МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨНӨӨДӨГ

Миний энэ өгүүллийг олон хүн гутранги гэж бодож магадгүй авч хамгийн өөдрөг өгүүлэл гэдгийг би батлан хэлж чадах байна. Хэрэв надаас хамгийн тэнэг ард түмэн аль вэ гэж асуувал би ямар ч эргэлзээгүй монголын ард түмэн гэж хариулна. Олон хүний уур хүрэх боловч үнэн нь ийм юм. Худлаа гэвэл АХА нэвтрүүлгээ харахгүй юу, бас энэ сонгууль, тэгээд энэ ямбий төрөө шиг юмаа харахгүй юу…Төр улс, эдийн засаг, нийгмээ хар л даа. Тэгээд өөрийгөө хар…
Онол ярихаар онол мэдэхгүй, шинжлэх ухаан ярихаар шинжлэх ухаан мэдэхгүй, амьдрал ярихаар амьдрал мэдэхгүй, мөн улс төр, эдийн засгийг болон “бүх юмыг” цээжнийхээ бангаар ярьж мэдэмхийрдэг “хүн атомуудаас” монголын нийгэм бүрддэг. Сэтгэн бодож чадахгүй бол хүний ямар ч нийгэм байгуулж чадахгүй, Монголчууд Та нар. Монгол болгон нийгмээ мэднэ гэж солиорох боловч нийгмээ системтэй судладаг монгол өдрийн од шиг. Тэрийг нь хэлсэн мэргэжлийн хүнээ төрөөсөө эхлээд ад үзнэ, иргэдээсээ эхлээд хэрэлдэнэ маргана. Энэ чинь утгагүй Монголчууд аа. Манайхны ихэнхи нь өөрийгөө сэхээтэн гэнэ, монгол сэхээтэн шиг адгийн амьтан энэ хорвоод байхгүй, өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй. Ёстой адгийн шаарууд. Бидний балайрал бидний толгойд байгаа болохоос нүүрс, зэс, ашигт малтмалд байгаа биш, эдийн засагт байгаа биш, нарийн яривал төрд ч байгаа юм биш.
Монгол сэхээтнүүдийн арчаагүй хуулбар, дуураймал, сэтгэлгээ, ялзарсан тархи толгой, үйлдэлд байгаа. Монгол сэхээтэн өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэлгээний арга гэж юм огт байхгүй, хуулбарлан дуурайгч, бусдын үгээр чалчигч, хоосон орилоонууд.
Тэднийг ялгаж таних шиг амархан юм байхгүй. Уншсан юмаа эргүүлж ярьж байгаагаар нь, цээжилсэн хэдхэн категориороо жүжиглэж байгаагаар нь, ярилцлагаас өөр хийсэн болон хийх юмгүйгээр нь, өөрийн судалгаа байхгүйгээр нь, бичсэн судалгааны ажлын тоогоор нь үнэлэхэд тэдэнд түй гэх эрдэм ном байдаггүй юм. Тэд бол магнитафоноос юугаараа ч илүү гарахгүй өрөвдөлтэй хүмүүс.
Тийм атлаа онол монол ярьж, маргалдах жигтэйхэн дуртай бөгөөд телевизийн нэг нэвтрүүлэг, нэг ярилцлага, нэг комментоор асуудлыг шийдэж чадна гэж боддог үнэнхүү мал шиг хүмүүс. 99,99 хувь нь ийм…
Ингээд би нийгмээ ойлгох асуудлыг хамгийн доод түвшинд 2-4 дүгээр ангийн хүүхэд ойлгох хэмжээнд тайлбарлаж эхэллээ. “Ойлговол” яахав “онолын” хялбаршуулалтаа үргэлжүүлнэ, үгүй бол больж л орхино. Ямар би хохирох гэж байгаа биш…
“Цэвэр” нийгэм бол бүгдээрээ сайн
Манай монголын нэг ухаантан надад: “цэвэр нийгэм” бол аль нь ч сайн” гэж хэлж билээ. (Нэрийг нь хэлэх цаг болоогүй). Эхлээд би сайтар ухаараагүй юм. Гэхдээ ямар нэг чухал юм байгааг мэдрээд л байлаа. Нэг их удалгүй учрыг нь олсон юм. Үнэхээр ард түмэнд таатай гэдэг утгаараа “цэвэр” нийгэм бол үнэхээр хамгийн шилдэг нийгэм. Гүн ухааны утгаараа ч, амьдралын утгаараа ч, улс төр,эдийн засаг, социал болон сэтгэл зүйн аль ч утгаараа…
Феодализм. Хэдийгээр харьцангуй нэр томъёо боловч монголын “феодалын” нийгмийг аваад үзье. Энд би 1911 оноос хамаагүй өмнөх Манжийн үеийг нийтэд нь ярьж байна. Тэнд “сайхан” л амьдарч байсан. Нээрээ шүү. Олон зуун жилийн феодалын бутрал, дайн самууныг зогсоов, монголчуудыг хятадуудаас илт дээгүүр тавьж, суурин болон нүүдлийн иргэншлийн хатуу хил тогтоов. Эхэндээ жаахан дургүй л байсан байх. Сүүлдээ ч дассан даа. Манжийн хаандаа цай сүүнийхээ дээжийг өргөчихнө, хаад ноёддоо татвараа өгчихнө, уламжлалт амьдралд нэг их өөрчлөлт оруулаагүй болохоор мэдээж “сайхан” л байж таараа ш дээ. Хамгийн гол нь монголчууд ядуу зүдүү гэдгээ мэдрэхгүй байсан л гол учир нь байгаа юм. Одоогийн бид нар л судлаад ядуу зүдүү, зовлонгий нь гайхдаг болохоос. Зовлонтой байсан ч тэрийгээ ноёдууд болон нийгмийн байгууллаас биш, “үйлийн үрээс” болсон гэж ойлгохоор чинь мэдээж ш дээ. Ардууд татвараа төлчих юм бол төр мөр, үзэл суртал суртал гэж зовоох юм байхгүй, ёстой дураараа дургиж, жинхэнэ “эрх чөлөөтэй” газар Монгол л байсан байх. Яахав хамжлага, албат энэ тэр гээд байна л даа, их дарлавал нүүгээд алга болно ш дээ. Ямар газар байхгүй юм биш…
Ноёдуудад бол бүр санаа амар. Төр мөр удирдана гэж “зовох” юм огт байхгүй. Манжийн төр цалин пүнлүүг нь өгчихнө, хаанд бараалхах нэрээр “гадаадад амарчихна”, цол хэргэмээ авчихна, ардуудаа хааяа ташуурдчихна, харин татвараас нь авгай хүүхэндээ дээлийн торго моргохон, өөртөө архи мархихан авч хятад пүүсийн өрөнд хааяа орчихно. Хятад пүүсүүд бол сүүлийн үеийн явдал, харин жинхэнэ манжийн үед тэдний хандыг нь дарж хэмжээнд нь байлгаж чаддаг байсан. Монголчуудад үүнээс “сайхан юм” гэж хаа байх бил ээ. Харин авилга бол ёстой янзтай байсан юм билээ, томчууд л хэргэм зэрэг авах гэж (цалин хангамжаа нэмэх гэж) баллаж байгаа нь тэр л дээ. Бас л нэлээд “сүүлийн үеийн” явдал.
Харин Манж гүрэн унаад л хамаг “сайхан юмыг” нь баллаад хаях нь тэр. Дээр нь бас Орост хамжлагаа халаад хувьсгал мувьсгал болоод явчихаар чинь “болохоо” байж байгаа юм. Бүх дэлхийд л ийм юм болсон дог. Жишээ нь Япон, Солонгос, Энэтхэг, Иран, Ирак гээд оролцоогүй орон байхгүй л дээ. Одоо “цэвэр” феодализм “сайхан” гэдгийг хангалттай баталсан гэж бодож байна.
Социализм.
Социализм шиг “сайхан юм” хаана байна ? Энийг хүн болгон мэдэх болохоор арай товч ярина. Хамаг юмыг нь Оросууд болон социалист орнууд бариад хийгээд өгчихнө. Зүгээр нэг барихгүй дотор нь ажиллах инженер, техникийн ажилтнууд, ажилчдыг нь хүртэл сургаж бэлтгэж өгнө. Төр нам нь хүний, ялангуяа хүүхдийн бүх хүмүүжил боловсролыг хариуцна. Хүүхдийг эцэг эх нь биш, сургууль, нарийн яривал “нам засаг” хүмүүжүүлж байсан юм. Бүх хүнийг эмчилнэ. Бараг хамраас цус гарлаа гэж түргэн дууддаг байсан даа. Санаа зовох юм бараг юу ч байгаагүй. Хэн тэтгэвэртээ гарахдаа яана, хүүхэд минь яана гэж бодож байсан юм ? Гэмт хэрэг бараг байгаагүй гэж болно. Энэ нийгмийг муухай гэж хэлэх зүрхтэй ямар ч хүн байхгүй. Харин хаалттай, үзэл суртал хатуу байсан. Үзэл суртал ч нэг их аймаар байгаагүй. “Битгий шуналт” гэх буруу юм уу, “Битгий бусдын хөдөлмөрийг мөлж” гэх буруу юм уу, “Нийгмийн тустай хөдөлмөр хий” гэх буруу юм уу, үгүй ш дээ.
Одоо манай хүүхдүүд ямар байна ? Магадгүй “сайхан” л байгаа байх. Гэхдээ социализмын хүүхдүүд манай хаан байсан юм ш дээ. Нийгэм бүхнээ хүүхдэд зориулж байсан юм. Ядахдаа уриа лоозон нь зөв, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байсан. Яг яс хэрэгжүүлдэг байсан. Социализмын үеийн хүүхдийн төлөө уриаг одоо ч аваад хэрэгжүүлсэн болно. Олон хүний мартсан тэрхүү амин чухал томъёолол энэ байна.
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАРТАЙ, ЦЭВЭР АРИУН ЁС СУРТАХУУНТАЙ, ТАЛ БҮРИЙН МЭДЛЭГТЭЙ, СОЦИАЛИСТ УХАМСАРТАЙ БИЕ ХҮН ТӨЛӨВШҮҮЛЭХ
Энд яахав социализмыг нь хасчих нь биз. Гэхдээ ингэж хассаныхаа оронд “хийх юм” байхгүй байгаад Монголын эмгэнэл оршдог юм. Олон хүн “капиталист” гэж нэмнэ гэж бодож байгаа байх. Тийм юм байхгүй л дээ. Энийг олбол тэр онол монол чинь болдог юм. Энийг ярьсан хүнийг монгол сэхээтнүүд шизотой гэж хочилдог юм. Тэгээд өөрсдөө хийсэн нь хаа байна ?!
Жинхэнэ төрийн болон нийгмийн удирдлага гэж юу байдгийг гадаадаас биш, социализмын үеэс судалсан нь хамаагүй дээр. Яагаад гэвэл төрийн удирдлага бол хаана ч нэг их ялгаа байдаггүй юм ш дээ. Ямар ч гэсэн социализмын үеийн төр, нийгмийн удирдлага одоогийн төрийн дэргэд бол жинхэнэ, амьд, бүтээлч байсан байхгүй юу. Үүнийг няцаах онолын болон практик ямар ч үндэслэл олдохгүй. Ард түмэн ч муу амьдарч байгаагүй. Эдийн засгийн агуулгаар биш, зүгээр л сайн сайхан, аюулгүй, хүнд ээлтэй гэдэг бүхий л талаараа. Социализмын үе “сайхан” байсан нь ямар эргэлзээгүй.
Бас л ЗХУ болон социалист систем нураад л “хамаг сайхан” нь алга болохгүй юу даа. Эндээс Та нэг том зүй тогтол ажиглаж байгаа байх. Ивээн тэтгэгч систем нь нурахад Монголд хувьсгал гарч байгааг. Энэ бол жичдээ ярих асуудал ч энийг ярихаар бас “номын цагаан солиотой” болдог нэг том гэм бий.
Одоо “капитализм”
Энийг бол бүр ч товч ярина. Уг нь капитализм яг ном ёсоороо бол “сайхан” ш дээ. Гарааны нөхцөл нь бүгд ижил шударга өрсөлдөөд л, монополийг хязгаарлаад л, хүний эрхийг хангаад л гэх мэт гэх мэт….
Гэвч манайд “энэ сайхнууд” нь бүгдээрээ алга болчихоод байгаад л хамаг учир байгаа юм. Бичиг баримтандаа заагаад өгчихсөн, толгойдоо бас л хагас дутуу хийчихсэн санаатай. Хэрэв би эндүүрээгүй бол 20 жилийн өмнө “Азийн бар” болно гэж зүтгэсэн улсууд хорин жилийн дараа ахиад л 20-30 жил зүтгэх лоозон дэвшүүлж байна. Яагаад ? “Онолын” хэдэн хувилбар бий. Нэг. Капитализмын онол буруу, Хоёр, Монголчууд буруу ойлгож алдаа хийсэн, Гурав, Монголд угаасаа таарахгүй.
Эсвэл буруутныг олох хэдэн хувилбар бий: 1. Гадаад “багш нар” буруу заасан, 2. Ардчилагчид буруу хийсэн, 3. Төр, засаг, намууд буруу хийсэн, 4. Ард түмэн буруутай.
Ямар ч гэсэн “капитализм” болохгүй байна. Нарийн яривал яг ч капитализм биш юм аа. Миний ойлгож байгаагаар бүгдийг нь холиод хаячихжээ. Феодализм, социализм, капитализм гурвыг. Ийм жишээ дэлхийн түүхэнд байгаагүй болохоор үүнийг аль ч онол нь тайлбарлаж чадахгүй, ийм боломжгүй. Хийсвэрлэвэл “үхэр адууны эрлийз” байлаа гэхэд түүнийг үхэр судлаач ч, адуу судлаач ч тайлбарлаж чадахгүй. Ядаж байхад хоёр биш, “гурван амьтны эрлийз” байдаг. Би Монгол судлаач тулдаа л “үхүүлчихгүй” салгах гээд “үзээд” байгаа юм. Ойлгох амьтан ганц ч байхгүй. Мэдээж ч ш дээ, бүгдээрээ “цэвэр” амьтан судалж байсан болохоос “гурван юмны эрлийз” үзээгүй улс чинь.
Эрлийз нийгмээ дагаад хүнийх нь үйл хөдлөл, оюун сэтгэлгээ, түүний арга хүртэл “шал эрлийз” хүн танихын аргагүй болсон байна. Энийгээ мэдэхгүй байгаа нь хамгийн их гачлан юм.
Жишээ болгож АХА нэвтрүүлгийг аваад үзье. Олон хүн тэрийг үзээд инээдэг бол би уйлдаг. АХА дээр одоогийн “монгол нөхөр” хуучны феодалын нийгмийг ор тас мэдэхгүй байна. “Онолын хувьд” ийм байж болно. Тэр өнгөрсөн баларсан юмаар үхснээ хийхийм. Тэгвэл тэр социализм, капитализм хоёрыг мэдэх ёстой. Тэгээд социализм асуухад саяхныхаа юмыг ор тас мартчихаж. Бас л “онолын хувьд” ийм байж болно. Тэр муу социализмаар юугаа хийнэ. Тэгвэл тэр капитализмыг заавал мэдэх ёстой. Гэтэл тэрийгээ ч мэдэхгүй байна. Харин “онолын хувьд” ийм байж яагаад ч болохгүй. Монгол хүн юу ч мэдэхгүй тэнэг гэдгийг нэг их судалгаа мудалгаагүй нотолж чадсан гэж бодож байна. Одоо бол мэдлэг, оюун сэтгэлгээний хувьд үүнээс доош орох эрх Монголчуудад байхгүй. Хэрэв үүнээс доош бол сармагчин энэ тэр нь юу юм гэхээс лав л хүний нийгэмд хамаарахгүй.
Онцлон дурдахад төр, засаг, намуудын үйл ажиллагаа, боловсон хүчнийх нь байж байгаа царай, хэлж ярьж байгаа нь АХА нэвтрүүлэгт оролцогчдоос нэг их дээрдээд байх юу ч үгүй нь даанч гасалмаар.
Манайд ямар ч капиталист нийгэмд байдаг боловч хуулиар чанд хорьж зохицуулдаг эдэд шунах (таваарын фетишизм) хэмээх аюулт өвчин ямар ч хэмжээ, хяналтгүй бүх нийтийн өвчин болсонд хамгийн их зовлон байгаа юм. Энэ өвчнөөр Монголын нийгэм хамгийн дээд давхраанаасаа эхлэн бүх нийтээрээ өвдсөн.
Энэ нь эхлээд нийгмээ, улмаар өөрийгөө хөнөөх найдвартай зэвсэг мөн. Энд хүний толгой нэг их ажиллах ямар ч шаардлага байхгүй, зүгээр л адгуусны зөн билэг байхад л хангалттай.
Үүнийг засах их хэцүү. Ганц сайн цадаж аваад үхье гэсэн аймшигт гүн ухаан болчихдог юм. Дээр би ард түмнээ тэнэг гэсэн, ингэж хэлдэг хүн бараг байхгүй л байх.
Үнэндээ энэ бол өвчин юм, энэ бол оюун ухаан, сэтгэлгээний хомсдлын өвчин, үүнийг би эдгээх гэж оролдоно, чадах эсэхийг ёстой бүү мэд, Та нарын өөрийн ухамсар шийднэ байх. Ингээд үзэхэд гол асуудал бидний толгойд буюу оюун сэтгэлгээ, үзэл санаанд байгаа юм. Энэ байхгүй бол бид ямар ч нийгэм байгуулж чадахгүй.
Тэгээд тэрийг чинь хаанаас авдаг юм, олдог юм гэх байх ? Бэлэн юм байхгүй л дээ.
Материаллаг юмс л бэлэн байна уу, гэхээс оюун санааны юмс заавал толгойгоо ажиллуулж байж олддог юм. Түүнийг худалдан авч болдоггүй, яагаад ч болохгүй. Иймээс наад тархи толгойгоо сайн ажиллуул гэж хэлэх байна.
Үүнийг социализмын үед маш сайн ойлгож байсан. Ийм ч учраас үзэл суртлын ажлыг хамгийн чухал ажил гэж үздэг байсан. Тэр үзэл суртлынх нь “зөв буруу” хамаагүй л дээ. Нийт нийгмээ хамарсан үзэл санааны систем тогтоох гэсэн оролдлого нь чухал юм. Та нар АНУ болон Баруунд үзэл суртал байхгүй гэж бодож байна уу, үгүй ш дээ. Хуучин Оросын кинонд орос цэргүүд зөвхөн фашистуудыг алдаг байсан бол одооний америк киноны цэргүүд бүх дайснаа, харь гариг, сүнс мүнс, ер нь муу бүхнийг даран сөнөөж байна. Үүнийг л үзэл суртал гэдэг юм.
Манайд нэг их том нь ч юу юм, үзэл суртал заавал байх хэрэгтэй л дээ. Тэр нь даанч байхгүй. Энд чинь гүн ухаан, шинжлэх ухаан, түүх, ёс суртахуунд үндэслэсэн үндэсний үзэл санаа хэрэгтэй л дээ. Энэ нь төрд нь байтугай иргэдэд нь ч байхгүй. Ингэхлээр нийгэм бие даасан “хүн-атом”-уудаас бүрддэг юм. Энэ бол ямар ч утгаараа нийгэм болж чаддаггүй. “Хүн-атомууд” зөвхөн өөрийн ашиг сонирлоос өөр юуг ч үл боддог. Ингээд монголчууд монголыг сөнөөдөг юм. Энэ хөнөөлт үзэл суртлыг олон жилийн өмнөөс нэр бүхий тодорхой үзэл сурталчид бүх түвшинд сурталдаж одоо хүрсэн үр дүн нь энэ л дээ…
Олонхи адгийн шаарууд Монголын баялгийг худалддаг бол эдгээр үзэл сурталчид монголчуудын оюун санааг хордуулж гадаадаас мөнгө олж байдаг учраас хамгийн хорлогчинтой нь юм.
Хэрэв Монгол үндэстнийг аврая гэвэл эхлээд энэ үзэл суртлын гүн ухаан, үзэл санааны үндсийг шинжлэх ухааны үндэстэй, монгол үзэл санааны үндэстэй няцаах ёстой. Энэ ажил эхэлж байна. Үүний тулд Монгол хүн бүр өөрийнхөө мэдлэг, оюун ухаан, сэтгэлгээнийхээ өвчнөөс салахаас эхлэх ёстой. Аюул гадна биш, Та бидний толгойд байгаа. Яагаад гэвэл өөрөөсөө бусад бүх зүйлийг өөрчлөх гэсэн хүн юуг ч өөрчилж чадахгүй гэсэн мөнхийн зарчим байдаг юм.
Тэгээд Та жинхэнэ шинжлэх ухаантай нөхөрлөх ёстой, шинжлэх ухаан хүнтэй тийм ч амархан нөхөрлөхгүй, тархи толгойг чинь их зовоож байж нөхөрлөнө, харин үүний дараа бол Танд насан туршид чинь тус болно. Шинжлэх ухаан Таныг өвчнийг арилгахад Таны тэнэг арилах нь гарцаагүй, төрөлхийн биш нийгмийн өвчин юм чинь…
Наад зах нь “феодализм социализм” хоёрыгоо нийлүүлээд уламжлал гээд авах юмаа авч, “капитализмаа” шинэчлэл гээд тэднүүсээ залгаж холбоод ирээдүйгээ бодсон төр, нам, хүн байгаа юм уу ? ! Та ч гэсэн бодоод үз л дээ.
Бид ялав гэж ТЭД хөөрч байна. Тийм байна, Та нар энэ удаа ялсан. Гэхдээ Та нар “нийгмийг атомжуулах үзэл суртал”, “даяар онол”-оосоо болж нуран унах нь гарцаагүй. Тэгээд ч “танай” үзэл сурталд худал хуурмагаас өөр зүйл байхгүй учраас ҮНЭНИЙ өөдөөс яаж ч чадахгүй.
Монголын хэтийн төлөвийн үүднээс бол Та нар ялахгүй, Та нарыг ялуулахгүй…
Яагаад гэвэл БИД МОНГОЛЧУУД…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

46 Responses to МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨНӨӨДӨГ

  1. alex says:

    äýìæèæ áàéíà. ¿íäýñíèé ¿çýë, ¿çýë ñóðòàë áàéõ ¸ñòîé.

  2. Билгээ says:

    Энэ группд харин жинхэнэ монгол сэхээтнүүд мастер доктор хэдэн залуус барууны академуудын нийтлэлүүдийг тараагаад яваа юм. https://www.facebook.com/groups/haiguulchid/ Фасбүктэй бол та нар зочлоорой.

  3. Зочин says:

    Тиймээ нийт Монголчууд маань тайван амгалан аж төрөхийг эрмэлзэж байдаг ч бага багаар муу үзэл бодолд автсаар байна. Эрх биш амьдралаа мөнгөний төлөө эсвэл ямар нэг муу зүйл бодож хийхийн төлөө амьдрахгүй байгаа байлгүй дээ. Ядаж л өөрөөсөө юуны төлөө амьдарч байна вэ гээд асуухад “Гэр бүл үр хүүхдээ тэжээгээд сайхан амьдрах” гэсэн бэлэн зөв хариулт орж ирнэ.

    Улс төрчид бид нарыг сайхан амьдруулна гэж нэг худлаа ойлголт байна. Архи уугаад, хүүхэн эргүүлэд байвал улс төрч ирээд салгаад өгөх юм шиг л бодох юм. Зүгээр л тайван амгалан амьдармаар байна шд. Би өөрөө яаж амьдрахаа мэдэхээс биш хүнээр заалгаад амьдрана гэж юу байхав.
    Би та нарыг сайхан амьдруулнаа,
    Би та нарыг тайван амгалан амьдруулнаа, энэ 2 өгүүлбэрт ялгаа байгаа биз. Энэ мэтээр толгой эргүүлсэн үг зөндөө бий ялангуяа тэр эдийн засгийн үгнүүд.

    Цаг нь иржээ гээд хэлчихэд дэлхийн байдлыг хараад байхад буруудахгүй юм шиг…

  4. gankhuyag says:

    2-т. Энэ бол маш зөв ухаалаг, дэмжүүштэй алхам. Яагаад гэвэл ард түмнийг гэгээрүүлэх, боловсруулах зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ бол эхний л алхам. Дараагийн алхамдаа шууд орох ёстой гэж бодож байна. Энэ бол орчуулж, ярьж хэлж байгаа “барууны онол”-уудаа Монголын нийгэмтэйгээ холбож, судалгаа шинжилгээ хийж, юу нь таарч байна, юу нь болохгүй байна, болохгүй бол шалтгаан нь субъектив уу, объектив уу гэдгийг хэлж өгөх ёстой. Яг энд л бараг 100 жилийн сэтгэлгээний алдаа байдаг юм. Тэгээд “муу онолоос” болсон гээд дараагийн “онолыг” хайдаг утгагүй тэнэг явдал руу ордог юм. Ухаандаа Марксаас болсон юм юу ч байхгүй, биднээс болсон юм л байгаа ш дээ…

  5. Билгээ says:

    Аргагүй өөрөө юм эрэгцүүлдэг хүн байна. Энэ залуус олон тайлбар хийгээд яваа юм. Ганц хэлээд л яваад байгаа юм нь Хотжоод ирэхээрээ монголчууд хог новш болчихдог юм л гээд хэлээд байдаг юм байна лээ. Тэгээд манайд нүүдэлчдээс өөр юм тохирохгүй ч гэнэ үү. Өөрсдөө гадаадад диплом авсан улс л байх шиг байна лээ. Тэгсэн мөртлөө консервативууд байна лээ. Гэвч маш сонин юм байна лээ. Та ороод нэг үзэхгүй юу.

  6. gankhuyag says:

    Тэгж бодох үндэслэл олон байдаг. Тэгвэл цаадуул чинь нэлээд их юм уншиж дээ, янз нь. Харин систем болон гаргалгааг нь үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.

  7. Tod Otgonbayar says:

    Yneen, ynen…Qor xelex ch y6g alga !

  8. Соёмбо says:

    МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ СЭТГЭХҮЙД авцалдсан Монгол улсын түүх соёл МОНГОЛ АХУЙГ цогц тусгасан ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ-аа бичигдмэл НОМЛОЛ СУРГААЛЬ байдлаар Монгол эрдэмтэд орчин цагийн хүн судлалын шинжлэх ухааны аргачлал – судалгаа – туршилтаар яаралтай бүтээх шаардлага байна. Энэхүү сургааль номлол нь анхнаас БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ гэх мэт харийн үзэл сурталд зүйл бүрээр оюун няцаалт өгөх байдлаар бүтээгдэх учиртай билээ.

    Коммунизмийн үзэл суртал Барууны үзэл суртал 2 хоёулаа орчин цагийн шашин бөгөөд Католик шашны үнэт зүйлс дээр тулгуурласан байдаг. Анхааралтай сайн судлаарай.Хятадын ЗГ коммунизмийн үзэл суртал болон барууны үзэл суртлын алиныг ч дагаагүй өөрсдийнхөө язгуур өгөгдөлд тохирсон бодлого явуулсан тул дэлхийн 2 дахь том эдийн засагтай болсон. Чингисийн Монгол дэлхийг байлдан дагуулахдаа харийн үзэл суртлыг сохроор дагаагүй өөрийнхөө дотоод мөн чанараас үүх түүхээс урган гарсан ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ үзэл номлол болох ТЭНГЭРИЗМ-г бий болгож дөнгөсөн учраас агуу түүхийг бүтээсэн билээ.

    Монголчууд бид хүүхдүүдийнхээ буюу ирээдүй үеийнхнийхээ оюун санааг БАРУУНЫ ОРНУУДАД эгнэгт алдаж болох эмгэнэлт цаг мөчийн өмнөхөн байна. Одоо л бид ЭНЭХҮҮ БАРУУНЫ ОЮУН САНАА ТҮРЭЛТИЙГ зогсоохгүй бол бидний хойч үе хар нүдтэй цагаан арьстай навтгар хамартай харагдавч ОЮУН СЭТГЭХҮЙ нь барууны хүн болоод ирээдүйд ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдгээр БАРУУНЫХАНД ЭЛЭГТЭЙ эцэг эх өвөг дээдэсээ үзэн ядсан их түүхээ үгүйсгэсэн эх орноосоо дайжсан ХҮН СҮРЭГ болж дууслаа шүү дээ түмэн олоон.

  9. Соёмбо says:

    Монголчууд бид 2220 жилийн түүхт төрт ёсны уламжлалтай эртний үндэстэн билээ. Бидний өнгөрсөн КОММУНИС ҮЗЭЛ СУРТЛЫН 70 жил болон БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТЛЫН 22 жилийн хоёр түүхэн зурвас үеийн хугацааны аль алинд сайн ч юм их байсан , муу ч зүйл их байсан нь илэрхий бөгөөд энэ бүгдэд авах гээхийн ухаанаар хандаж эртний өвөг язгуур МОДУН ШАНЬЮЙ-н суурийг нь тавьсан, эзэн дээдэс ЧИНГИС ХААНЫ төгөлдөршүүлж бидэнд өвлөж үлдээсэн аравт зуут мянгат түмтийн тогтолцоогоор төр засгаа сонгож ХҮЧИРХЭГ ХАМАГ МОНГОЛЫГ хамтдаа бүтээж чадна. Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.

    ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ:

    1. Монголчууд өөрөө өөртөө итгэх, ухаан зарах
    2. Байгалийн ш.у-ны суурь судалгааг өргөжүүлэх
    3. Монголчууд эв эеийг хичээж цус үл урсгах
    4. Үндэсний үзэл суртлаа бичигдмэл хэлбэрээр бүтээх , сурталчлах бас дахин сурталчлах. Ёс суртахуун үзэл сурталын үндэсний хороог байгуулах.
    5. Хөлгүй зугаа цэнгэл найр наадмаа хойш тавьж ажиллах бас дахин ажиллах
    6. Үндсэн хуулиа байгалийн ш.у-аар биежүүлж үндэсний үзэл суртлаар сүнсжүүлж төгөлдөршүүлэх
    7. Монгол банкны хуулийг өөрчилж Монгол банкийг татан буулгах
    8. Ашигт малтмалын хуулийг өөрчлөх
    9. Баялаг үйлдвэрлэдэг ПОЛИТЕХНИКИЙН МЭДЛЭГ МЭРЭГЖИЛТЭЙ хүмүүсийн бүхэл бүтэн давхрага бий болгох , инженер техникийн зохион бүтээх мэргэжилтэнгүүдээ гадаадад бэлтгэх
    10. Хойч үеэ ХАРИЙН ҮЗЭЛ СУРТЛААС чөлөөлж ерөнхий боловсролын хувийн дунд сургуулиудыг хааж НЭГ СУРАХ БИЧИГТЭЙ НЭГ ЖИШИГТЭЙ улсын дунд сургуулиуд болгох

  10. Соёмбо says:

    Яагаад Монголчууд бид Америкчуудаас өөр үзэл онолтой байх ёстой вэ?

    Эрдэнийн сан субашид хэмээх эртний сургааль номлол байдаг. Үүнд :
    Арслан арслангийн ёсоор явбал урт амьдармой
    Үнэг үнэгний ёсоор явбал удаан насалмой
    Арслан үнэгний ёсоор явбал үтэр үхмой
    Үнэг арслангийн ёсоор явбал даруй далдармой

    гэсэн байдаг. Арслан араатны хаан тул дээр нь зөвхөн хөх тэнгэр орших атал бусдаас айж үнэг шиг заль гаргах хэрэгцээ байхгүй нэр сүрэнд нь ч халтай ажээ. Үнэг чадал чансаа муу атлаа хаан – арслан шиг их омгорхог дээрэлхүү зантай, үрэлгэн зуршилтай байвал даруй бусдын идэш болно гэсэн санаа ажээ. Америк бол олон үндэстэн угсаатан болон зүсэн бүрийн шашинтангуудаас тогтсон орчин цагийн өндөр техник технологийг эзэмшсэн 662 тэрбум ам.долларын төсөв бүхий 2 сая хүнтэй армитай зангаргатай супер гүрэн. Монгол бол 96% нэг үндэстэн угсаатнаас бүрдсэн 93% нэг шашин шүтлэгтэй … тусгаар тогтнолоо бэхжүүлж ард иргэдээ чинээлэг амьдруулах зорилготой жижиг улс.

    Үнэг арслангийн ёсоор явбал даруй далдармой

  11. bi says:

    ai da estoi saihan niitlel gej eniig l helne de jinhene mongol sudlaach ganhuyag tand mash ih talarhaj bn taniig tor zasag mash sain ashiglaasai gej zalbirah um mongoloo olon yanziin onoluudad taaruulan chiheh bish ali alinaaaas ni yu ni ene oron ard tumend taarahiig tani shig mongol sudlaachid erdemtedeere jinhene ajiliig ni hiilgej edluulehiig ni edluulsen shig ogch baij say mongoliin ontslogotoi onol zug chig garch ireh baih gej bodnom

  12. gankhuyag says:

    Танд их талархаж байна. Гэхдээ би юун энэ төр засагт ажиллах нь байтугай их дээд сургуульд багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх, төсөл дээр ажиллах эрхээ хасуулаад арав гаруй жил болж байна даа. Надад лекц унших ч эрх байдаггүй, мэдээж үүнийгээ ил зарлаагүй л дээ. Ингэснээрээ тэд намайг дийлнэ гэж бодвол ёстой гонжгор нь, надад бол монголчуудын алдсан боломж, цаг хугацаа л хайран байна…

  13. Зочин says:

    Ер нь ном ном гээд байдаг номонд юу байдын бэ?
    Тухайн хүн өөрийнхөө үзэл бодол, мэдлэг, чадвар болоод мэдрэмжээ хичнээн бичэвч түүнийг нь уншиж байгаа хүн тухайн бичсэн хүний хэсэг хугацаанд юу мэдэрч бодож байсныг уншихаас яг тэр хүн шиг мэдрэмж төсөөлөл буухгүй, яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг бичсэн байгаа шүү дээ. Бичсэн болоод уншиж байгаа хүмүүсийн амьдрал ялгаатай. Хүн бүрийн алганы хээ өөр байдаг шиг.
    Жишээлбэл хайр байна, харин ч эсрэгээрэй хайрын тухай ном уншсан хүн өөрийнхөө мэдэрч байгаа хайрыг уншсан номтойгоо адилтгаж ижилсүүлэх гэж оролдох нь үзэл суртал гээч юм шиг.

    Номноос илүү зүйр цэцэн үг илүүг хэлдэг юм шиг.

  14. Odloi says:

    Тун сайхан нийтэл. Аргагүй л Монгол ухаан, өргөн сэтгэлт. “Ивээн тэтгэгч систем нь нуран унахаар Монголд хувьсгал гардаг”. Энэ шинэ гаргалгааг ихэд онцлууштай санагдлаа. Үнэнээс хазайсан юм огт алга. Ялангуяа соц нийгмийн талаарх зураглалд. Дүүрэн санал нийлж байнаа. Та болон та мэтийн энэ эргэцүүлэх чадварын хурд өндөртэй хүмүүс монголд минь байсан цагт монгол төрийн ноён нуруу яаж ийгээд тогтоод байх нь мэдээжийн хэрэг бизээ. Танд амжилт хүсэе

  15. radnaa says:

    Stephen R.Covey-giin The Seven Habits of Highly Effective People nomiig buh mongolchuud unshih heregtei. Sinergetic deer tulguurlaj bichigdsen hun hunteigee yaaj haritsah. Zan aranshingaa gadna talaas bish dotor talaas uurchiluh tuhai nom. Unshihad hetsuu bval The 7 Habits of Highly Effective Teens geed hyalbarshuulsan nom bas bii. Dund surguulid hicheel bolgoj oruulsan ch boloh yum shig sanagddag.

  16. ganaa says:

    Gadaadad nomoo hevluulbel harin ashigtai yum bishuu.Mongolchuuud aldahaas oor hen aldah yum.Sokorskiig Mikoyan havchij orosoos amruk ruu dorvuulsen.Sikorski harin aldaagui.Odoo Amerikt Sikorskiin mash tom corporation akademi baina.Delhiin shildeg tsarstaanuud baina.Ankh ehlehdee noiloos ehelsen,Uhaantai hunii uhaaniig hench idej chadahgui gej aav maani helj baidagsan.Nom sain unsh gedeg baisan.

  17. Mongolzuu says:

    15-aa энэ номыг уншаагүй хүн гэж байхгүй байхаа. Хичээл болгож оруулах нь ч одоо ямар ч юм бэ дээ. Бид энд Монгол хүний ухамсар, үзэл сурталтай холбоотой зүйлс ярьж байгаа юм аа. Ер нь би боддог юм. хараад байхад Монголчууд дэлхийд хосгүй аминчхан үзэлтэй хүмүүс. Шаардлагатай тохиолдолд дотны хүн, ах дүүгээ ч мурьж чадна. Энэ нь хэт биеэ даасан хувь хүний аж ахуйгаар хэтэрхий олон жилээр амьдарсантай холбоотой байж мэднэ. Үүнээс гадна түүхэндээ дайныг эс тооцвол нийтийн үхэл зовлон, халдварт өвчин, өлсгөлөн болж байгаагүй нь нэгдэн нягтрах, нийт, бултаараа гэсэн үзэл суртал ой тойнд нь сайн буугаагүй өдий хүрсэн байж ч болно. Хараад байхад их зовлон үзсэн хүн ард түмэн хэрсүү, ажилсаг, нийгмээ, нийт ээ гэдэг юм шиг санагддаг. Монголын түүхэнд нуль дайнч, сайн баатар төрж байснаас оюун санааны удирдагч, их эрдэмтэд(шашны төлөөлөгчид хамаагүй) төрж байгаагүй нь эрдэм мэдлэгийг дээдлэх, бус сохроор итгэдэг болгосон байж мэднэ. Ер нь ч тэгээд эрт үед бичигтэй хүнийг л эрдэмтэй хүн гэдэг байсан бус уу? Одоо ч хүмүүс нэг баатар эр, үндэсний удирдагч л хүлээгээд байдаг биз дээ?

    Жич: Би судлаач биш, зүгээр л миний бодол

  18. radnaa says:

    Mongolzuu-d bi neg heseg adil bodoltoi baisan gehdee heden zuun jil dain zovlon uzeegui amerik swiss sveden geh zereg uls muudaj sunuhguigeer ulam hugjij devsheed baigaag yaaj tailbarlah ve. Chi ene nomiig unshaad oilgosnuu? Yagaad asuuj bna geheer chi mongoliin odoogiin baidliig hunii dotroos bish gadnaas haij baigaad l bi gaihaj bna.

  19. gankhuyag says:

    16-д. Агуу их Петирим Сорокины номын хоёр хэсгийг би номноос нь орчуулж блогтоо тавьсан. Орчуулга гэсэн хэсэгт байгаа. “Манай үеийн хямрал”, “Манай мэдрэхүйн соёлын гундалт, ойрын төлөв” гэсэн гарчигтай, уг нь тэр агуу номынх нь бүлгүүд доторхи ийм нэртэй жижиг хэсэг байгаа юм. Үүнийг манайхан нэг их уншдаггүй юм ш дээ. Энэ ч гэсэн бас нэг юм хэлээд л байдаг юм…Монголд миний блогоос өөр газар байхгүй.

  20. delgermaa says:

    unen unen…yag neg iimerhuu uur amisgal orosin seheetnuud dund 19 -20 zuuni zaig deer baisan um shig baigaa n*…tegeed daraa n* tuuh aimar oshoo awsan shuu…

  21. Болд says:

    “Үнэндээ энэ бол өвчин юм, энэ бол оюун ухаан, сэтгэлгээний хомсдлын өвчин“ янзтай зөв хэлжээ. Ардчилал… Хөгжил… зэргээр нэрлэхдээ ижил ч өөр өөрийг бодож ухамсарлаад байдаг хүн атомуудыг засахаас өөр сонголтгүй ямар харсаар байж дагаад сүйрэлтэй биш. Та хийгээд өнөө 00.01 хувь дөнгөн чадна би бол үүнийг монгол хүний оюуны цахиурт авцалдах оч хэмээн үзэж байна.

  22. Болд says:

    “гол асуудал бидний толгойд буюу оюун сэтгэлгээ, үзэл санаанд байгаа юм” бүрэн дүүрэн санал нэгдэж байнаа тэр тусмаа таны хэлдэг эрлийз амьтны зүйрлэл гайхалтай байлаа… феодализм социализм капитализмыг зөв сайханаар нь харуулж мэдрүүлэлгүй зориуд хольж төөрөлдүүлж хөтөлдөг буруу үзэл суртлийн алчуурчидыг энэ тэргүүн зогсоовол зохистой.

  23. Болд says:

    \\“Онолын” хэдэн хувилбар бий. Нэг. Капитализмын онол буруу, Хоёр, Монголчууд буруу ойлгож алдаа хийсэн, Гурав, Монголд угаасаа таарахгүй.
    Эсвэл буруутныг олох хэдэн хувилбар бий: 1. Гадаад “багш нар” буруу заасан, 2. Ардчилагчид буруу хийсэн, 3. Төр, засаг, намууд буруу хийсэн, 4. Ард түмэн буруутай.
    Ямар ч гэсэн “капитализм” болохгүй байна. Нарийн яривал яг ч капитализм биш юм аа.\\ Үүнээс өөрөөр хялбаршуулан ойлгуулах гэж юу байх билээ БИД ЯЛАВУУД ядахдаа үүнийг мэддэг ч болоосой хөөрхий… тэдний завааныг засч олноо гэгээрүүлэхийн төлөө явдаг Ганхуяг ахдаа дахин талархая.

  24. bi says:

    uneheer haramsaltai um harin yagaad gej asuuj bolohuu

  25. gankhuyag says:

    Энэ “яагаад”-ын учрыг олох гэж гэж энэ цувралыг эхэлж байгаа юм. Хамтдаа олно доо. Харин ярихаас өөр юм мэдэхгүй, тас харанхуй нөхдүүд л саад хийхгүй байх хэрэгтэй.

  26. grandeura says:

    Хүн болох багаасаа гэж байдаг, одооноос эхлээд Монголчуудын ялзарсан ухамсарт нь нөлөөлөх хүч байлаа гэхэд дор хаяж нэг үеийг “цааш харуулж” байж энэ хөгийн сэтгэлгээнээсээ сална шүү

  27. Зочин says:

    За таньд амжилт хүсье, хүн л энэ нийгмийг үүсгэсэн юм чинь хааяа оргүй хоосноос сэтгэх гэж үзээрэй

  28. gankhuyag says:

    grandeura-д. Энд хоёр түвшин бий. Үзэл санааг бүх ард түмэн ойлгоно гэж хэзээ ч байдаггүй. Энэ бол мөнхийн асуудал. Чи энэ түвшинд яриад байна. Харин тодорхой үзэл санааг нийгмийн дэвшилтэт 8-10 хувь хүлээн зөвшөөрвөл үйл явц өөрөө өрнөнө. Одоо бол 1 хувь хүрэхтэй үгүйтэй байна. Би үүнийг ярьж байна. Энэ бол чи өөрөө гэсэн үг. Чи байхгүй бол бүтэхгүй гэсэн хэрэг. Уг нь нэг их хэцүү юм биш л дээ…

  29. Mongolzuu says:

    Сайн уу Ганаа ахаа, Би сая И.Майский-ийн Автономитын үеийн Монголчууд гээд сийрүүлсэн материалыг дээр уншиж байсан юм. Та бодвол уншсан байх. Тэр хүний тэмдэглэлээр бол бид чинь ёстой арьс нөмөрсөн хонь байжээ. Гэм нь үс нь дотогшоо (яг үнэндээ санал нэгдсэн, харанхуй хүмүүс шүү дээ бид). Нөгөөтэйгүүр бид түүхийн энэ ахархан хугацаанд маш их зүйлийг хийжээ. Бага гэж чамлах хэрэггүй мэт. Үүнээс гадна мэдээллийн ямар ч хязгаарлалтгүй нийгэм маань биднийг шууд АНУ, баруун Европын улсуудтай харьцуулалт хийх боломжийг олгож байна. Би учиргүй том системээр нь өөрчлөөд улс орныг цоо шинэ замаар явуулах боломжтой гэж үнэхээр ой тойнд орохгүй байна. Харин дунд сургуулиудад Монгол хүн гэж юу юм бэ? 21-р зуунд бидний үүрэг даалгавар, ухамсрын код юу юм бэ гэдгийг тодорхойлоод заах ёстой юм биш үү. Тэгээд мэдээж авлигалтай тэмцэх хэрэгтэй.
    Миний бодлоор бол товчхондоо нэг иймэрхүү, хаашдаа бидэнд нийгмийн болон шинжлэх ухааны урт хугацааны төлөвшил, уламжлал байхгүй юм чинь. Эсвэл би буруу ярьж байна уу?

  30. Mongolzuu says:

    Монгол хүн ямар ч шийдвэр гаргасан бай ард нь амин хувийн эрх ашиг байнга дагаж явдаг гэсэн энэхүү догма-аас л салах хэрэгтэй байх. Ер нь энэ ойлголт Монголыг хорлоод байгаа биш үү. Бас Монгол хүний оочэрлож чаддаггүй зан чанар байна (яг оочэрлох гэдэг утгаар биш. замын түгжрэлтэй яг адилхан) . ҮҮнийг би хувьдаа бусдыг хүндэтгэдэггүй бүдүүлэг гэхээсээ гэхээсээ илүү толгойны мухарт байдаг зан чанрын онцлог гэж бодож байна. Тэгсэн мөртлөө гадаадад болохоор амжилт гаргаад, тухайн орны хуулиар, дүрмээр амьдраад болоод байгаа нь сонирхолтой сэдэв. Иймрхүү зүйлсийг судлаад шийдлийг нь олоод… гэх мэт ккккккк

  31. gankhuyag says:

    Академич И.Майскийн “Орчин үеийн Монгол” (1921) гэсэн гайхамшигт ном байдаг. Тэр 1919 оны хүн амын тооллого дээр их нарийн анализ хийж, тэр үеийн монголын зах зээлийн багтаамжийг гаргахын хамт, их сонирхолтой ажиглалт дүгнэлт хийсэн байдаг. Үнэхээр бид XX зуунд нийгмийн дэвшил хийсэн, гэхдээ социалист системийн хүрээнд. Одоо XXI зуунд шинэ дэвшил хийх хэрэгтэй, энэ бол боломжтой. АНУ, Европтой харьцуулахад учир бий. Энд ч бас системийн хямрал эхлээд байна. Иймээс бид замаа, чиглэлээ өөрсдөө бодож олох ёстой. Үүний тулд өөрийн гэсэн үзэл санаа гаргах хэрэгтэй. Толгойгоо ажиллуулна гэсэн хэрэг л дээ.

  32. Соёмбо says:

    Хятад өөрийн түүх онцлогоос урган гарсан ЛУУ хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг. Япон Солонгос Тайван Вьетнам зэрэг улс өөрийн түүх онцлогоос урган гарсан БАР хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг. Орос өөрийн түүх онцлогоос урган гарсан БААВГАЙ хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг.

    Монгол өөрийн түүх онцлогоос урган гарсан ЧОНО хэмээх үзэл суртал – эдийн засагтай байх ёстой. Баабар ХАРИЙН БУЮУ БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ-аар ЧОНО ҮЗЭЛ СУРТАЛ , ЧОНО ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ БАЙНА. Монголчууд БӨРТЭ ЧОНЫН удам билээ.

  33. Соёмбо says:

    АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ харийн үзэл сурталд тархиа угаалгаж хүн сүрэг болонгоо алдсан ард түмэн сэрж ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТЛАА бүтээж харийхны башир тулгалтаар баталсан үндсэн хуулиа цус урсгалгүй өөрийнхөө онцлогт нийцүүлж ТӨГӨЛДӨРШҮҮЛЖ ДӨНГӨХИЙГ хэлнэ.

  34. Anonymous says:

    Үзэл суртал-Үгээр илэрхийлэшгүй хүчтэй зэвсэг. Та эхлэх цэгийг яг оновчтой хатгалаа. Христ, будда, лалын шашин, капитализм, социализм АНУ, Орос, Хятад, Европын холбоо-Бүгд л хүчтэй үзэл суртлын үр дүнд бий болж оршин тогтнон дэлхийд ноёрхож байна. Манай үзэл суртадчид орондоо орох завгүй мөнгөндөө улаарсаар л…

  35. delgermaa says:

    bid oorsdiin tuuhee sain medeh heregtei, ooriin tuuhee medehiin tuld dor hayaj hoer horshiinhoo tuuhiig sain sudalah n* zow, tegej baij bid chini busdig saramgchin adil duuriahaa bolino…tur zawsarlaya…SAIHAN NAADAARAI

  36. Baadai says:

    Монголынхоо бүх ард түмэнд болон блогийнхоо уншигчиддаа Эзэн Богд Чингэс хааны мэлмий гийсний 850 жилийн тэгш ой,Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж аз жаргал,амжилтийн дээдийг хүсэхийн ялдамд судлаач Ганаа,таны гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг алс хол суугаа дүү хүү нь хичээнгүйлэн хүргэж бна. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ Сайхан наадаарай.

  37. uugii says:

    Олон нийтийн сэтгэлзүйн хандлага энэ тэр гэж ярихаар сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн өөрийгөө тэр хөгжингүй капитализм гээч юман дунд орохоор тэр гэх тэмдэггүй хачин бүрхэг хүн хар гөрөөс болохоо мэдэрсэн шүү. Ёс суртахууны, үнэт зүйлийн чиг баримжаа яг үнэндээ надад лав байхгүй юм билээ. Гадна орчныг хүлээн авч ойлгох гэж оролдох тусам өөрийгөө олж харах боломжтой юм шиг.. Нэг үгээр өөрийгөө туршитын хулгана болгоно гэх үү дээ. Үүнийг задалж шинжилж тархи толгойдоо засвар хийж чадвал ч уг нь…

  38. ganba says:

    гадны гар хөл болж мөнгө төгрөг ивээл халамжаар нь төрийн толгойд шүглэсэн монголчууд монголоо зарж идэж, алж идэж дуусгахад хоёр хуруу дутуу байна. тэд өөрсдөдөө зориулж зохиосон хуулиар түрээ барьж оюуны нийтлэг харанхуйг далимдуулан богино хугацаанд бүхнийг цөлбөөд хорлонтойгоор дайжин зугтах бодлоготой нь түрүүчээсээ ажиглагдаад эхэлчих шиг санагдана. Монголоо гэсэн сэтгэлд тань гал нэмье, амжилт хүсье

  39. Anonymous says:

    ta sorokiniig ih magtah yum, ooroo ch altruist uzeltei negen baina daa

  40. gankhuyag says:

    Магталгүй яахав дээ. Суут хүн. Хамгийн гол нь үзэлдээ биш юм байна. Аль ч үзэл “хэмжээнээсээ” хэтэрвэл болдоггүй юм байна. Манайд эгоизм арай хэтэрч байна. “Хүн-атом”-аас бүрдвэл ямар юмных нь нийгэм байхав. “Альтруизмыг” ч гэсэн бас “хэтрүүлж” болохгүй байх. Ямар нэг зохист харьцаа байж л таарна, түүнийг л олох ёстой байх..

  41. мөнхөө says:

    Баабар гэж нөхөр монголчуудын багагүй хэсгийн тархийг гадаадынхны өмнөөс угааж байна даа. 90 оны эхэн үед бол түүний зарим нэг үзэл нь зөв байсан л даа. Гэхдээ энэ үед олж авсан нэрээрээ өнөөг хүртэл шинэ үеийн тархийг угааж байгаа нь хамгийн аймшигтай.

  42. Монгол хүн says:

    Миний ойлгож байгаагаар та шинэ үзэл санаа бий болгох, түүнийг Монголын нийгмийн 10 орчим хувьд толгойд нь “тарьж ургуулах” ажлыг эхэлж байгаа юм байна. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байх: Юуны түрүүнд таны онол mobility сайтай, хэзээ ч өөрчилж болох, шаардлагатай үед бүр үндсээр нь өөрчилсөн ч болохоор систем байх естой болов уу. Яваандаа энэ “үр” нь системтэй, үндэс суурь сайтай болсон тохиолдолд бусдын толгойд баттай суулгах ажлыг харин яаравчлах хэрэгтэй. Таны энэ талаарх нийтлэлүүдийг цаашид анхааралтай уншиж байх болно. Хэн мэдэхэв, надад бас тэр 10 хувийн нэг хэсэг нь байх завшаан тохиох ч юм билүү.

  43. gankhuyag says:

    Та тун зөв ойлгож.

  44. Byambaa says:

    Сайн байна уу судлаачаа,

    Би таны нийтлэлүүдийг ойрын үед илээд уншиж байна. Таны бичиж байгаа зүйлсийг ойлгож байна, бас шинэ санаа, тодоохой зүйлсийг урхааруулсан зүйл их байна, баярллаа. Бид соц тогтолцооноос шилжээд 20 гаруй жил болж байна, энэ хугацаанд ард түмнийг нэгтгэх, чиглүүлэх үзэл суртал бий болсонгүй. Монголчууд бид яг хэн юм бээ, хаашаа явж байгаагаа ухаарахгүй явж байна. Яг л өнчин хүүхэд шиг. 2 хөршөөсөө тусгаарлах гэсэн, үндсэрхэг үзэл маань Чингис хаанлуул авчирах шиг боллоо. Иргэд маань мухар сүсэг, бөөг маш их шүтдэг болж. Эд мөнгөний гэхээсээ сэтгэлгээний энэ ядуурлаас болж бид ирээдүйдээ, өөртөө итгэх итгэлгүй, цаагуураа далдын хүч, наанаа шашинаар бизнес хийдэг хүнд л хувь заягаа даатгачих юм. Сүүлдээ төрийн ордонд гал тахиад, монголын хамаг өндөр уулыг тахидаг, худалч хүнд 3 хүний 1 нь удган боллоо. Бид маш буруу, харанхуй замаао яваад бна. За энэ талаар өмнө нь зөндөө хүн бичсэн болохоор орхий.

    Таны хэлдгээр таваарын фетишизм бол арай л дэндэж бгаа. Ардчилалын том зарчмууд эрх тэгш болон чөлөөтэй гэсэн 2 үзэл нь харилцан бие биенээ эсэргүүцсэн ойлголт гэж уншиж байсан юм бна. Материалаг үүднээс бол чөлөөтэй хүмүүс хэзээч тэгш бхгүй. Ядуу хүн баян хүнийг үзэн ядах хэмжээнд хүрсэн. Хамгийн гол нь өнөөдрийн хүүхдүүд хэзээ нэгэн цагт бүгдээрээ саятан болно гэсэн үзэлтэй, бодолтой яваа.

    Шинэ тогтолцооноос өмнө, национальная идея хэрэгтэй юм шиг. Энэ бол маш хэцүү. Та Чингис хааныг үндэсний үзэл санааны бэлэг тэмдэг болж байгаатай санал нэг бна уу? Аль эсвэл үнэхээр монголчуудыг нэгтгэх, үндэсний сэтгэлгээг сэргээх өөр формул олдохгүй болоод , автоматаар сонгогдсон гэж бодож бйна уу. Бид цааш ер нь ямар үзлээр явах болдоо.

    Таны хэлснээр бидний бүх проблем толгойн дотроо бна, мөн аз жаргалтай байх ч зөвхөн тллгойн доторхь асуудал. Тэрийг ойлгуулах кнопыг олохсон.

  45. Хөх чоно says:

    Монголыг монголчууд мөхөөж байгаа нь үнэн. Монголчууд үхэр шиг тэнэг гэдэгтэй ч санал нэг байна. Гэхдээ зарим нэг үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо. Өнөөдөр монголын нийгмийн хөгжилд саад тотгор болж Монголыг мөхөөж байгаа гол хүчин зүйл нь улс төрийн намууд. Тэд ардчилал гэгч Монголд анх үүсэхэд л борооны дараах мөөг мэт олноор гарч ирэн анархизмыг шууд хөгжүүлсэн. Монголд өнөөдөр ардчилал бус анархизм дээд хэмжээгээр цэцэглэн хөгжиж байна. Ерөөс жинхэн ардчилал гэж дэлхийд хаа ч байхгүй бөгөөд түүний шалтгаан нь улс төрийн намуудад байна. Нам гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан гэж Ленин тодорхойлсон байдаг. Хуйвалдаан байгаа цагт шудрага ёсны талаар ярихын хэрэггүй биз. Өнөөгийн бүх улс төрийн намууд эрх мэдлийн төлөө л тэмцэж байна. Дэлхийд анх улс төрийн намууд үүсэхдээ дэвшилтэт үүрэг
    гүйцэтгэсэн нь үнэн. Бичиг үсэггүй, харанхуй ард түмнүүдийг гэгээрүүлэх, тэднийг нэгтгэн зохион байгуулах, сонгуульд татан оролцуулах гэх мэтчилэн.
    Гэвч сүүлдээ нам гэдэг нь зөвхөн эрх мэдэлд хүрэх хамгийн гол хэрэгсэл болон хувирч, хуйвалдааны талбар болсон. Өнөөг хүртэл аль ч орны улс төрийн амьдралыг улс төрийн намгүйгээр төсөөлж болохгүй байв. Учир нь гагцхүү улс төрийн
    нам байж л ард түмнийг зохион байгуулж, мэдээллээр ханган, сонгууль явуулж, төр засгийг эмхлэн байгуулж болох мэт үзэж байсан бөгөөд тэгж бодсоор ч байна. Гэтэл өнөөгийн технологи, мэдээллийн хэрэгсэл өндөр хөгжсөн нөхцөлд хүн төрөлхтөн нам гэгч хуйвалдагчидгүйгээр амьдрах цоо шинэ боломжтой боллоо. Өнөөдөр бид хүссэн мэдээллээ саадгүй авч, үзэл бодлоо солилцож чадна. Хоорондоо нэгдэж чадна. Сонгуулийг намгүйгээр явуулж чадна. Бид одоо намгүйгээр
    амьдрах бололцоотой боллоо. Сонгуулийг мөнгө болон улс төрийн намуудаас хараат бус болгон, салгаж чадаагүй цагт ардчиллын тухай ярихын хэрэггүй. Бид өнөөдөр монголын үндсэн хууль, сонгуулийн хуулийг үндсээр нь шинэчилж улмаар хууль зүйн бүрэн шинэчлэл ( реформ ) хийх хэрэгтэй байна. Үүнийг өнөөгийн төр засаг хийхгүй. Ард түмэн бид өөрөсдөө шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулиа боловсоруулан ард нийтээр хэлэлцээд, түр засгийн газраа эмхлэн байгуулчихаад жинхэн ардчилсан
    хувьсгал хийж бүхнийг өөрчилөх хэрэгтэй байна. Үүнийг бичигч нь хууль эрх зүйн мэргэжилтэй бөгөөд надад жинхэн ардчиллыг баталгаажуулж чадах үндсэн хууль, сонгуулийн хуулийн ухаалаг төсөл, санаа бий. Энэ талаар ард түмэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Монголчууд тэнэгийн тухайд бол тэд хамгийн тэнэг нь биш. Би дэлхийн олон оронд амьдарч олон зуун үндэстнүүдтэй харьцаж явна. Хаа очиж монголчууд хамгийн их мэдлэг мэдээлэлтэй, ухаантай нь юм шүү. Би гадны хүмүүстэй ярьж байхдаа тэдний хичнээн боловсрол, ухаан муутайг байнга олж хардаг. Сүүлийн үед би гадныхантай ярих сонирхолгүй болсон. Тэнэгүүдтэй юу ч ярих билээ дээ. Монголчуудын алдаа нь тэд өөртөө хэт эрдэж, өөрийгөө ухаантай гэж хэтрүүлэн бодоод бусдын үгийг хүлээн зөвшөөрөх дургүй, цэц булаалдан хоорондоо хөлөө жийлцэж байдагт оршино. Эв нэгдэл, хамтын хүч гэдгийг тэд ойлгодоггүй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэсэн философиор амьдарч байна. Тэд бусдаар бүхнийг хийлгэхийг хүсэн, өөрөсдөө тэмцэхгүй, хэн нэг нь тэдний амьдралыг сайжруулчих мэт хий хоосон найдлага өвөрлөн амьдарч байна. Монголчууд нилээд бэртэгчин, хулчигар, хувиа хичээсэн ард түмэн. За за ингээд бичээд байвал дуусахгүй. Ард түмэн минь оюуныхаа сүвийг нээж, сэхээрэхтүн! Эс бөгөөс мөхөл ойрхон байна!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: