. Ухаандаа Мирабо чичрэг өвчнөөр үхээгүй, бол, Робеспьер санамсаргүй ойчсон туйпуу буюу цус харвалтаас болж үхсэн бол, сум Бонапартад туссан бол үйл явдлын явц өөрчлөгдөхгүй гэж үү дээ ? Үйл явдлын төгсгөл нэг л хэвийн байх байсан гэж та батална гэж үү? Миний гаргаж хэлсэнтэй адил өдий төдий олон санамсаргүйгийн үед уг төгсгөл таны зайлшгүй гэж үзэж байснаас шал өөрөөр өрнөж болох л шүү дээ. Иймэрхүү тохиолдол байж болно гэж хэлэх эрх надад 6айна, яагаад гэвэл, хувьсгалын ерөнхий шалтгаан ч гэсэн, эдгээр шалтгаанаас үүдэн гарсан хүсэл эрмэлзэл ч гэсэн тиймэрхүү тохиолдлуудыг үгүйсгэхгүй шүү дээ” гэж тэр бичсэн байна. Тэрээр цааш нь хэрэв Клеопатрын хамар арай богинохон байсан бол түүх тун ч өөрөөр өрнөх байсан гэдэг зартай илэрхийллийг дурдаад, төгсгөлд нь Минье-ийн үзлийг хамгаалж өөр олон зүйл хэлж болно гээд энэ зоxиогчийн алдаа чухам юунд байгааг заан хэлжээ. Үүнд, Минье өөр бусад олон жижиг, бүдэг, баригдашгүй шалтгаанаар бий болсон үр дүнг зөвхөн ерөнхий шалтгаанаар л тайлбарлаж байна гэнэ; дэг журам, тусгай хуульгүй л бол уг юм оршин байгааг түүний оюун ухаан зөвшөөрөн хүлээхийг хүсэхгүй мэт байна гэнэ.
YI
Сент-Бев иймэрхүү маягаар татгалзаж байгаа нь ямар үндэстэй вэ ? Түүнд зарим нэг үнэний хувь байх шиг байна. Энэ нь чухам юу вэ? Үүнийг тодорхойлохын тулд эхлээд хүн “өөрийнхөө дур зоргын гэнэтийн шийдвэрээр” үйл явдлын явцад шинэ хүчийг оруулж, түүнийг үлэмжхэн өөрчилж чадна гэдэг санааг авч үзье. Энэ санааг бидний бодлоор бол, нилээн сайн тайлбарлаж буй хэд хэдэн жишээг бид авсан билээ. Эдгээр жишээний талаар бодож үзье.
Людовигийн ноёрхлын үед Францад цэргийн хэрэг улам улмаар доройтсон гэдгийг бид мэднэ. Анри Мартэний тэмдэглэн хэлснээр бол Долоон жилийн дайны үед Францын цэрэг олон тооны янхан хүүхнүүд, худалдаачид, зарц нартай ороолдож, унах мориноосоо ачааныхыг хоёр дахин олныг хэрэглэж байсан бөгөөд Тюренн ба Густав-Адольфийн армитай бус, харин Дарии ба Ксеркийн цэргүүдтэй илүү төсөөтэй байжээ.* Архенгольц энэ дайны талаар бичсэн түүхэнд хэлэхдээ, харуулд томилогдсон франц офицерүүд итгэмжлэгдсэн байраа орхиж, хаа нэг газар айл хунараар орж бүжиглэхээр явах нь олонгой байсан бөгөөд зөвхөн хэрэгтэй гэж үзсэн буюу дуртай үедээ л дарга нарынхаа тушаалыг биелүүлдэг байлаа гэсэн байна. Цэргийн хэргийн ийм хөөрхийлэлтэй байдал нь армийн бүх дээд албан тушаалыг эзэлсэн тайж язгууртнуудын уналт, хурднаар эвдрэн доройтож байгаа бүхий л “хуучин дэглэмийн” ерөнхий нуралтаар нөхцөлдөж байв. Долоон жилийн дайн Францад ашиггүй өрнөхөд ганц энэ ерөнхий шалтгаан л ханталттай байлаа. Гэхдээ Францын армид учирсан ерөнхий шалтгаанаар нөхцөлдсөн иймэрхүү золгүй явдалд Субиз мэтийн авъяас чадваргүй генералууд улам л дөхөм үзүүлж байсан нь маргаангүй хэрэг. Тэгээд Субиз Помпадур хатагтайн ачаар тогтож байсан болохоор, алдар нэрэнд дуртай хатагтай хүн Долоон жилийн дайны үед ерөнхий шалтгааны улмаас Францад нөлөөлсөн таагүй нөлөөллийг үлэмж хүчтэй болгох “хүчин зүйлүүдийн” нэг нь болж байлаа гэдгийг зөвшөөрөх нь чухал.
Де-Помпадур хатагтай өөрөө бус, харин хааны засгийг дур зоргондоо захирснаараа хүчтэй байлаа. ХY Людовигийн зан ааш Францын нийгмийн харилцааны хөгжлийн ерөнхий явцын дагуу гарцаагүйгээр чухам л тийм байх байсан юм гэж хэлж болох уу ? Үгүй, энэ хөгжлийн мөн л тийм явцын үед түүний оронд ядахдаа эмэгтэй хүнд түүнээс өөрөөр ханддаг хаан сууж болох л шүү дээ. Бүдэг бөгөөд баригдашгүй физиологийн шалтгаант үйлчилгээ л үүнд хангалттай байлаа гэж Сент-Бев хэлэх биз. Тэр нь ч зөв байхсан. Гэхдээ хэрэв тийм бол физиологийн энэхүү бүдэг (сохор) шалтгаанууд Долоон жилийн дайны явц, төгсгөлд нөлөөлж, ингэснээрээ, ихэнх колониос нь Францыг Долоон жилийн дайн салгачихаагүй бол цаашдаа өөрөөр өрнөх байсан түүний эдийн засгийн хөгжилд ч нөлөөлжээ. Энэ дүгнэлт маань нийгмийн хөгжлийн зүй тогтолт явцын тухай ойлголтонд харшлах уу гэсэн асуулт гарна.
*«Францын түүх». 4 дэх хэвлэл, XV боть, 520-521 дэх тал
Үгүй, огт харшлахгүй. дээр дурдсан тохиолдлуудад хувийн онцлог нөлөөлж буй нь эргэлзээгүй, түүний хамт энэ нөлөө зөвхөн тухайн нийгмийн нөхцөлд л өрнөх нь бас эргэлзээгүй. Росбах-д болсон тулалдааны дараа францчууд Субизийг өмгөөлөлдөө авагч хатагтайд айхавтар их дургүйцэцгээжээ. Хатагтай Помпадурд өдөр болгон доромжлол сүрдүүлгээр дүүрсэн нууц нэртэй захидал олноороо ирж байв. Энэ нь уг хатагтайг сүрхий сандаргажээ; түүний нойр нь хүрэхээ больсон гэнэ.* Гэвч тэрээр Субизийг дэмжсээр л байв. Тэрээр 1762 онд түүнд бичсэн нэг захиандаа хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлсэнгүй гэдгийг тэмдэглээд “гэхдээ айх хэрэггүй, дажгүй, таны ашиг сонирхлын талаар би анхаарал тавина, таныг хаантай эвлэрүүлэхийг оролдъё»** гэж хэлсэн байна. Хараач, олон түмний санаа бодлыг тэрээр харгалзсангүй Яагаад харгалзсангүй вэ? Тэр үеийн францын нийгэм түүнийг буулт хийтэл албадах бололцоогүй байжээ. Тэр үеийн францын нийгэм чухам яагаад үүнийг хийж чадсангүй вэ? Францын тэр үеийн нийгмийн хүчний харьцаанаас хамаарч байсан зохион байгуулалт үүнд саад болжээ. Ингэхлээр XV Людовикийн зан төрх, Францын хувь заяанд түүний нууц амраг гунигтай нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдал бол эцсийн дүндээ эдгээр хүчний харьцаагаар тайлбарлагдаж байгаа юм. Эм хүйстэнд хаан нь сүнсгүй дуртай бус, харин, түүний тогооч юмуу адууч нь дуртай байсан бол тэрээр түүхийн хувьд ямар ч учир холбогдолгүй байхсан билээ. Энд учир явдал дур тачаалд бус, харин энэ дур тачаалд идэгдсэн хүний нийгмийн байдалд байна. Энэ санааг дээр дурдсан бүх жишээнд хэрэглэж болох юм гэдгийг уншигч ойлгож байгаа бизээ. Энэ санаан дотроос хөдөлж болох тэр хэсгийг нь л өөрчлөх хэрэгтэй, ухаандаа, Францын оронд Оросыг, Субизийн оронд Бутурлиныг тавиад үзэх хэрэгтэй. Иймээс бид түүнийг давтахаа больё.
* «Хатаrтай де-Госсэ-ийн дурдатгал» Париж. ]924. 181 дэх тал.
** Хатагтай де-Помпадурын захидал. Лондон. 1772. 1 боть.

Бие хүний зан чанарын онцлог нийгмийн хувь заяанд нөлөөлж болох нь ээ. Түүний нөлөө заримдаа үлэмжхэн хэмжээтэй байж болно, гэхдээ энэ нөлөөний бололцоо ч гэсэн, түүний хэм хэмжээ ч гэсэн нийгмийн зохион байгуулалт, нийгмийн хүчний харьцаагаар тодорхойлогдоно. Нийгмийн энэ харилцаа бие хүнд хаана, хэзээ, ямар боломж олгож байгаа тэр газар, тэр цагт, тэр нөхцөлд бие хүний зан чанар нийгмийн хөгжлийн “хүчин зүйл” болж чадна.
Хувийн нөлөөний хэмжээ бас бие хүний авьяас чадвараас ч гэсэн хамаардаг гэж хэлцгээх биз. Бид бас тэгж бодож байна. Гэхдээ бие хүн бол нийгэмд зохих байр суурь олж авсан зөвхөн тэр үед л авьяас чадвараа илрүүлж чадна. Францын хувь заяа яагаад аливаа авьяас чадвар байхгүй, нийгэмд үйлчлэхдээ дургүй хүний гарт орсон бэ? гэвэл түүний нийгмийн зохион байгуулалт ийм байлаа. Авьяас чадвартай буюу эсхүл байхгүй бие хүний тухайн үеийн үүрэг, ингэхлээр, нийгмийн учир холбогдол нь мөн энэхүү зохион байгуулалтаар тодорхойлогддог юм.
Гэхдээ хэрэв бие хүний үүрэг нийгмийн зохион байгүулалтаар тодорхойлогддог юм бол эдгээр үүргээр нөхцөлддөг тэдний нийгмийн нөлөө нийгмийн хөгжил зүй тогтолтой байдаг тухай ойлголтонд ямар нэг байдлаар харшилж байна уу? Энд ямар нэг харшлал байхгүй төдийгүй энэ нөлөө бол уг ойлголтын хамгийн тодорхой илэрхийллийн нэг юм.
Гэвч энд дараах зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. Бие хүний нийгмийн нөлөөний бололцоо нийгмийн зохион байгуулалтаар нөхцөлддөг учраас улс түмний түүхийн хувь заяанд санамсаргүй гэгчийн үзүүлэх нөлөөний үүд хаалгыг нээдэг юм. ХҮ Людовикийн сул тал бол түүний организмын зохион байгуулалтын гарцаагүй үр дагавар мөн. Гэхдээ Францын хөгжлийн ерөнхий явцын хувьд бол энэ төлөв байдал санамсаргүй юм. Гэлээ ч гэсэн дээр бидний хэлсэнчлэн энэ төлөв байдал Францын цаашдын хувь заяанд нөлөөлж, энэ хувь заяаг нөхцөлдүүлэгч шалтгааны тоонд орсон билээ. Харин Мирабо-ийн үхэл өвчин эмгэгийн зүй ёсны процессоор нөхцөлдсөн байв. Гэхдээ энэ процесс зайлшгүй болсон нь Францын хөгжлийн ерөнхий явцаас огт хамаараагүй, харин алдарт уран илтгэгчийн өөрийнх нь организмын зарим нэг онцлогоос, өвчин халдах үеийн бие бялдрын нөхцлөөс хамаарсан юм. Францын ерөнхий хөгжлийн хувьд бол эдгээр онцлог нөхцөл зэрэг нь санамсаргүй юм. Гэлээ ч гэсэн Мирабо-гийн үхэл хувьсгалын цаашдын явцад нөлөөлж, уг явцыг нөхцөлдүүлэгч шалтгааны тоонд орсон юм. Зөвхөн шийдэмгий бус Бутурлины ачаар туйлын хүнд байдлаас гарсан II Фридрихийн жишээн дээр санамсаргүй шалтгаан тун гайхмаар үйлчилж байна. Орос орны хөгжлийн ерөнхий явцын хувьд Бутурлины үүрэг бидний хэлж байгаа тодорхой утгаар бол санамсаргүй байж болох бөгөөд Пруссын хөгжлийн ерөнхий явцын хувьд бүүр ч ямар ч хамаагүй юм. Гэлээ ч гэсэн Бутурлины шийдэмгий биш чанар Фридрихийг хүнд байдлаас гаргасан гэхэд болохгүй гэх учиргүй билээ. Хэрэв Бутурлины оронд Суворов байсансан бол Пруссын түүх өөрөөр ч өрнөх ч байсан юм бил үү. Улсын хувь заяа заримдаа хоёрдугаар зэргийн санамсаргүй гэж хэлж болох санамсаргүйгээс ч хамаарахад хүрдэг ажээ.
“In allem Endlichen ist ein Element des Zufalljgen” (Төгсгөлтэй бүхэнд санамсаргүйн элемент бий) гэж Гегель хэлжээ. Шинжлэх ухаанаар бид зөвхөн “төгсгөлтэйг л” судалдаг; иймээс шинжлэх ухааны судалдаг бүх процессуудад санамсаргүйн элемент бий гэж хэлж болно. Энэ нь үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх бололцоог үгүйсгэх үү? Үгүй. Санамсаргүй бол ямар нэг харьцангүй зүйл мөн. Тэрээр зөвхөн зайлшгүй процессуудын сүлжээн дээр гарч ирдэг юм. Америкт европчууд хүрч ирсэн нь Мексик болон Перугийн оршин суугчдын хувьд санамсаргүй зүйл байлаа, учир нь энэ үйл явдал тухайн орнуудын нийгмийн хөгжлөөс гарч ирээгүй юм. Гэхдээ дундад эриний сүүлээр баруун европчуудыг эзэмдэж гүйцсэн тэнгисийн аяныг шохоорхох явдал бол тохиолдлын зүйл биш байв; европчуудын хүч уугуул нутгийнхны эсэргүүцлийг хялбархан дарсан нь ч санамсаргүй хэрэг бишээ. Мексик, Перуг европчууд байлдан дагуулснаас гарсан үр дагавар ч санамсаргүй бусаа; энэ үр дагавар бол, эцсийн эцэст, нэг талаас эзлэгдсэн орны эдийн засгийн байдал, нөгөө талаас, эзлэгчдийн эдийн засгийн байдал гэсэн тэнцүү үйлчилгээтэй хоёр хүчнээр тодорхойлогджээ. Эдгээр хүч болон тэдний тэнцүү үйлчилгээг нь шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж болох юм.
Долоон жилийн дайны үед гарсан санамсаргүй тохиолдлууд Пруссын цаашдын түүхэнд их нөлөө үзүүлжээ. Хэрэв эдгээр санамсаргүй Пруссын хөгжлийн өөр нэг шатан дээр гарч ирсэн бол үүнээсээ нэн өөр нөлөө үзүүлэх байсан бизээ, санамсаргүйгийн үр дагавар энд ч гэсэн нэг талаас, Пруссын нийгэм-улс төрийн төлөв байдал, нөгөө талаас, түүний хөгжилд нөлөөлж байгаа европын орнуудын нийгэм-улс төрийн байдал гэдэг тэнцүүхэн үйлчлэгч хоёр хүчээр тодорхойлогджээ Ингэхлээр энд ч гэсэн санамсаргүй бол үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс танин мэдэхэд ямар ч саад болохгүй байна.
Бие хүн нийгмийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж болох бөгөөд харин энэ нөлөө нь уг нийгмийн дотоод байгууламж, өөр бусад нийгэмд харьцах түүний харьцаагаар тодорхойлогддог. Гэхдээ түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуудал үүгээр дуусчихгүй ээ. Бид уг асуудлыг бас өөр нэг талаас нь авч үзэх хэрэгтэй.
Францын хувьсгал бол Сент-Бевийн өөрийнх нь гаргаж хэлсэн өдий төдий бага сага, бүдэг балархай шалтгаануудаас хамааран бидний одоо мэдэж байгаагаас шал өөрөөр төгсөж болох байсан гэж мань хүн бодож байна. Гэтэл физиологийн болон психологийн жижиг шалтгаанууд ямар ч байдлаар нэгдэн сүлжилдлээ гэсэн Францын хувьсгалыг төрүүлэн гаргасан нийгмийн аугаа их хэрэгцээг ямар ч тохиолдолд арилгаж чадахгүй билээ; энэ хэрэгцээ хангагдаагүй байгаа цагт Франц дахь хувьсгалт хөдөлгөөн зогсох учиргүй байв. Энэ хувьсгалт хөдөлгөөний төгсгөлийг жинхэнэ өрнөснөөс нь шал өөр болгоё гэвэл эдгээр хэрэгцээг өөр, шал өөр хэрэгцээгээр солих хэрэгтэй бизээ; гэтэл бага сага шалтгаануудын ямар ч хослол ийм юманд хэзээ ч хүргэж чадахгүй.
Францын хувьсгалын шалтгаанууд нийгмийн харилцааны шинж тэмдгээс хамаарч байсан бөгөөд харин Сент-Бевийн хэлээд байгаа жижиг сажиг шалтгаанууд нэг хүний зөвхөн хувийн онцлогт л үндэслэдэг юм. Нийгмийн харилцааны эцсийн шалтгаан үйлдвэрлэх хүчний төлөв байдалд оршино. Нэг тодорхой хүн техникийн нээлт, зохион бүтээлт, төгөлдөржүүлэлтийг санаачлах ямар нэг хэмжээний авъяастай байгаа тэр утаар л нийгмийн харилцаа нэг хүний хувийн онцлогоос хамаардаг юм. Сент-Бев бол үүнээс өөр онцлогуудыг хэлж байгаа юм. Харин өөр бололцоо бүхий бусад онцлогуудын хувьд гэвэл тэр нь үйлдвэрлэх хүчний төлөв байдал, ингэхлээр, түүгээр нөхцөлдсөн нийгмийн харилцаа, өөрөөр хэлбэл, эдийн засгийн харилцаанд нэг хүнээс шууд үзүүлэх нөлөөг хангаж чаддаггүй юм. Үйлдвэрлэх хүчний тухайн төлөв байдалд нэгэнт тохирч байгаа тухайн эдийн засгийн харилцааг ямар ч онцлог бүхий бие хүн арилгаж чадахгүй. Гэхдээ бие хүний хувийн онцлог бол эдийн засгийн тэрхүү харилцааны үндсэн дээр үүсэж байгаа нийгмийн хэрэгцээг хангахад, эсхүл тийм хэрэгцээний эсрэг үйлчлэхэд зохимжтой байж болох юм. XVIII зууны Францын нийгмийн тулгамдсан хэрэгцээ нь улс төрийн хуучирсан байгууллагуудыг эдийн засгийн шинэ байгуулалд илүү тохирч буй өөр байгууллагаар солих явдал байлаа. Энэхүү тулгарсан хэрэгцээг хангахад бусдаасаа илүү нөлөөлж чадах чухам тэр хүн л тэр үеийн нийгмийн гарамгай бөгөөд үр ашигтай зүтгэлтэн болж чадна. Мирабо, Робеспьер, Бонапарт нар тийм хүмүүс байлаа гэж бодъё л доо. Хэрэв гэнэтийн үхэл Мирабог улс төрийн тавцангаас зайлуулаагуй бол юу болох байсан бэ? Үндсэн хуульт хаант улсын нам үлэмжийн хүчтэй хэвээрээ байж, бүгд найрамдахчуудад улам шаргуу эсэргүүцэл үзүүлэх байсан бизээ. Үүнээс цаашаа гарахгүй. Тэр үед бүгд найрамдахчуудын ялалтыг ямар ч Мирабо урьдчилан зайлуулж чадахааргүй байлаа. Түүнд итгэсэн ард түмний итгэл, дэмжлэгэнд Мирабогийн хүч чадал суурилж байлаа, гэтэл ард түмэн бүгд найрамдах улсыг хүсэж байв, учир нь ордон хуучин байгууллыг шулуухан өмтгөөлж байснаараа ард түмний дургүйг хүргэжээ. Бүгд найрамдах улсыг гэсэн ард түмний хүслийг Мирабо дэмжихгүй байна гэдгийг ард түмэн өөрөө олж мэдмэгцээ Мирабог дэмжихээ болих бөгөөд, тэгвэл тэр их уран илтгэгч аливаа нөлөөгөө алдаж, саатуулах гэж дэмий л оролдож байсан тэр хөдөлгөөнийхөө золигт гарах байсан бизээ. Робеспьерийн тухайд мөн л иймэрхүү юм хэлж болно. Тэрээр нам дотроо сольшгүй том хүч болж байжээ гэж бодъё. Гэхдээ яалаа ч гэсэн тэрээр намын гав ганцхан хүч биш л дээ. Ухаандаа 1793 оны нэгдүгээр сард Робеспьерийг санамсаргүй унасан тоосго алжээ гэвэл, түүний орыг түүнээс бүхий л талаараа доогуур байж болох ч гэсэн хэн нэгэн хүн заавал нөхөж, үйл явдал цаашдаа Робеспьерийн үед өрнөж байсан тэр л чиглэлээр явах байсан бизээ. Жишээлэхэд, ийм үед жирондистууд ч гэсэн ялагдах байсан биз; гэхдээ Робеспьерийн нам арай эрт засгийн эрхээ алдаж болох байсан бөгөөд энэ учраас эдүгээ термодор сарын бус, харин флориаль, юмуу прериаль эсхүл мессидор сарын харгислал гэж ярьж байх байсан байж мэдэх л юм.18 Робеспьер аргацаашгүй харгислал өрнүүлснээрээ намынхаа уналтыг саатуулж чадаагүй, харин ч түргэсгэсэн юм гэж зарим хүн хэлж болох л юм. Энэ таамаглалыг бид энд тодорхой авч үзэхгүй, харин бүрнээ үндэстэй зүйл гэж бодоод шууд хэрэглэе. Тэгвэл Робеспьерийн нам термидор сард бус, харин фрунтидор сар юмуу, вандемьер, эсхүл брюмер сард унах байсан гэж хэлж болно. Товчоор хэлэхэд, эрт орой алин боловч энэ уналт заавал болох ёстой байлаа, яагаад гэвэл энэ намын тулгуур болж байсан ард түмний давхраа удаан ноёрхох ямар ч бэлтгэлгүй байлаа. Робеспьерийн эрчимтэй дэмжлэгээр “шал өөр” үр дүн гарч чадахгүй байсан билээ.
Ухаандаа, Арколе-гийн орчим болсон тулалдаанд Бонапарт алагджээ гээд үзсэн ч шал өөр үр дүн гарч чадахгүй байсан юм. Италид болон өөр бусад газар болсон аян дайнд түүний хийсэн зүйлийг өөр бусад генералууд ч хийж болох байлаа. Тэгэхдээ тэдгээр генералууд түүн шиг их авьяас чадвар гаргаж, түүн шиг гялалзсан ялалт хийж чадахгүй байж мэдэх юм. Гэхдээ л францын бүгд найрамдах улс тэр үеийн дайнд яалаа ч гэсэн ялах л байлаа, учир нь түүний цэрэг европын бусад орныхтой зүйрлэшгүй чадамгай байлаа. Брюмерийн 18.20 ба францын дотоод амьдралд үзүүлсэн түүний нөлөөний хувьд гэвэл, үйл явдлын ерөнхий явц, төгсгөл чухамдаа Наполеоны үеийнх шиг л байх байлаа. Термодор сарын 9-нд үхэдхийн шархадсан Бүгд найрамдах улс аажмаар амьсгал хурааж байв. Директори нь21 дээд давхрааны ноёрхлоос ангижирсан хөрөнгөтний бүхий л хүсэл мөрөөдөл болсон дэг журмыг сэргээн босгож чадсангүй. Дэг журмыг сэргээхэд Сийэсийн хэлсэнчлэн “сайн сэлэм” хэрэгтэй байлаа. Генерал Жyбер л сайн сэлэм болж чадна гэж эхлээд бодоцгоожээ, гэтэл түүнийг Нови-ийн ойролцоо алагдахлаар Мора, Макданальд, Бернадотт нарын тухай шуугих болов. Бонапартийг бүүр сүүлд нь оруулж байв; гэтэл тэрээр Жуберийн нэг адилаар алагдсан бол түүнийг өөр ямар нэг “сэлэмний” урьд тавьж хэзээ ч ярихгүй байсан бизээ. Үйл явдлын эрхээр диктатор болсон хүн засгийн эрхийн төлөө цуцалтгүй тэмцэж, өөртөө саад болж байгаа бүхнийг хайр найргүй дарж, эрчимтэйгээр шахан зайлуулах ёстой болсон нь аргагүй хэрэг. Бонапарт төмөр мэт эрчим хүчтэй хүн бөгөөд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юуг ч энэрээгүй юм. Гэвч тэр үед эрчимтэй авьяастай, алдар хөөсөн, хувиа бодогчид түүнээс гадна зөндөө л байсан юм. Түүний олж эзэлсэн байр суурийг өөр нэг хүн олох л учиртай байлаа. Тэгэхдээ энэ сууринд суусан хэн нэг генерал Наполеоноос илүү энхийг эрхэмлэдэг бөгөөд бүх европыг өөрийнхөө эсрэг босгохгүйгээр ариун Елена арал дээр бус, харин Тюльерид22 үхсэн гэж бодъё. Тэгвэл, Бурбончууд францад эргэж ирж ер чадахгүй байсан, ийм үр дүн бол жинхэнэ болсноос “шал өөр” байх биз. Гэхдээ Францын бүхий л дотоод амьдралын хувьд тэрээр жинхэнэ байдал дахь үр дүнгээс нэг их ялгагдахгүй бизээ. “Сайн сэлэм” маань дэг журмыг сэргээж, хөрөнгөтний ноёрхлыг хангасныхаа дараагаар хуарангийн дадал, балмад үзэл үйлдлээрээ нэг их удахгүй аанай л хөрөнгөтнийхөө дургүйцлийг төрүүлэх байлаа. Тэгэхэд сэргэн мандалтын үеийнх шиг либераль хөдөлгөөн эхэлж, “сайн сэлэм” бууж өгөхдөө дургүй учраас шатан оволзох байв, тэгвэл Луи Филипптэн амраг садныхаа хаан ширээнд 1830 онд бус, харин 1820 онд юмуу, 1825 онд залрах байлаа. Үйл явдлын явц дахь ийм өөрчлөлт цаашдаа европын улс төрийн ба түүгээр дамжин эдийн засгийн амьдралд зарим талаараа нөлөөлөхөөр байв. Гэхдээ л хувьсгалын хөдөлгөөний бүрэн төгсгөл ямар ч байлаа гэсэн жинхэнэ төгсгөлөөсөө “шал өөр” байж чадахгүйсэн, нөлөө бүхий бие хүмүүс бол оюун ухаан, зан чанарынхаа онцлогийн улмаас үйл явдлын салангид нүүр царай, түүний зарим нэг үр дагаврыг өөрчилж чадах боловч өөр бусад хүчээр тодорхойлогддог түүний ерөнхий хандлагыг өөрчилж чадахгүй юм.
YII
Түүнээс гадна дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Түүхэнд их хүмүүсийн гүйцэтгэх үүргийг авч үзэхдээ бид бараг л цаг ямагт зарим талаар эндүүрэн алдах явдал гардгийг уншигчид анхаарах нь чухал билээ.
Нийгмийн дэг журмыг авран хамгаалсан “сайн сэлэмний” үүрэг гүйцэтгэхдээ Наполеон уг үүргийг өөртэй нь адил л гүйцэтгэж чадах байсан тийм өөр бусад генералуудыг энэ үүргээс шахан зайлуулсан юм. Эрчим чадвар саитай цэргийн дарга л нийгмийн хэрэглээг хангах учиртай байсан болохоор цэргийн даргын энэ байранд хүрэх бусад бүх авьяастнуудын замыг нийгмийн олон арван байгууллага хаан боогдуулдаг байлаа. Нийгмийн байгууллагуудын хүч нь энэ мэтийн бусад авьяас чадвар илрэхэд хортой хүч болон хувирдаг байв. Үүний уршгаар бидний дээр дурдсан эндүүрэх алдаа гардаг юм. Наполеоны хувийн хүчин чадлыг бид туйлын дээд хэмжээгээр хэтрүүлж боддог, яагаад гэвэл уг хүч чадлыг дэвшүүлэн гаргаж, дэмжиж байгаа нийгмийн тэр бүх хүчнийг бид гагцхүү хувийн хүч чадалд хамааруулж санадаг. Энэ хүч чадал яахын аргагүй онцгой зүйл мэт санагддаг. Гэтэл үнэндээ түүнтэй адил бусад хүч чадал бололцооноос бодит байдалд орж амжаагүй байдаг юм. Тэгээд ч хэрэв Наполеон байгаагүй бол ямар байдалтай байх болдоо гэж хэлэхэд бидний төсөөлөл төөрөгдөлд орж, түүний хүч чадал, нөлөөний үндэс болж байсан нийгмийн тэр бүх хөдөлгөөн түүнгүйгээр өрнөж огт чадахгүй баймаар санагдаж эхэлдэг ажээ.
Харин хүн төрөлхтний оюуны хөгжлийн түүхийн хувьд бол нэгэн бие хүний ололт амжилт нөгөөгийнхдөө саад болж байсан нь зүйрлэшгүй ховор юм. Гэхдээ энэ тохиолдолд ч гэсэн бид аанай л дурдсан алдаа эндүүрэлд ордог. Нийгмийн тухайн байдал өөрийн оюун ухааныг илэрхийлэгчдийнхээ өмнө тодорхой зорилгыг дэвшүүлэн тавихад, эдгээр зорилтыг шийдэгдэн шийдэгдтэл гарамгай ухаантнууд түүнд татагдаж байдаг. Тэгээд энэ зорилтыг шийдэхээрээ тэдний оюун ухаан өөр зүйл рүү чиглэдэг. А гэгдэх авьяастан Х зорилтыг шийдсэнээрээ В гэдэг авьяастны анхаарлыг нэгэнт шийдэгдсэн энэхүү эорилгоос холдуулж, У гэдэг өөр зорилт руу хандуулдаг байна. Тэгээд, хэрэв А маань Х зорилтыг шийдэж дуусалгүй бие барсан бол яах вэ гэж биднээс асуухад, нийгмийн оюуны хөгжлийн явц тасрах байсан мэтээр бидэнд санагдана. А үхэх юм бол уг зорилтыг шийдэхээр В юмуу С, эсхүл Д оролдох ёстой байсан, ийнхүү А-д гэнэтийн үхэл тохиолдсон ч нийгмийн оюуны хөгжлийн явц тасрахгүй бүтнээрээ үлдэх байв гэдгийг бид энд анзаараагүй байна.
Аль нэг тодорхой авьяас чадвартай хүн түүнийхээ ачаар үйл явдлын явцад их нөлөө үзүүлье гэхэд хоёр болзол хангагдсан байх учиртай. Нэгд, тэрээр авьяас чадварынхаа ачаар тухайн эрин цагийнхаа нийгмийн хэрэгцээнд бусдаас илүү тохирч байх ёстой. Ухаандаа Наполеон цэргийн суут чанарынхаа оронд Бетховен шиг хөгжмийн авьяас билэгтэй байсан бол император (эзэн хаан) болж чадахгүйсэн билээ. Хоёрт, оршин байгаа нийгмийн байгуулал нь яг энэ үед л ашигтай бөгөөд хэрэгтэй байгаа тухайн онцлогийг эзэмшсэн бие хүний замд саад болох ёсгүй. Хэрэв хуучирсан дэг журам Францад далан таваас илүү жил оршоод дууссан бол энэхүү Наполеон эсвэл нэрд бага гарсан генерал, эсхүл хурандаа Бонапарт байсаар л үхэх бай¬сан билээ.*
* Наполеон хувьсгал гарахаас хэдхэн жилийн өмнө Орос руу явах гэж бодож байсан юм. Орос оронд очоод тэрээр туркуүд болон кавказынхантай тулалдаж гавъяа байгуулж болох авч, энэхүү ядуу агаад овоо авъяастай офицер аятай нөхцөл бүрдвэл ертөнцийн эзэн болж чадна гэж хэний ч санаанд орохгүй шүү дээ.
1789 он гэхэд Даву, Дэзэ, Мармон, Макдональд нар бага түрүүч; Бернадетт-хошууч-бага дарга; Лео, Марса, Лефевр Пишегрю, Ней, Maссceна, Мурат, Сульт нар унтер офицер; Ожеро-сэлмийн багш; Лани-будагчин; Гувион Сен Сир-жүжигчин; Журдан-түгээгч; Бессьер-үсчин; Брюн-үсэг өрөгч; Жюбер, Жюно нар хуулийн факультетийн оюутан; Клебер-уран барилгач байсан бөгөөд Мортье хувьсгалыг тулж иртэл цэргийн албанд ороогуй байв.*
Хэрэв хуучин дэглэм эдүгээ болтол оршиж ирсэн бол өнгөрсөн зууны сүүлээр Францад зарим нэг жүжигчин, үсэг өрөгч, үсчин, будагчин, хуульч, түгээгч, сэлэмний багш нар цэргийн авьяас чадварыг бололцоо маягаар агуулж байжээ гэж бидний хэний маань ч санаанд орохгүйсэн.**
Стандалийн хэлж байгаагаар бол Тициантай нэг зэрэг, өөрөөр хэлбэл, 1477 онд төрсөн хүн 1520 онд нас барсан Рафаэлтай, 1519 онд ,нас барсан Леонарда-де Винчтэй 40 жил амьдарч чадах байсан бөгөөд 1534 онд бие барсан Корреджио, 1563 он хүртэл амьдарсан Микель-Анджело нартай удаан хугацаанд ойрхон байж, Жиоржионийг үхэхэд 34 наснаас хэтрээгүй байж, Тинторегто, Бассано, Веронезе, Юдии Романо, Андрей де-Сарто нарыг мэддэг байх байв; ер нь нэг үгээр бол, хожим хойно бүхэл бүтэн зуун жилийн дараагаар гарч ирсэн Болоний урсгалд хамаарагдагчаас бусад бүх их уран зураачидтай нэг үеийнх байхаар байлаа.*** Яг үүний адилаар, Воуэрманнтай нэгэн жил төрсөн хүн Голландийн бараг бүх их зураачдыг таньж болох байсан**** ба, Шекспертэй чацуу хүн эмгэнэлт зохиол бичигч өдий төдий гайхамшигт хүмүүстэй ойролцоо амьдрах байсан гэж хэлж болно.
* Дюрюн. Францын түүх. Париж. 1893. II боть, 524-525
** ХY Людовикийн үед гуравдахь давхраанаас зөвхөн ганц хүн-Шевэр дэслэгч генерал болтлоо дэвшсэн юм. XYI Людовикийн үед энэ давхрааны хүмүүс цэргийн талаар ахихад улам ч хэцүү байжээ. (Рамбэ. Францын иргэншлийн түүх. YІ хэвлэл. II боть. 226 дахь тал)
*** Италийн уран зургийн түүх. Париж. 1821. 24-25 дахь тал
****Тербург, Броуэр, Рембрандт нар 1608 онд, Адрин-Ван Остадэ, Бот, Фердинанд Боль нар 1610 онд, Ван де Гельст, Жерар Доу нар 1613 онд, Метцу 1615 онд, Роуэрман 1620 онд, Вернакс Эвердинген, Пайнакер нар 1621 онд, Берген 1624 онд, Пауль Поттер 1625 онд, Ян Стеен 1638 онд, Рюнстель 1630 онд, Ван-дер-Гейдан 1637 онд, Гоббема 1638 од, Адрин Ван-де-Вельде 1639 онд тус тус төржээ.

Авъяас чадвар бол хөгжил хөдөлгөөнд нь аятай нөлөөлөх нийгмийн нөхцөл хаана, хэзээ оршин байна, тэр газар болгонд цаг ямагт гарч ирдэг юм гэдэг нь дээр үед мэдэгдэж байлаа. Энэ бол бодит байдлаар илэрч байгаа аливаа авьяас билэг, өөрөөр хэлбэл хэлбэл, нийгмийн хүч болсон аливаа авъяас билэг нь нийгмийн харилцааны үр дүн мөн гэсэн хэрэг. Чухам ийм учраас л авъяас билэг бүхий хүмүүсийн үйл явдлын ерөнхий хандлагыг бус, харин зөвхөн бодгаль хэсгийг нь л өөрчилж чадна гэж бидний хэлдэг ойлгомжтой байна; эдгээр авьяас билэг бол зөвхөн тийм онцгой хандлагын ачаар л оршин байдаг юм; хэрэв тэр хандлага байгаагүйсэн бол авьяас билэг маань бололцоог бодит байдлаас тусгаарлаж байгаа тэр босгыг хэзээ ч алхан давж чадахгүйсэн.
Авъяас билэг янз янз байдаг нь ойлгомжтой. “Иргэншлийн хөгжил дэх шинэ алхам урлагийн шинэ төрлийг шаардаж эхлэхэд нийгмийн сэтгэлгээг бүрэн төгс илэрхийлсэн нэг хоёр суут хүнийг тойрч, уг сэтгэлгээг хагас дутуу илэрхийлсэн авьяас билэгтэн олон арваараа гардаг юм”** гэж Тэн (хүний нэр- Д.Г) зөв зүйтэй хэлж байна. Хэрэв Италийн нийгэм-улс төрийн ба оюуны хөгжлийн ерөнхий явцтай хамаагүй механикийн ч бай, бие бялдрын ч бай ямар нэг шалтгаан Рафаэль, Микеланжело, Леонердо-да-Винчи нарыг бүүр бага насанд нь алсансан бол Италийн урлаг төгөлдөржилтийн хувьд хувьд бага байж болох авч, Сэргэн мандалтын үеийн түүний хөгжлийн ерөнхий хандлага тийм л байх байсан билээ. Рафаэль, Леонарда-да Винчи, Микеланжело нар энэ хандлагыг буй болгоогүй юм, харин түүнийг дээд зэргээр илэрхийлэгчид л байсан юм. Суут хүнийг тойрч бүхэл бүтэн урсгал үүсч, түүний шавь нар багшийнхаа аль нэг жижиг барилыг нь ч гэсэн эзэмшихийг хичээдэг л дээ, ийм учраас Рафаэль, Микеланжело, Леонарда-да-Винчи нар бага залуудаа нас баржээ гэвэл сэргэн мандалтын үеийн италийн урлагт дутуу зүйл гарч болох байсан ба энэ нь уг урлагийн цаашдын түүхэн дэх олон олон хоёрдугаар зэргийн онцлогуудад хүчтэй нөлөө үзүүлж болох л байлаа. Гэхдээ ямар нэг нийтлэг шалтгаанаар Италийн оюуны хөгжлийн ерөнхий явцад аль нэг чанарын өөрчлөлт гарахгүй л бол уг түүх чухамдаа өөрчлөгдөхгүй өрнөх билээ.
* “Нэгэн зэрэг буюу зулай даран төрж гарсан Шекспир, Бьюмонт, Флетчер, Жонсон, Чэбстер, Мэссинжер, Форд, Ме¬дультон, Гейвуд нар бол өмнөх үеийнхнийхээ хүчин чармайлгаар бэлтгэгдсэн хөрс суурин дээр дэлгэрэн цэцэглэсэн шинэ үе мөн” Тэн. Английн утга зохиолын түүх. Париж. 1863, 1 боть, 468 дахь тал.
** Тэн. Английн утга зохиолын түүх. Париж, 1863, 11 боть, 9 дахь тал.

Гэхдээ тооны өөрчлөлт чанарт шилждэг нь илэрхий, энэ бол хаана ч үнэн, тэгэхлээр, түүхийн салбарт ч үнэн. Хэрэв нөхцөл байдлын нааштай бус урсгал урлаг дахь тухайн хандлагыг илэрхийлж чадах авьяас билэг бүхий хэд хэдэн хүнийг дэс дараагаар нь авч одвол, уг хандлага гайхамшигтай сайхан илэрч чадахгүйгээр хоцорчихож болох л юм. Гэвч энэ хандлага авьяас билэгтнүүдийг дахин шинээр төрүүлж гаргаж чадахаар гүнзгий биш байгаа зөвхөн тэр тохиолдолд л суут хүмүүсийн гэнэтийн үхэл энэ хандлагын уран сайхны илэрхийлэлд саад болж болох юм. Утга зохиол, урлаг дахь аливаа тухайн хандлагын гүн гүнзгий нь сонирхлыг уг урлагаар илэрхийлж байгаа анги, давхрааны ач холбогдол, энэ анги давхрааны нийгмийн үүргээр тодорхойлогддог учраас энд ч гэсэн бүх зүйл эцсийн эцэст нийгмийн хөгжлийн явц хийгээд нийгмийн хүчнүүдийн харьцаанаас хамаардаг юм.
YIII
Ийнхүү, бидний яриад байгаа утгаар бол удирдах хүмүүсийн хувийн онцлог нь түүхийн үйл явдлын бодгаль хэсэг хийгээд гарч ирэх санамсаргүйн элементийг тодорхойлдог. Энэхүү хувийн онцлог бол эцсийн дүндээ ерөнхий шалтгаан гэгчээр, өөрөөр хэлбэл, чухамхүү үйлдвэрлэх хүчний хөгжил ба энэ хөгжлөөр нөхцөлддөг (үйлдвэрлэлийн нийгэм-эдийн засгийн явц дахь) хүмүүсийн хоорондын харилцаагаар хандлага нь тодорхойлогддог эдгээр үйл явцад зарим нэг үүргийг байнга гүйцэтгэдэг. Суут хүмүүсийн хувийн онцлог хийгээд санамсаргүй үзэгдлүүд бол гүн далд оршин байгаа ерөнхий шалтгаанаас хавьгүй илүү ил тод мэдэгддэг юм. Харин арван наймдугаар зууны түүхийг түүхт зүтгэлтнүүдийн ухамсартай зан авир, “хүсэл эрмэлзлэлээр” тайлбарлаж байгаагаараа энэ тухайд олигтой бодож үзээгүй юм. Ямар нэгэн өчүүхэн жижиг шалтгаанаас болж, жишээ нь хэн нэгэн залирхаг этгээдийн толгойд ямар нэгэн “атом” хөдөлснөөс болж түүх шал өөр замаар өрнөж болох юм гэж ХYІІІ зууны философчид мэтгэдэг энэ санаа “…Systeme de la nature” (Байгалийн систем) зохиолд нэг биш удаа дайралд¬даг.23
Ямар ч “атом” дайралдлаа гэсэн түүх энэ л явж байгаагаасаа өөрөөр өргөж болохгүй гэж түүхийн ухаан дахь шинэ чиглэлийг хамгаалагчид бас мэтгэх болсон юм. Ерөнхий шалтгааны үйлчилгээг аль болох тод томруун гаргах гэж оролдохдоо тэд түүхт зүтгэлтнүүдийн хувийн онцлогийн учир холбогдлыг анзааралгүй орхижээ. Тэдийнхээр бол нэг этгээд авьяас чадвараараа ялгаатай өөр нэг этгээдээр солигдоход түүхийн үйл явдал ёстой хумсын чинээ ч гэсэн өөрчлөгдөхгүй гэнээ. Тэгээд бид нэгэнт л ингэж бодож байгаа бол түүхэнд хувийн тал ямар ч учир холбогдолгүй, энд бүх зүйл гагцхүү ерөнхий шалтгаан, түүхийн хөдөлгөөний ерөнхий хуулиудын үйлчилгээ л юм гэж хэлэхээс аргагүй болох билээ. Гэтэл энэ бол эсрэг талынх нь үзэлд оршин байсан үнэний хувийг огт тоогоогүй хэтэрлэгэ байсан юм. Тийм ч учраас үүний эсрэг талын үзэл зарим нэг давуу талыг хадгалсаар байсан юм. Энэ хоёр үзлийн зөрчил бол (нэг дэх гишүүн)-ерөнхий хууль ба хоёр дахь гишүүн-(бие хүний) үйл ажиллагаа гэсэн хоёр гишүүнтэй антиномийн хэлбэртэй байв. Антиномийн хоёрдахь гишүүний үүднээс түүх бол санамсаргүйн ерийн гинжлэл мэтээр санагдаж байв, хоёрдахь гишүүний үүднээс түүхэн үйл явдлын бодгаль шинж чанар хүртэл ерөнхий шалтгааны үйлчилгээгээр нөхцөлддөг мэт санагдана. Тэгээд хэрэв үйл явдлын бодгаль шинж чанар ерөнхий шалтгааны нөлөөгөөр нөхцөлдчихөөд, түүхт зүтгэлтний хувийн шинжээс хамаардаггүй юм бол, эдгээр шинж тэмдэг ерөнхий шалтгаанаар тодорхойлогдож, тухайн зүтгэлтнүүд яаж ч өөрчлөгдлөө гэсэн огт хувирахгүй үлддэг байж таарах нь ээ. Ийнхүү тухайн онол фаталист шинж чанартай нь харагдана.
Тухайн онолыг эсэргүүцэгчид үүнийг бас олж мэджээ. Миньегийн түүхийн үзлийг Сент Бев, Боссюэ-ийн түүхийн үзэлтэй харьцуулан үзжээ. Түүхийн үйл явдлыг өрнөлтөнд оруулдаг хүч бол дээрээс гардаг ба уг үйл явдал тэнгэрийн хүсэл зоргийн илэрхийлэл байдаг юм гэж Боссюэ бодсон гэнэ. Минье энэ хүчнийг байгалийн давагдан дийлдэшгүй хүчтэй адилаар өрнөж буй түүхийн үйл явдалд илэрдэг хүний хүсэл эрмэлзэл дотроос эрж хайж байв гэнэ. Гэхдээ энэ хоёр хүн түүхийг ямар ч тохиолдолд яагаад ч өөрөөр байж болохгүй үзэгдлүүдийн гинжлэл гэж үзэж байлаа; тэд хоёулаа фаталист үзэлтэн; энэ хувьд философич хүн ламтай төстэй байдаг. (lе philosophe se rарр¬roche du рretrе)
Нийгмийн үзэгдлүүд хууль ёсны зохицолдоотой байдаг гэсэн сургаалийн дагуу түүхийн гарамгай зүтгэлтний хувийн онцлог үйл явдалд огт нөлөөлөхгүй гэж үзсээр байгаа цагт ийм зэмлэл үндэстэй хэвээрээ байсаар байх болно. Тэгээд ч энэ зэмлэл бол шинэ урсгалын түүхчид арваннаймдугаар зууны үеийн түүхч, философичдын нэг адилаар, түүхийн хөдөлгөөний бүхий л ерөнхий шалтгаан урган гарч, захирагдаж байдаг дээд зүйл нь хүний уг чанар юм гэж үзэж буй үед бүүрч хүчтэй сэтгэгдэл төрүүлэх болно. Түүхийн үйл явдал хүмүүсийн гав ганцхан ухамсартай зан авираар л нөхцөлдчихдөг юм биш гэдгийг францын хувьсгал харуулсан учраас Минье, Гизо болон тэдний чиглэлийн бусад эрдэмтэд ухамсрын аливаа хяналтыг ямагт таягдан хаядаг хүсэл эрмэлзлэлийн үйлчилгээг тэргүүн зэрэгт дэвшүүлсэн юм. Гэтэл хэрэв хүсэл, эрмэлзлэл л түүхийн үйл явдлын хамгийн эцсийн, хамгийн ерөнхий шалтгаан болдог юм бол францын хувьсгал бидний мэдэж байгаагаас эрс өөрөөр төгсөж болох байсан, Францын ард түмнийг догдлуулж байсан хүсэл эрмэлзлэлээс нь өөр хүсэл эрмэлзлэлийг тэдэнд ухааруулах зүтгэлтэн олдох л байлаа гэж хэлсэн Сент Бев яахаараа бурууддаг байна. Яагаад гэвэл, чухам хүний уг чанарын дагууд үзэхэд өөр бусад хүсэл эрмэлзлэл тэр үед францчуудыг догдлуулж чадахааргүй байлаа гэж Минье хэлэх байх л даа. Тодорхой утгаараа энэ ч зөв байж болох юм. Гэхдээ энэ үнэн сүрхий фаталист өнгөтэй байх болно, яагаад гэвэл, энэ нь хүн төрөлхтний түүхийн бүхий л талуудыг хүний уг чанар дахь ерөнхий шинж тэмдэг аль урдаас тодорхойлж байдаг гэсэн үндэслэлтэй адилхан байна. Фатализм энд бодьгаль чанарыг ерөнхийд уусган арилгасны үр дүн мэтээр харагдаж байна. Ер нь тэрээр ямагт л ингэж уусган арилгасны үр дүн байдаг юм. “Хэрэв нийгмийн үзэгдлүүд бүгдээрээ зайлшгүй юм бол бидний үйл ажиллагаа ямар ч ач холбогдол байхгүй нь ээ” гэцгээдэг. Энэ бол зөв санааг буруу томъёолж байгаа хэрэг. Хэрэв бүх зүйл ерөнхийгийн ачаар өрнөж байгаа бол нэгж зүйл, тэр дундаа миний хувийн чармайлт ямар ч ач холбогдолгүй ажээ гэж хэлэх нь зөв. Ийм дүгнэлт зөвөө, тэгэхдээ түүнийг буруу л ашиглацгаагаад байгаа юм. Нэгж зүйлийн байр суурийг ч зөвшөөрдөг түүхийг үзэх орчин үеийн материалист үзэлд энэ дүгнэлтийг хэрэглэвэл ямар ч утгагүй хэрэг болно. Тэгэхдээ тэрээр сэргэн мандалтын үеийн францын түүхчдийн үзэлд хэрэглэгдэх үндэстэй юм.
Одоо үед түүхийн хөдөлгөөний хамгийн эцсийн, хамгийн ерөнхий шалтгаан нь хүний уг чанар юм гэж үзэж нэгэнт болохгүй. Юу гэвэл хэрэв тухайн уг чанар хөдөлдөггүй гэвэл тэрээр нэн их хувирамтгай түүхийн явцыг тайлбарлаж чадахгүй, хэрэв тухайн уг чанар хувирч өөрчлөгддөг гэвэл түүний өөрчлөлт өөрөө түүхийн хөдөлгөөнөөр нөхцөлддөг нь илэрхий билээ. Хүн төрөлхтний түүхийн хөдөлгөөний хамгийн эцсийн, хамгийн ерөнхий шалтгаан нь хүмүүсийн нийгмийн харилцааны дэс дараалалтай өөрчлөлтийг нөхцөлдүүлдэг үйлдвэрлэх хүчний хөгжил юм гэдгийг одоо үед хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ ерөнхий шалтгааны зэрэгцээгээр онцгой зүйлийн шалтгаанууд, өөрөөр хэлбэл, тухайн ард түмний үйлдвэрлэх хүчний хөгжил дотор нь өргөж, өөрөө тэр ард түмний мөн л тэр хөгжлөөр, нэг үгээр хэлбэл, тэр ерөнхий шалттаанаар буй болсон тэрхүү түүхэн нөхцөл байдал бас үйлчилж байдаг юм.
Эцэст нь онцгой зүйлийн шалтгааны нөлөө бол нэгж шалтгааны үйлчилгээгээр, өөрөөр хэлбэл хэлбэл, нийгмийн зүтгэлтнүүдийн хувийн онцлог хийгээд бусад “санамсаргүйгээр” нөхөгдөж, үүний ачаар үйл явдал өөрийн бодгаль, (хувийн) шинж чанартай болдог юм. Нэгж шалтгаанууд бол тэдний өөрсдийнх нөлөөлөх хандлага, хязгаарыг тодорхойлдог ерөнхий ба онцгой зүйлийн шалтгаануудын үйлчилгээнд үндсэн өөрчлөлт оруулж чаддаггүй. Гэхдээ л түүхэнд нөлөөлж буй нэгж шалтгаан ийм маягийн өөр бусад шалтгаанаар солигдвол түүх маань өөр өнгө шинжтэй байх нь эргэлзээгүй юм.
Монто, Лампрехт нар одоо болтол, хүний уг чанарын тyхай үзлийг баримталсаар байна. Нийгмийн сэтгэл санаа л түүхийн үзэгдлийн үндсэн шалтгаан юм гэж Лампрехт нэг бyс удаа эрс тод хэлж байсан юм. Энэ бол том алдаа, тийм алдааны уршгаар “нийгмийн амьдралын бүхий л цогцолборыг” сэтгэл ухаандаа багтаах гэсэн онцгой ойворгон хүсэл бий болж, энэ нь агуулгагүй атлаа цатгалан эклектизмд хүргэнэ. Харин нэлээд тууштай хүмүүс энэ замаар явбал а Lа Каблицийн оюун ухаан ба мэдрэхүй харьцангуй ач холбогдолтой байдаг тухай санаанд л хүрнэ.
Гэвч авч үзэж буй зүйл рүүгээ эргэж оръё. Их хүн бол, түүний хувийн онцлог түүхийн аугаа их үйл явдлуудад бодгаль шинж чанарыг oлгoдгoopoо бус, харин тэрээр ерөнхий болоод онцгой шалтгааны нөлөөгөөр үүссэн тухайн цагийнхаа нийгмийн аугаа их хэрэгцээнд үйлчлэх онцлог чадварыг илүү эзэмшсэн байдгаараа суут байдаг юм. Карлейль баатруудын тухай зохиолдоо их хүмүүсийг эхлэгчид (Beqinners) гэж нэрлэжээ. Энэ тун ч оносон нэр. Их хүн бол чухамхүү эхлэгч мөн, яагаад гэвэл тэрээр бусдаас илүү алс харж, бусдаас илүү эрмэлзэж байдаг юм. Нийгмийн оюун санааны хөгжлийн урьд өмнөх явцаар тулгаран ирсэн шинжлэх ухааны ухааны зорилтыг тэр шийддэг; нийгмийн харилцааны урьд өмнөх хөгжлөөр буй болсон нийгмийн шинэ хэрэгцээг тэр зааж хэлдэг; эдгээр хэрэгцээг хангах санаачлагыг тэр өөрөө гаргадаг. Тэр бол баатар мөн. Гэхдээ тэрээр юмсын жам ёсны явцыг зогсоох буюу өөрчилж чадна гэдэг утгаар бус, харин түүний үйл ажиллагаа бол энэхүү зайлшгүй агаад ухамсаргүй явцын ухамсартай агаад чөлөөтэй илрэл юм гэсэн утгаар л баатар билээ. Үүнд түүний бүх ач холбогдол оршино, үүнд түүний бүх хүч чадал оршино. Гэхдээ энэ бол асар их ач холбогдол, зүрхшмээр их хүч чадал юм.
Үйл явдлын жам ёсны явц гэдэг маань юу вэ? Бид түүхийг бүтээж чадахгүй, түүний өрнөлтийг л хүлээх ёстой гэж Бисмарк хэлсэн. Гэтэл түүхийг хэн өрнүүлдэг юм бэ? Түүхийг нийгмийн хүн бүтээдэг, тэр бол түүхийн гав ганцхан “хүчин зүйл” мөн. Нийгмийн хүн бол өөрийнхөө, өөрөөр хэлбэл нийгмийнхээ харилцааг бүтээж байдаг. Гэхдээ тэрээр тухайн үед өөр ямар нэг бус, чухам тийм л харилцааг бий болгож байгаа бол тэр нь мэдээжийн хэрэг заавал шалтгаантай; энэ учир явдал үйлдвэрлэх хүчний төлөв байдлаар нөхцөлддөг. Энэхүү хүчний төлөв байдал нэгэнт тохирохгүй болсон ба эсвэл хараахан тохирох болоогүй байгаа харилцааг ямар ч их хүч нийгэмд тулган хүлээлгэж чадахгүй. Энэ утгаар тэрээр, нээрээ ч түүхийг бүтээж чадахгүй, энэ тохиолдолд тэрээр цагаа өөрөөр тавих нь дэмий хэрэг, юу гэвэл, тэрээр цагийн улирахыг хурдасгаж чадахгүй бөгөөд түүнийг хойш нь ухрааж чадахгүй. Хүчирхэгжлийнхээ ноён оргилд хүрээд байхдаа ч гэсэн Бисмарк Германыг натурал аж ахуй руу эгүүлэн оруулж чадахгүй байлаа гэж Лампрехт хэлж байгаа нь тун зөв юм.
Нийгмийн харилцаа өөрийн логиктой байдаг. Үүнд, хүмүүс чухамхүу тухайн харилцаанд байгаа цагт өөрөөр бус, харин чухамхүү тэгж л бодож, мэдэрч, авирлаж байх болно. Нийгмийн зүтгэлтэн энэ логикийн эсрэг тэмцэх нь мөн л дэмий хэрэг, юмсын жам ёсны явц, өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны энэхүү логик түүний бүхий л хүчин чармайлтыг няц дарах билээ. Гэхдээ хэрэв би үйлдвэрлэлийн нийгэм-эдийн засгийн явц дахь өөрчлөлтийг даган нийгмийн харилцаа аль тал руугаа хувирч байгааг мэдэж буй бол, нийгмийн санаа сэтгэл ямар хандлагаар хувирах вэ гэдгийг ч мэдэж байна; ингэхлээр, би түүнд нөлөөлөх бололцоотой юм. Нийгмийн сэтгэл санаанд нөлөөлнө гэдэг бол түүхийн үйл явдалд нөлөөлнө гэсэн үг. Тийм болохоор болохоор тодорхой утгаар би түүхийг бүтээж чадах бөгөөд түүний “өрнөн ирэхийг” хүлээгээд байх хэрэггүй юм.
Бие хүний ба үйл явдлын түүхэнд үнэхээр чухал байгаа зүйл бол эдийн засгийн нөхцөл, байгууллагуудын хөгжлийн дүр, билэг тэмдэг гэсэн утгаараа л чухал юм гэж Моно бодож байна. Энэ бол тун оновчгүй илэрхийлэгдсэн атлаа шударга үнэн санаа, яагаад гэвэл их хүмүүсийн үйл ажиллагааг дээр дурдсан нөхцөл ба байгууллагуудын “аажим хөдөлгөөнд” сөргүүлэн тавьж болохгүй. “Эдийн засгийн нөхцлүүд” удаан түргэн аль нэг хэмжээгээр өөрчлөгдөхдөө байгууллагуудаа удаан, түргэн аль нэг янзаар өөрчлөхөөс аргагүй байдалд нийгмийг үе үе оруулдаг юм. Ийм өөрчлөлт хэзээ ч “өөрөө аяндаа” өрнөчихдөггүй, тэрээр хүмүүсийн оролцоог ямагт шаарддаг бөгөөд ийнхүү, хүмүүсийн өмнө нийгмийн аугаа их зорилтууд тулгаран ирдэг. Эдгээр зорилтыг шийдэхэд бусдаасаа илүү их нөлөөлж буй тэр хүнийг их зүтгэлтэн гэж нэрлэдэг. Харин зорилтыг шийдвэрлэнэ гэдэг бол уг шийдэгдсэн зорилтын “дүр”, “билэг тэмдгийг” гаргана гэсэн үг биш.
Бидний бодоход Моно “удаан” гэдэг аятайхан үгээр хэт хөөцөлдсөнөөс дээрх байдлаар сөргүүлэн тавьсан болов уу. Орчин үеийн олон олон хувьслын үзэлтэн энэ үгэнд тун их дуртай байгаа юм. Сэтгэл зүйн хувьд энэ ч ойлгомжтой, юу гэвэл, намуухан нямбай байдлын аятайхан орчинд тэрээр зайлшгүй төрж гарч байгаа юм… Харин логикийн хувьд тэрээр, бүүр Гегелийн харуулсанчлан шүүмжлэл даахгүй билээ.
Тэгээд ч үйл ажиллагааны өргөн дардан талбай бол зөвхөн ганц “эхлэгчдэд” ч, зөвхөн ганц “их” хүмүүст ч нээлттэй байдаг юм бишээ. Энэ талбай бол хажуу дахиа харах нүдтэй, сонсох чихтэй, хайрлах сэтгэлтэй хүн бүхэнд нээлттэй байдаг юм. Аугаа их гэдэг харьцангуй ойлголт. Ёс суртахууны утгаар бол, шашны номын хэлээр хэлэхэд “ухаан бодлоо найздаа зориулдаг” хүн бүхэн агуу их юмаа.
ТЭМДЭГЛЭЛ
Г.В. Плехановын “Түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийн тухай асуудалд» зохиол «Научные обозрения» сэтгүүлийн 1898 оны № 3, 4-рт хэвлэгджээ. «За двадцать лет» гэдэг эмхтгэлд 1905, 1906, 1908 онуудад дахин хэвлэгджээ. Плехановын зохиолуудын YIII ботид орсон. Бид уг зохиолыг «Г.В.Плеханов Избранные философские произведениях номын II ботиос орчууллаа.
1. Каблицын энэ өгүүлэл «Неделя» хэмээх утга зохиол-улс төрийн сонины 1878 оны №2 6. 7-д нийтлэгджээ.
2. “Эрхэмсэг социологч” гэж Н. К. Михайловскийг хэлж байна.
3. Квиетизм-хүний бүх зан ааш тэнгэрийн хүсэл зоригоор тодорхойлогдоно гэж үздэг сургаал. ХYIII зууны сүүлчээр үүсчээ
4. Нецесоарианчүуд-Хүсэл зоригийн эрх чөлөөг үгүйсгэж, ёс суртахуунтай амьтан зайлшгүйн дагууд үйл үйлддэг гэж үздэг христос шашны урсгал.
5. Пуританчууд-ХVІ-ХVІІI зууны үед Англи ба Шотландад кальванизмыг баримтлагчид. ХYІІ зууны Английн хөрөнгөтний хүвьсгалыг бэлтгэн явуулахад их үүрэг гүйцэтгэсэн.
6. Aпогей-дэлхий сарнаас хамгийн их холдох, перигей-сар дэлхийд хамгийн их ойртох үе.
7. Социологид субъектив арга баримталж агсан оросын субъективистууд: Лавров, Михайловский, Кареев нарыг хэлж байна.
8. Плеханов энд Тургеневийн “Гамлет Шигрового уезда” гэдэг өгүүллийг дурсаж байна.
9. Багш, оросын шавь нар-Маркс болон орос оронд түүнийг эалгамжлагчдыг хэлж байна.
10. Бомарше нь сонгодог трагедийн эсрэг тэмцэж, реалист жүжиглэлийн шаардсан юм.
11. Тьер. “Францын хувьсгалын түүх” (1788-1799) олон боть ном бичиж 1823-1827 онд хэвлүүлсэн бөгөөд “Францын хувьсгалын түүх” гэдэг хоёр боть ном бичиж 1824 онд хэвлүүлжээ.
12. Австрийн эзэмшлийг булаалдсан дайн (1740-1748) Нэг талаас Англи, Голланд, Оросоор дэмжүүлсэн Австри, нөгөө талаас Прус, Испани, Франц байлдсан. Дайны дүнд Австри улс Итали дахь зарим нэг эзэмшил болон Силезийн ихэнхи хэсгийг алджээ.
13. 1743 оны Ахений найрамдал ёсоор Франц улс Нидерланди дахь бүх эзэмшлээ дайсандаа өгөх ёстой байв.
14. Долоон жилийн дайн (1756-1763 )-нэг талаас Прусс, Англи, Португаль, нөгөө талаас Франц, Австри, Орос, Саксони, Швеци байлдав.
15. Долоон жилийн дайнаар Англи улс Францыг Канад, Энэтхэгээс шахан гаргасан юм.
16. Оросын хаан ширээнд II Фридрихийн түнш III Петр сууж, дайныг зогсоосон нь Силезийг тогтоож байх бололцоог Прусст олгосон юм.
17. 1793 оны нэгдүгээр сарын 2. Францын хаан ХҮІ Людовикыг цаазалсан өдөр.
18. Термидор сарын харгислал. 1794 оны 7 сарын 27. (Tepмидор сарын 9)-нд Францад болсон хувьсгалын эсэргүү эргэлтийн дараа хийгдсэн улс төр, нийгмийн харгислал. Термидор, флореаль, прериаль, мессидор, брюмер гэх зэрэг нь бүгд найрамдах улсын календарийн сарын нэр юм.
19. Италийи Арколе гэдэг газар 1796 оны 11 сарын 15-17-нд Наполеон австричуудтай шаргуу байлдсан бөгөөд Наполеон энэ үеэс аваад 1812 он хүртэл цаг ямагт ялж байв. Тэрээр 1812 онд цэргээ оросын цасанд булшилсан юм.
20. Брюмерийн 18. (1799-11-9) Наполеон Бонапарт төрийн эргэлт хийсэн өдөр. Энэ эргэлтээр Директорийн дэглэм устаж, Консульство, улмаар импери байгуулагджээ.
21. Директори-Термидор сарын 9-ний дараагаар Францад тогтсон засгийн газар, 1795 оны 10 сараас 1799 оны 11 сар хүртэл тогтжээ.
22 Тюльери-Парист байдаг хааны ордон.
23. “Байгалийн тогтолцоо” хэмээх Гольбахын гол зохиол.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to Г.В. ПЛЕХАНОВ: ТҮҮХЭНД БИЕ ХҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ АСУУДАЛД

  1. zochin says:

    nuuts gej nom bii

  2. Ашгүй нэг толгойнд жаахан нүх гарах шиг боллоо. Баярлалаа хөө. Дахин энэ мэтийг хүсэж байгаа шүү. Уншигчийн саналыг нээлттэй хүлээж авдаг бол би гэдэг хүн Борын аксиомын талаар л нэг жааханыг ч болтугай тань шиг сэхээрсэн амнаас л сонсомоор байгаам даа. Өөрөөр ч нилээд л судалж байна. Гэвч харьцуулах дүгнэлт хэрэг болоод байна.

  3. tsogoo says:

    бие хүний хүчин зүйл ба түүхийн үйл явц 2 бол харилцан уялдаатайлдаа. монголын 20-р зууны түүх бол яг л ийм байдаг. Чойбалсан, Цэдэнбал, …. Харин би орчин үеийн буюу 21-р зууны монголын гол тоглогч нь Элбэгдорж, Энхбаяр, Баяр гэх мэт бие хүмүүнүүд гэж боддог. Харин ирээдүйд эдгээр хүмүүс сайнаар дуудагдаж үлдэх үү муугаар дурсагдах уу. Таашгүй. Ганаа судлаачаа таний зүгээс монгол улсад (орчин үед) хэн хэн гэсэн бие хүмүүс ямар үүрэг гүйцэтгэв. Жингийн туухай дээр яаж жигнэгдэх бол?

  4. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа… Энэ бол гайхалтай…. Судлаач энэ бүхнийг ингэж, дэс дараалал, уншвар, бодрол, судлагдахуунтай өрнүүлж буй нь судлаач маань өөрөө ямар “Их” хүн бэ! гэдгийн бас нэг илэрхийлэл, цогц дүгнэлтийн агууллага оршиж байна. Ийм мэдлэг, ийм боломжийг ард түмэндээ олгож байгаа хүнийг”Баатар” гэх нь түүхийн өөрийнх нь үнэлгээ… Ийм болохоор хэлэх үг алга. Бичвэр, нийтлэл болгонийг чинь уншиж, судлаж, сурч мэдэрч, шинийг нээж, батлаж, мөн аз жаргалыг амсч байна. Танд дахин дахин баярлавч, энэ үг минь юу болох билээ… дээ… Сэтгэл талбиун, суу билиг, эрх чөлөө, нийгмийн амьдралын хуулийг мэдэрсэн их авьяастанд юу хэлэх билээ дээ… Таны төрүүлж, таныг бидэндтэй учруулсан энэ хувь заяа нь өөрөө шагнал юм даа… Баярлалаа танд…

  5. Luuluu says:

    Бид нийтлэг ашиг сонирхолоор бус нийгмийг өөрчилье гэж хүсэх юм бол тодорхой өөрчлөлтийг авчирч чадна гэдэг дээр би найзтайгаа маргалдаад бараг дийлээгүй учраас илүү олон аргументтай болох гэж эрэл хайгуул хийж яваад энэ нийтлэлийг олсон юм. Найз маань эдийн засгийн өөрчлөлт л нийгмийг өөрчилж чадна гэж итгэдэг харин би үзэл бодол, хандлагын өөрчлөлтийг эдийн засгийн өөрчлөлтөөс илүүд үздэг юм.
    Өгүүллийг уншаад ойлгохгүй маш олон зүйл байсан ч ямартай ч нийгмийн сэтгэл зүй энэ тал руугаа эргэчихвэл арай л өөр болно доо гэсэн итгэл үнэмшилээ дагаад явбал тодорхой өөрчлөлтийг тодорхой орчинд ч болтугай үзүүлж чаднаааа гэсэн итгэл үнэмшилд маань гэрэл аслаа. Миний бодож байгаа зөв болов уу?

    • Ганаа says:

      1. Чи үнэхээр хэцүү суурь асуулт асууж байна. Би үнэндээ аль ч талд нь орж чадахгүй нь. Яагаад гэвэл наадах чинь одоо болтол суурь зөрчил хэвээрээ.
      2. Тухайн үед бол Энгельс материалист онолоо тайлбарлаж бичсэн хэд хэдэн захидал байдаг юм. Тэрийг олж үзэх хэрэгтэй. Захидлууд гээд хайгаад үзчих.
      3. Марксын онолын нөгөө талд Макс Вебер гээд өөр нэг “Бурхан” бий. Түүнийг үзээд л харьцуулах ёстой л доо. Залхуу хүрвэл онолын социологи үзэж болно. Энд Гидденсийн сурах бичиг их тус болно. Үүнийг би монгол хэлэнд орчуулсан. Тэгээд цаашаа яв.
      4. Плехановыг уншиж байгаад чинь ихэд баярлаж байна. Цаашаа бол Лениний нийгмийг философийг унших ёстой. Түүнийг гүйцэх юм одоо болтол олж чадаагүй л байгаа ш дээ. Барууныхан их дургүй боловч энэ нь Монголд их хамаатай байдаг юм.
      Амжилт хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: