ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 2

Нэрт түүхч З.Лонжид, түүхч Ж.Өлзий нарын бичсэн “Шударга баатар Бавуужав” товхимлын нэгдүгээр хэсгийг үргэлжлэлийг толилуулж байна.
4. ДИУ, Хаант Орос Улс, Япон ба Бавуужав
Байдал хурцдаж эгзэгтэй болсон яг тэр үед ДИУ-ын Хуурай замын цэргийн Яам, Туслан зөвлөх Яамнаас нэр хамтлан Монголын Засгийн Газарт албан бичиг ирүүлж Бавуужав Ар Хорчины нутагт нэвтрэн ирж дээрэм тонуул хийж амгалан тайван байдал алдагдуулж байгаа учраас ДИУ тусгай цэрэг хөдөлгөж байлдан сөнөөхөөр бэлтгэж байна. Иймд Монгол Улс цэрэг мордуулж Бавуужавын үймээнийг даралцахад туслалцаа үзүүлэх хэрэгтэй хэмээн хүчлэн шаардах болжээ.
Үүний дараа ДИУ Бавуужавын эсрэг томоохон хүч илгээсэн юм. Бавуужав хятад цэргийн хэтэрхий давуу хүчинд дийлдэн ухарч зугадсаар 1915 оны 11 дүгээр сарын 15-нд Егүзэр хутагт Галсандашийн хүрээний газар ирж хоргодсон байна. Гэтэл Шяо Лян Чэний захирсан тэрхүү хятад цэрэг Бавуужавыг нэхэн хөөсөөр Монголын хил давж, тэрхүү хүрээнд ирж шөнийн турш Бавуужавын цэрэгтэй зургаан цаг гаруй тулалдаж түүний цэргээс мянга гаруйг алж, 500 гаруй хүн, үхэр буу нэг, пулемёт 1, винтов 1000 гаруй, сум олныг олзолжээ. Бавуужав үлдсэн цэргийнхээ хамт Таонань Баргын зүг зугадан зайлж Солон ууланд очиж бүгсэн байна. Хятад цэрэг ихээхэн сүр үзүүлж, сүм хийд бурхан шүтээн эвдэж, үлэмжхэн эд хөрөнгө дээрэмдэж, Егүзэр хутагтыг баривчилж тусгайд нь өөр хэд хэдэн ламыг бөөнөөр нь цагдан хорьжээ.
Монголын Засгийн Газар энэхүү байдалд ихээхэн дургуйцэж Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад Яамны сайд Б.Цэрэндорж нар Нийслэл Хүрээнд сууж байгаа Бүгдийг хамгаалах их сайд Чэнь Лү-д бараалхан “хятадын түшмэл цэрэг шалтгаангүйгээр дайрч ирээд тус хийдийг эзэлж олон хүнийг алж шархдуулав. Хийдийн бурханы хөргийг урж тасчив. Хутагт лам нарыг баривчилж Зүүн, баруун хуучдын хамба ламыг тушаахгүй бол баривчилсан хүмүүсээ суллахгүй гэж байна” гэдгийг мэдэгдээд ДИУ-ын энэ хэрэг явдал Хиагтын гурван улсын гэрээний заалтыг зөрчиж байгаа учир уул цэргийг нэн даруй Монголоос гаргаж, хутагт лам нарыг суллаж тус хүрээ ба иргэдэд учруулсан бүх хохирлыг төлж өгөхийг шаарджээ.
Чэнь Лү Монголын удирдагчдад хандаж хэлэхдээ, одоогоор гадаад, дотоод монголын хилийг нарийвчлан тогтоогоогүй байна. Тийм учраас хятад цэрэг хил зөрчсөн гэж үзэх учиргүй. Егүзэр хутагт Бавуужавыг баривчилж, манай цэрэгт тушаалгүй зугатаалгасан буруутай учраас ял эдлэх ёстой. Өөр хэлэх олон үг байхгүй гэж мэдэгдээд тэднийг өчүүхэн ч хайхраагүй төдийгүй Бавуужав бол танай Монголын харьяат болсон хүн болохоор түүний өдүүлж буй гэмт хэргийг танай Засгийн Газар бүрэн хариуцах ёстой хэмээн анхааруулаад сөрөг хэд хэдэн шаардлага тулгасан байна. Т.Намнансүрэн, Б,Цэрэндорж нар түүнд хариу болгож хэлэхдээ: Хиагтын гэрээний дараа Бавуужавыг Өвөр монголдоо буцахыг зөвшөөрсөн учир одоо тэр манай монголд харьяалагдах учиргүй, гэхдээ бид түүнийг баривчилж чадахгүй боловч монголоос хөөн гаргаж болох юм гэж мэдэгдсэн байна.
Яг тэр үед хятад цэрэгт баривчлагдсан Егүзэр хутагтаас тусгай хүн яаравчлан зарж Засгийн Газар дахин захидал ирүүлж өөрийг нь хятад руу авч явах гэж байгааг мэдэгджээ. Монголын эрх баригчид энэхүү мэдээг авмагцаа Егүзэрийн хүрээ ба Замын Үүдийн чиглэлд тус бүр мянган цэрэг илгээж, Бавуужавыг Монгол хязгаараас хөөн зайлуулахыг даалган тушаажээ. Гэтэл мөнөөх сайд Чэнь лү Бээжинд цахилгаан утас илгээж манай улс цэргээ ухраан татаж ер болоxгүй. Би Монголын албаны хүмүүст дөрвөн зүйлийн шаардлага тавьсан, тухайлбал Бавуужавыг хамсаатных нь хамт барьж тушаах, дахин түүний хэрэг өдүүлэхгүйг батлан хариуцах, Бавуужавын үймээнээс болж хятад худапдаачдад учруулсан бүх хохирлыг төлөх, Бавуужавын дээрэмчдийг дарахад гаргасан цэргийн бүх зардлыг төлөх хэрэгтэй гэж тэдэнд мэдэгдсэн гэжээ. Мөн тэрбээр Замын-Үүд, Егүзэрийн хүрээний чиглэлд мордуулсан монгол цэрэг нь Бавуужавыг хөөн зайлуулах үүрэгтэй биш байх. Харин манай хятад цэргийн замыг тосч дайтах төлөвлөгөөтэй байж магадгүй гэдгийг тэрхүү цахилгаан утсанд тэмдэглэсэн байлаа.
Монгол ДИУ-ын хооронд байдал хурцдаж болзошгүйг ажиглаж байсан консул А.Миллер энэ хэрэг явдлын тухай өөрийн Засгийн Газартаа яаралтай мэдэгдсэний дараа Оросын Гадаад явдлын Яамны сайд С.Д.Сазанов Бээжин дэх элчин сайд В.Н.Крупенскийгээр дамжуулж хятад цэргийг даруй Монголоос татан гаргахыг ДИУ-ын Засгийн Газарт шаарджээ. Үүний хариу болгож 1915 оны 11 дүгээр сарын 18-нд ДИУ-ын ГЯЯ-ны сайд мэдэгдэхдээ хэрэв монголчууд өөрийн нутаг дээр хоргодож байгаа Бавуужавыг баривчлан тушаавал манай улс цэргээ татаж авахад бэлэн байна гэж Крупенскийд анхааруулсан байна. Оросын дипломатууд үүний хариу болгож Бавуужав бол Монгол улстай одоо холбоо харилцаа тасарсан бөгөөд ДИУ Бавуужавын амийг бусниулж болохгүй гэдгийг мэдэгджээ.
Нийслэл Хүрээнд сууж байсан А.Миллер өөрөө сайд Чэнь Лү-тэй уулзаж ДИУ-ын цэрэг Монголын хилийг давж түрэмгийлсэн явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд Гадаад, Дотоод Монголын хооронд хилийн зааг байгааг ДИУ үл тоомсорлож байгаад харамсаж байна. Хиагтын гэрээнд зааснаар бол ДИУ Монголд цэрэг байрлуулах эрхгүй. Хятад цэрэгт баривчлагдсан Егүзэр хутагт ба бусад хүмүүсийг сулла. Бавуужав одоо Монголын харъяат биш болсон учир түүний өдүүлсэн хэргийг Монгол улс хариуцах ёсгүй. Тиймээс Монголд учруулсан бүх хохирлоо төлөх хэрэгтэй хэмээн анхааруулжээ.
Чэнь Лү үүний хариу болгож Гадаад Монгол бол ДИУ -ын нутаг дэвсгэр гэдгийг Хиагтын хэлэлцээрээс тогтоосон бөгөөд бид тэрхүү гэрээг баримтлах хэрэгтэй. Тиймээс манай цэргийг хил зөрчсөн хэмээн буруутгаж болохгүй. Егүзэрийн хийдэд чухам юу болсон тухай би сайн мэдэхгүй байна. Манай Засгийн Газраас надад мэдэгдсэн зүйл одоогоор алга. Харин өчигдөр Т.Намнансүрэн нараас л энэ тухай сонслоо. Энэ талаар эхлээд сайтар судлах хэрэгтэй. Дараа нь тэр явдал юунаас үүссэнийг мэдэж, шийдвэрлэх аргаа ярилцъя. Бавуужав бол Гадаад Монголтой харилцаагаа таслаагүй байгааг би мэдэж байна. Тухайлбал манлай ван Дамдинсүрэнг хэдэн сарын урьд Гадаад Монголын зохих албаны газраас одуулж Бавуужавтай уулзуулан түүнд 30000 рубль тусалсан байгаа юм. Та үүнийг сонсож мэдсэн биз дээ гэжээ. Чэнь Лү А.Миллертэй ярилцсан тухайгаа тэр дор нь Бээжинд мэдэгдэж, мөн Гадаад Монголоос өмнө зүг рүү илгээсэн цэрэг Егүзэр хутагтыг манай цэргээс булааж авах санаатай бололтой. Тиймээс Ми-гийн удирдсан цэргийг даруй хойд зүг рүү явуулж Шяо-гийн цэрэгтэй нэгтгэн хүчээ зузаатгах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Бавуужав Монголын хязгаараас дутаан зайлж, Өвөр монголын зүүн хойд нутагт очиж хятад цэрэгтэй тулалдахаар бэлтгэж байх үед Монголын Засгийн Газар Егүзэр хутагтыг баривчлан хорьсон хятад цэргийн даргад албан бичиг хүргүүлэн түүнийг суллахыг шаарджээ. Гэтэл тэрхүү цэргийн дарга түүний хариуг өгөлгүйгээр Галсандашид хэлэхдээ, “Танай Засгийн Газраас Бавуужавыг ятган тохинуулах буюу эсхүл хядаж арилгахаар цэрэг гаргасан боловч ер манай ДИУ -ын цэрэг лүгээ хүчин хавсарсугай хэмээсэн үг үгүй ба бас ч зүүн хуучид ван, баруун хуучид хамба лам нарыг нутагт буцаах эсэхийг огт үл дурдсан нь нийлэлцэхгүй тул эл хэргийг миний хэлсэн ёсоор шийтгэн дуусгахын янар чамайг талибахгүй”. Бид буцахдаа “чиний биеийг авч явна”хэмээн сүрдүүлж байв. Гэвч үүнээс хойш төдий л удалгүй 1915 оны 12 дугаар сарын 20-нд хятад цэргийн захирал Шиюу Шан Ли Егүзэр хутагт Галсандашийг дагалдах түшмэл гүн Дашнямын зэрэг есөн хүний хамт баривчлан авч одсон ба Егүзэрийн хүрээнд байгаа хятад цэргийг цахар Мижигсэнгийн Зодбажаваар захируулан үлдээжээ. Үүний дараа Монголын Засгийн Газар Егүзэр хутагтыг суллуулахаар сайд Чэнь Лү-д хэд хэдэн удаа хандаж хүссэний дараа тэрбээр хариу мэдэгдэхдээ хутагт Галсандаш өөрөө “дуртайяа даган орсугай хэмээсэн бөгөөд бас ч Нийслэлд (Бээжин З.Л.) хүрч бараалхсугай хэмээн гуйсан” учир манай цэрэг түүнийг авч явжээ хэмээн дурдсан байна. Мөн ДИУ-ын Засгийн Газар эрхэм хутагтад маш найрсаг хандаж буй учир сэтгэл зовних явдалгүй хэмээн тэмдэглэжээ.
Гэвч чухам хэрэг дээрээ бол “хутагт Галсандаш нэгэнт хятадын гарт орсон учир тэдний албадан аваачих муу сүрд дарагдаж, ДИУ-д дагаар орох хэмээн ам алдсан” бөгөөд түүнийг нь хятад ашиглан Галсандашийг дотоод зургаан чуулганыг захирах сайдын тушаалд өргөмжилнө хэмээн амлаж байсан тухай зарим баримт байдгийг нягтлууштай.
Үүний сацуу Хайларт сууж байсан Оросын дэд консул П.Усатый 1915 оны 12-р сард Халхын Сэцэнхан аймгийн Илдэн ван Доржпаламын хошуунд түр сууж байсан Бавуужавтай биечлэн уулзаж ДИУ-тай эвлэрэхийг ятгасан боловч амжилт олоогүй билээ.
Бавуужавтай холбогдож гарсан яриа Оросын консул, хятад сайд хоёрын дунд өрнөсөн төдийгүй цаашаа улам гүнзгийрчээ, Жишээлбэл, Оросын дипломатууд ДИУ-д мэдэгдэхдээ Бавуужав бол хэдийгээр Богд эзэн хаандаа хүчин зүтгэж явсан нь үнэн боловч одоо Гадаад монголтой ямар ч харилцаа холбоо байхгүй гэдгийг дурдаад Бавуужавын амийг бусниулж болохгүйг давхар анхааруулж байжээ. Мөн хэрэв ДИУ Монголын Засгийн Газраас тавьж буй шаардлагыг эс биелүүлбэл Орос ДИУ-ын харилцаа хурцдах болно гэдгийг сануулсан байна. Үүний дараахан ДИУ цэргийн давшилтаа зогсоож, монголчууд Бавуужавыг хятадад шилжүүлж өгөх буюу монгол нутгаас хөөж зайлуулах Өвөр монroл Гадаад Монголын хоорондын худалдааны замын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байна.
ДИУ, Гадаад Монгол хоёрын аль аль нь өөрийнх нь эсрэг тэмцэх болсон тэр үед Бавуужав арга буюу Манжуурын чиглэлд зугадан зайлжээ.
ДИУ тэр үед Монголоос цэргээ татсан төдийгүй Егүзэр хутагт Галсандашийг ч Монголд буцаахад төдийлөн татгалзах зүйлгүй болсон байлаа. Энэ нь ч Орос, ДИУ-ын хооронд аль болохоор эвсэн зохицох явдал нэн шаардлагатай болж байсантай холбоотой юм. Тиймээс ч 1916 оны эхээр Богд эзэн хаанаас ДИУ-ын ерөнхийлөгчид баяр бэлэг хүргэхээр урьд шийдвэрлэсний дагуу Сэцэнхан Навааннэрин, ван Жамьяндорж нарыг Бээжинд зарж илгээсэн бөгөөд тэд хутагт Галсандаштай уулзаж ярилцан тэр тухайгаа Монголын Засгийн Газар мэдэгдсэнд тэдгээр төлөөлөгчдийг эгж ирэхдээ Галсандашийг дагалдуулан авчир гэж Богд хаан зарлиг болгосны дагуу Егүзэр хутагт 1916 оны 2 дугаар сарын 20-нд эх нутагтаа буцаж иржээ. Түүний дараахан Долооннуурын хавь нутгийг харьяалан захирагч яамны сайдаас түүнд бичиг ирүүлж, хятад цэргүүд Баарин хошуу сүм дээр олон цэрэг суулгаж “хулгай” Бавуужавыг сэргийлэхийн тул тус хутагтын хүрээнээс дайчлан булааж аваачсан мал эд хогшлын үлдэгдэл болох адуу 602, үхэр 37, тэрэг 27, тэмээ 41, эсгий бүрээс 152 бүхэл, 659 хэсэг, хана 309, тооно 58, үүд 86, унь 60, гэрийн тулга 14, бүрээс 5-ыг эгүүлэн хүргүүлснээ мэдэгджээ.
Монгол Улсын эрх баригчид өөрийнх нь саналыг дэмжээгүйд гутарч эцсээ хүртэл тэмцэх андгай тавьсан Бавуужав харьяат цэргээ авч Халхын зүүн захын хошуудыг дайрч Хөлөнбойрын зах нийлэх Халх гол хүрч буудаллахаар одох замын зуур Сэцэнхан аймгийн Илдэн Засаг жүн ван Манжбазарын Доржпалам, эрхэмсэг засаг бэйл Жамсранжавын Цэрэнням, Үйзэн засаг бэйс Цэрэнгийн Гомбосүрэннарын хошууны аль баялаг айлын адуу мал гэр хэрэглэлийг дайчлан авч цэргийн хэрэгцээндээ нийлүүлж байснаас тэр нутгийн ард олон нилээд хэлмэгдэж, аж төрөл нь алдагдаж багагүй зовлонд нэрвэгдэж байв. Энэ байдалд Монголын ухаалаг хүмүүс сэтгэл зовнин янз янзын арга сэдэж байлаа. Тухайлбал эрдэмтэн Чимэдийн Дэмчигдорж хэмээгч (Дандаа чинсан) өөрийн сайн дураар 1915 оны өвөл ид хүйтнээр хэдэн харчин эр дагуулж, тэмээ хөлөглөн урт замыг нууцаар туулан явж Бавуужавтай биечлэн уулзаад түүнийг ятгаж ухуулсан байна. Ч.Дэмчигдорж түүнд хэлэхдээ: “Монгол угсааны хэргийг шинэ үүсгэсэн гавьяагаа төгсгөхгүйгээр өөр зуураа зэвсэг хөдөлгөхийг зүй хэмээвээс болом уу? Сайд бүгд улсаа тэрслэхийг зөв хэмээвээс болом уу? Гүн Та байлдахыг байж хойш эгэхийг хүсмүй” хэмээсэн хойно Бавуужав өөрийн багш Ч.Дэмчигдоржийн үгийг дагаж хэсэг зуур дээрэм хийхээ зогсоосон байна. Гэвч Монгол Улсын Засгийн Газар Бавуужавт бодитой туслалцаа үзүүлээгүй учир тэрбээр дахин хуучин байдалдаа шилжжээ.
Тиймээс Монголын Засгийн Газар Сэцэн хан аймгийн цэргийн жанжин бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэнг томилон үлэмжхэн цэргийн хамт илгээж, Бавуужавтай уулзан үймээн самуунаа намжааж, дээрэм тонуулаа зогсоохыг ятган ухуул хэмээн даалган тушаажээ. Тэр үед Бавуужав 3000 цэрэгтэйгээ Илдэн вангийн хошууны нутаг Халх голд байж байгаад Хэрээ уул хэмээх газарт шилжин байрласан боловч П.Доржцэрэн нарыг ирж яваа мэдээг сонсож, Өвөр монголын Хөлөнбойрт очиж, тэндхийн эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаж, учир явдлаа ойлгуулж, тэднээс дэм туслалцаа авч хэсэг зуур сууж байжээ.
Ван П.Доржцэрэн Хэрээ уулын орчим очиж маш тодорхой захидал үйлдэж, тусгай элч довтолгон Бавуужавт хүргүүлжээ. Гэвч тэрбээр П.Доржцэрэнгийн ухуулж ятгасныг ер хайхарсангүй, харин ч Манж Дайчин Улсын хаант төрийг дахин сэргээхээр Манжийн сүүлчийн хааны ойр дотно хүмүүс ба түүнийг дэмжигчид болон “Жибингээс (Японоос З.Л.) эш батыг олж нэгэнт зарласан” ба өөрийн хэрэглэж байсан Монголын туг, тамгаа халж өөрчилсөн бас японоос зэвсэг, нисэх онгоц ирүүлэх хугацаа болж байгаа учир 1916 оны 6 дугаар сарын 18-ны барс (өглөө) цагт Зүүн Үзэмчингээс мордож “дэлхий дахиныг засаж түмэн амьтны тусыг үйлдэх үнэн сэтгэлийг дээд тэнгэр байцаан тольдох тул гагцхүү бурхан тэнгэрт даатган залбирмуй” хэмээн өөрийнхөө цаашид тэмцэх зорилгоо “дэмий нуун халхлахгүй үнэнээ нээн гаргаж” мэдүүлэн бичсэн захидлыг түүний элчид өгч буцаасан байна. Бавуужавын энд бичсэн зүйл бол хоосон сүрдүүлэг бус үнэн юм. .
Тодруулбал Бавуужав Хаант Оросоос ямар боловч тусламж дэмжлэг авна хэмээн итгэж байсан нь талаар болж, Монгол Улсын эрх баригчид ДИУ-аас болгоомжлон түүнд огт туслахгүй болсон явдалд ихээхэн бухимдаж хэрхэх аргаа олж ядан байх үед нь Миязато Ишомури гэгч японы хүн Баргаар дамжин Бавуужавтай уулзаж өөрийгөө Хайларт эм тан худалдаалан суудаг Хун Ли гэдэг хятад хүн хэмээн танилцуулаад, хэрэв та хүсвэл Япон улсаас зэвсэг худалдан авахад чинь би тусалж чадна хэмээн ярьсан байна. Ингэж 1915 оны 8-р сарын эхээр Японтой холбоо тогтоох боломжтой болж, өөрийн түшмэл Тас шувуу гэгчийг М.Ишомуритай хамт Токиод илгээсний дараахан 1915 оны 11 дүгээр сарын 16-нд Японы хоёр офицер ирж Бавуужавтай уулзаж, улмаар одоогийн Чанчун хотод нэг мянган винтов, 50 мянган сум авчирч, эдгээрийг Бавуужавт хүргэж өгөхөд туслалцаа үзүүлэхийг П.Усатыйгаас хүсчээ. Гэвч тэрбээр үүнийг эөвшөөрсөнгүй. Оросын зүгээс Бавуужавт дэмжлэг үзүүлэхгүйг Япон ойлгоод Манжийн хуучинсаг үзэлтэн хаан угсааныхныг ашиглаж Баргаар дамжуулан Бавуужавт хүнс, хувцас, зэвсэг хэрэглэл хүргэх болжээ.
Бавуужавт зэвсэг хэрэглэл хүргэхэд туслалцаа үзүүлэх болсон тэдгээр манж хүмүүс бол Хаант Засгийг дахин сэргээхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулж байсан Манжийн хаан угсааны Чан Чи хэмээгч Сү Чин ван, Шаньси, Гансу мужийн сайд Шэн Юн нараар удирдуулсан томоохон бүлэглэлд багтаж байлаа. Тэдний гол төв нь 1904 оноос эхлэн Японы мэдэлд шилжсэн Далянь хотод байрлаж байсан явдал Японоос Бавуужавтай харилцахад зохистой боломж бий болгож байв. Япон ч энэ бүлэглэлд элдэв зүйлээр тусалж Манжийн хаант төр сэргээх гэсэн тэмцлийг нь дэмжиж байлаа.
1916 оны зун Далянь хотоос тэрхүү бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцдог монгол ван Эрдэнэ-Цогт, манж Дин Ин нар гурван япон офицер дагалдуулан Бавуужавын дэргэд очжээ. Үүнээс хойш төдий л удалгүй Су Чин ван өөрийн хүү Сян Хуйг таван япон офицертой бас очуулжээ. Тэд Бавуужавыг ятгаж, манжийн хаант төрийг сэргээхэд дэмжлэг туслалцаа үзүүл, ялангуяа Өвөр монгол, өмнөд манжийн ард иргэдэд энэ талаар ухуулга ятгалга хийхийг хүсчээ. Бавуужав ч уг хүсэлтийг биелүүлэхээ амлаж, түүнийхээ хариуд их хэмжээний зэвсэг, хувцас, хүнс, бие мөнгө 200 мянган ланг авахаар болсон байна.
Мөн Бавуужавын гэр бүлийн аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг японд суулгах зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд энэ нь чухамдаа Бавуужав Японд чин үнэнчээр хүчин зүтгэхийн баталгаа болсон байж тун магадгүй. Үүнийхээ дараа Бавуужав Барга, Халхын эрх баригчдад захидал бичиг хүргүүлж Хиагтын гурван улсын гэрээ Барга Өвөрмонголыг Халхад нэгтгэх талаар ямар ч оролдлого хийгээгүй. Тиймээс цаашид Манжийн хаант төрийг сэргээн байгуулахаар эрслэн тэмцэх болно гэдгээ мэдэгджээ.
5. Нөр тэмцэл эцэслэв
Бавуужав Манжийн хаант төрийг сэргээхийн төлөө тэмцлээ хэрэгжүүлэхдээ Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлан юуны өмнө ДИУ-ын эсрэг дайтахаар бэлтгэж, бүх цэргээ таван зам хувааж Чанчүн, Мүгдэн хотууд ба Гирин, Хар мөрөн мужийг дэс дараалан эзэлж, улмаар Бээжинг эзлэхээр төлөвлөжээ. Гэтэл энэ үед ДИУ-ын зүгээс Монголын эрх баригчид Бавуужавтай эвсэн хуйвалдаж буй мэтээр янз бүрийн сэжиг таавар гаргаж, түүний дээрэм тонуул үйлдэж байгааг таслан зогсоохыг удаа дараа хүчлэн шаардсаар байв. Иймд арга буюу Монголын Засгийн Газар Хатанбаатар ван С.Магсаржавыг Бавуужавтай нүүр тулан уулзаж ятган ухуулж, түүнийг дээрэм хулгайгаа зогсоож зэвсгээ хураалган Ар, Өвөр монголын аль хүссэн газраа чөлөөтэй нутаглан суухыг мэдэгд хэмээн илгээжээ.
С.Магсаржав Нийслэл Хүрээнээс шууд явж, Сэцэн хан аймгийн Үйзэн гүний хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад) хүрч Тэгш Манлай хэмээх газар түр буудаллаж, Далайбаатар гэгч хүнийг Бавуужавтай уулзаж “хязгаарт түвшингүй болгон түйвээж болохгүй, зэр зэвсгээ хураалгаж, нам гүм шударга түвшин явах хэрэгтэй. Улсын сангаас цалин хэрэглэлийг чинь олгоё” хэмээн хэлүүлсэнд Бавуужав түүний үгийн хариу болгож “Бид нэгэнт Монголд жигшигдэн хөөгдсөн учир цэргийн зэр зэвсгийг хураалгаж чадахгүй, цалин мөнгө ч авахгүй, харин энэхүү зэвсгээрээ монголоос чадах чинээгээр хоол олж иднэ. Монголтой эрэгчин эмэгчнээ үхтэл үзнэ. Хэрэв Монголд дийлдвээс бид гомдох явдалгүй, дийлж болбаас хэзээ ч монголоос амиа тэжээнэ хэмээн эрс үг хэлж” мөнөөх Далайбаатарыг гурав хоног хорьж байгаад “чамайг албаас зохино. Гэвч чи мууг алаад Монголыг хорсгож чадахгүй тул буцаж энэ учрыг хэлтүгэй” хэмээн буцаажээ. Бавуужав түүний дараа цэргээ авч Хайлар хотын зүг зайлан одсон учир С.Магсаржав өөрийн биелүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлж чадалгүй буцаж иржээ. Үүний дараа Бавуужав Монгол Улсын Засгийн Газарт дэлгэрэнгүй захидал ирүүлж “Бид нар хэдүй Монгол улсаа дахин мандуулсугай” хэмээн тэмцсэн боловч энэ их зорилгодоо хүрч чадсангүй. Тиймээс “Дайчин улсын хэвт ёсны хаан эзнийг Дундадаас (ДИУ-аас) мандуулахаар Манжийн угсаа Су Чин ван лугаа зөвлөлдөн хэлэлцэж тогтоод хэргийг анх үүсгэхэд аливааг хувьсган (өөрчлөн З.Л.) улируулж хэрэглэхгүй аваас үл болох тул тамга, туг, хиурыг бүрнээ шинэ үйлдэж Богд хааны соёрхсон туг тамгыг шүтээн болгож цаг үргэлж аливаа зүйлийг даатган залбирч…Тоа нан фу зэрэг газрыг байлдан эзлэхээр бэлтгэж, цэргийнхээ хагасыг хүүхэд эмэгтэйчүүдийн хамт Хөлөнбойрт үлдээж, aгт морь 300, үхэр 50-иад, майхан тавийг тэр хавийн ардаас тусласныг авч мордох гэж байгаагаа мэдэгдээд “Дундадыг дахин мандуулах түшмэл цэргийг ерөнхийлөн захирагч сайдын тамга” хэмээх монгол үсэгтэй дундаа монголын соёмбо үсгийг сийлсэн тамга даржээ” Мөн энэхүү захидалтай хамт бас нэгэн бичгийн хуулбарыг ирүүлсэн байна. Уул бичгийг Су Чин вангийн дотно хүмүүс Бавуужавт хандаж бичсэн бөгөөд Манж Дайчин улсын төрийг дахин сэргээж хааныг ширээнд нь залахад туслахыг түүнээс хүссэн байна.
Бавуужав энэ талаар Монгол Улсын Дотоод Яам, Цэргийн Яаманд мэдэгдэж “Их Чин Улсын дэлхий дахиныг Дундадаас дахин мандуулах аймгийн түшмэл, цэргийг ерөнхийлөн захирах сайд шударга баатар, улсын түшээ гүн Бавуужав, дэд сайд улсад туслагч гүнгийн зэрэг үе улиран залгамжлах гутгаар зэрэг тогосын отго Бүмбэжав, дэд сайд бөгөөд Тоа нан фү-г урагшлан байлдах өмнөд ангийн цэргийг захирах жигүүрийн сайд, улсад туслагч гүнгийн зэрэг тогосын отго Сэвжингээ нарын бичиг” хэмээн ирүүлсэн зарлан ухуулах бичигт бүр ч дэлгэрэнгүй дурдсан байв.
Түүнд өгүүлэхдээ “хэвт ёс хааны (Пу И- З.Л.) үед Юань Ши Кай нарын зэрэг ардууд дотоод, гадаадаас сүлбээлж улсаас урваж санаа өвөрлөн гэмингийн намын самууныг үүсгэсэнд” улсын эзэн хаан нас сүүдэр багыг далимдуулан “зальхай сайд эрхийг эзэлсэн тул нас бага эзнийг суурингаас шилжүүлж, улсын цолыг халж, ДИУ хэмээн нэрийдсэн ба улмаар Орос Улс Германтай дайтаж байсан хүнд хэцүү байдлыг ашиглан Монгол Улсыг хятадын нэгэн хэсэг газар хэмээн авч Ар, Өвөр монголыг салгасан юм.
Иймд Бавуужав миний бие олон дарга түшмэд цэргийнхээ хамт зөвлөн “хулгай Юань Ши Кайг хядан арилгаж, Монгол ба Манж юугаа дахин дундадаас мандуулмуй хэмээн тогтоод гадаад улсаас буу зэвсэг худалдан авахаар түшмэл томилж явуулсан” хэмээн дурджээ. Мөн тэд урьд Шаньси, Ганьсу мужийн сайд нартай уулзаж, Манжийн хаант төрийг дахин сэргээхээр зөвлөн хэлэлцэж гадаад улсаас зоос зээлж зэвсэг авахаар тохиролцсоноо мэдэгджээ. Бас Юань Ши Кай ард түмнийг элдвээр дарлан зовоож байгаагаас болж шударга номхон ардын гаслах дуу түрхэрч байна. Мөн Зүүн гурван мужийн өвөр хэдэн чуулганыг цөм 99 жилийн хугацаагаар гадаад улсад нууцаар түрээсэлснийг “үл мэдэх ноёд түшмэд нэгээхэн бээр үгүй. Иймээс Бавуужав миний бие урьдын их Чин улсаа Дундадаас дахин мандуулахаар энэ зуны дунд сарын 27 (1916 оны 5 дугаар сарын 28)-ны өдөр Халх голын Амгалант нутагт тэнгэр газарт тайж тавиглан тангараглаж мөргөөд зориуд тамга, тэмдэг сийлж туг хиурыг шинээр үйлдэн Тоа нан фү зэрэг газрыг эзлэн авахаар мордох гэж байна гэдгээ танилцуулжээ.
Бавуужав бүх монгол үндэстнийг Богд хааны захиргаанд нэгтгэсэн их улс байгуулахын төлөө тэмцлээсээ няцаж, Манж Чин Улсын хаант төрийг дахин сэргээхээр шимтэх болсон явдлыг Өвөр монголын нилээд хүмүүс дэмжин талархаж байв. Ялангуяа Гадаад Монголд суурьшсан өвөрлөгчдийн олонхи Бавуужавын үйл ажиллагааг дэмжихээр явцгаасан айна. Мөн янз бүрийн хүмүүс Бавуужавын цэрэгт сайн дураар элсэх болсноор түүнийг дагалдагчид таван мянга гаруй болж, Японоос түүнд тусламж болгож үхэр буу 4, явган цэргийн буу гурван мянгыг Мүгдэнгийн ойролцоох төмөр замаар ирүүлсэн байна. Тэр үеэс Бавуужав Тоа нан фү-г байлдахаа больж Мүгдэнг чиглэн давшжээ. Гэвч ДИҮ-ын цэрэг Бавуужавыг тосон байлдахад эхлээд Хятад цэрэг бага зэрэг ухарсхийсэн боловч удалгүй дахин давшилтад орж монгол цэргээс дал гаруйг алж нилээдийг шархдуулж винтов буу ер орчмыг олзолж авчээ. Үүнээс хойших хэд хэдэн тулалдаанд Бавуужав тийм ч их хохирол үзээгүй бөгөөд харин ч түүний цэргийн Жиримийн чуулган хавьд байлдаж байсан хороо нь хятад генерал Ү Цюн шэн гэгчийн захирсан цэрэгт хүчтэй цохилт өгч, улмаар У цюн шэнг шархдуулж, түүний цэргээс 130 гаруйг алж 100 гаруй хүнийг шархдуулсан байна.
Байдал ийнхүү хурцдаж Бавуужавын цэрэг 10 мянга гаруй болж, нилээд хүчирхэгжих болсон явдалд Мүгдэнгийн цэргийн захирагч Жан Золин Тоа нан фү рүү цэргийн үлэмж хүч илгээсний сацуу Хар мөрөн мужийн сайд Би Гуйфан мөн тусгай цэрэг гаргаж Тоананфүгээс Бавуужавын цэрэг ирэх гол гол замыг угтуулан сэргийлжээ.
Гэвч Бавуужав үргэлжлэн давшсаар Кайтүн Хуйцэсян, Лишүсян, Синанжэн зэрэг хэд хэдэн хотыг эзэлж байсан боловч энгийн иргэдэд бараг хохирол учруулаагүй бөгөөд эзэлсэн хотуудаа ямар ч харуул хамгаалалтгүй орхин цааш давшилтаа үргэлжүүлж байжээ. Ингэж Бавуужав Хянганы нуруунаас Мүгдэн хүртэлх 600 гаруй километр замыг туулж давшсаар байв. Нутгийн ард иргэд Бавуужавыг дэмжиж бүх л бололцоогоороо тусалж байсны сацуу Япон ч зэр зэвсэг, хүнсээр тасралтгүй хангаж байлаа.
1916 оны 8-р сард Бавуужавын цэрэг давшсаар Дорнод Хятадын Төмөр Замын өртөө байрладаг Гоцзыдян хотод ороход нь манжийн хаан угсааныхныг дэмждэг хэдэн зуун манж эрчүүд түүнд дагаар оржээ. Эндээс Бавуужавын цэрэг бага зэрэг зэр зэвсэг нэмж авч цааш дайтахаар бэлтгэж байхад нь тус хотын хятад цэрэг их буу пулемётын хүчирхэг галаар монгол цэрэгт сэхээ авахуулалгүй цохилт өгч улмаар зай завсаргүй бүслэн гаднаас ямар нэгэн зүйл нэвтрэх, гадагш гарах бүх бололцоог хаан тусгаарласан байна.
Ийнхүү бүслэлтэд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа Бавуужавын цэргийн дотор үймээн дэгдэж Насанбаярын захирсан 300 хүнтэй анги, Батын захирсан 70 цэрэг Бавуужавыг орхин хятад цэрэгтэй нийлжээ.
Гэвч сарын дараа Бавуужавын цэрэг хятад цэргийн бүслэлтийг сэтэлж, мөн оны 9 дүгээр сарын 18-нд их бууны галаар давшиж, Чанлинсян хотыг эзэлж хятад цэргийг хөөн зайлуулаад хэсэг зуур хүчээ сэлбэж дахин дайтараар зэхэж байв. Гэвч ДИУ Бавуужавын давшилтыг зогсоох түүнийг дарж устгахын тулд түүнтэй дайтах цэргийхээ тоог ихээхэн нэмж генерал Чжан Си Лан гэгчийг тэрхүү цэргийн ерөнхий жанжнаар томилжээ.
Энэ үед Японы зүгээс Бавуужавт урьдын адил туслах боломж хязгаарлагдсаны сацуу 1916 оны 6-р сард Юан Ши Кай амиа хорлосноос хойш Япон ДИУ-ын харилцааны хурцадмал байдал хэсэг зуур намжих болсноор Бавуужав Сү Чин ван нарт японоос өгч байсан тусламж урьдынх шигээ тасралтгүй ирэх нь багассан бололтой.
Гэвч Бавуужав байлдаанаа үргэлжүүлж Жэхэ мужийн Линьси хот руу давшиж бараг эзлээд байх үедээ 1916 оны 10 дугаар 16-ны өглөө дайсны үхэр бууны галын цэргийг олзлохоор очиж яваад их бууны суманд өртөж амиа алджээ.
Жич, зарим судлаачдын бүтээлд тэмдэглэснээр бол Бавуужав тэр өглөө дайсны тэнэсэн сумд өртөж амиа алдсан мэт. Мөн зарим нэгэн аман мэдээгээр бол түүний морин жолооч нь Бавуужавт алуулсан ахынхаа өсийг авах зорилгоор түүнийг буудан хороосон гэнэ. (1986 оны 8 дугаар сард О.Намнандорж абуйгай энэ тухай З. Лонжид надад ярьсан юм). Бас зарим мэдээнээс үзвэл Халхын нэгэн ван Бавуужавын морин жолоочид хахууль өгч түүний амийг хорлуулахаар тохиролцсоны дагуу Линьси хотыг дайрч байх үед мөнөөх жолооч Бавуужавын улаан суга руу буудаж хөнөөсөн гэнэ. Хэдийвээр түүний амь эрсэдсэн тухай янз янзын мэдээ байдаг боловч олон жилийн турш монгол үндэстнийхээ төлөө цуцашгүй тэмцэж явсан эрэлхэг дайчин баатар зоригт эр Бавуужав ердийн үхлээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнгүй, дайны талбарт амьсгал хурааж алтан амиа алдсан нь маргаангүй билээ.
6. Удирдагчгүй болсон цэргийн хувь заяа
Бавуужавыг алагдсаны дараа түүний цэргүүд давшилтаа зогсоон ухарч хэд хэдэн чиглэлд тархан сарнижээ. Тухайлбал Сэвжингээ, Бүмбэжав нарыг нилээд тооны цэрэг дагалдан Хөлөнбойр луу буцаж тэнд үлдсэн цэрэг, эмэгтэйчүүд, хүүхэд рүүгээ 1916 оны 12 дугаар сард очжээ. Мөн цөөвтөр цэрэг хятад цэрэгт дагаар орж, зарим цэрэг нь уугуул нутагтаа буцжээ.
Үүний дараа Хөлөнбойрт очсон цэрэг зохих бэлтгэл хангасныхаа дараа японы цэргийн сургагч Нью Шүкэ, Кизава, Шоотана, Квашима, Үсүй зэрэг арван гурван хүний удирдлагаар Хайларт довтолж 1917 оны 6 дугаар сарын эхээр тус хотыг эзлэн авч, Амбаны Яам, баруун зүүн тэнхимийг эзэлж, баруун тэнхимийн дарга Чэн шаныг цаазлахад Хөлөнбойрын амбан Шенфү Цицикар хот руу дүрвэн зайлжээ. Бүмбэжав Сэвжингээ нар Ботгон нутгийн Мин Бао гэгчийг томилж Су Чин ванд бичиг захидал илгээж, түүний зөвлөснөөр Хөлөнбойрын тусгаар тогтнолыг сэргээснээ зарлаж Цэ Хэ Жа гэгчийг орон нутгийн даргаар томилж Хөлөнбойрын амбаны тушаалыг устгажээ. Мөн цэргийн жанжнаар Чадраабалыг, Цэргийн Яамны сайдаар Сэвжингээг, тусгай сайдаар Даржааг тус тус томилсон байна. Гэвч тэр үед Хаант Орос, ДИУ -ын Засгийн Газраас Японд тулган шаардах бичиг өгч Су Чин ван ба Монголын “дээрэмчин” цэрэгт тусламж үзүүлэхээ бүрмөсөн зогсоохыг шаардсан байна. Япон ч энэхүү шаардлагыг арга буюу хүлээн авч 1917 оны 10 дугаар сараас эхлэн бүх тусламжаа зогсоосон төдийгүй сургагч нараа эгүүлэн татсан бөгөөд зөвхөн Хасакэ Яма Тарооу, Вака Баяаши хэмээх хоёр хүн үлдсэн байна.
Үүнээс хойш төдий л удалгүй 8 дугаар сарын 10-нд Өөлэдийн бүгдийн дарга Линшэнь монгол түшмэл У куй нар 200 гаруй солон цэргийг удирдаж нилээд тооны орос цэрэгтэй хамтарч Хөлөнбойрыг довтолсонд тус хотыг эзэгнэгчид ялагдал хүлээж, Сэвжингээ, Бүмбэжав нарын удирдсан 3000 цэрэг хуучин хуаран байсан Халх гол руугаа, Фу шинга-гийн захирсан хэсэг цэрэг Солон уул руу зугадаж, Даржааг дагалдсан нилээд цэрэг нутагтаа буцсан байна. Мөн нилээд хүн амь ульжихын эрхээр орос Семёновын цэрэгт элссэн байна.
Тэр үед Хөлөнбойрын Амбаны Яаманд ирээд байж байсан баргын гүн Бавуудайн Цэнд Бавуужавын үлдэгдэл цэрэг үймээн самуун дэгдээж байгааг дарж номхтгохыг хүсч Нийслэл Хүрээнд элч зарсан байв. Цэнд гүнгийн хүссэний дагуу Монголоос Хатанбаатар ван С.Магсаржавын захирсан цэрэг Халх голд ирж, Бавуужавын үлдэгдэл цэрэгтэй дайтан устгажээ.
Энэ тухай өгүүлбээс: Монголын Засгийн Газар Цэнд гүнгийн мэдээллийг авсныхаа дараа зүүн хязгаарт цэрэг илгээх бэлтгэлийг шуурхайлан Түшээтхан аймгаас 800, Сэцэнхан аймгаас 700, Сайн ноён хан аймгаас 350, Засагтхан аймгаас 150 бүгд 2000 гаруй цэрэг дайчилж, Сэцэн хан аймгийн Үйзэн бэйс засаг Дорж Юлжилдогийн Гомбосүрэнгийн хошуунд байрлуулжээ. Ингээд дорно хязгаарт дайтах их цэрэг бэлэн болмогц Хатанбаатар ван С.Магсаржавыг Зүүн хязгаарыг сэргийлэн байлдах цэргийг захирах сайдаар, түрэмгий баатар цахар гүн Баярыг туслах сайдаар тус тус томилон Хужирт булангийн цэргээс мянгаадыг дагалдуулан 1917 оны 8 дугаар сард орос цэргийн дарга Шойвын хамтаар Нийслэл Хүрээнээс Сэцэн хан аймгийн зүүн хязгаар луу илгээсэн байна. Магсаржав нар шууд явсаар Үйзэн бэйсийн хошууны нутаг Буян-Өндөр хэмээх газар очиж тэнд бэлтгэсэн хэдэн мянган цэрэг, уналга, хүнс хэрэглэлийг хүлээн авч цааш мордох бэлтгэлээ базааж байхад нь Сангийн Яамны дэд сайд бишрэлт ван П.Доржцэрэн Богд хаанаас С.Магсаржавт хүргүүлсэн хадаг, захидал, идээ сэлтийг хүргэн очсоныг хүлээн авч Засгийн Газрын зөвлөсний дагуу нэг мянган цэргийг түшмэл Лхамсүрэнгийн Гомбо-Идшинд захируулан Дорнод хязгаарын Гурван Баян зэрэг газрыг сэргийлүүлэхээр явуулжээ. Дараа нь С.Магсаржав үлдсэн 3000 цэргээ авч Халх голын Хэрээ хошуу гэдэг газар ‘очиж хуарагнан сууж байтал Бавуужавын үлдэгдэл цэргийн газраас тусгай хүмүүс томилж Өвөр монголын зарим хошуудаас цэргийн уналга агт, хүнсний үхэр, ачлагын тэмээ цуглуулан авч яваа мэдээ сонсож цөөвтөр цэрэг илгээж, тэднийг сөнөөж малыг нь олзолж ирэхийг даалган тушаажээ. С.Магсаржавын явуулсан цэргүүд Бавуужавын цэргийн мал тууж явсан тэдгээр цэргийг хөөн гүйцэж бага зэрэг тулалдаан болоход хоёр талаас хэд хэдэн хүн алагдсаны дотор мөнөөх орос цэргийн дарга Шойв ганцаараа түрүүлэн давхиж дайсныг сөнөөнө хэмээн яваад хамгийн түрүүнд амиа алдсан байна.
Гэвч С.Магсаржавын цэрэг тэрхүү тулалдаанд ялж нилээд тооны мал олзлон авч иржээ. С.Магсаржав энэ тухай 1917 оны 9 дүгээр сард Засгийн Газар мэдэгдэн хүргүүлсэн байх бөгөөд тэнд дурдсанаас үзвэл нийт адуу 364, үүнээс азарга тав, хөгшин залуу морь 58 бусад нь гүү, эр охин даага шүдлэн ба луус 9, үнээ бяруу шүдлэн голдуу үхэр 94, ат ингэн тэмээ тав бүгд мал 463 байжээ. Үүний дараа Бавуужавын цэргийн үлдсэн гол хүч болох Даржаагийн захирсан хоёр мянга орчим цэрэг Дархан Уулын хавьд довтлон орж ирэхэд С.Магсаржав бүх цэргээ захиран Баргын нутаг жанжин сүмийн өмнөөс эхлэн Хандгайт Халх голын эх хүртэл хөөн байлдаж, бараг бүх цэргийг нь хядан сөнөөж зэр зэвсэг, уналга хөсөг, хэрэглэл мал зүйл үлэмжхэнийг олзлон авч эргээд уг хуарагнасан газраа түр азнан суусан байна. Тэр үед Бавуужавын цэргийн үлдэгдэл бас нэг хэсэг цэрэг Баргын Цагаан овооны Ар Элстэйн хонхор хэмээх газар хоргодон сууж байгааг олж мэдээд бүх цэргийн хамтаар тийшээ очиж бүслэн гурван өдөр турш байлдан олон хүнийг алж устгасан ба цөөхөн цэрэг зугадан зайлсан байна. Тэрхүү устгасан олон хүний дотор шархтай шархгүй хоёр хүүхэд амьд байсныг С.Магсаржав нар олж аваад Нийслэл Хүрээ рүү авч явах замын зуур шархтай нь нас баржээ. Нөгөөх эрүүл хуүхдийг сувилж асарсаар Нийслэл Хүрээнд байнга суурьшсан Өвөр монголын Гүнсэн гүнд үрчлүүлсэн байна. Тэр хүүхэд бол Бавуужавтай хамтран тэмцэж явсан гүн Норинпилийн охин байсан гэдэг. Харин тэрхүү Норинпил хожмоо Семеновын цэрэгт элсэж улаан цэрэгтэй байлдахаар Хиагтад ирээд гамин цэрэгт алагдсан байна.
С. Магсаржавын цэрэг энэхүү байлдаанд бараг хохирол үзээгүй боловч баатар Чагдарсүрэн гэгч цэрэг амиа алдсанд Хатанбаатар маш ихээр эмгэнэж байсан тухай дам мэдээ байдаг.
С.Магсаржавын цэрэгт ялагдсан цэргийн цөөнх нь тэндээсээ зүүн хойд зүг чиглэн одож Хятадын Шаазгай хотод очиж ДИУ-ын цэрэгт дагаар оржээ. Ийнхүү Монголын дорнод хил хязгаар тайван болсон учир 1917 оны өвөл С.Магсаржав Нийслэл Хүрээнд эгж ирэхэд нь түүний гавьяаг үнэлж, засаг төрийн бэйлийн хэргэм, жүн вангийн зэрэг шагнан хүртээж тусгай хошуу захируулан тамга шагнажээ.
Төгсгөл
Богд эзэн хааны тэргүүлсэн Монгол Улсынхаа төлөө үхэх амь, урсах цусаа үл хайрлан морь нохой мэт чин үнэнчээр зүтгэж яваад нэгэн насаа элээсэн Бавуужав, түүний эцэг эх, ах, дүү, гэргий, төрсөн таван хүүхэдтэй шууд ба дам холбогдох бичиг баримтын зүйл Монгол, Тайвань, БНХАУ, Япон улс, ОХУ-д, магадгүй Германд ч байж болох талтай. Ялангуяа Бавуужавын цэрэг дайны холбогдолтой янз бүрийн мэдээ Монголоос гадна БНХАУ, Япон, ЗОУ-д байгаа нь эргэпзээгүй. Харин тэднийг нэг бүрчлэн олж судлах талаар цаашид нилээд ажил хийх хэрэгтэй болжээ. Юуны өмнө манай улсын архивуудад байгаа Бавуужавын холбогдолтой зүйлийг эмхлэн цэгцэлж сэдэв, утга, агуулгаар нь шошго (карт) бичиж цөөн хувь хэвлэвэл хойчийн судлаачдад нэн тустайсан. Дараа нь энэ цэгцэлсэн мэдээллээ бусад орны судалгаа, шинжилгээний ба архивын байгyуллагyудтай солилцвол “Бавуужав судлал”-ыг дэлхийн хэмжээнд гаргаж тавих бололцоо нээгдэх буй за.
Бавуужав хэмээх энэ түүхт хүмүүн их үйлсийн төлөө тэмцэж явахдаа оносон ч зүйл бий байх, алдаж тооцоолсон, ташаа ухаарсан тал ч байгаа л байх. Гэхдээ тэрбээр зорьсноо хэрэгжүүлэхийн тулд сэдсэн, тэмцсэн нь тухайн цаг үеийн хүнд бэрх нөхцөлд хэн хүний зориглох зүйл биш байсан нь тодорхой. Гагцхүү хэт их гүрнүүд бага буурай орныг өөрсдийн эрхшээлдээ атган захирч байхын тулд төр засаг, ард иргэнийг нь үл тоомсорлон илэрхий басамжилж, улайм цайм хуйвалдаан зохион байгyулж байсан явдалд тэрбээр туйлаас жигшин дургүйцэж байлаа. Хэдийвээр хучтэний өмнө хүчгүй нь буруутай хэмээх мөнхийн хууль байдгийг Бавуужав мэдэн ухаарч байсан боловч дээдсийг нь хуурч доодсыг нь дарангyйлдаг бурангyй ёсны эсрэг яагаад тэмцэж болдоггүй юм бэ ?! Заавал ялахын тулд, ашиг хонжоо олохын тулд тэмцэх нь бус “бүдүүлэг” буурайчуудын дунд янз бүрийн бодол санаатай хүн бас байдаг юм шүү гэдгийг мэдүүлэхийн тулд Орос, Хятадын удирдагчдын хуйвалдааныг эсэргүүцэж тийнхүү тэмцсэн Бавуужав бол ХХ зууны монголчуудын улс төрийн түүхэнд цагаан мөрөө үлдээсэн гэдэгт эргэлзэж тээнэгэлзэх хүн ховор буй за.
Сийрүүлсэн: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 2

  1. tsogoo says:

    Урианхайн хязгаар буюу одоогийн Туваг Орос улсад алдсан түүх, Улсын хил тогтоох явцад (Монгол Хятадын 1961 оны) монголчуудын алдсан газар нутаг, сүүлд Цэдэнбалын ЗХУд бэлэглэсэн газар, найрамдлын хил нэрээр монголын газар нутгаас мэрсэн түүх гээд олон сэдвээр дэлгэрэнгүй нийтлэл оруулбал эрхэм судлаачид баярлана шүү. Үнэндээ дээрх сэдвүүдээр нарийн шинжлэх ухааны үндэстэй судалгаа уншиж байгаагүй юм байна. Ялангуяа залуучуудад сонирхолтой байх болов уу.

  2. O.Ganzorig says:

    Японы цэрэг эдийн засгийн хүчин чадал тэр үед хэр байсан юм бол. Богд Бавуужаваар дамжуулаад Японтой холбогдсон бол Оросууд хаяагаа манаад сууж байх байсан даа. ДИУ-ыг 3 улсын гэрээ байгуулаагүй гэж буруутгах үндэслэл Богдод байсан л байна даа

  3. Anonymous says:

    дээдэс өвгөд бужигнуулж байжээ . зуухан жилийн өмнө . эзэлсэн , байлдсан хот сууринг нь орчин үеийн хэлээр зурагжуулвал илүү ойлгомжтой болох байх . бас манжийн дараагын ДИУлс , цэргийн эрхтэнгүүдийн бие даасан улсуудтай нь холбож бичвэл ойлгогдоно гэж бодож байна

  4. bi says:

    saihan niitlel bla bayarlala

  5. Hvn says:

    Хүний хувь заяа гэж. Бас сонин шүү. Энэ нийтлэлийг уншаад ингэж бодогдлоо. Ер нь ирээдүйн талаарх төсөөлөл нь сэтгэхүйтэй холбогдож хүний хувь заяаг тодорхойлдог юм шиг байгаа юм. Заримдаа хүний хувь заяа нь улс орны ирээдүйг тодорхойлдог. Хувь заяаны эргүүлэг гэж. Гарьяа, гарч болдоггүй, байя аа байж болдоггүй. Зарим хүмүүс түүхийн хүрд гэдэг байхаа. Хүнийг эсэн бусаар худал үнэн гүтгэлэг, бараг л алуурчин юм гэнэлээ гэх нь холгүй санаатайгаар худал үнэн хов жив цацах, жинхэнэ гэмтэнүүд нь гэмгүй царайлж үлдэх, тэгсэнээр хамгаалалт хийхээс аргагүй болгох энэ бол өнөө цагийн хувь заяаны эргүүлэг ч юм бил үү хэн мэдлээ. Хувь заяаны эргүүлэг дотор орсон бол хөлөө алдахгүй л явах хэрэгтэй дээ. Одоо ч гэсэн дээ, зарим нэг буусан төр тэргүүлж явсан хүмүүсийг хараад байхад. Ер нь төр тэргүүлж байгаа хүн их л сайндаа 8 жилийн дотор өөрийн хийе гэсэн бүхнээ амжиж хийх хэрэгтэй. Зогсоо зайгүй төр барьчихаад, зам, өр энэ тэрхэн ярьсаар буусан хүнийг дараа нь юу хийлгэнэ гэж төрд сонгох вэ? Аль хэдийн үүргээ гүйцэтгээд, дуусчихсан л байна ш дээ. 8 жилийн дотор хийж амжаагүй юм бол өшөө хорслоо ав гэж төрд сонгох уу, эсвэл чи сайхан амьдар гэж төрд сонгох уу? Бас нэг ямар ч гэлээ дээ нэг айхтар үг бичдэг нэг нөхөр байнаа. Хов жив дуулаад л бичиж гарна даа, харин ч нэг. Өөрөө төр тэргүүлж байгаад ямар ажил хийсэн юм бүү мэд. Төр тэргүүлнэ гэдэг тоглоом биш, тэгээд ч юу хийхээ төрд гарсан хойноо боддог бол хичнээн “компьютер шиг толгойтой” байгаад огт нэмэргүй гэж би бодож байна.
    Тухайн үеийн нөхцөл байдал ч гэсэн өнөө үеийнхтэй ер нь ойролцоодуу байжээ. Тухайн үед дэвшил гарсан, өнөө үед ч дэвшил гарах ёстой. Дэвшил зүгээр ч нэг гардаггүй, хөлс нулимс дагах нь тодорхой. Би энэ 2012 оны сонгуулийг маш чухал сонгууль болно гэж бодож байна. Чухал ч сонгууль болгох ёстой. ИЗНН 3-дагч хүчний байр суурьтай сонгуульд орох хэрэгтэй. Гэвч ИЗНН төлөвшиж ч эхлээгүй байдаг. Дашрамд хэлэхэд тэр ИЗНН-ын Энхбат нь миний санаанд огт хүрээгүй. Яахав, ямар хүн болгон таалагдах албатай ч биш. Төлөвшиж эхлээгүй болохоор улс орныг хамгийн илүү хөгжилд хүргэх боломжтой АН-тай эвсэж сонгуульд орох хэрэгтэй болов уу. МҮЭ-ийн Ганбаатар, эдийн засагч Жаргалсайхан нар ИЗНН-д орох хэрэгтэй. Хөгжил дэвшлийн төлөө баг болох хэрэгтэй. Тэр дарга, би дарга биш байна гэдэг яриа хэнд хамаатай юм бэ. Урбанек Лхагважавыг МАН-д ороход нь гайхсан. ИЗНН ч гэсэн 1 даргатай болох хэрэгтэй. 3 даргатай олны хөх инээд хүргэхээс хэтрэхгүй байна. Хэрэв үнэхээр ИЗНН төлөвшиж чадахгүй бол АН-ыг дэмжих хэрэгтэй болох байх.

  6. gankhuyag says:

    Хаа хамаагүй юмыг ингэж хольж хутгахыг сэтгэлгээний дэмийрэл гэдэг юм.

  7. Hvn says:

    Магадгүй. Нэг мэдээлэлтэй хүнд хольж хутгасан дэмийрэл мэт харагдана, өөр мэдээлэлтэй хүнд арай өөрөөр харагдаж ч болно.

  8. gankhuyag says:

    Олон мэдээлэл холилдох чинь бүр долоон дор. Үүнийг солиорол гэдэг юм.

  9. Anonymous says:

    saihan medeelel bna.zaluus bid yadaj zob tuuhee unshij baimaar… dambiijaa gej hunii talaar bas l sain medeelel alga unheer zerleg balmad hun baisan uu? esbel …. bayarllaa tand

  10. Nyamka says:

    Hvn gej gar hudlaa uhaantai starai gargahaa boliochee!!!! yadaj sedevteigee holboj yari!!!!Ganhuyag guaid amjilt

  11. grandeura says:

    Үүнийг уншихад олон зүйл бодогдож байвч үхэвч, төрөвч, жаргавч, зововч нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чадах зүрх зоригтой Монгол хүн болж төлөвших хэрэгтэйг хойч үед ухааруулах чухал түүх байна.

  12. gankhuyag says:

    Энэ түүх их эмгэнэлтэй. Өнөө үе, ялангуяа залуучууд тусгаар тогтнол олох их амархан юм шиг санадаг мэт. Хэзээ хойно түүхэн хувь хүмүүсийн “зөв бурууг” дүгнэх их амархан л даа. Гэтэл түүхээс зөвхөн сургамж л авч болно. Ямар засалтай биш, чи зөв ойлгож ээ…

  13. Anonymous says:

    VXEN TULALDAX ZVRHTEI, ZORISONOO GVITSEEH GESEN NYATSASGVI HOWORHON AAWIIN HVV…………..

  14. Anonymous says:

    duuslaa. kino hiimeer um bn .

  15. baatar says:

    yostoi goe bichsen tuuh bna. setgel neg l sonin bolchihloo uruvdmuur

  16. GANBOLD says:

    ИЙМ САЙХАН ЮМ УНШААД СЭТГЭГДЭЛ БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ СОНССОН БОЛОВЧ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭР ҮЗЭЖ БАЙСАНГҮЙ. ЦААШДЫН АЖИЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

  17. Б.Хүрэлтогоо says:

    Үнэхээр гайхалтай, эмэгнэлтэй түүх… Баатарууд, цэцэд мэргэд, эх орончид үргэлж төрдөг нь “Үхэл гэгч, амьдаас илүү агуулагтайн” үр жимс нь юм болов уу! Хорт могойн саврыг тас цохиж, хуурмаг багийг хуу татагсад ямагт байдаг нь байгаль ээжийн өөрийнх нь бүтээл, амьдралд хайртай, алив гоо сайхан, амар амгалан, эрх чөлөө,үнэнийг эрхэмлэгч бүхнийг шагнасан шагнал байхаа… Өнөөдөр ч гэсэн эх орон ард түмнээ, тавагтай хоолныхоо барьцаанд тавигчид, бусармагийг үйлдэн, шинэчилсэн тайзнаа өөрийн үнэн дүрийг бүтээж байхад, хөлснийхний гар хөл бологчдыг шидэт саваагаар занган илрүүлэх шиг… танин мэдэхгүйн мунхаг харанхуйг, ухаарал гэгээгээрлээрээ гийгүүлэх Д.Ганхуяг гуай бидэнд илгээгдсэн ачтан ажгуу…Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Бичвэр бүхнийг хөөн уншиж байна. Баярлалаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: